Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын газар нутгийн 80 гаруй хувь нь түймэрт өртөөд байна. “Өдрийн сонин”-ы тусгай сурвалжлагч М.Ууган-Эрдэнэ Улсын Онцгой комиссоос томилогдсон ажлын хэсгийнхэнтэй түймрийн голомт дээр ажиллаж байгаа юм. Орон нутгийн онцгой байдлын албаныхан болон иргэд түймэртэй хэрхэн тэмцэж байгаа талаар манай сурвалжлагч халуун цэгээс мэдээлж байна. Түймрийн цурман дундаас хийсэн амьд сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.
Month: April 2015
Европын төв банкны дарга Марио Драхи хэвлэлийн бага хурал хийлгэх үеэр нэгэн хачирхалтай үйл явдал өрнөсөн байна. Хэвлэлийн хурлын үеэр гэнэт нэгэн бүсгүй орилж хашгиран ширээн дээр гарчээ. Юу ийхийн зуургүй ширээн дээр байсан цаасыг нь авч чулуудсан гэнэ. Тэрээр “Европын төв банк дарангуйлалаа зогсоо” хэмээн орилсон байна. Зохион байгуулагчид хамгаалалтынхныг дуудаж бүсгүйг танхимаас гаргасны дараа хэвлэлийн хурал хэвийн үргэлжилжээ.
ОХУ-аас ХАБА-ны Хилийн нохой сургалтын төвийн давтан бэлтгэх дамжааны ахлах багш, хошууч Карташев Л.И, ахлах ахлагч Прошутинский Р.В нар манай улсад өчигдөр хүрэлцэн ирсэн байна.
Тэд Хил хамгаалах байгууллагын Баянчандмань дахь сургалт бэлтгэлийн цогцолборт нохойн сургалтыг харуулын, эрлийн чиглэлээр албаны нохойг нэг сарын хугацаатай бэлтгэхээр ирсэн юм байна. Энэ удаагийн сургалтад нийт 32 нохой сургагч хамрагдах аж. Маргааш ЦЕГ-ын сургалт дадлагын төвөөр зочилж туршлага солилцох нь ээ. Монгол Улсын Хил хамгаалах байгууллагын албаны нохойн сургалт сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа билээ.
Монгол Улсын гавьяат жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин, поп хатагтай Б.Сарантуяа “Сэхүүн салхи” төрсөн өдрийн тоглолтоо энэ сарын 20-нд хийх юм. Тэрбээр өчигдөр “Улаанбаатар” зочид буудалд төрсөн өдрийн тоглолтынхоо тухай хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Төрсөн өдрийн ес дэх тоглолт нь “Монгол бөхийн өргөө”-нд болох аж. Тоглолтод “RANDOM”, “Олонхи” хамтлаг, ҮДБЭЧ, БЦДБЧ-ын бүжигчид, ая зохиогч Б.Ангирмаа, Ө.Хишигжаргал, Л.Насанбуян нар оролцох юм байна. Дуучны энэ удаагийн тоглолт, хэрхэн бүтэж буйг бодитоор харуулах “Сэхүүн салхи тоглолтын тухай” реалити шоу бэлтгэж байна лээ. Б.Сарантуяатай цөөн хором ярилцлаа.
“Өдрийн сонин”-д талархаж явдаг. Орон нутгийн аялан тоглолтын спонсор байсныг ерөөсөө мартаагүй шүү гэсээр дуучин биднийг угтлаа.
-Төрсөн өдөр чинь удахгүй болох нь ээ. Таны хувьд хамгийн мартагдашгүй төрсөн өдрийн бэлгийг хэн өгсөн бол?
-Олон бэлэг авч байсан болохоор ийм бэлэг муу, ийм бэлэг сайн гэж хэлж чадахгүй байна л даа. Анхны төрсөн өдрөөр маань MCS Кока кола бүтэн жилийн хэрэглээний кола үнэгүй нийлүүлж байлаа. Би хоолондоо дарс хийх дуртай. Дарс миний хэрэглээнд дандаа байдаг учраас АПУ компанийнхан бас бүтэн жилийн хэрэглээний “Хатагтай” дарсаа бэлэглэсэн. Хөдөө найр наадамд явахдаа тэр дарснуудаа авч явж билээ. Тэр бол сонирхолтой бэлэг байсан. Сая нэг сюрприз барьсан юм байна.
“United Colors of Benetton”-ы дистрибьютер “Promon trade” компанийн захирал Н.Оюунбат надад хаврын коллекцийн чемодан дүүрэн хувцас болчихоор мөнгөн дүнтэй бэлгийн карт бэлэглэсэн шүү. Нэг удаа бэлгийн карт аваад хамаатан саднууддаа бэлэг аваад таарсан. Одоо би 45 хүрч байгаа юм чинь өөрийгөө хувцаслана гэж бодож байгаа. Маргааш эрт shopping хийнэ. Эмэгтэй хүн хааяа дэлгүүр хэсээд, стрессээ тайлдаг. Би дэлгүүр хэсэх хоббитой хүн биш л дээ. Бас жаахан дутагдалтай. Олдсон дээр нь гялс авчихъя гээд шинэ жилээр тав зургаан хос гутал, шуба авчихдаг. Гэхдээ энгийн үедээ өмсөхгүй л дээ. Хүлээн авалт, улаан хивсний ёслол дээр өмсөхөөр тооцож авдаг. Найз залуутайгаа уулзах, хэн нэгний төрсөн өдөрт очихдоо сайхан хувцаслая гэж нэг их хичээдэггүй. Тоглолтон дээр өмсөх хувцсаа л боддог. Дэлгүүрүүдэд байдаг, энгийн хүн хэзээ ч сонирхохооргүй этгээд, галзуу солиотой загвартай гутлуудыг би л авдаг.
