Categories
мэдээ нийгэм

Хоёр толгойг хөдөлгөх засгийн сонирхол хөрөнгө оруулалтад эерэг дохио өгчээ

Монгол Улсад орж ирэх хөрөнгө оруулалтын урсгал 2014 оны сүүлийн гурван сарын хугацаанд тогтмол хасах утгатай байсан. Энэ байдал оны эхний улиралд өөрчлөгджээ. 2015 оны эхний сард хөрөнгө оруулагчид Монгол Улсаас 88.1 сая ам.долларын хөрөнгөө эргүүлэн татаад байсан бол хоёр, гуравдугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр 15.9 сая ам.долларын хөрөнгө оруулсан гэх статистик байна. Дахин хөрөнгө оруулалтын урсгал сүүлийн гурван сарын хугацаанд буурчээ. Хөрөнгө оруулагчид оны эхний улиралд олон улсын зах зээлд өмнө нь гаргасан өрийн бичигт 0.1 сая ам.доллар эргэн төлсөн байна. Компаниуд олон улсын зах зээлд өрийн бичиг гаргах арга хэмжээг дэлхийн эдийн засгийн ерөнхий нөхцөл байдалтай холбоотойгоор хойшлуулж байгаа гэнэ. Олон улсын зах зээлд өрийн бичиг гаргасан ч “Чингис бонд”-ын хүү болох 4.25-5.25 хувьтай ойролцоо бага түвшинд байх боломжгүй байгаа нь гол шалтгаан болжээ. Хөрөнгө оруулалтын урсгал 2013 оноос татарсаар өнгөрсөн оны сүүлийн улиралд хөрөнгөө эргэн татаад байсан. Гэсэн ч зарим эерэг хүлээлттэй холбоотойгоор зах зээлд өөрчлөлт гарах боломжтой гэж шинжээчид хэлж байна. Таван толгой, Оюу толгойг хөдөлгөх сонирхлыг засгийн зүгээс илэрхийлсэн нь энэ хандлагад нөлөөлсөн гэж тэд онцолж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Хэнтий, Дорнод, Хөвсгөл, Увс аймаг түймэртэй байна

Одоогоор Хэнтий, Дорнод, Хөвсгөл Увс аймгийн нутаг түймэртэй байна. Тодруулбал, Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг “Хясуу ферм” гэдэг газар Монгол Улсын хилийн 828 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас орж ирсэн ой, хээрийн түймэр тус аймгийн Цагаан-Овоо, Хэнтий аймгийн Дадал, Норовлин сумдын нутагт тархсан байна. Улмаар Хэнтий аймгийн Дадал сумаар дамжин Норовлин сумын нутаг “Эмгэнт” гэдэг газрын түймэр цурмаас алдагдаж тус сумын Онон багийн “Баруун зүүн Хавчуу”, ‘Бэрхийн-Ам”, “Улаан-Өндрийн даваа”-нд тархан асч байгаа аж.

“Шивэртийн” даваанаас “Онон” гол хүртэл 33 км газар цурав татан, нийт 108 хүн, 19 техник хэрэгсэлтэйгээр бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж. Мөн Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн нутаг “Дархинт” гэдэг газар тархан шатсан түймэр энэ сарын 25-ны өдөр цурмаас алдагдаж, тус сумын Эрээн багийн төвөөр дамжин шатсаныг нийт 333 хүн, 28 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Түймрийн баруун, урд, зүүн хэсгийг цурамд оруулсан, хойд хэсэг нь асч байгаа аж. “Үйсэнгийн зоо”, “Шинэстэй”, “Битүү”, Эрээн давааны араар “Хүрэл тохой”, “Дарьхинтын адаг” гэдэг газар нутагладаг найман айлыг түймрээс гарган цурав тавьжээ.

