Categories
мэдээ улс-төр

О.Баасанхүү гишүүн Сайд М.Энхсайханыг шалгуулна гэв

УИХ-ын
Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөговь
аймгийн Ханбогд, Цогтцэций суманд ажилласан байна. Энэ талаараа өнөөдөр сэтгүүлчдэд
мэдээлэл хийлээ.

Тэрээр
Цогтцэций суманд ажиллахдаа “Эрдэнэс тавантолгой” компанийн үйл ажиллагаатай танилцжээ.
Тус компанийн хувьд “Чалько”-д төлөх өр хүндрэл үүсгэж байгаа аж. Нүүрсний үнэ унасан
нь өрөө дарахад бэрхшээл үүсгэсэн төдийгүй одоо “Чалько”-гийн зүгээс нүүрс борлогдохгүй
байгаа тул зээлийн хүүгээ төл гэх шаардлага тавьж эхэлжээ. Мөн Тавантолгойн гэрээг
анхлан байгуулсан үеэс М.Энхсайхан сайдын Тавантолгойн гэрээний төслийг боловсруулж,
ажилласан үе хүртэлх бүхий л шатанд гарсан баримтуудыг судлах ажлын хэсэг байгуулахаар
болжээ.

Харин
Ханбогд суманд ажиллах үеэрээ Оюутолгой компанийн орон нутагт хийсэн бүтээн байгуулалтын
ажлуудтай танилцсан байна. Гэвч тус компани Өмнөговь аймгийн Ханбогд суманд авто
зам барьсан хэдий ч ердөө нэг урсгалтай, нэг авто машин явах зам барьсан нь аюулгүй
байдал хангахгүй байгаа аж. Мөн тус компани Ханбогд сумын дунд сургуульд 40 ширхэг
компьютер өгсөн ч актлагдсан хуучин байжээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Бурхан байх албагүй

Шинэ Зеландын Өмнөд Аукландад саяхан таван настай бяцхан хүү сургууль
руугаа явах замдаа машинд мөргүүлж хүнд гэмтжээ. 22 настай Харман Синх гэх оюутан залууг очиход хүүгийн толгойноос цус
гарч байсан тул Синх шашны хатуу хуулиа зөрчин тюрбан алчуураараа хүүгийн толгойг
боож өгчээ. Удалгүй түргэн тусламж ирж, хүүг ойролцоох эмнэлэгт хүргэсэн байж. Синх
“Зам дээр бяцхан хүү хэвтэж байсан. Хүүгийн
толгойноос цус алдаж байсан учраас тюрбан алчуураа тайлж, боосон. Тухайн үед надад
бусад зүйлийн талаар бодох сөхөө байгаагүй. Зөвхөн хүүд л туслахыг хүссэн” гэжээ.
Сикхизмийн шүтлэгтэй эрчүүд олон нийтийн газар тюрбан алчуураа авахыг хатуу хориглодог
аж. Харман Синх шашны сургаалиа зөрчсөн ч сайхан сэтгэл гарган хүүгийн амийг аврахад
тусалсан хэмээн олон нийтийн зүгээс талархал хүлээжээ.

Синхийн энэ жишээ болохгүй юм гэж энэ орчлонд үгүй гэдгийн нэг баталгаа мэт. Амьдарч байхдаа бид олон зүйлд утга шингээж өөрийн сонирхдог,
хүсдэг хүсдэггүй зүйл хэмээн зааг тавьдаг. Бүр хэн нэгнийгээ сайхан муухай хэмээн
тодорхойлдог. Гэвч сайн гэж санасан, муу гэж бодсон зүйл хоёрын хооронд асар их
зөрүү байдгийг ухаарах үе бас тохиолддог. Харин хагацал, үхлийн өмнө бид хүн гэдэг ганцхан
зүйл үнэтэй болохыг мэдэрдэг. Түүний нэгэн адил хүсвэл, хэн нэгэнд туслах сайхан сэтгэл байх юм бол болохгүй,
зүйл гэж үгүй билээ. Тэр тусмаа бусдад туслахын тулд, хэн нэгэнд хэрэгтэй
тусламжийг өгөхийн тулд заавал бурхан байх
албагүй юм.

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-оос Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын ярилцлагыг уншаарай

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар нүүрээр хэвлэгдлээ. Сонины тэргүүн нүүрт УИХ дахь АН, МАН-ын бүлгийн дарга нарын эсрэг тэсрэг байр суурийг толилууллаа. АН-ын бүлэг өчигдөр хуралдахдаа МАН-тай байгуулсан гэрээгээ дүгнэж, тэднийг засгаас гаргах тухай хэлэлцэх байсан ч намын дарга З.Энхболд орон нутагт томилолтоор ажиллаж байгаа болохоор хойшлуулжээ. Энэ асуудалд бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “МАН-тай байгуулсан гэрээг цуцлах эсэхийг ҮЗХ шийднэ” гэсэн бол МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “АН-ынхныг гар гэхээр Засгаас гарчихдаг тийм юм гэж хаа байхав” гэжээ.

Сонины тэргүүн нүүрээс мөн МУГЖ, Улсын начин Содномын Эрхэмбаяртай хийсэн сонирхолтой ярилцлагыг эхлүүлэн ушаарай.

