Categories
мэдээ улс-төр

Хууль бус зар сурталчилгааг зогсооно

ШӨХТГ, МҮХАҮТ-тай хамтран ажиллахаар, санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус байгууллагууд зах зээлд чөлөөт өрсөлдөөнийг дэмжин хөгжүүлэх, зах зээлд нэвтрэх саадыг арилгах замаар бизнесийн орчинд шударга өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлж, аж ахуй эрхлэгчийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хууль бус зар сурталчилгаа, хуурамч бараа бүтээгдэхүүнийг таслан зогсооход хамтран ажиллах аж.

Уг арга хэмжээний үеэр ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан “Энэ санамж бичгийн хүрээнд тус газартай тодорхой хяналт шалгалтын ажлуудыг хамтран хийхээс гадна монополь болон давамгай байдалтай аж ахуйн нэгжүүдийг тогтоох судалгааг хамтран хийх, хууль бус зар сурталчилгааг зогсоож, хуулийн хүрээнд шударгаар зар сурталчилгааг явуулах тал дээр хяналт тавих, хуурамч бараа бүтээгдэхүүнтэй тэмцэх, гарал үүсэл нь тодорхойгүй бараа бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулж хэрэглэгчдийг төөрөгдүүлж байгаа асуудлуудыг таслан зогсоох тал дээр ажиллана” хэмээн онцолсон юм.

Түүнчлэн бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хууль эрх зүйн мэдлэг олгох, өрсөлдөөний бодлого, соёлыг төлөвшүүлэх, хэрэглэгчийн эрхийг зөрчүүлэхгүй байх тал дээр ухамсарыг дээшлүүлэх, хэрэглэгчийн эрхийг хамгаалахад чиглэсэн сургалт, уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулна гэдгийг ч мөн дурдлаа.

Мөн талууд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд өрсөлдөөний нөхцлийг бүрдүүлэх, хамгаалахад чиглэсэн төрөөс баримтлах бодлогыг хамтран боловсруулж, хэрэгжүүлэхээс гадна бизнес дэх төрийн оролцоо, зохицуулалтуудыг багасгахад чиглэсэн бодитой алхамуудыг авч хэрэгжүүлэх, энэ чиглэлээр эрх зүйн орчинг боловсронгуй болгоход анхаарлаа хандуулах аж.

Categories
мэдээ нийгэм

84 оюутан цагдаа ажиллаж эхэллээ

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Жуулчдыг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, жуулчидтай холбоотой гарсан гэмт хэрэг, зөрчлийг шуурхай шийдвэрлэх” зорилтыг тусгасан байдаг. Энэ хүрээнд “Оюутан цагдаа” хөтөлбөрийг Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Монголын Оюутны холбоо хамтран өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тус хөтөлбөрийг энэ жил дахин үргэлжлүүлэхээр болсон.

Жуулчны улирал эхэлсэнтэй холбогдуулан жуулчдад мэдээлэл сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгөх, хууль тогтоомжийг сурталчлах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах зорилгоор сургалтад хамрагдсан нэр бүхий 84 оюутанг нийслэлийн нутаг дэвсгэрт “Оюутан цагдаа”-аар ажиллуулж эхэллээ. Оюутан цагдаа нар баяр наадмын өдрүүд болон жуулчдын зорчдог, төвлөрдөг, цэгүүдтэй уялдуулан нийслэлийн зургаан дүүргийн 36 чиглэлд ажиллана гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ОХУ-ын Москва хотноо
ажиллаж байна. Тэрээр өнөөдөр Евразийн эдийн засгийн комиссийн Сайд нарын
зөвлөлийн дарга В.Б.Христенкотой уулзлаа. Уулзалтын дараагаар тэд “Монгол Улсын
Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны тухай
санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн комиссийн гишүүн орнууд бүх талын
хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, худалдааны үр ашгийг нэмэгдүүлэхэд дэмжлэг
үзүүлэх, худалдааг хөгжүүлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад чиглэсэн
арга хэмжээг хэрэгжүүлэхээр санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичиг нь
хамтын ажиллагааны эхлэл гэж дүгнэж буй юм. Мөн хамтын ажиллагаанд бодитой ахиц
гарна гэдэгт талууд итгэлтэй байна.

Санамж бичигт тусгагдсаны дагуу “Монгол Улсын Засгийн газар болон Евразийн
эдийн засгийн комиссын хамтын ажиллагааны Ажлын хэсэг”-ийг байгуулж, улс
хоорондын харилцаанд тулгарч буй тарифын болон тарифын бус хориг саадыг
арилгах, худалдаа ба гаалийн дүрэм, журмыг хялбарчлах, үр ашигтай, найдвартай,
тогтвортой тээврийн чиглэл болон үйлчилгээг бий болгох, худалдааны тэнцвэртэй
байдал, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өсөлтийг хангах, түүнчлэн Монгол
Улс болон гишүүн орнуудын аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх
нөхцөлийг бий болгох чиглэлээр арга хэмжээ авч ажиллана гэж Ерөнхий сайд
Ч.Сайханбилэг гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр хэллээ.

Ерөнхий сайд өнөөдөр Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга
уулзалтад оролцоно

Categories
мэдээ эдийн-засаг

НӨАТ-ын урамшууллын систем бэлэн болжээ

Засгийн газраас иргэдийг урамшуулах, иргэдийн хэрэглээгээ хянах соёлыг төлөвшүүлэх, худалдаа үйлчилгээний төлбөрт багтсан НӨАТ-аас тодорхой хувийг буцаан авах, төлбөрийн баримтаараа бэлэн мөнгөний хонжвор бүхий сугалаанд оролцох боломжийг олгохоор НӨАТ-ын урамшууллын системийг хөгжүүлж байна.

Энэхүү систем нь орчин үеийн техник, технологийн ололтод тулгуурлан цахим хэлбэрээр нэвтрүүлэх нь татвар төлөгчдийн дунд үүсээд буй тэгш бус байдлыг арилгахаас гадна иргэдэд тодорхой хэмжээний хуримтлал үүсгэх зэрэг томоохон ач холбогдолтой юм.

Энэ систем нэвтэрснээр нэг өрх жилд 265.464 төгрөгийг буцаан авах боломжтой болно. “НӨАТ-ын Урамшууллын Систем”-ийн хөгжүүлэлтийн ажил бүрэн дуусч, хууль хэрэгжүүлэх технологийн бэлэн байдлыг хангаад байна. Харин НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь УИХ-аар хэлэлцэгдэхээр хүлээгдэж буй. Тус хууль хэрэгжсэнээр худалдаа, үйлчилгээ эрхлэгч ААН-үүд нэгдсэн стандарттай сугалааны дугаар бүхий төлбөрийн баримт хэвлэж иргэд урамшууллын сугалаанд оролцох, бэлэн бусаар төлбөр тооцоо хийхэд урамшууллын буцаан олголт авах зэрэг эрх зүйн таатай орчин бүрдэх аж.

Categories
мэдээ нийгэм

Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ

Өнөөдөр 10:00 цагт орон даяар элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ. Энэ жил ЭЕШ өгөхөөр 20450 шалгуулагч бүртгүүлээд байгаа юм.

Энэ жил монгол хэл, бичгийн шалгалт өгч, 400-аас дээш оноо авсан шалгуулагч ЭЕШ-д орж байгаа. Шалгуулагчид ЭЕШ-д орохдоо цаг барихгүй байх, бичиг баримт дутуу авчрах гэх зэрэг нийтлэг алдааг гаргадаг. Үүнийг анхаарах хэрэгтэйг БҮТ-өөс сануулсан.

