Categories
мэдээ нийгэм

Ирэх сарын 20-ноос нийтийн тээвэрт смарт карт нэвтрүүлнэ

Нийтийн тээвэрт ухаалаг систем нэвтрүүлэх зорилгоор НИТХ-ын тэргүүлэгчид өнгөрсөн онд “Улаанбаатар смарт карт” компанийг байгуулахаар болсон. Тус компани “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд бүртгэл хяналт, мэдээллийн болон цахим төлбөрийн (BMS, BIS, e-ticketing) систем цогцоор нь ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. Харин зарим автобус стандартын шаардлага хангахгүйгээс болж нийтийн тээвэрт смарт карт нэвтрүүлэх ажлыг ирэх сарын 20 хүртэл хойшлуулсан байна.

“Улаанбаатар смарт карт” компани одоогоор автобусны зогсоолд ойр 30 газартай гэрээ байгуулахаар тохирчээ. Хэтдээ карт ашиглах смарт карт борлуулах 500 орчим төв байгуулахаар төлөвлөсөн байна. Эдгээр төвөөс иргэд смарт картыг 3600 төгрөгөөр худалдан авч 500-90 мянган төгрөгөөр цэнэглэх юм. Харин нийтийн тээврээр зорчихдоо хөнгөлөлт эдэлдэг иргэдэд карт олгоно хэмээн албаныхан хэллээ.

Энэхүү карт нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтэрснээр том оврын автобуснуудад кондуктар ажиллах шаардлагагүй болох юм. Мөн нийтийн тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналт сайжирч, зорчигчид гар утас болон картаар төлбөрөө хийх боломжтой болох аж.

Categories
мэдээ нийгэм

Говийн хоёр сумыг төвийн эрчим хүчний системтэй холбов

Ард иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх, орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, шаардлагатай дэд бүтцийг бий болгоход Эрчим хүчний яамны зүгээс онцгой анхаарч Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо сумдыг төвийн эрчим хүчний системтэй холбож хямд үнэтэй эрчим хүчээр хангахаар боллоо.

Ханбогд, Баян-Овоо сумыг төвийн эрчим хүчний системд холбох ажлын хүрээнд нийтдээ 35 кВ-ын 5.1 км цахилгаан дамжуулах агаарын шугамыг “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хамт олон 20 хоногт хийж гүйцэтгэн 2015 оны зургадугаар сарын 25-ны өдөр ашиглалтад орууллаа.

Энэхүү барилга угсралтын ажилд шаардлагатай хөрөнгө болох 270.0 сая төгрөгийг Рио тинто групп, “Оюу толгой” ХХК санхүүжүүлж, хамтран ажилласан юм.

“Оюу толгой” ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо сумдын ард иргэдийг байнгын цахилгаан эрчим хүчээр хангахад үнэтэй хувь нэмэр оруулж өнгөрсөн хугацаанд нийтдээ 7.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэгийг үзүүлсэн юм.

Энэхүү төслийн ажлыг богино хугацаанд хийж гүйцэтгэж, амжилттай дуусгасан “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Рио тинто групп, “Оюу толгой” ХХК, “Энержи интернейшл” ХХК-ийн хамт олонд ЭХЯ, орон нутгийн иргэд талархал илэрхийллээ.

Categories
мэдээ улс-төр

Мьянмарын Ерөнхийлөгч манай улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн энэ сарын 28-30-ны өдрүүдэд манай улсад төрийн айлчлал хийх гэж байна. Энэхүү айлчлал нь 1956 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Мьянмарын төрийн тэргүүний түвшинд хэрэгжиж буй анхны айлчлал гэдгээрээ түүхэн ач холбогдолтой болох юм. Монгол, Мьянмарын найрсаг харилцааг хөгжүүлэх, дээд, өндөр хэмжээний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой айлчлал болно.

