-МАНАЙ УЛСАД АЛБАН ЁСООР МЭДЭГДЭЛГҮЙГЭЭР 2006 ОНООС ӨМНӨ АВСАН ГАДААД ПАСПОРТТОЙ ИРГЭДИЙГ ОХУ-ЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭЛГҮЙ БУЦААХ БОЛЖЭЭ-
Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2006 оноос өмнөх гадаад паспортоо солиулах гэсэн олон иргэн хандах болжээ. Иргэд өнгөрсөн сарын сүүлчээс эхлэн олноор хандаж, өглөөнөөс үдшийн бүрий болтол дугаарлах болсон аж. ОХУ-ын хил гаалийнхан 2006 оноос өмнө авсан гадаад паспорттой манай улсын иргэдийг өнгөрсөн тавдугаар сарын 24-нөөс улсынхаа хилээр нэвтрүүлэхгүй болсонтой холбоотойгоор ийнхүү дугаарлах болжээ. Энэ талаар сурвалжлахаар УБЕГ-т очлоо. Гадаад паспортын хэлтсийн хоёр заал хөл гишгэх зайгүй дүүрэн хүнтэй байв. Халуун бүгчим өрөөнд дугаарлан зогсож байгаа иргэд “Үйлчилгээгээ хурдан үзүүл. Хүмүүсийн бичиг баримтыг шалгаж байна гээд удаад байх юм. Энд хүмүүс бүтэж үхлээ. Цонхоо нээж, салхи оруулахгүй бол энд хүн ухаан алдаж унах гээд байна” гээд л энд тэндээс хашгирч байлаа. УБЕГ-ын Гадаад паспортын хэлтсийнхэн 20 гаруй цонхоор иргэдэд үйлчилж байгаа харагдав.
Мэргэжилтнүүд аль болох хурдан шалмаг үйлчилгээ үзүүлэх аж. Гэвч ачааллаа үнэндээ дийлэхгүй сууж байв. Хэдхэн минут болоод л 2006 оноос өмнөх гадаад паспорт хийсэн модон хайрцаг дүүрч, цаад өрөө рүү аваад орох юм. Мөн шинээр хэвлэгдсэн гадаад паспорт олголтын хэсэгт ч хүмүүс дугаарлан зогсож байв. Үүрийн 06 цагаас эхлэн иргэд дугаарлан зогсжээ. Өглөөний 07 цагт ирсэн иргэн 11:00 цагийн орчимд үйлчилгээгээ аваад гарч байлаа.
“ДЭЭРЭЭС ИЙМ ТУШААЛ ИРСЭН ГЭЭД ИРГЭДИЙГ ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХГҮЙ БОЛЧИХСОН” ГЭВ
2006 оноос өмнө гадаад паспортоо авсан, одоо солиулах шаардлагатай болсон иргэдийн ихэнх нь ОХУ руу наймаа хийдэг хүмүүс аж. Хиагтаар Улаан-Үүд рүү гарч наймаа хийдэг арав гаруй наймаачин гадаад паспортоо солиулах гээд зогсож байгаатай таарлаа. Тэд “Оросын хил гаалийнхан хэзээнээсээ монголчуудыг нохойноос дор үздэг юм. Хахууль авлига өгөөд ч хэрэг байхгүй. Хэдэн наймаачнаас хил гаалиар гарах болгонд мөнгө авна. Их мөнгө өгчих юм бол дараагийн удаа бүр их мөнгө нэхээд даварна. Хэрэв авлига өгч, хил гаалийнхны арга эвийг нь олохгүй бол биднийг ямар ч шалтгаангүй байхад хилээр гаргахгүй гээд гүрийнэ. Монголчуудын муу хэлээд байдаг Хятадын хил гаалийнхан оросуудтай харьцуулшгүй. Хятадууд их шуурхай үйлчилгээ үзүүлдэг. Таван сарын 24-нөөс эхлээд 2006 оноос өмнө авсан гадаад паспорттой хүмүүсийг хилээр нэвтрүүлэхгүй гээд эхэлсэн. Бидэнд ямар ч тайлбар өгөөгүй. Та гадаад паспортоо солиод ир. Сольж ирээд ор” гэхээс өөр зүйл хэлэхгүй. Гадаад паспорт ямар ч асуудалгүй байхад хилээр нэвтрүүлэхгүй байна гэдгээ Алтанбулагийн хил гаалийнханд мэдэгдсэн. Хил гаалийнхан ОХУ-ын хилийнхнээс яагаад 2006 оноос өмнөх гадаад паспорттой иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байгааг асуухаар дээрээс ийм тушаал ирсэн. Бид тушаал биелүүлж байна. Арван жилийн өмнө авахуулсан зурагнаас хүн нь шал өөр болсон байгаа. Тиймээс шинээр паспорт авах хэрэгтэй гэсэн хариу өгдөг. ОХУ-ын хил гаалиар нэвтэрч чадахгүй болсон иргэд аргаа бараад Гадаад хэргийн яам, УБЕГ-аас асуусан. Бидэнд энэ талаар ОХУ-аас албан ёсны ямар ч мэдэгдэл ирээгүй. 