Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд АНУ-ыг зорилоо

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 23-27-нд АНУ-д ажлын
айлчлал хийх бөгөөд өнөөдөр тус улсыг зорилоо. Тэрээр Вашингтон хотод
ажиллах бөгөөд энэ үеэрээ Майкрософт корпорацийн инноваци, бодлогын
төвтэй танилцаж, Дэлхийн банкны гүйцэтгэх захирал, АНУ-ын Сенатын
Зэвсэгт хүчний хороны дарга, тус улсын Конгресс дахь Монголын бүлгийн
дарга нар, Конгрессын гишүүд болон бусад албаны хүмүүстэй уулзана.

Мөн АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жо Байден, Худалдааны сайд Пэнни Притцкэр
нартай уулзах юм. Түүнчлэн Вашингтон хотноо энэ сарын 25-нд болох
Монгол-Америкийн бизнес форумд оролцож, үг хэлнэ.

Categories
мэдээ нийгэм

Наадмын худалдаа үйлчилгээнд xяналт тавина

Наадмын худалдаа үйлчилгээнд нийслэл, дүүргээс хяналт тавьж ажиллана

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой,
Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон
худагт эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмын
хэрэгжилтийг хангахад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба,
Улаанбаатар хотын Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын
газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар хяналт тавина.

Худалдаа, үйлчилгээг 2015 оны 07 дугаар сарын 10, 11, 12, 13-ны
өдрүүдэд зохион байгуулж, Төв цэнгэлдэх хүрээлэнд явуулах худалдаа,
үйлчилгээг Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн Засаг
даргын Тамгын газар зохион байгуулж, хяналт тавьж ажиллах юм. Харин Хүй 7
худгийн худалдаа, үйлчилгээг Сүхбаатар, Баянгол дүүргийн Засаг даргын
Тамгын газар хариуцан ажиллана.

Худалдаа үйлчилгээ эрхлэгчид наадмаар дараахь чиглэлийг баримтална. Үүнд:

  • Дүүрэг бүр өөрсдийн заагдсан талбайд дүүргийн таних тэмдэг лого бүхий
    нэгдсэн нэг загварын мэдээллийн байгууламжийг байрлуулна.
  • Худалдаа, үйлчилгээ эрхлэгч нь тухайн харьяалах дүүргээсээ үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл болон дугаар авна.
  • Павильон асрын гадна талд дугаарыг нэгдсэн нэг загвараар харагдахуйц томоор бичиж байрлуулна.
  • Үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн ажиллагсад нь эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдсан байна.
  • Худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэн нь тухайн харьяалах
    дүүргийн зөвшөөрөл олгосон цэгт, заасан өнгөний дагуу цэвэр үзэмжтэй
    асар сүүдрэвч, гэрийг байрлуулах бөгөөд аж ахуйн нэгжийн онцлогийг
    харуулсан эмблем бүхий малгай дүрэмт хувцсаар жигдэрсэн байна.
  • Хүнсний бүтээгдэхүүнийг горимын дагуу зөв хадгалах, худалдаалах
    нөхцлийг бүрдүүлэх хөргөх төхөөрөмж болон шаардлагатай бусад тоног
    төхөөрөмж, нэг удаагийн сав хэрэглэл, цаасан уут, торыг хүрэлцэхүйц
    хэмжээтэй нөөцөлсөн байна.
  • Хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж нь өдөр бүрийн хоолны дээж авч, тэмдэглэл хөтөлсөн байна.
  • Хоолны үйлчилгээ явуулах цэгт гар ариутгах бодис, нойтон болон амны салфеткийг хүрэлцэхүйц хэмжээгээр байлгана.
  • Тухайн аж ахуйн нэгж нь орчныхоо цэвэрлэгээг бүрэн хариуцах ба асрын гадна талд хогийн сав заавал байрлуулсан байна.
  • Зүлэгжүүлсэн хэсэгт байрлах аж ахуйн нэгж нь асар майхныхаа дор шалавч
    болон хулдаасыг дэвсэж тоос шороо босохоос сэргийлж, эрүүл ахуй ариун
    цэврийн шаардлага хангаж ажиллана.

Хориглох зүйл

  • Албан ёсны зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ эрхлэх
  • Гар дээрээс ил задгай худалдаа эрхлэх /Гутал, хувцас, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, бусад /
  • Согтууруулах ундаа худалдаалах
  • Майонез, өндөг, крем, чанамал хиам буюу түүнийг оролцуулсан түргэн муудах бүтээгдэхүүнийг худалдах
  • Халаасан хоолоор үйлчлэх, нөөшилсөн бүтээгдэхүүнийг задалж худалдах, удсан хоолыг дахин боловсруулж хэрэглэх
  • Шорлог хуушуур зэрэг халуун боловсруулалт хийх бүтээгдэхүүнийг заагдсан байрлалаас өөр газарт худалдаалах
  • Дүүргийн зөвшөөрөл олгосон цэгээс бусад байршилд айрагны гэр болон сүүдрэвч байрлуулах
  • Хог хаягдлаа ил задгай хаях
  • Хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх худалдаа, үйлчилгээ эрхлэхийг хориглоно гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Э.Амартүвшин эх орондоо ирлээ

“BBC” телевизээс хоёр жил тутамд зохион байгуулагддаг дуурийн дуучдын алдарт “Cardiff Singer of the World” тэмцээнээс үзэгчдийн шагнал цомыг хүртсэн УДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ Э.Амартүвшин эх орондоо ирлээ. Уг тэмцээнд дэлхийн 400 гаруй мэргэжлийн дуурийн дуучдын өрсөлдсөн уг тэмцээнд Монголоос
гадна Канад, Турк, Беларусь, Өмнөд Солонгосын уран бүтээлчид шилдэг
тавд шалгаран үлдсэн бөгөөд Беларусийн дуучин тэргүүн байрыг эзэлсэн байна.

Categories
мэдээ цаг-үе

Дэвжих айлын дээвэр, өөдлөх айлын үүд “Монгол дээвэр” ХХК

Үүлс хойшоо нүүгээд эхэлмэгц миний сэтгэл дотор борооны бараан үүл
хуралдан бөөгнөрч байх шиг сэтгэл харанхуйлаад явчихдаг сан. Уг нь би бороонд
тэгтлээ дургүй хүүхэд байгаагүй л дээ. Бусад хүүхдийн адилаар хувцсаа тайлаад нүцгэн
цээжээ бороон дуслаар шавшуулан гүйх дуртай сан. Гэвч бороо зогсохгүй хоёр,
гурван өдрөөр үргэлжлэн орвол манай
байшингийн дээврээс дусаал дусч, бүр зарим газраараа ус гоожиж эхлэх нь намайг
их түгшүүрт автуулдаг байлаа.

