Таван толгойн гэрээний төслийг УИХ буцаагаад байгаа. Монголын эдийн засгийг сэргээхэд, дотоодын дэлхийд танигдах том компани үүсэх боломжтой Таван толгойн төслийг үргэлжлүүлэх хэрэгтэй гэж эдийн засагчид үзэж байна. Тэгвэл энэ төслийг цааш явуулах эсэхэд УИХ-д суудалтай намуудын байр суурь ямар байгаа юм бол. Энэ талаар УИХ болон Засгийн газрын гишүүдийн байр суурийг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас дэлгэрүүлэн уншаарай.
Month: April 2015
Монгол Улсын ШУА-ийн Техник, технологийн салбарын бага чуулганы эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Г.Пүрэвдоржтой ярилцлаа.
–Шинжлэх ухааны байгууллагуудын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 27-р тогтоолыг энэ оны эхээр гаргаж Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг нэгтгэж цөөлөн нилээд л бужигнуулах шиг боллоо. Ер нь юу болов? Хэдэн хүрээлэн хаалгаа барив?
-2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр Засгийн газрын тогтоол гарч бүтцийн өөрчлөлт хийв. Хаалгаа барьсан хүрээлэн байхгүй. Хооронд нь нийлүүлсэн.
–Дээрх бүтцийн өөрчлөлт хийснээр юу хэмнэв?
-Нийт 51 хүрээлэн байсан юм байна лээ. Эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийн үйл ажиллагааны үр дүн, үр ашгийг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор хуучин байсан хүрээлэн, төвүүдийг 30 хүрээлэн болгож нэгтгэсэн. Манай ШУА-ийн 20 хүрээлэн төвийг нэгтгээд 10 болгосон. Бусад нь яамд, их дээд сургуулийн харьяанд байсан юм.
Ер нь улс орны эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор 1,4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Шинжлэх ухааны салбараас хэмнэх зорилготой. Ингээд л бүтцийн өөрчлөлт хийсэн. Нийт дүнгээрээ 250 орчим хүн, ШУА-иас техник ажилтан, нярав, нягтлан зэрэг 100 орчим хүн ажлаас чөлөөлөгдсөн. Эрдэм шинжилгээний ажилтнуудаас чөлөөгдөөгүй.
–Тэгээд одоо ямар үр дүн гарав?
-Үр дүнгийн талаар өнөөдөр ярих нь эрт байна. Урд өмнө үүнтэй адил бүтцийн өөрчлөлтийг хийж байсан юм. Тухайлбал, 1997 оны Засгийн газрын 31 дүгээр тогтоол гарч 68 хүрээлэн төв байсныг 34 болгож нэгтгэн өөрчилсөн. Тухайн үед техник, технологийн салбарт 30 хүрээлэн байсныг найман Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, бизнесийн корпораци болгож нэгтгээд, ШУТИС-ийн харьяанд таван хүрээлэн амь хоргодон очиж байсан. Найман корпорацийг заримыг хувьчилж, төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилсөн юм. Үнэндээ одоо эрчим хүч, холбоо, зам тээвэр, барилга зэрэг техникийн салбарт шинжлэх ухааны судалгаа хийж, зураг төсөл боловсруулан, норма нормотив гаргах зэргээр нэгдсэн бүтцээр ажиллах хүрээлэнгүүд үгүй болсон. Гэтэл Монгол Улсын хөгжлийн хөдөлгөгч хүч, аж үйлдвэрт шинэ технологи инновацинэвтрүүлэх замаар улс орны хөгжилд хамгийн түрүүнд хувь нэмрээ оруулах эдгээр салбар, холбоо мэдээллээс бусадямар байгаа билээ хэнд ч ойлгомжтой гэж бодож байна.
–Шинжлэх ухааны хүчинд бид, хөгжиж дэвшинэ,ард түмний боловсрол дээшилнэ гэж боддог л доо. Шинжлэх ухааныг одоо яах ёстой юм бэ?
