Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголд бизнес эрхэлдэг гадаадын иргэнийг барьцаалж, амь насанд нь халдахыг завджээ

-Т.Таня гэгч компаниа шилжүүлж өг гэж түүнийг дарамталдаг, сүрдүүлдэг аж-

Эх оронч гэж өөрсдийгөө нэрлэсэн бүлгэмийнхэн ууланд аялаж явсан гадаадын иргэнийг зодсон хэрэг мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Улаанбаатар хотын Засаг дарга энэ явлаас үүдэж Монгол Улсын нэр хүнд унаж байгаад харамсаж байгаагаа илэрхийлж, хохирогчоос уучлал гуйсан билээ. Гэтэл Монголд дахиад ийм хэрэг гарч, БНСУ-ын иргэний эрхэнд халджээ. Монгол Улсад хуулийн дагуу бизнес эрхэлж байсан гадаадын иргэнийг барьцаалж, амь насанд нь халдахыг завдсан хэрэг энэ сарын 17-нд гарсан байна. Хохирогч К-г эмчилгээ хийлгэж байхад нь уулзаж, ярилцлаа.

-Та Монголд хэр удаан бизнес эрхэлж байгаа вэ?

-Би Солонгосын нэгэн группаас хөрөнгө оруулахаар Монгол Улсад ирсэн. Манай Солонгос дахь группийн хөрөнгө оруулалсан компани Монголд алтны уурхайд олборлолт хийдэг юм. 2013 оноос хойш танай улсад үйл ажиллагаа явуулж байгаа. Миний хувьд 2014 оны арванхоёрдугаар сарын 26-нд Монгол дахь компанийнхаа захирлаар томилогдож ирсэн. Тэр цагаас хойш танай улсад айдас түгшүүртэй байна.

-Яагаад, таныг энэ сарын 17-нд гэнэтийн халдлагад өртсөн тухай мэдээлэлтэй байгаа. Өмнө нь бас дарамтад байсан юм уу?

-Томилогдож ирээд анх компани дээрээ иртэл Т.Таня гэдэг эмэгтэй “Чамайг ална шүү” гэж айлгаад элдвээр дарамталсан. Надтай хамт ирсэн хөрөнгө оруулагчийн нүүр рүү цохиж, гэмтээгээд нүдний шилийг нь хугалсан. Тэр цагаас хойш Т.Таня байнга дарамтлан, ална гэж заналхийлдэг болсон. Ийм дарамтад ажиллаж байгаа болохоор амьдарч байгаа гэрээ хүртэл нууцлах, байнга бие хамгаалагчтай явдаг боллоо. Энэ сарын 17-нд хүртэл Таня хүмүүс дагуулж ирээд намайг барьцаалж, амь насанд халдахыг завдлаа.

-Юу болсныг дэлгэрэнгүй яриач?

-Компанийнхаа алтны уурхайд оччихоод хамгаалалтын албаны дарга, орчуулагч хоёртойгоо нийслэл рүү буцаж явсан юм. Дархан-Уул аймгийн Хонгор сумаас хөдлөөд 18.00 цагийн орчимд Баянгол сум өнгөрч явтал 35-79 УНТ улсын дугаартай “Ланд Крузор”, 70-57 УНҮ улсын дугаартай “Делика” хоёр машины шахаж ирсэнээ нэг нь гүйцэж түрүүлээд зам хааж, нөгөө нь араас мөргөж зогсоосон. Хүүе гэхийн завдалгүй арван тав, зургаан ирээд бид гурвыг машинаас хүчээр буулгаж, гурав нь миний гарыг хүчээр мушгин ард бариулаад “Делика” машин руугаа чихсэн. Толгойгоо гэдийлгээд орохгүй гэтэл толгой, нуруу руу хүчтэй цохиж, гар урсан (Гараа харуулахад дөрвөн хурууных нь арьс зулгарсан байв). Намайг машинд чихэж суулгачихаад хамгаалагчийн нүүр рүү цохиж унагаагаад хэдэн талаас нь зодож эхэлсэн. Орчуулагч эмэгтэйн цүнх, гар утас гээд бүх зүйлийг нь булаагаад уурхайн баримт бичиг, гэрийн түлхүүр зэргийг авсан. Улмаар Т.Таня надад “Уурхай руу явж хамгаалагчдаа татаж ав. Тэгэхгүй бол хээр аваачиж алаад булна” гэж сүрдүүлсэн.

-Тэгээд уурхай руу буцаад явсан юм уу?

-Надтай хамт явсан хоёр хүнийг араас дагаад уурхай руу яв гэж сүрдүүлээд намайг аваад явсан. Машинд хоёр талд хоёр хүн суугаад нэг нь гар мушгиад хөдөлгөхгүй, нөгөө нь хоолой боочихсон байсан. Т.Таня хурц иртэй зүйлээр баруун талаас чичилж, “Цаас гаргаад уурхайг шилжүүлж өгөв гэж бич. Чамайг алчихаад булаад хаясан байхад хайх хүн байхгүй” гэж сүрдүүлж байсан.

-Ард үлдсэн хоёр хүн дагаад явж байсан уу?

-Орчуулагч эмэгтэй зам руу гүйж ороод өнгөрч явсан жолооч нараас тусламж хүссэн юм билээ. “Хүн алах гээд байна” гээд орилж байхад 30 гаруй машин өнгөрсөн атлаа нэг нь ч зогсоогүй гэсэн. Машинд нуучихсан байсан жижиг гар утсаа гаргаж өмгөөлөгч рүү залгаснаар, өмгөөлөгч цагдаа нарт мэдэгдсэн юм билээ. Дуудлага авсан цагдаа нар миний сууж явсан машиныг зогсоож шалгасан. Тэр үед нь би англиар “Би солонгос хүн байна. Туслаарай” гэж орилсны хүчинд аврагдсан. Цагдаа нар намайг буулгаж аваад хоёр машинтай 17 хүнийг дагуулан Баянгол сумын цагдаагийн хэлтэст очсон. Дашрамд амь насыг аварч хамгаалан шударга, шуурхай ажилласан Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар болон Мандал сумын цагдаагийн хэлтэст баярлаж талархснаа илэрхийлж байна.

-Тэнд байцаасан гэж үү?

-Тэнд, цагдаа нарын хажууд Т.Таня миний толгой руу цохиж “Энэ солонгосыг чинь алчихъя” гээд орилж гарсан. Гэтэл жижүүр цагдаа бид нарын бичиг баримтыг үзчихээд “Даваа гаригт ир. Өнөөдөр манай албан тушаалтнууд байхгүй” гэж явуулахад нь би маш их айж, гайхсан. Тэр хүмүүс намайг болон надтай хамт явсан хоёр монгол хүнийг яаж ч мэдэхээр байсан. Бүгд суллагдаад манай уурхай руу явсан. Өмгөөлөгч маань Улаанбаатар хотын цагдаагийн газар, прокурорт мэдэгдэж байжЗүүн хараагийн цагдаагийн хэлстийн дарга араас ирж тэр хүмүүсийг баривчилсан. Одоо Т.Таня хоригдож байгаа. Нөхөр нь, хамт явсан 15 хүн нь суллагдсан. Гэхдээ тэр хүмүүст бас эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн.

-Т.Таня гэдэг хүнийг та болон танай компанийнхан яаж таньдаг юм бэ. Яагаад таныг сүрдүүлээд байдаг юм бол?

