Categories
мэдээ цаг-үе

Таван толгойн захирал асан Я.Батсуурь хорих ангиас захидал бичжээ

Эрдэнэс Таван толгойн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурийн хорих 461 дүгээр ангиас нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж нарт хаяглан намынхаа бүлгийн гишүүдэд хандаж бичсэн захидал АН-ынхны ярианы гол сэдэв болоод байгаа. Өнгөрсөн даваа гаригт АН-ын бүлэг уг асуудлыг бараг гурван цаг шахам хэлэлцэж, ярилцсан юм. Я.Батсуурь захидлаа “Эрхэм журмын нөхөд Э.Бат-Үүл, Р.Гончигдорж танаа” хэмээн эхлүүлж, цааш өгүүлснийг бүрэн эхээр нь хүргэе. Тэрээр “Та нөхдийнхөө амар амгаланг айлтгая. Миний бие Говь Повер ХХК-тай хамаарах асуудлаар яллагдагчаар татагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсанаас хойш 45 хоног хоригдож байна. Энэ компанитай холбоотой асуудал сүүлийн хоёр жилийн хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээмэл яригдсан учир олон нийт наад цаадахыг ойлгож байгаа байх. Эрдэнэс таван толгой ХК болон Говь Повер ХХК-ийн хоорондох маргааныг миний бие тухайн үед нь шүүхээр шийдүүлж, энэ компанийн тоног төхөөрөмжийг Шүүхийн шинжилгээний үндэсний төвөөр үнэлүүлж Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар шилжүүлж авсан юм. Гэтэл АТГ-аас намайг дээрх шүүхээр шийдвэрлэсэн асуудалтай холбогдуулан цагдан хорьж шалгаж байна.

Би энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэсэн бөгөөд ямар нэг хууль бус үйлдэл хийж гэмт хэрэг үйлдээгүй гэдэгтээ бат итгэлтэй байгаа. Тийм учраас энэ асуудлыг хууль хяналтын байгууллагаар сайтар шалгуулж нэрээ цэвэрлэж авах чин эрмэлзэлтэй байна. Гагцхүү энэ хэргийг шалгахдаа намайг батлан даалтад гарган шалгахыг АТГ болон бүх шатны прокурор, шүүхэд хандаж таван удаа хүсэлт явуулсан боловч тухай бүрт татгалзсан хариу авсан тул аргагүйн эрхэнд журмын анд та бүхэндээ хандан энэ талаар туслалцаа дэмжлэг үзүүлэхийг хичээнгүйлэн хүсч байна. Миний бие Монгол төрийн тусгай болон өндөр албанд өнөөг хүртэл тасралтгүй 30 жил зүтгэхдээ гэмт хэрэг үйлдэх нь бүү хэл ямар нэгэн дутагдал зөрчил гаргаж сахилгын шийтгэл авч байгаагүйг намтар минь гэрчилнэ. Эрдэнэс Таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирлаар сүүлийн 2.5 жилийн хугацаанд ажиллахдаа өр зээлд баригдаж, дампуурлын ирмэгт тулсан компанийг хөл дээр нь босгож, хэдийгээр нүүрсний үнэ гурав дахин унасан боловч зардал хэмнэж засаглал менежментийг нь сайжруулсны үр дүнд үйлдвэрлэл, экспортыг нь гурав дахин нэмэгдүүлснээр өнгөрсөн онд тус компани манай улсын хамгийн том экспортлогч болж, ажил төрлөөрөө эхний тавдугаар байрт орох том компани болсон юм.

Миний бие ардчилсан хувьсгалыг анхнаас нь дэмжиж 1990 онд Монголын ардчилсан намд гишүүнээр элсч Э.Бат-Үүл танаас намын батлахаа гардан авч байсан бөгөөд тухайн үед Гадаад явдлын яамны дэргэд байгуулагдсан “Ардчиллын дугуйлан”-гийн санаачлагч, удирдагчдын нэг байсныг та санаж байгаа байх. Түүнчлэн 2008 онд Дорноговь, Говьсүмбэр аймагт УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшиж ялах боломжгүй байсан аймгуудад анхны ялалт байгуулсан бөгөөд түүнээс хойш дээрх аймгуудад манай нам удаа дараа сонгуульд ялж одоо засгийн эрхийг барьж байна. Миний бие ийнхүү Монгол төрд хоёргүй сэтгэлээр 30 жил зүтгэж ардчиллын төлөө бүхий л хүч чадлаа дайчлан зүтгэсний эцэст ийнхүү хилс хэрэгт гүтгэгдэн шоронд сууж байгаадаа туйлын гомдолтой байна.

Би одоо 52 настай. Удаан хугацаагаар хоригдсоны улмаас дотор эрхтэний архаг хууч сэдэрч, сэтгэл санааны гүн хямралд орж эрүүл мэндийн доголдол үүсч, амь нас минь эрсдэлтэй тулгараад байна. Энэ бүх байдлын улмаас хөдөө амьдардаг 80 гаруй настай ээжийн минь бие эрс муудаж хэвтэрт ороод байгаа явдалд сэтгэл санаа их зовниж байна. Намайг сайн мэдэх журмын нөхдийн хувьд надад учирсан энэхүү хүнд бэрх асуудлыг ойлгоно гэж итгэж энэхүү захидлыг та бүхэндээ илгээлээ. Та бүхэн минь энэ асуудлыг намын журмын нөхдөд ойлгуулж, намын бүлгийн гишүүдэд танилцуулан ямар нэгэн арга хэмжээ авч зөвхөн батлан даалтад гаран шалгуулах боломжийг олгоно уу.

Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн Яйчилын Батсуурь, Хорих 461 дүгээр анги, 2015 оны дөрөвдүгээр сарын 09” гэжээ.

