Categories
мэдээ нийгэм

Нэхмэлийн шарын автобусны буудал орчимд зам хаана

Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын Нэхмэлийн шарын автобусны буудлын баруун хэсгээр, Чингисийн өргөн чөлөөний төв зам дээгүүр барих явган хүний гүүрэн гарцын барилга угсралтын ажлыг “Ди Вай Кей Би” ХХК гүйцэтгэж байгаа юм. Уг гүүрэн гарцын дам нурууг байрлуулах ажилтай холбогдуулан 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 06 цагаас 2015 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 22.00 цагийн хооронд зам хаах болсныг мэдэгдье. Зам хаах хугацаанд тээврийн хэрэгслүүд зурагт заасан замаар хөдөлгөөнд оролцоно уу. Энэ хугацаанд хаалттай замыг дайран өнгөрдөг Нийтийн тээврийн үйлчилгээний 6 аж ахуйн нэгжийн 15 чиглэлийн замналд өөрчлөлт орно гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“KHAAN QUEST-2015” тэмцээнд 24 орны 1200 гаруй алба хаагчид оролцохоор болжээ

“KHAAN QUEST-2015” олон улсын энхийг дэмжих ажиллагааны хамтарсан сургуулийн нээлт Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болно. Энэ сургууль нь Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын энхийг дэмжих чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгждэг таван гол арга хэмжээний нэг бөгөөд сургуульд Монгол Улс, АНУ, ОХУ, БНХАУ, БНСУ, ХБНГУ, Франц, Бүгд Найрамдах Чех Улс, Австрали, Бангладеш, Беларус, Канад, Бүгд Найрамдах Энэтхэг улс, Индонези, Япон, Пакистан, Польш, Тажикстан, Турк, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс зэрэг 24 орны 1200 гаруй цэргийн алба хаагчид оролцож байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлчүүдэд зориулсан аялал, амралтын үзэсгэлэн болж байна

Сүүлийн жилүүдэд манай улсын иргэд дотоодод болон хилийн чанадад аялах явдал эрс нэмэгдэж, аяллын төрөл бүрийн үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллагууд олноор байгуулагдсан билээ. Эдгээр байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, амралт зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан нийслэлийн иргэдэд шинэ зорих газрууд, аяллын холбогдолтой бүх төрлийн зөвлөгөө, мэдээллийг нэг дороос хүргэхэд зорилгын дор зохиогдож буй “Улаанбаатур” үзэсгэлэн үүдээ нээлээ.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулж буй “Улаанбаатур” үзэсгэлэн нь аялал жуулчлал эрхлэгчдийг хэрэглэгч буюу аялагч, иргэдтэй шууд холбох зорилготой, гадаадад аялагч, дотоодод аялагч нарт зориулсан мэдээллийг нэг дор багтаасан анх удаагийн үзэсгэлэн юм.
7 улс, 21 аймаг, улсын тусгай хамгаалалттай газар нутгууд, гадаад аяллын компаниуд, жуулчны бааз, амралтын газрууд, тээвэр, даатгал, аяллын техник хэрэгслийн компаниуд, соёл урлаг, үзвэр үйлчилгээний газрууд, аяллын клубүүд, аялал, амралттай холбоотой худалдаа, үйлчилгээ эрхлэгч нийт 80 байгууллага, нэгжийн төлөөлөл үзэсгэлэнд оролцож байна.
Мишээл үзэсгэлэнгийн төвд маргааш, нөгөөдөр 18.00 цаг хүртэл үргэлжлэх үзэсгэлэнгийн хуваарь болон зочин илтгэгч нарын мэдээллийн хуваарийг танилцуулж байна.
ҮНДЭСНИЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН “УЛААНБААТУР” ҮЗЭСГЭЛЭНГИЙН ХӨТӨЛБӨР
2015 оны 06 дугаар сарын 19-21-ний өдөр Баасан, Бямба, Ням гараг
12.00 Тухайн өдрийн үзэсгэлэнгийн нээлт

