Categories
мэдээ соёл-урлаг

”Чио Чио Сан” дуурийг тоглоно

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид өнөөдөр Италийн нэрт зохиолч Ж.Пуччинийн алдарт “Чио Чио Сан” дуурийг тоглоно. Гол дүр Чио-Чио-Сан /эрвээхэй хатагтай/-д соёлын тэргүүний ажилтан Б.Эрдэнэтуяа, Сузукид Р.Доржхорол, Пинкертонд Б.Гомбо-Очир, Кетэд соёлын тэргүүний ажилтан Д.Туяа, Шарплесд гавьяат жүжигчин М.Болд, Город М.Даваадорж, Бонзад Э.Бумхүү тоглох юм байна. Мөн Ямадори тайжид А.Сайнбаяр, Комиссарт Ж.Бямбажав, Чио Чио Саны эхийн дүрд Д.Цэрмаа, Зарц , Дамнуурчинд М.Намнанбаатар дуулна.Энэхүү бүтээлийн найруулагчаар Ардын жүжигчин, төрийн шагналт Х.Уртнасан, зураачаар Ардын зураач Ч.Гунгаасүх, туслах найруулагчаар соёлын тэргүүний ажилтан Е.Саратуяа ажиллажээ. Харин Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү удирдах юм.“Чио Чио Сан” 17.00 цагт тайзнаа амилах ба тоглолтын тасалбарыг УДБЭТ-ын касс болон www.monda.mn -р худалдаалж байна.

Categories
мэдээ нийгэм

Ургамалын тосны үйлдвэр нээлтээ хийлээ

Сэлэнгэ аймгийн Баруунхараад тослог ургамлыг боловсруулах бүрэн автомат үйлдвэр өнөөдөр нээгдлээ. “Делта холдинг” группын охин компани болох “Майнд тэч” компани энэхүү үйлдвэрийг ашиглалтад оруулж байгаа нь энэ юм. Үйлдвэрийг байгуулахад “Делта” группийнхэн өөрсдийн санхүүжилтээс гадна “Чингис” бондоос 22.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч үйлдвэрээ бүрэн ашиглалтад оруулсан байна. Үйлдвэр ашиглалтад орсноор эх орны хөрсөнд ургасан тослог ургамлыг боловсруулж, бидний өдөр тутмын хэрэгцээнд нийцэх, стандартын шаардлага хангасан эрүүл аюулгүй “Оргих” ургамлын тосыг гарган монголын зах зээлд нийлүүлж эхлээд байна. Түүнчлэн дан ганц ургамлын тос үйлдвэрлээд зогсохгүй рапсаас тосыг нь ялгаж яваад үлдэгдэл шаараар нь малын тэжээл, био дизель түлш зэргийг гаргаж байгаа аж.

Categories
гадаад мэдээ

Казахстанд зорчигч тээврийн онгоц шатжээ

Казахстаны баруун өмнөд нутгийн Актау хотын олон улсын нисэх онгоцны буудалд тус улсын агаарын тээврийн “СКАТ эйрлайнс” компанийн “Боинг-737” онгоцны хаалганы хэсэгт гал гарч шатаж, нэгэн инженер хөнгөн түлэгджээ. Мэргэжилтнүүдийн ярьснаар хүчилтөрөгчтэй сав дэлбэрсний дараа нисгэгчдийн бүхээгийн арын хэсэгт гал гарсан байна. “DV-742” нислэгийн дугаартай тус онгоц нийслэл Астана хотоос Актаугийн онгоцны буудалд газардсаны дараа шатсан юм. Хэрэв нислэгийн үеэр энэ үйл явдал тохиолдсон бол онгоц сүйрэх байсан гэж албаныхан ярьжээ.

Categories
мэдээ нийгэм

Энэтхэгт 33 хүн архинд хордож нас барлаа

Баруун Африкийн Нигерт гэрийн нэрмэл архинд 70 гаруй хүн нас барсан тухай мэдээллийг бид хүргэсэн. Тэгвэл Энэтхэгийн Мумбайд ч энэ явдал давтагдлаа. Тодруулбал тус хотын 33 иргэн хууль бусаар найруулсан архинд хордон нас барж, есөн хүний биеийн байдал туйлын хүнд байгаа гэнэ.