Түүний илгээсэн энэ захидлын мөрөөр АН-ынхан гурван гишүүнээ томилж учир байдлыг тодруулах, Я.Батсуурийг хамгаалах, батлан даалтад гарган авах шийдвэрийг гаргасан гэж болно. Гэхдээ энэ шийдвэрийг гаргахаас өмнө бүлгийн гишүүд намаасаа өндөр дээд албан тушаалд томилогдон ажиллаж байгаа хүмүүст хандан ширүүхэн ярилцсан гэж байгаа. Тухайлбал УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Ч.Сайханбилэг ээ чи яагаад Я.Батсуурийг хэрэг үйлдсэн нь тодорхой болоогүй байхад албан тушаалд нь өөр хүн томилж байгаа юм бэ. Энэ чинь ямар ч гэм буруугүй Я.Батсуурийг гэмт хэрэгтэн мэтээр нийгэмд харагдуулж, бусдад ойлгуулж байна. Энэ мэтээр АН эрх бариад байгаа юм уу эсвэл хууль хяналтынхан эрх бариад байгаа юм уу” хэмээн зандрахад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Одоо намайг шоронд хийсэн гэж хардаад байгаа юм уу. Ёстой тийм зүйл байхгүй шүү. Ер нь энэ асуудлаар хууль хяналтынхантай уулзсан. Удахгүй суллана гэж хэлээд удлаа” гэжээ. Тэгэхэд УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Өмнө нь Л.Гансүх, Одоо Я.Батсуурь. АН олон жил намынхаа төлөө хөлс хүчийг нь шавхаж ажиллачихаад ингэж уруудсан цагт нь орхиж болохгүй, хүмүүсээ. Уруудсан ч гэж гэмт хэрэг үйлдэх ёс зүйгүй хүмүүс. Ингэж золиос болж байхад нь яагаад намын удирдлагууд анхаарахгүй байгаа юм” хэмээн асуухад АН-ын удирдлагууд “Бид ч хуулийнхантай уулзаж ярилцсан. Хориод байх тодорхой шалтгаангүй гэдэг тайлбар хийж байсан. Гэсэн ч өнөөдрийг хүргэлээ. Өмгөөлөгчтэй нь уулзаж асуудлыг тодруулах хэрэгтэй” гэж байжээ.

Үүнээс цааш үг хэлсэн хүн бүр “Я.Батсуурь Таван толгойн төслийн улс төрийн золиос болчихлоо. АН эрх барьж байхдаа хүмүүсээ ингэж шоронд явуулаад байж болохгүй. Мөнгө идсэн, уусан бол хамаа алга. Гэмтэй гэдэг нь тогтоогдоогүй байхад ингэж олон хоног хоригдож байгаа нь хүний эрх талаасаа хэтэрхий бүдүүлэг зөрчил болж байна. Бас сонгууль дөхөж байхад намын нэр хүндэд ч халтай. Ер нь хэн энэ хүнийг шоронд аваачаад хийчихэв. Хаанаас шидсэн чулуунд оногдчихоод байна даа бид” гэцгээжээ. Ингээд УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржоор ахлуулсан ажлын хэсаг байгуулж тодорхой хугацааны дараа эргэн тайлагнахыг үүрэг болгожээ.

Л.МӨНХӨӨ

Categories
мэдээ цаг-үе

Амралтын газрын тэмээ чихэр жимсэнд нугасгүй гэнэ

Нийслэлийн Хан-Уул дүүр­гийн нутаг дэвсгэр Богд уулын Ар Зайсангийн аманд орших “Чингэсийн хүрээ” амралтын газарт нэг тэмээ сар гаруй хэвтэж буй тухай мэдээлэл цахим орчинд түгсний мөрөөр өчигдөр очиж сурвалжиллаа.Биднийг очиход мөнөөх тэмээ амралтын хашаанд наран зүг харан хээв нэг хивж хэвтэх юм. Ойртон очвол ер босох шинжгүй, бөх, зогдорт гараа хүргэвэл сэвсэлж тургих шинжтэй номхон бор нүдээ дүрлэгнүүлж байна. Хамар нь хоёр ч удаа буйллуулж сэтэрснийг харахад нэлээд зовлон үзсэн шинжтэй. Бөх нь ширээ сайхан ханагар амьтан юм. Тус амралтын газар очоод буцаж байгаа таван залуу “Нөгөө фейсбүүкт зураг нь байсан үхэж байгаа тэмээ чинь энэ байна” гэсээр хүрээд ирлээ.

Тэгтэл “хэвтэрт орсон” тэмээ хүнд муугаа үзүүлэхийг хүссэнгүй бололтой өөрт нь ойртох гэсэн залуусыг гав гувхийн тургих маяг үзүүлчихээд огтхон ч тоосон шинжгүй хэвтсээр.

Харин амралтын газрын тэндээс “Наад тэмээгээ тайван байлгаач ээ” гэж хашгирах нь тодхон сонсогдов. Эзэнтэй нь уулзаж тэмээнийх нь лагшин тунгалаг эсэхийг асууя гэж бодлоо. Очвол тогооч бололтой хоёр охин, нэг бүсгүйн хамт байна. “Тэмээ чинь яаж байна” гэвэл “Чингэсийн хүрээ” амралтын газрын менежер Э.Болормаа “Наад тэмээ чинь манай амралтын газрын эрхээрээ хатсан ганц амьтан байгаа юм. Нийгмийн сүлжээнд л манай тэмээг зүгээр хэвтэж байхад нь үхэх гэж байна гээд зурагтай нь тавьчихаж. Өчигдөр Нийслэлийн шуурхай хурал дээр тэмээг маань өвчилсөн гэж хэлэлцсэн ч юм уу Хан-Уул дүүргийн мал эмнэлэг, хөдөө аж ахуйн газраас баахан хүмүүс ирж үзээд явсан. Наад тэмээ чинь зүв зүгээр. Хэд хэдэн телевизийнхэн хүртэл ирсэн. Манай тэмээ хэвтэж байгаад хоолныхоо цагийг болохоор хүрч ирээд гал тогооны цонхоор толгойгоо шургуулж байгаад хоолоо идчихнэ. Энд амрахаар ирсэн улс чихэр боов, шоколад, жигнэмэг өгнө. Чихэр жимсэнд бол хүүхдээс ч илүү дуртай. Хүн зураг авахуулж байвал дэргэд нь очоод сургуультай юм шиг зогсчихно. Энд ирээд арваад жил болж байгаа. Анх хаанаас авчирсныг нь би харин мэдэхгүй” гэж байв. Ямар зүйлээр тэжээдгийг нь асуухад “Тэрийг манай ахлах тогооч л мэднэ. Өнөөдөр ажилдаа ирээгүй байна” гэв.