Categories
гадаад мэдээ

“Komatsu”-ийн цэвэр ашиг, борлуулалт буурлаа

Японы техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Komatsu” компанийн ашиг санхүүгийн IV улиралд 15 хувиар буурчээ. Энэ нь тус компанийн голлох зах зээлийн нэг болох БНХАУ-ын барилгын салбар удааширсантай холбоотой аж.“Komatsu”-ийн цэвэр ашиг 37.5 тэрбум иен болж буурсан бол борлуулалт нь 3.9 хувиар буурсан байна. Дэлхийн хоёр дахь том эдийн засгийн өсөлт саарснаар уул уурхай болон барилгын тоног, төхөөрөмжийн эрэлт ч огцом буурчээ. Энэ онд “Komatsu”-ийн ашиг 10 хувиар буурч, 138 тэрбум иенд хүрэх төлөвтэй байгаа гэнэ. Хойд Америкаас бусад бүс нутагт борлуулалт буурах төлөвтэй гэж “Komatsu”-ийн мэргэжилтнүүд тооцоолоод байгаа юм

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Чөлөөт хэвлэлийг чөдөрлөх гурван заалт нэмэгдэх нь

Чөлөөт хэвлэл рүү сөхөө сэвээгүй дайрч байна. Үүний нэг жишээ нь Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл. Хууль зүйн байнгын хороо өнгөрсөн долоо хоногт уг төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж буцаасан.

Ардчиллын үндэс нь чөлөөт хэвлэл байдаг. Чөлөөт хэвлэлийн үндэс нь хувийн хэвлэл мэдээллийн байгууллагууд. Авлигатай тэмцэх нэрээр хувийн хэвлэл мэдээллийг устгах заалтыг уг тогтоолын төслийн тавиад хуудастай материалын хамгийн сүүлийн хуудсанд оруулсан байгаа юм. Төсөл санаачлагч магадгүй авлигын асуудал руу эрхэм гишүүдийг анхаараад эдгээр ноцтой заалт анзаарагдахгүй батлагдчихна гэж бодсон байж болох юм. Авлигын асуудлаархи уг тогтоолын төсөлд хувийн хэвлэл мэдээллийн байгууллагын тухай тоон дотор үсэг гэдэг шиг л оруулчихсан нь хачирхалтай.

“Авлигатай тэмцсэн үйл ажиллагааг хувийн хэвлэлүүд үнэ төлбөргүй нийтэлнэ” гэж чөлөөт хэвлэлийг чөдөрлөх заалтуудын эхнийхэнд байна. Төрийн мэдээллийн нийтийг хамарсан гамшиг үймээнээс бусдыг төлбөртэй нийтэлж байх ёстой. Энэ нь чөлөөт хэвлэлийн оршин тогтнох эдийн засгийн үндэс. Сэтгүүлчдийн ч амьжиргаандаа нэмэрлэдэг гол зүйлийн нэг. Гэтэл төрөөс хувийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын эфирийн цаг, сонины зай талбайг хуульчилж байгаад материал заавал үнэ төлбөргүй нийтлэх юм гэнэ.

Төслийн дараагийн нэг ноцтой заалт нь “Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэдтэй хийдэг гэрээг ил тод болгож, урамшуулна” гэжээ. Хувийн байгууллага татвараа төлөөд хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байвал боллоо. Гэтэл хамтран ажиллах байгууллага, хувь хүмүүстэй хийсэн гэрээгээ ил тод зарлаж байхаар тогтоолын төсөлд тусгаж. Гэрээ нь ил байхад гэрээлэгчид багасч эхэлнэ. Нэг ёсондоо хэвлэл мэдээллийн байгууллагын реклам сурталчилгаа амин зуулга нь байхгүй болно гэсэн үг. Ингээд тэр хэвлэлийн байгууллага дампуурна.

Авлигыг өмнө нь төрийн хэмжээнд ярьдаг байсан бол хувийн хэвшлийг хамаатуулсан нь сэдвээс хазайгаад явчихаж. Авлига гэдэг нь төрийн татвараас цугларсан мөнгийг амин хувьдаа ашиглах, албан тушаал эрх мэдлээ далайлган бусдаас мөнгө, хөрөнгө авахыг л хэлээд байгаа. Хувийн компаниудын хоорондох гэрээ бол авлига биш. Яагаад гэвэл уг хөрөнгө хувийнх. Хүн хувийнхаа хөрөнгийг яаж зарцуулах, яаж өсгөх нь тэр хүний хэрэг. Энэ бол авлигын хэрэгт ордоггүй юм. Энэ бол бизнесийн хамтын ажиллагаа. Харамсалтай нь авлигын асуудлыг өргөн хүрээг хамруулах гэсэн хэтэрхий их хүслээс болоод ардчиллын үндэс болсон чөлөөт хэвлэлийг боомилж, хөрөнгө оруулагчаа ил тод зарлахыг шаарджээ.