Мумбай хотын цагдаагийн газраас мэдээлсэнээр хохирогчид хууль бусаар үйлдвэрлэсэн архи уусныхаа дараа нас баржээ. Мөн албаныхан энэ хэрэгт сэжиглэн гурван хүнийг баривчлаад байгаа юм байна. Энэтхэгт нууцаар үйлдвэрлэсэн архины бизнес сүүлийн үед цэцэглэх болжээ.
Үнийг хувьд хямд бөгөөд 250 мл-ийн нэг шил архи нэг ам.доллар хүрэхгүй үнэтэйгээр худалдаалагддаг байна. Энэ архийг ууж хордож нас барсан тохиолдол удаа дараа давтагдаж байгааг эх сурвалжууд дамжуулжээ.
Categories
мэдээ нийгэм

Ойн түймрийг унтраахаар 102 хүн ажиллаж байна

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн нутаг “Зэлт гол” гэдэг газар энэ сарын 16-ны өдөр ойн түймэр гарсныг тус аймгийн Онцгой байдлын газрын 33 албан хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, орон нутгийн 45 иргэн, 4 автомашин, нийт 102 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Мөн багийн нутаг “Янгаахайн-Ам”-нд гарсан түймрийг тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 10 иргэн, Хилийн цэргийн 3 нийт 25 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр, Мандал сумын Түнхэл тосгоны “Идэмийн гол” гэдэг газар болон Ерөө голын халуун рашааны чиглэлд гарсан ойн түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллаж байгааг ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газраас мэдээлэв.

Түүнчлэн Булган аймгийн Бүрэгхангай сумын “Цоохор морьтын төхөм” гэдэг газар энэ сарын 19-ний өдөр хээрийн түймэр гарсныг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгаас 31 хүн, нийт 43 хүн 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Нүүрс тээвэрлэдэг замын засварыг чанартай хийхийг үүрэг болгов

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Оюутолгой” ХХК, “Зонхэн Юу Тиан” ХХК, Шивээ хүрэн, Гашуун сухайт хилийн боомт чиглэлийн нүүрс тээвэрлэдэг замд 2015.06.07-10-ны өдрүүдэд шалгалт хийсэн байна. Шалгалтын дүнг ерөнхий газрын Даргын зөвлөлийн 2015.06.19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Тухайлбал Дорноговь, Чойр чиглэлд нүүрс тээвэрлэх гэж байгаа замын чиглэлийг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу батлуулах, техник-эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан зураг төслийг ачаа тээвэрлэлтийн өнөөгийн нөхцөл байдалд тохируулж, авто тээврийн хэрэгсэл аюул осолгүй зорчих, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй нөхцөл бүрдүүлэхийг захиалагч тал нь төрийн захиргааны төв байгууллага хамтран шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт шинээр баригдсан Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 43.2 км хатуу хучилттай авто замаар нүүрс тээвэрлэх, Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн 239 км авто замын засвар, арчлалтын санхүүжилтийг гүйцэтгэгч байгууллагуудад олгож, засварыг тогтоосон хугацаанд хийлгэх зэрэг дүгнэлт, шийдвэрийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Уул уурхайн яам болон холбогдох аж ахуйн нэгж, байгууллага, орон нутгийн захиргаанд хүргүүлэхээр тогтлоо. Шалгалтаар илэрсэн зөрчлийг заасан хугацаанд арилгахыг “Зонхэн Юу Тиан” ХХК-д албан шаардлагаар үүрэг болгосон байна.

Шалгалтын дүнгээс үзвэл Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн хатуу хучилттай 239 км авто замын Цагаан хад орчмын асфальтбетон хучилт цоорч доод суурь ил гарсан, хөндлөн дагуу, торон хагарал үүссэн, зарим босоо тэмдэг байхгүй, хэвтээ тэмдэглэлийг шинэчлээгүй зэрэг зөрчил илэрсэн байна. Хөрөнгө хүрэлцээгүйгээс замын томоохон эвдрэлтэй хэсгийг зассан хэдий ч өнгөрсөн жилийн засварын чанар хангалтгүй болсон шалгалтаар илэрчээ.