2006 оноос өмнө авсан Гадаад паспорт хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэсэн хариу өгдөг. Хоёр улсын хилийнхэн уулзаад ирэх сарын 1-нийг хүртэл 2006 оноос өмнө авсан паспортоор зорчихоор боллоо. Ингээд долдугаар сарын 1-нээс өмнө гадаад паспортоо гаргаж авахаар зогсож байна” хэмээн ярьцгааж байлаа. ОХУ-ын хил гаалийнхны монголчуудад хандах хүнд суртал хэрээс хэтэрч байгааг тэнд байгаа хүн бүр толгой сэгсрэн ярьж байлаа. Мөн гадаад паспортоо солиулахаар дугаарлан зогсож байгаа хүмүүс дунд зогсож байсан Г.Батсүрэн гэх эмэгтэй аялал жуулчлалын компанид мөнгө төлж Байгал далай үзэхээр явсан гэнэ. Гэтэл ОХУ-ын Хиагтын хил дээрээс буцсан байна. Автобус дүүрэн хүмүүсээс таван хүн хилээр нэвтэрч чадалгүй хот руу машин хөлсөлж гэр рүүгээ харьсан гэдгээ ярьж байлаа.
ПАСПОРТ СОЛИХ ТАЛААР ЭНЭ САРЫН 11-НД МАНАЙХАНД МЭДЭГДЖЭЭ
Өнгөрсөн оноос ОХУ руу визгүй зорчдог болсон. Визгүй зорчдог болсноор ОХУ-ыг зорих иргэдийн урсгал эрс нэмэгдсэн. Мөн ОХУ руу аялахаар, ганзагын наймаа хийх иргэдийн тоо нэмэгдсэн байна. Манай улстай хил залгаа ОХУ-ын хилийн боомтууд 2006 оноос өмнө гадаад паспорт авсан иргэдийг нэвтрүүлэхгүй байгаа талаар Гадаад харилцааны яамны Консулын газраас Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яаманд энэ талаар уулзалт хийсэн байна. Өнгөрсөн онд ОХУ-тай иргэд харилцан зорчих хэлэлцээр байгуулахад хоёр талын иргэд 30 хоногийн хугацаанд визгүй зорчихоор болсон. Хэлэлцээрт ямар нэг өөрчлөлт оруулбал 30-аас доошгүй хоногийн өмнө дипломат шугамаар нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасан гэнэ. ОХУ-ынхан манай улсын Элчин сайдын яамныхантай энэ сарын 11-нд уулзахдаа “Арван жилийн өмнө авахуулсан гадаад паспортны зургийг нөгөө хүнтэйгээ харьцуулахад шал өөр. Магадгүй өөр хүний гадаад паспортыг ашиглаж хилээр нэвтрэх гэсэн тохиолдол гарч магадгүй. Тиймээс долоон сарын 1-нээс хойш 2006 оноос өмнө паспорт авсан иргэдийг ОХУ-ын хилээр нэвтрүүлэхгүй болсон тухайгаа илэрхийлсэн байна. Гэхдээ энэ талаарх мэдээлэл УБЕГ-ын ажилтнууд болон иргэдэд огт хүрээгүй тэд “ОХУ чухам яагаад ийм шийдвэр гэнэт гаргасныг мэдэхгүй байна” гэж байв.
2006 ОНООС ӨМНӨ 300 ГАРУЙ МЯНГАН ИРГЭНД ГАДААД ПАСПОРТ ОЛГОСОН
УБЕГ-ын ахлах бүртгэгч Л.Энхбаяраас цөөн асуултад хариулт авлаа.
-ОХУ-аас 2006 оноос өмнө гадаад паспорт авсан Монгол Улсын иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй болж байгаагаас танай байгууллагын ачаалал хэд дахин нэмэгджээ. Энэ талаар тодруулахгүй юу?
