Categories
мэдээ цаг-үе

З.Сарантуяа: Бид нэг гэр худалдаж авах мөнгө олохын төлөө хичнээн зүтгэж, шаналдаг гэж санана

Хамтын халуун сэт­гэл” за­луу­сын нэгд­лийн зохицуулагч З.Саран­туяатай ярилцлаа.

-“Халуун сэтгэл”-ийн залуус олон сайхан үйл хэрэг, буянтай ажил хийж хүмүүст тусалдаг. Танай нэгдэл хэзээ байгуулагдсан юм бэ?

-2012 оны арваннэгдүгээр сард “Дулаахан өвөлжье” аяныг зохион байгуулах үеэр байгуулагдаж байлаа. Уг аяныг бид зохион байгуулах үедээ Ичинхорлоо гэж эгчтэй уулзаж гэртэй болгосон. Түүний амьдралын талаар өгүүлсэн нэвтрүүлэг гарч байсан юм. Нэг охинтойгоо амьдардаг. Охин нь элэгний өвчтэй. Охиныхоо эмчилгээний мөнгө болох 98 мянган төгрөгийг олохын тулд ундааны сав, лааз түүж амьжиргаагаа залгуулдаг тэтгэврийн хөгшин. Охин нь өдөр бүр 98 мянган төгрөгийн үнэтэй эмчилгээ хийлгэдэг болохоор тэр хүний хувьд өдөр бүр хөдөлмөрлөх шаардлагатай тулгардаг. Нэг ийм айл байсан. Тийм хүнд амьдралтай мөртлөө өдөр бүр 98 мянган төгрөгийг цуглуулж чаддаг гэхээр үнэхээр бахархмаар санагдаж байлаа. Түүнтэй анх уулзахдаа бид “Таныг гэртэй болгохыг хичээнэ. Гэхдээ бид амлахгүй. Чадахгүй ч цуглуулсан мөнгөө танд өгье. Хүүхдээ эмчлүүлээрэй” гэж үнэнээ л хэлсэн. Тэгтэл энэ талаар мэдээлэл фэйсбүүкт оруултал хоёрхон долоо хоногийн дотор мөнгө нь цуглачихсан. Японд суралцдаг залуус нэгдээд мөнгө цуглуулаад нааш явуулсан нь гэр авах мөнгөний тал нь болж билээ. Японоос таван залуу ирж бидэнтэй хамт Ичинхорлоо гуайд шинэ гэрийг нь барилцаж өгсөн. Энэ үйл явдлаас улбаалаад “Халуун сэтгэл маш сайн, зөв чиглүүлбэл хүнд хэрэгтэй юм хийж чадах юм байна” гэдэг сэдэл төрсөн. Тэр үеэс бид халуун сэтгэлийн ажлаа тасралтгүй үргэлжлүүлсээр явна.

Одоогоор танай нэгд­лийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, тусалж дэмжиж явдаг хичнээн хүн байдаг вэ?

-Зохион байгуулалтын багт маань 60 гаруй залуу байгаа. Үйл ажиллагаанд байнга оролцдог 60-100 залуу бий. Эдгээр гишүүд маань нэгдлийн жинхэнэ гишүүн болоод сар бүр 10 мянган төгрөг төлдөг. Тэр татвараа бид хэрэгцээтэй үед нь гаргаад явдаг. Манай жинхэнэ гишүүн биш ч үйл ажиллагааг байнга дэмжиж, оролцдог, “Халуун сэтгэл”-ийг төлөөлөөд явж байгаа гадаадын 15 улс болон Монголд байгаа гишүүдийнхээ тоог гаргахад 50 орчим мянган хүн бий. Улаанбаатар хотод 35 мянган дэмжигчтэй. Манай нэгдлийн гишүүдийн хувьд нас харгалзахгүй. Арван жилийн сурагч, оюутнууд, ажил хөдөлмөр эрхэлж амьдралаа авч явж байгаа залуус, бидний ээж, аав, эмээ, өвөө шиг ах эгч нар зөндөө бий.

Нэгдэл яаж ажилладаг вэ?

-Томоохон ажлуудаа улирал, сараар нь төлөвлөөд гаргачихдаг. Төлөвлөгөөний дагуу сарын ажлаа хийгээд явчихна. Заримдаа гэнэтийн ажил гарч ирэх тохиолдол бий. Тэр үед нь Зохион байгуулалтын баг маань цуглаад хуралдчихдаг. Уг багийнхан маань ер нь долоо хоногтоо нэг удаа уулзчихдаг. Бусадтайгаа долоо хоног бүр эсвэл 14 хоногтоо нэг уулзаж ярилцдаг.

Танай нэгдлийн фэйс­бүүк хуудсаар зочлоход олон хүнд тусалсан талаарх мэдээллүүд байна лээ. Та бүхэн өнөөдрийг хүртэл хичнээн хүнд тус үзүүлчихээд байна вэ?

-Бид өнгөрсөн хугацаанд 250 гаруй хүнд тусалсан. Бид эдгээр хүмүүст нэг тусалчихаад орхилгүй ахин дахин очиж уулзаж, ярилцан эргэх холбоотой байдаг. Ийм эргэх холбоотой байдаг 250 гаруй хүн бий гэсэн үг юм. Тэдний цаана нь тус хүргэсэн олон хүн байгаа. Жишээ нь, “Дулаахан өвөлжье” аяныг таван удаа зохион байгуулаад байна. Нэг удаад аяны хүрээнд 1000 орчим хүнд тусалдаг. 2012 онд “Сэтгэл мянган бэлэг” аяныг зохиоход 1400 хүүхдийн бэлэг цуглуулж байлаа.

Бидний хувьд хэн нэгэнд яаралтай гэр орон худалдаж авч өгөхөөр бол бэлэн мөнгө хандиваар авдаг. Бусад тохиолдолд аль болох бэлэн мөнгөөр туслахгүй байхыг хичээдэг. Хүмүүсийн өгч байгааг нь л хандив болгож авдаг. Бэлэгний хувьд чихэр, боовноос илүүтэй хүнд хэрэгтэй өмд, цамц юм уу хүүхдүүдэд зориулж ихэвчлэн хичээлийн хэрэгсэл цуглуулдаг.

