Categories
мэдээ нийгэм

Уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнг зохион байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Бичиг соёл-2015” уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнг Хэнтий аймгийн Чингис хот, Дэлгэрхаан суманд зохион байгууллаа.

Үзэсгэлэнгийн нээлтийн ёслол Чингис хотод болж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын болон олон улсын үзэсгэлэнгийн төлөөлөгч, Хэнтий аймгийн удирдлага, монгол хэл, бичгийн багш нар, сурагчид, иргэдийн төлөөлөл оролцов. Энэ жилийн “Бичиг соёл” үзэсгэлэнд Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал хамтран зохион байгуулагчаар ажиллаж байгаа бөгөөд үзэсгэлэнд оролцогч олон улсын төлөөлөгчдийг тус аймгийн ИТХ аймаг, орон нутагтаа хүлээн авч Монголын нууц товчооны дурсгалт газруудаар аялуулан, орон нутгийн түүх соёл, зан заншилтай танилцуулсан юм.

Уламжлал болгон зохиож буй уг үзэсгэлэнгийн энэ жилийн нээлт 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод Монголын Урчуудын Эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд болж, энэ сарыг дуустал иргэдэд үнэ төлбөргүй дэлгэгдэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар “Бичиг соёл” уран бичлэгийн үзэсгэлэнг Дундговь, Архангай, Орхон аймагт тус тус зохион байгуулаад байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

Автомашингүй өдөр ирэх сарын 06-нд болно

Жил бүрийн зургадугаар сарын эхний долоо хоногийн бямба гаригийг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн автомашингүй өдөр ирэх сарын 06-ны өдөр тохиож байна. Мөн эл өдөр бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих өдөр болгон “Улаанбаатар-марафон” гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг. Энэ жил уг тэмцээнийг марафон болон сонирхогчдын гүйлт гэсэн хоёр төрөлд явуулах ажээ. Марафоны төрөлд нь тогтмол гүйлтээр хичээллэдэг хүмүүс оролцох бол сонирхогчдын гүйлтийг дөрвөн насны ангилалд явуулах юм байна.

Categories
мэдээ улс-төр

“Сайдын цаг” уулзалтад Уул уурхайн сайд Р.Жигжид оролцлоо

Уул уурхайн сайд Р.Жигжид тус салбарын эрх зүйн орчны шинэчлэл, болон хийж хэрэгжүүлж байгаа томоохон ажлууд, цаашид хийх ажлынхаа талаар мэдээлэл хийж сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Хөрөнгө оруулалтын тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Гааль, НӨАТ-аас чөлөөлөх тухай, Газрын тосны тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулиудыг УИХ-аар батлуулан мөрдөж байна гэж Уул уурхайн сайд Р.Жигжид хэллээ.

Тодорхой хугацаанд олгогдоогүй байсан хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож эхэллээ. Монгол Улсын нутаг дэвсгэрийн 19,9 хувь буюу 31 сая га талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэснээс 20,9 сая га талбайд өргөдлийн журмаар, 10,2 сая га талбайд сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгоно. Ашигт малтмалын газар хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ ирүүлсэн 956 аж ахуйн нэгжийн өргөдлийг хянан шийдвэрлэсэн байна. Кадастрын хэлтэс энэ оны 1 дүгээр сарын 26-аас эхлэн 16 удаа цахим хэлбэрээр 1686 дугаар олгож, 234 тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэжээ. Энэ оны нэгдүгээр сарын 1-ээс өнөөдрийг хүртэл тусгай зөвшөөрлийн төлбөр 13,2 тэрбум төгрөг, үйлчилгээний хөлсний төлбөр 510 сая төгрөг, хайгуулын тусгай зөвшөөрлийн эрх олгох үйлчилгээний хөлс 531 сая төгрөг, өргөдлийн дугаар олгох цахим системд нэвтрэх эрхийн төлбөр 748 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох журмын дагуу 6 удаа 50 талбайд сонгон шалгаруулалт зохион байгуулсан байна.

Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх эрх бүхий ажлын хэсэг сүүлийн саруудад эрчимтэй ажилласны үр дүнд энэ сарын 18-ны өдөр Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа. Ингэснээр төслийн санхүүжилт болон татварын талаарх санал зөрөлдөөнтэй байсан асуудлууд нэгдсэн ойлголтод хүрч, хөрөнгө оруулалтын гэрээний тодорхой бус байсан зарим зүйл заалт тодорхой, ойлгомжтой боллоо. Үүний үр дүнд далд уурхайн бүтээн байгуулалтын ажил цаашид үргэлжлэх нөхцөл бүрдэж, Монгол улсын эдийн засаг дахь гадаад валютын урсгалыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг татах эерэг дохио боллоо гэж Уул уурхайн сайд Р.Жигжид хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Газар чөлөөлөх асуудалд учирч байгаа хүндрэл бэрхшээлийг хэлэлцэв

Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсэг өнөөдөр Төрийн ордны “В” танхимд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хууль эрх зүйн зохицуулалт, ажлын явц, тулгамдаж буй хүндрэл, бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандан, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа мөн нийслэлийг төлөөлөн Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг болон төсөл хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжийн удирдлагууд оролцож санал бодлоо солилцов.
2014 оны 6 дугаар сарын 8-нд Өргөдлийн байнгын хороо Гэр хорооллын нөхцлийг сайжруулах, төслийг хэрэгжүүлэх явцад иргэдийг хохироосон тухай өргөдлийн дагуу хяналт шалгалт хийж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тогтоол гаргасан юм.
Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандан энэ асуудлаар Өргөдлийн байнгын хороо хоёр дахь удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж байгааг онцлон тэмдэглэсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр төсөл хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжийн удирдлагууд гэр хорооллын дахин төлөвлөлтийн явцад учирч байгаа гол хүндрэл, бэрхшээлүүдийн талаар санал бодлоо хэллээ. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандан хэлэхдээ, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд тулгарч буй хүндрэл бэрхшээл болон үнэхээр иргэдийг хохироосон эсэх талаар мэдээлэл байгаа бол эдгээр асуудлыг ирэх долоо хоногт төлөвлөгдсөн Өргөдлийн байнгын хорооны хуралдаанд танилцуулна гэв.

Төсөл хэрэгжүүлж буй компаниудын зүгээс тавьж буй гол асуудал нь “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-д хууль эрх зүйн асуудлыг нэн яаралтай шийдвэрлэж өгөхийг хүсэж байлаа. Учир нь уг журмын дагуу дахин төлөвлөлт хийх байршилд иргэдээс санал авах тоог 75 хувиас доошгүй гэж заасан байдаг. Харин нөгөө үлдсэн 25 хувь нь хүмүүсийн эрх ашгийг зөрчихгүйн тулд газар чөлөөлөх асуудал дээр ихээхэн хүндрэл учирч байна гэв. Тухайлбал, тухайн иргэд газраа чөлөөлж өгөхгүйн улмаас тус газар төлөвлөгдсөн инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга, байгууламжийн барилга угсралтын ажил гацах эсвэл иргэд өөрийн эзэмшлийн газар, үл хөдлөх хөрөнгөө хэт өндрөөр үнэлэх гэх мэт асуудлууд байгааг тайлбарлав.

Эцэст нь УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандан, хэлэлцүүлгийн үеэр гарсан саналыг ирэх долоо хоногийн байнгын хорооны хуралдаанд танилцуулах учир өмнө нь бичгээр ирүүлэх хэрэгтэйг анхааруулав.

Дашрамд дурдахад нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөх үйл ажиллагаа нь Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон НИТХ-ын “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-тай холбогдуулан батлагдсан тогтоолуудыг төсөл хэрэгжүүлэгч нар мөрдөн ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар 1189 нэгж талбарын 62.34 га талбайг чөлөөлөн эхний ээлжийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд Нийслэлийн хэмжээнд 2014 онд 4023 айлын орон сууцны барилга угсралтын ажил эхлүүлснээс 528 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулсан байна. 2015 онд 2492 орон сууцны барилгыг ашиглалтад оруулж, 6999 айлын орон сууцны барилгыг шинээр эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд баригдах инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга, байгууламжийн барилга угсралтын ажлыг улс, нийслэлийн төсөв, бондын хөрөнгө оруулалтаар барьж байгуулж байгаа бөгөөд 2013-2014 онд нийслэлийн төсвийн санхүүжилтээр 147,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бол 2015 онд 18,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр баталжээ.