“Оюу толгой” ХХК шинээр баригдсан Оюутолгой-Гашуунсухайт чиглэлийн 85.7 км хатуу хучилттай авто зам, замын байгууламжийг паспортжуулж, засвар хийн тээврийн хэрэгсэл хэвийн зорчих нөхцлийг хангуулах шаардлагатай гэж хурлаас үзлээ.

Одоогийн байдлаар уул уурхайн бүтээгдэхүүнийг “Оюу толгой” ХХК-ийн талбай-Гашуунсухайт хилийн боомт чиглэлийн 85,7 км зам болон Цагаан хаднаас Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн хатуу хучилттай авто замаар тээвэрлэдэг. Төслийн хүрээнд 921 тээврийн хэрэгсэл ачаа, зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж байна. Компанид ажиллагсдын 94.85 хувь нь монгол, 5.15 хувь нь гадаад хүн байна.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-д зорчихдоо сэрэмжтэй байхыг анхааруулав

БНСУ-д тархаад байгаа коронавирусээр 165 хүн өвчилж 23 хүн нас бараад байна.Эл өвчнөөр дэлхийн нэр бүхий улсад 1329 хүн өвчилж 468 хүн нас барсан тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээллээ.

Энэ вирусын халдвар бүрэн судлагдаагүй, вакцин, өвөрмөц эмчилгээ байхгүй, эндэгдэл өндөртэй тул онцын шаардлагагүй бол өвчлөл гарсан орнуудад зорчихгүй байх, БНСУ-д эмчилгээнд явах гэж буй хүмүүс онцгой сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Коронавирус хил дамжин орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор бэлэн байдлаа хангаж ажиллах тухай Албан даалгаврыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, улсын ерөнхий байцаагч Ш.Раднаасэд өмнө нь хилийн боомт дахь Мэргэжлийн хяналтын алба, хэлтэст хүргүүлсэн.

Энэ дагуу хилээр нэвтэрч байгаа иргэдийн халууныг хэмжих, голомттой бүс нутгаас ирсэн бол эрүүл мэндийн асуумж, судалгаа бөглүүлэн тандалт хийж, мэдээ мэдээлэл, сэрэмжлүүлэг, зөвлөмжийг зорчигчдод өгч байна. Хилийн мэргэжлийн хяналтынхан сэжигтэй тохиолдол илэрсэн үед үзлэг хийх, анхан шатны тусламж үзүүлэх, тусгаарлах зэрэг бэлтгэлээ бүрэн хангаж, хамгаалалтын хувцас хэрэгсэл, ариутгал, халдваргүйтгэлийн бодисын нөөцөө бүрдүүлээд байгаа юм байна.

Categories
мэдээ спорт

“Хантайшир” галд улсын хоёр гарьд тэргүүтэй зуу гаруй бөх бэлтгэлээ базааж байна

Дэлхийд ганц монгол наадам дэнж хотойлгон эхлэх сайхан өдрүүд ойртох
тусам хүн бүрийн сэтгэлд халгисан цалгисан нэг л сайхан мэдрэмж төрнө. Тэр дундаа
эрийн гурван наадмын нэг бөхийн галаар энэ л үед очиход эр бяр амтагдах шиг, ид
хав бүрдэх шиг хийморь лүндаа аяндаа нэг сэргээд ирнэ. Бөхчүүд галаараа наадмын
бэлтгэлдээ гарсан сургаар Говь-Алтай аймгийн хүчтэнүүдийн “Хантайшир” бөхийн дэвжээг
зорилоо. Засагт ханы хөх харчууд хэмээн өөрсдийгөө нэрлэх дуртай Алтайнхан Чингэс
хааны аварга хөшөөт Цонжин болдогоос цааш долоон километр газарт орших Заан Тэрэлжийн
голын савд, “Мандал” амралтын газарт галдаа гарчээ. Энэ хавь бол Төв аймгийн Эрдэнэ
сумын нутаг. Заан Тэрэлжийн гол хөхрөн мяралзаад, хөндий талд хөх ногооны униар
татаж, дүнхийх уулсын арын модноо хөхөө хөвшөөд монгол хүний жаргалын улирал налайжээ.
Налайхаас цаашхи замд морь тарлаж байгаа ганц нэг хүүхдүүд ч таарч байна.

