Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын анхны казиногийн ангийнхны тухай “Өдрийн сонин”-д хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэн уншигчдынхаа гарт хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлагаас онцолж, тоймлон хүргэе.

УИХ-аар Казиногийн тухай хуулийг батлахаар хэлэлцэж байгаа яг энэ үед нэгэн сонирхолтой материал “Өдрийн сонин”-д гарлаа. Энэ бол Монголын анхны казиногийн ангийнхны тухай юм. Бямба гариг бүр хүргэдэг “Нэг ангийнхан” буланд маань 19 жилийн өмнө казиногийн анги төгсч байсан мэргэжлийн диллерүүд, казиногийн мэргэжилтнүүдийн тухай юм. Сонины нэг болон зургадугаар нүүрээс тэдний тухай дэлгэрэнгүй уншина уу.
Мөн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Монос”-ын эзний хувиар эмэнд хордсон хүүхдүүдийн ар гэрийнхэнтэй өчигдөр уулзсан юм. Ар гэрийнхэнтэй уулзах үеэр Л.Эрдэнэчимэг гишүүн “Сурвалжлагч асуухаар нь балмагдсандаа худлаа хэлчихсэн” гэжээ. Хүүхдүүдийн ар гэрийнхний төлөөлөл болсон аав ээжүүд, өмгөөлөгчид хүүхдүүд эмэнд хордсон энэ хэргийн тухай юу гэж ярьсныг нэг, долдугаар нүүрт нийтэллээ.
Түүнчлэн “Хан Ресурс”-ын гүйцэтгэх захирал өвчний улмаас Монголд нас барсан талаар цагдаагийн газраас өгсөн мэдээллийг нэгдүгээрт нүүрт хэвлэсэн бөгөөд өнгөрч буй энэ долоо хоногт гарсан гэмт хэргийн тойм мэдээллийг ч энэ өдрийн дугаарт гаргалаа.
“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг гуравдугаар нүүрт “Өдрийн сонинд цонхоо нээх заяа байна уу” хэмээх гарчигтай нийтлэл хэвлэгдэв. Манай сонины сэтгүүлч, сурвалжлагч, ажилчдын эрүүл аюулгүй орчинд ажиллах эрх зөрчигдөөд удаж байна. Учир нь сонины байрнаас ердөө наймхан метрийн зайд “Астра буйлдинг” гэх 17 давхар барилга баригдсанаас болж, байгалийн гэрэл харах, нар үзэх эрхгүй болсон юм. Энэ асуудлыг НМХГ-т шийдэж өгөхийг хүсч маш олон удаа хандсан боловч өдий болтол ямар ч шийдвэр гаргаагүй байна. Сэтгүүлч бидний эрхийг зөрчсөн уг асуудлыг гуравдугаарт нүүртээ онцолж байна.
Харин улс төрийн мэдээллийн нүүрт өчигдөр үдээс өмнө болсон УИХ-ын чуулганы сурвалжлага, бусад үйл явдлын мэдээлэл гарлаа. Мөн “Өдрийн зочин” буландаа баялаг бүтээгчдийн нэг Ж.Батмөнх эрхмийг урьж оролцуулав. Эдгээр болон өчигдөр болсон үйл явдлын мэдээлэл, “Өд, бэх”, гадаад мэдээ, цаг агаар, зурхай, “Ном ярьж өгье”, “Таны гал тогоонд”, “Амрах агшин” зэрэг тогтмол булангуудаа хүлээн авна уу.
Дашрамд дуулгахад “Өдрийн сонин”-ы хоёрдугаар улирлын нэмэлт захиалга явагдаж байна. Манай сониныг захиалахыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдож захиалгаа өгөөрэй. Мөн цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
Эрхэм уншигч та, манай сонинг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлана уу.
“Өдрийн сонин” өглөө бүрийн ургах нарнаар тантай хамт.

Categories
гадаад мэдээ спорт

Аваргуудын лигийн хагас шигшээгийн хосууд тодорлоо

Швейцарийн Ньон хотод зохиогдсон Аваргуудын лигийн хагас шигшээгийн сугалаа хөлбөмбөгийн балиашигуудад асар их сонирхол татахуйц хоёр хос тоглолтыг “бэлэглэлээ”.