-Эр хүнээс авсан хамгийн том бэлэг гэвэл юу байх вэ?
-Хүүхэд байлгүй дээ (хөхрөв) Гэхдээ хөөрхий минь, Эрхмээгийн аав их гоё бэлэг өгдөг байсан юм аа. “Найз бүсгүй минь болооч” гэж бриллиант шигтгэсэн алтан бөгж бэлэглэж байлаа. Тэрийг мартахгүй шүү. Дээрээс нь Б+С = love гэсэн нимгэн алтан гинж бэлэглэж байсныг би сая зүүлт чимгээ янзалж байхдаа олж авсан. Ерөөсөө гундаагүй, алтан юм чинь гялалзаад байж байдаг юм билээ.
-Сараа төрсөн өдрөө хэд хүртлээ доргио тэмдэглэх болоо?
-Ер нь 50 хүртлээ гандан буурахгүй ш дээ. Хүмүүс намайг төрсөн өдрөө битгий тэмдэглэ гэдэггүй. Харин төрсөн өдрөө тэмдэглээч ээ, яагаад тэмдэглэхгүй байна аа гэцгээдэг. Гоё шүү. Миний ээжийн төрсөн өдөр их гоё болдог. Бид ээжийнхээ төрсөн өдрийг гоё тэмдэглэхийг боддог. Тийм учраас ер нь бол төрсөн өдрөө сайхан тэмдэглэнэ.
-Сарааг зүгээр л нэг эзэгтэй шиг, эр хүнийг хараад амьдрахыг хүстэл нь дурлуулах эр хүн учрах болов уу?
-Толгойд тийм программ суулгах хэрэгтэй юм шиг байна лээ. Тийм хүн хай, Сараа гээд хайлтын систем дээрээ тавиад хүлээгээд сууж байх хэрэгтэй юм болов уу. Заримдаа өөрөө хийчих юмаа ч “Надад туслаач” гэж хэлэх ёстой юм байна. Би болохоор “Аан, би өөрөө хийчихнэ ээ”, “Зүгээр зүгээр өөрөө авчихна”, “Надад байгаа” гэдэг. Тэгэхээр чинь хүн яаж надад туслах вэ дээ. Ер нь хүчирхэг мөртлөө заримдаа сул дорой харагддаг эмэгтэйчүүд л эрчүүдийг өөрийнхөө төлөө хөдөлгөж чаддаг юм биш үү.
-Хэн нэгэн эр хүнээс зүгээр л тусламж гуйх үе байсан уу?
-Байлгүй яах вэ. Ер нь туслалцаа гуйхад нэг ч удаа “Үгүй” гэж хэлж байсан хүн байхгүй шүү. Монгол эрчүүд их хүнлэг. Яахав машины хаалга онгойлгох, сандал тавьж өгөх, хувцас өлгөхдөө муу юм билээ, манай эрчүүд.
-Тоглолтоо яагаад “Сэхүүн салхи”-аараа нэрлэх болсон юм бэ?
-Монголчууд бүгд сэхүүн. Шал арчиж байгаа үйлчлэгч нь хүртэл “Гадуур нь яваарай” гээд загнаад өнгөрдөг. Ажлаа хийхдээ ч эзэн, дор дороо ноён шиг байдаг юм биш үү. Ийм сэхүүн ард түмэн. Тийм учраас “Сэхүүн салхи” гэдэг нь цаг үеэ олсон юм болов уу гэж боддог. Өрөнд орлоо, зээл авлаа л гэнэ. Сайн цаг ирнэ гэж найдаад, монголчууд өөрийнхөө оюун ухаан хүч чадалдаа итгэж , эвтэй найртай байж, Монгол Улсаа хөгжүүлэх аргаа л хайх ёстой шүү дээ. Би бас бодсон л доо. Зүгээр л нэг дурлал энэ тэр гэсэн нэртэй концерт байвал ямар уйтгартай вэ. Сэхүүн салхи гэхээр өөрчлөлтийн салхи ороод ирэх ч юм билүү. Сараа ч өөрчлөгдөөд гараад ирэх юм билүү. Бид тайзан дээр зоригтой шийдэл хийнэ ээ.
-Хүмүүс эдийн засгийн хямрал гэж их ярьж байна. Таны хувьд хямрал болж байгаа юу?
-Хямрал рок попынхон, урлагийнханд нөлөөлсөн гэж би бодож байна. Хямрал нөлөөлсөн учраас шинэ жилээр тэн хагас нь ажилгүй байсан гэж сонссон л доо. Миний хувьд бүтэн баг ажилладаг, менежмент сайтай байсан учраас үнэ ханшийн хувьд ч харьцангуй уян хатан байж, арванхоёрдугаар сарын 25 хүртэл тоглолтоо зохицуулаад, гадаадад монголчуудынхаа урилгаар ч тоглосон. Хямрал надад нөлөөлөхгүй байхуйцаар урьдчилан бэлтгэсэн. Хямрал болно гэдгийг мэдэж байсан. Өглөө босоод валютын ханш хэд байгааг сонирхдог.
-Банкир нөхөртэй байсны ул мөр үү?
