Categories
мэдээ улс-төр

З.Энхболд: Таван толгойн асуудал дээр гарын үсэг зурахаар оролдсон сайдыг огцруулна

-Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг-

Монгол Улсын Ерөнхийлөгчөө

Монгол Улсын Ерөнхий сайд аа,

Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,

Хүндэт зочид оо,

Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулган эхэлж байна. Чуулганы завсарлагааны хугацаанд Та бид иргэд, сонгогчидтойгоо уулзан хууль тогтоомжийг сурталчилж, хэрэгжилтийн явцтай танилцан, хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар иргэдийн санал, бодлыг сонслоо.

Миний бие Дундговь, Өмнөговь аймагт ажиллаж, аймаг, сумын төвүүдэд иргэдтэй уулзаж, Оюутолгойн уурхай, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа. Дундговь аймгийн Гурвансайхан сумын төвд Төсвийн болон НҮБ, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр сумын төвийн усан хангамжийг сайжруулах төсөл хэрэгжиж хашаанд амьдарч буй айлын хувийн байшин дотроо цэвэр бохир устай болсон байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 100 сумын усан хангамжийн асуудлыг шийднэ гэж тусгасны дагуу одоогоор төсөв болон НҮБ-ын төслийн хөрөнгөөр нийтдээ 30 орчим суманд ийм ажил хийгдээд байна. Энэ бол хот хөдөөгийн ялгааг арилгах, монгол хүний хорин нэгдүгээр зуунд амьдрах үндсэн нөхцөлийг хангахад чухал ач холбогдолтой төсөл учраас тууштай үргэлжлүүлэх хэрэгтэй байна.

Өмнийн говьд дэлхийн хамгийн том, тэргүүний таван үйлдвэрийн нэг байгуулагдаж үйл ажиллагаа явуулж байна. 3000 хүн ажиллаж байгаагийн 95 хувь нь монголчууд байна. Эдгээр залуучууд дэлхийн шилдэг техник, технологийг эзэмшиж эрч хүчтэй ажиллаж байна. “Эрдэнэт” үйлдвэрээс хоёр дахин их бүтээгдэхүүн үйлдвэрлэж, “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой зэсийн баяжмал савлагдаад экспортлогдож байна. Ил уурхай дээр Монголын Засгийн газар өөрт хамаарах бүх асуудлаа шийдсэн болохоор одоо хөрөнгө оруулагчид зээлээ аваад далд уурхайгаа ажиллуулах хэрэгтэй байна. Энэ талаар Оюутолгойн удирдлагуудтай уулзах үед байр сууриа илэрхийллээ.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил эрчимтэй явагдаж байна. Төмөр замын тээврийн тухай хууль, Үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал, үндэсний төмөр замын сүлжээ байгуулах зэрэг шаардлага, зорилтыг үндэслэн Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам бол төрийн өмчит компанийн мэдэлд байна гэдэг шийдвэрийг 2011 онд Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл гаргасан. Энэ шийдвэрийг Засгийн газар мөрдөж ажиллах ёстой.

Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналт эдийн засгийн өсөлтөд муугаар нөлөөж байгаа хэдий ч уул уурхайн бус зарим салбарын экспортод ахиц дэвшил гарч байна. Үүнийг өмнөх онтой харьцуулахад 2015 оны эхний хоёр сарын байдлаар нэхмэлийн материал болон нэхмэл бүтээгдэхүүний экспорт 60 хувиар, малын гаралтай бүтээгдэхүүний экспорт 25 хувиар гэх мэтээр өссөн дүн харуулж байна. Энэ нь хүнд, хөнгөн аж үйлдвэрийн салбар, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлогоо тууштай үргэлжлүүлэхийг бидэнд сануулж байгаа хэрэг.

Иргэд парламентад суудалтай бүх нам, эвсэл хамтарч Засгийн газар байгуулсныг дэмжиж байгаа ч итгэлцлээ батжуулж харилцан зөвшилцөж ажлаа эрчимжүүлэхийг анхааруулж байна. Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэн үүнд анхаарлаа хандуулж ажиллахыг хүсч байна.

Улсын Их Хурлын даргын Япон, ХБНГУ, БНПУ-д хийсэн албан ёсны айлчлал амжилттай болж хоёр талын парламент хоорондын харилцааг өргөтгөх талаар хэлэлцээр хийж, хамтын ажиллагааны олон чухал асуудлаар санал солилцлоо.

Монгол Улсын Их Хурал Япон Улстай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг богино хугацаанд хэлэлцэж баталсан. Япон Улсын парламент ойрын хугацаанд батална гэдгээ илэрхийллээ. Хоёр орны эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдаж байгаа нь Япон Улсын аж үйлдвэрийн глобаль сүлжээнд нэгдэн орж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг олгох болно.

Бид хөрш хоёр оронтой харилцах харилцаанд тулгуурлан гуравдагч хөрш орнуудтай идэвхтэй хамтран ажиллаж эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хийх бодлогыг тууштай баримтлах хэрэгтэй байна. Япон, ХБНГУ бол нэг нь Азийн, нөгөө нь Европын Холбооны нөлөө бүхий хамгийн том эдийн засагтай улс орнууд. Аль алинд нь машин үйлдвэрлэл, аж үйлдвэрийн салбар өндөр хөгжсөн болохоор түүхий эдийн тогтвортой хангамж хэрэгтэй байна. Тэр нь Монгол Улсад байна. Ийм таатай нөхцөлд энэ хоёр улсын техник, технологиос суралцаж, түүхий эддээ хоёр, гурав дахь шатны боловсруулалт хийж экспортын хэмжээг нэмэгдүүлэхэд эдгээр улсуудын хөгжсөн эдийн засгийг ашиглах хэрэгтэй.

Энэ жил Монгол, БНПУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байна. Хоёр орны хоорондын эдийн засаг болон худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн тулд Улаанбаатар дахь Польшийн Элчин сайдын яамны үйл ажиллагааг сэргээх, уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах, хоёр улсын хооронд дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээр байгуулж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх талаар хоёр талын сонирхол нэгдмэл байна.

Дээрх гурван улсын төр засаг, аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай уулзахад өмнө нь ярьсан, хэлэлцсэн асуудлаа ажил хэрэг болгохын төлөө санаачлагатай ажиллахыг бидэнд анхааруулж байна. Энэ бол бодитой шүүмжлэл гэж бид хүлээн авч Засгийн газар, улс хооронд хийгдсэн гэрээ хэлцлийн гүйцэтгэлд хатуу хяналт тавьж ажиллах хэрэгтэй.

Эрхэм гишүүд ээ,

2012 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан энэ удаагийн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа дуусахад 1 жилийн хугацаа үлдэж байна. Бидэнд хугацаа бага, шийдэх асуудал их байна. Өнгөрсөн хугацаанд бид улс орны хөгжлийн бодлогын олон чухал асуудлуудыг шийдвэрлэсэн хэдий ч зайлшгүй хэлэлцэж шийдвэрлэх багагүй асуудал хүлээгдэж байна.

Энэ удаагийн хаврын чуулганаар хуульд заасны дагуу Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт болон Монгол Улсын Засгийн газрын 2014 оны санхүүгийн нэгдсэн тайлан, “Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай”, “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай”, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэн батална.

Түүнчлэн Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэх тухай, Сонгуулийн тухай, Улс төрийн намуудын тухай, Намуудын санхүүжилтийн тухай зэрэг олон чухал хууль хэлэлцэгдэнэ. Мөн “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай”, “Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийг батлах тухай”, “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай”, “Үйлдвэрлэлийг дэмжих тухай”, “Төрийн албаны тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэж батлахаар тусгаад байна.

Улсын Их Хурлын даргын захирамжаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, “Улс төрийн намын тухай”, “Улс төрийн намын санхүүжилтийн тухай” хуулийг нэгтгэх, “Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай”, “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай”, “Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай”, “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай” хуулиудыг нэгтгэж Монгол Улсын сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байна.

Сонгуулийн тухай болон улс төрийн намын тухай хуулийн төслүүдийг энэ чуулганаар хэлэлцэж батлах нь улс төрийн чухал ач холбогдолтой болохыг эрхэм гишүүд Та бүхэн ойлгож байгаа гэдэгт итгэж байна. Миний ойлгож байгаагаар эдгээр хуулиудын үзэл баримтлалыг намууд харилцан зөвшилцсөн тохиолдолд тийм ч олон өөрчлөлт орохгүй. Ялангуяа Сонгуулийн тухай хууль аль болохоор тогтвортой мөрдөгдөх нь төрийн тогтвортой байдалд ч чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Сүүлийн үед төрийн албан хаагчдыг хоморголон халж байгаа талаар Улсын Их Хуралд олон арван гомдол, санал ирж байгаад сэтгэл эмзэглэж байна. Төрийн албан хаагчдыг халж солихын тулд намууд хамтарч ажиллаагүй гэдгийг Засгийн газар, салбар хариуцсан сайд нар анхааралдаа авч бүх шатанд халаа сэлгээгээ яаралтай зогсоох хэрэгтэй. Төрийн албан хаагчид бол төрийн албаны хуулиар зохих ёсоор хамгаалагдсан хүмүүс. Тийм учраас Төрийн албаны зөвлөл энэ асуудалд анхаарлаа хандуулж хуулийн хүрээнд хатуу хяналт тавьж ажиллахыг үүрэг болгож байна.

Тавантолгойн ордыг ашиглах хэлэлцээрийн явцыг Улсын Их Хурлын зүгээс анхааралтай ажиглаж байна. Монгол Улсын Үндсэн хуулинд зааснаар “газрын хэвлий, түүний баялаг төрийн өмч мөн”. Тавантолгойн нүүрсний ордыг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн орд юм.

Засгийн газар Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолын хүрээнд Тавантолгойг ашиглах уралдаант шалгаруулалтыг явуулж байна. Гэтэл Тавантолгойн ордыг ашиглах талаар явагдаж байгаа хэлэлцээр нь Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг зөрчиж байна.

