Categories
мэдээ спорт

Дохагийн тэмцээнээс Э.Бэхбаяр алтан медаль авлаа

Катарын Доха хотноо өчигдө бөхийн чөлөөт барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа билээ. Эхний өдөр эрэгтэй 57, 65, 86, 125 кг, эмэгтэй 58 кг-ын жингийн барилдаанууд боллоо.

Манай багийн бөхчүүдээс 57 кг-ын жинд Э.Бэхбаяр, 65 кг-д Г.Мандахнаран, 85 кг-д П.Өсөхбаатар, 125 кг-д Б.Батбаяр (дасгалжуулагч), эмэгтэйчүүдийн 58 кг-ын жинд Э.Гантуяа нар барилдсанаас нэг алт, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлэв.

57 кг-ын жинд барилдсан Э.Бэхбаяр нэгдүгээр тойрогт хийлж, Японы бөх Фумитака Моришита, Энэтхэгийн бөх Рахул Баласанев Аварег нарыг ялж мөнгөн медалийн төлөө БНАСАУ-ын бөх Хак Жинг Лонгийг 3:0 онооны харьцаагаар ялсан юм. Улмаар алтан медалийн төлөө Киргизийн бөх Самат Надырбек Уулуг 4:1 онооны харьцаагаар ялснаар Азийн аварга боллоо.

Мөн эрэгтэйчүүдийн 65 кг-д Гавьяат тамирчин Г.Мандахнаран, 86 кг-ын жинд ОУХМ П.Өсөхбаатар нар хүрэл медаль хүртлээ.
Дашрамд, Тус тэмцээний 74, 97, 125 кг-ын жингийн тамирчид болох Д.Гомбодорж, Д.Хүдэрбулга, Н.Золбоо нар визаны зөрчлийн улмаас Катарын хил давж чадаагүй учир гурван тамирчны оронд Дохад тамирчдаа дасгалжуулахаар очсон багш нар барилдахаар болжээ. Учир нь Азийн аваргад бүтэн багаар оролцож байж ирэх намар Лаг Вегаст болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бүтэн багаар оролцох эрхтэй болох юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Янаглан хорлогчид

Баабар ингэж өгүүлэв

Бид зах зээлийн эдийн засагт ороод хорь шахам жил боллоо. Төлөвлөгөөт эдийн засгийг бодвол хавьгүй ойлгомжтой боловч байнгын реформ шинэчлэл шаардаж байдаг тогтолцоо. Өнгөрсөн хугацаанд зөвхөн хоёр Засгийн газар л дорвитой шинэчлэл хийж чадсан нь Бямбасүрэнгийнх, Энхсайханых. Эхнийх нь энэ улсын шилжилтийн эхэн үеийн хамаг хүндрэлийг авч гарсан. Өмч хувьчлах шийдвэр гаргасан нь л гэхэд дангаараа эргэлтийн процесс байлаа. Банкны хоёр шаталсан систем, үнэ чөлөөлөлт, иргэдийн чөлөөт шилжилт гээд богино хугацаанд хийсэн зүйл нь дэндүү аугаа, дэндүү багтаамжтай. Ямар их гүтгэлэг, доромжлол, хараал, саад бэрхшээлийг туулав аа? Энхсайханы үед банкны реформ хийж, өмч хувьчлал ба үнэ чөлөөлөлтийг бараг гүйцээж хийсэн. Хийж бүтээж босгож байгааг харлуулж гутааж гүтгэж буцааж нурааж байж нэр төр олдог бизнес ч энэ үеэс эхтэй. Төрийг хүчгүйжүүлж, хийх гэснийг нь зогсоож, машиныг гацааж ард түмэндээ шударгаа гайхуулдаг нэг төрлийн мэргэжил буй боллоо. Хэрэв тэр үед хараалган гүтгүүлэн байж банкны реформ хийгээгүйсэн бол өнөөдөр хичнээн “Хадгаламж” банктай сууж байх байсан бол? Төрийн сүүлчийн арилжааны банк “Сэргээн босголт”-ыг луйварчид идчихсэнийг илрүүлж дампууруулсны төлөө юу боллоо? Одоо энэ шоронд сууж буй Чимидцэрэн гэгч чинь уг банкийг төлөөлөн МАХН-ын байрны үүдэн дээр очоод суучихсан шударга үнэнийг мандуулаад явж байсан юм. Банкийг хулгайч нар идчихжээ гэж би зурагтаар яриадахсан чинь маргааш нь намайг оршин суух хаягаар минь Баянгол дүүргийн шүүхэд өөрийг нь гүтгэсэн гээд өгчихсөн зарга манаргаж явсныг санаж байна. Ингэж залуу социалист луйварчдын холбоо анх тулгын чулуугаа тавьж байсныг ч мартаагүй байна.

