Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатур” аялал жуулчлалын үзэсгэлэн болно

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатарын аялал жуулчлалын холбоо хамтран үндэсний аялал жуулчлалын “Улаанбаатур” үзэсгэлэнг зургадугаар сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Анх удаагаа зохиогдох гэж буй уг үзэсгэлэнгийн дотоодын аялагч амрагч нарт зориулсан хэсгээс аймаг, орон нутгийн байгалийн үзэсгэлэнт, түүх соёлын дурсгалт газруудын танилцуулга, амралт, рашаан сувиллын газруудын үнэ, байршил, хуваарь үйлчилгээний талаарх мэдээлэл, танилцуулгыг авах бол гадаадад аялагчдын Ази, Европ, Америк тив, Хөрш орнууд гэсэн дэд хэсгүүдэд хилийн чанадад аялах хөтөлбөр, аяллын зөвлөгөө мэдээллийг өгөх юм байна. Мөн гадаад орнуудын аялал жуулчлалын газрууд, элчин сайдын яамд, соёлын төвүүд улсынхаа соёл урлаг, аялал жуулчлалыг сурталчилж оролцоно. Гурав дахь хэсэгт аяллын холбогдолтой нэмэлт үйлчилгээнүүд тухайлбал аялагчдын даатгал, түрээс, зуучлал, тээврийн үйлчилгээ үзүүлэгчид байрлана. Үзэсгэлэн өдрүүдэд туршлагатай аялагчид аяллын бэлтгэл хангах, гэрэл зураг авах, байгальд ээлтэй аялах зэрэг 20 гаруй сэдвээр сонирхолтой танилцуулгууд хийх ажээ.

Categories
мэдээ нийгэм

“Эко жаал” тоглоомын талбайдаа мод тарилаа

-“Эко жаал” Д.Оюунхорол сайдын дэмжлэгээр тоглоомын талбайдаа мод тарилаа


Нийслэлийн 117 дугаар сургуулийн 7б ангийн сурагч “Эко жаал” З.Буянхишиг Сэлбэ голын дагуу жижигхэн хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажлаа өнөөдөр эхлүүлж, ангийн хоёр найз, аавтайгаа мод тарилаа. Тэрбээр Чингэлтэй дүүргийн 19 хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ голын дагуу ийм ажил хийх хүсэлтээ БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролтой өнгөрсөн хоёрдугаар сард уулзахдаа уламжилжээ. Д.Оюунхорол сайд түүний хүсэлтийг дэмжсэнээр 336м2 бүхий талбайд хайлаас, бургас, агч, голт бор зэрэг 600 гаруй мод тарьж, тохижуулах ажил эхэллээ. Тоглоомын талбайдаа сандал, саравч, савлуур, хогийн сав, самбар зэргийг байрлуулахаар төлөвлөж байгаа гэнэ. “Эко жаал”-д туслахаар найз нөхдөөс нь гадна БОНХАЖЯ-ны төлөөлөл ирсэн байлаа.

З.Буянхишиг “Би гурван жилийн өмнөөс Сэлбэ голын дагуух гурван километр газрын хогийг цэвэрлэж эхэлсэн. Мөн Сэлбэ голын дээгүүр явган хүмүүс явах боломжтой чулуун гүүр хийсэн.Хичээлдээ явж байгаа болон жаахан хүүхдүүд, өндөр настай хүмүүс гол гарахад их хэцүү байдаг байсан. Би энд хүүхдийн тоглоомын талбай хийх юмсан гэж их удаан бодож, төсөл бичсэн. Төслөө БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролд танилцуулахад намайг дэмжиж, хамтран ажиллаж, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэж хэлсэн. Намайг дэмжиж, тусалж БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол эгчид маш их баярлаж байна” гэлээ.

”Эко жаал”-ын аав Н.Зоригтбаатар “Бид улам хичээж тарьсан модоо арчлан хамгаалж, ургуулан ирэх есдүгээр сар гэхэд улсдаа нэг сайхан хүүхдийн тоглоомын талбай хүлээлгэн өгөх болно” гэлээ. З.Буянхишиг удахгүй “Эко жаал”-ууд нэртэй клуб байгуулахаар төлөвлөж байгаа аж.


Categories
мэдээ улс-төр

“Шийдлийн цаг”-аар газрын асуудлыг цэгцлэхээр ярилцжээ

Лхагва гаригт болдог “Шийдлийн цаг” уулзалтаар газрыг эргэлтэд оруулах асуудлыг хөндөн ярилцлаа. Уулзалтад Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар оролцлоо.

“Засгийн газар газрыг эргэлтэд оруулахтай холбоотой хоёр хуулийн төсөл санаачилж, УИХ-д өргөн барьсан. Ойрын өдрүүдэд батлагдана. Далд байгаа боломж, баялгаа эргэлтэд оруулах нь энэ уулзалтын зорилго. УИХ-аар хууль хэлэлцэгдэхээс гадна Засгийн газар, нийслэлийн хэмжээнд Яармаг тойрсон газрыг асуудлыг шийдвэрлэх шийдэл хайя. Үе үеийн Нийслэлийн Засаг дарга нар Яармаг орчинд газар хуваарилаад дууссан, нэмж олгох боломжгүй гэдэг ч тэнд бүтээн байгуулалт хийгдэхгүй, газар эргэлтэд орохгүй байна. Энэ асуудлыг зөв шийдвэрлэж чадвал бусад газраа эмхэлж цэгцлэх туршлага болно” гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг уулзалтын эхэнд хэллээ.

Газрын гэрчилгээгүй, салбарын сайдын шийдвэр гараагүй байхад их хэмжээний газрыг тойруулан төмөр хашаа татсан зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, цэгцлэх нь зөв гэж үзэж буйгаа БОНХАЖ-ын сайд хэллээ.

Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу тус яамны мэргэжилтнүүд Яармаг, Зайсангийн чиглэлд шалгалт хийхэд хууль бусаар газар эзэмшсэн 130 гаруй аж ахуйн нэгж байна. Мөн газрын татварт нэг ч төгрөг төлөөгүй, хоёр жилд бүтээн байгуулалт хийгдээгүй, эргэлтэд оруулаагүй компаниуд ч байна. Тиймээс Яармаг орчмын газрыг эргэлтэд оруулах энэ асуудлыг эрчимжүүлэх шаардлагатай гэж Ерөнхий сайд үзэж байгаа юм.

Хотын захиргаа 2012 оноос Яармаг орчимд нэг ч га газар олгоогүй. Хууль бус 47 газрын эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргасан. Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээгээр олгогдох газрыг Дүүргийн Засаг дарга олгосон, хуульд заасан хоёр жилд ажлаа эхлүүлээгүй зэрэг шалтгаанаар ийм шийдвэр гаргасан ч захиргааны хариуцлагагүй үйлдлийн төлөө иргэн, аж ахуйн нэгжийг хохироож болохгүй, хууль зөрчсөн албан тушаалтныг эхэлж шалгуулах ёстой гэж шүүх үзсэн гэж нийслэлийн Засаг дарга хэллээ.

Газрын тухай хуулиар хоёр жилийн дотор эзэмшиж буй газар дээрээ хөрөнгө оруулалт хийхгүй, үйл ажиллагаа явуулахгүй бол хүчингүй болгох заалттай. Аж ахуйн нэгжүүдийг энэ заалтыг зөрчлөө гэж үзэхэд хэцүү. Барилгын зөвшөөрөл авах, зураг төсөл хийлгэх зэрэг захиргааны хүнд суртлын хариуцлагагүйгээс хугацаа алддаг гэж Засаг дарга тайлбарласан юм.

Яармаг орчимд нэг ч ам метр талбай үлдээгүй хуваарилагдсан, хууль бус газрыг хүчингүй болгох боломжгүй, иргэн, аж ахуйн нэгж газраа авчихсан ч бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хийдэггүй. Ийм мухардмал байдлаас гарах хэрэгтэй. Ингэхдээ ил тод нээлттэй, авлига хээл хахуульгүй, газрын наймаагүй ажиллах зарчим баримтлах ёстой гэдгийг Ерөнхий сайд хэллээ.

Газрын гэрчилгээ авчихсан хуулийн этгээдэд эхний ээлжинд тэр газраа албан ёсоор өмчлөх бололцоог олгоё. Засгийн газраас нэг га газрын суурь үнэлгээг зах зээлийн ханшаар тогтоож, иргэн аж ахуйн нэгж төлбөрөө төлөөд эрхээ авдаг зарчимд шилжих нь зүйтэй гэж Засгийн газрын тэргүүн үзэж байна. Энэ нь газартай ч юм шиг, үгүй ч юм шиг байгаа аж ахуйн нэгж, компаниудад ашигтай, газар нь хууль ёсны болно. Харин Яармагийн дэнжид сургууль, эмнэлэг, байр орон сууц, хороолол барих зэрэг төр засгийн холбоотой хөтөлбөрт энэ зарчим үйлчлэхгүй байхаар зохицуулах нь зөв гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Улаанбаатар хотоо хөгжүүлэх, газраа эдийн засгийн эргэлтэд зөв оруулахын төлөө тууштай ажиллана гэдгээ Ерөнхий сайд илэрхийлээд үүний төлөө БОНХАЖЯ, Хотын захиргаа зоригтой шийдвэр гаргах, аж ахуйн нэгж, иргэдэд хөрөнгө оруулах, үйл ажиллагаа эрхлэх бололцоо олгох, бодлогын дэмжлэг, шийдвэрлүүлэх асуудлаа Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн ажлаа шуурхайлахыг үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ө.Энхтүвшин: Тавантолгойг хэлэлцмээр байна, ажлын хэсэгт нь голдуу эсэргүүцсэн бодолтой хүмүүс байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалт нэлээд урт дараалал байна. Тухайлбал, өнгөрсөн баасан гаригт хэлэлцэх ёстой байсан ч хойшлогдсон Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл, Цагдаагийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд,Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Шүүх байгуулах тухай /шинэчилсэн найруулга/-ыг хэлэлцэх юм.