ЭЕШ-ын хуваарийг хүргэж байна.

Шалгалт авах өдөр

Цаг

Хичээл

06 сарын 18

10:00 – 11:20

Монгол улсын түүх

13:00 – 14:40

Хими

16:00 – 17:20

Англи хэл

06 сарын 20

08:30 – 09:50

Газар зүй

11:30 – 13:10

Математик

14:30 – 15:50

Биологи

17:10 – 18:20

Монгол хэл

06 сарын 21

08:00 – 09:40

Физик

11:30 – 12:50

Нийгмийн тухай мэдлэг

14:20 – 15:40

Орос хэл

Categories
мэдээ нийгэм

Зүүн хойд Азийн сайн дурынхан Монголд чуулна

“Нийгмийн хөгжилд залуучуудын сайн дурын оролцоо” сэдэвт Зүүн хойд Азийн сайн үйлсийн эзэд, сайн дурын хөдөлгөөний залуу манлайлагчдын чуулга уулзалт зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 2-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Уг чуулга уулзалтыг ДЭИН ТББ, “Монголын Сайн Дурын байгууллагуудын Сүлжээ” ТББ, Монголын Залуучуудын Холбоо, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлал яам хамтран зохион байгуулах юм.

“Нийгмийн хөгжилд залуучуудын сайн дурын оролцоо” чуулганд Зүүн хойд Азиийн 6 орон, олон улсын байгууллага, Монголын төр, нийгэм, залуучуудын төлөөлөл оролцохоор болсон бөгөөд тэд сайн дурынхныг чадавхижуулах, сайн дурын үйл ажиллагааны эрх зүйн орчныг бий болгох, залуучууд бизнес эрхлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, хүрээлэн буй орчноо сайн дурынхны хүчээр хамгаалах, сэргээх зэрэг өргөн цар хүрээтэй сэдвүүдийг хөндөн хэлэлцэж, хамтын хүчээ нэгтгэх харилцан туршлага солилцох юм.

Түүнчлэн энэ хүрээнд Монголын Залуучуудын Холбоо “Mongolian National Volunteers Corp” байгууллагыг байгуулах санаачилга гарган, төсөл хэрэгжүүлэхээр болсон байна. Уг төсөл хэрэгжин “Mongolian National Volunteers Corp” байгууллага байгуулагдсанаар Монгол залуус үндэсний хэмжээнд төдийгүй Олон улсын хэмжээнд сайн үйлсийг бүтээж сайн дурын хөдөлгөөнд оролцох боломжтой болох аж.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч хуулийн төслөө эргүүлэн татав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ өдрийн хуралдаанаар 23 асуудал хэлэлцэхээр төлөвлөгдсөн ч Ерөнхийлөгчийн санаачилсан хоёр хуулийн төслийг эргүүлэн татлаа. Мөн Засгийн газраас Хөгжлийн бодлогын хуулийн төслийг эргүүлэн татаж байгаагаа мэдэгдсэн юм. хэлэлцэх асуудлаас хасав. Ерөнхийлөгчийн санаачилсан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдэд ажлын хэсэг ажиллаж буй шалтгаанаар эргүүлэн татаж байгаа аж. Ерөнхийлөгч Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийг татаж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Шаардлага хангахгүй тээврийн хэрэгслүүдийг зарна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Тээврийн хэрэгсэл данснаас хасах тухай” А/511 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Техникийн комиссын актаар ашиглалтын шаардлага хангахгүй, засаж сэлбэж ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй нь тооцоогоор нотлогдсон тээврийн хэрэгслүүдийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах доод үнийг нэгдүгээр, дахин дуудлагын худалдаагаар үнэ бууруулан худалдах тээврийн хэрэгслийн үнийг хоёрдугаар, сэлбэгийн буюу хоёрдогч түүхий эдийн зориулалтаар татан төвлөрүүлж худалдах тээврийн хэрэгслийн жагсаалтыг гуравдугаар хавсралтаар тус тус баталлаа.

Дуудлагын худалдааг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулан, худалдсанаас орох орлогын 30 хувь, сэлбэгийн буюу хоёрдогч түүхий эдийн зориулалтаар татан төвлөрүүлж худалдсан тээврийн хэрэгслийн орлогыг 100 хувь нийслэлийн төсөвт төвлөрүүлэн ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болгов.

Данс бүртгэлээс хасагдаж буй тээврийн хэрэгслүүдтэй холбогдох шийдвэр гарч, шийдвэрийг хэрэгжүүлэх хүртэлх хугацаанд тухайн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллахыг эзэмшигч байгууллагуудын удирдлагад даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Л.Цандэлэг: Мал, тарианы төлөө их ч зүтгэж байна. Тэр хэрээрээ адлагдаж ч байна

Монгол Улсын Тод ман­лай уяач, Үр та­риа эрхлэгчдийн “Га­зар Тариалан” холбоо­ны ерөнхийлөгч Л.Цандэлэгтэй ярилцлаа.

-Та хөдөөгүүр яваад ир­жээ. Зуншлага хэр байна вэ?

-Би 25 жил тариа тарилаа. Мал маллаж, тариа тарьж байгаа хүмүүс чинь дандаа л тэнгэр харж, тэнгэрийн аясаар явдаг улсууд шүү дээ. Газар тариалангийн хуультай холбоотойгоор манай холбооны Удирдах зөвлөл хуралдлаа, Сэлэнгэ аймагт, “Гацуурт” компанийн байранд цуглаад. Манай хоёр гавьяат Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Булганы тариаланчдын хүсэлтээр бүгдтэй нь уулзаад ирсэн.

-Хэн хоёрыг хэлж байна вэ?

-Норовсамбуу, Чинбат хоёр гавьяатаа цагийн байдалтай танилцаад ирээч ээ гэж холбооны томилолтоор явуулсан. Тариаланчид маань нийт 400-гаад мянган га-д улаанбуудай тариалсан байна. Улс мөнгөгүй ч тариаланчид яаж ийгээд л тариагаа тарьжээ. Үр байхгүй байсан. Манай холбоо дээрх талбайн 150 гаруй мянга га-гийн үрийг дангаараа хангасан. Тариаланчид мөнгө цаасгүй, өртэй байгаа болохоор өөрсдийнхөө үрийг өгсөн. Үүнд “Гацуурт” компани, “Ариун хур”, “Ургац хүдэр” гэсэн гурван компани голчилж ажилласан л даа. 120 гаруй мянга га-гийн үрийг бид зээлээр тараасан. Адилхан л мөнгөгүй байгаа юм чинь “Та нар намар, бололцоотой болохоороо буцаагаад өгчихөөрэй” гэсэн. Ингэж тохироод үрээ тараагаад тариалалтаа дуусгачихсан. Одоо нийт үрийн тавиад хувь нь соёолоогүй, шороон дотроо байна. Соёололт их муу байна. Соёолсон газруудад нь хур багатай байна. Газар тариалангийн бүсийн 80 хувь нь гангийн байдалтай байна. Өмнө нь аймаг аймгаараа яриад үүл буудаад бороо оруулдаг байсан. Гэтэл энэ ажил өнөө жил нам зогссон.

-Юунаас болоод тэр вэ?

