УИХ-ын гишүүд Эрүүгийн байцаан шийтгэх болон Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан УИХ хэлэлцэж эхэллээ. Тодруулбал, хүмүүсийн хэлж заншсанаар АТГ-аас Прокурорын мөрдөнг салгах тухай асуудлыг УИХ хэлэлцэж эхэллээ гэсэн үг. Үүнийг олон түмэн талархан хүлээн авч, дэмжиж байна. Ер нь АТГ-ыг анх юу гэж ярьж байгуулсныг хүмүүс мартаагүй байх. Хээл хахуулийн эсрэг сурталчилгаа явуулж, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулна. Үүний зэрэгцээ төрд байгаа хээл хахууль өгсөн, авсан, зуучилсан хүмүүст арга хэмжээ авна гэсэн нэрийн дор энэ байгууллагын шав тавигдсан. Гэтэл АТГ алхам алхамаар томорсоор иржээ. Одоо харахад мөрдөн байцаах бүх эрхийг өөртөө авсан байна. Улстөрчид, гүйцэтгэх болон шүүх засаглал, цагдаа, прокурорын байгууллагыг харцаараа хөдөлгөх хэмжээнд хүрч бойжжээ. Түүнээс гадна Монголын эрх баригчдын хэн хүчтэйд нь үйлчилдэг, өрсөлдөгчийг нь захиалгаар намнадаг болчихож. Хамгийн харамсалтай нь нам доторх өрсөлдөгчийг нь захиалгаар нам дарж байгаа явдал.
Ийм дарангуйлагч байгууллагын гашуун түүх Монголын өнгөрсөнд олон бий. До яам гэж байв. Тэд АТГ-ын нэгэн адилаар ард түмнийг дарлаж болох бүхий л эрх мэдлийг эдэлснээр ямар гашуун мөрийг түүхэнд үлдээсэн билээ. Тэд байгаа онилсон л бол барьж цагдаж, шалтгаангүй байсан ч гүйцэтгэх ажиллагаа явуулж эх орны дайсан гэж зарлаад эцэст нь амь насыг нь авч салдаг байсан. Гоо төгөлдөр эхнэрийг нь авахын тулд жирийн албан хаагчийг хэрэгт гүтгэн ялд унагаж халуун сумаар асуудлыг шийдсэн түүх хэдэн зуугаараа тоологдоно. Одоо АТГ ийм болж эхэлсэн байна.
Хээл хахууль, малын хулгай гэх зэргээр нэг хэргийг тусгайлан сонгож түүнд гүйцэтгэх ажиллагаа явуулдаг байгууллагатай болохоор ийм болдог бололтой. Уг нь хээл хахууль гэдэг гэмт хэрэг мөн юм бол шүүх, цагдаа нь шийднэ биз. АТГ байх ёстой гэж үзвэл соён гэгээрүүлэх ажлаа л хийг. Хээл хахуультай тэмцэхийн тулд ийм хүчирхэг байлгаж яах гээд байгаа юм. Монголын ард түмнийг дарлах бороохой цөөдөөгүй л байлтай. До яамнаас эхлэлтэй цагдаа, шүүх, тахар, ШШГЕГ хэн нь ч ард түмнийг бороохойдох эрхтэй. Үүн дээр АТГ хэмээх аймшигтай газар байгууллага бас бий болчихоод байгаа нь энэ. Нэг жилийн дотор 300 орчим хүнд хилийн хорио тавихад 20 орчим хувь нь АТГ-ын хүсэлтийн дагуу шийдэгдсэн байдаг. Энэ жилийн эхний хагаст 286 иргэнийг шалгаж 100 гаруй хүнийг гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн гэж баахан шалгаж байцаасны эцэст 24-д нь эрүүгийн хэрэг үүсгэжээ. Ер нь жилийн жилд тав зургаан зуун жирийн иргэн, аж ахуйн нэгжийг шалгаж, байцааж зовоодог юм байна. АТГ-ынхан зүгээр байцааж, шалгана гэж байхгүй. Прокурорын мөрдөн АТГ-т очсоноор эрүүдэн шүүлт 20, 30 хувиар нэмэгдсэн судалгааг Хүний эрхийн комисс гаргачихаад байна. Эрүүдэн шүүлтийн явцад амь насаараа хохирсон тохиолдол ч бий. Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан АТГ-ынхны тамлалыг даалгүй шоронд бие барсан нь саяхан. Ер нь АТГ хүнийг тарчлааж тамлах ажлаа гүтгэж гүжирдэхээс эхэлдэг. Үүний нэг жишээ нь УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын гэргий О.Эрдэнэсолонгын гэх хэрэг нотолно. Түүнийг мөнгө угаасан, авлига өгч авсан гээд АТГ зарлаж нийгэм нэг хэсэг шуугиж байлаа. Олон ч улстөрч, бизнесмен, төрийн албан хаагч ийм гүжирдлэгт автаж хохирсон доо. Эцэст нь АТГ-ынхан “Худлаа байжээ” хэмээн сулхан дуугардаг нь эхэлж шуугисан шигээ олны анхааралд оролгүй үлддэг.
Монгол Улс ийм аймаар байгууллагатай байх хэрэг байгаа юм уу. Байх ёстой гэж үзвэл араа шүдгүй болгох шаардлага байна. Анх шавыг нь тавьсанчлан хээл хахуулийн эсрэг сурталчилгаа явуулж, соён гэгээрүүлэх ажлыг хийдэг болгож байранд нь буцаамаар байна. АТГ анх байгуулагдсан хүрээнээсээ хальж өнөөдөр хээл хахууль өгсөн, авсан, зуучилсан, төрийн албан тушаалтан албан тушаалаа хэтрүүлэх, урвуулах, төрийн бус нэгжийн албан тушаалтан албан тушаалаа хэтрүүлэх, урвуулах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, үндэслэлгүй хөрөнгөжих, мөнгө угаах зэрэг гэмт хэрэг гэж хэлж болох бүхий л зүйлчлэлээр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгааг зогсооё.
Ер нь УИХ л ийм араатан шинжтэй байгууллагыг бий болгосон. Эхлээд АТГ-ыг байгуулахдаа тэдэнд хуулийг яаж ч гажуудуулж байсан хариуцлага тооцдоггүй эрх зүйн системийг нь хийж өгсөн. Дараа нь улстөрчид, гүйцэтгэх болон шүүх засаглал, цагдаа, прокурорын байгууллага, юм бүхнийг хянах эрхийг олгосон. Эцэст нь өөрийг нь хянах ёстой байгууллагыг өөрт нь харьяалуулж хамгаас хүчирхэг болгоодхов. Энэ алдаагаа УИХ даруйхан засч, залруулах цаг аль хэдийнэ болчихож. Эхний ээлжинд зарим УИХ-ын гишүүдийн санаачилсны дагуу Прокурорын мөрдөнг АТГ-аас салгаж араас нь алхам тутамдаа сайжруулах, соён гэгээрлийн чиглэлээр ажилладаг болгох шаардлага байна. Эс тэгвээс Монгол Улс ардчилсан улс байхаа болилоо.
Л.Мөнхтөр