Энэ талаар Улсын Их Хурлын удирдлага байр сууриа албан ёсоор илэрхийлж, 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Засгийн газарт хүргүүлсэн. Энэхүү хэлэлцээрийг байгуулж байгаа нөхцөлөөс харахад Монгол Улсын эдийн засаг нэг зах зээлээс бараг бүрэн хамааралтай болох нөхцөл үүсч байна.

Энэ нь 2010 онд Улсын Их Хурлаар баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан нэг улсын хөрөнгө оруулалтыг нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс ихгүй байлгана гэсэнтэй нийцэхгүй байна.

Засгийн газрын байгуулахаар төлөвлөж байгаа гэрээ, хэлэлцээрийн төслийг өнөөдөр өглөө нэхэж авлаа. Гэрээ, хэлэлцээрийн төслийг эрхэм гишүүд Та бүхэнд хүргүүлсэн. Та бүхэн эдгээр гэрээг уншаад, Засгийн газар яагаад Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхгүйгээр, чуулган нээгдэж байгаа энэ өдөр яаран шийдвэрлэх гэж байгааг ойлгох болно.

Өнөөдөр байгуулахаар төлөвлөж байгаа эдгээр гэрээ, хэлэлцээрийн төслийг харахад Монгол Улсын үндэсний эрх ашгийг хангаж чадаагүй байна. Тухайлбал,

Монгол Улсын Засгийн газрын үүрэг маш тодорхой хугацаатай байгаа бол нөгөө талын үүрэг нь хугацаагүй, зорилтын шинж чанартай, зорилт биелэгдээгүй тохиролдолд хүлээх хариуцлага байхгүй байна.

Мөн Тавантолгойн ордыг ашиглах гэрээг 30 жилээр байгуулж, дахин 30 жилээр сунгах, Иргэдийн эзэмшиж буй 1072 ширхэг хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай тохиролцоо хийгдээгүй, Нэмэлт хайгуул хийгээд нөөцийг нь яах нь тодорхойгүй, 4 тэрбумын хөрөнгө оруулалтад одоо оруулсан “Энержи Ресурс” компанийн хөрөнгө оруулалтыг хамруулсан, Төмөр зам өргөтгөх бол зөвхөн хөрөнгө оруулагч нөгөө тал хийх эрхийг олгосон, төрийн өмчит “Монголын төмөр зам” ХК-ийн зардлыг шалгасны дараа төлөх, нөгөө талын хөрөнгө оруулалтыг үнэлэхгүйгээр байгаагаар нь тооцох зэрэг заалтуудыг оруулж, гэрээг байгуулсны дараа цуцалсан тохиолдолд хөрөнгө оруулагч “Шинхуа” компанийн 30 жилд олох байсан ашгийг төлөх үүрэг хүлээсэн байна.

Эдгээр гэрээг байгуулахдаа Монголын тал ямар ч хуулийн болон санхүүгийн хөндлөнгийн зөвлөгөө аваагүй, харин хөрөнгө оруулагч тал олон улсын нэр хүнд бүхий ‘’Deloitte’’, ‘’KPMG’’ зэрэг компаниас үйлчилгээ авсан байна.

Ийм ноцтой үр дагавартай, Монгол Улсад илт хохиролтой гэрээ, хэлэлцээр байгуулахыг би зөвшөөрөхгүй. Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолын дагуу Тавантолгой ордыг ашиглах гэрээг Улсын Их Хурал яаралтай хэлэлцэж шийдвэрлэх ёстой.

Хэрэв Тавантолгойн ордыг ашиглах гэрээ, хэлэлцээрийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхгүйгээр өнөөдөр гарын үсэг зурах шийдвэр гаргасан, гарын үсэг зурахаар оролдсон сайд нарт хариуцлага тооцон огцруулах болно гэдгийг мэдэгдье.

Эрхэм гишүүд ээ

Энэ хаврын чуулганаар цаг хугацаа тулсан олон чухал асуудал хэлэлцэгдэх учир байнгын хороо нам эвслийн бүлэг нилээд ачаалалтай ажиллана. Бодит байдалд дүгнэлт хийж эрхэм гишүүд Та бүхэн нам, эвслийн бүлэг, байнгын хороо, чуулганы үйл ажиллагаанд идэвхи, санаачлагатай оролцож, хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлаа бүрэн шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна. Бидэнд маш бага хугацаа үлдэж байгаа гэдгийг дахин сануулья.

Та бүхэнд ажлын амжилт хүсч, Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы ажиллагааг нээснийг мэдэгдье.

Categories
мэдээ нийгэм

Зам, даваа хаагдсантай холбогдуулж сэрэмжлүүлж байна

Нийслэл болон орон нутгаар өчигдөр шөнөөс эхлэн цас орсны улмаас зарим зам, даваа хаагдсантай холбогдуулж Нийслэлийн Онцгой байдлын газраас ард иргэдэд сэрэмжлүүлж байна.

Авто Тээврийн Үндэсний Төвийн мэдээлж буйгаар өнөө өглөөний 10:30 цагийн байдлаар: Өмнөговь, Дундговь, Дархан-Уул аймгийн чиглэлд бага зэргийн салхитай; Орхон, Булган, Хөвсгөл аймгийн чиглэлд Хөшөөтийн даваа орчим цас орсон, шуургатай; Говьсүмбэр аймгийн чиглэлд цас их орсон, цасан шуургатай; Баруун чиглэлд зам даваа хаагдсан шуургатай; Зүүн чиглэлд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар бага зэрэг явган шуургатай байна.

Харин 13:00 цагийн байдлаар замын нөхцөл: Баруун чиглэлд зам даваа цасанд боогдож, хаагдсан хэвээр, зүүн чиглэлд шуурга их, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул Багануур дүүргийн Засаг даргын захирамжаар Багануурын постонд хөдөлгөөн хаасан байна. Мөн хойд чиглэлд 124 даваа орчим цасан шуургатай, үзэгдэх орчих хязгаардлагдмал, Дархан хотод шороон шуургатай, Эрдэнэтэд бүүдгэр, явган шуургатай байна. Улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд одоогоор шугам замд нийт 41 тээврийн хэрэгсэл, 867 зорчигч замд явж байна.

Нийслэлийн Онцгой байдлын газар болон Шуурхай удирдлагын төвөөс цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан 14 цагаас хуралдаж, тодорхой арга хэмжээ авахаар ажиллаж байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ

УИХ-ын Хаврын ээлжит чуулган морин цагт нээлтээ хийлээ. Чуулганы хуралдааны нээлтэд нийт гишүүдийн 67 нь буюу 88.2 хувь нь хүрэлцэн ирэв.

УИХ-ын дарга З.Энхболд хуралдааныг нээж үг хэлэхдээ Оюутолгой, Таван толгой, Гашуун сухайтын ордын бүтээн байгуулалт, ажлын явцтай танилцсанаа онцлон дурдаж, энэ удаагийн хаврын чуулганаар ямар ямар хуультогтоолын төслүүд хэлэлцэхийг танилцууллаа.

Categories
мэдээ нийгэм

НОБГ-ынхан цасан шуурганаар 68 иргэнийг аварсан байна

Өнгөрсөн амралтын өдөр орсон их хэмжээний цасны улмаас нийслэлийн Онцгой байдлын газарт машин цасанд сууж хөлдөх осгох эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн, төөрсөн дуудлага нилээдгүй ирсэн байна. Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллажээ

Тухайлбал:
Төв аймгийн Баян сум, Мааньтын хорихын зүүн талд 3 том хүн, 5 хүүхэдтэй автомашин цасан боогдсон, машин нь шатахуунгүй болсон гэсэн дуудлагыг өсгнөөр Аврах гал унтраах 80 дугаарын ангийн албан хаагчдыг очиход Төв аймгийн Баян сумын нутаг хүдрийн уурхай орох автозамд 1 автомашинтай, 8 иргэн даарсан байдалтай цасанд боогдсон байсныг автомашиныг цаснаас татаж гарган иргэдийг аюулгүй газарт хүргэсэн байна.
Мөн дөрөвдүгээр сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын нутаг Ар хүйтэн гэдэг газарт иргэн Б төөрсөн гэсэн мэдээллийн дагуу Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 27 албан хаагч, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж Бэрхийн булан гэдэг газар Хэрлэн голоос автомашиныг нь мөсөнд цөмөрсөн байдалтай байсныг олж голоос татаж гаргасан байна. Одоогоор тухайн иргэнийг усанд осолдсон байх магадлалтай тул нийслэлийн Аврах ангийн 6 албан хаагч автомашин олдсон голын хэсэгт уснаас эрэн хайж байна.
Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Багануур дүүргийн ОБХэлтсээс Хэнтий, Сүхбаатар аймгийн чиглэлийн авто замын постод, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Төв аймгийн чиглэлийн авто замын постод, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс баруун аймгийн чиглэлийн авто замын пост, уулзваруудад иргэдийг төөрөх, цасанд суух, осгох хөлдөх аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт, тандалтыг зохион байгуулж нийт 48 автомашинтай 68 иргэнийг цасанд боогдсон байсныг татаж гарган хөлдөх, осгох эрсдэлтэй нөхцөл байдалд байсныг аварсан байна.

Categories
мэдээ нийгэм

Монгл хэл бичгийн дахин шалгалт энэ сарын 25-нд болно

ЭЕШ-д орох эрх олгодог Монгол хэл бичгийн шалгалт гуравдугаар сарын 21-д болсон бөгөөд шалгалтын дүн гарсан байна. Шалгалтаар 400-аас бага оноо авсан сурагчид энэ сарын 25-нд давтан шалгалтад орох боломжтой бөгөөд дахин босго оноонд хүрээгүй бол энэ жил ЭЕШ-д орох боломжгүй болох юм.

Өнөө жил энэ шалгалтад босго оноо тогтоож, 400-аас дээш оноо авсан шалгуулагчид Элсэлтийн ерөнхий шалгалтад орох эрхтэй байхаар журам гаргасан билээ.

