Categories
мэдээ цаг-үе

Зуны амралтаар хөдөө явахдаа орон сууцны хулгайгаас айх хэрэггүй боллоо

Зуны дэлгэр цагт эх орныхоо үзэсгэлэнт нутгуудаар аялагсадын тоо жил ирэх тутам олширсоор байгаа билээ. Энэ жилийн хувьд хотын төв замууд хаагдсан, наадмын үеэр олон хоног амрахаар болсон, хотын дарга маань иргэдээ зуны амралтаа хөдөө өнгөрөөхийг уриалчихаад байгаа зэргээс үүдэн хөдөөг зоригсодын тоо нэмэгдэх нь гарцаагүй. Харин манай иргэдийн хувьд өөрсдийнх нь эзгүйд байр орон сууц нь хулгайд өртчих бий гэсэн айдас сэтгэлийг нь зовоож байдаг билээ. Тэгээд ч Цагдаагийн байгууллагаас жил бүр л энэ үеэр орон байрны хулгай эрс ихэсдэг хэмээн иргэдийг анхаарал сэрэмжтэй байхыг сануулж байдаг. Тэгвэл орон сууцны хулгайг таслан зогсоох боломжтой хямд, эвсээрхэн тоног төхөөрөмжийг оруулж ирээд байгаа “Дохиолол Хамгаалалтын Систем” компанийн зөвлөх Д. Атарсайхантай ярилцлаа.

-Танай компанийн оруулж ирсэн энэхүү төхөөрөмжийн гол онцлог юу бэ?

-Төхөөрөмжийн хамгийн гол онцлог нь суурилуулах болон ашиглахад маш хялбар, овор багатай, хямд төсөр, цахилгаан эрчим хүч шаардлагагүй. Хэмжээний хувьд 9х6х5 см, 145 гр буюу манай хүмүүсийн мэдэх хулгайн дохиоллын хөдөлгөөн мэдрэгчтэй овор, жин ойролцоо. Хэрэглэгч ганцхан ширхэг энэ төхөөрөмжийг гэртээ суурилуулахад хангалттай. Эзгүй үед гэрт чинь гадны биет нэвтэрсэн тохиолдолд энэхүү төхөөрөмж Таны гар утас болон урьдчилан сануулсан нэмэлт 5 дугаарт түгшүүрийн дуудлагыг дуут ба мессеж хэлбэрээр өгөх юм. Төхөөрөмжийг худалдан авсан хэрэглэгч өөрийн байрны СӨХ-ийн жижүүрийн утсыг нэмэлт 5 дугаарын нэгэнд оруулж сануулсанаар түгшүүрийн дуудлагыг маш богино хугацаанд шалгах боломжтой болж байгаа юм. Төхөөрөмж нь батарейгаар тэжээгдэн ажиллах бөгөөд батарейны ашиглалтын хугацаа 6 сар. Энэхүү төхөөрөмж нь -25 –аас +50 градусын орчинд ажиллах боломжтой тул эрчим хүч, дулаанд холбогдоогүй обьектод ч суурилуулж болох давуу талтай юм.

-Хулгайчийн фото зургийг нь аваад имэйлээр явуулдаг төхөөрөмж бас оруулж ирсэн гэсэн үү?

-Тийм ээ. Энэхүү төхөөрөмж нь мөн урдах төхөөрөмжтэй ажиллах зарчмын хувьд адил бөгөөд өөр дээрээ нэмэлт камерийн системтэй юм. Овор хэмжээний хувьд бага зэрэг том буюу 11х7х6 см, 165 гр жинтэй. Обьектод гадны биет нэвтэрсэн тохиолдолд мөн түгшүүрийн дуудлагыг хэрэглэгчид явуулахаас гадна нэвтрэгч этгээдийн фото зургийг хэрэглэгчийн имэйл хаягт илгээнэ. Ингэснээр хулгайч гишгэх газаргүй болж байгаа юм. Магадгүй тухайн үед хулгайч нь хулгай хийж амжаагүй ч гэсэн хаалга, цонх зэрэг эд зүйлсийг эвдэж гэмтээх тохиолдол цөөнгүй гардаг. Тэгвэл хулгайчийн фото зургийг авч баримтжуулсанаар энэхүү хохирлыг гэмт этгээдээр нөхөн төлүүлэх бүрэн боломжтой юм.

-Орон сууцаа удаан хугацаагаар орхин явахад хулгайгаас гадна ус алдах, гал түймрийн аюул зэрэг сэтгэл зовоосон асуудлууд бас байдаг?

-Манай компани нь орон сууцны ус алдалт, галын аюулыг мэдэрч түгшүүрийн дуудлагыг хэрэглэгчийн гар утсанд мэдээлдэг төхөөрөмжүүдийг мөн хэрэглэгчдэд санал болгож байна. Эдгээр төхөөрөмжүүд нь бас овор хэмжээ багатай, ашиглахад хялбар, батарейгаар ажилладаг бөгөөд ус алдсан ба гал гарсан тухай мэдээллийг хэрэглэгчийн гар утсанд дуут дохио болон мессеж хэлбэрээр илгээдэг юм.

-Эдгээр төхөөрөмжүүдийг ямар үнээр борлуулж байгаа бэ?

-Гар утсанд хулгайн мэдээллийг дамжуулагч төхөөрөмж нь 240,000 төгрөг, хулгайн мэдээлэл болон хулгайчийн зургийг дамжуулагч төхөөрөмж нь 340,000 төгрөгний үнэтэй. Хамгийн гол нь эдгээр төхөөрөмжийг худалдан авсан хэрэглэгч дахин нэмж ямар ч зардал гаргах шаардлагагүй байдаг нь маш том давуу тал болдог юм.

-Танай компанийн байрлал хаана билээ?

-Манай компани дохиолол хамгаалалтын чиглэлээр 10 дахь жилдээ ажиллаж байна. Хэрэглэгчид маань бараг мэдэх болов уу даа. Хүүхдийн урлан бүтээх төвийн арын 100 айл руу явдаг их тойруугийн гудамжны замаар явахад “Дохиолол Хамгаалалтын Систем” гэсэн манай хаяг тод харагдаж байдаг. Бид хэрэглэгчдийнхээ цаг завыг хэмнэх үүднээс захиалгыг үнэ төлбөргүй хургэн өгч, газар дээр нь тохируулгыг нь хийн хүлээлгэн өгч байна. Манай борлуулалтын албаны утас – 99102050.

-Ярилцлага өгсөн таньд баярлалаа.

