Categories
мэдээ нийгэм

Хүнсний улаанбуудайг биржээр худалдав

Хүнсний улаанбуудайг ХАА-н биржээр худалдах туршилтын арилжаа өнөөдөр болж байна. 2014 оны намрын ургацаас Тариалан эрхлэлтийг дэмжих санд авсан 30 000 гаруй тонн хүнсний улаанбуудай байгаагаас эхний ээлжинд 500 тонныг туршилтаар арилжих юм. Биржийн арилжаа Чингэлтэй дүүргийн 6-р хороо , Дамбын гудамж 60/1 дүгээр байр ХААҮШУОНТ- ийн байр 5-р давхар /Баянбүрдийн 50-р сургуулийн урд талд 7 давхар байр, зүүн талын орц /-нд болж байна.

Categories
мэдээ улс-төр

Орос, Хятадын тээврийн дэд сайд нарын уулзалт болж байна

Орос, Хятад Монголын тээврийн дэд сайд нарын түвшний II уулзалт манай улсад болж байгаа. Уг уулзалтын хүрээнд өнөөдөр Орос, Хятадын тээврийн дэд сайд нар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд бараалхаж цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Categories
мэдээ нийгэм

“Бүтээн байгуулалт-2015” хөдөлмөрийн яармаг эхэллээ

Монголын залуучуудын холбоо, Залуучуудын хөдөлмөрийн төв биржээс бүтээн байгуулалтын салбарт ажиллах гадаад ажилчдын тоог бууруулах, Монгол залуусаа эх орныхоо бүтээн байгуулалтанд гар бие оролцож, ажилтай орлоготой болгох зорилготой “Бүтээн байгуулалт” хөдөлмөрийн яармагийг зохион байгуулдаг уламжлал тогтсон билээ.
Энэ жилийн хөдөлмөрийн яармаг “Бүтээн байгуулалт-2015” нэртэйгээр өнөөдрөөс эхлэн МЗХ-ны “Залуус” танхимд зохион байгууллагдаж байна. Тус хөдөлмөрийн яармагт уламжлал ёсоор уул уурхай, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, зам, барилга зэрэг бүтээн байгуулалтын салбарынхан оролцож байгаа бөгөөд ажил олгогч байгууллагуудын хүсэлтээр хүрээгээ тэлж аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний салбарууд оролцож байна.
2015.03.28-нд МЗХ-ны V их хурлаар Засгийн газраас хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын ажлуудад Монгол залуучуудаа нэн тэргүүнд авч ажиллуулах талаар шаардлага хүргүүлсэн билээ. 2013, 2014 онуудад хийсэн судалгаагаар 21 аймаг, 9 дүүрэгт бүтээн байгуулалтын салбарт ажиллах сонирхолтой 16.000 /арван зургаан мянга/ гаруй залуучууд байна. Эдгээр залуусыг сургаж, бэлтгэн энэ салбарт ажлын байраар хангах бүрэн боломжтой.
Энэ удаагийн хөдөлмөрийн яармагт Тэдмэнт констракшн, Эко констракшн, Эсто ХХК, Нэмэх Трейд ХХК, Туушин ХХК, Цогц Шийдэл ХХК, Скай Резорт ХХК, Сод Монгол групп, Тэсо корпораци, Бест буйдан, Шунхлай групп, Арж капитал зэрэг ажил олгогч байгууллагууд оролцож, 600 орчим нээлттэй ажлын байр залуусыг хүлээж байна.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард сураггүй болсон иргэнийг дахин хайв

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын II багт амьдардаг 78 настай Ч 2014 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр гэрээсээ гараад сураггүй болсон аж. Тухайн үед аймгийн Онцгой байдлын газраас эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулан явуулсан ч үр дүнд хүрээгүй учраас эрлийн ажлыг зогсоожээ. Ар гэрийнхэн нь эрлийг дахин үргэлжлүүлэх хүсэлт гаргасныг өчигдөр хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, аймгийн Цагдаагийн газрын 15 албан хаагч, нийт 26 албан хаагч явганаар Орхон голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулан явуулсан боловч үр дүнд хүрээгүй байна.

Categories
мэдээ нийгэм

“Ялалт-70” буухиа эхэллээ

1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гаргасан билээ. Эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан “Ялалт-70” буухиаг Улаанбаатар хотноо хүлээн авах арга хэмжээ одоо Зайсан толгойд болж байна. Уг арга хэмжээ Хил хамгаалах ерөнхий газар дээр үргэлжилнэ.

