Categories
мэдээ нийгэм

Угсраа автобус ирэх сарын нэгнээс үйлчилгээнд гарна

Нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах 18 метрийн урттай угсраа автобусны эхний хорь нь энэ сарын 30-нд орж ирэх юм байна. Орж ирсэн автобусыг ирэх сарын 1-нд Энхтайвны өргөн чөлөө буюу таван шарын уулзвараас Офицеруудын аюулгүйн тойрог хүртэл үйлчилгээнд гаргахаар төлөвлөжээ.

Тус автобус нь Беларусь улсын “МАЗ” компанид үйлдвэрлэгдсэн 120 хүний багтаамжтай аж. Угсраа автобусыг үйлчилгээнд гаргахтай холбогдуулан 5 шараас Офицеруудын аюулгүйн тойрох хүртэл эцсийн зогсоолуудын эргэлт хийх талбай, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх замын автобусны буудлуудын кармаг битүүлэх, 1-р эгнээг тусгаарлах, хучилтын эвдрэлийг засах зэрэг ажлууд хийгдэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Аялагч залуус Балбын иргэдэд туслах аян өрнүүлжээ

Балба улсад болсон газар хөдлөлтийн дараа тус улсад байсан гадны иргэд эх орноо зорьцгоосон юм. Үүнд Португалийн хоёр аялагч ч мөн багтсан байсан аж. Гэсэн ч нислэгээ хүлээн тус улсад хоёр хонох хугацаандаа газар хөдлөлтийн улмаас хохирсон иргэдийг хараад бодлоо өөрчилсөн байна. Ингээд 33 настай Петр, 35 настай Сантос нар Балбад үлдэж тэндэхийн иргэдэд туслах аяныг эхлүүлсэн байна. Тэд Ичангу тосгоны иргэдэд тусламж, хандив цуглуулж буяны ажил хийж эхэлжээ. Балба улсад аялахаар ирсэн явган аялагч хоёр залуугийн мэдээ цахим орчинд тарсан бөгөөд тэдэнд туслах тусламж нэмэгдсээр байгаа аж. Сантос өөрийн цахим хуудсандаа Португаличуудыг уриалж сайн үйлсийн аян өрнүүлсэн бөгөөд хандивын данс нээж цугласан мөнгөөр хоол хүнсний бүтээгдэхүүн худалдан авч иргэдэд тарааж өгчээ. Одоогийн байдлаар хоёр найз 10 мянга орчим хүнд туслаад байгаа гэнэ.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн албан татварыг буцаалаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 53.9 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар нийслэлийн албан татварын тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төслийг УИХ-ын Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг ажиллаад архи, тамхи, согтууруулах төрлийн бүх ундааны борлуулалтад 1 хувийн татвар, баар, ресторан, амралтын газар, зочид буудалд үйлчлүүлэгчийн 1 хувийн татвар ногдуулахаар болгож зорилтот татвар болгон өөрчилсөн нь гишүүдийн дунд маргаан дагуулаад байгаа. Өчигдрийн хуралдаанд зарим гишүүд хуулийн төслийг татаж авах ёстой гэх байр суурийг илэрхийлж байсан юм. Мөн Ажлын хэсгээс гарсан эхний дөрвөн санал дэмжигдээгүй учир санал хураалгүй байнгын хороон дээр анхны хэлэлцүүлгийг дахин хийх санал гаргасан юм.

Ажлын хэсгийн гишүүн Д.Ганхуяг “Сонгууль арай болоогүй байна. Тангаргынхаа хүрээнд гишүүд үндсэн ажлаа хийгээчээ гэж хүсмээр байна. Засгийн ажил урагшлахаа болилоо. Ажлын хэсгээс гарсан саналууд унаж байгаа учир байнгын хороон дээр анхны хэлэлцүүлгийг хийх саналтай байна. Тиймээс хойшлуулж өгнө үү” гэсэн юм. Д.Ганхуяг гишүүний гаргасан энэхүү саналаар санал хураахад гишүүдийн олонх нь дэмжсэнээр хуулийн Төсвийн байнгын хороон дээр дахин хэлэлцэхээр боллоо.

Categories
мэдээ улс-төр

Ц.Элбэгдорж, В.Путинтэй уулзлаа

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Оросын Холбооны Улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар ганцаарчилсан уулзалт хийж, зоог барилаа.

Уулзалтын эхэнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин ”Эрхэм Ерөнхийлөгч таныг бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархлаа илэрхийлье. Дайны хүнд жилүүдэд Зөвлөлт Холбоот Улсад тусламж дэмжлэгээ үзүүлж байсан та бүхнийг Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярт урих нь зүй ёсны хэрэг юм.

Манай хоёр улс гүн гүнзгий найрсаг сайхан харилцаатай явж ирсэнийг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Бид энэхүү уулзалтаараа Орос, Монгол хоёр орны харилцааны олон чухал асуудлаар өргөн бүрэлдэхүүнтэй ярилцах болно. Эрхэм Ерөнхийлөгч таны санаачлагаар Монгол, Орос, Хятадын гурван талт уулзалт хийгдсэн. Энэхүү арга хэмжээний үеэр мөн уулзах боломж тохиож байна ” гэж хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ”Эрхэм хүндэт Ерөнхийлөгч танд, биднийг хүлээн авч хоёр орны харилцааны асуудлаар ярилцах цаг зав гаргаж байгаад талархлаа илэрхийлье. Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн мэндийг Монголын төр засаг, ард түмний нэрийн өмнөөс хүргэж байгаадаа баяртай байна. Та бүхэнд хөрш орны хувьд, сайн анд нөхрийн хувьд чин сэтгэлээсээ амжилт хүсье. “ гэж хэлэв.

Ганцаарчилсан уулзалтын дараа цаг гаран үргэлжилсэн ажил хэргийн зоогийн үеэр эдийн засаг, дэд бүтцийн салбар, хоёр орны цаашдын хамтын ажиллагаа, гурван талт уулзалт зэрэг өргөн сэдвээр ярилцлаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Жаргалсайхан: УИХ-ын гишүүн М.Зоригт Сү.Батболдыг өмөөрч миний нэр хүндийг гутаах гэж цахим ертөнцөд тэр бичлэгийг тавьсан

-ХЭН НЭГЭН УЛС ЭХ ОРНЫ ЭРХ АШГИЙГ ЧИНЬ УЛАНДАА ГИШГЭЭД БАЙХАД ЯАГААД ТҮҮНИЙГЭЭ ХАМГААЛАХГҮЙ БАЙГАА ЮМ БЭ-

Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхантай ярилцлаа.

Өнгөрсөн лхагва гаригт “Eagle” телевизийн сэтгүүлчтэй таны маргалд­сан бичлэг цахим ертөнцөөр дуу­лиан тарив. Чухам юунаас болоод тийм үйл явдал болчихов оо?

-Авто замын түгжрэл ихтэй байсан учраас машинтай явахад хэцүү юм. Дээрээс нь хотын төвд машин парклах талбай байхгүй байна. Энэ мэт олон шалтгаанаас болоод хоцорч орсон нь үнэн. Болзсон цагаасаа хоцорлоо гээд санаа зовж, авто замын голд машинаа зогсоогоод гүйж орсон. Гэтэл биднийг тус телевизийн үүдэнд угтаж авсан бүсгүй хашгирч загнасан. Ярилцлага өгөх студирүү дагуулж явах замдаа чангаар хашгираад байхаар нь ”Одоо боль, битгий хашгирч загнаад бай. Тэглээ гээд юу өөрчлөгдөх юм. Санаатай ярилцлага өгөх цагаасаа хоцорсон биш. Үнэхээр хожимдоод хэцүү байдалд хүргэчихсэн бол ярилцлага өгөхөө больё” гэсэн. Нөгөө бүсгүй студийн үүдэнд ирээд “ор” гэсэн. Нэг сэтгүүлч залуу тэнд байсан юм. Тэр залуубас л уурлаж ундууцсан.” Нэгэнт хоцорчихсон юм чинь яах вэ. Цагийг нь хойшлуулъя” гэж хэлтэл “Ер нь чамаас заавал ярилцлага авах албатай юу. Боль, яв та нар. Явахгүй юу” гэсэн. Чи яагаад ингээд байгаа юм гэтэл их муухай ааш авир гаргасан. Түүнийх нь хариуд би түлхсэн. Болсон явдал бол ердөө л энэ.

Та сэтгүүлчийг цохисон юм биш үү?

-Цохиогүй, түлхсэн.Тэр бич­лэгийг нь цахим ертөнцөд тавьсан байсан шүү дээ. Би сэтгүүлчийн нүүр рүү нь түлхсэн. Тухайн үед хоцорсон учраас яарч тэвдсэн стресстэй байсан. Сэтгүүлчийн бас эфирийнх нь цаг тулаад бухимдсан л биз. Тэглээ гээд бөөн уур уцаартай зочноо угтах биш, тайван асуудалд хандаад хоорондоо яриад шийдчих л асуудал шүү дээ. Иймэрхүү сайндаж муудалцах зүйл амьдралд өчнөөн л байдаг.

Энэ бол тийм чухал ярианы сэдэв болгоод байх асуудал биш. Ах хүндүү хүнээ түлхчихээ л биз. Дараа нь тэр сэтгүүлч залуугаас би уучлал гуйсан. Машины түгжрэлээс болж хоцорч түүндээ стресстэй байлаа.Та нар ч гэсэн уурлаж зохисгүй авирлахаа боль. Энэ бол гол асуудал биш гэж хэлсэн. Бид болсон зүйлийн талаар ярилцаад цай, ус уугаад учраа олсон. Тэгээд тус телевизэд ярилцлага өгсөн.

Тэр бичлэгт сэтгүүлч суудлаасаа босч явааднэг үг хэлсэн бололтой ам нь хөдөлж харагдсан дуу нь сонсогдоогүй. Тэр үед та босож ирээд түлхсэн байх. Сэтгүүлч юу гэж хэлсэн юм бэ?