-Уучлаарай, манай экс нөхөр банкир байгаагүй юм ш дээ. Гумболдийн их сургуулийг урлаг судлаачаар төгссөн юм билээ. Занабазараар хамгаалсан. Яахав “Голомт” банкны ТУЗ-ийн дарга байсан учраас банкир гэж ойлгоод байдаг болохоос биш. Ер нь мундаг хүн л дээ. Би өөрөө эдийн засагч мэргэжилтэй хүн. ХААИС-ийн сургуулийн нягтлан бодогч, эдийн засагчийн анги төгссөн хүн чинь ханш харалгүй яах вэ. Өмнөдмонголоос тоглолт хийгээч гэж ярихад би юанийн ханш хэд билээ гэдгийг сайн мэдэж байх ёстой. Аль валют нь өндөр ханштай байна тэр улсад очиж тоглоё доо гэж би наргиа болгодог.
-Та үндсэн мэргэжлээрээ хэзээ нэг цагт ажиллах болов уу?
-Үгүй байх аа. Дандаа тоо эргүүлнэ гэдэг уйтгартай ажил шүү. Зохион бүтээгч юм уу. Интерьер, дизайн ч юм уу, хүүхдийн зохиол ч юм уу хийж болно ш дээ.
-Таны тоглолтын өмнө реалити шоу хийх санаа хэнээс гарсан бэ?
-Үүнийг манай “Apple produсtion”-ы захирал Б.Анхтуяа санаачилж, надад хэлсэн. Тоглолтын өмнө хөрөг нэвтрүүлгээс уран бүтээлч хэрхэн ажилладаг, яаж ивээн тэтгэгчтэй, сонин хэвлэлийнхэнтэй уулздаг. Ямар ааштай, өдөр тутамдаа амьдралаа зохицуулж явдаг юм. Урлагийн ажлаа яаж хийдэг юм гэдгийг харуулах үүднээс ийм шоу санаачилсан юм билээ. “Би реалити шоу хийж байгаа шүү, нүүр амаа бэлтгээрэй” гэсэн чинь манай “RANDOM”-ын Бука “Хо хо” гээд “Найз нь угаасаа л гоё ш дээ, чи намайг яалгах гэсэн юм бэ” гээд тоглоод байгаа юм даа. Бас л гоё л байна л даа. Урлагийнхан реалити шоунд бэлтгэлтэй байна лээ.
-Төрсөн өдрийн тоглолтын дараа Сараа юу хийдэг бол?
-Хүлээн авалтын үеэр бүх ирсэн зочдод анхаарал тавиад, талархал илэрхийлээд, бараг өөрөө идэж ууж чадахгүй шахуу явж байгаад өглөө сэрээд хэвлэлээр юу гарсныг сонсоно, чагнана. Тэгээд л гоё зургуудаа үзээд, мэндчилгээнүүддээ хариулаад, унтлагынхаа хувцастайгаа том өрөөндөө ороод бэлгүүдээ задалж эхэлдэг. Хэн юу бэлэглэсэн нь сонин байдаг. Силкэн унтлагын хувцастай, том өрөөнд камин зуухны хажууд хөлөө жийж суугаад бэлгүүдээ задалж байгаа зураг байдаг. Тэр үе бас гоё шүү. Хамгийн гол нь тоглолт гоё болбол Сараа аз жаргалтай байдаг юм даа. Тийм үед хүлээн авалт супер л болдог. Тоглолт муухай болохгүй л дээ. Яахав жижиг сажиг алдаа гарчихаар жаахан сэтгэл дундуур болчихдог.
-Баярлалаа. Танд амжилт хүсье.
Б.ЯНЖМАА
Монгол Улсын Засгийн газар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2015 оныг “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан юм. Энэ хүрээнд Засгийн газар, Азийн залуучуудын зөвлөл, Монголын залуучуудын холбоо хамтран Азийн залуучуудын зөвлөлийн ээлжит 13 дугаар ерөнхий чуулганыг “Нэг Ази 2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвийн дор зохион байгуулахаар болжээ. Энэ талаар өнөөдөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.Тэрээр “Монгол Улсын хүн амын 30 гаруй хувийг залуучууд эзэлдэг. Залуучуудын хөгжлийг дэмжих жилийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас хэд хэдэн томоохон ажил төлөвлөсний нэг нь энэ чуулган юм. Азийн 23 улсын бодлого боловсруулагч, судлаач эрдэмтэд болон шийдвэр гаргах түвшний 600 зочин, төлөөлөгч оролцох уг чуулган 05 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд болно” гэлээ. Мөн тэрээр, энэхүү чуулганыг Улаанбаатар хотноо зохион байгуулж буй нь бүс нутаг төдийгүй дэлхий нийтийн хэмжээнд ач холбогдолтой хэмээн тооцож НҮБ, Хүн амын сангаас онцгой анхаарч, ач холбогдол өгч ажиллаж байгааг тэмдэглэв.
Тус чуулган нь Азийн орнуудын залуучуудын “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ын нэн тэргүүний чиглэлүүдийг тодорхойлох, гишүүн орны төлөөлөгчдийн харилцаа холбоог сайжруулах, нэгтгэх, туршлага солилцох боломж олгох зорилготой. Мөн энэ үеэр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2013 онд “Залуучуудын хөгжил-шинэчлэлийн бодлого, зорилт” сэдэвт үндэсний чуулганыг дүгнэлтийг хэлэлцэхийн зэрэгцээ Монгол Улсын төрөөс залуучуудын хөгжлийн талаар баримтлах бодлого, “Монгол залуу хүн” үндэсний хөтөлбөрийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулах юм байна.
Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.04.16.Пүрэв гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд Хүүхдийн эрхийн тухай Конвенцийн “Мэдээлэл хүргүүлэх журмын тухай” Нэмэлт Протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг нар танилцуулсан юм.