Айлчлалын үеэр Мьянмар Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой албан ёсны хэлэлцээ хийж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар тус тус бараалхахаар төлөвлөж байна. Яриа хэлэлцээний үеэр хоёр талын харилцаа, тэр дундаа уул уурхай, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, соёлын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх болон Монгол Улсын ардчилсан шилжилтийн туршлагааас хуваалцах, бүс нутаг, олон улсын тавцанд хамтран ажиллах өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор зэхэж байна. Мөн хоёр талын харилцааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөөд байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Цэцэг төвийн уулзварыг түр хугацаагаар хаана

Энхтайвны өргөн чөлөөнд хийгдэж байгаа олон жилийн насжилттай 3А,Б магистраль шугамыг Ф600/500 болгон өргөтгөх ажлын хүрээнд Цэцэг төвийн 4 замын уулзварын автозамын хөдөлгөөнийг 2015 оны 06 дугаар сарын 26-ны 23:00 цагаас 06 дугаар сарын 27-ны 23:00 цаг хүртэл хааж, 24 цагийн хугацаанд автозамын ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН-ын бүлэг З.Энхболдод шаардлага хүргүүллээ

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт МАН-ын бүлгийн гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэх, хоёр намын зөвшилцлийн хүрээнд харилцан тохиролцсон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Сонгуулийн хуулийн төслийн боловсруулалт, хэлэлцүүлгийн шуурхай байдалд анхаарах чиглэлээр УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдод шаардлага хүргүүллээ.

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, хаврын чуулганы явц, үр дүнгийн талаар хэлэлцсэн байна. МАН-ын бүлгийн гишүүд 30 хууль тогтоомжийн төслийг УИХ-д өргөн мэдүүлжээ. Гэвч эдгээр хуулийн төслийг хэлэлцэхгүй байсаар өнөөг хүрчээ. Тухайлбал, Ахмадууддаа ач санах агуулга бүхий “Ахмад настны нийгмийн хамгааллын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэх тов тогтоолгохоор хүргүүлсэн боловч хариу ирүүлэхгүй байсаар дөрвөн сарын нүүр үзэж байна. Тиймээс уг шаардлагад “Дээрх нөхцөл байдлаас үүдэн УИХ-ын гишүүд хууль санаачлах бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүйд хүрч, олон зуун мянган сонгогчдын эрх ашиг хохирч байгааг Танд уламжилъя” гэжээ.

Иймд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс санаачлан боловсруулж, өргөн мэдүүлсэн Ард нийтийн санал асуулгын тухай, Малчдын тэтгэврийн насыг наашлуулах, ажилласан жилийг 1,5 жилээр тооцох, Ахмадын тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, 1,5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийн жилийн борлуулалтын орлогыг нэг хувьд хүргэх, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Худалдааны тухай, Алслагдсан бүс нутагт хөнгөлөлт үзүүлэх бүсийн нэмэгдэл зэрэг хуулийн төслийг УИХ-аар яаралтай хэлэлцүүлэхийг шаардсан байна.

Categories
мэдээ нийгэм

Аймгуудын баяр наадмын хуваарь

Үндэсний их баяр наадмаа аймгууд хэзээ тэмдэглэх хуваарийг хүргэж байна. Энэ жилийн хувьд Увс аймгийн түүхт 90 жилийн ой тохиож байгаагаас гадна тус аймгийн зургаан сум мөн түүхт ойгоо тэмдэглэх юм байна. Түүнчлэн Сүхбаатар, Ховд, Дорнод, Баян-Өлгий, Булган, Дундговь аймгийн зарим сумд наадамчдын хөлд дарагдаж, түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэх аж.

Архангай аймаг

Наадам долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд тохиох юм. Түүнчлэн Архангай аймгийн Хангай, Эрдэнэмандал сум түүхт 90 жилийн ойгоо долоодугаар сарын 15-17-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.