Categories
гадаад мэдээ

Энэтхэгт замууд хайлж байна

Сүүлийн өдрүүдэд Энэтхэгт хэт их халсны улмаас амиа алдагсдын тоо 1000 хол даваад байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар тус улсад 47 хэм халуун үргэлжилж байгаагаас зам талбай хайлж эхэлсэн талаар CNN мэдээлжээ. Тус улсын нийслэл Нью-Дэли хотноо 45 градус хүртэл халж, замын гадаргуу хайлж эхэлсэн байна. Цаашдаа ч аагим халуун үргэлжилсээр байх тул тус улсын эрх баригчид ард иргэдээ шаардлагагүй тохиолдолд гадагш гарахгүй байхыг анхааруулсаар байгаа аж. Цаг агаарын таагүй уур амьсгалын улмаас нас барагсдын ихэнхи нь барилгын ажилтнууд, настайчууд, орон гэргүй хүмүүс байгааг албаныхан мэдээлжээ.


Categories
мэдээ улс-төр

С.Баярцогт хуулийн төслүүд өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг өнөөдөр /2015.05.28/ өргөн барилаа.

Төсвийн тогтвортой байдлын тухай хууль 2010 онд батлагдсанаар Төсвийн тогтворжуулалтын санг байгуулж, 2011 оны 2 дугаар сараас эхлэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу жил бүр хуримтлал үүсгэн ажиллаж байна. Төсвийн тогтворжуулалтын санд одоогийн байдлаар нийт 310 гаруй тэрбум төгрөг хуримтлагдаад байгаа бөгөөд Монголбанкин дахь төрийн сангийн тусгай дансанд байршиж байна. Төсвийн тогтворжуулалтын сангийн нөөцийн удирдлагыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Монголбанк хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр Монголбанк хэрэгжүүлэхээр хуульд заасан боловч уг сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх, үр ашигтай удирдах арга хэмжээг одоог хүртэл авч хэрэгжүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл Монголбанкинд сангийн хөрөнгийг байршуулахад хүү төлөгдөхгүй байгаа бөгөөд санд хуримтлагдсан хөрөнгийн бодит үнэ цэнэ жил бүр инфляцын түвшнээр буурч байна. Тиймээс Засгийн газрын мөнгөн хөрөнгийн хөрвөх чадварыг сайжруулах,Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгийг богино хугацааны санхүүгийн хэрэгслийг ашиглан нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор “Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг боловсруулсан байна.


Хуулийн төсөл батлагдсанаар Тогтворжуулалтын сангийн хөрөнгө төрийн сангийн нэгдсэн дансны тусгай дансанд байрших бөгөөд сангийн санхүүгийн нөөцийн удирдлагыг Сангийн яам бүрэн хариуцаж, сангийн хөрөнгийн үр ашгийг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Мазаалайг хамгаалах санамж бичигт гарын үсэг зурлаа

Өнөөдөр Мобиком Корпораци болон Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын Яам хамтран Монгол Улсад төдийгүй дэлхийд нэн ховордсон мазаалай баавгайг хамгаалах чиглэлээр “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа. Уг санамж бичигт БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга ноён Ц.Цэнгэл болон Мобиком Корпорацийн Гүйцэтгэх захирал ноён Дэвид Холлидэй нар гарын үсэг зурсан байна. Энэхүү санамж бичиг нь 2015 оны 6 дугаар сарын 1-нээс 2017 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хүчин төгөлдөр байх юм.

Арга хэмжээний үеэр ноён Дэвид Холлидэй хэлэхдээ “Үндэсний өв соёлоо хайрлан, хамгаалах нь Мобикомын үндсэн үйл ажиллагааны нэг бөгөөд Монгол Улсын хувьд ховор нандин энэхүү амьтныг хамгаалахын төлөө бид чадах бүхнээ хийнэ.”