Харин одоо би өрхийн тэргүүн болж, хувийн өмч хөрөнгөө хүссэнээрээ
янзлан тохижуулж, түүнээсээ сэтгэл ханамж хүртэж яваа жирийн нэгэн иргэн.
Манайх саяхан шинэ газар нүүж тохилог сууц барьсан юм. Тэгтэл байшингаа юугаар яаж дээвэрлэх вэ гэсэн асуудалтай
тулгарлаа. Гагцхүү хамгийн чанартай материалаар өнгө үзэмж сайтай хийх юм шүү
гэсэн бодол толгойд эргэлдэнэ. Тэгтэл намайг дээвэр гэж үглээд байхаар эхнэр
маань “Монгол Дээвэр” ХХК хэмээх үндэсний үйлдвэрлэгч компанийн утсыг
олоод ирлээ.

Ингээд юун түрүүнд “Монгол дээвэр” ХХК-тай холбогдлоо.
Тэднийх барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр 10 гаруй жил тогтвортой
ажиллаж буй үндэсний шилдэг компани аж.
Тэр бүү хэл Монгол Улсын барилгын салбарт черепицэн дээвэр үйлдвэрлэлийн
технологийг нэвтрүүлэн үйлдвэрлэж эхэлсэн анхны компани юм байна. Байшингийнхаа
дээвэрт л хамаг анхаарлаа төвлөрүүлж
бодсон надад “Монгол Дээвэр” ХХК гэхээр олзуурхууштай, дотно санагдав. Тэгтэл
тэднийх зөвхөн дээврийн материал бус бүтээлчээр тусган авч
хэрэглэж болохоор хэд хэдэн онцлог бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нь сэтгэлд нийцсэн
тул тэдний бүтээгдэхүүнүүдээр хашаа байшингаа тохижууллаа. Ингээд иргэд, аж
ахуйн нэгж ер хэнд ч ашигтай байж мэдэх хэрэгцээтэй мэдээлэл байх болов уу
хэмээн өөрийн туршлагаас “Өдрийн
сонин”-ы уншигч олонтойгоо хуваалцаж байна.

Черепицэн дээвэр

Эдэлгээ даах 60-100 жилийн насжилттай черепицэн дээврийг тэд анх
үйлдвэрлэж эхэлсэнээс хойш улам чанаржуулан хөгжүүлж иржээ. Хэмжээний хувьд 42
см урт, 34 см өргөн, 11 мм зузаантай. 10 ширхэг нь нэг м2 талбайг дээвэрлэнэ. Мөн угсрахад хялбар бөгөөд
дуу, дулаан тусгаарлах чадвар сайтай бат бөх, хамгийн гол нь ус чийг нэвтрүүлэхгүй,
цаг агаарын огцом өөрчлөлтөд тэсвэртэй зэрэг давуу чанарууд нь надад таалагдсан
юм. Мөн
нэг м2 черепицэн дээврийн үнэ
12.000 төгрөг бөгөөд байшингийнхаа 64 м2 талбайг черепицээр дээвэрлэхэд ердөө
768.000 төгрөг болов. Хятадын гөлмөн төмөр хэвлэгч машинаар хэвлэсэн нимгэн төмрөөр
байшингаа дээвэрлэсэн бол бараг тэр дайны зардал гаргана. Гэвч тавхан жилийн насгүй тар няр хийгээд
салхинд навсайчихдаг төмрөөр дээврэлчихээд доор нь ховтинож суух ямар олиг
байхав. Черепицэн дээвэр бол нэгэн насны
эдэлгээтэйн дээр манай дотоодын бүтээгдэхүүн. Харин салхинд нугаларчихмаар
сарчигар төмөрийг манайхан Хятадаас оруулж ирдэг. Тэгэхээр аль нь ашигтай байна
даа.

Зам талбайн тохижилтын эко хавтан

“Монгол Дээвэр” ХХК үйлд­вэрлэж
буй бас нэгэн онцлог давуу талбай бүтээгдэхүүн бол эко хавтан. Манай улсын барилгын материал үйлдвэрлэлийн
салбарт мөн л “Монгол дээвэр” ХХК
хамгийн анх үйлдвэрлэн, технологийг нь эх орондоо дэлгэрүүлсэн бүтээгдэхүүн.
Одоо бол нэгэнт албан байгууллага, хувь хүмүүсийн хэрэглэж дадсан чанартай бүтээгдэхүүн
болжээ. Тэднийх өдөрт л 300 м2 талбайг
хучих хэмжээний эко хавтан үйлдвэрлэдэг гэнэ. Тэгэхээр мөн ч их хэрэглэгчидтэй
байгаа биз. Хэмжээний хувьд урт 60 см, өргөн 40 см, зузаан нь 7-10 см хүртэлх
уг хавтангаар би гараашийнхаа урд хэсгийн тохижилтыг хийсэн. Үндсэн зориулалт
нь авто машины зогсоол болон налуу талбайн тохижилт хийх зориулалттай юм билээ.
Хамгийн сонгодог жишээг Гандангийн дэнжээс Баянбүрд рүү уруудах замд замын хойд
талын өндөр дэнж газрыг эко хавтангаар хэрхэн тохижуулснаас харж болно. Ер нь түмэн
хүний хөлөөр талхигдсан нийслэл хотынхоо улаан шороотой дэл сул талбай бүрийг
эко хавтангаар тохижуулчихвал хотын ногоон байгууламж тэр хэрээр нэмэгдэх нь
дамжиггүй.