Чуулган хуралдаан эхлэх үеэр Ө.Энхтүвшин гишүүн “Тавантолгой”-н төслийг хэзээ хэлэлцэх вэ. УИХ-д өргөн барьснаас хойш сар илүү хугацаа өнгөрлөө. Засгийн газар нь УИХ-аар хэлэлцэж өгөөч гээд өргөн барьсан байгаа. УИХ дээр ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт голдуу “Тавантолгой”-г эсэргүүцэх бодолтой хүмүүс багтсан байгаа. УИХ-аар хэлэлцүүлээд төслийг дэмжих, үгүйг нь шийдмээр байна. Бид асуудлаа шийдэж чадахгүй болохоор хүссэн хүн бүхэн үүн рүү өөр өөрийнхөө саналыг дур дураараа хэлж байна. Л.Эрдэнэчимэг нь дахин тендэр зарлана гээд мэдэгдэл хийж давхиад байгаа” гэв.

Түүний асуултад УИХ-ын дарга З.Энхболд “Тавантолгой”-н төслийг нууцаар хэлэлцэнэ. Та нууцаар хурдан хэлэлцье л гэж яриад байна. “Тавантолгой”-н асуудалд хандаж байгаа нь сайн хэрэг. Олон түмэн саналаа хэлж байг. Болохгүй юм байхгүй. Ажлын хэсэг ирэх долоо хоногт “Тавантолгой”-н төслийг хянасан дүгнэлтээ оруулж ирэх байх” гэв.

Одоо УИХ-ын чуулганы хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэн байна.

Categories
гадаад мэдээ

Тэрбумтан Жэк Маны залууст өгч байгаа зөвлөгөө

Хятадын тэрбумтан Жэк Ма залуу үеийнхэнд хандаж өөрийнхөө туршлагаас зөвлөсөн байна. Тэрбээр Өмнөд Солонгост болсон уулзалтын үеэр залуус хэрхэн ажиллаж,амьдрах ёстойг ийнхүү зөвлөгөө өгсөн аж.

-Алдаа хийхээс бүү ай. Алдаа болгон чамд үнэлж баршгүй хөрөнгө болж үлдэнэ.

-20 нас хүртлээ маш сайн сурагч бай. Энэ насанд сурахаас өөр ажил байхгүй.

-30 нас хүртлээ хэн нэгнийг дага. Хэрвээ том компанид ажиллавал ажил хийх арга барилд суралцана. Чи нэг том машины нэгээхэн хэсэг л болно.

-Харин жижиг компанид ажиллавал чи мөрөөдөлтэй, хийх бүтээх эрмэлзлэл, тэмүүлэлтэй болно. Маш ихийг сурна.

-30 хүрэхээсээ өмнө ямар компанид ажиллахаасаа илүү ямар удирдагчийг дагах нь маш чухал асуудал. Сайн удирдагч чамд ихийг сургана.

-30-40 насандаа өөрөөсөө “би өөрийнхөө төлөө ажиллах цаг болсон уу?” гэж асуу. Үнэхээр бизнесмэн болъё гэж бодож байвал.

-40-50 насандаа өөрийн хамгийн сайн чадах зүйл дээрээ төвлөрч ажилла. Олон юм руу ороод хэрэггүй, ингэхэд дэндүү оройтсон байх болно. Энэ насанд хэрхэн хамгийн сайн чадах зүйл дээрээ төвлөрөх тухай бод.

-50-60 насандаа зөвхөн залуу үеийнхний төлөө ажилла. Яагаад гэвэл тэр үед залуус чамаас илүү хийж, ажиллаж чаддаг байх болно. Тэдэнд хөрөнгө оруул.

-60 наснаас хойш зөвхөн өөртөө санаа тавь. Наран шарлагийн газар хэвтэж байх нас.

-25 насандаа санаа зоволгүйгээр хангалттай их алдаа хий. Унаад босоод, унаад босоод л бай. Зүгээр л зугаац.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Болдбаатар: Халхын Өндөр Гэгээн ер бусын авьяас билэгтэй хүн байсан. Түүний бие сэтгэл ухаанд цогцолсон авьяас дэлхийд ховор үзэгдэл

Халхын анхдугаар Богд, соён гэгээрүүлэгч, Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ой энэ онд тохиож байгаа. МаргаашӨндөр Гэгээн Занабазар: Амьдрал өвсэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордны Хурлын их танхимд болох юм. Уг хурлын гол илтгэлийг тавих шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн ухааны доктор, академич Ж.Болдбаатартай ярилцлаа.

Өндөр Гэгээний 380 жилийн ойг угтсан олон ажил зохиогдож байна. Маргааш болох олон улсын их хуралд та ямар илтгэл тавихаар бэлдээд байна вэ?

-“Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын улс, төрийн үйл ажиллагаа” гэсэн илтгэл тавина.

Өндөр Гэгээн Занабазарыг тухай тухайн үедээ янз бүрээр л тодорхойлсоор ирсэн байдаг?

-Халхын анхдугаар Богдыг насанд хүрэх үед Түшээ хан Гомбодорж, Сэцэн хан Шолай, Ойрадын Эрдэнэбаатар хунтайж зэрэг Халх, Ойрадын улс төрийн хашир зүтгэлтнүүд хан хорвоогоос хальж, тэдний оронд цөс зориг ихтэй, баахан тавьтар муутай залуу ноёд гарч ирсэн байдаг. Тэд улс үндсээ бодохоосоо илүү, хувийнхаа эрх ашгийг дээгүүр тавьж, бие биендээ эр бяр, сүр хүчээ үзүүлэхийг илүүд үзэх болсон. Ийм үед Өндөр гэгээн Занабазар тэднийг монгол түмний язгуур эрх ашгийн үүднээс аль болохоор эвлэрүүлэн эвсүүлэх бодлого, үйл ажиллагаа явуулах болсон. Тухайлбал, Монголын бурханы шашны тэргүүний хувьд улс төрийн эл хэрэгт өөрийн эрхгүй татагдан орсон. Харийн түрэмгийлэл нүүрлэн ирсэн үед Өндөр гэгээн шашин номын дор эелэлдэн нэгдэж, найртай сайхан харилцаатай байхыг номлон, төрийн хос ёсны уламжлалыг Монгол хаадын бодлогод шингээхийг эрмэлзэн хичээж ирсэн. Их гэгээнтэн улс орны дотоод эв нэгдлийн төлөө санаа тавиад зогсоогүй хөрш зэргэлдээ улсууд, дэлхийн томоохон шашны төвтэй холбоо тогтоож, найрсаг харилцаатай байхыг эрхэмлэж байсан юм билээ.

Түүнийг лам хүн байсан гэдгээр нь хүлээж авах нь олонтаа. Гэтэл Өндөр гэгээн төрийн чухал үйл явдлуудад оролцож байсан?

-Гэгээнтний Монголын нийгмийн улс төрийн амьдралд гүнзгий оролцож эхэлсний том баримт 1686 оны улаан барс жилийн намар Загбайдрагийн Хүрэн бэлчирт болсон Халх, Ойрадын чуулганд өөрийн биеэр заларсан явдал юм.

Загбайдрагийн Хүрэн бэлчир гэдэг нь?

-Энэ нь одоогийн Баянхонгор аймгийн Заг сумын нутаг юм. Тус чуулганд оролцсон Манжийн Энх-Амгалан хааны элч төлөөлөгчөөс бурханы шашны их номын гурван орны их хүн Далай лам Банчин Богд, Халхын Богд Жэвзүндамба хутагт Занабазар гэж мэдэгдээд Өндөр гэгээнийг онцгойлон үзэж, Өндөр гэгээнд “Их хадаг долоо, хаш эрдэнэ шигтгээтэй суулга, хас эрдэнэ аяга, шүрэн эрхи, алтан эмээл, мөнгөн завъяа цай, торго тэргүүтнээр хишиг хүртээгээд Богд Жэвзүндамба хутагтыг чуулган эхэнд хүндэтгэлтэй суулгах хэрэгтэй” хэмээгээд “Чуулган халх монголын нийтээр эвсэн зохицож, эв найрыг хойш цаашдаа хэрхэн сахих тухайд их ёсны сургаалыг айлдаж, олон санаа бодолт төрийг тогтоох шашныг дэлгэрүүлэх үйлсэд чиглүүлэх” зарлиг буулгасан. Хүрэн бэлчирийн чуулган нь Манжийн төрийн хяналт заавраар хийгдсэн, цаад зорилго нь 1640 онд Монгол-Ойрадын чуулганы шийдвэрийг хүчингүй болгох, Халхын ноёдын хямралыг Манжид ашигтайгаар намжаах алхам хийх, Халхыг Зүүнгар хаант улсын эерэг тавих зорилт бүхий байсан юм гэж Монгол Улсын албан ёсны түүхэнд үздэг. Хэдий тийм боловч, Монголын язгууртан ноёд, ялангуяа Өндөр гэгээн Занабазар Манжийн эрх баригчдын цаад санааг сайн мэдэж байсан болохоор өөрийн өршөөлт эцэг Түшээт хан Гомбодоржийн эерүү зөөлөн бодлогоор Манжийн түрэмгийллийг хязгаарлах гэсэн холын санааг гүйцэлдүүлэх чиг барьж байсан. Гэтэл Галдан бошигт нэг талаас Өндөр гэгээн Занабазарыг Далай лам, Банчин Богдтой эн зэрэгцээ өргөмжилсөнд хорсч, нөгөө талаас түүнийг Манжийн эрх баригчидтай ойртон сүлбэлдэж эхэллээ гэж хардаж, шууд дайсагнах бодлогод шилжсэн гэж үздэг.

Өндөр гэгээнийг Манжийн эрх баригчидтай ойрхон байсан нь түүнийг урвагч хэмээн дуудахад нөлөөлсөн гэж үзэх нь бий?