-Шинжлэх ухаан бол оюун ухаан, мэдлэгийн үйлдвэрлэл гэж тодорхойлж болох юм. Үүгээрээ шинжлэх ухаан бүх л үеийн туршид үнэний цэц болж ирсэн юм. Аль болох богино хугацаанд хурдтай, цэгцтэй хөгжье гэвэл шинжлэх ухааны мэдлэгт тулгуурлах ёстой. Дэлхийн улс орнуудын хөгжлийн түүх ийм юм.
Шинжлэх ухаан өөрөө хөгжлийн зүй тогтол, дэг жаягтай байдаг. Энэ дэг жаягаар нь шинжлэх ухааныг байлгах ёстой л доо.
Нэгдүгээрт, Шинжлэх ухаан бол мэдлэгийн үйлдвэрлэл байдаг. Эрдэм мэдлэгийг бүтээж байгаа шинжлэх ухааны өдөр тутмын үйл ажиллагаанд гаднаас холилдон орох нь ажилд муугаар нөлөөлж байдаг зүйл.
Хоёрдугаарт, Мэдлэг, мэдээллийн зуунд шинжлэх ухаан нь нийгэмд үйлчлэх үүрэг улам бүр өсч байна. Хүнийг,тухайлбал, нийгмийн янз бүрийн давхаргыг үнэн мэдээллээр хангаж үнэний цэц байх шинжлэх ухааны, эрдэмтдийн үүрэг улам нэмэгдэж байгаа билээ. Нийгмийн мунхарлын элдэв гажуудлаас шинжлэх ухаан л ангижруулна.
Эндээс үзвэл төрөөс шинжлэх ухаантай зүй зохистой л харилцах ёстой. Шинжлэх ухааныг өөд нь татвал улс орны хөгжил мэдэгдэхүйц урагшилдаг. Харин түүний хөгжилд саад тотгор болвол тодорхой хугацааны дараа улс орны хөгжил уруудан доройтож, элдэв гажуудал үүснэ.
–Одоо тэгээд шинжлэх ухаандаа манай төр засаг яаж хандах болж байна?
-Дэлхийн хөгжсөн болон эрчимтэй хөгжиж байгаа орнууд эрдэмтдийнхээ чөлөөт сэтгэлгээг хангаж, хүрээлэнгүүдийг бэхжүүлж, шинжлэх ухаанд дотоодын нийт бүтээгдэхүүний тодорхой хувийг зарж байж улс орон эрчимтэй хөгждөг байна. Тухайлбал, өнөөдөр дэлхийн дунджаар авч үзвэл улс орнууд ДНБ-нийхээ хоёр хувийг зарцуулж байхад, манай улсад 0,2 хувь орчим байгаа нь манай улс 10 дахин бага анхаарч байна, бид тэр хэмжээгээр хөгжлөө хойш нь татаж л байна гэсэн хэрэг л дээ.
Ер нь шинжлэх ухааныг хөгжүүлэхэд ДНБ-ний 0,4 хувийг зарцуулж байвал шинжлэх ухаан үзэгдэл төдий байдаг, нэг хувьдхүрч байж л нийгэмд үйлчилж эхэлдэг, хоёр хувиас дээш байж хөгжлийн хөдөлгөгч хүч болдог гэсэн жишиг байдаг.
Манай оронд шинжлэх ухааныг хөдөлгөгч хүч болгож байсан тийм үе бий. 1990-ээд онд Шинжлэх ухаанд зарах хөрөнгө мөнгө ДНБ-ний нэг хувьд хүрч байсан байна. Түүний хүчээр, өөрөөр хэлбэл инерцээрээл одоог хүрч ирлээ. Одоо ядаж шинжлэх ухаанд зарах зардлыг 1990 оны түвшинд хүргэх ёстой юм.
–Саяны бүтцийн өөрчлөлтөөр олон залуучууд гарсан гэж яригдах юм?
-Дээр хэлсэн, эрдэм шинжилгээний ажилтнууд түүний дотроос залуучуудыг чөлөөлөөгүй. Харин уул уурхайн зэрэг хөрөнгө мөнгө сайтай компаниуд манай сайн мэргэжилтэн, эрдэмтдийг татахыг оролдож байгаа нь нууц биш.