-Олон дарга солигдох хооронд тендерийнх нь ажил хойшлогдчихсон. Гэтэл хурын улирал нь дуусчихаад байна. Манай орны хувьд хоёр том циклон орж ирдэг юм. Нэг нь Хөвсгөлийн цаанаас том үүл, нөгөөх нь Дорнодын цаад талын Соёлз уулаар дамжин орж ирдэг далайн чиглэлийн үүлс. Энэ хоёр үүлийг л бид алдах юм бол хэцүү л дээ. Үүл бууддаг хоёр төхөөрөмжийн нэг нь Сэлэнгэд эвдэрхий байж л байна. Үүнийг хариуцах эзэнгүй болчихоод байна. Энэ нь зөвхөн газар тариалан гэлтгүй мал аж ахуйд ч хүндээр тусч байгаа юм. Нийт газар нутаг, Төв аймгийн урд талаар гантай байна. Сүхбаатар аймагт хоёр, гурван хоногийн өмнө л жаахан бороо орж ган тайлагдлаа гэж байна лээ.

-Та наадмын бэлтгэлээ хэр хийж байна. Морьдынхоо уяа сойлгыг эхлүүлэв үү?

-Морьдоо барьчихсан. Гантай байна. Төв аймгийн Баянцагаанд манай адуу байдаг юм. Төв аймгийн урд тал тэр чигээрээ гантай байгаа болохоор морь барихад хэцүү байна. 61-гийн гарам дээр уяачид цуглаж байна. Тэр хавиар та бүхэн яваад үзээрэй. Өвс ерөөсөө ургаагүй. Энэ бороо чинь хотод л ороод байх юм. Уг нь үүл буудах хэдэн сум байсан гэнэ. Тэр сумаараа сая түймэр унтраах гэж үүл буудаад дуусгачихсан гэнэ. Одоо бол сум байхгүй байгаа гэсэн. Бороо, хурын асуудал хүндрэлтэй л байна даа.

Бид яахав ямар ч байсан морьдоо барилчихаад байж байна. Хүй долоон худаг тэр чигээрээ гангийн байдалтай байгаа ч уяачид маань тэндээ тойрч буугаад нааддаг шүү дээ.

-Хичнээн тооны хурдан хүлэг сойх вэ?

-Гуч орчим уяаны морьдтойгоо Баянцагаанд л байна даа, бид нар.

-Наадмын өнгө хэр байх бол?

-Найдлага тавьж байгаа хүлгүүд байлгүй яахав. Миний бор азарга гайгүй. Өнөө жил би соёолон их сайтай байгаа. Хоёр гурван соёолонтой байгаа. Азарган соёолон, морин соёолон ч бий. Бага адуунууд ч байна. Миний их насны хүрэн морь ч гайгүй уралдчих болов уу гэсэн иймэрхүү л байдалтай байна. Наадмын өнгө ямар байхыг наадмын өдөр л мэднэ шүү дээ.

-Таны соёмбо хүрэн азарга улсын баяр наадмаас олон айраг, түрүү авсан хурдан ажнай. Хүрэн азаргын угшил нь?

-Соёмбын эцэг Хандгай хүрэн азаргыг найз Жамбагаасаа авч байсан юм. Хандгай хүрэн азарга маань “Их хурд”-д нэг удаа наймаар давхиж байсан. Соёмбо хүрэн чинь Хандгай хүрний төл байхгүй юу. Эх нь манай найз Жамбагын хонгор гүү. Соёмбо хүрэн чинь шүдлэндээ Төв аймгийн 80 жилийн ойгоор аман хүзүүдсэн. “Их хурд”-д соёолонд нь уясан. Соёолондоо их хурдан байсан. Соёолонгоосоо хойш нийт бүс, улсын наадамд арав гаруй түрүү, айраг авсан тийм л хурдан ажнай. Одоо бол үр төлүүд нь их сайн наадаж байна. Соёмбын нэг үрээ нь сая Сүхбаатарт болсон Зүүн бүсийн хурдад өнгөлж гарч ирж байгаад наймаар давхисан. Соёмбын энд тэнд очсон төлүүд нь ер нь хурдан байгаа.

Би улсын баяр наадам болон бусад том жижиг уралдаануудаас жар гаруй айраг түрүү авчихаад байна.

-Та Завхан аймгийн Улиастайн уугуул. Тэнд төрсөн үү?

-Тэнд төрсөн. Аав, ээж хоёр маань Цагаан хайрханы улсууд. Тэсийн голын унага, Тэрхийн голын хүүхнүүд гэдэг. Манай Тэсийн гол их хурдтай. Манай Завханаас төрөн гарсан Тод манлай уяачид бий. Миний араас Дагвадорж, Содномцог гуай тод манлай болсон. Мөн олон манлай уяачидтай. Би чинь Завханы анхны Тод манлай уяач гэж явдаг юм.

-Та соёмбо хүрнээ Монголын хамгийн хурдан адуу гэж ярьж байсан?

-Морьдыг чинь одоо хоёр ангилж уралдуулаад байгаа шүү дээ. Арабуудын дээд хурдад түрүүлсэн азаргыг тэр үед ялгахгүйгээр Эрдэнэтийн 30 жилийн ойгоор уралдуулчихсан. Уг уралдаанд соёмбо хүрэн маань тэр араб азаргыг дийлсэн. Анх соёолон байхдаа Занабазарын 360 жилийн ойгоор байх аа, цэвэр үүлдрийн араб адуутай уралдсан. Тэгэхэд гурван удаа гүйцэж очиж билээ. Өөд газар хоёулаа зэрэгцэж ирээд алхсан. Том адуу чинь том алхдаг юм билээ. Тэрүүгээрээ тэр адуу нь түрүүлээд соёмбо маань аман хүзүүдэж байсан. Тэгэхэд ар талын адуунууд их зайтай байсан л даа. Тэгээд л үнэхээр хурдан юм гэж итгэсэн. Араб адууг хурдан л гээд байдаг. Монголд байгаа араб адуунуудыг түрүүлсэн ганц монгол морь нь Соёмбо хүрэн. Одоо ч азарга маань хөгширлөө дөө. Соёмбо маань 16 настай. Уралдахгүй, зодог тайлчихсан. Үр төлөө өгөөд л байж байна.

Би чинь Монголын ес дэх тод манлай уяач. Намайг адуунд орж ирэхэд эхний таван тод манлай уяач нь бараг тодорхой болчихсон байсан ч би хүчтэй дайрч орж ирж олон айраг түрүү авсан л даа. Ямар ч байсан эхний арвын нэгд орж цол авсандаа баяртай байдаг.

-Уяа, морьтой ойр амьдрах нь хийморьтой гэлцдэг?

-Адууны л тоос тэнгэрт хүрдэг гэдэг хуучны үг байдаг. Бүх юм тэнгэрт хүрдэггүй. Харин түмэн адууны тоос л тэнгэрт хүрдэг гэдэг. Төрийн сүлдэнд адуу байдаг. Монголчуудын амьдралыг адуугүйгээр төсөөлөхийн аргагүй. Монголын бүх үеийн түүх адуутай холбоотой. Хэдэн уяачид л энэ ард түмнийг баясгаж байгаа юм. Бид л өөрсдөө баясаад байгаа юм биш шүү дээ. Энэ олон түмнийг цэнгүүлнэ, морио уяна, осолгүй уралдуулна гэдэг том ажил. Аюулгүй осолгүй уралдуулах ёстой. Бид чинь их айдаг. Хүний нялх хүүхдийг суулгачихсан, яадаг бол гээд. Хамгийн сайхан наадам гэж хүүхэд, морь эндэхгүй наадахыг л хэлнэ. Морь эндэнэ. Хүүхэд унана. Унаач хүүхдийн асуудал гээд бид өөрсдөө эмзэглээд байхад дээрээс олон нийтийн баахан байгууллагууд ирээд зугаа цэнгэл хөөцөлдлөө гээд л буруугаар хүмүүст сурталчлаад байдаг. Зугаа цэнгэл хийж, таван цаас л олох гээд байгаа юм биш шүү. Энэ чинь төрийн наадам. Морьгүйгээр төрийн наадам гоё уу.