-БНМАУ-ын нэгэн боть, гурван боть зохиолын II боть, “Монгол цэргийн түүхэн товчоон” зэрэгт Түшээт хан Чахундорж, Өндөр гэгээн Занабазар нарын урвамтгай байр сууриас болж, Монгол тусгаар тогтнол алдагдсан хэмээн голлон буруутгаж бичиж ирсэн. Тухайн үеийн түүхэн нөхцөл, оюунлагийн түвшин, гадаад, дотоод олон хүчин зүйлүүдийг сүлжилдүүлэн барилдуулж, харилцан шүтэлцээтэй авч үзэж байж үнэн зөв гаргалгаа хийх боломжтой болсон л доо. Тухайлбал, Засагт ханы ширээний төлөө тэмцэл бол Халхын дотоод асуудал байсан. Түшээт хан Чахундорж Эзэн богд Чингэс хааны буюу Халхын голомтыг сахиж байгаагийн хувьд зохицуулахыг оролцохоос өөр аргагүй байсан. Засагт ханы хан ширээний төлөө тэмцэлд Галдан бошигт оролцсон нь нэгэнт Ойрад тусгаарлаж, Зүүн гарын хаант улс болон хүчирхэгжсэн болохоор нэг улс нөгөө улсынхаа дотоод хэрэгт хөндлөнгөөс хутгалдан оролцсонтой адил хэрэг болсон. Галдан бошигт худ ураг болсныхоо хувьд Засагт ханд чин сэтгэлээсээ туслах санаа агуулсан бол Түшээт ханы цэргийг нутгаас нь шахан гаргаад, өөрийн талын хүнээ хан ширээнд залж, хэрэг зоригоо гүйцээгээд Түшээт ханы нутгийн гүн рүү өнгөлзөхгүйгээр цэргээ татан авах боломжтой байсан. Галдан бошигтын бодлого эхнээсээ явцгүй байсныг түүний цэргийн жанжин Данжилийн хэлсэн үг нотолдог. Галдан бошигт хаан Халхыг нэгтгээд монголчуудыг нэгэн хааны туган доор тусгаар байдлаа хамгаалах зорилготой байсан гэсэн дүгнэлтийг өнгөцхөн харвал зөв мэт боловч, Монголын алтан ургийн ноёд, язгууртнууд бусдыг хаан төрийн хэрэгт хошуу дүрэхийг хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй түүхэн сургамжийг харгалзан үзэхгүй байх аргагүй юм.

Халх, Ойрадын дайнд Түшээт хан Чахундорж ялагдал хүлээж, төрөлх нутгийнхаа хил хязгаараас халин гарахаас аргагүйд хүрсэн. Түшээт хан Хөл хэмээх газар түр байзнаад, тэндээсээ говийг өнгөрч, Сүнидийн хилд суугаа Өндөр гэгээний хойноос хүрч очсон билээ. 1688 оны намар Галдан бошигтод хөөгдөн шахамдсан, нөгөө талаар Энх-Амгалан хааны зүгээс хяхан хавчсан хүнд бэрх нөхцөлд Сүнид аймгийн нутгийн хойд зах Ар элстэй гэдэг газар Түшээт хан, Сэцэн хан, Жибзундамба тэргүүтэй Халхын хаад хутагт, ноёдын чуулган болсон. Энэ нь 1640 оны Эл Тарвагатай, 1686 оны Хүрэн Бэлчирийн чуулганы дараах гурав дахь удаагийн чуулган байсан гэдэг.

Ер нь Оросыг түших нь тухайн түүхэн нөхцөл, улс төрийн эгзэг, газар зүйн байрлалын хувьд аль ч талаар боломжгүй болсон байдаг. Учир юу гэвэл Түшээт хан Чахундорж, Өндөр гэгээн Занабазар нарыг Манжийн аманд шахаж оруулсан Галдан бошигт их Орос улстай хэдийнээ тусламж авах хэмжээнд сайн харилцаатай болсон, түүнчлэн газар нутгийн асуудлаас болж, Түшээт хан Оросын талтай хэд хэдэн удаа мөргөлдөн дайсагналцсан явдал. Эцэст нь анхдугаар Богд гэгээний зөвлөмжөөр Манжид дагаар орох шийд гаргасан нь Орост дургүйдээ биш түүхэн нөхцөл байдал, ирээдүйг зөв ухаарсных байсан.

Урвах, дагаар орох хоёр өөр ойлголт биз?

-Сэтгэл буруулан шууд урвах, шашин, үндэс нэгтэй өрсөлдөгчдөө шахагдан харийн нутагт орж амь хорогдон, эвшээсэн нум, чичилсэн сэлэмний дор дагаар орох хоёр ойлголт хоорондоо эрс тэс өөр болох нь хэнд ч тодорхой л доо. Халхчуудын хувьд шашин төрийн хамгаалалт эрж дагаар орсон хэрэг байсан.

Өндөр Гэгээн Занабазарын тухай, түүний намтрыг тэмдэглэн үлдээсэн нь тун чиг ховор. Тэрээр чухам ямархуу хүн байсан бол оо, ааш зангийн хувьд?

-Их ламтныг нүдээрээ харж, биеэр уулзсан франц гэлэн Жан Жербиллон энэ талаар тэмдэглэн үлдээсэн байдаг. “Монголчууд нэлээд туранхай юм. Харин Өндөр гэгээн махлаг, тарган амгалан нигууртай хүн байна. Энэ хүний үг монголын төрд их үнэтэй байна” гэдгийг тэмдэглэсэн. Өндөр гэгээн маш даруухан хүн байсан. Шавь нар нь намтрыг нь бичих гэж янз бүрээр оролдсон байдаг л даа. Зая Бандид намтрыг нь яриулах гээд хэд хэдэн удаа оролдоход бултаад ерөөсөө яриагүй гэдэг. “Манжийн хааны дэргэд боов идэж, ууснаа ярихгүй юм бол өөр ярих юм байхгүй” гээд өөрийнхөө тухай хэлдэггүй байсан юм билээ. Маш их даруухан, ухаалаг хүн байсан учир өөрийнхөө намтрыг ярьдаггүй байсан гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг.

Гэгээнтэн Манжийн ЭнхАмгалан хааны итгэлийг ихэд хүлээсэн зөвлөгч нь байсан гэж түүхэнд дурдагддаг?

-Энх-Амгалан хаан Өндөр Гэгээний эрдэм номд бишрээд олон удаа ухааныг нь сорьж үзээд өөрийнхөө номын багш төдийгүй улс төрийн зөвлөх болгосон. Иймэрхүү нөхцөлд халх руу явуулах бодлогыг эерэгээр зөөллөж байсан хүн бол Өндөр гэгээн Занабазар. Түүнийг Энх-Амгалан хаантай ойр байсны хүчинд Монголыг хараат түшмэг байдалтай үзэж, өөрийн нь хуулиар захирах, их Чингэс хааны алтан ургийг хүндэтгэж, улс төрийн хүрээлэлд Монгол ноёдыг Манж нарын дараагаар оруулах, монгол хэлийг төрийн албан ёсны хэлний нэгэнд үзэж, худам монгол бичгийг бинт дусал нэмэн манж бичиг болгон авч хэрэглэх, Монголын хил хязгаарт хятад хүн үл суурьшуулах, монгол эхнэр авахыг хориглох зэрэг эерүү бодлого явуулж байсан нь Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын нөлөө, шууд оролцоотой холбоотой байсан юм. Ийнхүү Анхдугаар Богд гэгээн бол монгол түмний эе эвийг ном, билгүүний увидсаар номхруулахын төлөө ухаанаа чивчрүүлж, насыг зарсан улс төрийн гарамгай зүтгэлтэн, хүнлэг, нигүүлсэнгүй эх оронч үзэл, үйлдлэгээрээ нийгмийн амар амгалан байдлыг төвшитгөхийн тул чин зүтгэл, сэтгэл зүрхээ харамгүй зориулсан аугаа их, хүмүүнлэг нигүүлсэнгүй хүн байсныг баримт сэлт нотолж байгаа юм.

Занабазар гэгээнтний урлагт оруулсан хувь нэмэр хэмжээлшгүй. Түүний бүтээлүүдийг дэлхийн сонгодгуудын тоонд оруулдаг?

-Урлаг, соёлд гарамгай үүрэг гүйцэтгэсэн хүн шүү дээ. Нэг хүний бие, сэтгэл, ухаанд ийм их авьяас цогцолно гэдэг ховор үзэгдэл. Зөвхөн Монголд төдийгүй дэлхий дахинд энэ нь маш ховор үзэгдэл юм. Тодорхой, тодорхой асуудлаар хүмүүс нээлт хийдэг. Гэтэл Занабазар ер бусын авьяас билэгтэй хүн байсан. Сүм хийдүүдийг барьж байгуулахдаа гэр маягийн уран барилгыг үндэслэсэн. Өөрөө инженерийн тооцооллыг нь хийдэг байсан. Мөн Монголд монгол уран зургийн дэг сургууль, түүн дотроо зураасан зургийн дэг сургуулийг үндэслэсэн. Энэ хүн их сэтгэгч. Монголчуудын эв нэгдлийг бэлгэдсэн Жанлавцогзол номыг бичсэн. Мөн буддын шашны гүн ухааны “Маанийг бүтээх арга” хэмээх бүтээл бичсэн. Монголчуудын үндэсний эв нэгдлийг хангах чиглэлээр сонирхолтой санаанууд дэвшүүлсэн. Бас нэг том зүйл нь соёмбо үсэг бий болгосон. Бусдаас зээлдсэн гэж зарим нь хэлдэг ч монгол хөрсөнд буулгаж сэтгэсэн хүн. Буддын шашны ёс заншил, уншлага, жаяг дэгийг Монгол хөрсөнд буулгаж, монголжуулан сэтгэсэн.

Түүнд Гэгээн гэх цолыг хэзээ олгосон байдаг юм бэ?

-Монголын Бурханы шашны тэргүүнээр 1639 онд таван настайд нь залсан. Сэцэн ханыг Гэгээн Сэцэн хан гэдэг байсан. Сэцэн хан Гэгээн цолоо Өндөр Гэгээн Занабазарт өргөсөн. Ингээд Өндөр Гэгээн гэж алдаршсан. Монголын Бурханы шашны тэргүүн байсан ийм хүн л дээ. Энэ хүний нэг онцлог нь шашин урлагийн зүтгэлтэн төдийгүй улс төр, нийгмийн зүтгэлтэн байсан гэдгийг дээр ярьсан шүү дээ.