Баян-Өлгий аймаг

Баян-Өлгий аймгийн баяр наадам долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд тохиох бол тус аймгийн Алтанцөгц, Цэнгэл сумд 90 жилийн түүхт ойгоо тэмдэглэх юм. Мөн Өлгий хотын 75 жилийн ой тохиож байгаа аж.

Баянхонгор аймаг

Хонгор нутгийнхны наадам долоодугаар сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулагдах бол Баянлиг, Богд сумд 90 жилийн ойгоо тэмдэглэх юм. Баянлиг, Богд сумдын ойн баяр наадам долоодугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 1-ний өдрүүдэд тохиох аж.

Булган аймаг

Булган аймгийн тухайд баяр наадмаа долоодугаар сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон аж. Түүнчлэн тус аймгийн Сайхан суманд ирэх долоодугаар сарын 18-19-ний өдрүүдэд 4 түмэн адууны баярыг тэмдэглэхээр болжээ. Мөн Булган аймгийн Баян-Агт сумын 90 жил, Хялганат сумын 40 жилийн ой долоодугаар сарын 29-31-ний өдрүүдэд болох юм.

Говь-Алтай аймаг

2013 онд 90 жилийн ойгоо тэмдэглэсэн Алтай нутгийнхан энэ жилийн баяр наадмаа долоодугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Энэ жилийн хувьд тус аймагт ойтой сум байхгүй бөгөөд аймгийн ихэнх сум өнгөрсөн жил түүхт ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.

Говьсүмбэр аймаг

Говьсүмбэрийнхэн баяр наадмаа Зүүн бүсийн Боржигон наадамтайгаа хамт буюу ирэх наймдугаар сарын 8-9-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон байна. Тус аймагт энэ жил ойтой сум байхгүй аж.

Дархан-Уул аймаг

Ирэх жил 55 жилийн ойгоо тэмдэглэх Дархан-Уул аймгийнхан баяр наадмаа долоодугаар сарын 9-11-ний өдрүүдэд зохион байгуулна.

Дорноговь аймаг

Ноён хутагтын өлгий нутгийнхны баяр наадам долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд болох бол Улаанбадрах сум түүхт 90 жилийн ойгоо долоодугаар сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

Дорнод аймаг

Дорнод аймгийн хувьд энэ жил наадамчдын хөлд дарагдана. Учир нь тус аймгийн Цагаан-Овоо, Баяндун, Дашбалбар сумд түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэх бол Хөлөнбуйр сум 60 жилийн ойгоо тэмдэглэх юм. Ойтой сумдын наадам долоодугаар сарын 15-17-ны өдрүүдэд тохиох бөгөөд аймгийн баяр наадам долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд болох аж.

Дундговь аймаг

Дуу хуурын өлгий Дундговь нутгийн зон олон ирэх сарын 26-27-ны өдрүүдэд наадна. Түүнчлэн тус аймгийн Баянжаргалан сум түүхт 90 жилийн ойгоо ирэх сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгуулах юм. Үүнээс гадна Мандалговь хотын 50 жилийн ой энэ жил тохиож байгаа ажээ.

Завхан аймаг

Завхан аймгийн баяр наадам долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд энэ жилийн хувьд аймагт ойтой сум байхгүй юм.

Орхон аймаг

2016 онд 40 жилийн ойгоо тэмдэглэх Орхончууд өнөө жил ирэх сарын 10-11-ний өдрүүдэд наадах ажээ.

Өвөрхангай аймаг

Өвөрхангай аймгийнхан долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд баяр наадмаа тэмдэглэнэ. Түүнчлэн Хархорин суманд долоодугаар сарын 24-26-нд Өндөр гэгээний 380 жилийн даншиг наадам болох юм.

Өмнөговь аймаг

Өмнийн говийнхон ирэх долоодугаар сарын 25-26-ны өдрүүдэд “Говь шанхын хурд”-аа зохион байгуулж, наадахаар болжээ.