Угсардаг төмөр бетонон хашаа

Банзан хашаа моодноос гарч, бетонон хашаа гарц болж байгаа өнөө үеийн
хашааны хэв загварыг тодорхойлогч нь мөн л “Монгол дээвэр” ХХК. Тэд 2001
оноос эхлэн угсардаг төмөр бетон хийцийн хашааг европын хэв загвараар үйлдвэрлэн
хэрэглэгчдэд нийлүүлж иржээ. Мод үнэд орж байгаль экологийн тэнцвэрт харьцааг
эрхэмлэх болсон өнөө үед банзаар хашаагаа хатгаж тансаглах хэрэг алга. Харин түүний
оронд элс цементээс бүтсэн эдэлгээ даах чанартай төмөр бетонон хашааг хээний өргөн
сонголттойгоор цутгаж байна шүү дээ, цаана чинь. Банзан хашаагаа хэчнээн
зосдовч шургааган шонгууд нь гурван намрын ус чийг даалгүй өмхөрч, нэг хүчтэй
салхинд шургааган шонтойгоо шургаад уначихдагийг хэн бүхэн мэдэх биз ээ. Харин
энэхүү хашааг нэг бариад авсан байхад нэгэн насных болох аж. Шонг нь хүртэл
тусгай технологиор цутгагддаг юм билээ. Төмөр бетонон хашаа гэхээр хүнд гэж сүрдэх
хэрэггүй. Хашаа харьцангүй хөнгөн тул ачиж буулгах, барих зэрэгт өргөгч
механизм ашиглах шаардлагагүй. Гурав дөрөвхөн хүн хашааг төвөггүй барих
боломжтой тул хөрөнгө мөнгө, цаг хугацаа хэмнэнэ. Хэмжээний хувьд, нэг байр
хашааны урт 2 метр. Өндөр нь 50 см, 1
метр, 1.5 метр гэсэн сонголтуудтай. Хүсвэл хашааг өндөрлөх боломжтой. Харин
зузаан нь 5 см. Тэгэхээр хөнгөн байхаар байгаа биз. Мөн 30 гаруй төрөл загварын
хээнээс сонголтоо хийж хашааныхаа дизайныг шийдэж болно. Дуртай өнгөөрөө будаж
болох бөгөөд захиалагчийн хүсэлтээр энэхүү хашаанд тохирсон эдэлгээ даах металл
хаалга хийж өгдөг юм билээ. Манайх төмөр бетонон хашаатай болж, хашааны хаалгаа
ч хийлгэсэн. “Өөдлөх айл үүднээсээ, дэвжих айл дээврээсээ” гэдэг шүү дээ.

Тус компанийн бүтээгдэхүүнүүд үүгээр зогсохгүй. Явган замын
хавтан, явган замын хашлага буюу бордюр, хамгаалалтын төмөр утсан тор гээд зам
талбайн тохижилтыг шийдэх цогц бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг байна. Нэг дороос
нэжгээд бүтээгдэхүүнээ авчихаар тээврийн зардал, цаг хугацаа ч хэмнэнэ. Хэмнэлт
гэснээс чанартай бүтээгдэхүүн гэдэг цаанаа мөн л хэмнэлт, сэтгэл ханамжийг бүрдүүлж
байдаг. Сайн юм өөрөө сайхан зүйл дагуулж, муу юм модон улаатай байдаг шүү дээ.
Тэгэхээр аль болох чанартай, эргээд үр өгөөжөө өгөхүйц зүйлийг сонгодог байх шаардлагтай
цаг үед бид амьдарч байгаа. Тиймээс
сонголт бүрээ зөв мэргэн байх болутгай хэмээн ерөөе. Урин дулаан цагтай уралдан хот хороогоо
тохижуулж, байшин сууцаа барих гэж байгаа хүнд бол хэрэгтэй мэдээлэл болов уу
хэмээн найдна. Уншигч олны мэргэн оюун тунгаах биз ээ.

“Монгол Дээвэр” ХХК-ийн хаяг: УБ хот, ХУД-ийн гуравдугаар хороо, Ажилчны
гудамж 98 тоот.

Утас: 94448588, 91990828, 99076645, 89071995 www.mongoldeever@yahoo.com

Иргэн Г.Дорж

Categories
мэдээ цаг-үе

Н.Оюунчимэг: Банк бус санхүүгийн байгууллагуудад эрх зүйн шинэ орчин дутагдаж байна

Санхүүгийн зохицуулах хорооны Бичил санхүүгийн зохицуулалтын газрын дарга Н.Оюунчимэгтэй ярилцлаа.

Сүүлийн үед банк бус санхүүгийн байгууллагууд нэлээд ихээр нэмэгдэж байгаа гэсэн. Энэ талаар тодруулъя?

-Банк бус санхүүгийн байгууллага (ББСБ) нь 2008 оноос 2014 оны хоорондох хугацаанд 132-өөс 378 болж, ажиллагсдын тоо 2008 онд 657 байсан бол 2014 оны эцсийн байдлаар 1678 болж 2.6 дахин, харилцагчдын тоо 2008 онд 120007 байсан бол 2014 оны эцсийн байдлаар 663098 болж буюу 5.5 дахин өсөөд байна. Түүнчлэн нийт актив 78.5 тэрбум төгрөгөөс 507.9 тэрбум төгрөг болж буюу 7.3 дахин, нийт зээл 46.4 тэрбум төгрөгөөс 303.1 тэрбум төгрөг болж буюу 10.1 дахин, татварын дараах цэвэр ашиг 3.9 тэрбум төгрөгөөс 36.6 тэрбум төгрөг болж буюу 28.1 дахин тус тус өссөн байна.

-Эдгээр байгууллагууд ямар хууль эрх зүйн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

-ББСБ-ны тухай хууль нь 2002 онд батлагдан гарснаас хойш ББСБ-ууд Монгол Улсын санхүүгийн зах зээлд өөрийн орон зайг бүрдүүлж чадсан бөгөөд бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийн бизнесийг дэмжих, өрхийн болон иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмрээ оруулж ирсэн.

Гэвч энэ хуулийн хүрээнд ББСБ-ууд хуульд зааснаас өөр үйл ажиллагааг эрхлэх боломжгүй, үйл ажиллагаа нэмж эрхлэх бүртээ тусгай зөвшөөрөл авдаг нь үйл ажиллагаа өргөжүүлэхэд саад болж байдаг. Мөн өөрийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагад тавигдах зохистой харьцаа, нөхцөл шаардлага бусдаас хөрөнгө татсан болон эрсдэл ихтэй үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагатай адил тогтоодог, өөр өөр үйл ажиллагаа эрхэлж байгаа боловч бүгд адил зохицуулалт, хяналтад хамрагддаг, тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, санхүүгийн нэгдэлд хийх хяналт шалгалтын асуудал огт зохицуулагдаагүй гэх зэрэг асуудлууд байна.