Д.САРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

С.Дулам: Францчууд бол амьдралыг яаж урлаг болгохыг мэддэг хүмүүс юм

Франц улсын Засгийн газраас шинжлэх ухааны доктор, профессор, яруу найрагч Сэндэнжавын ДуламыгЭрдмийн дал модшинжлэх ухааны дээд одонгоор шагналаа. Тус улсаас манай улсад суугаа ЭСЯ Засгийн газрынхаа эл эрхэм хүндтэй шагналыг түүнд өчигдөр гардуулав. С.Дуламтай ярилцлаа.

Францын Засгийн газраас энэ онцгой шагналыг хоёр улсын соёлын харилцаанд оруулсан хувь нэмрийг тань үнэлж хүртээж байна уу?

-Франц хэлээрээ “фальм академик” гэдэг шагнал юм. Яг махчилбал, эрдмийн дал мод гэсэн үг л дээ. Дотроо алтан дал мод, мөнгөн дал мод гэхчлэн зэрэглэлтэй юм шиг байна лээ. Зөвхөн эрдмийн хүмүүст олгодог. Миний шавь нарын нэг Алтангүль гэж франц хэлний багш бас энэ шагналыг авлаа. 1808 онд Наполеоны буй болгосон одон гэдэг юм. Их сургуулийн багш профессорууд, шинжлэх ухааны академийн эрдмийн хүмүүст олгодог одон юм билээ.

Шинжлэх ухааны салбарт зөвхөн өөрийн харилцаатай улс орнуудын эрдэмтдэд олгодог юм уу?

-Тэгж л таарч байгаа юм. Нэлээн олон жил хамтарч ажилласан хүмүүст олгодог байх. Миний хувьд 1985 онд тэндэхийн хэл иргэншлийн дээд сургуульд нь багшаар уригдаж очоод тэр үеэс Монголыг судалдаг Францын эрдэмтэдтэй холбоо тогтоож ажилласан.

Та Францад Монголын соёлын лекц олон жил тавилаа. Гол нь юу байсан бэ?

-Миний гол лекц бол өөрийнхөө судалдаг монгол соёлын бэлгэдэл зүй, Монголын домог зүй, бөө мөргөл гэсэн хэдэн чиглэлийг голлодог юм. Тэгээд ер нь хамрахгүй зүйл байхгүй дээ. Сүүлийн үед францчууд монгол соёлоос идээ ундааны соёлыг их сонирхож байна. Миний хамтарч ажиллаж байгаа Франсуа Раблегийн нэрэмжит Турын их сургуульд ЮНЕСКО-гийн түшиц тэнхим гэж байдаг юм. Францчууд бол идээ ундааны соёлоороо дэлхийд бараг тэргүүлдэг, түүнээ ЮНЕСКО-д бүртгүүлсэн байгаа юм. Тэгэнгүүт ЮНЕСКО-гийн түшиц тэнхим байгуулаад, тэндээ дэлхийн олон угсаатны соёлыг бас сонирхож судалдаг. Энэ талаар бас өнгөрсөн намар очиж лекц уншаад ирсэн. Би Турын Их сургуулийн ЮНЕСКО-гийн тэнхимийн гадаад гишүүн нь гэж явдаг юм. Тэд чинь их глобал юм судалдаг хүмүүс шүү дээ. Түүн дотроо ерөөсөө л давтагдашгүй өвөрмөц ямар соёл байна түүнийг л судалдаг.

Манай соёл иргэншлийг ер нь хэрхэн хүлээж авах юм. Ойлгох юм уу?

-Юу ярина вэ. Одоо бол тэнд яг Монголын халуурал болж байгаа. Нэг удаа дэлхийн номын яармаг гэж боллоо л доо. Тэнд би лекц уншихаар очоод байв. Ёстой л дэлхий шиг ном дэлгэчихсэн байдаг юм байна лээ. Олон улс орнуудын павильонууд гарчихсан. Тэр дотор өдөр шөнөгүй хамгийн олон хүн шавсан нэг асар байсан нь Монголын асар байсан. Ерөөсөө л өдөр шөнөгүй хүмүүс шавчихсан. Монголын тухай ном, тэнд болж байгаа лекцийг алдана гэж байхгүй. Тэгээд энэ юу болж байна вэ гэж нэг найзаасаа суусанд “Монголын халуурал болж байна” гэж хариулж билээ. Би ч их гайхсан. Тэгээд аль хэр удаан үргэлжилдэг халуурал юм дээ, халуурал гэдэг чинь тэгсгээд л намждаг биз гэсэнд “Энэ ямар ч байсан арван жилтэй” гэж байгаа юм. Ер нь энэ бол гадаадад Монголынхоо соёлыг сурталчлах боломж юм шүү.

-Юуг сонирхож асуудаг вэ?

-Хамгийн гол асуудаг юм нь бол манай Монголын бэлгэдэлт соёл. Маш их сонихрдог юм. Энгийн жишээ хэлэхэд, ямар нэгэн идээ ундаа европчуудын хувьд тийм ч айхтар бэлгэдэлт шинжтэй байдаггүй юм байна л даа. Гэтэл манайд бүх юм бэлгэдэлтэй. Сүү, тараг, бяслаг, бүрээзгий хүртэл бэлгэдэлтэй. Мах шүүс гэхэд л ясныхаа эрэмбээрээ бэлгэдэлтэй. Ямар хүнд ууц тавьдаг юм, ямар хүнд дал дөрвөн өндөр өгдөг юм, ямар хүнд богцог чөмөг өгдөг ямарт нь өгч болдоггүй вэ гэхчлэн бэлгэдэлтэй байх жишээтэй. Энэ бүгдийг маш их гайхаж, энэ бол үнэхээр гайхалтай соёл юм байна гэж үздэг.

-Монгол хүний бэлгэдлийн сэтгэлгээг ойлгоход ер нь амаргүй шүү дээ. Төвөгтэй. Тийм юмыг европчууд ойлгодог гэж үү?

-Ямар ч л байсан маш их сонирхдог. Ийм юм хорвоо дэлхийд бас байдаг аа. Үнэхээр соёл юм аа, дээд эрэмбийн соёл юм аа л гэж хэлж байгаа юм.

Гэтэл энэ бэлгэдлээр юманд ханддаг нь зарим талаар урагшлахад саад болж ирсэн талтай юм биш үү дээ?

-Яалаа гэж. Одоо орчин үед бол харин ч их хэрэг болно гэж би харж байгаа. Дөнгөж саяхан соёлын бүтээлч үйлдвэрлэл гэж маш том форум боллоо. Дэлхийн томоохон мэргэжилтнүүд ирлээ. Тэд нэг л зарчим дээр нэгдээд хэлж байна. Танай монголчууд соёлоо бүтээлч үйлдвэрлэл болгох маш их нөөц бололцоо байна. Танай соёлын өв бол үнэхээр гүн зузаан байна. Энэ гүн зузаан соёлоо хадгалж хамгаалаад, тэндээсээ соёлын контент гаргаж дэлхийн зах зээлд гаргаж чадвал энэ л танай хөгжлийн нэг том гарц болохоор байна. Ирээдүйд үүгээрээ хөгжих бүрэн боломж байна гэж хэлж байгаа юм л даа. Энэ юу вэ, цөмөөрөө бэлгэдэл шүү дээ.

Контент болгох гэдгийг жишээ нь та хэрхэн харж байна вэ?

-Өөртөө хамгийн ойрхон зүйлээр жишээлэхэд, манайд баатарлаг тууль гэхэд л хамгийн хураангуй багаар бодоход 250 гаруй, цааш нь дэлгэрүүлбэл 400 гаруй тууль байна. Үлгэрүүд гэвэл хэдэн арван мянгаар ярина шүү дээ. Энэ чинь л нөгөө соёлын бүтээлч үйлдвэрлэлийн түүхий эд нь юм шүү дээ. Аж үйлдвэр түүхий эдгүйгээр урагшаа явахгүй биз дээ. Тэгэхээр соёлын аж үйлдвэрийн түүхий эд нь энэ байж байна. Мэдээжээр, урьдын хуучин цагт хүүхдэд үлгэр уншдаг хэлбэрээр биш шүү дээ. Боловсруулаад соёлын контент болгоод, орчин үеийн баатруудыг бүтээж одоогийн хүүхэд багачуудын сайн мэддэг майнкрафт гэх мэтийн оронд нэвтрүүлэх боломж байгаа байхгүй юу.

Таны судалгааны нэгэн салаа мөчир болох бөө мөргөлийн судалгаа Европоор тэгэхдээ эрдэм судлалын хүрээнд түгчихсэн. Гэтэл сүүлийн жилүүдэд манайд хүмүүс олноороо бөө болж, тэднээс тусламж хүсэх нь олон нийтийн сэтгэл зүйн бас нэг өрөвдмөөр үзэгдэл болтлоо хүрээгээ тэллээ шүү дээ. Та хэлээч, нийгмийн чухам ямар үед нь ийм үзэгдэл хүрээгээ хүчтэй тэлдэг юм бэ?

-Юуны өмнө, оюун санааны чөлөөт байдал дэлгэрмэгц хүн юу хүсч бодсоноо илэрхийлдэг ийм цаг үед урьд нь хориотой байсан бүх юм дэлгэрч байгаа тал бий. Бас арилжааны тал нь давамгайлаад энэ үзэгдлийг өөрийг нь таньж мэдээгүй, ойлгоогүй сайн мэдэхгүй тохиолдлыг ашиглаж нэг хэсэг хүмүүс ашиг хонжоо олж байгаа. Ашиг хонжоо олж байгаа юм дэлгэрдэг жамтай шүү дээ. Тийм дэлгэрэл болж байгаа юм. Намайг яг судалгаагаа явуулж байсан ерээд оны үе бол хуучин цагийн уламжлалт, удам судар, ёс заншлаа баримталдаг тэр хүмүүс хараахан тэнгэртээ халиагүй байж байсан үе. Тэр хүмүүс бол яг уламжлалт соёлоо хадгалж байсан. Социализмын үед бурууддагаа буруудаад шорон оронгоор ороод зарим нь нууц байдалдаа гэр бүлийнхээ хүрээнд байсан. Энэ нь жинхэнэ нөгөө мөргөл гэдэг нь байсан юм.

