Categories
мэдээ нийгэм

Д.Оюунтуул ”Шинэ үе”-ээс өрх тусгаарлажээ

“Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул өнгөрсөн жил болсон дуулиант хэргээс үүдэн биеийн байдал нь сайнгүй байж, эмчилгээ хийлгэн нэлээд хугацаанд чимээгүй байсан билээ.

Тэгвэл тэрбээр дэлгэцийн шинэхэн уран бүтээл болох “Хуримын сюрприз” хэмээх кинонд жүжигчин Г.Золбоот, Э.Ууганбаяр, О.Золзаяа, Л.Сөрөлт нартай хамтран тоглож байгаа юм байна.

Гэхдээ тэрбээр “Шинэ үе” хамтлагаас өрх тусгаарласан бөгөөд чөлөөт уран бүтээлч болохоор шийдсэн гэнэ.

Тэрбээр өөрийн дотны найз нөхөддөө “Шинэ үе”-д эргэн орохгүй, ямар нүүрээрээ юу ч болоогүй юм шиг тайзан дээр тоглоод явж байх вэ дээ, телевизийн шоу, нэвтрүүлгийн ажил ч хийдэг юм бил үү” хэмээн ярьжээ.

Categories
мэдээ улс-төр

Тавантолгойн төслийг УИХ-д өргөн барилаа

УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн барилаа. Улсын Их Хурлаас 2014 онд 34 дүгээр тогтоол баталж “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх арга хэмжээний чиглэл”-ийг Засгийн газарт өгсөн бөгөөд уг чиглэлийн 1.4-т “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Тавантолгойн ордын талаар Улсын Их Хурлаас баталсан шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах хүрээнд Тавантолгойн орд газраас олборлож байгаа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулан, нэмүү өртөг шингээж, экспортын нэг цонхны бодлогын хүрээнд олон улсын зах зээлд борлуулах, уг зорилгоор орд газрыг иж бүрэн хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийн асуудлыг эдийн засгийн үр ашигтай, улсын төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүй байх хувилбараар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог хангах зарчмаар цогцоор нь шийдвэрлэх”-ээр тусгажээ.Мөн чиглэлийн 1.6-д “Тавантолгой–Гашуунсухайтын төмөр зам болон тээврийн бусад дэд бүтцийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар барьж байгуулах”-аар, Улсын Их Хурлын 2014 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 53 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 8.1-д “Ухаа худаг-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын суурь бүтцийг төсвийн бус эх үүсвэр, концессоор байгуулахаар тус тус заасан байна.

Categories
мэдээ нийгэм

Загаснууд хүчилтөрөгчийн дутагдалд орж үхжээ

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нутаг дахь Даян нуурт цутгадаг голын монгол хадран загас бөөнөер хорогдсон тухай хэвлэл мэдээллээр цацагдсан. Баян-Өлгий аймгийн Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газрынхан энэ асуудлыг шинжилж, тогтоожээ. Даян нуур болон түүнд цутгадаг голын ус, эргэн тойрны хөрс, ургамлыг шинжлэхэд ямар нэгэн хортой зүйл олдоогүй байна. Тиймээс голын нэг хэсэг нь өвөл ёроолдоо хүртэл хөлдсөн, тэр үед тэнд байсан загас хүчилтөрөгчийн дутагдалд орж, хөлдөж үхжээ дүгнэхэд хүргэсэн байна.

Categories
мэдээ спорт

“Реал”, Ювентус хагас шигшээд шалгарлаа

“Реал”, Ювентус хагас шигшээд шалгарлаа Өнгөрсөн шөнө Европын хөлбөмбөгийн холбооны “Аваргуудын лиг” –ийн шөвгийн найман багийн тоглолт явагдаж дууслаа. Өчигдөр шөнө явагдсан тоглолтод Реал Мадрид өрсөлдөгч атлетико Мадридыг талбай дээрээ хүлээн авч, 1:0-ийн харьцаагаар хожиж хагас шигшээд шалгарлаа.

Тоглолтын цорын ганц гоолыг энэ улиралд Реал Мадридад зээлээр тоглож буй “Манчестер Юнайтед”-ийн тоглогч Чичарита 88 дахь минутад К.Ронолдогийн дамжуулалтаар оруулсан юм.
Харин нөгөө талд Ювентус Монакогийн талбайд зочлон тоглож 0:0-ээр тэнцлээ. Ингээд талбайдаа 1:0-ээр хожсон Ювентус тэмцээнийг цааш үргэлжлүүлэх эрхтэй боллоо.
Өнөөдөр шөнө хагас шигшээн дөрвөн багийн сугалаа явагдана. Хагас шигшээд Испанийн хоёр /Реал Мадрид,Барсалено/, Германы нэг /Байерн Мюхен/, Италийн нэг /Ювентус/ баг шалгараад байна.