Categories
мэдээ цаг-үе

С.Ариунболд: Үндэсний брэнд дэлхийн тавцанд өрсөлдөнө

Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэ­хүүн тун удахгүй дэлхийн брэндүүдтэй мөр зэрэгцэн өрсөлднө. Энэ боломжийг мэргэжлийн гадаад худал­дааны “Рояал Ресурс Монго­лия” компани эхлүүлэх гэж байна. Тус байгууллага нь “Монгол жинчин” хэмээх экспортод чиглэсэн төс­лийг хэрэгжүүлэхээр бол­жээ. Төслийн хүрээнд ямар үйл ажиллагаа явагдах та­лаар “Рояал Ресурс Монго­лия” компанийн захи­рал С.Ариунболдтой ярилцлаа.

-“Монгол жинчин” төс­лийн талаар эхлээд мэ­дээлэл өгөхгүй юу?

-Монгол Улс зөвхөн уул уурхайгаас хараат эдийн засагтай. Дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээг­дэхүүний үнэ буурахад манай эдийн засаг тэр хэмжээгээр хямарч байдаг. Тэгвэл “Мон­гол жинчин” төсөл нь уул уурхайн бус үйлдвэрлэлийн эц­сийн бүтээгдэхүүнийг га­даад зах зээлд нэгдсэн зо­хион байгуулалттайгаар худалдаалах боломжийг нээж буй юм. Энэ утгаараа экспортод чиглэсэн худалдааны анхны томоохон төсөл гэдгийг тодотгож байна.

-Монголын брэнд гэвэл гадаад ертөнцөд ноос, ноо­лууран бүтээгдэхүүн танигд­сан байдаг. Өөр ямар төрлийн бүтээгдэхүүнийг экспортод гаргах вэ?

-Манайхан өөрсдөө ноос ноолуур гэж чухалчлаад бусдыг нь үнэлдэггүй боло­хоос дэлхийд таниг­дахаар олон сайхан үндэсний брэнд бүтээгдэхүүн байн шүү дээ. Одоо ургамлын тос үйлдвэрлэж байна. Гар урла­лын бүтээгдэхүүнүүд байна. Мөн дэлхийн өндөр технологиор чанартай гутал хийдэг “Best shoes” компани гутал үйлдвэрлэж байгаа. Ерөнхийдөө “Монгол жинчин” төслийнхөө хүрээнд үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэж байгаа юм.

-Үндэсний бүтээгдэхүү­нүүдийг дэлхийд хүчтэй өрсөлдөгч болгохын тулд энэ төслийг эхлүүлж байгаа байх нь ээ?

-Тийм. Монголын брэнд дэлхийд өрсөлдөх цаг ойрхон байгаа гэдэгт итгэж байна. Төслийн нэг тактик бол Монгол соёлыг илүү гаргана. Монгол Улс түүхэн онцлогтой, өөрийн гэсэн соёл иргэншилтэй ард түмэн. Тиймээс үүнд тулгуурлан төслийнхөө нэрийг хүртэл “Монгол жинчин” гэж нэрлэсэн. Нэг ёсондоо “Монгол жинчин” брэнд сүлжээ дэлгүүрийг дэлхий дахинд байгуулна гэж ойлгож болно.

-Сүлжээ дэлгүүрээ ямар хэлбэрээр, яаж байгуулах юм бэ?

-Хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Судал­гааны үндсэн дээр “Монгол жинчин” худалдааны төвүүдийг дэлхийн өнцөг булан бүрт байгуулахаар зорьж байгаа. Үйл ажиллагааны хоёр дахь чиглэл нь онлайн худалдааг ашиглана. Үүнд бид маш эрчимтэй, хүчтэй орохоор төлөвлөсөн. Хятадын интернэт худалдааны том сайт Алибабагийн охин компани болох www.jd.com, www.tmall.com сайтыг ашиглана. Одоо онлайн худалдааны дэлгүүрийн маань программ хангамжийн асуудал шийдэгдээд дуусчихсан. Удахгүй үйл ажиллагаагаа эхлүүлнэ дээ.

-Онлайн сүлжээ дэлгүү­рийн бараа бүтээгдэхүүн чанар муутай гэдэг хандлага хүмүүст байдаг. Энэ тал дээр Алибабагийн хувьд өнгөрсөн онд нэлээд асуудал үүсгэсэн. Харин “Монгол жинчин” дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнд хүмүүс хэр­хэн итгэж болох вэ?