Улс төрийн нүүрт УИХ-ын гишүүн Л.Болдын ярлцлага нийтлэгдлээ. Тэрбээр эдийн засаг, улс төр хийгээд сүүлийн үед түүнийг дагасан ярвигтай асуудлуудад хариулт өгсөн байгаа.

Баримт, үзэл бодол нүүрт нийтлэлч Д.Мөнгөндалайгийн “Малын тоо толгойг төрөөс тогтооно” нийтлэл хэвлэгдсэн байгаа.

Үйл явдал нүүрт Баруунхараад боссон бүтээн байгуулалтын сурвалжлага, “Бороохой тал” авто тээвэрчдийн холбоо ажил хаяхаар болсон тухай мэдээллүүд багтсан байна.

Баримт, үйл явдал нүүрт “Дүү минь төрсөн өдрөөрөө нөхрийнхөө гарт амиа алдсан” нийтлэл хэвлэгдлээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Дархан-Уул аймагт орон сууцны долоон давхараас унаж амиа алдсан бүсгүйн ар гэрийнхэн ийн хэлжээ. Талийгаачийг амиа хорлосон гэж шүүх эмнэлэг тогтоосон байна. Харин ар гэрийнхэн нь энэ дүгнэлтийг эсэргүүцэж өчигдөр хэвлэлд хандсан юм.

Эдийн засаг нүүрт Их тэнгэрт болсон “Бизнесийн дээд хэмжээний уулзалт-2015” арга хэмжээний сурвалжлага, Азийн анхны эко хот Монголд сүндэрлэх гэж байгаа тухай болон өчигдөр улс оронд өрнөсөн үйл явдлуудыг товчлон хүргэж байна.

Ардын цолтон нүүрээс Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноровын сонирхолтой ярилцлагыг уншаарай. Түүний уран бүтээлийн талаарх ярилцлагын “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараар уншигчдад хүрсэн билээ. Тэрбээр энэ удаад улс төрийн талаар манай сэтгүүлчтэй хөөрөлджээ.

Цаг үе нүүрт Их Британид хоёр жил тутамд зохиогддог олон улсын дуурийн дуучдын уралдаанд шилдэг тавд тунаж, “Үзэгчдийн нэрэмжит шагнал” хүртсэн Э.Амартүвшингийн тухай нийтлэлийг толилууллаа. Мөн жудо бөхийн Азийн аваргад барилдаж байсан жудоч Ц.Мөнхзаяагийн тодруулгыг унших боломжтой. Тэрбээр тэмцээн дуусахаас 17 секундын өмнө зүүн мөрөндөө гэмтэл авч, мөрөө өөрөө оруулж, барилдаанаа дуусгасан билээ. Мөн энэ нүүрнээс “Магна зарта буюу эрх чөлөөний дүрэм” нийтлэлийг тольдоорой.

Categories
мэдээ нийгэм

“Эрүүл элэг” хөтөлбөр нээлтээ хийлээ

“Эрүүл элэг” үндэсний арга хэмжээний нээлт өнөөдөр Эрүүл мэнд спортын яаманд боллоо. Энэхүү арга хэмжээнд Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч доктор Су Нуюнт У, Дэлхийн Хепатитын холбооны ерөнхийлөгч ноён Чарльз Гор нар оролцлоо.

Энэ үеэр “Монгол Улс дахь элэгний өвчлөлийн байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний талаар Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамбын тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“МОНГОЛ УЛС ДАХЬ ЭЛЭГНИЙ ӨВЧЛӨЛИЙН БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ” ИЛТГЭЛ

Манай улс бусад улс орнуудтай харьцуулахад элэгний өвчлөл тэр дундаа хепатитийн вирүст халдварын өвчлөл, нас баралт, элэгний хорт хавдарын нас баралтаар дэлхийд өндөртэй улс орнуудын тоонд орж байна. 2014 оны эрүүл мэндийн статистик мэдээллээр хавдрын өвчлөл хүн амын нас баралтын шалтгааны хоёрдугаарт орж, түүний дотор элэгний хорт хавдараас шалтгаалсан нас баралт тэргүүлж байна. Тухайлбал, Монгол улсад 100.000 эрэгтэй хүн тутмын 121, 100.000 эмэгтэй хүн тутмын 87 нь элэгний анхдагч өмөн буюу хорт хавдраар өвчилж байна. Үүнээс үзэхэд манай улсын хувьд эрэгтэйчүүдийн дундах элэгний хорт хавдрын өвчлөл дэлхийн дундаж түвшнээс 6 дахин, эмэгтэйчүүдийн дундах элэгний хорт хавдрын өвчлөл 13 дахин их байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн тоо баримт юм.

Элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралт ийнхүү өндөр байгаа нь хепатитийн “В” ба “С” вирүст архаг халдвар хүн амын дунд их байгаатай шууд холбоотой юм. Олон улсын түвшинд хийгдсэн судалгаагаар элэгний хавдрын 60% нь “В” вирүст, 25% нь “С” вирүст, 3% нь хавсарсан халдвар, 12% нь архи, химийн хордлого гэх мэт шалтгаанаас үүсдэг болохыг тогтоожээ. Харин манай орны эрдэмтдийн судалгаагаар нийт хүн амын дунд хепатитийн “В”, “С” вирүст халдварын тархалт 10.7-15.6 хувьтай байгаа бөгөөд “С” вируст халдвартай хүмүүсийн 98 хувьд нь 1б генотиптэй болох нь тогтоогдсон байна.