-ОХУ-аас өнгөрсөн сард 2006 оноос өмнө гадаад паспорт авсан иргэдийг хилээр нэвтрүүлэлгүй буцаасан асуудал гарсан. Энэ талаар өмнө нь огт мэдэгдээгүй юм. Оросын талаас манай байгууллагад урьдчилж мэдэгдсэн зүйл байхгүй байгаа. ОХУ-аас манай улсын иргэдийг хуучин загварын паспорттой байна гэсэн шалтгаанаар нэвтрүүлээгүй гэсэн мэдээлэл байгаа. Бусад орны хувьд арван жил болсон паспортоо соль гэсэн шаардлага тавьдаг юм билээ. Манай байгууллагын хувьд өнгөрсөн оноос ОХУ-руу визгүй зорчдог болсноор ачаалал нэмэгдэж эхэлсэн. Иргэд аялал зугаалгаар их явж байна. Мөн сурагч, оюутнууд аль нэг улс орон руу сурахаар явах үед ачаалал нэмэгддэг. Гэхдээ сүүлийн хэд хоног маш их ачаалалтай байгаа. Бид иргэдэд аль болох чирэгдэлгүй хурдан шуурхай үйлчлэх зорилгоор гадаад паспортын мэргэжилтнүүдийг нэмж ажиллуулж байна. Өнгөрсөн онд УБЕГ 40 гаруй мянган иргэнд үйлчилсэн байдаг. Харин энэ жилийн зургаан сарын байдлаар 78 мянган хүнд гадаад паспорт олгосон байна. Сүүлийн хэд хоногт өдөртөө 1.2 мянга орчим хүний паспортын хүчинтэй хугацааг сунгаж, мянга гаруй гадаад паспортыг шинээр хэвлэж байна.
-Хуучин, шинэ паспорт юугаараа ялгаатай вэ?
-Ялгаатай зүйл гэвэл 2006 оноос өмнө иргэдэд олгогдож байсан паспорт ганц зурагтай байгаа. Харин сүүлийн жилүүдэд шинээр олгож байгаа паспорт давхар зурагтай. Давхар зургаараа л ялгаатай болохоос бусад бүх зүйл нь адилхан. Зөвхөн ОХУ руу зорчих гэж байгаа бол 2006 оноос өмнө олгогдсон паспортоо солиулах хэрэгтэй. Бусад оронд ямар ч асуудалгүй зорчих боломжтой гэдгийг иргэдэд хэлмээр байна.
-2006 оноос өмнө хэдэн мянган гадаад паспорт иргэдэд олгосон байдаг вэ?
-УБЕГ-аас 2006 оноос өмнө 300 мянган гаруй гадаад паспортыг иргэдэд олгосон байгаа. Иргэдэд олгогдсон дээрх 300 мянган гадаад паспортны ихэнх нь хугацаа нь дуусч байгаа. Манай байгууллагын хувьд гадаад паспорт олгохдоо 1-5 жилийн хугацаатай олгодог. Тиймээс олгогдсон паспортны ихэнхийнх нь хугацаа албан ёсоор дуусч, дахин шинээр авах юм.
ШЕНГЕНИЙ ОРНУУД АРВАН ЖИЛ АШИГЛАСАН ПАСПОРТТОЙ ИРГЭДЭД ВИЗ ОЛГОХГҮЙ ГЭНЭ
Мөн Швейцарийн Элчин сайдын яамнаас арван жилээс дээш хугацаанд ашигласан паспорттой иргэдэд виз олгохгүй болсон гэдгийг Гадаад хэргийн яамнаас өнгөрсөн сард албан ёсоор мэдэгдсэн. Тус мэдэгдэлд “Гадаад албан паспортоо арваас дээш жил ашиглаж байгаа буюу таван жилээр хоёр удаа сунгуулсан иргэд паспортоо шинэчлэхгүй бол Швейцарь руу зорчих, виз мэдүүлэх эрхгүй болсон. Учир нь удаан хугацааны турш нэг паспортоор зорчиход хүний насны онцлогоос шалтгаалан гадаад төрхөд өөрчлөлт орох зэргээр хувьсал явагддаг аж. Жишээ нь, 16 настай байхдаа авахуулсан зурагтай арван жилийн хүчинтэй паспортоор та 26 настайдаа зорчих хэрэг гарвал одоогийн төрхөө 16 настай байсан төрхтэйгээр яаж итгэл үнэмшилтэй харагдах вэ гэдэг асуудал гарч ирэх нь зүй. Ийнхүү олон жилийн сунгалттай гадаад паспортыг маань олон улс хил гааль дээрээ хүчингүй гэж үзэж иргэд хохирч болзошгүй байгаа тул иргэд, холбогдох байгууллагууд анхаарах шаардлага гарч байна” гэсэн юм.