Тэр үед нэгэнт эхлүүлсэн нийгмийн салбарын хувьчлалыг зогсоогоогүй бол, гаалийн татвар тэглэснийг буцаагаагүй бол, үнийн чөлөөлөлтийг үргэлжлүүлж дуусгасан бол, гадаадын хөрөнгө оруулалтын либеральчлалыг хэвээр хадгалсан бол, тэгш татварын тогтоцод эртхэн шилжсэн бол, ДНБ-д эзлэх улсын нэгдсэн төсвийг нэмээгүйсэн бол… Монгол орон ямар их амжилтанд хүрэх байсан бол? Хийсэн болгоныг нурааж, хийх гэсэн болгоныг дэгээдэж явсаар шилжилт хийж буй орнууд дотроо арын эгнээнд нэгэнт оржээ. Бүтэлгүйг нь гайхаж байсан Молдав, Болгар, Киргиз хажуугаар сүнгэнээд гараад явчихлаа. Алдаагүй амжилт гэж үгүй. Гэхдээ алдаа дутагдалтай боловч хийж бүтээнэ гэдэг юутай аугаа үйлс вэ? Юутай ч урагшилдаг. Алдаатайгаа оноотойгоо хамтаар давшиж дэвшдэг. Юу ч хийхгүй байх нь улам бүр технологижин даяаршиж буй өнөөгийн ертөнцөд ухралт төдийгүй мөхөл юм.

Манайд сүүлийн арваад жилд хэнээр ч юу ч хийлгэхгүй байх иж бүрэн технологи, түүгээр занимаалагсдын бүхэл бүтэн арми буй болжээ. Өнгөц харахад нэг л их болгоомжтой хүмүүс учирч магадгүй аюулыг урьдчилан хараад ч байгаа юм шиг. Үнэндээ монгол хүн хэдий том зарчмын асуудал тавина төдий чинээ амин хувийн жижиг шунал ард нь нуугдаж байдаг увайгүй дүрэм илүүтэй харагдана. Иймээс эсэргүүцэл болгон эзэндээ ашгаа өгдөг “эх оронч” санаачилга болжээ. Ашигт малтмалаа үнэ хүрсэн дээр нь ашиглая гэхээр урдаас тусгаар тогтнол яриад унахаар яахав? Нүүрс ухаад зарахаар бүрэн бүтэн байдал нь алдагдчихдаг тийм хэврэг тусгаар тогтнолтой улс уу, бид? Тусгаар тогтнолын төлөөх гурван үеийн монголчуудын урт тэмцэл зуугаад жил үргэлжилж байж амжилтад хүрсэн болохоор их л шинэ сэргэг бөгөөд эмзэг сэдэв мөн нь мөн л дөө. Гэхдээ юманд дооз хэмжээ гэж бий, алтан улиасыг минь хуга мөргөх эвэр чинь хаа байгаа юм, ариун худгийг минь ховх сорох ходоод чинь хаа байгаа юм?