Хамгийн сүүлд ямар ажил хийв, та бүхэн?

-Хамгийн сүүлд эмээ нартаа тусалсан.

Ямар эмээ нар вэ. Танай нэгдлийн үйл ажиллагаанд оролцдог эмээ нар уу?

-“Халуун сэтгэл” нэгдэл байгуулагдангуутаа Ичинхор­лоо гэх эмэгтэйд гэр барьж өгсөн гэж дээр ярилаа шүү дээ. Бид нийтдээ яг ийм амьдралтай байсан таван эмээд гэр авч өгсөн. Эдгээр эмээ маань үр хүүхэд, хамаа­тан садангүй, эргэж тойрох хүнгүй, гэр оронгүй 70, 80 гарчихсан хөгшчүүл л дээ. Бид энэ эмээ нараа гэр оронтой болгоод өөрсдийнхөө эмээ болгочихсон юм.

Танай нэгдлийн залуус цагаан сарын өмнө цуглаад эмээ нартаа буузыг нь чим­хэж, цагаан сарын бэлт­гэлийг нь базааж өгсөн талаар сонссон. Гурилыг нь нэг залуу дааж, бас нэг эмэгтэй 400 бууз хандивласан байна лээ?

-Бид эмээ нартайгаа байнгын харилцаатай. Байнга эргэж тойрно. Жилдээ хоёр удаа бүгдийг нь хооронд нь уулзуулна. Цагаан сар, ахмадын баяраар уулзуулдаг. Бас наадмын өмнө эмээ нарынхаа наадмыг хийж өгч баярлуулдаг юм.

Гаргүй хүүг хиймэл гартай болгосон талаараа ярихгүй юу?

-Ээж, дүүтэйгээ амьдардаг хүү л дээ. Хог түүж гэр орноо тэжээдэг байхдаа буюу 14 настайдаа гаргүй болсон юм билээ. Тэр үед “Best of me” кино Монголд орж ирээд кино театруудад нээлтээ хийсэн. Тэр киног Монголд гаргаж байгаа багийнхантай холбогдсон юм. Ингээд “Хүн хүний төлөө” олон улсын байгууллага, “Залуус давалгаа”, “Халуун сэтгэл”-ийн залуус нэгдээд тэр хүүг гартай болгосон. Бид гарыг нь Шанхай руу захиалаад хийлгэсэн юм.

Тусалсан хүмүүстэйгээ эргэж холбогдоод харилцаа үүсгээд эхлэхээр бидэнтэй буцаад халуун сэтгэлээр хандаад эхэлдэг юм. Баярлаж талархдаг. Архи дарс уугаад үр хүүхэд гэр орноо хаячихдаг байсан хүн архинаас татгалзаж, үр хүүхдийнхээ төлөө зүтгээд, гэр орноо тохижуулаад хүүхдүүддээ хувцас хунар авч өгдөг болж өөрчлөгддөг юм. Биднийг очих бүрт гал устай, хоол унд хийгээд угтдаг болчихдог. Тусалсан хүмүүс маань ингээд өндийгөөд босоод ирэхээр “Халуун сэтгэл”-ийн залуус бидэнд маш их урам итгэл төрүүлдэг юм.

Гадны 15 улсад байгаа монголчууд маань “Халуун сэтгэл” нэгдлийн идэвхтэй гишүүд гэсэн?

-Тэдгээр залуус бол биднийг огт хараагүй, нүүр тулж учирч үзээгүй хүмүүс шүү. Бидэнтэй ганц ч удаа уулзаж байгаагүй мөртлөө бидэнд итгээд мөнгө илгээж, хандиваар хувцас хунар гээд янз бүрийн юм явуулдаг. Манай нэгдлийн гадны оронд байгаа 15 фэйсбүүкийн группээс дөнгөж дөрөвхөн группынх нь хүмүүстэй л уулзсан. Бусдыг нь би танихгүй. Тэгтэл тэд надад итгээд л мөнгө илгээдэг. Тэдний явуулсан юм болгоныг бид хэрэгтэй хүмүүсийг нь олж өгч чаддаг. Бидний дунд итгэлцлийн маш том холбоо үүсчихсэн. Ийм том сайхан холбоо байсаар байтал итгэж явуулсан эд зүйлсийг нь нүдээ олоогүй, буруу хүнд өгчихвөл тус маань тус биш болно шүү дээ.

-15 орон гэхээр ямар орнууд вэ?

-Америк, Солонгос, Япон, Герман, Канад, Хятад, Орос, Украин, Тайвань, Бельги, Швейцарь, Швед, Вьетнам гэсэн орнуудад амьдарч байгаа монголчууд маань манай нэгдлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог.

Танай нэгдэл аймаг бүрт нэгдлийнхээ үйл ажиллагааг хүргэхээр болж байгаа гэж дууллаа?