-Энэ хууль батлагдсанаас хойш өөрчлөлт ороогүй юм уу?

-Зарчмын томоохон өөрчлөлт ороогүй. Зарим хууль шинээр батлагдах, нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор нэмэлт өөрчлөлт орж байсан. Тухайлбал, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр батлагдсанаар банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалт Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтын үйлчилгээний хүрээнд хамрагдахаар болсон, Санхүүгийн түрээс (лизинг)-ийн тухай хууль 2006 оны зургадугаар сарын 22-ны өдөр батлагдсанаар банк бус санхүүгийн үйл ажиллагааны нэр төрлөөс санхүүгийн түрээсийн үйлчилгээг хүчингүй болгож, хассан, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль 2009 оны долдугаар сарын 09-ний өдөр батлагдсанаар банк бус санхүүгийн үйл ажиллагааны нэр төрөлд “үл хөдлөх хөрөнгө барьцаалахтай холбоотой санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа”-г нэмсэн, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан 2010 оны зургадугаар сарын 24-ний өдөр Хороо нь ББСБ-ын өөрийн хөрөнгийг санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран баталсан нягтлан бодох бүртгэлийн журмаар тодорхойлохоор өөрчлөлт оруулсан, Компаний тухай хуулийн шинэчлэн найруулсан хууль 2011 оны 10 дугаар 06-ны өдөр батлагдсанаар “хувь нийлүүлэгч”-ийг “хувьцаа эзэмшигч” болгон өөрчилсөн зэрэг нэмэлт өөрчлөлтүүд орсон байдаг.

-Хууль эрх зүйн орчин өөрчлөгдөнө гэсэн үг үү?

-Тийм ээ. Санхүүгийн зохицуулах хорооноос Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийг шинэчлэн найруулж, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн 2013 оны 10 дугаар сарын хуралдаанд танилцуулж, улмаар уг хуралдаанаар хуулийн төслийг Сангийн яамаар дамжуулан Монгол Улсын Их Хуралд өргөн бариулах шийдвэр гарснаар Засгийн газрын 2014 оны зургадугаар сарын хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэж, санхүүгийн түрээс, ломбард, валютын арилжааны талаарх олон улсын судалгааг ирүүлэхийг үүрэг болгосны дагуу холбогдох судалгааг хийж хүргүүлсэн боловч дахин Засгийн газрын хуралд орж амжаагүй, шинэ Засгийн газар гарсан. Иймээс Хуулийн үзэл баримтлалыг дахин батлуулах, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж УИХ-д өргөн барих ажил хийгдэнэ.

-Хуульд ямар гол өөрчлөлт оруулахаар төсөл хийж байгаа вэ?

-Эрх зүйн болон практик шаардлагаас үндэслэн зарчмын олон өөрчлөлт хуулийн төсөлд тусгагдаж байгаа. Тухайлбал, одоогийн хуулиар үйл ажиллагаа бүрт тусгай зөвшөөрөл авахаар зохицуулагдаж байгааг нэг удаагийн тусгай зөвшөөрлөөр нэр бүхий12 үйлчилгээ эрхлэх боломжтой болох, үйл ажиллагааны төрлөөс шалтгаалан санхүүгийн үйл ажиллагаа эрхэлж буй байгуууллагыг гурав ангилж, хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ, тавигдах нөхцөл шаардлага, шалгуур үзүүлэлт, зохистой харьцааг Хорооноос өөр өөрөөр тогтоож, үйл ажиллагааны төрлүүдийг бүртгэдэг байдлаар зохицуулах, тусгай зөвшөөрөл хүссэн этгээдийн бүрдүүлэх баримтбичиг, тусгай зөвшөөрөл олгох, олгохоос татгалзах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэлийг хуульчилж, ил тод болгох, санхүүгийн үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх, нэгдсэн хяналт, шалгалтыг тогтолцоог шинээр бүрдүүлэх, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэх зэрэг олон асуудлыг тусгасан.

-Үйл ажиллагаанаас шалтгаалан гурав ангилна гэсэн байна. Яаж ангилахаар төсөл явж байгаа вэ?

-Эрхлэх үйл ажиллагааны нэр төрлүүдээс хамааруулан “Валют солих цэг”, “Зээлийн байгууллага”, “Санхүүгийн байгууллага” гэж ангилан оноосон нэртэй хамт дэлгэрэнгүй тэмдэглэгээг хэрэглэж байхаар тусгасан. Үндсэндээ үйл ажиллагааны эрсдэлтэй нь холбон зохицуулалт, хяналтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм.

-Ярилцсанд баярлалаа.

Б.БАТ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ улс-төр

Ч.Сайханбилэг: Бид хэтэрхий урт хугацаанд хэтэрхий жижиг сэдвээр байрандаа эргэлдлээ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн өдрүүдэд ОХУ-д айлчиллаа. Тэрээр Ерөнхийлөгч В.Путинтай хэлэлцээр хийж бизнес эрхлэгчидтэй уулзан хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

Айлчлалын төгсгөлд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэвлэлийн хурал хийж үр дүнгийн тухай ийн өгүүлэв.Тэрээр “Сүүлийн жилүүдэд манай хоёр орны харилцаа нэг байрандаа эргэлдээд, хамтарсан үйлдвэрүүдийн аж ахуйн сэдвийн маргаанд оролцоод байх болсон. Тиймээс гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд энэ асуудлууддаа эрч хүч өгөх, гацсан байгаа зарим асуудлаа хөдөлгөх, шийдэх, үүнд үндэслээд том төслүүддээ, том асуудалдаа оръё. Бид хэтэрхий урт хугацаанд хэтэрхий жижиг сэдвээр байрандаа эргэлдлээ. Энэ бол миний ОХУ-д хэлэх гол мессэж байлаа.

Эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын талаар уулзалтаар ярьсан. Эхний ээлжинд, хамтарсан үйлдвэрүүдийн аж ахуйн асуудлуудыг Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн түвшинд хүргэдгээ одоо зогсооё. Бизнес, төлөөлөн удирдах зөвлөлийн хүрээнд асуудлуудаа шийдвэрлэдэг болъё. Ер нь жилд нэг, хоёрхон хуралддаг энэ зөвлөлөөс гадна үйл ажиллагааг нь гардан явуулдаг гүйцэтгэх захиралд эрх мэдлийг нь шилжүүлэх замаар асуудлуудаа хурдан шийдвэрлэе гэдэг асуудлыг тавьсан. Төмөр замын хувьд тээвэрлэлт, түлшний асуудлыг ярьдаг. Энэ асуудалд тодорхой шийдлүүдийг гаргаж, шийдвэрлэнэ гэдгээ Засгийн газрын тэргүүний хувьд илэрхийллээ. Таван төгрөг, таван тэрбумаас болж цаана нь орж ирэх илүү том хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлаа гацааж таарахгүй. Хамтарсан үйлдвэрүүдийн асуудлуудад тал талаасаа анхаарч ажиллая гэж ярилцсан.