-Баярлалаа

Categories
мэдээ цаг-үе

Хүүхдээ хүйтэн гэрт хананаасаа уяж хатсан боорцог мэрүүлээд үлдээхээс ч дор стандарт бий гэж үү

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. Гэтэл МАН-ынхан стандарт шаардаж хэлэлцүүлгийг тасалдуулж, хуулийг гацааж эхэллээ. Тэд твиттерт “Ямар ч стандартгүйгээр Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг батлах нь. Аймаар аа. Энэ үйлчилгээнд хамрагдсан

хүүхдүүд хордвол яана. Эцэг, эхчүүд минь ийм ч муухай, пээ пүү” гэж ирээд элдэв зүйл бичиж, эмгэнэлт зураг цацаад сошиал ертөнцийг давалгаалуулж чадаж байна. МАН-ын гишүүд байнгын хороо, чуулганы хуралдаан дээр янз бүрээр тодруулж, асуулт асууж, шаардах бичиг илгээгээд сүүлийн хэдэн өдөр ёстой жүжиглэлээ. Хажуугаас нь хальт харахад үнэн ч юм шиг. Нээрэн ч хэрэгтэй зүйл ярьж, шаардаад байгаа ч юм шиг бодогдохоор байлаа. Тэгвэл би хэлье. Хөдөө орон нутагт малчид өвлийнуургатай өдрөөр малаа манах уу, хүүхдээ харах уу гэдэг сонголтын өмнө зогсдог. Ингээд хэлд ч орж амжаагүй хүүхдээ хананаасаа уяж, зэхий цай залгилуулж, гол зогоох хоёр, гуравхан хатсан боорцог дөхүүлж шидчихээд малынхаа хойноос явдаг нь эцсийн үнэн. Өвлийн шуурганаар өдөржин галгүй байсан гэр гадаанаас ч хүйтэн байдгийг хүн бүр мэднэ байх. Ийм л тавилантай төрсөн малчин өрхийн хүүхэд бүхэн урт өвлийн өдөр бүр уйлж, даарч, өлсөж, цангаж өнждөг. Суурин газрын амьдрал ч ялгаагүй. Хулгай орохоос сэргийлж байшингийнхаа бүх цонхыгторлочихоод хоёр дүрсгүй хүүхдээ дааруулахгүйн тулд ширмэн пийшингээ улайстал галлачихаад үлдээдэг. Эцэг эх нь мөн л бүтэн өдрөөр хаяж явдаг нь энэ. Явахдаа бас л төмөр хаалгаа гаднаас нь дангинатал түгжчихнэ. Эрхэм Хаянхярваа гишүүн ээ, хүүхдээ хүйтэн гэрт хананаасаа уяж хатсан боорцог мэрүүлээд үлдээхээс ч дор стандарт бий гэж үү. Хууль батлагдчихвал нөхцөл байдал үүнээс ч дор болох гээд байгаа юм уу, МАН-ынхаан. Та бүхний нэхээд байгаа стандарт энэ мөн үү. Яг ямар стандартыг хуульд тусгахыг шаардаад байгаа юм бэ.

Уг нь хууль хэрэгжээд эхэлбэл эрхбиш хүүхдийг хүлээж авсан хүмүүс амьд байлгах, өлсгөхгүй, дааруулахгүй байх бүх талын арга хэмжээг авна биз дээ. Хүний хүүхдүүдийг хэдэн арваар нь нэг u1076 дор бөөгнүүлчихээд хөлдөөгөөд, шатаагаад байхгүй л байх. Дээрээ хуультай, дэргэдээ хяналттай явна гэдгийг ч УИХ-ын хэдэн эмэгтэй гишүүн хоолойгоо сөөтөл ярьж байхад ингэж гөжүүдлэхээ болиоч. Та нар 2016 оны сонгуулиа бодож л мугуйдалж, байгаа чинь энэ биз дээ. Яагаад гэвэл АН-ыг төр барьж байгаа энэ үед Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль батлагдаад, амьдралд хэрэгжиж эхэлбэл ард түмний сонголтыг эргэлт буцалтгүйгээр эрх баригчдад алдана гэж айгаад байгаа юм иш үү. Та нарын сонгуулиас болж ард түмэн чинь тартагтаа туллаа. Улс орныхоо амьдралыг, ам.долларын үнэ ханшийг хар.

Л.Мөнхөө

Categories
гадаад мэдээ

Вьетнамд үер болж, долоон хүн амь үрэгдэв

Далайн шуурганы улмаас Вьетнамын хойд хэсгийн нутагт үерийн гамшиг нүүрлэжээ. Үерт 20 гаруй өрхийн сууц урсаж, долоон хүн амь үрэгдсэн байна. Түүнчлэн дөрвөн хүн ор сураггүй алга болжээ.

“Кужира” нэртэй далайн шуурга Вьетнамын хойд эргийг дайран өнгөрчээ. Вьетнамд ойр ойрхон далайн шуурга, үер болдгоос жил бүр олон зуун хүн амь үрэгддэг аж.

Categories
мэдээ соёл-урлаг

”Марко Поло”-д тоглох манайхан Унгарт очжээ

Марко Поло киноны зураг авалт Унгар улсад эхэлжээ. Энэхүү кинонд тоглохоор шалгаруулалтад тэнцсэн соёлын тэргүүний ажилтан жүжигчин А.Цэгмид болон Монголын орлон тоглогчдын баг Будапешт хотноо очсон байна.

Энэ кинонд монгол хэлээр тоглох гурван гол
дүр байгаа бөгөөд тус дүрийн шалгаруулалтад жүжигчин А.Цэгмид,
Ц.Цэрэнболд нарыг тэнцсэн гэж мэдээлж байсан.

АНУ-ын “Netflix” компанийн 10 ангит “Марко
Поло” түүхэн киног хийж, дэлхий дахинаа хүргэсэн. Энэхүү кинонд Марко
Поло болоод монголчуудын түүхийг өгүүлдэг. Тус кинонд манай жүжигчин
Б.Амарсайхан Чингис хааны отгон хүү Тулуйн хүү Аригбөхийн дүрийг бүтээж
байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол цэргүүд Бээжингийн цэргийн жагсаалд оролцоно

БНХАУ ирэх хөрш есдүгээр сарын 3-нд
Японы түрэмгийллийн эсрэг тэмцэж, Дэлхийн II дайнд ялалт байгуулсны 70
жилийн ойг тэмдэглэх гэж байна. Ялалтын баярын гол үйл ажиллагаа нь
Тяньанмэний талбайд болох цэргийн жагсаал юм.

Тэгвэл уг жагсаалд оролцох эхний хоёр улсын тоонд Монгол болон ОХУ
багтсан тухай Хятадын Засгийн газрын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр
өчигдөр /VI.25/ зарласан байна. Цэргийн парадад Монгол Улсаас 75 цэрэг,
армийн албан хаагч оролцоно гэж эх сурвалжууд мэдээлсэн юм.

Түүнчлэн Дэлхийн II дайны үед Хятад улстай хамт тулалдаж байсан
барууны холбоотнуудын төлөөллийг урих төлөвлөгөөтэй байна гэж мэдэгджээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үйлдвэр “залгасан” хүн

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн ерөн­хий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуутай “Өдрийн сонин”-ы Ерөнхий эрхлэгчийн нэгдүгээр орлогч Б.Цэнддоогийн хийсэн ярилцлагыг нийтэлж байна.