Монгол хүний ген хаана байна вэ гэхээр тэр морь унаж байгаа хүүхдүүдэд л бий. Түүнээс биш энэ хотод байгаа гоё, гоё солонгос маягийн сонин залуучуудад монгол ген байхгүй шүү.

Монголчуудыг өнөөдөр 400 гаруй мянган хүн л тэжээдэг юм байна. Бусад нь хүүхэд, өндөр настан, тэтгэврийнхэн, төсвийн байгууллагынхан. Монгол Улсыг тэжээж байгаа хүмүүс чинь энэ хэдэн малчин, тариачин хоёр л байхгүй юу. Ийм цөөхөн улсын нуруун дээр л энэ улс тогтож амьдарч яваа. Эзэнгүй энэ их талыг адууны туурайгаар тамгалж байгаа, соёлыг тээж, монгол генийг авч яваа хөдөөний улсууд руугаа нэг их дайрч давшилмааргүй байгаа юм.

-Наадам гурван хоног болоод дуусдаг ч уяачдын хувьд бүтэн жилийн турш адуутай ноцолддог?

-Одоо чинь морьдоо бүр тавихаа байсан шүү дээ. Наадмын дараа түр амрааж байгаа юм, зайлуул. Намар яаж зөөлөн унах вэ, өвөл оруулж ирээд яаж хооллож услах вэ гээд л бүтэн жил хөдөлмөрлөдөг. Бүтэн жил тэр адуунаас салахгүй зүүгдэж явсаар ганцхан наадмын өдөр л нэг удаа няслаад алдвал алдаад, оновол онодог. Монгол наадмын хамгийн хатуу нь тэр. 500, 600 морь уралдахад тавхан л хүн баярладаг. Бусад нь уучлаарай, арван хэдээр орсон ч тэр нь тоо биш.

-Тэгэхээр л морь нь айргаар орж ирж байгаа уяачдын сэтгэлийг юугаар ч илэрхийлэшгүй гээд байдаг?

-Тэгэлгүй яахав. Бүтэн жилийн хөдөлмөрийн үр шим. Эр хүн яах гэж, юунд баярлаж явдаг юм бэ гэхээр миний хувьд үр хүүхдийнхээ сайн сайхныг үзэх гэж явдаг. Хүүхдээ хичнээн муу байсан ч хүнд муу хэлүүлэхгүй хамгаалдаг. Хоёрдугаарт, үрээ дааганыхаа хурдыг үзэх гэж явдаг. Гуравт нь, үр тариагаа, Монголын хөрсөнд ургасан буудайгаа хэнд ч муулуулахгүй гэж зүтгэдэг. Монголдоо ургуулсан, өөрсдөө идэж болоод байгаа тариаг Оросынхоос муу гэж байгаа нь арай дэндэнэ. Энэ жил гэхэд гаднаас 30 мянган тонн улаанбуудай оруулж ирээд Монголын тариаланчдын буудайг заруулахгүй, бүхэл бүтэн газар тариалангийн салбарыг унагачихаж байна шүү дээ. Тэрийг хийж байгаа хүмүүс үүнээс 10 сая ам.долларын ашиг олж байгаа байхгүй юу. Хоёр, гуравхан хүн ийм юм хийж том салбарыг унагачихаж байгаа юм. Үүнийг эсэргүүцсэний төлөө энэ яам, тамга нь бидний эсрэг болчихлоо. Цандэлэг, Цандэлэгийн холбооны эсрэг зогсч “Тэдэнд юу ч битгий өг” гэж байна. Яамны зүгээс жаахан шатахуун энэ тэр тараадаг. Тэгтэл “Газар тариалан” холбооныхонд юу ч битгий өг гэж дээрээс нь тушаасан гэдгийг доод мэргэжилтнүүд нь хэлж байгаа юм. Тэд “Сайд та нарт юм битгий өг гэсэн” гэж байгаа юм. Нийгэм ингэж доройтож байна.

Мэргэжлийн бус хүнээр яам удирдуулна гэдэг ийм аюултай. Хүнс, хөдөө аж ахуйн яам гэдэг чинь маш том яам байхгүй юу. Бидний аюулгүй байдал, аюулгүй хүнс гэдэг чинь юу юм бэ. Нэгдүгээрт мах. Хоёрдугаарт, гурил. Тавантолгойн нүүрсээр хэзээ ч гурил хийдэггүй. Бид өлсвөл очоод тэр нүүрсийг идэхгүй шүү дээ. Гэтэл энэ байгаа хоёр зүйлдээ ерөөсөө анхаардаггүй улстөрчид байна. Юу ч хийхгүй байна, энэ Засгийн газар. Арай дэндүү. Олон толгой ярьсан л хүмүүс. Уул нь энэ улс чинь мал аж ахуйн орон. Нүүдэлчин улсууд шүү дээ. Одоо л уул уурхай гэж хошуураад байгаа болохоос биш.

-Та үр тариа, тариаланчдынхаа төлөө нэлээд тэмцэж, үгээ хэлдэг шүү?

-Энэ бүхний төлөө их явж байна даа. Хүнд их адлагдаж байна. Өнөөдөр үнэний талд дуугардаг хүн байхгүй болсон юм байна.

Өнөө жил зуд болно. Мичин жилийн зуд гэдэг чинь маш аюултай. Яг ийм хавар ажиллагаа хийхгүй болохоор зуд болдог. Үүлэнд нөлөөлж бороо оруулах нь 50, 60 сая төгрөгийн л асуудал байхгүй юу. Үүнийг бид нар хийж болдоггүй. Би тариаланч хүн бороо оруулъя гэвэл манайд тэрийг нь хориглодог. Тэгтэл Хятадад бараг айл болгон үүл бууддаг төхөөрөмжтэй. Тэр төхөөрөмж чинь хорин литрийн хувин шиг хэмжээтэй жижигхэн юм байдаг. Сум нь урд 70 мянган төгрөгийн үнэтэй мөртлөө Монголд орж ирэхээрээ 150 мянга болчихдог. За тэр нь яахав. Тэгтэл энэ ажлыг ганцхан төр л хийнэ гэдэг. Ийм хариуцлагагүйн ган Монголд болж байна. Улстөрчдийн хариуцлагагүй байдал доошилсоор төрийн албан хаагчдад нь нөлөөлж бүгд маш муу ажиллаж байна.

-Газар тариалангийн хууль мөн газар тариалангийн чөлөөт бүсийн асуудал олон хүний анхаарлыг татаж байна?