Монголоос мах экспортлох, малыг халдваргүйжүүлэх вакцины эхний шатны хөтөлбөрийг хэрэгжүүлж, цаашид үргэлжлүүлэхээ Ерөнхийлөгч В.В.Путин илэрхийлсэн.

Өнөөдрийн байдлаар Монголоос ОХУ руу мах экспортлох болзлыг долоон үйлдвэр хангаад, тус улсад мах экспортлоход бэлэн болсон байгаа.

Манай хоёр улсын хооронд иргэд визгүй зорчдог болсонтой холбогдуулаад хил, гааль дээр зорчигчдын хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Ялангуяа, Оросын хил дээр дараалал, асуудал үүсч байгааг хэлсэн. Үүнд Ерөнхийлөгч биечлэн оролцож зохицуулалт хийнэ гэсэн. Иймд Оросын хил дээрх нөхцөл байдал сайжирч, визгүй зорчдог болсон энэ шийдвэрийн үр дүн бүрэн утгаараа гарна гэдэгт итгэлтэй байна.

Хос төмөр замтай болох, төмөр замаа цахилгаанжуулах ажлуудаа бид авч явах ёстой. Үүний зэрэгцээ Оросын хувийн хэвшлийнхэн том төслүүд, зам барилгын ажилд хөрөнгө оруулах сонирхолтойгоо хэлсэн. Тэдний энэ саналыг Ерөнхийлөгчид уламжлахад Монгол Улсад хөрөнгө оруулах хувийн хэвшлийг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.

Орос хэлээр ярьдаг монголчуудын тоо 1990 оноос хойш 30 хувиар буурлаа гэсэн албан бус судалгаа байдаг. Орос сургалтын хөтөлбөрөөр хичээллэдэг цэцэрлэг, сургууль, их, дээд сургуулийн үйл ажиллагааг дэмжих, сургалтыг чанаржуулах, багшлах боловсон хүчнийг бэлтгэхэд Оросын тал анхаарч ажиллахаа илэрхийлсэн.

Энэ айлчлалын үеэр Евразийн эдийн засгийн комиссийн Сайд нарын зөвлөлийг тэргүүлж байгаа В.Б.Христенкотой уулзаж, “Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны тухай санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

ОХУ-ын Засгийн газар тээврийн тариф, гаалийн татварын асуудлуудаа эдийн засгийн комисст шилжүүлсэн учраас энэ комиссын үйл ажиллагаанд манай улс идэвхтэй оролцож, гишүүн биш ч ажиглагч орны хувьд ОХУ-аас дамжиж гарч буй тээвэр болон гаалийн татвар бусад асуудалд дэмжлэг авах бодит шаардлага гарч байгаа юм. Иймд хамтарч ажиллах нь зөв юм.

Ирэх долдугаар сард гурван орны төрийн тэргүүн ОХУ-ын Уфа хотод уулзана. Энэ уулзалтаас өмнө тодорхой асуудлуудаа шийдэх ийм бололцоо гарч ирж байна. Нэг үгээр хэлбэл, жаахан холдоод байсан хойд хөрш маань ойртох бололцоо гарсан айлчлал боллоо гэж дүгнэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцдогт ОХУ талархалтай ханддаг. Манай улс хоёр дахь жилдээ оролцлоо.

Энэ чиглэлийн харилцаагаа хадгалж, Оросын бизнес, хөрөнгө оруулагч, Засгийн газартай хамтарч ажиллах нь манай улсад бодитой үр дүн өгнө гэж харж байна гэж Ерөнхий сайд хэллээ” гэсэн юм.

Монгол Улсын Хөгжлийн банк, ОХУ-ын Внешэконом банктай 70 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэлээ

ОХУ-ын Санкт-Петербург хотноо энэ сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт”-нд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэргүүтэй зочид, төлөөлөгчид оролцож байна.

Энэхүү чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, ОХУ-ын Внешэконом банкны нэгдүгээр орлогч захирал П.М.Фрадков нар 70 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа.

Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд үе шаттай санхүүжилтийн эхний урсгал болох 20 сая ам.доллар нь 2015 ондоо багтан Монгол Улсын Хөгжлийн банкинд орох юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

НАМЗХ-ны суудал нэг тэрбум төгрөгийн үнэд хүрчээ

М.ЭНХБОЛД ХУРЛЫН ДУНДУУР Г.ТЭМҮҮЛЭНИЙ НЭРИЙГ ДЭВШҮҮЛЖЭЭ-

Баян, ядуугаараа талцаж, хуваагдсан МАН-ны залуучуудын холбооны (НАМЗХ) V Их хурал өнгөрсөн амралтын өдрүүдээр бужигнаантай болж өнгөрлөө. Тус хурлаар Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэнг НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр сонгосон юм. Харвардад сурахаар явсан тус холбооны Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийн орыг залгамжлан үлдсэн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр түүнийг ирэхэд нь аль хэдийнэ суудлыг нь эзэгнэчихсэн байсан нь маргааны эхлэл болсон юм. Ингээд бие, биенийхээ эсрэг мэдэгдэл хийж, ширүүхэн тэмцэл эхэлсэн билээ. Харин энэ удаад УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг хоосон үлдээгээгүй байна. Түүнийг Залуучуудын талаар төрөөс баримтлах бодлого боловсруулах Бодлогын зөвлөлийн даргаар сонгожээ.