Манай улс 1990 онд “Хүүхдийн эрхийн тухай” НҮБ-ын конвенцийг соёрхон баталж, улмаар “Хүүхдийг худалдах, хүүхдийн биеийг үнэлэх, хүүхдийг садар самуунд сурталчлахын эсрэг” Нэмэлт протоколд 2003 онд, “Хүүхдийг зэвсэгт мөргөлдөөнд оролцуулахын эсрэг” Нэмэлт протоколд 2004 онд нэгдэж оржээ. Хүний эрхийн чиглэлээрх олон улсын бүх гэрээ, конвенциуд нь уг конвенцийн зүйл, заалтыг зөрчсөн улс орнуудаас гомдол хүлээн авч, хянан хэлэлцэх зохицуулалт тусгасан байдаг бол хүүхдийн эрхийн конвенци нь ийм механизмгүй учраас НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар “Мэдээлэл хүргүүлэх журмын тухай” Нэмэлт протоколыг баталж, 2012 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Женев дэх НҮБ-ын Хүний эрхийн хорооны гишүүн орнуудаас гарын үсэг зурах, соёрхон батлуулах ажиллагааг албан ёсоор эхлүүлжээ. Одоогоор уг Нэмэлт протоколд дэлхийн 14 улс нэгдэн орж, 46 улс гарын үсэг зураад байгаа аж.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хуулийн төслийн талаарх илтгэлдээ, Монгол Улс энэхүү Нэмэлт протоколд нэгдэн орсноор хүүхдийн эрхийг хангах, хамгаалах үйлсийг урагшлуулах, ялангуяа “Хүүхдийн эрхийн тухай” конвенци, түүний Нэмэлт протоколуудын хэрэгжилтийг сайжруулах, хянах, хүүхдээс өргөдөл, гомдол хүлээн авч, хянан шийдвэрлэх үйл ажиллагааны нэгдсэн механизмыг бий болгож бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ. Түүнчлэн хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдолд Монгол Улсын Засгийн газар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Гадаад хэргийн яамнаас олон улсын байгууллагад гомдол гаргах эрхтэй болох юм гэдгийг дурдлаа.
Мөн тэрээр гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, хүүхдийн эрх хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих, зөрчигдсөн эрхийг хамгаалах механизм манайд үндсэндээ алга. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар энэ асуудал үр дүнд хүрэх боломж харагдахгүй байна. Иймээс хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд, хуульчдын оролцоотойгоор энэ хуулийн төслийг боловсруулсан гэдгээ хэлэв. Мөн Засгийн газрын гишүүн Л.Гантөмөр ирэх онд Улаанбаатар хотын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудыг гурван ээлжгүй байлгахаар зохион байгуулахаар ажиллаж байгаа. Сургуулиуд олон ээлжээр хичээллэдэг, анги дүүргэлт их байдаг, нэг ширээнд гурвуулаа суудаг зэрэг нь тухайн сургуулийн тойргийн бус хүүхдүүд их ирдэгтэй нэг талаар холбоотой. Энэ асуудлыг цэгцлэхээр сүүлийн гурван жил ажиллаж байгаа гэлээ.
Ингээд хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж саналаа хэлсний дараа хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжих санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 80.4 хувь нь дэмжив.
Дараа нь Засгийн газраас энэ оны 2 дугаар сарын 6-ны өдөр өргөн мэдүүлсэн“Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан нар танилцуулав.
Манай улс зах зээлийн баримжаатай нийгэм, эдийн засгийн харилцаанд шилжсэнээр 1995 онд Нийгмийн даатгалын багц хуулийг, 1999 онд “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2021 он хүртэл баримтлах үндсэн чиглэл”, Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийг тус тус баталж,ажил олгогч болон даатгуулагчаас төлсөн шимтгэлийн орлогоор тэтгэвэр олгодог тогтолцоог нэвтрүүлж эхлээд 20 жил болж байна. Өнөөгийн тэтгэврийн даатгалын тогтолцоо нь нэг давхаргатай, эв санааны нэгдлийн зарчмаар буюу шимтгэлийн орлогоороо тэтгэврийн зардлаа санхүүжүүлдэг хуваарилалтын тогтолцоо юм.
Харин 2030 оноос эхлэн Монгол Улсын хүн ам насжиж, ахмад настны эзлэх хувийн жин нэмэгдэж, ялангуяа 1960, 1970-аад оны хүн амын огцом өсөлтийн үеийнхэн тэтгэвэрт гарах үед энэхүү тогтолцоо үйлчилж чадахгүй нөхцөл байдал үүсэхээр байна. Тухайлбал, сүүлийн 10 жилд нийт хүн амын тоо 16,1 хувиар өссөн бол ахмад настны тоо 21,9 хувиар буюу илүү хурдацтай өсчээ.Мөн дундаж наслалт нэмэгдэж, нийт хүн амд эзлэх тэтгэвэр авагчдын тоо өсч, 10 даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тооны харьцаа 2013 онд 4, 2030 он гэхэд 7, цаашид 9 тэтгэвэр авагч болохоор байна. Хэрэв тэтгэврийн даатгалын өнөөгийн тогтолцоонд өөрчлөлт, шинэчлэлт хийхгүй бол тэтгэврийн сангийн алдагдлын хэмжээ 2020 онд ДНБ-ний 4.5, 2030 онд 7, урт хугацаанд 12 хувьд хүрэх төлөвтөй байна. Мөн хүн амын насжилт, түүнээс улбаалан тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, тэтгэврийн нас, тэтгэвэр бодох хувь хэмжээний зохистой харьцаа алдагдаж байна. Иймээс тэтгэврийн даатгалын сангийн алдагдлыг бууруулах, ахмад настнуудын амьжиргаанд хангалттай хүрэлцэхүйц тэтгэвэр олгодог болох үүднээс тэтгэврийн үндсэн үзүүлэлтүүдийг шинэчлэх шаардлагатай байгааг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд илтгэлдээ дурдав.
