Categories
мэдээ нийгэм

Гачууртын голд хүүхэд осолдож амиа алдлаа

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын эцсийн буудлын харалдаа Туул голд хүүхэд осолдлоо гэсэн дуудлага Аврах ангийн эрэн хайх салбарын бүлэгт иржээ. Тэднийг очиход 15 настай эрэгтэй голын усанд живж нас барсан байжээ. Урин дулааны улирал аялал зугаалгын үе, эхэлж сурагчдын хичээлийн амралт эхэлсэнтэй холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийг голын эрэг орчим зорчихдоо аюулгүй байдлаа хангаж, аюулгүй байдлын тэмдэг тэмдэглэлээг мөрдөж, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Орон сууцны хороолол дунд борооны усны инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэнэ

Нийслэлийн Засаг дарга “Газрын байршил тогтоож,
газар эзэмших эрх олгох тухай” А/510 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар
Баянгол дүүргийн 1,3,4,5,6,14,17,18 дугаар хорооны орон сууцны хорооллын дунд
хийхээр төлөвлөсөн борооны усны инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлын
трасст 28897 м2 газрыг нийслэлийн Авто замын газарт инженерийн шугам сүлжээний
зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүллээ.

Дээрх авто зам, замын байгууламжийн төлөвлөлтийн
шийдлийг хянан батлах, кадастрын бүртгэлд бүртгэх, замын ажилд хяналт тавьж
ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газар, Авто
замын газарт тус тус үүрэг болгов.

Нийслэлийн хэмжээнд улс, орон нутгийн төсөв, гадаад, дотоодын төсөл хөтөлбөрийн
санхүүжилтийн эх үүсвэрээр хийгдэх авто зам, замын байгууламжийн ажлын
зориулалт, гүйцэтгэлд хяналт тавих, хэрэгжүүлж ажиллахыг нийслэлийн Засаг
даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт даалгалаа.

Categories
мэдээ нийгэм

Таны сонгох барилга автомашины зогсоолоо шийдсэн үү?

-“Pro one” үүнийг шийдэж чаджээ-