Хэвлэл мэдээлэлд хөрөнгө оруулна гэдэг нь Монголын ардчилал эрх чөлөөнд хөрөнгө оруулж байгаа хэрэг юм. Тэр хүн тэр хэвлэлд тийм юм оруулсан гээд баалаад зарлаад байхаар хөрөнгө оруулахаа болино. Хэвлэлийн эрх чөлөө, хувийн чөлөөт хэвлэлийг устгах, эзнийг нь шахах ийм л үйл ажиллагаа олон удаа, олон ч хууль тогтоолд тусгалаа, тусгах гэж оролдлоо.

Мөн төслийн 4.8.9-д “Хэвлэл мэдээллийн салбарт хөрөнгө оруулагч, өмчлөгч эзнийг нээлттэй зарлаж, нэг хөрөнгө оруулагч болон нэгдмэл сонирхолтой этгээдийн оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нь тухайн хэвлэл мэдээллийн байгууллагад хяналт тогтоох боломж бүрдүүлэхгүй байхаар тогтоох” гэжээ.

Үүнийг юу гэж ойлгох вэ. Нэгдмэл сонирхол зорилготой хүмүүс хэвлэл мэдээлэлд хяналт тогтоохоор байж болохгүй гэнэ. Нэгдмэл сонирхолтой этгээд гэж юуг ойлгох вэ. Ардчиллыг хөгжүүлэхэд нэгдмэл зорилготой улс байж болохгүй, улс орноо хөгжүүлэхэд нэгдмэл зорилготой хүмүүс байж болохгүй хэрэг үү. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн хүн өөрийн үзэл бодол итгэл үнэмшилтэй байх, заалтыг зөрчиж байна. Хүн бүр хувийн өмчтэй байх, хүн бүр хуулийн этгээд байна гэсэн Үндсэн хуулийн 2.14.2, 2.16.16,2.16.3 заалтыг зөрчиж байна.

Хэрэв энэ хууль хэрэгжвэл хувийн хэвлэл мэдээлэл байхгүй болно. Эхнэр, нөхөр хоёр гэртээ суугаад вэб сайт ажиллуулдаг, найз нөхөд нийлээд телевиз байгуулдаг ч бүр дурсамж төдий болох нь. Сонирхол нэгдээд байгуулсан л бол хамгийгаа хянуулах нь. Нэгдмэл сонирхолгүй буруу ишилсэн сүх шиг нэг нөхөр хүний хувийн өмч рүү орж заавал тэдний дунд сууж байх нь. Одоогоор Монголд 500 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж байгаа. Эд бүгд хувийнх. Ялангуяа вэб сайтууд хувийн чухал мэдээллийн хэрэгсэл. Хэн ч байгуулаад үйл ажиллагаа явуулах боломжтой байдаг. Гэтэл энэ бүх хэвлэл мэдээллийг устгах гэсэн заалт дээрх тогтоолын төсөлд багтчихсан, тэр бүү хэл чөлөөт хэвлэлийг чөдөрлөх гурвын гурван чөдөр болсон ноцтой заалт оруулсан байх юм. Хэвлэл мэдээлэл Монголд жам ёсныхоо дагуу л хөгжиж байгаа. Алдаа, оноо аль аль нь бий. Мэдээж зах зээлийн жамаар уншигч үзэгчдийн таашаал хүсэлд нийцэж байгаа нь өсөж дэвжээд, шаардлага хангахгүй нь аяндаа шахагдана. Үүнд ямар нэг хууль тогтоолоор зохицуулах гэх шаардлага ч алга.