Зөвхөн Монголын говь цөл нутагт идээшин амьдардаг мазаалайг судлах боломжийг нэмэгдүүлэх үүднээс Мобиком Корпораци харилцаа холбооны дэвшилтэд технологийн дэмжлэгийг үзүүлэх болно. Тухайлбал, алсаас мэдрэгч төхөөрөмжийн тусламжтайгаар судлаачид цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан гадаргын усны нөөц бууралттай холбоотойгоор баавгайн дуртай шүүслэг гишүүнэ ургамлын нөөцөд үзүүлж буй нөлөө зэрэг баавгайд нөлөөлөх байгаль орчны аюулыг тодорхойлох боломжтой болох юм.

“Үндэсний Бахархал Мазаалай” ТББ-ын судлаачдын хэлснээр “Байгаль хамгаалагчдын үзэж буйгаар тал нутагт ердөө л 22 мазаалай үлдсэн бөгөөд зөвхөн Монголын цөл нутагт орших, дэлхийд цорын ганц энэхүү баавгайг хамгаалах ажлыг одоо л эхлүүлэхгүй бол хэтэрхий хожимдох болно” гэжээ.

Иймд улс даяар энэхүү нэн ховор мазаалайг хамгаалах ажлыг Монгол Улсын харилцаа холбооны тэргүүлэгч оператор Мобиком Корпорациас ивээн тэтгэж буй “ICT Expo 2015” үзэсгэлэнгээр эхлүүлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Шинээр гүүрэн гарц барих 600 сая төгрөгийг тусгалаа

Нийслэлийн ИТХ – ын ээлжит 27 дугаар хуралдаан болж, НИТХ-ын 2015 оны “Нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 24/04 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратегийн баримт бичгийг дэмжих тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох экспортын хөнгөлөлттэй зээлээр барих Замын цагдаагийн газрын баруун уулзвар болон төмөр зам дээгүүр барих гүүрэн гарц, Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах ажилд нийт 2,2 тэрбум төгрөг шаардлагатай юм. Нийслэлийн ИТХ-ын 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулж, эхний ээлжинд 2 гүүрэн гарц шинээр барих 600 сая төгрөгийг тусгалаа. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр танилцуулав.

Эдгээр гүүрэн гарц нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг” – т тусгасны дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах, төмөр зам болон авто замын замын хөдөлгөөний түвшинг тусгаарлах, төмөр зам, авто зам болон явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах зорилготой.

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ойролцоо барих гүүрэн гарцын нийт хөрөнгө 42,38 сая ам.доллар, Чингисийн өргөн чөлөөнөөс Наадамчдын гудамж руу холбодог Яармагийн хуучин гүүрийг засварлаж, шинээр гүүр барьж хос болгох төслийн хөрөнгө нийт 30,26 сая ам.доллар юм.

“Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратегийн баримт бичиг”-ийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит 27 дугаар хуралдаанаар Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратегийн баримт бичгийг дэмжих тухай асуудлыг хэлэлцэж, Монгол Улсын Засгийн газрын хуралдаан өргөн барихаар боллоо. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцуулав.

Улаанбаатар хотын нийт өрхийн 60 орчим хувь нь гэр хороололд амьдарч байна. Мөн Улаанбаатар хотын нийт өрхийн 50 хувь нь сард дунджаар 870 мянган төгрөгөөс бага буюу дундаас доогуур болон бага орлоготой байгаа нь зах зээлд нийлүүлэгдэж байгаа орон сууцыг худалдан авах чадваргүй байгаа юм. Иймд хүн амын орлого багатай хэсгийн амьдрах орчин, орон сууцны асуудалд чиглэгдсэн нийслэлийн стратеги, бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм.

“Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратеги” нь нийслэлийн хүн амын бага болон дундаас доош орлоготой өрхүүдийг чанартай, аюулгүй, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцаар хангах урт хугацаанд нэгдсэн бодлого, үйл ажиллагааг тодорхойлох зорилготой.