Тэмээн дээр буцаж ирвэл баруун талаараа газар налаад бүүр хэвтээд өгч. Удалгүй унаатай хоёр залуу ирэхэд нөгөө тэмээ өндийж, бүүр босоод ирлээ. Нэг залуу машинаасаа бууж ирээд тэмээ сэвсэлж тургихыг ч тоолгүй зогдроос нь барьж, хоолойг нь илж байна. Дунд­говь аймгийн Өлзийт сумын уугуул Бямбаагийн Мөнхбаатар хэмээх эл залуу “Би тэмээний эх нутгийн унаган хүү. Цахим ертөнцөд энд нэг хөөрхий тэмээ хэвтээд байна гэхээр өөрийн эрхгүй сэтгэл өмрөөд хүрээд ирсэн чинь эв эрүүл сайхан амьтан байна ш дээ. Тэмээний иддэг гол хоол чинь харгана бударгана голдуу говийн чанар сайтай ч тачирхан өвс ургамал. Энд яахав энэ муу амьтан амралтын газрын хог новш, уут сав идээд бөглөрчихсөн юм байх гэж бодсон чинь гайгүй юм шиг байна. Өлзийт суманд 1975 онд улсын тэмээчдийн зөвлөгөөн болж байсан манай улсын хамгийн олон тэмээтэй сум. Тийм ч учраас манай хамаатны ах, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Долгорын Нямаа “Тэмээний нутаг” яруу найргийн түүврээрээ 1974 онд Монголын зохиолчдын эвлэлийн шагнал хүртэж байсан юм билээ. Тэмээ өсгөсөн сумдыг урамшуулах “Мөнгөн буйл’’ шагнал бий болгоход 1973 оны гуравдугаар сард Дундговь аймгийн Өлзийт суманд Тэмээчдийн анхны баяр наадам зохион байгуулж тэмээний уралдаан, буйл зорох, бурантаг томох тэмцээн зэрэг шинэ ажлыг зохион байгуулсан байдаг. Тэмээгээ түмд хүргэсний учир манай Өлзийт сум мөнгөн товхтой мөнгөн буйлаар шагнагдаж, дарга Н.Намшир “Алтан гадас” одонгоор энгэрээ цоолж байсан түүхтэй” гэж ярьсан юм.

Биднийг ийн ярилцаж зогсоход хэргийн эзэн, хэнгэргийн дохиур болсон ширээ бөхт маань ганц хоёр хоргол унагалж хэсэг зогссоноо залхуурсан аятай ширман тавагтай хүнд хөлөө лагхийтэл нугалан хэвтээд хаврын наранд нозоорсон янзтай хивмэглэж, гоохгор хүзүүгээ ганайлган ийш тийш ширтэх аж. Тэнгэрийн хаяаны тэртээд сүүмэлзэх уудам говийн зэрэглээн дунд аварга заан мэт гуухалзаж явдаг эл амьтан хангайн сүр бараа ихт хадтай модтой уулын аманд нутгаа санан ижилгүйдэн гансарч байж ч магад юм. Энэ дашрамд нэгэн танилынхаа яриаг гэнэт санав. АНУ-ын Чикаго хотын амьтны хүрээлэнд найм есөн монгол тэмээ байдаг бөгөөд мань эрийг амьтны хүрээлэн сонирхож явтал нэг тэмээ үнэрлэж ирснээ торон хашааны цаанаас даган даган алхаж, нулимс бөмбөрүүлэн гунганатал буйлан үлдсэн гэдэг. Мөнөөх танил маань “Мал хүртэл хүнээс ухаантай байдаг юм билээ. Надаас яах аргагүй унасан нутаг нь үнэртсэн хэрэг” гэж байсан сан. Манайд л хэрэгждэггүй болохоос Америк болон баруун Европын өндөр хөгжилтэй улс оронд амьтны эрхийг хамгаалж жагсаал цуглаан болох нь ч олонтаа. Зэрлэг амьтад нь гэрийн тэжээвэр амьтан шиг хүн хараас ч үргэлгүй, зам харгуйгаар зорчин, хотын гудамж талбайгаар явж л байдаг. Харин амьтанд хүний хэрэглэдэг химийн бодисын хольцтой хоол унд өгөхийг хориглосон байдагчлан говийн гашуун ургамлаар хооллодог энэ тэмээ ч идээшиж амжилгүй хужир мараатай тойром бүрдээ санагалзан “нутгаа санахын өвчин”-д нэрвүүлэн хажуу бөөрөөрөө хавтгайлдан хэвтээ ч юм бил үү, хэн мэдэх билээ.

Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, буурал найрагч Пунцагийн Бадарч гуайн

“Тэмээ-таван хошуу малын минь нэг

Тэмээ- таван амьд эрдэнийн минь нэг

Тэмээ- таван тивийн улсаас манайд олон бий

Тэмээ- тал, хангай, говь гурван нутагт минь бий

Арслан, заантай цуг бэлчиж сая жилийн тэртээд ч байсан

Айл, хүн хоёртой ижилсэж таван мянган жилийг элээсэн

Амгалан, аварга хоёрын бэлгэдэл мэт биөтэй заяасан

Алтан дэлхийд тэмээ гэдэг сайхан амьтаан

Нээрээ би тийм ээ гэх шиг

Нэр нь хүртэл тэмээ” гэсэн сайхан шүлэг бий.

Усан нүдэн уяхан найрагч маань энэ шүлгээр 1988 оны “Болор цом” наадмын тэргүүн шагналын эзэн болж байсан. Монгол Улс 1975 оны мал тооллогоор 610 мянган тэмээ тоолуулсан бол 1985 онд 559 мянга, 1990 онд 537 мянган толгой тэмээтэй байж.