Олон улсын өгч авалцдаг шалгарсан жишиг байна, түүгээр байгалийн баялгаа ашиглая гэхээр урдаас ориг монгол ухаан яриад унана. Тийм онцгой арвин туршлага мэдлэгтэй улс уу, бид? Хоёр сая иргэнийг хоёр увайгүй шаар төлөөлж хорин цаг “янаглахад” л ямар ч сайхан төлөвлөсөн ажил пар гээд л унаж байдаг тийм тогтолцоотой болжээ, бид. Үүнийг тэтгэж байдаг механизм, зах зээл, технологи, аргачлал, сүлжээ нь ч сүрхий хөгжсөн байна. Санасныг бодвол ашиг ч муугүй байдаг бололтой. Энэ ардчилал юм гэж үү? Нийгмийн асуудлыг ардчилсан байдлаар шийдэж байгаа нь энэ үү? Цөөнхийн оршин тогтнох нь баталгаажсан байдлыг ардчилал гэх болохоос цөөн хэдэн хүн нийгмийн тоормос болохыг ардчилал гэхээсээ сульдаа, давжаарал, гацаа, завхрал гэж нэрлүүштэй.

Өнгөрсөн жил үр тарианы үнэ дэлхийд 122 хувь өслөө. Цаашид ч улам их өсөх хандлагатай. Монголд газар тариалан хөгжих жинхэнэ бодит эдийн засгийн бололцоо анх удаа буй боллоо. Га-аас гурав дөрөвхөн центнэр ургац авахад үнийн хувьд эерэг гарах нь байна шүү дээ. Хэзээ урьд ийм бололцоо байлаа? Үгүй гэнээ! Монгол улс сөнөх юм гэнэ! Тэгж үхэхээр тээглэж үхсэн нь дээр гэнэ. Тэрийгээ мэдэж байгаа гэж юүхэв! Сайн багшийг захирал, сайн эмчийг эмнэлгийн дарга болгож ирсэн олон жилийн архагшсан шалгуур үзүүлэлтийн инерци. Мэргэжлийн ажлыг удирдлага менежмент, эдийн засаг зах зээлтэй хольж буюу нэгтгэж ойлгож ирсэн гажиг. Уулын инжинер, уурхайн нягтлан Оюу толгойн мэнэжмэнт худалдааг мэдэмхийрэн тайлбарлаж хэдээр өгч авалцахыг нь заана. Үүнээ тусгаар тогтнолтой нягт уялдуулан холбож янаг царайлна.

Гэтэл бидэнд өнөөдөр юун түрүүн яаралтай мөнгө хэрэгтэй байна. Дэлхийн жишгээр нэг мэргэжилтнийг 30 мянгаас доошгүй доллараар бэлддэг байхад манайд сая төгрөгөнд багтаагаад халтуурдаж байна. Ийм өртгөөр боловсорсон хүн энэ зэргийн л юм ярихаас өөр яах ч билээ? Сайн боловсрол олохын тулд бидэнд яаралтай мөнгө хэрэгтэй. Олдох учиртай тэр мөнгө ийм ядуу тархинуудын маргаан хэрүүлэн завсар үрэгдчих гээд байна. Оюу толгойн одоогийн гэрээгээр нийт ашгийн 54 хувийг Монголын тал хэрүүл уруулгүй шууд авахаар байгаа. Төлөвлөсөн ёсоор 2004 оноос үйлдвэрээ бариад эхэлсэн бол одоо бид ашгаа хүртээд эхэлчихсэн байх байсан. Энэ ашгаараа сайн боловсон хүчин бэлдчихвэл арай л дээгүүр түвшингийн юм ярьж байтугай бүтээж суухсан. Үгүйдээ л баялгаа олон улсын бирж дээр гаргахгүй гэж элийрэхгүй шүү дээ.