-Бараа бүтээгдэхүүний чанарын асуудалд бид яаж хандаж, хэрхэн анхаарч явах уу гэдэгт Хятад улсын туршлага байна. Онлайн худалдааг “show room” буюу “online to ofline” системээр үзэсгэлэнгийн жижиг танхимуудыг байгуул­даг. Тухайн танхимд бор­луулж байгаа бүх бараа бүтээгдэхүүний дээж нь байж байх жишээтэй. Худалдан авагч бараа бүтээгдэхүүний чанарыг нь гараараа барьж, нүдээрээ үзсэний үндсэн дээр захиалгаа өгдөг систем рүү байгуулсан. Алибабагийн хувьд эхний нэг жилдээ 1000 ширхэг “show room”-ийг Хятадын нутаг дэвсгэрт байгуулсан шүү дээ. Харин “Монгол жинчин”-гийнхээ “show room”-ийг эхний жилдээ 100 ширхэгийг байгуулна. Ойрын гурван жилдээ БНХАУ-ын нутаг дэвсгэрт мянган ширхэг “show room” байгуулахаар төлөвлөөд байна.

-Төслийн гол бодлого юу вэ?

-Үйлдвэрүүдийнхээ бор­луу­лал­тыг нь нэмэгдүүлэх замаар эргээд тэдний цар хүрээг сайжруулъя, дэлхийн стандартад нийцсэн чанартай бүтээгдэхүүн бий болгоё гэж байгаа юм. Байгаль орчинд ээлтэй байдлаар төслийн хүрээнд хамрагдаж байгаа үйлдвэрүүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлууд их бий.

-Засгийн газраас үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжинэ гэж мэдэгдээд байгаа. Тэр ч утгаараа татвар авдаггүй. Харин бүтээгдэхүүнээ борлуулах орнуудын талаас учирах хүндрэл бэрхшээлээ хэрхэн тооцоолсон бэ?

-Нэг хүндрэл нь бидний бараа бүтээгдэхүүн гаргаж байгаа тухайн орон нутгийн татвар, хорио цээрийн бод­ло­­гууд байна. Энэ бол үйлд­вэрлэгчдэд нэлээд хүнд­рэлтэй тусдаг. Үүнийг төсөл санаачлагчид дангаараа хэрэг­жүүлнэ гэж байхгүй. Тиймээс хамтын ажил байх ёстой. Засгийн газартай хамтраад саналаа оруулах ажлууд цаашид хийгдэнэ. Одоогийн байдлаар БНХАУ-ын хувьд хил гаалийн хорио цээрийн асуудалд тохиролцоонд хүрчихсэн байгаа.

-Энэ худалдаагаа цаашид хичнээн оронд тэлэх вэ?

-“Монгол жинчин” төсөл нь Үндэсний үйлдвэрлэгчдээ нэгтгэн дэмжиж энэхүү арга барилаа ашиглан БНХАУ, цаашлаад ОХУ, Европ, Хойд Америкийн зах зээлд өрсөл­дөх гарцыг нээхээр ажиллаж байна. Бас Япон улс байгаа. Саяхан манай хоёр орны хооронд эдийн засгийн чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан. Тиймээс “Монгол жинчин” дэлгүүрийнхээ сүлжээг өргөтгөх дараагийн улс Япон байх нь гарцаагүй. ОХУ, Сибирийн бүсэд манай бараа бүтээгдэхүүн асар эрэлттэй байдаг. Цаашлаад ОХУ-д салбар худалдааны төв байгуулах тал дээр ажиллана.

-Энэхүү төслийг хэрэг­жүүлснээр манай улсын эдийн засагт орж ирэх үр өгөөжийг нь хэрхэн тооцоо­лоод байгаа юм бол?

-Монгол Улсаас экспор­толж байгаа нийт бараа бүтээгдэхүүний 90 гаруй хувь нь уул уурхайн түүхий эд байдаг. Үлдсэн 10 хүрэхгүй хувь нь бусад төрлийн бүтээгдэхүүн. Хамгийн гол нь бид энэ тоог нэмэх зорилготой явж байна. Судалгаагаар төслийн хэмжээнд эхний жилдээ зөвхөн Эрээнд байгуулагдаж байгаа худалдааны төв агуулахын сүлжээгээрээ дамжуулаад үндэсний үйлдвэрлэгчдийнхээ 38 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг борлуулна. Эндээс улсад 644 сая төгрөгийн татвар орж ирнэ гэсэн тооцоо байгаа.

