Categories
мэдээ улс-төр

ЗХЖШ-ын даргад Д.Давааг дэмжлээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Зэвсэгт хүчний жанжин штабын даргын албан
тушаалд томилох асуудлыг зөвшилцлөө.

Энэ үеэр гишүүд батлан хамгаалах салбар, үндэсний
аюулгүй байдлын зөвлөлийн асуудал өөрчлөгдөж, шинэ шатанд орж байгааг сануулж,
Монгол цэргийн бодлогын шинэ баримт бичгийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг
хүссэн юм.

Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав өөрийн
хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул Ерөнхийлөгч бүрэн
эрхийнхээ хүрээнд Зэвсэгт хүчний Жанжин штабын Цэргийн хангалт, үйлчилгээний
газрын дарга, бригадын генерал Д.Давааг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын
албан тушаалд томилуулах асуудлыг зөвшилцөх саналаа УИХ-д хүргүүлсэн. Д.Даваа
нь 1963 онд төрсөн. 1994 онд ЗХУ-ын Вольск хотын Цэргийн ар талын дээд
сургууль, Санкт-Петербург хотын Цэргийн ар тал, тээврийн академийг Цэргийн ар
талын команд штаб, оператив тактикийн мэргэжлээр төгсчээ. Тэрээр Монголын ардын
армийн 162 дугаар ангид хүнс, хувцасны албаны даргаар ажлын гараагаа эхэлж
ангийн хүнсний хангалтын тасгийн дарга, захирагчийн орлогч, ар талын дарга,
Батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн дээд сургуулийн тэнхмийн эрхлэгч, ар
тал эрхэлсэн дэд захирал, Батлан хамгаалах яамны Санхүү, хөрөнгө оруулалтын
хэлтсийн дарга, Зэвсэгт хүчний Жанжин штабын Цэргийн хангалт, үйлчилгээний
газрын даргаар ажиллаж иржээ. Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний
Ерөнхий командлагч түүнийг батлан хамгаалах салбарт 30 гаруй жил ажилласан,
хуульд заасан шалгуурыг хангаж байгаа гэж үзэж энэхүү албан тушаалд
томилуулахаар зөвшилцөх саналаа ирүүлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Шадар сайд НҮБ-ын суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

Шадар сайд У.Хүрэлсүх, НҮБ-ын Монгол дах суурин
төлөөлөгч, хатагтай Сэзин Синаноглуг өнөөдөр хүлээн авч уулзаж, талархал
илэрхийллээ.

НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай
Сэзин Синаноглугын бүрэн эрхийн хугацаа дуусч, буцах болсонтой
холбоотойгоор Шадар сайд хүндэтгэл илэрхийлж хүлээн авч уулзсан нь энэ юм.

Уулзалтын эхэнд Шадар сайд У.Хүрэлсүх улс орныхоо
эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцуулж, эдийн засгийн хямралыг богино
хугацаанд даван туулж, өөд татах нь хамгийн чухал байгааг тэмдэглээд, Монгол
Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө хийсэн бүхий л ажлыг Монгол
Улсын Засгийн газар өндрөөр үнэлж, талархаж байгааг онцолсон юм.

Мөн тэрээр “Хэдийгээр та ажлаа өгөөд буцаж байгаа
ч сэтгэл тань Монголд үргэлж байх болов уу. Урьдын адил Монгол Улсыг дэмжиж
ажиллаж байгаарай гэж хүсье” гэсэн юм.

НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай
Сэзин Синаноглу “Би Турк хүн, Турк улс, Монгол Улс хоёр өнө эртний
харилцаатай, олон зүйлээр холбогддог. Анх Монголд ажиллахаар ирэхэд хойч
үетэйгээ уулзсан юм шиг сэтгэгдэл төрж байсан. Монгол Улс бол миний хувьд
хамгийн удаан ажиллаж, амьдарсан орнуудын тоонд орно.