Таминь ээ, үхнэ хатна гэж айлгаад цагаан сараа зүгээр хийж болохоо больчихсон байна шүү дээ. Монголд кино зураг ч авч болохгүй. “Кавказад олзлогдогч”-ийг бүтээсэн Бодров Чингисийн тухай кино хийхээр боллоо. Тэр киноны зургийг Монголд л лав авахуулахгүй. Казакстаны нэрээр Оскарт дэвшсэн эл кино шидээвэр болжээ. Урьд нь Микалковын “Уурга” киног манай эндээс бас хөөж явуулж байсан авч Каннын наадамд түрүүлж байлаа. Эзгүй хээр сая гаруй доллараар хашаа барьчихаад онгорхойг нь сүлдээр бөглөх гэсэн нь мөнгө дутчихаад гээд зогсож байгаа шүү дээ. Тэгсэн мөртөө открийтний мөнгө хэмнэж гийгүүлж байгаа юм гэнээ. Шинэ жилээр биендээ захидлаар мэндчилгээ явуулахыг хориглоод мэйлээр явуулж байх захирамж гарлаа. Биендээ ил захидал явуулж мэндчилнэ гэдэг чинь уул нь соёл л юм л даа. Дарга нарын жип хурааж авах компанит ажлын үр дүнг сонссон уу? Зүгээр явж байсан машинууд хураагдах сургаар бүрэн тоногдчихлоо. Өөрөөр хэлбэл олон жип төмрийн хог болвой. Уул нь бүв бүтэн, зүгээр явж байсан юмсан.

Машин дарга хоёрыг салга­даг ч яахав болдог юм гэж үзье. Төр шашин хоёрыг тусгаарласан явдал нь хүн төр­лөхтний нийгмийн байгуулалтын нэг том ололт болсон юм л даа. Манайд эргэж нийлүүлэх гэнэ. Мань урт дээлт шаар л шашин төрийг хослоё гэж бодоод захиалга өгсөн бололтой. Есөн мянган “микробтон” мөнгөө илбэдэж өсгөнө хэмээн хадгаламж хоршооноос зээлдсэний хохирлыг “эх оронч” санаачилгаар гэмгүй хоёр сая хүнээр төлүүлчихэж л байгаа юм даа. Монгол улс зуны цагт шилждэг болоод гучаад жил болж байна. Умартын бүх орнууд ингэдэг, нарны гэрэл илүү ашигладаг учир их л хэмнэлт ч гардаг, хүмүүст ч таатай аж. Гэтэл мэргэ төлгө төөрөөд болохоо больчиж гэнээ. Цаг шилжүүлснээс болоод цай шингэдэггүй, толгой өвддөг гэх мэт. Захиргаадалтын үед цаг шилжсэн ч зүгээр л шингэдэг байсан цай, өвддөггүй байсан толгой шүү дээ. Байчихаад тэгэхээс тэгж байгаа юм шиг Монгол орныг минь өргөрөг уртрагаар нь хуваагаад ихэнхийг нь огт гар хүрч болохгүй зооно бүс болгон хувиргах “янаг” хууль дээш өргөгджээ. Харж л байгаарай тун удахгүй төмөр зам ч тавиулахгүй, цахилгаан станц ч босгуулахгүй, онгоцны буудал ч бариулахгүй гээд л босоод ирнэ. Аягүй бол гадаадын хөрөнгө оруулалтыг хуулиар хориглоно доо! Аль ч нийгэмд тэрслэгчид байдаг. Тэдний зөв ч байж магадгүй, буруу ч байж магадгүй. Гэхдээ тэднээр шийдвэр гаргуулдаггүй. Тэд өөрснийгөө юу ч гэж нэрлэсэн, тэр байтугай иргэний хөдөлгөөн гэж нэрлэсэн ч шийдвэр гаргах эс гаргах нь хуулиар олгогдсон эрх бүхий хэсэг буюу олонхийн төлөөлөлд бий. Чухам эрх бүхий хэсэг л шийдвэрээ ч гаргадаг, хариуцлагаа ч хүлээдэг.