Биднийг “Мандал” амралтын газарт их үдийн алдад очиход бөхчүүд амарч
байгаад гарч ирсэн бололтой, үүргэвчээ мөрлөцгөөн голын зах руу унаа тэргэндээ сууцгаан
хөдөлж байх аж. Залуухан нэг нь харин бэлтгэл хийх дэвжээ бүхий зүлэг рүүгээ алхаж
таарав. “Хантайшир” дэвжээний ахлах дасгалжуулагч, улсын начин Доёдын
Бадрахтай уулзаж, бэлтгэлийн зүлэг ногоон дэвжээг зүглэцгээлээ. Бадрах начин бол
1990 онд Хэрлэнгийн Хөдөө аралд болсон “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойн
даншиг наадамд тав давж начин цол хүртсэн, жудо бөхийн олон улсын хэмжээний мастер
цолтой Говь-Алтай аймгийн Алтай сумын харьяат хүчтэн юм. Начин зүүн гартаа улаан
өнгийн япон хөгжим, нөгөө гартаа довцоглож сүлжсэн шар суран ташуур сагалдаргалан
барьсан харагдана. Улсын начин Д.Бадрах, Эрхэмбаяр нарын багш нараа хүрч очиход
шавь бөхчүүд нь цолныхоо эрэмбээр нэг эгнээ жагсан угтаж, дэвжээнийхээ сүлд тугийг
ишээр нь газарт хатгаж угтан авав. “Хан Тайшир”-ынхан энд сүүлийн найман жил наадмын
бэлтгэлд гарч байгаа бөгөөд Ганбаатар гарьд, Соронзонболд заан, Тогтохбаяр начин
гурав энд бэлтгэлжиж цол авч байсан гэдэг утгаар ихэд бэлгэшээх юм.

Монголын бөхийн холбооны тэргүүн Нямдоржийн хүү Ганбаатар Говь-Алтай
аймгийн Чандмань сумаараа овоглож, улсынхаа их баяр наадамд хорин зургаахан насандаа
үзүүрлэж гарьд цол хүртэн, өнгөрсөн жил шөвгийн дөрөвт үлдэж байсан аралтай, бяртай,
хамгийн гол нь барилдаан нь харууштай сайхан бөхийн нэг яах аргагүй мөн билээ. Гарьд
дэвжээнийхээ бэлтгэлд анх удаа ирж байгаа тул “Тугандаа нэг сайхан мөргөж тойроод
хийморио сэргээгээдэхье” гэж малгайгаа ёслол төгөлдөр духдуулан хангарьдын дэвэлтээр
хангайн мод шиг найганхан дэвж байна. Тэрээр арван гурван настай хүү Эрдэнээ дагуулан
ирж, нутгийнхаа бөхчүүдтэй ноцолдуулж байгаа гэнэ. Хүү нь аавынхаа арал чацыг өвлөсөн
сүрхий биерхүү хөвгүүн байна лээ. Энэ зуур дэвжээний багш Бадрах начин улаан хөгжмөө
хангинуулан алхаж, шавь нартаа бөхийн эрдмээсээ завсар зайгүй хуваалцаж алхана.

“Хантайшир”-ын бас нэг сайхан түшиг тулгуур нь яах аргагүй Эрхэмбаяр
начин юм аа. Тэрээр галынхаа бөхчүүдийг их бага гэхгүйгээр адилхан хандаж, өөрөө
зодог шуудгаа өмсөөд ноцолдож байна. Залуусыг гэнэдээд уначихаар дахин босгож ирээд
“Энэ мэхэнд ийм хариулт хий. Биеэ тэр үед сулла” гэх мэтээр алт шиг сургаалиа хайрлаж
байх юм.

