Categories
гадаад мэдээ

Сочид онц байдал зарлалаа

Хар тэнгисийн эрэг дэх ОХУ-ын Сочи
хотноо онц байдал зарласан тухай “TASS” агентлаг мэдээллэлээ. Сочи
хотноо хэдэн өдөр тасралтгүй орсон аадрын улмаас ихэнх барилга
байгууламж үерт автжээ. Зам, талбай усанд автаж, замын хөдөлгөөн
саатахад хүрээд буйг тус хотын дарга Анатолий Пахомов хэвлэлийнхэнд
мэдэгджээ.

Оршин суугчдын мэдээлснээр, Хоста,
Кудепста, Херота голууд үерлэсэн байна. Мөн өнөөдрөөс эхэлж олон улсын
нислэгийг хэсэг хугацаанд зогсоож, цахилгааны гэмтэл үүсээд буй
газруудад засвар хийхээр болсон байна. Зарим төрийн байгууллагын ажил
цахилгаанаас болж саатжээ.

Аврагчид Сочид усанд автсан машин, байр,
орон сууцнаас 1000 гаруй хүнийг аварсны дотор 270 хүүхэд байсан бөгөөд
тэднийг нүүлгэн шилжүүлээд байгаа аж. Эрэн хайх, аврах үйл ажиллагаанд
нийт 112 аврагч, 17 автомашин, 10 завь, Ми-8 нисдэг тэрэг оролцож буй юм
байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Учиртай гурван толгой” дуурийн гол дүрүүд тодорлоо

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой,
Үндэсний их баяр наадмын соёл урлагийн арга хэмжээ долдугаар сарын
1-15-ны хооронд болно. Соёл урлагийн чиглэлээр үндсэн 16 арга хэмжээ
байгаа бөгөөд үүний нэг нь долдугаар сарын 10-ны өдрийн 21.00 цагаас
Чингисийн талбайд “Учиртай гурван толгой” дуулалт жүжиг тоглогдох юм.
Улсын дуурь бүжгийн эрдмийн театр болон Нийслэлийн Засаг даргын тамгын
газар хамтран “Найрсаг Улаанбаатар” төслийн хүрээнд зохион байгуулж буй
“Учиртай гурван толгой” дуурийн гол дүрийн жүжигчдийн дунд сонгон
шалгаруулалтыг хийсэн байна.

Тус дуурийн гол дүр болох Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаагийн дүрд
13 дуучин өрсөлдсөнөөс ДБЭТ-ын гоцлол дуучид шалгарчээ. Тодруулбал,
Юндэнд Гавьяат жүжигчин Э.Амартүвшин, Нансалмаад Соёлын тэргүүний
ажилтан Ш.Наранчимэг, Балганд Ж.Бямбажав, Хоролмаад Гавьяат жүжигчин
С.Мөнгөнцэцэг нар багтсан байна. Эдгээр гол дөрвөн дүрд шалгарсан дуучин
тус бүрийг НЗДТГ-аас 10 сая төгрөгийн мөнгөн шагналаар шагнах юм байна.

Монголын үндэсний ууган сонгодог бүтээл Б.Дамдинсүрэнгийн “Учиртай
гурван толгой” дуулалт жүжгийг дуурь болгон тавьсны 65 жилийн ой энэ онд
тохиож байна. Энэхүү түүхэн жилд тус дуурийг анх удаа задгай талбайд
буюу долдугаар сарын 10-ны өдрийн 21.00 цагаас Чингисийн талбайд
тоглохоор болсон юм.

Categories
мэдээ нийгэм

Маргааш ”Тамирчдын өдөр”-ийг тэмдэглэнэ

Монгол улс жил бүрийн зургаадугаар сарын 28-ны өдрийг “Тамирчдын өдөр” болгон тэмдэглэдэг.

Энэ жил уламжлал ёсоор ЭМСЯ, тус яамны
Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн захирлын 140 тоот тушаалын дагуу
“Тамирчдын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна.

Үе үеийн ахмад багш, дасгалжуулагч,
тамирчид, шигшээ болон өсвөр үеийн тамирчид, Биеийн тамир, спортын
салбарын төлөөллүүдийг алдаршуулах, биеийн тамир спортод төрөөс
баримталж буй бодлогын хэрэгжилт, түүний үр өгөөжийг олон нийтэд
сурталчлан таниулахад эл арга хэмжээ чиглэгддэг аж.

Монголын “Тамирчдын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Спортын төв
ордноос Чингисийн талбай хүртэл биеийн тамир спортын салбарынхан болон
төр олон нийтийн төлөөллийн жагсаал болох аж. Улмаар Сүхбаатарын хөшөөнд
цэцэг өргөх юм байна.

Энэ үеэр ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба
тэргүүтэй албаныхан үе үеийн тамирчдад хандан үг хэлж, баяр хүргэнэ. Энэ
үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 053 тоот зарлигийн хэрэгжилтийг дүгнэж
аймаг, дүүргийг шагнаж урамшуулах юм. Мөн тус салбарт амжилт бүтээл
гаргасан тамирчдыг шагнаж урамшуулах юм байна.

Олон нийтэд тэргэнцэртэй спорт бүжиг,
хүчний байгууллагын үзүүлэх тоглолт, гимнастикийн үзүүлэх тоглолт, мото
спортын үзүүлэх тоглолт, дугуй, тэшүүр, цанын үзүүлэх тоглолт зэрэг олон
төрлийн сонирхолтой үзүүлбэрийг тоглож сонирхуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Кенид “Усны АТМ” ашиглалтад оров

Бүгд найрамдах Кени улсын нийслэл Найроби хотын зах хэсэгт орших Матхаре гэх ядуусын хорооллын иргэд ATM шиг хэлбэр, зориулалттай түгээгүүрээс ундны цэвэр усаа маш хямдаар авах боломж бүрджээ. Ядуусын хорооллын оршин суугчид өмнө нь цэвэр усыг өндөр үнээр худалдан авах, эсвэл бохир усыг ундандаа хэрэглэх гэсэн сонголттой тулгардаг байсан аж. Харин “Усны ATM” хэрэглээнд нэвтэрснээр хүмүүс смарт карт ашиглан амар хялбар аргаар хамгийн гол нь цэвэр усыг хямд үнээр худалдан авах боломжтой болсон байна.

Одоогоор энэхүү ус түгээгчийг Найроби хотын дөрвөн байршилд байрлуулаад байгаа юм байна. Харин цаашдаа бүр илүү олон түгээгүүрийг захын ядуусын дүүргүүдэд байрлуулахыг хүмүүс найдлага тавин хүлээж буй аж. Үнийн хувьд “Найроби хотын цэвэр, бохир ус” компанийн мэдэгдсэнээр, 20 литр усыг 50 центээр борлуулж байгаа юм байна.

Тус компани бусад ус түгээгч компаниас хамаагүй хямд үнээр усаа борлуулж байна гэж Найроби дахь “BBC” телевизийн сурвалжлагч Абдуллахи Абди мэдээлжээ. Ундны усанд цэвэр ус хэрэглэдэг болгох нь НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилтуудын нэг юм. Гэхдээ өнөөдөр дэлхийн хэмжээнд 700 сая гаруй хүн цэвэр ус ундандаа хэрэглэж чадахгүй байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Орбитын хүүхдүүд тоглоомын талбайтай боллоо

Хот өргөжин тэлж, бүтээн байгуулалтын шуурганд хүүхдийн талбай, нийтийн
эзэмшлийн газар өртөн бяцхан үрсийн тоглох талбай багассаар байгаа юм.
Тэгвэл захын хорооллын хүүхэд багачууд тоглох талбайтай болж байгаа
баяртай мэдээг дуулгая. Энэ бол Орбит буюу Сонгинохайрхан дүүргийн гэр
хороололын багачуудыг тохилог орчинд тоглуулах иж бүрэн тоглоомын
цогцолбор талбай юм. Энэхүү тоглоомын талбайг сайн санаат Япон улсын
иргэн Гото Хироши өөрийн хөрөнгөөр бүтээн байгуулжээ.

Тус тоглоомын төвийн нээлт өнөөдөр Орбит буюу Сонгинохайрхан дүүрэг
22-р хороо Хуучин 84-р гудамж 12 а байрны гадаа12 .00 цагт болно.Энэхүү
тоглоомын төвд Орбит дахь хүнд хэцүү нөхцөлд амьдарч байгаа гэр
хороололын бяцхан багачууд тоглох юм байна.

