Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Аварга минь, ард түмнийхээ хайрыг л даагаарай даа

Дэнж хотойтол наадах монгол наадам юу юугүй эхэллээ. Хойтон жилийн наадам хол байна даа гэж гуниглан одсон хүмүүс хэдийнэ гуниг нь үргэж хулжаад бөөн баяр бялхуулан баяр наадмын өнгийг шинжицгээнэ. Хэний хурд хэдэд ирэх бол, хэн хэн барилдаж наадамчин олноо баярлуулах бол гэдэг наадмын урьтал яриа мэт боловч бүхэлдээ наадмын үндэс нь болж байдаг билээ. Тэгж л ярьж, тэгж таамаглаж, тэгээд онож буудах нь наадам хэмээх баярын мөн чанар.

Бөхийн барилдаанд аль болох дархан аваргууд барилдвал бүр ч их баярладаг. Олон давахдаа биш ерөөсөө тэд наадмаар үзэгдэжл байвал болчихдог юм, наадамчин олонд. Дархан аваргатай наадам аав нь ирээд хоол ундаа идээд бужигнаж байгаа айл шиг халуухан, галтайхан байдаг сан. Сүүлийн жилүүдэд дархан аваргууд зүлэг ногоон дэвжээн дээрээ барилдахаар гарч ирэх нь цөөрч, наадам болдгоороо болох ч найраг шүлгээр дутаж буй мэт л байсан билээ. 2006 онд дархан аварга Ж.Мөнхбат, 2007 онд дархан аварга Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ, 2011 онд дархан аварга Х.Баянмөнх нар зодоглож, наадамчин олноо баясгасан. Түүнээс хойш аавгүй баяр шиг дутуухан явсаар ирэв. Харин өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн зарлигаар Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар дархан аварга цол хүртсэнээр ид залуухан дархан аваргуудтай болж, бүгд л магнай тэнийтлээ баярласан даа. А.Сүхбат аварга эргэн барилдаж байна, идэр залуу дархан аваргуудтай сайхан наадам болох нь гэсэн хөөрөлхөл тэгсгээд гурвын даваа хүрэв үү, үгүй юу унтарч, үнэндээ юу болоод байгааг нь ойлгоогүй өнгөрсөн. Тэгж их хөөрч дэрвэсэн сэтгэл ус хийлгэх мэт унтарсан болохоор цэнгэлдэхийг орхиод гарсан хүмүүс ч олон байсан гэдэг.

Өнөө жил ч “Наадмаар хоёр залуу дархан аварга маань барилдах нь дээ. Бөх сайхан болох нь ээ” гээд хэдийнэ яриад эхэлжээ. Бас хэн нь зүүний магнайд зогсох бол гэж хэвлэлээр таамаг яваад эхэлсэн нь ноднингийн хэрэг явдалтай холбоотой. Хоёр дархан аварга барилдах нь гэж хөөрсөн хүмүүс олон ч бас өнгөрсөн жилийнх шиг юм болчих вий гэж битүүхэн түгшиж байна. Үнэндээ хүүхэд байхаасаа нэг зүлэг ногоон дэвжээнд зодоглож, хамтдаа унаж босч, өсч өрсөлдөж байхыг нь харсаар ирсэн түмэн олонд хамгийн хэцүү даваа тэр л байдаг юм билээ. Яг яах гээд байгаа юм, юу болоод нэг нь амлаад тэгснээ элэг бүсээ тайлаад өгчихөж байгаа юм. Түүнд нь ямар утга учир, ёс ёмбо, өс хонзон яваад байгаа юм бүү мэд. Наадамчин олны мэдэх зүйл эр бярын хүчээр, унавал чиг унаад, давбал чиг даваад түмэн олноо цэнгүүлэх л явдал байдаг. Үнэндээ тэд нарт чинь хэн нь зүүнээс босох, хэн нь баруун дээр тунах нь падлий ч байхгүй. Үнэнч шударгаар, эр бярын хүчээ гайхуулахад л хөөрч, уухайлаад явчихдаг хүмүүс. Дархан аваргыг унасан чдавсан ч “Аварга сайхан байна аа, яагаа ч үгүй байна шүү” гэнэ.

Тиймээс өнөө жилийн наадмаар энэ хэдэн бөх ухаантайхан байгаасай гэж эрхгүй хүсэх юм. Бөхчүүдэд гавьяа цол, орох орон, унаа тэрэг, хайр хүндлэл, эрх ямбыг монголчууд харамлаж байсан удаагүй ээ. Байгаагаа дэлгээд л тэднийг угтдаг. Түрүүлсэн бөхөө хийморь лундааны сүр болсон мөрөн дээрээ тавиад л гүйдэг. Тийм л ард түмэн. Заалны нэг барилдаанаас нөгөө барилдааны хооронд хөлстэй хувцсаа үүрээд гүйсэн залуучуудыг монголчууд тэгж тэнхрүүлж, тэгж борвийг нь тэнийлгэдэг юм. Тэдэнд хайр хүндэтгэл, гавьяа цол өгөх эсэхээ ард түмэн мэднэ харин тэд өгсөнгүй, харсангүй гэж гоншигнох учир байхгүй. Харин тэд жилдээ ганц болдог монгол наадмаар ард түмнээ баясган цэнгүүлэх л үүрэгтэй. “Цэргийг зуун жил тэжээж нэг өдөр ашиглана” гэдэг шиг л наадмаар ганц сайхан барилдаан үзэх гэж тэр шүү дээ. Гэвч бөхчүүд маань зодоон хийлээ, хүн буудлаа, хүүхэн зодлоо гээд юм, юм л сонсгох юм даа.

Ард түмэн анх гарч ирсэн цагаас нь хайрандаа өлгийдөж авсан нэг сайхан бөх бол А.Сүхбат аварга. Түүний хурдан шаавай хөдөлгөөн, уран гоё мэх, унаж явснаа босч үлддэг урлаг. Үнэхээр гайхмаар, бахархсандаа аньсага чийгтмээр. Монгол бөхийг уран гоё болгож, уяа бөх гэсэн ойлголтыг халж, хүн унагадаг мэх нь шинжлэх ухааны судлагдахуун болох шахсан бөх. Гэвч сүүлийн жилүүдэд тэгж хайрлаж бахаддаг бөхөө харах тоолонд эмтрээд байх боллоо.

Уулзах бүрийдээ зовлон тоочоод байдаг хүмүүсээс зугтмаар байдаг даа. Түүн шиг л ам нээх болгондоо А.Сүхбат маань нэг л их гадуурхагдаж, зовсон амьтан байх юм. Түүний яриагаар энэ Халхын хавтгайд түүн шиг өөд нар үзээгүй хүн үгүй бололтой. Дийлдэшгүй их гомдол, туниас. Зодог тайллаа гэж олон хүний сэтгэлийг шархлуулж, хэдэн жил зовоосон. Тэгээд нэг эргэж ирэхдээ баруунаас биш зүүний магнай болж зогсоно гэж зовоосон. Тэгснээ хоёр дархан аварга барилдаж байгаа наадмынхаа нэгийг нь амлан авч, тэгснээ өөрөө бууж өгөөд. Ерөөсөө хүмүүсийн сэтгэлзүйгээр бүтэн наадчихаж байгаа юм. Тааруухан зүрхтэй амьтан бол аль хэдийнэ чад хийчихмээр л байсан. Хоёулаа нэг зарлигаар цол хүртсэн дархан аваргууд атлаа нэг нь нөгөөгөө амлан авч байгаа нь дэндүү жудаггүй, хүний гэхэд хүний чанарын зий ч үгүй байсан билээ.

Тийн хэрэг өдөөж алга болчихоод одоо дахин гарч ирэхдээ бас л дүүрэн гомдол. Тайлагдаж болдоггүй гомдол юм уу. Өөрийгөө хэлмэгдсэн талаар аварга маань их ярина. Үнэхээр энэ үнэн үү гэж түүнээс асуумаар байх юм.