Монгол, Францын соёлын харилцаа одоо ямар түвшинд, ямархуу чиг баримжаатай байгаа вэ?

-Монгол Францын харилцаа бүр дундад зууны үеэс, XIII, XIV зууны үеэс эхэлснийг хүмүүс мэднэ. Шашны элч нар Гильом Рубрук, Плано Карпини, за тэгээд олон хүн мэддэггүй юм даа, 1944 онд Монголд ирсэн эцэг Юк гэдэг хүн байна. Энэ хүмүүсийн Монголын тухай бичсэн ном зохиолууд нь тухайн үед гарсан. Миний бодлоор, Францын монгол судлал сүүлийн жилүүдэд олон чиглэлээр задарч салаалж хөгжиж байна. Жишээ нь, зөвхөн хөөмий, дан морин хуур, монгол хөгжим гэхчлэн бүр ингэж дагнаж судалж байна. Кортис гээд нэг залуу байдаг юм. Тэр зөвхөн хөөмий судалдаг. Ховдын Чандманьд очоод нэг хөөмийчнийг багшийгаа болгоод л, тэднээс яг л Алтайн их урсгалт голуудын хөвөөнд суугаад чимээг нь чагнаж, яаж хөөмий сурдаг номтой юм түүгээр нь хөөмийлж сурч байх жишээтэй. Түүнээ маш шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэдэн янзаар солонгоруулаад л. Монгол эхнэртэй. Ийм монгол судлаачид нэлээд бий. Миний найз Изабель Бианка бол Францын дарс судалдаг хүн л дээ. Дарсны соёл судалдаг. Монголд ирээд айрагны соёл судалж байх жишээтэй. Анх бид тэгж танилцсан юм. Хорин хэдэн удаа ирсэн. Нэг юм барьж авахаараа тэгж нарийн тууштай судалдаг хүмүүс л дээ. Ер нь Франц орон бол бүхэлдээ дэлхийн урлаг соёлын төв шүү дээ. Наад захын жишээ хэлэхэд, Парист урлагийн 800 галерей байна. Дэлхийн бүх өнцөг булан бүрийн уран зураачдын бүх төрөл урсгалын бүтээлийг бүгдийг нь хадгалж байдаг газар. Ер нь францчуудыг энгийнээр тодорхойлбол, энэ зовлонт амьдралыг урлаг болгож амьдардаг хүмүүс. Жирийн нэгэн метроны цэвэрлэгч байлаа гэхэд тэр ажлыг ямар их баяр баясгалантай хийнэ гээч. Дуугаа аялаад, хүн болгонтой мэндлээд, бараг хажуугаар өнгөрсөн хүн алив наад шүүрээ надад өгөөдөх, би наадахыг чинь нэг хийгээд үзмээр байна гэтэл нь хийдэг. Ямар ч ажил бай тэгж хийдэг хүмүүс. Ямар ч бэрхшээл зовлонг яаж баяр баясгалан болгож хувиргахыг мэддэг, амьдралыг яаж урлаг болгохыг, цай ууж, хоол идэхийг яаж урлаг болгох вэ гэдгийг мэддэг хүмүүс юм даа.

Сонин хүмүүс юм?

-Ер нь их сонин хүмүүс шүү дээ. Орон дээрээ дээшээ хараад толгойгоо салаавчлаад, хийх ажилгүй юм шиг хэвтэж байсан нэг залуу гэнэт ухасхийж босоод л үүргэвчээ үүрээд би дэлхийг тойрно гээд гарч мэднэ. Биднийхээр бол, энэ ч худлаа даа гэж бодмоор, гэтэл тэр нь үнэн л байдаг. Дэвид Нилл гэж Парист төрж өссөн бүсгүй хорин гуравхан насандаа XIX зууны сүүл юм уу XX зууны эхээр билүү дээ, Түвдийг судална гээд гараад л явсан. Нүүр амаа будаад гуйлгачин чавганцын дүртэй болчихоод Түвдээр хөндлөн гулд явсан байдаг. Судлаад өчнөөн ном бичсэн. Ном нь манайд орчуулагдсан байх аа. Тэр бол Түвдийг судалсан Европын бараг анхны эрдэмтний тоонд орно доо. Түвд хэл, заншил бүх юмыг нь судалчихсан.

Таны хамгийн ойр нөхөрлөж яваа ямар хүмүүс байна. Монгол нутгаарх аяллын сонин хачин цөөнгүй л байлгүй?

-Изабель Бианка гэж Турын их сургуулийн профессор байна. Хүндэт легионы одонтой. Тэр хүн бол миний хамгийн ойр дотнын хүн дээ. Бие биеэ харцаараа ойлгодог. Энэ хүн миний тухай ном хүртэл бичсэн.

Саяхан байх аа?

-Өнгөрсөн 2013 онд хэвлэгдсэн юм.

Энэ ном гадуур хэр түгсэн байдаг юм бол?

-Их сонирхолтой. Энэ ном хэвлэгдсэн даруйдаа 2013 оны Азийн утга зохиолын шагнал хүртсэн юм. 1997 онд Страсбургийн их сургуульд намайг урьж нэг лекц уншуулсан юм. Тэгээд галт тэрэгний буудал дээр үдэж өгөөд “Би ингэхэд таны тухай нэг ном бичнэ дээ” гэхгүй юу. Энэ маань сэтгэл нь жаахан хөдөлж дээ, их сайхнаар үдэж өгөх гэсэн юм байлгүй гэж бодоод дотроо мушийгаад гэх үү дээ. Миний тухай номыг хэн унших юм бэ гэсгээд жаахан тоомжиргүй хариу хэлсэн юм. Дараа нь нэг утасдсан чинь хэлж байна. “Манай Турын Их сургууль тийм муу ч сургууль биш л дээ. Нобелийн шагналтан хүртэл ажилладаг юм” гэж байна. Өө, тэгэлгүй яахав, гэсэн чинь “Манай сургууль жилд 25 төсөл шалгаруулдаг юм. Хууль, хими, физик гээд бүх мэргэжлээр. Тэр 25 төслийн тэргүүн байранд нь миний төсөл орж гэнэ ээ. Манай нэг хүн утасдаад баяр хүргэж байна” гэж байна. Би бас баяр хүргэе, яасан сайхан юм гэсэн чинь “Чиний намтрыг бичих гэж байгаа юм” гэнэ. Би бүр гайхахын ихээр гайхав. Энэ францчууд чинь зүгээр л байдаг байгаа даа, би эсвэл болохоо байчихсан юм уу гэж бодоод хэлэх ч үггүй болж билээ. Тэгээд яг энэ ажлаар хэд хэдэн удаа ирсэн л дээ. Энэ ном франц хэлтэй бүх газарт тардаг юм байна. Африкийн Мароккогоос хүртэл захиа ирж ч байх шиг. Франц хэлтэй хүмүүс ямар нэг хэмжээгээр уншдаг юм байна лээ.

Та өөрөө яруу найрагчийн хувиар Францын яруу найраг, уран зохиолоос орчуулж байгаа юу?

-Шарль Бодлер, Поль Верлений яруу найргаас хэдэн шүлэг орчуулж сонинд гаргаж байсан. Жаахан завтай сан бол би Бодлерийн ганц шүлгийн түүврийг нь орчуулаад гаргачихсан юм сан гэж бодох юм.

Та анх ямар учир шалтгаанаар монгол соёлынхоо бүр эртний судлал руу орчихсон юм бэ. Бөө ч тэгээд мөргөл шүтлэг, заншлын хэлбэрээсээ илүү сэтгэхүйн үзэгдлийнхээ хувьд оршин байгаад байх шиг. Бас домог зүй байна?

-Монгол соёлыг сайн ойлгоё гэвэл бүр эртний домог зүйгээс нь эхлэхгүй бол юу ч ойлгох боломжгүй. Тэгвэл хуурамч мэдлэг болчихно. Домог зүй судлах болсон минь багын нэг явдлаас эхтэй юм. Дунд сургуульд байхад эртний дэлхий дахины түүх гэдэг хичээл ордог байв. Манай түүхийн багш хэлсэн юм, эртний Грекийн Геракл гэж нэг айхтар баатрын долоон их гавьяа, газар тэнгэр хоёрыг мөрлөөд зогсч байдаг Амфей баатар гээд ярьсан чинь л цээжин дотор нэг юм буцлаад явчихгүй юу. Ямар гайхамшигтай юм байдаг юм бэ гээд л. Тэр нь үнэн гэж биш тэгж урнаар сэтгэж чадаж байгаа нь гайхмаар байсан л даа. Монголд маань ийм юм байдаг юм болов уу гэж байнга боддог боллоо. Тэгээд л миний оюутан байхаасаа сонирхсон сэдэв бол домог зүй. Ер нь энэ дэлхийн хүмүүнлэгийн шинжлэх ухааны олон салбар эндээс эхлэлтэй байдаг юм шүү.

Н.ПАГМА

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Ч.Хүрэлбаатар: “Өдрийн сонин”-оор дамжуулаад Монголбанкинд хэлчихье

УИХын гишүүн Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.

Өнгөрөгч баасан гаригийн чуулганаар Эдийн засгийн өршөөлийн хуулийн талаарх асуулгыг хэлэлцсэн. Таны хувьд далд эдийн засгийг ил болгох юм үлдсэн юм уу. Торгохыг нь торгоод, шалгахыг шалгасан гэж байсан. Энэ талаараа жаахан дэлгэрэнгүй ярихгүй юу?

-2013, 2014 онд нийтдээ 27 мянган аж ахуй нэгжид шалгалт хийж 17 их наяд төгрөгийн зөрчил илрүүлж, 450 тэрбум төгрөгийн татварын нөхөн төлбөр, торгууль, алданги төлүүлсэн гэдэг мэдээллийг Сангийн сайд бидэнд өгсөн. Эдийн засаг хямралтай байхад ДНБ-ийхээ хэмжээтэй бараг тэнцүү хэмжээний зөрчил илрүүлж, алданги тавьсан гэдэг нь аж ахуй нэгжүүдийг нэлээд сайн шахчихсан байна гэсэн үг. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар мэдүүлээгүй байсан хөрөнгөө ил болгох, төлөөгүй байсан татвараа төлөх боломжийг бүрдүүлж өгч байгаа учир ил болгох юм үлдсэн үү гэдгийг Засгийн газраас тодруулсан юм.