-Намайг их муухайгаар хэлсэн л дээ. Би тэр сэтгүүлчид гомдоогүй. Бид дараа нь гарбарилцаад сайхан ойлголцсон. Хамтарч ажиллаад явъя гэсэн. 20 гаруй жил би “Eagle” телевизийг дэмжиж ажилласан хүн. Дуудах болгонд нь очоод ярилцлага өгч байсан.Тэглээ гээд би тус телевизээс шагнал, хөлс мөнгө авч байгаагүй. Тус телевизийн ажилтан биш. Нэгэнтээ намайг дуудаж аваачиж байгаа бол загнаж аваачих ёсгүй, урих ёстой. Энэ болёс зүй шүү дээ. Би ямар хийх юмаа олж ядаад, байх газаргүй дээд очсон хүн биш. Надад аж ахуйн болон улс төрийн ажил их байна. Тийм учраас тэр ажлуудаа зохицуулаад аминдаа очиж байгаа ухаантай юм. Тэр нэвтрүүлэгч залууг элдвээр хэлээд бусдын амны бай болгох сонирхол үнэндээ алга. Тэр залуу уцаарлаад янз бүр болсон байж болно. Түүний гараас нь тэгсэн ингэсэн гээд матаад янз бүрийн хэл амтатлах хэрэггүй. Би цагтаа түүн шиг залуу явсан. Гэвч одооны залуучууд ууртай, ааштай, хүний үг даахаа больсон байна. Бид чинь хүүхэд байхдаа ахмад хүнээс ухаан алдталаа айдаг байсан шүү дээ. Хажууд нь архи тамхи хэрэглэх нь битгий хэл зөрж өнгөрөхдөө хүртэл биеэ зөв авч явахыг хичээдэг байлаа. Одооны залуусын хошуун дээрх сүү нь ч хатаагүй мөртлөө баар хэсээд архи уугаад л явж байна. Бидэнд тийм хүмүүжил байгаагүй. Ахмадуудыг хүндэлдэг хайрладаг, эмээдэг. Буруу үйлдэл хийхээсээ ичдэг байлаа шүү дээ. Одоо бол ийм зүйл байхаа больсон байна лээ. Буруу зүйл хийчээд ээждээ зодуулдаг байлаа. Алгадуулдаг, суран тэлээгээр ороолгуулдаг байсан. Одоо бодоод байхад тэр үе ямар сайхан байсан юм бэ. Ээж минь байсан бол дахиад нэг алгадуулах юмсан гэж бодож байна шүү дээ. Ер нь залуучуудад хэлэхэд эмэгтэй хүнийг хүндэлж хайрлаж байх хэрэгтэй. Эрэгтэй хүнийг хүндэлж байх хэрэгтэй. Аав ахтай минь адилхан шүү гээд ах захтай байх ёстой. Амьдрал тийм шүү дээ. Энэ залуус хэдэн жилийн дараа ах аав болоод явна. Энэ бол хүний ёс зүйтэй л холбоотой асуудал юм даа.

Сошиал ертөнцөд тэр бичлэг яагаад гарчихав. Уг нь тэр сэтгүүлчтэй та учраа олсон юм байна шүү дээ. Уучлал гуйгаад тэгтэл яагаад олон нийтэд цацагдав?

-Сошиал ертөнцөд УИХ-ын гишүүн М. Зоригт анх энэ бичлэгийг цацсан юм билээ.

Яагаад УИХ-ын гишүүн М.Зоригт цахим ертөнцөд цацсан гэж. Шалтгаан нь юу юм бол?

-Энэ хүн тус телевизийн хөрөнгө оруулагчдын нэг. Нөгөө “Голомт” банкны М.Зоригт шүү дээ. Сүхбаатар аймгаас нэр дэвшсэн. МАН-ын дарга байсан Сү.Батболдын аав нь Сүхбаатар аймгийнх. Тэд нэг нутгийнх. Би Сү.Батболдыг ярилцлага өгөх болгондоо шүүмжилж зэмлээд байгаа учир М.Зоригт өмөөрч миний нэр хүндийг гутаах гэж цахим ертөнцөд тэр бичлэгийг тавьж байгаа юм. Би тийм зүйлээс айдаг хүн мөн үү. Намайг яах вэ дээнэг удаа шоронд хийж айлгана биз. Чаддаг юм бол ирээд алчихгүй юу, тийм л мундаг юм бол. Үнэн юм үнэнээрээ л дуусдаг юм. Гурван сая ард түмэн дотор нэг иргэн нь болж төрчихөөд олонхийн төлөө амьдарч сур. Шинэ зуунд чинь олонхийнхоо төлөө амьдардаг нийгэм улс төрийн тогтолцоо дэлхий даяар ноёрхож байна. Түүнээс нэг хүнийг биширч шүтэж байдаг эрэн зуун дууссан байна. Одоо олонхиороо асуудлыг шийдээд цөөнхөө хүндэлье гэдэг зарчим ноёрхож байна.

Тэр бичлэгийг сошиал ертөнцөд тавьсан нь таны нэр хүндэд халдлаа гэж үзэж байгаа хэрэг үү?

-Энэ М.Зоригт гэдэг нөхөр санаатайгаар миний нэр хүндэд халдаж тэр бичлэгийг цацаж байгаа юм. Түүнээс аль хүн муудалцаж сайдахыг хэлдэг юм. Энэ чинь амьдрал. Үүнгүйгээр яаж амьдрах гээд байгаа юм. Тэгж байж ах дүү болдог. Алдаж онож сайн сайхан явдаг. Миний нэр хүндэд халдаж байгаа тэр хүнийцарай нь энэ.

МАН-ын дарга асан Сү.Батболдыг зэмлэж шүүмжлэх шалтгаан танд байсан юм уу?

-Сү.Батболд “Чингэс” зочид буудлыг үнэгүй авсан. Тэр “Чингэс” зочид буудал ард түмний өмч байсан шүү дээ. Дараа нь тэр “Ухаа худаг”-ийг үнэгүй аваа биз дээ. Одоо болио. Ард түмэнд тэр Таван толгойг үлдээ гэж хэлсэн юм. Тэр үгэнд эгдүүцээд байгаа байхгүй юу. Гол санаа нь энэ. Тэгээд миний нэр хүндэд халдаж, бичлэг тавьсан байдаг. Түүнээс тэр сэтгүүлч залуу бид хоёр зодолдсон биш. Тэр бичлэгийг сүр болгох хэрэггүй л дээ.

Та сэтгүүлч нарт дургүйцэж, эгдүүцдэггүй юм байгаа биз дээ?

-Сэтгүүлч нарт би эгдүүцдэг хүн биш ээ. Тэд ажлаа хийж яваа хүмүүс. Цаг хугацаанд баригдаад аль аль нь стресстэй байсан хэрэг. Түүнээс сэтгүүлч нарт дургүй учраас ийм зүйл болсон юм биш шүү дээ. Тэрүүхэн юмыг сүр болгож М.Зоригт гэж нөхөр миний нэр хүндэд халдах зэвсэг болгосонд хамаг асуудал байгаа юм. “Энэ муухай хүн. Түүний үгэнд орж болохгүй шүү. Таван толгойг Сү.Батболд авч идэх ёстой юм” гэж хэлж байгаа юм байх даа.

Бичлэг тавигдахдаа ямар нэгэн монтаж эсвэл сэтгүүлчийн хэлсэн үгийг хассан зүйлс анзаарагдсан уу. Тухайн үед болсон явдлыг танаас өөр хүн тэгсэн тэгээгүй гэж хэлж чадахгүй байх?

-Дууг нь аваачаад хаагаад хасаад тавьчихсан байна лээ. Болсон явдал сүртэй ч зүйл биш. Ажил хөдөлмөрөөс үүдсэн маргааныг яагаад улс орон даяар дамнасан хэрүүл маргаан болгож байгаа юм бэ. Ашиг нь юу юм. Тэр ашиг нь Таван толгойг хэдхэн гэр бүлард түмнээс хулгайлж идэх нь чухал байгаа юм.

Та бүхний гол асуудал сошиал ертөнцөд тавигдсан тэр бичлэг мэдээж биш. Таван толгойн асуудал. Гэхдээ Таван толгойг яагаад хулгайлах гээд байна гэж хардаж буй хэрэг вэ?

-Бидний ярих гээд буй гол асуудал гэгээн цагаан өдөр эрдэнэсийн том баялгийг минь хэдхэн хүн хулгайлж аваад явах гээд байна. Нийгэм эдийн засгийн хямралын үеийг далимдуулж хэдхэн төгрөгөөр авах гэж байна. Энэ л чухал асуудал. Тухайлбал, хэн нэгний гэрт нэг хүн ороод “Танайд идэх юм алга. Талх өгье. Чи ээжийнхээ алтан ээмэг бөгжийг өгчих” гэвэл өгөх үү. Өгөхгүй биз дээ. Үүнтэй адил юм. Өнөөдөр улсэх оронд тулгараад байгаа Оюу толгой, Таван толгойн асуудал байна. Дээр ньЭдийн засгийн хямрал болж. Одоо энэ бүхнээ яах юм. Би намын даргын хувьд яаж дуугүй байгаад байх вэ. Яг энэ асуудлаар ард түмэндээ хандаж хэдэн үг хэлэх ёстой гэж боддог. Тийм ч учраастэр телевизээр ярьсан. “Оюу толгойн гэрээгээ хийхгүй бол бид баларна шүү, хямрал болж байна” гээд тухайн үед төр засгийг толгойлж байсан хүмүүс ярьж байсныг санаж байгаа байх. “Үүнийг би толгойгоороо хариуцна” гээд Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр тухайн үед хэлж байсан. Нэг том долларын зураг барьчихаад зургаа авахуулаад л явсан хүн. Тэгээд нөгөө Оюу толгойн гэрээг хийчихсэн чинь Оюу толгой нь зогсчихсон.

Оюу толгойн гэрээ хуумгай болсон Таван толгойн гэрээ бас тийм байдалд хүрчих вий гэж болгоомжилж байгаа хэмээн ойлгож болох уу?

-Энэ гэрээг хийсэнд надад ямар нэгэн буруу байхгүй. Ардтүмэнд буруу байхгүй. Тухайн үеийн төр засгийг удирдаж байсан хүмүүсийн л буруу шүү дээ. Хэдэн дарга нарын хийж байгаа ажил. Гэрээг шударга авлигагүй, хөрөнгө оруулагчийн болон Монгол Улсынхаа эрх ашгийг бодолцон хийж болно. Дэлхий дээр зөндөө сайхан төслүүд хэрэгжиж байна. Манай улсад яагаад ийм төслүүд амжилт олохгүй байна вэ. Хамгийн гол нь манай дарга нар гадаадынхныг дарамталж авлига авах гээд байна. Тийм учраас энэ гэрээ хэлэлцээр чинь явахгүй байна.

Оюутолгойгоос авлига аваад хийсэн гэж хэлж байна уу?