Монголчууд хайр халам­жаар бөхчүүдээ дутаадаггүй гэж дээр дурдсан. Эр эрийн дотроос бөх тэхээ дээдэлдэг учраас тэднийг гар дээрээ өргөөд л амьдруулчихдаг. Оюун санааны бядтай зохиолч сэтгэгчид, баялаг бүтээгчдээ ч тэгж дэмждэггүй атлаа бөхчүүдийг л гэдэг.Төрийн шагналт зохиолчоо Төрийн ордноос мөрөн дээрээ авч гардаггүй атлаа, Төв цэнгэлдэхээс бөхчүүдээ мөрөн дээрээ залаад л гардаг шүү дээ. Монгол түмний хайр халамжаар бөхчүүд юугаар ч дутаж үзээгүй улс. Дархан аварга А.Сүхбат та ч Монголын ард түмний хайр халамжинд умбаж яваа юм биш үү. Танд бүх зүйл бий, бүр хэд хэдээрээ ч бий. Гавьяа шагнал ч ер дутаагүй. Дархан цаазтай ууландаа нэг ам хашиж өгчихөөд дэргэдүүр нь явахдаа аваргын буян хишиг хэмээн сүслээд өнгөрдөг. Тийм л ард түмэн. Таныг хаана ч яваад очсон “Аварга минь” гээд ухасхийдэг хүмүүс. “Ганц улаан дээлтэй муу хүү минь” гэсээр таны барилдааныг үзэх гэж Бөхийн өргөөнд жилийг бардаг хөгшид ч байдаг байлаа.

Ийм ард түмэнтэй атлаа юунд гомдож туниж, нус нулимс болж явна вэ. Сүүлийн хэдэн жилийн турш л Монгол их түмний баяр наадмын хойморт хар нулимс савируулж, хадмынхаа суганд толгойгоо хавчуулаад сууж байхыг чинь үзлээ. Эсвэл барилдаж биш лоозон барьж дэвэх юм. Үнэндээ тэнд цугларсан хүмүүс уран гоё барилдааныг чинь үзэх гэж ирдэг болохоос уран гоё донгодсон лоозонг чинь харах гэж ирдэггүй.

Энэ жилийн наадмаар жижиг Сүхбатаа үзнэ гэсэн олон хүн цугларна. Элдэв юм яриад байгааг нь ойлгохгүй ч зүгээр л сайхан барилдчихаасай гэж найдсан бүр ч олон хүн ирнэ. Ард олныхоо итгэлийг хүлээж, хайрыг дааж сайхан барилдаарай, аварга минь. Урьдынх шигээ уран гоё барилдаанаа үзүүлж, бууж өгөлгүй, бусдад аархаж амлалгүй наадамчин олноо баясгаарай. Хоёр идэр залуухан дархан аварга маань зүүн, барууны магнайдаа ханхайтал зогсч, аль болох олон даваанд хоёр биедээ дэм болж үзэгдэж ард түмэндээ цэнгэлийн магнайг эдлүүлээсэй гэж эрхгүй хүсч байна. Аварга минь, ард түмнийхээ хайрыг л даагаарай даа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Энэ цагийнхны гарт устсан 130 жилийн түүхтэй Эх дагинын дуганы шатсан шалтгаан юу байв

“Дашчойлин” хийдийнбаруун талд байрлах МУГЖ Ж.Раднаабазарын нэрэмжит Циркийн сургуулийн байрандөнгөрсөн хоёр дахь өдрийн орой 21.00 цагийн орчимд гал гарч байгууламжийн 70 хувь шатсан юм. Сургуулийн байрандгагнуур хийснээс болж гал алдсан байж болзошгүй мэдээлэл бий. Зарим хэвлэл “Бөмбөгөр ногоон” театр гэх мэтээр андуурч энэ байгууламжийг Циркийн сургуулийн байртөдий байсан мэтээрмэдээлжээ. Гэвч энэ байр олон түүхийг багтаасан 130 жилийн настай. VIII Богдын их хатан Дондогдуламд зориулж бариулж байсан бөгөөд тухайн үедээ Эх дагинын дуган нэртэй байсан юм. Хожим нь энэ байгууламжийг ЮНЕСКО-д бүртгүүлсэн түүхтэй. Монгол­чуудын хувьд соёлын өвийг багтаасан гайхамшигт түүхийн нэгэн гэрч юм. Харамсалтай ньэнэхүү соёлын өвийг бидгалд“өргөчихлөө”. Гал гарсан нь ямар нэгэн санаа зорилготой байв уу, хэн нэгний санаатай үйлдэл үү. Арай газрыг нь авах гэж санаархсан юм биш биз гэсэн олон нийтийн хардлага твиттер, фэйсбүүкийн орчинд өрнөж байна. Мөн Эх дагинын дуган буюу бидний хэлж заншсанаар Циркийн сургуулийн байр энэ удаа галд өртлөө. Дараагийнх нь магадгүй Чойжинламын болон Богд хааны музей байж болох юм гэж судлаач, эрдэмтэд хардаж буй нь нууц биш юм. Иймд бид “Эх сурвалжийнмэдээллийн мөрөөр үнэнийг хайсан нь” буландаа Эх дагинын дуганыг онцолж,юунаас болж гал гарав, хэн нэгний санаатай үйлдэл байв уу. Бидний хувьд соёлын өв гэж их ярьдаг. Гэхдээ яг бодит байдал дээр түүнийгээ анхаарч байна уу гэдгийгнэхэн сурвалжилжцувралаар хүргэж байна.

ГЭР ДУГАН МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АРХИТЕКТУРЫН ДУРСГАЛ

Энэ тухай бичихээсээ өмнө ямар түүхийн соёлын өвөөбид үгүй хийчихээд буйг сануулъя.Монголын уламжлалт уран барилгын дурсгалын нэг нь гэр хэлбэрт модон дуган бөгөөд түүний төлөөлөл нь Эх дагинын дээрх дуган байсан юм. Улаанбаатар хотын гэр хэлбэрийндугануудыг 1975-1976 онд хэмжилт судалгаа хийж, сэргээн засварлах зураг төсөл боловсруулан 1981-1982 онд сэргээн засварласан. Гэр дуганууд нь Монголын үндэсний архитектурын дурсгал учраас 1971 онд Улаанбаатар хотын хамгаалалтад авчээ. Энэ дугануудыг барихад Монголчуудын хамгийн түгээмэл сууц гэрийн үндсэн хийц, зохиомжийг үндэслэн зохион төлөвлөсөн байдаг.

ЭХ ДАГИНЫН АЙМГИЙН ГЭР ХЭЛБЭРТ МОДОН ДУГАН

Түүхийнсурвалж бичгүүдэдЭх дагинын дуганыг 1880,1883,1903,1904 ондбосгосон гэх мэтээрянз янзаарбичдэг ажээ. Харинтүүхийн судлаачэнэхүү дуганыг 1897 онд бариулж эхэлсэн гэдгийг тогтоосон байна. Үүнээс хойш 1897 он гэж явах болжээ.

Энэ дуганыг YIII Богдын хатан Дондогдуламындуганыг байгуулж Эх дагинын аймаг гэж нэрлэсэн байна. Аймаг гэж нэрлэсний учир нь шашны захиргааны үндсэн нэгж бөгөөд аймаг бүр өөр өөрийн дуган шүтээнтэй, түүндээ өдөр бүр хурал ном хурдаг байжээ. Богдын хүрээний гучин аймгийн хамгийн сүүлийн аймгийн дуган бөгөөд уг дуганд Чойнхор бурхныг шүтээн болгож мянга орчим лам хурал хурж байжээ.Улаанбаатар хот дахь гэр хэлбэрт модон дугануудаас үлдсэн дугануудын хамгийн том нь Эх дагинын аймгийн дуганууд юм.