Categories
мэдээ цаг-үе

Р.Эмүжин: Эх хүн жигүүрээ хэдийд хумиж, хэдийд дэлгэхээ мэддэг

Яруу найрагч, зохиолч Р.Эмүжинтэй ярилцлаа. Тэрбээр энэ өдрүүдэд хүүхдийн үлгэрийн зургаан номоо уншигч багачууддаа хүргэсэн юм.

Хамгийн ихээр үгүйлэгдэж байгаа хүүхдийн уран зохиолд, ялангуяа үлгэрийн төрлөөр хэд хэдэн ном гаргасанд баяр хүргэе. Эмүжин Монголынхоо бяцхан үрсэд зориулж үлгэр бичиж байгаа нь их сонихон сайхан санагдаж байна?

-Би ээж болсноосоо хойш хүүхдийн үлгэрийн ном бичих юм сан, гэхдээ бүр хэн хүнд хүртээмжтэй олон сайхан ном гаргах юм сан гэж мөрөөдөх болсон. Гэтэл Мадонна надаас өрсчихсөн л дөө. Тэр үед Мадоннагийн номууд орчуулагдаад Монголд орж ирж, тийм нэг гэмгүй цагаахан шар хөдөлж байлаа. Тэр хүний ард дөч тавин хүнтэй мэргэжлийн баг ажилладаг болманай нөхцөлд бид өөрсдийн бор зүрхээр, сайхан юм хийе дээ гэж шатаж явдаг хүсэл мөрөөдлөөрөө л хийцгээж байна даа. Бодсоор явтал мөрөөдөл маань ч бараг замхрах тийшээ хандаж,арван жилийн дараа бага хүүгээ төрүүлсэн. Бага хүүгээ төрсний дараа хүүхдийн үлгэрийн ном бичих юм сан гэдэг нөгөө л эрт цагийн мөрөөдөл маань буцаад ирсэн л дээ. Хөвгүүдээ багад нь өвөртлөөд унтахдаа үргэлж үлгэр ярьж өгнө.Бидэнд мэддэг үлгэр бас цөөн, тогтоосон нь ч ховор юм. Тэгээд голдуу л өөрөө зохиогоод ярьж өгдөг байлаа. Жаахан том болоод ирэхээрээ хүүхдүүд маань өөрсдөө захиалга өгнө. Ээж ээ, өнөөдөр бартай үлгэр сонсъё, өнөөдөр дурласан могойны тухай сонсъё гэхчлэн. Цааш нь бүр хөгжөөд “Ээж ээ, өнөөдөр галт уул дэлбэрээд үлэг гүрвэлийн сүрэг тэндээсээ зугтаад амьд гарч байгаа тухай үлгэр сонсъё” гэхчлэн өөрсдөө үйл явдал руугаа ороод эхэлсэн л дээ. Ер нь хүүхдийн ертөнц нь өөрөө үлгэр юм. Гэртээ харандаа цаас барьдаггүй, усан будаг, будгийн харандаа тажигнуулдаггүй хүүхэд байдаггүй шүү дээ. Хүүхдийн хазгай муруй ч гэсэн татаж байгаа зураас нь өөрөө хүүхдийн бүтээл юм, хүүхдийн ертөнц юм. Нөгөөтэйгүүр, хүүхдийн зохиолд яах аргагүй үгүйлэгдэж байгаа орон зайд уран зохиолд давалгаалж орж ирсэн нэгэн хүчтэй, өөр цаг үеийн өөр төлөөллүүдийн хувьд ерээд оныхон бид өөрсдийн орон зайгаа бүтээх ёстой гэсэн бодол байдаг. Энэ бол бидний цаг үе.

Үлгэрийнхээ номын бүтцэд хэрхэн хандав?

-Зургаан номын маань тав нь бие даасан нэг нэг үлгэр, тус тусын өөр ертөнц. Жишээ нь, “Үзэсгэлэнт оюун ухаан” гэдэг үлгэр байна. Яг орчин цагийн хүүхдүүдийн сургууль дээр нь өрнөдөг өрсөлдөөн, хувцас, гоёл, хүргүүлдэг машин гэхчлэн энэ өрсөлдөөн дотроос хүүхэд оюун ухаанаараа гоёсон нь хамгийн үзэсгэлэнтэй юм байна гэдгийг ухаарч байгаа тухай үлгэр юм. Үлгэр болгондоо ухаарал шингээж, номынхоо чимэглэл, дизайнаар нь хүртэл дамжуулж сургаалийн чанартай ухаарал хайрлахаар санаануудыг шигтгэж өгсөн байх жишээтэй. Энэ үлгэрүүдийг би зөвхөн хүүхдүүдэд төдийгүй томчуудад зориулж бичсэн л дээ. “Хэрэв өөрөө хүсвэл чи ч бас солонгын өнгөөр гэрэлтэж чадна” гэх мэтчилэн үлгэр болгоноор дамжуулаад ухаарал ямар нэгэн сургамж, хэлэхийг хүссэн. Магадгүй бидэнд өчнөөн олон жилийн дараа, гуч дөч хүрсэн хойноо амьдралын энэ их нугачаанд бүдрэхдээ мартчихсан, эргээд санахаа байчихсан тийм сургамжуудыг сэргээж шигтгэж өгсөн байх жишээтэй.

Том хүмүүс явж явж том болсон хүүхэд л байдаг гэдэг шүү дээ. Тэр үүднээсээ таны үлгэрүүдэд магадгүй том болчихсон Эмүжин хэмээх бяцхан охины ертөнц буусан болов уу?

-Мэдээж. Ер нь зохиолч хүн бол өөрийнхөө араншинг ч юм уу хүсэл,төсөөллийгзохиолынхоо аль нэгэн дүрд заавал шингээдэг шүү дээ. Энэ шижмээр миний зохиосон үлгэрүүдэд Эмүжингийн хаялга, өнгө, танил юм шиг араншингууд байгаа. Би бага хүүгээ зургаан нас хүртэл нь орой болгон үлгэр ярьж өгсөн гэхээр хэдэн үлгэр зохиосон байж таарах вэ. Хүү минь надад хэдэн амьтны амьдрал, үр зулзага, хайр дурлалыг захиалсан байж таарах вэ, тийм үү. Тэр болгоныг хүүхдийн ном болгож гаргана гэдэг бас бэрхшээлтэй.Учир нь хүмүүс түүнийг хачирхаж сонирхож, дурлаж харахаасаа гадна ухаарал авч үлдэх ёстой. Тэр талаас нь нэлээн бодож бичсэн.

Анхны шүлгийн номоосоо хойш яруу найргийн ном гаргах ямархуу байсан бэ?

-1998 онд анх гаргасан шүлгийн номоосоо хойш яруу найргийн дөрвөн ном гаргасан. Дараа нь тэднээсээ эмхэтгээд хоёр боть маягийн ном гаргасан л даа. Өгүүллэгийн хувьд, угаасаа яах аргагүй бичмээр санагддаг юм байна. Бичмээр санагдахдаа өөрийн эрхгүй зүрх сэтгэлээс бүр түрж орж ирдэг юм байна. Жишээ нь, нийтлэл бичээд сууж байхад хажуугаар нь өгүүллэгийн үг хэллэг, санаа ороод ирдэг. Бидний өдөр тутмын сонины хүнд эргүүлэгт амьдарч байгаа хүмүүст тэр болгоноо бичээд байх боломж гардаггүй. Өгүүллэгийн анхны “Улбар хөлт” гэдэг номоо бага хүүгээ тэгээд гэртээ хэвтэж байхдаа бичсэн. Надад гэртээ хэвтэх нэг боломж олдсон нь бага хүүгээ төрүүлэх гэж гэртээ хэдэн сар суусан үе юм. “Улбар хөлт”-ийн дараа хоёр жилийн турш бодож явж байгаад дараагийн номоо гаргасан. Энэ бүхэн хэлбэрдээд ч юм уу эсвэл би шүлэг ч бичнэ, өгүүллэг ч бичиж чадна гэж онгироод ч юм уу хийж байгаа биш юм шүү дээ. Аяндаа дотроос өөрөө түрээд урсаад гараад ирж байгаа хэрэг. Урсаад ороод ирж байгаа усыг, сүргээрээ давхиад ороод ирж байгаа адууг хорьж буцаахгүйтэй адил юм даа.

Яруу найрагч Эмүжин ерээд оны сүүлчийг эргэн харвал өнөөдөр орон зайгаа хэр их тэлж чадсан бэ?

-Мэдээж өөр. Жишээ нь, үр хүүхэд, эх орон гэдэг ч юм уу монголчуудын хайртай сэдвүүд байна. Тиймэрхүү сэдвүүд рүү өөрийн эрхгүй ухаан түшиж ордог юм байна. Би хоёр хүүтэй. Би энэ амьдралыг туулж, хоёр хүүгээ өдий зэрэгт хүргээгүй байсан бол өнөөдөр энэ шүлгүүдээ бичихгүй шүү дээ. Бид өнөөдөр дөч гарчихлаа. Нэгэн үеийн, дурласан дурлаагүй, салсан нийлсэн өчнөөн амьдрал, амжилт ололт тэр бүхний хэрээр надаас гарч байгаа уран бүтээл ч гэсэн орон зайгаа тэлж өөрчлөгдөж байна. Тэгсэн хэрнээ нөгөө л арван найм, арван естэйдөө, хорин хэдтэй үеийн бичдэг хөнгөн, мэдрэмжид хөглөгдсөн сэдвүүд бас адилхан гараад л байна. Жишээ нь, Намайг шүлэг бичдэг болохоор чи дурласан юм уу

Надад хавар мэт ирдэг болохоор хайрласан юм уу.. гэх жишээтэй тийм нэг зоргоороо, мэдрэмжийн, гэнэн томоогүй ч юм шиг ертөнцийг ямар ч сэтгүүл зүйн салбар, ямар ч амьдрал, ямар ч зовлон жаргал хайрцаглаж чөдөрлөж чадахгүй. Нэг их ухаан суучихлаа гээд барих гээд ч яах юм, өөрөөр нь зөнгөөр нь гаргаад бичээд сууж байх нь надад жаргал юм даа. Хүн гэдэг угаасаа л байгалийн амьтан юм байна л даа. Байгалийн амьтан гэдгээ саяхны нэг их бороо ороод цас нэвсийсэн өдөр их олон хүн мэдрэх шиг боллоо л доо. Цас орсон чинь адуу шиг үүрсээд бороо орсон чинь бараг л хулан тахь шиг баярлаж гүйгээд л. Байгалийн үзэгдлээс сэтгэл хөдлөлөө хязгаарлаж хааж хашиж чаддаггүй, тийм их байгалиас хамааралтай амьтан юм байна.