Уг нь МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, НАМЗХ-ны одоо мөрдөж байгаа дүрэмд заасны дагуу НАМЗХ-ны насны дээд хязгаарыг 18-35 нас байна гэсэн заалтыг хэвээр үлдээх чиглэлийг НАМЗХ-д өгсөн ч үүнийг хүлээж аваагүй байна. Ингээд 40 шүргэж яваа “мөнгөтэй” залуучууд НАМЗХ-г удирдахаар болж байна. Хурал эхлэхийн өмнө төлөөлөгчид НАМЗХ-ныхон насны хязгаарыг 39 болгох Н.Номтойбаярын саналыг дэмжээд, Ерөнхийлөгчөөрөө Л.Оюун-Эрдэнийг дэмжихээр тохиролцжээ. Гэтэл байдал өөрчлөгдөж хурлын дундуур М.Энхболд НАМЗХ-ны Ерөнхийлөгчид Г.Тэмүүлэнгийн нэрийг дэвшүүлсэн байна. Мэдээж тохирооноосоо буцсанд Л.Оюун-Эрдэнэ дургүйцэж, нэрээ татаж түүнийг дагасан хэдэн залуус бухимдаж хуралдааныг орхин гарсан байна. Тэд тусдаа шинэ холбоо байгуулахаа ч мэдэгдсэн байна. Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй залуус гарсны дараагаар гишүүдийн ирц 50.6 хувьтайгаар НАМЗХ-ны Ерөнхийлөгчид Г.Тэмүүлэнг 100 хувь дэмжжээ.

Энэ удаагийн тулаанд “мөнгө” ялсныг харуулж байна. Учир нь уг холбооны суудал нэг тэрбумд хүрсэн гэх мэдээлэл ч бий. Энэ мөнгийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, О.Содбилэг, Г.Тэмүүлэн нарын залуучууд гаргажээ. ТүүнчлэнТусгаар тогтнолын ордны хоёрдугаар давхарт байрлах УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хүүгийн гэх ресторанд НАМЗХ-ны хэсэг залуус муудалцаж, нударга зөрүүлсэн гэх мэдээллийг ч эх сурвалж өгч байна. Хоорондоо муудалцаж эхлэх үед тэднийг хамгаалагч нар гаргасан юм байна. Хаваржингаа үргэлжилсэн МАН-ын залуусын “зодоон” Ерөнхийлөгчөө сонгосноор ч дуусахгүй бололтой. НАМЗХ-ноос гарсан залуучууд нь дахин шинэ холбоо байгуулж сонгуулийн өмнө бужигнуулж өгөх бололтой.

Categories
мэдээ нийгэм

Улаанхуарангийн эцсийн буудал хүртэл авто зам барина

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу сонгогдсон байршилд баригдах авто замуудын ажлыг зохион байгуулах тухай” А/526 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны 2015 оны 07 дугаар хурлын тэмдэглэлийн дагуу Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу сонгогдсон байршилд баригдах авто замуудын ажлын жагсаалтыг баталлаа.

Батлагдсан авто замуудын барилга угсралтын ажилд шаардлагатай 1 тэрбум 22 сая төгрөгийг нийслэлийн 2015 оны төсвөөс санхүүжих Гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажлын хөрөнгөөс санхүүжүүлэхийг нийслэлийн ЗДТГ – ын Санхүү, төрийн сангийн хэлтэст, “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-д нийцүүлэн зохион байгуулахыг Гэр хорооллын хөгжлийн газарт тус тус даалгав.

Хөрөнгө оруулалтын ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ДАГУУ СОНГОГДСОН БАЙРШИЛД БАРИГДАХ
АВТО ЗАМУУДЫН ЖАГСААЛТ
/төгрөг/
Төсөл арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Төсөвт өртөг
1 Баянзүрх дүүргийн 8,16 дугаар хорооны нутаг дэвсгэр Батлан хамгаалахын сургууль орчимд хийгдэх авто замын барилга угсралтын ажил /245м/ 429,383,058
2 Эрдэнэтолгой уруудсан замаас Улаанхуарангийн эцсийн буудал хүртэлх авто зам /510м/ 592,687,760
ДҮН 1,022,070,818
Categories
мэдээ нийгэм

Гурван зам хаалттай байна

Төв шуудангаас Баруун дөрвөн зам хүртэлх замд инженерийн дэд бүтцийн шинэчлэл хийж байгаатай холбоотойгоор Цэцэг төвийн уулзвараас Улсын их дэлгүүр/УИД/ хүртэл замыг энэ сарын 21-нээс эхлэн хаажээ. Энэхүү замыг ирэх долдугаар сарын 05-ны өдрийг хүртэл хааж засварын ажлыг хийх гэнэ. Энэ хугацаанд 19 чиглэлийн 255 тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд өөрчлөлт орж троллейбусны гурван чиглэлийн 27 тээврийн хэрэгслийн үйлчилгээ түр зогсоно. Мөн Энхтайваны өргөн чөлөөний хөдөлгөөн хязгаарлагдах үед чиглэлүүд Баруун сэлбийн гудамж, Цэрэндоржийн гудамж, Жуулчны гудамж, Самбуугийн гудамж, Сөүлийн гудамжаар үйлчилгээ үзүүлэх юм байна.

Зам хаалттай байх хугацаанд:

  • Энхтайваны өргөн чөлөөнөөс Их дэлгүүрийн баруун хэсгээр зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг нэг урсгалтай болгоно
  • Нэгдүгээр сургуулийн зүүн талын замыг урдаас хойд чиглэлд нэг урсгалтай болгон зохион байгуулна.

Улиастайгаас Гачуурт чиглэлийн 11 км авто замыг өргөтгөж, шинэчилэхээр болсон. Мөн нэг метрийн диаметртэй төмөр бетон дугуй хоолойг солино. Иймээс зургадугаар сарын 13-ны 08 цагаас зургадугаар сарын 29-ны 07 цаг хүртэл энэ чиглэлийн замыг хэсэгчлэн хааж байгаа. Авто заам хаасан үед тээврийн хэрэгслийг түр замаар хөдөлгөөнд оролцуулж байна.