МОНГОЛ УЛСЫН СҮҮЛЧИЙН ХАТАН ДОНДОГДУЛАМ

Монгол Улсын сүүлчийн эзэн хаан Монголын шашин, төрийн эрхийг хослон барьсан YIII Богд Жабзундамба хутагтын их хатан, Улсын Эх дагина Цэндийн Дондогдулам гэж байв. Тэрээрхаантнышашин төрийн үйл ажиллагааг дэмжигч, дотнын зөвлөгч, байгаад зогсоогүй эх орон, зон олныхоо Эх Дагина хэмээн өргөмжлөгдсөнбайна.Цэндийн Дондогдулам нь 1874 оны 10 дугаар сарын 15 -ны өдөр Сэцэн хан аймгийн Хөвчийн Жонон бэйлийн хошууодоогийн Хэнтий аймгийн Баян-Адрага сумын“Дуурлиг” хэмээх газартЦэнд хиагийнд мэндэлсэн гэдэг.Дондогдуламыг “Эх Дагина”-д өргөмжлөх ёслол үйлдэж, “Ачлалт, ялгуун дагина, эрх Цагаандарь эх” цол олгожээ. Үүнийхээ дараа Эх Дагинын аймгийг байгуулан, шавь олноос 4700 гаруй лан мөнгийг татварлан дуган бариулж, 1442 лан мөнгөөр жасын хөрөнгө хүүлэх мөнгөний эх үүсвэр тавьсан гэдэг. Энэ аймагт хэрэглэх бурхан тахил, ном судрыг Богдын ордноос авчруулан нэр хүндтэй лам нарыг суулгажээ. Энэ дуганыг Богд Жавзундамбын их хатан Дондогдуламын зуны сэрүүн лавиранч гэж нэрлэж байжээ. Уг сэрүүн өрөөндөө их хатан бурхан тахил, ном судар хадгалахаас гадна түүний уран дархан, сийлбэрч, барималч, оёдолчин, бичгийн их мэргэд амьдарч, уран бүтээлээ туурвидаг байсан гэдэг.

1911 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж, монголчууд Манжийн эрхшээлээс гарчМонгол төрийнтусгаар тогтнолыг тунхаглан зарлаж Монголын шарын шашны тэргүүнБогд Жавзундамбахутагтыг эзэн хааны сэнтийд залахад түүний эхнэр ДондогдуламыгУлсынЭх Дагина хэмээнөргөмжлөн “Шашин төрийг хослон өрнүүлэгч улсынэхДагинын тамга” гэсэн дардас бүхий тамга олгожээ. Ийнхүү Богд болон Эх Дагиныг монголчуудын тусгаар тогтнол, төр улсын билэгдэл болгон хүндэтгэн өргөмжилсөн байдаг.

МАРШАЛ Х.ЧОЙБАЛСАНӨРГӨӨГ ЦИРКИЙН ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХ ТУХАЙ ТУШААЛ ГАРГАЖ БАЙЖЭЭ

Энэ гэр дуган нь тэр цагаас хойш “Эрх дагинын номун өргөө” хэмээн нэрийдэж явсаар дайны үед зэр зэвсэг хүртэл хадгалах агуулах болгон ашиглаж байсан гэх мэдээ бий. Харин 1930-аад оноос Маршал Х.Чойбалсан энэ өргөөг циркийн зориулалтаар ашиглах тухай тушаал гаргасан байна. Ингэж Улсын циркт шилжүүлсэн бөгөөд ардын зураач Намхайцэрэнгийн зураг төслөөр циркийн зориулалтаар өөрчлөн засварлажашиглах болсон байна. Дуганы голд байх дөрвөн баганыг архитектор Намхайцэрэн гүүрийн холбоос хийх аргаар дотоод зохион байгуулалтыг нь өөрчлөн циркийн манежийг бүтээжээ. 1940 оноос циркийн сургуулилт эхэлсэн байна. Хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд энэхүү дуган нураах байруудын жагсаалтад багтсан түүхтэй. 1971 онд Улсын цирк шинэ барилгатай болсноор “Хуучин цирк”-ийг Циркийн сургууль болгон шинээр суралцагсад бэлтгэлээ хийх болсон байна.

Тиймээс салбарын яам энэхүү барилгыг суллаж “Дашчойлин” хийдэд музей болгон өгөх бус циркийн зориулалтаар сэргээн засварлаад ашиглах нь зүйтэй гэж үзэж байжээ. 1990 оноос хойш түүхийн үнэт дурсгалЦиркийнсургууль нэртэй чтал талаасаа сэглэгдээд баар цэнгээний газар, дэлгүүр хоршооболсон байдаг. Сүүлийн жилүүдэд хуучин циркийг нурааж орчин үеийн орд харш сүндэрлүүлнэгэсэн чиньуг газраас үнэтэй бурхан, хэн нэгнийг нууцлан оршуулсан булш, хүний араг яс гарсан гэжхэвлэлээр бичигдэж байжээ. Тэгээд учир битүүлэг булшийг хөндөхөөс цэрвээдДондогдулам хатных ч юм билүүгэж айгаад оролдохоо хойшлуулсан гэх яриа одоо чбий. Улсын хамгаалалтад байх ёстой, түүх, соёлын ховор дурсгалт газрын нэг бол яах аргагүй хуучин цирк юм. Засгийн газрын шийдвэргүйгээр хэн ч эзэмших, худалдах, устгах эрхгүй.

ТЭНД ХЭН НЭГНИЙ БУЛШ БИЙ ЮУ

Циркийн ахмадуудын ярьснаар, 1950-иад оны үед циркийнхэн алиалагчийн болон илбийн үзүүлбэрээ сайжруулах зорилгоор манеж доогуур ухаж хүн явах зам татаж байжээ. Тэгтэл нэг өдөр яалт ч үгүй шарилтай тулгарч ихэд сандарч тэвдсэн гэнэ. Тэр дор нь дарга нартаа хэлж,үнэн худлыг шалгасан гэдэг. Яах ч аргагүйхэн нэгнийг нямбайлан оршуулсан булш байна гэдгийг нүдээр үзэж мэдээд Намын төв хороонд яаралтай мэдэгджээ. Төв хорооны бие төлөөлөгч циркчдэд яриа таниулга хийж, булшны талаар ганц үг ганхийж болохгүй гэдэг үүрэг өгсөн гэдэг. Өмнө нь циркийн доогуур ухаж төнхөж байхад алт мөнгөн зоос, тахилын цөгц зэрэг бурхан шашны эд зүйл гарч байсныг циркчдийн түрүү үеийнхэн ярьдаг.Энэ явдлын дараа хэдхэн хоногийн дотор циркчдийн ажлыг зогсоож,нөгөө шарилыг цементлээд хэн ч харсан жирийн нэг хана шиг болгосон гэдэг.

“БАРИЛГА СУЛЛАЖ ӨГНӨ ҮҮ” ГЭСЭН БИЧИГ ИРЖЭЭ

Хуучин цирктэй хаяа нийлэн оршдог “Дашчойлин” хийдийнхэн 2013 онд дахин тухайн үеийн Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд “Циркийн сургуулийн барилгыг суллан, манайд өгнө үү. Манайх уг барилгыг сэргээн засаж, музей болгох хүсэлтэй байна” гэсэн албан бичиг илгээж байжээ. Үүний дараа ССАЖЯ-наас Циркийн сургуульд “Барилга суллаж өгнө үү” гэсэн шаардлага тавьсан байна. Үүний хариуд циркчид “Бидэнд бэлтгэл хийх, хичээл сургалтаа явуулах өөр газар байхгүй учраас барилгыг маань сэргээн засаад Дашчойлин хийдийн 1.7 га газарт өөр төрлийн барилга байгууламж барихгүй байх үүргийг Нийслэлийн засаг дарга хүлээдэг.Харин уг байгууламжийг яаралтай засах шаардлагатай гэсэн дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын газраас гаргаж байжээ. Оронд нь өндөр барилга барих тухай яриа ч дээд шатанд гарч эхэлсэн байна.

Г.ЯЛГУУН

Categories
мэдээ цаг-үе

Өнөө жилийн наадмаар Б.Пүрэвсайхан түрүүлж, Ц.Содномдорж үзүүрлэнэ (үргэлжлэл)

Өсөхөө аварга өнгөрсөн жил Тариатын хүрээнээс начин цолтон төрүүлсэн. Даанч тэр нь допингийн асуудлаас болж цолоо хураалган балраад байгаа. Тиймээс энэ жил баталгаатай нэг начин төрүүлнэ. Харин хэнийг вэ. Бөх сонирхогчид өөрөөс нь илүүтэй таамаглачихсан байгаа. “Бөхбилэгт” дэвжээ буюу галынхаа залуучуудаас нэгийг нь дэмжих байх. Дархан аваргын таалалд хэн нийцэж, аз нь шовойдог бол. Архангай аймгийн Булган сумын уугуул Ч.Ганзориг сүүлийн үед тун сайн барилдаж байгаа. Тэрээр 2006 онд Казахстаны Алма-Атад болсон чөлөөт бөхийн тэм­цээнээсАзи тивийн аварга болж байсан. Олон улсын хэмжээний мастер цолтой. Харин сүүлийн үед үндэсний бөхөөр дагнан хичээллэж байгаа. Түүнийг дөрөв даваад гараад ирвэл аварга авах магадлалтай. Д.Рагчаа гарьд, М.Батжаргал харцага нар аваргаас Ганзоригийг авчих гэж гуйна. Харин жилийн жилд үг дуугүй дээлийнх нь захыг мушгиад зогсож байдаг Хишигдорж заан Бадарчийгаа санал болгоно. Учир нь аймгийн арслан МягмарынБадарчийг Тэрхийн цагаан нуурын хөвөөнд сарлаг хариулаад явж байхад нь Хишгээ заан авчирсан байдаг. Бадарч өнгөрсөн жил Балжаа аваргаар дөрөв даваад начны даваанд гараад үзчихсэн. Мөнхбаатар арсланд унасан л даа. Түүнийг амлах магадлал үнэндээ өндөр юм.