ШУА-ийн хэмжээнд техник ажилтан, нярав, нягтлан зэрэг 100 орчим хүнийг ажлаас чөлөөлсөн гэж өмнө хэлсэн.Гурван хүрээлэнг нийлүүлэн Хими, химийн хүрээлэн болсон. Энд нийлээд 132 хүнтэй байв. Одоо 127 байна. Биологийн хүрээлэн Ботаникийн хүрээлэн, Загас судлалын төв нийлээд Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн болсон. Энд нийлээд 184 хүнээс 158 болсон ба мөн лнягтлан, нярав, давхар ажилтай гэрээт ажилтнууд, тэтгэврийн насны зэрэг хүмүүсийг чөлөөлсөн байгаа. Эрдэм шинжилгээний ажилтнууд хэвээрээ байгаа болно. Бүх л хүрээлэнд иймэрхүү зүйл болсон.
“ШУА-ийн хүний нөөцийн бодлогын баримт бичиг”, “ШУА-ийн хүний нөөцийн стратеги төлөвлөгөө” боловсруулсан.
–ШУА-ийн 2015 оны зорилтын талаар ярина уу?
-ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын 2014 оны үйл ажиллагааны тайлан болон харьяа Хүрээлэн, төвийн тайланг Их чуулганаар хэлэлцсэн юм. Мөн тайлангаа БСШУЯ-д тавьсан.
ШУА-ийн Их, бага чуулганы үйл ажиллагаа, харьяа хүрээлэн, төвийн судалгааны чиглэлийг тогтоох, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах, төр, засагт зөвлөмж хүргэх, гадаад харилцааны хүрээнд дэмжлэг үзүүлэх зэрэг олон талт үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ 2014 оныг “Чанарыг дээшлүүлэх, оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах жил” болгон зарлаж шинэ мэдлэг бүтээхийн зэрэгцээ хэрэглээнд нэвтрүүлэхэд онцгойлон анхаарч ажиллав.
Үүний дүнд ШУА-ийн Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээнд нийт 198 ажил үйлчилгээ, 15 тусгай ажлыг хийж гүйцэтгэхээр Төсвийн ерөнхийлөн захирагч БСШУ-ны сайд Л.Гантөмөртэй Төсвийн шууд захирагч ШУА-ийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин 2014 онд байгуулан ажиллаж, гэрээ 98,6 хувиар биелсэн.
ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар нь ойрын 4 жилд хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны шинэчлэлийн чиглэлээ дараах байдлаар тодорхойлон ажиллаж байна.
• Хатуу дэд бүтцийг сайжруулах
• Зөөлөн дэд бүтцийг сайжруулах
• Менежментийг шинэчлэх
• Эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн хамтын ажиллагааг өргөтгөх “Гүүр” хөтөлбөр хэрэгжүүлэх гэсэн үндсэн чиглэлд тус тус анхаарлаа хандуулж байна.
Шинжлэх ухааны салбарт бүтцийн өөрчлөлт хийсэнтэй холбогдуулан ойрын үед энэ өөрчлөлттэй үйл ажиллагаа, дотоод бүтцээ боловсронгуй болгох, менежментээ уялдуулах шаардлага тулгарч байна. Үүний зэрэгцээгээр бид дараах зорилтуудыг дэвшүүлэн тавьж байна.