Categories
мэдээ спорт

Хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн дэлхийн аваргын шилдэг найман баг тодорлоо

Канад улсад 2015 оны хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн дэлхийн аваргын тэмцээн энэ сарын 6-наас долдугаар сарын 5-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Долоо дахь
удаагийн бүсгүйчүүдийн дэлхийн цомд Канад, Бразил, Франц, Герман, Япон,
АНУ, Англи, Голланд, Норвеги, Испани, Швед, Швейцарь, Камерун, Зааны
Ясан Эрэг, Нигери, Коста Рика, Мехсик, Шинэ Зеланд, Австрали, БНХАУ,
БНСУ, Тайланд, Колумб, Эквадорын шигшээ баг оролцож байгаа билээ.

“Канад
2015” тэмцээний шөвгийн 16-д БНХАУ-Камерун 1:0, АНУ-Колумб 2:0,
Герман-Швед 4:1, Франц-БНСУ 3:0, Австрали-Бразил 1:0, Япон-Голланд 2:1,
Англи-Норвеги 2:1, Канад-Швейцарийг 1:0-ээр тус тус хожсон.

Мөн шөгийн наймд БНХАУ-АНУ, Герман-Франц, Австрали-Япон, Канад-Английн шигшээ оноолт таарсан байна.

Энэ удаагийн
тэмцээнд хүчирхэг багууд шөвгийн 16-гаас хасагдсан нь дуулиан дэгдээлээ.
Тухайлбал дэлхийн аваргаас 1995 онд алт, 1991 онд мөнгөн медаль хүртэж
байсан Норвеги, 2007 онд мөнгө, 1999 онд хүрэл медаль авсан Бразил, 2003
оны мөнгө, 1991, 2011 оны хошой хүрэл медальт Шведийн бүсгүйчүүд шилдэг
наймын тоонд багтсангүй.

Хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн дэлхийн аваргаас медаль хүртсэн орнууд

Categories
мэдээ нийгэм

“Playtime 2015” амьд хөгжмийн наадам болж байна

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохиогдох “Playtime 2015”
амьд хөгжмийн наадам энэ сарын 27, 28-нд буюу өнөөдөр маргааш хоёр өдөр
Гачуурт дахь “Монгол шилтгээн”-ийг хөгжмийн хэмнэл, залуусын эрч хүчээр
доргиох гэж байна. Тус наадам нь 14 дэх жилдээ зохион байгуулагдах
бөгөөд наадмын гол зорилго нь Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн
соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль
орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг
амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн
боловсролыг дээшлүүлэхэд оршиж байгаа юм.

“Playtime 2015” наадмын хүрээнд Америкийн “Pains of Being Pure at
Heart” “SSIGHBORGGG”, Өвөр Монголын “Есөн-Эрдэнэ” зэрэг дэлхийн алдарт
амьд хөгжмийн хамтлагууд болон Монголын алдарт “Никитон”, “Нисванис”,
“The Lemons”, “Моханик”, “The Colors”, “Rec On”, “Цонхон дээр суусан
ялаа” зэрэг шинэ, шилдэг 40 гаруй хамтлаг дуучид, DJ оролцож, өөрсдийн
уран бүтээлээ толилуулна. Энэ удаа тус наадам нь “Playtime”, “Шинэ
Давалгаа”, “Нааглихац” гэсэн гурван тайзаар дамжуулан дэлхийн болон
Монголын амьд хөгжмийн уран бүтээлчдийг таницуулах болно.

“Playtime 2015” наадам хоёр дахь жилдээ “VIP zone”-ийг оролцогчиддоо
санал болгож байгаа бөгөөд тус үйлчилгээгээр дамжуулан оролцогч залуус
дэлхийн болон Монголын шилдэг амьд хөгжмийн уран бүтээлчидтэй танилцаж,
тэдэнтэй хамт ая тухтай орчинд өнгөрүүлэх боломжтой юм. “VIP Zone” нэг
өдрийн тасалбар 100 мянган төгрөг бол хоёр өдрийн тасалбар 160 мянган
төгрөгөөр худалдаалагдаж байгаа. Тасалбарын үнэнд өдөр, оройн хоол болон
төрөл бүрийн уух зүйлс, тав тухтай орчин, уран бүтээлчидтэй хамт зураг
авахуулах үйлчилгээ багтжээ.

Үүнээс гадна “Replay” буюу наадмын үеэр хотын залуус хог хаягдалаа
хэрхэн багасгаж, зөв зохистой ашиглаж, өөрсдийн бүтээлч сэтгэлгээг
хөгжүүлэх урлагийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. “Replay” яармаг нь
“PlayArt”, “PlayKids”, “PlayMerchandise” зэрэг өртөөнөөс бүрдэнэ. Тус
яармаг нь наадмын үеэр байгаль орчинг бохирдуулахаас зайлсхийж, хотын
залуус болон хамтран ажиллаж буй байгууллага хамт олны Улаанбаатар хотын
өнгө үзэмж, төрхийг найрсаг хот болгон хөгжүүлэхэд оруулах хувь нэмрийг
нэмэгдүүлэх зорилготой.

Мөн энэ удаагийн наадмын үеэр Монголын шилдэг арт хаус богино хэмжээний
бүтээлүүдийг танилцуулах бөгөөд кино хөтөлбөрийг “Алтан Хальс”
Холбоотой хамтран хүргэх болно.

Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл наадмын талаар
“Наадмыг олон улсын томоохон наадам болгоход нийслэлийн Засаг дарга
ихээхэн дэмжсэн. Энэ наадамд гадаадын алдартай хамтлаг дуучдыг урьж
оролцуулна. Цаашид Улаанбаатар хот бүс нутагтаа Ази тивдээ амьд хөгжмийн
соёлоор тэргүүлэхийг хичээж байна” хэмээн онцолсон юм.

Наадмын тасалбарыг “Монгол Шилтгээн” дээр худалдаалах бөгөөд нэг өдрийн 40, хоёр өдрийнх нийлээд 50 мянган төгрөг юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Б.Галдаа: Манай албыг эргүүлэн сэргээх гэхээр АТГ айж, сандраад байгааг ойлгохгүй байна

Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын байнгын хороогоор хэлэлцсэн. Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг эргүүлэн сэргээх талаар хэлэлцэх үеэр АТГ-ын дарга Н.Ганболд УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах албыг байгуулах юм бол АТГ цаашид ажиллах боломжгүй болж байна гэж мэдэгдсэн. Мөн дээрх хуулийн төсөлтэй холбоогоор АТГ-аас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлдхандаад байгаа. Энэ талаар Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга асан Б.Галдаатай ярилцлаа.

-Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг анх байгуулж байсан үеийн талаар яриагаа эхлүүлье?

-2002 оны есдүгээр сард багц хуулиуд батлагдаж, Ерөнхий прокурорын дэргэд Мөрдөн байцаах алба гэж байгуулсан. Хуулийнхан хуулийнхнаа шалгаж чадахгүй байна, ард иргэдийн эрх хууль, төрийн байгууллагын хүрээнд зөрчигдөж байна гэсэн нийтийн хүсэл сонирхол дээр тулгуурлаж энэ албыг байгуулсан. Засгийн газрын баталсан тогтоолын дагуу 24 мөрдөн байцаагчтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Өмнө нь ийм алба байгаагүй, энэ чиглэлийн хэргүүдийг цагдаагийн мөрдөн байцаагчид гүйцэтгэж байсан юм. Манай алба байгуулагдсаны дараахь 2-3 жилд бидэнд хүндрэлтэй асуудал цөөнгүй байсан. Материаллаг баазгүй, боловсон хүчингүй, суурь баазгүй хөрсөн дээр энэ албыг байгуулсан учраас бүгдийг шинээр бий болгосон.Гэхдээ энэ хугацаанд залуучуудын чадавхи, байдал ч сайжирч, мэргэшиж эхэлсэн. Хуулийнхаа дагуу хараат бус байх үүднээс төсөв, хөрөнгө нь хүртэл тусдаа батлагдаж байсан түүхтэй. Хэн нэг хүнээс хараат бус, сайн муугаа өөрөө үүрч явдаг тогтолцоог бий болгохыг зорьсон. Бид 2012 онд арван жилийн ойгоо тэмдэглэж, ажлаа дүгнэсэн. Чамлахааргүй ажил хийж, иргэддээ үйлчилсэн байдаг юм. Энэ хугацаанд 600-700 гомдол, 400 гаруй эрүүгийн хэрэг шийдвэрлэсэн гэсэн тоон мэдээ байсан. Хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлж, албан хаагчид мэргэшээд ирэхээр олон нийтийн хандлага ч бидний хийсэн ажлыг үнэлж, дүгнэдэг, сайшааж, урамшуулдаг болоод ирж байгаа юм. Энэ нь биднийг ажлаа сайн хийсэн гэснийг харуулж байгаа бас нэг үнэлгээ юм болов уу. Гэтэл гэнэт л манай газрыг татан буулгаад, АТГ-т нэгтгэчихсэн.

-Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг АТГ-т нэгтгэснээр иргэдийн эрх ашиг зөрчигддөг байдал эргэн сэргэлээ. Хууль, хяналтынхан ч гэлтгүй төрийн албан хаагчид ч иргэдийн эрх ашгийг зөрчих боллоо гэх мэдээлэл цөөнгүй гарлаа. Энэ тал дээр ямар тайлбар өгөх вэ?

-Интернэт, олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдаж, бичигдэж байгаагаас харахад хуулийнхан хуулийнхнаа шалгаж чадахгүй, Мөрдөн байцаах хэлтэс ажлаа хийж чадахаа болилоо гэх хандлагууд бий болж байна. Үнэний ортой шүү дээ. Нэг анги төгссөн, нэг нутгийн, нэг хашааны, нэг гэрт өссөн, нэг сургууль төгссөн албан хаагчид бие биеэ шалгаж, хэрэг илрүүлнэ гэдэг аль ч талаасаа бодсон үнэнд нийцэхгүй.Иргэд АТГ-ын дэргэдэх мөрдөн байцаах албанд хандлаа гэхэд харьяаллын дагуу тухайн цагдаагийн хэлтсийг шалга гээд харьяалал тогтоогоод өгч байна. Нэг албанд мөр зэрэгцэн ажиллаж байгаа цагдаа нар нэгнийгээ гэмт хэрэгт буруутган шалгах болдог. Шалгаж байгаа хүнд ч хэцүү, шалгуулж байгаа нь ч өмнө нь найздаа жаргал зовлонгоо ярьчихсан байхыг үгүйсгэх аргагүй. Ямар нөхцөл байдал үүсэхийг ойлгож байгаа биз дээ. Энэ бол зохицуулалт муу байгаагийнх. Үүнийг би хувьдаа Үндсэн хуулиар хүлээсэн үүрэг, олон улсын хүний эрхийн байгууллагуудын өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаасаа ухарсан өнгөцхөн, гоомой шийдвэр гэж үзэж байгаа.Монгол Улс хүний эрхийн 50 шахам гэрээ, конвенцид нэгдсэн байдаг. Энэ олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд гол үүрэг гүйцэтгэгчийн нэгээр манай алба зогсож байсан. Хүний эрх хаана зөрчигдөж байна вэ. Хуулийн хүрээнд зөрчигдөж байна, төрийн албаны хүрээнд, хуулийн байгууллагын хүрээнд ихэнхдээ зөрчигдөж байна шүү дээ. Тиймээс энэ нөхцөл байдалтай хамааралтайгаар бодит байдлыг үнэлж, харах хэрэгтэй юм. Хүний эрхийн дэд хороо, Эрүүдэн шүүхийн тусгай хорооноос Засгийн газарт зөвлөмж, чиглэл явуулж, анхааруулаад байгаа нь нэг юм хэлээд байгаа юм шүү дээ. Буруу шийдвэрээ засаж, залруулаач, эргэж хараач гээд байгаа юм. Ингэхдээ манай албыг аль нэг байгууллагад аваачаад наах биш юм. Энэ байгууллагын статус биеэ даасан, хараат бус байх ёстой.

-Гэхдээ УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг АТГ-ын харьяанд өгсөн ч өмнө нь хийж байсан ажлаа үргэлжлүүлэн хийх боломж бүрдэхгүй байна уу?

-Гэнэтхэн л АТГ-т манайхыг нэгтгэж, төсөв хөрөнгийг нь ч тийшээ шингээчихсэн. Гэтэл үнэндээ АТГ бол зөвхөн албан тушаалын хэргээр хэдхэн газрыг шалгадаг байгууллага шүү дээ. Биднийг АТГ-т нэгтгэхдээ эрүүгийн болоод өмнө нь манай байгууллагын шалгаж байсан хэргүүдийг хэн, ямар алба шалгах вэ гэдэг нь тодорхой бус, хоосон орон зай үлдээсэн. Энэ орон зайг нөхөх эрх зүйн орчин, нөхцөлийг бүрдүүлж чадаагүй. Энэ бүхнээс болж олон нийт бухимдаж, хаана хандахаа мэдэхгүй бужигнаж байна. Энэ бүхний эцэст хүний эрх зөрчигдөх, хууль гажуудах, үүнийг ашиглан зарим нэг нь ял завших, зарим нь хохирох нөхцөл нь бүрдчихээд байна. УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг АТГ-ын харьяанд өгснөөс хойш хууль хяналтын албан тушаалтнуудтай холбоотой шүүхэд шилжүүлсэн хэрэг байхгүй гэж сонссон.

-Тодруулбал?

– Тусгай субьектүүдийн хэрэг, зөрчлийг шалгадаг улс орон ч бий. Гэтэл манайд арав гаруй жил болоод ирсэн байгууллага гэнэт яагаад болохоо байчихсан юм бүү мэд. Байгуулсан алба, хамт олноо магтаж, саймширхаж байгаа юм огт биш. Эрх зүй, хүний эрхийг хамгаалах, хуулийг эрүүл хэрэгжүүлэх, хөгжүүлэхэд энэ алба өөрөө чухал үүрэгтэй байсан юм. Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, хөдөө гадаа их явдаг, тэр дундаа хуульчдын өөрсдийнх нь гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгадаг гэдэг утгаараа өндөр хариуцлагатай алба байсан. Нэгдүгээрт хууль, шүүх, цагдаа, төрийн байгууллагын албан хаагч буруутай, үгүйг нь тогтоодог, хууль бус үйл ажиллагаа бий болохоос урьдчилан сэргийлдэг, сэрэмжлүүлдэг ганц байгууллага нь байв. Мэргэжил нэгтнийхээ алдаа, оноог зөв дэнсэлдэг газар юм. Түүнээс биш мөр зэрэгцэж байгаа нэгнийгээ ялладаг, эсвэл хийсэн бурууг нь цайруулдагч газар биш. Гол нь зөв дүгнэж, зөв замыг бий болгох, үнэнийг тогтоох гээд байгаа юм.

-Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэх үеэр гол яригдсан зүйл гэвэлПрокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыгэргүүлэн байгуулах асуудал байсан. Асуудал хэлэлцэж байх үед АТГ-ын дарга Н.Ганболд “Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газрыг эргүүлэн байгуулах юм бол АТГ цаашид ажиллах боломжгүй болж байна” гэж мэдэгдсэн. Энэ талаар ямар санал бодолтой байна вэ?

-Үнэндээ бол АТГ шалгах ёстой хэргээ хуулийн дагуу шалгана. Хорьж, цагддаг, эрүүдэж, шүүдэг процесс нь хууль, журмынхаа дотор явагдана. Энэ нь Мөрдөн байцаах албыг АТГ-т нэгтгэсэнтэй огт хамааралгүй асуудал. Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газар эргүүлэн байгуулагдлаа гэхэд АТГ-ын үйл ажиллагаанд ямар ч саад бэрхшээл болохгүй шүү дээ. Бид иргэн хүнийг ямар нэгэн гэмт хэрэгт холбогдуулан шалгахдаа хуулийн дагуу ажиллаж байгаа үгүйг хянадаг газар байсан. АТГ бол өөрийн гэсэн хуультай, түүгээрээ зохицуулагддаг, эрх зүйн орчинтой. АТГ-ын чиг үүрэгт Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газрынчиг үүрэг ямар ч хамаа байхгүй. Тэс өөр хоёр зүйл. Иргэнийг шалгах үедээ хууль зөрчсөн, алдаатай, гэмт хэргийн шинжтэй зүйл хийвэл манай байгууллага шалгах эрхтэй.