Бадарчид Өсөхөө аваргын аав Гэлэгжамц гуай болон ээж Насантогтох нар нь Буур аваргын нэрэмжит шагналыг олгож байсан удаатай. Тэгэхээр аав нь “Миний хүү Бадарчийг нэг дэмжихгүй юу даа. Өвөөгийн чинь шаг­налыг авсан хүү шүү дээ” гэж шивнэхэд байдал өөрөөр эргэнэ. Харин түүний хувьд дөрөв давах л чухал. Аваргад өөр гаргалгаа бас байж болох юм. Батлан хамгаалах яамны “Алдар” спорт хорооны даргын хувьд өөрийн шавь нараас, “Алдар”-ынхаа тамирчдаас улсын цолтон төрүүлэх бо­дол төрөхийг үгүйсгэхгүй. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат аймгийн хурц арслан Бат-Очирын Одгэрэл гэж начин цолны үзүүрээс хэдэнтээ атгаад алдсан залуу бий.

Сүхбат аварганачин цол­тон төрүүллээ гэж бодъё. Мань эр нутгаасаа гэж үзвэл Төв аймгаас дөрөв даваад ирэх бөх байхгүй. Хуучин хадмын нутаг Увс руу сурсан зангаараа хандаж нэг үзэх байх. Баянаа аварга экс хүргэнийхээ чихэнд үг хэлж магад. Хэрвээ Баянаа Сүхбатаас гуйх дээрээ тулбал Увсынхаа бөхийг хэлэхгүй.Дундговийн Эрдэнэдалай сумын харьяат А.Алтанхуягийн нэрийг нухацтай нь аргагүй цохож хэлнэ. Тэр жил Баянаа аварга Алтанхуягийг улсын цолонд хүрэхэд бүх анхаарлаа хандуулна гээд “Мон уран”-ы Б.Наранхүүгээс “Ланд-200” бэлгэнд авчихсан. Түүндээ бантаад 2011 онд наадмаар 70 насандаа зодоглосон түүхийг олон түмэн мартаагүй байгаа. Хорьдугаар зууны домогт аварга маань “Түүхт ойгоороо зодоглолоо” гэдэг ч ачир дээрээ Алтанхуягтай холбоотой л доо. 1024 бөх зодоглосон наадмын гурвын даваанд хамгийн түрүүнд Алтанхуягийг амлаж, цолоо дуудуулж байсан. Гэвч өнөөх нь цолонд хүрч чадаагүй л байна. Хоёр жилийн өмнө байна уу даа, Алтанхуяг дөрвийн давааны нугалаанд ус хонхрынхоо хүчтэн Л.Пүрэв­жавтай оноолт таардаг юм. Үүнийг сонссон наадамчид, ялангуяа Дундговийнхон бөөн хөөр боллоо. “Говь нутгаасаа оонын эвэр шиг гарч ирж байгаа хоёр амьтан ингэж таарах гэж. Алтанхуяг маань энэ жил л нэг юм дуулгах нь ээ” гэж хэлж дуусаагүй байтал өнөө Пүрэвжав гайхал чинь Алтанхуягийгаа шороотой хутгачихаж билээ. Хүмүүст Пүрэвжавыг жигтэйхэн буруутгадаг. Хүн чанаргүй, хэдэн зуун саяар худалдагдсан гээд есөн шидээр хэлдэг. Харин миний бие үнэн хүчийг үзэж барилдсан Пүрэвжавт талархдаг юм.

Нэгэн цагт Сүхбаттай хүр­гэн, хадмын хэлхээтэй явж, нэг айлын гал голомтод багтан, нэгэн дэвжээнд бэлтгэл сургуулилтаа хийж байсан Гантогтох нь Сүхбаттайгаа наадмын дэвжээнд уулзаж л таараа. “Увс нуур” галын маань бөхчүүдээс нэгийг нь аваадхаач гэж хэлэх байх. Гэхдээ Увсын залуу бөх дөрөв даваад гараад ирвэл начин болгочих хүн бэлэн байгаа. Тэр нь Б.Ганбат арслан л даа. Аймгийн хурц О.Гантулга, цэргийн арслан Б.Ганзориг нарт Б.Ганбат “Та хэдээс аль хоншоортой нь дөрөв даваад гараад ир. Ах нь начны босго алхуулъя” гэж бардам хэлж, шарыг нь малтаж байгаа.Хоёр жилийн өмнө байна уу, өнөө элдэвтэй Баасанхүүг дөрөв даваад гараад ирэхэд Ганбаа арслан үг дуугүй амлаад өгчихөж байсан. Өнгөрөгч жил Увсаас цолгүй бөх дөрөв даваагүй учир Завханы Бадамсүрэнг начин болгосон удаатай. Сүхбат аварга, хуучин хадам аав болоод Гантогтох найздаа “за” гэчихээд мурих магадлалтай. Тэрээр начин төрүүлнэ, тэрийг энийг авна гэж баахан залуучууд горьдоочихоод яг ам авахаар гарын даа нар дээр очихдоо бодлоо өөрчилнө. Ө.Даваабаатар, Л.Пүрэвжав өөр хэн байна, шавь нараасаа амлаж гар хөнгөн давахыг бодолгүй яахав. Нэгэнт зодоглож байгаа хүн, дархан аваргын зангараг гэж байна даа, төрийнхөө наадамд шөвгөрөх байлгүй. Тэгээд заан төрүүлнэ гээд үзчихнэ шүү дээ.

Сүхбат аваргаар заан авах магадлалтай бөх зөндөө. Яагаав, өнөө олон харцагууд чинь байна. Пүрэвсайхан, Бат-Орших, Содномдорж, Оюунболд гээд жагссан дөрвөн харцага бий. Тэд заан цолонд төдийгүй өнөө жилийн наадмын түрүү үзүүрт яригдаж буй энэ цаг үеийн шилдэг бөхчүүд. Тэднээс зургаа даваад гараад ирсэн аль нэгийг нь Сүхбат аварга амлаж таарна. Увсын Ө.Бат-Оршихыг Гантогтох санал болгох нь тодорхой. “Хадам, хүргэн явсан хувь тавилан яах вэ. Олон жилийн нөхөрлөл, их спорт, бөхийн дэвжээнд хоёргүй сэтгэлээр хамтдаа зүтгэж явсан он жилүүдээ бодоод авчихаач гэж Ганаа нь их л ултай суурьтай үг хэлнэ. Цаа­дах нь нэлээд бодно. Хүүгээ Сүхбатад сүжрээд, гуйлга туйлга болоод буйг Баянаа аварга гадарлаж таараа. Дэм тус болохоор тэр хоёр руу эрхгүй алхана. Тэгтэл Баянаа аваргаас түрүүлээд Мөөеө нь Сүхбат дээр очиж таарна даа. Нутаг нугынхаа яриа хөөрөөг дэлгээд суучихна биз дээ. Баянаа аваргын гэдэн нь гэнэт хөдлөөд, улаан шаргал дээлээ газар шүргүүлсхийгээд буцаад алхах нь олны нүдэн дээр илхэнхарагдана. “Мөөеө байгаа учир Баянаа очихгүй л дээ” гэж наадамч олон үнэнийг өгүүлнэ. Ийм л дүр зурагтайгаар өнөө жилийн наадам үргэлжлэх болов уу.