Улаанбаатар хотын хүн ам саяас хол давж, үйлдвэрлэл үйлчилгээ, офиссын барилга нэмэгдсээр яах аргагүй метрополитан хотын зэрэгт хүрлээ. Гэхдээ энэ их өргөжиж, дэвжиж байгаагийн хэрээр яригдаж байгаа нэг асуудал бол автозогсоолын асуудал. Анх 1929 онд Монгол Улсын хэмжээнд 29 машин бүртгэгдэж байсан бол аажим аажмаар нэмэгдсээр 2002 онд 103, 805 машин бүртгэгдэж байжээ. Үүнээс арав гаруй жилийн дараа буюу 2013 онд даруй дахин нэмэгдэж 257,498 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. Энэ тоо жилд 50 мянга орчим автомашин шинээр бүртгүүлж, дугаар авснаар өсдөг гэхээр хүмүүст нэг ойлголт төрөх биз ээ. Энэ их хэмжээний автомашины дийлэнх нь нийслэл хотынх гэдгийг хүн бүр л мэднэ. Харин автомашины тоо ийм хурдацтай нэмэгдэж байгаагийн хэрээр хот төлөвлөлтөд тусгагдаж, автомашины зогсоолын тооцоо төлөвлөгөөнд ордог гэдэг эргэлзээтэй. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр зогсоолын асуудлаа шийдээгүй томоохон худалдааны төв, офиссын барилгууд, үйлчилгээний газруудыг хаах хэрэгтэй, хотоос гаргах хэрэгтэй гэж бичих болсон нь ч аргагүй. Угаасаа асуудлаа цогцоор нь шийдээгүй байж, томоохон барилгууд ашиглалтад оруулчихдаг, тэр нь уг обьектийг худалдан авсан хүмүүст ч, тэнд үйлчлүүлэхээр очсон харилцагч нарт ч хүндрэл үүсгэж байдаг. Дагаад автомашины хөдөлгөөнд саад учруулах, аваар осол гарах үндсэн нөхцөл үүсгэж байдаг. Зориулалтын бус талбайд байрлуулсан автомашинуудыг журамладаг болсноор энэ асуудал бүр ч хурцаар яригдах боллоо. Нийслэлд зогсоолын асуудлаа шийдээгүй байж машин журамлаж, өндөр торгууль ногдуулж байна гэдэгт дургүйцэх хүмүүс олон. Гэвч нэгэнт байдал ийм байгаа нөхцөлд эхний шатанд хувь хүмүүс л өөрсдөө зохицуулалтаа хийхээс аргагүй юм. Тухайлбал, офиссын барилга худалдан авах эсвэл түрээслэх гэж байгаа бол гаднах автомашины зогсоолоо хэрхэн шийдэж байгааг нь зайлшгүй судлах хэрэгтэй. Өдрийн ихэнх цагийг өнгөрөөх газарт чинь унаа чинь тайван амгалан байрлах боломж байгаа эсэх нь тун чухал. Дээрээс нь барилгын дор байх хэдэн зогсоолд найдах нь тун өнгөцхөн дүгнэлт гэдгийг сануулах юун. Бизнесийн харилцагч, түншүүд тань өдөрт хэд хэдээрээ ирэх тохиолдолд автомашины зогсоолоо гаднаа шийдээгүй офисстой бол тэгээд л өнгөрнө. Энэ бүхнийг тал талаас нь тооцоолж байж ажил урагшилж, амжилт дагуулах нь тодорхой.