-Мөрдөн байцаах албыг бие даасан байдлаар дахин сэргээх тухай Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хууль санаачилснаа танилцуулсан нь багагүй хэл ам боллоо. АТГ-аас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүртэл бичиг хүргүүлсэн байна лээ. Энэ албыг яагаад ингэж их эсэргүүцээд байгаа юм бол?

-Мөрдөн байцаах албыг АТГ-т нэгтгэх үед тэнд байсан албан тушаалтнууд ямар нэг юм хэлэлгүй, шууд кноп дарж, дэмжээд л гараад явчихаж байсан. Энэ нь мөрдөн байцаах албыг өөрсдөдөө нэгтгэх сонирхолтой байсан гэсэн үг. Хууль санаачлах эрх УИХ-ын гишүүн бүрт бий. Хуулийг батлах эсэх нь Их хурлын эрх мэдлийн асуудал. Гэтэл хэн нэгний санаачилсан хуулийн төсөлд АТГайж, сандарч, балмагдаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлдалбан бичиг хүргүүлээд байгааг гайхаж байна. Хүргүүлсэн бичгийнх нь үндэслэлийг би мэдэхгүй. Гэхдээ юунаас нь айж, сандраад байгаа хэрэг вэ. УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба ямар мангас биш дээ. Үнэн мөнийг тогтоох, хүний эрхийг хамгаалах чиг үүрэгтэй л байгууллага шүү дээ. Шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, тагнуулын ажилтан, цагдаа, тахар гээд бүгдтэй нь л адил чиг үүрэгтэй байгууллага. Энэ алба чиг үүргийнхээ дагуу ажиллаж болохгүй ямар шалтгаан, нөхцөл байгаа юм бол. Бид ямар нэг гомдол, мэдээллийн дагуу ажил үүргээ гүйцэтгэдэг. Түүнээс биш хэн дуртайгаа шалгах эрх, шаардлага бидэнд байхгүй. Хууль, шударга ёс, хүний эрхийг дээдэлье гэж Үндсэн хуулиндаа тусгасан бол үүнийгээ хангах эрх зүйн орчныг тогтвортой байлгах, бүрдүүлэх хэрэгтэй. Үүнийг хангах гэж яваа байгууллагын нэг нь Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба юм шүү дээ. Цагдаа, прокурор, шүүхийн байгууллага эсэргүүцээгүй байхад ганцхан АТГ эсэргүүцээд байгаад гайхаж байна.

-Мөрдөн байцаах албыг бие даасан байдлаар дахин бий болгох хэрэгтэй гэж та үзэж байгаа байх. Энэ тухай товчхон тайлбар хийж өгөх үү?

-Мөрдөн байцаах алба тийм ч сүртэй зардалтай, эрх дархтай байгууллага биш шүү дээ. АТГ-тай харьцуулахад төсөв хөрөнгө нь хамаагүй бага, 20 гаруй мөрдөн байцаагч маань цагдаагийн цалингаар цалинждаг ийм л газар байсан. Энэ албыг дахин сэргээх байх гэж боддог. Энэ байгууллага байснаар хууль, шүүх, цагдаа, төрийн байгууллага доторх хуулийн хүрээнд мэт боловч хүний эрхийг зөрчиж буй байдлыг багасгах, арилгах юм. Жилд шүүх рүү 20 орчим, прокурорт 20-30 хэрэг яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлдэг. Энэ бүгдийг зохих хууль, журмын дагуу шийдвэрлүүлдэг. Эрүүдэн шүүх ажиллагаатай холбоотой гомдол цөөнгүй ирдэг. Зодоод хэрэг хүлээлгэчихдэг, хилсээр хүлээлгэдэг, бусдаар дарамтлуулж хүлээлгэдэг, гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хорьж, цагддаг, хууль бус шийдвэр гаргадаг цөөнгүй баримт бий. Хүний эрхийн комиссоос гаргасан 2013, 2014 оны тайлангаас хүний эрхийг зөрчиж байгаа олон зуун баримт харж болно. Зөвхөн эрүүдэн шүүх явцтай холбоотой 2-3 хэрэг жилд шүүхээр шийдэгддэг. Энэ нь хүний эрх хуулийн байгууллагын хүрээнд зөрчигдөж байгааг хэлээд байгаа юм. Манай байгууллага ажилласнаар сүүлийн жилүүдэд энэ төрлийн хэрэг байхгүй, бусад төрлийн мэдээлэл ч багасах хандлагатай болсон. Энэ нь манай байгууллагыг ажлаа хэрхэн хийж байсныг хэлээд өгнө. Одоо харин энэ байдал эргэж бий болох хандлагатай байна.

-АТГ-аас үе үе хэвлэлийн хурал зарлаж, тэр албан тушаалтан тийм хэмжээний мөнгө хувьдаа завшсан, түүнийг ийм хэргээр сэжиглэн байцааж байна гэх мэтээр мэдээлэл хийдэг болсон. Шүүхийн шийдвэр гараагүй байхад ийм мэдээлэл хийх нь хүний эрх зөрчиж байгаа асуудал гэж шүүмжлэлд өртөөд байгаа. Эсвэл энэ нь АТГ-т хамааралгүй байдаг юм уу?

-Үндсэн хуулиар гэм буруутай эсэхийг нь шүүх тогтооно. Түүнээс өмнө хуулийн аль ч шатанд хэн нэгэн сэжигтэн, яллагдагчийг гэм буруутан болгох эрх хэнд ч, ямар ч албан тушаалтанд байхгүй. Гэхдээ ийм буруу хандлага манайд бий. Жишээ татсанаар тань АТГ-ын тухай ярихад тус байгууллага өөрсдийн хийсэн ажлаа буруу сурталчлаад байгаа юм. Шүүхийн тогтоол гараагүй байхад хэн нэг сэжигтний нэр ус, хийж байсан ажил, сэжиглэж байгаа хэргийн тоо баримтыг дэлгэчихээд байгаа нь буруу. Шүүхийн тогтоол гараагүй байхад тэчнээн тэрбум төгрөг завшсан, ийм хэрэг хийсэн гэж зарлах нь хүний эрхийгзөрчиж байгаа асуудал. Дараа нь шүүхээр хэргийг шийдвэрлэхэд АТГ-аас эсвэл аль нэг байгууллагаас зарласан, мэдээлсэн хэрэг нь нотлогдохгүй байвал хүний эрхийг ноцтой зөрчсөн гэсэн үг. Ийм тохиолдол байдаг. Нөгөө хүн нэр төрөө сэргээлгэнэ, бие мах бодийн хохирлоо төлүүлнэ гээд гомдол гаргалаа гэхэд одоо түүнийг нь мөрдөн шалгах хэлтэс, байгууллага байхгүй болсон гэсэн үг. Энэ бол олон улсын өмнө хүлээсэн үүргээсээ ухарч, буцаж буй шинж, ийм байж болохгүй л дээ. Харин ийм төрлийн, тийм хэргээр сэжиглэгдэж байна гэсэн мэдээлэл өгч болно. Түүнээс биш мөрдөн байцаалтын процесс, байгууллагын үйл ажиллагааг задалж болохгүй шүү дээ. АТГ-аас хэн нэгэн хүнийг холбогдсон хэргийн талаар, нэрийг нь зарлаж, мөрдөн байцаалтаар албан тушаалаа ашиглаж тэдэн төгрөгийн мөнгө завшсан нь тогтоогдлоо гэж мэдээлэл хийж байгаа ньхууль зөрчсөн асуудал гэж үзэж байгаа. Хэрэв УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах алба байсан бол, иргэд гомдол ирүүлсэн бол бид хуулийн дагуу тухайн хүний эрхийг хамгаалж АТГ-ыгшалгах байсан.

-Албан тушаалтай холбоотой хэд хэдэн хэргийг танай байгууллага шалгаж байгаад дунд нь орхигдуулсан тухай яриа гарсан. Энэ талаар тайлбар өгөөч?

