Categories
мэдээ эдийн-засаг

Бизнесийн салбарынхан чуулна

Монголын хөрөнгийн зах зээлийн тулгамдсан асуудал, түүний цаашдын хөгжлийг тодорхойлохын тулд Японы туршлагаас суралцах, дотоодын компаниудтай санал солилцох зорилгоор “IPO болон давхар бүртгэл” сэдэвт чуулга уулзалтыг энэ сарын 23-нд зохион байгуулах гэж байна. Санхүүгийн зохицуулах хороо, ЖАЙКА болон МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулж буй тус чуулганд Монголын ТОП-100 компани, үнэт цаасны компани, Засгийн газар болон холбогдох агентлаг, мэргэжлийн холбоод, олон улсын агентлагууд болон хөрөнгө оруулагчдын төлөөлөл оролцох юм.

Энэ үеэр хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, компанийн санхүүжилтийн асуудлууд, IPO болон давхар бүртгэлийн ач холбогдол, Япон улсын төрийн өмчит компаниудын хувьчлалын талаарх туршлага, Токиогийн хөрөнгийн бирж болон Монголын хөрөнгийн биржийн бүртгэл, олон улсын хөрөнгийн биржид бүртгүүлсэн үндэсний компаниуд зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлэх аж.

Монголд аж ахуйн нэгжүүд хөрөнгийн зах зээлээс санхүүжилт босгон үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой. Энэ нь санхүүгийн зах зээлийн тэнцвэрт байдлыг бий болгох сайн талтай аж. Дээрх арга хэмжээ нь санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдлыг оролцогч талууд хэлэлцэж зөв хөгжлийн замыг тодорхойлоход чухал ач холбогдол өгнө гэж зохион байгуулагчид үзэж байна.

Categories
мэдээ улс-төр

Засаг дарга нар “Хурдны зам”-ыг дэмжин ажиллахаа илэрхийллээ

“Алтанбулаг – Улаанбаатар – Замын-Үүд чиглэлийн 1000 км хурдны авто зам нь Монгол Улсын зургаан аймгийн 25 сум, нийслэлийн хоёр дүүргийн нутгийг дайран өнгөрч байгаа билээ. Хурдны замын дагуу ирээдүйд шинэ суурьшлийн бүс, дагуу хот, суурин хөгжих бөгөөд улмаар олон мянган ажлын байр бий болох юм. Иймээс Чингис Лэнд Девелопмент Группээс санаачлан “Талын зам ба хөгжил” сэдвийн хүрээнд аймаг, сум, дүүргийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар болон бусад албаны хүмүүсийг хамруулсан өргөн хэмжээний форум зохион байгууллаа. Энэхүү форумаар Алтанбулаг – Улаанбаатар – Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам” төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, зам дагуу бий болох шинэ шинэ хот, суурин хаана байрлах, ямар онцлогтой байх, хэр хэмжээний ажлын байр бий болох, цаашид хэрхэн хөгжих, энэ төсөл дээр орон нутгийн зүгээс хэрхэн оролцох зэрэг олон асуудлыг хэлэлцэн зөвлөлдсөн юм. Форумын үр дүнд төсөл хэрэгжүүлэгч тал болон холбогдох аймаг сумдын зочид төлөөлөгч нар санал бодлоо чөлөөтэй солилцож, хэрхэн хамтран ажиллах талаар асуудал дэвшүүлэн ярилцав. Ингээд төсөл хэрэгжүүлэгч тал болох “Чингис Лэнд Девелопмент Групп” ХХК нь холбогдох аймаг сумдын засаг дарга нартай хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурцгаалаа. Энэхүү томоохон бүтээн байгуулалт болсон хурдны авто замын төсөлд хамтран ажиллана гэдгээ холбогдох аймаг сумдын төлөөлөгч нар илэрхийлсэн юм. Аймаг сумдын засаг дарга нар уг зам нь Монгол Улсын хөгжилд төдийгүй, сум орон нутагт хөгжил авч ирэх зам болох учиртайг онцлон тэмдэглэж, төслийг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ. Мэдээлэл өгөхөд Чингис Лэнд Девелопмент Групп нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлага “Талын зам” төслийн хэрэгжиж эхлээд буй “Алтанбулаг – Улаанбаатар – Замын-Үүд чиглэлийн 1000 км хурдны авто зам” төслийг концессийн гэрээгээр хэрэгжүүлнэ. Монгол Улсын Засгийн газрын 399 дүгээр тогтоолын дагуу 2014 оны гуравдугаар сарын 9-ны өдөр Эдийн засгийн хөгжлийн яамтай концессийн гэрээ байгуулсан билээ. Энэхүү төсөл нь ОХУ болон БНХАУ төдийгүй Ази – Европийг холбосон, нийгэм-эдийн засгийн ихээхэн үр нөлөөтэй бөгөөд уг хурдны замыг гурван жилийн хугацаанд барьж байгуулах зорилт тавин ажиллаж буй юм.

