Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүдийн улбар шар өдөр

УИХ-ын үдээс өмнөх нэгдсэн хуралдаан эхлэхэд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын гаргасан санаачлагын хүрээнд сар бүрийн 25-ны өдрийг эмэгтэйчүүд, охидын гэгээлэг, хүчирхийллээс ангид ирээдүйг билэгдэж улбар шар өдөр болгохоор дэлхийн бүх парламент, Засгийн газар, иргэний байгууллагуудад хандаж уриалсныг дуулгаад Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдээс Улсын Их Хурлын нийт гишүүддээ улбар шар өнгийн ороолт, зангиа гардуулан өгч буйг мэдэгдсэн юм.

Улбар шар өдрөөр УИХ есөн асуудал хэлэлцэхээр тогтлоо.

Categories
мэдээ улс-төр

Ажлын талбайд, гадна талбайд хүн гэмтсэн бол ажил олгогч нөхөн төлбөр төлж магадгүй

Улсын Их Хурлынүдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдсэн юм.

Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлдээ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль нь 2008 онд батлагдаж энэ чиглэлээр бодлого, удирдлагын тогтолцоо бий болж, үйл ажиллагааг зохион байгуулах арга хэлбэр төлөвшиж ахиц өөрчлөлт гарч байгаа ч хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хэм хэмжээг олон улсын түвшинд ойртуулах, салбарын яамд, орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын оролцоог нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны гүйцэтгэх чиг үүргийг хуульчлах, ажил олгогч ажилтны хариуцлагыг өндөржүүлэх, хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох шаардлага тавигдсаар байна гэдгийг онцлов.

Судалгаанаас үзэхэд өнгөрсөн онд үйлдвэрлэлийн осол 333 бүртгэгдсэн нь өмнөх оноос 18 хувиар буурсан боловч ослын улмаас нас барсан хүний тоо нэмэгджээ. Ослын шалтгааны ихэнх хувийг уналт нуралт, аюулгүй ажиллах арга, барилд хангалтгүй суралцсан, тээврийн хэрэгслийн болон тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлээс шалтгаалсан зөрчил зонхилдог байна. Улсын хэмжээнд мэргэжлээс шалтгаалсан өвчтэй 4505 хүн байгаагийн 75.7 хувь нь эрэгтэй, 24.3 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд эдгээрийн 83.4 хувь нь хүнд үйлдвэр, геологи, уул уурхайн салбарт хамаардаг аж. Түүнчлэн үйлдвэрлэлийн гадна орчин буюу зам, талбайд иргэд осол эндэгдэлд өртөж, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох явдал сүүлийн жилүүдэд цөөнгүй гарах болжээ.

Иймээс Улсын Их Хурлын 2013 оны 20 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үүргийг Засгийн газарт өгсний дагуу дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан уг хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөлд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад салбарын яамд, бүх шатны өөрийн удирдлагын байгууллага, Засаг даргын үүрэг, оролцоог идэвхжүүлэх, түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллагад ажлын байрны эрсдлийн түвшин, ажилтны тооноос хамааруулан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан, зөвлөлийг орон тооны болон орон тооны бусаар ажиллуулахаар тусгажээ. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал нь ерөнхий захиалагч, гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч компаниудын дунд орхигддог, тодорхой төсөв зардал тусгадаггүй байдлыг өөрчилж, энэ асуудлыг тусгайлсан гэрээгээр зохицуулах нь зүйтэй гэж үзжээ. Түүнчлэн “үйлдвэрлэлийн орчин”, “үйлдвэрлэлийн осол”, “эрсдлийн түвшин их ажлын байр” гэсэн нэр томьёонуудыг төсөлд шинээр оруулж, ажлын талбай болон гадна орчинд хүн гэмтэж бэртсэн, амь насаа алдсан тохиолдолд тухайн ажил олгогч нь хохирлыг нөхөн төлөх, эрсдлийн түвшин ихтэй ажлын байранд ажиллаж байгаа ажилтныг ажиллаж байгаа хугацаанд нь ажил олгогчийн зардлаар амь нас, эрүүл мэндийн даатгалд даатгуулахаар зохицуулсан байна.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо энэ сарын 21-ний өдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тухай тус байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан танилцуулсан юм. Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, Д.Хаянхярваа, С.Эрдэнэ нар хууль зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэх, шийтгэлийн хэмжээг ялгаатай тогтоох, хариуцлагын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй холбож хэрэглэх нь хэр оновчтой байгааг анхаарах, барилга болон үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллагсдын эрүүл мэндийг хамгаалах, эрүүл ахуйн наад захын шаардлагыг хангах зэрэг саналууд гаргасан байна.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, О.Баасанхүү, Л.Энх-Амгалан, Ё.Отгонбаяр, Ц.Оюунбаатар, Д.Ганбат, Б.Гарамгайбаатар, Г.Баярсайхан, Д.Ганбат, Н.Энхболд, М.Батчимэг, С.Ганбаатар, Я.Содбаатар, Д.Арвин нар Хөдөлмөрийн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан юм. Хөдөлмөрийн сайд С.Чинзориг гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг шинээр болон шинэчлэн боловсруулах асуудлыг хариуцах байгууллагыг тодорхой болгох, хууль зөрчигчдөд хүлээлгэх торгуулийн хариуцлагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан нэмэгдүүлэх зохицуулалтыг төсөлд тусгаж өгсөн.Үйлдвэрлэлийн ослын улмаас амь насаа алдсан иргэний ар гэрт нэмэлт төлбөр олгодог байх, аж ахуйн нэгжүүдэд учрах эрсдлийг багасгах асуудлыг тусгасан. Гэхдээ бүх асуудлыг хуулиар зохицуулах боломжгүй учраас эрх зүйн бусад актыг боловсронгуй болгох шаардлага гарна.