Манай улс 1952 оноос хепатитийн вирүст халдварыг албан ёсоор бүртгэж эхэлсэн бөгөөд 1962 онд уг халдварын 28 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж 10000 хүн амд 331 тохиолдол байсан нь хепатитийн вирүст халдварын “дэгдэлтийн оргил үе” байсан хэмээн тооцдог. Харин 1991 оноос хепатитийн В вирүст халдварын эсрэг вакциныг нэвтрүүлснээр өвчлөлийн түвшин тогтвортой буурч байна.

ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн зорилт болох “2012 онд гэхэд 5 хүртэлх насны хүүхдийн дундах хепатитийн “В” вирүст халдварыг 2%-иас бага болгох” зорилтыг манай улс өдгөө бүрэн хангаж, нярайн үеийн хепатитийн В вирүст халдварын эсрэг вакцины хамралтыг 97.02%, нийт хамралтыг 99.28%-д хүргээд байна

Элэгний хорт хавдар 45 ба түүнээс дээш насанд илүүтэй оношлогддог хэмээн үзвэл 1991 оноос вакцинд хамрагдсан хүн ам 45 нас хүрэх үед буюу 22 жилийн дараагаас уг аюулт өвчнөөр өвчлөгсдийн тоо эрс буурч эхэлнэ гэсэн тооцоотой байна. Энэ хугацаанд вакцины хамралтын хувийг тогтмол өндөр байлгах, бүх тунг хугацаанд нь бүрэн хийлгэх, халдвар дамжих замыг зогсооход чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг тууштай хэрэгжүүлэх нь ихээхэн чухал юм.

2012 оноос бага насны хүүхдийн дунд нийтлэг бүртгэгдэж, нийт хепатитийн вирүст өвчлөлийн дийлэнх хувийг бүрдүүлдэг байсан хепатитийн “А” вирүст халдварын эсрэг вакциныг 2011 оноос нэвтрүүлэн, үндэсний товлолд оруулснаар өвчлөлийн түвшин сүүлийн 5 жилийн дунджаар 10000 хүн ам тутамд 25 байсан бол 2013 онд 5,7 болж бараг 5 дахин буурлаа.

Харин хепатитийн “С” вирүст халдварын хувьд урьдчилан сэргийлэх тарилга хараахан гараагүй бөгөөд дэлхий дахинаа эмчилгээний хувьд өндөр идэвхи бүхий вирүсийн эсрэг үйлчилгээтэй эмийг шинээр гарган авсан нь уг халдварын тархалт, нас баралтыг бууруулахад ихээхэн чухал алхам болж байна. Иймд Монгол улс энэхүү эмчилгээний шинэ эм болох Совалди болон Харвони эмүүдийг эмчилгээнд хэрэглэх эрх зүйн орчинг бүрдүүлж, 2015 онд Монгол улсын эмийн бүртгэлд бүртгээд байна. Түүнчлэн эдгээр 2 эмийг АНУ-ын Гилейд компанийн “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд Монгол улсад дэлхий зах зээл дэх үнээс нэн хөнгөлттэй үнээр нийлүүлэх тохиролцоонд хүрээд байна.

Тус эм энэ ондоо багтан манай улсад нийлүүлэгдэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нэвтрэх болно. Хепатитийн С тирүст халдварын эрт илрүүлэг оношилгоо эмчилгээний удирдамжийг боловсруулан баталж тус эмчилгээг гардан хэрэгжүүлэх аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг, холбогдох тусгай мэргэжлийн төв, төв эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн эмнэлгийн эмч нарыг сургалтанд хамруулаад байна.

Мөн элэгний хорт хавдартай өвчтөнд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх зорилгоор 2008 онд Хавдар судлалын үндэсний төвд элэг цөс нойр булчирхайн хавдрын эмгэгийг эмчлэх тасаг байгуулан, элэгний хорт хавдрын орчин үеийн мэс заслын болон ангиографи, өндөр давтамжтай долгионоор шарах эмчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна.

2013 онд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэдэх эрхтэн шилжүүлэн суулгах төвд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг анх удаа хийж өнөөгийн байдлаар нийт 20 өвчтөнд элэг шилжүүлэн суулгасны 2 – т нь манай үндэсний багийн мэргэжилтнүүд өөрсдийн хүчээр бие даан хийж гүйцэтгээд байна.

Эрүүл мэндийн салбарт элэгний өвчлөл болон хорт хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийг бууруулах чиглэлээр “Дархлаажуулалтын тухай хууль”, “Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”, “Вирүст хепатитай тэмцэх, сэргийлэх үндэсний стратеги”, “Хорт хавдраас сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”, “Цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр” зэрэг бодлогын баримт бичгүүдээс гадна Эрүүл мэндийн сайдын тушаалаар 10 гаруй журам, заавар батлагдан хэрэгжиж байна.