Хамгийн эхэнд хэлсэн. Ардчиллын үндэс чөлөөт хэвлэл, чөлөөт хэвлэлийн үндэс нь хувийн хэвлэл мэдээллийн байгууллага. Ардчилал өөрөө улсын маань тусгаар тогтнолын баталгаа. Дээрх заалтууд бол Үндсэн хууль болон бусад хууль, Хэвлэлийн эрх чөлөөний хуулиудтай зөрчилдөж байна. Гэтэл хаанаасаа гэнэт ийм хуулиас давсан тогтоолоруулаад ирэв. Монголын энэ олон чөлөөт хэвлэлийг устгах зорилготой, сайт, телевиз, сониныг үгүй хийхийм заалт оруулж ирдэг нь ямар учир байна.

Монголын хувийн хэвлэл мэдээллийг, цаашлаад мэдээлэл авах эрхтэй иргэдийн эрхийг давхар зөрчсөн маш аюултай тогтоолын төслийг эхний ээлжинд байнгын хорооны хурлаар хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн байгаа. Ирэх баасан гаригт чуулганы нэгдсэн хуралдаанаар авч хэлэлцэнэ. Ард түмнээс сонгогдсон эрхэм гишүүд хуулиас давсан энэхүү тогтоолын төслийн ноцтой заалтуудыг эрх биш хасах байх гэдэгт итгэж байна.

М.СҮЛД

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Хотын охин харсан бяр амтагдаад

Бага байхад хонь хяргах гэж хэцүү, лайтайажил байв. Аагим халуунд, наадмаас өмнө хийдэг хэдэн хонио ноосноос нь салгах ажил л хангал эмнэг адуу сургахаас долоон дор. Тольтын голынхоо зүлгэн дээр хонио тууж ирээд хашчихна. Шинэ ногоонд цадаад ноос нь хөндийрчихсөн эм хонь, төлөг, шүдлэн эр хонь гээд бүгдийг нь хөлдөж гаргаад гурван хөлийг нь бооно. Хоёрдугаар ангиа төгссөн тэр зун хүний өөрийн гэсэн олон хонийг ноосноос нь салгах гэж өдөржин хөлдөж чирээд ядарсан гэж жигтэйхэн. Хамт хонь хөлдсөн айл саахалтын жаалууд ч үнэндээ үгээ хэлж, эхнээсээ сунаж унаад жигтэйхэн. Бид хэн хэнээсээ ялгарахааргүй бие жижигтэй, туранхай ч байж. Эр хонь барьж авах гэж хөлнөөс нь шүүрч аваад хаагаа ханзартал угз татуулаад нүүрээрээ газар шааж унана. Нутгийнах нар, аав, ээж яаж ч магтаж хөөргөөд үнэндээ хамаг хүч чадал барагдчихаад унжийсан амьтад суугаад байлаа. Томчууд “Хэдэн хүүхдүүд ч ядарчихсан байна. Өнөөдөртөө ингээд дуусгая” гэж байтал нэг машин гэрийн гадаа зогсов. Хотоос манай нутагт амрахаар ирсэн хүмүүс байв. Машинаас бидний үеийн бололтой нэгэн охин буугаад ирлээ. Хотын охин харсан бидний нүд сэргээд ирж байгаа юм. Нэг мэдсэн нөгөө охинд бяр чадлаа харуулах гэсэндээ хоорондоо уралдаад л, хамгийн том биетэйгээс нь шилж байгаад л хөлдөөд байгаа. Юун угз татуулж хамраараа газар шаах. Нас бие гүйцсэн эр хонийг хуу татаж, чирч гаргаад хэний ч туслалцаагүй хөлийг нь боочихож байгаа юм. Тэр охиныг хараад бидний хэдэн жаал юу болов гэмээр бяр чадал орсон юм. Байгалийн бодгалийн хуулиар эсрэг хүйстнээ харах нь өөрчлөлт авчирдаг нь энэ буюу.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
мэдээ нийгэм

Бага морь одтой, хөхөгчин гахай өдөр

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 29. Буд гариг, Билгийн тооллын 11. Бага морь одтой, хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран 05.54 цагт мандан, 20.06 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал адгуус муулах, хараал жатхыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Зэрлэгүүдийн түрлэг” нийтлэл гарлаа

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа. Энэ дугаарт Баабар “Зэрлэгүүдийн түрлэг”-ийн тухай өгүүлэв. Хэн хүнгүй намчирхаж, улс төрждөг болсон цаг үед Баабарын сагасан зэрлэг хувьсгалчид, люмпен зэрэг тодорхойлолтууд өвөрмөц.