Үнэндээ нийслэлд байгаа томоохон худалдааны төвүүд, офиссын өндөр барилгуудын гаднах зогсоол ачааллаа даахуйц хангалттай байдаг уу. Харамсалтай нь үгүй. Бараг л сургуулийн хүүхдүүд зогсоолын тоог нь тооцоолоод гаргачихаар байдаг. Үнэндээ үсрээд л 20-35 машины зогсоол л тоологдоно. Түүнээс хэтрэх нь ховор. Баруун дөрвөн замд нээгдсэн томоохон үйлчилгээний төвийн хувьд автомашины зогсоолоо шийдээгүй нь сүүлийн хэдэн жилийн турш шүүмжлэл дагуулж байгаа санагдана. Бас хамгийн сүүлд хотод нээгдэж, бараг хүн бүр л очиж үзэх ёстой хэмээн яригдсан үйлчилгээний томоохон төвийн нээлтийн үеэр зогсоолын асуудал хурцдаж, замын урд дэнж дээр машинуудыг нь тавихаас аргагүй болж байсан билээ. Тэгэхээр зогсоолын асуудлаа шийдсэн эсэхийг нь анхаарч, шаардлага тавьдаг шалгуурыг бид анхаардаг болохоос аргагүй байна. Сүүлийн үед нийслэлд үүд хаалгаа нээх гэж байгаа барилгууд дунд ч зогсоолын асуудал нь шийдэгдсэн нь цөөхөн байна. Харин хэрэглэгчдийн дунд судалгаа явуулж, тэр эрэлт дээр тулгуурлан барилгын ажлаа эхлүүлсэн нэгэн барилгын төсөл анхаарал татлаа. Нийслэлийн төв талбайгаас машинаар 4 мин, алхахад 13 минут орчим ойрхон байршилд баригдах “Pro one” офиссын барилгыг бодит судалгаанд тулгуурлан бүтээн байгуулж байгаа ажээ. Судалгаанд оролцсон хүмүүс мэдээж аливаа барилгын гол чанар болсон байршлыг чухалчлахаа онцолсон бөгөөд дараагийн шатанд зогсоолын асуудал шийдэгдсэн эсэхийг харна гэжээ. Тэгэхээр автомашины зогсоол нийслэлийнхний хувьд тэр дундаа амжилттай бизнес эрхлэхийг хүсч байгаа бүх хүмүүсийн хувьд чухал шалгуур болсон нь харагдаж байна. Дараагийн шалгуур үнэ, нэвтрэх чадвар буюу цахилгаан шат олон байх, офиссын үйлчилгээ сайн байх буюу СӨХ-ийн үйлчилгээ, цаашлаад банк, ресторан, мини маркеттай байх гэсэн үзүүлэлтүүд оржээ. Энэ бүгдээс зогсоолын асуудал ямар амин чухал шалгуурт тооцогдох болсон нь харагдаж байгаа биз ээ. Судалгааны дагуу бүх төлөвлөлт тооцоо нь хийгдэж яваа “Pro one” офиссын барилгын хувьд гаднаа 150 машины зогсоолтой байх ажээ. Үүнээс гадна уг барилгаас 50 м хүрэхгүй зайд 200 автомашины зогсоолтой худалдааны төв нээгдэх юм билээ. Нийлээд 350 автомашины зогсоол. Тэгэхээр энэ офиссын хувьд автомашины асуудал бүрэн шийдэгдсэн гэж ойлгож болно. “Pro one” офиссын барилга нь дөрөвдүгээр дэлгүүрээс шууд хойшоо 32-ын тойрог руу гардаг шинэ зам дагуу буюу Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын дээд сургуулийн хойно байрлаж байгаа юм билээ. Хотын төвд барилгажилт эхлээгүй хамгийн сүүлийн цэг буюу энэ хавийн байршилд ойрын үед томоохон бүтээн байгуулалт эхэлнэ гэдгийг нийслэлийнхэн онцолсоор буй. Өнгөрсөн арваннэгдүгээр сард анх удаа энэ хавийнхан төвийн дулаантай холбогдсон. Ингэснээр нийслэлийн бизнесийн гол төв энд төвлөрнө хэмээн үзэх болсон. “Pro one” офиссын барилгаас 300 метрийн зайд гэхэд 17 барилга байгууламж баригдах зөвшөөрөл авсан байгаа бөгөөд дийлэнх нь худалдаа үйлчилгээний төв, офиссын барилгууд ажээ. Тэгэхээр яах аргагүй нийслэл хотын маань шинэ бизнесийн төв энд л цогцлох гэж байна. Мөн энэ хавьд Улаанбаатарын цэцэрлэгт хүрээлэн байгуулагдахаар хөрөнгө мөнгө нь нийслэлийн төсөвт суусан дуулдсан. Тэгэхээр нийслэлд хамгийн сүүлд барилгажилтад орж, шинээр бүтээн байгуулж байгаа энэ газарт урьд өмнөх бүх сул талуудаа зассан, зөв төлөвлөлттэй, асуудлуудаа шийдсэн, зогсоолоо төлөвлөсөн тийм л газрыг босгох нь чухал юм.