-21 аймагт салбараа нээх юм. Одоогоор Дархан, Эрдэнэт, Архангайд салбартай. Энэ сард Баянхонгорт нээнэ. Улаанбаатарт л зөвхөн хэцүү амьдралтай хүмүүс байдаггүй. Аймаг бүрт л хэцүү нөхцөлд амьдарч байгаа айлууд бий. Хүмүүс хүнд тусалж, сайхан сэтгэлээр хандаж буян хийснээр эргээд өөрийнх нь амьдрал хэрхэн өөрчлөгдөж илүү амар тайван болдгийг мэдэрч эхэлж байна. “Халуун сэтгэл” нэгдэлд улс болгоноос шахуу хандивын хувцас ирнэ. Дөрөв, тав заримдаа 10 хайрцаг хувцас зэрэг ирдэг үе бий. Улаанбаатар хотын хэмжээнд гурван жилийн хугацаанд хангалттай хэмжээгээр хувцас тараалаа. Нийтдээ 7-8 мянган хүнийг хувцасласан байна, бид. Улаанчулуутын хог дээр амьдардаг зарим хүмүүс “Та нарын наад хувцаснаас ч бараг уйдлаа” гэхийн наагуур л байдаг юм. Монголын өвөл урт, хүйтэн, ядуу иргэдтэй аймаг, сумд олон бий. Тийм болохоор бид хувцас хэрэгтэй байгаа хүмүүсийг хувцаслая, тэдэнд хувцас тараая гэж шийдсэн юм. Хотын захын хорооллын хүмүүс бидний хөдөлмөр, сэтгэл гаргаж цуглуулсан хувцсыг “Өгөөч, өгөөч” гэж авчихаад дараа нь очихоор өнөө өгсөн цамц, ороолтоор маань шалны алчуур хийчихсэн байдаг юм. Тэгэхээр өгч байгаа, авч байгаа хүний сэтгэл гэж юу болох вэ. Үүнээс хараад дүгнэхээр манай хөдөө орон нутгийнхан юм голохгүй өмсдөг. Тэдэнд хэзээ ч очоод май ав гээд хувцас өгч байгаагүй. Тийм тохиолдол ховор. Тиймээс бид үйл ажиллагаагаа 21 аймаг бүртээ салбарлахаар болж байна.

Хандивын хувцас гэхээр өмсөхөө байсан, хуучин, салбайсан юм л байдаг байх гэж бодох хүмүүс бий. Гэтэл гадаадад байгаа монголчуудын маань зарим нь шив шинэ шошготой хувцас явуулдаг гэсэн биз дээ?

-Урьд нь хүмүүс хаа хамаагүй байсан хувцсаа угааж цэвэрлэхгүй өгдөг байсан. Тухайн үед бид ирсэн хувцаснуудыг өөрсдөө угааж индүүдээд авдаг байсан бол одоо өөр болсон. Хүмүүс аль болох угааж индүүдээд хувцсаа төрөлжүүлээд ялгаад хандивладаг болсон. Гадаадад байдаг монголчууд маань маш сайн цэвэрлэсэн хувцсаа илгээдэг. Ариутгаад цэвэрлээд индүүдээд цамц, өмдөөр нь, эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн хувцас гэдгээр нь ялгаад явуулдаг. Тэрэн дунд шинэ хувцаснууд их ирнэ. Бид “Хогийн цэгийн, асрамжийн газрын ийм хүүхдүүд байна. Тэдэнд хувцас тараана. Тийм эмээ нар байна. Тэдэнд хувцас өгцгөөе” гэж зар бүхий мэдээллээ оруулна. Яг тэр үеэр нь гадаадад гэнэтийн том хямдрал зарлаж таарвал монголчууд маань хүүхэд, эмээ нарт зориулсан загвар, өнгө хийцтэй хувцаснууд худалдаж аваад илгээдэг.

Хүнд туслах сэтгэл гэдэг аугаа зүйл. Тэр хүн хэн нэгэнд тусалж, дулаан хувцастай байлгахын төлөө ажлын чөлөө заваараа дэлгүүр орж, өөрөөсөө мөнгө гаргаад явуулж байна гэдэг халуун сэтгэл. Бид нэг гэр худалдаж авах мөнгө олохын төлөө хичнээн долоо хоногт зүтгэж, тэр болгоны төлөө шаналдаг гэж санана. Бид анх Ичинхорлоо эмээд гэр барьж өгөх гэж өглөө есөөс оройны арван цаг болтол зогсч байж гэрийг нь барьж билээ. Тэгж л гэр барьж сурсан. Гэтэл одоо манай нэгдлийн захын нэг залуу гэр барьчих чадвартай болсон. Манай нэгдлийн үйл ажиллагаанд олны танил хүмүүс оролцох нь бий. Гэхдээ нэр усаа зарлахыг хүсдэггүй. Боломж боломжоороо мөнгө хандивлаад “Үүнийг нэмэрлээрэй” гэдэг. Бид удах­гүй Батсүмбэрийн асрамжийн газарт очно. Тавдугаар сард мод тарина. Зургадугаар сард 500 алиалагчийн парад зохион байгуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Манай үйл ажиллагаанд нэгдье, бусдад халуун сэтгэлээр тусалъя гэж хүсч байгаа хүмүүс манай нэгдлийн 77111183 дугаарын утсаар холбогдож болно шүү гэдгийг хэлье.

Д.САРУУЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Хаянхярваа: Монголын төрд нэгдсэн бодлого байна уу гэж гадныхан дахин эргэлзэж эхэлсэн

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваатай ярилцлаа.

Хаврын чуулган нээлтээ хийлээ. Чуулганы эхний өдөр л Таван толгойн асуудал маргаан дагуулаад эхэллээ. Ерөнхий сайдын зүгээс гэрээ ерөнхийдөө дуусч байгаа талаар мэдээлсэн. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

-Хаврын чуулганы нээлтийн өдрөө Монголын төр засаг гадныханд нүүр царайгаа харуулчихлаа. Би л хувьдаа тэгж ойлгож байгаа шүү. Ингэж хэлэх болсон шалтгаан юу вэ гэхээр Монгол Улсын Ерөнхий сайд чуулганы урьд өдөр Монголын ард түмэнд маш гэрэл гэгээтэй мэдээллийг шийдсэн түвшинд цацсан. Ойр дотнын хүмүүстэй уулзаад ярьж байхад, иргэдийн санаа оноог сонсож байхад маш зөв зүйтэй зүйл ярьж байна гэсэн. Одоо л Монгол төрийн ажил урагшаа алхах нь уу гэдэг ойлголтыг өгсөн юм. Бага ч гэсэн итгэлцэл төрүүлэх боломж бүрдсэн. Харамсалтай нь маргааш нь УИХ-ын дарга маш тодорхой байр сууриа “Би”-гийн өнгөнөөс илэрхийлсэн. Энэ Монголын төрд нэгдсэн бодлого байна уу гэж гадныхан дахин эргэлзэхэд хүрсэн. Тэр бүү хэл монголчууд бид өөрсдөө эргэлзээд эхэллээ. Монголын төрийн бодлого тодорхой түвшинд ойлголцсон, зангидсан зүйлийг Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн түвшинд гаргаж ирдэг албан тушаал гэж ойлгодог. Гэтэл энэ нь эсрэгээрээ явчихлаа.