Сүхбаатар аймаг

Сүхбаатар аймгийнхан энэ жил дэнж хотойтол наадамлана. Учир нь тус аймгийн зургаан сум түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэх юм. Тодруулбал, Халзан, Онгон, Наран, Дарьганга, Асгат, Баяндэлгэр сумд ирэх сарын 17-19-ний өдрүүдэд ойгоо тэмдэглэх аж. Түүнчлэн энэ жил тус аймагт Зүүн бүсийн хурд зохион байгуулагдахаар болсон бөгөөд нутгийн зон олон ирэх сарын 25-26-ны өдрүүдэд бүсийн хурдаар наадамлах ажээ.

Сэлэнгэ аймаг

Сэлэнгэ аймгийн наадам долоодугаар сарын 9-11-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд Мандал сумын Түнхэл тосгоны 50 жилийн ой долоодугаар сарын 4-6-ны өдрүүдэд тохионо.

Төв аймаг

Төв аймгийн наадам долоодугаар сарын 8-10-ны өдрүүдэд болно.

Увс аймаг

Увс аймгийн ихэнх сум энэ жил түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэх юм. Тодруулбал, Завхан, Малчин, Сагил, Түргэн, Тариалан, Давс сумд түүхт ойгоо ирэх долоодугаар сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон бол Увс аймгийн 90 жил долоодугаар сарын 22-25-ны өдрүүдэд болох аж.

Ховд аймаг

Ховд аймгийн Ховд хотын 330 жилийн ой долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд тохиож байгаа бөгөөд тус аймгийн Буянт, Чандмань сумд 90 жилийн ойгоо тэмдэглэнэ. Буянт сум 90 жилийн ойгоо есдүгээр сарын 4-6-ны өдрүүдэд тэмдэглэх бол Чандмань сумынхан долоодугаар сарын 25-26-ны өдрүүдэд наадамлана.

Хөвсгөл аймаг

Хөвсгөлийнхөн долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд наадмаа хийхээр болжээ. Энэ жилийн хувьд тус аймгийн Төмөрбулаг сум 90 жилийн ойтоо бөгөөд ойн наадам долоодугаар сарын 19-20-ны өдрүүдэд тохиох аж. Түүнчлэн Цагааннуур сум 30 жилийн ойгоо долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд тэмдэглэх юм.

Хэнтий аймаг

Энэ жилийн хувьд Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Дадал сумд 90 жилийн ойгоо тэмдэглэнэ. Тодруулбал, Цэнхэрмандал сум долоодугаар сарын 8-10-ны өдрүүдэд, Дадал сум 16-17-ны өдрүүдэд баяр наадмаа тэмдэглэх юм. Харин Хэнтий аймгийн төвийнхөн долоодугаар сарын 8-9-ний өдрүүдэд баяр наадмаа тэмдэглэх ажээ.

Categories
мэдээ нийгэм

Их хотын залуусын чөлөөт бүжгийн наадам өнөө орой болно

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “UB Dance Festival” чөлөөт бүжгийн үдшийг өнөөдөр 19 цагаас Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулах гэж байна. Чөлөөт бүжгийн олон төрлийг нэг дор нэгтгэсэн бүжгийн наадам дэлхийн 40 гаруй улс оронд жил бүр болдог уламжлалтай ч Монгол улсад анх удаа болж байгаагаараа онцлог юм.