-Эхний худалдааны тө­вөө яагаад Эрээн хотод бай­гуулахаар сонгосон юм бэ?

-Хятад бол дэлхийн хоёр дахь том эдийн засаг болсон экспортлогч, импортлогч орон. Тиймээс худалдааны өөрийнх нь дэд бүтэц асар их хөгжсөн. Эрээнд” Монгол жинчин” төслийнхөө агуулахыг байрлуулж байгаа нь өндөр ач холбогдолтой. Тодруулбал, бид 24 цагийн онлайн худалдаа хийх боломжтой. Салбар дэлгүүрүүдэд бараа бүтээгдэхүүнээ түгээхэд дөхөмтэй.БНХАУ руу манай бүтээгдэхүүн гарах гол эх үүсвэр нь энэ агуулах байх юм.

-Дэлхийн брэндүүдтэй мөр зэрэгцэхийн тулд үн­дэсний бүтээгдэ­хүүнүү­дийнхээ стандартыг тэдний жи­шигт хүргэх шаардлагатай. Энэ тал дээр ямар ажил хийх вэ?

-Тэрхүү стандарт, чана­рын болон лабораторийн шинжилгээг хүлээгээдманай бараа бүтээгдэхүүн дэлхийд гарч чадахгүй өдий хүрсэн гэж ойлгож болно. Шалтгаан нь үндэсний бүтээгдэхүүний борлуулалтынх нь хувь нэмэгдэхгүй байгаатай холбоотой. Үйлдвэрүүдийнх нь хувь өсөхгүй байна. Тэр чанарын удирдлагын ме­нежмент ISO 9001-ийг аваад нэвтрүүлье гэхээр төлбө­рийн хувьд манай жижиг дунд үйлдвэрүүдэд хүнд тусна. Төслийн маань хамгийн гол ач холбогдол нь үндэсний үйлдвэрлэгчдийнхээ борлуулалтыг дэмжих юм. Энэ дэмжлэг тэднийг тодорхой хэмжээндорлоготой болгоно. Тэгээд үйлдвэрээ бага багаар тэлж, үйлдвэрлэлтийнхээ цар хүрээг нэмэгдүүлнэ. Ингэснээр чанартаа анхаараад олон улсын стандартад нийцсэн шалгуур үзүүлэлтээ хангах зорилгоор өөрсдөө ажиллах ёстой. Энэ бол манай төслийн хамгийн гол ач холбогдол нь. Борлуулалтыг дэмжих замаар үйлдвэрүүдээ дэмжинэ. Үйлдвэрүүд маань тодорхой хэмжээний орлоготой учраас эргээд төлөвлөлт хийж эхэлнэ. Ингэхийн тулд түүхий эд авдаг боловсруулах үйлдвэрүүд рүү хандана. Энэ үйлдвэрүүд өөрөө өөрийнхөө ажлыг төлөвлөж түүхий эдээ авдаг малчид руу ханддаг болно. Энэ нь яваандаа нэгдсэн урсгал болох ёстой гэж үзээд байгаа юм. Анхан шатны түүхий эд нийлүүлэгч боловсруулагч үйлдвэр, загвар дизайны үйлдвэр, борлуулалт гэсэн нэгдсэн систем бий болох нь төслийн гол ач холбогдол л доо.

-Дэлхийд бараа бүтээгдэ­хүүнээ таниулах хүсэлтэй компаниудыг төсөлд хэрхэн хамруулах вэ?

-Мэдээж хэрэг манайд тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа топ үйлдвэрүүд багтана. Жижиг дунд үйлд­вэрлэгч нар ч бий. Хамгийн гол нь тасралтгүй үйл ажил­лагаа явуулж байгаа, цаашид тогтвортой үргэлжлэх үйлдвэрүүд хамрагдах ёстой. Бидний зүгээс тавьж байгаа гол шалгуурын хүрээнд сав баглаа боодол болоод чанарын хэмжээнд хангагдсан үйлдвэрүүдийг эхний ээлжинд хамруулна. Манай төслийн 70112662 утсанд холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Энэ сарын 10-нд буюу маргааш “Чингэс” зочид буудлын хурлын танхимд “Үндэстэн дамнасан үндэсний брэнд” чуулга уулзалтыг зохион байгуулна. Дэмжигч байгууллагаар Аж үйлдвэрийн яам, Монголын Үндсэний худалдаа аж үйлдвэрийн танхим, Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн төворолцно. Энэ чуулганы хүрээнд төслийнхөө талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болохоор үндэсний үйлдвэрлэгчдийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