Би чуулганы завсарла­гаа­наар Дархан-Уул аймагт ажилласан. Төрийн бодлого шийдвэр гэж том юм ярихаасаа илүүтэйгээр том төслүүдтэй холбоотой асуудлуудыг иргэдэд тайлбарласан. Оюу толгой, Таван толгой, Гацууртын ордын талаар сайн яриад явахад иргэд ерөнхийд нь яах ёстой вэ гэдгийг ойлгодог юм байна гэдэг нь харагдсан. Бид Таван толгойг зургаан жил ярилаа гэдэг. Оюу толгойг хэдэн жил яриад хэдэн жил гацааж байгаа билээ. Таван толгой нь одоо гацчихаад байна. Явж явж төр засаг нь толгойгоо олохгүй бол том төслүүд явахгүй гэдгийг харлаа. Одоо болсон. Явуулах цаг ирсэн. Үүнийгээ Засгийн газрын түвшинд шийдээд явах хууль эрхзүйн орчин хангалттай байгаа. Энэ ажлыг явуулах гэхээр ямар шалтгаанаас болоод ийм гацаа үүсээд байдгийг хувь гишүүнийхээ үүднээс ч гайхаж л байна.

Даваа гаригт танай бүлэг хуралдаад Таван толгойн асуудлаар мэдээлэл авсан. Бүлэг ерөнхийдөө ямар байр суурь илэрхийлэх вэ. Ерөнхий сайд 14 хоногт Таван толгойн асуудлыг шийдэж өгнө үү гэдгээ илэрхийлсэн байна лээ. Энэ хугацаанд амжих уу?

-МАН-ын бүлэг Таван толгойн асуудал дээр саналаа солилцсон. Засгийн газрын тэргүүн нь өөрийнхөө байр суурийг нэгэнт тодорхой хэлчихсэн, УИХ-ын дарга нь ийм юм ярьчихдаг. Тийм болохоор манайхан Засгийн газрын байр суурийг ажиглая даа л гэж тохирсон. Түүнээс Таван толгойг яах вэ гэдэг талаар тусгайлан ярилцаагүй. 14 хоногт Таван толгойн асуудал шийдэгдээд явах нь худлаа л болов уу гэж бодож байгаа. Таван толгойн гэрээ чинь маш том гэрээ байна лээ шүү дээ. Гэрээ хэлцлийг ойлгодог нэг нь ойлгох байх. Ойлгохгүй нэг нь ойлгохгүй. Учир нь бизнесийн энэ том гэрээг хийхэд ойлгодог, туршлагатай хүн нь бидний дунд хэд байгаа билээ.

Надад нэг зүйл ажиглагдаад байгаа нь УИХ бизнестэй холбоотой зүйлд хутгалдан орох нь буруу юм уу даа гэж харж байгаа юм. УИХ өөрөө оролцсон бизнес үндсэндээ цаг хугацаа алдаж, ашиг сонирхол орчихдог. Тийм болохоор дэмжигдэж босохоосоо илүүтэйгээр нурж унах нь олон байна л даа. Шат шатандаа хариуцсан ажлаа сайн хий гэж манайхан ярьдаг. Өөр өөрийнхөө түвшинд Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд төрийн институци ажлаа хийж чадаж байвал асуудал аяндаа шийдэгдэнэ.

МАН-ын зүгээс Сон­гуулийн тухай хуульд өөрч­лөлт оруулахдаа 76 мажоритар тойрог болгох уу, пропорциональ хэд хэдийн харьцаатай байх вэ гэдэг дээр бүх нийтийн санал асуулга явуулах ёстой гэж байна. Эдийн засаг ийм хүнд байхад сонгуулийн дайтай санал асуулга хийж чадах уу. Чадлаа гэхэд эдийн засаг ямар байгаа билээ тэр бүгдийгээ бодолцсон юм уу?

-Манайхан орон нутагт нэлээд ажилласан. Даваа гаригийн бүлгийн хуралдаан дээр орон нутагт ажилласан тухайгаа нэлээд ярилцсан. Миний л уулзсан бүх уулзалт дээр 76 жижиг мажоритараар сонгууль явуулах ёстой гэдгийг иргэд хэлсэн шүү. Намын жагсаалтаар орж ирсэн хүмүүс хариуцлагагүй ажиллаж байна. Ялангуяа өнгөрөгч Засгийн газрын үед намын жагсаалтаар орж ирсэн хүмүүс маш хариуцлагагүй ажилласан гэдгийг иргэд хэлж байна лээ. Бүлгийн хурал дээр ярилцаад Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахдаа бүх нийтийн санал асуулгаар шийдье гэдэг дээр санал нэгдсэн. Манайхан хуулийн төслөө боловсруулаад явж байна. Зардал мөнгөний талаар ярих юм. Энэ чинь сонгуультай адилхан реклам сурталчилгаа явагдахгүй. Мажоритарыг сонгох уу, пропорционалыг сонгох уу гэдэг хоёрхон зүйл дээр санал авна. Хүмүүсийн бодоод байгаа шиг айхтар их зардал гарахгүй байх.

Мажоритараар явах нь зохимжтой гэдэг дээр та саналтай байна уу?

-Тийм.

Их хуралд тойргоос хоёр удаа сонгогдсон тан шиг хүмүүс дараагийн удаа жагсаалтаар орох магадлал өндөр юм биш үү?

-Надад пропорциональ буюу жагсаалтад орох нь илүү ашигтай байж болно. Гэхдээ энэ өнцгөөс асуудалд хандах нь буруу юм. Энэ миний л бодол шүү. Уг саналыг иргэд гаргаж байгаа болохоор тэднийхээ үгийг сонсох ёстой. Хувь улстөрчийн хувьд пропорциональ нь зөв гээд өөрийн байр суурийг илэрхийлж болохгүй. УИХ-ын 76 гишүүн дотор янз бүрийн л бодолтой хүмүүс яваа.