Энэ мөчид яруу найрагч зохиолчоос гадна сайхан бүсгүйтэй ярилцаж байна. Таныөөрийгөө илэрхийлэх нь, Эмүжин хэмээх ертөнц нь өөрөө их содон. Томоогүй ч юм шиг. Адармаатай ертөнц. Эрчүүд танд ер нь хэрхэн хандах юм?

-Ухаалаг хэрнээ бас юм бичдэг, тэгээд бас сайхан эмэгтэйд эрчүүд дургүй юм биш үү. Эсвэл хүлээн зөвшөөрч чаддаггүй байх.

Атаархал нь юм болов уу?

-Энэ атаархал биш ээ. Би гэхдээ эрчүүдийг ойлгодог. Тэд нарт өөртөө итгэх итгэл нь хэрэгтэй шүү дээ. 1998 онд анхны шүлгийн номоо гаргаснаас хойш яалт ч үгүй олны анхааралд ороод ирсэн. Тэрнийхээ хэрээр би маш их хүмүүжсээн. Олон хүний хараа, хүлээлт, бас зарим талаар үзэн ядалт, атаа жөтөөн дунд амьдарна гэдэг бол хүнийг тодорхой хэмжээгээр хүмүүжүүлдэг. Бас намайг хамгийн их хүмүүжүүлсэн нь ерөөсөө л миний хоёр хүү л дээ. Хөвгүүд маань ер нь аав нараасаа илүү намайг хүмүүжүүлсэн. Жишээ нь, энэ хүүхдийн номууд дээр хоёр хүү маань бас ажиллалаа л даа. Бага хүү маань луу зурчихаад энэ лууны хумс заавал ийм их матигар байх ёстой гээд бүр зүтгэчихнэ. Бяцхан хүүгийн минь тэр зүтгээд байгаа, надтай зөрчилдөөд байгаа өөртөө итгэлтэй байдал нь намайг өөрийн эрхгүй нугалаад, би тэрнийг нь хүлээн зөвшөөрч байгаа юм. За ойлголоо миний хүү, матигар байх ёстой юм байна, чи матигараар нь л зур гэх жишээтэй. Гэхдээ хүний зоргоороо, чөлөөтэй зан араншин алга болдоггүй юм байна. Тавь гарсан ч жар хүрсэн ч тэр хэвээрээ л үлдэх байх аа. Ээж хүн жигүүрээ хэдийд хумихаа бас хэдийд дэлгэхээ ухаарч амьдардаг юм байна. Миний дэргэд амьдарч байгаа хүн заримдаа намайг ойлгоход хэцүү санагддаг байж магадгүй. Өглөө босоод хэрэгтэй юмаа ачиж аваад бараг тэр чигээрээ машиныхаа бензинийг ч хийлгүй мартаад нутаг руугаа гараад давхичих ч тохиолдол байдаг л юм. Тийм зоргоороо зан маань ер нь хэд хүрсэн ч арилахгүй байх аа.

Үлгэрийн зургаан ном ээж хүү гурвын хамтын бүтээл үү?

-Бас тэгж хэлж болохгүй. Зарим номын зургийг Канадад сурдаг 19 настай охин зурсан. Италид сурдаг Цэвэлмаа гэдэг охин, Америкт сурдаг хүү маань, бас зураач Орхон гуайн охин Дашмаа гээд хэд хэдэн хүний бүтээл юм.Дашмаа бол маш чадварлаг, үнэхээр өөр сэтгэлгээтэй охин. Тэр охин “Үзэсгэлэнт оюун ухаан” гэдэг номын зургийг зурсан. Үлгэрээ өгөөд явууллаа. Хэдэн охины тухай өгүүлдэг үлгэр л дээ. Тэгсэн чинь баахан муур зурчихаж. Өөр өөр өнгөтэй, өөр өөр хувцастай муурнууд. Тэндээс би залуу үеийнхний хийж бүтээж сэтгэж байгаа, харж байгаа өнгө, юманд зоримог хандаж байгаа хандлага гээд их олон юмыг хараад хичнээн баярласан гэж санана.

Зохиолчид түүхэн сэдэв рүү хошуурч байхад та үлгэр бичиж байдаг. Өөр уран бүтээлийн сонин сайхан юутай вэ?

-Хүмүүс түүх рүү хошуурах олон шалтгаан байдаг байх л даа. Үнэхээр цаанаасаа ундарч бичээд байна уу, түүхийн сэдэвт үнэхээр дурлаж бичээд байна уу, нэг талаасаа түүх гэдэг бэлэн сэдэв юм, тэр үүднээсээ хандаж байна уу гэдэг нь тухайн зохиолыг нь уншаад үзэхээр харагдана л даа. Миний хувьд бол сэтгэл зүрхнийхээ л дуудлагаар, надад цаанаасаа юу түрж орж ирж байна тэрийгээ л бичиж байна. Энэ үлгэрийн номуудаас гадна “Хөх сарны явдал” гээд эротик роман бичсэн. Намайг одоо эротик роман бичлээ гээд бас бөөн юм болцгоох байх л даа. Би бичмээр санагдаад л бичсэн. Хувь хүнд нь нааж ойлгоно уу, тухайн романы гол дүр нь өөрийнхөө характераар өрнөсөн зохиол байна гэдгийг олж харна уу гэдэг бол миний асуудал биш. Уншигчдын өөрсдийнх нь түвшин. “Согооны хэвтэр” нэртэй өгүүллэгийн ном маань бас бэлэн болчихоод байгаа.

Одоо хүмүүс “өрсөлдөөн” гэж их ярьдаг, бичдэг болж. “Том, жижиг өрсөлдөөн”, “өрсөлдөөн дундаас цойлж гарч ирэх” гэх мэтээр. Амьдралыг өрсөлдөөн гэж харах нь нэг л гаж санагдах юм. Хүн хоорондоо байтугай амьтны аймагтайгаа зэрэгцэн оршдог байтал энэ хандлага нь залуучууд хүүхдүүдийн итгэл үнэмшилд их сөрөг орчин болж тогтох гээд байх шиг. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Намайг аравдугаар анги төгссөний дараахан “Бяцхан мисс” гэдэг тэмцээн Монгол даяар нийслэл, аймаг, суманд зохиогдож эхлэв ээ. Айлууд чинь дөрөв тав зургаатай жаахан охидоо байдгаар нь будаад гоёод нийтийн тайзан дээр алхуулж эхлэв ээ. Тэр жаахан хүүхдүүдийн өмнөөс би харамсч байсан. Тэр охин насан туршдаа уралдааны замд амьдрах уу. Насан туршдаа чиний хэлж байгаа өрсөлдөөний тайзан дээр амьдрах уу. Тэр өрсөлдөөн гэдэг ухамсрыг багаас нь тархинд нь суулгаж байгаа байхгүй юу. Одоо ч гэсэн би хөвгүүддээ хэлдэг юм. Тулалдаж, өрсөлдөж, зөрчилдөж амьдардаггүй гэж. Нөгөө талаар, бид нар нийгмийн амьдралыг тольдож байдаг сэтгүүлчид өрсөлдөөн гэдгийг бичээд л байна. Бараг эхнэр нөхөр хоёр хоорондоо өрсөлдөгч юм шиг амьдраад байна шүү дээ. Бид гурван саяулаа. Бүгдээрээ өрсөлдөөд уралдъя. Уралдсаар байгаад нэг нь үлдье. Бүр өрсөлдсөөр, нусаа хацартаа наасаар байгаад би гурван сая дээр л орно биз дээ. Өөр яах юм бэ. Их сайндаа л бүдэрч унаад нэг өдөр өвдгөө шалбална биз дээ. Өөр яах гэж. Бид энийг л олж харах хэрэгтэй санагддаг.

Хамгийн аюултай нь амьдралыг өрсөлдөөн гэх итгэл үнэмшил суучихсан, амьдралыг жамаар нь хүлээж авахаа больчихсон хойч үе бий болж эхлээд байх шиг?

-Монгол хүний уужуу сэтгэл, алив юманд ханддаг тэр уужуу талбиу хандлага, Алтайн нуруу шиг тийм оргил сүмбэр оюун тэр бүхэн рүүгээ тэртэй тэргүй явах байх аа. Бид нар өөрсдөө байтугай дэлхий ертөнц даяараа учраа олохгүй хямарчихаад байгаа их урсгал дунд өнөөдөр бид чадан ядан явж байна. Адаглаад, “жендерийн тэгш эрх” гэдэг үгийг монголчууд анх хүлээж авахдаа “эмэгтэйчүүдийн тэгш эрх” гэж орчуулаад хүлээгээд авчихсан шүү дээ. Тэгэхээр энэ мэтчилэн одоо хэр нь шалгарч амжаагүй байгаа нийгэм, улс төрийн том том технологиуд орж ирээд, түүнд нь монгол хүний уужуу ухаан энүүхэндээ нэг жаахан бүдэрсхийгээд яваа юм болов уу даа. Ялангуяа хүүхэд өсвөр үеийнхний оюун санаа руу ямар ч хаалтгүйгээр цацаад соёолуулаад байгаа сөрөг мэдээллүүд, үзэгдлүүд ирээдүйн Монголыг хэн болгох юм бэ гэдэг яах аргагүй эмзэглэл төрүүлдэг. Гэхдээ цагийн урсгалд эргээд Монгол Монголоороо үлдэнэ дээ.