П.БАЯР

Categories
мэдээ нийгэм

Ерөө голд хүн осолдсон байж болзошгүй

Сэлэнгэ аймагт хоёр хүн усанд осолдсон байж болзошгүй байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын III багийн нутаг Дулаанхаан тосгоны Хар усан тохойд амьдардаг 64 настай Ц уржигдар 16.00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болжээ. Тэрбээр сэтгэцийн өвчтэй бөгөөд Ерөө голд осолдсон байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Тиймээс Онцгой байдлын газрын зургаан албан хаагч, нэг автомашин техник хэрэгсэлтэйгээр осолдсон байж болзошгүй газраас завьтайгаар явуулжээ. Гэсэн ч гол мөстэй байгаа учраас эрэн хайх, аврах ажиллагааг явуулах боломжгүй болсон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Төрийн байгууллагын зүгээс иргэний оролцооны соёлыг хүлээн зөвшөөрөх цаг нь болжээ

Иргэдийн оролцоо, шууд ардчилал болон төв­лөрлийг сааруулах асуудал Монгол Улсын түвшинд ямар байгаа болон цаашид юунд анхаарах шаард­лагатай байгаа талаар МУИС-ийн багш, доктор, дэд профессор А.Энхбаттай ярилцлаа.

-Бид ардчилсан тог­толцоонд шилжсэнээс хойш 25 жил боллоо. Ард­чиллын үйл явц өнгөрсөн хугацаанд ямар байв? Судлаачийн хувьд та байр сууриа илэр­хийлнэ үү?

-Ардчилал гэдэг нь ир­гэдийн зүгээс төрийн хэ­рэг­жүүлж буй бодлого, үйл ажиллагаанд шууд иргэ­дээс эсвэл иргэдээс сонгогдсон төлөөлөгчдөөр дамжуулан нөлөөлөхийг хэлдэг. Ардчиллын үзэл баримтлалын хамгийн чухал бүрэлдүүн хэсэг нь ард түмэн. Өнөөгийн ардчилалд иргэдийн санаачилга болон бүх нийтийн санал асуулга гэсэн хоёр төрөл ихээр ажиглагдаж байгаа. Ардчиллын үйл явцын талаар олон үзэл бодол, байр сууриар судлаачид үгээ хэлэх байх гэж бодож байна. Миний хувьд гурван гол зүйл дээр өнгөрсөн хугацаанд бид анхаарлаа хандуулах шаардлагатай байж гэж боддог, энэ нь нэгдүгээрт, ил тод, нээлттэй байдал, хоёрдугаарт иргэдийн оролцоо, гуравдугаарт хариуцлагын зарчим. Иргэдээс төрийн үйл ажиллагаанд нөлөөлөх нөлөөллийг бий болгохын тулд иргэд мэдээллээр хангагдсан байх шаардлагатай. Ил тод байдал гэдэг бол нээлттэй, харилцаа холбоотой, ха­риуцлагатай байхыг хэлдэг ба зайлшгүй хангагдаж байх ёстой нөхцөл юм. Төрийн зүгээс ил тод байдлыг бий болгосон тохиолдолд иргэдийн идэвхитэй оролцоо оршин тогтнох боломжтой ба нөгөө талаар төрийн зүгээс чухам юу хийсэн бэ гэдгийг нарийн хянах явдал. Төрийн ил тод байдал нь иргэдийн оролцооны зарчимтай салшгүй холбоотой. Иргэдийн бодит оролцоо хангалттай, шаардлага хангасан мэдээлэл байгаа тохиолдолд хэрэгжинэ. “Төрийн хэрэгт иргэдийн оролцоо” гэдэгт санаачилга болон дэг журам нь иргэдийн гарт байхыг ойлгодог, гэхдээ оролцооны үйл явцыг төрийн байгууллага удирдан зохион байгуулдаг. Иргэдийн оролцооны дараахь хэлбэрүүд байдаг: олон нийтийн санаачилга, иргэдийн баг, бүх нийтийн санал хураалт. Харин төр олон нийтийн өмнө үйл ажиллагаагаа тайлбарлах, нотлох үүрэг хүлээнэ.