-Газар тариалангийн хууль болон бодлогын хугацаа нь дууссан. Хуулинд газар тариалангийн худалдааны чөлөөт бүс гэдэг аюултай юм орж ирж байна. Хятад малчин Дорнодод мал маллаж байна. Хятад тариачид орж ирсэн. Дорнодын гурван компани хятадуудын мэдэлд оччихсон. Наанаа монгол эзэнтэй ч цаана нь хятад хүн байна. Монголд хятад хүн мал маллаад тариа тариад эхэлбэл маш хэцүү байдалд орно. Дээрээс нь солонгосчууд Дорнодод орж ирж байна. Тэд тэндээс татвар төлөхгүйгээр юм авч гарах нь байна шүү дээ. Халх гол, Дорнодын ай сав, Нөмрөгийн ай сав бол Монгол Улсын ирээдүйд идэх хоол хүнсний үүц нь. Үүнийг үе, үеийн сайдууд, газар тариалангийн шинжээчид “Монгол Улсын хүнсний нөөц бааз” гэж үзсээр ирсэн. Хөндөж болохгүй газар. Цөлжилт урдаасаа хойш яваад Сэлэнгэ, Булганы газар түүнд нь өртөөд дуусна. Цөлжилт явсаар одоо Дарханыг өнгөрчихөөд байна. Цөлжилт энэ чиглэлээр явж дуусахад буудайгүй болно. Тэр цагт Дорнод Халх голын ай сав руугаа бид орох юм. Тэр хүртэл тэрийг ерөөсөө хөндөж болохгүй байсан юм. Тэгтэл тэр рүү гадны баахан хүмүүсийг авааччихлаа. Тэр ай савыг эвдэж, сүйтгэж байна. Энэ бол Монголын ирээдүйн зуун жилийн хоолны асуудал. Тэрийг Солонгос, Хятадыг тэжээх гэж өнөөдрийг хүртэл хадгалаагүй. Монголчууд өвөлжөөнийхөө өвсийг одоо идэж байгаа гэсэн үг. Өвөл болохоор бид юугаа идэх болж байна аа.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Гомбожав: Нам гэдэг нам хуйвалдаж, сэм идэлцэхийн нэр болчихлоо

УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга асан, Монгол Улсын гавьяат эдийн засагч Ж.Гомбожавтай өнөөгийн нийгэм, улс төрийн талаар ярилцлаа.

-Улс төрийн амьдралд багагүй хугацааг өнгөрүүл­сэн хүний хувьд өнөөдрийн төр засгийн үйл ажиллагааг та хэрхэн харж байна вэ. Хамтарсан Засгийн газар байгуулагдан ажиллаж байна. Үр дүн хэр байна вэ?

-Сүүлийн 25 жилд Монгол Улс хөгжсөн үү гэвэл хөгжсөн. Гэхдээ боломжоо бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна. Үүнд нь Мон­голын ард түмэн сэтгэл дун­­дуур байгаа. Улс орон дорвитой хөгжихгүй байгаагийн гол шалтгаан нь удирдлагын түвшинд муу ажил­лаж байгаатай холбоо­той. Тухайлбал, УИХ, Засгийн газрынхаа түвшинд тааруу ажиллаж байна гэсэн үг. Монгол Улсад дэлхийн гэж ярих хэмжээний баялаг бий. 50 гаруй сая толгой мал байна. Өргөн уудам газар нутаг, газрын хэвлийдээ асар их байгалийн баялаг, боловсролтой мэргэжилтнүүд байнаа. Гадаадад 200 гаруй мянган залуус амьдрал ахуй­гаа боломжийн аваад явчихаж байна шүү. Ийм чадамжтай улсыг 25 жилийн хугацаанд өөд нь татаж чадахгүй байгаа нь УИХ, Засгийн газрын удирд­лагад томилогдсон хүмүүсийн ажлын арга барил, чадамжтай шууд холбоотой гэдгийг дахин хэлье. Заримдаа эх оронч сэтгэл нь хааччихсан юм бол доо гэж бодогдоод байх юм.

-Гэхдээ сүүлийн 25 жилийн хугацаанд МАН дийлэнх хугацаанд нь төр засгийг удирдаж ирсэн шүү дээ. Таны ярьснаас улс хөгжихгүй байгаа шалтгаан танай намд ч бас хамаатай гэж ойлгож болох уу?

-1992 он хүртэл бид нэг намын удирдлага дор байсан. Өөрөөр хэлбэл нэг намын дарангуйлалд байсан гэж болно. Одоо харин нэг намын дарангуйлал биш нэлээд хэдэн намын дарангуйлалд орчихлоо. Уг нь төрийн эрх мэдлийг ард түмэн мэднэ. Түүнийг хэрэгжүүлэхэд нам дэмжлэг болно гэсэн Үндсэн хуулийг бид баталсан. Өнөөдөр нам нь төрийнхөө дээр гараад суучихсан, төр нь намынхаа доор орчихоор иргэддээ үйлчлэхгүй, өөрс­дөдөө үйлчилдэг ийм байдал руу шилжсэн.

Ялангуяа сүүлийн 15 жилд дэндүү байна, энэ төр засаг. Энэ нь юугаар мэдэгдэж байна вэ гэхээр Оюу толгой, Таван толгой гэсэн хоёр толгойн асуудал дээр тэдний илэрхийлж байгаа байр сууринаас тодорхой харагдаж байна. Социализмын үед бол Оюу толгой, Таван толгой чинь ердөө хоёрхон уурхай шүү дээ. Хоёрхон уурхайн асуудлаа зөв шийдэж чадахгүй байгаа юм. Ажил нь сайхан явж байхаар төр оролцоод гацаачихдаг. Ард түмэнд болохоор тэр намаас боллоо л гэдэг. Өнөөдөр Оюу толгой, Таван толгой аль аль нь ажиллаж байгаа. Анхны гэрээнүүд нь Монголын талд ашиггүй муу гэрээ болсон байна гэдэг нь одоо харагдаж байна л даа. Тэр гэрээгээ сайжруулаад цаашаа явах байтал бүлэглэлийн эрх ашгаас болоод гацаанд орчихсон. Үнэндээ цаад хөрөн­гө оруулагчдаас болоод гац­чихсан юм алга. Манайх­ны ажил хариуцсан хүмүүсийн хариуцлагагүй байдлаас шалтгаалан ингээд зогсчихлоо. Сүүлийн үед зарим хүмүүсийн эд чинь монгол хүн мөн үү гэж эргэлзэхэд хүрч байгааг нуугаад яахав. Ийм удирдлагатай явбал Монгол хөгжихгүй. Улс хөгжихгүй байгаа өөр нэг шалтгаан нь хоёр хөрштэйгээ харилцаж чадахгүй байгаатай холбоотой. Үе, үе уулзалтууд хийж байгаа ч тийм үр дүнтэй болж чадахгүй байгаа нь анзаарагдах юм. Хоёр хөрш манайд таатай хандаж байгаа ч манайх гуравдагч хөршдөө илүү анхаарал хандуулаад байна уу даа гэж бодогддог. Нэлээд хэдэн жилийн өмнө хий дамжуулах хоолойг Монголоор дайруулан тавина гэж байсан ч одоо таг чимээгүй байна. Монголоор дайруулбал хоёр хөршид аль алинд нь ашигтай. Ер нь бол Монголыг дайруулсан, дайруулаагүй тэд боломжтой улс. Хийн хоолойг Монголоор дайруулахааргүй болсон шалтгаан нь манай төр засагт байгаа хүмүүсийн болчимгүй үйлдэл гаргадаг, шийдвэр дээрээ тогтвортой байдаггүй болохоор итгэхээ больсон. Социализмын үед манай орон руу дэлхийн ийм олон орон хандаж байсангүй.

-Ер нь Орос, Хятад гээд хоёр л хөрш байсан байх тийм үү?