Монгол Улсын ирээдүй их сайхан харагдаж байгаа,
таны хэлсэнчлэн олон саад бэрхшээл туулна. Зарим саадыг тойроод гарахад НҮБ
туслахад бэлэн.

Монголд бахархах зүйл олон. Ардчилал бол Монголын
бахархал, тайван замаар ардчиллыг тогтоож чадсан. Сонгуулийг зохион байгуулж
байгаа байдал нь бусад улс оронд үлгэр жишээ болохуйц туршлага харагддаг.

Мөн Шадар сайд таны Гамшгийн эрсдлийг бууруулахын
төлөө анхаарал хандуулж, түүнийг хөгжлийн шинэ түвшинд гаргахын төлөө хийж
байгаа ажилд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлье” гэсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улс, АНУ-ын Засгийн газар хооронд байгуулсан гэрээнд гарын үсэг зурлаа

Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн хандивлах” гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд Сангийн сайд Ж.Эрдэдэнбат, АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Пайпер Энн Уинд Кэмбэлл нар гарын үсэг зурлаа. Нэмэлт өөрчлөлт оруулснаар төслийн дараагийн шат болгон “Дасан зохицох, даван туулах чадвартай орон нутгийн иргэд” хөтөлбөрийг хоёр тал хамтран хэрэгжүүлэх боломж бүрдэж байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын эмэгтэй гишүүд мэдээлэл хийлээ

Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд өнөөдөр Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөлтэй холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд өнөөдөр энэ хуулийн төслөөс болж чуулганы хуралдааныг орхин гарсан юм.

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны мягмар гарагийн хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.10.31-ний өдөр өргөн мэдүүлсэн/ анхны хэлэлцүүлгийг хийх явцад УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан юм. Нийгэмд хүлээлт үүсгэсэн, олон хүүхэд болон залуу гэр бүлийн эрх ашиг хөндөгдөөд буй уг хуулийн төслийг УИХ-ын 2015 оны хаврын чуулганы хугацаанд багтаан хэлэлцүүлж, батлуулах шаардлагатай хэмээн үзэж, байнгын хороо болон нэгдсэн чуулганы хуралдааныг түр орхисон талаараа эмэгтэй гишүүд мэдээлэв.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл хэлэхдээ, хаврын чуулган завсарлахад цөөн хоног үлдээд байна. Гэтэл уг хуулийн төслийг хэлэлцэх үеэр завсарлага авснаар энэ чуулганы хугацаанд хэлэлцэх боломжгүйд хүргээд байна. Тиймээс завсарлагын хугацааг наашлуулах, уг хуулийн төслийг хаврын чуулганы хугацаанд батгаан батлуулах шаардлагатай хэмээн үзэж, УИХ дахь эмэгтэй гишүүд нэгдсэн байр суурьтай байгаа. Завсарлагын хугацааг наашлуулах хүртэл бид байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй, үүнийгээ холбогдох байнгын хорооны дарга болон УИХ-ын даргад мэдэгдсэн гэлээ. Гэхдээ чуулганы хуралдааныг түр орхин гараад байгаа энэ хугацаанд эмэгтэйчүүд, эхчүүд болон хүүхдүүдэд тулгамдаад буй олон чухал асуудлуудтай холбоотой шийдвэр гарах, хууль эрх зүйн шинэтгэл хийх тохиолдолд УИХ-ын чуулганы хуралдаанд оролцоно гэдгээ мөн мэдэгдлээ.