-Миний өмнө захирлаар ажиллаж байсан солонгос хүн Т.Таня гэдэг хүнийг гүйцэтгэх захирлаар томилсон. Манай компаниас цалинжиж байсан ажилтан гэсэн үг. Манай компанид ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний алт тушаагаагүй учраас Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байгаа. Нэгэнт хуулийн байгууллагад шалгуулахаар бид хүсэлт гаргасан учраас ажлаас нь чөлөөлсөн. 2013 онд орчуулагчаар ажилд ороод тушаал дэвшүүлж гүйцэтгэх захирал болгосон бөгөөд 2014 оны арванхоёрдугаар сард ажлаас нь халсан. Гэтэл “Би энэ компанийн захирал” гээд бичиг баримт, тамга тэмдэг булаах гээд байдаг. Бүр компаниа шилжүүлэх гарын үсэг зур гэж хүч хэрэглэж байгаа нь тэр.

-Т.Танягийн оролцоо танай компаниад бий юү?

-Байхгүй. Бид цалин өгөөд ажиллуулж байсан. Манай компанид ажиллаж байхдаа хууль бус үйлдлээр хоёр тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан хэрэгт шалгагдаж байгаа.

-Компани булаацалдаж байгаа бол иргэний шүүхэд хандсан болов уу?

-Үгүй. Тийм боломж ч байхгүй. Ерөөсөө л хүчээр булааж авах гээд хүч хэрэглэж, миний амь насанд халдах гээд байдаг. Миний нутаг байгаа учраас хүч хэрэглээд, олон хүнээр зодуулаад компанийг нь булаагаад авчихна гэж боддог бололтой юм. 2014 оны арванхоёрдугаар сарын 26-нд надад хүч хэрэглэж байхад нөхөр нь болох М.Мөнх-Эрдэнэ арав гаруй залуу дагуулж ирж дарамталж, сүрдүүлсэн. Тэр залуус сая мөн ирж биднийг дарамталж, хүч хэрэглэн, амь насанд халдахыг завдлаа.

-Анх дарамталж, сүрдүүлж байхад нь цагдаагийн байгууллагад хандаагүй юм уу?

-Цагдаа дуудсан. Баянгол дүүргийн цагдаа нар ирээд зодоон цохион үүсээгүй, хүн гэмтэж бэртээгүй гээд явчихсан. Хувцас хунар урчихсан, хамгаалагчийг хумсаараа маажчихсан байхад бэртсэн гэж үздэггүй юм билээ. Тэр үед надад “500 мянган төгрөгөөр хүн хөлслөөд чамайг алуулчихад хэн ч мэдэхгүй. Шөнө явж байхад чинь алчихна. Араа бодож амьдраарай” гэж сүрдүүлсэн. Түүнээс хойш байнга айдастай, хамгаалагч дагуулж явдаг болсон.

-Хуультай, ардчилсан улсад бизнес хийх гэж ирээд заналхийлэлд өртсөн байна. Буцъя, хөрөнгө оруулалтаа татъя гэж бодсон уу?

-Одоо ч айдастай байна. Хаана амьдарч байгаагаа нууцалдаг болсон. Манай компани тавдугаар сарын 1 гэхэд олборлолтоо хийгээд эхэлчихсэн байх ёстой. Гэтэл Т.Таня, түүний нөхрөөс айгаад ажлаа эхэлж болохгүй, ажилтнуудаа сул зогсоочихсон байдалтай байгаа. Нөхөр нь хүмүүсээс өр барагдуулдаг бүлэгтэй юм шиг байна лээ. Тэднийгээ дагуулаад бидэнд хоёр дахиа хүч хэрэглэж байгаа нь энэ. Одоо айгаад уурхай руугаа ч явж чадахгүй байна. Тэр хэрээр алдагдал хүлээж байгаа.

-Эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаж байгаа хүн гадуур бусдыг дарамтлаад, сүрдүүлээд яваад байгаа талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж үзэв үү?

-Анх дарамтад орсныхоо дараа өмгөөлөгчдөө хандсан. Өмгөөлөгч маань “Та бэртэж гэмтээгүй л бол цагдаагийн байгууллага гомдлыг чинь хүлээж авахгүй” гэсэн. Бас тэр хүн манай компанийг хохироосон хэргээр шалгагдаж байгаа. Нэмээд өргөдөл өгчихвөл тэр хэрэг сунжирч, шийдэгдэхгүй гэж өмгөөлөгч маань зөвлөсөн. Тийм учраас хэргийг шийдтэл хүлээе гэж шийдсэн байсан юм. Гэхдээ БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамандаа мэдэгдсэн. Элчин сайдын яамнаас энэ сарын 17-нд болсон явдлын талаар цагдаагийн байгууллага болон прокурорт мэдэгдэнэ гэсэн хариу өгсөн.

-Та одоо ч айдастай байгаа юу?

-Т.Танягийн нөхөр нь сул, чөлөөтэй байгаа. Тэр хүн нөгөө бүлэглэлээ дагуулаад хэзээ ч ирж, яаж ч мэднэ. Бүлэглэж бусдыг дарамталсан, амь насанд нь заналхийлсэн хүмүүст яагаад хариуцлага тооцохгүй байгааг ойлгохгүй юм. Таня шиг эмэгтэй эсвэл өөр нэг монгол хүн гадаадаас ирж бизнес эрхэлж байгаа, хөрөнгө оруулж байгаа хүмүүсийг айлгаж дарамтлаад байвал танайх руу чиглэдэг хүн олдохоо болих болов уу. Ямар итгэлээр, яаж хөрөнгө оруулах юм бэ. Миний цаана Монгол хөрөнгө оруулахаар бэлтгэж байгаа 11 хөрөнгө оруулагч бий. Гурав нь өчигдөр Монголд ирэхээр онгоцны тасалбараа авчихсан байсан ч намайг дарамталж, амь насанд халдахыг завдснаас болоод ирсэнгүй.

Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, хөгжих бодлоготой байдаг. Гэтэл иргэд нь ийм дарамттай, тайван ажиллах боломж олгохгүй байхаар хөрөнгө оруулагчид зугатахаас аргагүй.

БНСУ-ын Гадаад хэргийн яам болсон явдлыг асууж мэдсэн. Гадаад хэргийн яамны албан ёсны сайт дээр энэ хэргийн талаар мэдээлэл орно. Тэр мэдээллийг харсан дэлхийн хөрөнгө оруулагчид танай улсаас жийрхэнэ гэхээс харамсч байна. Хүн барьцаалж, амь насанд нь халдахыг завдсан хүмүүсийг хуулийн байгууллага нь өөгшүүлээд тавиад явуулчихдаг юм байна гэсэн ойлголт гадаадын хөрөнгө оруулагчдад төрнө. Хэрвээ хуулийн дагуу хариуцлага тооцвол хуультай, журамтай улс гэдэг итгэл төрөх болов уу. Би ч гэсэн хуулийн байгууллага яаж ажиллахыг ажиглаж, харж байгаа.

-Та өөр улсуудад ажиллаж байхад ийм дарамт байв уу?