-Эхний үед Орос, 1960-аад оны үед БНХАУ харилцаатай байсан. Сүүлдээ ганцхан социалист орноос бүх зүйл хараат байдал руу орсон. Одоо харин дэлхий нийтээр Монголыг сонирхож байна. Дэлхийн орнууд Монголын удирдагчид нь мундаг болохоор сонирхоод байгаа юм биш. Монгол Улсад дэлхий дээр байхгүй ашигт малтмалууд байгаа болохоор л анхаарал хандуулаад байна. Хаана баялаг байна түүн рүү шунахаас яах юм. Түүнээс биш ганцхан Монголын эрх ашгийг бодоод байна гэж байхгүй. Энэ нь тэдний буруу биш. Манай төр засгийн удирдлагад байгаа хүмүүсийн гол алдаа хууль огт биелүүлдэггүй. Үүнийг Үндсэн хуультай холбогдуулан хэлье. 1999 онд Үндсэн хуульд долоон өөрчлөлт хийснийг Үндсэн хуулийн Цэц хүчингүй болгосон. Үндсэн хуулийн 66.3-т “Цэцийн шийдвэр эцсийн шийдвэр байна” гээд цагаан дээр хараад биччихсэн. Гэтэл эцсийн шийдвэр нь гарчихаад байхад 2000 онд УИХ өнөө долоон заалтыг буцаагаад хэлэлцсэн. Цэцийн шийдвэр эцсийнх юм бол УИХ түүнийг хэлэлцэх ёсгүй байсан.

-Маргаан хянан шийдвэрлэх хууль гээд 1995 онд гаргаж байсан биз дээ?

-Үндсэн хуулийн Цэцийн маргаан хянан шийдвэрлэх үйл ажиллагааны тухай гээд 1995 оны тавдугаар сарын нэгэнд гарсан хууль байдаг юм. Тэр хуулийн 15.3-т “Ийм маягаар албан тушаалтан, байгууллага Цэцийн шийдвэрийг хэлэлцсэн байх юм бол Цэцийн аль нэг гишүүний санаачилгаар Цэц хэлэлцээд шийдвэр гаргана” гэсэн байдаг. Цэц нэг л шийдвэр гаргах ёстой. Хэрэв шударгаар ажилладаг юм бол хүчингүй гэдэг шийдвэрээ л гаргана. Тиймээс УИХ-аар хэлэлцэх ёсгүй зүйлийг хэлэлцээд шийдвэр гаргаагүй, албан бичиг гаргасан. Түүнийгээ ингээд хэдэн жил мөрдөөд явж байна. Албан бичиг гэж хэлсний учир нь “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт” гэсэн байгаа. Уг нь томъёолол нь цаасан дээр буухдаа “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт оруулсан тухай хууль” гэж гарах ёстой байсан. Монгол Улсын сүүлийн 300 гаруй жилийн түүхэнд хамгийн таатай, монгол хүн бие дааж улсаа авч явж шийдвэрээ гаргах, боловсон хүчнээ томилох, үйл ажиллагааг явуулах алтан үеийг 1992 оны Үндсэн хууль нээж өгсөн. Шинэ Үндсэн хуулийг баталж байхад аль нэг улс орны хараа хяналт байхгүй болчихсон таатай цаг үед монголчууд өөрсдөө шийдвэрээ гаргасан. Үндсэн хуулийг батлахад одоогийнх шиг улс төрийн бүлэглэл бий болоогүй байсан юм. Одоо намын болон эдийн засгийн бүлэглэлүүд бий болчихоод хааш нь ч хөдөлгөхгүй байна.

Өнөөдөр батлагдаж буй хууль тогтоомжууд аль нэг бүлэглэлийн эрх ашгийг хамгаалсан байдалтай гардаг болсон. 1992 оны Үндсэн хууль чинь Монголын ард түмний хамгийн том зөвшилцлийн дүнд бий улс төрийн баримт бичиг. Одоо бол өөр болчихож. Хэсэг бүлэг хүмүүс л Үндсэн хуулийг өөрчилнө гээд гүйгээд байх юм.

-Гэхдээ парламентад суудалтай бүх улс төрийн хүчин Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гээд бүлэг тус бүрээс Шинэ Үндсэн хуулийг батлалцаж явсан голдуу хүмүүсийг ажлын хэсэгт багтаасан…

-Улстөрчид, улс төрийн намууд Үндсэн хуулиас болоод болохгүй байна гээд Үндсэн хууль руу хуруу гараа шургуулж байна. Харин судлаачид, ард түмэн болохоор Үндсэн хуулиа өөрчилье гэдэг зүйлийг ярихгүй байгаа биз дээ. Үндсэн хуулийг өөрчлөх гээд байгаа хүмүүсийн цаад санаа нь улстөрчид, улс төрийн намуудад нэр хүнд нь унасан бурууг түлхэх нэг газар хэрэгтэй болсон. Тэр буруугаа Үндсэн хуулиас л боллоо гэж тайлбарладаг. Хачир дээрээ Үндсэн хуулиас болоод ажил явахгүй, хохироод байгаа юм байхгүй. 1999 оны дордуулсан долоон өөрчлөлт бол ардчиллын амин сүнсийг аваад хаячихсан. Өөрөөр хэлбэл намуудын дарангуйлалд төр орох нөхцөлийг бүрдүүлсэн. Өнөөдөр хууль тогтоо гээд 76 хүнийг сонгочихоод байхад 39 нь ирээд 20 нь хууль батлаад явж байна. Манайх шиг цөөхөн гишүүнтэй парламентад өмнөх Засгийн газар шиг 17 гишүүн сайд байж болохгүй. Үүнээс болоод УИХ-ын дээр нь Засгийн газар гарчихсан. Амьдралаас харахад Засгийн газар нэр төрөө хамгаалахын тулд аль болох их мөнгө зарж, сонгогчдоос санал авахын тулд ажилладаг. Тэр их шунал, хүсэл, сонирхлыг нь УИХ хазаарлан барьж байх ёстой. Гэтэл одоогийн УИХ Засгийн газрынхаа хийх ажил руу яваад орчихсон. Өөрсдөдөө ч мөнгө хуваарилдаг болж. Уг нь УИХ-ын гишүүн нэг ч төгрөг зарцуулах эрхгүй шүү дээ. Өнөөдөр харин ч эсрэгээрээ тэрбум тэрбумаар нь хуваарилж авдаг гажиг тогтолцоог бий болгосон. Тойрогтоо ажиллаж байгаа нэрийдлээр Гүйцэтгэх засаглалын ажил руу ордог ийм л байдалтай байна. УИХ, Засгийн газрын ажлын хурд нь Ерөнхийлөгчийн санал санаачилгаар хийх гэж байгаа ажлын хурдад хүрэхгүй байгаа юм. Тийм болохоор Ерөнхийлөгч заримдаа Гүйцэтгэх засаглалын ажил руу аргагүйн эрхэнд орж байна.

-Гэхдээ Үндсэн хуулийг өөрчлөх нь энэ цаг үеийн чухал асуудал гэж ажлын хэсэг нь хэлээд байгаа шүү дээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар та ямар мэдээлэлтэй байна вэ?

-Үндсэн хууль 70 зүйлтэй. Үүний 35 ба түүнээс дээш хувийг нь өөрчилбөл Үндсэн хуульд бүхэлд нь өөрчлөлт оруулж байна гэж үздэг.

2010 оны Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуулиар 70 зүйлийн 35 хувиас дээш хувьд нь өөрчлөлт хийвэл шинээр Үндсэн хууль хийж байна гэж заасан.

Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуульд Үндсэн хуулийн тодорхой зүйл дээр өөрчлөлт оруулж болохгүй гээд заачихсан. Гэтэл өнөөдөр нэмэлт, өөрчлөлт хийнэ гээд байгаа нь өнөө хориглосон заалтуудыг өөрчлөхөөр ярьж байна. Тэр нь УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчид хамааралтай заалтууд байгаа юм. Үндсэн хуулиндаа ямар нэмэлт, өөрчлөлт хийх вэ гэдэг хуулиа 2010 онд гаргачихаад түүнийгээ мэдэхгүй яваа хүмүүс байна гэж харж байна. Ерөнхийлөгчийн засаглалтай болох уу, парламентын засаглалтай байх уу гэдгийг шийдэх гэж байгаа бол шинээр Үндсэн хууль хийхээс өөр зам байхгүй. Ийм хуулийг нь 2010 онд гаргачихсан. Хэрэв энэ хуулиа зөрчөөд явах юм бол тэр нь гэмт хэрэг байхгүй юу. Хуулийн 1.2-т “Энэ хуулиас гадуур Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг завдах, хуйвалдан оруулах аливаа үйдлийг Монгол Улсын Үндсэн хуулинд халдсан хэрэг гэж үзнэ” гээд заачихсан. Тэгэхээр Н.Батбаяр тэргүүтэй ажлын хэсэг Үндсэн хуулинд халдаж байна.

