Categories
мэдээ нийгэм

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа

-БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, ОБЕГ-ын дарга Т.Бадрал нар гал түймрийн нөхцөл байдалтай танилцлаа-

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, ОБЕГ-ын дарга, хурандаа Т.Бадрал тэргүүтэй холбогдох албаны хүмүүс өнгөрсөн ням гарагт Хан Хэнтийн тусгай хамгаалалтай газар буюу Төв аймгийн Мөнгөнморьт сумаас 45 км-ын зайд Тарвагатайн зоо хэмээх газар гарсан ойн түймрийн нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өгч, санхүүгийн болон эд материалын тусламж үзүүллээ.

Сүүлийн тав, зургаан жил ойн түймэр гараагүй уг газарт энэ сарын 22-нд бага зэрэг аянга цахилгаантай бороо оржээ. Хэт хуурайшсан ойн унангид аянга цахилгаан буусан нь гал гарах шалтгаан болсон гэж байгаль хамгаалагчид болон нутгийн иргэд ярьж байна. Түймрийн улмаас хушин болон шинэсэн 2000 орчим га ой шатаад байна.

Түймрийг ОБЕГ-ын 70 гаруй албан хаагч, сум орон нутгийн болон Хан Хэнтийн дархан цаазат газрын байгаль хамгаалагчид гээд 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажилласны үр дүнд цурманд орууллаа. Албаныхныг очих үед бага зэрэг бороо орж, байгаль дэлхий хураа хайрласан ч ойн түймэр тийм амар унтардаггүй учраас хоёр, гурав хоног манаж бүхэн унтраах аж. Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар зургаан хэсэгтэй, нэлээд томоохон газрыг хамгаалдаг учраас байгаль хамгаалагчдад багаж хэрэгсэл хүрэлцдэггүй. Хоёр, гуравхан хоногийн дараа буюу энэ сарын 27-нд Бурхан Халдун хайрханаа тахих гэж бэлтгэл хангаж байтал түймэр гарчихлаа гэж байв.

Энэ үеэр БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол гал түймрийг унтраах үлээгч багаж хэрэгсэл, хоол хүнс, мөнгөн тусламжийг байгаль хамгаалагчид болон ОБЕГ, нутгийн иргэдэд өглөө. ОБЕГ-аас ч зарим багаж хэрэгслийн тусламж үзүүлэхээр боллоо.

Энэ он гарсаар Төв аймгийн нутаг дэвсгэрт 19 удаагийн, улсын хэмжээгээр 150 гаруй ой хээрийн түймэр бүртгэгдээд байна. Эдгээрийн 90 гаруй хувь нь хүний болгоомжгүй үйлдлээс болж гарчээ.

Өнөөдрийн байдлаар нийт найман түймэр асч байгаа аж. Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Сэлэнгийн Алтанбулаг, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумдад гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна. Сэлэнгийн Алтанбулагт ойн түймэр гарч 16 хонож байгаа бөгөөд зургаан удаа цурманд оруулж,зургаан удаа буцаж алджээ. Энэ жил урьд өмнөх жилүүдээс асар их хуурайшилттай байгаагаас өмнөх жилүүдээс хоёр дахин олон гал түймэр гараад байна.

Тиймээс гал түймэр тавихаас цаг ямагт сэрэмжлэхийг БОНХАЖ болон ОБЕГ-аас ард иргэдэд анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн баярын арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
06 дугаар сарын 01-нд 11:00-14:00 цагийн хооронд “ХҮҮХДИЙН БАЯР” арга хэмжээг Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулна.

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга
06 дугаарсарын 01-ний өдрийн 14:00, 16:00 цагуудаас Д.Ганболдын найруулга “Эрх цагаан унага” жүжгийг өөрийн тайзнаа тоглоно.
Улсын драмын эрдмийн театр
06 дугаар сарын 01-ний өдрийн 11:00, 13:00 цагуудаас К.Драгунская “Онц сурлагатнууд орохыг хориглоно” хүүхдийн жүжиг
Хүүхэлдэй театр
06 дугаарсарын 01-ний өдрийн 10:00 цагаас “Үлгэрийн баатрууд” парад
06 дугаар сарын 01-ний өдрийн 12:00, 14:00 цагаас Хүүхэлдэйн театрын тайзнаа Х.Андерсаны “Нугасны муухай дэгдээхэй” жүжиг
06 дугаарсарын 01-ний өдрийн 16:00 цагаас VIVA CITY хороололд Х.Андерсаны “Нугасны муухай дэгдээхэй” жүжиг тавигдана.