-Авлига аваад гэрээ хэлэлцээр хийчихсэн. Монгол Улсад ашиг байхгүй, зөвхөн үүрэг авсан гэрээ хийчихсэн. Түүгээр нь явах гэхээр татвар, түрээсч авсан юм байхгүй, бүх юм дуусчих гээд байдаг. Одоо тэр гэрээ нь гацчихсан. Таван толгойг асар их өртэй, Каяманы арал цаашаагаа Люксембург, Хонконг гээд дандаа гадаадад бүртгэлтэй компаниар дамжуулж аваад Монголын талд зөвхөн үүрэг хүлээлгээд гадаадынхандболохоор ашиг орлогыг нь хуваарилах гээд буй дүр төрх анзаарагдаж байх жишээтэй. Монголчууд бид чинь тийм тэнэг хүмүүс биш. Энэ улс чинь эзэнтэй, иргэнтэй, төртэй хуультай. Тэр хуулийг, төрийг үл тоож байна. Төр гэдэг хэн юм. Ард түмэнд үүрэг амлалт өгч гарч ирсэн улс төрчид. Амлалт үүргээрээ МАН түрүүчийн сонгуулиар юу гэж хэлж байсан билээ. “Таван толгойн 51 хувийг ард түмэндээ өгнө” гэж амлан гарч ирээ биз дээ. Ард түмэндээ ашиг ноогдол өгөөд улс орноо хөгжүүлнэ гэж байсан. Одоо тэгээд таг чиг байна. Яагаад намын дарга нар мэдэгдэл хийхгүй байна вэ. Дуугүй байна гэдэг чинь энэ хуудуутай булхайг дэмжиж байна гэсэн үг. Эсвэл тэд өөрсдөө хувь эзэмшсэн, оролцсон өөрийнхөө эрх ашгийг аваачаад шургуулчихсан байгаа. Тэгэхээр ард түмэн төрийн албан тушаал хашиж байгаа хүмүүсийн хэн нь хэнбэ гэдгийг ялгажсалгах цаг болсон.

Таныхаар бол энэ гэрээг сайн хийчих хүн энэ төрд алга уу?

-Хаа очиж нэг хүн байна. Тэр хүн бол УИХ-ын дарга З.Энхболд.

Энэ хүн 51 хувийг нь төрийн мэдэлд үлдээж Таван толгойг хоёр дахь Эрдэнэт болгох ёстой гэж хэлж байна. Үүнд нь би талархаж байгаа. Ганц хүн ч гэсэн ингэж хэлж байгаа нь сайхан хэрэг. Энэ асуудалд байр сууриа илэрхийлэх ёстой Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж харин яагаад дуугүй байна вэ. Ард түмнийхээ талд Таван толгойг шийдэх юм уу. Арван гэр бүлд Таван толгойг өгөх юм уу. Ийм л асуудал байна.

Арван гэр бүл л гээд ярилаа. Ямар учиртай хүмүүс вэ?

-Таван толгой гарав гаруй гэр бүлд өгөхгүй бол Монгол Улсын эдийн засаг хямралд орлоо шүү гээд байх юм. Энэ талаар сайт хэвлэл мэдээллээр ойрын өдрүүдэд эрчимтэй явж байна. Гэтэл Монгол Улсын эдийн засаг аль хэдийнэ хямарчихсан. Хямарчихсан байхад өргөс авч байгаа юм шигтэр арав гаруй гэр бүл хямралыг сугалаад авна гэвэл худлаа. Тэр гэр бүлүүд үүнийг далимдуулж өөрсдийнхөө тавьсан асар их өр зээлээ нөхөн төлж үлдсэнийг нь идэх гээд явж байна. Тэр гэр бүлийг Монгол Улс даяараа л мэдэж байна. П.Очирбат гуай, О.Содбилэг, Г.Батхүү, УИХ-ын гишүүн Энх-Амгалан гээд 20 орчим хүн байна лээ.

Таван толгойн таны байр суурь юу юм бэ?

-Таван толгой бол ерөөсөө Монгол Улсын хоёр дахь Эрдэнэт. Монгол Улс хувийн хэвшилтэйгээ нийлээд 21 миллиард ам.долларын өрөнд орчихоод байна. Үгүйдээ гэхэд тэр Таван толгойгоос тэр мөнгөө авч өрөө дардаг юм байгаа биз дээ. Тэгэхгүй юм бол юугаар өрөө дарах гээд байгаа юм бэ. Энэ арван гэр бүлд өгчих юм бол юу болох юм. Улсын өр 6.5, аж ахуйн нэгжүүдийн өр 14.5 миллиард байна. Тэгэхээр бид өнөөдөр юугаарэнэ өрийг дарах юм. Энэ бол нэг дэх асуудал. Хоёр дахь асуудал Таван толгойгоороо сайн бизнес наймаа хийх хэрэгтэй. Иргэдээ өмч хөрөнгөтэй болгох хэрэгтэй. Сү. Батболд, “Петровис” компанийн захирал Ж.Оюунгэрэл нарт эмнэлэг сургууль барьж өгөх асуудал бол энэ биш юм. Монголын ард түмэнд барьж өгөх хэрэгтэй байна. Эд нар чадахгүй бол дараачийн Засгийн газарэнэ ажлыг хийнэ. Улс эх орныхоо төлөө, ард түмнийхээ төлөө Таван толгойн асуудлыг зөв шийдэж хөрөнгө болгох хэрэгтэй. Үүнийг хийж чадах хүнээр ньхийлгэх хэрэгтэй. Миний ойлгож байгаагаар М.Энхсайхан хийж чадахгүй юм шиг байна. М.Энхсайхан саяхан л “Таван толгойн 51 хувийг нь ард түмэндээ авч өгнө шударга ёс тогтооно” гээд хашгирч байсан. С.Удвал гэж нэг эмэгтэй бас лхашгираад байсан. Тэдхаачсан бэ. Яагаад өмнө нь ярьж байсан зүйлээсээ эсрэг юм яриад яваад байна. Мэдээлэл гэдэг бол дөрөв дэх засаглал. Хэвлэл мэдээллийнхэн УИХ-ын 76 гишүүний байр суурийг яагаад олон нийтэд хүргэхгүй байна вэ.

Тэдэнтэй ярилцлаа гээд асуудал шийдэгдэх үү?

-Хэрэв тэдэнтэй ярилцлага хийвэл тэдний ямар байр суурьтай, хэн нь хэн бэ гэдгийг ядаж ялгаж болно. Хэн үнэхээр ард түмэн эх орныхоо төлөө байна гэдгийг харах нь чухал. Удахгүй сонгууль болох гэж байна. АН бас 51 хувийг нь ард түмэнд өгнө гэж амласан. Одоо тэгсэн таг чиг. Иргэдийн хяналт сул болохоор “Энержиресурст” Таван толгойг өгөх гээд байна. Хувьцаа эзэмшигч нь Ж.Оюунгэрэл С.Баяр, Г.Батхүү, Сү.Батболд нар. Нөгөө арав гаруй гэр бүл. Сү.Батболд хувьцаа эзэмшдэггүй гэж хэлдэг. Гэвч хэн хэн хувьцаа эзэмшдэг нь тодорхой болчихсон шүү дээ. Ард түмэн үүнийг мэддэг болсон. Надтай адил санаа бололтой олон хүн байгаа. Өөрсдийнхөө төлөө гар хумхиад суух хэрэггүй тэмцэх л хэрэгтэй.

Тантай адил санаа бодолтой олон хүн байгаа юм бол яагаад ил гарч ирээд энэ тухай ярихгүй байна вэ?

-Тэд Жагаа их зөв ярьж байна шүү гээд намайг дэмжээд гэртээ хэвтчихээд интернэтээ ухаад сууж байна. Гарч ирээд үгээ хэлээчгэхээр “Хувийнхаа ажлыг хөөцөлдөөд завгүй байна” гэдэг. Тэд залхуураад байна, энэ чинь буруу шүү дээ. Би л ганцаараа яриад байдаг. Би тэр Таван толгойг авах гээд байгаа юм биш. Ард түмэнд авч өгөхийн тулд яриад байна. Энгийнээр хэлэх юм бол та сая төгрөгтэй байж түүнийгээ арван төгрөгөөр солих уу. Ямар чхүн сая төгрөгийгнь л авна шүү дээ. Таван толгой ийм лбайдалд очоод байна. Ард түмэн өөрсдийнхөө эсрэг тэмцэх ёстой. Бүгд гарч гудамжинд зогсох хэрэгтэй. Манайхан ардчилал гэдгийг огт ухамсарлаагүй байна. Ардчилалд эрх гэж бий ч үүрэг гэж бас байгаа. Гэтэл эрхээ яриад байдаг атлаа үүргээмэдэхгүй байна. Хэн нэгэн улс эх орны эрх ашгийг чинь уландаа гишгээд байхад яагаад түүнийгээ хамгаалахгүй байгаа юм бэ. Нийтээрээ бид хамгаалах ёстой. Хувалз шиг хүмүүс төрд шигдчихээд байна. Сонгож болохгүй 100 улс төрчийн жагсаалтыг манай нам удахгүй гаргана. Тэд биднийг хуурч дөрвөн жил сонгочихоод гарсан хойноо хамаг юм цөлөмдөг. Ард түмнээ доромжилж, ард түмнийхээ эрх ашгийг уландаа гишгэлдэг. Тэгэхээр бид үүргээ муу биелүүлээд байгаа юм. Эх орныхоо төлөө ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан амьдралын төлөө бид өөрсдөө энэ цаг үед тэмцэж байж эх орноо хөгжүүлж, байгалийн баялгаа хамгаалж чадна.

Г.ЯЛГУУН

Categories
мэдээ цаг-үе

Ж.Энхбаяр: УИХ нь яаралтай тарж, дараагийн сонгуулиа явуул

Өнгөрсөн баасан гаригийн чуулганы үдээс хойших хуралдаанд Ерөнхий сайд татварын асуудлаар мэдээлэл хийсэн. Тэр үеэр УИХ-ын гишүүд уг асуудлаар асууж тодруулахын зэрэгцээ саналаа хэлж байв. Ж.Энхбаяр гишүүн байр сууриа илэрхийлж УИХ-ыг тарааж, улс төрийн шинэ нөхцөлд шилжих хэрэгтэй хэмээсэн юм.

Тэрээр “Бид эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд эвслийн Засгийн газар байгуулан ажиллаж байна. Эвслийн Засгийн газарт УИХ-д суудалтай бүх намууд орсон. Засгийн газрын оруулж ирж байгаа бүх бодлого, зорилт хөтөлбөрүүд УИХ дээр дэмжлэг авахгүй болсоор хагас жил боллоо. Ажил чинь явахгүй байна. Хамгийн сүүлд АН-ын Гүйцэтгэх зөвлөл улс төрийн шийдвэр гаргалаа. МАХН бас улс төрийн шийдвэр гаргаж байна. Ийм нөхцөлд байгаад байх нь улс оронд улам хортой тусч байгаа. Бодит мэдээлэл нийгэмд очихоо больсон байна. Та асуудлыг аргацаах гэж оролдож байна. Засгийн газрын аргалах оролдлого юуг илэрхийлж байна вэ гэвэл ямар нэгэн аргаар алтаа, нүүрсээ, төмрөө ухъя. Стратегийн ордууд дээр буулт хийгээд ч хамаагүй цааш нь явуулъя. Нөгөө талаар ямар ч үнэтэй эх үүсвэрээр хамаагүй зээл авъя. Дутагдаж байгаа мөнгөний нийлүүлэлтийг зээлээр хангаад, аргалаад явъя гэсэн бодлого л харагдаж байна.