Categories
мэдээ нийгэм

ТАНЫ ГАЛ ТОГООНД: Түргэн бэлтгэх өглөөний хоол

Sweet
Kitchen-ний бүтээл бүсгүйчүүдийн амтат зоогны жорыг энэ удаа танилцуулж байна. Баттунгалаг
Цэвээнжавын зөвлөсөн “Түргэн бэлтгэх өглөөний хоол”-ны жорыг туршаад үзээрэй.

Бид тэр бүр өглөө хоол
идээд байдаггүй, хоол байтугай аяга цай ууж сураагүй,хүссэн ч амждаггүй хүмүүс олон
байдаг. Өглөө өндөг шарах, омлет хийхээс ялимгүй жаахан илүү хугацаа зарцуулах энэ
амархаан хоолыг хийгээрэй.

Орц: Тахианы
цээж мах 250гр, утсан гахайн мах (бекон) 3-4ш, лаазалсан эрдэнэ шиш 70гр, хөлдөөсөн
брокколи 100гр. (Өөрс­дийн дураар нэмж хасаж болноо)

Утсан гахайн махаа том том, тахианы махаа буузны
махнаас арай томхон хэрчиж бэлдэнэ.

Хайруулын тавгаа халаагаад утсан гахайн махаа хийж
дөнгөж тос нь ялгараад ирэнгүүт эрдэнэ шишээ нэмж хуураад тахианы махаа нэмж хутгаад
галаа дундаж болгоод таглаад жигнэнэ.5-7’ орчим.

(Утсан мах хан­галт­тай
давс тостой тул миний хувьд нэмж давс тос,элдэв амтлагч хийхгүйгээр хүсвэл хар перец
бага зэрэг хийгээд болдог.Та бү­хэн өөрсдийн амтаар давс, перец, сонгино нэмж болох
юм) дээр нь брокколигоо нэмээд үргэлжлүүлэн 5’ орчим жигнээд бэлэн болно.

Магадгүй мэдэхгүй
хүмүүс байвал хэрэг болно гээд хөлдөөсөн брокколиний зураг хав­саргалаа. Бүх томоохон
супермаркетуудад за­рагддаг. Шинэ брокколи тэр бүр таарахгүй сонголт муу үе их гардаг
болхоор энэ нь илүү цэвэр, цаг зав ч хэмнэдэг.

За ингээд бэлэн бол­сон хоолоо хүсвэл зүсэм талхтай
идээд өдрийг эрч хүч дүүрэн, үр бүтээлтэй өнгөрүүлээрэй.Зөвхөн өглөөний хоол гэлтгүй
хурдан, хөнгөн хэзээ ч хийгээд идсэн болхоор амархан хоолны тань нэг байх болноо.

Өг­лөөний цай заавал
ууж заншаарай гэж хүсье!

Бэлтгэсэн Б.ЯНЖАА

Categories
мэдээ нийгэм

Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр дуусна

Элсэлтийн ерөнхий шалгалтад орж буй шалгуулагчид өнөөдөр сүүлийн шалгалтаа өгч байна.

Эхний шалгалтууд өнгөрсөн пүрэв гарагт эхэлсэн бөгөөд ЕБС төгсөгчид түүх, хими, англи хэлний шалгалтыг өгсөн юм. Гэвч энэ өдөр ЭЕШ-д орж буй шалгуулагчид зайлшгүй авч очих таван төрлийн материалынхаа заримыг мартсан тохиолдол хэд хэдэн удаа гарсан байна.