Уг хууль нь тодорхой ашиг сонирхлын хүрээнд үйлчлэх юм байна. Шударгаар татвараа төлсөн аж ахуй нэгж, иргэд яах юм гэдэг зүйл яригдаж байгаа. Улс төрчидтэй холбоотой бизнесийнхнийг хамруулах гэж байна гэсэн хардлага яваад байгаа шүү дээ?

-Надад ч гэсэн тийм хардлага бий. Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд улсын хэмжээнд 11260 аж ахуй нэгжийг хууль хүчний байгууллагууд шалгасан. Гэтэл Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийн 4.5-д эрх бүхий байгууллагын шалгалтаар зөрчил нь тогтоогдсон, хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд яваа аж ахуйн нэгжүүдийг өршөөхгүй гэсэн байна лээ. Тэгэхээр эрх бүхий байгууллага гэдэгт Татварын маргаан таслах зөвлөлийг бас оруулсан гэж ойлгож байна.

Тэгэхээр татварын маргаантай болон хэрэг бүрдэлтийн шатанд байгаа аж ахуй нэгжүүдийг үүнд хамруулахгүй гэчихээр миний хэлдгээр дахиад цаана нь хэн үлдэж байгаа юм бэ гэдэг асуудал үүснэ. Маш цөөхөн аж ахуйн нэгж л хамрагдах болж байгаа юм. Чингис, Самурай бондын зарцуулалт, Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой асуудлуудаар хэрэг үүсч амжаагүй яваа нь бүрэн өршөөгдөх юм байна гэж хараад байгаа юм. Аж ахуй нэгжүүдэд боломж олгох нь зөв гэж байгаа бол эрх бүхий байгууллагаар шалгагдаж буй байгууллагуудыг ч мөн хамруулаад явах ёстой гэж байгаа юм. Тэгвэл үндсэндээ энэ хардлага алга болчихно л доо.

Тавдугаар сар эдийн засгийн хувьд мэдээлэл дүүрэн өнгөрч байна гэж харж байна. Учир нь Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нэг тэрбум ам.долларын зээлийн шугамаа нээж байгаагаа мэдэгдсэн. Ерөнхий сайд Оюу толгой төслийн далд уурхайн төсөл дээр гарын үсэг зурлаа гээд л үргэлжилж байна. Ингэснээр Монгол Улсад валют орж ирэх боломж нээгдлээ гээд байгаа?

-Оюу толгой эдийн засагт өгөөжөө өгөөд явж байгаа аж ахуй нэгж гэдгийг бүгд мэдэж байгаа. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг 2012 оны сонгуулийн дараа бүрдсэн Засгийн газар л хааж боосоор байгаад зогсоосон. Ухаандаа өөрсдөө хааж боосоор байгаад зогсоосон зүйлээ одоо явуулж байгаа юм ш дээ. Уг нь ямар ч хэл амгүй явж л байх ёстой төсөл гэж би хардаг.

Энэтхэгийн нэг тэрбум ам.долларын зээлийн шугамын тал дээр хариулсангүй. Үүнийг ямар өнцгөөс харж байгаа бол?

-Бидэнд энэ зээлийн талаар ямар нэгэн мэдээлэл алга. Энэтхэг нэг тэрбум ам.долларын зээл амлалаа гэсэн, бас Арабад хувийн хэвшлийнхний сангийн нэг тэрбум ам.долларт гарын үсэг зурлаа гэсэн. Эдгээр мөнгөтэй холбоотой асуудлуудын талаар бүлгийн хурал дээр мэдээлэл авъя гэсэн хүсэлтээ тавьчихсан. Мэдээлэл авсныхаа дараа энэ асуудлаар ярилцвал зөв биз дээ. Харин өрийн босго бол аль хэдийнэ тулчихсан. Одоо манай эдийн засагт нэг тэрбум ам.долларын зээл орох босго байхгүй.

Гэхдээ эрчим хүч, төмөр замын зээл өрийн босгод хамаарахгүй гээд байгаа. Хэрэв энэ чиглэлээр ороод ирвэл яах юм?

-Би сая тойрогтоо ажиллаж байгаад ирсэн. Төмөр зам, эрчим хүчний салбарт авсан зээлэнд гаргасан Засгийн газрын баталгааг Засгийн газрын өрөнд оруулахгүй гэдгийг УИХ баталчихсан гэсэн. Уг нь олон улсад хэрэглэгддэг түгээмэл аргачлал, стандартаар бол Засгийн газрын гаргасан баталгаа өрөнд л орж явдаг л даа. Өөрөө өөрсдийгөө л хуураад байгаа юм. Энэтхэгийн зээлийн хувьд мэдээлэл авч байж тайлбар өгье, тааж ярих боломжгүй ээ.

Оюу толгойн далд уурхайн төлөвлөгөөн дээр Ерөнхий сайд гарын үсэг зурснаараа өөрийгөө жижигхэн харагдуулж байна гэсэн яриа гарч байх юм. Гарын үсэг зурж болохгүй байсан юм уу. Ерөнхий сайдын зүгээс энэ бол улс төр хийх зүйл биш болсон. Компанийн асуудал шүү гэдгийг мэдэгдэж байсан…

-Дахиад хэлье. Энэ чинь хэвийн явж байсан төсөл шүү дээ. Хэвийн явж байхад нь Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг Засгийн газар зогсоосон. Өөрсдөө шахаж дарамталсаар байгаад зогсоочихоод өөрсдөө дахиад эхлүүлж байгаа юм. Эрүүл саруул Засгийн газар байсан бол анхнаасаа хэл ам болохгүйгээр ажил хэрэг болгоод явах байсан юм. Их л цаг хугацаа алдлаа. Одоо далд уурхайн бүтээн байгуулалтаа явуулъя гээд хөрөнгө оруулалтын 14 банкнаас санхүүжилтээ шийдэхээр санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан гэж ойлгож байгаа.Ерөнхий сайд зураагүй биз дээ.

Эдийн засагт нөлөөлөх нөлөөлөл нь хэзээнээс мэдрэгдэх вэ?

-Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжлэхээр боллоо гэдэг нь хөрөнгө оруулагчдад жаахан ч гэсэн итгэл үнэмшил төрүүлэх үйл явдал болж байна гэж ойлгож байна. Анхнаасаа шууд тэр чигээр нь явуулсан бол Монголын төрд итгэх хөрөнгө оруулагчдын итгэл өндөр байх байсан юм. Рокфеллерийн хэлсэн нэг үг байдаг даа. “Нэр хүндийг хөдөлмөрөөрөө олж ав, харин тэр нэр хүнд таны төлөө ажиллаж эхэлнэ” гэж. Тэгэхээр Монгол Улс хөрөнгө оруулагчдын хувьд алдсан нэр хүндээ олж авах ёстой. Ингэж байж манай улс хөгжинэ, дэвшинэ.

Тэгвэл Тавантолгойг та хэрхэн харж байна вэ?

-Тавантолгой мөн хөдөлж эхлэх ёстой.

Болж бүтэхгүй заалтууд орсон байна гээд байгааг нь та харав уу?

-Тавантолгойн гэрээг үзсэн.

Гэрээнээс улс төр, атаа жөтөө, үл ойлголцол зэрэг олон өнгийг нь авч хаяад зөвхөн хар, цагаанаар хараад үз. Тэгж харахаар нэг тонн нүүрсийг 30 доллараар зарах уу, 80 доллараар зарах уу гэдэг асуудал л байгаа юм. Хэрэв энэ төсөл явахгүй бол нүүрсээ ухаж машин дээрээ ачаад давхиж очоод нэг тонныг нь 30 доллараар зарна. Хэрэв төсөл хөдөлбөл нүүрсээ угааж баяжуулаад төмөр замаар тээвэрлэн 80 доллараар зарах юм. Ердөө ийм л зүйл.

Тэгээд бүх өнгийг аваад харах боломж өнөөгийн улс төрчдөд байна уу?

-Бид тэгж харах ёстой. Ингэж харж байж л Монгол Улсын эдийн засгийг чирч явдаг хөдөлгүүрүүдээ хөдөлгөнө. Тэгэхгүйгээр манай эдийн засаг сайжрахгүй. Өндөр хөгжилтэй орнуудад хувийн хэвшил гэдэг том хөдөлгүүрүүд нь эдийн засгаа аваад явж байна. Төр нь өөрөө бүх зүйлээ чирээд явахаар ямар байдалд хүрдгийг Хойд Солонгос зэрэг зарим орны туршлага бас харуулж байна. Үүнийгээ бид сайн ойлгох ёстой. Тиймээс эдийн засгийн хөдөлгүүр болсон хувийн хэвшлээ, хөрөнгө оруулалтаа дэмжиж байж улс орон хөгжинө, ард иргэдийн амьдрал сайжирна гэдэгт би хатуу итгэдэг. Манайхан хангалттай улс төр хийлээ. Үр дүнд нь юу болдгийг нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ханатлаа л харлаа. Одоо больё.

Ажлын хэсэг дээрээ жаахан саатчихав уу?

-Л.Эрдэнэчимэг гишүүн нь уншдаг юм бол хурдан уншаад Ажлын хэсгээ даруйхан хуралдуулаад дүгнэлтээ гаргаач. Гэхдээ миний эрхэд халдахыг би огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй шүү гэдгийг хэлье.

Ямар эрх?

-Хэлэлцэх эсэхийг шийдэх эрх нь УИХ-ын гишүүнд байдаг болохоос Ажлын хэсэгт байдаггүй юм.

Эдийн засгийн нөхцөл байдлыг та хэрхэн харж байгаа вэ?

-Хүнд.

Гэхдээ эдийн засагчид зургадугаар сарын сүүлчээр гайгүй сэргэх хандлагатай байна гээд байгаа юм биш үү?