Энэ хууль батлагдснаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бүтэц, зохион байгуулалт, хариуцсан ажилтны чиг үүрэг тодорхой болж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх бодлого, чиглэл ажлын уялдаа холбоо сайжирна.Аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх арга хэмжээний хөрөнгө, санхүүгийн асуудал шийдвэрлэгдэх нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлыг зориулалтаар зарцуулах, үйлдвэрлэлийн ослоор бэртсэн, гэмтсэн, амь нас нь хохирсон иргэнд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж зөрчсөн байгууллага, албан тушаалтан, ажилтанд ногдуулах хариуцлагын тогтолцоо оновчтой болох юм гэдгийг хэллээ.

Хуулийн төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ, Н.Энхболд, Л.Энх-Амгалан, С.Ганбаатар нар үг хэлж уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Үүгээр чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.

Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цагаас эхэлж, уг хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаарх Байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулах юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Т.Ариунаа НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчтэй уулзав

Монгол Улсын Гавьяат жүжигчин Т.Ариунаа НҮБ-ын Хүүхдийн сангийн элч дуучин билээ. Хүүхдийн сайн сайхны төлөө зохион байгуулж буй тоглолт, сайн үйлсийн аянд оролцдог тэрбээр НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь шинэ суурин төлөөлөгч Роберто Бенестэй уулзжээ. Энэ үеэр тэд ирээдүйд хүүхдийн төлөө хийх ажлынхаа талаар зөвлөлдсөн байна. Мөн цаашид хийх үйл ажиллагааныхаа талаар цаг тухайд нь мэдээлж байхаа фэйсбүүктээ бичжээ.

Categories
мэдээ нийгэм

Сэтгүүлч Б.Жаргалмаад зориулсан хандивын тоглолт өнөөдөр болно

“Ийгл ньюс” телевизийн сэтгүүлч Б.Жаргалмаагийн эмчилгээнд зориулсан хандивын толголт өнөөдөр Монгол Бөхийн өргөөнд болох гэж байна.

Тус тоглолтын тасалбар худалдаанд гарчээ. Тасалбарыг Монгол Бөхийн өргөөний кассаар худалдаалж байна. Мөн 1900-1109 дугаарын утсанд холбогдон үнэгүй хүргүүлэх боломжтой.

Тоглолтод Ардын уран зохиолч П.Бадарч, Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам, СГЗ Ш.Гүрбазар, МУГЖ Н.Чулуунхүү, Г.Батбаяр, Л.Чаминчулуун, У.Далантай, С. Эрдэнэцэцэг, Ч.Бат-Эрдэнэ, СТА Т.Дэлгэрмөрөн, Г.Эрдэнэтунгалаг, Л.Банзрагч, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, А.Хосбаяр, Б.Батболд, Л.Болдбаатар, Л.Чулуунбаатар, Д.Бурмаа, Б.Буянжаргал, залуу дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг болон Морин хуурын чуулга, Гурван бүдүүн, Увертюра хамтлаг оролцож ая дуугаа өргөх юм.

Түүний эмчилгээний зардалд урьдчилсан байдлаар 50.000 орчим ам.доллар шаардлагатай байгаа аж. Тиймээс мэргэжил нэгт нөхөд нь сэтгэлийн дэм хайрлахыг нийт үзэгч олондоо уриалж, хандивын данс нээсэн байна.

Хэрэв та сэтгүүлч Б.Жаргалмаагийн эмчилгээний зардалд хандив өргөхийг хүсч байгаа бол “Худалдаа хөгжлийн банк” Бадарчийн Жаргалмаа 473000257 тоот төгрөгийн, 4100 46 867 валютын дансанд сэтгэлийн хандив өргөх боломжтой.