Тиймээс бүрдүүлж авч очих материалуудаа мартахгүй байхыг Боловсролын үнэлгээний төвөөс сануулсан.

Өнөөдрийн хувьд 08:00 – 09:40 цагт Физик, 11:30 – 12:50 цагт Нийгмийн тухай мэдлэг, 14:20 – 15:40 цагт Орос хэлний шалгалт өгснөөр ЭЕШ дуусна.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн дуудлагыг цахимаар өгч болно

Иргэд цагдаагийн байгууллагад өгсөн дуудлага, мэдээллээ цахим хэлбэрээр хянах боломжтой болсон талаар Улаанбаатар хотын цагдаагийн газраас мэдээлж байна. Тус цагдаагийн газраас цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод, шуурхай хүргэх, гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага, мэдээллийг цахим хэлбэрээр хүлээн авах, шалгах боломжийг бий болгох зорилгоор цахим өргөдөл, гомдлын нэгдсэн программыг зургадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нэвтрүүлээд байгаа юм.

Гэмт хэрэг, захиргааны зөрчлийн дуудлага, мэдээллээр очсон цагдаагийн алба хаагч иргэнд өөрийн албан тушаал, цол, овог нэр, гарын үсэг, бүртгэлийн дугаар бүхий хяналтын хуудсыг хүлээлгэн өгөх ажээ.

Мөн дуудлага өгсөн иргэний гар утсанд бүртгэлийн дугаар, хүлээн авсан хэлтэс, холбогдох дугаарыг мессежээр илгээх аж.

Иргэдийн гаргасан гомдол, мэдээллийг й аль байгууллагын ямар албан тушаалтан хүлээн авсан, хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг www.service.police.gov.mn цахим хуудаснаас мэдэх боломжтой юм байна.

Categories
мэдээ улс-төр

Түйрэн дунд түмэн олон чинь амьдарч байна, зүгээр үү

Нийслэл хот зундаа улаан шороон дунд байдаг болсоор багагүй
хугацааг үдэж байна. Өнөө жил гэхэд л хойд чиглэлийн зуслангийн замыг шинэчилж
байна гээд нургисан улаан шороо л Улаанбаатарын урд захаас оволзож харагдах юм.
Мөн урт настай удаан жаргалтай Сонсголонгийн замын ажлаас болж хоёр гурван жил
нарийн ширхэгтэй улаан шороо л тэнгэр газрыг холбох мэт баганадан харагдана. Түүнчлэн
Өлзийтийн замын шороо гэж най алга. Замаа сайжруулж байгааг буруу гэж байгаа юм
биш, зөв. Гэхдээ зам засах бүрийд тэр хавийн айлууд ямар байдалтай зуныг үдэж
байгааг эрх биш хараа байлгүй. Цагаан бүрээстэй монгол гэр, нэг хоёр давхар
улаан тоосгон байшингууд лав гэр, байшин гэдэг утгаа алдаж, манарсан саарал юм
л харагдах юм. Улаанбаатарын замын ажлуудаас болж тухайн газрын айлуудын
амьдрах нөхцөл үнэндээ л хэцүү болж байна. Тэд Улаанбаатарт газар олдохгүй тул
эндээ байхаас өөр арга алга хэмээн гүрийхээс өөрийг хийсэнгүй. Замын ажил авсан
компани ядаж шороон замаа өдөрт ганц хоёр удаа услаж баймаар юм. Тэдгээр
компаниуд мөнгөө л бодож байгаагаас биш хүнээ хүний тооноос хасч байна гэхэд
хилсдэхгүй.

Сонсголонгийн замаар явахын эцэсгүй. Тэнд түйрэн болдог гэхэд
дэгсдүүлсэн болохгүй болов уу. Өдрийн цагаар гэрлээ асаан яваа машинууд ар
араасаа орчих гээд түвэгтэй гэж жигтэйхэн. Машинтай сажлаад ч атугай явлаа гэж
бодоход тэнд явган алхах эцэсгүй. Гурван км үргэлжлэх шороон дунд нүдгүй мэт
явсаар байгаа таарна.