Энэ хуулийн төслийг хэлэлцэж, батлах ёстой гэдэг шаардлага нь хүйсийн болон аль нэг намын улс төрийн бодлоготой хамаагүй болохыг Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг онцлон хэлсэн. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэж, батлах нь монголын ард түмний, монгол хүүхдүүдийн сайн сайхны төлөө хийх ёстой алхам. Өнөөдрийн байдлаар цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүд улсын төсвөөс хувьсах зардлаа аваад явж байгаа бол цэцэрлэг хүрэлцээгүй хэсэг нь төрөөс олгож байгаа хувьсах зардлыг авч чадахгүй байна. Энэ нь шударга бус юм. Нөгөөтэйгүүр, хөдөлмөрийн чадвартай, өндөр боловсролтой ээжүүд, залуу гэр бүл хүүхдээ цэцэрлэгт хамруулж чадахгүйгээс болж ажил эрхэлж чадахгүй байна. Энэ хэрээр нийгмийн хөгжил саатаж, ядуурал нэмэгдэж байна. Улс орны хөгжилд ч тодорхой хохирол учирч байгаа учир УИХ-ын эмэгтэй гишүүд дээрх хуулийн төслийг хаврын чуулганы хугацаанд багтаан хэлэлцэж, батлах нь зүйтэй хэмээн болохоо УИХ-ын гишүүн М.Батчимэг сэтгүүлчдэд мэдээлсэн юм. Мөн тэрээр “Энэ төрлийн үйлчилгээ нь олон улсад түгээмэл байдаг бөгөөд нийтлэг жишгийн дагуу хүүхэд харах бололцоотой хүмүүсийг лицензжүүлэн, зөвшөөрөл олгоод, аюулгүй байдал болон бусад асуудлыг шийдвэрлэн, төр хяналтаа тавих байдлаар хүүхэд асрах үйлчилгээ явуулах эрх зүйн орчныг Монгол Улсад бий болгох юм. Хуулийг хэрэгжүүлэхийн тулд 60 тэрбум төгрөг шаардагдах ч улсын төсвөөс энэ хэмжээний мөнгө гаргах боломжгүй гэж тайлбарлаж байна. Гэхдээ улс орны тусын тулд, ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа төлөө бид өнөөдөр үүнийг хийх ёстой. Улсын төсвийн зарцуулалттай бид танилцсан, энэ зардлыг зохицуулах боломж бий гэж үзэж байна” гэв.

Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ УИХ-ын зарим гишүүн энэ хуулийн төслийн талаар ярихдаа эрсдэл өндөртэй гэж байсан. Хуулийн төслийг боловсруулах болон хэлэлцэх хугацаанд эрсдлийг тооцон, шаардлагатай зохицуулалтуудыг тусгасан. Аюулгүй байдал болон бусад бүх хяналтыг эцэг, эх болон орон нутгийн холбогдох төрийн байгууллагууд хийнэ. Дээр нь гэрээгээр энэ харилцааг зохицуулах боломж бий гэдгийг танилцуулсан юм. Түүнчлэн таван ээж тус тусдаа хүүхэд хараад, ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа өнөөдрийн нөхцөл байдлыг өөрчилнө. Уг хуулийн төсөл батлагдсанаар нэг хуулийн этгээд харилцан гэрээ байгуулсны үндсэн дээр таваас илүүгүй хүүхдийг харж асрах, нэг хүүхэд асрах төв 15-аас дээшгүй хүүхэд харах үйлчилгээг явуулах хууль эрх зүйн орчин бүрдэнэ. Ингэснээр олон ажлын байр бий болно, мөн хараа хяналт дутмаг байгаагаас хүүхдүүд эрсдэлд орж байгаа тохиолдлууд буурна. Гэртээ түгжигдэн, гал түймэр тэргүүтэй олон эрсдэлтэй нөхцөлд өдрийг өнгөрүүлдэг хүүхдүүд энэ хуулийн төсөл батлагдсанаар харах хандах хүнтэй, хоол ундтай, хөгжих, нийгэмших бололцоог бүрдүүлсэн, төрөөс зохих ёсны халамжаа хүртэнэ гэдгийг хэлсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн С.Оюун “УИХ дахь намын бүлэг тав хоног завсарлага авснаар намрын чуулган буюу ирэх 10 дугаар сар хүртэл хойш тавигдах асуудал үүсээд байгаа юм. Тиймээс бид хаврын чуулганы хугацаанд багтаан хэлэлцүүлж, батлуулах зорилт тавьж, ийм алхам хийж байгаа юм. Хаврын чуулганаар багтаан баталснаар 2015-2016 оны хичээлийн жилд олон хүүхдийн асуудал шийдэгдэх бололцоо бүрдэнэ. Харин УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авснаар дахиад нэг жилийн дараа л хэрэгжих, тодруулбал цаг хугацаа алдах асуудал үүсээд байна. Тиймээс завсарлагынхаа хугацааг багасан, зохих журмын дагуу хэлэлцэж хаврын чуулганы хугацаанд баталж өгнө үү гэдэг шаардлага тавьсан болохоо сэтгүүлчдэд мэдээлэв.