Үүнд:
– ШУА-ийн хүний нөөцийн стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэн, эрдэмтэн судлаачдын залгамж халааг бэлтгэх, ялангуяа эрдэм шинжилгээний хүрээлэн, ажилтнуудыг докторантурын сургалтанд идэвхтэй оролцох боломжийг буй болгох;
– Төр засгийн байгууллага, орон нутаг, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ. Үүнд орон нутгийн хөгжлийн асуудлаар аймгуудтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, өргөжүүлж, төр засгийн байгууллагуудад зөвлөмж гаргах ажлыг үргэлжлүүлнэ. Энэ зорилгод нийцүүлэн, эдийн засгийн судалгааны нэгжийг буй болгоно;
– Залуу судлаачдыг бэлтгэх, мэргэшүүлэх чиглэлээр эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургуулиудын хамтын ажиллагааг дэмжиж ажиллана;
– Шинжлэх ухааны салбарын сэтгүүлүүдийг онлайн хэлбэрээр олон нийтийн хүртээл болгох ажлыг улам өргөжүүлнэ;
– Инновацийн үйл ажиллагааг хөгжүүлэн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, гарааны компани байгуулах чиглэлээр идэвхтэй ажиллана;
– Гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтарсан судалгааны төсөл 2-ыг шинээр хэрэгжүүлж эхэлнэ;
– Шинжлэх ухааны салбарын санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах шаардлагатай байна;
– 2015 оныг “Шинжлэх ухааныг сурталчлах–түгээн дэлгэрүүлэх” жил болгон зарлаж, тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ зэрэг зорилтын дэвшүүлэн ажиллаж байна.
Ш.ГОМБОСҮРЭН
Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо, Хүнс, хөдөө, аж ахуйн яам хамтран өнөөдөр /2015.04.22/ “Нээлттэй сонсголын танхим”-д “Бэлчээрийн талаарх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Тус арга хэмжээг нээж УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү хэлсэн үгэндээ “Манай байнгын хороонд малчдаас бэлчээрийн асуудалтай холбоотой өргөдөл олноор ирдэг. Монгол Улс 113 сая га бэлчээр нутагтай, харин малын тоо толгойн хувьд хонин толгойд шилжүүлэн тооцвол нийтдээ 74.6 сая гэсэн тооцоо бий. Эрдэмтэд, мэргэжлийн байгууллагуудаас манай орны нийт нутаг дэвсгэрийн 70 хувь нь цөлжилтөд өртөх магадлалтай гэдэг судалгаа гаргасан байна” гээд бэлчээрийн асуудалд анхаарал тавих цаг тулгараад байгааг тэмдэглэн, малчдаас ирүүлсэн өргөдлийн дагуу Өргөдлийн байнгын хороо бэлчээрийн талаарх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулан, ажилуулж байгаа гэлээ.
Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдрийн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд болон салбарын мэргэжилтэн, судлаач, иргэдийн төлөөлөл, ТББ-уудын төлөөлөл оролцож байгааг онцлоод “Бид бэлчээрийн талаарх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлаар ажиллахдаа малчидтай уулзаж, санал бодлыг сонссон, мөн яам, холбогдох төрийн байгууллагууд болон ТББ-уудтай хамтран ажилласан. Архангай, Баянхонгор, Ховд, Говь-Алтай аймгийн олон суманд ажиллан үүсээд байгаа бэрхшээлийг тодруулж, малчид энэ асуудалд ямар байр суурьтай байгаа, хэрхэн зохицуулах боломж байгааг судалсан. Өнөөдрийн хэлэлцүүлгээр бид энэ асуудлаар өнгөрсөн хугацаанд шат, шатандаа хийсэн ажлуудынхаа үр дүнг нэгтгэх юм” хэмээн хэлсэн юм.
Хүнс хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Н.Бямбадорж “Монгол Улсын бэлчээрийн төлөв байдал, эрх зүйн орчин, хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн. Одоогийн байдлаар Монгол Улсын нийт мал хонин толгойд шилжүүлсэн дүнгээр 74.6 сая байгаа нь бэлчээрийн даацад тохирч байгаа ч малын төрөл хоорондын харьцаа сүргийн бүтэц эдийн засгийн хувьд төдийлөн тохиромжгүй байна. Цаашид үхрийн тоо толгойг нэмэгдүүлж, ямаан сүргийн тоо толгойг бууруулах нь бэлчээрийн зохистой ашиглалтад эерэг нөлөө үзүүлнэ. Нийт 21 аймгийн хэмжээнд 100 га-д оногдох малын тоо толгой хонин толгойд шилжүүлсэн дүнгээр Орхон аймаг 646, Улаанбаатар 412, Дархан-Уул аймаг 338 байгаа бол Өмнөговь аймаг 23, Говь-Алтай аймаг 37 байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор төрөөс бэлчээрийн ашиглалт хамгаалалтыг сайжруулах бодлогын баримт бичгүүдийг боловсруулж, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр улсын төсвөөс шинэ худаг гарган, хайгуул хийн, хортон мэрэгчидтэй тэмцэх ажлыг зохион байгуулж, гадаад орон, олон улсын байгууллагаас энэ чиглэлийн менежмент сайжруулах төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Бэлчээрийн харилцааг Үндсэн хууль, Иргэний хууль, Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Ургамал хамгааллын тухай хууль болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар зохицуулж байна.