УИХ-аас Л.Энх-Амгалан гишүүнээр ахлуулсан Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн шалгалтын үед нэлээдгүй зөрчил дутагдал илэрсэн байна гэсэн. Жишээлбэл, Хөгжлийн банкны 60 гаруй дарга даамалд тус бүрт нь 150 сая төгрөгөөр байрны дэмжлэг үзүүлсэн ч гэж байх шиг. Энэ тал дээр ямар бодолтой байна?

-Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсэг байгуулагдаж шалгалт хийсэн. Одоогоор надад ямар нэгэн мэдээлэл алга. Тан шиг л сураг төдий мэдээлэлтэй байна. Удахгүй ажлын хэсэг нь тайлангаа хэлэлцэнэ. Тэр үед тодорхой болно. Сүүлийн үед Монголбанк хүмүүстээ байрны дэмжлэг үзүүлж мөнгө өглөө, Хөгжлийн банк тэгсэн байна гэсэн мэдээлэл их гарч байгаа. Үнэхээр тийм бол төрийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс өөрсдийн давуу талыг ашиглан ингэж аяглаж болохгүй. УИХ дээр Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан “Тийм зүйл байхгүй” гэж мэдэгдсэн. Хэрэв өгч байгаа бол адилхан төрийн албанд ажиллаж байгаа эмч, багш нарт өгч яагаад болохгүй гэж. Адилхан л төрийн төлөө зүтгэж яваа хүмүүс. Төрийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн орон сууцны асуудлыг шийднэ гэж байгаа бол нийтээр нь шийдээд явах ёстой. Төрийн банкинд ажилладаг хүмүүс нь асуудлаа шийдүүлээд явж болохгүй.

Энэ жил Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө аймаг, дүүргүүдэд хуваарилагдаагүй байна. Үүнээс болоод олон бүтээн байгуулалтын ажлууд гацаанд оржээ. Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг өгөөд явах боломж бий юу?

-Улсын төсөв өнөөдөр юун Орон нутгийн хөгжлийн сантай мантай байна. Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө сайн юм хийдэг газраа сайн зүйл болсон. Зүгээр салхинд хийсгэдэг газраа хайран мөнгө болсон. Аймгийн хөгжлийн сангаас сумын хөгжлийн сан руу мөнгө өгдөг л дөө. Сумын хөгжлийн сангийн мөнгөөр инээдэмтэй зүйлс маш их хийдэг. Сумын төвийг цэцэрлэгт хүрээлэнтэй болгоно гээд 100 метр хашаа барьж, хэдэн гэрэл тойруулж тавьдаг. Тэгсэн хэрнээ 200-300 сая төгрөг үүндээ зарцуулсан гэдэг. Үнэнийг хэлэхэд сумын төвд нэг хашаа барьж хэдэн гэрэл тавьж үлийгээ хийнээ. Энэ мэтчилэн салхинд хийсгээд байгаа мөнгөө Засгийн газар маш сайн үзэж харах ёстой. Намайг орон нутагт ажилладаг байхад одоогийнх шиг хэдэн тэрбумаар нь авдаг хөрөнгө гэж байсангүй. Гэнэтхэн аймгийнхаа төсөвтэй ижил хэмжээний мөнгө ороод ирэхээд юм хийдэг хүнд маш том боломж нээгдэж байгаа юм. Сэтгэл байхгүй хүнд төрийн мөнгө хайран л байхгүй юу. Үүнийгээ шалгаж, үр дүнг нь тооцож үзэж ёстой. Ялангуяа сумдад зарцуулах мөнгийг яг юунд зарцуулах вэ гэдэг чиглэлийг нь гаргах шаардлагатай. Хөдөө суманд ахиухан мөнгө өгчихлөө гэхэд юу хийх вэ гэдэг нь бүрхэг байдаг. Сая Хөвсгөлийн сумдаар яваад ирэхэд танил талдаа мөнгө өгчихдөг. 14 саяар жорлон барьсан ч гэж байх шиг. Ийм инээдэмтэй зүйлс орон нутагт их байдаг юм билээ.

Та Эдийн засгийн форумд сууж байгаа харагдсан. Энэ жилийн форум Итгэлцэл нэрийн дор болсон. Үнэхээр итгэлцэл төрүүлж чадахуйц болж чадав уу. Ямар гарцыг нээж өгсөн бэ?

-Энэ жил Итгэлцэл нэрийн дор эдийн засгийн форум чууллаа. Итгэлцэл гээд энэ үг чинь өөрөө их сайхан үг юм. Би хоёр ч салбар хурал­даанд орж суусан.

Бид гадаад талдаа итгэл алдсан. Үүнийгээ ч хүлээн зөвшөөрч байгаа. Тэгвэл өнөөдөр дотоод итгэлцлээ сайжруулах хэрэгтэй гэж ярилаа. Дотооддоо бид ямар ч итгэлцэлгүй байна. Үүний хамгийн том нотолгоо Ерөнхий сайд, УИХ-ын даргын нэг хоногийн зайтай хийсэн мэдэгдэл харуулаад өглөө. Тийм болохоор бид дотоод итгэлцлийг бий болгож авахгүйгээр, өөр хоорондоо учир зүйгээ олохгүйгээр хөгжлийн тухай, урт хугацааны бодлогын тухай, алсын харааны тухай ярих утгагүй. Эдийн засгийн форумд сууж байхад П.Очирбат гуайн хэлсэн үг надад л лав таалагдсан. Тэр нь юу гэхээр “Социализмын үед Намын төв хороо, Сайд нарын зөвлөл хамтарсан шийдвэр гаргадаг байсан юм. Тэр чинь социализмтайгаа алга болчихсон” гэсэн юм. Ерөнхийлөгч нэг асуудал оруулж ирэхээр нь унагадаг, Засгийн газар асуудал оруулахаар УИХ дээр ирээд бүдэрдэг. Засгийн газар том уу, УИХ том уу гэдэг асуудал өрнөж байна шүү гэдэг өнгө аясыг илэрхийлэн хэлсэн. П.Очирбат гуай ёгтлох маягаар тэр үгээ хэлсэн. Тэгэхээр Үндсэн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд Ерөнхийлөгч нь Ерөнхийлөгчийнхөө түвшинд, УИХ нь УИХ-ынхаа түвшинд, Засгийн газар нь Засгийн газрынхаа түвшинд хэрэгжүүлээч ээ. Үндсэн хуулийн хэрэгжилт хангалтгүй байнаа гэдгийг төрийн өндөр түвшинд ажиллаж байсан энэ хүмүүс хэлээд байна. Харамсалтай нь өнөөдөр бид үүнийгээ хийж чадахгүй, дээрээ л бужигнаад байгаа юм. Үүнийх нь гай Монголын эдийн засагт нөлөөлж хөгжил хойшоо татагдаж байна л даа. Энэ бүх асуудлаа шийдээд Монгол Улс тойрч ургадаг модтой болох ёстой.