Бат-Оршихыг долоогийн даваанд амлах эсэх тухайд ийм. Өөр нэг гаргалгаа байна.

Тэр нь Ховдын Пүрэв­сайханыг амлахтай холбоотой. Ч.Батзориг заан Сүхбат аварга дээр мөн л гүйгээд очно. Нэгэн цагт бөхийн дэвжээнд барилдаж явснаа дурсч, Сүхбат аваргад олон удаа унаж байснаа ярьж, түүний уран хурц барилдааны тухай үүх түүх хуучилж болох талтай. Ярианыхаа дундуур Батзориг заан аваргад“Өнгөрсөн жил Өсөхбаярыг амладаг чинь их зөв. Бөхийн эрэмбэ гэдгийг тэгж л мэдрүүлэх хэрэгтэй”гэх утгатай үг хэлж байж ч магад. Мөн түүнийг өнгөрөгч наадмын дараа Ховдын даншигт очиж зодоглосныг нь онцолно. “Ховдынхон танд их хайртай, шүтдэг шүү” гэдгийг үгийн завсарт хавчуулахаа бас мэднэ. Бат-Орших, Пүрэвсайхан хоёрын цаана Ц.Содномдорж үлдэж буйг аварга өөрөө мэдэж байгаа. Түүнийг аймгийн цолтой байхад нь “Ирээдүйн аварга” шагналаа олгож байснаа бас санана. Ийм ийм зүйлээс улбаалж Сүхбат аварга долоогийн даваанд ам авахгүй нэлээдгүйудна. Энэ хэрээр заан цолны үнэ ханш тэнгэрт тулах нь дамжиггүй.

Тавын даваанд начин төрүүлэх магадлалтай бөхчүүдийн тоонд улсын арслан До.Ганхуяг, Д.Азжаргал, хүчит гарьд Д.Рагчаа нарын нэр зүй ёсоор бичигдэнэ. До.Ганхуягийн хувьд өнгөрсөн жил Завханы Лха-Очир, түүний өмнө Говь-Алтайн Амартүвшин гээд аймаг аймгийн залуусыгдэмжсэн. Энэ жил яах бол. Хэн нааштай дуугарна, түүнд “үйлчлэх” байх. Начин төрүүлэх бол яахав, хэн нэгэнд нь зовлонгүй тахимаа өгчихнө. Харин дөрвийн давааны оноолт гэж хэцүү бэрх зүйл бий. Тэр жил Хэнтийн Оюунболдод До.Ганхуяг арсланид үедээ тахимаа өгч байсан. Дөрвийн давааг гатлах Номхон далайг туулахаас амаргүй болсон. Рагчаагийн хувьд олимпийн аварга Н.Түвшинбаярыг начин болгож байв. Түүнийг нь бодохоор начин цолтон төрүүлэх магадлалтай санагдаад байгаа. Өөрийн унаган нутаг Архангайгаас бөх төрүүлэх үү, хадам аавын(Д.Цэрэнтогтох аварга)-хаа нутаг Өвөрхангайгаас начин төрүүлэх үү гэх хоёр сонголт түүнд ирнэ. Мөн шавь нар, дотнын дүү наргээдРагчаагийн ар өврөөс нүд нь бүлтэгнэн зүүгдэх нөхөд олон. Говь-Алтайн Ж.Бат-Эрдэнэ гарьд уламжлал ёсоороо Алтай нут­гийнхаа бөхчүүдээс нэгийг нь цолонд хүргэх байх. Өнгөрөгч жилүүдэд Л.Цэрэнтогтох, Б.Суманчулуун гээд “Хан­тайшир” дэвжээнийхээ бөхчүүдийг дараалан начин болгож байсан. Энэ жил Алтайгаас цойлоод гараад ирэхбөх ховор дуулдаад байгаа. Гэхдээ өөрийн хүчээр хоёр давчихсан нөхдөөс сонголт хийгээд гурав, дөрвийн даваанд дамжлаад гаргаад ирнэ биз дээ. Гурав дээр Ш.Тогтохбаяр юм уу, Л.Цэрэнтогтох начингууд аваад дөрөвт аягүй бол Б.Соронзонболд заантайоноолт таараад тав дээр Ж.Бат-Эдэнэ гарьд авах жишээний. Булганы Д.Баасандорж, М.Өсөхбаяр гээд ах дүү заанууд начин төрүүлдэг уламжлалтай. Булган хангайн дэвжээнээс А.Отгонбаатар юм уу, Б.Амарсайхан нараас дөрөв давбал тэд авна. Мөн “Хилчин” спорт хорооныхоо залуусаас дэмжиж таарна. “Хилчин”-гийн захирлаар Ц.Мягмарсүрэн заан ажиллаж байгаа. Тэгээд Баасандорж, Өсөхбаяр хоёрт юун түрүүнд Ховдынхоо залуусыг санал болгох байх. Тухайлбал, ул­сын цолонд хамгийн дээгүүр яригдаж байгаа Хангай болоод өөрийн шавь Баян-Өлгийн Баатарцол нарын хэн дөрөв давсныг нь санал болгох нь мэдээж. Мягаа заан зөвхөн Ховд гэж амиаталгүй “Хилчин”-гийнхээ бөхчүүдээс цол­тон төрүүлэхийг бас бодно. Өвөр­хангайн Чимэддорж тун сайн байгаа. Түүнийг Ганбаатар арслангийн шахалтаар Өсөхөө, Баасандорж хоёрын нэг авах магадлалтай.

Тавын даваанд Г.Өсөхбаяр, А.Сүхбат, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нарын дөрвөн аварга, Х.Мөнхбаатар, Б.Ганбат, До.Ганхуяг, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, Д.Ажаргал нарын зургаан арслан, Н.Ганбаатар, Д.Рагчаа, Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ нарын дөрвөн гарьд ам авах юм бол цаана нь Ч.Санжаадамба, Б.Батмөнх, М.Өсөхбаяр, Ц.Содномдорж, Ө.Бат-Орших, Б.Пүрэвсайхан, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва энэ хэд хоорондоо халз тунах ньойлгомжтой. Энэ бол үзэгчдийн бүтэн жил хүлээсэн барилдаан юм. Тавын давааны төгсгөлд хэн хэн тунаж үлдэх нь үү гэдгээс тэр жилийн наадмын өнгө тодордог. Ухаандаа, тавын даваанд Пүрэвсайхан Пүрэвдагва хоёр тунана гэж ард түмэн ярьж байгаа. Тэгж ярихын зэрэгцээхоёр Пүрэвийн барилдаан хэрхэн өр­нөхийг тэсэн ядан хүлээж бай­­гаа. Өнөө жилПүрэвсайхан нь давах байх гэсэн таамаглал байна. Харцага, начингуудын халз барилдаанд Пүрэвсайхан давсан, ер нь сүүлийн үед даваад байгаа. Хэрвээ Пүрэвсайхан давбал тэр жилээ түрүүлэх болзлоо хангалаа гэсэн үг. Учир нь тавын даваанд хамгийн гол өрсөлдөгч Пүрэвдагвыгаа хаяна, зургаад шинээр начин болсон нэг залуугаар давчихна. Долоод А.Сүхбат аваргаар заан болно гээд барилдаан цааш үргэлжилнэ.