Н.ПАГМА

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Онцгойгоос төрсөн анхны генерал Т.Бадралын НЭГ ӨДӨР

“Ард олон маань амар амгалан байх болтугай гэж өглөө бүр бурхандаа залбираад ажилдаа гардаг даа” гэж Онцгой байдлын ерөнхий газрын дарга,бригадын генерал Т.Бадралын хэлсэн үг энэ салбар ямар их бэрхшээлийг сөрж ажилладаг болохыг шууд илэрхийлэх шиг санагдав. Хүн бүр өөрийнхөө болоод ойр дотнынхныхоо төлөө залбирдаг бол онцгойгийнхон улс орныхоо, нийт ард түмнийхээ буян заяаг бурхандаа даатгаж, сүсэглэдгээрээ онцлогтой.

“Танайд өнжье”-гийнхээ ээлжит дугаараар Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Түвшингийн Бадралыг уншигчидтайгаа уулзуулж байна. Амралтын өдөр гэлтгүй ажилладаг түүний гэртээ байх цаг хугацаа тун цөөхөн.

Тиймээс Т.Бадрал гене­ралын нэг өдрийн ажил хэрхэн явагдаж, хэдийд гэрийн бараа хардгийг сонирхохоор өнгөрсөн баасан гаригт түүнтэй хамт “ажилалаа”.

Т.Бадрал генерал 08.00 цаг болоогүй байхад ажилдаа ирэв. ОБЕГ-ын төв байрны жижүүр Батсайхан даргадаа илтгэж, урьд шөнийн нөхцөл байдлыг танилцууллаа. Төрийн албаны ажил 08.30 цагт эхэлдэг болоод багагүй хугацаа өнгөрсөн. Тэгвэл Т.Бадрал дарга хуучин цагтаа ажилдаа ирдэг нь хэвээрээ байгаа бололтой.

“Эрсдлийн мэдрэмжтэй хөрөнгө оруулалтын төлөв­лөлт ба гамшгийн хохирлын мэ­дээл­лийн сан” сэдэвт зөвлөлдөх уулзалт өглөө эхлэв. ОБЕГ-аас НҮБ-ын Гамшгийн аюулыг бууруулах газар, Азийн гамшгийн бэлэн байдлын төвийн дэмжлэг, туслалцаатайгаар “Монгол Улсын гамшгийн хохирлын мэдээллийн санг бүрдүүлэх, түүнд дүн шинжилгээ хийх чадавхийг дээшлүүлэх” төс­лийг тун удахгүй эхлүүлэх гэж байгаа гэнэ. Энэ ажлын хүрээнд дээрх уулзалтыг зохион байгуулж байсан юм. Т.Бадрал дарга арга хэмжээг нээж, үг хэлснийхээ дараа Онцгой байдлын дар­гын зөвлөлийн шуурхайг хурал­дуулав. Тэд 7-14 хоногтоо нэг удаа хуралддаг байна. Харин онцгой шаардлагатай тохиолдолд шуурхай шууд хуралддаг ажээ. Энэ удаагийн ээлжит шуурхай хуралдаж байх зуур Т.Бадрал даргатай уулзахаар ОБЕГ-ын “Аврагч биеийн тамир” спорт хорооны Шийрэв дасгалжуулагч иржээ. Түүнтэй хамт саяхан Гүрж, Туркт болсон олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртэж, амжилт үзүүлсэн Л.Отгонбаатар Ц.Цогтбаатар нарын тамирчид ирсэн байв.Олимпийн оноо авдаг гранпири тэмцээнд тэдний гаргасан амжилтыг ерөнхий газрын удирдлагадаа танилцуулж, уламжлах ажээ. Төд удалгүй шуурхай тарлаа. Т.Бадрал даргын дараагийн уулзалтын цаг тулсан байв. Иймд Шийрэв дасгалжуулагчийг тамирчдынх нь хамт хүлээж авч амжсангүй. Т.Бадрал дарга “Тамирчдынхаа гаргасан амжилтын талаар танилцсан байгаа. Шадар сайдтай уулзах цаг болсон байна. Дараа та бүхнийг хүлээж авъя” гэж эелдгээр санал тавиадТөрийн ордны зүг хөдөлсөн юм.

УУЛЧИН Т.ГҮРРАГЧААГ ҮДЭВ

Уулын спортын ОУХМ, Гавьяат тамирчин, Ховд аймгийн Онцгой байдлын газрын сургагч багш, ахмад тамирчин Т.Гүррагчаа Эверес­тийн ноён оргил Жомолунгмад авирахаар мордоод байгаа. Түүнийг ийн шинэ амжилт тогтооход нь Т.Бадрал генерал урам зориг өгчээ. Т.Гүррагчаа уулчны аян замыг ерөөж Шадар сайд У.Хүрэлсүх өнгөрсөн баасан гаригт хүлээн авах уулзалтад Т.Бадрал дарга ч оролцсон юм. Дэлхийн дээвэр болсон энэ өндөр ууланд авирах гэж буй Т.Гүррагчаад Шадар сайд амжилт хүсээд сарын цалин болох нэг сая төгрөг хандивлана лээ. “Нас гэдэг бол тоо юм байна. Тиймээс таны энэ гавьяа зүтгэл залуу хойч үеийнхэнд үлгэр дуурайлал болж байна. Надаас ийм зориг гарахгүй шүү. Танаар маш их бахархаж байна” гэж Шадар сайд хэлээд Эверестийн оргилд мандуулах Онцгой байдлын албаны тугийг гардуулж байлаа. Т.Гүррагчаа гуай талархаж байгаагаа илэрхийлж “Энэ бол миний мөрөөдөл. Т.Бадрал дарга намайг дэмжиж, хамгийн түрүүнд нэг сая төгрөг өгсөн. Та бүхнийхээ итгэлийг даагаад, Монгол Улсынхаа нэрийг мандуулаад ирэх тавдугаар сард бүгдээрээ баяртай сайхан уулзъя” гэж эрч хүчтэй хэлээд инээв. Тэд ширээний ард сууж энгийн яриа өрнүүллээ. Монгол заншлаар хөөрөглөх үед танхим дүүрэн бөөн инээд болов. Шадар сайд тамхилахаар бага гарын хөөрөг гаргаж ирээд Т.Гүррагчаа гуай руу гараа сунгав. Тэгтэл ахмад уулчин маань хошин урлагийн жүжигт гардаг шиг гарт багтамгүй ланзгар том хөөрөг гаргаад ирэх нь тэр. У.Хүрэлсүх сайд зогтусан “Цагаан сараар хоёулаа олны өмнө тамхилбалби ч байдалд орохоор юм байна” гээд инээлдэцгээлээ. Эрчүүдийн сонирхол болсон хойно доо, тэд хөөрөгний тухай “хошуу холбов”. Т.Гүррагчаа гуайн хөөрөг Өмнөговийн цагаан хаш чулуугаар чамин гэгч нь сийлж хийсэн эд байна лээ. Ийнхүү Эверестийн оргил өөд тэмүүлэх уулчнаа үдсэний дараа Шадар сайд У.Хүрэлсүх, генерал Т.Бадрал нар албан хэргээр ярилцахаар хэсэг хугацаанд саатав.

Т.Бадрал дарга нэг уулзалтаас нөгөө рүү явсаар нэг мэдэхэд үдийн цайны цаг болсон байлаа. Эрхэм дарга ч төв байрандаа үдийн ундаа уучихаад дараагийн ажилдаа шуурхайллаа.

АЖИЛДАА ЧИНСЭТГЭЛЭЭСЭЭ ХАНДАЖ, ШОУ МАЯГААР ХИЙХГҮЙ, ҮР ДҮНГ ЧУХАЛЧЛАГЧ

Улс оронд болж бай­гаа нөхцөл байдал, мал, амьт­ны гоц халдварт өвчний талаарх мэдээллийг Т.Бадрал даргад Гамшгийн шуурхай удирдлагын дарга, онцгой байдлын хурандаа Б.Мандахгэрэл илтгэлээ. Ту­хайлбал, Ховдод гар­сан цэцэг өвчин, Хан-Уул дүүрэгт гарсан гахайн мялзан өвчний үед авсан арга хэмжээгтанилцуулав. Мөн баасан гаригт цаг агаар муудаж, баруун аймгуудад цасаар шуурч эхэлсэнтэй холбогдуулан Увс аймагт нөхцөл байдал хүндэрсэн тухай Б.Мандахгэрэл дарга уламжиллаа. Үүссэн нөхцөл байдал, авч буй арга хэмжээнийхээ талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарт бичгээр танилцуулах үүргийг Т.Бадрал дарга ажилтандаа даалгав. Тухайн тойргоос сонгогдсон гишүүний хувьд сум орон нутагтаа анхаарал хандуулж, онцгой байдлын албаны дээд удирдлагатай холбогдон тодруулж байгаа бололтой. Цаг агаарын тааламжгүй байдал үүссэнтэй холбогдуулан Т.Бадрал дарга ард иргэдэд сэрэмжлүүлэг сайтар хүргэх үүргийг хариуцсан мэргэжилтнүүддээ даалгав. Мөн малтай хү­мүүс малаа хашиж, бага насны хүүхдүүдийг малд явуулахгүй байхад анхаарах хэрэгтэйг сануулж байсан. Шаардлагатай тохиолдолд улсын чанартай авто замыг хааж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ иргэддээ хүрч чадаж байна уу гэдэгт анхаарч ажиллах заавар нэмэв. Үүний дараа ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар албан тушаалын томилгоог Т.Бадрал генералд танил­цуулав. Налайх дүүрэгт байрлах Уул уурхайн аврах албыг ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах анги болгосон. Ингээд хуучин албанд нь байсан 51 хүний дөрөв нь тэтгэвэртээ гарчээ. Шинэ анги байгуулагдсан болохоор удирдлага, тэтгэвэрт гарсан хүмүүсийн орны ажилтнуудыг томилох асуудалд Т.Бадрал генерал тун гярхай хандаж байв. Тэрбээр Л.Болдбаатар даргын оруулж ирсэн танилцуулга дахь хүн нэг бүрийг судалж, ялангуяа ар гэрийнх нь хөдөлмөр эрхлэлтийн байдлыг анхаарч, зөвшилцөн томилж байсан. Ер нь гэр бүлийн хүмүүс ажилтай байх тусам өрхийн орлого нэмэгдэж, тухайн өрхийн амьжиргаа дээшилнэ гэсэн байр сууринаас хандаж байгаа нь илт. Томилохын хажуугаар түүний амнаас татгалзах санал ч гарна лээ. Учир нь найз нөхдөөрөө нэг дор бөөгнөрч, ажил цалгардах вий гэсэн болгоомжлол төрсөн бололтой.