Өнөөдрийн уул уурхайтай холбоотойгоор, уул уурхайн бүтээгдэхүүний супер цикль дуусч байгаатай холбоотойгоор, цаашид буюу ойрын таваас 10 жил уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөхгүйтэй холбоотойгоор энэ бодлогоо явуулж байна. Уул уурхайгаас Монгол Улс хамаатай болчихсон. Импорт нь, валютын орлого нь, гадны хөрөнгө оруулалт нь гэх мэтээр. Сургамж аваагүй байна та нар. Уул уурхайн цаана цөөхөн хэдэн томоохон гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүд бий. Аж ахуйн нэгжүүд чинь эргээд Монгол төрийг дарамтлах, шахалт үзүүлэх арга зам руу орж байна. Зөвшилцлийн гэрээ гэнэ үү, эвлэрлийн гэрээгээр ямар нэгэн аргаар буулт хийхийг шахаж байна. Түүнд нь Засгийн газар хөтлөгдөх хэлбэрт орж эхэлж байна. Ингэж арьсаа хамгаалж байхын оронд эртхэн мэдэгдэл хийгээд, улс төрийн нөхцөл байдлыг шинээр эхлүүлж болдоггүй юм уу. Монгол Улсын гадаад өр 20 тэрбум ам.доллар давлаа. Монгол Улсад эргэлдэж байгаа мөнгөний гуравны нэгийг танай Засгийн газар хэрэглээд дууслаа. Дотоодын бонд чинь дөрвөн их наяд төгрөг давахаар болчихлоо. Арилжааны банкинд эргэлдэж байгаа нийт 12 их наяд төгрөгийн зээлийн гурван төгрөгийн нэгийг та нар хэрэглэж байна. Эдийн засгийн онц дэглэм тогтоох, шаардлагагүй хөрөнгө оруулалтыг зогсоох, төсөв орон тоогоо хэмнэх, валютын онц дэглэм тогтоох, шаардлагатай эм, хүнс, эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүнээс бусад шаардлагагүй импортыг хязгаарлах эрс шийдэмгий арга хэмжээг яагаад авахгүй цаг алдаад байгаа юм. Амьжиргаа унаж байгааг харж байгаа биз. Өнгөрсөн хугацаанд гадаад, дотоодоос хийгдсэн бүх хөрөнгө оруулалт Монголд үр ашиггүй болоод хувирчихлаа. Нүүрсний салбар уначихлаа. Төмөрлөгийн салбар амиа тавьж байна. Өнөөдөр ноолуур яагаад 40 мянган төгрөгөөс дээшээ гарахгүй байна вэ. Дээрээс нь монгол төгрөгийн худалдан авах чадвар 50 хувь уначихсан. Үүнийг дагаад арилжааны банкнаас малчдын авсан зээл төлбөр гээд иргэнээс эхлээд өрх гэр, аж ахуйн нэгж, засаг төр, Монголбанк, арилжааны банк гээд нийтдээ өрийн сүлжээний гинжин хэлхээнд орчихсон. Ийм асуудлыг бид өнөөдөр ярих ёстой болохоос татварыг тойроод аргалаад байх шаардлагагүй. Хариуцлагагүй л байна. Нийгэм өөр зүйл хүлээж байгаа. Таван толгойг тойрсон улстөрчдөө хар. Нийгмийг хэд хуваагаад хаячихлаа. Орой болгон захиалгатай кино, нэвтрүүлэг гарах юм. Энэ нийгэм цаашаа явахгүй болчихлоо гэдэг нь тодорхой болсоор байна. Тэгэхээр би таныг шийдэл гаргаасай гэж бодож байгаа юм.

Нөгөө талдаа эдийн засгийн уналтын гол буруутнууд нь УИХ-ын гишүүд бид. Гурван жилийн хугацаанд эдийн засаг унахыг харсаар байгаад, цаашдаа улам гүнзгийрэхийг мэдсээр байж цаг нөхцөөсөөр байна. Нэг бол УИХ нь хугацаанаасаа өмнө яаралтай тарах асуудлыг ярь. Дараагийн улс төрийн нөхцөл байдлыг үүсгэж сонгуулийг явуул. Систем чинь нурж байна. Намууд чинь, төр чинь, эдийн засаг чинь, нийгмийн ёс зүй нурж байна. Эргээд Монголын нийгэм хүнд зөрчилд орж ард түмнээ хуваагаад байна. Улс орны нөхцөл байдал туйлын хүнд байдалд хүрлээ” хэмээн хэлсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

Д.Уламбаяр: Азийг тэнцвэржүүлэх АНУ-ын бодлогод Япон асар том байр суурь эзэлж байгаа

Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн АНУ-д хийсэн айлчлалын талаар Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал Д.Уламбаяртай ярилцлаа.

Шинзо Абэгийн АНУ-д хийсэн айлчлалын ач холбогдол болоод онцлогийг судлаач хүний хувьд хэрхэн харж байгаа вэ?

-Японы Ерөнхий сайд Шинзо Абэ АНУ-д долоо хоногийн хугацаатай айлчлал хийлээ. Гол онцлог нь Дэлхийн II дайн дууссаны 70 жилийн ойн үйл явдалтай давхацсан. Хоёрдугаарт, энэ айлчлал бүс нутгийн хүрээнд олон улсын харилцаанд оролцогч гол гүрнүүдийн анхаарлыг ихэд татаж байна. Хамгийн гол анхаарал татаж байгаа зүйл бол АНУ, Япон хоёрын хоорондох харилцаа, хамтын ажиллагаа. Япон бол АНУ-ын Зүүн Ази дахь ойрын холбоотон, стратегийн түнш улс. Үүнд суурилж хоёр орны харилцааны гол онцлог гарч ирж байгаа. Нөгөө талд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама төрийн тэргүүнээр сонгогдсоныхоо дараа Азийг дахин тэнцвэржүүлэх бодлого гаргаж ирсэн. Энд Япон асар том байр суурь эзэлж байгаа. Тиймээс Шинзо Абэгийн айлчлал үүн дээр төвлөрлөө. Тэрбээр айлчлалаа Бостон хотоос эхэлж, улмаар АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй хэлэлцээ явуулсан. Үүний дараа Барак Обама түүнийг хүлээн авч уулзлаа. Тодруулбал, Цагаан ордонд маш том хүлээн авалт болсон. Энэ айлчлал бол сүүлийн жилүүдэд болж байгаагүй нэлээд томоохон онцлогтой боллоо. Хүлээн авалт бол хоёр орон ойр дотно байгааг харуулсан. Хүлээн авалтад Барак Обама Японы алдартай яруу найргийн дөрвөн мөртийг уншиж, Японы үндэсний архи болох сакэгээр хундага өргөлөө. Айлчлалын хүрээнд Шинзо Абэ АНУ-ын Конгресст үг хэлсэн. Тэрбээр юуны өмнө Дэлхийн II дайнд АНУ олон цэрэг эрсээ алдсанд харуусал илэрхийлж буйгаа хэлсэн.

Японы Ерөнхий сайд АНУ-ын парламентад үг хэлж байсан тохиол байхгүй гэх юм билээ. Энэ нь хоёр орны харилцааг эрчимжиж байгааг харуулж байна уу?

-Яг тийм. Юуны өмнө өнөөдөр олон улсын харилцаанд олон туйлт харилцаа бүрэлдэн тогтчихоод байгаа юм. Энэ бол Хятад улсын үсрэнгүй хөгжил ОХУ-ын эдийн засгийн сэргэлттэй холбоотой. Өөрөөр хэлбэл, БРИКС-ийн орнуудын хүч нөлөө олон улсын харилцаанд шинэ мянган гарснаар хүчний дахин тэнцвэржүүлэлт явагдаж байна л даа. Өөрөөр хэлбэр, бүс нутгийн томоохон гүрнүүдэд Хятад улсын хүч нөлөө ихээхэн эрчимтэй өрнөж байна. Дээрээс нь дэлхийд Хятад эдийн засаг маш эрчтэй нөлөөлж байна. БРИКС-ийн орнуудын хувьд 100 тэрбум ам.долларын дүрмийн сантай БРИКС-ийн хөгжлийн банкийг байгуулах шийдвэр гарсан. 2016 оноос үйл ажиллагаагаа эхлэх гэж байна. Мөн Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг байгуулсан. Энэ банк мөн л 100 тэрбум ам.долларын дүрмийн сантай. Энэ банк ялангуяа Азийн хөгжлийн банктай өрсөлдөнө. Азийн хөгжлийн банк голдуу япон хүнээр удирдлагаа сонгосоор ирсэн. Дэлхийн эдийн засагт нөлөөлөл нь эрс өсч байгаа олон улсын харилцаанд олон туйлт ертөнц нэгэнт бүрэлдэж байна. Нөгөө нэг үйл явц нь Япон Хятад хоёрын харилцаанд байдаг маргаантай хоёр асуудал байдаг. Энэ бол Синкаку арлын маргаан. Нөгөө асуудал нь Дэлхийн II дайны үед амь насаа алдсан Япон цэргүүдийг оршуулсан Ясукуни сүмд Японы төр засгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлдэг. Энэ хоёр асуудлаас болоод Хятад Японы харилцаа нэлээд өрсөлдөөнтэй, сөргөлдөөнтэй, ээдрээтэй байгаа. Олон улсын харилцааны ийм нөхцөлд хүчний дахин тэнцвэржүүлэлт гэдэг АНУ-ын гадаад бодлого явж байгаа. Барак Обамагийн Азид явуулж байгаа энэ бодлогын хүрээнд Шинзо Абэгийн айлчлал болсон нь олон улсын харилцаанд ихээхэн анхаарал татсан үйл явдал боллоо.

Энэ айлчлалын хүрээнд хоёр тал батлан хамгаалах хамтын ажиллагааны шинэ удирдамж хэмээх баримт бичиг баталсан байна. Энэ тухай дэлгэрүүлэхгүй юу?