Долоогийн даваанд хүчит арс­ланХ.Мөнхбаатар нутгийн бөх харцагаЦ.Содномдоржийг ам­лаж заан болгоно. Гэхдээ эл яриа хөөрөө Содномдорж харцагатай холбоотой. Гол нь Содном өөр дэвжээнд бэлтгэл сургуулилт хийж, нутгийнхаа ах нарын сэт­гэлд сэв суулгахгүй бол Мөнхбаатар зоолттой авна. Өнгөрөгч жил “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээнээс тусдаа “Даян дээрхийн бөхийн дэвжээ” байгуулж, аймгийнхаа наадмыг бузарласан гэж хэн хүнгүй дургүй байдаг. Өөр аймгийн мөнгөө багтааж ядсан залуучуудыг авчирч аймгийнхаа наадмыг бузарлалаа хэмээн Ганхуяг харцагаас аваад олон хүн дургүйлхэж байсан. Өнөө жилийн хувьд тэрээр нутгийн ах Мөнхбаатараар долоо давж заан болоод үзүүр түрүүнд үлдэх боломж нээгдээд ирнэ. Долоогийн даваанд нутгийн ахаар заан болоод наймын даваанд Увс аймгийн харьяат Бат-Оршихыг тунаж давснаар түрүү үзүүрт үлдэх боломжоо нээж буй хэрэг.Зааны даваа буюу долоогийн даваанд Агваансамдангийн Сүхбат аварга Пүрэвсайхан харцагыг, Сүхбаатарын Мөнхбат аварга Увсын Ө.Бат-Орших харцагыг, Х.Мөнхбаатар арслан Ц.Содномдорж харцагыг амласнаар Б.Гончигдамба, Ч.Санжаадамба нар үлдэнэ. Санжаадамба дөрвийн даваанд Хангайтай таарахгүй бол үлдэнэ. Түрүү жил “Хоёр Дамба” долоогийн даваанд таарч Санжаадамба нь давсан. Гэвч Гончигдамба нь унаснаа зөвшөөрөөгүй. Үндсэндээ тахимаа өгөөгүй. Наадмын дараахан болсон Дамбын Хишгээгийн наадамд Гончигдамба нь Санжаадамбатай ба­рилдахаар очиж түрүүлсэн удаатай. Тэгэхээр хоёр Дамбын хувьд энэ жилийн наадамд хий гаргахгүй яс үзэх нь мэдээж. Ард түмэн Гончигдамбыг давна гэж үзэж байгаа. Ортой ч байлгүй. Энэ цаг үед тодорсонхоёр Дамбын хэн давсан нь түрүү үзүүр булаах хэмжээнд барилдана. Цагаан сараар түрүүлсэн Санжаадамба түрүүлнэ гэж л үзнэ. Хэд хэд хүчтэй сарлаг шиг туйлна. Гэвч залуу зааныг тогтоох хүн нь Гончигдамба л даа. Сүхбат аваргаар зааны давааг гаталсан Пүрэвсайханыг най­мын даваанд Гончигдамба гарьд амлана. Батзориг, Мягмарсүрэн заанууд Пүрэвсайхантай хамт барилдана. Гончигдамбыг хүчтэй шахаж татахад нь Пүрэвсайхан тогтож үлдэн дотуур тонгороод давна. Тунаж үлдсэн Содномдорж, Бат-Орших харцагуудын ба­рилдаан үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлнэ. Нэг хэсэг нь Бат-Оршихыг дэмжинэ. Ихэвчлэн Увс, Ховдынхон дэмжих нь мэдээж. Нэг хэсэг нь Содномдоржийг дэмжинэ. “Содном Содном” гэж цэн­гэлдэх дүүрэн хашгирна. Ингээд барилдааны явцад Содномдорж давахад цэнгэл­дэх тэр чигээрээ босоод ирнэ. Тэр жил Гантогтох, Өсөхөө хоёрыг үлдэн Өсөхөөг тү­рүүлэхэд төв цэнгэлдэх тэр чигээрээ босч ирж билээ. Яг түүн шиг юм болноо. Наймын да­ваа буюу их шөвгийн дөрөвт Гон­чигдамбагарьд түрүүлж ам авна. Өмнөх даваанд Сүхбат аварга Пүрэвсайханд, Мөнхбат аварга Бат-Ор­шиход, Мөнхбаатар арс­лан Содномдоржид унаж, Гончигдамба Санжаадамбыг тунаж давснаар төрийн наадмын их шөвгийн дөрөвт ам авч буй нь энэ л дээ. Гон­чигдамба Пүрэвсайханыг амлаж, Бат-Орших Сод­номдорж хоёр тунана. Ингээд ардын хувьсгалын ерэн дөрвөн жилийн ойн төрийн их баяр наадамд уран барилдаанч харцага Пүрэвсайхан тү­рүүлж, Ц.Содномдорж үзүүр­лэх магадлал тун өндөр бай­гаа. Пүрэвсайханы хувьд өн­гөрөгч наадмаас хойшихбүх барилдаанд тогтмол дээ­гүүр барилдаж, ихэвчлэн тү­рүү үзүүрт шалгарч ирсэн. Сод­номдорж мөн л бэлтгэл жигд байгаа бөгөөд болж өгвөл түрүүлчихээд байгаа юм.

Ө.МАНЛАЙ

Categories
мэдээ цаг-үе

Э.Амартүвшин: Шүүгчид “Ийм гайхамшигтай хоолой сонсоогүй” гэж магтаж байсан

Дэлхийд алдартай “ВВС” телевизээс хоёр жил тутамд зохион байгуулдаг “Cardiff singer of the World” уралдаанд амжилттай оролцоод эх орондоо ирсэн Монгол Улсын гавьяат жүжигчин, Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Энхбатын Амартүвшинтэй уулзаж хөөрөлдлөө.

-Дэлхийд нэртэй том тэмцээнд оролцож Монгол Улсынхаа нэрийг дуурсгаад ирсэнд баяр хүргэе. Манай уншигчидтай сэтгэгдлээ хуваалцаач!

-Сэтгэл үнэхээр сайхан байна. Өчигдөр өглөө (2015.06.23-ны өдрийн) эх орондоо ирлээ. Хамт олон, хань, дотнын хүмүүс маань угтаж авсан. Их Британийн Уэльсийн нийслэл Кардифф хотод зургадугаар 9-22-ны хооронд болсон, хоёр жил тутам зохион байгуулдаг “Cardiff singer of the World” уралдаанд өндөр амжилттай оролцоод ирлээ. Энэ уралдаан бол дуурийн дуучдын дунд зохиогддог уралдаан тэмцээний хамгийн оргил нь юм. Нийт 55 орны 350 гаруй дуучнаас шилдэг хорьд шалгарсныг өнгөрөгч хоёрдугаар сард зарласан байсан. Хорин дуучин Кардифф хотод очиж уралдаад шилдэг тавд үлдсэн л дээ. Уралдаан ердөө ганцхан шагналт байртай, таван дуучнаас нэг нь л түрүүлэх болзолтой. Миний хувьд үзэгчдийн цахим санал асуулгаар сопрано хоолойтой агуу дуучин Сазерлендын нэрэмжит тусгай шагналын эзэн боллоо. Энэ маань үнэхээрийн том амжилт юм даа. 32 дахь жилдээ зохиогдож байгаа эл нэр хүндтэй тэмцээнд Беларусын дуучин, сопрано хоолойт Надижде Кучер шалгарч, цом авлаа.

-Уралдаж байхдаа сэтгэл их догдолж байв уу?

-Хэн ч байлаа гэсэн ер нь түрүүлнэ л гэж уралдана. Хараахан түрүүлж чадаагүй ч айргийн тавд үлдэнэ гэдэг дэлхий даяар том үүд хаалга нээгддэг. Олон ч хүн таньж мэддэг ийм л уралдаан даа.

-Уралдааны үед шүүгчид сэтгэл хөдлөлөө илэрхийлэх хориотой байдаг ч таныг тэд нэлээд дэмжиж байгаа нь харагдсан?

-Сүүлийн хорин дуучдаас Беларусын сопрано, Солонгосын басс, Монголын баритон бид гурав л хоорондоо маш хүчтэй өрсөлдөгчид байлаа. Шүүгчид “Сүүлийн арваад жилд Кардиффын уралдааныг шүүхдээ ийм гайхамшигтай хоолой сонсоогүй” гэж бишрэн шүтсэн том магтаалуудаар мялааж байсан. Ер нь Кардифф хот гайхшралд орж байна лээ дээ. Монгол Улсад дуурийн урлаг хэр өндөр түвшинд хөгжсөнийг тод томруунаар харуулж чадсандаа баяртай байна. Англичууд их сайхан улс байдаг юм байна. Кардифф ч сэрүүхэн сайхан цаг агаартай хот юм. Монгол хүний хоолой эрс тэс уур амьсгал, ардын ёс заншил, ууж байгаа ус, амьсгалж буй агаартай салшгүй холбоотой санагддаг. Сүүлийн үед хүмүүс цагаан хоол гэж ярьдаг болж. Монгол хүн махгүй бол хэцүү гэдгийг энд тэнд явахдаа мэдэрдэг. Бөхчүүд махаа идчихээд барилдахад хүчтэй болдог гэж ярьдаг шүү дээ. Бид нар ч мөн адил. Ээж минь намайг гадагшаа явах болгонд шууз хийж өгдөг. Түүгээр нь тэмцээний өмнө сайхан шөл хийж уучихаад ороход чадал сууж, хоолойны өнгө сайхан гардаг.