Цаашид бэлчээрийн тухай бие даасан хууль батлах, бэлчээрийн газрын ангилал өөрчлөгдсөн тохиолдолд нөхөн олговорын асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, тусгай хэрэгцээний бэлчээрийн асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж, хил заагийг тодорхой заах, ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг багасгах, бэлчээр нутагтай холбоотой аливаа шийдвэр, зохицуулалтыг орон нутгийн иргэдийн саналд тулгуурлан гаргах зэрэг санал гаргав.
“Бодлого судлалын төв” ТББ-ын тэргүүн доктор А.Энх-Амгалан “Бэлчээр ашиглалтын хүрээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Төрөөс мал эмнэлэг, малын чанар, өвс тэжээл, бэлчээрийн менежмент, эрсдэлтэй тэмцэх, бүтээгдэхүүний чанар гээд олон асуудалд янз бүрийн хэлбэрээр шууд оролцдог байдал нь малчдад хариуцлага, үүргээ үл ойшоох хандлагыг хэвшүүлсэн. Мөн нийгэм, эдийн засгийн орчин төдийгүй байгаль орчны өөрчлөлтөөс үүдэн мал аж ахуйн салбарт олон бэрхшээл гарах болсон.
Цаашид малчид бэлчээр нутагтаа өөриймсөг хандах нөхцлийг бүрдүүлэхдээ эдийн засгийн хөшүүрэг ашиглах, малын чанар, үр ашгийг дээшлүүлэхийг дэмжих, бэлчээрийг 15-60 жилээр эзэмшүүлэх, ашиглалтын төлбөрийн механизмийг нэвтрүүлэх, бэлчээр нутаг уул уурхай, дэд бүтэц, аялал жуулчлал, тусгай хамгаалалт гээд бусад эдэлбэрт шилжихэд малчдад нөхөн төлбөр олгох, уул уурхайн зориулалтаар ашигласан газар нутгийг нөхөн сэргээсний дараа үлдэх нөлөөллийг арилгах зорилготой дүйцүүлэн хамгаалах зэрэг саналыг дэвшүүлсэн юм.
Хэлэлцүүлэгт оролцогчид сонирхсон асуултдаа илтгэгчдээс хариулт авч, харилцан санал солилцов. Энэ үеэр уламжлалт мал аж ахуйн хэлбэр, зохицуулалтыг өөрчлөхгүйгээр, шаардлагатай гэж үзвэл түүнд тулгуурлан эрх зүйн зохицуулалтыг нийт малчдын саналыг тусгасан байдлаар хийх нь зүйтэй гэдэг саналыг хэлэлцүүлэгт оролцсон малчдын төлөөлөл гаргаж байлаа.
УИХ-ын Тамгын газрын “Нээлттэй сонсголын танхим”-д болсон “Бэлчээрийн талаарх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа болон албаны бусад хүмүүс оролцсон юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ гал түймэр, цас зудны гамшигт өртсөн малчид, ард иргэдэд төр засгийн зүгээс онцгой анхаарал хандуулж, тусалж дэмжихийг уриаллаа. Тэрээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйнболон Өргөдлийн байнгын хороонд энэхүү саналаа уламжилж, хохирлыг арилгах, ард иргэдэд туслах талаар Засгийн газарт чиглэл өгсөн байнгын хорооны тогтоол гаргахыг хүссэн байна.