-Үгүй. Хэрэв бид бодлогын алдаагаа засахгүй, хөрөнгө оруулалтаа дэмжихгүй бол доошоо унасан хэвээрээ л байна. Энэ Засгийн газар бодлогын алдаануудаа засахгүй байгаа юм.

Парламентад суудалтай бүх намууд хамтарснаар бодлогын шийдвэрүүдээ гаргаад явна гэсэн шүү дээ. Таныхаар бодлогын алдаануудаа засахгүй байна гэж хараад байгаа юм уу?

-Бодлогын алдаа засагдаагүй хэвээрээ байгаа.

Энэ оны төсөв нэлээд тасалдалтай гарна гэдгийг Сангийн сайд хэлсэн. Барилгын салбар маш хүнд байх бол уул уурхайн салбар мөн хүнд байна гэдгийг хэлж байна лээ?

-2013, 2014 онуудад улсын төсөв алдаатай зохиогдож, төсвийн орлого хоёр жил дараалан жил бүр нэг их наяд төгрөгөөр тасарч байсныг санаж байгаа биз дээ.

Орлого тасарсан хэмжээгээр өр нэмэгдсэн шүү дээ. 2015 оны төсөв мөн л худлаа хийгдсэн. Тийм болохоор орлого нь дахиад л тасарна.

Хаа очиж 2015 оны төсөв чинь гайгүй болсон гээд байсан биш үү?

-Хэрэв тийм байсан юм бол яахаараа улсын төсвийн орлого тасардаг юм, яахаараа цалин тэтгэврээ хүртэл цаг хугацаанд нь тавьж чадахгүй дээ хүрдэг билээ. Хий хоосон орлого тавих, эдийн засгийн өсөлтөө худлаа тооцох нь ийм л аюултай. Бодитойгоор төсвөө төсөвлөчихсөн бол ийм байдалд хүрэхгүй. Энэ онд улсын төсөв 500 тэрбум төгрөгөөр тасарна. Яахав өмнөх онуудынхаа алдааг хоёр дахин багасгасан юм байна. Хоосон горьдож болохгүй.

Монгол Улсын эдийн засаг хүнд байгаа болохоор “Стэнд бай” хөтөлбөрийг авах ёстой гээд байгаа. Гэтэл Сангийн сайд “Аль болох өөрсдөө эдийн засгаа эрүүлжүүлэх бодит нөхцөл байдал дээр нь аваачиж үзье гэж байгаа” гэдгээ хэлсэн. Тийм болохоор уг хөтөлбөрийг авахгүй гэсэн л дээ?

-Эхлээд бодлогын алдаануудаа засчих.

Богинохон хугацаанд засагдчихдаг юм уу?

-Хүсвэл болно, харин дургүй бол юу ч гэж хэлээд, юу ч хийгээд нэмэргүй. Бодлогоо засахгүй хугацаа алдвал хямрал үргэлжлэх хугацаа улам л уртасна. Алдааг эрт засах тусмаа хямрал дуусах хугацаа наашлах юм.

Хямрал аль түвшиндээ илүү мэдрэгдэж байна вэ?

-Бүх түвшинд мэдрэгдэж байна. Би тойрогтоо очиж бүх сумдаар яваад ирлээ. Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт л муудаж байгааг хэлж байна. Дэлгүүрүүд бараагаа зээлээд зарж байна. Цалингаас цалингийн хооронд, зээлээс зээлийн хооронд амьдарч байна шүү дээ.

Та Монголбанкны үйл ажиллагааг хэрхэн харж байгаа вэ. Монголбанк буруу ажиллаж байна гэдгийг байнга хэлдэг гишүүдийн нэг нь та?

-Монголбанк Засгийн газартай хамтарч дөрвөн их наяд төгрөгийн үнэ тогтворжуулах хөтөлбөрийг мөнгө хэвлэж хэрэгжүүлснийг манай намынхан маш их шүүмжилсэн. Үр дүнд хүрч үүнийг зогсоосон гэж ойлгож байгаа.

Одоо байдал хүнд байна гээд төсвийн алдагдлыг нөхөх гэж Монголбанк мөнгө хэвлэж, зээлэх юм бол эдийн засаг бүр дампуурна. Тэгвэл Монголбанкны ерөнхийлөгчид хариуцлага тооцох асуудал яригдана гэдгийг “Өдрийн сонин”-оор дамжуулан Монголбанкныханд хэлчихье.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатар хотод гамшгийн байдал үүсчихсэн юм биш үү?

Нийслэл Улаанбаатар хотод 1.5 сая хүн амьдардаг. Монгол Улсын нийт хүн амын тэн хагас нь төвлөрсөн их хотод тохиолдож буй явдлууд гамшиг болсныг зарлаад байгаа юм биш үү.

Ойрын өдрүүдэд хотод юу, юу л болж өнгөрөв дөө. Нийслэлчүүд тэр аяараа тоггүй боллоо. Энэ нь сүүлийн арван жилд тохиолдоогүй юм гэсэн. Цахилгаан станцад ноцтой гэмтэл гарч, Улаанбаатар төдийгүй Эрдэнэт, Дарханыг хамрав. Томоохон үйлдвэрүүдийн үйл ажиллагаа нам зогссон. Монголын эдийн засгийг тэжээж байгаа “Эрдэнэт” үйлдвэр 0 зогсолт хийсэн гэж байгаа. Лифтэнд хүн гацсан гээд тог тасарны улмаас учирсан хохирлын хэмжээг тоочоод байвал тоймгүй.

Хот нийтийн тээвэргүй болчихлоо. Гол, гол шугамд явдаг төрийн өмчит автобусны гурван компани ажил хаясан. Хамгийн орлого сайтай чиглэлд тээвэр хийдэг хэрнээ тэд цалингаа нэмүүлэхийг шаардаад байна.

Энэ үйл явдлыг Монголын үйлдвэрчний эвлэл зохион байгуулж, жолооч кондукторууд нь ажлаа хийхээс татгалзаад гэдийгээд суучихлаа. Бас орон сууцны халуун усыг гурван сарын хугацаатай тасалчих юм. Ингээд зуны аагим бүгчим өдрүүдэд нийслэлчүүд усанд орох аргагүй болж байна. Хувцас хунараа угаахдаа заавал усаа халааж, зардал нэмэгдэв.

Улаанбаатар хот унаагүй, усгүй, тоггүй боллоо. Энэ нь гамшгийн байдал биш гэж үү. 21 дүгээр зуунд манайх шиг ийм нийслэлтэй улс дэлхийд алга. Гадаадын орнуудад тог, цахилгааны асуудлаа үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үздэгийг бид мэднэ.

Тиймээс тог тасрах ойлголт бол өдөр од гардаггүйтэй адил. Харин Улаанбаатар хотод тохиолдоод байгаа гамшигт Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл анхаарлаа хандуулж байна уу.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Г.Цогт: Цагаан суваргын ордын төслийн үйл явцыг удаашруулсан

Монголын алт” (МАК) компанийн Үйлдвэрлэл, төслийн хэрэгжилт эрхэлсэн дэд ерөнхийлөгч, техникийн ухааны доктор Галсангийн Цогттой уулзаж ярилцлаа.

Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дэвсгэрт орших Цагаан суваргын ордын үйл ажиллагааг бүтэн жил зогсоосны эцэст саяхан Үндсэн хуулийн цэц хууль зөрчөөгүй гэж үзлээ. Энэ хооронд танай компанид хэр их хохирол учрав?

-Цагаан суваргын орд нь УИХ-ын 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ордын жагсаалтад байдаг. “Ашигт малтмалын тухай хууль”-ийн тавын 4, 5 дугаар зүйлд Стратегийн ач холбогдолтой ордод төр хувь эзэмшиж болно. Хөрөнгө оруулж, оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хувь эзэмшиж болно” гэсэн заалт байдаг. 2012 оны аравдугаар сард Европын сэргээн босголт хөгжлийн банктай 450 сая ам.долларын зээлийн гэрээ байгуулаад, энэ төслийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эхлүүлсэн. 2013 оны эхээр Уул уурхайн яамнаас хэлэлцээр хийх санал ирүүлсэн. Тухайн үед төслийн техник, эдийн засгийн үндэслэл батлагдаад хөрөнгө оруулалт гэх зэрэг бүх тоон мэдээлэл тодорхой болчихсон байсан. Уул уурхайн яамтай хэлэлцээр богино хугацаанд шийдэгдчих байх гэж байтал нилээд сунжирч, эцэст нь төр 34 хувьд нь гурван зуун тавин сая 600 мянган ам.доллараар хөрөнгө оруулалт хийж орох асуудал Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдээд УИХ-д өргөн баригдсан. УИХ-ын 2014 оны долоодугаар сарын 1-ний өдрийн чуулганаар энэ асуудлыг хэлэлцэж “Цагаан суваргын ордод төрийн оролцоо байх шаардлагагүй ээ” гэж шийдвэр гаргасан. Ер нь бол эдийн засгийн байдал хүндэрчбайна.Монголын үндэсний аж ахуйн нэгж төслийг хэрэгжүүлэх гэж байгаа юм байна. Цагаан суварга Оюу толгойгоос 30 дахин, Эрдэнэтээс тав дахин бага жижигхэн орд. Ийм жижиг ордод төр хувь эзэмшиж ороод эрсдэл үүрэх магадлалтай. Төслийг “МАК” компанид даатгаад явъя” гэсэн санаатай Их хурлын гишүүд олон байсан. Бидэнд бол төсөлд төр оролцсон, оролцоогүй зарчмын ялгаа байгаагүй. Ямар нэгэн асуудалгүй хуулиараа шийдвэрлээд явах, мөн гаднаас төслийн санхүүжилтийг босгох нь чухал байсан.

Тэгтэл “гүйх нохойд гүйхгүй нохой саад болно” гэдэг шиг юм болчихсон уу?