Малчдад мал очсоноор өссөн гэж хөөрөх хүн олон ч харамсалтай нь тэмээ гэдэг сайхан амьтан жилээс жилд цөөрсөөр байгаа нь нууц биш. 1990 оны үед хагас сая илүү тоологдож байсан тэмээ арван таван жилийн хойно гэхэд 254 мянга болтлоо хоёр дахин цөөрч, харин 2009 онд 277 мянга, 2014 онд 349 мянга болон өсөх хандлагатай байгаа аж. Тэмээ цөөрөх болсон шалтгаан нь махыг нь хиаман цехүүдэд шахах болсон, хүнсэнд өргөнөөр хэрэглэх болсонтой холбоотой гэхэд хилсдэхгүй. Малын хулгайчид гэхэд тэмээг бэлчээр дээр буудаж унагаад, фургон машинд хоёр гурваар нь татуургадаж ачаад явчихсан тохиолдол олон байдаг. Мал аж ахуйн орон, нүүдэлчин түмэн гэдгээрээ цээж дэлдэн бахархдаг монголчууд аливаа мал, амьтныг “хутга тавилгүй найрлах” мах гэж хардаг болохоос тэгтлээ хайрлаж хамгаалах талдаа дэндүү маруухан улс. “Үндсэн хууль”-ндаа “Мал төрийн хамгаалалтад байна” гэж өргөмжлөн сүржигнэх атлаа тэмээгээ “Улаан ном”-д бичигдтэл “ашиг шимийг нь бүрэн дүүрэн хүртсэн” нүгэл гэм яахын аргагүй бий.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
мэдээ нийгэм

Ирэх долоо хоногоос нэгдүгээр ангид элсэгчдийг бүртгэнэ

Ирэх долоо хоногоос нэгдүгээр ангид суралцах хүүхдүүдийг бүртгэж эхлэхээр Нийслэлийн боловсролын газраас элсүүлэх журмыг гаргаж байна. Энэ жилийн хувьд 26 мянган хүүхэд шинээр нэгдүгээр ангид элсэн орох бөгөөд 2009 онд төрсөн буюу оноороо зургаан нас хүрсэн хүүхдүүдийг ЕБС-т бүртгэнэ гэж Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Чуулганы хуралдаантай

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар доорх асуудлуудыг хэлэлцэнэ. Хэлэлцэх асуудлын дэлгэрэнгүйтэй танилцана уу.

09.00 цагаас:

1. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай дэгээр, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ж.ЭРДЭНЭБАТ танилцуулна;

-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.ЭРДЭНЭЧИМЭГ танилцуулна.

2. Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай дэгээр, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ж.ЭРДЭНЭБАТ танилцуулна;

-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНХУЯГ танилцуулна.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсгийн заалт нь Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 04 дүгээр дүгнэлт:

-Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.ЛХАГВАА танилцуулна;

-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.ТЭМҮҮЖИН танилцуулна.

4. Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.ДАШДОРЖ танилцуулна;

-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.АМАРЖАРГАЛ танилцуулна.

5. Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ танилцуулна;

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ХАЯНХЯРВАА танилцуулна.

6. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Хөдөлмөрийн сайд С.ЧИНЗОРИГ танилцуулна;

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.БАЯРСАЙХАН танилцуулна.

7. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна;

-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ОЮУНГЭРЭЛ танилцуулна.

8. “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна;

-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ОЮУНБААТАР танилцуулна.

9. Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

-Байгаль, орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ОЮУН танилцуулна.

10. Худалдааны тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Аж үйлдвэрийн сайд Д.ЭРДЭНЭБАТ танилцуулна;

-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.БОЛОРЧУЛУУН танилцуулна.

11. Монгол Улсын Худалдааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар нарын 4 гишүүн 2014.03.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Я.СОДБААТАР танилцуулна;

-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.БАТХҮҮ танилцуулна.

12. Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.04.14-ний өргөн мэдүүлсэн, хаалттай дэгээр, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.ЦАГААН танилцуулна;

-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.АМАРЖАРГАЛ танилцуулна.

Categories
мэдээ улс-төр

Тэтгэврийн зээлийн хүүний асуудлаар мэдээлэл сонсоно

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Н.Номтойбаяр, Ё.Отгонбаяр, Д.Сарангэрэл, Я.Содбаатар, Д.Сумъяабазар, Д.Хаянхярваа, А.Тлейхан, Л.Энх-Амгалан нар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын тайланг нээлттэй сонсгол, хэлэлцүүлэг хэлбэрээр сонсох хүсэлтийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогтод өчигдөр дайжээ.

Ингэхдээ Нийгмийн даатгалын сангийн санхүүгийн менежментийг зөв зохицуулах зорилгоор тусгай бодлого, хөтөлбөр боловсруулах, тухайлбал, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах арга хэмжээг яаралтай авах шаардлагатай байгааг энэхүү албан бичигт мөн дурджээ.

Эдгээр гишүүд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд харьяалагддаг юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ядуурал

Баабар ингэж өгүүлэв

Монголд ядуурлын түвшин 35 хувь хүрлээ. Биш ээ, хүн амын тэн хагас нь ядуу. Үгүй ээ, ядуурал 60 хувь хүрсэн. Нарийн яривал 80 хувь нь өлмөн зөлмөн амьдарч байна. Дэлхийн хамгийн ядуу орон Монголд 88 хувь нь гуйлгачин. Ердөө 200 гэр бүл (Орчуулгын нэршил байгаа биз? Уг нь монголоор айл гэх ёстой л доо) л баян тарган амьдарч байна, бусад нь цөм ядуу.

Та өдөр болгон ийм яриа чихээ дөжиртөл сонсож байгаа. Мэдээллийн бүх хэрэгслэлээр, хурал цуглаанд, найз нөхдийн хүрээнд, гуанз ресторанд, баяр наадмаар, УИХ-ын танхимд… Энэ тоо удахгүй 100 хувь хүрэх байх. Магадгүй зуу давж ч болох юм. 750 мянган өрх бүртгэгдсэн гэж бодохоор өнөө 200 баян айлаа хасахаар одоо ядуурал 99,999999 хүрсэн ч байж магадгүй бололтой. Би энэ болгоныг үгүйсгэх гээгүй. Хуху нам (хуучин хугийнхан) өнгөрсөн 91 жилийн 87-д нь төр барьсан, ардчиллаас хойш тоолбол 22 жилийн 18-д нь биднийгээ толгойлсон, тэгэхээр ядуураад байгаа нь надад үзэл суртлын талаасаа гоё л байна л даа. Зөвхөн энэ талаас нь үзэх юм бол эх орноо ядуу гуйлгачингаар нь хоолойгоо сөөтөл дуудаад бах ханан хөлс нь бурзайн тавирч буй тарган тарган хүмүүстэй санал нэгдэж байна. Гэвч өссөн хүмүүжил, олсон боловсрол гээч хоёр зүйл өөрийн эрхгүй логик хариулт шаардаад байх юм. Ядахнаа яг хэдэн хувь нь ядуурчихаад байгаа юм гэдгийг математик утгаар нь мэдмээр санагдаад байна. 10 хүний гурав нь юм уу, ес нь юм уу? Энэ бол эрүүл ухаанаар бодохоор маш том зөрүү. Цаашлаад ядуу гэдгээ яг аль цэгээс тооцох вэ? Билл Гэйтсээс доош хөрөнгө чинээтэйг нь ядуу гэх үү, эсвэл өдөрт хэрэглэж буй хүнсний илчлэг нь 1500 ккалориос доош бол ядууд тооцох уу? Энэ нь бас л асар их зөрүү.