Эдгээр нөхцөл байдлыг харгалзан хүн ам зүйн хүчин зүйл, насжилттай холбоотойгоор ирээдүйд үүсэх тэтгэврийн сангийн алдагдлыг багасгах бодлого хэрэгжүүлж, цалинд үндэслэн тогтоогдох тэтгэврийн тогтолцоог шимтгэлд суурилсан тэтгэврийн тогтолцоогоор аажмаар сольж, олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх замаар ахмад настанд зохистой хэмжээний тэтгэврийг урт хугацаанд тогтвортой олгох нөхцөлийг бүрдүүлж, тэтгэврийн даатгалд хамрах хүрээг өргөжүүлж малчид, албан бус салбарт ажиллагчдыг тэтгэврийн орлоготой болгох, тэтгэврийн даатгалын шимтгэл, тэтгэврийн нас, тэтгэвэр бодох аргачлалыг оновчтой тогтоох бодлогыг хэрэгжүүлэх зорилтуудыг тусгасан бодлогын баримт бичгийн төслийг боловсруулсан байна. Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын төсөл нь 2015-2030 оныг хамрах агаад 5 үндсэн бүлэг, 9 дэд бүлэг, 75 заалт тусгагджээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал, Су.Батболд, Д.Лүндээжанцан, Ё.Отгонбаяр, Д.Ганбат, Д.Ганхуяг, Г.Баярсайхан, Н.Номтойбаяр, Н.Энхболд, Г.Уянга, Д.Дэмбэрэл, Ө.Энхтүвшин нар хууль санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ гишүүдийн асуултад хариулахдаа, өнгөрсөн оны тооцоогоор тэтгэврийн даатгалын санг мөнгөжүүлэхэд 8.8 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Одоогоор тэтгэврийн нэрийн данс зөвхөн бичилтийн аргаар явж байгаа, бодит мөнгөн хуримтлал хараахан бүрдээгүй байгаа. Иймээс Засгийн газрын дотоод бонд, ипотекийн зээлийн эх үүсвэр, хувийн тэтгэврийн даатгалын сан, нэмэлт тэтгэврийн хөтөлбөр зэргийг ашиглах асуудал яригдаж байгаа гэлээ. Мөн эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн дундаж наслалт, эрсдлийн жил зэргийг харгалзан цаашдаа тэтгэвэрт гарах насны хэмжээг 2017-2030 он хүртэл аажмаар үе шаттайгаар нэмэгдүүлэх зарчим барихаар бодлогын баримт бичгийн төсөлд тусгасан. Гэхдээ малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хувьд тэтгэвэр тогтоолгож байгаа одоогийн насыг хэвээр хадгалах нь зөв гэж үзэж байгаа гэдгээ хэлэв.
Мөн бодлогын баримт бичгийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайхан, Л.Эрдэнэчимэг, Б.Болорчулуун, Л.Болд, О.Баасанхүү, Б.Болор нар үг хэлсний дараа байнгын хорооны саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.4 хувь нь “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.
Чуулганы энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл нарын нэр бүхий 23 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нар танилцуулав.
Монгол Улсад бие даасан, хараат бусаар ажиллах чиг үүрэгтэй Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийг 2000 онд баталж, 2001 онд Үндэсний комисс байгуулагджээ. Хүний эрхийн үндэсний байгууллагын бие даасан механизмыг боловсронгуй болгох, Парисын зарчимд бүрэн нийцүүлэх, НҮБ-ын Хүний эрхийн байгууллагаас өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тавигдаж буй практик болон хууль зүйн шаардлагыг шийдвэрлэхийн тулд уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ.
Энэ чиглэлээр уг хуульд 4 хэсэг, заалтын агуулгыг шинээр нэмж, 8 хэсэг, заалтыг өөрчлөн найруулахаар хуулийн төсөлд тусгажээ. Тухайлахад, үндэсний комиссын дэргэд хүний эрх, эрх чөлөөний чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага, хүний эрхийн хараат бус шинжээчдийн бүрэлдэхүүн бүхий Хүний эрхийн олон нийтийн орон тооны бус зөвлөл ажиллах, энэ зөвлөл нь Комиссын үйл ажиллагаанд санал, зөвлөмж өгөх, бие даасан хараат бус үнэлгээ, дүгнэлт өгөх чиг үүрэгтэй байх, Хүний эрхийн олон нийтийн зөвлөлийг аймаг, хотын хэмжээнд байгуулж болох зэрэг асуудлыг хуульд нэмэхээр тусгажээ. Түүнчлэн хохирогчийн эрхийг хамгаалах чиглэлээр хуулийн зарим хэсэг, заалтыг өөрчлөн найруулж зохицуулахаар тусгасан байна.
Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхэд олонхын дэмжлэг аваагүй аж. Учир нь хууль шүүхийн байгууллагын хараат бус үйл ажиллагаанд харшлах агуулгатай заалт төсөлд тусгагдсан байна гэж үзжээ. Иймээс төслийн уг заалтыг татан авч буйгаа төсөл санаачлагчдыг төлөөлж С.Дэмбэрэл гишүүн мэдэгдсэн юм. Харин гишүүн О.Баасанхүү төслийн амин сүнс болсон гол заалтаа дур мэдэн татан авч болохгүй гэж төсөл санаачлагчдын нэгийн хувьд үзэж буйгаа хэлэв.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, О.Баасанхүү, Ц.Даваасүрэн нар төсөл санаачлагч болон Хүний эрхийн Үндэсний комиссын даргаас асуулт асууж тодруулав. Харин төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлэх гишүүн байгаагүй тул хуралдаан даргалагч хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэсэн байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 98.1 хувь нь байнгын хорооны саналыг дэмжсэнгүй. Иймээс хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутагт хээрийн түймэр гарч, 18 айл өрх орон гэргүй болж, цөөнгүй айлын хашаа, эд хөрөнгө, мал галд өртөж багагүй хохирол амсаад байгаа. Тиймээс эдгээр иргэдэд хандив тусламж үзүүлэх зорилгоор Түмэнцогт сумын нутгийн зөвлөлөөс хандивын данс нээсэн байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан, орон гэр, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирол амсаад буй Түмэнцогт сумын иргэдэд туслахыг тус зөвлөлөөс уриалж байгаа аж. Уриалгад “Түймрийн улмаас хүнд байдалд ороод байгаа хүмүүстээ нэг санаа сэтгэлээр тусалж, нэгдэх цаг нь иржээ. Халуун сэтгэлийн энэ аяныг өрнүүлж, шатах аюултай бүс нутагт байгаа Түмэнцогтчуудад тусламжийн гараа хамтдаа сунгацгаая. Тэдэнд туслах аяны цуваа хэдийнэ эхлээд байгаа юм. Нутгийн залуучууд нутаг руугаа хүлгийн жолоо залж, өөрсдөө гал унтраах ажилд оролцож байгаа бол зарим нь эд мөнгө, өөрийн оролцоо, сэтгэлийн дэмийг түймэрт хохирсон иргэдэд илгээсээр байна. Хандивын энэ цуваанд та нэгдэж, цувааг үргэлжлүүлж, улсынхаа нэг сумын иргэдэд туслая” гэжээ.
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутгийн зөвлөлийн данс – Хаан банк: 5021508978, холбоо барих утас нь 99057577, 96047577 юм байна.
Эрхэм оюутнууд, судлаач багш нар, энд хуран цугласан хүндэт зочид та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.
Улс үндэстний хөгжин цэцэглэж хүчирхэгжин мандахын үндэс нь шинэ мэдлэг, шинэ технологийг бүтээн хөгжүүлэх чадвартай байх явдалтай шууд холбоотой юм. Дэлхийн улс орнууд өөр хоорондоо мэдлэгээр буюу шинжлэх ухааны хөгжлийнхөө түвшнээр өрсөлдөн хөгжиж байдаг. Монгол Улсын хувьд ч хөгжин дэвжихийн тулд газрын баялаг, түүхий эд төдийхөнд дулдуйдсан биш, мэдлэг, технологид суурилсан аж үйлдвэрийг хөгжүүлэх нь дэлхийн бусад улстай хийж буй өрсөлдөөнд амжилт олохын үндэс болно.
Эврика оюутны эрдэм шинжилгээний хурлын эрхэм зорилго бол дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвар бүхий ирээдүйн эрдэмтдийг бэлдэхэд хувь нэмэр оруулах явдал. Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлдэг АНУ, Герман, Япон гэх зэрэг улсууд шинжлэх ухааны хөгжлөөрөө хол түрүүлж байдаг нь санамсаргүй хэрэг огт биш юм.
Шинжлэх ухааны мэдлэгийг улс гүрнүүд өмчилдөггүй. Ньютоны хуулийг Английнх гэдэггүй, Менделеевийн үелэх системийг зөвхөн Оросын сургуулиудад заадаггүй. Хүн төрөлхтний бүтээсэн мэдлэг дэлхийн шинжлэх ухааны өв санд бүртгэгдэн баталгаажиж байдаг. Тиймээс аливаа судалгааны ажлын үр дүн нь шинжлэх ухааны олон улсад нэр хүндтэй байгууллагын сэтгүүлд хэвлэгдэн гарснаар сая хүлээн зөвшөөрөгддөг.
Манай залуу судлаач, эрдэмтэд судалгааны ажлын үр дүнгээ зөвхөн дотооддоо яриад байх биш, дэлхийн шинжлэх ухааны тогтсон дэг жаягийн дагууд ажиллах талаар онцгой анхаарах хэрэгтэй. Их дээд сургуулийн магистрант, докторантын диссертаци төдийгүй, баклаврын төгсөх оюутны дипломын ажил ч гэсэн тухайн шинжлэх ухааны олон улсад нэр хүндтэй сэтгүүлд хэвлэгдэхийг зорилгоо болгосон, урд өмнө хэн ч шийдэж чадаагүй жижиг боловч асуудлыг сонгон авч судалдаг байх ёстой. Тухайн шинжлэх ухааны салбарын хувьд олон улсад нэр хүндтэй peer-review-тэй сэтгүүлд бүтээлээ хэвлүүлэхийн төлөө тууштай ажиллах шаардлагатай.
