Монгол улсын гарьд, гавьяат тамирчин, чөлөөт бөхийн Ази тивийн аварга П.Сүхбат харамсалтайгаар амиа алдсан билээ. Тэрбээр БНХАУ-ын Эрээн хотын нэгэн зочид буудалд амьсгал хураасан байсан юм. Түүний үхлийн талаар Гадаад харилцааны яам “П.Сүхбат гарьд нь Эрээн хотын зочид буудалд байхдаа гадны нөлөөгүй таалал төгссөн” хэмээн олон нийтэд мэдэгдсэн. Гэвч талийгаачийн ар гэрийнхэн гадны нөлөөтэй нас барсан байж болзошгүй хэмээн хардаж байсан учир Хятадын цагдаагийн газар мөрдөн байцаалтыг явуулжээ. Тэд дүгнэлтээ саяхан гаргажээ. Дүгнэлтээр П.Сүхбат гарьд нь гадны нөлөөгүй нас барсан гэдэг нь тогтоогдсон байна. Үүнийг нь нотлох камерын бичлэг ирүүлсэн байна. Иймд Монгол улсын хүчит гарьд П.Сүхбат нь хэн нэгний гарт амиа алдаагүй зуурдаар талийгаач болсон гэсэн дүгнэлтийг Хятадын цагдаагийн газраас гаргасан байна.
Month: April 2015
Дэлхийн номын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан УИХ-ын Тамгын газраас “Номын өдөрлөг”-ийг Төрийн ордонд зохион байгуулж байна.
“Номын өдөрлөг”-ийг нээж УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар хэлсэн үгэндээ “Төрийн дээд институциуд, төрийн албан хаагчдад шинээр хэвлэгдсэн ном товхимлуудыг суртачлан танилцуулах зорилгоор УИХ-ын Тамгын газраас санаачлан Төр засгийн үйлчилгээг эрхлэх газар, номын худалдаа эрхлэгч, хэвлэн нийтлэгчид, хэвлэлийн газруудтай хамтран 5 дахь жилдээ энэ арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулж байгаа”-г онцлов.
Энэ хүрээнд Америкийн Монгол судлалын төвөөс англи хэлээр хэвлэгдсэн хууль эрх зүй, эдийн засаг, маркетинг, менежмент болон бусад шинжлэх ухааны 163 нэрийн 430 гаруй номыг УИХ-ын Тамгын газрын номын санд хандивлалаа.
Америкийн Монгол судлалын төвийн Монгол дахь суурин захирал Марк А.Тассэ энэ үеэр Монгол Улс бичиг үсэг тайлагдсан хүмүүсийн тоо болон дунд сургууль төгсөгчдийн тоогоороо дэлхийд дээгүүр ордог болохыг онцлоод, тус төвөөс сүүлийн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын 500 гаруй номын санд 60.000 гаруй ном хандивлаад байгаагаа танилцуулсан юм.
Төрийн ордонд болж буй “Номын өдөрлөг”-т хэвлэл, номын худалдаа эрхлэгч 9 байгууллага оролцож, шинээр хэвлэгдсэн ном товхимлуудаа танилцуулж байна.
1995 онд НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагаас /ЮНЕСКО/ дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг “Дэлхийн номын өдөр” болгон тунхаглаж, жил бүр тэмдэглэж иржээ. Энэ өдрийг зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, олон нийтэд ялангуяа хүүхэд залуучуудын дунд ном уншихын ач холбогдлыг суртачлах, нийтийн уншлагыг дэмжих зорилгоор дэлхийн 100 гаруй орон тэмдэглэдэг байна.
Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр өнөөдөр ОХУ-ын Москва хотын Улаанталбайд парад алхах бүрэлдэхүүний бэлтгэлийн явцтай танилцлаа. Тэрээр парад оролцогчдод “Дэлхийн орнуудын цэргүүдэд Монголын цэргийн сүр хүчийг гайхуулж, цог золбоолог гэдгээ харуул. Эр цэргийнхээ сүр хүчийг гайхуулах том боломж та нарын гарт байна” гээд захиасаа хэлж, амжилт хүссэн юм. Тэрээр бэлтгэл сайн базаагдсан байгааг ч энэ үеэр онцолсон юм. ОХУ нь жил бүрийн тавдугаар сарын 09-нд эх орны дайны ялалтын баярыг уламжлал болгон тэмдэглэж ирсэн бөгөөд 2010 онд 65 жилийн ойн баярын үеэр дайны үед холбоотон болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнуудын цэргийн бүрэлдэхүүнийг анх удаа урьж оролцуулсан. Харин Монголын цэрэг анх удаа оролцохоор бэлтгэлээ хангаад дуусч байна. Эх орны дайны ялалтын 70 жилийн баярын цэргийн ёслолын жагсаалд 14 000 цэргийн алба хаагч, 194 нэгж хуягт техник, 150 онгоц, нисдэг тэрэг оролцуулан явуулахаар төлөвлөснөөс гадна тус улсын 26 хотод цэргийн жагсаалыг явуулахаар бэлтгэж байна.Монгол Улс, БНХАУ, Энэтхэг, Азербайджан, Армени, Белорусь, Тажикстан, Казакстан, Киргизстан, Серби зэрэг 10 улсын Зэвсэгт хүчнээс тус бүр 70 цэргийн алба хаагч бүхий нэг нэг салбар оролцоно. Жагсаалыг удирдаж Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Батболд алхах бол Монгол Улсын тугийг ахлах дэслэгч Ж.Баярцогт, дэслэгч А.Алтантүлхүүр, хошууч А.Төгс-Эрдэнэ нар залан алхана. Парад алхах бүрэлдэхүүн маргааш өглөө ОХУ-ыг зорино.
Европын Холбооны дээд хэмжээний уулзалт өнөөдөр эхлэх юм. Уг арга хэмжээг яаралтай зохион байгуулах саналыг Итали болон Мальтай улс гаргажээ. Сүүлийн өдрүүдэд Газрын дундад тэнгисээр дамжин Африкаас ирж буй дүрвэгсдийн асуудал дэлхийн нийтийн анхаарлыг татах болсон. Тиймээсасуудлыг яаралтай хэлэлцэжшийдэх арга замыг олох шаардлагатай болжээ.Өнгөрсөн ням гаригийн шөнө Ливиэс Италийг зорьж явсан усан онгоц осолдож 1000-аад дүрэгсэд амь үрэгдсэн юм. Нэг долоо хоногт хоёр ч удаа ийм осол гарч олон хүн амиа алдсан билээ. Өнгөрсөн даваа гаригт Люксембур хотноо Европын Холбооны гишүүн орнуудын Гадаад хэргийн сайдууд Люсембургт уулзахдаа мөн энэ асуудлыг хэлэлцсэн аж.
ХХАА-н сайд Р.Бурмаа, холбогдох албаныхан Хэнтий аймгийн Норовлин, Дорнод аймгийн Баян-Уул, Дашбалбар суманд гарсан ой хээрийн түймрийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж байна.
Энэ сарын 18-нд Дорнод аймгийн Дашбалбар хилийн застав, Баян-Уул сумын хилийн 0275-р ангийн Ульхан заставаар ОХУ-аас хээрийн түймэр орж ирсэн. Өнөөдрийн байдлаар Баян-Уул сумын орчимд дэгдсэн ой хээрийн түймэр нэлээд томоохон бүсийг хамарч, Царам, Цагаан тэмээ, Зүрхний даваанд ой модондоо асаж байна. Харин Дашбалбар сумын түймрийг өчигдөр бүрэн унтрааж цурманд оруулсан гэсэн сайн мэдээ байна. Дээрх хоёр түймрийг унтраахаар нийслэлийн болон аймгийн онцгой байдлын алба хаагчид, цэргийн анги, нутгийн иргэд долоо хоногийн турш ажиллаж байгаа юм. Тэдний галтай тэмцэх хамгийн гол багаж нь үлээгч аппарат бөгөөд энэ нь шатахуунаар ажилладаг. Иймд аймаг, сумын нөөц сангаас гаргасан шатахууны нөөц дуусч, ШТС-уудаас зээлээр авч эхэлжээ. Бусдын тусламж, дэмжлэг хэрэгтэй энэ үед ХХААЯ-наас 18 сая төгрөгийн бэлэн мөнгө, хүнсний үйлдвэрүүдээс цагаан будаа, гоймон, овьёос, гурил, дөрвөн төрлийн малын эм бэлдмэл, бүтээгдэхүүний тусламж үзүүлж байгаад нутгийн иргэд талархлаа илэрхийлсэн байна. Одоо түймрийн нөхцөл байдал салхинаас хамаарч байна. Түймрийн голомт бүхий сумдад 25 метр секундийн салхитай байгаа тул хэдий цурманд оруулсан ч хилийн хэсгээр ОХУ-ын талд түймэр намжаагүй ой модондоо асч тул салхины аясаар байнга орж ирж байна. Тиймээс хилийн зурвас дээр галыг намжаах арга хэмжээ авч байна.
Оюуны өмч, зохиогчийн эрх түүнд хамаарах эрхийг хамгаалах хүрээнд жишиг тогтоох зорилгоор Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, уран бүтээлчдийн шилдэг дуу хөгжим, бүтээлийн жагсаалтыг Үндэсний Радио Телевизийн сувгуудаар олон нийтэд түгээх, мөн зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийг хамгаалах чиглэлээр МҮОНРТ, МОСКАП, МДББҮТ, Hi-Fi Медиа групп хамтран ажиллахаар боллоо.
Энхүү хамтын ажиллагааны хүрээнд оюуны өмчийн зөвшөөрөлтэйгээр “Монголын шилдэг дууны албан ёсны жагсаалт”-ыг долоо хоног бүр тогтмол гаргаж, 2015 оны тавдугаар сарын 20-оос МҮОНРТ-ийн сувгуудаар оргил цагуудаар үзэгчдэд хүргэнэ.
Шилдэг дууны албан ёсны жагсаалтыг гаргахдаа дуу, цомгийн биет болон цахим борлуулалт, гар утасны рингтон таталт, youtube болон радио лайк, дууны стрим сонсолт, мэргэжлийн экспертүүдийн санал зэрэг олон үзүүлэлтийг харгалзана. Мөн жагсаалт үнэн зөв гарсан эсэхэд хөндлөнгийн шинжээчдийн баг хяналт тавих бөгөөд манай уран бүтээлчдийн дуу, хөгжмийн бүтээлийн борлуулалт, онлайн хандалт зэрэг олон төрлийн статистик үзүүлэлтийг хөтөлж, мэдээллийн санг бий болгох нь олон талын ач холбогдолтой гэж тус ажлыг санаачлагчид үзэж байна.
Үүнээс гадна, хөгжмийн зохиолч, зохиолч, уран бүтээлчдийн дуу хөгжим, бүтээлийг хууль бусаар ашиглах, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хууль бусаар түгээх явдлыг таслан зогсоож, цэгцлэх чиглэлээр талууд хамтран ажиллаж, олон нийтэд зориулсан цуврал видео ролик, нэвтрүүлэг зэргийг Үндэсний Радио Телевизээр тогтмол цацаж байх талаар тохиролцоонд хүрчээ.
Энэхүү “Монголын шилдэг дууны албан ёсны жагсаалт”-ыг гаргах болсонтой холбогдуулан маргааш буюу дөрөвдүгээр сарын 24-ний баасан гарагийн 12:00 цагт МҮОНРТ-ийн Олон Нийтийн мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал болно.
Энэхүү хурал нь Дэлхийн Оюуны Өмчийг Хамгаалах Өдрийг угтан болж байгаагаараа бас онцлогтой юм. Тус хэвлэлийн бага хурлын үеэр дөрвөн талын төлөөлөл Харилцан Ойлголцолын Санамж Бичигт гарын үсэг зурах бөгөөд мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултанд хариулна.
Холбоо барих утас: 99884513
Дэлхийд эх орноо төлөөлөн чамгүй амжилттай оролцсон “Miss World Mongolia 2014”-ийн үндэсний ялагч, Азийн топ модель Т.Батцэцэг “Монгол ээж” хэмээх сайн үйлсийн аяныг санаачилжээ.
Энэхүү аяны хүрээнд Монголын мянга мянган өрх толгойлсон ээжүүдэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм байна.
Т.Батцэцэгийн санаачилгаар эхэлж буй уг аяны удирдагчаар “Miss Mongolia 2009”-ийн үндэсний ялагч, Андра загварын агентлагийн захирал, Топ модель Х.Бадамгэрэл ажиллах юм байна.
“Говь Повер” компанитай холбоотой асуудлаар “Эрдэнэс тавантолгой”-н захирал Я.Батсуурийг АТГ-аас баривчлан саатуулснаас хойш хоёр сарын хугацаа өнгөрч байна. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутган АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс хориод байгаа. Тэгвэл Я.Батсуурь дөрөвдүгээр сарын 21-ний өдөр намынхандаа хандан захидал бичсэн талаар “Өдрийн сонин”-ы өчигдрийн дугаар дээр нийтэлсэн билээ. Тэрбээр Монголын төрд хоёргүй сэтгэлээр 30 жил зүтгэсний дараа шоронд хоригдож буйдаа гомдолтой байгаагаа илэрхийлсэн юм. Мөн энэ хэргийг шалгахдаа намайг батлан даалтад гарган шалгахыг АТГ болон бүх шатны прокурор, шүүхэд хандаж таван удаа хүсэлт явуулсан боловч тухай бүрт татгалзсан хариу авсан тул аргагүй эрхэнд журмын нөхдөдөө хандан энэ талаар туслалцаа дэмжлэг үзүүлэхийг хүссэн билээ. Өмгөөлөгч Х.Базаррагчаа нь Я.Батсуурийг Цагдан хорих 461 дүгээр ангийн хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэж мэдэгдэж байсан юм. Тэгэхээр Я.Батсуурь өнөөдөр батлан даалтад гарахаар болжээ.
Үндэснийхээ эрх ашгийн төлөө тэмцдэг бид бол үндсэрхэг үзэлтэн “Босоо хөх Монгол бүлгэмийнхэн” гэж өөрсдийгөө олон нийтэд өргөмжилдөг хэсэг нөхөд дахин гадны иргэдийг дарамтлан, мөнгө нэхжээ. Тодруулбал энэ сарын 21 ний өдөр “Босоо хөх Монгол” бүлгэмийн удирдах зөвлөлийн гишүүн Х.Алтанзаяа, Б.Булганбаяр нар согтуурсан үедээ нийслэлийн Налайх дүүрэгт байрлах тоосгоны үйлдвэр, барилга зэрэгт ажилладаг Хятад ажилчдыг шантаажилж, мөнгө нэхэн танхайрсан байна. Тэд өмнө нь Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст бусдыг дарамталж, мөнгө авсан хэргээр шалгагдаж байсан юм. Өмнөх хэрэг нь шийдвэрлэгдээгүй, мөрдөн байцаалтын ажил үргэлжилж байхад дахин Налайх дүүрэгт танхайрсан гэж цагдаагийнхан тэднийг саатуулжээ. Эх сурвалжийн мэдээлснээр тэдэнд Налайх дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Мэргэжлийн Жюү-жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр АНЭУ-ын нийслэл Абу-Дабигийн “IPIC Arena”-д эхэлж байна. Манай улсаас 11 тамирчин хүчээ үзэхээр өнгөрөгч мягмар гарагт эх орноосоо мордсон. Эдгээр тамирчны дотор үндэсний бөхийн улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Д.Азжаргал, улсын начин Б.Сугаржаргал нар багтжээ.
Г.Эрхэмбаяр аварга, Д.Азжаргал арслан хоёр “Мастерс” ангиллын +95 кг-д барилдах бол Б.Сугаржаргал начин хөх бүсний ангилалд +95 кг-д хүч үзэх юм байна.
Харин эмэгтэйчүүдийн 65 кг-д А.Саранзул, Б.Буяндэлгэр, 75 кг-д М.Сугар, +75 кг-д О.Жаргалсайхан нар зодоглож байна.