ҮндэснийЦирк /АСА ЦИРК/
05 дугаарсарын 29-ний өдрийн 17:00 цагаас,
05 дугаарсарын 30-ний өдрийн 11:00, 14:00, 17:00,
05 дугаарсарын 31-ний өдрийн 11:00, 14:00, 17:00,
06 дугаарсарын 01-ний өдрийн 11:00, 14:00, 17:00 цагуудаас “Циркийншилдэгүзүүлбэрүүд” тоглолт

Нийслэлийн Улаанбаатар чуулга
05 дугаарсарын 30, 31, 06 дугаар сарын 01-нд 11:00, 14:00, 17:00 цагуудаас “Бонгын аялал” тоглолт

Хүүхдийн номын ордон
05 дугаар сарын 29-нд 11:00 цагаас “Шидэт номын найзууд” уран уншлагын уралдаан
06 дугаарсарын 01-нд Нээлттэй хаалганы өдөр
Монголын хүүхдийн ордон
05 дугаар сарын 25-ны өдөр Зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулсан урлагийн тоглолт, бэлэг гардуулах үйл ажиллагаа болно.
06 дугаар сарын 01-ний 14:00 цагаас Баярын тоглолт

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар
06 дугаарсарын 01-ний өдөр 09:30 цагаас “Өргөө-2” кино театрт Дүүргийн “Хүүхдийнбаяр”-ын нэгдсэн арга хэмжээний нээлтийн үйл ажиллаагаа зохион байгуулна. Хүүхдүүдэд кино үзүүлнэ. Хороодод Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар
Чингисийн талбайд нэгдсэн арга хэмжээтэй хамтрах ба хороодоор хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.Хагас болон бүтэн өнчин хүүхдүүдэд гарын бэлэг гардуулна.

Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар
06 дугаар сарын 01-нд 11:00 цагаас УБ Паласт Хүүхдийн баярын арга хэмжээ болно.
06 дугаар сарын 01-нд 12:30 цагаас Баянгол дүүргийн ЗДТГ-аас УБ Палас хүртэл парад алхана.
Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газар
06 дугаар сарын 01-нд 11:00 цагаас төв талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно.

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар
06 дугаар сарын 01-нд 11:00 цагаас төв талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно.
Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар
06 дугаарсарын 01-нд 10:00 цагаастөв талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар
05 дугаар сарын 28-31-ний өдрүүдэд хороодод Хүүхдийн баярын арга хэмжээ зохион байгуулагдана.
06 дугаар сарын 01-нд 11:00 цагаас “Их Зайсан” цогцолборт “Оюуны Ундраа” групптэй хамтарсан Хүүхдийн баярын үйл ажиллагаа болно.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар
06 дугаар сарын 01-нд 11:00 цагаас Тусгаар тогтнолын талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ зохион байгуулна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар
06 дугаар сарын 01-нд 11:00-15:00 цагийн хооронд хороодод Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.

Үндэсний Соёл амралтын хүрээлэн
2015 оны 05 дугаар сарын 28-аас 2015 оны 06 дугаар сарын 04-ний хугацаанд “Гайхамшигт долоо хоног” арга хэмжээг Ихтайз, багатайз болон цэгийн хөтөлбөрөөр дамжуулан зохион байгуулна. Уг үйл ажиллагааг насны ангиллаар цирк, хүүхэлдэйн жүжиг, хүүхдийн урлагийн тоглолт, АХА, спортын тэмцээн, уралдаан зэрэг төрлүүдээр тус тус зохион явуулна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
06 дугаар сарын 01-нд 11:00 цагт “Витафит” ХХК, ТВ-5 телевизтэй хамтран “Ундааны баяр” өдөрлөг ба бусад ивээн тэтгэгч байгууллагуудын нэрэмжит уралдаан, тэмцээнийг зохион байгуулна. Мөн номын худалдаа явагдана.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга ярилцлага өгөв

УИХ-ын дарга З.Энхболд “International New York Times” сонинд ярилцлага өглөө. Тэрээр Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин, хууль эрх зүйн талаар “International New York Times” сонины сэтгүүлч Л.Даниель болон П.Лаура нарын сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өгөв.