Үндсэн хуулинд халдана гэдэг чинь төрийн эрхийг хуйвалдааны журмаар авна гэсэн үг. Үнэхээр Үндсэн хууль болохгүй байнаа гэж үзвэл энэ хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж 35 хүртэлх хувь гэдгийг өөрчлөх ёстой. Өөр нэг зам нь шинэ Үндсэн хууль бий болгох шаардлагатай.

-Үндсэн хуульд ямар өөрчлөлт хийх гэж байгаа талаар нь ярихгүй юу?

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрхийг хасах юм байна. ҮАБЗ-ийг даргалдгийг болиулж, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч байхаа болих нь. Тэр бүү хэл УИХ-аас Ерөнхийлөгчийг томилно гэх юм. Энэ нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, бэлгэ тэмдгийн төдий болгох гэж байгаа нь төрийн байгуулалтын том өөрчлөлт шүү. Үндсэн хуулийн хөндөж болохгүй заалтанд энэ чинь багтаж байгаа юм. Надад өөр нэг хар төрсөн нь ард түмний хүсэн хүлээж байгаа гол асуудлуудаас ард түмний анхаарлыг сарниулах гэсэн оролдлого байх. Саяхан Дубайд маапантай Оюу толгойн гэрээ ч юм уу, төлөвлөгөө ч юм уу нэг юманд гарын үсэг зурлаа. Таван толгойн гэрээ буцаагдах нь. Үүний цаана 2016 оны сонгууль гэж том юм байгаа. Улс төрийн намуудын хууль гэх мэт эдгээр томоохон асуудлуудаас сонгогчдын анхаарлыг хөндийрүүлэх оролдлого хийж байгаа нь Үндсэн хуулийн өөрчлөлт. Өнөөдрийн парламентын 76 гишүүнд Үндсэн хуульд гар хүрэх эрх байхгүй. Учир нь 76 гишүүний дөрөвний гурав нь ямар нэгэн асуудалд холбогдсон байна. Улс төрийн намуудын нэр хүнд өмнө нь хэзээ ч байгаагүй доод түвшиндээ хүртэл унасан байгаа юм. Нам төрийн эрхийг барьж байгаа өнөөдрийнх шиг нөхцөлд ард түмнээсээ асуулгүй Үндсэн хуульд гар хүрч болохгүй. Сонгууль дөхсөн үед Үндсэн хуулинд гар хүрвэл ямар хортой байдгийг 1999 оны Үндсэн хуулинд халдсан халдлага харуулж байна. Тухайн үед 76 гишүүнээс би ганцаараа “Үндсэн хуулинд өөрчлөлт хийж болохгүй” гэж татгалзсан. Тэр үед Р.Гончигдорж, М.Энхсайхан, Н.Энхбаяр гурав хуйвалдаад намын бүлгүүдээ зохион байгуулж долоон өөрчлөлт оруулсан. Тэр нь өнөөдрийг хүртэл 15 жил улсын хөгжлөөс хойш зулгаалаа. Эцэг хуулиа оролдох юм бол эцгээ алдсан өнчин хүүхэд ямар байдалд хүрдэг билээ. Үүнтэй агаар нэг гэдгийг санах ёстой.

Сүүлийн үед Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гэж зарим хүмүүс ярих болсон. Тиймээс Ерөнхийлөгчийг эрх мэдэлгүй болгож байгаад Ерөнхийлөгчийн засаглалтай болохын тулд зориуд ийм зүйлийг хийж байж магадгүй. Цаад санаа нь парламентын засаглалаас татгалзаж Ерөнхийлөгчийн засаглал руу орох урьдчилсан тоглолт байхыг үгүйсгэхгүй. Миний хувьд хоёр том хөршийн дунд байрладаг жижиг орны хувьд парламентын засаглалтай байх нь чухал гэж боддог. Энэ нь 25 жилийн амьдрал дээр батлагдсан. Таван толгойн гэрээг УИХ-д оруулахгүйгээр Засгийн газар шийдээд явсан бол бид 98 хувиа алдаад хоёр хувийн ашиг хүртэх гэрээг Засгийн газраар хийлгэх байсан байна. Одоо хоёр уурхай яригдаж байгаа мэт боловч Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын асуудал цаана нь яригдаж байдаг. Энэ мэтчилэн Үндсэн хуультай холбоотой асуудлууд хөндөгдөнө.

-Оюу толгой Таван толгойн асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Аль аль талдаа харилцан ашигтай байх ёстой. Хамгийн гол нь Их хурал зөв шийдвэр гаргадаг байх хэрэгтэй. Түүнийг нь Засгийн газар нь өөрчлөөд цаад хөрөнгө оруулагчдын эрх ашигт нийцүүлэн хууль зөрчөөд оруулж ирдэг. Оюу толгой дээр хувь хэмжээг 34 хувь гээд хэлэлцсэн. Оюу толгой гэдэг чинь Монголын компани. Гэтэл Хөрөнгийн бирж дээр бүртгэл байхгүй. Борлуулсан түүхий эдийн мөнгө нь монголоор дамждаггүй, хичнээн төгрөгийн зардал гарч байгааг манай талд тайлагнадаггүй. Ч.Улааны танай сонинд өгсөн ярилцлагыг уншаад үүнд итгэсэн. Өөр газар ажиллаж байгааг хүмүүсийн зардлыг Оюу толгойгоос төлдөг байж болохгүй. Бид өмчийн эзэмшигч тул 34 хувиа л эзэмшинэ гээд сууж байхад болно. Өнөөдөр гэтэл яаж байна. Өөрсдөө байгалийн баялгаа өгчихөөд дээр нь өрөнд ороод сууж байгаа биз. Манайхан одоо л нүүрсээ зарахгүй бол хэрэггүй боллоо гэж байна. Нүүрснээс 200 гаруй төрлийн бүтээгдэхүүн гаргаж авдаг гэж намайг сурагч байхад заадаг байсан.

Өнөөдрийн Таван толгойн гол гацаа төмөр зам болчихоод байна. Төмөр замтай болчихвол бид хаашаа ч наймаагаа хийчихнэ. Чингэс бондын 1.5 тэрбум ам.доллараас төмөр замд зарцуулчихсан бол аштай юу. Гэтэл өдөрт 50-60 машин явдаг аймгуудын зам руу мөнгөө хийчихсэн. Зам хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Хогийн ногоон уутанд 5-6 тэрбум төгрөг зарцуулсан. Тэр 5-6 тэрбум төгрөгөөрөө цэвэрлэх байгууламжаа зассан бол өнөөдөр өмхий самхай ханхлахгүй л байсан. Бондын мөнгөнөөсөө арьс ширний үйлдвэрүүдээ хотын төвөөс гаргахад зарцуулсан бол одоо Туул гол гэж орилохгүй байлаа. Манайхан маш тэнэг байсан гэхэд болно. Одоо бүр тэнэглэл нь сум, баг руугаа орчихсон. Орон нутагт мөнгө өгч байгаа нь зөв. Гэхдээ сум бүрт жижиг зүйл хийхгүйгээр томоохон зүйл хийх ёстой л доо.