Categories
мэдээ нийгэм

“БҮХНИЙГ ФРОНТОД-БҮГДИЙГ ЯЛАЛТЫН ТӨЛӨӨ” үзэсгэлэн гарч байна

Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэнг Архивын ерөнхий газар, Монголын Үндэсний түүхийн музей, Монгол Цэргийн музей хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэнгийн нээлт өнгөрсөн лхагва гаригт Үндэсний түүхийн музейд нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэн архивын салбарт хамтран ажиллах Монгол-Оросын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын XXI дүгээр хуралдааны хүрээнд зохион байгуулах ажлын нэг бөгөөд үзэсгэлэнгийн нээлтэд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Тулга, Архивын ерөнхий газрын дарга И.Саруул, ОХУ-ын Холбооны архивын агентлагийн орлогч дарга В.П.Тарасов нарын албаны хүмүүс оролцсон. Ирэх сарын 22-ны өдрийг хүртэл үргэлжлэх үзэсгэлэнд дээрх байгууллагуудын сан хөмрөгт хадгалагдаж буй архивын 100 гаруй баримт бичиг, гэрэл зураг, кино, 90 орчим биет үзмэр тавигджээ. Мөн “1941-1945 оны Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жил” ойн медальт Монголын ахмад дайчин, эх орны дайны ахмад дайчин Э.Лувсанбалдангийн одон тэмдэг, хувцас хэрэглэлийг олонд дэлгэжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ЦОНХОО НЭЭЕ: Үерийн далан дээр хууль бусаар барилга барих зөвшөөрөл олгожээ

Нийслэлийн онцгой комис­сын шийдвэрээр Баянгол дүүргийн арвандөрөвдүгээр хорооны 12 давхар 16 дугаар байр нь оршин суугчдыг ур­жиг­дар орой яарал­тай нүүл­гэн шилжүүлсэн талаар манай сонин өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сард ч бид нөхцөл байдлыг газар дээрээс нь сурвалжилж байсан. Тус байрны зүүн талд арваадхан метрийн зайд “Би жи би жи” компани 18 давхар орон сууцны барилга барихаар өнгөрсөн намраас ухаж эхэлсэн боловч хөрсний нуралт үүссэн юм. Тиймээс цаг агаар дулаарч, газар гэсч буй өнөө үед нурах эрсдэлтэй хэмээн нийслэлийн онцгой комисс үзсэн учраас ийн иргэдийг нь нүүлгэн шилжүүлэхээр болжээ.

БАЙРАНДАА УНТАЖ БАЙГАА ЮМ УУ ГЭСЭН ЧИНЬ БААРАНД БҮЖИГЛЭЖ БАЙЖЭЭ

Бид нөхцөл байдлыг газар дээр нь сурвалжлахаар уржигдар оройн 21 цагийн орчимд Баянгол дүүргийн арвандөрөвдүгээр хороо буюу “Ачлал” их дэлгүүрийн арын 12 давхар орон сууцны гадаа очсон юм.

НУРАХ АЮУЛД ОРСОН ОРОН СУУЦНЫ ИРГЭДИЙН “ИХ НҮҮДЭЛ”

Тус байр нь иргэдийн нэрлэж заншсанаар III хорооллын “Дэнжийн гурван өндөр”-ийн нэг нь юм байна. Байрны эргэн тойрныг цагдаагийн албан хаагчид хамгаалалтад авсан байсан бөгөөд оршин суугчдыг гаргаж байснаас бус хэнийг ч дотогш нэвтрүүлэхгүй байгаа харагдав. Цагдаагийн хамгаалалтын араар тэр хавийн оршин суугч болон түүгээр явсан иргэд гээд олон хүн цуглажээ. Гар утсаараа бичлэг хийж зогссон залуугийн хажуухан дахь залуухан эмэгтэй “Утасны цэнэг дуусчих юм. Тэгээгүй бол энэ бичлэгийг хийгээд фейсбүүкдээ тавьж “од” болохгүй юу. Ховор боломж алдлаа даа” гэвэл өөдөөс нь харан зогсох цагдаа “Чамд хүний зовлон тийм сайхан байна уу? Арилчихсан дотортой амьтан уу даа” гэвэл ойролцоох сандал дээр сууж байсан хижээл насны эрчүүд “Орох оронгүй хэд хонох хүмүүс хөөрхий гэхийн оронд бичлэгийг нь хийж зугаагаа хийнэ гэж ярьдаг хүн байдаг аа” гэцгээн өнөөх эмэгтэй рүү зэмлэсэн харцаар харав. Цагаан цувтай, дунд эргэм насны эрэгтэй байн байн утсаараа залгаснаа “Утсаа авахгүй юм. Арай утсаа унтраагаад өрөөндөө унтаад байна гэж баймааргүй юм аа” гээд санаа нь ихэд зовнисон янзтай тогтож ядна. Тэрээр тус байран дахь нэг өрөө байраа оюутнуудад түрээслүүлжээ. Төд удалгүй утас нь дуугартал өө ашгүй нөгөөдүүл чинь залгаж байна хэмээн утсаа авснаа ”Байна уу, Төрөө юу. Амгаа ах нь байна. Та нар өрөөндөө байгаа юм биш биз дээ. Байр чинь нурах гэж байна. Наанаасаа хурдан гар” гэснээ хэсэг ярихыг нь сонсож зогссоноо “Айн, дуулдахгүй байна чанга ярь. Юу, бааранд байна аа? Тэгвэл чамтай хамт Баагий байгаа юу” хэмээн асуув. Утсаар ярьсныхаа дараахан “Өө ашгүй. Утсаа авахгүй байсан юм, хоёр дамшиг чинь. Байрандаа унтаж байгаа юм байх гэсэн чинь утасныхаа дууг ч сонсолгүй бааранд бужигнуулж явсан байх нь. Одоо эртхэн харья” гэсээр машиндаа суулаа. Оршин суугчид байрныхаа ардхан талд зогссон том оврын автобусанд өмссөн хувцастайгаа сууж байлаа. Тэгтэл ээждээ хөтлүүлэн гарч ирсэн жаахан охин “Ээж ээ би цүнхээ авъя аа. Маргааш хичээлтэй шүү дээ” гээд эргээд гүйтэл ээж нь ухасхийн гарнаас нь атгаж авснаа “Болохгүй ээ, миний охин. Ээж нь маргааш гэр лүүгээ эрт гэгч нь ороод охиндоо цүнхийг нь аваад өгнө” гэсээр охиноо дагуулан автобусанд суув. Тэдний араас толгой дээрээ нэг нь гампанзаа, нөгөө нь шүхрээ дэлгэж барьсан залуус гүйн гарч ирснээ үүдэнд зогсож байсан цагдаагаас “Бид хоёр хаашаа гүйх үү” гээд ихэд сандрангуй асуутал цагдаа байрны ардхан талд зогсож буй автобус руу заав.