-Маш том, 25 хуудас орчим баримт бичиг баталсан байгаа юм. Үүнд аюулгүй байдлын хамтын ажиллагаа, цэрэг стратегийн батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлэх, хоёр тал бүс нутгийн энх тайван аюулгүй байдлыг хангах өөрсдийн үүрэг оролцоог ухамсарлаж байгаа ийм хүчин зүйлүүдийг энэ баримт бичиг зааж өгсөн. Сүүлийн жилүүдэд бүс нутаг дахь газар нутгийн маргаан иргэний дайн, терроризм гээд олон улсын харилцааны маш ноцтой хүчин зүйлүүдтэй холбогдоод улс орнуудын батлан хамгаалах зардал нэмэгдлээ. Ялангуяа Украины асуудал нөлөөлсөн. Өнөө жил гэхэд АНУ-ын батлан хамгаалах зардал 665 тэрбум ам.доллар болов. Япон бол 42 ам.доллар, Хятад 135 тэрбум ам.доллараар батлан хамгаалахын зардлаа өсгөсөн байгаа. Энэ нь Орос Хятадын эдийн засгийн хамтын ажиллагаа маш эрчимтэй явагдаж байна. Энэ хүчин зүйлүүд Зүүн хойд Ази дахь хүчний балансыг тэнцвэржүүлэх зайлшгүй шаардлагатай болж байгаа юм. Америк, Япон хоёр харилцаагаа сайжруулах, тэр дундаа батлан хамгаалах салбарын харилцаагаа улам ойртуулах шаардлага байгаа. Зүүн хойд Азид Япон, өмнөд Солонгос бол Америкийн гол түнш. Газар нутгийн маргаантай асуудалд Америк Японы талд зогсч байна гэдгээ удаа дараа мэдэгдээд байгаа. Тиймээс Шинзо Абэгийн айлчлалыг Хятад улс анхааралтай ажиглаж байна л даа. Олон улсын харилцааны хүчний тэнцвэр явагдаж байна гэж хэлж болно. Мөн Токиогийн 2020 оны олимпийг Америк улс дэмжиж байна. Эдгээрийг саяын айлчлалын үеэр ярьсан.

Ялалтын 70 жилийн ойд Япон улс оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Шалтгаан нь юу юм бол?

-Өрнөдийн гол орнууд цэргийн парадад оролцохгүй. ТиймээсЯпон үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Ялангуяа Зүүн Украинд болсон үйл явдал Крымын хойгийг ОХУ нэгтгэсэнтэй холбоотойгоор өрнөдийн орнуудын хооронд авсан эдийн засгийн хориг арга хэмжээнд Япон бас зохих хэмжээнд нэгдчихсэн байгаа. Тиймээс олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг зөрчиж байгаа учраас цэргийн парадад оролцох бол ёс суртахууны үүднээс боломжгүй гэсэн үндэслэлийг өрнөдийнхөн тавиад байгаа.

Бас газар нутгийн маргаан байгаа…

-Ер нь бол ОХУ-ын эсрэг өрнөдийн орнууд гурван удаа эдийн засгийн хориг арга хэмжээ авсан. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн оны наймдугаар сард Курилын арал дээр ОХУ хээрийн сургууль хийсэн. Үүнийг Японы Засгийн газар өдөөн хатгасан шинжтэй гэж мэдэгдэж байсан. Сая гуравдугаар сард ОХУ, Мурманск, ар Кавказаас уралын нуруу, цаашлаад Курилын арал хүртэлх асар том хэмжээний хээрийн сургууль болсон. ЗХУ задарснаас хойших хамгийн өргөн хүрээтэй хээрийн сургууль боллоо. Тэгэхээр хоёр орны газар нутгийн маргаан гэдэг бол Курилын бүлэг арал буюу дөрвөн аралтай холбоотой. Эдгээр нөхцөл байдал бол хоёр орны харилцаанд асуудал болсоор ирсэн. Тиймээс олон улсын харилцаанд олон туйлт систем бүрэлдэн тогтож, ОХУ, Хятад хоёр орны харилцаа идэвхжиж байна. Энэ нөхцөл нь АНУ Японтой батлан хамгаалах салбарын харилцаагаа гүнзгийрүүлэх шаардлага болж байгаа юм. АНУ-ын хувьд Азид өөрийнхөө стратегийн бодлогыг дахин тэнцвэржүүлэх хүрээнд Японтой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүчин зүйл энэ хоёр улсыг ойр дотно болголоо.

Япон урьд нь Ялалтын баярт оролцож байсан биз дээ?

-Ялалтын баярын 60 жилийн ойн арга хэмжээнд өрнөдийн орнууд оролцож байсан. Жорж Буш болон тэр үеийн Японы Ерөнхий сайд оролцож байсан. Өнөө жилийн тухайд ОХУ олон улсын эрх зүйн хэм хэмжээ зөрчсөн байгаа учраас Япон энэ баярт оролцохгүй.

Америкийн ятгалга орсон гэж байна. Сая Шинзо Абэ Америкт айлчилсан нь ч олон улсад үүнийг нотлох шиг боллоо?

-Оросууд өөрсдөө тэгж ярьдаг. В.Путин иргэдтэйгээ дөрвөн цаг шахам ярилцлага хийхдээ “Ялалтын парадад оролцъё ч гэсэн АНУ-ын зөвшөөрөлгүйгээр оролцож чадахгүй орнууд байна” гээд хэлчихсэн. Ер нь бол Америк хориглосон гээд Япон оролцохгүй байгаа ч юм биш л дээ. Нэг улсын үгэнд ороод ийм шийдвэр гаргана гэж байхгүй. Өрнөдийн орнууд гадаад бодлогын хувьд уялдуулан зохицуулсан бодлого явуулдаг холбоотнууд. Америк, Япон улс 1951 оны Сан-Францискогийн аюулгүй байдлын гэрээгээр ойр дотно. Японы аюулгүй байдлыг АНУ хангаж байдаг гэсэн үг шүү дээ. Дээрээс нь Япон 2014 оноос Үндсэн хуулийн зарим нэг өөрчлөлтөөр өөрийгөө хамгаалах, Японы хүч хилийн чанадад энхийг сахиулах үйл ажиллагаа явуулах боломжтой болсон.

Үүнийг АНУ дэмжиж байгаа. Энэ бол гадаад бодлогын бас нэг том илрэл. Дээрх байдлыг Хятад улс нэлээд болгоомжлон анхааралтай ажигладаг.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Бага насны хүүхдийн хөгжлийг гэр бүлийн орчинд дэмжихэд талуудын оролцоо, хамтын ажиллагаа

Боловсрол, соёл, шинжлэх ухааны

дэд сайд, доктор (Ph.D) Я.Төмөрбаатар

Эрхэм хүндэт төлөөлөгчид өө,

Хүндэт зочид оо,

Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.

Бага насны хүүхдийн хөгжлийг гэр бүлийн орчинд дэмжих асуудлаар Та бүхэнтэй санал бодлоо хуваалцах гэж байгаадаа таатай байна.

Улс орны хөгжлийн түвшинг зөвхөн эдийн засгийн өсөлтөөр хэмждэг хандлагаас хүний хүчин зүйлсийн нөлөөллийг чухалчилдаг үзэл баримтлал нийтлэг болсон өнөө үед дэлхийн улс, орнууд хүний хөгжилд онцгой анхаарал хандуулж байна. Иймээс ч хувь хүний болон улс орны хөгжлийг “өрсөлдөх чадвар” хэмээх үзүүлэлт тодорхойлох болсон билээ.

Хүний хөгжлийн асуудлыг эхийн хэвлийд үр хөврөл тогтож эхлэх үеэс анхаарах нь хүүхдийн эсэн мэнд бойжих, хөгжихөд төдийгүй насан туршийн амьдралд нь нөлөөлдөг болохыг эрдэмтэд баталж байна. Хүний хөгжлийн суурь, эрчимтэй хөгжлийн үе бол 0-6 нас бөгөөд энэ насны бүлгийг “бага насны хүүхэд” хэмээн нэрлэдгийг Та бүхэн мэдэж байгаа.

Тэгвэл бага насны хүүхдийн хөгжил гэж юу вэ? гэсэн асуулт бидний өмнө дэвшигдэн гарч байна. Бага насны хүүхдийн хөгжил гэдэг нь бие, оюун, сэтгэлийн нэгдэл буюу хөдөлгөөн, эрүүл мэнд, сэтгэхүй, хэл яриа, харилцаа, зан төлөв нийгэмших үйл явцад гарч буй дэвших хандлагатай чанарын өөрчлөлт гэж тодорхойлж болох юм.

Хүүхэд бүр төрсөн цагаасаа л эхлэн өөр өөрийнхөө орчин ахуйтайгаа харьцан, өөр өөрийнхөөрөө сурч хүмүүншиж хүн болдог. Хүүхэд өөрийн төрөн өсч буй эрүүл хийгээд аюулгүй орчин ахуйгаасаа сурч хүмүүншихүйн үр дүнд бий болдог. Энэ орчин ахуй нь бага насны хүүхдэд хамгийн ойр, анхдагч хэсэг буюу гэр бүл нь юм.

Хүний амьдралын эхний 5 жилд олж эзэмшсэн мэдлэг, чадвар төлөвшил нь тухайн хүнийг хэн болохыг бүрэн тодорхойлдоггүй ч цаг хугацаа урсан өнгөрөх тусам өөрчлөх боломжгүй чиг баримжааг олгож цаашдын хөгжлийг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг гэдэгт эргэлзэх хүн байхгүй байх аа.

Хүүхдийн оюун ухаан, бие бялдар, нийгэмшихүйн хөгжлийн ялгаа бага насанд нь л илэрч эхэлдэг бөгөөд сургуульд элсэн орох үед улам гүнзгийрдэг бөгөөд хүүхдийн хөгжлийн энэхүү ялгаатай байдал нь нийгэм-ахуйн орчин нөхцөлөөс ихээхэн шалтгаалдаг болохыг судлаачид тогтоосон байдаг. Бага насны хүүхдийн хөгжилд өрхийн орлогын хүрэлцээ, орон сууцны нөхцөл, эцэг эх, асран хамгаалагчдын боловсролын түвшнээс илүүтэй гэр бүл, эцэг эхийн зүгээс хүүхдэд тавьж буй анхаарал халамж, хүүхдийн хөгжлийн талаарх ойлголт, мэдлэг, туршлага нэн чухал болохыг манай улс 6 настай хүүхдийг анх удаа сургуульд элсүүлэн сургаж эхэлсэнтэй холбогдуулан хийсэн судалгааны тайланд дурджээ. Судалгааны эдгээр үр дүн нь гэр бүлийн орчин хүүхдийн хөгжилд шийдвэрлэх нөлөө үзүүлдэг болохыг харуулж байна. Иймээс ч дэлхий дахинд гэр бүлд төвлөрсөн хүүхдийн хөгжлийн асуудлыг нэн тэргүүнд авч үзэж байна.

Хүүхдийн хөгжилд нөлөөлдөг чухал хүчин зүйлүүдийн нэг нь эцэг эх, асран хамгаалагч болон хүүхдийн хоорондын ээнэгшин дасах холбоо билээ. Хүүхэд ямар хүн болж төлөвших нь гэр бүлд шийдэгддэг тул эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ багаас нь яаж харилцаж, ажиллах, хүүхдээ юунд сургах, ямар чадвар дадал эзэмшүүлэхийг сайн мэддэг байх ёстой.