Хэрэггүй юман дээр хэл амаа билүүдэх дуртай манайхан хэрэгтэй зүйл
дээр “Пүү паа, балиар шороо” гэж “гаслах”-аас өөрөөр өөрсдийнхөө эрхийн төлөө
явж чадахгүй байна л даа. Ядаж л “Та нар зам барьж мөнгө олж байгаа юм бол,
ядаж ус цац” гэдэг шаардлагаа тавих эрхтэй. Замын компаниуд ус цацаж замын хөдөлгөөний
аюулгүй байдлыг хангаж байна уу, иргэдийн эрүүл орчинд амьдрах эрх хангагдаж
байгаа юу гэдгийг төр хянах ёстой л доо. Тиймээс хотын захиргааныхан ажлаа
хийж, нийслэлийн иргэдийнхээ амар амгалан амьдрах нөхцөл боломжийг хангаж өгөхөд
анхаараачээ. Ер нь бол төрийн байгууллага түмэн олондоо үйлчлэхийн тулд байдаг.
“Манарсан улаан шороогоо ус цацаж дар” гээд хэлчих албан тушаалтан байхгүй бол
иргэд өөрсдөө үүнийгээ хянаж болох юм. Зам засварын ажил явагдаж байгаа
газруудын ойр орчмын 1000 хүн байлаа гэхэд гурван жил замын компаниуд үүргээ
хэр гүйцэтгэж байна гэдгийг хяначих бүрэн бололцоотой.

“Найрсаг Улаанбаатар” гэж чихэнд сонсголонтой сайхан үг. Найрсаг
Улаанбаатартай болъё гэж хотын захирагч байнга хэлж байгаа. Үнэхээр тийм орчин
цагийн нийслэлийг бүтээн бий болгоё гэж байгаа бол шорооноосоо салъя. Гүйцэтгэгч
компаниудаа хариуцлагатай ажлыг нь хийлгэе. Түйрэн дунд түмэн олон чинь амьдарч
байна, зүгээр үү.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Эр зориг гарган дүрэлзсэн галаас дүүгээ аварсан А.Цэрэнтогтохын тухай

Дүрэлзэн асч буй галаас дүүгээ аварсан А.Цэрэнтогтох хүүгийн биеийн
байдал тааруу байна. Түүний биеийн 80 гаруй хувь түлэгджээ. ГССҮТ-ийн эмч нар “Биеийнх
нь 80 гаруй хувь нь түлэгдсэн хүний амь насыг аварна гэдэг хэцүү. Эмнэлгийн зүгээс
шаардлагатай бүх эмчилгээг хийж байна. Одоо А.Цэрэнтогтохын биеийн байдлаас бүх
зүйл хамаарна” гэж ар гэрийнхэнд нь хэлжээ. А.Цэрэнтогтох хүүгийн биеийг битүү марлаар
ороосон гэнэ. Түлэгдсэн шархнаасаа болоод халуурч, өвдөлтөө тэсвэрлэх гэж шүд зуун
эмнэлгийн орон дээр өвчинтэй, үхэлтэй тэмцэлдэн хэвтэж байна. Харин найман сартай
А.Амарболд хүүгийн биеийн байдал сайжирч байгаа гэнэ. Нүүр, гар нь галд хайрагдаж,
түлэгдсэн ч эмчилгээний үр дүнд хавдар нь буурч эхэлсэн байна.