Categories
гадаад мэдээ

Кейт Миддлтон охинтой болно

Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уильямын гэргий, гүнж Кейт Миддлтон энэ сарын сүүлээр амаржиж, хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах билээ. Тэгвэл гүнжтэн охин хүүхэд төрүүлэхээр болсон гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ. Гүнжийн ээж Кароле Миддлтон твиттертээ “Охин, охин” хэмээн жиргэж, даашинзтай охины зургийг байршуулсан байна. Түүний ийнхүү жиргэсэн шалтгааныг тодруулахад “Кейт охинтой болно. Гоо сайхны жинхэнэ төлөөлөл, үзэсгэлэнтэй гүнж болно гэдэгт итгэлтэй байна” гэж хэлжээ. Харин Кейтийн дүү Пиппа Миддлтон “Сайн мэдэхгүй байна. Эгч минь охинтой болохыг хүсч байгаа. Би ч гэсэн” гэсэн байна.

Ханхүү Уильям “www.telegraph.co.uk” сайтад “Шинэ хүн минь эрүүл саруул мэндэлж байвал хүү, охин байх нь хамаагүй” гэж ярьжээ. Хатан хааны ордонд ажилладаг нэрээ нууцалсан ажилтны хэлснээр “Гүнжтэн амаржих дөхсөн учир шинэ хүний өрөөг хүмүүс бэлдэж эхэлсэн. Ханын цаас болон ор нь ягаан өнгөтэй. Тиймээс гүнж төрөх байх” гэсэн байна.

Гүнжтэн Кейт өнгөрсөн 2013 оны долоодугаар сард амаржиж, хаан угсааны дөрөв дэх өв залгамжлагч Жорж Александр Луиг төрүүлсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Баавгай агнавал 15 саяар торгоно

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн нутаг дэвсгэрт хууль бус ан агнууртай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт хийж байна. Уг хяналт шалгалттай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад сэрэмжлүүлэг хүргүүлжээ.

Уг сэрэмжүүлэгт “Амьтны тухай” хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гарсан дүрэм, журмын хэрэгжилтийг биелүүлэх, чанд мөрдөх,агнуурын нөөцгүй ан амьтныг агнаж, барихгүй байх, агнуурын нөөцтэй ан амьтныг ангах, барих тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авахдаа хуулинд заасан эрхийн бичиг, зөвшөөрөл, гарал үүслийн тодорхойлолтыг авч, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахыг анхааруулжээ.

Мөн Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын тушаалаар агнахыг хориглосон ан амьтан болох тал хээрийн саарал чоно, шар үнэг, хярс үнэг, тарвагыг агнах, барихгүй байх, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авахгүй байхыг сэрэмжлүүлжээ.

Хэрвээ хэн нэг иргэн хууль бусаар ан, амьтан агнасан барьсан тохиолдолд нөхөн төлбөр, захиргааны шийтгэл, эрүүгийн хариуцлага хүлээх юм. Тухайлбал, хүрэн баавгай 13.0-15.0 сая, саарал чоно 1020000-1200000 төг, бор гөрөөс 660.000-800.000 төг, зэгсний зэрлэг гахай 5.8-6.6 сая төг, цагаан зээр 1-1.1сая, шар үнэг 220.000-260.000 , тарвага 340000-420000 төгрөгийн нөхөн төлбөр төлдөг заалттай аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Амгалан: Хонины ноосоор хийсэн барилгын дулаалгын материалыг барууны орнуудад тансаг зэрэглэлийн байшинд ашигладаг

Угааж үйлдвэрийн аргаар боловсруулсан ноосыг эрүүл, эко амьдралыг эрхэмлэгч улс орнууд барилгын дулаалгадаа ашигладаг болоод байгаа. Үүнээс гадна дуу чимээг тусгаарладаг, дотор агаарын чийгшил зохицуулдаг зэрэг олон давуу талтай ажээ. Тэгвэл манай улсад Европын холбооны санхүүжилтээр Чехийн “Пипл ин Нийд” байгууллага“Хонины ноосоор барилгын дулаалгын материал хийж ашиглах хангамжийн сүлжээг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж байгаа юм байна. Уг төслийн менежер А.Амгалантай ярилцлаа.

-Та эхлээд төслийнхөө зорилгыг манай уншигчдад сонирхуулахгүй юу?

-“Хонины ноосоор барилгын дулаалгын материал хийж ашиглах хангамжийн сүлжээг бэхжүүлэх” төсөл маань 2013 онд эхэлсэн л дээ. Энэ төслийг хэрэгжүүлэхээр болсон гол зорилго бол хонины ноосоор өртөг шингэсэн барилгын дулаалгын материал үйлдвэрлэх байлаа. Улмаар барилгад ашиглаж, ард иргэд дулаан тохьтой амьдрах орчинг бүрдүүлэхийг зорьсон.Гол нь өртгийн сүлжээг бий болгоход чиглэгдсэн. Ингэснээр хонины ноосны ашиглалтыг сайжруулна. Цаашилбал эрчим хүч хэмнэснээр хүлэмжийн хийг бууруулах, иргэдийн зардал хөрөнгийг хэмнэх боломжтой болох юм.