Эцэг эх болсон хүн бүр үр хүүхдээ эрүүл хийгээд аюулгүй байх болтугай, эрдэм номтой хүн болох болтугай, амьдрал ахуйгаа аваад явчих ажилсаг хүн болох болтугай хэмээх нь хүмүүн төрөлхтөн бидний нийтлэг нэгэн хүсэл. Энэхүү нийтлэг хүслийг хангах асуудалд гэр бүл, эцэг эх, асран хамгаалагчдаас гадна төр, олон нийт ч тодорхой үүрэг хүлээж бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлж байдаг. Тиймээс улс орнууд бага насны хүүхэд бүрийг сургуулийн өмнөх боловсролд албан ёсоор хамруулах болон албан бусаар гэр бүлийн орчинд хөгжүүлэх гэсэн хоёр арга замыг оновчтой хослуулан тэрхүү нийтлэг хүслийг хангахыг хичээж байна.

Дэлхийн улс орнууд “Боловсролыг нэгдүгээрт” санаачилгад нэгдэж, хүүхэд бүрт чанартай боловсрол эзэмшүүлэхийг зорин ажиллаж байна. “Боловсролыг нэгдүгээрт тавьснаар, бид өлсгөлөн ядуурлыг багасгаж, орхигдсон авьяас чадвар, нөөц боломжийг сэргээн, хөгжин цэцэглэсэн, сайн сайхан, хүчтэй нийгмийг бий болгох юм” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн уг санаачилгыг дэмжигчдэд хандан 2012 онд хэлсэн байдаг. Дэлхий дахинаа хүүхдийн эрхэд суурилсан боловсролын орчин, үйлчилгээг буй болгох, хөгжүүлэх замаар тэдний эрхийг хангах үзэл санааг дэмжин, бүх нийтийн боловсролын зорилтод тунхагласан “бага насны хүүхдэд зориулсан халамж, боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах” зорилтыг хэрэгжүүлэх олон шинэ санаачилга, бүтээлч ажлууд улс орнуудад өрнөж байна.

Тэгвэл манай орны хувьд бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр төр, засгаас ямар бодлого баримтлан ажиллаж ирсэн болох талаар авч үзье.

Нэг. Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих талаар баримталж буй бодлого, хэрэгжилт

Байгаль газар зүйн онцлог, эдийн засгийн боломж, нүүдлийн амьдралын хэв маягт нийцүүлэн бага насны хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх тогтолцоо манай оронд хөгжиж байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар батлагдсан “Хүүхдийн эрхийн конвенц” (1989), Мянганы хөгжлийн зорилт (2000), Боловсролын дээд хэмжээний чуулга (2000)-ны баримт бичигт хүүхдийн эрүүл мэнд, бие бялдар, сурч боловсрох болон нийгмийн хэрэгцээг төрсөн цагаас нь эхлэн бүрэн хангах асуудал тусгагдсан байдаг билээ. Эдгээр баримт бичигт тусгагдсан үзэл санааг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн хугацаанд хүүхэд бүрийг хөгжүүлэх, тэдний суралцах, хөгжих, адил тэгш эрхийн баталгааг хангах, хүртээмжтэй, чанартай боловсролын үйлчилгээ бий болгох суурь зарчимд тулгуурласан бодлого баримтлан хэрэгжүүлж байна. Энэхүү бодлогоо “Боловсролын тухай хууль”, “Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль (2008)”, “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого (1995, 2015)”, “Зөв Монгол хүүхэд үндэсний хөтөлбөр (2013)” “Монгол Улсын боловсролын салбарыг 2006-2015 онд хөгжүүлэх Мастер төлөвлөгөө”, “Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлого”, “Бага насны хүүхдийн хөгжилд эцэг эх, гэр бүл, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх талаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас баримтлах чиглэл” зэрэг бодлогын баримт бичгүүдэд тусган хэрэгжилтийг хангаж байна.

Аливаа хөгжлийг тасралтгүй явагддаг үйл явц гэж үзвэл бага насны хүүхдийг системтэй, хэрхэн хөгжүүлэх вэ?, хүүхэд бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хувьд хөгжиж байна гэдгийг ямар үзүүлэлтээр хэмжих вэ? хэмээх асуудал бага насны хүүхэдтэй хүн бүхний өмнө төдийгүй төр, засгийн анхаарлын төвд байдаг.

2014 оны байдлаар манай улсын нийт хүн амын 15.8 хувь (463.0 мянга)-ийг 0-6 насны хүүхэд бүрдүүлж байх бөгөөд тэдний 34.8 хувь нь суманд, 20.4 хувь нь аймгийн төвд, 44.7 хувь нь нийслэлд тус тус амьдарч байна. Харин 5 настай нийт хүүхдийн 80.1 хувь (51.5 мянга) нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа бол 18.9 хувь (12.8 мянга) нь үйлчилгээний гадна байна. Мөн 2014-2015 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид шинээр элсэгчдийн 85.8 хувь нь сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллагаар дамжин сургуульд элссэн байна. Бид 5 настай хүүхдийг сургуульд элсэхийн өмнө сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулж хараахан чадахгүй байгаа болохыг дээрх тоон мэдээлэл харуулж байна.

АНУ-ын Колумбын Их сургуулийн Багшийн коллеж, Монголын боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгээс 2008 онд хийсэн судалгаагаар хамгийн эмзэг, хүрч үйлчлэх боломж тааруу бүлгийн хүүхдүүдийн дөнгөж 15 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан байна. Ялангуяа малчид, шилжин суурьшсан иргэдийн хүүхдүүд, мөн ядуу өрхүүдэд амьдарч байгаа болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бага насны хүүхдийн боловсролын үйлчилгээнд хамрагдах нь хязгаарлагдмал байна гэж судалгааны тайландаа дурджээ.

Хэдийгээр манай улсад сургуулийн өмнөх боловсрол заавал эзэмших боловсрол биш ч гэсэн энэ түвшний боловсролд төрөөс онцгой анхаарч, 2014 оны байдлаар боловсролын нийт төсвийн 18.3 хувийг сургуулийн өмнөх боловсролд зарцуулсан байна.

Хүүхдийг гаднаас нь удирдаж хөгжүүлдэг юм уу? эсвэл хүүхдэд өөрт нь хөгжих боломж байдаг юм уу? хэмээх асуултыг эрдэмтэд дэвшүүлж, “Хүнийг хөгжүүлдэг гол механизм нь суралцахуй бөгөөд хүн сурах үйл ажиллагаа явуулж байж л хөгжинө” гэж үзэж суралцахуйн онолуудыг дэвшүүлсэн байдаг. Сурах үйл ажиллагаа нь тодорхой дараалал, хөтөлбөр, төлөвлөгөөний үндсэн дээр хэрэгждэг бөгөөд манай улс сургуулийн өмнөх боловсролын агуулга, арга зүйг хөгжүүлэх ажлыг 2000 оноос тасралтгүй хийж, “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын үлгэрчилсэн цөм хөтөлбөр (2000)”, “Сургуулийн өмнөх боловсролын стандарт (2004)”, “Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт (2011)”-ыг тус тус батлан хэрэгжүүлж ирсэн байдаг. Харин 2013-2014 оны хичээлийн жилээс сургуулийн өмнөх боловсролын агуулга, арга зүйг шинэчлэх ажлыг эхлүүлж, шинэчлэн боловсруулсан цөм хөтөлбөрийг энэ хичээлийн жилд хот, хөдөөгийн 12 цэцэрлэгт туршиж, түүнийг ирэх хичээлийн жилээс Үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх юм.

Мөн цэцэрлэг бүр зөвхөн цэцэрлэгт хамрагддаг төдийгүй цэцэрлэгт хүүхэд нь хамрагддаггүй эцэг эхийн оролцоог хангах, хүүхдийнхээ хөгжлийг дэмжих чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Тус яам улсын хэмжээний бүх цэцэрлэгт эцэг эхийн боловсролыг дэмжихэд чиглэсэн “Цаг гаргаж, хүүхдээ хөгжүүлье” гарын авлага, “Хүүхдийн үлгэр, дууны хос CD”, Багш, эцэг эхийн заавал унших номын катологи, “Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт”-ын зөвлөмж зэрэг гарын авлага, материалыг эцэг эхэд зориулан тус тус боловсруулж хүргүүлснээр, бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтыг 210 гаруй мянган эцэг эхийг хамруулан зохион байгуулсан байна. Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа малчдын хүүхдийг гэрээр сургах, эцэг эхийн сурган хүмүүжүүлэх боловсролыг дээшлүүлэх зорилгоор сургалтын багц материалуудыг бэлтгэн эцэг эх, хүүхдэд хүргэсэн нь бага насны хүүхдийг хөгжүүлэхэд дэмжлэг болж байна.

Хоёр. Бага насны хүүхдийн хөгжлийг гэр бүлийн орчинд дэмжихэд талуудын оролцоо, хамтын ажиллагаа

Хүүхдийн хүмүүншин төлөвших хамгийн чухал суурь нас бол 0-5 нас байдаг. Хүүхэд хэлд орж, бусадтай харилцаж сурах үеэс эхлэн таван нас хүрэхэд ирээдүйд ямар хувь хүн болох суурь нь тавигддаг. Энэ нь сургуулийн өмнөх нас хүний төлөвшлийн чухал үе болохыг илтгэнэ. Иймийн тул хүүхдийг аль болох бага наснаас нь асрах, хамгаалах, хүмүүжүүлэх, хөгжүүлэх асуудалд онцгой анхаарал хандуулах нь ийнхүү чухал болох нь харагдаж байна.

Монгол ардын сурган хүмүүжүүлэх ухаанд бага насны хүүхдийн бие махбод, сэтгэл санааны байдлыг нас бага, цус шингэн, яс нимгэн, ёс цөөн, судал тамир хөнгөн гэх зэргээр тодорхойлж, хан хөвгүүн мэт асарч хүмүүжүүлэхийг сургамжилсан буй. Инданзанваанжил “Гүнгийн зуугийн гэгээний алтан сургааль”-даа асралыг мэдрүүлэх тухай айлдсан нь учиртай. Хүүхдийг нялх балчир насанд нь өсгөж бойжуулахад эцэг эхийн хайр асрал үнэхээр чухал. Манай уламжлалт сурган хүмүүжүүлэх ухаанд тав хүртэлх насыг хүүхэд аав, ээж, асран хамгаалагч, насанд хүрэгчдээс энхрий хайр, асран сувилсан ачлал, зөөлөн эвлэг харилцааг хүлээж байдаг үе гэж үздэг. Иймээс энэ насны хүүхдэд үйлчилж буй хүмүүс хүүхэд бүртэй асрахуй, нигүүлсэхүйн сэтгэлээр хандаж харилцах, хөгжүүлэх нь хамгаас чухал юм.

Эцэг эхчүүд хүүхдээ хооллох, хувцаслах төдийхнөөр тэдэнд анхаарал халамж үзүүлж байна гэж боддог. Гэвч, тэдний хүсэл сонирхлыг мэдэрч, зөв удирдан залж, амьдрах чадвартай, асуудлыг шийдэх, нийгэм, хамт олны идэвхтэй гишүүн, “зөв хүн” болоход нь тусалж дэмжих нь эцэг эхчүүдийн үүрэг юм. Түүнчлэн хүүхдийн өсөлт хөгжилд гэр бүлийн гишүүдийн тэгш оролцоо чухал үүрэгтэй.