-Дуурийн урлагт замчилсан багш нар тань танд их баярласан нь мэдээж…

-Би СУИС-ийг 2009 онд Монгол Улсын гавьяат багш Цэрэнпилийн Ерөө багшийнхаа удирдлага дор төгссөн. Төгсөөд л ДБЭТ-таа гоцлол дуучнаар ажиллаж байна. Намайг багад ойр хавийнхан “Цээлхэн хоолойтой хөөрхөн дуулдаг хүү” гэдэг байсан. Зуны амралтаар өвөөгийндөө очоод морин дэл дээр салхи татуулж хэний ч нүдэнд харагдалгүй ичиж зовох юмгүй дуулж явсан минь жаргалтай санагддаг байлаа. Тэгж явсаар наймдугаар ангид орох жилээ дуучин болно гэж бодох болсон. Хүмүүс урам өгч “Тэдний хүү сайхан дуулдаг юм байна” гэж тоосон нь урлагийн сургуульд орох хүслийг минь бадраасан. СУИС-д дуурийн дуучин болно гэдгээ ч мэдэлгүй орсон. Дасгал сургуулилт хийгээд ирэхээр аяндаа сонгодог урлагийн сайхныг мэдэрсэн. Багш минь намайг “Миний хүү дуурьт л дуулах хүн дээ” гэдэг байсан юм. Багшаасаа олон зүйл сурсан. Зөвхөн хоолойг нь бэлдээд сайхан дуулдаг дуучин төрөхгүй гэж ярина. Хүн чанарын тухай олон сайхан зүйл хэлж зөвлөдөг. Сэтгэл сайхантай хүнээс сайхан хоолой гардаг гээд олон зүйлийг зааж сургасан. Тэр үеэс дэлхийд алдартай дуурийн дуучин болно гэж мөрөөддөг байлаа.

-Та ч мөрөөдлөө биелүүлж яваа юм байна. Оролцогчид хасагдах журмаар шигшигдсэн гэсэн. Уралдаанд хэдэн бүтээл дуулж оролцов?

-Бүх дуучдаа эхлээд бичлэгээр сонсож тавийг нь шигшиж аваачиж сонсоод шилдэг хорин дуучин шалгарсан юм. Хорин дуучинд багтаад зургаан ари, найман романс дуулсан. Бородинийн “Игорь ван” дуурийн Игорь вангийн ари, Жерардын ари, “Риголетто” дуурийн ари зэрэг алдартай аринууд, хоёр итали дуу, гурван орос романс, Монголоосоо ардын жүжигчин, төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноровын “Чиний минь нулимс” романс, Испанийн алдартай дуурийн тариачдын дуу зэргийг дууллаа.

-Их зохиолч Нацагдорж маань “Монгол хэмээх нэгэн нэр ертөнцийн чихнээ дуурьсгалтай” гэж бахархсан байдаг. Дэлхийн том тайзан дээр Монгол Улсын дуучин гээд зарлуулах үед ямар бодол төрдөг вэ?

-Хамгийн бахархалтай нь эх орныхоо нэрийг гаргалаа даа гэж бодогддог. “Би өөрөө яваад байна. Мундаг байна” гэж бодвол аливаа хүн газар ахихгүй ш дээ. Харин дуулаад дууссаны дараа “Монгол гэдэг мундаг юм байна даа” гэсэн хандлагыг мэдрэх шиг жаргал байхгүй.

-Одоо ямар том тэмцээн таныг хүлээж байгаа бол?

-Миний оролцох том тэмцээн одоо ер нь байхгүй дээ. Хамгийн том уралдаан нь саяын оролцдог “Cardiff singer of the World” байлаа.

-Дахиад оролцож болдоггүй юм уу?

-Болохгүй. Яагаад гэвэл энэ уралдааны тусгай шагналыг авчихсан юм чинь дахин оролцох учиргүй.

-Өмнө нь дэлхийн тайзнаа ямар амжилтууд гаргалаа, та?

-Сонгодог урлагийн “олимп” гэгддэг И.П.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны мөнгөн медаль, Пласидо Домингогийн нэрэмжит “Plаcido Domingo’s Opera­lia” дуурийн дуучдын олон улсын уралдаанд тэргүүн байрт шалгарч алтан медаль, Испанийн алдарт тенор Франческо Венасын нэрэмжит уралдаанаас мөнгөн медалийг тус тус эх орондоо авчирч байсан.

-Алдарт дуучин Пласидо Доминго танд юу гэж хэлсэн гэлээ?

-Өөрийгөө магтаад байх ч төвөгтэй байдаг юм аа.

-Таныг ямар өөрийгөө магт гэж байгаа биш, Домингогийн юу гэснийг л хэлчихгүй юу?

-“Чиний өмнө дэлхий нээлттэй байна” гэдэг үгийг л хэлж байсан.

-Хань чинь тантай мэргэжил нэг бүсгүй байдаг байх аа?

-Миний хань Д.Туяа маань соёлын тэргүүний ажилтан, ДБЭТ-ын гоцлол дуучин хүн. Манай театрынхан “том” Туяа гэдэг. Үргэлж намайг дэмжиж, урам хайрлаж, уран бүтээлийн жигүүр ургуулж өгдөг хань маань үнэхээр гайхамшигтай бүсгүй.

-Таны уугуул ус нутаг хаанах билээ?

-Би Сүхбаатар аймгийн Халзан суманд 1986 онд төрсөн. Төрөлх сумандаа арван нас хүртлээ аж төрж байгаад аймгийнхаа арван жилийн сургуульд суралцан төгсөөд нийслэлд орж ирсэн хүн дээ. Манай сумын урд хавцалд зүүн гурван аймгийн томоохон хийд болох Хатавчийн хийд гэж байсан юм. Багадаа тэр хийдийн туурин дээр тоглож өслөө. Тэр сайхан нутгийн цагаан эрч, илч үргэлж намайг ивээж, амжилтын замыг маань засаж өгсөн байх гэж залбирдаг даа. Аав минь Халзан сумын дунд сургуулийн захирлаар олон жил ажилласан, ээж маань багш. Одоо тэд маань хотод амьдардаг. Би гурван хүүтэй айлын дундах нь. Бага нас минь нүдэнд харагдаад нутагтаа очмоор бодогдох үе бий. Уралдаанд оролцохоосоо өмнөхөн Сүхбаатар руугаа нэг яваад ирсэн. Энэ жил Халзан сумынхаа үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойгоор нутагтаа очиж наадахаар төлөвлөсөн.

-Таны удамд дуучин хүн бий юу?

-Эмээ минь сайхан дуулдаг хүн байсан. Багсам гэж бурханы нэртэй хүн байлаа. Ардын богино дуу, уртын дуу, “Жаахан шарга”-ыг их сайхан дуулна. Намайг “Энэ л дуулдаг хүн болно” гэж ярьдаг байсан. Ардын жүжигчин Шархүүхэн гуай манай аавын талын хамаатан. Гавьяат жүжигчин Отгон эгч Багсам эмээтэй ойрхон садан.

-Нутгийнхаа наадамд явах гэж байгаа юм байна. Монгол хүн болсон хойно бөх, моринд ер нь хорхойтой биз?

-Бөх зурагтаар үзэж сонирхдог. Эх орондоо ирсэн даруйд О.Балжинням, А.Сүхбат нарын хүчит аваргууд барилдах сураг сонстоод сайхан л байна. Бөхөө үзэж нүдээ баясгаад сайхан л наадах нь. Би ер нь зав л гарвал наадмын хурдан морины уралдааны бичлэг үзнэ. Багаасаа адууны дэргэд өссөн болохоор хурдан морь сэтгэлд ойрхон байдаг. Манай ээжийн аав Аюушийн Ухна Монгол Улсын манлай уяач байсан. Ээжийн дүү нь Монгол Улсын алдарт уяач Ухнын Эрдэнэбилэг гэж хүн бий. Би багадаа түрүүлж, айрагдаж гавиагүй ч гэсэн гурав дөрвөн жил хурдан морь унаж л байсан хүүхэд.