-Хонины ноосоор хийсэн барилгын дулаалгын материал нь уламжлалт эсгийтэй төстэй юу. Ерөнхийдөө эсгийнээс шивтэр үнэртээд байдаг тал бий?

-Монголчууд эрт үеэс хонины ноосоороо эсгий хийж гэр орноо дулаалж байсан. Нүүдлийн ая дааж удаан эдлэгдэхийг нь тооцож аль болох нягт хатуу хийдэг байсан шүү дээ. Харин нэхээсгүй эдлэлийн технологиор хийж байгаа хонины ноосон дулаалгын материал нь ийм нягт бус, дундаа агаарын эзлэх зай ихтэй. Гэхдээ хоорондоо ширэлдсэн, биетэй бүтээгдэхүүн юм. Санаж байгаа бол шилэн юмуу чулуун хөвөн ч бас тиймэрхүү зузаан, сэвсгэр байдаг даа.Тэдгээртэй төстэй. Барилгад хэрэглэх арга технологи нь ч ижил юм. Эсгийнээс ялгаатай бас нэг тал нь угаасан ноосоор хийдэгт байгаа. Харин эсгийг угаагаагүй ноосоор хийдэг. Тийм болохоор уламжлалт эсгий шиг үнэртэхгүй. Бас хорхой шавжнаас хамгаалах боловсруулалт хийгдсэн байдаг.

-Манай улсад хонины ноосон барилгын дулаалгын материалыг хэдийнээс үйлдвэрлэж эхэлсэн бэ?

-Манайд яг одоогоор “Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн”, “Таван Богд Инсулэйшн” ХХК, “Нэхээсгүй эдлэл” ХК, “Эрдэнэт хивс” ХХК үйлдвэрлэж эхэлсэн.Өнгөрсөн жил аравдугаар сард “Барилгын дулаан тусгаарлах ноосон материал”MNS 6470:2014 үндэсний стандарт батлагдсанаар зураг төсөлд оруулаад барилгаа дулаалах бүрэн боломжтой болсон юм. Мөн Дарханд “Эко Ноос” ХХК,Ховдод “МАДУ” ХХК тус тусүйлдвэрлэх бэлтгэл ажлаа хангаад байна.

-Бусад төрлийн дулаалгын материалуудаас ямар давуу талтай юм бол?

-Зөвхөн дулаалгын материалаас гадна барилгын дуу чимээ тусгаарлагчаар ашиглагддаг. Энэ мэтчилэн бусад дулаалгын материалуудтай харьцуулахад нилээд олон давуу талтай. Барилгын дулаалгын материалын хамгийн чухал үзүүлэлт нь дулаан дамжуулалтын илтгэлцүүр байдаг. Энэ үзүүлэлтээрээ хонины ноосон барилгын дулаалгын материал бусад дулаалгын материалиас илүү сайн.

-Монголд хамгийн ихээр ашигладаг шилэн хөвөн, хөөсөнцөр, эрдэс хөвөн зэргээс илүү гэж үү?

-Тэгэлгүй яахав. Эдгээртэй харьцуулашгүй давуу чанартай гэж ойлгож болно. Хэрэглэхэд хялбар, тусгай хамгаалалтын хувцас, бээлий өмсөх шаардлагагүй. Ноосны гайхалтай шинж чанар нь түүний агаар нэвтрүүлдэг-амьсгалдаг чанарт оршдог.Ноосон хувцас хүнийг хөлрүүлээд байдаггүйтэй яг адилхан. Байшинг ноосоор дулаалахад хөгц мөөгөнцөрт таатай орчин үүсдэггүй. Ноосны ширхэгтүүд нь агаарын чийгийг өөртөө шингээгч шинж чанартай. Орчноосоо хамаарч өөрийн жингийн 35 хүртэл хувьтай тэнцэх чийг шингээсэн ч дулаан тусгаарлагч шинж чанар нь буурдаггүй. Чийг шингээх үедээ өөрөөсөө бага хэмжээний дулаан ялгаруулж орчны температурыг нэмэгдүүлдэг. Цаг агаар дулаан үед дээрх үйлчилгээ эсрэгээр эргэж өөрт шингээсэн чийгээ гадагшлуулснаар орчноо сэрүүн байлгадаг юм. Өөрөөр хэлбэл, гадаа сэрүүхэн байхад дотор дулаан, гадаа халуун байхад дотор сэрүүхэн байлгадаг гэсэн үг.

-Шилэн хөвөн норохоо­роо буцаж хэвэндээ ор­доггүй, дулаан тусгаарлах чадваргүй болдог гэх юм билээ. Тэгвэл хонины ноосон дулаалга нь норвол шинж чанараа алдах уу?

-Энэ тал дээр санаа зоволтгүй. Хонины ноосон дулаалга барилга угсралтын явцад бороо, цасанд норлоо гэхэд буцаад хатсаныхаа дараа хэлбэр хэмжээгээ алддаггүй дулаан тусгаарлах чадвар нь ч өмнөх шигээ байдаг. Шилэн хөвөнтэй харьцуулашгүй гээд байгаа өөр нэг шинж чанар нь энэ юм. Ноосон дулаалгын материал нь формальдегид, азотын давхар исэл, хүхрийн давхар исэл мэтийн агаар бохирдуулагч хийг шингээж, сарниулдаг. Өөр ямар ч дулаалгын материалд ийм шинж чанар байхгүй. Харин ч эсрэгээрээ байдаг. Жишээлбэл шилэн хөвөнгийн ширхэгт агаарт бужигнан амьсгалын замаар уушгинд нэвтэрч эд эсэд гэмтэл учруулдаг. Үүнээс үүдэн үрэвсэл үүсгэдэг. Эрдэс хөвөнгөөс дэгдэмхий, хортой бодисууд, фенол, феноальдегид, аммиакийн уур ялгардаг л даа.

Ноосны ширхэг нь буржгар, долгионтой учраас хангалттай зузаан хийсэн тохиолдолд сайн дуу тусгаарлагч болдог. Энэ шинж чанарыг нь аядуу зөөлөн цаг ууртай газрынхан илүү үнэлж үздэг. Агаарт болон барилгын бүтээцээр тархах дуу чимээг маш үр дүнтэйгээр бууруулдаг. Бас нэгэн давуу тал нь ноосон дулаалга байшингийн насжилттай ижил хугацаанд үүргээ биелүүлэх чадвартай. Манайхны их ашигладаг хөөсөнцөр гэхэд дээд тал нь 20 жилийн настай шүү дээ.

-Сүүлийн жилүүдэд баригдсан барилга галд тэсвэргүй байгаа нь хөөсөнцөр ашигладагтай холбоотой гэж Онцгой байдлын албаныхан онцолдог. Ийм төрлийн дулаалгыг барилгад аль болох хийхгүй байхыг анхааруулдаг л даа. Харин ноосон дулаалгын материал галд шатах уу?

-Цэвэр ноос нь дөллөн асаж шатдаггүй, харин хуйхлагддаг болохыг монголчууд маань андахгүй биз ээ. Шатаж байгаа зүйлээс холдмогц өөрөө унтардаг. Дулаалгын материалын хувьд гал дэмждэггүй ангилалдаа багтдаг. Тодруулбал, чулуун хөвөнтэй адил галд тэсвэртэй биш. Гэхдээ нөгөө талаас нь авч үзвэл галд бүрэн тэсвэртэй барилга гэж байдаггүй, түймэр гарлаа гэхэдшатах олон зүйл байдаг. Тийм болохоор барилгын материалын хувьд түймэр гарлаа гэхэд галыг түгээхгүй, хорт утаа гаргахгүй, хайлж дөлтэй дусал үүсгэхгүй байх нь л чухал. Ноосон дулаалга энэ бүх чанарыг хангаж байгаа. Түймэрт эндсэн хүмүүсийн дийлэнх нь шууд түлэгдэж бус угаартсан байдаг.

-Бусад оронд хонины ноосоор барилгын дулаалгын материал хийж, ашигладаг болов уу?

-Австри, Чех, Англи, Америк, Канад, Герман, Франц, Итали, Ирланд, Швейцар гэх мэт их олон оронд хонины ноосоор барилгын дулаалгын материал хийж ашигладаг. Бид Англи, Чех, Австрийн үйлдвэрүүдтэй холбогдон туршлага солилцож хамтран ажиллаж байгаа.Барууны орнуудад хонины ноосоор барилгын дулаан тусгаарлагч материал хийн тансаг зэрэглэлийн байшинд ашигладаг. Жишээлбэл, Англи улсад хуучны түүх дурсгалт байшинг засварлахдаа ихэвчлэн хонины ноосон материалыг ашигладаг. Энэ нэлээд өндөр үнэтэй дулаалгын материал. Тухайлбал, Францад 10 см зузаантай хонины ноосон материал нэг метр квадрат нь 15-20 евро буюу 31-42 мянган төгрөгийн үнэтэй. Харин ийм зузаантай шилэн хөвөн 3-8 евро, чулуун хөвөн 5-10 еврогийн үнэтэй байдаг. Чанартай, эко бүтээгдэхүүн учраас жишээлбэл Япончууд Австралиас ноос авч барилгын дулаалгын материал хийж ашигладаг. Японд бол дулаалгын материалаас илүү чийг тохируулах чанарыг нь чухалчилдаг.

-Сүүлийн үед эрчим хүчний хэмнэлттэй барилга гэж их ярих болсон. Хонины ноосон дулаалга ч эрчим хүчний хэмнэлт бий болгоно гэж та дээр дурдсан. Ингэхэд хэр зэрэг эрчим хүч хэмнэх бол?

-Зөвхөн ноосон дулаалгаар ч биш ер нь байшинг технологийн дагуу зөв дулаалбал эрчим хүч хэмнэнэ. Арван см зузаан хонины ноосон дулаалгын тусгаарлах чадвар нь ойролцоогоор 1.2 метрийн зузаан тоосгон ханатай дүйцнэ. Зөвхөн хонины ноосон ч биш, бусад дулаалгын материалууд ч гэсэн ойролцоо үзүүлэлттэй. Бид хонины ноосон дулаалгаар дулаалсан гурван байшинд эрчим хүчний аудит хийлгэсэн. СБД-ийн Бэлх дэх байшингийн гадна ханыг 10 см, таазыг 15 см хонины ноосон дулаалгаар дулаалж, ханыг ус тусгаарлах мембран болон металл өнгөлгөөтэйгээр хийсэн. Цонхыг шинэчилж хоёр хөндийт шилэн багцтай хуванцар жаазтай цонхоор сольсон. Ингэснээр барилгын хана болон хучилтын дамжуулалтын дулаан алдагдал дөрөв дахин, агаарын сийгэлтийн алдагдал тав дахин буурсан. Түлшний бодит хэрэглээ 40 гаруй хувь буурсан бөгөөд цаашид халаалтын зуухаа зөв хэрэглэж чадваас 60 гаруй хувиар ч бууруулах боломжтой гэсэн дүгнэлт гарсан. Төвийн дулаанд холбогдоогүй айл өрхүүд ийм төрлийн хөрөнгө оруулалт хийвэл өвлийнх нь урсгал зардлыг бодитоор бууруулах болно гэдгийг энэ тоо харуулж байна. Харин орон сууцанд амьдардаг хүмүүст энэ тоо нь төдийлөн ач холбогдолтой санагдахгүй байж болох ч эрчим хүчний үнэ чөлөөлөгдөх тухай гэж ярьж байгаа өнөөгийн нөхцөлд цахилгаан, дулааны үнэ нэмэгдэх магадлалтай. Иймээс байшингаа дулаалж эрчим хүч хэмнэх шаардлага гарч байна.

-Монгол оронд хонины ноосон дулаалгын материал үйлдвэрлэх түүхий эд хангалттай байгаа.Тэгэхээр барилгын дулаалгын материалын импортыг орлож чадах уу?

-Монгол Улс нийт 40.9 сая толгой малтай бөгөөд үүний 44.3 хувь буюу 18.1 сая нь хонин сүрэг юм. 2012 оны байдлаар жилд 19.1 мянган тонн ноос бэлтгэсэн. Хамгийн гол нь ноос маань нөхөн сэргээгдэх нөөц баялаг. Жил болгон ноос бэлтгэнэ. Хонь байгаа цагт ноос байна. Манай монгол хонины ноосны 95 орчим хувь нь бүдүүн ноос байдаг. Ийм бүдүүн ноосоор хивс, эсгий хийхэд л тохиромжтой. Хүн амын өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжхязгаарлагдмал байдаг. Манай улс нийт ноосныхоо 50 орчим хувийг л ашигладаг. Үлдсэн 50 хувийг нь угааж анхан шатны боловсруулалт хийгээд экспортолдог байлаа. Энэ гадагшаа гаргаж байгаа ноосыг боловсруулан дотооддоо ашиглах боломжтой. Мэдээж дулаалгын материалын бүх импортыг орлож чадахгүй. Гэхдээ амины орон сууцуудыг хонины ноосон дулаалгын материалаар дулаалах боломжтой.

-Ноосон дулаалгыг ямар төрлийн барилгад хэрэглэхэд хамгийн тохиромжтой вэ?

-Онолын хувьд ямар ч төрлийн байшинд хэрэглэж болно. Шинэ, хуучин гэх мэт. Гэхдээ модон болон канад технологиор баригдаж буй 2-3 давхар барилгад илүү тохиромжтой, хялбар. Цэцэрлэг, сургуулийн байшинг дулаалах боломжтой. Ер нь бол шилэн хөвөнгийн оронд ашиглаж болно. Энэ дулаалга маань хуйлмал хэлбэрээр гардаг. Гэхдээ шаардлагатай бол хавтан байдлаар зүсүүлж авч болно. Барилгын бүх хэсгийг хана, шал, дээвэр, дээврийн хөндийг дулаалж болно.

-Монголд хэдэн төгрөгөөр борлуулж байгаа вэ. Үнийн хувьд бусад дулаалгын материалтай харьцуулахад ямар юм бол, хаанаас худалдан авч болох вэ?

-Бусад дулаалгын материалтай харьцуулахад дундаж үнэтэй. Манайд 4, 5, 8 см-ын зузаантай, урт нь 5-12 метрээр үйлдвэрлэж байгаа. Дөрвөн см-ын зузаантай нь нэг метр квадрат нь 3,500-5,800 төгрөг, найман см-ын зузаантай нь 7,000-12,000 төгрөг байна.

-Бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ямар утсаар холбогдох вэ?

-Та өөрт ойрхон байршилд байгаа газруудаасаа бүтээгдэхүүн худалдан авах боломжтой. Доорх утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

-Хөнгөн үйлдвэр судалгаа хөгжлийн хүрээлэн”:99192645,

-“Таван Богд Инсулэйшн” компани: 94003434,

– “Нэхээсгүй эдлэл” ХК: 70071888

-Дархан-Уул аймагт “Эко-Ноос” компани: 94447469,

-Орхон аймагт “Эрдэнэт хивс” компани: 99352041

М.МӨНХ

Categories
гадаад мэдээ

Йемен дэх дайралтаа зогсоов

Йемений Ерөнхийлөгч Абулла аль Мансур Хадигийн хүсэлтийн дагуу Саудын Араб тэргүүтэй холбоотон орнууд тус улсад агаар болон хуурай замаар цохилт өгч, шийт шашны “Хоути” бүлэглэлийн гол гол хуаранг устгасан билээ. 28 хоногийн турш үргэлжилсэн цэргийн ажиллагааны улмаас нийтдээ 750 гаруй хүн амиа алдаж, 30 мянга гаруй хүн эх орноосоо дүрвэсэн гэдгийг НҮБ-ын Аюулгүй зөвлөлөөс мэдэгдэж, Саудын Арабыг агаараас цохилт өгөхөө зогсоохыг шаардсан юм. Йемений иргэд болон олон улсын шахалтын дагуу Саудын Араб агаарын цохилтоо зогсоож, энх тайвны аргаар тус улсад тусламж үзүүлэхээр болжээ. Тус улсын цэргийн эвслийн төлөөлөгч, бригадын генерал Ахмед аль Асири “2015 оны дөрөвдүгээр сарын 22-ны 00.00 цагаас эхлэн Йемен дэх цохилтоо зогсоож байна. Тун удахгүй тусламжийн цуваа Йеменийг чиглэх болно” гэж мэдэгджээ.

Йемений Дэд ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар томилогдоод удаагүй байгаа Кхалед Бахах “Гадны тусламж авахгүйгээр “Хоути бүлэглэлтэй бид тэмцэх болно” хэмээжээ.

Categories
мэдээ улс-төр

Зарим намууд тойргоо хувааж, зарим нь “мєлхєє”-гєє эхэлжээ

Нэг сонгуулийн мөчлөг дуусаад “Дараагийн наадам хол байна даа, хол байна” гэж байдаг ч дараагийн дөрвөн жил нь нэг мэдэхэд ирчихдэг. Тэр л зарчмаар эдийн засгийн хямрал, тэр нам, энэ нам гэж ярьсаар байтал сонгууль хаяанд ирлээ. Улс төрийн намууд ч сонгуулийн ажлаа хэдийнэ эхэлчихжээ. Зарим нь бүр тойргуудаа эхний байдлаар хуваарилж аваад ажилдаа орсон гэх. Нөгөөдүүл нь ч мөлхөө аргаараа мөлхөөд эхэлнэ ээ гэсээр хөдөө орон нутагт хэдийнэ ажилдаа оржээ. Харин эрх баригч намын хувьд яах нь тодорхойгүй бүрхэг байгаа талаар дуулдах. Сонгуулийн буухиагаа эхлүүлж байгаа намуудын талаар, хэн аль тойрогт санаатай бэлдэж байгаа талаар эхний хувилбаруудыг хүргэж байна. Мэдээж сонгуулийн тухай хуулинд хэрхэн өөрчлөлт оруулах, тойргуудыг жижигсгэх эсэхээс шалтгаалаад өөрчлөлт орох ч УИХ-д нэр дэвшигчид тодрохоос жилийн өмнөх байдлаар дараахь нэрс сонстож байна.

МАХН

МАХН-ын удирдах албан тушаалтнууд хөдөө орон нутгаар сонгуулийн ажлаа хэдийнэ эхэлжээ. Тэдний хувьд харьд байгаа даргынхаа нэрээр суудлынхаа тоог өсгөж чадна гэдэгтээ нэлээд итгэлтэй байгаа сурагтай. Болж өгвөл сонгуулийн өмнө аваад ирвэл “тас шүү дээ” хэмээн өөр хоорондоо ярьж байна. Тэдний төлөвлөгөөгөөр намын дарга Н.Энхбаярыг ирвэл хөдөө орон нутгаар нэг тойроход рейтинг суга өсөх аж. Монголчуудын өрөвдөх сэтгэлгээн дээр тэдний тактик амжилттай болох магадлалтай. Гэхдээ МАХН-ын хувьд боловсон хүчин цөөн, танигдсан хүмүүс багатай учир тухайлсан газруудад хүмүүсээ нэр дэвшүүлээд намынхаа нэрээр суудал авах дээр ихээхэн хүч тавих талтай. Тойргийг жижиг болгоно гэж үзэж байгаа тул О.Баасанхүү, Г.Баянсэлэнгэ нар Чингэлтэй дүүрэгт өрсөлдөхөөр бэлдэж байгаа гэсэн. Г.Баянсэлэнгийн хувьд хороонуудаараа ороод ажилдаа хэдийнэ оржээ. Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдож ирсэн Д.Тэрбишдагвын хувьд төрсөн нутаг Архангайдаа үзээд алдах сурагтай. Харин ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба Өвөрхангайдаа өрсөлдөх ажээ. Тэрбээр 2008 онд одоогийн МАН-аас тус тойрогт өрсөлдөж байсан билээ. МАН, МАХН эвссэн тохиолдолд МҮАН нөгөө талд нэгдэх магадлалтай тул хамтарсан хувилбараар төдийлөн сонстохгүй байгаа ажээ.

МАН

МАН-ынхан нэлээд дээхнээс тойргоо хувааж, зарим нь ажлаа хэдийнэ эхэлжээ. Дуучдаа аваад орон нутагт очсон хүн ч байна. Ирэх 2016 оны сонгуульд МАН-ын баримталж байгаа бодлого нь Монголын төрд байх ёстой хал үзэж, хашир суусан улстөрчдөө жагсаалтаар оруулахаас гадна аль болох танигдсан залуучуудыг оруулж ирье гэсэн бодлоготой болжээ. Намын удирдлагуудаас хүмүүстэйгээ уулзаж, тойргуудыг нь хуваарилсан гэх бөгөөд ажилдаа ороод явж байгаа хүмүүс ч байгаа гэнэ. Тэдний хувьд сая сайд болсон тэр дундаа дэд сайд нараар томилогдож ажиллаж байгаа хүмүүсийг дэвшүүлэх хэтийн бодлоготой томилгоог хийсэн аж. Тухайлбал, ХАА-ийн дэд сайд Б.Батзориг, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Мөнхбаатар, ГХ-ийн дэд сайд Н.Оюундарь нар дэвших нь тодорхой байгаа гэнэ. Б.Мөнхбаатар, Б.Батзориг нарын хувьд даргаар нь ажиллаж байсан БЗД-тээ нэр дэвших аж. Тэдний хувьд 2012 онд тус дүүрэгт нэр дэвшиж байсан улсууд. Н.Оюундарийн хувьд Сангийн сайд Ж.Эрдэнэбаттай Сэлэнгэ аймагт ажиллаад эхэлжээ. Мөн дэд сайд нараас Б.Ганзоригийн хүү Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн Архангай аймагт өрсөлдөх нь тодорхой байгаа. Баянгол дүүрэгт дүүргийн засаг дарга асан Л.Амгалангаас өөр танигдсан хүн байхгүй хэмээн тооцоолж байгаа бол тус дүүргээс ИТХ-д олон жил суусан “Оргил” худалдааны төвийн эзэн Ж.Ганбаатар ирэх жил зэрэг дэвшиж УИХ-д өрсөлдөх бололтой. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдыг дүүрэгт нь, Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатарыг Сүхбаатарт, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг Хөвсгөлд, Н.Номтойбаярыг Дорнодод гээд 2012 оны сонгуульд өрсөлдөж байсан газруудад нь ч хүмүүсээ хуваарилжээ. Харвард төгсөөд удахгүй ирэх Л.Оюун-Эрдэнийг Хэнтийд өрсөлдүүлнэ гэдэг дээр хэдийнэ тохирсон аж. СХД-ийн хувьд хэл ам болсны эцэст Л.Эрхэмбаяр нэрээ татсанаар УИХ-ын гишүүн болох эрх нь нээгдэж байсан Д.Сумьяабазар нэр дэвших нь тодорхой бөгөөд мань хүн ч сүүлийн үед газрыг үнэд хүргэх талаар сонгогчдодоо таалагдах ажлаа эхэлж, ҮХЦ-д хүртэл өргөдөл гаргачихсан яваа. МАН-ын хувьд залуучуудаа дэмжинэ гэдэг дээр бодлогын түвшинд тохирчихсон ажээ.

АН

Эрх баригч энэ намын хувьд сонгуульд хэрхэн яаж оролцох нь одоог болтол тодорхойгүй л байна. Бусад намууд хэн хаана өрсөлдөхөө тодорхой болгочихоод бүр ажлаа эхэлчихээд явж байхад АН-ынхан бүх зүйл бүрхэг байгаад гишүүд нь ихээхэн бухимдалтай байгаа юм. Гэхдээ эрх барьж байгаа энэ намынхан төр засгийн өдөр тутмын ажлаасаа давахгүй, эдийн засгийн хямралдаа дарагдаад юун сонгууль манатай болчихоод байж магад. АН-ын дарга З.Энхболд сар гаруйн өмнөөс сонгуульд нэр дэвших магадлалтай, санал бодолтой байгаа хүмүүсийг нэгбүрчлэн хүлээн авч байгаа талаар хэвлэлээр бичигдэж байсан. Тэр үедээ боломжгүйд нь боломжгүй гэж, бас фракц харгалзахгүй дэмжинэ гэдгээ суудал зулгаагаад ирэх магадлалтай хүмүүстээ илэрхийлсэн гэх. Түүний фракцгүй нам болох талаарх санаачилгыг олон нийт талархалтай хүлээж аваад байгаа. Фракцийн тогтолцоогоор аливаа асуудлыг шийдэж ирсэн, энэ хэлбэр нь намыг, төрийн тогтолцоог хямралд хүргэчихээд байгааг нь харж байгаа хүмүүс үүнд нь талархахаас аргагүй. Гэхдээ намын гишүүд нь одоогоор хэрхэн фракциас ангид байхыг төсөөлж чадахгүй байгаа гэсэн. Харин сэхээрэлтэй зарим нэг нь фракцид ноёлуулсан АН-ын хувьд аврал хэмээж байгаа юм билээ. АН-ын дарга З.Энхболд эхний шатанд УИХ-ын гишүүдээ болон өмнө нь гишүүн байсан, хариуцлагатай алба хашиж ирсэн туршлагатай хүмүүсээ нэр дэвшүүлэх бодлого баримтална гэдгээ юуны өмнө тодорхойлсон. Гэхдээ АН-ын хувьд нэр дэвшигчид анхан шатны байгууллагаасаа олонхийн дэмжлэг авч гарч ирэх ёстой байдаг. 2008 оны сонгуульд УИХ-ын гишүүдээс К.Сайраан Баян-Өлгий, Р.Эрдэнэбүрэн Дундговийн анхан шатны намын байгууллагаас нэр нь гарч чадалгүй дэвшихгүй үлдэж байсан удаатай. Гэхдээ сүүл толгойгоо дагахгүй яахав гэгчээр намын бодлого байж л таарна. З.Энхболд дарга нэр дэвшигчдийг тодруулахдаа фракц харгалзахгүй, чадалтай чансаатай хүмүүсээ дэмжинэ гэсэн нь сайн хэрэг. Тэгэхгүй бол АН-ын хувьд ирэх сонгууль хатуу самар болох нь тодорхой байгаа. Өмнөх сонгуулиар жагсаалтад орсон хүмүүс бүгд тойрогт нэр дэвших бөгөөд нэр цэвэр, төрийн алба хашиж байсан туршлагатай залуучуудыг олноор оруулж ирэх байр суурьтай байгаа гэнэ. Энэ дунд Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байсан О.Эрдэнэбулган, БСШУ-ны дэд сайдаар ажиллаж байсан Б.Ургамалцэцэг нар яригдаж байгаа ажээ. Үнэндээ суудал авч чадах хэн бэ гэдгийг бодохоос аргагүй. Энэ хувилбараар яригдвал Булганд олимпийн аварга Н.Түвшинбаяр ч дэвших хувилбар байж болох гэнэ. Гэхдээ нэг аюул байгаа нь АН-ын хуучцуул өрсөлдөөнөө өөрсдөөрөө дуусгахгүй хуучин тойрогтоо нэг, нэг залуугийн нэрийг санал болгож, тэднийгээ хооронд нь алалцуулж юу ч биш болгох зовлон байгаа юм. Ямартай ч бусад намууд нь хэдийнэ тойргоо хувааж, мөлхөө ажиллагаагаа эхэлсэн байхад АН дөнгөж яриа хэлэлцээний түвшинд л явна.

Э.ЭНЭРЭЛ

Categories
мэдээ нийгэм

Сургуулийн хашаанд чоно орж иржээ

Сургуулийн хашаанд чоно орж иржээ Нийслэлийн Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 92 дугаар сургуулийн хашаанд өнгөрөгч шөнө чоно явж байсныг устгажээ. Энэ тухай дуудлагыг иргэн А өнгөрөгч шөнө 02:35 цагт цагдаагийн байгууллагад өгснөөр дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгалт явуулжээ. Сургуулийн хашаанд явж байсан чоныг хот тохижилтын анчнаар устгуулан, Онцгой байдлын хэлтэст хүргүүлжээ.