Үндэсний хэмжээнд хэрэгжиж байгаа Хорт хавдраас сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрийн хүрээнд Хорт хавдартай тэмцэх үндэсний аяныг 2011 оноос ЭМСЯ-ны харьяа Хавдар судлалын үндэсний төв, ХААН банк, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз хамтран 5 дахь жилдээ амжиллтай явуулж байна. Тус аяны хүрээнд хавдрын, ялангуяа элэгний хорт хавдрын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх, эмч эмнэлгийн мэргэжилтнийг сургах үйл ажиллагаа тогтмол хийгдэж байна. Тус аян нь төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны шилдэг жишээ болж байна.

Хэдийгээр хепатитийн халдвараас сэргийлэх вакцин болон эмчилгээний өндөр идэвхитэй эм эмчилгээнд нэвтэрч буй зэрэг дэвшилтэт талууд байгаа хэдий ч уг халдварын тархалтыг бүрэн төгс устгах, элэгний эмгэгийн өвчлөл, нас баралтыг бууруулах үйл ажиллагааг дан ганц эмчилгээ, оношилгооны төдий асуудлаар бус уг өвчнөөс урьдчилан сэргийлэлт, эрүүл мэндийн байгууллагуудын халдвар хамгааллын дэглэмийг сайжруулах, иргэд, эрүүл мэндийн ажиллагсдын дунд эрүүл мэндийн сургалт сурталчилгааг өргөжүүлэх, иргэд өөрсдийн эрүүл мэндэд илүү анхаарал тавьж өөрийн эрүүл мэндийн төлөө хүлээх хариуцлагыг нэмэгдүүлэх, тухайн чиглэлээр ажиллах эрүүл мэндийн байгууллагуудын лабораторийн болон хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургах асуудал бүхэлд нь цогцоор нь шийдэх асуудал чухлаар тавигдаж байна.

Энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд энэ чиглэлээр ажиллаж буй төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, төрийн бус байгууллага, иргэдийн нэгдсэн зорилго, хүсэл эрмэлзлэл, хамтын хүчин чармайлт зайлшгүй чухал болохыг онцлон тэмдэглэхийг хүсч байна.

Та бүхэнд амжилт хүсье.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-ы маргаашийн дугаараас УИХ-ын гишүүн Л.Болдын ярилцлагыг уншаарай

УИХ-ын гишүүн Л.Болдын ярилцлага “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаарт нийтлэгдлээ. Тэрбээр улс төр, эдийн засаг, Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар, Зайсангийн иргэдэд газар өмчлүүлэх зэрэг асуудлаар манай сэтгүүлчийн сонирхсон асуултуудад хариулжээ. Сүүлийн үед түүний талаар хэвлэлүүд шүүмжлэлтэй хандаж байгаа асуудалд ч тайлбар өгсөн байна. Тухайлбал, Малайзад амиа алдсан Ш.Алтантуяа бүсгүйг хороосон этгээдүүдэд цаазын ял оноох хэрэггүй гэж түүнийг олон улсын хуралд оролцох үеэрээ хэлсэн хэмээн хэвлэлүүд буруутгасан юм. Энэ тухай тэрбээр хэрхэн юу гэж тайлбарласныг маргаашийн “Өдрийн сонин”-оос унших боломжтой. Мөн Л.Болд “Богд” хэмээх шинэ банк байгуулж тухай мэдээлэл бий. Тэрбээр энэ тухай албан ёсоор тайлбар өгсөн байна лээ.

Categories
мэдээ улс-төр

“Эрдэнэс Тавантолгой” олборлолтоо хийхэд алдагдалгүй

Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлаар санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрээр өнгөрсөн долоо хоногт Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Эрдэнэс Тавантолгой” компанид ажилласан байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн агуулахад өнөөдөр 2.3 сая тонн нүүрс бэлэн болсон, мөн хоёр сая тонн хөрс хуулж олборлоход бэлэн болгожээ. Нийт 140 сая ам.долларын үнэлгээ бүхий эдгээр нөөцөөр “Чалко”-гийн 142 сая ам.долларын өрийг дарахад хүрэлцэх гэнэ. Тус компани нүүрсээ уурхайн амнаас тээвэрлэж, авто зам нь хүнд даацын зам биш учир худалдан авагч, тээвэрлэгч компаниуд алдагдал хүлээж байгаа гэнэ. Түүнчлэн нүүрсний гадаад зах зээл өдөр тутам унаж байгаа учир жижиг Тавантолгой, “Эрдэнэс Тавантолгой” аль алийнх нь борлуулалт буурсан дүнтэй байна. Цаашид нүүрсний үнэ олон улсын зах зээлд унах төлөвтэй байгаа тул хямд өртгөөр олборлолт тээвэрлэлт хийх нь чухал болсон байна. Үнэ өндөрсгөж байгаа гол хүчин зүйл нь тээвэрлэлт. Иймд төмөр замаа ашиглалтад оруулах шаардлага байна гэж ажлын хэсгээс үзжээ.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, “Тавантолгойн орд газрыг ашиглахад томоохон хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагагүй. Нүүрс олборлогч ямар ч компани үүнийг мэднэ. Хөрсөө хууллаа, хуулсан хөрсөн доороос шууд нүүрс гарч ирж байгаа. Үүнийг нь машинд ачлаа, зөөлөө. Үүнд томоохон машин тоног төхөөрөмж хэрэгтэй болохоос том хөрөнгө оруулалтын шаардлага алга байна. “Эрдэнэс Тавантолгой”-д өнөөдөр монгол компаниуд боломжтой хэмжээнд нүүрсээ олборлоод үйл ажиллагаагаа явуулаад болж байна. Энд ганцхан хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Энэ нь төмөр зам. Төмөр зам маань өөрөө ашигтай төсөл. Цаашдаа “Эрдэнэс Тавантолгой” компани өнөөдрийнх шиг олборлолтоо хийгээд төмөр замаа Монгол Улс өөрөө эзэмшээд явахад алдагдалгүй, илүү ашигтай байх нь харагдаж байгаа. Иймд энэ гэрээг цааш нь явуулах боломжгүй.