Дунд сургуулийн сурагч,
16 настай А.Цэрэнтогтох хүү дүрэлзэн асч, халуунаар цоргих галаас дүүгээ хэрхэн
аварсан талаар хүргэж байна. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт буюу зургаадугаар
сарын 10-ны өглөө аав, ээж хоёр нь ажилдаа явжээ. А.Цэрэнтогтох дүү найман сартай
А.Амарболдыгоо хараад гэртээ үлджээ. Сургууль нь амарсан болохоор дүүгээ харж, ээж
нь ажилд орсон байна. Арван таван жил айлын ганц хүү байсан болохоор А.Цэрэнтогтох
дүүдээ их хайртай гэнэ. Өдөржин дүүгээ харж, хоол унд хийж өгч, гадаа салхинд гаргажээ.
Дүүгийнх нь унтах цаг болж, тэд хамт гэрийнхээ баруун талын орон дээр унтсан байна.
Үргэлж ээжийнхээ гар дээр бүүвэйлүүлж унтдаг дүү нь унтах гэж нойрмоглон уйлжээ.
А.Цэрэнтогтох дүүгээ бүүвэйлсээр унтуулсан байна. Мөн хажуугаар нь хэвтэж байгаад
дуг хийчихжээ. Гэтэл гэнэт тэнгэр дуугарч байгаа юм шиг дуу гарч, гэрийнх нь зүүн
талаас улаан гал дүрэлзэн ассан байна. Дээгүүрээ хувцасгүй, биеийн тамирын өмдтэй
хэвтэж байсан хүү ямар нэгэн зүйл дэлбэрэх дуу, улаан галыг хараад өөрийн мэдэлгүй
гэрээсээ гараад гүйжээ. Нэг мэдсэн хажуу айлынхаа эгчид “Манайд гал гараад байна.
Одоо яах вэ” гэж хэлж байсан гэнэ. Хамар хашааных нь эмэгтэй гэр лүү нь хартал,
тооноор нь улаан гал дүрэлзэж харагдсан байна.
Тэгээд “Дүү чинь хаана байгаа юм бэ” гэж асуусан гэнэ. Энэ үед гэрийнхээ баруун
орон дээр дээрээс нь нимгэн хөнжил нөмөргөж унтуулснаа санаж А.Цэрэнтогтох гэр лүүгээ
гүйжээ. Гал гарах үед ойролцоо явж байсан
хүмүүс ч энэ үед ирж таарсан байна.

А.Цэрэнтогтох гэрийнхээ хаалгыг онгойлготол өөдөөс нь улаан гал тургиж, гэрийнх нь зүүн урд талын тооно дотогшоо цөмөрчээ.
А.Цэрэнтогтох “Дүүгийн чангаар уйлах дуу
сонсогдсон. Дууг нь сонсоод л шууд орсон”
гэж ээж, аавдаа ярьсан байна лээ. Дээгүүрээ цээж нүцгэн, хөл нүцгэн чигтээ
улаан гал руу оржээ. Дүү нь баруун орон дээрээ уйлчихсан сууж байсан гэнэ. Дүүгээ
аваад хаалга руу эргэтэл дээрээс нь гэр нь пирхийтэл буугаад ирсэн байна. Арайхийн
шатаж буй унь, тоонын модыг гараараа зайлчилсаар галаас холдсон байна. Энгэртээ
тэвэрсэн дүүгийнх нь нүүр, гар нь түлэгдсэн ч гэсэн эсэн мэнд байгааг харсан байна.
Тэр үед дүүгийнхээ амийг аварсандаа баярласан ч хэвтсэн газраасаа дахиж өндийж чадаагүй
аж. Үүнээс хойших үйл явдлыг А.Цэрэнтогтох хүү санахгүй байгаа юм билээ.

А.Цэрэнтогтохыг эмнэлэгт очиход өмсөж байсан биеийн тамирын өмд нь
гуя, цавь, шуу гээд хөлд нь тэр чигтээ наалдчихсан байсан гэнэ. Түүний өмд хуванцар
сав шатаад умайчихсан юм шиг л болсон байжээ. Эмч нар биед нь наалдсан өмдийг арай
гэж салгаж авсан байна лээ. Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн X ангийн сурагч
А.Цэрэнтогтох ингэж л эр зориг гарган, хүн орох нь битгий хэл 20 гаруй метр зайтай
хол зогсох хүмүүсийн нүүр халуу оргиод ойртож чадахгүй байсан гал дундаас дүүгээ
авч гарч иржээ. 16 настай хүүхэд байтугай, нас биед хүрсэн хүмүүс ч гал дүрэлзэж гэр, байшин руу орж, гэр бүлийнхээ хүн, хүүхдүүдээ аварч чадалгүй
амь насыг нь алдсан эмгэнэлт гашуун түүх олон бий.