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн бөгөөд 8 бүлгийн 17 зүйл, 68 хэсэг, 10 заалттай юм.

Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуяг: Монголын төрийг самраад хаячихжээ

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өнөөдөр мэдээлэл хийлээ. Түүний үгийг бүрэн эхээр нь хүргэе.

АТГ-ын харъяанд шилжсэн Мөрдөн байцаах албыг Прокурорын байгууллагад эргүүлэн өгөхгүй бол хүний эрхийн зөрчил улам бүр даамжирна гэсэн саналыг Хүний эрхийн үндэсний комисоос ирүүлсэн. Тухайн үед уг зөвлөмж хэрэгжээгүй. Тиймээс би хүний эрхийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд энэ оны тавдугаар сарын 08-нд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлөн, өргөн мэдүүлсэн. Хуулийн төсөл санаачлаад гурван газар санал авахаар явуулсан. Тавдугаар сарын найманд Засгийн газар, Прокурорын байгууллага, АТГ-т хуулийн төслөө хувилаад, саналаа өгөөч гэж явуулсан. Гэтэл үүнээс хойш Н.Алтанхуяг хувийн сэдэл, тэмүүллээр энэ хуулийг хийгээд байна гэж тархи угаасан үйл ажиллагаа сонин хэвлэлээр гаргаж байна. Нөгөө талаасаа УИХ-ын гишүүний хууль санаачлах эрхэнд улаан цайм, бүдүүлгээр халддаг, довтолдог зүйл байгааг би өөрөө мэдэрлээ. Энэ хуулийн төслийг санаачилсны дараагаар хөрөнгө оруулгын мэдүүлэгт жил бүр бичдэг миний объект руу шалтаг зааж довтолж байгаа юм. Намайг ТЕГ-т дуудаж байна. Албан ёсны вэб сайтаараа АТГ намайг ямар муу хуулийн төсөл санаачилж байгаа тухай бичиж байна. Энэ зүйл хэрээс хэтэрлээ. Тийм учраас би ямар зорилготой, ямар хуулийн төсөл санаачилснаа хэлэх гэсэн юм.

Нэгдүгээрт, Миний санаачилсан хуулийн төсөл Авлигатай тэмцэх тухай хуульд ямар ч өөрчлөлт оруулахгүй. Харин Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа юм. 2002 онд УЕП-ын дэргэд байгуулагдсан Мөрдөн байцаах алба гэж байгаа. 2014 онд 12 жилийн дараа үүнд өөрчлөлт орсон. Үүнийг би буцааж байгаа юм. Учир нь хүний эрхийн зөрчил газар авч байна. Товчхондоо хууль хяналтын байгууллагуудын албан тушаалтны үйлдэж байгаа гэмт хэргийг хэн хариуцах вэ? Цагдаа цагдаагаа, АТГ өөрсдийнхөө хүмүүсийг шалгадаг нөхцөл байдал үүссэн. Тиймээс өмнөх УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг сэргээх нь зүйтэй гэж үзсэн. Өнгөрсөн онд хуульд өөрчлөлт оруулахдаа АТГ-ын шалгадаг хэргийн хүрээг өргөн болгосон. Албан тушаалаа ашигласан гэдэг нэр томъёоны цаана юуг ч хийж болно. Тиймээс энэ өргөн томъёоллыг нь багасгасан. Харин АТГ-ын үүрэг функц нь хэвээрээ байгаа. Үүнийг өөр байдлаар тайлбарлаж, Н.Алтанхуяг АТГ-ыг татан буулгах гэж байгаа юм шиг тархи угаасан мэдээллийг олон нийтэд цацаад байна. Төрийг УИХ барьж байна уу эсвэл нэг байгууллага бариад байна уу. Монголд хэн төр бариад байна вэ.