Б.Бат-Эрдэнэ гишүүн “Хэд хэдэн аймгийг хамарсан цасан шуурганы улмаас малчид их хохирол амслаа. Зүүн аймгуудад гарсан түймрийн уршгаар хохирол их амссан, өвөлжөө бууц нь шатсан, мал ахуйгаа алдсан хүмүүсийн сэтгэл санаа хүнд байгаа. Ард иргэд орон нутгаас их холбогдож утсаар ярьж, санал хүсэлтээ уламжилж байна. Сумын Засаг дарга нөөц хөрөнгөө шавхаад дууслаа. Хэдийгээр ОБЕГ, аймаг, сумын захиргааны байгууллагаас гамшигт нэрвэгдсэн иргэдэд тусалж байгаа ч иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг бүрэн хэмжээгээр шийдэж чадахгүй байна. Цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авмаар байна. Үүнийг дагаад малын гоц халдварт өвчин дэгдэж болзошгүй. Иргэдийнхээ сэтгэл санааг дэмжих нь чухал. Иргэддээ туслах ажилд төрийн бус байгууллага, нутгийн зөвлөлүүд, төр засаг санаачлагатай ажиллахыг уриалж байна” гэлээ. Тэрээр энэхүү байр сууриа маргааш УИХ-ын нэгдсэн хуралдаанд дахин илэрхийлэх аж.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Ё.Отгонбаяр, Д.Сарангэрэл, Я.Содбаатар, Д.Сумъяабазар, Д.Хаянхярваа, А.Тлейхан, Л.Энх-Амгалан нар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын тайланг нээлттэй сонсгол, хэлэлцүүлэг хэлбэрээр сонсох хүсэлтийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогтод тавилаа.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2014 оны ажлын тайланг хэлэлцэх байнгын хорооны хурлаар Нийгмийн даатгалын сангийн санхүүгийн менежментийг зөв зохицуулах зорилгоор тусгай бодлого, хөтөлбөр боловсруулах, тухайлбал, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах арга хэмжээг яаралтай авах шаардлагатай байгааг энэхүү албан бичигт мөн дурджээ.
Эдгээр гишүүд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд харьяалагддаг юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж Гүррагчаагийн Алтанчимэг, Пунцагийн Золзаяа, Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ, Чагдаагийн Хосбаяр нарыг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томиллоо.
Өмнө нь Г.Алтанчимэг Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч, П.Золзаяа Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч, П.Соёл-Эрдэнэ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ч.Хосбаярыг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгчээр ажиллаж байсан юм.
Нийслэлийн Засаг даргын “Ажил эрчимжүүлэх тухай” А/328 дугаар захирамжаар Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох ажлыг зохион байгуулахаар боллоо. Тус удирдамжийн дагуу дүүргийн нутаг дэвсгэрт яаралтай зохион байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэх үүргийг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Мөн өөрийн байгууллагаас гарч байгаа хог хаягдлыг зориулалтын хогны уутанд хийж, хуваарийн дагуу хог тээврийн машинд ачуулж хэвшүүлэх ажлыг зохион байгуулахыг дүүрэг, хорооны Засаг дарга, нийслэлийн, дүүргийн харьяа газар, агентлагуудын дарга нарт үүрэг болгосон. Хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох үйл ажиллагаатай холбоотойгоор Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт даалгажээ.
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагт хаалттай хуралдаж эхэлсэн билээ. Тус хуралдаанаар нийт дөрвөн асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн юм. Тодруулбал, Оюутолгой ХХК-ийн анхны хөрөнгө оруулалтын зардлын хэтрэлтийг шалгасан ажлын хэсгийн шалгалтын дүн, Монгол Улсын гадаад, дотоод өр зээлийн талаарх Засгийн газар, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооны мэдээллийг сонсох асуудал багтаж байгаа юм. Үүнээс Оюутолгойн хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг эхэлж хэлэлцэж байгаа аж. Хаалттай хуралдаан хоёр цаг гаруй хугацаанд үргэлжилж байна. Ийнхүү нууц хуралдаан болж байгаатай холбогдуулан Төрийн ордны тодорхой бүсэд гар утас, интернэт сүлжээ ажиллахгүй, хаагдаад байгаа юм.