ХАМААТНУУД РУУГАА УТАС ЦОХИЖ, ЦАЙ АВЧРУУЛЖЭЭ

Зорчигчид нь дүүрсэн автобус төд удалгүй хөдөлж, ойролцоох “Эрхэс” болон зэргэлдээх “247”зочид буудлуудад хүргэсэн юм. Тэднийг дүүргийн онцгой комиссын гишүүд хуваарилан өрөөнд нь оруулав. Дийлэнх нь дөрвөөс таван ам бүлтэй өрх байсан учраас бүгд хоёр ортой нэг өрөөнд орцгоов. Харин зургаан тоотын оршин суугч Б.Хадхүүгийнхийг олуулаа байсан учраас хоёр өрөөнд тусгаарлаж оруулсан юм. Учир нь гэр бүлийн таван гишүүнээс гадна Эрдэнэтээс ирсэн нагац ах нь эхнэр, хүүхэд болон өндөр настай ээжийн хамт ирсэн аж. Нагац ах нь болох М.Даваажав цөсний хагалгаанд орчихоод Б.Хадхүүгийнд орж ирээд хэдхэн цаг өнгөрсний дараа тэд ийн зочид буудалд хүргэгдэн иржээ. М.Даваажав “Ойр дотно өссөн болохоор хотод орж ирэх болгондоо нагац дүүгийндээ ирдэг юм. Тэгтэл өнөөдөр эмнэлгээс гараад удаагүй байтал “Байр чинь нурах аюулд орсон гэнэ, түргэн гараарай” гэнгүүт нь өмссөн хувцастайгаа гараад ирсэн. Оройн хоол ундаа ч идэж амжаагүй. Тэгсэн өнөө орой хоол өгөхгүй гэнэ. Маргааш өглөөний цай өгнө гэсэн. Долоон буудалд амьдардаг хамаатныхаа дүү рүү утсаар холбогдож, 80 гарсан өндөр настай ээждээ аяга сүүтэй цай авчруулдаг юм билүү гэж бодоод сууж байна” гэсэн юм. Төд удалгүй бага ангид сурдаг болов уу гэмээр жаахан охиноо дагуулсаар хижээл насны эрэгтэй орж ирээд дүүргийн онцгой комиссын гишүүдээс өрөөнийхөө түлхүүрийг аваад шатаар дээш өгсөв. Тэрээр “Ажлаа тараад, охиноо өдөр өнжүүлэх бүлгээс нь авчихаад орж ирж байна даа. Ирэх долоо хоног хүртэл бараг гэрийн бараа харахгүй гэнэ үү. Саяхан л мэдлээ. Ажилдаа маргааш энэ хувцастайгаа явах болох нь дээ” гэв. Дөрвөн давхар “Эрхэс” зочид буудал 100-аад хүний багтаамжтай юм байна. Харин хажууханд нь байрлах “247” буудал нь нэг ор бүхий 10 өрөөтэй бөгөөд биднийг 22 цаг 30 минутын орчимд очиход найман өрөөнд нь оршин суугчдыг оруулсан гэх мэдээллийг ресепшин эмэгтэй өгсөн юм.Төд удалгүй гаднаас хар цувтай дундаж эргэм насны эмэгтэй орж ирээд “Танайх хэдэн өрөөтэй вэ, хэдэн хүн орсон. Би мэргэжлийн хяналтаас явж байна л даа” гэвэл ресепшин эмэгтэй “Арваас наймд нь хүн орсон. Бүгд нэг ортой. Хоёр хоёроор нь оруулсан” хэмээн хариулав. Тэгтэл өнөөх эмэгтэй “Аан за” гэчихээд гараад алхчихав. Бид араас нь дагаж гараад “Та үнэхээр мэргэжлийн хяналтаас явж байгаа юм бол ядаж өрөөнүүдээр нь ороод биечлэн шалгадаггүй юм уу. Ресепшин бол танд нэг ортой өрөөнд нь дөрвөн хүн орсон гэж хэлэхгүй нь ойлгомжтой гэвэл “Би өрөө болгоны үүдийг нь сөхөж үзэх албагүй. Хэдэн өрөөнөөс хэд нь хүнтэй байгааг тэртэй тэргүй ресепшин нь хэлээд өгчихөж байхад” гэсээр хэнэг ч үгүй яваад өгөв.