Э.Амартүвшин эх орондоо ганзага дүүрэн ирэв. 2015.06.23.07 цагт. “Чингис хаан” олон улсын нисэх буудал

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин” бямба гаригийн дугаартаа паркаас сурвалжлага бэлдлээ

“Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаар уншигч таны гар дээр очиж байна. “Өдрийн сурвалжлага” Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг онцоллоо. Тэнд 23 цагаас хойш амьдрал буцалж байна. Энэ талаар болон Улаанбаатарт шөнийн үзвэр, үйлчилгээ хэрэгтэй болсон гэсэн асуудлыг хөндсөн сурвалжлагыг энэ өнөөдрийн дугаараас сонирхоорой.

Дүүгээ галаас аварсан А.Цэрэнтогтох хүүд туслах аян үргэлжилж байна. Хүүд туслах зорилготой цэцгийн үзэсгэлэн худалдааны талаарх мэдээллийг өнөөдрийн дугаартаа онцлон мэдээлж байна.

Гуравдугаар нүүрнээс “Заавал хууль хүлээхгүйгээр редакциуд рекламныхаа цаг, талбайг зохицуулцгаая” гэсэн нийтлэлийг сонирхон уншаарай.

Улстөрийн нүүрэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн АНУ-д хийж буй айлчлалыг онцолж байна.

Дэлхийн дуурийн ертөнцөд Монгол Улсынхаа нэрийг гаргаж буй залуусын нэг Э.Амартүвшинг “Өдрийн зочин”-оор урилаа. Түүний тухай тавдугаар нүүрнээс сонирхоорой. Мөн энэ нүүрэнд цэнхэр гаригийн анхаарал татсан үйл явдлыг багцлан хүргэж байна. “В.Путин, Б.Обама хоёр утсаар ярьжээ”, “Европын холбоо 60 мянган цагаачийг хуваарилна”, “Сочи үерт автаад байна” зэрэг мэдээллийг сонирхон уншаарай.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-д шаардлага хүргүүлжээ. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл зургадугаар нүүрэнд багтсан байгаа.

Хас тамгатай монгол рублийн талаар сонирхол татсан танин мэдэхүйн мэдээллийг аравдугаар нүүрэнд нийтэллээ. Улиасны унгирал хүний биед харшил өгдөггүй гэж мэргэжлийн хүмүүс хэлж байна. Энэ тухай хэрэгтэй мэдээллийг мөн аравдугаар нүүрнээс уншаарай.

“Эх орон сумаас эхэлнэ” буланд “Буман цагаан хоньтой Эрдэнэмандал сум” гэсэн нийтлэл нийтлэгдлээ.

Уламжлал ёсоор ТВ хөтөлбөр, Хэлэх эрхийн индэр, Өд бэх, Гал тогоозэрэг уламжлалт булангууд ч багтлаа.

“Өдрийн сонин”-ы эрхэм уншигч та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба энэ гуравдугаар улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“PLAYTIME 2015” амьд хөгжмийн наадам энэ амралтын өдрүүдэд болно

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “PLAYTIME 2015” амьд хөгжмийн наадмыг зургаадугаар сарын 27,28-нд “Монгол шилтгээн”-д зохион байгуулах гэж байна. Тус наадам нь 14 дэх жилдээ зохион байгуулагдах бөгөөд наадмын гол зорилго нь Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэхэд оршино.

Энэхүү өдөрлөгт “Playtime”, “Шинэ Давалгаа”, “Нааглихац” тайзнаа уран бүтээлээ барих Khalisee, The Tourists, Homosapien “Headline”, Mrs.M /Sing Like a Pro team/, Dj Mika D / A.V.E team/, DJ Tuvshin /Mint Out team/, Vibelist team, HiFi team нар уригдан оролцох бөгөөд азтай 2 хос тасалбарын эзнийг хүрэлцэн ирсэн залуучууд дундаас тодруулах болно.

Наадмын тасалбарыг Хай-Фай Рекордзийн салбаруудаар болон 1900-1950 иар үнэгүй хүргүүлэн худалдаалж байна. Мөн Юнителийн хэрэглэгчид GG оноогоо ашиглан Юнителийн 40 мянгат, Өргөө 2, Хорооллын салбаруудаас 15%-20%-ийн хямдралтайгаар худалдан авах таатай боломжийг Танд олгож байна. Тасалбарыг нэг өдрийн 30,000₮, хоёр өдрийн 50,000₮-өөр худалдаалж байна.

Categories
мэдээ нийгэм

Авлигатай тэмцэх газраас анхааруулав

Авлигатай тэмцэх газар 2015 оны эхний хагас жилд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 4910 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авснаас 4784-ийг нь хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад зохих хариуг хүргүүлж ажиллав. Урьдчилсан мэдүүлгийн 1725 буюу 35 хувь нь хөдөө, орон нутгаас ирүүлсэн байна. Аймгаар авч үзвэл нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн мэдүүлгийг Баянхонгор аймгаас 120, Говь-Алтай аймгаас 110, Төв аймаг 96 ирүүлсэн нь хамгийн өндөр дүнтэй байна. Салбараар нь авч үзвэл нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагаас 938, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын эрхлэх асуудлын хүрээний байгууллагаас 350, Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагаас 248 албан тушаалтны мэдүүлгийг тус тус хянуулахаар ирүүлжээ.

Хянан шалгасан мэдүүлгээс ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц нөхцөл байдлыг тогтоож, анхааруулсан нийт 271, мөн 38 нэр дэвшигчийг тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсон талаарх дүгнэлтийг холбогдох байгууллагад хариуг хүргүүллээ. Ажлын байранд тавигдах шаардлага шалгуур үзүүлэлт болон мэргэжил, ур чадварын шаардлага хангахгүй этгээдийг нийтийн албанд томилж байгаа нь өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл тул холбогдох зөрчлийн талаар тухайн байгууллагуудад мэдэгдэж, хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллах талаар Авлигатай тэмцэх газар анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Засгийн газар хоорондын комисс хуралдана

Өнөөдөр 14.30 цагт ГХЯ-нд Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болно. Энэ үеэр хоёр талын Хөдөө аж ахуйн яамд хооронд Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно. Санамж бичигт Монголын талаас Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, беларусийн талаас Бүгд Найрамдах Беларусь Улсын хөдөө аж ахуйн дэд сайд бөгөөд Мал эмнэлэг, хүнсний хяналтын газрын захирал В.П. Пивовар нар гарын үсэг зурна

Categories
мэдээ нийгэм

Онцгой комисс гантай аймгуудад ажиллаж байна

Манай орны ихэнх нутгаар хэт халалтын улмаас ой, хээрийн түймрийн эрсдэл бүхий бүс нутгаар хуурайшилт нэн аюултай зэрэглэлд хүрч, төв, баруун зүгийн нутгаар зуншлага муу, гантай байгаа аж. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн өгсөн үүрэг, тушаал, удирдамжийн дагуу Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр төв, баруун зүгийн нутагт ажиллахаар явсан байна. Ажлын хэсэг Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Булган, Архангай, Төв, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймагт ажиллах юм байна. Манай орны ихэнх нутгаар өдөртөө хэт их халж байгаа нь аянга цахилгаан буух эрсдэлийг бүрдүүлж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийн засаг даргыг АТГ шалгаж эхэлжээ

Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсон төлөөлөгчид улиралд таван сая төгрөгийн урамшуулал авдаг. Харин Баянзүрх дүүргийн ИТХ-д Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчид урамшууллын мөнгөө дүүргийнхээ Засаг дарга Д.Пүрэвдаваад “намын хандив” нэрийдлээр хураалгадаг талаар ИТХ-ын төлөөлөгч Ш.Буянжаргал хэвлэлд ярьсан. “Олонхийн саналаар намдаа хандивла” нэрийдлээр урамшууллын мөнгөө хураалгасан төлөөлөгч Ш.Буянжаргал өнгөрсөн онд шүүхэд хандсан ч “Намын дотоод асуудал” шалтгаанаар Д.Пүрэвдаваа даргын талд шийд гарчээ. Анхан шатны шүүхээр ялагдал хүлээсэн төлөөлөгч Ш.Буянжаргал Нийслэлийн давж шаалдах шатны шүүхэд хандан, ялалт байгуулжээ. Иймээс АТГ-аас түүнийг шалгаж эхэлжээ.