Харин Дамбадаржаагийн уулзвараас Шаргаморьт, Хандгайт чиглэлийн авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд 06 дугаар сарын 10-наас 07 дугаар сарын 08-нийг хүртэл Дамбадаржаагийн уулзвараас Шадивлангийн шинэ уулзвар хүртэлх хэсэгт авто замын хөдөлгөөнийг хааж хиймэл байгууламжийн ажил хийгдэнэ. Иймд хотын төвөөс хойд чиглэлийн зуслан, зуслангаас хотын төв чиглэлд зорчих иргэд Сэлбэ голын зүүн эрэг дагуух Шадивлангийн авто замыг сонгож зорчих боломжтой.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Монголчууд Кремлийн гинжнээс салаад удаж байна, Эрдэнэчимэг гишүүн ээ

Ерэн оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалыг монголчууд бид яах гэж хийсэн юм бэ. Далан жилийн турш нэг намын дэглэмд мөлхөж ирсэн ард түмэн дэлхий ертөнц дээр коммунизмаас өөр нийгэм байхгүй гэдэгт бараг л итгэдэг байсан. Ингээд хэлчихэд хэтийдсэн болохгүй байх. Капитализмыг алгасаад ирсэн хүмүүс буцаад тэрхүү хөрөнгөтний нийгэмдээ очиж болдог ч юмуу үгүй ч юм уу хэн ч мэдэхгүй л байлаа. Ухаандаа, ерэн оны ардчилсан хувьсгалын гол удирдагч болох С.Зориг Их сургуулийн шинжлэх ухааны коммунизмын онолын багш байлаа. Тэрээр социализмыг хэрхэн боловсронгуй болгох, сайжруулах тухай бодож тэмцэж байсан. Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл гээд ардчиллын удирдагчид мөн ийм бодлоор нийгмээ сөрөн тэмцсэн. Харин зарим ганц нэг сэтгэгчид нь тухайлбал, Баабар мэт нь огт өөр цаг үе ирнэ гэдгийг гардарлаж байсан болов уу.

Ардчилсан хувьсгалыг нийгмийн талаас нь аваад үзэхэд их сайндаа л социализмыг боловсронгуй болгох тухай хөндөгдөж, удирдан манлайлагчид нь ч тийм ойлголттой байх цагт бид яах гэж хувьсгал хийсэн байх уу. Уг асуултад ийн товч бөгөөд тодорхой хариулахад, монголчууд ердөө Кремлийн нөлөөг бууруулах, ЗХУ-ын мэдлээс гарах, нэг намын тогтолцоотой, дарангуйллын гэгддэг дэглэмээс ангижрах гэж ерэн оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалыг хийсэн юм. Энэ тухай ардчиллын захын нэг партизанаас асуухад “Бид Зөвлөлт холбоот улсын дагуул колони орон байсан. Тэрнээс ангижрахын тулд л Ардчилсан холбооны тэмцлийг дэмжсэн. Бид хэний ч харьяанд байдаггүй туурга тусгаар улс болох гэж ардчилсан хувьсгалын төлөө тэмцсэн” гэж хариулна. Үнэндээ ерэн оны ардчилсан хувьсгалаар Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал жинхэнэ утгаараа хэрэгжсэн гэж гадна дотны нэртэй түүхч, олон улс судлаачид үздэг. Ерэн оноос хойш монгол хүн хэн ч халдашгүй туурга тусгаар улсын иргэн гэдэг үнэт зүйлээ олж авч ирээдүйнхээ сайн сайхны төлөө тэмүүлцгээсэн. “Бусдын эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зов” гэдэг шиг хүний амьдралын эрх чөлөө, баялаг бүтээхийн үндсэн мөн чанарыг мэдэрч эхэлсэн билээ.Нэг үгээр хэлэхэд жинхэнэ утгаараа туурга тусгаар улс гэдэг итгэл үнэмшил ерээд оны ардчилсан хувьсгалаар бодит зүйл болон хувирсан юм.

Сүүлийн жилүүдэд монголчууд Оюу толгой, Таван толгойгоо их ярих болсон. Эл хоёр ордыг эргэлтэд оруулбал Монголын эдийн засаг сэргэж, ард түмний ахуй амьдрал дээшилнэ гэсэн горьдлого хэн бүхэнд байгаа. Өнгөрөгч оны сүүлээр Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар Засгийн газар шийдвэрлэж, хөрөнгө оруулагчдын тендер зарлан ялагчдыг тодруулсан. Тэгээд Таван толгойн гэрээний төслийг Их хуралд өргөн барьсан. Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Таван толгойн ордыг хөгжүүлэхтэй холбоотой хөрөнгө оруулалтын гэрээ болон хавсралт гэрээнүүдийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх ажлын хэсгийг энэ оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр байгуулсан. Ажлын хэсэг 14 хоногийн дотор шийдвэрлэнэ гэсэн ч өнөөг хүртэл ямар ч шийдэлд хүрээгүй байна. Таван толгой тойрсон яриан дээр төмөр замын асуудал сөхөгддөг. “Оросын эрх ашгийг хамгаалж байна. Үүний цаана Х.Баттулга байгаа” гэх үнэн худал нь эс мэдэгдэх яриа улс төрийн хүрээнд гардаг. Гэвч ард түмэн үүнд нэг их итгэж үнэмшээд байсан нь үгүй. Гэтэл саяхан Таван толгойн гэрээг судлах ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг тун хариуцлагагүй мэдэгдэл хийлээ.

Тэрээр “ОХУ-ын төмөр замын дарга Б.Якунинаас ирсэн захидалтай танилцсан. 2010 онд яригдаж байсан тэр хэмжээндээ биш сонгон шалгаруулалтын шалгуур үзүүлэлт өөрчлөгдөж орж ирсэн. Өөрөөр хэлбэл, хөндлөн чиглэлийн төмөр зам байхгүй. Зөвхөн урагшаа гарцтай төмөр зам бариулахаар Таван толгойн сонгон шалгаруулалт хийгдэж байгаа нь ОХУ-ын эрх ашигт нийцэхгүй байна. Путин Монголд айлчлах үеэр хийгдсэн яриа хэлэлцээрээс эсрэг байдалтай сонгон шалгаруулалт хийгдлээ” гээд хэлчихлээ. Мөн цааш нь “Гурван жилийн өмнөхөөс байдал тэс өөр болчихоод байна. Геополитикийн таатай нөхцөл байдалтай болсон учраас Таван толгойд бус эхэлж төмөр замдаа анхаарлаа хандуулж, төмөр замын асуудлыг шийдсэн тэр орнуудад Таван толгойгоо өгөх нь ашигтай” гэж мэдэгдчихлээ. Энэ чинь юу гэсэн үг вэ.