12.10 Урлагийн тоглолт

12.30 Гадаад дотоодын оролцогч, байгууллагуудын мэдээлэл сурталчилгаа

  • Аймаг, сумд, зорих газруудын мэдээлэл, сурталчилгаа
  • Улсын тусгай хамгаалалттай газар нутгуудын танилцуулга
  • Гадаад улс, хотуудын танилцуулга
  • Дотоодын оролцогч байгууллагуудын танилцуулга
  • “2015 оны гадаадын онцлох зорих газар-Окинава арал”
  • Автомашиныг аялалд бэлтгэх заавар зөвлөгөө
  • Аяны зориулалтын хувцас, хэрэглэлийн онцлог, сонголтыг хэрхэн хийх талаар зөвлөгөө
  • Майхан, унадаг дугуй, гэрэл зургийн аппарат сонгох тухай зөвлөгөө
  • Эрүүл мэндийн аяллын талаар танилцуулга
  • Ахмадын болон шашин мөргөлийн аяллын талаар танилцуулга
  • Агаарын тээврийн компаниудын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга
  • Төмөр замаар аялагч, жуулчдад зориулсан шинэ бүтээгдэхүүний танилцуулга
16.00 Өдрийн арга хэмжээний хаалт
ЗОЧИН ИЛТГЭГЧИДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГЫН ХӨТӨЛБӨР
Доорх уулзалт, ярилцлагууд нь 6-р сарын 19, 20, 21-ний өдрүүдэд 12.00-16.00 цагийн хооронд үзэсгэлэнгийн танхимын зүүн урд байрлах 2 дугаар давхрын хурлын танхимд болно.

12.00- 12.20 “Зохион байгуулалттай аялалд хамрагдахын ач холбогдол”
Зочин илтгэгч Ч.Буянбадрах

12.25- 12.45 “Дэлхий яагаад Говийг сонирхоно вэ?”
Зочин илтгэгч Х.Түмэндэлгэр

12.50 – 13.10 “Дугуйн аялалд бэлтгэх нь”
Зочин илтгэгч С.Алдархишиг

13.15 – 13.35 “Шувууны зураг авах, зургаа боловсруулах аргачлал”
Зочин илтгэгч Л.Жаргалсайхан

13.40 – 14.00 “Хустайн байгалийн цогцолборт газарт аялах нь”
Зочин илтгэгч Ц.Дашпүрэв

14.00 – 14.20 “Ослын үеийн анхны тусламж”
Зочин илтгэгч Б.Гантулга

14.30 – 14.50 “Аяллын үед гэрэл зураг авах зөвлөмж”
Зочин илтгэгч Н.Бат-Эрдэнэ

15.00 – 15.20 “Монголын гайхамшигт үлэг гүрвэл”
Зочин илтгэгч Б.Майнбаяр

15.30 – 16.00 “Галбын говийн аялал”
Зочин илтгэгч Н.Банди

Categories
мэдээ соёл-урлаг

Үндэсний хувцас загварын үзэсгэлэн болно

“Хайрын хурим” салон баяр наадамд зориулан урласан шинэ коллекцоо тун удахгүй дэлгэх гэж байна. Тус салон монгол эмэгтэйн сүр хүч, эрхэмсэг ахуйн үлгэр дуурайлал болсон домогт их хатдын дүрийг бүтээсэн зураач Д.Наранцэцэгтэй хамтран энэ удаагийн коллекцоо урлажээ.


Дизайнер Э.Туул, Б.Ууганцэцэг нарын хамтын бүтээл болох Үндэсний хэв маягийг орчин үеийн хувцас загвартай хослуулсан өвөрмөц, тансаг загварын үзэсгэлэнг өөрийн байрандаа энэ сарын 25-28-ны өдрийн 15.00-22.00 цагт зохион байгуулах аж.

Categories
мэдээ улс-төр

Улсад хохирол учруулсан Урт нэртэй хуулийг санаачлагчдад нь хариуцлага тооцъё

Гадныхныг айдаст автуулан болгоомжлолд оруулж, яаран хамаг юмаа ачаад
явахад нөлөөлсөн, дотоод, гадаадын олон компанийг
зогсолт хийлгэсэн хууль бол Урт нэртэй гэгдэх хууль. Хангай, Хэнтий, Хөвс­гөлийн
ой мод, голын ай сав газарт алтны уурхайтай компаниуд бүгд зогссон. Үнэн хэрэгтээ хууль нь хэрэгжээгүй
ч шинэ зууны дэвшилтэт технологитой, лицензийн эрхтэй компаниудын ажлыг зогсоосноос өөр гавьтай
гавьяагүй энэ хуулийн гай нь харин их байлаа.
Компаниуд хуулиа дагаж ажлаа зогсоомогц нинжа нар нь замбараагаа алдсан. Тэднийг хэн ч
дийлдэггүй. Хууль үйлчилдэггүй нинжа нарыг уул уурхайг дураараа сэндийчихэд зориулсан, гадныхныг нүүр буруулахад хамгийн их хувь нэмэр оруулсан,
эдийн засгийн хямралын эхний шанг тавьсан энэ хууль нь санаачлагч хэдэн гишүүний эх орончийн дүрд тоглосноос болж
төрсөн.