Ядуу, баян гэх тодорхой­лолт нь тухайн хүний субъектив үнэлэмж. Харин ядуурал гэдэг бол нийгмийн үзэгдэл, эдийн засгийн категори. Нийгмийн үлэмж хэсэг нь ядуурлын түвшинд очвол нийгэм өөрөө тогтворгүй болж дайн байлдаан өвчин тахал, хувьсгал, анги хоорондын болон үндэстэн овог угсаатны тулалдаан буй болдог. Дайн, хувьсгал, өвчин тахал, байгалийн гамшиг, эдийн засгийн хямрал зэрэг нь нийгмийг хамарсан гэнэтийн ядуурлын цаад шалтгаан болно. Харамсалтай нь ядуурлын эсрэг энэ мэтийн гэнэтийн хөдөлгөөн нь ядуурлыг зогсоох биш харин ч улам гааруулах өдөөлт болдог билээ. Бүр хүн ангаймаар цаад шалтгаан нь нийгмийн баялагийг эзэмшигч цөөн хэдэн хүмүүсийн хоорондын тэмцэл, хөрөнгө мөнгө, эрх мэдэл булаацалдсан бүлэг хоорондын дайсагнал нь нийгмийг гэнэтийн хөдөлгөөнд оруулж ядуурал гуйранчлалыг улам гааруулдаг.Үгүйдээ л түүх, философи, социологи, нийгмийн психологийн олон сурах бичигт ингэж өгүүлсэн байна.

Ядуурал нь нийгмийн үзэгдлийн хувьд тухайн нийгмээ тогтворгүй болгож улам ядуурах, асуудлыг цаашлуулан хурцатгах шалтгаан болдог учраас макро эдийн засгийн тулгуур ойлголтын нэг болно. Ядууралтай хуулийн хүрээнд системтэйгээр тэмцсэн анхны орон бол Англи. Бүр XVII зуунд тэнд Ядуурлын хууль гарч өвчтэй, настай, насанд хүрээгүй, өөр бусад хүндэтгэх шалтгаантай иргэдийг төрөөс халамжлах хууль гарчээ. Үүнийгээ Ядуурлын хууль гэж албан ёсоор нэрлэдэг байв. Гэвч яваандаа нийгмийн энэ халамжид хэт олон хүн хамрагдаж эхэлсэн тул XIX зуунд засвар оруулан хөдөлмөрийн чадвартай мөртөө ядуу байгаа иргэдийг “ёс суртахууны ядуурал” гэж нэрлээд тийм хүмүүст ажлын байр олж өгөхөөс өөрөөр төр туслахгүй байх хууль баталсан байдаг.

Хэрвээ ядуурал нь нийгмийн үзэгдэл юм бол хичнээн хувьд хүрвэл тухайн улс орныг ядуу гэх, ядуу иргэнийг ямар жишгээр хамааруулах болон эс хамааруулах вэ гэсэн асуудал хар аяндаа үүснэ. Анхны нэгдсэн стандартыг НҮБ-аас гаргаж нэг иргэнд нэг өдөрт нэг америк доллар гэсэн жишиг тавьжээ. Гэвч ялангуяа хүйтэн дайны дараа энэ жишиг утгаа алдсан юм. Коммунист систем эдийн засгийн хувьд хаалттай учир өөрийн жишигтэй байсан ба энэ нь чөлөөт дэлхийд тогтсон жишигтэй харьцуулж болохгүй байв. 1991 онд НҮБ-аас Монголд анхны жишиг тогтоох оролдлого хийсэн юм. Нэг доллар 180 төгрөгтэй тэнцэж байсан болохоор дундаж цалин 5 доллар хүрэхгүй болж хувирлаа. Алтан ээмэг бөгжтэй нэхий дээлтэй булган малгайтай гурван өрөө байртай хүмүүс шууд л дэлхийн хамгийн ядуу эгнээнд шилждэг байгаа. Гэтэл өнөө 5 доллар нь дөрвөн ам бүлтэй айлд тус бүр 2000 ккалори хүнс идээд цаана нь дулаан цахилгаан унааны хөлсөнд хүрээд байдаг. Нийтийн унааны нэг удаагийн хөлсийг бараг нэг доллараар тооцдог атал энд 0,0001 цент байх жишээтэй. Хамгийн үнэт хүнс мах мөнөөх жишгээр 15 доллар байх ёстой атал Монголд ердөө 10 цент байсан юм. Ийм аргачлалаар Монголын ядуурлыг хэмжинэ гэдэг үнэндээ мангар хэрэг. Бусад коммунизмаас дөнгөж гарч буй орнуудад ч адилхан. Жишээ нь 1989 онд Польшид сарын дундаж цалин 6 доллар байсан. Тэглээ гээд хүмүүсийнх нь амьдрал Бангла Дэшийнхээс олон арав дахин дээгүүр байжээ.

Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн гэсэн баян ядууг хэмждэг бас нэг хэмжүүр өнгөрсөн зууны гучаад онд гарчээ. Энийг бас л америк доллараар тооцдог. Хуучин коммунист орнуудынх ерээд оны эхээр мөн л өрөвдмөөр юм байлаа. Гэвч цагийн явцад үнийн тэгшрэл явагдаж тийм ч их зөрүүтэй биш болжээ. Монголд нэг хүнд ноогдох ДНБ 2000 он өнгөртөл 500 доллар хүрдэггүй, иймээс ч ядуу оронд тооцогддог байв. Одоо энэ тоо хэдийнээ гурван мянга өнгөрсөн ба Монгол нь ядуу орны тооноос хасагдаж буцалтгүй тусламж, хандивлагчдын зөвлөлгөөн гэх мэтийн юманд хамрагдахаа больсон. ДНБ-ээр хэмжих нь учир дутагдалтай учир purchasing power parity (PPP) буюу худалдан авах чадамж (ХАЧ) гэсэн шинэ хэмжигдэхүүнээр сүүлийн үед ярих боллоо. Голлох бараа үйлчилгээг нэг хэмжигдэхүүнд оруулж тусгай илтгэцүүрээр үржүүлж тэгшитгэдэг аргачлал юм. Шилтэй кола АНУ-д жижиглэнгээр 2,5 доллар байдаг бол ижил бүтээгдэхүүн Монголд 20 цент байх жишээтэй. Кило мах ихэнх оронд 15 доллар, Монголд улирлаас хамаараад 3-5 доллар. Хайрцаг тамхи Европт 10 доллар байхад Монголд 2 доллар хүрэхгүй. Энэ болгоныг тэгшитгэхээр манайд нэг хүнд ноогдох ХАЧ 10 мянга орчим доллар гарч байна. Энэ нь тийм ч муу үзүүлэлт биш.

Ядуурал нийгэмд 80 хувьд хүрч гэдэг анхны тоог 1994 онд НҮБ гаргасан. Мөнөөх нэг хүнд нэг өдөрт нэг америк доллар гэдэг хэмжигдэхүүнээр шүү дээ. Энэхүү нэгээс бага доллар гэдэг нь Индонез, Филиппинд гамшиг бол хуучин социалист орнуудад бодит байдал дээр амьдарч болом хэмжигдэхүүн. 34 гэсэн бас нэг тоог Дэлхийн банкнаас 2006 онд гаргаж ирсэн. Энэ нь хүний хөгжлийн индекс ба ХАЧ тооцсон аргачлал.

Яг энэ аргачлалаараа 2009 онд судалгаа давтан хийгээд Монголын нийгмийн ядуурлыг 17 хувь гэж гаргаж ирсэн бол судалгааг 2011 онд гурав дахь удаагаа явуулж 12 хувь гэж дүгнэжээ. Тэр байтугай ядуурлыг эрчимтэй бууруулсан орон гэж магтсан байна.

Ядуурлыг юунаас хэмжих, яаж хэмжих, тэрний дараа нийгэмд эзлэх хувь процентийг гаргавал нам засгаа хараах болон эх орноо муулах цаад утга нь бодит байдалтай дүйх болно. Хэрвээ мөнөөх НҮБ-ын 1 хүн, 1 өдөр, 1 доллар гэдэг хэмжигдэхүүнээр үзвэл өнөөдөр Монголд ширхэг ч ядуу хүн байхгүй. Яагаад гэхээр ард түмнээ хайрлаж ханадаггүй халамжит төр маань хүн толгойтой болгонд сард 21 мянган төгрөг буюу өдрийн 50 цент зүгээр өгч байгаа. Дээр нь эрхбиш бусад халамж ядахнаа 50 цент хүрнэ. Хүүхэд болгон сургуульд үнэгүй хооллож байгаа шүү дээ. Улаанбаатар хотын нийт иргэдийн 13 хувь нь оюутан нэртэй, тэд сургалтын мөнгө унааны зардлаа авдаг. Дээр нь халамжийн бусад хэлбэр болох өвчний групп, өрх толгойлсон эмэгтэй, одон медалийн нэмэгдэл, төрсөн болон жирэмсний, тэжээгчээ алдсаны, ядуурлын, ажилгүйдлийн гэх мэт маш олон бий. Ажил хийлгүй зүгээр авч байгаа нь юутай НҮБ-ын хэмжигдэхүүнээр ядуурлаас гарчээ. Дэлхийн банкны хэмжүүр арай өөр. Юун түрүүн хүний хөгжлийн индекс болон ХАЧ-аар гаргадаг болохоор өнгөрсөн жил Монголын ядуурлын түвшинг 12 хувь гэж гаргаж ирсэн. Ямарчиг байсан Монголд ядуурал огт байхгүй гэж ярих нь нөгөө хязгаарын дэгстүүлэлт болохыг энэ судалгаа харуулж байна.

Одоо ямар ч судалгаагүйгээр нүдэнд өртөж байгаагаараа тооцоо хийе. Хамгийн түрүүн хэмжих асуудал бол хүнсний аюулгүй байдал (олон улсын тогтсон нэршлээр хүнсний аюулгүй байдал гэдэг нь хүнсний хүрэлцээ юм шүү), орон сууц (тухайн цаг уурт амьдарч болох уламжлалт болон орчин үеийн бүхий л сууцыг ингэж томъёолдог), эрүүл мэнд (үүнд гол нь дундаж наслалт, ой хүртэлх хүүхдийн эндэгдэл, нас баралтын промилл, халдварт өвчний тархац зэргийг авч үзнэ)гэсэн гурван хэмжигдэхүүнийг юун түрүүн голлоно. Уураг нөхөх хамгийн үнэтэй хамгийн үр дүнтэй хүнс бол мах. Махны хэрэглээгээр Монгол дэлхийд нэгд ордог. Энгийн тооцоо – 300 мянган тонн мах бэлддэг, дээр нь гахай тахианы мах, консерв, бусад хагас ба бүрэн боловсруулсан махан бүтээгдэхүүнийг асар ихээр импортолдог. Энэ болгоныг тооцон хүн амдаа хуваахад манай дараа орох АНУ-ын 124 кг-ын жилийн хэрэглээнээс даваад явчиж байгаа юм. Нүүрс-усны хэрэгцээг голлон хангадаг гурил гурилан бүтээгдэхүүний хэрэглээ 300 мянган тонн байгаагийн 180 мянгыг нь шууд гурилаар, 70 мянгыг нь архи спиртэн бүтээгдэхүүнээр үлдсэнийг нь гурилан бүтээгдэхүүнээр хэрэглэж байна. Цагаан будаа, чихэр, бага сага ногоо зэргээ оруулж тооцоод юутай ч хүн тутам өдөрт 2500 ккалор хүнс хэрэглэдэг нь дэлхийн дундаж хэрэглээнээс хавьгүй давсан үзүүлэлт юм. 35-аас дээш насныхны жингийн хэтрэлт 63 хувь хүрсэн нь муу тал нь байж болох л юм. Хүнсийг нийтдээ жигд хэрэглэдэг болов уу гэж бодно, гэхдээ баячууд тогоогоор нь идээд үлдсэнийг нь муу усны нүх рүү асгадаг байж магадгүй, гээд энэ талын статистик алга байна.