16 ДУГААР БАЙРНЫ АРДХАН ТАЛЫН ГАРААШНУУД НУРЖЭЭ

16 дугаар байр руу 11 цагийн үед бид эргэж очиход аль хэдийн хөл хөдөлгөөн татарсан харагдав. Бүх оршин суугчдыг байрнаас гаргажээ. Тус байрны зүүн хойно буюу “Би жи би жи” ухсан газрын ардхан талд Баянгол дүүргийн спорт цогцолбор баригдаж байгаа юм байна. Цогцолборынхоо суурийг цутгаж, дээш нь нэг давхар барьжээ. Тэнд барилга баригдахаас өмнө энэ хэсэгт хөлбөмбөгийн талбай байсан аж. Тус суурийн баруун талд арваадхан метрийн зайд нилээд хэдэн тоосгон гарааштай юм байна. Тэгтэл газар гэссэний улмаас эдгээр гараашийн хойд талынх нь гурваас дөрвөн гараашийн зүүн хана нурчихаж. Оршин суугчдын хэлж буйгаар өнгөрсөн хавар тус гараашууд нурсан бөгөөд 16 дугаар байр эдгээр гараашийн урдхан, нэг шугаманд шахуу байгаад тэд ихэд сэтгэл эмзэглүүлж байгааг тэд хэлэв. Мөн тэд “Манай байрны хажуугийн үерийн даланг “Би жи би жи” компани барилгаа барих гэж нураачихсан. Тэр далан бол нийслэлийн өмч. Нийслэлийн өмчийг эвдэж, сүйтгэж байхад хэн ч анхаардаггүй. Далангийн суурийн шороо нь сул учраас даланг нураасан чинь хөрсөнд нь нуралт үүсчихсэн. Бараг манай байрны доогуур ангал үүссэнээс гарцаагүй. Энэ учир байдлаа хорооноосоо сонгогдсон НИТХ-ын гишүүн, хорооны удирдлагуудад танилцуулахад “Естой анхааралдаа авлаа. Энэ асуудлыг тань шийдэж өгнө” гэчихээд таг болчихдог. Тэр нь өнөөдөр оршин суугчдыг булшлах хэмжээнд хүрчихээд байгааг та бүхэн нүдээрээ харж байгаа биз дээ. Баянгол дүүрэгт бол “70 давхар”-ыг л иргэдэд өгөх гээгүй юм бол өөр хуваарилах газар байхгүй шүү дээ” хэмээн ихэд бухимдангуй өөр хоорондоо ярилцацгааж байв.

Мөн тэд “Энэ барилгын зөвшөөрөл авахаасаа л залилан хийж эхэлсэн. Угтаа бол барилгын ажил явагдахад зураг төсөл дээр нь тусгагдсан 15, 21 дугаар байр бус түүнээс ойр орших 16, 22 дугаар байрны оршин суугчдын тав тух алдагдана. Тэр утгаараа 16, 22 дугаар байрны оршин суугчдад албан ёсоор хэлж, тайлбарлах ёстой. Тэгтэл эдгээр байр эскиз зураг дээр нь тэмдэглэгдээгүй. Биднийг зөвшөөрлийн бичиг сэлтийг нь үзье, гэхээр “Өө энэ газар нутаг танай 14 дүгээр хороонд ямар ч хамааралгүй. Газрын гэрчилгээн дээрээ 15 дугаар хороо гэж байгаа биз дээ” гэдэг. Эсвэл “Өө та нарт ямар ч падлийгүй. Зураг төсөл дээрээ 15, 21 дүгээр байр гэж байгаабиз дээ” гэж дунд нь замхруулж, хугацаа хожсоор байна. Бас “Гарма гаржүд үржин пэрэнлайлин” хийдийг IV хорооллын Л.Энэбишийн өргөн чөлөө гэж хүртэл тэмдэглэсэн. Ингэж явсаар нэг л мэдэхэд барилгаа ашиглалтад хүлээлгэж өгөх хугацаа нь тулчихна” гэцгээж байв.