Оюутолгой ХХК-ийн анхны хөрөнгө оруулалт Техник эдийн засгийн үндэслэлд заасан хэмжээнээсээ хэтэрсэн тухай УИХ-ын нэр бүхий гишүүд хөндсөн билээ.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийг Засгийн газар санаачлан боловсруулж энэ оны нэгдүгээр сарын 23-ны өдөр өргөн мэдүүлснийг холбогдох Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаас хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүлээд байсан юм.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Цог, Н.Батцэрэг, М.Батчимэг, С.Дэмбэрэл нар Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулсны дараа байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан юм. Тухайлахад уг хуулийн төсөлд “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн нэрийг өөрчилж “Хууль тогтоомжийн эмхэтгэл” гэж нэрлэхээр тусгасныг “Төрийн мэдээлэл эмхэтгэл” гэж хэвээр нь үлдээх саналыг Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд, Л.Цог, А.Бакей нар гаргасан боловч хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадсангүй. Харин УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин уг хуулийн төслийн нэрийг “Хууль тогтоомжийн тухай хууль” гэж өөрчлөх санал гаргасан нь олонхын дэмжлэг авлаа.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Батцэрэг хуулийн төслийн 6.4 дэх хэсгийг “Үндсэн чиглэлийг Улсын Их Хурал хэлэлцэж батална” гэж өөрчлөн найруулах, Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг төслийн 7.1.2-т “нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах хуулийн төслийг боловсруулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн үзэл баримтлалыг хөндөж буй зүйл, заалт нэг бүрээр үнэлгээ хийсэн байх” гэсэн хэсэг нэмэх, Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт хэлэлцүүлгийн явцад тухайн хууль тогтоомжийн төслийн нийт зүйл, заалтын тодорхой хувиас илүү нь өөрчлөгдөх, эсхүл үзэл баримтлал нь өөрчлөгдсөн бол төслийг санаачлагчид нь буцаах санал гаргасан нь дэмжигдлээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Энхболд, М.Батчимэг нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналууд олонхын дэмжлэг авсан юм. Байнгын хороо энэ тухай санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх байсан ч Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд уг хуулийн төслийг намын бүлгүүд хэлэлцээгүй байгаа, түүнчлэн төслийн зарим зүйл, заалт нь Үндсэн хуулийн зарчимтай зөрчилдөж байгаа талаар экспертийн албаны дүгнэлт гарсан учраас нухацтай ярилцах шаардлагатай тул хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргасныг байнгын хорооны гишүүд дэмжсэн юм.
Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2014 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо мэдээлэл хийсэн юм.
Төрийн албаны зөвлөл 2014 онд Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн боловсон хүчнийг томилох, нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, хуульд нийцүүлэх, зөрчлийг арилгуулахад голлон анхаарч ажиллалаа. Мөн Төрийн албаны зөвлөлийн бодлого, үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалан удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны шинэчлэл хийж ажилласны үр дүнд тодорхой чиглэлд ахиц гарсан жил боллоо. Хууль тогтоомжоор хүлээсэн үндсэн чиг үүргийн хэрэгжилтийг хангахын тулд санхүү, хүний нөөцийг зөв зохистой хуваарилах, ачааллыг жигдрүүлэх чиглэлээр Төрийн албаны зөвлөлийн даргын 143, ажлын албаны даргын 70 тушаал захирамжаар ажлын хэсгүүд байгуулж ажилласан нь зохих үр дүнгээ өгсөн талаар тус зөвлөлийн дарга Б.Цогоо танилцуулгадаа дурдав.
Тус зөвлөл өнгөрсөн онд нийтдээ 37 удаа хуралдаж, 170 гаруй асуудал хэлэлцэж шийдвэрлэсний зэрэгцээ Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлийг хангуулах чиглэлээр нийслэл болон 11 аймаг, 13 яамны нийт 25 салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, бүсчилсэн хэлэлцүүлэг, сургалт семинарыг 20 гаруй удаа зохион байгуулж, салбар зөвлөлийн ажилтнууд, төрийн албан хаагчдад мэргэшил, арга зүйн зөвлөмж өгч ажиллажээ.