-Таныхаар өнөөдрийн улс төрийн намууд хэр үүргээ гүйцэтгэж байна вэ. Нам гэсэн нэрийн дор ард түмнээ л их талцуулах юм. Танай намынхан ахмад гишүүдийнхээ үгийг сонсч байгаа юу?

-Ирэх жил сонгууль болох гэж байгаа болохоор намынхаа хүмүүсийн үгийг сонсч, “Та нарын үг хэрэгтэй байна. Төр засгийн шийдвэр гаргахад та нарын үг чухал” гэж байгаа ч сонгуулийн шоу шүү дээ. Бид үг хэлээд хүлээж авахгүй. Одоо УИХ, Засгийн газарт ажиллаж байгаа хүмүүсийг бүгдийг нь өөрчлөх хэрэгтэй.

-Тийм боломж байгаа юм уу?

-Сайн дураараа болих хэрэгтэй. Тус тусдаа хийж чаддаг зүйлээ хийгээд яв л даа. Миний хувьд намар ээлжит бус сонгууль явуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Ээлжит сонгуулиар эд бүгд гарна. Намын жагсаалтаар орж ирэх гэж зүтгэнэ. Тэд өөрсдийнхөө гарч ирэх замаа л хайж байгаа юм. Энэ төрд байгаа хүмүүсийн чадамж нь шавхагдчихсан. Шавхагдсан гэдэг нь мэдлэгийг нь хэлээд байгаа юм биш. Эдийн засгийн шунал нь болохгүй байна гэж байна. Хууль бусаар олж авсан хөрөнгөө хамгаалахын тулд улс төрд шургалах гээд байна, наадуул чинь. Монгол Улсад Си Жиньпин, Путин шиг дарга хэрэгтэй. Авлигачидтайгаа тэмцдэг байх хэрэгтэй. Гэхдээ шоронд явуулаад бай гэсэн үг биш. Хууль бусаар олсон хөрөнгийнхөө нэг хэсгийг ард түмэндээ өгөөд сайхан амьдарч болно. Би гэхэд 2000 онд улс төрөөс хөндийрөөд Богд уулын өвөрт нэг сая шахам мод тариад, мод үржүүлгийн газартай, нэг барилгын компанитай болоод л байна. Би улс төрд насаараа явсан хүн. Их хурлын гишүүдэд хандан “Та нар болиоч ээ” гэж уриалмаар байгаа юм. Нэг сонгогдсон бол дараа нь би чадахгүй юм байнаа гээд явчих хэрэгтэй. Тиймээс ээлжит бус сонгууль хийж ард түмэнд эрхийг нь өгье. Хэнийгээ сонгохоо өөрсдөө мэдэг. Тэр нь төр бариад үзэг. Үүнийг хийгээд явчих залуучууд олон байна. Ардчилсан намын лидер гээд байгаа нөхдүүд 25 жил төр засгийн толгойд явлаа. Ардчилсан намд салхи орохгүй байна. Ардчилсан хувьсгал гэж ярьж эхэлснээсээ хойш өнөөдрийг хүртэл явсаар л байгаа биз дээ. Төрд юм хийсэн байна, та нарт баярлалаа. Харин одоо больчих. Ардын намд хөдөлгөөн орж байгаа ч тодорхой тооны хөрөнгөлөг хэсгүүд нь барьчихаад байна. Салхи орж байгаа ч тийм ч сайн биш. Тиймээс МАН, АН аль нь хамаагүй удсан хүмүүс нь больчих хэрэгтэй. МАХН яахав дээ, угаасаа Н.Энхбаяр гэдэг хүнийг түшиж гарсан. Энхбаярыг шоронд орохоор нь ард түмэн өрөвдөөд саналаа өгчихсөн юм. Одоо боль Монгол Улс 20 гаруй намтай гээд тарж бутраад тоглох хэрэг алга.

-Таны хэлж байгаа шиг болоход удах байх л даа?

-Чингэс хаан Их Монгол Улсыг байгуулахад намтай байсан юм уу. Шударга түшээдтэй байсандаа Их Монгол Улсыг байгуулсан. Чингэс хаанаас хойших бүх хаадууд намгүй л явж ирсэн. Намгүйгээр хөгжиж, дэлхийн талыг эзэлж болдог гэдгийг харуулаа биз дээ. Нам гэдэг нам хуйвалдаж, сэм идэлцэхийн нэр болчихлоо. Тиймээс намд ач холбогдол өгөхгүйгээр шударга, мэдлэгтэй, туршлагатай залуучуудаар төрөө бариулъя. Сонголтоо буруу хийж байгаа ард түмэнд бас асуудал бий. Тухайн үеийн суртал нэвтрүүлэг, хэдэн төгрөг өгсөн хүнд санал өгчих юм. Өмнөх үе чинь эх орноо үүлэн чөлөөний нар шиг байхад аваад гарчихсан юм шүү дээ. Сонгууль болно гэхээр өчнөөн тэрбум төгрөг гарна гэж ард түмний тархийг угааж байна. Мөнгө зарахгүйгээр сонгуулийг явуулж болно. Тэртэй тэргүй төрийн албан хаагчид цалин авч байгаа юм чинь сонгууль явуулахад оролцож болно биз дээ. Өнгөтөөр хэвлэсэн ном, сонин тарааж, яриа хийж байна гээд жийпээр давхиад байх шаардлагагүй. Сонгуулийн хуудас хэвлүүлэхэд хэдэн төгрөг гаргахад болно. Би 1954 онд бага сургуулийн нэгдүгээр ангид сумынхаа депутатуудынхаа нэрийг гараараа бичээд болгож байсан. Тэгэхэд хувилдаг машин байсан биш. Энэ оны намар сонгуулиа хийгээд, одоо байгаа Их хурал тарах хэрэгтэй.

-Монгол Улсын гавьяат эдийн засагчтай уулзаж байгаагийнх эдийн засгийн хүндрэлээс гарах гарцын талаар асуулгүй өнгөрч боломгүй нь?

-Хүндрэлээс гарах боломж байна. Гаднаас хэдэн төгрөг орж ирэх сургаар л 2000 төгрөгт хүрч байсан долларын ханш буугаад эхэлчихлээ. Ам.долларын ханш ихэсч, буурч байгаа нь арилжааны хэдэн банкуудтай холбоотой. Тэд тоглолт хийж ихээхэн хэмжээний ашиг олдог. Монгол Улсад хамгийн баян салбар банкныхан байна. Чингэс бондын 1.5 тэрбум ам.долларыг арилжааны банкуудад дөрвөн хувийн хүүтэй байршуулахад банкууд 15-16 хувийн хүүтэй зээл болгоод баахан мөнгө олсон. Энэ бол алдагдалгүй бизнес байгаа биз. Арилжааны банкуудаас ард түмэн болон компаниуд зээл авч байна. Банкны хүүгээс хувь хүртээд явж байх нь энэ төрийн удирдлагуудад амар байхгүй юу. Үйлдвэрлэл босгох гэж зовохгүй байгаа биз. Манай эдийн засаг жижиг тул 50 гаруй сая мал, газар тариалангийн салбараа дэмжих хэрэгтэй. Хуучин манайхан чинь улаанбуудайгаар дотоодын хэрэгцээг хангаад илүүг нь экспортолдог байлаа. Ганцхан уул уурхай гэж туйлшрахгүйгээр хөдөө аж ахуйн салбараа дэмжээд явбал сэргээд ирнэ.