-УИХ-ын тогтоол гараад явж байтал УИХ-ын гишүүн Л.Цог хэвлэлийн бага хурал зарлаж“УИХ-ын энэхүү тогтоол нь Үндсэн хуулийг зөрчиж байна. Ийм учраас Үндсэн хуулийн цэцэд хандана” гэсэн мэдэгдэл гаргасан. Европын сэргээн босголт хөгжлийн банк болохоор 450 сая ам.долларын зээлийн гэрээгээ хэрэгжүүлж, 200-гаад сая ам.долларыг хөрөнгө оруулалтын санхүүжилт болгоод олгочихсон байсан. Төртэйхэлэлцээр хийж байх үедээ манай зүгээс асуудлаа банкинд мэдэгдсэн. Ер нь бол “Төслийн ажлаа үргэлжлүүлье. Санхүүжилтээ ч авч байя, бид төртэйгөө маш хурдан хэл амаа олчихно” гэсэн байдлаар банктай ажилласан. Хэдийгээр төрийн хувь оролцооны талаар УИХ-ын тогтоол гарсан ч Үндсэн хуулийн цэцэд УИХ-ын гишүүн хандсаныг мэдсэн, банкны зүгээс мэдээж эрсдэлээ тооцсон байх, “Та нар наад асуудлаа дотроо шийдчих ээ” гэж тодорхой хугацаа зааж өгсөн. 2014 оны арваннэгдүгээр сар хүртэл хугацаа өгч, асуудал шийдэгдэхгүй болохоор 2015 оны дөрөвдүгээр сарын 10 хүртэл сунгасан. Энэ хооронд олигтой шийдэлд хүрэхгүй явсаар энэ тавдугаар сарын 20-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаараа “Иргэн Л.Цогийн гаргасан нэхэмжлэлд Үндсэн хуулийн цэцээс “УИХ-ын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчөөгүй байна. Иймээс Л.Цогийн нэхэмжлэлийг хүлээж авах шаардлагагүй” гэсэн тогтоолыг гаргалаа.

Европын сэргээн босголтын банктай хийсэн гэрээ Л.Цогийн балгаар цаасан шувууны үлгэр болоод салхинд хийсчихэв үү?

-Гадны банкууд гэрээнд заасан мөнгийг хадгалах буюу “цоожлочихдог” юм билээ. Өөрөөр хэлбэл тодорхой заасан хугацаандаа мөнгөө, татан авалтаа хийх ёстой. Төслийн үйл явцыг үргэлжлүүлэх эцсийн хугацааг 2015 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөр Талууд тохирчихсон байсан. Тиймээс одоо дахин санхүүжилт хайх шаардлагатай болчихож байгаа юм. Дээр нь мөнгөө татан авалт хийгээгүйн алданги 7ОО гаруй мянган ам.долларыг манайх төлөх болчихсон.

Бараг нэг сая ам.доллар төлөх нь ээ?

-Гаднын хөрөнгө оруулалт буурлаа гээд шуугиад байдаг. Уг нь дотооддоо хэл амаа ололцоод явчихсан бол Монгол Улсад л ашигтай байх байсан. Цагаан суваргын ордын төсөл шуудраад явчихсан бол энэ 2015 онд үйлдвэр маань бараг ашиглалтад орчих байсан байхгүй юу. Бүтэн хоёр жил алдчихаж байгаа юм. Хугацаа алдсаны хор хохирол тооцож баршгүй их. Маш олон компанитай жар гаруй гэрээ хэлцэл байгуулахаас тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажил, барилгын материал авах зэргээр дөчөөд гэрээг үзэглэчихсэн байсан. Энэ гэрээнүүд төлбөр хийхгүйгээс болоод бүх ажил зогссон. Урьдчилгаагаа өгчихсөн зарим компанитай гэрээний зарим нэгэн зөрчил үүсэж байгаа. Ер нь Цагаан суваргын ордын төсөл бол нэг тэрбум 89 сая ам.долларын өртөгтэй мега төсөл. Нэг тэрбумаас дээш төслийг мега төсөл гэдэг шүү дээ.

Төслийн хамрах хүрээ Монгол Улсын эдийн засагт хөөрхөн нэмэр болохоор л байж дээ?

-Төсөл бол хүдрийн ил уурхай, уулын баяжуулах үйлдвэргэсэн хоёр том хэсгээс бүрдэж байгаа. Европын сэргээн босголтын банкнаас авах 450 сая ам.долларын зээлийг бүрэн ашигласан бол төслийн гурваны хоёрын санхүүжилт шийдэгдээд явчих байлаа. Үлдэж байгаа гурваны нэг дээр оff take санхүүжилт буюу зэсийн баяжмалаа урьдчилан худалдах замаар санхүүжилтээ шийдээд явах арга зам байсан. Энэ санхүүжилт хэзээ олгогдож эхэлдэг вэ гэхээр төсөл 70-80 хувьтай болсон нөхцөлд зэсийн худалдан авагчид урьдчилаад мөнгөө өгдөг. Бидний төслийн санхүүжилтийн анхны модель зураг ийм л байсан. Хамгийн гол хор холбогдол юу вэ гэхээр 1500 гаруй ажлын байр бий болж, улс, орон нутгийн төсөвт жилдээ 180-аад сая ам.доллар орж байх ёстой байсан. Монгол Улс 2017 он гээд бондын мөнгөө өгч эхлэх ёстой. 180 сая ам.долларын татвар орно гэдэг бол улсын төсөвт их л нэмэртэй байх болно. Эргээд гаднын компани, байгууллагад хандах нүүргүй болчихож байгаа нь том хүндрэл.

Европын сэргээн босголтын банкинд дахин хандаж зээл авах боломжгүй болчихсон уу?

– Саяхан Ерөнхий сайдын айлчлалын үеэр зурагдсан Оюу толгойн далд уурхайн төлөвлөгөөний үр дүн их хурдан мэдрэгдэж байгаа. Ер нь бол хөрөнгө оруулалт эргэх байхаа. Би дөнгөж сая гэхэд л санхүүжилт хийх сонирхолтой гаднынхантай уулзаад гарч ирлээ. Ер нь асуудал эергээр шийдэгдсэн болохоор түнш банкиндаа хандана гэж бодож байгаа. Уг төсөл чинь геологи хайгуулын ажил нь сайн хийгдсэн, Канадын стандартаар нөөц нь тогтоогдсон, тэрийг нь дахиад Австралийн стандартаар баталгаажуулчихсан их сайн төсөл шүү дээ. Уулын баяжуулах үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийн гэрээг хийчихсэн, тоног төхөөрөмжүүдийнх нь 90 хувь нь үйлдвэрлэгдчихсэн, зөвхөн татан авчрахад бэлэн болчихсон байгаа. Дэлхийд тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээрээ толгой цохьдог АНУ-ын “FLSmidth minerals” компанитай гэрээ байгуулж, тоног төхөөрөмжийн нийт 120-иод сая ам.долларын төлбөр төлөхөөс 105 сая орчмыг нь төлчихсөн. Ер нь төслийн гүйцэтгэл 45 хувьтай болчихсон шүү. Барилгын ажил эхэлчихсэн, хамгийн их бетоны обьемтой гурван тээрмийн суурийн ажил хийгдчихсэн байгаа.

Эх оронч дүр үзүүлдэг популистууд аливаа ажлыг ер урагш ахиулахгүй юм. УИХ-ын гишүүн Л.Цогоос танай компани хохирол тооцож шүүхэд нэхэмжлэх гаргаж болдоггүй юм уу?

-Тэр талаар бодсон юм алга. “Цагаан суваргын ордыг стратегийн орд байхад нь ард түмэнд авч өгөх гэж би оролдсон” гэх улстөрийн хандлага давамгайлж байгаа болов уу даа.Сонгууль дөхчихсөн үед ийм хандлага бүр ч нэмэгдэнэ. Ер нь хуулинд “Стратегийн ач холбогдолтой ордыг төр эзэмшиж болно” л гэж байгаа болохоос “заавал ч үгүй эзэмшинэ” гэсэн яг таг заалт байх гүйшүүдээ. Би улс төрөөс ангид жирийн л нэг уул уурхайн инженер хүн. Ер нь Цагаан суваргын ордын төсөлболулсорныхөгжилд маш хэрэгтэй төсөл. Монгол орон байгалийн асар их нөөц баялагтай улс. Энэ нөөц баялгаа Монголын үндэсний компани хэрэгжүүлээд явчихвал улс оронд л ашигтай, хойч үед хэрэгтэй зүйл байхгүй юу. Тэрнээс өвөг дээдсээс өвлүүлсэн байгалийн баялгаа гаднынханд ашиглуулахаар өгөөд өөрсдөө загасчны гадаа морь нь усгүйн үлгэрийг давтаад байж болохгүй л дээ.Монголын компани төсөл хэрэгжүүлнээ гэдэг чинь үгүй ядахнаа ажиллах хүч нь чадваржина. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэдэг бол олсон ашиг нь монгол хөрсөндөө эргээд шингэхийг хэлээд байгаа юм шүү дээ. Хамгийн шилдэг, байгаль орчинд ээлтэй технологи эх орондоо нутагшуулчихбал, түүнийгээ өөрсдөө эзэмшээд явчихбалжинхэнэ эх оронч байх болов уу гэж боддог.

-“МАК”-ийн Дорноговь дахь цементийн үйлдвэр ямар шатандаа явж байна?

– Нүүрсний үнэ цэн өндөр, зах зээл сайн байхад буюу 2011 онд МАК компани Цагаан суваргын орд, Налайхын хөнгөн блокийн үйлдвэр, Дорноговийн цементийн үйлдвэр гэсэн гурван том төсөл хэрэгжүүлэхээр зориглосон. Цементийн үйлдвэрийн бүтээн байгуулалт 80 орчим хувьтай явж байгаа. “Чингэс” бондын мөнгөнөөс 87.5 сая ам.доллар хуваарилахаар шийдвэрлэсэн. Харамсалтай өнөөдрийг хүртэл Хөгжлийн банкнаас бүрэн авч чадаагүй л байна. Олон маркийн, евро стандартын цемент үйлдвэрлэх, үнийг хамгийн доод түвшинд хүргэхээр зорьж байгаа. Налайхын орчимд баригдаж байгаа евро стандартын хөнгөн блокийн үйлдвэр зургадугаар сарын 12-нд нээлтээ хийнэ.

Л.Батцэнгэл