Монгол эрдэмтдийн бүтээл олон улсын нэр хүндтэй сэтгүүлд гарах тусам Монгол улсын шинжлэх ухааны байгууллага, их дээд сургуулиудын дэлхийд эзлэх чансаа тогтмол дээшилнэ. Ингэснээр Монголын их дээд сургууль, судалгааны байгууллагууд нь Зүүн Хойд Азийн, цаашилбал бүх Азийн тэргүүлэх судалгааны төвүүд болон хөгжих үүд хаалга нээгдэнэ. Энэ нь манай улс шилдэг, сайн авъяастнуудаа гадаадын их дээд сургууль руу байнга алдаж байдаг биш, харин ч эсрэгээр эх орондоо гадаадын чадалтай эрдэмтэн, судлаач, оюутнуудыг татан авчрах боломжийг бүрдүүлнэ.
Их дээд сургууль, шинжлэх ухааны байгууллагууд аж үйлдвэрийн салбаруудтай нягт хамтран ажиллаж, улс орны эдийн засгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож жинтэй хувь нэмэр оруулж явахыг бас нэг үндсэн чиглэлээ болгох нь зүйтэй.
Бодит амьдрал дундаас хамгийн сайн судалгааны сэдвүүд гарч ирдэг. Эрдэмтэн, судлаачид маань аж үйлдвэрийн салбаруудад тулгамдаж буй асуудлууд дундаас судалгааны ажлын сэдвээ олж, шинэ шийдэл, шинэ технологи бүтээхийн төлөө ажиллах нь чухал. Их дээд сургууль, аж үйлдвэрийн салбарын ийм хэлбэрийн хамтын ажиллагаа нь манай улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх хамгийн үр ашигтай арга зам мөн.
Одоогоос 40-өөд жилийн тэртээ яруу найрагч Бэгзийн Явуухулан монгол шүлэг, монгол яруу найргаа хүлэг морьтой зүйрлэн “Хүлэг бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” гэж хэлсэн байдаг. Эврикад оролцогч та бүхэн ч дэлхийн жишиг, шалгуураар дэлхийн дэвжээн дээр өрсөлдөж ялалт байгуулахыг хүсэн ерөөе.
Энэ жилийн “Эврика” эрдэм шинжилгээний ИХ хурал амжилттай явагдаж шилдгүүдээ тодруулж шагналаа гардууллаа. Монголын олон нэр хүндтэй компаниуд ивээн тэтгэж оролцож байна. Та бүхний нэрийн өмнөөс болон хувиасаа “ЭВРИКА” эрдэм шинжилгээний ИХ хурлыг дэмжсэн оюунлаг хүн бүрт талархал илэрхийлье,
Залуу багш, оюутан залуус Та бүхэн бол монголын эдийн засаг нийгэм, шинжлэх ухааны ирээдүйн хөгжил дэвшилд том үүрэг гүйцэтгэх үүрэгтэй бидний хойч үе. Та нарын өмнө зорилгоо хэрэгжүүлэх боломж нээлттэй байна. Үргэлж хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөж эрч хүчтэй ажиллаарай.
Та бүхэнд амжилт хүсье.
Засгийн газрын “Сайдын цаг” уулзалтад Зам тээврийн сайд Н.Төмөрхүү оролцож салбартаа хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгсөн юм. Зам тээврийн салбар үндсэн дөрвөн чиглэлд бүтээн байгуулалт хийж байгаа аж. Тухайлбал авто болон агаарын, усан зам тээврийн зохицуулалтыг илүү боловсронгуй болгох, замын барилга угсралтын салбарт норм, нормативын шинэчлэл хийх зэрэг ажлуудыг хийж байгаа гэлээ.
Энэ жилдээ багтаж аймгуудыг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбох ажлаа дуусгахаар төлөвлөж байгаа аж. Мөн Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар Богд хаан төмөр замын төслийг эхлүүлэхээр бэлдэж буй бөгөөд УИХ энэ асуудлыг дэмжвэл ажлаа шууд эхлүүлэх боломжтой юм байна. Үүнээс гадна Монгол Улсыг тээврийн нэгдсэн төв болгохын тулд транзит тээврийн гэрээ хэлцлүүдийг хийж байгаа гэв. Манай улс их хэмжээний баялагтай, харин үүнийг тээвэрлэх ложистик, дэд бүтцийг хөгжүүлж байж бид дэлхийн зах зээлд гарах, улмаар эдийн засгаа өргөжүүлэх боломж бүрдэх юм.
Зам тээврийн сайд Н.Төмөрхүү сэтгүүлчдийн асуултад ингэж хариуллаа.
-Авто замд холбогдоогүй ямар аймгууд үлдсэн бэ?
-Авто замаар холбогдоогүй аймгуудаас зүүн талд Дорнод аймаг байна. Баруун талд Ховд, Говь-Алтай, Улаангом, Улиастай холбогдоогүй байгаа. Энэ жил бид Хятадын хөнгөлөлттэй зээлээр Баянхонгорын Байдраг, Говь-Алтайн чиглэлийн замуудыг хийнэ. Мөн Тосонцэнгэл, Улиастайн чиглэлийн замуудыг хийж гүйцэтгэхээр байгаа. Үлдсэн Ховд, Улаангом хоёрын замыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийхээр төлөвлөж байна. Ингэж чадвал баруун бүсүүд бүгд нийслэлтэй автозамаар холбогдоно. Дорнод аймагт Бондын санхүүжилтээр замын ажил хийхээр төлөвлөгдөж Хөгжлийн банкин дээр эх үүсвэр нь бэлэн байгаа.
-Салбарын яам автозамын чанарт ер нь яаж анхаарч байгаа вэ?