Бид дүгнэлтдээ хууль зөрчсөн асуудлыг тусгаж өгнө. Мөн ашигтай хувилбар аль нь байх вэ гэдгийг тусгаж өгнө. Төмөр зам нь голлох ашигтай хувилбар. Иймээс төмөр замын асуудлаа Монгол Улс өөрөө хариуцаж дуусгах ёстой юм байна, мөн хөндлөн чиглэлийн төмөр замын асуудлыг дүгнэлтдээ оруулж өгнө. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт ажлын хэсэг дээр гэрээгээ буцааж татаж авна гэдгээ мэдэгдсэн. Харин буцааж оруулж ирэх эсэх асуудлыг мэдэхгүй байна” гэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардчилсан нам МАН-тай байгуулсан гэрээгээ авч хэлэлцэнэ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Ерөнхий сайдын мэдээллийг сонсов. Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцжээ. Мөн Засгийн газарт хамтарсан МАН-ын гэрээний биелэлтийг хэлэлцэх байсан ч Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд орон нутагт ажиллаж байгаа, мөн гишүүдийн ирц бүрэн биш учраас энэ бүхнийг хангаж, нухацтай хэлэлцэх шийдэлд хүрчээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн долоо хоногт ОХУ-д ажилласан юм. Энэ үеэрээ хойд хөрштэй хийн хоолой, төмөр зам авто замын талаар хамтран ажиллах боломж, дэмжлэг байгаа эсэх талаар санал солилцсон аж. ОХУ-ын талаас дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгээ илэрхийлжээ. Гэхдээ ОХУ-ын талаас “Эрдэнэт” компанийн Оросын талын хувь нийлүүлэгч болох “Орос технологи” компанийн талаар шийдвэр гаргаж өгөх хүсэлт тавьсныг Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэнэ гэж Ерөнхий сайд бүлэгт мэдээлэл хийхдээ тодотгожээ.

Мөн Ерөнхий сайд ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путинтэй Монгол Улсаас ОХУ-д экспортлох мах, махан бүтээгдэхүүнийн талаар ярилцсан төдийгүй визний асуудал, хил гааль дээр гарч байгаа хүндрэлийг зохицуулах талаар ярилцаж, арга хэмжээ авахуулах шийдэлд хүрсэн байна. Түүнчлэн “Орос атом” компанийн удирдлагуудтай Арбитрын шүүхийн асуудлаар ярилцжээ.

Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлтэй холбоотойгоор Засгийн газраас сургууль, эмнэлэгтэй холбоотой менежмэнтийн хувьчлалтай холбоотой заалтыг хасах санал гаргасныг бүлгийн гишүүд 100 хувь дэмжжээ. Энэ тухай мэдээллийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж нар хийсэн юм.

Сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өгснийг хүргэе.

-Өмч хувьчлалын хүрээнд хэдий хэмжээний орлого олох юм бол?

Б.Гарамгайбаатар: 170-аад тэрбум төгрөгийг өмч хувьчлалаар олох боломжтой.

Ш.Түвдэндорж: Уг нь өмч хувьчлалын хүрээнд нийгмийн салбарын зохион байгуулалтыг өөрчлөх байсан юм. Нэг ёсны эмнэлэг, сургуулийн удирдлага, зохион байгуулалтыг төрөөс салгах зорилготой байсан. Баянзүрх дүргийн Эрүүл мэндийн төвийг очиж үзээрэй, энэ үйл ажиллагааг явуулснаар яаж сайн ажиллаж байгааг харж болно. Тийм л ажил хийхийг зорьсон, гэхдээ МАН-ын бүлгээс хойшлуулах шаардлагатай гэсэн учраас зарим заалтыг хаслаа. Өргөн баригдсан төсөл маань хоёр жил гаруй үргэлжилж байгаа учраас хурдавчлахын тулд хассан юм.

-Ардын намтай хамтарсан гэрээний талаар тодруулбал, гишүүд ямар тодорхой санал гаргасан бэ?

Б.Гарамгайбаатар: Намын дарга байхгүй учраас байлцуулъя, энэ асуудлыг зайлшгүй ярих цаг болжээ гэж дийлэнх нь үзэж байна. МАН Засгийн газарт хамтарч орсноосоо хойш өнөөдрийг хүртэл үйл ажиллагааг нь харахад зөвшилцлийн гэрээнд туссан асуудлаас зөвхөн албан тушаалын хуваарилалт дээр бүрэн биелүүлсэн. Энийг дүгнэж үзсэн. Бусад асуудал дээр зөвшилцлийн шатанд, зарим нь зөвшилцөлд туссан асуудлаас эсрэг явж байгаа учраас нухацтай хэлэлцэж эцсийн шийдэл гаргах ёстой гэж үзсэн.