Ямартай ч эхнээсээ хэрэглэгчдийн эрэлт, судалгаан дээр суурилсан “Pro one” офиссын барилга шиг бүтээн байгуулалтууд баригдаад явж байгаа нь сайн хэрэг юм. Энэ барилгын төслийг “Мастер девелопер” компани хэрэгжүүлж байгаа бөгөөд үл хөдлөх хөрөнгийн салбарт олон жилийн туршлагатай “Мастер пропертис” борлуулалтыг нь хариуцах аж. Түүгээр үл барам “Мастер пропертис” СӨХ-ийн асуудлаа хариуцаж явах бөгөөд дэлхийд шилдэг менежментийг нэвтрүүлэх гэж байгаа юм билээ. Хамгийн ашигтай байршил, хямд үнэ, олон тооны зогсоол, шилдэг үйлчилгээг багтаах “Pro one” төслийн талаар цувралаар хүргэх болно.

Categories
мэдээ нийгэм

Сонгинохайрхан дүүрэг “Иргэдийн баяр” хийнэ

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын
газраас ирэх бямба гарагт буюу зургадугаар сарын 20-ны өдөр “Иргэдийн баяр”-ыг
зохион байгуулах гэж байна. Хүй долоон худагт болох энэхүү баяр бөхтэй,
морьтой, суртай, урлаг соёлын арга хэмжээтэй, мөнхүү төрийн албаны олон төрлийн
үйлчилгээтэй томоохон наадам болох юм.

Тус арга хэмжээний үеэр бэсрэг наадам зохион
байгуулагдах бөгөөд хурдан морины уралдаанд хоёр насны (даага, соёолон) морь
уралдана. Бөхийн барилдааны хувьд улс аймгийн цолтой 64 бөхийн барилдаан,
цолгүй 64 бөхийн барилдаан тусдаа болох юм. Цолгүй бөхийн барилдаанд түрүүлж,
үзүүрлэсэн бөхчүүдэд Сумын заан, начин цол олгох гэнэ.

“Иргэдийн баяр” нь зөвхөн наадаж цэнгэх биш, мөн
төрийн үйлчилгээг иргэдэдээ өргөн хүрээнд хүргэх зорилготой юм. Аль ч шатны
төрийн алба, түүний албан хаагчдын үндсэн үүрэг нь иргэдийнхээ өмнө тулгарсан
асуудлыг шийдвэрлэхэд оршдог. Иймээс энэхүү баярын үеэр дүүргийн хэмжээний
төрийн байгууллагууд маань чухам юу хийдэг, ямар үйлчилгээ үзүүлдэг талаараа
иргэддээ дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж, өнгөрсөн жилүүдэд хийж хэрэгжүүлсэн ажлаа
тайлагнах юм. Мөн наадмын талбайд хүрэлцэн ирсэн иргэд наадах зуураа төрийн
бүхий л үйлчилгээг тэндээс авч болох ажээ.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй залуус мэдээлэл технологийн чиглэлээр суралцана

Мэдээлэл технологийн үндэсний паркаас 16-25 насны
хөгжлийн бэрхшээлтэй залууст зориулан мэдээлэл технологийн мэдлэг боловсрол,
дадлага олгох зуны сургалт явуулах юм байна. Сургалт ирэх наймдугаар сарын
3-аас эхлүүлэн 10 хоног үргэлжилнэ. Тус сургалтад АДРА-МОНГОЛ олон улсын
байгууллагын боловсролын хөтөлбөрт хамрагдсан бүртгэлтэй 30 хүнд үнэ
төлбөргүй мэдлэг олгох аж. Ерөнхий боловсролын сургуульд боловсрол
эзэмшээгүй, танхимын сургалтаар сурч боловсрох боломжгүй, сургууль завсардсан
хөгжлийн бэрхшээлтэй, эмзэг бүлгийн хүүхэд залуусыг энэхүү сургалтаар дэмжин
ажиллах юм байна. Түүнчлэн цахим боловсролыг бүх нийтэд эзэмшүүлэх
үүднээс компьютерийн мэдлэг олгох зуны сургалтыг жил бүр зохион байгуулж ирсэн.
Энэ удаагийн зуны сургалтыг АДРА-МОНГОЛ олон улсын байгууллагатай хамтран
зохион байгуулна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Налайх хотын захирагчийн дахин сонгууль болж байна