Нэг. УЛСТАЙГАА ЦУГ ӨССӨН ИРГЭД

-Яриаг хаанаас ч эхэлж болдог. Гэхдээ таны төрсөн үеийн тухай сэдвээс эхэлбэл ямар вэ? Мэдээж хэрэг 1956 он бол ёстой гоё жил, бороо хур ихтэй байсан гэхчлэн ярина гэсэн үг биш л дээ. Тэр үед төрөгсөд нийгэмд ямар үүрэг хүлээсэн талаар лярих гэсэн санаа л даа.

-Миний төрсөн тавиад он бол Монгол оронд хотшлын давалгаа ил эхэлсэнүе байлаа. Халх голын тулаан, дэлхийн II дайн өнгөрч монголчууд төдийгүй, хүний хорвоо амсхийсэн мөчлөг. Судлаачид хэлдэг юм билээ, монголчуудын хамгийн бадрангуй үе гэж. Яагаад гэхлээр,хоёр хөрш хоёулаа БНМАУ-ыг хүлээн зөвшөөрснөөр тусгаар тогтнол бодитой болж, хүн ардын магнай тэнийсэн, ирээдүйдээ итгэлтэй болсон цаг байж. Улс орон Зөвлөлтийн жишгээр, Европын суурин соёл, технологид суралцаж байсан. Хүн ард нь ч урам зориг дүүрэн, шинэ амьдралд суралцаж “Орос хэл, оньсон техник сурах” аянд мордож байсан цаг. Энэ хэллэг бол манайхан нийгмийн шинэ эрэмбэ рүү Зөвлөлтөөр дамжин зүтгэж байгааг харуулдаг.

Жирийн малчин гаралтай аав маань мужаан, дархан, кино механикч, фото зурагчин болж байсан нь монгол хүний амьдралд нэвтэрч эхэлсэн шинэ мэргэжил, шинэ технологийн тусгал байсан хэрэг. Түүгээр ч барахгүй Бэрхийн уурхайн уурхайчны нэг болсон.Ингээд бодохоор би удам залгасан уурхайчин болж байгаа юм. Манайх долоон хүүхэдтэй өнөр өтгөн айл байсан нь Монголын хүн ам эрүүлжин, төрөлт огцом нэмэгдэж байсан үетэй холбогдоно. Манайх шиг мянга мянган өнөр айлууд нэмэгдсээр Монголын хүн ам анх удаа нэг саяд хүрсэн нь мөн л ХХ зууны дунд үеийн статистик.

-Бага насандаа ямархуу хүүхэд байв асуултад “бага хүүхэд л байсан даа” гэж цэцэн агаад адармаатай хариулсан жишээ бий. Гэх­дээ үе солигдож, амьдралын хуучин хэвшил мартагдахын хэрээр ийм асуултыг дахин дахин асуумаар санагддаг болж.

-Монгол хүүхдүүд хар багаасаа л аав эжийдээ тус дэм болж өсдөг. Манай ах дүүс ч түүнийг тойроогүй. Харин тал нутгийн ажилсаг хүүхдийн тусыг өрнөдийн түүхнээ үлдсэн хүүхдийн хүнд хөдөлмөртэй зүйрлэж боломгүй санагддаг. XIX зууны барууны болхи үйлдвэр заводуудад насанд хүрээгүй багачуул ажиллуулж, тэдэнд үүрүүлж байсан тэсвэрлэшгүй хөдөлмөр бол монгол хүүхэд хурга хариулж, аргалхормойлохоос өөр билээ. Өөрөөр хэлбэл, Чарльз Диккенсийн “Оливер Твист”, “Давид Копперфильд” нарын хувь заяанаас биднийх ондоо байсан хэрэг.

Миний бага нас ч тийм л өнгөрсөн. Намартаа манайх ангийн бригад маягтай болон гарч тарваганы арьсны төлөвлөгөө биелүүлнэ. Ангийн буутай болгонд норм өгдөг байсан цаг. Аав маань том ахтай хамт агнах, буудах ажлаа хийж, би ээжтэйгээ тарвага өвчиж, арьс дэлгэнэ. Бага насандаа сурсан юм арилах биш, одоо ч тарвага сайхан агнаад арьсыг нь зөв өвчин хатааж нэгдүгээр зэрэгт тушаачихаж чадна.

Арай том болоод хадланд явж морин тармуур хөтлөх болсон. Улмаар эмээтэйгээ нийлж мянган тоосго цохиж байсан зэргээ бодохоор, Монгол орны амьдралд гарсан шинэчлэлийн тусгал бололтой санагдана. Малчин монголчууд дан ганц бэлчээрт найдахаа болиод өвс хадлан бэлтгэж, нүүж амьдрахаа азнан барилга байшин өрж эхэлсний тусгал юм биз дээ.

-Нэгэн үе геологийн сэдэв Монголын нийгмийн амьдралд моод болж, Ч.Лодойдамбын “Алтайд” тууж уншигч олны сэтгэлийг эзэмдэж байсан гэдэг. Таны мэргэжил ч бас ийшээ холбогдох байх.

-Эзэмшсэн боловсрол маань тухайн үеийнхээ хүсэл мөрөөдлийн тусгал бол мөн. Бүгд Найрамдах Монгол Ард Улс хөдөө аж ахуй аж үйлдвэрийн орноос аж үйлдвэр хөдөө аж ахуйн орон болох зорилтоо амжилттай хэрэгжүүлж, уул уурхайн олбор­лох, боловсуулах сал­барын мэргэжилтнүүд өргөнөөр бэлтгэж эхэлсэн үе. Үүний өмнөх үе геологи хайгуулын тал түлхүү байсан нь манай эх орон хөрсөн доор­хи эрдэнэсээ хайж тэмтэрч эхэлсэн цагтайгаа уялдана.

Мэдээж энэ бол ХХ зууны Монголын бүтээн байгуулалтын домог, өнөөгийн бахархал болсон Эрдэнэттэй холбогдоно. 1981 онд Эрхүүгийг Политехникийн их сургуулийг төгсгөж ирээд мөнөөх Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрт ажилласан даа. Дараа нь 1985 онд Бор-Өндөрийн баяжуулах үйлдвэрийг “залгасан” даа.

Хоёр. БОР ӨНДӨРИЙГ “ЗАЛГАВ”

-Залгасан гэдэг нь ямар учиртай үг вэ? Тог тасраад байсныг нь холбосон, эсвэл дундуураа тас үсэрчихээд үйлдвэрийг янзалсан гэж ч арай бодохгүй байна л даа. Хоёр байгууламжийг нь холбодог юм уу?

-Манай мэргэжлийн л хэллэг юм даа. Нэг талаасаа ихээхэн өргөн утга агуулгатай,салбартаа хамгийн нэр хүндтэй, тэр хэрээрээ хариуцлагатай үүрэг юм. Шинэ үйлдвэрийн бүх талын бэлтгэлийг хангаж ажилд оруулах л гэсэн үг. Товчдоо бол машиныг угсарч, түлшийг дүүргэж, тосолгоо үйлчилгээг дуусгаад, жолоочийг сургаж үнэмлэх олгоод астаачир дарах хүртэлх процесс шиг юм уу даа. “Үйлдвэр залгасан хүн” гэдэг бол салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн амьтан болоод явчихаж байгаа юм. Ламаар бол жирийн уншлагын ламаас өсөөд хамба маягийн лам болоод явчихлаа гэсэн үг ч юмуу, зохиолч энэ тэр биш болохоор олигтой зүйрлэж чадахгүй байна л даа.