Бид бүгд эх орондоо хайртай (байх?). Гэхдээ үүнээ ингэж янаглах байдлаар хорлон илэрхийлж болохгүй (байх!). Шударгаа гайхдаг буюу гайхуулдаг олон зүтгэлтний шижээргүйг би гайхдаг. Шударга гэдэг нь харьцангуй ойлголт учир юуны ч хэмжүүр биш. Асуудал хуулийн хүрээнд байгаа эсэх л хамгийн зөв шалгуур. Шударга эх оронч байх нь хуулийн хүрээнд багтана, яагаад гэвэл хориглогдоогүй. Гэхдээ үүгээрээ далимдуулж эх орноо хорловол ял зэм бий юу? Өөрөөр хэлбэл улс орноо шударгаар янаглан хорлох нь хуулийн хүрээнд багтах уу, эс багтах уу?

2008.2.26

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Эцсийн буудал буюу бие засах газар

Нохойтойгоо салхилахдаа ялгадсыг нь хийх тусгай ууттай явдаг хүмүүстэй хилийн чанадад явахдаа олонтаа таардаг. Мөн булан тохойд тоох ч үгүй бие засч байгаа монгол хүнийг хараад бид дөжирчихөж. Төвлөрсөн суурин газар нийтийн бие засах газруудыг шийднэ гэдэгтун чухал. Гэрээсээ холхон шиг гараад явахад ариун цэврийн газар хайж, тэвдсэн хүн олон л байх.

Жишээ нь автобусны жолооч, кондуктор нарийн төлөвлөсөн маршрут, шахуу цаг хугацаандзорчигч тээвэрлэдэг. Өдөржин замын хөдөлгөөнд оролцдог эдгээр хүмүүст бие засах цаг ч, ариун цэврийн газар ч олдохгүй.

Тэд ер нь үүнийг хэрхэн зохицуулдаг вэ. Автобусны эцсийн буудлуудад л бууж суух боломж тэдэнд гардаг болохоор энэ үед лбие засдаг аж. Гэвч харамсалтай нь зориулалтын ариун цэврийн газар байхгүй учраас бас л булан тохой, буудлын дэргэдэх ТҮЦ-ийн ар талыг жорлон болгочихдог юм байна. Хүн юм чинь бие засах гэнэ. Гэтэл гэр лүүгээ явж амжихгүй,мэдээж танихгүй айл юу гэж хашаа байшиндаа оруулж бие засуулахав. Ингээд автобусны эцсийн зогсоолууд бие засах газар болж бохир заваан, эрүүл ахуйн шаардлага хангахгүй болсон тухайд яриад ч хэрэггүй биз. Нэг үеэ бодвол цөөнч гэсэн нийтийн бие засах газартай болсон хэдий ч хүрэлцээ муутай, шаардлагатай газраа байршуулахгүй байна. Хотын соёл, ариун цэвэр, хүний эрх ярих дээрээ тулбал автобусны эцсийн буудлуудад бие засах газрыг байршуулмаар л байгаа юм.

Д.МӨНГӨНДАЛАЙ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д Төрийн шагналт Б.Цэнддоогийн “Ураг төрлийн хол нь дээр” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн гарлаа. Энэ дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлагаас онцолж, тоймлон хүргэж байна.

“Эмнэлгүүд эмгүй болоход ойрхон байна” сурвалжлагыг нэг болон зургадугаар нүүрт нийтэллээ. Манай бэлдсэн сурвалжлагаас та эмийн асуудлаас үүдэж иргэд ямар хүнд байдалтай байгааг унших болно. Мөн манай улсын чөлөөт бөхийн шигшээ багийнхан Катарын Доха хотноо болж байгаа тэмцээнд оролцохоор явсан хил дээр саатуулагдсан тухай уншаарай. Багийн дөрвөн тамирчин Эмиратаас цаашаа нисэх боломжгүй болж, хил дээр саатуулагдсан бөгөөд энэ тухай холбогдох албанаас, хариуцсан хүмүүсээс тодруулсан сурвалжлагыг нийтэллээ. “Хил дээр саатуулагдсан бөхчүүдийн оронд багш нар нь барилджээ” хэмээх гарчигтай энэ сурвалжлагаас гараад буй асуудлын учир шалтгааныг тодруулж унших биз ээ. Түүнчлэн Д.Уламбаярын Азийг тэнцвэржүүлэх АНУ-ын бодлогод Япон асар том байр суурь эзэлж байгаа тухай ярилцлагыг өнөөдрийн дугаараас тольдоно уу.