-Би Веьтнамд гурван жил, БНХАУ-д хоёр жил хөрөнгө оруулагчаар ажиллаж байсан. Тэгэхэд миний биед халдсан, үг хэлээр доромжилсон дарамталсан тохиолдол гараагүй. Даяршсан дэлхийд аль ч улсад хуулийн дагуу бизнес эрхлэх боломжтой болсон. Танай улсад байгаа шиг айдас, түгшүүртэй байж үзээгүй. Манай компани 30 монгол ажилтан цалинжуулдаг. Олборлолт эхлэхээр илүү олон хүнийг ажилчнаар авна. Гэтэл Т.Танягийн дарамтаас болоод ажлаа эхлүүлж чадахгүй байна.

Ө. Тэнгэр

Categories
гадаад мэдээ спорт

НБА-гийн плей-оффын тоглолтууд үргэлжилж байна

Хойд Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн лиг буюу НБА-гийн улирлын тоглолтууд дуусч плей-оффын гал маналзсан тоглолтууд эхэллээ. Одоогийн байдлаар хасагдах шатанд шалгарсан 16 баг өөр хоорондоо тус бүр нэг нэг тоглоод байгаагаас зөвхөн ганц нь буюу Торонто Рэпторс л нутагтаа хожигдож бусад нь өөрийн талбайгаа “цэвэр” үлдээж чадлаа.

Өрнөд конференци

Лос-Анжелес Клипперс – Сан-Антонио Спэрс 107:92

Мэмфис Гриззлиз – Портленд Трэйл Блэйзерс 100:86

Хьюстон Рокетс – Даллас Маверикс 118:108

Голден Стэйт Уорриорз – Нью-Орлеан Пеликанс 106:99

Дорнод конференци

Атланта Хоукс – Бруклин Нэтс99:92

Кливленд Кавальерс – Бостон Селтикс 113:100

Чикаго Буллз – Милуоки Бакс 103:91

Торонто Рэпторс – Вашингтон Уизардс 86:93

Categories
мэдээ нийгэм

Насжилт өндөртэй барилгуудын ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан компаниудыг батламжиллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, гэрээ байгуулах эрх олгох тухай” захирамж гаргажээ. Захирамжаар нийслэлийн Засаг даргын энэ оны А/124 дүгээр захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хорооны дүгнэлтийн дагуу ашиглалтын шаардлага хангахгүй болсон дараахь барилгуудын ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан компаниудыг батламжилж, шалгарсан компанид сууц өмчлөгч болон нийслэлийн Засаг даргатай гурван талт гэрээг батлагдсан загварын дагуу байгуулах эрх олгов. Үүнд:

  • Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай 17, 18, 20 дугаар байрны барилгажилтын төсөл боловсруулж, ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр “Тэргүүн чансаа” ХХК
  • Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай 13, 14, 15, 16 дугаар байрны барилгажилтын төсөл боловсруулж, ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр “Алтан трейд” ХХК
  • Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай 10, 11, 12 дугаар байрны барилгажилтын төсөл боловсруулж, ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр “Фүжи холдинг ББСБ” ХХК
  • Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай 4, 5, 6 дугаар байрны барилгажилтын төсөл боловсруулж, ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр “Эйч энд Эйч” ХХК
  • Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай 7, 8, 9 дүгээр байрны барилгажилтын төсөл боловсруулж, ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр “Эм Ар Эс Ди” ХХК
  • Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай 1, 2, 3 дугаар байрны барилгажилтын төсөл боловсруулж, ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр “Сити палас” ХХК
  • Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай БХН-1-27, БХН-2-27, ТТЭ-37, БХН-48, ОС-8, АТ-12, 30 дугаар байрны барилгажилтын төсөл боловсруулж, ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр “Молор констракшн” ХХК

Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий архитектур бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдоржид даалгажээ.

Categories
мэдээ нийгэм

Идэрийн эх хэлний уламжлалт олимпиад болно

Эх хэлээрээ зөв сайхан бичих, яруу төгөлдрөөр ярьж хэлж занших, сурах эрмэлзлэлийг идэвхжүүлэх, хамгийн гол нь алслагдсан бүс нутгийн сурагчдад шалгарал, өрсөлдөөнийг буй болгодог “Идэрийн эх хэлний сорилго” наадмаа 2015 оны тавдугаар сарын 7-9-нд уламжлал ёсоор Идэрийн голынхоо хөвөөнд зохион байгуулахаар Эх хэлний боловсрол, соёлыг дэмжих Үлэмж эгшиглэн сангийн Удирдах зөвлөл шийджээ.

Монгол хэл, уран зохиолын ахмад багш, ардын боловсролын тэргүүний ажилтан Лутын Лхагважавын нэрэмжит энэхүү олимпиадад Монголын эрдэмт мэргэн зохиолч, шинжлэх ухаан боловсрол, урлаг соёлын зүтгэлтнүүд тогтмол дэмжин оролцож ирсэн бөгөөд энэ жил хөлгөн найрагч Д.Урианхай, Д.Цоодол, Т.Галсан нарын тэргүүлсэн алдар суутнууд багш, сурагчид, ард түмэнд уулзалт ярилцлага зохиож, биечлэн танилцаж, эх хэл соёл, урлагийн олон талт арга хэмжээзохион явуулна.

Түүнчлэн энэ жилээс эхлэн олимпиадын шүүгч багш нарын бүрэлдэхүүнд жил бүр ротацихэлбэрээр50 хувийн өөрчлөлт оруулж байхаар Үлэмж эгшиглэн сангийн Удирдах зөвлөлөөс тогтжээ.

Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөрийн сайд оюутнуудтай уулзана

Хөдөлмөрийн сайд С.Чинзориг өнөөдөр МҮЭСТО-нд мэргэжлийн боловсрол, сургалын байгууллагын суралцагч, төгсөгчидтэй хөдөлмөр эрхлэлтийн талаар уулзалт хийхээр болжээ.
МСҮТ болон коллежийн төгсөх ангийнханд ямар боломж байгааг тэдэнд дуулгаж, төсөл хөтөлбөрийн тухай танилцуулахаас гадна Бразилд болох Дэлхийн ур чадварын олимпод Монголыг төлөөлөх багийн гишүүдэд батламж гардуулна.

Categories
мэдээ нийгэм

Ам.долларын ханш 1970 болж буурлаа

Бараг 2000 хүрээд байсан ам.долларын ханш ажмаар буурч байна. Өнөөдрийн байдлаар арилжааны банкуудын зарж байга ам.долларын ханш 1979-1981 төгрөг болжээ. Харин “Найман шарга” зах дээр нэг ам.доллар 1970 төгрөгтэй тэнцэж байна. Хэрэв цаашдаа хөрөнгө оруулалт нэмэгдвэл долларын ханш багагүй буурна гэсэн тайлбарыг эдийн засагчид хэлж байгаа юм.

Categories
мэдээ спорт

Улсын харцага Э.Оюунболд: Бөхийн холбооны ойн 1024 бөхийг магнайлсандаа баяртай байна

Хэнтийн аймгийн Өмнө­дэлгэр сумын харьяат Мон­гол Улсын харцага Энхтөгсийн Оюунболдтой ярилцлаа.

Монголын үндэсний бөхийн холбооны 25 жилийн ойд зориулсан 1024 бөхийн барилдаанд арав давж түрүүллээ. Түүхт ойн баярт түрүүлсэн юм шиг 1024 бөхийг магнайлна гэдэг сайхан байх нь мэдээж?