Ер нь манай салбарынхны хүчээ сорьж үзэх юмсан гэдэг ажил байгаа юм. Бор-Өндөрийн баяжуулах үйлдвэр бол дэлхийд гуравт ордог жоншны баяжуулах үйлдвэр гээд бодохоор бахархам байдаг л даа. Энд би баяжуулах фабрикийн орлогчоор таван жил, даргаар нь таван жил ажиллажээ. Дараа нь ерөнхий захирлын нэгдүгээр орлогчийг гурван жил хийгээд Эрдэнэтэд ирсэн дээ. Ерөнхий захирал нь орос хүн байсан болохоор Монгол талаасаа нэг дэх хүн гэсэн үг. Тэгэхээр хүнийхээ хувьд ч, мэргэжилтнийхээ хувьд ч бүтэж бүрэлдсэн газар маань Бор-Өндөр гэсэн үг.

Эрдэнэтээс дөчөөд хүн очиж байгаа юм. Нийтдээ 300 шахам хүн ажиллах учиртай. Ингээд ажилчин бэлтгэх, сургах нөр ажил эхэлнэ. Тоног төхөөрөмж угсрах, суурилуулах, ажлын горимд бэлтгэх бол ажлын зөвхөн нэг тал нь. Ихэнх нь морь унаж хөндөлдсөн, арай хотшсон зарим нь вьетнам кээтээр гангарсан ард олныг ажилчин, уурхайчин болгож сургах ажил нөгөө талд хүлээж байлаа. Уул уурхайн машин техникийн заавар, зөвлөмжүүдийг эхлээд орос хэл дээр боловсруулна. Дараа нь монгол болгоод тараахаас эхлээд механик ажил ихтэй.

-Малчин ардаас үйлдвэрчин ард болж буй хүмүүст хамгийн хэцүү ньюу байсан бол? Ер нь нүүдэлчид шинэ юм сурахдаа дуртай, авхаалжтай улс гэдэг ээ?

-Монгол хүн юм сурахдаа амархан. Амьдралын хэвшлээ өөрчилж, Европын технологид суралцахдаа улам зориг дүүрэн байсан. Гэхдээ энэ бол зөвхөн нэг тал нь. Хамгийн амаргүй нь юу байсан гэхээр малчин маягийн сэтгэхүй, хандлагын онцлог гэмээр нэг зүйлийг өөрчлөх байсан. Манайхан сониуч нь дэндүү, юм байвал оролдож, кноп харагдвал “Энэ дээр дарахаар яадаг юм бол” гэж сониучирхана. Заримдаа гэнэн жаахан хүүхэд шиг сониуч зандаа хөтлөгдөөд осолтой юм хийчих гээд болдоггүй талтай. Танин мэдэх оргилсон хүслийг нь унтраалгүйгээр, үйлдвэрлэлийн сахилга батад сургах л хамгийн амаргүй байсан санагдаад байдаг юм. Бэлтгэсэн хүмүүсээ Зөвлөлтийн Ярославльд хоёр сар үйлдвэрлэлийн дадлага хийлгэж авсан нь хэрдээ том дээд сургууль болж байлаа.

Гурав. ҮЙЛДВЭРИЙГ Ч, АЙЛЫГ Ч “УДИРДАХ” ЦАГ

-Яг иймэрхүү нэг жишээ санаанд орчихлоо доо. Асуулт асуухын оронд тэрийгээ ярьчих уу?

-Юу нь болохгүй билээ. Надад ч сонин байна.

-Манай хамаатны Гэлгээ ах буюу Гэлэгдорж гэдэг хүн байваа. Тэрээр нэг удаа эвдэрсэн радиогоо засах гэж жаал оролдсон байгаа юм. Тэр үеийн малчин хүн радио засна ч гэж юу байх билээ. Тагийг нь аваад юм хумыг холхиулж, сэгсэрч, нясалж үзээ л байлгүй. Тэгж тэгж нэг юмыг нь “Ингээд үзвэл яадаг юм бол” гээд долоогоод хаясан гэж байгаа. Тэгсэн чинь хэл нь хавдаад амандаа багтахгүй болж үхэнгээ алдсан гэсэн. Муудаад урсаж байсан зай тэжээлийг нь долоосон ч юмуу, бүү мэд. Манай эмээ л яриад, Гэлгээ ахыг шоолоод байдаг нь санаанд үлдэж.

-Харин тийм. Яг ийм хандлагыг л сахилга бат болгон хувиргах жаахан ярвигтай байдаг юм.Тэр үед удирдах ажил хийж байсан хүмүүс сайн мэднэ дээ, дарга гэдэг амьтан чинь зарим үед ажилчдынхаа хувийн амьдралыг хүртэл хариуцаад авч явдаг байлаа. Уурхайд хүнд хүчир зам туулсан, орон шорон дамжсан улс ч бишгүй. “Байр өгөхгүй бол одоо очижална” гэж утасдчихаад агсраад ороод ирэх ч удаа гарна. “Манай тэр авгайгаа зодоод болохоо байлаа, дарга минь очиж зохицуулаач” гэсээр ороод ирэх хүн ч байна. Тэр бүгдийг зохицуулах тусам хүмүүс нягтраад л, итгээд хүрээлээд ирдэг сонин цаг үе байсан.

Нэг удаа хүмүүс намайг дуудаж “Манай хэн амиа хорлох гээд байна. Та очихгүй бол болохоо байлаа” гэдэг юм байна. Тэгсэн чинь манай нэг эмэгтэй ажилчин байшин дээрээс үсрэхэд бэлэн зогсчихож. (Нэрийг нь хэлбэл, ач зээгээсээ нэрэлхэх байлгүй, хөөрхий)

Би аваарын шатаар авираад очтол “Таныг толгойгоо цухуйлгадаг л юм бол үсэрнэ” гэж байна. Нээрээ ч үсрэх шинжтэй. Битгий тэг гэж ятгаад нэмэргүй санагдав. Тэгэхээр нь дэмий л “Чи очиж ажлаа хийгээч. Дамжлага чинь зогслоо. Улс орны өмнө би чадна, би хийнэ гэж мэргэжлийг нь эзэмшчихээд яаж байгаа хүн бэ” гэж хэлээд үзэв.