Ш.Түвдэндорж: Ард иргэдээс АН, МАН хамтарсан нь хэр таалагдаж байна вэ гэхэд 1000 оролцогчдын 63 хувь нь хамтрах шаардлагагүй гэж үзсэн.

-Цаашдаа гэрээгээ цуцалж магадгүй гэсэн үг үү?

Ш.Түвдэндорж: Одоогоор эцсийн шийдвэр гараагүй байна. Ер нь судалгаан дээр үндэслэж ажиллах ёстой. Түүнчлэн манай намын орон нутгийн байгууллагууд хамтран Засгийн газар байгуулсанд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа. Хамгийн гол нь УИХ-д суудалтай бүх нам, эвсэл хамтран 73 гишүүний бүрэлдэхүүнтэй том бүлэг байгуулсан. Тэгсэн хэрнээ Засгийн газраас оруулж ирсэн хууль, тогтоолын төслүүдийг унагаж байгаа.

-Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед “Зөвшилцлийн гэрээ”-г эргэж харна, хамтрах эсэхээ шийднэ гэхээр Засгийн газрыг тогтворгүй байдалд оруулах юм биш үү?

Б.Гарамгайбаатар: Эдийн засаг хүндрэлтэй байгаа гэдгийг бүгд мэдэж байгаа. Эдийн засгийг сайжруулахын тулд засаг, эдийн засаг, эдийн засаг гэх уриатай Засгийн газрыг бүрдүүлсэн. Харамсалтай нь, хамтарсан Засгийн газар эдийн засгийг огт сайжруулаагүй байна. Хамгийн наад зах нь МАН “Бид хамтдаа” аян өрнүүлж байгаа. Энэ аяныг өрнүүлэх багт хамтарсан Засгийн газрын гишүүд оролцож, Засгийн газрын үйл ажиллагааг муулаад явж байна. Тухайлбал, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол нар. УИХ-ын гишүүд өөрсдөө тойрогтоо ажиллаж болно.

МАН том учраас Засгийн газарт голлох нөлөө үзүүлж байгаа. Засгийн газрын гол яамдыг удирдаж байгаа. Бид Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжиж байгаа гэж боддог. Гэтэл өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлгийн гишүүд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн нэг ч заалт биелэхгүй байна гэх мэдээлэл хийсэн. МАН-ын гишүүдийн илэрхийлж байгаа байр суурийг харахад Засгийн газрын үйл ажиллагаанд саад болох асуудал ярьж байна. Бид бол МАН-ын бүлгийг Засгийн газраас гаргах асуудал яриагүй. Гэрээний биелэлтийг л дүгнэх юм. Одоогоор бол гэрээний хэрэгжилт 50 хувьтай байна. Үүний дийлэнхийг албан тушаалын хувиарлалт эзэлж байна.

-Төрийн өмчийг хувьчлахтай холбогдуулан хүндрэл үүсэх үү. Төрийн өмчит үйлдвэрүүдийн үнэ унах уу?

-Төрийн өмч үнэгүйднэ гэсэн ойлголт байхгүй. Хувийн хэвшлийн бизнес зах зээлийнхээ жамаар явна.

-МАН Засгийн газрын зарим хууль, тогтоолын төслийг дэмжихгүй унагаж байгаа тухай асуудал яригдаж байна. Үүнийг тодруулбал?

Ш.Түвдэндорж: УИХ-д өргөн барьсан олон хууль унасан. Тавантолгойн төслийг МАН дэмжиж байгаа. Харин Ардчилсан нам дотроо “зодолдоод” байна гэсэн мэдээллийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа хийсэн байна. Ардчилсан намаас болоод Тавантолгой гацаад байгаа юм биш. Хамтарч ажиллаж л байгаа бол бүх нам энэ талаар санал, санаачилга гаргах ёстой. Түүнээс биш бүх асуудлыг Ардчилсан нам руу чихээд байж болохгүй. Засгийн газар өргөн барьсан асуудлуудаа хамгаалж чадахгүй байна гэдгийг УИХ-ын дарга хэлж байсан. Тиймээс сайд нар Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж явах хэрэгтэй юм.

-“Зөвшилцлийн гэрээ”-г цуцлах тал дээр МАН-ын бүлэг ямар байр суурьтай байгаа бол. Энэ тухай ярилцсан уу?

Б.Гарамгайбаатар: Анх гэрээ байгуулах үед оролцсон МАН-ын ажлын хэсгийн гишүүдтэй уулзах болно. Үүний дараа Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны бага хурал хуралдаж, тодорхой шийдвэр гаргах байх.

Categories
мэдээ нийгэм

1000 айлын орон сууцны бүтээн байгуулалтын ажилтай танилцав

УИХ-ын дарга Говь-Алтай аймгийн 1000 айлын орон сууцны бүтээн байгуулалтын ажилтай танилцав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.06.22/ Алтай хотод ажиллах үеэрээ 1000 айлын орон сууцны бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.