-Бөх сонирхогч олонд 1024 бөх барилдана гэдэг сайхан санагдсан байх. Бидэнд барилдаан бол барилдаан шүү дээ. Хэнтэй таарч яаж барилдах маань чухал. Бөхийн холбооны ойн барилдаанд 1024 бөхийг магнайлсандаа баяртай байна. Залуу хүний хувьд бэлгэшээж байна. Төрийн наадмын зааны даваанд тахимаа өгч байсан Г.Эрхэмбаяр аваргыг өвдөглүүллээ. Р.Пүрэвдагва начин, Б.Пүрэвсайхан харцага нартай зодоглосон барилдаан бүрт тунадаг. Энэ удаад ч ялгаагүй туналаа. Пүрэвдагва начинтай зургаагийн даваанд, Пүрэвсайхан харцагатай долоогийн даваанд тунаж давсан. Наймын даваанд аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатартай мөн тунаж барилдаж давсан. Бид хоёр өмнө нь хэд хэдэн удаа таарч барилдаж байсан. Өнгөрөгч жил Өндөрхаан хайрханы тахилгад түрүү үзүүрт шалгарч миний бие түрүүлж байсан удаатай. Мон­гол бөхийг гиннест бүрт­гүүлсэн барилдаанд би Мөнгөнбаатар арсланд тавын даваанд унаж байсан.

Өөрийг тань бөхийн удамтай гэж дуулсан. Тэр тухайгаа сонирхуулахгүй юу?

-Манай аавыг Дашдоржийн Энхтөгс гэдэг. Аймгийн начин цолтой хүн бий. Тэгэхээр аавынхаа талаас бөхийн удамтай. Аав өөрөө барилддаг бөхөд дуртай учир намайг бөх болгоно гэж бодно. Гэхдээ “Миний хүү бөхөөс гадна давхар мэргэжил эзэмших хэрэгтэй. Монгол Улсын их сургуулийн аль нэг ангид суралцуулна. Тийм болохоор нөхөр минь хичээлээ сайн давтана шүү” гэж хэлдэг байв. Надад бол хичээл ном сонин биш. Гол нь бөх барилдах хүсэл мөрөөдөл минь байлаа. Зурагтаар “Аваргын гараа” гээд хүүхдүүдийн барилдаан гарна. Түүнийг үзээд бушуухан л хот орох сон, тэр хүүхдүүдтэй очиж барилдах сан гэж бодно. Мөн Бөхийн өргөөнд очиж бөх үзэхийн түмэн хүслэн байгаа юм чинь. Ц.Цэрэнпунцаг гарьд, Д.Сумъяабазар аварга гээд бөхчүүдийн барилдааныг үзэж биширдэг байлаа. Ус нутгийн хүчит бөх Б.Бат-Эрдэнэ аваргыг бага балчраасаа л хүндэтгэж ирсэн. Ингээд 13 настай хүүхэд 2006 онд аав ээждээ “Хотод очиж гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд сурна, хичээл номоо сайн давтана” гэж худлаа хэлээд бөх үзэх сонирхолдоо хөтлөгдөн ирж байлаа. 84 дүгээр сургуульд зургадугаар ангид уул нь сурсан л даа. Гэвч наймдугаар ангиасаа хойш хичээлд бараг яваагүй. Ижий аавыгаа хуурч бөхийн ертөнц рүү орсондоо огтхон ч харамсдаггүй. Хувь тавилан маань ийм байжээ гэж боддог.

Б.Адъяахүү начингийн шавь. “Аварга” сургуулийн зааланд их бага хүүхэд очсон гэдэг юм билээ?

-2007 онд арван дөрвөн настай хүүхэд Б.Адъяахүү багш дээр очсон. Надад бөхийн эрдэм анх заасан хүн Аъяа багш маань юм. Уран барилдаанч мундаг багш. Улсын харцага Пүрэвсайхан, улсын начин Э.Энхбатаас аваад олон хүнийг бөхийн эрдэмд сургасныг манайхан мэдэх байх. Бөхийн бэлтгэл гэдэг ийм нарийн дэг жаягтай, утга агуулгатай, тийм амар хялбар биш гэдгийг сургасан. Их спортоор хичээллэх хэрэгтэйг хэлж байлаа. Их спортоор, чөлөөт бөхөөр хичээллэсэн маань үндэсний бөхөд амжилт үзүүлэх нэг том бааз суурь болсон. 2010 онд чөлөөтийн улсын өсвөрийн аваргад түрүүллээ.Дараа нь Ташкент хотноо болсон өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож хүүхдийн олимпод оролцох эрхээ авсан. Олон улсын олимпийн хорооноос хүүхдийн анхдугаар олимпийг Сингапурт 2010 оны наймдугаар сард зохион явуулсан юм. Уг наадамд Монгол Улсынхаа төрийн далбааг өргөж явах хүндтэй, хариуцлагатай үүргийг Мон­голын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загд­­сүрэн гуайгаас хүлээн авсан­даа маш их баярлаж билээ. Чөлөөт бөхийн 100 килограммын жинд хүч үзэж тавдугаар байрын шагнал хүртсэн. Мөн уг наадмын элсний чөлөөт бөхийн барилдаанд оролцож хүрэл медалийн эзэн болсон. Ингэж л их спортоор хичээллэж, хүүхдийн олимпийн наадамд төрийнхөө далбааг өргөж явах алдрыг “Аварга” сургууль, Адъяахүү багш маань өгсөн түүхтэй. Наймдугаар ангиасаа хойш бараг л хичээлд яваагүй хүн чинь “Аварга” сургуулийн лицей сургуульд суралцаж, улмаар “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн оюутан болсон доо.

-20 насандаа улсын хар­цага цолонд шууд хүрсэн. Баянаа аварга, Дагвасүрэн арслан хоёр 19 насандаа улсын начин болсон байдаг. Сүүлд Өвөрхангайн Ширмэнгийн Батхуяг начин хорин насандаа цолонд хүрсэн гэдэг. Тэгэхээр тэр бүр бөхчүүдийн гаргаад байдаг амжилт биш шиг байна?

-2008 онд 15 настайдаа улсын наадмын өсвөрийн бөхийн барилдаанд шөвгийн наймд үлдээд унасан. Дараа жил нь түрүүлнэ гэсэн бодолтой очоод шөвгийн дөрөвт үлдсэн. Ингээд 19 насандаа Хэнтий аймгийнхаа наадам зодоглон Б.Хадбаатар арслантай үлдэж түрүүлэн аймгийн арслан цол хүртсэн юм. Тэр жилийнхээ улсын наадамд зодоглоод хоёрт Ховдын Мягмарсүрэн зааныг өвдөглүүлж, гурвын даваанд Давааням зааны хүү улсын начин Лхагвадоржид тахимаа өгсөн дөө.