ГАЛ ЮУНААС БОЛЖ ГАРАВ

Галд түлэгдсэн хоёр хүүгийн аав Б.Амарбат, ээж М.Болортуяа нар өнгөрсөн
жил Налайх дүүрэгт хашаа худалдан авч, суурьших болжээ. Өнгөрсөн жил М.Болортуяа
амаржих дөхсөн учир пиццаныхаа компаниас жирэмсний амралт авч, хоёр жилийн чөлөө
авсан байна. Харин Б.Амарбат ШӨХТГ-т жолоочоор ажилладаг байна. Тэд амьдарч буй
хороо­ноосоо төслийн шугамаар зах зээлийн үнээс хямд үнээр “Дашваанжил” компанийн
ахуйн хийгээр ажилладаг плитка худалдан авсан
аж. Гал гардаг өдөр Налайх дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгд­сэн учир хоол, цай
хийхээр “Дашваанжил” компа­ниас газ худалдаж авсан байна. Гэхдээ аав, ээж хоёр нь
ажилдаа явахдаа плиткатай хийн зуухаа цахилгаанд холбоогүй аж. Гал юунаас болж гарсныг
шинжээчид хараахан тогтоогоогүй байгаа юм байна. Гэхдээ урьдчилсан байдлаар цахилгааны
ямар нэг гэмтлээс болж гал гараад баллонтой хийнд авалцаж, дэлбэрсэн байж магадгүй
гэсэн таамаг байгаа гэнэ.

“ЭМ ТАРИА, ТОСОН ТҮРХЛЭГ ЗЭРЭГТ МӨНГӨ ТӨГРӨГ ИХ
ХЭРЭГ БОЛОХ ЮМ”

А.Цэрэнтогтох, А.Амарболд нарын биеийн байдал ямар байгаа талаар
ээж М.Болортуяагаас асуулаа.

-Хүүхдүүдийн тань биеийн байдал ямар байна вэ. А.Цэрэнтогтох мэс
засалд орсон гэсэн үү?

-Бага хүүгийн маань биеийн байдал гайгүй байна. Нүүр, зүүн гар нь
түлэгдсэн. Хавдар нь буураад арай дээр болж
байна. Том хүү уржигдар арьс нөхөх хагалгаанд орсон. Мэс засал амжилттай болсон. Эхлээд гүн түлэгдсэн
баруун гар, зүүн хөлөнд нь хагалгаа хийсэн. Эмч нар 80 хувийн түлэгдэлтийг
50 хувийн түлэгдэлттэй болгочих юм бол амь нас нь аюулгүй гэж хэлсэн. Биеийн байдал
нь сайжраасай гэж залбираад л сууж байна.

-Эмчилгээнд шаард­лагатай эм тариаг гаднаас худалдаж авч байгаа
гэсэн үү?

-Эмнэлгийн зүгээс манай хоёр
хүүхдэд байгаа бүх эм тариа, боолт зэргийг
хийж байгаа. Гэвч эмнэлэгт байхгүй эм тариа, тосон түрхлэг гээд маш олон зүйл худалдаж
авч байна. Гэр орон маань юу ч үгүй шатчихсан. Бид нар өмссөн хувцастайгаа үлдсэн.
Дансандаа мөнгө төгрөг хурааж чадаагүй болохоор эмчилгээний зардалд шаардлагатай
мөнгө төгрөг их хэрэг болох юм. Ах, дүү хамаатан, садан чадах чинээгээрээ тусалж
байгаа ч хүрэхгүй юм. Өвчиндөө шаналан хэвтэж байгаа хүүхдэд минь сайхан сэтгэлт
хүмүүс та бүхэн тусламжийн гараа сунгаасай гэж хүсч байна гэв.

А.Цэрэнтогтох сур­гуулийнхаа
шилдэг сурагч гэнэ. Өмнө нь сурч байсан 105 дугаар сургуульдаа мөн л шилдэг сурагч
болж байсан сурлага, спорт гээд бүхий л талаар бусдыгаа хошуучилдаг сурагч аж. Амьдралыг гэгээн цагаанаар харж, өөрийнхөө ирээдүйн
амьдралыг сайн сайхнаар бодож, мөрөөдөж явсан эр зоригтой хүүгийн биеийн байдал
тааруу байна.