Тайлангаас үзэхэд тус зөвлөл 2014 онд нийт төрийн захиргааны 20 байгууллагын удирдах ажилтны 40 ажлын байранд томилогдох ажилтанд дүгнэлт гаргах захиалгыг хүлээн авч гүйцэтгэсний зэрэгцээ төрийн жинхэнэ албан тушаалын 1997 /давхардсан тоогоор/ сул ажлын байрыг нийтэд нээлттэй зарлан 13618 иргэнийг бүртгэснээс 3475 иргэн төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад тэнцэж, төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн байна.
Энэ хугацаанд тус зөвлөлд төрийн албан хаагчдаас 512 өргөдөл, гомдол ирүүлсний 116 нь хууль бусаар халагдсан, бусад нь нөөцийн болон мэргэжлийн шалгалттай, 62 нь ёс зүйн асуудалтай холбоотой байсныг тухай бүрт нь хэлэлцэж шийдвэрлэжээ. Түүнчлэн төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилтэй холбоотой 347 асуудлыг салбар зөвлөлөөр хэлэлцүүлж 15 хувьд нь сахилгын, 85 хувьд нь бусад шийтгэл оногдуулсан байна.
Төрийн албаны зөвлөлөөс өнгөрсөн оны эцсийн байдлаар гаргасан судалгаагаар манай улсад 183600 төрийн албан хаагч ажиллаж байгаа агаад төрийн албан хаагчдын тоо өмнөх оныхоос 14 мянгаар нэмэгдсэн байна.
Төрийн албаны зөвлөлийн даргын танилцуулга, тус зөвлөлийн 2014 оны тайлантай холбогдуулан асуулт асууж тодруулан санал хэлсэн гишүүдийн ихэнх нь Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа, Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг далимдуулан төрийн албан хаагчдыг дураараа халж сольдог, Төрийн албаны зөвлөл хараат бусаар ажиллах чадамжгүй болсон зэрэгт шүүмжлэлтэй хандаж байв. Тиймээс Төрийн албаны тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг улс төрийн намуудын зөвшилцлийн үндсэн дээр цогцоор нь авч үзэж өөрчлөх асуудлыг яаралтай шийдэх, энэ үндсэн Төрийн албаны зөвлөлийн статусыг эргэн харж үйл ажиллагаагаа бие дааж хараат бусаар явуулах, төрийн алба нь улс төрөөс ангид, тогтвортой, мэргэшсэн, залгамж чанартай байх нөхцөлийг бүрдүүлсэн эрх зүйн шинэ зохицуулалт хийх хэрэгтэйг үг хэлсэн гишүүд онцолж байв. Иймээс Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгч, төрийн албаны шинэчлэлийг иж бүрнээр нь хийхтэй холбогдсон санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Байнгын хорооны ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэгээр ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд, С.Баярцогт, Л.Цог, Н.Энхболд нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тогтлоо.
Г.Тэмүүлэн “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлөгджээ. Тэрбээр “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд Монголын талыг төлөөлсөн гурван хүний нэгээр томилогдож байсан юм. Энэ ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байгаагаа мэдэгдэж, “Эрдэнэс Монгол” ХХК-д хүсэлтээ өгснийг нь хүлээн авч шийдвэрлэжээ.
Г.Тэмүүлэн нь 2009 онд төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирлаар томилогдон ажиллаж байсан. 2014 оны 12 дугаар сараас Уул уурхайн дэд сайдаар томилогдож, 2015 оны 4 дүгээр сард МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага болох НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон юм. Иймд компанийн ил тод, хариуцлагатай сайн засаглалын зарчим болон улс төрийн ёс зүйн хүрээнд Г.Тэмүүлэн өөрийн саналаар чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагын зүгээс түүний хүсэлтийг хүндэтгэн үзэж “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээс ийнхүү чөлөөлжээ.