2013 онд хорин насандаа төрийн наадамд хоёр дахиа зодоглож До.Ганхуяг арслангаар дөрөв, И.Дорж­самбуу гарьдаар тав давж начин болоод зургаагийн даваанд Т.Санчир заанд амлуулан барилдаад түүнийг хамж дайрах мэхээр давж улсын харцага цолонд хүрсэн. Тэр жил манай Хэнтий аймгийн 90 жилийн түүхт ой тохиож байлаа. Аймгийнхаа ойд харцага цол хүртээд очсон минь хамгийн том баяр байлаа. Аав их л баярлаж байсан. “Миний хүү бөх болно л гэж өөрийнхөөрөө зүтгэсэн. Зөв байжээ” гэж хэлсэн шүү. Манай сургуулийг төгссөн олимпийн аварга Н.Түвшинбаяртай хоёул ижилхэн харцага цол хүртээд Төв цэнгэлдэхээ тойрч наадамчин олонтой мэндчилэх гоё байлаа. Хар­цага цол хүртсэн наадмын хоёрын даваанд Өвөрхангайн Б.Сангисүрэн начинг өвдөг­лүүлсэн юм. Тэр даваа одоо бодоход хамгийн хэцүү нь байсан. Улсын цолонд яригдаж байсан залуу бөхчүүдэд хоёрын даваа амаргүй гэж ах нар хэлдэг. Үнэн л юм билээ.

Хорин настай залуу дөрвийн даваанаас аваад том цолтой бөхчүүдтэй хүч үзжээ. До.Ганхуяг бол төрийн наадамд өмнө нь түрүүлж, үзүүрлэж байсан бөх. Түүнтэй барилдахад бэргэх тохиолдол гарсан уу?

-Нэг их айж бэргээгүй. Ёндоо байвал би хаянаа л гэж бодсон. Ганхуяг арслантай барьц сонгож барилдсан. Эхлээд арслан барьц сонгосон. Тэгээд хаялцаагүй, дараа нь би барьц сонгоод давсан. Цэнгэлдэх шуугиад л явчихсан. Санчир зааныг давахад ч цэнгэлдэх шуу­гиад л явчихаж билээ. Багаасаа барилдаад, ерөөс барилдахын дон тусчихсан хүнд чинь айж бэргэнэ гэдэг зүйл байдаггүй.

Зарим хүмүүс “Пүрэв­дагватай байнга тунаж байна. Хэцүү байдаг уу” гэх утгаар асуудаг. Юуных нь хэцүү байх билээ. Пүрэвдагва начин дотроосоо шатаж барилддаг, тамирчин хүнд байдаг араншинтай сайхан бөх. Пүрэвсайхан харцага ч тэр. Бэлтгэл сургуулилтаа дайчин хийж барилддаг нь мэдрэгддэг.

Залуу харцагын биеийн өндөр болоод жин хэд байна?

-Нэг метр 82 сантиметр өндөртэй. 135 килограмм жинтэй.

Бат-Эрдэнэ аваргатай хэр ойр вэ. Өөрийн чинь барилдааныг аварга ихэд шимтэнгүй үзэж байгаа харагддаг. Аминчилж хэлж зөвлөдөг байх?

-Бат-Эрдэнэ аварга манай аав хоёр бие биенээ мэднэ. Аварга бол намайг багаас мэднэ. Харин өөрийнх нь сургуульд суралцаад, Адъяахүү багшийн шавь болсныг сүүлд мэдсэн л дээ. Уулзаж хэлж ярих зүйл байлгүй яахав. Бөхийн өргөөнд болсон барилдааны дараа уулзаад сургамж зөвлөгөө өгдөг. Хийж буй мэхний хувилбарын талаар хэлдэг. Тэр хүн бол монгол бөхийн домог болсон хүчтэнүүдийн нэг шүү дээ. Бөхийнхөө хувьд. Надад их итгэдэг. Тэр агуу хүний итгэлийг алдчихгүй юмсан, бэлтгэл сургуулилтаа сайн хийж монгол бөхийн өндөр цолонд хүрэх юмсан гэх бодол надад бий.

Саяын 1024 бөхийн барилдаанд 10 давж түрүүлс­нээс чинь харахад өнөө жилийн наадамд түрүүлчихээд зогсож байхад гайхах зүйл алга байна л даа. Сэтгэл зүйн хувьд ямар байх бол?

-Наадмын бэлтгэлд Сүүж ууланд Адъяахүү багшийнхаа удирдлагад бусад бөхчүүдийн хамт уламжлал ёсоороо гарна. Урам зориг итгэл өгсөнд маш их баярлалаа. Наадам гэж бодолгүй өөрийнхөөрөө барилдана. Бэлтгэлээ сайн хийж, багшийнхаа заасан мэхүүдийг улам чамбай сураад цолоо ахиулахын төлөө зүтгэнэ ээ.

Ө.МАНЛАЙ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Я.Батсуурь мөнгө төгрөг идэж уух хүн биш. Л.Гансүхийг хөлийн хуруугаа тайрахад бид дүлий юм шиг байх уу” гэж АН-ынхан ярилцжээ

АН-ын бүлгийн хурал өчигдрийн 13 цагаас эхэлсэн ч орой болтол сунжирлаа. АН-ын бүлэг ямар асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэснийг гишүүдээс нь тодруулахад эхлээд Эрдэнэс Таван толгой компанийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурийн захидлын талаар хэлэлцсэн аж. Гишүүд зөвхөн энэ асуудлыг л гэхэд бүтэн гурван цагийн турш ярилцжээ. Хуралд арав гаруй гишүүн суусан бөгөөд намынхаа удирдлагуудаас юу болоод байгааг тодруулж бухимдацгаасан гэнэ. “Яагаад мөнгө идсэн хэрэг нь татварын асуудал руу шилжиж, юу ч асууж тодруулахгүй хэрнээ шоронд хориод байгаа юм. Нэг ч удаа тайлбар аваагүй гэнэ лээ. Ер нь Я.Батсуурь гэлтгүй ажил хийж байгаа хүмүүсийг айлган сүрдүүлж, шоронд хорьж тамладаг асуудал хэрээс хэтэрлээ. Я.Батсуурь бол яавч мөнгө, төгрөг идэж уух хүн биш. Л.Гансүхийг хөлийн хуруугаа тайрч шинжилгээнд явуулж байхад бид дүлий юм шиг л байх уу” гэх мэтээр ярьцгаасан гэнэ. Ингээд гурван хүн томилж Я.Батсуурийг эргэж, өмгөөлөгчтэй нь уулзаж асуудал ямар байгааг асууж тодруулахаар болсон аж.

Дараа нь АН-ын бүлэг Сонгуулийн нэгдсэн хуулийг хэлэлцжээ. Хуулийн төслийг УИХ-д өргөн бариагүй байгаа ч Р.Бурмаа гишүүн мэдээлэл өгсөн байна. Ажлын хэсгийн хувьд УИХ-ын сонгуулийг одоогийн хувилбараар буюу 48 нь тойргоос, 28 нь намын нэрээр сонгогдох хувилбараар явуулахаар хуулийн төслийг боловсруулснаа тэрээр танилцуулсан байна. Мөн МАН, “Шударга ёс” эвслийнхэн ямар байр суурьтай байгааг ч намынхандаа хэлж одоо ямар зарчим баримталж хуулийн төслөө боловсруулах вэ, хэзээ УИХ-д өргөн барих вэ гэдгийг хэлэлцжээ. Бүлгээр хэлэлцэх дараагийн асуудал нь Таван толгойн гэрээ байжээ. АН-ын гишүүдэд Таван толгойн гэрээг УИХ-д өргөн барих тогтоолын төслийг тарааж өгсөн ч гэрээ нь бүрэн эхээрээ ирээгүй гэнэ. Хэдийгээр хэлэлцэх асуудлын жагсаалтад Таван толгойн гэрээ багтсан ч өчигдөртөө багтаж хэлэлцэх эсэх нь тодорхойгүй байлаа. Ер нь Засгийн газар өнгөрсөн баасан гаригт Таван толгойг гэрээг УИХ-аар хэлэлцүүлэхээр Тамгын газраас зөвшөөрөл хүсч, баримт бичгүүдээ явуулжээ.