“International New York Times” сонин нь дэлхийн 160 гаруй орны уншигчдад хүрдэг бөгөөд Европ, Ази, Ойрхи Дорнодын уншигчид ихэвчлэн захиалдаг байна. Энэхүү сонины захиалагчдын 45 хувь нь хууль тогтоох болон шийдвэр гаргах түвшний уншигчид байдаг байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Хил дээр хүний ачаа харж үлдэхгүй байхыг сануулав

Цагдаагийн байгууллагаас хилээр зорчихдоо хүний ачаа авахгүй, харж өгөх хүсэлтийг нь биелүүлэхгүй байхыг анхааруулсан байна. Тодруулбал, монголчуудын хамгийн ихээр зорчих болсон Хонгконгийн нисэх онгоцны буудал дээр онгоцоо хүлээгээд зогсож буй хүнд сэжиг бүхий монголчууд өөрийнхөө гар тээш, ачаагаа “Түр харж байхгүй юу гарч, хоол идчихээд ирье” гэж хэлээд орхиод явдаг тохиолдол ихээр бүртгэгдэж байгаа бөгөөд тэрхүү ачаа тээшинд хууль бус ачаа явах нь их байдаг байна. Тиймээс энэ мэтийн үйлдэлд ороогдохгүй байхыг сануулж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн зуслангийн үнэ 170 мянган төгрөг болжээ

Сурагчдын амралт эхэлж байгаатай холбогдуулан хүүхдийн зуслангууд амрагчдаа хүлээн авахад бэлэн болжээ. Энэ жилийн хувьд хүүхдийн зуслангууд ирэх сарын 10-аас үйл ажиллагаагаа эхлүүлэхээр болжээ. Харин нэгдүгээр ээлжийн амрагчдаа ирэх сарын 4-нөөс бүртгэх юм байна. Энэ жилийн хувьд зуслангийн үнэд өөрчлөлт ороогүй гэдгийг Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газраас мэдээллээ. Тухайлбал, хүүхдийн зуслангуудын дундаж үнэ 160-175 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. 7-10 хоногийн төлбөр нь 175 мянга юм.

Зуслангийн бүртгэлийг ирэх сарын 4-нөөс Улаанбаатар чуулгын нэг давхарт авч эхэлнэ. Энэ жилийн хувьд зуслангийн бүртгэлд хэд хэдэн өөрчлөлт гарсан гэдгийг албаныхан хэллээ. Улаанбурхан болон бусад халдварт өвчлөлийн тархалт их байгаа учраас эрүүл мэндийн хуудас бөглөлтөнд нарийн хяналт тавих гэнэ.

Тухайлбал:

  1. Өмнөх жилүүдэд иргэд бүртгэл хийлгэснийхээ дараа эрүүл мэндийн хуудсаа өгдөг байсан. Тэгвэл энэ жилээс иргэд хүүхдээ зусланд бүртгүүлэхээр ирэхдээ эрүүл мэндийн хуудсаа бөглүүлж авчрах хэрэгтэй гэдгийг санууллаа. Эрүүл мэндийн хуудсыг child.gov.mn эндээс татаж аваарай.
  2. Эрүүл мэндийн хуудсыг хувийн эмнэлгүүдээр бөглүүлэхгүй. Заавал өөрийн оршин суугаа дүүргийн эрүүл мэндийн нэгдлээр бөглүүлэн, тамгуулах ёстой аж. Иргэдийн хувьд дүүргийн эмнэлэг оочертой гэх шалтгаанаар хувийн эмнэлгээр тамга даруулах явдал байдаг. Тэгвэл энэ жилээс зөвхөн дүүргийнхээ эмнэлгээр л бөглүүлэх шаардлагыг тавьж эхэлжээ.

Өнгөрсөн жилийн хувьд нийслэлийн харьяа 10 зусланд амрах хүүхдүүдийг нэгдсэн журмаар Үндэсний соёл, амралтын төвийн өмнөөс явуулдаг байсан. Харин энэ жил “Скай” их дэлгүүрийн урд талбайгаас нэгдсэн журмаар хөдлөх юм байна. Гэхдээ хувийн зусланд амрагчдын хувьд өөр байх юм. Тиймээс иргэд тухайн зуслангийнхаа сайт руу орж дэлгэрэнгүй мэдээлэл авахыг зөвлөе.