ИРГЭДЭЭС САНАЛ АСУУХ НЬ БҮҮ ХЭЛ КОМПАНИЙНХАН

БАРААГАА Ч ХАРУУЛААГҮЙ ГЭНЭ

Ийнхүү үүссэн нөхцөл байдлын талаар Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Тэрээр “Хэдхэн хоногийн өмнө 16 дугаар байрны зүүн хэсэгт хөрсний нуралт үүссэн учраас энэ тухай дүүргийн онцгой комисс нийслэлд танилцуулсан. Үүний дагуу нийслэлийн онцгой комисс иргэдийг шуурхай нүүлгэх шийдвэр гаргасны дагуу өчигдөр бүх оршин суугчдыг нүүлгэлээ. Одоогоор мэргэжлийн шинжээчид барилгын суурьт өөрчлөлт орсон эсэх, хазайлт өгсөн эсэхийг шалгаж байна. Иргэдийг дүүргийнхээ долоон зочид буудалд гурав хоногийн хугацаатай түр амьдруулж байгаа. Иргэдийн хоол унд, нүүлгэх зардал зэрэгт одоогоор дүүргийнхээ нөөц хөрөнгөөс 10 гаруй сая төгрөгийг зарцуулчихаад байна. Мэдээж буруутай этгээдээр нөөц хөрөнгөөс гаргасан мөнгөө нөхөн төлүүлнэ. “Би жи би жи” компани 2008 онд Засаг даргын захирамжаар энэ газрыг эзэмших эрхтэй болсон. 2014 оны хоёрдугаар сард газар өмчлөх эрхийг нь сунгасан. 2014 оны долдугаар сарын 22-нд Барилга хот байгуулалтын яамнаас 18 давхар, үйлчилгээний зориулалттай орон сууцны барилга барих зөвшөөрлийг олгосон. 16 дугаар байрны оршин суугч, дүүргийн газрын алба, дүүргийн Засаг даргын тамгын газар БХБЯ-наас олгосон зөвшөөрлийг хүчингүй болгуулах хүсэлтээ Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Барилга хот байгуулалтын яаманд удаа дараа хүргүүлсэн ч арга хэмжээ авахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Уг нь ойр хавийнх нь оршин суугчдаас зөвшөөрөл авах ёстой ч тэгээгүй. Комиссын хурлаар “Би жи би жи” компанийн газар эзэмших эрхийг нь хүчингүй болгох шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Цаашид энэ талбай дээр барилга барихгүй, харин суурийг нь хүчитгэж, нягтаршуулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.Газар эзэмших эрхийг сунгасан, барилга барих архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгосон Ерөнхий төлөвлөгөөний газар, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосон байгууллага, албан тушаалтанд мэдээж зохих хариуцлага хүлээлгэнэ” гэсэн юм.

Өмч, газрын харилцааны албаны дарга С.Бямбадоржийн хэлснээр “Би жи би жи” компанийн зэмшлийн 3000 м.кв газрыг 2008 онд гарааш, үйлчилгээний зориулалттай ашиглана гэж байсан бол 2014 онд газар эзэмших эрхийг сунгахдаа 18 давхар орон сууц болгож өөрчилсөн аж. 2014 оны дөрөвдүгээр сард Нийслэлийн өмчийн харилцааны газар, мөн оны есдүгээр сард Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт тус газрын эзэмших эрх, тусгай зөвшөөрлийг цуцалж өгөх хүсэлтээ дүүргийн зүгээс холбогдох байгууллагуудад тавьж байжээ. Харин Ерөнхий төлөвлөгөөний газраас өнгөрөгч есдүгээр сард “Би жи би жи” компанид барилгын эзэмшиж буй газарт манай байгууллагаас барилгын ажил эхлүүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгоогүй бөгөөд та бүхний нягталж өгөөч хэмээн явуулсан зөвшөөрлийг шалгалаа. Тус зөвшөөрөл нь 2014 оны долдугаар сарын 22-ны зөвшөөрөл нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах өөр компанийн барилгын зөвшөөрөл байна” хэмээн хариу ирсэн аж. Барилга хот байгуулалтын яаманд хоёрдугаар сарын 14-нд хандсан ч хариу ирүүлээгүй аж.

“Би Жи Би Жи” компани өнгөрсөн оны хоёрдугаар сарын 24-нд таван жилийн хугацаатайгаар газар эзэмших эрхээ сунгажээ. Гэрээн дээр нь 3000 м.кв газрыг гарааш, үйлчилгээний зориулалтаар ашиглана гэж тусгасан байдаг аж. Гэтэл өнгөрсөн есдүгээр сарын эхээр энэхүү газарт барилга барихаар газар шорооны ажлаа эхлүүлжээ. Орон сууцны дунд барилга байгууламж барихаар бол ойр хавийн оршин суугчдаас нь зөвшөөрөл авах ёстой гэсэн журмыг НИТХ-аас баталсан. Гэтэл тус талбайгаас 10 хүрэхгүй метрийн зайтай орших хоёр ч нийтийн орон сууцны оршин суугчдаас зөвшөөрөл авах нь бүү хэл тэдэнд албан ёсоор мэдэгдээ ч үгүй аж.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ соёл-урлаг

“Хөсөгтөн” хамтлагийн санал асуулга явагдаж байна

Дэлхийн хамгийн алдартай шоуны нэг Got talent шоу Азид зохион байгуулагдаж байгаа бөгөөд Asia s got talent шоу нь энэ оны 3 дугаар сарын 12-ноос AXN телевизээр Азийн 20 гаруй улс оронд зэрэг цацагдаж эхэлсэн билээ.

Тус шоундоролцогчдын нэг “Хөсөгтөн” хамтлаг сая сая үзэгчдэд Монгол ардын урлагийн гайхамшгийг мэдрүүлж тэднийг бишрүүлээд авсан бөгөөд шүүгчдээс санал нэгтэйгээр “Тийм” гэсэн үнэлгээг авч хагас шигшээд шалгаран үлдсэн билээ.