-Ил тод, нээлттэй байдал, иргэний оролцоог бий болгоход олсон амжилт болон хүндрэл, бэрхшээл юу байна гэж та үзэж байна?

-Энэ чиглэлд сүүлийн таван жилд тодорхой алхмууд хийгдлээ. Төсвийн тухай хуулийн Орон нутгийн хөгжлийн сангийн талаархи хуулийн заалтууд, Мэдээллийн ил тод байдал, Мэдээлэл авах эрхийн тухай хууль, Шилэн дансны тухай хуулийг УИХ батлан, хэрэгжүүлж эхэлсэн. Жишээлбэл, 2013 онд ОНХС-д улсын хэмжээнд 287 тэрбум төгрөг хуваарилагдаж, 5000 гаруй төсөл, арга хэмжээг санхүүжүүлсэн бол 2014 онд 204 хуваарилагдаж, Төсвийн хуулийн 63-р зүйлд заасны дагуу ОНХС-ийн хөрөнгийг хэрхэн зарцуулах талаар баг, хороодын иргэдээс санал авч, эрэмбэлэх замаар шийдэж, үүнийгээ ИТХ-р батлан хэрэгжүүлсэн. Монгол Улсын түүхэнд, тодруулбал, төсвийн харилцааны түүхэнд ийнхүү анх удаа улсаас хөрөнгө оруулалтын зориулалтаар сан байгуулж, тус сангийн хөрөнгийг иргэд өөрсдөө мэдэж, шийдэх тогтолцоо 2013 оноос эхлэн хэрэгжиж байна. Аливаа шинэ бодлого хэрэгжиж, үр дүнгээ өгөх хүртэл тодорхой хугацаа шаардагдана. ОНХС-ийн тогтолцоог иргэд ихээхэн дэмжиж байна. Улаанбаатар хотын 152 хорооны 15000 өрхөд хийсэн судалгаанаас үзэхэд иргэдийн 85% нь иргэдийн оролцоо, ОНХС-ийн тогтолцоог дэмжинэ гэжээ. ОНХС-ийн хөтөлбөр, төслүүдийг хэрэгжүүлэх талаар сайн туршлагууд бий болоод байна. Тухайлбал, ХУД ОНХС-ийн хөрөнгийнхөө 60%-г хорооддоо хүн амын тоогоор хувааж, хуваарилсан хөрөнгийг иргэд нь өөрсдөө санал өгч, иргэдийн шийдлийг эцсийн шийдэл гэж үзэн, ИТХ-с шууд батлан хэрэгжүүлж байна. Ерөнхий Аудитын газар ОНХС-ийн хэрэгжилтэнд аудит хийж, бодлого, арга хэмжээ үр дүнгээ өгч байна, гэвч нийтлэг дутагдал, зөрчлүүд байна гэж дүгнэсэн. Жишээ нь, орон нутагт иргэдээрээ хэлэлцүүлдэггүй, баг, хороодод иргэд нь саналаа өгч шийдсэн төсөл, хөтөлбөрийг ИТХ нь авч хэлэлцдэггүй, өөр хөтөлбөр, төсөл хэрэгжүүлдэг гэсэн зүйл нэлээд гарчээ. Мөн Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт туйлын хангалтгүй байна. Засгийн газар, холбогдох яамд, агентлагуудад хуулийг хэрэгжүүлэх сонирхол үнэндээ алга. Иргэний оролцооны хувьд хууль эрх зүйн орчин бүрдээгүй хэвээр байна. Стратегийн бодлогын хэрэгжилтийг хөнгөвчлөх гол механизм болох Засаг захиргаа, хууль-эрх зүйн үндсэн шинэчлэлтүүд хийгдэхгүй, удаашралтай байгаа нь бодлогын хэрэгжилтэнд сөргөөр нөлөөлж байна. МУ-ын Ерөнхийлөгч санаачлан боловсруулсан Иргэний оролцооны тухай хуулийг УИХ яаралтай хэлэлцэж батлах хэрэгтэй. Өнөөдөр иргэний оролцооны талаархи хууль, эрх зүйн мэдлэг, чадавхи сул хэвээр байгаа ч тэдний хүлээлт, идэвхи, санаачлага их байна. Иргэний оролцооны талаар нэгдсэн ойлголт, стандарт алга. Оролцогч талуудын хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоо сул, тэд юуг, хэрхэн хийхээ мэдэхгүй хэвээр байна. Төрийн байгууллагын хүнд суртал, Төрийн захиргааны бүх шатны байгууллагуудын санаачилга дутмаг, албан хаагчдын мэдлэг хангалттай биш байна. Төрийн байгууллагын зүгээс иргэний оролцооны соёлыг хүлээн зөвшөөрөх цаг нь болжээ. Иргэдийн оролцооны үе шатыг үнэлдэг Арнштэйны загварын дагуу оролцоо ямар байгааг гурван түвшинд авч үздэг. Эхний түвшин-иргэдийн оролцоог оромдох үе шат, энэ нь үгүйсгэх, тайвшруулах, дүр эсгэх гэсэн гурван шаттай. Хоёр дахь нь оролцооны гол хэсэг буюу мэдээлэл өгөх, хуваалцах, иргэдтэй зөвлөлдөх хэсэг, гурав дахь нь иргэдийн идэвхитэй оролцооны үе шат. Манайд иргэдийн оролцооны үе шат янз бүр хэрэгжиж байна. Ихэнх баг, хороо, сум, дүүрэгт оролцооны үе шат нь төрийн талаасаа оромдох үедээ байна. Иргэд удирдлагадаа санал, гомдлоо гаргадаг ч удирдлага нь асуудлыг үгүйсгэдэг. Эсвэл “Асуудлыг судалж байна, цаашид судлаад шийднэ” зэргээр тайвшруулж, оролцооны дүр эсгэсээр байна. Мөн асуудлыг шийдэх гэж байгаа юм шиг ч авирлана. Иргэдийн саналыг сонсож “Чухал юм байна” гэсэн хэрнээ шийдвэртээ тусгахгүй. Иргэддээ асуудлыг мэдээлдэг, төсөв санхүү, хууль дүрэмтэй холбоотой асуудлын талаар мэдээлэл өгч, шийдвэр гаргахдаа хамтарч, зөвлөлддөг, хэлэлцүүлэг зохион байгуулдаг байх ёстой. Заримдаа ажлын хэсэг хамтранбайгуулаад шийддэг, эсвэл шийдвэр гаргах эрх мэдлийг шууд иргэддээ өгдөг.