Тавдугаар сарын 6, 7-нд эхний тоглолтоо хийх эдгээр хосууд нь “Барселон”-“Бавари”, “Ювэнтүүс”- “Реал” Мадрид хэмээн сугалааны шоонд буулаа. Өнгөрөгч жилийн долдугаар сард гараанаасаа хөдлөхдөө Европын хөлбөмбөгийн холбооны 53 улсын 77 багийг багтаан эхэлж байсан 23 дахь удаагийн Аваргуудын лигийн тэмцээн ийнхүү хэн нь хэн бэ гэдгээ харуулах хариуцлагатай шатандаа тулж ирлээ. Яах аргагүй энэ цаг үеийн дөрвөн “хүчтэн” шалгарчихсан байхад тэр нь энэнээсээ илүү хэмээн “их мэдэх” илүүц тул зөвхөн үзүүштэй, харууштай, урамтай сайхан тоглолт үзэх бизээ хэмээн хүлээн суух л үлдэж байх шиг. Эдгээр хосуудын тоглолтуудаас “Барселон”- “Бавари” Мюнхен гэсэн хослол арай л илүү анхаарал татаж байна. Хоорондоо аль нэгнийгээ хольж сольж “цус холилдсон” энэ хоёр баг сүүлийн хэдэн жил хөлбөмбөгийн ертөнцөд моод тогтоогчид нь болоод удаж байгаа. “Барселон” хоёр жилийн өмнө Германы багт яг энэ шатанд нийлбэр дүнгээрээ 7:0-ээр хожигдож арчуулж байсан гашуун дурсамж бий. Тэр үеийн ба өнөө цагийн “Барса”-гийн хооронд тоглолтын бүрэлдэхүүн, тоглох тактикийн хувьд нэг их өөрчлөлт ороогүй ч гэлээ нэгэн том дэвшил бий. Тэдэнд сүүлийн үед багийн хамт олныхоо салшгүй нэг хэсэг болтлоо уусч чадсан Суарес, Неймар хэмээх хоёр том шинэ хүч бий. Гэхдээ нөгөө талд нь“Барса”-г бүхнээс илүү мэдэх Гвардиола, дэлхийн аварга болоод үзчихсэн баахан залуус нэмэх нь Левандовски, Гетце гэсэн бас л “аймаар” баг зогсож байгаа .“Реал”-“Ювэнтүүс”-ийн тоглолт гэлээ өөрийн гэсэн онцлогтой. Энд шилдэг хамгаалалтын эсрэг шилдэг довтолгоо тоглох гэж байна. Эцэст нь тавдугаар сарын 14-нд ямар хоёр баг нь финалд үлдэх бол гэдгийг үзэх үлдлээ.

Д.Бат-Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм

Дур мэдэн гүний худаг гаргахгүй байхыг анхаарууллаа

Иргэд, аж ахуйн нэгжүүд эзэмшил газартаа дур мэдэн гүний худаг гаргахгүй байхыг анхааруулж байна

Сүүлийн жилүүдэд иргэд болон аж ахуйн нэгжүүд дур мэдэн эзэмшил газартаа гүний худаг гаргаж, төр болон хувийн хэвшлийн хөрөнгөнд хохирол учруулах зөрчил гарсаар байна. энэ сарын 23-ны өдөр БЗД-ийн иргэн Мөнхболд дур мэдэн хашаандаа гүний худаг гаргахаар өрөмдлөг хийснээс ф800 мм-ийн ус дамжуулах шугамыг гэмтээсэн. Ингэснээр нийслэлийн зүүн талын хэрэглэгчдийг усан хангамжийг тасрах нөхцөл үүссэн юм. Энэхүү гэмтлийг Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн ахмад Н.Отгонбаатар “Баянзүрх дүүргийн товчооны баруун талд маш их хэмжээний ус оргилж байна” гэж Нийслэлийн онцгой байдлын газар, Ус сувгийг удирдах газарт утсаар мэдэгдсэн. Мэдээллийн дагуу УСУГ-аас аваарийн бригад очиж шалгахад ф800 мм-ийн дамжуулах шугамыг иргэн Мөнхболд гүний худаг гаргах зорилгоор Ф125 голчтой өрөмөөр цоолж гэмтээсэн байжээ.

Гэмтлийн улмаас тухайн хэсэг усанд автаж, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах ангийн нийт 12 албан хаагч ажиллав. Мөн УСУГ-аас Ус хангамж ашиглалтын албаны дарга Амарсанаа, Техник хяналтын хэлтсийн дарга Батхишиг, Шуурхай зохицуулалтын албаны дарга Давгасүрэн нараар ахлуулсан аваарийн бригад 3 техник, 33 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж засварласан. Засварыг 4 дүгээр сарын 24-ны өглөө 05 цаг 10 минутанд хийж дуусган, горим тохиргооны ажлыг хийсэн байна. Тухайн нөхцөл байдлаас үүдэж иргэдийн амь нас, эд хөрөнгөнд хохирол учраагүй ч 7 айлын хашаа усанд автсан байсныг соруулж хэвийн болгосон.