Манай улсад ирэх долоо хоногт хагас тэрбум ам.доллар орж ирэх тухай таатай мэдээ дуулдлаа. Энэ ам.долларыг Худалдаа хөгжлийн банк бонд гаргаж оруулж ирж байгаа юм. Эдийн засаг хүндэрсэн үед дуулдсан энэ эерэг мэдээллийг нэг болон арваннэгдүгээр нүүрээс дэлгэрүүлэн унших боломжтой.

“Өдрийн сонин”-ы бодлогыг тодорхойлж байдаг “Баримт үзэл бодол”-ын гуравдугаар нүүрт Төрийн шагналт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Ураг төрлийн хол нь дээр” нийтлэл хэвлэгдэв. Харин “Улс төр” нүүрт О.Жамбалдоржийн УИХ одоогийн байгаа энэ байдлаар цаашид ажиллах боломж байхгүй гэж хэлсэн тухай ярилцлага болон улс төрийн эргэн тойронд болсон бусад цаг үеийн, олон нийтийн анхаарал татсан мэдээ мэдээллийг уншаарай.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Балба улсад 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болж, тус улсын 50 бүс нутгийн 29 нь газар хөдлөлтөд нэрвэгдсэн эмгэнэлт явдал болсон билээ. Энэ газар хөдлөлт нь хил залгаа бүс нутгуудыг хамарч, бусад орнуудад ч чичирхийлэл мэдрэгдсэн юм. Гамшгийнулмаас одоогийн байдлаар 6659 хүн амиа алдаж, 14062 хүн гэмтэж бэртэж, найман сая хүн газар хөдлөлтөд тодорхой хэмжээгээр нэрвэгдээд байна. Балбад газар шилгээсэн яг тэр өдөр манай улсын гурван иргэн явж байгаад сураг тасраад байсан тухай мэдээлэл гарсан. Тэдний нэг нь зохиолч, сэтгүүлч Ж.Саруулбуян байсан юм. Тэрбээр Балбын тухай аян замын тэмдэглэлийг бичиж нийтэллээ. “Өдрийн сонин”-ы 16, 17 дугаар нүүрээс уншина уу.

“Хүмүүс” буланд Т.Бат-Очирын “Муу эр дайнд хөөрнө гэдэг шиг их л хөөрч билээ” хэмээх тун ч сонирхолтой ярилцлага хэвлэгдэв. Харин “Уран бүтээлч” буланд жүжигчин Э.Батхүүтэй ярилцсан ярилцлага гарлаа. Эдгээр болон Сүхбаатар аймгийн иргэдийн түймрийн аюулд өртөж малгүй, амьдралаа залгуулах ахуйгүй болсон талаараа ярьсан яриа, цаг үеийн бусад шуурхай мэдээллүүдийг манай сониноос дэлгэрүүлж уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Оюутан мисс 2015” тэмцээн болно

Гоо үзэсгэлэнт оюутан охид бүсгүйчүүдээс шилдгүүдийг нь тодруулж алдаршуулах зорилготой “Оюутан мисс 2015” тэмцээний бүртгэл эхэлжээ.

Тэгвэл өнөөдөр тус тэмцээний хэвлэлийн хурал боллоо. Хэвлэлийн хуралд тэмцээний зохион байгуулагч, дэмжигчдийн төлөөллүүд болох “Тансаг мода” загварын агентлагийн захирал Б.Уянга, Нийгмийн ардчилал Монголын оюутны холбооны УЗГ-үүн Б.Мөнх-Оргил, Мисс монголиа холбооны дэд захирал Д.Баянцэцэг, Андра загварын агентлагийн захирал Х.Бадамгэрэл, Азийн модель агентлагийн захирал Ч.Содтуяа нар оролцсон юм.