Мод гэдэг нь хөгжлийн бодлого уу?

-Яг тийм. Тэр мод чинь урт хугацааны хөгжлийн том бодлого юм. Хөгжлийн том бодлого нь байхгүй болохоор залгамж чанар нь алдагдсанаас болж бид алдаж байгаа. Үүнээс цаашдын Монголын хувь заяа шалтгаалах гээд байна.

Та чуулганы өмнө Дархан-Уул аймагтаа ажиллаад ирсэн. Нутгийн иргэд тань ямар захиас танаар дайв. Дархан-Сэлэнгийн бүсийнхэн төмөр зам, авто замтай, но­гоо тарьдаг хөдөлмөрч хүмүүс байдаг тул тэр бүр ядуурал гээд байдаггүй гэдэг шүү дээ…

-Тэр үнэн. Гэхдээ Дархан-Уул аймагт ч гэсэн алслагдсан хөдөө гэж бий шүү дээ. Аймгийн төв болон хөдөөний малчидтайгаа ч уулзлаа. Дархан Уул аймаг чинь ерөнхийдөө хотожсон гэдэг утгаараа аймгийн төвөөрөө бухимдал байна. Өмнөх уулзалтаас хойш бухимдал нэмэгдсэн гэдэг нь харагдсан. Иргэдийн зүгээс хэлсэн хамгийн том асуудал төр засагт итгэх итгэл алдарлаа гэж байсан юм. Аль ч газрын хүмүүстэй уулзахад хэлж байна. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын алинд нь ч итгэх итгэл алдарлаа гэсэн. Энэ улсад төр, төр засгийн бодлого шийдвэр гэж байна уу гэж ам асууж байна лээ. Эхлээд бид алдагдсан итгэлийг олж авахын тулд ажиллах хэрэгтэй болчихлоо. Хоёрдугаарт, төр засгийн зүгээс хөгжлийн бодлогыг дэмжинэ гэж олон зүйл дээр байнга ярьдаг хэдий ч банк санхүүгийн салбарт болохоор худлаа байдаг. Жилийн 17-18 хувийн хүүтэй зээл авч яаж бизнес хийх юм. Монголын банкууд яагаад хүү бууруулах тал дээр ажиллахгүй байна. Монголын төр засаг яагаад үүнд анхаарал хандуулахгүй байна вэ гэдгийг хэлцгээсэн. Болохгүй бол гадны банкийг оруулж ирээд өрсөлдүүлж банкны салбарт хүү бууруулах бодлого барихгүй байна. Хүүг бууруулаад өгвөл бид төр засгаас илүү юм шаардахгүй. Бид урагшилж, хөгжиж дэвжмээр байна гэдгийг бизнес эрхлэгчид хэлсэн. Өөр иргэдийг бухимдуулж байгаа нэг асуудал нь дээр хэлсэн Сонгуулийн тогтолцооны асуудал байна. Мажоритар системд орж, хар машины асуудлаа шийд гэж байгаа юм. Иргэдийн зүгээс хамгийн их бухимдал дагуулж байгаа зүйлс нь эрүүл мэндийн салбарын асуудлыг ярьж байна лээ. Эмч ажилтнууд нь мянга сайхан сэтгэл гаргаад ажиллалаа гэхэд төсөв мөнгө нь хангалтгүй байдаг. Сүүлийн хоёр гурван жил удирдлагын түвшиндээ дэндүү их халаа сэлгээний маргаан хийлээ. Эрүүл мэндийн салбарт улс төржилт орж ирснээр байдал дордож байна гэдгийг бухимдалтай хэлж байна. Түүнээс биш өлсөж үхчих гээд байна гэдэг зүйлийг ярихгүй байгаа юм. Төв суурин газраа ажлын байрны асуудлыг шийдээд өгөөч гэсэн. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг та нар хувьчилсан. Өнөөдөр 500 гаруй хүнийг хална гэж байна. Ажиллагсдынхаа цалинг бууруулчихлаа. Улсын төсөвт төлдөг мөнгө нь нэг тэрбумаар тасарчихлаа. Ингэж менежментийн хувьчлал хий­гээд байвал хэнд хэрэгтэй юм бэ гэдгийг хөндсөн. Хөтөл дээр ч гэсэн хувьчлалын асуудал яригдсан. Тэгэхээр бид то­моо­хон аж ахуй нэгжүүдийг менежментийн гэрээгээр хувь­чилна уу, яана уу тодорхой түвшинд бодолцохгүй бол бо­лохгүй болжээ.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч УИХ-д ажлаа тайлагнана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр УИХ-д өөрийн үйл ажиллагааны тайлангаа тавина. Тодруулбал, УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тайланг сонсох юм. Өмнө нь Ерөнхийлөгч жил бүр УИХ-д тайлангаа бичгээр хүргүүлж байсан. Харин өнөөдөр ийнхүү нээлттэйгээр тайлангаа тавьж, гишүүдийн асуултад хариулах юм.