Бага насны хүүхэд өөртэйгээ хамт байгаа, өөрийнхөө хажууд байгаа орчин ахуйгаасаа сурч хүмүүнших аргад, өөрөө боловсрох үйлд сурдаг, бас хөгждөг, сургуульд ч бэлтгэгддэг. Харин энэ үед нь эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ хэлж ярьж байгаа зүйл, тоглож байгаа тоглоом, асууж байгаа асуултыг анхааралтай сонсож, хүүхдийнхээ хөгжилд гарч буй ахиц амжилтыг нь сайшаан дэмжиж, буруу гажуу зүйлсийг нь засч залруулж өгч байх нь чухал.

Бага насны хүүхдийн хөгжил нь тэдний эрүүл, эсэн мэнд төрж, бойжих, шаардлагатай хоол тэжээлээр хангагдах, эцэг эх, ойр дотны хүмүүсийн хайр халамж, хамгаалалд өсч хөгжих, сурч боловсрох зэргийг хамарсан өргөн хүрээтэй асуудал тул орчин үед бага насны хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, асаргаа, халамж, хамгаалал, боловсролын үйлчилгээг цогц авч үзэж, харилцан уялдаа холбоотой үйл ажиллагааг хэрэгжүүлэх болж байна. Тиймээс орон нутгийн удирдлага, хэвлэл мэдээллийн байгууллага, хүүхдийн байгууллага, ажил олгогч албан байгууллага, төрийн бус байгууллага, багш, мэргэжилтнүүд хамтдаа эцэг эхийн сурган хүмүүжүүлэх мэдлэг, ур чадвар эзэмшихэд нь туслах, тэдний оролцоог дэмжих үйл ажиллагаа зохион байгуулах шаардлагатай байна.

Та бүхэнд бага насны хүүхдийн хөгжилд эцэг эх, насанд хүрэгчдийн дэмжлэг ямар байдаг талаар зарим судалгааны үр дүнгээс танилцуулья.

Японы эрдэмтэн Морияма Мисао¬гийн судалгаагаар эцэг эх¬чүүдийн 80 хувь нь хүүхдээ сайн ойлго¬дог гэж боддог атал хүүхдүүдийн 80 хувь нь биднийг эцэг эхчүүд ойлго¬доггүй, ойшоодоггүй гэж хариулжээ. Нэгэн цаг хугацааны дотор зэрэгцэн амьдарч буй хоёр үеийн ойлголт ийнхүү дэндүү их зөрүүтэй байгаа нь тэдний хоорон¬дын харилцаанд хол¬богдох ажээ. Харилцааны ойлголцол хамаа¬рал нь ойртох тусам итгэлцлийг бий болгож, гэр бүлийн сэтгэл зүйд эерэг өөрчлөлт гардаг байна. Үүнээс харахад хүүхдийн хөгжилд эцэг эхийн дэмжлэг оролцоо төдийлөн хангалттай биш байгаа нь харагдаж байгаа бөгөөд хэдийгээр эцэг эхчүүд ажил ихтэй, зав муутай байдаг ч хүүхдийн өсөлт хөгжилд жигд анхаарч, түүнийг хайрлаж энхрийлэх, дэмжиж туслахад цаг зарцуулах үүргээ хэрэгжүүлэх шаардлагатай гэж судлаач онцолсон байна.

Үндэсний Статистикийн Хороо, НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран 2010 онд хийсэн “Хүүхэд хөгжил” судалгаагаар хүүхдээ хөгжүүлэх, аливаа зүйлийг танин мэдэхэд “эцэг нь дэмжлэг үзүүлдэг” гэж судалгаанд оролцсон нийт хүүхдийн 39 хувь нь үзсэн байна. Мөн хүүхэд аливаа зүйлийг танин мэдэхэд гэр бүлийн гишүүд, насанд хүрэгчдийн зүгээс анхаарал тавьж дэмжлэг үзүүлэх байдал хотод 54 хувь, хөдөөд 48 хувьтай байна.

Хүүхдийг багаас нь номтой танилцуулах нь тэдний оюун ухааныг хөгжүүлэх гол хэрэгсэл болдог. Монгол улсын хэмжээнд 0-59 сартай нийт хүүхдийн 23 хувь нь гэртээ 3 ба түүнээс олон тооны хүүхдийн номтой байна. Энэ байдал хот, хөдөөд ихээхэн ялгаатай байгааг харж болно.

Хүүхдийн хөгжилд эцэг эхийн оролцоо хэдийчинээ их байх тусам тэдний бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийн үзүүлэлт нь төдийчинээ сайн байдаг байна.

Иргэд, аж ахуйн нэгж, олон нийтийн үүсгэл санаачилгаар төрийн болон хувийн өмчийн цэцэрлэг байгуулах ажлыг дэмжих, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдэд зориулсан хувилбарт сургалтыг өргөжүүлэх, чанаржуулах, шинэлэг хэлбэрийг нэвтрүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг цэцэрлэгт хамруулах зэрэг ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй байна. Цаашид ч, сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагааг дэмжих, эцэг эх, гэр бүлд суурилсан сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний тогтолцоо бий болгох асуудал чухал байна.

Нийгэм эцэг эхчүүдэд хүүхдийнхээ төрөлхийн болон хууль ёсны асрамжлагч байх эрхийг олгодог. Хүүхэд хүртэх эрхтэй хайр халамж, хамгаалал, хоол тэжээл, эрүүл мэндийн асаргаа, сурч боловсрох боломжийг нэн тэргүүнд бүрдүүлэх хамгийн анхдагч орон зай нь гэр бүл гарцаагүй мөн.

Эцэг эх, гэр бүл нь хүүхдэд эрүүл мэнд, нийгмийн халамж, боловсролын үйлчилгээ үзүүлэгчидтэй хамтран ажиллах, аливаа үйл ажиллагаанд оролцох эрх, үүрэгтэй байдаг билээ. Энэхүү эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхэд эцэг эх, гэр бүлд үзүүлэх тусламж, дэмжлэг хангалтгүй байгаагаас бага насны хүүхдийг хөгжүүлж, боловсрол эзэмшүүлэх байгууллагын үйл ажиллагаа гэр бүл, олон нийтээс салангид явагдаж үр дүн нь нийгмийн хөгжлийн шаардлагыг төдийлөн хангаж чадахгүй байна. Иймд сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас эцэг эх, гэр бүлийн өргөн хүрээтэй оролцоо, идэвхтэй хамтын ажиллагааг бий болгох нь бага насны хүүхдийн хөгжлийг хангах чухал хөшүүрэг болох юм. Ийм учраас сургуулийн өмнөх боловсролын байгууллага ба багш, ажиллагчид бага насны хүүхдийг хөгжүүлэх чиглэлээр явуулж буй аливаа үйл ажиллагаандаа эцэг эх, гэр бүлийн оролцох эрхийг хангах, үүргээ ухамсарлан биелүүлэх боломжийг бүрдүүлэх талаар хамтран ажиллах шаардлагатай байна.

Мөн орон нутгийн удирдлага, хүүхдийн болон хэвлэл мэдээллийн байгууллага, албан байгууллага, аж ахуйн нэгжээс эхлээд бүх түвшинд эцэг эхийн хүүхдээ хөгжүүлэх ойлголт, чадавхийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, ялангуяа хөдөөгийн алслагдсан малчдын хүүхдийн хөгжлийг гэр бүлийн орчинд дэмжихэд олон талт шинэ хувилбарыг туршин, нэвтрүүлэхэд анхаарах шаардлага зүй ёсоор урган гарч байна. Энэ ажилд шинэ боломжийг хайн эрэлхийлж, өнөөдөр бид бүхэнтэй төслийн хүрээнд хуримтлуулсан туршлага, сургамжаасаа хуваалцаж буй Японы Хүүхдийг Ивээх Сангийн хамт олонд талархал илэрхийлж байна.

Дийлэнх эцэг эхчүүдэд хүүхдийнхээ хөгжлийг дэмжих ур чадвар эзэмшихэд бэрхшээл тохиолддог бөгөөд тэдэнд сурган хүмүүжүүлэх мэдлэг, боловсролоо хөгжүүлэх хэрэгцээ байнга үүсч байдаг. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн хэмжээнд хийсэн судалгааны үр дүн бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих, тэдэнд тавих эцэг эхийн хайр, халамжийг чухалчлан үзэх, гэр бүлийн бусад гишүүний хүүхдэд тавих анхаарал халамжийг нэмэгдүүлэх нь чухал байгааг нотолж байна.

Мэдээллийн технологи хурдацтай хөгжиж буй даяаршсан өнөөгийн нийгэмд хүүхэд цагийг өнгөрөөх өөр ертөнцтэй болсон нь нууц биш ээ. Гар утас, интернет, фэйсбүүк, твиттер, компьютер, телевизийн олон суваг гээд энэ олон сонирхолтой зүйлээс давсан сонирхолтой зүйлээр хүүхдийн анхаарлыг яаж татаж, хөгжүүлэх вэ? гэдэг том сорилт боловсролын байгууллага болон эцэг эх, олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэхэд хүргэж байна.

Сүүлийн жилүүдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, бага насны хүүхдийг хөгжүүлэхэд эцэг эх, олон нийтийн оролцоог дэмжих үйл ажиллагааг зохион байгуулахад Японы Хүүхдийг Ивээх Сан, НҮБ-ын Хүүхдийн Сан, Азийн Хөгжлийн Банк, Дэлхийн Банк зэрэг олон улсын байгууллага үнэтэй хувь нэмэр оруулж байгааг дашрамд дурдаж, дээрх байгууллагуудад Монголын нийт хүүхэд багачууд, багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүдийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Эцэст нь тэмдэглэн хэлэхэд бага насны хүүхдийг хөгжүүлж, төлөвшүүлэх чиглэлээр хуримтлуулсан ололт, туршлагаа бататгах, эерэг үр дүнгээ тогтворжуулах, бага насны хүүхдийн хөгжлийг гэр бүлийн орчинд дэмжихэд багш, эцэг эх, олон нийт, төр засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахыг уриалж байна.

Анхаарал хандуулсанд баярлалаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үхэлтэй нүүр тулсан Ц.Очирхуягийн гэр бүлд тохиолдсон явдал

-ШУУРГАЛАН ДҮРЭЛЗЭХ ТҮЙМРИЙГ СӨРЖ БҮЛЭЭ БҮТЭН АВЧ ҮЛДЭЖ ЧАДСАН

ЗАЛУУГИйН БААТАРЛАГ ҮЙЛС-

Зүүн гурван аймаг энэ жил түймрийн даллага авсан гэмээр ихээхэн хэмжээний хохирол амсаад байгаа. Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн нийтдээ 20 гаруй сум түймэрт өртөж, 60аад өрх орох оронгүй болсон харамсалтай мэдээ байна. Шуургалан дүрэлзэх түймрийг сөрж, гэр бүлээ элэг бүтэн авч үлдсэн Ц.Очирхуягийн баатарлаг үйлсийг онцолмоор байна. Тэрбээр эхнэр хүүхдийнхээ хамт үхэлтэй хэрхэн нүүр тулж, амьд мэнд гарч чадсан тухай сурвалжилсан тэмдэглэлийг хүргэе.