“Өдрийн сурвалжлага” Түлэнхийн төвийн барилгын ажил энэ жил эхлэх тухай онцолжээ. Түлэнхийн тасгийн ихэнхи өвчтөнүүд нь ид хөдөлгөөнтэй үедээ байгаа нэг, хоёр настанууд байжээ.

Үндэсний супер лигийн энэ улирлын финалийн тоглолтын сурвалжлагыг“Спорт” нүүрт нийтэлсэн шүү.

“Улс төр” нүүрт Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Тэтгэвэрийн насыг нэмэхгүй” хэмээн хэлжээ.

“Баримт, үйл явдал” нүүрээс Гэсэр лам , түүний шавийгхийдтэй болгох, олон нийтэд сурталчилахад эхний ээлжинд 200 гаруй сая төгрөг шаардлагатай хэмээн өгүүлжээ. Итгэлт хамбаас урт настай занданшуулсан шарилуудыг хийдтэй болгож, сүсэгтэн олон болон жуулчдыг татахаар зэхэж байгаа гэнэ.

“Соёл урлаг” нүүрээс сүүлийн үед хүмүүсийн шимтэн үзэх босон “Содура” уран сайхны киноны хоёрдугаар найруулагчаар ажилласан О.Эрдэнийн яриаг уншаарай. “Содура” кинонд тайгын эзэн, цаатнуудын ёс заншил, хайр сэтгэл,хар санаа бүхнийг тусгасан гэж уран бүтээлч ярьжээ.

“Дэлхийн мэдээ” АНУ-ын Мэриленд мужид онц байдал тогтоосон тухай онцолжээ.

“Хүмүүс” нүүрт “Бөхийн Бааст гуайнд бага үдээр” сурвалжлага нийтлэгдсэн байна.

“Аян замын тэмдэглэл” нүүрээс “Ази, Европыг холбосон Станбулын тэнгэр дор” нийтлэлийг хүлээн авна уу.

“Өөрөөс нь…” нүүрээс Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулуунтай хийсэн ярилцлагыг уншаарай. Тэрбээр АСЕМ-ынорнуудын уулзалтыг сайн хийж чадах болов уу гэж санаа зовж байна хэмээн өгүүлжээ.

Дэлхийн бүжгийн өдрөөр манай сэтгүүлч Н.Пагма“Жаз модерн” бүжиг найруулсанбүжиг дэглээчС.Сүхбаатартай ярилцсаныг амтархан уншаарай.

Дашрамд дуулгахад, “Өдрийн сонин”-ы хоёрдугаар улирлын нэмэлт захиалга явагдаж байна. Манай сониныг захиалахыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдож захиалгаа өгөөрэй. Мөн цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

Эрхэм уншигч та, манай сонинг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Үрийн буудайг 30 хувийн урьдчилгаатай авах боломжтой

Энэ хаврын тариалалтанд нийтдээ 48. мянган тонн буудайн үр шаардагдах ажээ. Үүнээс аж ахуйн нэгжүүд 2014 оны ургацаас 38.0 мянган тонныг нөөцөлсөн бөгөөд дутагдах үрийг Тариалан эрхлэлтийг дэмжих сан /ТЭДС/ болон ОБЕГ-ын Улсын үрийн нөөцийн салбарт хадгалагдаж буй үрийн буудайнаас гаргаж зохицуулахаар шийдвэрлэн, хэрэгжилтийг зохион байгуулж байна.
Өнөөдрийн байдлаар ТЭДС-гаас нийтдээ 103 аж ахуйн нэгж, иргэнд 2.3 мянган тонн буудайн үрийг 20 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгожээ.
Хаврын тариалалтад дутагдаж байгаа үрийн хэрэгцээг хангах зорилгоор Монгол Улсын Шадар сайдын 2015 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 52 дугаар тушаалаар Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөцийн салбараас чанар сайтай үрийн буудайг 30 хувийн урьдчилгаатайгаар худалдан борлуулахаар шийдвэрлэсэн байна.