Муу сайнаараа хэлэгддэг
Мян­ганбаярын Орхоны хөн­дийд байгаа “Монгол газар” үйл ажиллагаагаа хуулийн дагуу
зогсоолоо. Зөрөөд нинжа нар шуудайгаа үүрээд
хувингаа бариад тийшээ бөөнөөр орчихсон. Хамгийн сүүлийн жишээ Ноён уул. Түүхийн
дурсгал ихтэй уулыг ухаж төнхөх гэлээ гээд зүүсэн алтаа дийлэхгүй болтлоо гоёсон
хэдэн хүн эсэргүүцэж тэмцээд хэвлэлийн хурал
хийгээд сүйд болсон. Одоо нинжа нар Ноён уулаар нэг дүүрчихээд байна. Энэ хуулийн үр дагавар ердөө л энэ. Хууль үйлчилдэггүй
гар аргаар олборлогч нөхдөд боломж олгосон, гадны хөрөнгө оруулагчдыг нүүр буруулахад
хувь нэмэр оруулсан, Монголын эдийн засгийг унагахад, доллар хаданд авирахад нөлөөллөө.

Урт нэртэй хууль буюу Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхний
газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох
тухай хуулийг санаачлагчид нь Б.Бат-Эрдэнэ, Г.Баяр­сайхан, Д.Ганхуяг, Ц.Сэд­ваан­чиг,
С.Одонтуяа, Ц.Даваа­­сүрэн, Ц.Мөнх-Оргил, С.Сайхансамбуу, Д.Энх­­бат нарын гишүүд. Уг балагтай хуулийг
2009 онд санаачилсан.

Хуульд олон компанийн эрх ашиг хөндөгдөж, лиценз нь цуцлагдсан. Хуулийн
үйлч­лэлд 1782 лиценз хамрагдсан бөгөөд зөвхөн алтны л 128 компанийн 240 лицензийн
талбай хамрагдсан байдаг. Энэ нь нийт дүнгээр
130 тонн алт буюу таван тэрбум 600 сая ам.доллартай тэнцэнэ. Ийм хэмжээний мөнгөнд
хаалт тавьчихаар, ийм олон компани үйл ажиллагаагаа
зогсоохоор эдийн засагт хэрхэн нөлөөлөх нь
ойлгомжтой. Хичнээн өрх айлын амьдрал орлогогүй болсон нь тодорхой. Монголын эдийн
засгийг 17.5 хувийн үсрэнгүй өсөлтөд хүргэсэн гэж үздэг Оюу толгойн таван тэрбум
доллартай тэнцэхүйц хөрөнгийг энэхүү урт нэртэй хууль санаачлагчид үгүй хийжээ.
Эдний устгасан таван тэрбум долларыг Оюу толгой нөхсөн байна. Оюу толгойг хөдөлгөхөөр Ч.Сайханбилэг Дубайд очиж
далд уурхайн төлөвлөгөөнд гарын үсэг зурахад Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн нарын нөхөд өнөөх Оюу толгойг гарын үсэг цуглуулж чагтлахаар
хурал зарлаад эхлэв. Ингэж Монголын эдийн засгийг сүйрүүлж дууслаа.

Урт нэртэй хуульд
лиценз эзэмшигч компаниудад төрөөс нөхөн олговор олгоно гэсэн ч өдийг хүртэл өнөөх
нөхөн олговрыг авсан нэг ч компани байхгүй зургаан жилийн нүүр үзлээ. Хууль төрснөөр жилд хорин тонн алт тушаадаг байсан компаниуд
ердөө л таван тонныг тушаах болов. Уул уурхайгаа дагаж эдийн засаг ч овоо болж байтал Урт нэршилтэй урагшгүй энэ хуулиас болж
хамаг юм орвонгоороо эргэлээ. 2009 онд батлагдсан уг хуулийн хэрэгжилт хангалтгүй,
хэрэг­жүүлэхэд зарим бэрхшээл тулгарч байна гэж үзэн 2011 оны нэгдүгээр сард хэсэг гишүүд төсөл санаачилж
бат­луулсан ч дэмжлэг авалгүй анх хуулийг санаачилсан гишүүд болон одоо уул уурхай,
Оюу толгой, Таван толгойг эсэргүүцээд байгаа популист гэгдэх гишүүдийн зарим нь
хурал хаяж, зарим нь хатуу эсэргүүцэн үг хэлснээр батлагдаагүй буцсан юм.