Говь-Алтайн бөхчүүд одоогоос арваад хоногийн өмнөөс “Мандал”-даа
ирж, улсын гарьд Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Соронзонболд, харцага Ж.Амартүвшин,
улсын начин Дугардоржийн Батбаяр, Лхагвасүрэнгийн Гантулга, Лувсандоржийн Цэрэнтогтох,
Шоовдойхүүгийн Тогтохбаяр, С.Багахүү, Ж.Лхагвадорж тэргүүтэй ная гаруй бөхчүүд бэлтгэлдээ
гарчээ. Одоо тэдэн дээр нэмж хорь орчим бөх нийлж, зуу гаруй хүн болох гэнэ. Энэ
зуу гаруй бөхчүүдээс тэн хагас нь аймаг, сумдынхаа наадамд зодоглоно. Говь-Алтай
аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн, сумын заан Насанбат ч нутгаасаа
ирж бэлтгэл хийгсдийн нэг. Эдний гал руу очиж явах үед хэдэн машин зөрсөн нь Бат-Эрдэнэ
гарьд, Соронзонболд заан, Суманчулуун начин нар хот руу ажлаар явж байсан нь тэр
аж. Нэгэнтээ соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ү.Хүрэлбаатартай хөөрөлдөж суухад
“Ш.Батсуурь аваргын өлгий манай нутгаас улсын арслан цолтон төрөөгүй байгаа учраас
би Монгол Улсын арслангуудад хүндэтгэл үзүүлэх барилдааныг анх санаачилж байлаа”
гэж байсан бол Бөхийн холбооны дэд тэргүүн, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Данзан нутгаасаа
арслан төрөхийг бэлгэшээж

“Алтай нутгийн бөхчүүдийг

Азын тэнгэр дуудна аа.

Ардын цэнгэл наадамд

Арслангийн даваа хүлээнэ ээ.

Засагт ханы бөхчүүдийг

Алдрын оргил дуудна аа.

Зартай наадмын хойморт

Аваргын дэвээ хүлээнэ ээ.

Хантайшир уул

Алсын бараатай.

Хантайшир дэвжээ

Аваргын гараатай” гэсэн сайхан үгтэй “Аваргын гараатай Хантайшир”
дууг урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Бямбабаяртай хамтран зохиосон
нь энэ галынхны сүлд дуу болжээ. Бадрах начин шавь нарынхаа барилдааныг сонирхож
сонжин алхах зуураа япон улаан хөгжимдөө анд Эрхэмбаярынхаа дуулсан, бас нийтийн
болон ардын сайхан дуунуудыг эгшиглүүлэх аж. Тэрээр “Бөхчүүдийнхээ сэтгэл зүйг монгол
наадмын зүлэг ногоон дэвжээний байдал орчинтой ойртуулж сайхан эгшиг тавьж өгдөг
юм” гэж байв.

“Хантайшир”-аас энэ жил улсын цолонд ойрхон бөхчүүдэд Цээл сумын
уугуул, “Монгол тамхи Со”-гийн бөх Д.Тангад, Бигэр сумын унаган хүү, аймгийн арслан
Ж.Алтаншагай, Чандмань сумын харьяат Балганы Хишигбаатар, улсын начин Шоовдойхүүгийн
хүү, Тогтохбаяр начны дүү, аймгийн хурц арслан Ш.Шинэбаяр, Халиун сумын харьяат
аймгийн заан Д.Буянт нарын олон сайхан шижигнэсэн залуус нэрлэгдээд байгаа. Чухам
хэн нь улсын цол авчихаад, төрийнхөө есөн хөлт цагаан тугийг түмний түрлэг доор
тойрч явахыг өнөөдөр хэн ч таашгүй. Тэд бүгд л өнгөтэй сайхан харагдаж байна. Бөхчүүд
өглөө босоод арван километрийн кросст гүйж ирээд, хүчний дасгалаа хийж, харин үдээс
өмнө, хойно хоёр ч удаа барилдааны бэлтгэлдээ орж хөлсөө гартал ноцолдоцгоодог аж.
Бэлтгэлийн дараа наранд сайхан бүлээссэн усанд тааваараа орцгоож, зарим нь далбаагаа
угааж харагдана. Саваагүйрхэн “Бөхийн өмсгөлөө хамаагүй угааж болдог юм уу” гэхэд
“Урсгал усанд угаахад ямар ч хорио цээр байхгүй. Угаахгүй бол өдөрт хоёр удаа бэлтгэл
хийхээр хөлсөнд нэвтэрч дарайгаад байх юм” гэцгээж байв.