Тэмцээний ялагч $100.000 ам.долларын эзэн болохоос гадна Сингапурын “The Marina Bay Sands” зочид буудалд тоглолтоо хийх эрхийг авах юм. Одоогийн байдлаар “Хөсөгтөн” хамтлаг хоёрдугаар ээлжний шалгаруулалтандаа үлдээд байгаа 23-27 ны хооронд буюу өчигдөр оройны 8:00 цагаас эхлэн санал асуулга явагдаж эхэлсэн бөгөөд 27 ныг дуустал явагдах юм. “Хөсөгтөн” хамтлагаа доорх зааврын дагуу орж саналаа өгөн дэмжицгээе

‎Asias Got Talent -д санал авах 3 төрлийн боломж бий.

Үүнд:
1. Малайз, Сингапур, Филлипин, Вьетнам, Тайвань, Энэтхэг, Хонг Конг, Индонез, Тайландад амьдардаг бол AGT12 гэж мессеж бичин санал өгөх ба санал өгөх дугаарыг доорхи хаягаар орон харна. http://asiasgottalent.tv/vote/
2. Фэйсбүүкийн AsiasGotTalent -н хуудсан дээрх апп -г ашиглан өгнө. https://www.facebook.com/asiasgottalent/app_1598372720404428 Энэ хаягаар нэвтрэн ороод Khusugtun гэж сонгоод саналаа өгөх бөгөөд найзуудаа бас уриарай.
3. Та ухаалаг утастай бол “Asia’s Got Talent” гэсэн апп -г утсандаа суулган Khusugtun гэж сонгоод саналаа өгөх юм. Эсвэл https://fbvotenow.asiasgottalent.tv/ энэ хаягаар өгөөрэй

Энэхүү санал хураалт нь 4-р сарын 23-ны 20 цагаас 4-р сарын 27-ны 23:59 хүртэл явагдах учраас та бүхэн саналаа идэвхитэй өгч “Хөсөгтөн” хамтлагаа дэмжээрэй

Categories
мэдээ нийгэм

Улаанталбайд парадад алхах цэргүүд ОХУ-ыг зорилоо

ОХУ-ын Москва хотын Улаанталбайд парад алхах бүрэлдэхүүн өнөөдөр ОХУ-ыг зорилоо. Тэд ОХУ-ын Улаан-Үд хот хүртэл тусгай автобусаар явах бөгөөд тэндээс нь ОХУ-ын цэргийн тусгай онгоц авна.

ОХУ нь жил бүрийн тавдугаар сарын 9-нд эх орны дайны ялалтын баярыг уламжлал болгон тэмдэглэж ирсэн бөгөөд 2010 онд 65 жилийн ойн баярын үеэр дайны үед холбоотон болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнуудын цэргийн бүрэлдэхүүнийг анх удаа урьж оролцуулсан. Харин Монголын цэрэг анх удаа оролцохоор бэлтгэлээ хангаад ийнхүү ОХУ-ыг зорьж байна.

Эх орны дайны ялалтын 70 жилийн баярын цэргийн ёслолын жагсаалд 14 000 цэргийн алба хаагч, 194 нэгж хуягт техник, 150 онгоц, нисдэг тэрэг оролцуулан явуулахаар төлөвлөсөн гэх мэдээ байна.

Монгол Улс, БНХАУ, Энэтхэг, Азербайджан, Армени, Белорусь, Тажикстан, Казакстан, Киргизстан, Серби зэрэг 10 улсын Зэвсэгт хүчнээс тус бүр 70 цэргийн алба хаагч бүхий нэг нэг салбар оролцох ажээ. Парад алхах бүрэлдэхүүнд Зэвсэгт хүчнээс 63, Хилийн цэргээс 12 цэргийн алба хаагч байгаагийн 45 офицер, 25 ахлагч, 5 нь хугацаат цэргийн алба хаагч. Дээрхи цэргийн алба хаагчдаас 41 нь энхийг дэмжих ажиллагаанд 1-3 удаа оролцож байсан туршлагатай. Бие бүрэлдэхүүний 35 хувь нь Орос, Англи, Герман, Солонгос хэлийг зохих төвшинд эзэмшсэн байна. Жагсаалыг удирдаж Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Батболд алхах бол Монгол Улсын тугийг ахлах дэслэгч Ж.Баярцогт, дэслэгч А.Алтантүлхүүр, хошууч А.Төгс-Эрдэнэ нар залан алхана.

Categories
мэдээ соёл-урлаг

Зүрхээр наадагчид “ТООЦООГҮЙ” тоглохоор зэхжээ

Дэлгэцийн гурав дахь уран бүтээлээрээ үзэгч олонтойгоо дахин уулзахаар сэтгэл догдлон яваа “Хувьсал” продакшины авьяаслаг жүжигчид ирэх тавдугаар сарын 08-нд бүх кинотеатрын дэлгэцнээ гаргахаар зэхсэн “Тооцоогүй тоглоом” уран сайхны шинэ киноныхоо нээлтийг тун ч өвөрмөц байдлаар хийхээр зэхжээ.

“Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч” зэрэг хоёр ч киногоороо урлагийн мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авч, үзэгч фэнүүдээ байлдан дагуулж чадсан “Хувьсал”-ынхан энэ удаад залуу уран бүтээлчдийнхээ авьяас чадварыг сорьж, жинхэнэ утгаараа “хувьсал” хийхээр зэхжээ. Адтай, авьяастай нь “дэндсэн” гэмээр үзэсгэлэнт жүжигчин бүсгүйчүүдийн итгэл сэтгэлийг хүлээж, өндөр хариуцлага үүрнэ гэдэг амаргүй даваа. Гэсэн хэдий ч өнгөрсөн, одоо, ирээдүй хэмээх он цагийн хэлхээсээр хөвөрч буй хүмүүний амьдралд тэд “Өнгөрсөн үеэ дээдэлж, ирээдүйгээ хүндэтгэж байж одоо цагтаа та өөрийн “Би”-гээ бүтээн хүчирхэг оршино” гэх ухаалаг сонголтыг хийсэн нь энэ.

Тиймээс шинэ залуу уран бүтээлчдээ хөхүүлэн дэмжиж “Тооцоогүй тоглоом” киногоороо үзэгч олонд чухам хэн болохоо харуулах алтан боломжийг олгожээ. Залуусын хайр сэтгэл, хүсэл мөрөөдөл хийгээд үүрэг хариуцлага гэж юу болох, амьдралын олон даваа нугачаанд хэрхэн өөрийн мөн чанарыг авч үлдэх талаар өгүүлсэн сургамжтай, сонирхол татам үйл явдлаар дүүрэн уг киноны гол дүрд жүжигчин Г.Бямбасүрэн, О.Мөнхдалай, Н.Цэнгэлжаргал, Ч.Мөнхболд нар тогложээ. “Хувьсал” продакшины ирээдүй хойч үе хэмээгдэж буй авьяаслаг залуу жүжигчдийн шинэ өнгө төрх, гайхалтай ур чадвар, уйгагүй хөдөлмөр зүтгэлийг үзэгчид фэнүүд нь “Тооцоогүй тоглоом”-оос л харах үлдлээ.

Дашрамд дуулгахад, уран бүтээлчид маань “Тооцоогүй тоглоом” киноны нээлтийн үеэр шинэхэн байрныхаа нээлтийг хийхээр төлөвлөсөн гэнэ шүү. “Хувьсал оффис”, “Хувьсал энтертайнмент”, “Хувьсал танхим” зэргээс бүрдэх энэхүү байрандаа тэд СУИС-ийн чадварлаг, туршлагатай багш нарыг урьж тогтмол бэлтгэл сургуулилтаа хийдэг юм билээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга З.Энхболд генералуудад хандан үг хэлэв

Монгол Улсын генералуудаа!

Жил бүрийн дөрөвдүгээр сард Монгол Улсын Зэвсэгт хүчний даргалах бүрэлдэхүүнд офицер, генералын цол олгож эхэлсний ойг тэмдэглэж, төр засаг алтан мөрдөстөн-генералууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

1944 оны 4 дүгээр сарын 28-нд БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай зүтгэлтэн 11 хөвгүүндээ генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй. Монгол Ардын Хувьсгалт Цэргийн даргалах бүрэлдэхүүнд офицерын цол олгож эхэлсэн нь ардын цэргийг орчин цагийн зэвсэгт хүчний зохион байгуулалтад нийцүүлэн өөрчлөх, цэргийн даргын манлайлал, нэр хүндийг өргөн, цэргийн хатуу чанд сахилга, дэг журмыг хэвшүүлэн тогтооход чиглэсэн нэн чухал түүхэн арга хэмжээ байв.

Тэр цагаас эдүгээ хүртэл зэвсэгт хүчин, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хилийн цэрэг, онцгой байдлын байгууллагуудаас 163 мөрдөстөй тангарагтай генералууд төрж, Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүргийг амжилттай гүйцэтгэж ирлээ.

Монголын үе үеийн алтан мөрдөстнүүд ахмад үеийнхээ уламжлалыг хадгалж, эгэл цэрэг дайчидтайгаа бие, сэтгэлээрээ ямагт хамт байж, тэднийг эцэг, эхийн ёсоор халамжлан сургаж, аюулгүй орчинд үүргээ нэр төртэй биелүүлэх, өсөж хөгжих нөхцөл, боломжоор хангахын төлөө зүтгэж байна.

Шинэ үеийн генералууд монголын Зэвсэгт хүчин төдийгүй НҮБ-ийн энхийг дэмжих олон улсын цэргийн хүчийг командлан оролцож, эх орон, зэвсэгт хүчнийхээ итгэл найдварыг нэр төртэй биелүүлж байгаад баяртай байна.

Эрхэм генералууд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд Монгол Улсын Зэвсэгт хүчний даргалах бүрэлдэхүүнд офицер, генералын цол олгож эхэлсний 71 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэж, ажлын амжилт, амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол Төрийн багана бат бэх байж,

Монгол генералуудын үйлс дэлгэрч байх болтугай.