Categories
мэдээ нийгэм

Гэрч, хохирогчийг хамгаална

Тахарын ерөнхий газрын Гэрч, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хүйсийн тэгш эрхийн төв төрийн бус байгууллагууд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.

Энэ хүрээнд төлбөрийн чадваргүй гэрч, хохирогчид хууль зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах. Мөн орон нутаг дахь хамгаалах байр нэг цэгийн үйлчилгээний төвүүдийн хүчин чадал, үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцох, орон нутагт хамтын ажиллагааг дэмжих зэрэг ажил төлөвлөсөн байна.

2015 онд хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж, Тахарын ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах газрын дарга, тахар И.Даваажамьян, Хүчирхийллийн эсрэг Үндэсний төвийн захирал П.Золзаяа, Хүйсийн тэгш эрхийн төвийн захирал Г.Ганбаясах нар гарын үсэг зуржээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол цэргүүд өнөө шөнө Улаан талбайд хамтарсан бэлтгэл хийнэ

Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Монгол цэргүүд ОХУ-ын Москва хотын Улаан талбайд, Монгол хүүхдүүд ОХУ-ын Ангарск хотод ялалтын парад алхах гэж байна. Улаан талбайд парад алхах Монголын дайчид дэлхийн цэргүүдтэй хамтарсан бэлтгэлээ базааж эхэлжээ. Парад алхах бүрэлдэхүүн энэ сарын 25-нд Москва хотноо очих аж. Монгол цэргүүд энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Москва хотын ойролцоо Алабины цэргийн сургалтын төвд нэгдсэн бэлтгэл хийсэн байна. Өнөө шөнө Улаан талбайд хамтарсан бэлтгэл хийхээр төлөвлөжээ. Ирэх сарын 4, 7-ны өдрүүдэд мөн улаан талбайд шөнийн бэлтгэл хийх аж. Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн баярын цэргийн ёслолын жагсаалд 14 000 цэргийн алба хаагч, 194 нэгж хуягт техник, 150 онгоц, нисдэг тэрэг оролцуулан явуулахаар төлөвлөсөн байна. Мөн Оросын 26 хотод цэргийн жагсаалыг явуулахаар бэлтгэж байна.

Categories
мэдээ нийгэм

Харилцааны 40 жилийн ойд зориулсан эмхэтгэл гаргалаа

Монгол улс, ХБНГУ-ын хороонд дипломат харилцаа тогтоосоны 40 жилийн ойг бүтэн жилийн туршид тэмдэглэсэн билээ. Энэ хугацаанд түүхэн ойд зориулсан арга хэмжээнүүдийн талаар өгүүлсэн “Үйл явдлын тойм” эмхэтгэлийг манай улс дахь Германы Элчин сайдын яамнаас гаргасан юм. Эмхэтгэлийг танилцуулах арга хэмжээг ХБНГУ-ын ЭСЯ-ны өргөөнд болсон юм. Элчин сайд Г.Тийдеманн уг арга хэмжээг нээж үг хэлэхдээ хоёр улсын харилцаа ямар түвшинд хөгжсөний нэгэн илэрхийлэл нь 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан арга хэмжээнүүд гэдгийг онцолж байсан юм. Монгол Германы харилцаа соёлын салбарт онцгой хөгжсөн гэдгийг онцлох нь зүйтэй. Түүнээс гаднадипломат харилцаа тогтоосны 40 ойг тэмдэглэж байх үед ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд доктор Франк-Вальтер Штайнмайер манай улсад айлчилсан билээ. Мянга гаруй жилийн түүхтэй Алтайн ятга хөгжмийг Германы мэргэжилтнүүд сэргээн засварласныг Үндэсний түүхийн музейд байрлуулж үзэгчдийн хүртээл болгох ёслолын ажиллагаа болсон билээ.

“Үйл явдлын тойм” эмхэтгэлийг Монгол-Германы дипломат харилцаа тогтоосоны 40 жилийн ойн хаалтын арга хэмжээ гэж хэлж болох юм.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ нийгэм

Хадран загас хамгаалах сарын аян зарлажээ

Ховд аймгийн Байгаль орчны газар, Хар ус нуур-Ховд голын сав газрын захиргаа болон Хар ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа хамтран хадран загас хамгаалах уламжлалт сарын аяныг эхлүүлжээ. Аяны хүрээнд өнгөрсөн долоо хоногт Эрдэнэбүрэн сумын Сэжигтэй хавцал болон Дөргөний усан цахилгаан станцын хиймэл нууранд хяналт шалгалт хийсэн байна. Мөн орон нутгийн телевизээр дамжуулан Амьтны тухай хуулийг иргэдэд сурталчлан таниулж буй аж. Түүнчлэн сарын хугацаанд байгаль орчны хяналтын улсын байцаагч, цагдаа, байгаль хамгаалагчид Эрдэнэбүрэн сумын Сэжигтэй хавцлын постод ажиллах юм байна. Дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 1 хүртэл загасны үржлийн үе байдаг тул энэ хугацаанд загас агнахыг Амьтны тухай хуулиар хориглодог юм.