Алтай хотын олон улсын хөтөлбөрийн сургалтыг туршиж буй лаборатори сургуульд зочилсны дараа 1000 айлын орон сууцны “Солонго” хорооллын барилгын ажлын явцтай танилцлаа. 1000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд баригдах 50 га газрыг хамарсан 5 давхар, 24 блок бүхий “Солонго” хорооллын 250 айлын орон сууцны цогцолборын хэсэгчилсэн болон ерөнхий төлөвлөгөө, инженерийн шугам сүлжээ дэд бүтэц, авто замын зураг төслийг орон нутгийн хөгжлийн сангийн 246.7 сая төгрөгөөр хийж гүйцэтгэжээ. Тус хорооллын ЦДАШ, дэд станцын угсралтын ажлыг аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 275.0 сая төгрөгөөр “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК хийж гүйцэтгэсэн байна. Харин ариутгах татуургын 1.3 км шугамын ажлыг “Ундарга-Алтай” ОНӨААТҮГ гүйцэтгэн ашиглалтад оруулж, дулаан, цэвэр усны шугамын ажлыг “Мандал голомт” ХХК гүйцэтгэсэн байна. Төрийн Орон Сууцны Корпораци Говь-Алтай аймагт эхний 130 айлын орон сууц барих, мөн “Люксвүүд хаус” ХХК-тай хамтран 8 га газарт 250 айлын амины орон сууц, хотхон, барихаар тус тус гэрээ байгуулаад байгаа аж.

УИХ-ын дарга З.Энхболд Алтай хотод ажиллах үеэрээ 1000 айлын орон сууцны бүтээн байгуулалттай танилцах үеэр хэлсэн үгэндээ, Говь-Алтай аймаг ийнхүү иргэдийг орон сууцжуулах ажилд ахиц дэвшил гаргаж буй нь сайшаалтай. Цаашид барилгын ажил явагдах хугацаанд орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах тал дээр анхаарах шаардлагатай гэлээ. Энэхүү “Солонго” хорооллыг дагасан дулааны шугам сүлжээ, цэвэр бохир ус болон замын асуудлыг энэ жил бүрэн шийдвэрлэж байгаа юм байна. Энэхүү орон сууцны борлуулалтын судалгааг хийж үзэхэд, нийт орон сууцны 75 хувийг иргэд 30 хувийн урьдчилгаа төлж, зээлээр авах боломжтой гэсэн дүн гарсныг аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар УИХ-ын даргад танилцуулав.

Үүний дараа УИХ-ын дарга З.Энхболд Алтай хотын Жаргалант багт шинээр баригдсан 1.8 км авто замын нээлтэд оролцлоо. Тус бүтээн байгуулалтыг 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилттэйгээр 2014 онд “Тэмүүн холдинг” ХХК-тай концессын гэрээний дагуу гүйцэтгэсэн бөгөөд авто замын ажлын хамтаар авто замын далан, явган хүний зам, тэмдэг тэмдэглэгээ болон заслын ажил хийгдээд байгааг танилцуулсан юм.

УИХ-ын дарга замын нээлтэд оролцох үеэрээ хэлсэн үгэндээ, Говь-Алтай аймаг жил ирэх бүр замын асуудлыг шийдвэрлэх тал дээр ахиц дэвшил гаргаж байгаа. Харин орон сууцжуулах ажлын хувьд чамлалттай байгааг анхаарах хэрэгтэй. Зам дагаж хөгжил ирдэгийн жишээгээр зам дагасан газрын үнэ цэнэ байнга өсөн нэмэгддэг. Энэхүү замыг барьсан компани урт удаан настай, сайн зам барьсан гэдэгт итгэж байна гэсэн юм.

УИХ-ын даргыг Алтай суманд ажиллах үеэр УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Наадмын тав хоногийн амралтаар зарим хилийн боомт ажиллахгүй

Бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг баярын өдрүүдэд өмнөд хилийн авто замын боомтууд ажиллахгүй ажээ. Тодруулбал, Даян, Булган, Байтаг, Бургалтай, Шивээ хүрэн, Гашуун сухайт, Ханги, Замын-Үүд, Бичигт, Сүмбэр, Баянхошуу, Хавиргын авто боомтууд долоодугаар сарын 11-15-ныг дуустал ажиллахгүй бөгөөд долоодугаар сарын 16-наас эхлэн хэвийн ажиллаж эхлэх юм.

Харин Замын-Үүд, Буянт Ухаа зэрэг олон улсын чанартай, автозамаас бусад төрлийн боомтууд олон улсын галт тэрэг, нислэгийн хуваарийн дагуу ажиллана.

Өөрөөр хэлбэл баярын өдрүүдэд урд хөршийг зорих иргэд автомашинаар бус галт тэрэг, онгоцоор явах боломжтой юм байна.

Харин хойд хилийн боомтуудын тухайд Алтанбулаг боомт хэвийн журмаар 24 цаг ажиллана.