Ингээд Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-д 2014 оны наймдугаар сард өргөн
барьсан ч хуулийн үйлчлэх талбайг бүрэн тогтоогоогүй,
дахин судлах асуудал олон гэж хойшлуулсаар
Засгийн газраас санаачлан 2015 оны
хоёрдугаар сарын 18-нд цагаан сарын битүүний өдөр УИХ баталсан байдаг. Уул уурхайн
компаниуд нааштай юм болох нь гэж горьдсон ч бүр эсрэгээрээ нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон хэрэг боллоо
гэлцэв. Учир нь өнөөг хүртэл аваагүй ч авна
гэсэн итгэлээ гээгээгүй байсан өнөөх нөхөн олговрыг өгөхөөсөө бултсан заалтууд ороод ирж. Нэг ёсондоо төрөөс
авлага авах биш харин нэмж төлбөр төлөх дээрээ тулаад байгаа аж. Урьдчилсан байдлаар
компаниудад 659 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгох тооцоо байгаа ч төр үүнийг
олгосонгүй. Компаниуд хохирч хуулийг хэрэгжүүлэх
боломжгүй болсон. Мөн хуульд зааснаар нөхөн
олговор олгогдоогүй тохиолдолд компаниуд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эрхтэй гэсэн
заалт бий ч хэрэгжээгүй. Ингээд Урт нэртэй
хууль хэрэгжихгүй хуульд заасан заалтуудыг төр өөрөө зөрчөөд эхэлсэн. Өнөөдрийн
байдлаар уул уурхайн компаниуд дээшээ тэнгэр хол, хууль тэдний эсрэг болчихсон учраа
мэдэхгүй байцгааж байна. Мөн нэгэнт хэрэгжихгүй, үйлчлэх боломжгүй хуулиас болоод
компаниуд өөрсдөө нинжа болж хувирах дээрээ тулаад байна.

Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
хуулиас нааштай заалтууд хүлээж байсан уул уурхайн компаниуд шинээр батлагдсан хуулийг төрийн зүгээс хийсэн том заль гэцгээж байна. Тухайн
үедээ хуулиндаа нөхөн олговор лиценз эзэм­шигч компаниудад олгоно гэж байсан бол
зөрүүлээд Засгийн газар байгаль орчны хохирол, газар ухсан зэргээр үйл ажиллагааг
нь бүгдийг хохирол гэж тооцоод дааж давшгүй өртэй болгожээ. Ингэхээр нөгөөх нөхөн
олговроос давсан торгууль нэмэгдээд ирэхээр
компаниуд дахиж сэхэхгүй дээрээ тулаад байгаа аж.

Өнгөрсөн онд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа
өсөн нэмэгдэх татвар буюу роялтыг 10 хувь байсныг 2.5 болгосноор хэдийгээр хамрах
хүрээ багасчихаад байгаа ч татварын ачаар тав зургаан тонн тушааж байсан алтны хэмжээ
13.8 болж өсссөн. Алт гэдэг нь дотоод эх үүсвэрээс цорын ганц валют болж байдаг
зүйл. Гэтэл ийм их хэмжээний валютаа хуулиар хориод байхаар яаж эдийн засаг өөдлөх
билээ.

“Монголд хөрөнгө оруулаад хэрэггүй ээ, улстөрчдөд нь хөрөнгө оруулбал
гадныхныг ивээн тэтгэсэн хууль санаа­чилна, тэрнээс улсад нь хөрөнгө оруулбал өөрсдөө
л хохирно” гэж гадныхан ярьж байсан тухай уул уурхайн салбарынхан хэлж байна лээ.
Энэ мэтээр уршиг ихтэй Урт нэртэй хуулийг санаачлагчид эх орон газар нутаг гэж цээжээ
дэлдэхдээ үр дүнг нь огт тооцсонгүй юу. Тооцсон ч тоолгүй өнгөрөв үү. Улсад хохирол
учруулсан Урт нэртэй хуулийг санаачлагчдад хариуцлага тооцъё.