Хууль хяналтын байгууллага хороондын эрх мэдлийг алдагдуулах, нөгөө эрх мэдлүүдийг нь хазаарлах замаар Монголд томоохон хэлмэгдүүлэлт үүсч байсан түүхтэй. УИХ-ын гишүүнийхээ хувьд барьдаг зарчим бол “Монголд дахиж хэлмэгдүүлэлт гарах ёсгүй”. Монголын бизнес эрхлэгчид тайван амгалан үйл ажиллагаа явуулах учиртай. Төрийн байгууллагын ажилтан, албан хаагчид тайван амгалан ажиллах ёстой. Түүнээс бус өдөр бүр дуудагдаж, шалгагдаж, тагнагдаж, чагнагдаж байдаг нийгмийг би 25 жилийн өмнө хүсээгүй. Тийм учраас үүнийг засч залруулах үүрэг надад байгаа юм байна. Тийм учраас би хуулийн төсөл санаачлахдаа хэн нэг гишүүнийг аваагүй. Хүнийг хөлдөө чирээд яах вэ. Хүмүүсийг, тэр дотроо УИХ-ын гишүүнийг барьцаанд авдаг явдал миний нүдний өмнө хоёр жил болж байна. Монголд дахиж том хэлмэгдүүлэлт болохоос хамгаалах үйл ажиллагааг би иргэний зориг гаргаж хийх ёстой гэж бодсон.

1933 онд Дотоодыг хамгаалах газар гэж байсан. Нэлээн эрх мэдэлтэй, тэр үеийн албан тушаалтнууд, цэргийн хүмүүсийг баривчлахдаа удирдлагатай нь зөвшилцдөг дүрэмтэй байсан. 1936 онд тэр дүрмийг хүчингүй болгосон. Тэр дүрмийг хүчингүй болгосон нь хэнтэй ч зөвшилцдөггүй, прокурор ч хэрэггүй болсон. Тийм учраас 1936 онд 21 том сэхээтэн лам нарыг хорьсон. 19-ийг нь буудаж алсан. Хүний эрхийн ноцтой зөрчил ингэж эхэлсэн. Эрх мэдлийг нэг газар өгнө гэдэг, эрх мэдэл өгөхийн төлөө улайрна гэдэг, эрх мэдлийг өөртөө авч үлдэхийн төлөө юу ч хийхээс буцахгүй байна гэдэг ийм юмны эх үүсвэр болж байгаа. Тэр үед Чойдогсүрэн гэдэг мундаг прокурорыг хэлмэгдүүлж алж байсан түүхтэй.

Монгол Улсад аюулгүйн зөвлөлөөр авч хэлэлцэх асуудал байгаа юу гэвэл бий. Тэр нь нэг байгууллагын тухай асуудал биш, монгол хүний эрхийг баталгаатайгаар хамгаалах тухай асуудлыг ярих ёстой. Хүний эрх, эрх чөлөө, аюулгүй байдлыг баталгаажуулах явдал бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд бий. Тэр агуулгаар авч ярих. Чойдогсүрэнтэй төстэй үзэгдэл Алтанхуяг дээр ажиглагдаж байна.