Categories
мэдээ нийгэм

Найрсаг Улаанбаатар үзэсгэлэн нээлтээ хийнэ

Өнөөдөр “Мишээл экспо” төвд “Найрсаг УБ” зочлох үйлчилгээний олон улсын тэмцээн, үзэсгэлэнгийн нээлт болно. Энэхүү тэмцээнд Улаанбаатарын шилдэг зочид буудал, зоогийн газрын мэргэжилтнүүд 6 төрлөөр өрсөлдөнө. Уг арга хэмжээнд ОХУ-ын Эрхүү, Улан-Үд, БНХАУ-ын Манжуур, БНСУ-ын Гояан хотын Аялал жуулчлалын газрын дарга нар тэмцээний оролцогчдын хамтаар хүрэлцэн иржээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цагаан пиарын шинийн нэгэн

Ерөнхий сайд цагаан пиарын сар зарлав. Ер нь жил бүр цагаан сарын дараагийн дараагийн сарыг “Цагаан пиарын сар” хэмээн нэрлэх аж. Энэхүү ажил “Цагаан пиарын шинийн нэгэн”-ээр эхлэх баиргэд өглөө цагаан гэгээ ормогц сэрж таарсан хүнтэйгээ “Чи ч цайрч дээ”, “Тэгсээн, тэгсэн. Харин чи цагаандаа гараа шив дээ” гэхчлэн мэндлэх ажээ.

Цагаан пиарын сараар бүх юмыг цагаанаар ярьж, цагаанаар будах аж. Хөршийнхөө хашаа руу зөвхөн цагаан будаг цацаж болно. Нэгнийхээ нүүр рүү зөвхөн цагаан шороо цацахыг л зөвшөөрөх юм байна. Хараалч ерөөлч нар ч гэсэн засаг төрөө дээдлэх үүднээс бие биедээ хараал чатга хийхийг цээрлэх ба зөвхөн цагаан хэл аманд идүүлэн цааш харуулахыг эрхэмлэх аж.

Хурал номын газруудад “Цагаан Дара-эх” голлон унших, цагаан өвгөний сан тавьж, цагаан шүхэртээр л засал хийнэ гэж байна.

Цагаан пиарын үеэр хар гэдэг үгийг хэрэглэхгүй тул хүнийг арьсаар нь цагаан, цагаан биш, шар гэж хуваах болж байна. Түүгээр ч зогсохгүй бусдын анхаарлыг татахын тулд “Алив, тэр нөхөр толгойгоо эргүүлээд наашаа цагаан бишдээдэх!” хэмээн зандрах нь. Оройн мэдээгээр“ нөхрөө өөр хүнтэй цагаан бишидсний улмаас мохоо иртэй зүйлээр…”, “Солонгост цагаан бишидсэн иргэдийн дунд…” гэхчлэн ярих болж байна.

Дуучин-иргэнчин Жавхлан болохлоор олонд алдартай “Хар хархан харц” дуугаа “Цагаан биш цагаан бишхэн цагаанц” хэмээн нэрлэхээс аргагүй болов бололтой.

Ер нь цагаан пиарын сард тувтсайн мэдээ ярих учиртай тул нас барсан, хулгай хийсэн, хүн зодсон зэргийг эерүүлэн ойлгохоос өөр аргагүй болж байна. Гэмт хэргийн мэдээ “Цагдаагийнхан төрсөн биш хүний бие олсноо таниулах ажил хийв”, “ Хэд хэдэн удаагийн үйлдлээр 10 сая шахам төгрөгийн үнэ хүрэх “ гээгүй юм” олсноо хүлээв”, “Иргэн Б-гийн малгайг хүчээр бэлэглүүлсэн төдийгүй хүнд хэлбэрийн иллэг хийсэн нь тогтоогдсон” гэхчлэнгээр явж таарах нь.

Цагаан үйлийг дээдлэх, цагаанаар бэлгэдэх явдал ч цагаандаа гарсан болтой юм. Цонхоор цайны дээжээ өргөөд доор нь байсан машиныг нь завааруулсны төлөө гомдол гаргасан жолооч“ Хар пиарын талын этгээд” гэгдэн толгойгоо хага цохиулаад, азаар салжээ. Азаар гэдэг нь ийм учиртай, толгой нь хагарах үед тархиных нь өнгөөр цаанаа бол цагаан пиарын санаатай болох нь мэдэгдэн өршөөгдсөн гэнэ. Хармай ухдаг нэг этгээд үйлдэл дээрээ гардуулсан боловч цүнхнээс нь есөн цагаан алдагдсан түрийвч, есөн есийн наян нэгэн хулгайн айфоон олдсон тул бэлгэ дэмбэрлээ бодоод тавьж явуулахаас өөр аргагүй болсон ч гэх шиг.

Монголоо гэсэн сэтгэлтэй одон орончид сансрын “хар нүх”-ийг “огторгуйн цагаан сүв” хэмээн эерүүлснээ илтгэсэнд сэтгэл хөдөлсөн ерөнхий сайд Шинжлэх ухааны академийг Манакул академитай нийлүүлэх шийдвэрээ цуцалсан дуулдав. Үүнд урамшсан бичиг үсэггүйчүүдийн Академийнхэн “Сансрын туннель”-ийн нэрийг “Микрийн цагаан хоолой” болгож солихоор хуралдаж байгаа юм байна.

Хэрүүл уруул хийж буй улс “Чи муу сүү”, “Гайгүй байлгүй муу тараг минь”, “За цаад хэн чинь ёстой шохой хүн дээ” гэхчлэнгээр үг хаялцах нээ.

Эвгүй сэтгэгдэл төрүүлдэг зарим эвгүй газруудын нэрийг ч эерүүлж, АТГ-г Есөн цагааны бэлэг шинжих газар болгоод зогссонгүй, хорих ангиудын үүдэнд “Тавтай морилно уу” гэж бичүүлэх болсон гэх.

Эрдэмтэд “Монгол дахь цагаан пиарын өчигдөр, өнөөдөр, хэтийн төлөв” сэдвээр эрдэм шинжилгээний хурал зарласан ба илтгэлүүд ч түрүүчээсээ ирсэн байна. Тэнд “Цагаантнууд бол Монгол руу цагаан пиар экспортлогчид мөн”, “МАН-ын анхны цагаан пиарч “Цагаан дээлт” Дамдины урьд өмнө олдоогүй нэгэн цагаанпиар” гэсэн гарчгууд тодхон харагдана.