Иймд тариалан эрхлэгчид 30 хувийн урьдчилгаатайгаар үрийн буудай зээлж аваад үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас чанар, стандартын шаардлага хангасан улаанбуудайн үрээр нөхөн бүрдүүлж болох ажээ.
Одоо тариалалтад зориулан нөөцөлсөн буудайн үрийг цэвэрлэж, дугаарлан жишигт тэнцүүлэх, нарлуулах, ариутгах ажлууд хийгдэж байна.

Categories
гадаад мэдээ

Өмнөд Солонгос улс хойд хөршдөө бордооны тусламж үзүүлнэ

Даваа гаригт Өмнөд Солонгос улсын зүгээс Пхеньянд бордоогоор хангах тусламж үзүүлэхээ мэдэгдлээ. Энэ нь сүүлийн таван жилд Өмнөд Солонгос улс хойд хөршдөө тусламжийн бараа өгч буй анхны тохиолдол юм. Энэхүү мэдээллийг Өмнөд Солонгос, АНУ маргаантай байгаа хилийн бүст уламжлал ёсоор цэргийн хамтарсан сургуулилт хийх гэж байгаа талаараа зарласны дараа мэдэгдсэн байна. Өмнөдийн Нэгтгэлийн сайд мэдэгдэхдээ, Өмнөд Солонгосын Ace Gyeongnam тусламжийн байгууллага нь Хойд Солонгос дахь хүлэмжийн төсөлд зориулан нийт 15 тонн бордогч бүхий аж ахуйн түүхий эд хүргэх ажлыг хариуцаж байгааг хэлсэн юм.

2008 оны эхээр консервативчууд төрийн эрхийг атгаснаас хойш Сөүлийн зүгээс Умард Солонгост хүргэх засгийн газрын тусламжийг бүрэн зогсоогоод байсан билээ. Түүнчлэн 2010 онд Чеонан гэх нэртэй Өмнөд Солонгосын усан онгоц далайд осолдсоноос хойш хүний эрхийн болон тусламжийн байгууллагуудад мөн хориг тавьж байсан юм.

Э.Номин

Categories
мэдээ нийгэм

Улаан бурхнаар өвчлөгсдийн тоо нэмэгдэж байна

Улаанбурханы дэгдэлт гарч эхэлснээс хойш Улсын хэмжээнд халууралт тууралттай хам шинжийн 2380 тохиолдол бүртгэгдснээс, лабораторийн шинжилгээгээр 341 тохиолдол нь улаабурхан болох нь батлагдаад байна.

Улаанбурханы лабораториос Гонконгийн Улаанбурханы бүсийн лавлагаа лабораторид баталгаажуулах шинжилгээнд илгээсэн эерэг болон сөрөг сорьцууд ийлдэс судлал болон ПГУ-н шинжилгээгээр 100 хувь батлагдсан байна. иймээс ирэх тавдугаар сард зохион байгуулагдах нэмэлт дархлаажуулалтын тушаал хэрэгжихэд бэлэн болж байгаа ажээ.

Мөн Улаанбурханы асуудлаар ДЭМБ-аас Зөвлөх мэргэжилтэн урьж ажиллуулахаар бэлтгэл ажлыг хангасан байна.
Улаан бурхан өвчний дэгдэлттэй холбоотой халдвартын клиникийн долоон тасагт улаанбурхантай өвчтөнийг авч, амбулаторийн тасгийн эмч нарыг тасгуудад нэмэлтээр ажиллуулж байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д төвд 684 өвчтөн, 203 сахиур байгаагийн 389 нь улаанбурхан өвчний улмаас эмчлүүлж байна.