Бусад жижиг боомтуудыг баяр наадмын үеэр хэрхэн ажиллуулахыг хойд хөршийн хилийн албатай ярилцаж тохиролцсоны үндсэн дээр шийдэх аж. Тиймээс ирэх долоо хоногоос хойд хилийн боомтуудыг хаах эсэх нь тодорхой болох юм.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн Засаг дарга архив албан хэрэг хөтлөлт дээр онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Нийслэлийн нийт дүүрэгт гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх 14 хоногтой харьцуулахад Баянгол дүүрэгт өссөн бол бусад дүүрэгт буурсан үзүүлэлттэй байна. Гарсан зөрчил болон гэмт хэргийг хариуцсан ажилтнууд тухай бүрт нь арга хэмжээ авч, шуурхай шийдвэрлэж ажиллажээ. Мөн өмнөх шуурхай зөвлөлгөөн дээр холбогдох албаныханд нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг танилцууллаа. Тухайлбал,

-Үндэсний их баяр наадмын бэлтгэл хангах ажлыг зохион байгуулах /Нийтийн тээвэр, хог цэвэрлэгээ, тохижилт цэцэрлэгжүүлэлт, зам засвар, авто замын тэмдэг тэмдэглэгээ, зохицуулалт зэрэг ажлуудыг холбогдох мэргэжлийн байгууллагууд эрчимжүүлж ажиллах/ талаар доорхи ажлуудыг хийжээ.

  • Төв цэнгэлдэх болон “Хүй долоон худаг”-ийн цахилгаан хангамжийг сайжруулах ажлыг салбар хорооноос “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иар хийлгэх шийдвэр гаргаж, зөвлөмжийг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт хүргүүлсэн.
  • Хүй долоон худагт худалдаа, үйлчилгээ зохион байгуулах ажлын нэгдсэн төлөвлөгөөг батлав.
  • Тохижилт, засвар үйлчилгээний салбар хороо ажлын төлөвлөгөө боловсруулж батлуулан ажиллаж байна
  • Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд нийт 811 тээврийн хэрэгсэл ажиллуулахаар урьдчилсан төлөвлөжээ.
  • 7 дугаар сарын 10,11,12,13-ны өдрүүдэд “Дүнжингарав” худалдааны төв, Дунд голын зогсоолоос “Хүй 7 худаг” чиглэлд ”RAILBUS”, Давааны өртөөний төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл том оврын 5 автобус наадамчин олонд үнэ төлбөргүй үйлчлэхээр төлөвлөж байна.
  • Үндэсний их баяр наадмын өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдал болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.

-Мөн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийгдэх сургууль цэцэрлэг, инженерийн шугам сүлжээ шинээр тавих, өргөтгөх, автозамын трасст орсон обьектуудын газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлэх үүргийн дагуу ажиллалаа.

-Хотын төв болон зуслангийн чиглэлд инженерийн шугам сүлжээ, зам засварын ажил хийгдэж эхэлсэнтэй холбогдуулан авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж хаах, нээх хугацааг иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй мэдээлж байна.

Нийслэлийн Засаг даргын А/475 дугаар захирамж гарсантай холбогдуулан “Улаан бурхан” өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй асрамж, халамжийн төвүүд, сургалтын байгууллагууд халдваргүйжүүлэлт, болон эрүүл мэндийн газраас өгсөн зөвлөмжийг мөрдлөг болгон зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласан.

-2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд Багахангай, Багануур дүүргийн Ерөнхий төлөвлөгөөг танилцуулж НИТХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн байна.

Мөн энэ үеэр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтнууд “Ёс зүйн мэдэгдэл”-д гарын үсэг зурлаа. Харин нийслэлийн Засаг даргын “2015 оны архив албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг явуулах тухай” А/509 дүгээр захирамжийн талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун товч танилцууллаа.

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөнөөр зарим ажлыг хугацаа алдалгүй шийдвэрлэх үүргийг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл холбогдох албан тушаалтнуудад өглөө. Тухайлбал, архив албан хэрэг хөтлөлт дээр онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Мөн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө. 2015 оны эхний хагас жилийн ажлын тайлангаа өгөх, өгөөгүй байгууллагуудыг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурал дээр танилцуулахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунд даалгалаа. Нийслэлийн Онцгой байдлын газарт борооны улирал эхэлж байгаатай холбогдуулан бэлтгэл ажлын төлөвлөгөө гаргаж нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг үүрэг болгов. Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлд үндэсний их баяр наадмын бэлтгэлийг хангаж, тохижилтын ажлаа эрчимжүүлж ажиллахыг даалгав. Харин орчны тохижилтыг анхаарч ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд үүрэг болгов. Баяр наадмын үеэр үйлчилгээний байгууллагуудад ариун цэвэр, ахуйн шаардлагыг хангаж ажиллуулахыг даалгав. Мөн энэ үеэр ажиллах нийтийн тээврийн сүлжээ төлөвлөлтийг нарийвчлан эцэслэн гаргаж, дараагийн нийслэлийн удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөлгөөн дээр танилцуулахыг нийслэлийн Нийтийн тээврийн газарт үүрэг болголоо. Мөн Төрийн хүндэтгэлийн концерт, Дээлтэй монгол, Учиртай гурван толгой дуурь, Улаанбаатрын үдэш рок, поп дуучдын тоглолт, Монгол бүжиг, Морин хуур, Найрал хөгжмийн шилдгүүдийн тоглолт гэх мэт баяр наадмын үеэр 5 өдрийн турш Чингисийн талбай дээр болох ёслол хүндэтгэлийн арга хэмжээний хөтөлбөр болон наадмын үйл ажиллагааг нарийвчлан эцсийн байдлаар дараагийн нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөн дээр танилцуулахыг үүрэг болголоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.