Categories
мэдээ нийгэм

Татвар төлөгчдийн өдрүүдийг зохион байгуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Татвар төлөгчдийн өдрүүдийг зохион байгуулах тухай” А/350 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Татвар төлөгчдийн өдрүүдийг ирэх сарын 11-ний өдрөөс 15-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, нийслэл, дүүргүүдийн бүтээн байгуулалтад бодитой хувь нэмэр оруулсан тэргүүний татвар төлөгч, аж ахуйн нэгж, иргэдийг шалгаруулан урамшуулж сурталчлах, татварын тухай хууль тогтоомжийг иргэд олон нийт, ирээдүйн татвар төлөгчдөд сурталчлан таниулах, нийслэлийн төсвийн зарцуулалтыг татвар төлөгчдөд тайлагнах ажлыг зохион байгуулахыг НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст, нийслэлийн Татварын газарт үүрэг болгов.

Татвар төлөгчдийн өдрүүдээр зохион байгуулах үйл ажиллагааны болон тэргүүний татвар төлөгчдийг шагнаж урамшуулах, сургалт, сурталчилгааны ажилд шаардагдах зардал болох 37 сая 85 мянган төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гарган санхүүжүүлэхийг нийслэлийн ЗДТГ-т, Тэргүүний татвар төлөгчдийн үйл ажиллагааг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст, нийслэлийн хэмжээний татвар төлөгчдийг оролцуулсан “Дэлхийн хот-Улаанбаатар” татвар төлөгчдийн өдрүүдийн нээлтийн арга хэмжээг нийслэлийн Татварын газартай хамтран зохион байгуулахыг Улаанбаатар чуулгад тус тус даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

“FORD MOTOR”-ийн ашиг 6.6 хувиар буурчээ

АНУ-ын автомашины тэргүүлэгч үйлдвэрүүдийн нэг “Ford Motor” компанийн ашиг 6.6 хувиар буурч, 924 сая ам.доллар болжээ. “Ford Motor”-ийн алдарт “F-150” тэвштэй тэрэгний үйлдвэрлэл буурсан нь ашиг буурахад нөлөөлсөн байна. Энэ онд “F-150” автомашины үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх гэнэ. Ингэснээр татварын өмнөх ашиг нь 51 хувиар өснө гэж тооцоолжээ. “F-150” загвар нь сүүлийн 33 жилийн турш АНУ-д борлуулалтаараа тэргүүлсэн аж. Гэхдээ өнгөрсөн оноос эхлэн “Ford Motor” компани уг автомашины эх биеийг хөнгөн цагаанаар хийх болсонтой холбоотойгоор үйлдвэрүүдээ шинэчилж, үйлдвэрлэл нь буурсан юм байна. “F-150” загварыг хөнгөн цагаанаар хийснээр жин нь 15 хувиар буурч, түлш зарцуулалт нь 30 орчим хувиар багассан байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын даргын хүсэлтээр Тавантолгойн гэрээнд санал, дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгуулахаар боллоо

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо Засгийн газраас өргөн мэдүүлсэн Тавантолгойн гэрээг хэлэлцэх, эсэхийг шийдэх хуралдаантай байсан боловч хуралдсангүй.

Яагаад хуралдаан болоогүй талаар тус байнгын хорооны дарга Ж.Батсууриас тодруулахад, УИХ-ын дарга З.Энхболд Тавантолгойн гэрээний талаар санал дүгнэлт гаргах, Ажлын хэсэг байгуулах шаардлагатай гэсэн учир байнгын хорооны хуралдаан санал дүгнэлт гарах хүртэл хойшилсон гэв.

-Ажлын хэсгийг УИХ-ын дарга ямар бүрэлдэхүүнтэйгээр, хэзээ байгуулах вэ?
-Сайн мэдэхгүй байна. УИХ-ын дарга Ажлын хэсэг байгуулна гэдгээ өнөөдөр мэдэгдлээ.

-Ардчилсан нам Тавантолгойн ордын 51 хувийг төр, 49 хувийг хөрөнгө оруулагчид эзэмших нөхцөлөөр гэрээ байгуулахыг дэмжинэ гэж мэдэгдлээ. Энэ талаар Та ямар байр суурьтай байна вэ?
-Гэрээг байгуулах чиглэлээр удаан хугацаагаар ажилласан Ажлын хэсгийнхэн санал дүгнэлтээ маш тодорхой хэлэх байх. Миний хувийн бодол бол гаднын хөрөнгө оруулагчтай хувийн компанид лиценз, ордоо шилжүүлж өгөхгүй зүгээр хөрөнгө оруулалтын гэрээ гэж ойлгож байгаа.

Тийм учраас 51 хувь нь төрийн эзэмшилд, 49 хувь нь хөрөнгө оруулагчдын мэдэлд байна гэсэн асуудал хэлэлцээрийн явцад яригдаагүй болов уу гэж бодож байна. Үүнийг судалж үзэх шаардлагатай.