Стратегид орон сууцны асуудлыг цогц байдлаар авч үзэж, хүн амын орлого багатай хэсэгт чиглэсэн орон сууцны нийлүүлэлт, санхүүжилт, бүтэц, зохион байгуулалтын хүрээнд хийх өөр хоорондоо уялдаа бүхий стратегийн 3 үндсэн чиглэлийг тодорхойлсон. Үүнд:

  • Төлбөрийн чавдарт нийцсэн орон сууцны сонголтыг нэмэгдүүлэх
  • Төлбөрийн чавдарт нийцсэн орон сууцны хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн санхүүгийн тогтвортой механизм бий болгох
  • Төлбөрийн чавдарт нийцсэн орон сууцны байгууллагын бүтэц, эрх зүйн орчныг бий болгох, оролцогчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлийн хүрээнд 12 зорилтыг тусгажээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цэргийн албан хаагчдыг орон сууцжуулахад хамтарна

Батлан хамгаалах салбарын албан хаагчдын тулгамдсан асуудал бол нийгмийн хамгааллыг сайжруулах тухай юм. Тэр дундаа нэгдсэн байдлаар хөнгөлттэй үнээр орон сууцжуулах, зээл олгох асуудал орхигдож байсан. Тэгвэл үүнийг шийдвэрлэхээр Батлан хамгаалах яам, ХААН банк хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, ХААН банкны гүйцэтгэх захирал ноён Норихико Като нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Тодруулбал, “Монгол цэрэг бүтээн байгуулалт хөтөлбөр”, “Батлан хамгаалах салбарын нийгмийн хамгаалал хөтөлбөр”, “Цэргийн алба хаагчдын орон сууцны хөтөлбөр”-ийн хүрээнд хамтран ажиллах, банкны зүгээс цэргийн алба хаагчдыг хувийн мөнгөн хадгаламж, орон сууцны төлбөрийн хуримтлалтай болгох зэрэг банк санхүүгийн бүхий л төрлийн үйлчилгээ үзүүлэх зорилготой ажээ. Батлан хамгаалах яамны зүгээс салбарынхаа ажиллагсдын нийгмийн хамгаалалд чиглэсэн хөрөнгийг банкинд төвлөрлүүлэн байршуулах, орон сууцны зээлийн баталгаа болон ажилтнуудад орон сууцны урьдчилгаа төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх нөхцлийг бүрдүүлэх юм байна. Харин банкны зүгээс Засгийн газраас хэрэгжүүлж буй дэд хөтөлбөрийн орон сууцны ипотекийн зээлийн шаардлага хангасан батлан хамгаалах салбарын ажилтнуудад орон сууцны зээлийг олгох ажээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн авто замыг угааж, бороожуулалтын ажлыг гүйцэтгэж байна

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ нь нийслэлийн төвийн зургаан дүүргийг хамарсан нийтийн эзэмшлийн 27 гудамж талбай бүхий 600 гаруй км замын засвар арчлалтыг хариуцан ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд 2013 онд зам угаах технологи нэвтрүүлсэн нь өнөөдөр Улаанбаатар нэгтгэлийн хамгийн идэвхитэй үйл ажиллагаануудын нэг болоод байгаа юм.

Авто замыг угааснаар замын хөдөлгөөний нөлөөгөөр агаарт дэгддэг тоосонцрын хэмжээг бууруулах, иргэдийн ая тухтай зорчих боломжийг бий болгох, цаашлаад эрүүл мэндэд ач холбогдолтой. Зуны улиралд замыг угаахаас гадна бороожуулах ажлыг хийдэг бөгөөд агаарын чийгшлийн хэмжээг нэмэгдүүлнэ. Замын хөдөлгөөний ачааллаас хамаарч зам угаах ажлыг ихэвчлэн шөнийн цагаар хийдэг бөгөөд “Чингисийн талбай”-г долоо хоног бүрийн даваа болон пүрэв гаргуудад тогтмол угааж байна. Харин ногоон байгууламжийн талбайг өдөр шөнийн ээлжээр хоёр хоног тутамд усалж байгаа юм гэж Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ мэдээллээ.