УИХ-ын Тамгын газар уг баримт бичгийн бүрдлийг 72 цагийн хугацаанд шалгаж, нягтлах хуультай юм байна. Үүний дараа УИХ-ын дарга цаг товлож тогтоолын төслийг хүлээн авах аж. 72 цагийн хугацаа нь өнөөдөр дуусч байгаа гэнэ.

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг Таван толгойн гэрээг хэлэлцжээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр ээлжит бусаар хуралдсан. Уг хуралдаан нэлээн ширүүхэн өрнөсөн сурагтай. Таван толгойн гэрээний төсөлтэй холбоотойгоор УИХ-ын дарга З.Энхболд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар маргалдсан бололтой юм. УИХ-ын дарга Тавантолгойн гэрээний төслийг ямар шалтгаанаар буцаасан тухай мэдээллийг бүлгийн гишүүдэд өгчээ. Харин Ерөнхий сайд хуулийн төсөл хууль зөрчөөгүй хэмээн хамгаалжээ. Тодруулбал, УИХ-ын дарга З.Энхболд “Эрдэнэс тавантолгойн 1072 хувьцааг Монголын ард түмэн эзэмшдэг. Гэтэл та нарын гэрээгээр Монголын ард түмний эзэмших ёстой хувьцаа Шинхуад шууд очих болж байгаа, Монголын талын эзэмших 51 хувь хаана байгаа юм. Ийм хууль зөрчсөн гэрээний төсөлд өргөн барих цаг өгөхгүй” гэжээ. Энэ маргааныг сонсч суусан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт уур нь хүрсэн бололтой “Тэр 1072 ширхэг хувьцаа чинь цаас шүү дээ” гэсэн байна.

Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зарим гишүүн “1072 хувьцаа бол Ардчилсан намын ард түмэндээ амласан амлалтын нэг. Хувьцаа чигээрээ үлдэх ёстой” гэсэн санал хэлж, энэ асуудлыг тойрч ярилцжээ. Гэвч Таван толгойн асуудал дээр бүлгийн гишүүд нэгдсэн саналд хүрч чадалгүй хуралдаанаа өндөрлүүлжээ.

Энэ өдрийн хуралдаанаар Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг нарийвчлан хэлэлцэнэ гэх мэдээлэл байсан ч зөвхөн Таван толгойн асуудлыг хэлэлцсээр таарчээ.

Categories
мэдээ цаг-үе

Я.Содбаатар: Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг бүрдүүлж байгаа “гурван толгой” дотроо учраа олоогүй юм байна гэж ойлгогдлоо

УИХ-ын гишүүн Я.Сод­баатартай ярилцлаа.

Танай намын бүлгийн хурал ямар уур амьсгалтай болов?

-Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар л ярилцлаа. Сон­гуулийн нэгдсэн хуулийн талаар санал солилцсон.

Та Таван толгойн талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Таван толгойн төслийг УИХ-д өргөн бариагүй байна. Засгийн газрын албан ёсны төсөл өргөн баригдаагүй байхад дүгнэлт хийх нь учир дутагдалтай. Ер нь Таван толгойн хэлэлцээрийг эхлэх үед МАН-ын бүлгээс надаар ахлуулсан ажлын хэсэг гарсан юм. Энэ хүрээнд тодорхой мэдээллүүдийг авсан л даа. Гэхдээ тэр хүрээнд дүгнэлт гаргахад учир дутагдалтай.

Таван толгойг УИХ-аар хэлэлцвэл бүр ч гацна гэдэг байр суурь хүмүүст байна лээ…

-УИХ-ын дарга, дэд дарга нар хамтарч энэ асуудлыг парламентаар хэлэлцүүлээч гэдэг саналыг тавьсан гэж ойлгож байгаа. Тийм учраас Ерөнхий сайд нь УИХ-аар хэлэлцүүлнэ гээд зарлачихлаа. Мэдээж Таван толгойг ашиглах ёстой гэдэг улс төрийн шийдвэр нь гарчихсан байгаа. Тиймээс хариуцлагаа үүрч байгаа улс төрийн хүчин нь АН. Ирэх сонгуулиар, өнөөдөр чард түмнээр дүн тавиулах хүчин нь АН. Ийм учраас АН-ын дарга төслийн хувь заяанд ихээхэн санаа тавих ёстой.

МАН-д хамаагүй юм уу?

-Гэвч Ерөнхий сайд нь эхэлж мэдэгдэл хийсний дараа УИХ-ын дарга чуулганы индрээс өөр агуулгатай үг хэлээд байгааг нь харахад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг бүрдүүлж байгаа “гурван толгой” дотроо учраа олоогүй юм байна гэж л ойлгогдлоо. Тиймээс энэ “гурван толгой” учраа олчих юм бол асуудал шийдэгдэхэд амархан юм биш үү.

Эдийн засаг хүнд хэвээрээ л байна. Уг нь Ардын намгүй бол АН улс орныг дампууруулах нь гэсээр байгаад танай нам засагт орсон байх. Өөрчлөлт байна уу?

-Бид бодит баримтыг үгүйсгэхэд хэцүү л дээ. 2010-2012 оны Монголын эдийн засгийн үзүүлэлтийг аваад үзээрэй. Үнэхээр өсөлттэй байсан. Ажил хийе гэсэн хүн бүр хуримтлал үүсгэж, баялаг бүтээх гэж хичээж байлаа. Гэтэл тэр үеийн Монголын эдийн засаг өнөөдөр гурван тэрбум ам.доллараар агшчихаад байна. Тэр хэрээр айл бүрийн амьдралд сүүдэр туслаа. Олон хүн ажилгүй боллоо. Үүний бурууг хэн нэгэн рүү чихэхээс илүү энэ хүндрэлийг яаж даван туулах вэ гэдэг гарцыг олох ёстой. Үнэнийг хэлэхэд улсаараа дампуурлаа зарлах уу.Эсвэл эхний ээлжинд эдийн засгийн уналтыг зогсоож,өсөлтийн тухай ярих уу гэдэг сонголт дээр хамтарсан Засгийн газрыг байгуулсан. Гэхдээ хамтарсан засаг байгуулагдсанаар өргөс авсан юм шиг бүх зүйл сайжирна гэж байхгүй л дээ. Манайд нүүрлээд байгаа эдийн засгийн уналт том учраас гарцаа олох ёстой.

Таныхаар ямар гарц байгаа юм?