Дээрх уулзалтуудын дараа Т.Бадрал генерал ОХУ-ын Свердловск мужийн Хууль тогтоох хурлын орлогч дарга А.П.Сухов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээж авлаа. Украины асуудлаас болж Орос улс эдийн засгийн хориг арга хэмжээнд ороод байгаа. Иймд хойд хөршүүд манай улсад хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхлоо салбар бүрт илэрхийлж байгаагийн нэг нь дээрх уулзалт гэж харагдав. А.П.Сухов тэргүүтэй төлөөлөгчид ОБЕГ-т гамшгийн үед ажиллах шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх хүсэлтэй байгаа бололтой. Тэд бүтээгдэхүүнээ танилцуулж явна лээ.

ОБЕГ команд-штабын сур­гуулийг жилдээ гурван аймагт зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийнх нь өчигдөр Дархан-Уул айм­гаас эхлэв. Уг арга хэмжээг зохион байгуулах багийнхантай Т.Бадрал дарга уулзаж, үүрэг даалгавар өгсөн юм. Түүний ярианаас анзаарахад Т.Бадрал гэдэг хүн ажилдаа чинсэтгэлээсээ хандаж, шоу маягаар хийхгүй, үр дүнг чухалчилдаг нэгэн болох нь тод байв. Тэрбээр орон нутагт сургалт зохион байгуулахаар зорьж буй албан хаагчдаа архинаас хол байхыг хатуу анхааруулсан шүү. “Харин олон хоногоор орон нутагт амралтгүй ажиллаж ирснийхээ дараа эрүүл мэнддээ анхаарч, сувилалд заавал эмчлүүлэх шаардлагатай” гэж албан хаагчдадаа халамж тавьж байлаа.

МАНАЙ ГЭР БҮЛД МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТӨЛӨӨ, АМЕРИКИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАДАГ ХОЁР ХҮН БИЙ”

Аливаа албан байгуул­лагын удирдлагын ажил дор дороосоо л ундардаг. Тэр дундаа онцгойгийн салбар дэндүү завгүй, бас хариуцлага өндөртэй алба. Т.Бадрал дарга өдөр тутамд болдог уулзалт, хурал, зөвлөгөөнөөс гадна 70-80 хүн хүлээн авдаг гэсэн. Харин өнгөрсөн баасан гаригийн тухайдхарьцангуй ачаалал багатай байна гэж туслах нь өгүүлж байлаа. Гэхдээ л тэр ажлаа 19.30 цагт дуусгасан. Учир нь түүнтэй хамт гэрт нь очиж, эхнэр хүүхдүүдтэй нь танилцах хүсэлтэй бидний зорилгыг хүндэтгэн үзэж ажлаасаа эрт гарсан нь энэ ажээ.

Тэднийх “Оргил” рашаан сувиллын хажууханд юм билээ. Албан ширээний ард сууж байсан генерал маань гэрийнхээ босгыг давангуутаа л зочдодоо үйлчилж эхлэх нь тэр. Бидний гадуур хувцсыг авч өлгүүрт өлгөөд, ширээний ард саатахыг хүсэв. Гэрийн эзэгтэй охидынхоо хамт оройн хоолоо хийж байлаа. Биднийг харангуутаа гал тогооноосоо дуу алдан инээм­сэглэсээр угтсан юм. Гэргийг Ж.Цэцэгсүрэн гэдэг бөгөөд Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яаманд ажилладаг байна. Тэрбээр гадаад хэлний багшийн мэргэжилтэй бөгөөд Орхон аймгаас ажлын гараагаа эхэлж, тэндээ ханьтайгаа танилцаж байжээ. Тухайн үед Т.Бадрал дарга “Эрдмин” катодын зэсийн үйлдвэрт ажиллаж байсан гэнэ.

Эрхэм генерал маань өрөөндөө орж хувцсаа солих зуур түүний гэргийтэй ийн таван үг сольж амжив. Төд удалгүй цаад өрөөнөөс Т.Бадрал дарга гарч ирэхдээ жинсэн өмд, хүрэн цамц өмссөн байлаа. Тэрбээр цуглуулгаа сонирхуулсан юм. Том өрөөнийхөө хананд гэр бүлийнхээ зургийн цомгийг байрлуулжээ. Мөн дүүрэн номтой шүүгээ, Т.Бадрал даргын хобби болох сувинерүүдийг өрсөн байлаа. Номын шүүгээний дээд тавиур дээр том хүү, охиныхоо инээмсэглэсэн зургуудыг байрлуулжээ. Том хүү нь одоо 26 настай, АНУ-ын Сан Диегогийн “Чейз” банкинд менежер хийдэг гэнэ. Дараагийн охин нь 21 настай бөгөөд мөн л АНУ-д ажиллаж амьдарч байгаа аж. Холливудын оддын тат­вараа төлсөн эсэхийг хянадаг аудитын компанид ажилладаг юм байна. Холливудаас Т.Бадрал даргад “Та охиноороо дамжуулж Холливудын жүжигчдийн нууцтай холбоотой мэдээллийг авахгүй гэсэн баталгаа өг” гэсэн албан бичиг хүртэл ирж байсан гэнэ лээ. “Хоёр том маань АНУ-д, эхнэр маань АНУ-ын Элчин сайдын яаманд ажилладаг. Ямар нэгэн байдлаар Америктай холбогдчихдог юм. Энэ гэрт Монголын Засгийн газрын төлөө, бас Америкийн Засгийн газрын төлөө ажилладаг хоёр хүн байна даа” гээд эрхэм генерал хошигнов. Түүний номын шүүгээнд англи, орос, франц хэл дээр бичигдсэн номууд зонхилно. Мөн дэлхийн нэвтэрхий толь “Britanica” бүрэн эхээрээ, эх хэл дээрээ ч байна лээ. “Манай хүн номыг их сонин уншдаг. Хоёр, гурваар нь зэрэг эхлүүлдэг” гэж эхнэр нь өгүүлэхэд Т.Бадрал дарга унтлагын өрөө рүүгээ биднийг дагуулав. Бурхан шүтээнээ залсан орны хажуугийн жижиг шүүгээн дээр хэд хэдэн ном давхарлан өржээ. “За би одоо ийм ном уншиж байгаа. Тухайн өдрийн байдлаас болж ямар ч хугацаанд номоо уншиж болно. Цалингийнхаа ихэнхийг номонд өгчихдөг юм даа” гээд Т.Бадрал дарга инээв. Гэрийн эзний хобби бол шаазан таваг бүхий сувенир. Тэрбээр очсон улсынхаа бэлгэ тэмдэг бүхий зурагт шаазан тавгийг үнэ өртөг харамгүй худалдаж авдаг гэсэн. Одоо түүнд 300 гаруй ийм цуглуулга байгаа бөгөөд үзэсгэлэн гаргах хэмжээнд хүрнэ гэж “гайхуулав”. Найз нөхөд, албан хаагчид нь хүртэл гадаадаас ирэхдээ түүний хоббиг андахгүй болохоор авчирч дурсгасаар ийм арвин болжээ. “Манай нөхөр бас мод тарих хоббитой. Одоо ингээд хобби нь хөдөлнө. Бараг 400 орчим мод тарьсан шүү. Бидний тарьсан мод болгон ургадаг” гээд гэрийн эзэгтэй нөхрийнхөө хоббиг тодотгов. Харин тэрбээр тасалгааны цэцэг тарих тун ч их сонирхолтой юм билээ. Цонхныхоо тавцангуудаар зүйл бүрийн цэцэг өрсөн байв.

Т.БАДРАЛ ДАРГА ГЭРТЭЭ ИРСЭН ХОЙНОО Ч АЖЛАА ҮРГЭЛЖЛҮҮЛСЭЭР…

“Манай хүн гэртээ голдуу 21.00 цаг өнгөрөөж ирнэ шүү. Өнөөдөр харин овоо эрт ирлээ” гэж гэрийн эзэгтэй ярилаа. Т.Бадрал дарга гэртээ ирээд удаагүй байтал гар утас нь дуугарч байн байн нөгөө өрөө рүүгээ орчих юм. Цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулж УИХ-ын гишүүд сонгогдсон тойргийнхоо талаар мэдээлэл авч, онцгойгийнхныг хэрхэн ажиллаж байгаа талаар лавлаж байгаа бололтой. Эрхэм генерал “За, гишүүн ээ…” гээд л тайван гэгч нь цагийн байдлыг илтгээд байх нь тэр.

Т.Бадрал дарга бол онцгой байдлын салбараас төрсөн анхны генерал. Ерөнхийлөгч генерал цол гардуулах өдөр харин тэрбээр гадаадад томилолттой байж таарсан. Нөхрийнхөө ажлын талаар ямар бодолтой байдгийг нь Ж.Цэцэгсүрэнгээс тодруулбал “Т.Бадралыг ОБЕГ-ын дарга болоход нь би тийм ч их баярлаагүй. Өндөр хариуцлагатай алба болохоор таатай хүлээж аваагүй юм. Харин генерал болоход нь маш их баярласан. Бараг би өөрөө цол авчихсан юм шиг л болсон шүү. Найзууд нь над руу утасдаж, баяр хүргээд л …” гэв.