Ийнхүү 10 гаруй жилийн дараа дахин зохион байгуулагдаж байгаа “Оюутан мисс 2015” тэмцээний “Тэргүүн байрын эзэн” нь “Дэлхийн оюутан мисс”-ийн тэмцээн болон “Мисс монголиа 2015” тэмцээнд урилгаар оролцох эрхийн эзэн болох бол “Дэд байрын эзэн” нь “Мисс монголиа 2015” тэмцээнд урилгаар оролцох эрхийн эзэн болох ажээ.

“Оюутан мисс 2015” тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар “Тансаг мода” загварын агентлаг ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар “Нийгмийн ардчилал Монголын оюутны холбоо” ажиллаж байгаа юм. Мөн дэмжигч байгууллагаар “Мисс монголиа холбоо”, “Монголын урлагийн залуучуудын холбоо”, “Монгол модель агентлаг”, “Андра загварын агентлаг”, “Азийн модель агентлаг”, “Эра загварын агентлаг” нар ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Э.Бат-Үүл Ром хотод ажиллаж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Ром хотын дарга Игнацио Мариногийн урилгаар 2015 оны 5 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд Ром хотод айлчилж байна. Засаг дарга Э.Бат-Үүл айлчлалынхаа хүрээнд Ром хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Аялал жуулчлал, олон улсын харилцааны комиссын дарга Валинтина Гриппотой уулзаж, хотууд хоорондын аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо. Талууд Ром хотод “Монголын аялал жуулчлалын төв”, Улаанбаатар хотод “Италийн аялал жуулчлалын төв”-ийг нээх талаар харилцан тохиролцов.

Мөн айлчлалын хүрээнд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Италийн парламентын Гадаад харилцааны байнгын хорооны гишүүдтэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцсан байна. Ялангуяа Ром болон Улаанбаатар хотуудад харилцан ашигтай худалдаа, хөрөнгө оруулалтын боломжуудыг бодит ажил болгох асуудлыг хөнджээ.

Засаг даргын айлчлалыг тохиолдуулан Ром хотын захиргаанаас Италийн 50 гаруй компанийн төлөөлөл оролцсон “Итали-Монголын бизнес эрхлэгчдийн форум”-ыг зохион байгууллаа. Бизнес форум дээр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Улаанбаатар хотын эдийн засгийн төлөв байдал, ойрын үед хэрэгжих төсөл хөтөлбөр”-үүдийн талаар мэдээлэл хийж, Улаанбаатар хотын дэд бүтэц, бүтээн байгуулалт, шинэчлэн төлөвлөлт, архитектурын төслүүдэд Италийн бизнес эрхлэгчдийг өргөнөөр оролцохыг уриалав гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хууль зүйн сайд Д.Дорлигжав ЦЕГ-т томилгоо хийжээ

Хууль зүйн сайд Д.Дорлигжавын тушаалаар ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ж.Ганбаатар, дэд дарга Д.Эрдэнэбаатар нарыг чөлөөлжээ.

Харин тэдний оронд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга Ц.Батсүхийг ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын хоёрдугаар хэлтсийн дарга Ц.Ням-Очирын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдал хариуцсан дэд даргаар тус тус томилжээ.
Мөн Замын цагдаагийн газрын дарга асан хурандаа Ж.Буянбатыг ЦЕГ-ын Дэмжлэг үзүүлэх асуудал хариуцсан дэд даргаар томилсон байна.