-Улсын Их Хурал 2014 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр баталсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсоноор Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны харьяаллын гэмт хэргүүд Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэргийн харьяалалд, ахуйн чанартай гэмт хэрэг нь Цагдаагийн байгууллагын харьяалалд тус тус шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, бид шүүгчтэй, прокурортой, цагдаатай, хэрэг бүртгэгчтэй холбоотой 10 орчим хэргийг АТГ-т шилжүүлсэн. Манай байгууллага хүлээсэн үүргийнхээ дагуу ажлаа хийсэн, шийдвэрийн дагуу хэргийг шилжүүлсэн. Түүнээс биш манайх хэрэг илрүүлэхгүй, орхигдуулсан зүйл байхгүй. Манай байгууллагын тухай энэ мэт хар мэдээлэл иргэдэд хүргээд байх нь буруу юм л даа. Манай байгууллагыг хүний эрхийг хамгаалж чаддаг, гэм буруутайг эсвэл буруугүйг тогтоож чаддаг байгууллага гэдгийг хүний эрхийн байгууллагууд ч хүлээн зөвшөөрдөг. Одоо ч нийгэмд хүлээлт бий болоод байх шиг байна.

Э.Хүрэлбаатар

Categories
мэдээ цаг-үе

Гунигтайхан харж учиртайхан инээмсэглэх МОНА ЛИЗА

Францад очих хүсэл ихэнх залуу бүсгүйд байдаг байх. Би тэдний нэг болохоор аялж явахдаа хурдхан шиг Парист очих юмсан гэж мөрөөдсөөр явлаа. Романтик залуучууд, ганган хүүхнүүдийг харахаар Парист ирэв. Бусад хоттой харьцуулахад ёстой нэг түм түжигнэсэн их хөлийн газар уу даа гэх сэтгэгдэл төрж байна. Хотын төвд ирээд юун түрүүнд Луврын музейг үзэхээр боллоо. Тасалбар нь 15 евро гэв. Луврын му­зейн барилгыг 1180-1223 оны хооронд төрийн эрх барьж байсан Филипп Август хааны зарлигаар барьжээ. Хотын нэгдүгээр дүүрэгт, Сена мөрний баруун эрэгт байх ордныг англичууд болон нор­манчуудын довтолгооноос хам­гаалахын тулд өндөр ха­шаагаар хүрээлүүлэн барь­сан түүхтэй. Дотроо тансаг ч гэлээ гаднаас нь харахад хэрэм, цайзтай төс­тэй харагдах хааны ордныг 1564 онд хатан хаан Катерин Медисис засварлажээ. Дай­ныг санагдуулам хүйтэн сэт­гэгдэл төрүүлэх төрхийг нь эмэгтэй хүний сэтгэмжээр бүрэн өөрчлөхийн зэрэгцээ маш том цэцэрлэгт хүрээлэн байгуулсан байна. Үүний да­раа Европын хамгийн тансаг ордны нэгд тооцогдох болжээ. Хожим есдүгээр Луис хааны үед ордныг өргөжүүлэн хэд хэдэн танхим нэмж барьсан гэдэг. Харин музей болсон нь 1793 оны наймдугаар сарын 10. Өдгөө Луврын музей нийт 210 мянган м2 талбайтай. 60.6 мян­ган м2 талбайд нь өрнийн Европын буюу Грек, Иран, Египет, Ойрх Дорнодын бүс нутгуудын түүхийг өгүүлсэн 35 мянган гайхамшигт уран зураг, баримал, хөшөө, вааран эд­лэл, археологийн олдворууд бий. Хүн төрөлхтөний сод бүтээлийг үзэхээр жилд 10 сая хүн Луврыг зорьдог гэх тооцоо байна.

Тасалбар авахад “Та аль хэсгийг үзэх вэ” гэж асуув. Бүх үзмэрүүдийг нь үзэхэд дор хаяж гурван сар шаардагдах болохоор түүхийн аль хэсгийг сонирхож буйгаа хэлэх хэ­рэгтэй. Олон сод бүтээлээс жинхэнэ Мона Лизаг харах хүсэлтэй ирсэн болохоор зүүн урд жигүүр дэх эртний урлагийн салбар танхимыг чиглэн алхлаа. Хана дагуу гол үзмэрүүдийн нэрийг бичин хаджээ. Мона Лиза хүртэл эртний Францын уран зураг, хө­шөө баримлыг сонирхон урт хон­гилоор алхав. Олон хүн байх ч тэр том барилга дотор тарчихаар аль нэг үзмэрийн өмнө шавдаггүй ажээ. Эртний хаад, хатдын хөрөг зураг, суут сэт­гэгчдийн уран баримал, бид­ний амьдарч буйгаас хэдэн зуун жилийн өмнөх хотуудын ерөнхий төлөв гэхчлэн үзэж харах зүйл ихтэй. Олон зуун жилийн өмнөх түүхийн гэрч болсон урлагийн бүтээлүүд өнөөг хүртэл өнгө, үзэмжээ алдаж гэмтээгүй нь сайхан юм. Ямар ч онгож муудсан, хагарч гэмтсэн үзмэр байхгүй. Өчигдөрхөн шинээр урлаа юу гэмээр харагдах музейн үзмэрүүдийг гайхах, бахархах сэтгэл төрж байлаа. Гоё сай­ханд ч биш, яаж ийм урт ху­гацаанд шинээр нь хадгалж чадсан юм бол гэж бодсоор Мона Лизаг байрлуулсан тан­химд орж ирэв. Энд хаанаас гараад ирэв гэмээр олон хүн шавжээ. Цайвар шаргал өнгийн хананд алдарт Мона Лизаг өлгөсөн байв. Музейн бусад үзмэрүүдийг ямар нэ­гэн байдлаар тусгаарлаагүй хэрнээ ганцхан Мона Лиза­гийн өмнүүр шилэн хаалт хийжээ. Барагцаалбал 80*60 хэмжээтэй хөргийг боронзон өнгийн жаазаар хүрээлсэн байв.

Дэлхийд суу алдар нь түг­сэн энэхүү зургийг англиар Мона Лиза, итали, францаар Жоконда гэдэг. XVI зуунд алдарт зураач Леонардо да Винчигийн зурсан Мона Лизаг “Гунигтайхан харж, учир­тайхан инээмсэглэх бүс­гүй” гэдэг бөгөөд уран зургийн түүхэнд хэдэн зуун жилийн турш хүндтэй байр суурь эзэлж байгаа. Зурж дууссан цагаас нь хойш Мона Лизагийн инээмсэглэл ямар учиртай вэ, зураач хэнийг ингэж зурав гэх мэт түм буман асуулт хөвөрдөг хэдий ч өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй л байна. Тэр бүү хэл Мона Лиза дээр зураач гарын үсгээ зурж, он сараа тавьсангүй. Бүр Луврт байгаа Мона Лиза жинхэнэ мөн үү, хуулбар биш байгаа гэсэн хардлага урлаг судлаачдын дунд бий. Ямартай ч энэхүү бүтээлийн тухай “Байгаль, хөрөг хоёрын зохицолдлого Леонардо да Винчийн бүтээл гэдгийг бүрэн төгс баталж байна.

Пирамид загварын зо­хиомж, хагас хөндлөн суусан байр­лалаас зураачийн авьяас, техникийг илэрхий харж болно” гэж дэлхий даяар дуу нэгтэйгээр баталдаг ажээ. Сонирхолтой нь төгс бүтээ­лийг олон жил судалсан хү­мүүс “Мона Лиза бол жирийн нэг эмэгтэйн зураг. Олон үеэр давхарлан зурсан зу­рагны доор Ленардо да Винчигийн өөрийнх нь хөрөг бий” гэж шуугих болжээ. Үнэхээр зураач Мона Лизаг зурж байхдаа хүн төрөлхтөнд суут бүтээл үлдээж байгаа гэдгээ мэдэрсэн байж болох юм. Түүхэнд “Зураач өөрөө будгаа найруулсан. Найз нөхөд, гэр бүлийнхээ хэнд ч харуулалгүйгээр бү­тээлээ дуусгасан. Хамгийн их итгэж, юугаа ч үл нуудаг байсан туслахаа хүртэл ойртуулалгүйгээр зурсан” хэмээн тэмдэглэгджээ. Тиймээс өнөөг хэр дуурайж зураг хүсэлтэй ямар ч хүн “Мона Лизаг дахин амилуулж чадахгүй байгаа гэж тайл­барладаг юм байна.