Орон сууцны хувьд Монголын 750 мянган өрхийн 0,2 хувьд нь шаардлага огт хангахгүй сууцанд байна гэдгийг өнгөрсөн жилийн хүн ам орон сууцны тооллого харуулсан. Орцны үүдэнд амьдардаг, хогийн цэг дээр гэрээ барьсан айлуудыг хэлж байгаа юм билээ. Сонирхолтой нь Улаанбаатар хотын 300 гаруй мянган өрхийн 70 гаруй хувь нь гэрт биш байшинд байдаг юм байна. Байшин гэдэг нь дан хаусыг хэлэхгүй, хашаан дотор байгаа модон байшинг бас тооцдог юм билээ шүү.

Хүн амын наслалт эмэгтэй нь 70, эрэгтэй нь 65 гэсэн үзүүлэлт гарч. Энэ нь Японтой харьцуулахад чамлалттай боловч Африк, Латин Америкийн дунджаас дажгүй давсан үзүүлэлт. Ой хүртэл насны хүүхдийн эндэгдэл 1990 онд 128 байснаа 2000 онд 64, одоо 32 болтлоо буурсан байна. Сонирхолтой нь дээр үед энэ өндөр тооноосоо нэрэлхээд ДЭМБ-д 64 гэсэн тоо буюу хоёр дахин бууруулж мэдээлдэг байжээ. Халдварт өвчний тархацаар гайгүйд тооцогддог.Тухайлбал ДОХ-ын тархац нэг хувь хүрснийг харанга, 0,1 хувиас бага бол аюулгүй гэж тооцдог аж. Монголын ДОХ 0,003 хувь юм байна. Сүрьеэ, арьс өнгөний өвчний тархац харьцангуй нэмэгдэж байгаа ч аюулт хэмжээнээс хавьгүй доогуур байгаа. Харин элэгний хорт хавдраар нас баралтаар дэлхийд тэргүүлж байгаа аж. Гэхдээмянган хүнд ноогдох нас баралт 6 промилл байгаа нь дэлхийн хамгийн сайн үзүүлэлтийн нэг. Төрөлт дэлхийн дундажтай мөргөж байна.

Ажилгүйдлийн түвшин 2-4 хувийн хүрээнд эргэлдэж байна. Энэ нь сайн үзүүлэлт гэгддэг аж. Тухайлбал яг одоо АНУ-ын ажилгүйдэл 10 хувиас давчихаад байна. Огцом өсөлттэй Монголын эдийн засаг одоо ажиллах хүчний илт дутагдалд ороод эхэллээ. Бага цалинтай биеийн хүч илүү шаардсан зэрэг ажилд хүн олдохгүй байгаагийн зэрэгцээ хөдөлмөрийн фронтод хэрэгцээтэй ажлын байранд мэргэжлийн шаардлага хангасан хүн олдохгүй хоёр талын бэрхшээл байнга гарч байна.

Ядуурлын гол хэмжээснүүд энэ байна. Эдгээр статистикийг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Сити группын судалгаа, өнгөрсөн жилийн хүн ам орон сууцны тооллого болон Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамнаас авлаа. Боловсрол, интернэтэд орох хэмжээ, гар утасны тархалт, кино үздэг хүний тоо гэх мэт нь ядуурлыг хэмжих үзүүлэлт биш, хөгжлийн хурдац гэх мэт өөр ангилалд ордог гэнэ. Иймээс 10 мянган хүнд ноогдох оюутны тоогоор дэлхийд нэгдүгээрт, 2,7 сая иргэн 2,2 сая гар утастай байна, нийт автомашины тоо хагас саяд дөхөж байна гэх мэтийн статистикийг энд хэлээд хэрэггүй биз.

Монголын нийгмийг баян байна гэж магтах гээгүй, ядуу байна гэж муучлах гээгүй. Нэг хэмжээсээр нойл цэгээ аваад дээшилсэн доошилсноо ярихгүй бол учир утгаа алдаад байна. Олон нийтийг төөрөгдүүлэхээс авахуулаад ерөөс хөгжлийн зорилт, төсөөллийг байхгүй болгон эдийн засагт шууд болон шууд бусаар нөлөөлөөд байгаа юм. Үлгэрлэвээс усыг нэг нь балгаар, нөгөө нь кг-аар, гурав дахь нь литрээр, бас нэг нь дуслаар яриад ямар ч ойлголцолд хүрэхгүй.

2012.03.05

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Сайн зүйл хийнэ гэдэг өөрөө гайхамшиг

“Apple” корпорацийн захирал Тим Күк өөрийн бүх хөрөнгөө асрамжийн газруудад хандивлажээ. Тэрбээр 10 настай ач хүүгийнхээ коллежийн бүх зардлыг төлснийхөө дараахөрөнгөөхандивын үйлсэд зориулсан байна. Тим Күкийннийт хөрөнгө 120 сая ам.доллараар үнэлэгджээ.Үүнийгээ “Fortune” сэтгүүлд тайлбарлахдаа “Хэрэв чи л шийдвэр гаргаж өөрчлөлтийг хийхгүй бол хүмүүст тус болж чадахгүй” гэжээ.

Дэлхийн хамгийн баян эрчүүдийн нэг ч гэлээ бүх хөрөнгөө асрамжийн газруудадөгснөөр тэр энгийн нэг татвар төлөгч болж буй юм.

Хүн болж төрөөд хийж бүтээж хөдөлмөрлөж түүнийхээ үр шимийг зарим нэг нь гайхалтай ашиглаж чаддаг. Тийм хүмүүс эдийн засгийн эрх чөлөөнд хүрээд бусдын төлөө харамгүйгар сунгадаг. Тэр сайхан сэтгэлийнх нь үзүүрт хэн нэгний амь аврагдаж, хэн нэгний нас уртсаж хэн нэгэнд жаргал бэлгэлдэг учраас энэ нь сайн үйлст тооцогддог билээ. Түүний хэлсэнчлэн бидямар нэгэн өөрчлөлтийг хүсч байгаа бол тэрийг өөрөөсөө л эхлүүлэх хэрэгтэй аж. Яг Тим Күк шиг. Заавал баян мөнгөтэй гэлгүй. Хэн нэгэндөгч чадах тус байвал түүнийг бусдад харамгүй өгөх учиртай аж. Сайн зүйл хийж хэн нэгнийг баярлуулна гэдэг өөрөө гайхамшиг. Нидерландын УЗН-ийн хүмүүнлэгийн үйлсийн элч, олон улсын загвар өмсөгч, хатагтай Юбки Стурм 2012 ондМонголд ирэхдээ“Хүмүүст туслах нь загвар өмсөхөөс чухал” гэж хэлж байсан удаатай. Энэ бол бусдад туслахын утга учир ажээ.

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаарын тойм

Уншигч захиалагчдынхаа тоогоор ямагт тэргүүлдэг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар танд хүрч байна. Энэ дугаар 20 нүүрээр хэвлэгдлээ. Юун түрүүнд өнөөдрийн дугаарт олон сонирхолтой үйл явдал нийтлэгдсэнийг дуулгая. Тэдгээрээс тоймлон хүргэж байна.

Баялаг бүтээгч топ 100 аж ахуй нэгжийг жил бүр шалгаруулдаг уламжлалтай. Шалгарсан компаниуд урьд нь МХАҮТ-аас очиж шагналаа гарддаг байсан бол энэ удаад Төрийн ордонд цуглалаа. Топ 100 аж ахуй нэгжийг шалгаруулах үйл ажиллагааны талаар Өдрийн сурвалжлагаараа онцоллоо.

УИХ-ын гишүүн Д.Батцогт”Бид баялаг бүтээгчдэдээ нэг удаа боломж олгох ёстой” гэж “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Тэрбээр юун тухай ярьсныг өнөөдрийн дугаараас уншаарай.

Хотын дарга Э.Бат-Үүл явган хүний замыг аврах захирамж гаргасан. Түүний захирамжийн хэрэгжилт хэрхэн явагдаж байгааг “Өдрийн сонин” тусгалаа.

Сүүлийн үед олны анхааралд орсон нэг асуудал бол Таван толгойн гэрээнийтөсөл юм. Энэ асуудалд УИХ-ын дарга З.Энхболдын албан ёсны тайлбар өгсөн байгаа. Мөн Сайд М.Энхсайхан, УИХ-ын гишүүд ямар байр суурьтай байгааг энэ дугаараас унших боломжтой.

“Өдрийн сонин”-ы брэнд III нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Толгой эргүүлсэн толгойнууд” фельетон нийтлэгдлээ.

Сонгуулийн уур амьсгал аль хэдийнэ оржээ. Зарим намууд тойргоо хувааж, зарим нь “мөлхөө”-гөө эхэлжээ. Намууд сонгуульд хэрхэн бэлдэж байгаа тухай нийтлэлийг сонины V нүүрнээс уншаарай.

Бөөр шилжүүлэн суулгах технологийг Монголд нутагшуулж чадсан тухай сурвалжлагыг Эрүүл мэндийн булангаас тольдоорой. Соёл урлагийн нүүрнээс Монгол Улсын Ардын жүжигчин О.Ганбаатарын ярилцлага, “Хөсөгтөн” хамтлагийн продюсер М.Оргил нарын ярилцлага нийтлэгдлээ.

“Өдрийн сонин”-ы брэнд булангуудын нэг бол “Хүмүүс”. Энэ удаагийнхаа “Хүмүүс” булангаар ахмад нисгэгч Г.Даваадоржийн ярилцлагыг уншигчдадаа толилуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Нурах гэж байгаа байрны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэв

БГД-ийн 3-р хорооллын 14-р хорооны 16-р байрны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаа явагдаж сая дууслаа. Байрыг гурав хоног лацдах бөгөөд 49 айлын 200 гаруй иргэдийг буудалд байрлуулж, цагдаагийн хамгаалалтад байлгах гэнэ.

“Би Жи Би Жи” компани энэхүү байрны яг хажууд нь барилга барихааргазар ухсаны улмаас хэзээ мөдгүй нурах гээд байгаа учраас ийнхүү иргэдийг аюулгүй байлгах ажлыг хийж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Таван толгойн гэрээг өргөн барих хугацааг товлож өгөхийг хүслээ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт өнөөдөр УИХ-ын Тамгын газрын дарга Б.Болдбаатарт ”Төсөл өргөн мэдүүлэх хугацааг” товлох тухай албан бичгийг дахин хүргүүллээ.

2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Улсын Их Хурлын Тамгын газарт “Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хүргүүлсэн ч тогтоолын төслийн бүрдэлд зарим баримт бичиг ирүүлээгүй гэсэн шалтгаанаар УИХ-ын Тамгын газар буцаасан.

Өнөөдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас хүргүүлсэн УИХ-ын тогтоолын төсөлд:

· “Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг холбогдох материалын хамт

· “Хөрөнгө оруулалтын гэрээ” түүний хавсралтууд

· Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах төсөв, санхүүгийн зардлын тооцоо

· Төрийн бус байгууллагуудаас ирүүлсэн санал

· Компанийн тухай хуульд заасны дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ, хэлцлийг их хэмжээний хэлцэлд тооцох тухай асуудлыг шийдвэрлэсэн Засгийн газрын тогтоол

· УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны тогтоолд заасны дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Засгийн газарт нэрлэсэн үнээр худалдах хүсэлт гаргасан боловч хувьцааны төлбөр авч чадаагүй буюу хишиг хувь хүртээгүй иргэдэд хувьцааг буцаан эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэсэн Засгийн газрын тогтоол багтжээ.

“Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу УИХ-ын чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлэх, мөн “Хөрөнгө оруулалтын гэрээг” хэлэлцүүлэхтэй холбогдуулан “Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлд төмөр замын суурь бүтэц барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх концессын гэрээ” болон “Хамтран ажиллах гэрээ”-г танилцуулахаар тус тус хүргүүллээ. УИХ-ын даргад өргөн мэдүүлэх хугацааг товлож өгөхийг тус бичигт дурдсан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.