-Нэгдүгээрт Таван толгойн төслийг яаралтай явуулах хэрэгтэй байна. Оюу толгой ч ялгаагүй. Хоёрдугаарт хүссэн хүсээгүй геологи, уул уурхайн салбар Монголын эдийн засгийг тодорхойлно. Тиймээс лиценз олголтыг зогсоохоос эхлээд энэ салбарт гараад байгаа эрсдлүүдийг багасгах ёстой. Ингэж чадвал хоёр тэрбум ам.долларын бизнесийн эргэлт гарах байх. Гуравдугаарт эрчим хүчний том төслүүдийг явуулах хэрэгтэй. Таван толгойн, Тавдугаар цахилгаан станц зэргийг байгуулах тухай асуудал. Энэ тал дээр зоригтой шийдвэр гаргах хэрэгтэй. Тэгж чадвал гадагшаа урсаад байгаа валютын урсгалыг багасгана. Гаднаас авах эрчим хүч багасна. Дагаад хөрөнгө оруулалт орж ирнэ. Эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ. Дөрөвдүгээрт Зүүн Азийн бүс нутаг руу чиглэсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ бид гаргах хэрэгтэй. Үүний тулд мах, улаанбуудай, рапсын найдвартай ханган нийлүүлэлтийн системийг бий болгох ёстой. Тавдугаарт Японтой байгуулсан шиг эдийн засгийн түншлэлийн гэрээг худалдааны түнш орнуудтайгаа байгуулах ёстой. Миний өргөн барьсан Худалдааны тухайхуулийг баталбал энэ чиглэлд нэлээд боломжууд нээгдэхээр байгаа даа.

Энэ бол богино хугацаанд шийдэгдээд хэрэгжих ажлууд мөн үү. Урт хугацаанд үр дүн нь мэдрэгдэх байх…

-Бодлогууд нь тодорхой болоодулс төрийн шийдвэрүүд нь гараад, гадна, дотнынх нь асуудал шийдэгдчихсэн ажлууд шүү дээ. Засгийн газар шаардлагатай гэвэл заримыг нь УИХ-аар оруулаад шаардлагагүй гэвэл өөрсдөө шийдээд явах боломжтой.Гэтэл нэг хоёрхон шийдвэрээс болоод гацчихсан зүйлүүд байна. Жишээ нь Монголд эрчим хүчний станциуд барьсны дараа Монгол Улс нэг киловатт эрчим хүчийг ямар үнээр худалдаж авах вэ гэдэг дээр маргаан үүсчихээд л гацчихсан байх жишээтэй. Уг нь энэ асуудлыг шийдэж, зөв хөдөлж чадвал Монгол Улс ойрын таван жилд Зүүн хойд Азийн бүс нутагт цахилгаан экспортлогч орон болж чадна шүү дээ. Тэгсэн тохиолдолд дотоодын эрчим хүчний үнийг бууруулах боломж бүрдэнэ. Тийм учраас зоригтой шийдвэр хэрэгтэй гээд байгаа юм. Гэтэл шийдэхгүй байна л даа.

Тэгэхээр Засгийн газар ажиллахгүй байна гэсэн үг үү?

-Ч.Сайханбилэгийн Засгийн газар эрчимтэй ажилла, юм хийх гэж оролдож байна. Харамсалтай нь улс төрийн дэмжлэг үзүүлэх ойлголцлын болон зарим үед хувийн эрх ашгийг хойш нь тавиад хөдлөх эр зориг дутаад байгаа юм болов уу гэж харагдах юм.

Танай нам засагт ажиллаж байгаа сайд нараа, ер энэ Засгийн газрыг хэр дэмжиж байна вэ?

-Хариуцсан салбарынхаа асуудлыг УИХ-д оруулж ирэхэд нь манай нам дэмжээд л явж байгаа. Гэхдээ Засгийн газар асуудлаа зөв таниулах, мэдээллээ зөв өгөх, парламент, Засгийн газрынхамтын ажиллагааг бэхжүүлэх тал дээр дутуу ажиллаад байна. Намрын чуулган хаах үед эдийн засгийн хямралыг даван туулах төлөвлөгөөг УИХ-аар батлуулсан. Үүний хэрэгжилт хэр байсан тухай Засгийн газрын тайланг УИХ дээр сонсох л хэрэгтэй байна.

Тайлагнасан, тайлагнаагүй хэрэгжилт нь хэр байсан нь тодорхой биш гэж үү?

-Засгийн хийж байгаа ажлын талаар бидэнд танилцуулга орж ирээгүй л байна.

Хэрэгжилт сайн байгаа бол эдийн засагт бага ч гэсэн эерэг нөлөө гарах байсан байх. Эдийн засгийн үзүүлэлт сайжрахгүй байгаа нь тэр төлөвлөгөө хэрэгжээгүйн баталгаа биш үү?

-Засгийн газар эдийн засгийн чиглэлээр арга хэмжээ авч л байна. Гэхдээ үүнийгээ танилцуулах ёстой. Тэгж байж УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлнэ л дээ. Өнөөдөр сонгуулийн чимээнээр рейтингээ өсгөх, олон нийтэд нэрээ таниулах гэхээсээ илүү Монгол Улсад бодитоор ямар бэрхшээл тулгарчихаад байна, гарц нь юу байна гэдгийг ул суурьтай ярилцах нь зөв.Түүнээс биш шүүмжлэлийг хэн ч хэлж чадна. Хэн ч уул уурхайг муулж бас чадна.

Үнэндээ Монголын нийт экспортын 80 гаруй хувь, бүтээж байгаа баялгийн 60 гаруй хувь нь уул уурхайн салбарт оногдоод байна.

Гэтэл энэ салбарыг хамгийн ихээр муулж, ус цацсаар байна шүү дээ. Ийм байдлаар зарим хүн рейтингээ өсгөж, дараа дараагийнхаа улс төрийг хийж байна. Энэ синдром сүүлийн арван жил эрчимтэй явлаа. Энэ нь нийгэмд талцал бий болгож байна. Тийм учраас өнөөдөр үндэсний ойлголцол хэрэгтэй байгаа юм. Хамгийн гол нь иргэд, хэвлэл мэдээлэл, төр засгийнхан бүгдээрээ өөр өөр мэдээлэлтэй байгаа учраас дүгнэлтүүд нь өөр өөр гараад байна л даа. Тиймээс төр, ард түмний харилцаа салчихаад байна.

Тэгэхээр одоо яах ёстой вэ?

-Үндсэн хуулиас эхлээд том хуулиуддаа өөрчлөлт хийх замаар засах л ёстой. Үгүй бол нийгмийн эмх замбараагүй байдал бий болж мэдэхээр байна. Яагаад энэ тухай яриад байна гэхээр өнгөрсөн долоо хоногт олон улсын байгууллагууд дүгнэлтүүдээ зарлалаа. Азийн хөгжлийн банк тайландаа Монголын ирэх гурван жилийн эдийн засгийн өсөлтийг дунджаар дөрвөн хувь гэж тооцсон байна шүү дээ. Бүтэн гурван жилийн турш эдийн засгийн өсөлт нь дөрвөн хувь байвал юу болох юм. Байдал бүр хүндэрнэ. Тэгэхээр бид олон улсын байгууллагуудын дүгнэлтийг анхааралтай ажиглах л хэрэгтэй байна. Тэрнээс биш дотооддоо хэрэлдэж, хэн нь гишүүн, хэн нь дарга байх тухай яриа одоо сонин биш. Улс дампуурахад ойрхон болчихлоо шүү дээ.

Популистуудын “хашгираан” эдийн засгийг агшааж, хөрөнгө оруулалтыг бууруулахад нөлөөлсөн гэж үзэх нь бий. Үүнийг болиулахын тулд л зөвшилцлийн Засгийн газар байгуулна гэж хэлээд Н.Алтанхуягийн танхимыг огцруулсан. Тэгвэл хүмүүсийн тархийг угаагаад байгаа популистуудыг засагт оруулаад түр дуугүй болгочихож болдоггүй юм уу?