Луврт ирсэн хүн бүр энэ­хүү бүтээлийн өмнө зур­гаа авахуулж байв. Зургийг харсан хүмүүс нүд, уруул, үс, арын байгаль гэхчлэн зургийг хэсэгчлэн харж нэг бүрчлэн цоо ширтэх ажээ. Бүр нэг гараараа эрүүгээ тулж зогсоод бодолд автан харах ажээ. Эргэн тойронд нь юу болж байгаа, дэргэд нь хүмүүс ирж зогсож байгааг анзаарч байгаа шинж алга. Тэртээ XVI зуунд, бүсгүйн дэргэд очоод зогссон мэт бодол санаагаараа уусан шингэжээ. Бусдын адил Мона Лизаг ширтэн хэсэг зогсов. Анх харахад энгийн л зураг мэт байснаа аажмаар инээмсэглэж байгаа аятай санагдлаа. Үнэхээр л өөдөөс хараад хөнгөн гунигтай ч юм шиг нүдээрээ нэгийг хэлж, үл мэ­дэг инээмсэглэх уруулаараа нө­гөөг сануулах шиг болов. Удаан хараад байвал амьд мэт мэдрэмж төрүүлэх алдарт Мона Лизатай “уулзах” гэж, нүдийг нь ширтэх гэж, уруулынх нь инээмсэглэлийг олох гэж дэлхийн хүмүүс Луврт ирдэг ажээ.

Музейн ажилтнууд ган­цаараа яваа жуулчдын зургийг авч өгөн тусална. Цааш явсаар эртний Грекийн уран баримал, Наполеон хааны үеийн уран зургийг сонирхлоо. Музейн өөр нэг хэсэгт байх үнэт чулууны цуглуулгыг үзэх хүсэлтэй бай­сан ч аль хэдийнэ гурван цаг өнгөрч хөтөчтэйгээ уулзах болжээ. Үнэт чулууны хэсэгт Энэтхэгээс олдсон “Регент” нэртэй 137 каратын алмааз эрдэнэ байдаг гэсэн. Бас үе үеийн Оросын ихэс дээдсийн гар дамжиж ирсэн “Үхлийн хараал” нэртэй алмааз бий. “Үхлийн хараал” алмааз очсон эзэндээ гай түйтгэр авчирч, үе удмаар нь хүйс тэмтэрдэг бөгөөд 1852 онд Луврын музейд ирсэн юм билээ. Хараалтай алмаазыг сонирхож ширтэх нь бүү хэл зэрвэсхэн хараад өнгөрөх төдийд муу зүйл тохиолддог гэх аман яриа байдаг.

Музейн хана, тааз тэр чигтээ уран зургаар дүүрсэн байв. Хаан, хатдын титэм, ал­­­­дартай жанжнуудын сэлэм, язгууртан авхай нарын үнэт эдлэл гээд түүхийн он жилүүдийг бодитоор дурсах Луврыг орхин явлаа. Гадаа нь өн­гөт арьстангууд Эйфеллийн цам­хаг, Луврын музей зэрэг Франц улсын нэрийн хуудас болсон бүтээн байгуулалтын су­винер худалдах ажээ. Мөн цагаан арьстай хүнийг хамтдаа зур­гаа авахуулъя гэсээр нэг евро нэхэж байлаа.

Эндээс холгүй Наполеон хааны Ялалтын цагаан хаалга бий. Энэхүү хаалгыг 1806 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр нэгдүгээр Наполеон тушаал өгч бариулжээ. Бүтээн байгуулалтын ажил гучин жилийн турш үргэлжилсэн гэдэг. 50 метрийн өндөртэй, 45 метрийн өргөнтэй, дэлхийн хам­­гийнтомхаалгыгНаполеон өөрийн Ялал­тыг тэмдэглэхэд зо­риулж босгожээ. Дайн дуу­сахад цэргүүдээ энэхүү хаал­ганы доогуур жагсан гарахыг тушаасан бөгөөд Франц улс дайнд хэзээ ч ялагдаж болохгүй гэх утгыг илэрхийлж байжээ. Хожим хаалганы зүүн баганын дор дэлхийн нэгдүгээр дайнд амиа алдсан нэр нь үл мэдэгдэх цэргийг оршуулсан гэнэ. Түүнээс хойш өдөр бүрийн 18.30 цагт дайнд оролцож явсан цэр­­гүүдийн дурсгалд зориулан хүндэтгэлийн бамбар асаадаг болжээ.

Хаалганы гадна талын ханан дээр франц цэргүүдийн байлдаж буй зургийг сийлсэн байв. Харин дотор талд нь их хувьсгалын үеийн дайны нэр, тулаанд амь үрэгдсэн баатруудын нэрийг бичсэн байлаа. Одоогоос гуч гаруй жилийн өмнө гадны жуулчид, ялангуяа германчууд Наполеоны хаалган дээр очих дургүй, бүр зүглэдэг ч үгүй байсан бол өдгөө жуулчдын очдог гол газруудын нэг болоод байгаа гэнэ. Германчуудын очдоггүй байсан шалтгаан нь дайнд ялагдсантай холбоотой. Өвөг дээдсийнх нь цусыг урсгаж байсан франц цэргүүдийг хүндэтгэх шалтгаан тэдэнд байхгүй учраас Наполеоны хаалга руу зүглэдэггүй гэсэн. Бусад орны жуулчид ч бас муу энергитэй газар гээд очдоггүй байжээ.

Парис хотын төвд 2.5 сая хүн амьдардаг. Дэлхийн өнцөг булангаас сард зургаан сая жуулчин ирдэг гэнэ лээ. Тэгэхээр хэн нь франц вэ гэдгийг ялгаж чадахааргүй са­нагдав. Гудмаар энгийн, чө­лөөт байдлаар хувцасласан хүүх­нүүд алхана. Уг нь ихэнх монгол эрчүүдийн төсөөлдөг гоо сайхны туйл болсон хөөр­хөн царайтай, өөлөхийн ар­гагүй төгс галбиртай, ихэмсэг хэрнээ дэгжин хувцасласан, зөрж өнгөрөхөд мартахын аргагүй үнэр шингээсэн тийм л бүсгүйчүүдийг харна гэж төсөөлж байлаа. Гэтэл биднээс нэг их илүү гараад байхгүйг нь хараад сэтгэл амрах шиг болов. Харин жинхэнэ гоё хүүхнүүдийг Парис хотын төвд байх “Мулен руж” шоу цэнгээний газраас харах ажээ. Зорсон юм шиг гуалиг биетэй, хүнхэр нүд, дэрвэгэр сормуустай үзэсгэлэнт бүжигчин бүсгүйчүүд “Мулен руж”-д цугладаг юм байна. Төгс сайхан биеийнхээ гоо үзэсгэлэнг гайхуулан хувцаслахдаа ихэнх хэсгээ ил гаргажээ.

Кабаре шоунд бүжиглэдэг тэднийг харах гэж, хамтдаа зургаа авахуулах гэж эрчүүд дэлхийн хаанаас ч хамаагүй ирдэг гэсэн. Бүсгүйчүүд нь ч сайхан зантай гэж жигтэйхэн. Өөр рүү нь харж бахдан баясаж байгаа хүн бүртэй эелдэгээр зургаа авахуулна. Сайхан зан нь хөдөлбөл зарим нэгийнх нь хацар дээр үнсэж мартахын аргагүй дурсамж үлдээх ажээ. Хамгийн гоё бүжиглэдэг хүүхнүүд “Мулен руж”-д тэнцдэг хэдий ч голдуу францчуудыгаа авдаг гэсэн. Эндхийн уур амьсгалыг дагаад кабаре шоу үзэхээр ирсэн хүмүүс дэгжин хувцасладаг юм байна. Эрчүүд нь хослол өмсөж хүүхнүүд нь үдшийн хүлээн авалтад зориулсан гэмээр даашинзаар гоёжээ. Шоу үзэх гэсэн боловч та­салбар аль хэдийнэ дууссан гэнэ. Хамгийн эрэлттэй шоу­нуудын нэг болохоор тасалбарыг нь онлайнаар борлуулдаг бөгөөд суудлын зэрэглэлээсээ хамаарч 30-500 еврогийн үнэтэй. 500 еврогийн тасалбараар тусгай зэрэглэлийн суудалд тухлах бөгөөд бүжигчин бүсгүйчүүдтэй нэг оройг наргиж өнгөрөөдөг гэсэн.

Categories
мэдээ цаг-үе

Аль рашаан сувиллыг зорих вэ?