Тиймээс цаашид иргэд болон аж ахуйн нэгжүүд дур мэдэн эзэмшил газраа гүний худаг гаргаж нийслэлийн иргэдийн эрх ашгийг зөрчихгүй байхыг анхааруулж байна гэж Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Төлийн тоо 1.6 саяар нэмэгдлээ

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд мал төллөлт 61.5 хувьтай явна. Нийт 13 сая 212 мянган мал төллөж, 12 сая 988 мянган төл буюу 27.6 мянган ботго, 141 мянган унага, 393 мянга орчим тугал, 6 сая 700 мянган хурга, 5 сая 800 мянга орчим ишиг хүлээн аваад байна. Мал төллөлт өмнөх долоон хоногоос 1.6 саяар нэмэгдэж, төл бойжилт 98.5 хувьтай байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Ирээдүйн тэтгэвэр авагчид одоогийн настануудаас бага тэтгэвэр авах дүн гарчээ

УИХ-ын үдээс өмнөх чуулганаар Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа нар танилцуулсан юм.

Олон улсын нийтлэг жишиг хандлага, өөрийн орны өвөрмөц нөхцөл, онцлогийг харгалзан тэтгэврийн тогтолцоог боловсронгуй болгох талаар үе үеийн Засгийн газраас анхаарч, холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлж иржээ. Тухайлбал, Улсын Их Хурлаас 1999 онд “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2021 он хүртэл баримтлах үндсэн чиглэл”-ийг баталж, Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийг 1999 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн. Энэ хуулийн гол үзэл баримтлал нь 1960 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр болон түүнээс хойш төрсөн даатгуулагчид нэрийн данс нээж, 1960 оноос хойш төрсөн иргэдийн 1999 оноос өмнө ажиллаж байсан хугацааны шимтгэлийг хийсвэрээр тооцон төлсөн шимтгэлийг нэмж, цалингийн өсөлтийн хэмжээгээр хүү бодоr нийт нэрийн дансанд бүртгэсэн шимтгэлийн үлдэгдэл дүнг тодорхойлоход чиглэсэн. 2013 оны жилийн эцсийн байдлаар нийтдээ нэг сая гаруй иргэн нэрийн дансаа нээлгүүлж, уг дансанд бүртгэгдсэн үлдэгдэл дүн 8,8 их наяд төгрөг болсон байна.

Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн 8.2-т заасны дагуу 2015 онд тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх эмэгтэй (55 настай) даатгуулагчийн тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийллийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2014 оны 30 дугаар тогтоолоор 22,5 жилээр тогтоосон. 2015 онд нэрийн дансны аргаар тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх 15 мянга орчим даатгуулагчийн тэтгэврийн хэмжээг тооцож үзэхэд зарим даатгуулагчийн нэг сард авах тэтгэврийн хэмжээ дундаж цалингийн 30 хувиар тогтоогдох бодит нөхцөл бий болж, 1960 оноос өмнө төрсөн даатгуулагчийн тэтгэврээс харьцангуй буурах төлөвтэй байгаа аж.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцуулгадаа нэгэн баримтыг жишээ татаж хэллээ. Түүний хэлснээр тооцоо, судалгаанаас үзэхэд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу 2015 онд тэтгэврээ тогтоолгох 1960 онд төрсөн, 55 настай, бага ангийн багш эмэгтэй 313 556 төгрөгийн тэтгэвэр авахаар байхад уг даатгуулагчийн хувьд Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны хуульд заасан аргачлалаар тогтоосон тэтгэврийн хэмжээ 213 226 төгрөг байхаар байгаа нь дээрх хуулиудын хүрээнд тогтоосон тэтгэвэр хоорондын зөрүү 103 мянган төгрөг болж, нэрийн данснаас олгох тэтгэврийн хэмжээ 30 гаруй хувиар бага байх нөхцөл үүсээд байгаа юм байна.