Ийм том хэлмэгдүүлэлтийг хаахын тулд өнгөрсөн 2 жилд намайг ямар нөхцөлд ажилласныг та бүхэн мэдэж байгаа. Би бол шүдээ зуугаад явсан, нийт монголчуудын хэлмэгдүүлэх асуудал хөндөгдсөн учраас энэ хуулийн төслийг өргөн мэдүүлсэн.

Авлигатай тэмцэхэд Алтанхуяг саад болж байна, авлигачдыг Алтанхуяг хамгаалж байна гэж байгаа нь 1930 оны үгтэй адилхан. Энэ түүхийг давтуулахгүй байх санаачлагыг гаргах эрх УИХ-ын гишүүдэд байгаа. Бид алдаатай юм гаргачихсан юм билээ, тэрнийгээ засаад залруулчихъя гэж байгаа юм. 1.6 жил энэ эрх мэдэл АТГ-т очсоноор Монголын нигэмд ямар эерэг юм гарав. Олигтой юм гарсангүй. Авлигатай тэмцэж байна гэж хэдэн хүнтэй байлдаж, шоронд хийж байна. Шоронд хийчихээд бизнесийг нь булааж, дээрэмдэж, мөнгийг нь, лицензийг нь булааж авч байна. Ийм гаарсан үйлдэл хэрээс хэтэрсэн. Энийг би Ерөнхий сайд байхдаа Үндэсний авулгүй байдлын зөвлөлийн хурал дээр дуудаж хэлсэн. Үүнээс хойш мөрдөх хавчих ажиллагаа ширүүссэн. Би хэлэх үгээ хэлнэ, хийхээ хэлнэ.

Энэ хууль батлагдсанаар прокурор нь прокурор шиг ажиллана. Одоо ямар байдал бий болсон бэ гэхээр АТГ-т Мөрдөн байцаах алба өгчихөөр хэн нэг хүнийг шоронд хорино гэхэд прокурор үгүй гэх газаргүй. Үгүй гэхээр чам дээр албан тушаалын хэрэг байгаа шүү. Хоёрдугаарт, 1933 оны үгийг хэлж болж байгаа. Авлигатай тэмцэх ажилд саад учруулж байгаа учраас чам дээр хэрэг үүсгэнэ. Прокурорыг, шүүгчдийг шударга ажиллахад саад учруулж байна.

АТГ өөрийнхөө гарын ганц хоёр прокуророор шийдвэр гаргуулдаг, тэднийгээ сонсохгүй болохоор нь дарамталдаг, дахиад шүүх дээр очоод өөрийнхөө сүлжээгээр хүнийг шоронд хорих шийдвэр гаргууж байна.

УИХ-ын даргад хэлсэн “Та энэ хуулийг хэлэлцэх асуудалд оруулж өгөөрэй” гэсэн.

Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга УИХ-ын даргад бичиг өгсөн. Эд нар их шуурхай ажилладаг болоод байгаа. Миний эсрэг биш л дээ. Монголын төрийн эсрэг гэж хэлье. Нэг агентлаг бичгээ өглөө. Нөгөөх нь шууд УИХ-руу бичгээ өглөө. Ямар шуурхай ажилдаг болчихсон юм бэ. ҮАБЗ-өөс зохих шийдвэр гаргах нь зүйтэй байна гэж бичсэн байна. Энэ нарийн бичгийн дарга их том алдаа хийж байгаа юм. ҮАБЗ-өөс шийдвэр гаргадаггүй юм. Зөвлөмж гаргадаг юм. Зөвлөмжийг УИХ гэдэг байгууллага өөрийнхөөрөө шийднэ. Манай төрийг ёстой самарч байна. Хүн сонсоход айхтар сүрхий байгууллагын нэрийг бариад Их хурлаар явж байгаа процессыг шууд таслан зогсоож чадаж байгаа ийм ноцтой байдал бий болчихжээ гэдгийг анхааруулж байна.