Хоёр хүүд туслах хандивын аяныг нагац эгч нь өрнүүлж, данс нээжээ.
Туслахыг хүссэн хүмүүс дараахь утсаар холбогдох боломжтой.

Утасны дугаар: 95955055 Дансны дугаар:

Хаан банк 5018042275 Данс эзэмшигч: Мягмар Дэлгэрмаа

Э.БААТАР

Categories
мэдээ соёл-урлаг

МУГЖ Э.Амартүвшин эцсийн шатанд өрсөлдөхөөр боллоо

МУГЖ, дуурийн дуучин Э.Амартүвшин энэ өдрүүдэд Уэлст зохион байгуулагдаж буй “BBC Cardiff Singer of the World 2015” олон улсын дуулаачдын тэмцээнд оролцож байгаа билээ. Тэрбээр өчигдөр тэмцээний гуравдугаар шатны ялагчаар тодорсон байна. Ингэснээр Монголын баритон хоолойтой дуулаач залуу энэ сарын 21-нд буюу ням гарагт эцсийн шатанд өрсөлдөхөөр болжээ. “BBC Cardiff Singer of the World 2015” тэмцээний финалын шатанд Монголын дуучин анх удаа шалгарч байгаа нь энэ юм.

Categories
мэдээ улс-төр

НАМЗХ-г Г.Тэмүүлэн удирдана

НАМЗХ-ны V чуулган өчигдөр болж, Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэнг НАМЗХ-ны ерөнхийлөгчөөр сонгожээ. Ийм сонголт хийхэд МАН-ын Удирдах зөвлөлөөс өгсөн чиглэл тодорхой үүрэг гүйцэтгэсэн тухай сонсогдож байна.

МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралдаад НАМЗХ-ны гишүүний нас 18-35 байна гэсэн хязгаарыг хэвээр үлдээх. 18-35 нас хэтэрсэн залуусыг НАМЗХ-ны V чуулганд хасах эрхтэйгээр оролцуулах.

2016 оны сонгуулийн бэлтгэл хангаж, залуучуудын талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох Бодлогын зөвлөл байгуулж ажиллах.

НАМЗХ-ны дотоод эв нэгдлийг хангаж ажиллах зэрэг хэд, хэдэн чиглэл өгсөн юм байна.

Энэ дагуу НАМЗХ-ны V чуулганаас УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Залуучуудын талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох Бодлогын зөвлөлийг удирдах эрхтэй болж, НАМЗХ-нд эргэн иржээ.

НАМЗХ-ны ерөнхийлөгчийг шинээр сонгох болсонтой холбоотойгоор МАН-ын залуучууд хоёр талцан, ширүүхэн “дайтсан” юм.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн нар нэг баг болж, НАМЗХ-ны гишүүний насыг 40-д хүргэхийн төлөө нэлээд чармайлт гаргаж, НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийг 2014 онд бүрэн эрх нь дууссан байсан гэх зэргээр буруутгаж байсан юм.

Харин МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, тодорхой чиглэл өгөх хүрээнд НАМЗХ-ны гишүүний насыг 18-35 байх гэсэн хязгаар тавьж өгснөөр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын НАМЗХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдох хүсэлтэд цэг хатгасан ч Бодлогын зөвлөл гэгчийг удирдах болсноор МАН мөнгөтэй, хөрөнгөтэй хүний өмнө сөгддөг гэдгээ нэг талаар бас нотоллоо.