Украйны Ерөнхий сайд байсан Ю.Тимошенко Оросоос хий авахдаа эх орондоо
ашиггүй гэрээ хийсэн гэж ял эдэлж, шоронд суусан. Тайландын Ерөнхий сайд асан Й.Чинават
цагаан будаа худалдах улсад хохиролтой хууль батлах гэснийхээ төлөө баригдаж хоригдсон. Төр барьж байгаа эрхмүүд эх орондоо ашиггүй гэрээ хийж, хууль баталсныхаа төлөө ял уншуулж байна. Манайд ийм уршигтай хууль санаачилсныхаа төлөө улсад хичнээн их хохирол учруулсныг тооцож
гаргавал том тоо гарна. Гэхдээ гаргаагүй
байна. Гаргаж ирсэн тохиолдолд энэ хуулийг санаачлагчид улс орондоо эдийн засгийн
асар их хохирол учруулсан гэж ял унших хэмжээнд хүрсэн шүү.

Categories
мэдээ нийгэм

Чингисийн талбайд 16 цаг хүртэл өдөрлөгтэй

Сүхбаатар дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд “Иргэдийн өдөрлөг” өнөөдөр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болж байна.

Өдөрлөгийн үеэр Сүхбаатар дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс, албад, байгууллага аж ахуйн нэгжүүд 50 жилийн хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулж, иргэддээ чиглэсэн төрөл бүрийн үйлчилгээ үзүүлж байгаа юм.

Тухайлбал:

  • Хороодын өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг сурталчлах, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах
  • Дэргэдэх хэлтэс, нэгжүүд үйл ажиллагааны чиглэлийн дагуу иргэдэд ажлаа танилцуулах, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа гаргах
  • Дүүргийн нутаг дэвсгэрт хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд нийтийн хоолны худалдаа гаргах
  • Дүүргийн 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд иргэдийн төлөөлөлд хүндэтгэл үзүүлэх, зэрэг үйл ажиллагаа болох юм.

Мөн цэрэг иргэний хамгаалалтын чиглэлээр үзүүлэх тоглолт, үлээвэр найрал хөгжмийн тоглолт, жагсаалын үзүүлэх тоглолт, зэвсэггүй тулалдах мэх, гардан тулалдааны үзүүлбэр үзүүлэх, сургуулилттай нохойн үзүүлбэр үзүүлэх зэрэг олон сонирхолтой үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Маргааш Төв шуудангаас Цэцэг төв хүртэлх уулзварыг нээнэ

Улаанбаатар хотод инженерийн дэд бүтцийн нийт 1153 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээс хамгийн өргөн хүрээнд хийгдэх ажил нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А,Б,В гол шугамыг ф600\500 болгон өргөтгөх ажил юм.

Зам засвар, шугам хоолой солих ажлыг төлөвлөгөөний дагуу 2015 оны 06 дугаар сарын 07 ны өдрөөс эхлэн 2015 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Энхтайвны өргөн чөлөөний Төв шуудангийн уулзвараас баруун 4 замын уулзвар хүртэлх замыг 3 үе шаттайгаар хааж гүйцэтгэнэ. Эхний үе шатны ажил буюу Төв шуудангийн уулзварын баруун талаас Цэцэг төвийн уулзварын зүүн тал хүртэл замын зорчих хэсгийг 06 дугаар сарын 07-ны өдрөөс хааж шинэчлэл, өргөтгөлийн ажил хийгдэж байна. Эхний хэсгийн ажлыг 06 дугаар сарын 25-ны өдөр дуусгахаар төлөвлөж байсан ч гүйцэтгэлийг графикт зааснаас түрүүлж хийж байгаа тул хугацаанаас нь өмнө буюу 21-ний өдөр дуусгана гэж холбогдох албаныхан мэдээллээ. Тус ажлын хүрээнд Цэцэг төвийн уулзварыг 06 дугаар сарын 19-ний 20 цагаас 06 дугаар сарын 21-ний 06:00 цаг хүртэл хаах юм. Тиймээс 06 дугаар сарын 21-ний 06:00 цагаас Төв шуудангаас Цэцэг төв хүртэлх уулзварын замын хөдөлгөөнийг нээж, 2 дугаар үе шатны ажил буюу Цэцэг төвийн уулзвараас УИД хүртэлх уулзварыг 06 дугаар сарын 21-ний 06:00 цагаас 07 дугаар сарын 05 хүртэл хааж шинэчлэл, өргөтгөлийн ажил хийнэ.
Энэ хугацаанд19 чиглэлийн 255 тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд өөрчлөлт орж троллейбусны 3 чиглэлийн 27 тээврийн хэрэгслийн үйлчилгээ түр зогсоно. Энхтайваны өргөн чөлөөний хөдөлгөөн хязгаарлагдах үед чиглэлүүд Баруун сэлбийн гудамж, Цэрэндоржийн гудамж, Жуулчны гудамж, Самбуугийн гудамж, Сөүлийн гудамжаар үйлчилгээ үзүүлнэ.
Зам хаалттай байх хугацаанд:

  • Энхтайваны өргөн чөлөөнөөс Их дэлгүүрийн баруун хэсгээр зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг нэг урсгалтай болгоно
  • 1 дүгээр сургуулийн зүүн талын замыг урдаас хойд чиглэлд нэг урсгалтай болгон зохион байгуулна.

Улсын Драмын Эрдмийн театраас Төв шуудан хүртэлх дулааны шугамыг 1959 онд, Төв шуудангаас Баруун 4 зам хүртэлх шугамыг 1987 онд барьж, ашиглалтад оруулсан бөгөөд дулааны шугамын ачааллыг бууруулах, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилтай уялдуулан нийслэлийн гэр хороололд дэд бүтэц татах боломжоор хангах зорилготой уг ажлыг Хөгжлийн банкны санхүүжилтээр хийж байгаа юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ЭЕШ-ийн дөрвөн хичээлийн шалгалт явагдаж байна

Элсэлтийн ерөнхий шалгалт өнгөрөгч пүрэв гаригт орон даяар эхэлсэн. Шалгуулагчид өнөөдөр 08:30-09:50 цагт Газарзүйн хичээлийн шалгалт өгсөн. Харин 11:30 – 13:10 цагт Математик, 14:30 – 15:50 цагт Биологи,17:10 – 18:20 цагт Монгол хэлний шалгалт өгөх юм.

Маргааш 08:00 – 09:40 цагт Физик, 11:30 – 12:50 цагт Нийгмийн тухай мэдлэг, 14:20 – 15:40 цагт Орос хэлний шалгалтыг өгснөөр ЭЕШ дуусна.

Энэ жил ЭЕШ өгөхөөр 20450 шалгуулагч бүртгүүлсэн. Монгол хэл, бичгийн шалгалт өгч, 400-аас дээш оноо авсан шалгуулагч ЭЕШ-д орж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Шинэ үйлдвэрийн нээлтэд Ерөнхийлөгч оролцлоо

Эрдэнэт үйлдвэрийн өөрөө нунтаглах үйлдвэрийн нээлтийн ажиллагаа өнөөдөр Орхон аймагт болж байна. Энэхүү үйлдвэрийн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, үг хэллээ.

Мөн УИХ-ын гишүүн Л.Цог, М.Батчимэг, Д.Зоригт, ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизов, Бүгд Найрамдах Беларусь Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Станислав Владимирович Чепурной тэргүүтэй албаны хүмүүс оролцож байна. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат, уул уурхайн салбарын ахмадууд, эдүгээгийн уурхайчид нээлтийн ажиллагаанд оролцлоо.

Энэ үйлдвэр ашиглалтад орсноор хүдэр боловсруулалт 6 сая тонноор нэмэгдэж, зэсийн баяжмал 1.3 их наяд дээр 240 тэрбумаар нэмэгдэхийг онцлов. Түүнчлэн 462 тэрбумын татвар өгдөг байсан бол 73 тэрбумаар нэмэгдэх юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Балетын үдэш” маргааш болно

УДБЭТ-ын хамт олон дэлхийн сонгодог бүтээл П.И.Чайковский “Хунт нуур” балетын Монголын тайзнаа тоглогдсоны түүхт 40 жилийн ойг зургадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Уг баярын хүрээнд “Балетын үдэш” өвөрмөц гала концертыг ирэх ням гаригт буюу зургадугаар сарын 21-ний 17.00 цагаас тоглох юм. Тасалбар 10.000, 15.000 бөгөөд УДБЭТ-ын касс болон www.monda.mn -р худалдаалж байна.