Мань хүн “Зогсвол зогсоно биз, яадгийн. Ер нь тэр Чимгээгээрээ хийлгэхгүй юу” гэж байна. Нөхрөө хардсанаас болжээ гэдэг нь тодорхой болов. Гэтэл тэднийх хөөрхөн жаахан охинтой гэдэг нь санаанд орлоо. Тэгээд “За яахав, чи гэдэг хүн ингээд үхээд өгдөг байж. Харин Чимгээ ч хатуу сэтгэлтэй хүн. Муу охиныг чинь шоо үзнэ. Нялх амьтан хөөрхий байна даа”гээд үзлээ. Тэгтэл өнөөх чинь “Гайгүй байлгүй, тэр мууд охиноо шоо үзүүлэхгүй” гэж байхаар нь горьдлого төрлөө. “Шоовдорлуулахгүй гээд яахав дээ. Өнчин өрөөсөн амьтныг захын хүн л дээрэлхдэг дээ. За тэгээд нас бие гүйцээд ирэхийн цагт хүүе хаая гэх эхгүй амьтныг уруу татах улс ч мөн их гарна. Хөөрхий дөө” гэтэл өнөөх чинь сэтгэл үймрээд дээврийн ирмэгээс холдоод ирлээ. Тэгэхээр нь ухасхийж гараад тэврээд авсан. Сүүлд нь “Та миний амийг аварсан” гээд л баярлаад байдагсан хөөрхий, одоо хаа явдаг юм бол доо. Иймэрхүү юм захаас авам тохиолдоно.

Харин өнөө үеийн ёс суртал өөр болж дарга удирдлага нь хувийн амьдралд оролцохгүй, хүмүүс ч хувийн асуудлаа нийтийн өмнө дэлгэхгүй тийм цаг үе ирсэн байна.

-Ажил амьдрал чинь ид жигдэрч байсан Эрдэнэтээс яагаад явав? Тэр үеийн сурталчилгаанд “Намын уриа, эвлэлийн илгээлтэд зоригжин шинэ бүтээн байгуулалтыг зорив” гэж байдаг шиг юм болсон уу? Бас дарга удирдлагатайгаа таарамж муудах гэхчлэнгийн энээ тэрээ хүмүүс сайхан орчин, шинэ ажлаа орхидог байж…

-Алин ч биш юмаа. Үнэн хэрэгтээ Эрдэнэтээс явахгүй шалтгаан надад их байв. Учир нь тэнд би Бутлах, тээвэрлэх хэсгийн дарга болон дэвшиж, орон сууцанд ороод амьдрал сүрхий жигдэрчихээд байсан юм. Төвхнөж амжаагүй шинэ газар бид монгол гэрт суух нь тодорхой гэдгээс эхлээд, Зөвлөлтийн мэргэжилтнүүдээр дүүрсэн тэргүүлэх зэргийн хангамжтай цэцэглэсэн хотоос хээр талын Бор-Өндөрийг зорих хүнд алдах юм бишгүй. Ийм учраас эхнэр маань тийшээ очихдоо дурамжхан байлаа.

Гэхдээ охин маань энд эндчихсэн, эхнэрийн сэтгэл санаа жаахан тогтворгүйдээд байсан учраас нутаг сэлгээд үзвэл яах бол гэсэн санаа үе үе орж ирэх болсон хэрэг. Дээр нь бас өөрийгөө хэрдээ тоодог, хүчээ сориод үзэх дуртай, том санаатай монгол хүний хувьд нэгэн амбиц байжээ. Тэр бол дэлхийд гуравт орох том үйлдвэрийг залгасан монгол инженер гэж хэлэгдэх мөрөөдөл, цээжинд багтаад байсаннь эр зориг маягийн зүйл юм болов уу?

Ингээд л нэг өглөө сэрэхэд эцэг өвгийн нутаг Хэнтийдээ ирчихсэн, Бор Өндөртөө гэр бариад суучихсан ажлаа эхлүүлж байлаа.

-Бид яриагаа хүүхэд наснаасаа эхлээд их эрэмбэтэй явуулсан чинь яалт ч үгүй Эрдэнэт, Бор-Өндөр рүү үсрээд орчихлоо. Сонгосон мэргэжил дээр ярьж байгаад жаахан үсрэлт хийчихлээ л дээ. Өнөө “Капитализмыг алгасч” гэдэг шиг юм боллоо.

-Анхандаа би нефтийн чиглэлээр суралцах хуваарь авсан юм. Гэтэл тэр маань яваандаа уул уурхай болж солигдсон. Хэлний бэлтгэлээ төгсгөөд, тэр үеийн Зөвлөлтийн алдартай бүтээн байгуулалт болох БАМ буюу Байгал-Амарын төмөр замд ажиллаж үзсэн маань сайхан дурсамж үлдээжээ. Оюутны барилгын отряд гэж байсныг манайхан санаж л байгаа байх.

Эрхүүд байхдаа эрүүл мэндийн шалтгаанаар жилийн чөлөө авсан маань миний амьдрал, оюун санаанд ер бусын л мөр үлдээсэн санагддаг. Хилийн цэргийн офицер болоод Дорнодын Сүмбэрт томилогдсон ахыгаа дагаж манайхан гэрээрээ нүүсэн байсан цаг. Тэнд очоод орос хэлтэй “ховор” хүнд тооцогдон орос дэлгүүрийн пороомсог шалгагч хийж үзсэн. Сангийн аж ахуйн тракторчид, хилийнхнээс эхлээд янз бүрийн улс амьтантай танилцаж, амьдралын олон өнгийг ялгаж харах чадвартай болж эхэлсэн санагддаг.

Ингэж явахад олон юм бодогдож эхэлсэн. Янз бүрийн юм үзэж, гансарч гиюүрч явахдаа хүн өөрийгөө их ажигладаг болтой юм. Би гэдэг хүн юмны учрыг олж хараад, хэрхэн хийвэл зохистойг мэдрээд байгаа юм. Яг барьж аваад гардан хийх гэхээр эв дүй дутаад байдаг. Сэтгэлийн ур байвч, гарын ур байхгүй гэдгийгээ тэнд гэнэт анзаарсан юм. Ингээд, сайн боловсрол эзэмшихгүй л бол “Самбуу гуай” хол явахгүйнээ гэдгийг гүн ухаарсан. Энэ мөчөөс хойш би эрдэм боловсрол, мэргэжил мэдлэгээс өөр юманд сэтгэл хоёрдоогүй. Эргэж ирээд хамгийн хичээнгүй, хариуцлагатай оюутны нэг болж, амьдралын ханьтайгаа учран, зам мөр маань жигдэрч эхэлсэн дээ.

Дөрөв. ЭРДЭНЭТЭД ХИЙГДСЭН МЕНЕЖМЭНТИЙН ХУВЬСГАЛ

-Бор өндрийг залгасан туршлагатай хүн Эрдэнэтэд иржээ. Тэр үеийн Эрдэнэтийг олон хүн санаж байгаа. Маш их дуулиан дунд удирдлага солигдож байсан.

-Бурхан халдун уулын тахилгаас ирээд байтал Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболд дуудлаа. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын үйлдвэр эрхэлсэн орлогчоор ажиллах санал тавьсан юм. Ингээд 1998 онд ажил хөдөлмөрийн гараагаа анх эхэлсэн газартаа буцан ирлээ. Тэр үед Эрдэнэтийг тойрон өрнөсөн үйл явдал шуугиан цуурай ихтэй байсан тул хүмүүс одоо ч санаж л байгаа. Тэрхүү улс төрийн акцууд бол үйл явдлын зөвхөн нэг тал нь.