Монгол оронд олон улсын рашааны эмчилгээний зориулалтын шалгуурыг хангаж чадах 130 гаруй халуун,хүйтэн рашааны орд байдаг юм байна. Халуун рашаан 42, халуун уур нэг, нүүрсхүчлийн хүйтэн рашаан 60 гаруй, рашаан төстэй усны үелэл 30 орчим, эмчилгээний онцгой бүрэлдэхүүнгүй боловч эмчилгээнд тустай 10 орчим усны илрэл байгаа аж. Гидрокарбонат, кальци, магнийн төрлийн рашаан 32, үлдэх 38 нь хий ихтэй боловч найрлага тогтоогдоогүй эсгэлэн, дунд зэргийн эрдэсжилтэй бага ундрагатай булгууд орж байна гэж албаны ёсны мэдээлэлд дурджээ. Мөн 270 гаруй рашаан төстэй харз булгууд байдаг аж.

Ингээд зуны цагт монголчуудын олноороо зорин очдог рашаан сувиллын газруудыг танилцуулж байна.

“ХАСУ ШИВЭРТ” РАШААН СУВИЛАЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЦОГЦОЛБОР ТӨВ

Архангай аймгийн Батцэнгэл сумын Дарьхинтын хөндийд байрладаг. Архангайн Цэцэрлэг хотоос зүүн хойшоо 35 км, Улаанбаатар хотоос 465 км-ийн зайд оршдог. Жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд шавар болон рашаан эмчилгээ, зүү төөнүүр, бариа засал, физик эмчилгээтэй. Байгалийн ундарга бүхий 68 градусын хүхэрлэг, халуун рашаантай. Мөн “Нохой унадаг” нуурын халуун шавраар мэдрэл, үе мөч, арьсны харшил болон бусад өвчнийг анагаадаг.

Утас: 98007314, 08003212

ОРГИЛ РАШААН СУВИЛАЛ

Оргил рашаан сувилал нь Богдхан уулын ар хормойд, Улаанбаатар хотын өмнөд хэсэг Хан-Уул дүүрэгт Удирдлагын Боловсролын Академийн хажууд байрладаг. Гидрокарбонат-кальци-натрийн найрлагатай, сул эрдэсжилттэй, сул хүчиллэг, нүүрсхүчлийн хий, төмөртэй хүйтэн рашаан юм. Уухаас гадна орох, шавших угаах зэргээр хэрэглэнэ. Уух рашаан нь ходоодны архаг, 12 нугалаа гэдэсний хүндрэлгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, төмөр дутсан цус багадалтыг эмчлэхэд сайн үйлчилгээтэй. Шавар эмчилгээг хорт хавдар, хурц үрэвсэлт өвчнүүд, архаг өвчний сэдрэлийн үе, сүрьеэ, декомпенсацийн шатанд байгаа зүрхний гажиг, зүрхний цус хомсрох өвчин, даралт ихдэх өвчин, бронхийн багтраа, гломерулонефрит, элэгний хатуурал өвчний үед хэрэглэхэд тохиромжгүй. Оргил рашаан сувилал байнгын ажиллагаатай.

Утас: 341152, 342093, 342096, 342092

ЗАДГАЙ ЦАГААН РАШААН СУВИЛАЛ

Улаанбаатар хотоос 76 км зайд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлана. Энэхүү рашаан сувилалд шавар, физик, уламжлалт, европ гээд бүхий л төрлийн эмчилгээ хийдэг байна. Эдгээр эмчилгээнүүд нь элэг, цөс, ходоод, гэдэс, дотрын өвчинд тустай.

Утас: 99156155

“АВАРГА ТОСОН” СУВИЛАЛ

Хэнтийн Дэлгэрхаан сумын нутагт байрладаг. Улаанбаатар хотоос 203 км-ийн зайтай. Ходоодны архаг үрэвсэл, 12 нугалаа гэдэсний хүндрэлгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, нойр булчирхайн архаг үрэвсэл, бодисын солилцооны өвчин, төмөр дутсан цус багадалтыг эмчлэхэд тохиромжтой. Шавар эмчилгээ хорт хавдар, үрэвсэлтэй өвчнүүд, архаг өвчний сэдрэлийн үе, сүрьеэ, деканпенсацийн шатанд байгаа зүрхний гажиг, даралт ихдэх өвчин, бронхийн багтраа, элэгний хатуурал өвчинд зохимжгүй гэдгийг анхаарах хэрэгтэй ажээ.

Утас: 96363032, 70003034

“АР ЖАНЧИВЛАН” РАШААН

Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрладаг уг рашааны газар Улаанбаатар хотоос 70 км-ийн зайтай. Эмчилгээний хувьд ходоодны архаг үрэвсэл 12 нугалаа гэдэсний хүндрэпгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, нойр булчирхайн архаг үрэвсэл, бодисын солилцооны өвчин, төмөр дутсан цус багадалтын үед хэрэглэдэг. Харин тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, хүнд хэлбэрийн зүрхний шигдээсийн дараахь үе, артерийн даралт ихдэлтийн өвчин ба II түүнээс дээш шат, зүрхний бахын байнгын болон хүнд хэлбэрийн илэрлийн үед энэ рашаан зохимжгүй юм байна.

Утас: 99041639, 99889891, 88119252

МОЙЛТЫН ТОХОЙН СУВИЛАЛ

Улаанбаатар хотоос засмал замаар 40 км яваад Тэрэлжийн хөндийн Хан Хэнтийн Дархан цаазат байгалийн үзэсгэлэнт газар Туул голын хөвөөнд байрладаг.

Гүүний саам, бөөр үе мөчний элсэн шарлага, бүх төрлийн бариа засал, хийн бясалгалын дасгал, хүчилтөрөгчийн коктейль, бумба эмчилгээ зэргийг танд үзүүлнэ.

Утас: 99615749, 95955807

“ӨӨШ МАНХАН” ЭЛСЭН СУВИЛАЛ

Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт байрлах сувилал нь Улаанбаатар хотоос 420 км-ийн зайтай оршдог. Бөөрний төрөл бүрийн архаг өвчин, үе мөчний архаг өвчин, цусны зарим төрлийн өвчтэй хүмүүс, хөл гар, нуруу нь татсан хүмүүсийг байгалийн хүчин зүйл болох нар, агаар, ингэний сүү, хоормогоор эмчлэн сувилдаг. Элсэн хучлага, наран шарлага, ингэний хоормог уулгах, бариа засал хийх, зүү төөнүүр тавих аргуудаар эмчилдэг. Мөн нарны халуун энерги бүхий элс, ингэний хоормогоор таван цул, дотор, гадна хаванг эмчилдэг. Үүний зэрэгцээ бие дээгүүр гарсан элдэв тууралт зэргийг эдгээхэд тустай ажээ. Энэхүү элсэн сувиллын элс нь баруунаас зүүн тийш таван км урт сунаж тогтсон. Элс нь нарны энергийг ихээр шингээдэг, маш нарийн ширхэгтэй, эрдэс баялгийн олон бодистой ажээ. Уг элсийг хэлнийхээ хонхорт тавихаар хайлдаг бөгөөд барилгын ажилд хэрэглэж болдоггүй гэдэг.

Утас: 99118191, 633449, 96061971

ГУРВАННУУРЫН РАШААН, СУВИЛАЛ

Онон, Балж голын сав газар, Дэлүүн болдогийн өвөрт нарсан ойгоор хүрээлэгдсэн Холбоо гурван нуурын хойно буюу Хэнтийн Дадал суманд байдаг энэхүү рашаан, сувиллын газар нь Улаанбаатар хотоос 540 км зайтай. Амьсгалын эрхтний архаг өвчин, уушгины хагалгааны үлдэц, мөгөөрсөн хоолойн багтраа, мэдрэлийн сульдаа, үе мөчний өвчинд онцгой тохиромжтой. Тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, зүрхний шигдээсийн дараахь үед тохиромжгүй.

Утас: 99378342, 0156226524

ЗАРТЫН РАШААН, СУВИЛАЛ

Завханы Их-Уул сумын Зарт багийн Халуун усны ам хэмээх газар байрладаг рашаан, сувилал нь нийслэл хотоос 760 км-ийн зайтай оршдог. Нийтдээ 15 төрлийн рашаантай бөгөөд хоёр нь халуун. Үе мөч, ядаргаанд сайн. Ходоод, таван цул, сав, хий шар, бөөр, зүрх, шүд, мэдрэл, элэг цөс, нойр булчирхайн өвчнийг эмнэхэд тустай. Мөн Алаг нуурын шавраар янз бүрийн харшлын өвчнийг анагаадаг.