-МАН-ын бүлгийн хувьд Тавантолгойн гэрээний асуудлаар ямар байр суурьтай байгаа вэ?
-УИХ дахь МАН-ын бүлэг энэ асуудлыг яаралтай горимоор хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан байгаа гэв.

Categories
мэдээ нийгэм

Хятадад тэтгэлгээр суралцах оюутнуудыг шалгаруулах бүртгэл эхэллээ

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, БНХАУ-ын Боловсролын яам хоорондын “Монгол Хятадын тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” санамж бичгийн дагуу ирэх хичээлийн жилд үнэ төлбөргүй суралцуулах оюутнуудын сонгон шалгаруулалтыг эхлүүлжээ.2015-2016 онд нийт 200 оюутан Хятадад тэтгэлгээр суралцах боломжтой. Үүнээс мэргэжлийн чиглэл харгалзахгүй бакалавр 20, магистр 140, доктор 40 оюутныг дараах мэргэжлийн чиглэлээр бүртгэж байна.

Тэтгэлэгт хамрагдахыг хүсэгчдэд тавигдах шаардлага:

1/ Бакалавр:

Дор дурдсан шаардлага хангасан 25 хүртэлх насны Монгол Улсын иргэн байх:

– Монголын Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа;

– БНХАУ-ын их, дээд сургуулийн хятад хэлний бэлтгэл ангид 80 (A, B) ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж байгаа;

– БНХАУ-ын их, дээд сургуулийн хятад хэлний бэлтгэл ангид 1 хичээлийн жилээс илүү хугацаагаар амжилттай суралцаж төгссөн, хятад хэлний түвшин тогтоох шинэ HSK шалгалтад 3 ба түүнээс дээш зэрэг авсан;

– БНХАУ-ын их, дээд сургуулийн бакалаврын 1 дүгээр дамжаанд 80 (A, B) ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж байгаа;

2/ Магистр, доктор:

– Магистрант: бакалавр зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан, 35 хүртэлх насны;

– Докторант: магистр зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан, 40 хүртэлх насны;

БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт өмнө нь аль нэг шатны сургалтад хамрагдсан бол тус тэтгэлгийг дахин олгохгүй болно.

Categories
мэдээ нийгэм

100 шонхор экспортолно

Засгийн газрын тогтоолын дагуу тусгай зориулалтаар агнах агнуурын амьтдын тоо толгойг тогтоодог билээ. Өчигдөр Засгийн газар хуралдаж тусгай зориулалтаар 2015 онд агнах агнуурын амьтны тоог тогтоох тухай тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулав. Уг өөрчлөлтөд 350 толгой тул загас барьж буцаан тавиулахаар, 150 толгой цагаан зээр, 300 хүртэл агнуурын шувуу агнуулахаар, гадаад оронд амьдаар гаргах идлэг шонхор шувуу 100 толгой байхаар тусгажээ. Засгийн газрын 2013 оны 15 дугаар тогтоолоор идлэг шонхрыг ашиг олох зорилгоор гадаад оронд гаргахыг таван жилийн хугацаагаар хориглосон. Гэвч өнгөрсөн онд 40 идлэг шонхрыг соёлын зориулалтаар гаргасан байна. Холбогдох хууль, тогтоомжоор уг шувуу түгээмэл ашиглах нөөцтэй “элбэг” амьтны ангилалд хамаардаг юм. Манай улс 2010 онд Монгол орны махчин шувуудыг хамгаалах зорилгоор Арабын нэгдсэн Эмират улсын Абу Дабигийн байгаль орчны албатай таван жилийн хугацаатай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан байна. Энэхүү санамж бичгийн хүрээнд идлэг шонхор шувууны байгаль дахь өндөглөх боломжийг нэмэгдүүлэх төслийг 2010 оноос Төв, Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь аймгийн хорин суманд хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд байгуулсан 5250 хиймэл үүрэнд 2011 онд 200 үржлийн хос үүрлэж 600 ангаахай, 2012 онд 380 үржлийн хос үүрлэж 1298 ангаахай, 2013 онд 500 гаруй үржлийн хос үүрлэж 2000 ангаахай үүрнээс ниссэн байна. Иймд 100 толгой идлэг шонхрыг гадаад улс орнуудад худалдаалахад тухайн зүйл амьтны популяцид сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж тооцож байгаа аж.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын хэрэглэгчдийн итгэлийн индекс буурчээ

“Conference Board” судалгааны байгууллагаас танилцуулдаг АНУ-ын хэрэглэгчдийн итгэлийн индекс 95.2 нэгж болж огцом буурчээ. Судалгаанд оролцогчдоос харахад америкчууд эдийн засгийн хэтийн төлөвтөө төдийлөн эерэг хүлээлтгүй байгаа нь ажиглагджээ. Тиймээс үүнийг дагаад хэрэглээний зарцуулалт, эрэлт буурах хандлагатай байгааг “Conference Board” байгууллага онцолж байна.