Categories
мэдээ нийгэм

Германд Сноуданы хөшөө сүндэрлэв

Германы Берлин хотноо АНУ-ын тагнуулын экс ажилтан Эдвард Сноудан, “WikiLeaks” сайтын үндэслэгч Жулиа Ассанж болон Челси Мэнин нарын хөшөө сүндэрлэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хөшөөг Италийн уран барималч Дэвид Дорминог урласан бөгөөд Берлин дэх Александрплацын талбайд байршжээ. Эдгээр хөшөө нь уран барималчийн “Хэлэх зүйл үгүй” төслийн нэг хэсэг гэнэ. Гурван хүний хөшөөг сандал дээр зогсоосон бөгөөд дөрөв дэх сандлыг олон нийтэд зориулж хоосон орхисон гэжээ. Энэхүү хөшөөнүүд шилжин явах бөгөөд дараагийн байрлуулах газар нь Германы Дрезден хот билээ. Барималч “Тун удахгүй Сноудан, Ассанжийн хөшөө АНУ-д очих болно. Би Цагаан ордны өмнө Сноуданы хөшөөг байрлуулахыг хүсч байна” гэж хэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбурханы нэмэлт дархлаажуулалт хийнэ

Улаанбурханы нэмэлт дархлаажуулалтыг энэ сарын 15-25-ны хооронд хийхээр болжээ.

Өнөөдрийн байдлаар нийслэл болон 14 аймагт Улаанбурхан өвчний сэжигтэй 2974 тохиолдол, үүнээс лабораториор батлагдсан 388 тохиолдлыг бүртгээд байна.

Энэ долоо хоногт Улаанбурханы эсрэг вакциныг хуваарийн дагуу орон нутагт хүргүүлж, нэмэлт дархлаажуулалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах сургалтууд эхэлсэн байна.

Улсын хэмжээнд энэ сарын 15-25-ны хооронд 5 сартайгаас 5 нас 11 сар хүртэлх насны бүх хүүхэд улаанбурханы нэмэлт дархлаажуулалт зохион байгуулахаар төлөвлөж байна.

Нэмэлт дархлаажуулалт 370 мянга орчим хүүхэд хамрагдах юм байна

.

Categories
мэдээ нийгэм

Асрамжийн төвүүдэд хугацаа нь дууссан эм хэрэглэж байжээ

Хүүхдийн төлөө үндэсний газрын мэдээллээр 2014 онд Улаанбаатар хот болон орон нутагт хүүхдийн асрамж, халамжийн нийт 33 төвд 1015 хүүхэд асруулж байгаа аж.

Тэгвэл тэдгээр асрамжийн газруудад үний эрхийн үндэсний комиссоос хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар Кристина Нобелийн сангийн санхүүжилтээр ажилладаг “Нархан” төв нь гэр хороололд байдаг бөгөөд тухайн газар нь мөнх цэвдэгтэй учир асрамжийн төвийн гэрүүдийн халаалт хангалтгүйгээс хүүхдүүдийн эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж үзсэн байна.

Мөн “Манай гэр-1”, “Гайхамшигт тусламж” төв өөрийн өмчийн байргүй, бусдын байранд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд зориулалтын бус түрээсийн байранд үйл ажиллагаа явуулах нь хүүхдийн нас, бие, сэтгэхүйд тохирсон орчин бий болох боломжгүй гэж үзсэн байна.

Асрамжийн төвүүдэд нийтлэг илэрсэн бас нэг томоохон зөрчил нь хүүхдүүдийг товлосон эмчийн үзлэгт хамруулдаггүй, эмийн санд нь хугацаа дууссан, нэр төрөл нь тодорхойгүй эмүүд байсан явдал аж. Шалгалтаар хугацаа дууссан Clotri denk, Assure plantinum-цусан дахь глюкоз хэмжих тест, хугацаа нь тодорхойгүй Мезим-форте, USOSAN, Фуросимид 40 мг, Kettotifen зэрэг нэр нь тодорхойгүй 11 төрлийн эм илэрснийг устгажээ.

Дээрх 33 асрамжийн төвийн гурав нь улсынх, бусад 30 нь гадаад дотоодын хувь хүн, компани, буяны байгууллага хариуцан ажиллуулдаг байна.