Хамгийн гол нь манайд үйлдвэр, аж ахуйг удирдах социалист арга барилд гарсан анхны том хувьсгал тэнд өрнөсөнд учир нь байгаа гэж бодогддог. Менежмэнтийн зоримог шинэчлэлийг ойлгох чадвар, хүлээн авах сэтгэл зүйн бэлтгэл дулимаг байснаас үүдсэн юм их бий. Тэр байдлыг ч ашиглах сонирхол эрмэлзэл их байсантай бас холбогдоно.

Манайхан, эмч хүн л эмнэлгийн сайн дарга болох учиртай,хамгийн сайн багш л сургуулийн захирал байх нигууртай гэж итгэсээр ирсэн байсан. Эндээсээ уламжлаад Боловсролын сайд заавал багш байх учиртай, Эрүүл мэндийн сайд нь эмч л байвал зүйтэй хэмээн үзэж асан. Тухайн салбарыг удирдах нь сайн менежер, удирдагчийн хэрэг, харин өдөр тутмын ажлыг хөтлөх нь мэргэжилтний үүрэг гэдгийг анх ойлгож, хэрэгжүүлж эхэлсэн нь тэр байв.

Үндэсний шинжтэй энэхүү шинэчлэлд бэрхшээл учруулж байсан нэг зүйл бол дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унаж, урьд өмнө байгаагүй хямдарсан цаг байлаа. Үйлдвэрт шинэ удирдлага төдийгүй шинэ менежмэнт, шинэ арга барил нэхэгдсэн цаг. Ийм онцгой нөхцөлд хүч авьяасаа сорих боломж олдсон нь надад бас л нэр төрийн хэрэг байлаа. Ингээд онцгой нөхцөлд арвилан хэмнэлтийн шинэ горимоор ажиллахаас л эхэлсэн.

Ер нь бол Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал гэдэг бол энэ улсын топ менежер, үндэсний баялгаа голлон бүрдүүлдэг салбарыг хөтөлдөг зохион байгуулагч юм шүү дээ. Харин ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч гэдэг нь эмнэлгийн бол ерөнхий мэс засалч л гэсэн үг л дээ. Бусад салбарууд нь үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнийг борлуулах, үйлдвэрлэл явуулахад хэрэгтэй бараа материал бэлтгэх, үйлдвэрлэл явуулахад хэрэгтэй ажилчдын боловсрол, цалингаас эхлээд нийгмийн асуудлыг хариуцах гэхчлэнгээр тэндээсээ урган гардаг болоод тэр. Ерөнхий захирал гэдэг энэ бүхнийг нэгтгэн удирдахаас гадна гадагшаа чиглэсэн менежмэнтийг жолоодож байдаг хүн. Үйлдвэрийн зохион байгуулалтыг бүдүүвчлэн тайлбарлахад ийм.

Тухайн үедээ Эрдэнэтийн ерөнхий захирлаар томилогдсон хуульч Д.Дорлигжавыг янз бүрээр үзэж, ил далд эсэргүүцэж байсан цаг. Тэрээр шадар сайд байсан, Батлан хамгаалах салбарыг толгойлсон ахархан хугацаандаа энэ салбарын шинэчлэлийн суурийг тавьсан, өнөө ч магтагдсаар байгаа өөрчлөлтийг хийлцсэн нэгэн. Манай багийнхан онцгой шилжилтийн үе буюу удирдлагыг салбарын инженер мэргэжилтнээс үндэсний хэмжээний топ менежер болгох хувьсгалын үеийг ч амжилттай давсан. Бас зэсийн үнийн уналтын онцгой үеийн удирдлагыгч амжилттай хэрэгжүүлсэн. Салбар салбар, цех фабрикийнхэа өмнөөс хариуцлага хүлээж, оюун ухаанаа уралдуулахын оронд “нет вопросов” (асуух юм байхгүй ээ) гэлцэн хаягаа манасан удирдах багийн арга барилыг бид амжилттай шинэчилж чадсан. Төрийн өмчийн хороо, Засгийн газраас өгсөн үүргийг биелүүлсэн гэсэн үг. Харин 2000 онд үйлдвэрийн удирдлага солигдож намайг Москва дахь төлөөлөгчөөр томилсон билээ.

-Эрдэнэтэд гурав дахиа ирсэн үе чинь бас л хямрал, зэсийн хямдрал. Таныг хямралын ч юмуу, зэсийн хямдралын үеийн менежэр гэж хэлмээр санагдчихлаа.

-Харин 2012 оны 11 дүгээр сарын 14-ний билигтэй сайхан өдөр Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогчоор эргэн томилогдож ирсэн юм. Ажил амьдралын гараагаа анх эхэлсэн энэ газартаа гурвантаа ирэх заяатайдаа их бэлгэдсэн. Хоёр дахь удаагаа ийшээ ирэх дуудлагыг Чингэс хааны шүтээн Бурхан Халдуны тахилгаас ирээд сонсож байсан. Харин энэ удаа Эзэн Чингэсийн мэндэлсэн өдрөөр ажилд томилогдож байв. Энэ бүхэн зүгээр л тэгж таарсан, тохиолдлын чанартай давхцал боловч бэлгэ дэмбэрэлд дуртай монгол хүний хувьд бэлгэшээхгүй өнгөрөх аргагүй. Тэгээд ч эзэн Чингэсийн мэндэлсэн хан Хэнтий нутгийн хүнд бүр ч их бахдал төрүүлэх нь аргагүй.

Гурав дахь томилолт маань бас л онцгой үе таарлаа. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ дахин унаж, үйлдвэрлэлд бэрхшээл учирсан үе байлаа. Дээр нь эдийн засгийн хямрал эхэлсэн цаг. Монголын эдийн засаг уул уурхайгаа дагаад хямардаг, Монголын уул уурхай нь Эрдэнэтийгээ дагаад хямардаг юм шүү дээ, ер нь. Тэгээд өмнө нь яг ийм үед, зэсийн үнэ дэлхийн зах зээлд хямарч байсан цагтажил хэрэг болгосон хөтөлбөрөө дахин шинээр хэрэгжүүлэх үүрэг надад ногдуулсан юм. Энэ бол үйлдвэрийнхээ өмнө төдийгүй, үндэстнийхээ өмнө хүлээсэн үүрэг гэж хүлээж авсан.