Өнгөрсөн жилийн хувьд нэг зусланд халдварт өвчин гарч хаагдаж байсан. Тухайн үед ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийгээд аюулгүй болгосон хэмээн албаныхан мэдээллээ. Харин энэ жилийн зуслангуудын шалгалтыг ирэх сарын эхээр хийхээр төлөвлөжээ. Энэ жил халдварт өвчний дэгдэлт их байгаа учраас шалгалтыг улам чангатгана гэв. Мөн зуслангийн эмч нарт Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газар, нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран сургалт зохион байгуулж байгаа аж.

Иргэд зуслангийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газрын www.child.gov.mn сайт руу орж, зуслан гэх холбоосоор авах боломжтой юм. Дээрх зүйлсийг бүрдүүлсэн бол та хүүхдээ зусланд амраахад бэлэн боллоо гэсэн үг юм.

Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар согоо агнажээ

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Их ав” дэлгүүрийн гадна автомашинд согоо ачсан байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Мэдээллийн дагуу шалгахад Чингэлтэй дүүргийн наймдугаар хороонд оршин суух хаягтай 26 настай эрэгтэй О бусадтай бүлэглэн Төв аймгийн Эрдэнэ сумын нутгаас хоёр согоо агнан, тээвэрлэж явсан байна.

АНУ-д үйлдвэрлэсэн sawage бууг эд мөрийн баримтаар хураан авч, хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Автобусны үйлчилгээнийхэн шийдэлд хүрээгүй байна

Нийтийн тээврийнхэн буюу автобусны жолооч, кондукторууд өнөөдөр /05.25/ өглөөний 06.00 цагаас эхлэн үйлчилгээнд гаралгүй, ажил хаялт зарлаад байгаа.

Ажилтнуудын зүгээс цалингаа нэг дахин нэмэгдүүлэхийг шаардаж, ийнхүү ажил хаяад байгаа юм.

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨҮГ-ын 600 гаруй ажилтны дийлэнх хувь буюу 500 гаруй нь цалингаа нэмүүлэх энэхүү тэмцэлд нэгдсэн гэгдэж байгаа бөгөөд тэд ажилдаа гарах гэсэн бусад жолооч кондукторуудын автобусны өмнө хэвтэх зэргээр ажлыг нь зогсоох үйлдэл гаргаад байгаа юм.

Асуудлыг нэг тийш шийдвэрлэсэн эсэхийг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨҮГ-ын ажилтнаас тодруулахад, “Монгол үйлдвэрчний эвлэлийн холбоо, ажилтнуудын төлөөлөл болсон үйлдвэрчний хороо, ажил олгогч нар зөвшилцөхөөр хуралдаж байна. Одоогоор эцсийн шийдвэр гарч, шийдэлд хүрээгүй байна. Манай ажилтнууд үйлчилгээндээ өнөөдөр гараагүй. Хувийн автобусны компаниуд л иргэдэд үйлчилж байгаа. Бидний авсан мэдээллээр “Автобус 2”-ын 12 тролейбус, “Автобус 3”-ын дөрвөн автобус үйлчилгээнд гарсан гэсэн” гэх хариултыг өглөө.

Ажил олгогчдын зүгээс жолооч, кондукторуудын цалин нэмэх эсэхийг нийслэлийн Засаг дарга мэднэ гэж гэсэн байр суурь илэрхийлж байгаа. Харин ажилтнуудын зүгээс өмнө нь байгуулсан хэлэлцээрийн дагуу үндсэн цалингаа нэг дахин нэмэгдүүлэхийг шаардаж байгаа гэх тайлбар өгч байгаа юм.


-Цалингаа нэмүүлэхийг шаардсан нийтийн тээврийнхэн өглөөний 06.00 цагаас эхлэн ажил хаялт зарлалаа-

“Автобус 1”, “Автобус 2”, “Автобус 3” компанийнхан буюу төрийн өмчит нийтийн тээврийн компанийн жолооч, кондукторууд цалингаа нэмэгдүүлэхийг шаардан, өнөөдөр /05.25/ өглөөний 06.00 цагаас эхлэн ажил хаялт зарлаад байна.

Энэ үеэр хуучнаар “Автобус 1” буюу “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨҮГ-ын 600 гаруй ажилтны 500 нь ажил хаялт зарлахыг дэмжин, бусад автобусаа үйлчилгээнд гаргахгүй гэж тэмцсэнээс ажилтнуудын болон цагдаа нарын хооронд багагүй маргаан, үймээн үүсээд байна.