Манай оронд цагаан пиар хэрхэн бүрэлдэж байгааг уран сайхнаар харуулсан Д.Нацагдоржийн “Цагаан пиар ба цагаан биш нулимс”, “Миний хэнз пиар”, Ц.Дамдинсүрэнгийн “Хоёр цагаан пиар” зохиолын эргэн уншицгааж байна. Мөн ийм утга агуулгатай “Халуун элгэн тараг минь”, “Эрх цагаан пиар минь хөөрхөн дөө, хөөрхөн” гэхчлэнгийн дуунууд ч моодонд орж эхэлжээ.

Цагаан сарыг жил болгон даваад гардаг л хойно цагаан пиарын сарыг ч яахав, ард нь гарч л таараа. Харин дуусахаар яана аа даа, гэхээс яс хавталзах аж.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Ядаж охиддоо тамхи зарахаас татгалзъя

Саяхны нэг өглөө орон сууцны цахилгаан шатанд явж байгаад тамхины утаанд золтой л угаартаад уначихсангүй. Доошоо буухаар зогсч байсан охин хамт лифтэнд оронгуутаа шуудхан тамхиа асаачихав. Ахлах ангийн сурагч бололтой цэцэг цэврүү шиг дэгжин тэр охин сандчин цүнхээ онгойлгоод нарийхан янжуур гаргаж амандаа зуугаад баагиуллаа. Жийрхэж эвгүйцэх шинж алга аа. Нэг давхар руу буух зуур тамхиа хэд, хэдэн удаа хүчтэй сороод утаат хөшиг татуулав. Тэнд нялх нойтон хүүхэдтэй хүн явааг огтхон ч тоосонгүй. “Миний дүү энэ хар хогоор яана вэ” гэхэд өөдөөс их л зэвүүцсэн харцаар ширтсэнээ “Миний амаар орж байгаа хор танд ямар хамаа байна вэ” гээд ширэв татах нь тэр. Түүний уушгинд орсон хор өөрийг нь болоод өрөөлийг хордуулдаг гэдгийг мэдэхийг ч хүссэнгүй. Тамхины утаанд никотин, угаарын хий зэрэг 4000 гаруй химийн бодис, хорт хавдар үүсгэдэг 43 бодис агуулагддаг гэсэн. Өдөрт бүтэн хайрцаг тамхи татах нь сэтгэлийн байнгын түгшүүр бий болгодгийг судлаачид тогтоожээ. Энэ мэт аюулын харанга дэлдэх аймшигт тоон үзүүлэлтүүдийг дурдвал тоймгүй.

Эцэг, эхчүүдээ таны танхил охид орцны үүдэнд, хонгилд, сургууль, байшингийн буланд хоёр, гурваараа нийлэн зогсч тамхи байнга татаж байгааг та мэдэж байгаа юу. Тэд биесээ дуурайн чамирхсанаас энэ хоронд донтон автаж байна цаана чинь. Аав, ээжүүд охид, хөвгүүдийнхээ ийм байдалд хяналт тавьж чадахгүй байгаа бол ядаж дэлгүүрийн худалдагч та бүхэн тэдэнд тамхи зарахаас татгалзаарай.Тэгээд ч орчин цагийн эрчүүд үнсний сав тэвэрч унтмааргүй байна гэдэг болсон байна лээ шүү охид, бүсгүйчүүд минь.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм

Гар одтой улаан луу өдөр

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 10. Сугар гариг, Билгийн тооллын 21. Гар одтой улаан луу өдөр. Өдрийн наран 06.25 цагт мандан, 19.35 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эв эеэ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослын эсрэг оюутан, сурагчид жагсана

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр”-ийг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

“Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр”-ийг 2015 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр буюу маргааш Эрх чөлөөний талбайд 11.00 цагаас зохион байгуулах юм байна.

Энэ өдөр сурагчдын дунд “Замын хөдөлгөөн миний нүдээр” уриан доор зохиогдсон зохион бичлэгийн болон уран зургийн уралдааны эздийг тодруулах юм. Мөн тухайн өдөр төв зам дагуу буюу баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэлх явган хүний гарцууд дээр хүүхдүүд уриалга бүхий санал хүсэлтүүдээ бичсэн самбар барьж зогсох юм байна. мөн “Зоос гоёл”-ын үүднээс Эрх чөлөөний талбай хүртэл оюутан, сурагчдын жагсаал болох аж. Замын цагдаагийн газраас энэ арга хэмжээнд идэвхитэй оролцохыг иргэдэд хандан уриалж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

”Улаанбаатар, Венийн бүжгийн баяр” болно

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон Нийслэлийн соёл урлагийн газартай хамтран сонгодог урлагийг үзэгчдэд ойртуулах зорилгоор олон ажил хийхээр төлөвлөжээ.

Тодруулбал, ирэх тавдугаар сарын эхээр Чингис хааны талбайд “Улаанбаатар, Венийн бүжгийн баяр”-ыг зохион байгуулах аж.

Энэхүү арга хэмжээгээр хамгийн шилдэг бүжгийн болон хөгжмийн хөтөлбөрийг задгай талбайд хийж, бүжиглэх хүсэлтэй, сонирхолтой хүмүүс энэхүү арга хэмжээнд оролцож болох аж.

Categories
мэдээ улс-төр

Унгарын Ерөнхийлөгч манай улсад айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Унгарын Улсын Ерөнхийлөгч ноён Янош Адер, гэргий Анита Херцегийн хамт Монгол Улсад энэ сарын 14-16-нд албан ёсны айлчлал хийхээр болжээ.

Айлчлалын үеэр Унгар Улсын Ерөнхийлөгч Я.Адер Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нартай тус тус уулзах юм.
Энэхүү айлчлал нь Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог бөгөөд хоёр орны уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ялангуяа эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын байгууллагуудын хүрээнд хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхэд чухал түлхэц болно хэмээн үзэж байгаа ажээ.