-Цаашид ямар асуудал дээр зайлшгүй анхаарах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

-Өнөөдөр маш олон хууль, эрх зүйн акт, дүрэм журам үйлчилж байгаа ч яг иргэдтэй холбоотой эрх зүйн зохицуулалт маш ховор. Иргэнд хүлээлгэсэн үүрэг, хариуцлага гэдэг талаасаа салбарын яамдын чиг үүрэг, нутгийн захиргааны байгууллагуудын чиг үүргийг тодорхойлсон эрх зүйн зохицуулалтууд хийгдэж байгаа ч иргэний эрхийг хамгаалсан, шийдвэр гаргах үйл явцад оролцуулах эрх зүйн чадамжийг баталгаажуулсан зохицуулалтууд үгүйлэгдэж байна. Жишээ нь, орон нутгийн шинж чанартай асуудлаар бүх нийтийн санал асуулга хэрхэн явуулах тухай зохицуулалт байхгүй. Ардчиллын үндсэн зарчмуудыг бий болгохын тулд иргэдийн оролцоог идэвхитэй, тууштай дэмжих, боловсролоор хангах, төвлөрлийг сааруулахад төрийн захиргааны байгууллагууд болон нутгийн өөрөө удирдах байгууллагууд, төрийн албан хаагчдын хариуцлагын тогтолцоог шинээр бий болгох, УИХ, Засгийн газраас гаргаж байгаа хэт их олон дүрэм журмыг цөөлөх, орон нутагт иргэд өөрсдөө амьдралдаа хэрэгтэй дүрэм журам бий болгох, батлах, хэрэгжүүлэх эрхийг өгөх, ”Орон нутагт эрх мэдэл шилжүүлэх тухай хууль” гаргах, иргэний нийгэм, хувийн хэвшлийн оролцоог хүлээн зөвшөөрч, үүргийг нэмэгдүүлэх, мэдээлэл, цахим харилцааны нээлттэй суваг, засаг захиргааны шуурхай байдал, иргэдийн хоорондын сүлжээг бий болгох шаардлагатай байна.

-Ярилцлага өгсөнд баяр­лалаа. Таны ажил үйлсэд амжилт хүсье!