Налайх хотын Захирагчийн дахин сонгууль өнөөдөр буюу 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 07-22 цагийн хооронд зургаан хэсгийн хороонд болж байна. Энэ удаагийн сонгуульд өмнөх сонгуульд хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигч буюу Налайх дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Ш.Хаан, бие даан нэр дэвшигч Ц.Минжинхүү нар өрсөлдөж байгаа юм. Эдгээр нэр дэвшигчийн хамгийн олон санал авсан нэр дэвшигч нийслэлийн анхны дагуул хот Налайх хотын Захирагчаар сонгогдоно. Тиймээс Монгол Улс, нийслэлийн түүхэнд анх удаа зохион байгуулагдаж буй Захирагчийн сонгуульд идэвхтэй оролцож саналаа өгөөрэй гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуягийн хуулийг ҮАБЗ-өөр хэлэлцсэний дараа чуулганд оруулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн санаачлан өргөн мэдүүлсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг өнөөдөр хэлэлцэх байсан ч хэлэлцсэнгүй. Чуулганы нэгдсэн хуралдаан эхлэхийн өмнө Хуульзүйн байнгын хорооны дарга Б.Ганбат “Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулахтай холбогдуулан ҮАБЗ-өөс бичиг ирүүлсэн. Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу Н.Алтанхуягийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан тогтоол гаргах шаардлагатай байна гэжээ. Тиймээс ҮАБЗ-ийн тогтоолыг хэлэлцтэл хүлээх нь зүйтэй” хэмээн хэлсэн юм. Р.Гончигдорж гишүүн энэ үеэр “Ерөнхий прокурорын дэргэдэх прокурорын байгууллагыг АТГ-ын дэргэд аваачиж байна гэхэд ҮАБЗ-өөр оруулаагүй шүү дээ. Гэтэл өнөөдөр эргүүлж буцаахаар болоход ҮАБЗ-өөр оруулна гэдэг ойлгомжгүй зүйл” хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Categories
мэдээ нийгэм

Хийн гар буу хил нэвтрүүлэхээр оролджээ

ОХУ-ын иргэн Б. Р. В өнөөдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын боомтоор Toyota lexus RX330 маркийн У579КЕ03RUS дугаартай автомашинд Вorner-KMB77 маркийн хийн гар буу, 17 ширхэг сумыг нууж хил нэвтрүүлэхийг завджээ. Уг зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын шалгагч илрүүлсэн байна.

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас иргэд, үйлчлүүлэгч та бүхнийг Монгол Улсын хилээр нэвтрэхдээ санаатай болон санамсар болгоомжгүйгээр ахуйн хэрэгцээнд ашиглаж байсан галт зэвсэг, сум, тусгай хэрэгслийг автомашин, тээврийн хэрэгсэлдээ авч явахгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн талбайг зогсоол болгоно

Чингисийн талбайн урд хэсэг, “Гандантэгчилэн хийд”, “Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн”-гийн талбайг түр хугацаагаар автомашины зогсоол болгох шийдвэр гарчээ.

Энхтайваны өргөн чөлөөний замын ачаалал ихтэй байгаа учраас ингэж шийджээ. Тус зогсоолд жуулчны автобуснаас гадна иргэд машинаа төлбөртэйгөөр тавьж болох гэнэ.

Categories
мэдээ нийгэм

ЭЕШ-д 400-аас дээш оноо авсан сурагч оюутан болно

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж байгаа дээд боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд дээд сургуульд элсэх шалгуурыг нэмж, элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог 400 болгосон. Иймд өнөөдрөөс орон даяар эхэлж байгаа ЭЕШ-д сурагчид 400-аас дээш оноо авч байж аливаа их дээд сургуульд элсэх эрхтэй болох юм. Өмнө нь ЭЕШ-ын оноонд босго тогтоогоогүй байхад сурагчид авсан оноондоо тааруулан сургуулиа сонгодог байсан. Харин энэ жилээс бүх сургууль элсэлт авахдаа 400 ба түүнээс дээш онооны босгыг давсан сурагчдыг л бүртгэх юм байна. Мөн төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлийг сонгон суралцах хүүхдүүд ЭЕШ-д 650-750 оноо авбал сургалтын төлбөрийн 70 хувийг, 751-800 оноо авбал сургалтын төлбөрөөс 100 хувь чөлөөлөх юм байна. Үр дүнд нь багшийн сургуульд бага оноотой хүүхдүүд элсдэг байдал эрс өөрчлөгдөж, МУБИС-д өнгөрсөн жил элсэгчдийн дундаж оноо 614-т хүрсэн байна.