-Одоо бидний замын барилга угсралтын ажилд барьж байгаа норм дүрэм бол хоцрогдсон, орчин цагийн шаардлагыг хангахгүй байгаа. Гэхдээ бидэнд төсөвт өртөг, санхүүгийн эх үүсвэртээ тааруулаад норм дүрмийг барьж байгаа. Монголын цаг уур, байгаль орчны нөхцөл байдалд тохирсон үндэсний нормыг бүрдүүлэхээр бид ажиллаж байгаа.
-Энэ онд нийт хичнээн километр авто зам, төмөр зам барихаар төлөвлөж байгаа вэ?
-Байдраг-Говь-Алтайн чиглэлд 126 километр зам тавигдана. Тосонцэнгэл-Улиастай хот руу 129 километр зам, Дорнодын 146 километр зам явна. Баталгаатай эх үүсвэртэй замууд бол энэ байна. Дээрээс нь нэмээд шинэ нисэх буудал болон Улаанбаатарыг холбосон 33 километр, зургаан эгнээтэй хоёр урсгал зам хийгдэхээр төлөвлөгдөж байна.
Бусад замууд бол концессийн гэрээгээр явна. Концессийн гэрээ хийгдсэний дараа замын урт тодорхой болно. Төмөр замын хувьд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 262 километр замыг консерциумд очсон ч бай, гэрээ бүтэлгүй болсон ч бай стратегийн хувьд чухал гэж үзэж байгаа учраас дуусгана. Мөн Хөөт-Бичигтийн 200 гаруй километрийн ажил байгаа. УИХ соёрхон батлах юм бол Богд уулын 150 километр төмөр замын ажлыг эхлүүлнэ. Энэ зам маш их ач холбогдолтой. Бид нар Монголоор дамжин өнгөрөх ачааг нэмэгдүүлье гэх юм бол ложистикийн нөхцөл, замынхаа нэвтрэх чанарыг нэмэгдүүлэх ёстой. Ингэхийн тулд Улаанбаатар төмөр замын шинэчлэл болон нэвтрүүлэх, тээвэрлэх чадварыг нэмэгдүүлэх гээд хоёр гол ажилд анхаарах ёстой болж байгаа юм. Мөн хилээр нэвтэрч байгаа бараа бүтээгдэхүүний ложистикийн нөхцөлийг сайжруулах зайлшгүй шаардлагатай байна. Мөн Замын-Үүүдийн боомтыг сайжруулах үүднээс одоо Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ложистикийн ажил хийгдэж байгаа. Бид нар үйл ажиллагаа эрчимжүүлж чадвал таван сая тонн ачаа нэмэгдүүлэх бодит боломж байна гэж үзэж байгаа.
-Манай улсад хичнээн хэмжээний концессийн гэрээ байгуулах боломж байгаа вэ?
-Авто замын салбарт гаргасан хөрөнгө оруулалт бол маш их байгаа. Зөвхөн концесс олгогдсон тэрэнд Монголын Засгийн газраас төлөхөөр үүрэг хүлээсэн төлбөр бол нэг их наядаас гараад явчихсан байгаа. Нэмж мөнгө гаргахад хүндрэлтэй байгаа учраас Засгийн газрын хэмжээнд ярилцаж байж эцсийн шийдээ гаргана.
-Энэ нэг их наяд төгрөг төлөгдөөгүй байгаа гэсэн үг үү?
-Төлөгдөөгүй. Төлөгдөх гээд хүлээгдэж байгаа өр гэсэн үг.
-Тавантолгойн хэлэлцээрт Зам тээврийн яамнаас төлөөлөл оролцож байгаа юу?
-Манай яамнаас оролцож байгаа. Мөн Монголын төмөр зам аас төлөөлөл оролцож байгаа.
-Оюутолгойн асуудлыг Засгийн газраар хэлэлцсэн үү?
-Оюутолгойн асуудлыг бид Засгийн газрын хуралдаанаар шийдсэн. Энэ хүрээнд шийдэгдсэн асуудал гэж ойлгож болно.
-Тэгэхээр 30 саяын татварыг хүчингүй болгосон гэсэн үг үү?
-Би энэ талаар одоохондоо тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.
Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Япон Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү Япон Улсын иений хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төсөл”-ийн хоёр дахь шатны зээлийг авах тухай хоёр орны Засгийн газар хооронд солилцох ноот бичигт гарын үсэг зурав.
Хоёр дахь шатны зээлийн хэмжээ 36 тэрбум 850 сая иен буюу ойролцоогоор 608 тэрбум төгрөг болж байна. 2008 онд олгосон эхний шатны зээл болох 28 тэрбум 870 сая иенийг нэмбэл уг төслийн нийт хэмжээ 65 тэрбум 657 сая иен буюу ойролцоогоор нэг их наяд 83.4 тэрбум төгрөг болж байна. Энэ нь 1990 оноос эхлэн Япон улсын Засгийн газраас Монгол Улсад олгож ирсэн Хөгжлийн албан ёсны тусламжуудаас хамгийн өндөр өртөгтэй нь болж байгаа юм.
Хөшгийн хөндийд баригдаж буй энэхүү шинэ нисэх онгоцны буудлыг 2017 онд ашиглалтад оруулах бөгөөд зээлийн хөрөнгийг Японы техник, технологиор онгоцны буудлыг барьж байгуулах, мөн зөвлөх үйлчилгээнд зарцуулахаар төлөвлөж байна.
Тус иений хөнгөлөлттэй зээлийн хүү 0,1 хувь, эргэн төлөлтийн хугацаа 40 жил бөгөөд бусад зээлтэй харьцуулахад бага хүүтэй, эргэн төлөлтийн хугацаа урт гэдгээрээ давуу талтай юм.