Энэхүү наадамд чөлөөт бүжгийн 24 хамтлаг өрсөлдөх бөгөөд өмнөх жилүүдэд зохион байгуулагдаж байсан бүжгиийн уралдаануудын шилдэг гоцлол бүжигчид нэгийн эсрэг нэг бүжгээр тулалдана. Чөлөөт бүжиг сонирхогчдын дунд олон төрлийн бүжгийн уралдаан зарлагдах бөгөөд тус үйл ажиллагаанд Lumino, Tatar, Montarap, рэппэр Gee, Хар тасын Марка болон дижи нарын сет зэрэг олон гэнэтийн бэлэгнүүд Та бүхнийг хүлээж байна гэж Нийслэлийн Соёл, урлагийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Тавантолгойн гэрээний төслийг С.Баярцогт хариуцна

ТТ-н гэрээний төслийг Засгийн газар эргүүлэн татахаар болсныг өчигдөр УИХ-ын дарга З.Энхболд мэдэгдсэн юм. Засгийн газар уг төслийг засч, сайжруулаад удахгүй УИХ-д өргөн барих юм байна. Таван Толгой-Гашуунсухайт чиглэлийн 267 километр төмөр замын 51 хувийг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн мэдэлд өгнө гэсэн ажлын хэсгийн саналыг тусгаж оруулж ирэх гэнэ. М.Энхсайханы хувьд энэ өөрчлөлтийг гэрээнд тусгах асуудлыг хөрөнгө оруулагчид сайшаахгүй гэдэг үндэслэлийг хэлж асуудалд оролцохгүй гэдгээ мэдэгджээ. Ийм шалтгаанаар М.Энхсайхан биш С.Баярцогт цаашид хариуцахаар болсон аж. Ямартай ч гэрээний төсөлд зүүн чиглэлийн 1300 километр шинэ төмөр замыг барих заалт багтах нь тодорхой болжээ. Санхүүжилтийг нь хөрөнгө оруулагч нар гаргах, Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн 267 километр төмөр замын 51 хувийг “Монголын төмөр зам” ТӨХК- ийн мэдэлд өгөх гэсэн заалтууд ч гэрээний төсөлд орж таарах нь.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар 3.6 тэрбум долларын бонд гаргасан гэв

Монголын Засгийн газар олон улсын зах зээлд “Dim Sum” бонд гаргалаа гэсэн мэдээллийг Хятадын хэвлэлүүд өгч байна. Монгол Улс Хятадын Банкаар дамжуулан 3.66 тэрбум ам.долларын бонд гаргахаар болсон гэнэ. “Dim Sum” гэдэг нь үндэсний мөнгөн тэмдэгтийг ашиглахгүйгээр Хятадын мөнгөн тэмдэгтээр буюу юаниар Хятадаас гадна зах зээлд гардаг бонд аж. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр эхний ээлжинд өчигдөр нэг тэрбум юанийн бондын арилжааг олон улсын зах зээлд гаргасан байна. Жилийн хүү нь 7.5 юм байна. Монгол Улс Их Британийн дараа олон улсын түвшинд “Dim Sum” бонд гаргаж буй хоёр дахь орон болж байгаа аж. Энэ үйл явдал Хятадын Банкны хувьд Бээжингийн хуучин болон шинэ (далайн) торгоны замын хөрөнгө оруулалт, худалдааг нэмэгдүүлэх “Нэг бүс”, “Нэг зам” төлөвлөгөөнд ашиглах 20 тэрбум долларын зээлийн шугамыг өргөжүүлэхэд тустай юм байна.

Categories
мэдээ нийгэм

Tүүх, соёлын үл хөдлөх дурсгалыг тоолно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулж, хөрөнгө гаргах тухай” А/529 дүгээр захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын үзлэг тооллогын ажлыг 2015 оны 06 дугаар сарын 20-ноос 09 дүгээр сарын 20-ны хугацаанд зохион байгуулна. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын үзлэг тооллогын ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллана.

Үзлэг тооллогын ажилд шаардагдах 3 сая 870 мянган төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгав.Тухайн дүүргийн нутаг дэвсгэрт үзлэг, тооллого хийх багийн унаа, хоолны зардлыг санхүүжүүлэхийг дүүргийн Засаг дарга нарт, Үзлэг тооллогын ажлыг чанартай зохион байгуулж дүнг 2015 оны 09 дүгээр сард багтаан танилцуулахыг Ажлын хэсэгт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.