Тэд миний санаачилсан хуулийн төслийг нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс тодорхойлсон хууль дээдлэх зарчимд захирагдаагүй иргэдийн итгэл хүлээхүйц биш хариуцлагагүй хууль байна гэж бичсэн байна. Яаж ингэж дүгнэдэг байна. Түүнчлэн албаны бүрэн эрхээ хувийн болон өөртөө хамааралтай бүхий этгээдийн хувийн зорилгоор ашиглахгүй, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлын хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзэхээр хуульчилсны эсрэг болжээ гэж үзэхээр байна гэжээ.

Би та бүхэнд дахиад хэлье. Монголын төрийг самраад хаячихжээ. УИХ-ын гишүүний хууль тогтоох эрхэнд хүчний байгууллага халдаж буй тохиолдол нь 1937 оны түүхийг давтаж байгаа юм. Өмнөх хоёр жилд эд нар над руу биш өөр бусад гишүүдийн эрхэнд халдаж байсан. Давхар дээлийн хуулин дээр хүртэл нэг саналаар унагаж байсан юм. УИХ-ын гишүүд кнопоо дарж чадахгүй байгаагаас харвал энэ газраас асар их дарамт, шахалтыг үзүүлдэг гэдэг нь тодорхой байна. АТГ аливаа хүний тухай мэдээллийг цуглуулаад түүгээрээ засч, залруулах бус дарамтлах ажлыг хийдэг юм байна гэдэг нь нотлогдож байгаа юм. Иймээс бид тус хуулийн төслийг санаачилсан. Маргааш хэлэлцэх асуултын жагсаалтад оруулаад өгөхийг УИХ-аас хүссэн байгаа. Оруулах байх гэж найдаж байна. Хэл, амтай ч гэлээ энэ хууль батлагдвал монголчууд айдасгүйгээр ажлаа хийх юм. Би гэмт хэрэг хийсэн хэн, нэгнийг хаацайлах хүсэлгүй. Гэхдээ 1937 оных шиг Хувьсгалын эсэргүү нэрээр хүнийг хоморголж алж, хяддаг байдлыг зогсоох ёстой. Намайг Ерөнхий сайд байхад нэг компанийн захирлыг, орлогч захирал болон гэр бүлтэй хамт нийт 16 хүнийг орцноос нь шоронд аваачиж хийсэн. Тухайн үед нь би “Энэ юу болж байна. Ногоон малгайтны арми бий боллоо” гэж хэлсэн байсан. Тэгэж хэлснийхээ төлөө АТГ-ынхны зуултад орчихоод байна. УИХ-ын гишүүд нэг агентлагийн зуултад орчихоор Монгол улс цааш яаж явах вэ?. Би ард түмнийхээ язгуур эрх, ашгийг эцсээ хүртэл өмөөрнө, өмгөөлнө, хамгаална. Надад өөр эрх ашиг байхгүй. Би үүнийг огцрохдоо хэлж байсан.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк 26 сая ам.доллар худалдлаа

2015 оны өнөөдрийн буюу зургаадугаар сарын 18-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкуудаас ирүүлсэн саналыг үндэслэн, Монголбанк 1914.00 төгрөгийн хаалтын ханшаар 26 сая ам.доллар, 307.65 төгрөгийн хаалтын ханшаар 44.5 сая юань тус тус худалдав.

Мөн өнөөдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 64.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэлийн, 15.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн, мөн 20.0 сая юань худалдан авах төгрөгийн своп хэлцэлийн санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэв.


Тодруулга, Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог.

Монголбанк нь валютын дотоодын захад оролцогчдод аливаа мэдээллийг нээлттэй хүргэхийг дэмжиж ажилладаг бөгөөд энэхүү мэдээллийн эцсийн зорилго нь валютын захын тогтвортой байдал, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг үүсгэхгүй байхад чиглэгддэг.