Т.Бадрал дарга бас ч гэж улиралдаа ганц, хоёр удаа гал тогоо барьж, гарынхаа хоолыг гэр бүлдээ хийж өгдөг гэсэн шүү. Түүний хийдэг хоол нь голдуу ногоо зонхилдог ажээ. Эдний гэр бүл спортлог. Т.Бадрал дарга бямба гариг бүрт газрын теннис, нямд хөлбөмбөг тогтмол тоглодог ажээ. Есдүгээр ангийн охин нь буудлагаар хичээллэдэг байна. Гэрийн эзэгтэй охидын­хоо хамт усан спортоор хичээл­лэхээр зэхэж байгаагаа биднээс нуугаагүй ээ. Бага охин Б.Индра хятад хэлний “Үй Цай” сургуулийн нэгдүгээр ангийн сурагч. Эмч болох мөрөөдөлтэй энэ бяцхан охин хятадаар хэвлүүхэн гэгч нь шүлэг уншиж, уур амьсгалыг улам хөгжилтэй, дулаахан болгов.

ДИПЛОМАТЧААС ГЕНЕРАЛ БОЛСОН ТҮҮХ

Т.Бадрал дарга эцэг, эхээс тавуулаа. Айлын хоёр дахь нь. Түүний аав Увс аймгийн Хяргас сумын харьяат бөгөөд инженер мэргэжилтэй аж. Харин ээж нь Эрдэнэт хотын МАН-ын хороонд тасаг, хэлтсийн дарга, намын дарга, Үйлдвэрчний эвлэлийн даргаар олон жил ажиллаж байсан настан бий. Т.Бадрал дарга ЗХУ-д оюутан байхдаа ээжээсээ ирдэг байсан захид­луудыг одоо болтол нандигнан хадгалдаг байна.Ээж нь түүнд их л зузаан захидал илгээдэг байжээ. “Сайн байна уу миний хүү, за тэгээд сайн сураарай…” гэснээ МАН-ын II бүгд хурлаар ийм ийм асуудал шийдлээ гээд л баахан намынхаа хурлаар хэлэлцсэн асуудлуудыг бичээд явуулчихдаг байсныг Т.Бадрал дарга дурсаж инээлээ. Тэрбээр англи, орос, франц хэлтэй. Нэг хэсэг Францын түүх их судалжээ. Харин сүүлийн үед Азийн тухай сонирхон судалж байгаа гэнэ. Гадаад харилцааны чиглэлээр боловсрол эзэмшсэн дипломатч хүн онцгойгийн салбартай холбогдсон түүх их сонин юм билээ. Тэрбээр “Дархан Эрдэнэтийн замын зураг төслийн ажлыг Энэтхэгийн том компани хийж байхад эхнэр маань орчуулагч хийгээд, тэр ажлынхаа шугамаар сургалтад явсан юм. Тухайн үед охин маань ээжийгээ санаад байна гээд хоёр ч удаа сургалт болж байгаа газар нь очиж билээ. Тэнд П.Даш генералтай танилцсан юм. 2013 оны намар байсан санагдаж байна. 2014 онд ОБЕГ байгуулагдаж, П.Даш генерал даргаар нь очлоо. Би баяр хүргээд утсаар ярьсан юм. Сарын дараа над руу залгаад ажлын санал тавьж билээ. Дөнгөж шинээр байгуулагдаж байгаа энэ газрын гадаадхарилцааг хариуцан ажилла гэсэн юм. Ажиллаад үзтэл боломжийн санагдлаа. Тэр үеийн цалин ердөө 90 мянган төгрөг байсан. Сар ажиллаад үзсэн чинь маш сонирхолтой санагдав. Би цалинд нь дурлаж энэ албанд ороогүй. Цалин бол өдөр тутмын хоол ундандаа таардаг байсан. Манайхан намайг ямар ч орлогогүй ийм ажил хийлээ гэдэг байв. Хүн бол аливаа ажилд сэтгэл зүрхнээсээ хандах учиртай. Тэрнээсээ кайф авдаг байх ёстой. Анх ОБЕГ-ыг байгуулагдахад нь гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтэст хоёр хөрш орны асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Дараа нь ахлах мэргэжилтэн, бод­лого төлөвлөлт хамтын ажил­лагааны газрын даргаар ажил­лалаа. 2006 оны зургадугаар сард ажлаасаа жил гаран чөлөөлөгдсөнийхөө дараа дахин ороод Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн даргаар томилогдсон. Дэлхийн банкны төслийн удирдагчаар, зохицуулагчаар дөрвөн жил гаран ажиллав уу даа. Ингээд 2009 оны наймдугаар сарын 30-нд ОБЕГ-ын дэд даргаар томилогдсон. Энэ оны нэгдүгээр сарын 7-нд Засгийн газрын шийдвэрээр энэ албан тушаалдаа томилогдоод ажиллаж байна даа.Манай алба бол хүнд ажил. Монгол Улсын хэмжээнд хичнээн хүний амь аврав, эд хөрөнгийг хамгаалав гэдэг шалгуур үзүүлэлтээр ажилладаг” гэлээ.

Онцгой байдлын сал­барын энэ том айлын өрхийг татсан хүмүүсээр Т.Бадрал генерал бахархаж явдаг юм билээ. Тодруулбал, сал­бараа хүмүүнлэгийн байгууллага гэдэг талаас нь хууль эрх зүйн актуудыг боловсруулж, шинэчлэлийн үйл ажиллагааг эхлүүлсэн эцэг гэгдэх хүмүүс нь О.Үржин генерал, П.Даш, Ж.Гүррагчаа, Ж.Бямбаноров, Я.Санжмятав, Ц.Амгаланбаяр нарын үүрэг гавьяа гэж тэрбээр яриандаа тодотгож байлаа. Онцгойгийн салбарт одоо олон шинэчлэл хийж буй. Тэр болгоныг энд дурдвал барагдахгүй. Хууль сахиулах сургуулийн харьяанд Онцгой байдлын сургууль байгуулагдсан бөгөөд 2017 онд эхний төгсөгчид нь төгсөнө. Т.Бадрал даргын хувьд салбартаа жендерийн тэгш байдлыг хангахад нэлээд анхаарч, дэлхий нийтийн чиг хандлагыг баримталдаг. Учир нь эмэгтэйчүүд гарч байгаа аливаа бодлого шийдвэрийг зөөлрүүлнэ. Гамшгаас хамгаа­лах болон хүмүүнлэгийн үйл ажиллагаанд маш чухал үүрэгтэй. Эрэгтэйчүүдийг бодвол сэтгэл зүйн заслыг зөв хийж чаддаг зэрэгтэй холбоотой гэнэ. Иймд Мэр­гэжил дээшлүүлэх давтан сургалт, сэтгэл заслын төв байгуулахаар зорьж буй аж. Онцгойгийнхон байнга л таагүй дуудлагаар ажилладаг. Халуун гал дээр ажилладаг хүмүүсээ сувилж, сэтгэл зүйн засал хийх зайлшгүй шаардлагатай. Иймд Засгийн газар шийдвэр гаргаж, ийм төв байгуулах эхний алхмууд хийгджээ. Мөн Т.Бадрал дарга салбарынхаа нийтлэг төрхийг өөрчлөхөөр хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргасан байна. Тэрбээр “Ажилчдаа гэр бүлээр нь цалинтай болговол өрхийн орлого нэмэгдэнэ. Ажлынхаа хажуугаар хамт олноороо аж ахуй эрхлэх боломжийг хангаж өгөх хэрэгтэй. Харин манай албан хаагчдын ихэнх нь орон сууцгүй. Тэтгэвэрт гарсан хүмүүсээ харахаар нэг газар харуул, манаач хийчихсэн, өөрийн гэсэн унаагүй хүмүүс байна. Нийт­лэг энэ төрхийг өөрчилье гэж бодож байгаа юм. Төрд зүтгэснийхээ дараа үр шимийг нь хүртэж байх ёстой” гэлээ. Төрд ажиллаж байгаа түүний баримталдаг гол зарчим нь сэргэн мандалтын үеийн Английн томоохон сэтгэгч Жон Локкын хэлсэн үгнээс шууд харагдана. Энэ нь “Төрд хүний амь нас эд хөрөнгийг хамгаалахаас илүү эцсийн зорилго гэж үгүй” хэмээх үг юм. “Ард түмэн, үйлдвэрчин, баялаг бүтээгч нар нийлж байж төр оршин тогтнодог. Тиймээс энэ баялгийг бид хамгаалах ёстой” гэж Т.Бадрал генерал хэлж байсан шүү. Үнэхээр салбарынхаа талаар гарын арван хуруу шигээ мэддэг, ажилдаа сэтгэл зүрхнээсээ ханддаг түүнд онцгойгийнхон ам сайтай байхаас ч аргагүй.

Түүний ажил, амьдралтай танилцсан нэг өдөр ийн өнгөрөв. Нэг мэдэх нь ээ нар аль хэдийнэ жаргаж, харуй болсон байлаа.

М.МӨНХЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эх орончид мөнгөгүй зүйлд хөдөлдөггүй юм байна

Популистуудын энэ үнэн нүүр царайг бид сүүлийн үеийн олон жишээн дээр харж байна. М.Батчимэг гишүүний хичээл зүтгэлээр кирилл бичгийг устгаж, нийтээрээ монгол бичигт шилжих хуультай боллоо. Тэгээд зогссонгүй сурагчдад тавдугаар анги хүртэл нь гадаад хэл заахыг хатуу хориглов. Ингээд ядарсан ардын хүүхэд гадаад хэл сурах боломжгүй, цаашилбал юм үзэж нүд тайлах эрхгүй болчихлоо. Ийм бодлогыг УИХ-аар тамгалуулж суухад нь эх орон, ард түмэн гээд хашгираад байдаг популистууд бүлх залгисан мэт дуугүй өнгөрөв.