-Бие даагчдад төр барих нэгдсэн бодлого байхгүй л дээ. Тиймээс засагт оруулна гэдэг нь хүндрэлтэй. Коммунист ч бай, ардчилсан орон ч бай бүгдард түмний төлөөллийн замаар төр барьдаг систем дэлхийд ноёрхож байна. Тиймээс бие даагчдаар бодлого тодорхойлуулдаг орон одоогоор алга. Сүүлийн үед анзаараад байхад уул уурхайн салбарт мэргэжлийн хүмүүсийн дуу бага сонсогдоод байна. Үнэндээ Монгол хийрхэлтэй хөөрлийн нийгэмд шилжчихээд байна. Ийм нийгэмд үнэн үг сонсогддоггүй гэдэг шүү дээ. Асуудлыг гадарладаг мэддэг мэргэжлийн хүмүүс нь улам дуугаа хураасаар байна. Энэ нь сөрөг дохио. Их мэдэгчид тайзан дээр гол дүрд түлхүү тоглоод байвал хошин шогийн жүжиг болж хувирна шүү.Тиймээс системээр нь өөрчлөх ажлыг бодож л хийх хэрэгтэй.

Монгол мөнгөгүй болж байна. Намар гэхэд цалингаа тавьж чадахгүй гэх л юм…

-Үнэндээ сая хамтарч засаг байгуулаагүй бол энэ оны нэгдүгээр улиралд цалингаа тавьж чадахгүй байсан байх шүү. Хэрэв саяын миний хэлсэн төслүүдийг урагшлуулахгүй, валютын дотогшлох урсгалыг нэмэгдүүлэхгүй, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхгүй бол энэ оны дөрөвдүгээр улиралд цалингаа тавьж чадахгүйд хүрч магадгүй шүү.

Одоо тэгээд яамаар юм дээ?

-Хамгийн түрүүнд бид итгэлцэл хэрэгтэй байна. Дотооддоо нам, хүн, бизнес хоорондын итгэлцэл нэн шаардлагатай байна. Гадна талд итгэлцэл бүр алга. Статистикаас гаргасан 2015 оны нэгдүгээр улирлын эдийн засаг, нийгмийн байдалд хийсэн дүнг аваад үзлээ. Хасах 250 сая ам.долларын хөрөнгө оруулалт манайхаас гадагшилсан байна. Бид юун хөрөнгө оруулалт татах. Иргэд манайхаас мөнгөө гадагшлуулсан байна. Үнэндээ гадаадын хөрөнгө оруулагч Монголд буян хийх гэж орж ирдэггүй. Би танайд ийм хэмжээний мөнгө оруулж ирнэ, танайх ийм, манайх ийм ашиг хүртэнэ гэдэг тооцоотой орж ирдэг. Гэтэл ийм байдлаар тооцоод үзтэлитгэл төрөхгүй байвал тэд шууд гардаг юм байгаа биз дээ.

Таван толгойг УИХ-аар хэлэлцэнэ гэхээр гадныхан “Өө мөд бүтэхгүй юм байна” гээд итгэл алдах юм биш үү?

-Ямар ч байлаа гэсэн Таван толгой, Оюу толгойн төслөө явуулах л хэрэгтэй. Ер нь нэг зүйлийг бид ойлгох ёстой. Монгол Улс дэлхийн зах зээлийг тодорхойлох гол тоглогч биш. Жишээ нь Хятад улс өнгөрсөн жил 3.5 тэрбум тонн нүүрс хэрэглэсэн байгаа юм. Үүнээс арав гаруй хувийг нь гаднаас авсан. Үүнийх нь ердөө 0.8 гаруй хувийг бид нийлүүлсэн байдаг. Тийм учраас Хятад улс манайтай, манайгүй болж байна.

Дээрээс нь өнөөдөр дэлхийд зах зээлээ булаацалдах эдийн засгийн том дайн явж байна. Энэ дайнд Монгол Улс зарим орны эрх ашгийг хөндөж байгаа. Тухайлбал, Хятад руу чиглэсэн эрдэс баялаг нийлүүлэгч болох гэж байгаа болон болчихсон орнуудын эрх ашгийг Монгол Улс хөндөж байна. Тийм учраас манай зах зээл дээр гадны гар хөл болсон, өөрийн эрх ашгаа дээдэлсэн хүмүүсийн тоглолт яваад байна л даа. Ер нь бол зах зээл өөрийн гэсэн мөчлөгтэй. Зах зээлийнхээ жамаартүүхий эдийн үнийн бууралтаас ч юм уу, улс төрийн аливаа шийдвэрээс болоод эдийн засгийн уналт, өсөлтийн мөчлөг төрөөс хамаарахгүйгээр явагддаг. Энэ мөчлөг ирэхэд бид яах вэ гэдэг тогтвортой бодлогоо л гаргачихсан байх ёстой.Эдийн засаг уналаа гээд уйлж гүйгээд байхгүй. Өслөө гээд дэвхцээд байхгүй. Тогтвортой бодлого барих ёстой. Нэг жишээ хэлье. Н.Алтанхуягийн Засгийн газрын нэг алдаа “Чалко”-той хийсэн гэрээг цуцалсан явдал. Өмнөх Засгийн газар 10 жилээр нь 70 ам.доллараар нүүрсээ өгье гэдэг гэрээ хийчихсэн. Өмнөх арван жилийн нүүрсний үнийн дундаж нь 50-60 ам.доллар байсан учраас ирэх арван жилийн дундаж нь 70 ам.доллар байна гэж тооцоолоодл 70 гэдэг тоог тохирсон. Нүүрсний үнэ 110 ам.доллар хүрсэн ч, 30 болсон ч 70 ам.доллараараа байна гэдэг гэрээг хийсэн байлаа. Гэтэл 2012 онд нүүрсний үнэ 110 ам.доллар болохыг хараад Н.Алтанхуягийн Засгийн газар “40 ам.долларыг хятадуудад идүүлж байна” гэж үзээд гэрээг цуцалсан. Хэтдээ нүүрсний үнэ унахыг тооцоолчихсон суусан “Чалко” уухайн тас зөвшөөрсөн явдал. Хэрэв “Чалко”-гийн гэрээг цуцлаагүй бол манай нүүрсний зах зээл ингэж хямрах ч байсан юм уу, үгүй ч юм уу хэн мэдлээ.Эндээс юу хэлэх гээд байна вэ гэхээр төрийн тогтвортой бодлого байхгүйн гай ердөө л энэ. Алтны татвараа 68 хувь болгосноо маргааш нь хоёрхон хувь болгоод байгаа Монгол Улсыг гадныхан гайхаад ч барахгүй, тэгээд итгэл алдаад байгаа юм шүү дээ.

Тогтвортой бодлого гэжяриад байдаг хэрнээ танай нам засагт орчихоод төрийн албан хаагчдыг халахаас эхлээд тогтвортой бодлогынхоо эсрэг юм хийгээд байгаа юм биш үү?

-Хүн халж байна гэдэг байдлаар харахгүй байна. Төрийн алба мэргэжлийн биш болчихсон байлаа шүү дээ. АН 12 жил цөөнх байсан учраас боловсон хүчнээ бэлтгэх тал дээр учир дутагталтай байгаа нь аргагүй. Үүнийг цэгцэлж байгаа хэрэг шүү дээ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