Монголын ард түмнийг төлөөлж УИХ-д сууж, төр түшилцэж байгаа гишүүний энэ үг ардчилсан хувьсгалын гол үр дүн нь Кремлийн харьяанаас гарсан, тусгаар тогтнолоо жинхэнэ утгаар нь олж авсан хэмээн сэтгэлдээ омогшиж, хараа дээгүүр бардам явдаг монгол хүн бүрийн зүрхэнд ёгхийтэл туслаа. “Бид чинь өнөөг хүртэл Оросын харьяанд байгаа хэрэг үү. Монголын тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой эдийн засаг, улс төрийн гол гол нүүдлийг Орос мэддэг юм уу. Орост байгаа хүмүүсийн эрх ашгийг эхлээд боддог дараа нь бидний монголчуудын эрх ашиг байдаг юм байна” гэх бодол олон хүнд төрж, айдас хүйдэс бий болгон итгэл найдварыг нь хугалж төрд үл итгэх сэтгэл төрүүллээ. Ардчилсан хувьсгалыг голлож хийсэн намын парламентад сонгогдсон гишүүн нь ингэж мэдэгдэхээр одоо яах вэ. Нөгөө бидний хийсэн гэж гайхуулаад байгаа ардчилсан хувьсгал маань огт үр дүнгүй юм болчихсон юм уу.

Оросын төрийн тэргүүн Путин сүүлийн үед дэлхий нийтэд дайнч мэдэгдлүүд хийх болсон. Хэдхэн хоногийн өмнө ОХУ зэвсэгт хүчнээ хамгийн орчин үеийн 40 гаруй пуужингаар нэмэгдүүлснээ мэдэгдсэн. Мөн зэвсгээ бүрэн автоматаар цэнэглэх системтэй, целээ 100 хувь устгах чадалтай, тусгаарласан хамгаалалтын бүхээгээс удирдах орчин үеийн “Армада” танкаа ч танилцуулсан.

Яг ийм үед нь Оросоос айж байгаа юм шиг, тал засаж долигонож байгаа юм шиг харь хамаагүй гүрний эрх ашгийн өмнөөс дуугардаг нь ямар учиртай юм бол оо. Монгол Улсын их хурлын гишүүн Монгол Улс, Монголын ард түмний эрх ашгийн төлөө дуугардаг болохоос хаа хамаагүй харь гүрний өмнөөс дуугарч, олон нийтэд мэдэгдэл хийнэ гэдэг маш хариуцлагагүй, улс төрийн асар том алдаатай зүйл. Монголчууд Кремлийн гинжнээс салаад удаж байна, Эрдэнэчимэг гишүүн ээ.

Бид социализм байгуулж явахдаа Кремлийн удирдлагад байсан нь үнэн. Монгол, орос ялгаагүй ижилхэн социализм байгуулна гээд зүтгэж байсан. Одоо бол тус тусдаа улс орнууд болсон.

Эрдэнэчимэг гишүүний мэдэгдэл бас нэг зүйлийг бодуулахад хүргэж байна. Өнөөдөр дэлхий нийтээр Орост эдийн засгийн хориг тавьчихаад байгаа. Энэ үед нь нөхөрлөлдөө үнэнч гэж зуйрганан, ядарсан цагт нөхрийн чанар танигддаг гэх хий хоосон үлгэр домгийн сэтгэлгээгээр хандан, улсынхаа эрх ашгийг умартан долигонож гүйх нь зохимжгүй бөгөөд улсын эрх ашигт ч таарахгүй. Үнэнч гээд саймширч сүйд болох нь юу юм, бас муулж баалаад хонзогноод байх нь юу юм. Олон жилийн найрамдалт харилцаагаа бодсон ч мөнхийн хөршөө бодсон ч алтан дундажийг нь баримтлаад төв төвшин л явбал жижиг орны хувьд маш зөв бодлого гэдэг биз дээ.

Ер нь гадны хүчирхэг улс оронд тал зассан, долигонож гүйсэн, хөл алдаж бажигадсан сэтгэхүй монголчуудад их байдаг. Түүн дотроо Орост долигонох сэтгэхүй түгээмэл. Энэ нь дунд эргэм насны монголчууд хүүхэд ахуй, оюутан байхаасаа дээрэлхүүлсээр байгаад орос хүнийг харангуутаа харц дальдран гөлсхийдэг зуршил суучихсантай нь холбоотой. Нэгнээсээ ийн айсан, гөлсхийсэн сэтгэхүй тусгаар тогтносон улс оронд маш хортой. Хоёр улсын найрамдалт харилцаанд ч таарамжгүй юм. Энэ бол том гүрний нөлөөнд багтдаг жижиг улсын ард түмэнд байдаг зовлон л доо. Мань Эрдэнэчимэг гишүүн маань ийм сэтгэхүйгээр л мэдэгдэл хийчихэв үү дээ.

Төр түшилцэж байгаа Их хурлын гишүүний үг, үйлдэл бүхэн хариуцлагатай байх ёстой. Үг бүхэн нь хийгүй, улс төрийн алдаа мадаггүй, дээр нь Монгол төрийн төлөө үг хэлж олон түмнээ уриалан зоригжуулж байх нь түүний үүрэг юм. Ингэхэд Таван толгойн асуудалтай холбоотой төмөр замд оросууд ач холбогдол өгсөн гэдэг нь үнэн юм уу. Хэн мэдэж, баталж хэлсэн юм. Монголчуудын өөр хоорондоо хийрхэцгээгээд байгаа төмөр замын талаар оросууд ямар ч бодлого бариагүй таг чиг байхад бид өмнөөс нь хөл алдан гүйж, бодоогүйг нь бодуулж, санаагүйг нь сануулчихаж байгаа юм биш үү.

“Нээрээ бидний эрх ашиг хөндөгдөж эхэллээ” гээд гэдийгээд хэвтчихвэл бид юугаа хэлэх билээ. Тиймээс Эрдэнэчимэг гишүүн улс төрийн асар том алдаатай, хариуцлагагүй мэдэгдэлдээ даруйхан залруулга хийх хэрэгтэй байна. Кремлийн нөлөөнөөс гарах гэж ардчилсан хувьсгалыг хийсэн удирдагчид, партизанууд болоод Монголын ард түмэн Эрдэнэчимэгийг залруулга хийхийг шаардаж байна. Тэгэхгүй бол бидний хэдэн түмэн үеэрээ амь нас, хөлс, цус хэдэн зуунуудын боолчлогдохын гашуун мэдрэмжийг амсан байж бий болгосон тусгаар тогтнол минь хаачсан хэрэг вэ. Бид дагуул орон мөн бишийг дэлхий нийтэд та зарлан тунхаглах хэрэгтэй байна. Таныг монголчууд харж байна.