Утас: 93032805, 99837210, 99111307

“МОГОЙТ” РАШААН, СУВИЛАЛ

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын III багийн нутаг, Могойтын аманд байрладаг. Мэдрэл, үе мөч, умай, нуруу, ходоод гэдэс, олгой, элэг цөс, уушги, зүрхний өвчнийг анагаахад сайн. Рашааны ойролцоо хүсэл биелүүлдэг Цагаан хайрхан хэмээх аварга том цагаан чулуу байдаг.

Утас: 99065023, 93065032

“ОТГОНТЭНГЭР” РАШААН, СУВИЛАЛ

Завхан аймгийн Алдархаан сумын нутагт, Улиастай сумаас зүүн тийш 78 км, Отгонгэнгэр уулнаас 20 орчим км зайтай, өндөр уулс, ой мод бүхий газарт байрладаг. Үе мөчний зарим өвчин, эмэгтэйчүүд, мэдрэлийн өвчний үед онцгой сайн нөлөөтэй. Тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, зүрхний шигдээсийн дараахь үе, зүрхний хүнд хэлбэрийн илэрлийн үед зохимжгүй.

Утас: 01462-21620, 99059022, 99468182

ӨВӨР ЖАНЧИВЛАНГИЙН РАШААН, СУВИЛАЛ

Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах бөгөөд нийслэлээс 78 км-ийн зайтай. Эмчилгээний хувьд ходоодны архаг үрэвсэл, 12 нугалаа гэдэсний хүндрэлгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, нойр булчирхайн архаг үрэвсэл, бодисын солилцооны өвчин, төмөр дутсан цус багадалтын эмчилгээнд хэрэглэдэг. Тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, хүнд хэлбэрийн зүрхний шигдээсийн дараахь үе, артерийн даралт ихдэлтийн өвчин ба II түүнээс дээш шат, зүрхний бахын байнгын болон хүнд хэлбэрийн илэрлийн үед энэ рашаан зохимжгүй юм байна.

Утас: 88001511, 322075

ХУЖИРТЫН ХАЛУУН РАШААН

Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт байрлах бөгөөд нийслэл хотоос 290 км-ийн зайтай. Үе мөч, арьсны өвчин, ясны гэмтэл, эмэгтэйчүүд, мэдрэлийн өвчний үед голдуу хэрэглэнэ. Мөн эмчилгээний хүчин зүйлийн нэг бол лаг хар шавар бөгөөд үе мөч болон арьсны зарим өвчинд нэн тустай. Тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, хүнд хэм алдагдал, зүрхний шигдээсийн дараахь үе, артерийн даралт эхлэх өвчин, зүрхний бахын байнгын болон хүнд хэлбэрийн илэрлийн үед энэ рашаан зохимжгүй.

Утас: 01322-26507, 91913860, 99093324

“ШАРГАЛЖУУТ” РАШААН, СУВИЛАЛ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт буюу Улаанбаатар хотоос 650 км-ийн зайтай байдаг. Шаргалжуутын гол руу түрж орсон Хатад толгойн энгэрт байх боржин чулуун дундаас оргилон урсах халууны хэмжээгээрээ өөр хоорондоо харилцан адилгүй 100 гаруй булаг, рашаан ундаргаас бүрддэг. Арьсан дахь мэдрэлийн судсыг цочроож мэдрэлийн цусны хөдөлгөөн, бодисын солилцоо, дотоод шүурлийн ажиллагаанд өөрчлөлт үзүүлдэг тул үе мөчний архаг үрэвсэл, эмэгтэйчүүдийн болон арьсны зарим өвчин, амьсгалын замын өвчнийг эмчлэхэд зохимжтой. Рашааны халууны хэмжээ их, сул эрдэсжилттэй тул биеийн дулааныг дээшлүүлэх, үрэвслийг түргэн илааршуулах, үе, булчин, ясны архаг өвчнийг эмчлэхэд тохиромжтой.

Утас:70003032, 95829918

ОНОНГИЙН ХАЛУУН РАШААН

Хэнтийн аймгийн Батширээт сумын төвөөс баруун тийш 120 километрт, Хэнтийн нурууны салбар Дуут Яаны хойд талд Онон голын эрэг дээр оршдог. Ононгийн рашаан нь Их, бага гэж хоёр хэсэгт хуваагддаг. Бага халуун рашаан нь Их халуун рашаанаасаа зүүн тийш найман километр буюу Дуут Яаны өвөр хөндийд жижиг толгодын ар талд байрладаг. Энэ рашаанд Монголын Анхдугаар богд Занабазар, Халхын цэцэн хан Шолой, Арамба Нанзаддорж зэрэг түүхэн хүмүүс бараалхан ирж ордог байжээ. Уг рашаан үе мөчний үрэвсэл, бөөрний даралт, бруцеллёз, цусны даралт, хамуу болон арьс өнгөний төрлийн өвчнүүд, шижин, шар ус, хуян зэрэг өвчинг анагаан эдгэрүүлэх увидастай ажээ.

ТААЦЫН ГОЛЫН ХАЛУУН РАШААН

Өвөрхангайн Нарийнтээл сумын төвөөс зүүг хойш 23 км зайд далайн түвшнээс дээш 1938 метрт Таацын голын сав газар бий. Энд хүхэрлэг бүтэц бүхий халуун рашаан байх ба нэг км орчим урсч, Таац голд цутгадаг. Нутгийн хүмүүс зуны улиралд рашааны ойролцоо түр нүүдэллэн ирж, амрангаа рашааныг эмчилгээ болгон хэрэглэдэг.

ҮҮРТИЙН РАШААН

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төвөөс зүүн хойш 10 гаруй км зайд буюу Улаанбаатараас сумын төв орох замд Орхон голын өндөр тохойд Үүртийн рашаан байдаг. Рашаан Үүртийн тохойн эргийн доод хэсэгт, голынхоо захад орйхон байдаг учраас өндөр эргээс доош доош бууж хүрэхэд нэлээд бэрх. Энэхүү рашаанд эмчилгээний чухал хүчин зүйл болох радон, цахиур, бор зэрэг химийн нэгдэлтэй. Мөн рашааныг савлан эмчилгээнээс гадна унданд хэрэглэхэд ч зохимжтой.

ХАДАТЫН РАШААН

Архангай аймгийн Тариат сумын төвөөс зүүн тийш 40 км-т орших хүйтэн рашаан юм. Хадатын рашаан нь шар өвчин, элэг, цөс, савны архаг хуучин, хүйтэн, бөөр, нуруу, мэдрэл, хоол унд үл зохих, гэдэсний элдэв өвчинд сайн.

ЦАГААН ГОЛ

Булган аймгийн Хануй, Цагаан голын бэлчирээс холгүйхэн “Эмгэн булаг”-ийн рашаан байдаг. Энэ рашаан нь хол ойрын хүмүүст Цагаан голын рашаан хэмээн алдаршжээ. Энэ рашаан нь өвөл, зуны ямар ч үед нэмэх таван хэм байдаг. Элэг, цөс, гепатит, ходоод, хоолойн ангина, зүрх судасны өвчин зэргийг анагаадаг. Уг рашаан Эрдэнэт хотоос 180 км, Булган хотоос 125 км, Улаанбаатар хотоос 475 км зайтай оршдог.

Утас: 9534 5181

НАРИЙНЫ РАШААН

Баянхонгор аймагт Бүрэн хайрхан, Доной, Өлтийн нуураар хүрээлэгдсэн байгалийн үзсэгэлэнт тогтоцтой Өргөөтийн халуун рашаан гэж бий.Мөн ходоод, чих, хамар, хоолой, бөөр, ядаргаа, үе мөчний өвчнийг анагаадаг Үхэгийн халуун рашаан тус аймгийн Галуут сумын нутагт байдаг. Баянхонгорын рашаануудаас хамгийн сонирхолтой нь Гурванбулаг сумын нутагт оршдог Нарийны рашаан юм. Нарийны рашаан гурван хошуунаас салаалан урсах бөгөөд толгой, чих, хамар, ходоод, нүд, шүд, бөөрний гэх мэтээр ангилан хэрэглэсээр иржээ. Энэхүү рашааны бас нэг гайхалтай чанар нь зун хүйтэн байдаг атлаа өвөл нь бүлээсдэг ажээ.

Д.САРУУЛ