Categories
мэдээ нийгэм

“Монгол-Францын археологийн нээлт”-үүд үзэсгэлэн нээлтээ хийнэ

“Монгол-Францын археологийн нээлт”-үүд үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Францын Цөлийн ба хээр талын хүрээлэнгээс гаргаж байгаа энэ үзэсгэлэнд нийтдээ 300 гаруй олдворыг олон нийтэд дэлгэн үзүүлж байна. “Монгол улс, Францын археологийн нээлт”-үүд үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн ирэх сарын 30 хүртэл Монголын Үндэсний музейд үзэгчдийн хүртээл болох юм. Үзэсгэлэнг Монгол, Франц хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан гаргаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар-Дархан чиглэлийн замын осол их гардаг цэгүүдийг тогтоожээ

Улаанбаатар Дархан чиглэлийн улсын чанартай авто замын 52-оос 161 хүртэлх км-т хамгийн их осол гардаг цэгүүдийг Мэргэжлийн хяналтын байгууллага тогтоожээ.

Тухайлбал, Дарханы чиглэлийн 52 дахь км-т 2013 онд зам, тээврийн 30 осол гарч, замын уруудах хэсэгт хурд хэтрүүлэх, халтиргаа гулгаатай үед осол гарах магадлал өндөр байдаг аж. Иймээс замын тухайн хэсгүүдэд хурдны хязгаарлалт заасан тэмдгүүдийг байрлуулах, эвдрэл, хагарлыг засч эгнээг өргөтгөх шаардлагатай байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

ХЭҮК 2020 он хүртэл баримтлах стратегиа баталлаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний баталгааг тууштай хангах, хүн бүрт эрхийг нь бодитойгоор эдлүүлэх, сахин хамгаалах, хөхиүлэн дэмжих зорилгоор Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль, бусад хууль, олон улсын гэрээг удирдлага болгон 6 дахь стратеги төлөвлөгөөгөө 2015 оны зургаадугаар сарын 10-ны хурлаар батлан гаргалаа.

Комиссын 2015-2020 онд баримтлах стратеги төлөвлөгөө нь хүний эрхэд суурилсан хууль тогтоомж, төрийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавихад бодитой хувь нэмэр оруулан ажиллах, бүх нийтэд хүний эрхийн боловсрол олгох үндэсний тогтолцоог бэхжүүлэх, хүний эрхийн үндэсний байгууллагын тогтвортой хөгжлийг хангахад чиглэх бөгөөд Комиссын хуулиар хүлээсэн чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал төлөвлөлтийн баримт бичиг юм.

Энэхүү стратеги төлөвлөгөөнд дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэхэд иргэд олон нийт, төр, иргэний нийгэм, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагаа, түншлэлд суурилж хэрэгжүүлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулах шаардлагатай гэв

Газар тариалангийн бүс нутагт үүлэнд зориудаар
нөлөөлж хур тундас оруулахгүй бол ургацад сөрөг нөлөөтэй гэж мэргэжилтнүүд хэлж байна. Тариалсан буудайн чийгэнд хамгийн
эмзэг үе болох бутлалтын үе нь зургадугаар сарын 15-25-ны хооронд
үргэлжилдэг аж. Энэ үед чийг
дутагдсан тохиолдолд чанартай, арвин ургац хураах боломжгүй байдал үүсдэг байна.

Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлвөөс харахад энэ сарын 22-ныг хүртэл
тариалангийн үндсэн бүс нутгуудад хур тунадас багатай, хэт их халах
магадлалтай байна.

Тиймээс үүлэнд зориудаар нөлөөлөх арга хэмжээг
энэ долоо хоногт шуурхай авч хэрэгжүүлэн, пуужингийн нөөцийг тариалангийн бүс
нутагт төвлөрүүлэн ашиглах, улмаар нэмж 500 ширхэгийг худалдан авахад
шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлагатай гэж салбарын яамнаас
үзэж байгаа юм.