Юуны өмнө зэсийн үнэ өссөн сайхан цаг үеэ дагаад өртөг зардал нэмэгдсэн байсныг цэгцлэхээс ажлаа эхэлсэн. Манайхан ч намайг “Балансын комисс” хэмээх улирал хагас жилийн үр дүн, өртөг зардлыг хэлэлцэх зөвлөлөөс ажлаа эхэлдэг гэдгийг мэддэг болсон байсан. Тэндээсээ л эхэлсэн дээ. Тодорхой хүнийг муулахаас өмнө ажил хөтөлдөг аппарат гээч зүйлийн онцлогийг хэлмээр санагддаг юм. Аппарат өөрийгөө үргэлж томсгох, өртөг зардлаа нэмэх эрмэлзэлтэй. Ажилтан хүн үргэлж л албан дээрээ цайтай бол тэрийгээ кофе болгох, явган явдаг бол нормын унаа хэрэглэх, тэрийгээ сайжруулах эрмэлзэлтэй. Ийм эрмэлзэл нь ахиж дэвших, илүү ихийг бүтээх, карьераа нэмэгдүүлэх урам зориг өгч байдаг учраас уг үндсээр нь буруушаах аргагүй.

Харин бодит боломжоос хэтэрч, зохистой харьцаа алдагдвал ямарваа менежмэнтийг амжилтгүй болгодог хүчин зүйлс дотроо магнайлдаг эд. Чухамаппаратын өөрийгөө тэлэх, албан тушаал бүрийн өртөг зардлаа өсгөх эрмэлзэл дээр зөв бодитой зохицуулалт хийж, талуудын сонирхлын балансыг барихыг л удирдах урлаг гээд байх шиг байгаа юм. Би ингэж л ойлгож ажлаа, хийдэг, төсөөлсөн үрдүн, төлөвлөсөн зорилгодоо хүрдэг юм.

Тав. АЧААГ НЬ ТААРУУЛАХААС ИЛҮҮ ТУС ГЭЖ ҮГҮЙ

-Таны үеийнхэн дуурхай удирдах, уурхайчин хүнийг бий болгож тэрийгээ удирдах олон ажил давхцаж байжээ дээ.

-Өөрийгөө аминчхан, зожиг гэж зарлах хүн байхгүй. Би ч өөрийгөө нийтэч нэгэн гэж болдог. Угаасаа манай салбарынхан нийтэч хүмүүс байдаг. Ийм байхаас ч өөр аргагүй. Уул уурхайн салбарт гар нийлж байж л амжилтад хүрдэг учраас тийм байдаг юм.Бас ХХ зуунд төлөвшсөн удирдах ажилтнууд нийтэч чанараараа ижилсдэг онцлогтой. Тэдэнд аж ахуйг удирдахаас гадна нүүдэлчин амьдралаа орхин суурьшиж, шинээр иргэншиж байгаа ажилтнуудынхаа сэтгэл санаа, үзэл бодол төлөвшихөд нөлөөлөх, хотшин аж төрөх урлагт биечлэн сургах үүрэг бас ногдож байсных болов уу.

Манай Бор-Өндөрийнхөн мэднэ, 10 жил наадмын бөх тайлбарласан. Бөхийн тайлбарлагч хийх ч бас таашаалтай сайхан ажил шүү дээ. Дээр нь шатар даамнаас эхлээд сагсны аварга хүртэл болж концерт хөтөлж ирсэн. Үргэлж л хүмүүсийн дунд байсан гэсэн үг.

Олон сайхан залуусын өсч өндийх, замаа олох, аж төрлийн дөртэй болоход хэр хэмжээгээрээ тусалсан санагддаг. Намайг тэд “ах Данзан” гэж авгайлдаг юм. Хүнд тусална гэдэг бол урлаг. Хүссэн болгоныг өгөөд, албан тушаал ахиулаад дэмжээд явахыг хүнд тус болж байна гэж ойлговол эндүүрэл. Заримдаа хүссэнийг өгөөгүйгээрээ хүнд ач болдог ч удаа бий. Хүн болгонд даах ачаа, үүрэх юмны хэмжээ гэж буй. Ачаагаа хөнгөдүүлж болохгүй, тэгвэл хайран авьяас, хайран чадавхийг алдсан харамсалтай юм болно. Бас хувь тавилангаар ногдох ачааг хүнддүүлж болохгүй. Тэгвэл эмгэнэлтэй учрал болдог.Удирдах хорхойтойгоос цаашгүй амьтныг дарга болоход тусалбал амьдралыг нь нураахад дэм өгсөн хэрэг болдог юм байгаа биз дээ. Тэрний оронд “Чи маш сайн, олдошгүй ховорхон гүйцэтгэх ажилтан мөн” гэдгийг ойлгуулаад, таарч тохирох ажлыг нь олж өгөх хэрэгтэй. Өөрийгөө эрж будилж яваа хүн, хийх ёстой ажлаа олохоор баяр хөөртэй, жаргалтай болоод ирдэг юм.

Хүний хувь тавилангийн энэ нарийн заагийг харах амьдралын туршлага, билгийн нүдтэй байхыг л хүнтэй ажиллах урлаг гэдэг байхаа. Дарга удирдагч, ажлын туршлагатай инженер техникийн зүтгэлтэн, амьдрал үзсэн ахмадын хувьд олон хүнийг ачаагаа тааруулахад тус болсон юм болов уу гэж санадаг. Ачаагаа зөв тааруулсан тэр хүмүүс амьд­ралд хөлөө олохын хэрээр надад талархаж байдаг байхаа гэж итгэдэг юм.

-Хүний амьдралд оргил үе байдаг даа. Хувийн амьдрал талаасаа бол гэр бүл зохиох, үр хүүхэдтэй болох гээд тоологддог.

-Уул уурхайтай хувь заяагаа холбосон миний амьдралын гурван чухал мөчлөгийн хоёр нь Эрдэнэттэй, нэг нь Бор-Өндөртэй холбогддог. Удирдлагын хямрал, зэсийн үнийн уналт давхцсан үед нь хоёр ч удаа Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн ерөнхий захирлын үйлдвэрлэл хариуцсан орлогчоор ажиллах үүрэг хүлээж, итгэл дааж чадснаа хэлж байна. Мөн Бор-Өндөрийн баяжуулах үйлдвэрийг “залгасан” буюу хэвийн үйл ажиллагаанд хөтлөн оруулах цогц ажлыг хийсэндээ их урамшин бахаддаг. Юу юунаас илүү ийм боломж олгосон хувь заяагаараа бахархдаг. Хувь заяандаа бахаддаг нь ийм учиртай. Юмыг чаддаг байхбага хэрэг. Харин чаддагаа харуулах боломж олдоно гэдэг эрдэнэ мэт чухал. Жишээлэхэд сансарт анх нисэх бие бялдар, сэтгэл санааны боломжтой түмэн хүн байсан байх. Харин тэр боломжоо гүйцэлдүүлэх хувь ерөөл Юрий Гагарин гэдэг ганцхан хүнд л олдож. Ийм учраас боломжоо ашиглах хувьтай төрснөөрөө тэр хамгийн азтай.

Яг түүн шиг Бор-Өндөрийг “залгах”, Эрдэнэтийн хүнд үеүдэд удаа дараа очиж авьяас чадвараа сорих хэмжээний инженер, техникийн зүтгэлтнүүд манайд бишгүй байгаа байх. Харин тэрийгээ нотлох боломж олсондоо л би азтай юм даа.