Тодруулбал, цалингаа нэмэгдүүлэхийг шаардсан ажилтнууд автобусны дугуйн дор орж хэвтэн, эсэргүүцэл илэрхийлсэн юм.

Харин тус компанийн удирдлага болон цагдаагийн байгууллагын зүгээс нийслэлийн 1.2 сая зорчигчийн эрх ашгийг хязгаарлахгүйн тулд зарим автобусыг үйлчилгээнд гаргаж, ширээний ард суун, зөвшилцөхийг хүсч байна.

Яг одоогийн байдлаар талууд ямар нэгэн шийдэлд хүрээгүй байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит нийтийн тээврийн компанийнхан үйлчилгээнд гараагүй хэвээр байна. Хэдийгээр хувийн автобусныхан үйлчилгээнд явж байгаа ч автобус хүлээж зогсох иргэд их байлаа.

Categories
мэдээ нийгэм

Эрдэнэ суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

Төв аймгийн Эрдэнэ суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна. Тус сумын Баянтуул багийн нутаг “Хүүхдийн овоо” гэдэг газар өчигдөр ойн түймэр гарчээ.

Түймрийг бүрэн унтраахаар Онцгой байдлын газрын Аврах ангийн 13 албан хаагч, 1 автомашинтайгаар, “Горхи-Тэрэлж”-ийн байгалийн цогцолборт газрын 12 албан хаагч, 1 автомашин, нутгийн морьтой 4 иргэн, нийт 29 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна гэж НОБГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Оршин суугчид гэртээ харьжээ

Баянгол дүүргийн 16 дугаар байрны оршин суугчдыг өчигдөр /V.24/ гэртээ харьжээ. Зочид буудалд сар орчим хугацаанд амьдарсан оршин суугчдыг өчигдөр 10.00-14.00 цагийн орчимд байр руу нь оруулсан байна. Оршин суугч С.Оюуны хэлж буйгаар байрны иргэд бүгд гэртээ харьсан аж. Зарим оршин суугчид байрны хүчитгэлийн ажилд бага зэрэг итгэлгүй байгаа ч нүүж орохоос өөр аргагүй байгаагаа учирлаж байв.

Баянгол дүүргийн Онцгой байдлын газрын дарга А.Батмөнх, Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо нар өнгөрөгч лхагва гарагт мэдээлэл хийж, нурах магадлал үүссэн хэмээгдэж байсан ч аюулгүй гэсэн дүгнэлт гарсан уг байрны хүчитгэлийн ажлыг найдвартай хэмээн баталсан юм. 16 дугаар байрны хөрсний хүчитгэлийн ажлыг гурван үе шаттай гүйцэтгэж, өнгөрсөн бямба гаригт дуусгажээ.

Болсон явдлын талаар эргэн сануулахад, Баянгол дүүргийн 16 дугаар байрны хажууд “БиЖиБиЖи” компани зөвшөөрөл олгосон талбайгаас хэтрүүлж нүх ухсанаас үүдэн уг байранд хазайлт өгч, оршин суугчдыг ойролцоох зочид буудлууд руу яаралтай шилжүүлсэн юм.

Улмаар 16 дугаар байранд шинжээч томилон ажиллуулж, дүгнэлт гаргасан бөгөөд дүгнэлтээр “16 дугаар орон сууцны зүүн талд нүх ухсан нь тус барилгад ямар нэгэн хазайлт үүсгээгүй. Харин тус байр нь баруун тийшээ буюу нүх ухсан талын эсрэг чиглэлд 4 см-ийн хазайлттай байгаа нь анхнаасаа ингэж баригдсан эсвэл ашиглалтын явцад хазайсан уу гэдгийг тогтоох боломжгүй” гэсэн хариу гарсан билээ.

Categories
мэдээ улс-төр

Л.Гүндалайн намыг бүртгэхээс татгалзжээ

“Ард Түмнээ Хайрлая Нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын дарга Л.Гүндалайн гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх өнгөрөгч баасан гаригт /V.25/ хянан хэлэлцжээ.

Хүсэлтэд хавсаргасан баримт, дүрэм, мөрийн хөтөлбөр болон ирүүлсэн бусад материал нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг бүрэн хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.

Уг нам нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой юм байна.