Ц.Очирхуяг, Г.Наранцацрал нар 31 настай, хоёр хүүхэдтэй залуу гэр бүл. Сүхбаатар аймгийн уугуул бөгөөд багаасаа мал дагаж амьдарчээ. Хонь, ямаа нийлсэн 600 орчим богтой тэднийх тус аймгийн Сүхбаатар сумандаа нутагласаар ирсэн байна. Голдуу сумын төвийн урдуур хаварждаг ажээ. Харин өнөө жил сүүлийн арав гаруй жил буугаагүй буурин дээрээ иржээ. Тэнд ойрын хэдэн жил айл огт буугаагүй болохоор өвс ихтэй, худаг устайгаа ч ойрхон. Бас ч гэж сумын төвтэйгээ дөхүү, 23 кмийн зайтай. Ингээд Ц.Очирхуягийнх ганц гэрээрээ буужээ. Тэдний том хүү таван настай, бага нь ой гарантай охин. Хүү нь ирэх жил сургуульд орох болохоор одоо цэцэрлэгт явдаг байна. Тиймээс сумын төв дээр өвөө эмээгийндээ байдаг ажээ.

Дөрөвдүгээр сарын 29-нд Сүхбаатар сум руу түймэр орж ирэв. Улаан гал салхи татуулан эрчилж байгаа бүсэд нэлээд утаатай, дээрээс нь шороогоор нүүр нүдгүй шуурна. Байгалийн аюултай үзэгдэлд малчид, сумын төвийн иргэд бүгд л сонор сэрэмжтэй, бас айдас болгоомжтой байлаа. Бие бие рүүгээ утсаар холбоо барьж, “Танай наагуур түймэр ямар байна, манай энд одоохондоо гайгүй л байна” гэхчилэн мэдээлэл солилцож байв. Энэ түймэр дөрөвдүгээр сарын 30-ны шөнө дунд Ц.Очирхуягийн гэрийг сүйтгэсэн юм. Тэрбээр өдөр нь чухам яг хаахна түймэртэй байгааг багцаалдаж чадаагүй байна. Учир нь сүүлийн үед байнга л түймэртэй, утаат хөшиг татсан байдалтай байгаа болохоор тэр биз. Орой харуй бүрий болоход түймрийн улаан туяа тод харагдаж, Ц.Очирхуяг ч чиг баримжаа авахаар арынхаа толгод дээр гарчээ. Энэ үед 23 цаг болж байлаа. Тэнгэр улайсч, түймэр тэртээ хол харагдаж гэнэ. Арай ч тэднийх рүү орчихооргүй цаахнуур тойрох бололтой байжээ. Малчин залуу дурангаа тавин түймрийг ажиглаж суутал гэнэт салхи чиглэлээ өөрчилж гэнэ. Салхинд туугдсан түймэр яах ийхийн зуургүй тэднийхийг чиглэлээ гэнэ шүү. Энэ үед тэрбээр яаравчлан гэр рүүгээ яарлаа.

Тэрбээр замдаа “За чадвал гэрээ галаас аварчихна даа, болохгүй бол эхнэр хүүхдээ аваад амь гарах хэрэгтэй” гэж бодсоор уухилан орж ирэв. Түймрийн аюул хаяанд ирснийг эхнэртээ хэлээд хамаг хурдаараа бэлтгэлээ базаав. “За, Цацрал минь бушуулаарай, дулаан хувцсаа давхарла. Охиноо ч бас зузаалъя” гээд хаалгаараа байн байн толгойгоо өнгийж, түймрийн байдлыг ажна. Сумын төв рүү холбоо барьж, ах дүү нартаа хэл дуулгачихаад үстэй дээл, малгайгаа өмсөв. Охиноо хөнжилд ороогоод бушуухан мотоцикльдоо морджээ. Тухайн үед том хүү нь сумын төв дээр өвөө, эмээгийндээ байсан нь азтай. Ц.Очирхуяг эхнэр, хүүхдээ сундалж аваад худаг руу давхилаа. Тэднийхээс худаг 500гаадхан метр хэртэй газар. Түймэр ч нэлээд зайтай харагджээ. Галаас амжиж худагтаа хүрчих байх гэж тооцоолжээ. Худгаас ховоогоор ус татаж, өөрсдийгөө норгох ч юм уу, халуун гал өөдөөс цацна гэсэн төлөвлөгөөтэй давхисан байна. Гэвч тэд худаг хүрч чадсангүй. Улаан гал дүрэлзэн төөнөхийн хажуугаар гашуун утаа хоолой хорсгож, элс, шороо, цурамны шатсан өвсөөр цурхирна. Ард үлдсэн таван ханатай гэр, малын хашаа хороо зэргийг нь энэ гал хамчихаад тэднийг чиглэлээ. Гэр орон мал хуйгаа шатаж, үгүй болохыг харсан тэд санаа нь зовж, шаналсан ч өөрсдөө амьд гарах ёстой гэж хаазаа нэмлээ.

“Хэрэв мотоцикльтойгоо ингээд давхиад байвал галд шатаж, бүр дэлбэрч үхэх аюултай” гэсэн бодол Ц.Очирхуягийн толгойд зурсхийн орж ирэв. Тэрбээр гэнэт мотоциклио зогсоогоод “Эхнэрээ хурдан буугаад холдож, зугт” гэж сануулав. Эхнэр нь ч түүний хэлснийг дагаж, хөнжилд ороосон охиноо тэврээд гүйлээ. Ц.Очирхуяг тэднийг гүйцэж очоод, гараас нь хөтлөн чирч, мотоциклиосоо зайлж чадав. Гэвч улангасан ховдоглох түймрийн аймшигт аюул тэднийг орхиогүй байлаа. Үхэл зэрэгцэн хөөж, нөмөрч авахад тун ойрхон байв. Эхнэр, бяцхан үр хоёр нь орилолдон цовхчиж, орь дуу тавих үед Ц.Очирхуягт “Түймэр дагаж гүйгээд эсэн мэнд гардаггүй, сөрж гарч чадвал амьд үлднэ” гэсэн бодол зурсхийжээ. Ингээд энэ санаагаа эхнэртээ ойлгуулж, гараас нь чанга гэгч нь атгаад үхэлтэй тэмцэлдэхээр шийдлээ. Уухилан турхирах түймрийн гал хамаг биеийг нь төөнөв. Хэдийгээр зузаан самбайд ороолгосон байсан ч балчир үр нь тэр халууныг тэсч ядаад тийчлэн чарлажээ.

Галыг сөрөөд нөгөө талд нь л гарах ганцхан зорилго тэдэнд байв. Гэвч ширүүн галаас эмээсэн Г.Наранцацралт бүсүй нөхрийнхөө гараас мултарч, буцаад гүйжээ. Халуун гал тэднийг нөмрөх тэр агшин хэдхэн алхмын цаана байв. Түймрийн суунагласан хар утаанд Ц.Очирхуяг баримжаагаа алдаж, эхнэр хүүхдээ дуудаж, бархиран орилж байлаа. Галаас айсан бүсгүй хүүхдээ гараасаа салгаж болохгүй гэж бодож тас тэвэрсэн чигтээ нөхрөө хайж уйлан чарлана. Гашуун утаа, шороо ам, хамар руу нь орж, тамир тэнхээ нь барагдав. Азаар Ц.Очирхуяг эхнэр хүүхдээ арайхийн олж “Одоо дахиж гараасаа салгахгүй дээ” гэсэн шиг чанга гэгч нь атгалаа. Харин галаас үхэлтэй нүүр тулж байгаа эхнэр нь тэмцэх итгэлгүй байв. Нөхрийнхөө гараас мултарч, галаас зугтах гэж оролдсоор л байж. Тэднийг ийн зууралдаж байх хооронд охиныг нь ороосон хөнжил газарт унасан байлаа. Энэ удаад яасан ч гараасаа салгаж болохгүй гэсэн бодолтой Ц.Очирсүх эхнэр, хүүхэдтэйгээ чаргууцалдсаар байв.

Салхи татуулан ирэх түймрийн дөл тэднийг түлж, тэсэхийн аргагүй болгов. Бүр эрчтэй салхи тэдний толгойн дээрх өвлийн малгайг тоос сорогчоор сорж байгаа мэт хуу татаад хөөргөжээ. Ц.Очирсүх эхнэр хүүхдээ газарт суулгаад, өөрөө дээрээс нь даран хэвтэв. Яах ийхийн зуургүй түймэр тэднийг нөмрөөд авах нь тэр. Хэдийгээр цээжээрээ үстэй дээл, зузаан хувцас өмссөн ч толгой нүцгэн байсан тэднийг аюулт гамшиг тойрсонгүй. Харагдсан болгоноо залгидаг ширүүн гал тэр гурвын нүүр, гар, үс зэргийг нь хуйхлаад оджээ. Юу юугүй залгих гэж байгаа юм шиг улалзан дүрэлзэх гал тэднээс аль хэдийнэ холдсон байв. Олон мал, айл, хунар, шим сортой талбай гээд замдаа таарсан бүхнийг хамсаар улаан гал чигээрээ цааш хурдлах нь тэр. Аймшигт галыг сөрж, гэр бүлээрээ үхлээс ийн мултарч чадсан нь яах аргагүй Ц.Очирсүхийн баатарлаг үйлс юм. Эхнэр, нөхөр, охин гурав хэдийгээр амьд гарсан ч толгой, гар нь тэр чигтээ түлэгдсэн байлаа. Хэдхэн хормын өмнө дулаан гэртээ халуун хоолоо идэж, бяцхан охиноо өхөөрдөн баясаж сууж байсан тэд шөнө дөлөөр, эзгүй зэлүүд талд, хаачихаа мэдэхгүй цурам самардан сууж байлаа. Өөрсдийнхөө өвдөлтийг үл тоон, түлэнхийн шархандаа уйлж шаналах охиноо цээжиндээ тэвэрч өглөөг хүлээх цаг хугацаа тэдний хувьд олон сар жил шиг удаан байлаа.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ соёл-урлаг

Богино өгүүллэгийн наадам болно

Жил бүр уламжлал болгон зохиогддог богино өгүүллэгийн “Давалгаа” наадам маргааш болох юм байна. СУИС-ийн хичээлийн хоёрдугаар байранд болох уг наадамд урлаг, соёлын сургуулийн оюутнууд оролцох аж.