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэд ой хээрийн түймэр гарчээ

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Арнуга багийн нутаг “Цагаан чулуут” гэдэг газар уржигдар ой хээрийн түймэр гарчээ. Тус газар нь сумын төвөөс 75 км-ийн зайтай аж. Түшиг сумын удирдлагуудтай холбогдож энэ талаар асуухад “Уржигдар үдээс хойш түймэр гарсан. Онцгой байдлын газрын 24 алба хаагч, Хилийн цэргийн 37 алба хаагч болон орон нутгийн иргэд ажиллаж байж өчигдөр өглөө 9.20 цагийн орчимд цурманд орууллаа. Түймрийн шалтгааныг цагдаагийн байгууллага шалгаж байгаа” гэлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардын нам “Харганын ноос”-ны үлгэрээ зогсоо

Ардын нам ард түмнээсээ санал асууна гээд хөөрцөглөөд эхэллээ. Сонгуулийн тогтолцоонд олон түмнийхээ шийдвэрээр өөрчлөлт оруулна гэж байх юм. Уг нь тэднийг улсынхаа бодлогыг зангидаж, хууль журам батал гэж төрд гаргасан биш билүү. Ядаж л Сонгуулийн тухай хуулиа өөрсдөө баталчихаж дөнгөхгүй байсан юм бол Их хурал байгуулсны хэрэг байна уу. Та нар аливаа асуудлыг ард түмэн өөрсдөө шийд гэж байгаа юм бол УИХ байхын ч шаардлагагүй юм шиг.

МАН-ынхан Ард нийтийн санал асуулгын хуулиар явна гээд байгааг харахад “Харганын ноос”-ы үлгэрийг санагдуулах юм. Үлгэрт, Баадай нутагтаа эргэн ирж хуучин авгайтайгаа нийлсний дараа яаж амьдрах тухай төлөвлөн бодоод тун эвтэйхэн арга оллоо гэж олзуурхдаг. Тэрээр “Эхлээд харганын ноос түүж түүгээрээ эсгий хийнэ. Эсгийгээ гүүгээр солино. Гүүнээсээ жороо унага гаргаж,морь болохоор нь гэрээр наймаална” гэдэг дээ. Үнэхээр ард нийтийн дунд санал асуулга явуулж, Сонгуулийн хуулиа өөрчилнө гэвэл яг л энэ үлгэр шиг процесс өрнөнө. Эхлээд төслөө өргөн барина. Тэрийгээ Их хурлын гишүүд хэлэлцэх эсэхээ шийднэ. Хэрэв хэлэлцэхээр болбол ганц хэлэлцүүлгээр баталчихгүй. Хэд хэдэн удаа Байнгын хороогоор орж, “шүүгдэнэ”. Их хурал зөвхөн энэ хуультай зууралдахгүй. Хажуугаар нь цаг үеийн олон асуудлыг шийдэх ёстой. Хаврын чуулганаар гэхэд өргөн баригдсан 30 гаруй асуудлыг хэлэлцэхээр жагсаасан байгаа. Энэ нь хаваржин, зунжин юм болно л доо. За, тэгээд Ардын намынхны дээрх төслийг хэлэлцэж эхлэх гэсээр байтал намартай золгоно биз. Хуулийг нь хэлэлцээд баталлаа гэж бодъё. Ард түмэнд хуулиа таниулах ажлыг зохион байгуулах нь зайлшгүй зүйл. Үүнд багагүй цаг хугацаа зарцуулдаг. Ингээд бодохоор дараагийн сонгууль болохоос өмнө Ардын намынхны санал яавч бүтэхгүй. Тийм болохоор хэзээ ч биелэгдэшгүй “Харганын ноос”-ны үлгэр лугаа адил болох юм биш үү. Тэгээд ч ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн тухай хуулиа баталчихсан байхыг Үндсэн хуулиар заагаад өгсөн. Энэ ондоо багтааж, хаврын чуулган завсарлахаас өмнө сонгуулийн хуулиа баталж, ард түмэндээ таниулахыг цаг хугацаа шавдуулж байгаа. Ажлын хэсгийнхэн ч энэ тал дээр анхаарч нэлээд шуурхайлж буй юм.

Үнэхээр МАН-ынхан ард түмний саналаар аливаа асуудлыг шийдье гэж байгаа юм бол эртний улсууд шиг болчихъё л доо. Тэдний санаа Грек шиг хотоороо тойрч сууж байгаад л асуудлын цаана гаръя гэж байгаагаас өөрцгүй байна.

М.МӨНХЦЭЦЭГ