Нөгөө талдаа НАМЗХ-г өнөөдрийн энэ хямралд хүргэж, залуусыг хоёр талцуулсан их дайнд аваачсан гэгдэж байгаа Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн яажшуухан тус холбоог удирдаж авч явах вэ гэдэг бас анхаарал татах сэдэв болж, үлдлээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэл хотын татвартай боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Татвартай холбоотой асуудлаар УИХ-д мэдээлэл хийх үеэрээ “Татвар нэмэхгүй” хэмээн мэдэгдэж байсан ч шинэ төрлийн татварын хуулийг УИХ өнгөрсөн баасан гаригт баталлаа. Нийслэл хотын албан татвар нэртэй энэхүү хууль хэрэгжиж эхэлснээр архи, тамхины борлуулалтын үнийн дүнгээс, зочид буудал, баар, ресторан, амралтын газрын үйлчилгээнээс 0-1 хүртэл хувийн татвар авах болж байна. Өөрөөр хэлбэл, иргэд худалдан авсан архи, тамхи бүртээ, ресторанаар үйлчлүүлэх бүрийдээ татвар төлнө гэсэн үг. Татварын хувь хэмжээг Нийслэлийн ИТХ-ын хуралдаанаас тогтооно. Хууль нь батлагдсан болохоор удахгүй Нийслэлийн ИТХ хуралдаж, Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг тогтоох биз. Зарим нэг яриа ч сонсогдож эхэлсэн, Хотын “А” зэрэглэлд байрлах ресторанд 1 хүртэл хувийн татвар ногдуулж, хотоос зайдуу хэсгийг харж үзэх болов уу гэж… Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдлаа бодолцоод татвар ногдуулахгүй байх эрх ч мөн Нийслэлийн ИТХ-д бий. Яаж шийдэхийг Д.Баттулгын баг л мэднэ.

Хэрвээ энэ төрлийн татварыг тогтоохоор нийслэл шийдвэл, жуулчдыг олноор нь татахгүй бол иргэдийнхээ халаасыг тэмтрээд ч олигтой орлого бүрдэх нь юу л бол… Овоо юм бүрдвэл ч хэрэгтэй. Тэр тусмаа хуульд заасанчлан төвлөрсөн хөрөнгийг төсвийн цоорхой нөхөхөд бус иргэдийн ая тухтай орчин бүрдүүлэхэд зарцуулбал хэрэг нь гарна. Түүнээс хэдэн төгрөг төвлөрснөө хэрэгцээгүй зүйлд зарцуулбал хэл амтай татвар ногдуулж, иргэдийнхээ сэтгэлд сэв суулгаж байснаас аваагүй нь дээр.

Дээр нь нийслэл хотын татвараар нийслэлийн төсөвт тэчнээн тэрбум төгрөг төвлөрүүлнэ гээд зорилт тавиад дунд нь нугалаа гаргавал хөдөөгийн төрийн албан хаагчдын амралтын мөнгийг түлээний гоожингоор барьцаалж байгаа шиг зүйл рүү орохгүй гэх газаргүй. Сумын төвийн сургуулийн багш, ажилчид амралтын мөнгөө бодуулах гэтэл Ойн ангийнхан нь “Түлээний гоожин худалдаж авбал амралтынхаа мөнгийг авах эрх үүснэ” гэсэн байгаа юм. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд түлээний гоожин худалдаж авахгүй бол цалин олгохгүй гэдэг заалт байхгүй. Гэтэл нэг төрийн алба нь нөгөө төрийн албаныхнаа иймэрхүү байдлаар барьцаалж, сургуулийнх нь захирал гэрээ хэлцэл хийх нь холгүй суух.

Цаг хугацаагаа бодсон ч өдийд түлээ бэлтгэх нь ховор. Жил бүрийн намар буюу мод бүрэн шарлаж дууссаны дараа монгол хүн гар хүрдэг. Үүнийг ойн ангийнхан нь мэддэггүй юм уу, эсвэл дээрээс нь заавал энэ зургаан сардаа багтаа гэсэн үү. Ямарч л байсан сумын сургуулийнхны амралтын мөнгө гоожингийн барьцаанд орсон байна. Араас нь эмнэлэг, цэцэрлэгийнхэн нь “барьцаалагдах” биз. Амьдрал ийм л байна, хаа очиж, Улаанбаатар хотод ийм юм сонсогдохгүй нь сайн хэрэг юм даа. Гэхдээ ой тэмдэглэхтэй холбоотойгоор нэг өдрийн цалин авах нь гэх мэтчлэн гомдол Засгийн газрын 11-11 төвд ирсэн л харагдсан.

Удахгүй нийслэл хотын албан татварын тухай хууль хэрэгжээд эхлэхээр олон зүйл чихнээс хонх уях вий дээ.