Мөнгөө үрж ядсан нөхдүүд адгуусны нуруун дээр алгын чинээ хүүхэд суулгачихаад уралдуулж байна. Ихэвчлэн амьдралын түвшин доогуур айлын хүүхдийг таван халтар төгрөгөөр хууран зугаа цэнгэлийн золиосонд явуулж байгаа нь энэ. 2013 оны судалгаагаар жилд 40 орчим мянган хүүхэд хурдан морь унадаг гэсэн тоо гарчээ. Унаач хүүхдүүдийн хичээл, сурлага бусадтай нь харьцуулбал муу, сургуулиас завсардах тохиолдол ч байдаг гэдгийг судалгааны газрууд тогтоочихсон. Дээрээс нь насанд хүрээгүй хүүхдээр морь унуулах нь тэвчишгүй хөдөлмөрт тооцогдоно гэдгийг дэлхийн хүний эрхийн байгууллагууд хэдийнэ баталчихсан. Гэтэл монголчууд өөрсдөө тоодоггүй,хурдан морины уралдаанууд хаа сайгүй үргэлжилсээр байна.2014 онд “Монголын хүүхдийн язгуур эрхийг хамгаалах холбоо”-ноос хийсэн судалгаанаас харвал сүүлийн гурван жилд 700-гаад хүүхэд хурдны мориноос унаж, 20 гаруй нь амиа алджээ.Аав, ээжийнхээ өврөөс ч гараагүй шахам нялх хүүхдүүд томчуудын хөлд үрэгдэж, энх цагийн “дайнд” ийнхүү амиа алдсаар байхад манай эх орончид таг шүү. Хүүхдийн эрхийг хамгаалсан ганц үг ганхийх сөхөөтэй популист алга.

Харин Ноён уулын тухай ярихаар хамгийн түрүүнд босч ирэх юм. Эх орныг минь сүйтгэх нь, эцэг өвгөдийн минь булшийг ухах нь гээд амиа өгөхөөс наагуур юм болж байна.Оюутолгой, Тавантолгой гэхээр нүд нь сэргэж, үг нь уран болохыг яана. Аргагүй л манай популистууд цаанаа мөнгөтэй, өөрсдөдөө ашигтай зүйл дээр нүдээ ухахаас ч буцахааргүй болсны шинж энэ байх.

Уг нь Ноён уулын булшнаас илүү монгол хүүхдийн боловсрол чухал баймаар юм. Хүүхдүүдээ боловсролтой, гадаад хэлтэй, дэлхийтэй харьцах хэмжээний хүмүүс болгож байж Монголын хөгжил баталгаажна. Ирээдүйн Монголыг өнөөдрийн хүүхдүүд авч явна гэдгийг популистууд эрх биш ойлгож л байгаа. Гэвч хүүхдүүдийг гадаад хэл үзүүлэхгүй, морь унуулж, монгол бичиг заана гэдгийн эсрэг яагаад зогсохгүй байна гэвэл өөрсдөд нь ашиггүй учраас тэр.Хүүхдүүдийн минь төлөө дуугарлаа гээд сарвайх мөнгө ядарсан ард түмэнд байхгүй болохоор популистууд амаа ангайдаггүй юм байна. Тиймээс л популистууд мөнгөгүй зүйлд хөдөлдөггүй гээд байгаа юм.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм

Нийслэл дагуул хоттой болох шийдвэрийг НИТХ гаргалаа

НИТХ ээлжит 25 дугаар хуралдаанаар нийслэлийн эдийн засгийн дэд бүтцийг тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амын хэт төвлөрөл болон хотын хангамж, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах, оршин суугчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны зохистой харьцааг хадгалах зорилгоор нийслэлийн дагуул- Багануур хотыг Багануур дүүрэгт, нийслэлийн дагуул- Налайх хотыг Найлах дүүрэгт байгуулах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.

Эдгээр дүүрэгт дагуул хот байгуулах ажил 2014 оны 11 дүгээр сард эхэлсэн бөгөөд тус дүүргүүдийн иргэдээс Хот байгуулах асуудлаар санал асуулгыг Налайх дүүрэгт 1 дүгээр сарын 22-ны өдөр, Багануур дүүрэгт 1 дүгээр сарын 22, 23-ны өдөр зохион байгуулсан. Санал асуулгад оролцсон Налайх дүүргийн иргэдийн 96 хувь нь, Багануур дүүргийн иргэдийн 95 хувь нь хот байгуулахыг дэмжсэн юм.

Хуралдааны үеэр НИТХ-ын дарга Д.Баттулга “НИТХ-ын төлөөлөгчид бид Багануур, Налайх дүүрэгт хот байгуулах түүхэн шийдвэр гаргалаа. Хот байгуулахад иргэдийн хүсэн хүлээсэн тэр бүх үр дүн нэг дор хэрэгжинэ гэж байхгүй. Харин НИТХ, нийслэлийн Засаг дарга хотыг хот шиг болгож, хотын иргэд асуудлаа өөрсдөө бие даан шийдвэрлэдэг байх хууль эрх зүйн үндэс, санхүү, өмч хөрөнгийн бололцоог хангаж, шаардлагатай хууль дүрэм, асуудлуудыг УИХ, Засгийн газраар шийдвэрлүүлэх арга хэмжээг авч, хамтран ажиллах ёстой. Бид өнөөдөр уг асуудлыг баталж байгаа ч маргааш нь янз бүрийн үл ойлголцол, зөрчил гарна. Тэр бүгдийг НИТХ, нийслэлийн Засаг даргын хэмжээнд дор бүрт нь шийдвэрлэн ажиллаж чадвал магадгүй хэдэн жилийн дараа бидний тавьсан эхлэлийн үр дүн гарах бизээ. Хамгийн гол нь бүх зүйлийг хууль дүрмийн дагуу шийдвэрлэх ёстой” гэв.

Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “УИХ-аас нийслэл дагуул хоттой байж болно гэдэг шийдвэр гаргачихсан. Нийслэл түүхэндээ анх удаа дагуул хот байгуулж, иргэдийнхээ хүсэл зорилгыг хэрэгжүүлэх гэж байна. Дагуул хот байгуулагдсанаар улс төрийн биш аж ахуйн шинжтэй хог хаягдал, нийтийн аж ахуй, хот төлөвлөлт зэрэг үйл ажиллагаа хот руу шилжинэ. Өөрөөр хэлбэл хот бие даан шийдвэр гаргах боломжтой болно гэсэн үг юм. 1993 онд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, 1994 онд энэ хуулийг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоол гарсан ч уг тогтоолыг хэрэгжүүлээгүй 21 жил болсон. Багануурчууд дээд шатны дарга нартаа үйлчилдэг биш иргэддээ үйлчилдэг даргаа өөрсдөө сонгодог болохыг 11 жил хүлээсэн. Тийм учраас энэ бол түүхэн шийдвэр юм” гэлээ.

Хот байгуулснаар хуулийн этгээдийн хувиар эрх зүйн харилцаанд бие даан оролцох боломж нээгдэх, Санхүү хөрөнгийн нөөцөө зөв зүйтэй зарцуулж, хотын хөгжилд дэвшил гарах, УИХ, Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллагаас хамааралгүйгээр асуудлаа өөрсдөө шуурхай шийдвэрлэх, Хотоо удирдах, хөгжүүлэхэд оршин суугчдын идэвх оролцоо, санал санаачилга нэмэгдэх, нам, улс төрийн нөлөөллөөс ангид байж, хотын үйл ажиллагааг зохицуулсан дүрмээ батлан хэрэгжүүлэх ач холбогдолтой.

Мөн оршин суугчдын амьд явах, эрүүл аюулгүй амьдрах орчин сайжрах, өмч хөрөнгийн үнэ цэнэ нэмэгдэх, тулгамдаж буй асуудлаа өөрсдөө шийдвэрлэх, хотоо удирдах, төлөвлөх, хянах, хотын удирдлага, оршин суугчид нэг л дүрэм журмын хүрээнд харилцах боломж нээгдэж байгаа юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн эзэмшлийн гудамж талбайн цэвэрлэгээ эхэллээ

Улаанбаатар Хотын Ерөнхий менежерийн шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын орлогч нар нийтийн эзэмшлийн гудамж, талбайн цэвэрлэгээ, хог тээвэрлэлтийн талаар хийж буй ажлаа танилцуулав. Сүхбаатар дүүрэг гудамж талбайн сандал, хогийн савнуудыг угааж, нийтийн эзэмшлийн гудамж талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд тохижилт үйлчилгээний 45 үйлчлэгч тогтмол ажиллаж, хог тээвэрлэгч таван байгууллагын 42 машин аж ахуйн нэгж байгууллага, айл өрхийн хог тээвэрлэлтийг хийж байна. Сонгинохайран дүүргийн хувьд нийтийн эзэмшлийн болон орон сууцны хорооллын доторх 1105157 м/кв замыг, зам талбайн 75 үйлчлэгч өдөр бүр тогтмол цэвэрлэж, хог тээврийн 50 автомашинаар өрхийн болон аж ахуйн нэгж байгууллагуудын хог хаягдлыг тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт хүргэжээ.

Баянгол дүүрэг эхний улирлын байдлаар 4505 удаагийн рейсээр 22000 тонн хог хаягдлыг тээвэрлэсэн. “Баянгол-Шинэ Өргөө” ОНӨААТҮГ-ын хариуцдаг нийтийн эзэмшлийн гол гудамж замуудын дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын ил задгай хог хаягдал хаях байдлыг таслан зогсоох, хог тээврийн машинд хог хаягдлаа хуваарийн дагуу ачуулж хэвшүүлэх зорилгоор дүүргийнхээ хороодын ажлын албатай хамтран хог хаягдлын хяналтыг хийж эргүүл ажиллуулж эхэлсэн байна. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” нийслэлийн 6 дүүргийн 4604752м кв замыг өдөр тутам цэвэрлэж байгаа бөгөөд Хан-Уул 35, Чингэлтэй 82, Багануур дүүргийн 27 зам талбайн үйлчлэг чөдөр тутам нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд цэвэрлэгээ үйлчилгээ хийж байна.

Багахангай дүүрэг нийтийн эзэмшлийн зам талбайд 3 га орчим газар, 300м үерийн далан, 1,2-р хорооны нэгдсэн хогийн цэгийн орчим цэвэрлэгээ хийж, гэр хорооллын айл өрхөөс 20тн, нийтийн эзэмшлийн зам талбайгаас 5тн хог хаягдал татан авч, 23м3 хог хаягдлыг дарж устгасан талаар танилцууллаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдэээллээ.