Categories
мэдээ нийгэм

Дэлхийн шилдэг 100 сургуульд 65 оюутан тэнцжээ

Дэлхийн шилдэг 100 их сургуульд оюутан суралцуулах сонгон шалгаруулалтыг 2015 оны 4-р сарын 6-20-ны өдрүүдэд зохион байгуллаа. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан 165 иргэнийг бүртгэлд хамруулсан бөгөөд тэдний 65 нь АНУ-ын Harvard, Stanford, US Berkeley, California-гийн их сургууль зэрэг дэлхийн шилдэг их сургуулийн жагсаалтын эхний 20 сургуульд тэнцэж урилга авсан байна. Эхний 20 сургуульд тэнцсэн оюутнууд өөрийн хүссэн мэргэжлээр суралцах бүрэн боломжтой юм. Бүртгэл зарлагдсанаас хойш ажлын хэсэг удирдамжийн дагуу шалгуулагчийн баримт бичгийг үнэлж, дэлхийн шилдэг сургуулийн 1-20-д жагссан сургуульд тэнцсэн, мөн шилдэг сургуулийн 21-80-д жагссан сургуульд тэнцэж баримт бичгийн үнэлгээгээр 23-аас дээш оноо авсан 96 шалгуулагчийг ярилцлагад оруулсан байна. Дэлхийн шилдэг 100 сургуулийн эхний 20 сургуульд багтаж, хүссэн мэргэжлээрээ суралцахыг хүсвэл оюутан тухайн сургуульдаа өөрийгөө танилцуулна, суралцах өргөдөл, хүсэлтээ гаргана. Тухайн сургууль нь өөрийн шалгуурын дагуу шалгалтаа авна, тэнцвэл урилгаа явуулдаг. Оюутан төрөөс санхүүжилт авахын тулд БСШУЯ-нд албан ёсоор хүсэлтээ гаргах ёстой юм.

-ИРЭХ ОНД ТА Ч МӨН ШИЛДЭГ СУРГУУЛЬД СУРАЛЦАХ БОЛОМЖТОЙ-

БСШУ-ны сайдын төсвийн багцад 2015 онд гадаадад оюутан суралцуулахаар батлагдсан зардлын хэмжээнээс хамаарч сонгон шалгаруулалтын дүнгээр эхний 35-д жагссан иргэдийн сургалтын төлбөрийг энэ онд гэрээ байгуулан санхүүжүүлэхээр болжээ. Дэлхийн шилдэг 100 сургуулийн эхний 20-д багтсан сургуулиас урилга авсан иргэдийн тоо, сонгон шалгаруулалтад орсон иргэдийн сурлагын чанар жилээс жилд өсч байгаа талаар албаны хүн мэдээлсэн юм. Ирэх онд мөн дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцах боломж оюутан, сурагчдад байгаа гэдгийг тэнцэгчид хэлж байлаа. 21-80-д багтсан суралцагчид нь Засгийн газраас зарласан мэргэжлүүдээр суралцах юм байна. Үүнд: Авто замын барилга, Бага ангийн багш, Сургуулийн өмнөх боловсролын багш, Байгалийн ухааны чиглэлийн багш, Геологи,Гидрогеологи, Тидромеханик инженер, Усны нөөц, экологи, Уул уурхайн ашиглалтын технологи, Уул уурхайн машин тоног, төхөөрөмж, Малын эмч, Мэдээллийн систем, Газрын тосны хадгалалт, тээвэрлэлт, Сантехник, инженерийн байгууламж, Сэргээгдэх эрчим хүч, Нано инженерчлэл, Биотехнологи, Цөмийн эрчим хүч, Онош зүй, Эмнэлзүйн шинжлэх ухаан судлал зэрэг мэргэжлүүд багтсан байна. Мөн ирэх таван жилд БНХАУ-ын их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрүүдэд 1,000 оюутан суралцуулна гэдгийг БСШУЯ-наас албан ёсоор мэдэгдээд байгаа.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн онцгой байдлын комисс 16 дугаар байрны асуудлыг хэлэлцэв

Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар орон сууцанд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын комиссын ээлжит хурал боллоо. Хурлыг нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа удирдан явууллаа. Хурлаар Нийслэлийн Онцгой байдлын комиссын 04 сарын 22-ны өдөр өгсөн үүргийн дагуу холбогдох албаныхан хэрхэн ажилласан талаар мэдээлэл өгч, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэг бүхий нийслэлийн Онцгой байдлын комиссын даргын тушаал гаргахаар шийдвэрлэлээ. Уг тушаалаар үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан шаардагдах зардлыг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс түр гаргахаар болж, ажлыг эрчимжүүлэх үүргийг холбогдох албаныханд өглөө. Тус асуудалтай холбогдуулан зарим албан тушаалтан, компанийн удирдлагуудыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гаргах дүгнэлтийг үндэслэн хуулийн байгууллага шалгах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Хуулийн дагуу Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргасан зардлыг холбогдох компаниас гаргуулна. Нийслэлийн МХГ-ын урьдчилсан дүгнэлт өнөөдөр /04.24/ 15 цагт гарна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Пакистаны 10 мянган цэрэг хятад ажилчдыг хамгаална

Пакистаны арми хятад ажилчдыг хамгаалахын тулд тусгай хүчин байгуулах болсноо зарлалаа. Бээжингийн дэглэм Пакистанд эдийн засаг, хөгжлийн шинэ төслүүд хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд их хэмжээний ажиллах хүч нийлүүлэхээр болсон юм. Хятадын лидер Си Зиньпин Исламабадад албаны айлчлал хийж Пакистаны Ерөнхийлөгч Мамнун Хуссейнтэй уулзсаны дараа ийм тохиролцоонд хүрлээ хэмээн Пакистаны “Dawn” сонин мэдээлэв.

Хятад, Пакистаны удирдагчид эдийн засгийн томоохон төслүүдэд гарын үсэг зурсныг хэв­лэлүүд онцолж байна. Бээжингийн тал хоёр улсын хоорондох эдийн засгийн төсөлд 46 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Энэ төслийн хүрээнд 28 тэрбумын өртөгтэй дэд бүтэц байгуулах 51 гэрээ, тохиролцоонд гарын үсэг зураад байна. Исламабад үүний хариуд Пакистанд ажиллах хятад ажилчдын аюулгүй байдлыг дээд зэргээр хангана хэмээн амлав. Тус улс дахь хятад ажилчид лалын радикал бүлгийнхний довтолгоонд нэг бус удаа өртөж байсан билээ.

Пакистаны арми 10 мянган цэргээс бүрдсэн тусгай хүчнийг байгуулж хятад ажилчдыг хамгаална хэмээн албаны эх сурвалж мэдээллээ. Энэ тусгай хүчин нь аюулгүй байдлаар мэргэшсэн хэд хэдэн батальоноос бүрдэх аж. Пакистаны зарим улстөрч, тоймчид энэ мэдээг таагүй хүлээж авчээ. Учир нь сүүлийн үед радикал бүлгүүд Пакистаны үндэсний цөөнх рүү довтлох нь нэмэгдэж байгаа ч эрх баригчид үүний эсрэг олигтой арга хэмжээ авч чадахгүй байгаа аж. Өнгөрсөн сард Лахоре хотын хамгийн ядуу дүүргийн нэгд байдаг хоёр христос сүмд амиа золиослогч этгээд халдлага үйлдэж олон хүний аминд хүрсэн юм. Үндэстний, шашны цөөнхөө хамгаалж чадахгүй байж гадаадын ажилчдыг хамгаалахаар олон зуун саяын зардал гаргаж байна хэмээн тэд Засгийн газраа шүүмжилж байна. Пакистанд үндэстний цөөнх, лал бус шашинтай иргэдийг хамгаалах ажил ихээхэн доголдолтой байдаг. Дээр нь тэдний эсрэг аллага үйлдсэн хүмүүс ямар ч ял шийтгэлгүй хоцрох нь жирийн үзэгдэл болсон ажээ.

Categories
мэдээ спорт

Цувралын гурав дахь тоглолт өнөөдөр болно

Үндэсний супер лигийн аваргын төлөөх тоглолтууд Спортын төв ордонд эдгээр өдрүүдэд үргэлжилж байна. Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 24-ний өдөр 19.00 цагаас аваргын төлөө өрсөлдөж буй “Дорнод Танан Гарьд”, “Дундговь Альянс Тех Харцага” багуудын цувралын 3 дахь тоглолт болно.

Цуврал: 1:1

“Дорнод Танан Гарьд” vs “Дундговь Альянс Тех Харцага” – 118:113 /Нэмэлт цаг/

“Дундговь Альянс Тех Харцага” vs “Дорнод Танан Гарьд” 105:97

Categories
мэдээ нийгэм

МУГЖ С.Жавхлан гал унтраалцаж явна

МУГЖ, дуучин С.Жавхлан “Хамаг Монгол” төслийнхөө хамт олонтой Дорнод аймгийн Баян-Уул суманд гарсан түймрийн голомтод ажиллаж байгаа ажээ. Эх орон, ард түмэн, аав ээжийн тухай аялгуут сайхан дуугаа түмэндээ хүргэдэг дуучин С.Жавхлан энэ удаа эх орноо гал түймрийн аюулаас хамгаалах их үйл хэрэгт гар бие оролцож яваа нь энэ аж. Тус төслийн 16 залуу өчигдөр Баян-Уул сумын удирдлага хамт олонд хандивын зүйлсээ хүлээлгэн өгсний дараа галын цэг рүү хөдөлжээ. Байдал хүнд байгаа тул хүн бүрийг түймрийн эсрэг хүчээ өгөхийг залуус уриалж “Бидэнд нэмэлт хүч хэрэгтэй байна” хэмээн фэйж хуудастаа бичиж үлдээсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбурханаар өвдсөн 307 тохиолдол бүртгэгдэв

Энэ сарын 23-ны өдрийн 10 цагийн байдлаар Монгол улсын хэмжээнд

Улаанбурхан өвчний 307 тохиолдол лабораторийн шинжилгээгээр батлагджээ.

-Улаанбаатар хотын СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Архангай, Баянхонгор аймагт Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 307 (15%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.

-ХӨСҮТ-д нийт 307 хүн хэвтэн эмчлэгдэж, шинээр 62 хүн хэвтсэн бөгөөд 26 хүн эмнэлгээс эмчлэгдэн гарсан байна. Үүнээс 72 хүн хүнд болон хүндэвтэр явцтай, 14 хүн эрчимт эмчилгээнд хэвтэн эмчлэгдэж байна хэмээн ХӨСҮТ-өөс мэдээлэв.

Categories
мэдээ спорт

Шатрын УАШТ ням гаригт өндөрлөнө

Шатрын улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 55 дахь, эмэгтэйчүүдийн 47 дахь удаагийн тэмцээн Хан-Уул дүүрэг дэх Мал аж ахуйн хүрээлэнгийн байранд болж байна. Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 14, эмэгтэй 12 шатарчин тойргийн журмаар өрсөлдөж байгаа юм.

Эрэгтэйчүүдийг 9 өргийн дараах байдлаар ОУИМ Ц.Батчулуун 7.0 оноогоор тэргүүлж байгаа бол ОУИМ Б.Хатанбаатар 5.5 оноогоор удаалж байна. Харин 5.0 оноотой зургаан тамирчин III-VIII байрт бичигдэж байна.

Эмэгтэйчүүдийг ОУМ Янжинлхам, ОУМ Б.Анхчимэг нар 7.0 оноогоор тэргүүлж байгаа бол ФМ С.Отгонжаргал 5.5 оноогоор гуравт, ФМ Т.Мөнхзул, спортын дэд мастер Ү.Үүрийнтуяа 5.0 оноогоор IV-V байрт жагсаж байна.

Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр эрэгтэй 10, эмэгтэй 9 дэх өргийн тоглолт болох бөгөөд ирэх ням гаригт сүүлийн өрөг болсноор улсын аваргын медальтнууд тодрох юм.

IV.24 (Баасан гариг)

09:00-13:00 Эрэгтэй 10-р өрөг, Эмэгтэй 9-р өрөг

IV.25 (Бямба гариг)

09:00-13:00 Эрэгтэй 11-р өрөг, Эмэгтэй 10-р өрөг
15:00-19:00 Эрэгтэй 12-р өрөг,

IV.26 (Ням гариг)

09:00-13:00 Эрэгтэй 13-р өрөг, Эмэгтэй 11-р өрөг
13:00-14:00 Шагнал гардуулах ёслолын ажиллагаа

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч түймэртэй нутагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гал түймрийн аюулд өртөөд байгаа зүүн аймгуудад ажиллахаар өчигдөр Улаанбаатараас мордсон билээ. Тэрээр түймэртэй байгаа Дорнод аймгийн Баян-Уул суманд ажиллаж орон нутгийн иргэд, түймрийн голомт дээр гал унтраахаар ажиллаж буй хүмүүс, цэрэг, дайчидтай уулзлаа. Тэд түймэр унтраахаар нойр, хоолгүй ажиллаж байна.

Дорнод аймгийн нийт нутаг дэвсгэрийн гуравны нэг, Баян-Уул сумын нутаг дэвсгэрийн 50 хувь нь түймэрт өртжээ. ОХУ-аас хоёр чиглэлээр хил давж орж ирсэн гал ийнхүү Баян-Уул сумын газар нутгийн тал хувийг хамарсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Дорнод аймагт ажилласныхаа дараа Хэнтий, Сүхбаатар аймгийг зорих юм.

Categories
мэдээ улс-төр

Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.04.24/ УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив.

Монгол Улсын Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдсантай холбогдуулан Улсын Их Хурлаас 2014 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг шинэчлэн баталсан.

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль шинэчлэн батлагдсанаар хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого болон гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэлийн асуудал Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах болсон тул Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасны дагуу хуучин төрийн захиргааны төв байгууллага /Эдийн засгийн хөгжлийн яам/-ын хэрэгжүүлж байсан чиг үүргийг Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа холбогдох төрийн захиргааны байгууллагад шилжүүлж, нэр томьёог уг хуульд нийцүүлэн өөрчлөх шаардлага үүсчээ. Иймд Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 6 зүйлтэй хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэрэгжилтийг хариуцан зохион байгуулах төрийн захиргааны байгууллага тодорхой болох ч хуулийн төсөлтэй холбогдуулан орон тоо, төсөвт нэмэлт, өөрчлөлт орохгүй гэдгийг хуулийн төслийг өргөн барих үеэрээ УИХ-ын даргад танилцуулав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн болон хувийн компани

МОРЬ БА МАШИН

“Хэрвээ машин бүтээхээс өмнө хүмүүсээс ямар унаа хүсч буйг асуусан бол тэд “хурдан морь” л гэх байсан байх” гэж Хенри Форд нэгэнтээ хэлсэн байдаг.

Энэ үг бол бизнесийн үндсэн зарчим, ухагдахууныг агуулсан гэж боддог. Мэдээж хүмүүст хурдан морь биш хүрэх ёстой газраа зовиур багатай хурдан хугацаанд хүрэх л чухал. Энэ бол тэдний хэрэгцээ шаардлага. Гагцхүү тэр хэрэгцээ шаардлагыг өөрсдийн хэвшмэл тогтсон ойлголт, дассан зуршил дээр тулгуурлан тодорхойлж байгаа тухай Форд хэлсэн болов уу. Харин бизнес бол тийм биш гол зорилгыг хангахад чиглэсэн хамгийн үр дүнтэй аргыг хайж олох бол бизнесийн зарчим.

Хэрэв бид хүмүүсээс төрийн компани хэрэгтэй юу, хувийн компани хэрэгтэй юу гэж асуувал төрийн компани гэсэн хариулт давамгайлж магадгүй юм. Төрийн тухай нийтийн ухамсарт бууж байгаа тэр ойлголт нь эртнээс уламжлагдан ирсэн, бүхий л зүйлийг төр шийдэж байсан үеэс салаад нэг үе ч өнгөрөөгүй байгаа зэргээс ийм дүгнэлт хийж байна.

Төр бол иргэдийн ашиг сонир­холыг хамгаалагч, тэдэнд хувь хишиг хүр­тээгч, асуудлыг шийдвэрлэгч гэсэн сэтгэлгээ биднээс салаагүй байна. Төрөөс асуудлыг шийдэх байх гэсэн хүлээлт бидэнд байсаар байна.

Гэхдээ иргэдийн сонирхол бол хэний өмчлөлд тухайн компани байх чухал биш гол нь үр өгөөж.

Төрийн өмчит компани иргэдийн гол хүсэн хүлээгээд байгаа тэрхүү үр өгөөжийг яагаад өгч чадахгүй байна вэ?

Хамгийн товчдоо компани гэдгийг хамтран ашиг олох зорилгоор бий болгосон тогтолцоо гэж ойлгож болох байх.

Компанийн хувьд нэгдүгээрт ашиг олох зорилго байна. Энэ зорилго алдагдвал компани биш. Компанийн тогтолцоо, зарчим, үйл ажиллагаа нь ашгийн төлөө гэсэн ганц л үндсэн зорилго дээр суурилдаг.

Төрийн өмчит компанийн тухайд хамгийн төвөгтэй асуудал бол тухайн төрийн өмчит компани нь шийдвэр гаргах эрх бүхий этгээдүүдийн өмч биш байдаг. Өөрөөр хэлбэл шийдвэр гаргаж байгаа этгээдүүдэд тухайн компанийн ашиг алдагдал шууд нөлөөлдөггүй гэсэн үг.Нэгэнт шийдвэр гаргах этгээдүүдийн өмч биш учраас компанид ашигтайгаар бус өөртөө ашигтайгаар асуудлыг шийдвэрлэх хандлага гарч ирдэг.

Хувийн компанийн хувьд хувьцаа эзэмшигч өөрийн хөрөнгийг хамгийн үр ашигтайгаар нэмэгдүүлэх арга замыг эрэлхийлдэг. Ингэхээс ч өөр арга байхгүй.Тэд өөрийн өмчөөрөө хөрөнгө оруулсан, эрсдлээ өмчөөрөө хариуцаж ашгийг нь мөн өөрөө авдаг учир асуудлыг шийдвэрлэхдээ ашиг олох хамгийн үр дүнтэй арга замыг сонгодог гэсэн үг.

Тиймээс хувийн өмчит компанийн хувьд удирдлагыг хэрэгжүүлэх Тө­лөө­лөн удирдах зөвлөл болон Гүйцэтгэх захирлыг сонгохдоо өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх ур чадвартай этгээдийг сонгох сонир­холтой байдаг.

Хувьцаа эзэмшигч Төлөөлөн удирдах зөвлөл, Гүйцэтгэх захирал зэрэг нь тусдаа эрх хэмжээ, чиг үүрэгтэй байдаг бөгөөд хэн нэгний чиг үүргийг нөгөө этгээд нь хэрэгжүүлэх, үйл ажиллагаанд хөндлөгөөс оролцох нь тухайн компанийн засаглалд сөрөг нөлөө үзүүлж улмаар ашиг орлого буурхад хүргэдэг. Хариуцлага тооцох тогтолцоо ч маш тодорхой.

Хувийн өмчит компанийн хувьд хувьцаа эзэмшигч нь өөрийн оруулсан хөрөнгийн хэмжээгээр хувьцаа эзэмшиж, эзэмшиж буй хувьцааны хэмжээгээр санал өгөх эрхтэй. Хувьцаа эзэмшигч нар дүрмийг батална. Тэрхүү батлагдсан дүрмийн хүрээнд Төлөөлөн удирдах зөвлөл болон Гүйцэтгэх захирал өдөр тутмын удирдлагаар компанийг хангаж, Гүйцэтгэх захирал Төлөөлөн удирдах зөвлөлийн өмнө, Төлөөлөн удирдах зөвлөл Хувьцаа эзэмшигчийн өмнө хариуцлага хүлээдэг энгийн атлаа хариуцлагатай, үр ашиг руу чиглэсэн тогтолцоо байдаг.

Төрийн өмчит компанийн удирд­лагын тухайд асуудал төвөгтай болж ирнэ.

Хувьцаа эзэмшигчийн эрх үүргийг Улсын Их Хурал, Засгийн газар, Төрийн өмчийн хороо тус бүр хувааж эдлэхээр зохицуулагдсан байдаг. Хөрөнгийг захиран зарцуулах жур­мыг тодорхойлох, захиран зар­цуулах, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилох зэрэг хувьцаа эзэмшигчийн эрхүүд дээрх гурван байгууллагад хуваагддаг. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьд бол бүр тусгай зохицуулалттай. Хүний хөгжлийн сангийн тухай хуульд зааснаар Төлөөлөн удирдах зөвлөл нь 9 гишүүнтэй байх бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тус бүр 1 хүний, Засгийн газар 6 хүний нэрийг тус тус дэвшүүлж, тэдгээрийг Засгийн газар томилох зохицуулалт байдаг.

Хяналтын зөвлөл 5 гишүүнтэй, хяналтын зөвлөлийн гишүүдэд Улсын Их Хурлын Эдийн засгийн, Нийг­мийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Хууль зүйн байнгын хороо тус бүр 1 хүний, Төсвийн байнгын хороо 2 хүний нэрийг дэвшүүлж, тэдгээрийг Улсын Их Хурал томилохоор заасан байдаг.

Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд хувьцаа эзэмшигчийн эрх үүргийн олон байгууллага хувааж эдэлж, тухайн байгууллагын шийдвэр зөвхөн хувьцаа эзэмшигчийн эрх үүргээр хязгаарлагдахгүй компанийн Төлөөлөн удирдах зөвлөл, Гүйцэтгэх захирлын шийдэх асуудлыг шийдвэрлэх, Гүйцэтгэх захиралтай шууд харьцаж удирдах зөвлөлийн чиг үүргийг үнэгүйдүүлэх хандлагууд байсаар байна.

Нээлттэй нийгэм форумын санаачлага, санхүүжилтаар Монгол Улсын уул уурхайн яамтай тохиролцон тө­рийн өмчийн оролцоотой уул уурхайн компанийн засаглалын өнөөгийн түвшинг тодорхойлж түү­нийг сайжруулах талаар зөвлөмж гаргах ажлыг 2014 онд хийжээ. Судалгаанд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой одоогоор үйл ажиллагаа явуулж буй 9 компани хамрагдсан бөгөөд тэдгээрийн засаглалын үнэлгээ нь нийт 100 хувийн үнэлгээ авахаас 9,7-24 хувийн үнэлгээг авсан байна.

Энэ бол маш муу үнэлгээ юм.Хууль, эрх зүйн зүйн орчин төрийн өмчит компанийн удирдлагын тогтолцоо төрөөс хараат бус байх боломжийг алдагдуулж улс төрийн нөлөөлөлт бүрэн оруулж байна.

Төрийн байгууллагууд харилцан уялдаагүй, компанийн үр ашгийг нэмэгдүүлэх бус улс төрийн зорил­го­той шийдвэрүүдийг гаргах, шийд­вэрүүд компанийн үр ашиг дээр суурьлагдахгүй байгаа тогтолцоо байсаар байгаа нь дээрх муу үнэлгээ авахад нөлөөлж байгаа юм.

Хувийн компанийн үйл ажил­лагааны үр дүнг ашиг орлогоор шууд хэмжих боломжтой. Энэхүү тогтолцоо ашиг олох үндсэн зарчим дээр суурилж бий болж байгаа учир ур чадвартай, шударга тогтолцоо байхыг шаарддаг.

Төрийн өмчит компанийн хувьд ашиг орлого бус ашиг сонирхол дээр тулгуурлан үйл ажиллагаа явуулах өндөр магадлалтай. Иймээс л хуулийн зохиуулалт, тогтолцооны асуудлыг чухалчилан авч үзэх шаардлагатай байгаа юм.

Төрийн зохицуулалтын чиг үүрэг, өмчлөх эрхийн хэрэгжүүлэх чиг үүргүүд нь тусдаа зарчим дээр тулгуурлан явагдсан тохиолдолд Төрийн өмчит аж ахуйн нэгж болон Төрийн байгууллагын ялгааг тодор­хойлох боломжтой болох юм.

Өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, ашиг олох үйл ажиллагаа нь зах зээлийн зарчимаар явагдах ёстой бөгөөд аль болох улс төрийн нөлөөллөөс ангид шийдвэр гаргах, бусад хувийн хэвшлийн аж ахуйн нэгжтэй ижил хэмжээнд өрсөлдөх чадвартай байх зэрэг шаардлагыг хангасан байх ёстой.

Энэхүү сөрөг нөлөөллийг за­са­хад хууль тогтоомжийг боловс­ронгуй болгох гэсэн ерөнхий хэвшмэл дүгнэлтээр нийтлэлийг дуусгамааргүй байна.

Гол асуудал нь Хувийн хэвшлийн компанийн удирлагын тогтолцоог Төрийн өмчит компанид бий болгох зайлшгүй шаардлага тавигдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл удирдлагыг хувьчилах асуудал. Хяналт тавьж, үр ашиг шаардаж, хариуцлага тооцдог болохыг тулд дээрх алхамыг зайлшгүй хийх шаардлагатай. Үүнийг мэдэхгүйдээ биш энэхүү тодорхойгүй, зам­бараагүй удирдлагын тогтолцоо хэн нэгэнт ашигтай байгаа учираас өөрчилөхгүй байгаа гэж хардахад хүргэнэ.

Бидэнд үр ашиг хэрэгтэй. Үр ашигт хүрэх хамгийн дөт зам хэрэгтэй.

ХУУЛЬЧ Б.ЦЭЦЭНБИЛЭГ