“Хантайшир” дэвжээг Монгол Улсын заан Р.Давааням, улсын начин Б.Пүрэв
нар анх 2001 онд тулгын чулууг нь тулсан аж. Үүнээс хойш УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Хантайшир” бөхийн дэвжээний тэргүүнээр 2008 оноос
хойш долоон жил ажиллаад, хэдхэн хоногийн өмнө шинэ тэргүүнд тамга тэмдгээ хүлээлгэж
өгчээ. Дэвжээний тэргүүнээр одоо “Алтай констракшин” компанийн захирал, Монгол Улсын
тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнэ сонгогдож, дэд тэргүүнээр “Макс” группын
ерөнхийлөгч, Монгол Улсын тод манлай уяач Д.Ганбаатар,
“Макс” группын ерөнхий захирал, Монгол Улсын тод манлай уяач, Аж үйлдвэрийн гавьяат
ажилтан Д.Цэрэнжигмэд, “Гацуурт” компанийн захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан
Л.Чинбат, “Туушин” компанийн захирал Н.Зоригт нар сонгогджээ. Оны шилдэг дэвжээгээр
хоёр ч удаа шалгарч байсан “Хантайшир”-чууд ирж буй наадамдаа одтой сайхан наадах
аварга, арслангийн энтэй бөхчүүдийнхээ ирийг хурцалж, ид хавыг сорьж байгаатай цухасхан
танилцахад иймэрхүү байна.

Categories
мэдээ нийгэм

Архивын ерөнхий газар алба хаагчдадаа хариуцлага тооцжээ

Авлигатай тэмцэх газраас явуулсан албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг арилгах чиглэлээр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлснээ Архивын ерөнхий газраас мэдэгдэв.

Архивын ерөнхий газраас албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хүлээн авсан тухай бүртгэлийг гарын үсэг зурж баталгаажуулах, мэдүүлэг болон түүнтэй холбоотой тайлан мэдээг хадгалах, Үндэсний төв архивын ТҮ-9 ангилал зэрэглэлийн төрийн үйлчилгээний 8 албан хаагчийн албан тушаалыг түр түдгэлзүүлж, урьдчилсан мэдүүлгийг хянуулах, худалдан авах ажиллагаа зохион байгуулах үед үнэлгээний хорооны гишүүдээр мэдэгдэл гаргуулах, мэдүүлгээ хожимдуулж гаргасан албан тушаалтанд зохих арга хэмжээ авах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулжээ.

Цаашид мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааг сайжруулж, авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахад анхаарч ажиллах болно гэдгээ Авлигатай тэмцэх газарт мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

“Унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар”-ын төлөө 500 байгууллагад санал хүргүүлнэ

“Унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар” төсөл өнгөрсөн сараас хэрэгжиж эхлээд байгаа бөгөөд нийт 500 аж ахуйн нэгж, байгууллагад санал хүргүүлэх юм байна.

Монголын Залуучуудын Холбоо, “Trek” дугуйн дэлгүүр нь олон улсын стандартад нийцсэн 10 төрлийн унадаг дугуйн зогсоолыг саналыг боловсруулжээ.

Энэ саналаа танилцуулга хэлбэрээр бэлдэн 500 орчим байгууллагад албан ёсоор илгээх бөгөөд одоогоор 300 гаруй байгууллагад хүргээд байгаа аж.

Монголын Залуучуудын Холбоо, “Залуу дугуйчин” клуб, “Найс байк клуб”, “Trek” дугуйн дэлгүүр хамтран “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд энэ төслийг хэрэгжүүлж буй бөгөөд хэрэгжсэнээр дугуйчдад хамгийн их хэрэгцээтэй нийслэлд үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургууль, төр хувийн хэвшлийн бүхий л байгууллагуудад дугуйн зогсоол нэмэгдээд зогсохгүй дугуй унах иргэдийн тоо нэмэгдэж, нийслэл хотын агаарын бохирдол болон замын түгжрэлийг бууруулах боломжтой гэж үзэж байгаа юм.