Нөгөө талаасаа, би зөвхөн үйлдвэрлэл хариуцсан орлогч захирал учраас ажлын хувь заяа ерөнхий захирлаас, Засгийн газраас хамаарна. Аз болоход миний боломжийг нээсэн хүмүүс дээр маань байсан. Одоогийн манай ерөнхий захирал Ц.Даваацэрэнг оруулаад миний хэр хэмжээ, даах ачааг зохицуулаад, надад багадахгүй бас хэрээс нь хэтрээхгүй “ерөнхий” нартай хамтарсны хүчинд ажил ийм урагштай яваа юм.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

-Танай сонины хамт олонд ажлын амжилт хүсье.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Хахсан үед анхны тусламж үзүүлээрэй

Хахах нь бүх насны хүнд тохиолдож болох ч ихэвчлэн бага насны хүүхдүүд өртдөг. Хахах үед нь анхны тусламж үзүүлж чадаагүйгээс хүний амь нас хохирох аюултай. ХӨСҮТ-ийн амбулаторийн тасгийн сувилагч Ч.Сугараагийн анх­ны тусламж үзүүлэх зөвлөгөөг хүргэж байна. Жижиг тог­лоом, үрлэн чихэр, цагаан самар, бүхэл хоол унданд ч хахах үе байдаг. Хахах үед тухайн хүний аманд юу байгааг шалгаад, хоол унд янз бүрийн зүйл байвал авч хаяна. Зогсоо байрлалд бага зэрэг бөхийлгөөд, хоёр далны хооронд таван удаа гарынхаа алгаар хүчтэй цохиж доргионо. Үүний дараа аман доторхыг нь харж, хахсан зүйл гарсан үгүйг шалгана. Гараагүй бол түргэн тусламждуудаад, дараахь тусламж үзүүлээрэй.

Тухайн хүний ард нь зогс. Аврагч нэг хөлөө хахсан хүний хоёр хөлийн засвар байрлуул. Гараараа тухайн хүний хавиргыг тэмтэрч олоод суган доогуур бэлхүүсээр нь тэвэр. Гараа атгаж, эрхий хуруу талаараа аюулхай дээр нь тавь. Нөгөө гараараа атгасан гарыг нь давхар атгаж, доороос дээш чиглэлтэй хүчтэй огцом хөдөлгөөнөөр хэвлийрүү нь шахаж тат. Дээрх үйлдлийг хоолойд тээглэсэн зүйл гартал үргэлжлүүлээрэй.

Хөхүүл хүүхэд хахах үед хүүхдийн цээж толгойг алган дээрээ байрлуулан өвдөг дээрээ тавиад хоёр далны хооронд гарын алгаар огцом боловч болгоомжтой дэлдэнэ. Энэ үед толгойг доор байлгавал сайн.

Цээжийг шахаж дарахдаа хүүхдийг уруу харуулж гар дээрээ хэвтүүлээд хоёр хуруугаараа цээжин дээр нь зүрх шахах мэт огцом дарж өгнө. Хүүхдийн гэдсэн дээр дарах аргыг хэрэглэж болохгүй.

Б.ЭГШИГЛЭН

Categories
мэдээ нийгэм

Тэргүүн дагуул одтой, харагчин тахиа өдөр

Аргын тооллын зурга­дугаар сарын 26. Сугар гариг, Билгийн тооллын 10. Тэргүүн дагуул одтой, харагчин тахиа өдөр. Өдрийн наран 05.05 цагт мандан, 20.55 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтөй тул элдэв үйлд хянамгай ханд. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хагалгаа хийлгэхэд сайн. Улаа, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Аварга минь, ард түмнийхээ хайрыг л даагаарай даа” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы зургадугаар сарын 26-ны өдрийн дугаар хэвлэгдэн гарлаа. Энэ дугаарын нийтлэл, ярилцлага, сурвалжлагуудаас тоймлон хүргэж байна.

Өчигдөр Засгийн газар Таван толгойн тогтоолын төслөө буцаан татсан билээ. УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд З.Энхболд дарга энэ тухай дуулгасан юм. Энэ үйл явдлын эргэн тойронд манай сэтгүүлч Ц.Баасансүрэнгийн бичсэн нийтлэлийг нэг, дөрөвдүгээр нүүрээс уншаарай. Мөн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцсэн Хүүхэд харах үйлчилгээний тухай, Зөрчлийн тухай хуулийн хэлэлцүүлгээс хийсэн парламентын сурвалжлагыг хоёр, тавдугаар нүүрт нийтэллээ.

Манай сонины Эх сурвалжийн мөрөөр үнэнийг хайсан нь булан энэ удаагийн дугаарт хүрч байна. Өнгөрсөн мягмар гаригийн үдэш Циркийн сургууль шатсан, энэ хэргийн эргэнд тойронд эрэн сурвалжилсан “Энэ цагийнхны гарт устсан Эх дагинын дуганы шатсан шалтгаан юу байв” материалыг нэг, долдугаар нүүрээс уншаарай.

Харин “Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг гуравдугаар нүүрт нийтлэлч Э.Энэрэлийн “Аварга минь, ард түмнийхээ хайрыг л даагаарай даа” нийтлэл гарлаа. Монгол бөхийн ертөнцийг шуугиулж явсан дархан аварга А.Сүхбат өнөө жилийн наадамд зодоглох сураг дуулдаад байгаа. Уг нь, тэрбээр олон жилийн өмнө зодог тайлж, бөхийн багшийн ажилд шамдах болсон. Монгол түмнийхээ зүрх сэтгэлийг нэгэн үе баясгаж, бас нэгэн удаа ихээхэн гайхшруулаад авсан аваргын тухай гуравдугаар нүүрээс унших биз ээ.

Наадам айсуй энэ л өдрүүдэд та өнөө жилийн бөхийн тааврыг сонирхож буй нь дамжиггүй. Тэгвэл 13 дугаар нүүрээс уншаарай. Энэ жилийн наадмаар Б.Пүрэвсайхан түрүүлж, Ц.Содномдорж үзүүрлэнэ гэсэн таамаг гарч, бөх сонирхогч олон шуугьж байна.

Түүнчлэн манай сэтгүүлч С.Алтанцэцэгийн Европын орнуудаар аялсан тэмдэглэлийн үргэлжлэл өнөөдрийн дугаарт гарлаа. Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээллүүдийг “Өдрийн сонин”-оос уншина уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Цагаан сувд” хөөсөнцрийн үйлдвэрт гал гарлаа

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хасу мегават” компанийн ар дахь хоёр хөөсөнцрийн үйлдвэрт 21.20 минутын үед гал гарчээ. Гал унтраах анги дуудлага өгснөөс 10 минутын дараа очиж, галыг унтраахаар ажиллаж байгаа аж. Хөөсөнцрийн үйлдвэрийн хашаан дотор хог шатааснаас болж гал гарчээ. Галын улмаас хөөсөнцрийн үйлдвэрийн манаачийн гэр болон үйлдвэр дотор байсан бараа материал бүгд шатсан байна