Энэ нь адил хугацаанд, ижил хэмжээний цалин хөлснөөс шимтгэл төлсөн ойролцоо насны даатгуулагчдын тэтгэврийн хэмжээ илт зөрүүтэй тогтоогдож, нийгмийн шударга бус хуваарилалтыг бий болгох нөхцөлийг үүсгэж байгаа учраасМонгол Улсын нийт ахмад настанд тэгш хандаж, төлсөн шимтгэлийн хэмжээтэйгээ уялдаатай, амьжиргааг хангахуйц хэмжээний тэтгэвэр авах ижил бололцоогоор хангах шаардлагыг иш үндэс болгон энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

Уг хуулийн төсөл нь 1 зүйлтэй агаад Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар тогтоосон өндөр насны тэтгэвэр нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу тогтоосон тэтгэврийн аль өндөр хэмжээтэйг буюу өөрт илүү таатай, ашигтай нөхцөлийг сонгох боломжийг олгосон харилцааг нэмж оруулахаар тусгажээ.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, Л.Эрдэнэчимэг, Су.Батболд, Ө.Энхтүвшин, Ж.Батзандан, Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж нар асуулт асууж тодруулав. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ гишүүдийн асуултад хариулахдаа, өнгөрсөн оны тооцоогоор тэтгэврийн даатгалын санг мөнгөжүүлэхэд 8.8 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Одоогоор тэтгэврийн нэрийн данс зөвхөн бичилтийн аргаар явж байгаа, бодит мөнгөн хуримтлал хараахан бүрдээгүй. Иймээс Засгийн газраас ажлын хэсэг гарч, нэрийн дансны сангийн хуримтлалын суурийг бий болгохын тулд анхаарч, Засгийн газрын дотоод бонд, ипотекийн зээлийн эх үүсвэр, хувийн тэтгэврийн даатгалын сан, нэмэлт тэтгэврийн хөтөлбөр зэргийг ашиглах асуудал яригдаж байгаа. Хуулийн гол зорилго нь төсвийн бүрэлдэхүүн хэсэг биш тусдаа бие даасан сантай байх ёстой гэсэн зарчим барьж, Нийгмийн даатгалын санг хөрөнгө оруулалтын найдвартай эх үүсвэр бүхий урт хугацааны сан болгох зорилттой байгаа гэлээ. Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Р.Гончигдорж, Я.Содбаатар, Ч.Хүрэлбаатар, Ө.Энхтүвшин нар хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Тус хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Төсвийн байнгын хороодод шилжүүлжээ.

Categories
мэдээ улс-төр

Орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах журам баталлаа

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, “Орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах төрийн албан хаагчийг сонгон шалгаруулахад баримтлах нийтлэг журам”, Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны Төслийн удирдах хорооны бүрэлдэхүүн, дүрэм, Богдхан уулын дархан цаазат газрын Чандманийн аманд “Цэцгэн эрхэт Ловон бурханы цогцолбор хөшөө” байгуулах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.

“Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд НИТХ-ын 2014 оны 24/03 тогтоолоор “Улаанбаатар-орон сууц сангаас төрийн албан хаагчдад урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журам”-ыг баталсан. Үүнтэй холбогдуулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах төрийн албан хаагчийг сонгон шалгаруулахад баримтлах нийтлэг журам”-ыг хэлэлцэн баталлаа. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Хөрөнгө оруулалт, хот байгуулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцуулав.

Уг журамд нийслэлийн харьяа төрийн байгууллагын төрийн албан хаагч нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Засаг даргын Тамгын газар, Захирагчийн Ажлын алба, нийслэл, дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг, хэлтэс, алба, нийслэлийн өмчит төсөвт байгууллага, нийслэлийн төрийн өмчийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нийслэл, дүүргийн эмнэлэгт ажиллаж буй төрийн албан хаагчид хамрагдах боломжтой.

Журмаар тогтоосон нийтлэг шаардлага нь:

  • Нийслэлийн харьяа төрийн байгууллагад 3-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх
  • Ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, чиг үүргийн хэрэгжилтийг биечлэн хангаж, үр дүнтэй хэрэгжүүлдэг байх
  • Тухайн ажлын байранд цаашид тогтвор суурьшилтай ажиллах, ёс зүй, хувийн ашиг сонирхлын зөрчилгүй байх
  • Худалдан авах орон сууцныхаа зээлийн урьдчилгаа төлбөрийн 50-иас доошгүй хувийг бүрэн төлж барагдуулах чадвартай байх
  • Ипотекийн зээлд хамрагдах нөхцөл, шалгуурыг хангасан байх зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг журамд тусгажээ.

Эдгээр шаардлагыг хангасан төрийн албан хаагч Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барьсан орон сууцнаас сонгож урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах хүсэлтээ ажил олгогчдоо гаргах бөгөөд ажил олгогч “Улаанбаатар – Орон сууц сан”-д хандах юм. “Улаанбаатар – Орон сууц сан”-аас ажил олгогчид квот өгсөнөөр төрийн албан хаагч, “Улаанбаатар – Орон сууц сан”, банк хамтран гурвалсан гэрээ байгуулах юм.

Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах төслийн удирдах хорооны үйл ажиллагааны дүрэм баталлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Амины орон сууцтай Улаанбаатар”-ыг бий болгох зорилт, “Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журам”ын дагуу Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах төслийг удирдах зохион байгуулах үүрэг бүхий Төслийн удирдах хорооны бүрэлдэхүүн, дүрмийг хэлэлцэн баталлаа. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцууллаа.

Төслийн удирдах хороо нь дарга, гишүүд, нарийн бичгийн дарга гэсэн бүрэлдэхүүнтэй байх бөгөөд гишүүдийн бүрэлдэхүүнд иргэдийн төлөөлөл, хувийн хэвшлийн төлөөлөл, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч, Захирагчийн ажлын алба, “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” ОНӨҮГ, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газын төлөөлөл гэсэн бүрэлдэхүүнтэй байх юм.

Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах төслийг удирдах хороо нь иргэдийн оролцоотойгоор газар шинэчлэн зохион байгуулах төслийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг зохицуулах, газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны явцад төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үндсэн зорилго бүхий хурлын байгууллага юм.
Уг хорооны үйл ажиллагааны дүрмийн дагуу Иргэдийн санаачилгаар боловсруулсан төсөл хэрэгжүүлэх талбарыг батлах, Төслийн талбарт улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих инженерийн болон нийгмийн дэд бүтэц, инженерийн бэлтгэл арга хэмжээ, батлан хамгаалах, аюулгүй байдал, гамшгаас хамгаалах барилга байгууламжийн жагсаалт гаргах, Газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагаанд иргэдийг мэдээлэл сургалт, сурталчилгаагаар хангах, иргэдийн бүлэг зохион байгуулагдахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, шаардагдах төсөв төлөвлөгөөг баталж, санхүүжилтийн шийдвэрлэх юм.

“Цэцгэн эрхэт Ловон бурханы хөшөө” байгуулна

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Богдхан уулын дархан цаазат газрын Чандманийн аманд “Цэцгэн эрхэт Ловон бурханы цогцолбор хөшөө” байгуулах тухай шийдвэр гаргалаа. Хуралдаанд асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий архитектур бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж танилцуулав.

Нийслэлчүүд Богдхан уулын Чандманы амыг эртнээс Хийморийн овоо хэмээн нэрлэж ирсэн. Иргэдийн шашин, соёлын уламжлалыг алдагдуулахгүйгээр сүрлэг шүтээн тахилын оронг байгуулах, үйлчилгээ бий болгох, мод ургамал тарих, ойжуулах, зам талбай байгуулах зэрэг орчин цагийн хөгжилд нийцүүлсэн ажлуудыг хийх замаар хөгжүүлэх, эзэнжүүлэх, хамгаалах шаардлагатай байгаа юм.

Энэ ч үүднээс дотоод гадаадын зочид, сүсэгтнүүдийн зорин ирэх “Цэцгэн эрхт Ловон бурхан”-ы цогцолбор буюу аялал жуулчлалын нэгэн төв байгуулсанаар энэхүү хэрэгцээ шаардлагыг шийдвэрлэж чадах төдийгүй түүх соёл, зан заншлаа сурталчлах юм. Цэцгэн эрхэт хэмээн нэрлэгддэг Бадамсамбуу бурхан нь цөвүүн цагийн хорлол бүхнийг амирлуулах, ялангуяа харийн аюулаас гэтэлгэхэд аньстай хэмээн монголчууд эртнээс шүтэж иржээ. Тиймээс Улаанбаатарчуудын сахин хамгаалах бурхан, хийморио бадраах шашин номын зан үйлийг ёсоор нь сэргээн мөргөлийн сүм, хүүхэд залуучууд ахмад настаны амарч зугаалах уламжлалт соёл орчин цагийн ногоон байгууламж хосолсон цогцолбор бүтээх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Бөөлөх гэж түүдэг асаагаад гал алджээ

Их тэнгэрийн амны ойролцоо байрлах бөөгийн отог бүхий тахилгатай газар бөө нар ихээр очиж бөөлдөг байна. Өнөөдөр 15 цагийн орчимд тус газар бөө бөөлөхөөр түүдэг асаасан байсан нь гал алджээ. Азаар Онцгой байдлынхан ойрхон байсан учир галыг газар авахаас нь өмнө унтраасан байна. Ард иргэдийг хуурайшилттай энэ үед гал түймрийн аюулаас сэргийлж түүдэг гал асаахгүй байх, тамхи, шүдэнзнийхээ галыг ил хаяхгүй байхыг албаныхан сануулжээ.

Categories
мэдээ нийгэм

“Тэмүжин-Өрлөг”-ийн сурагчид парад алхана

Аугаа их Эх орны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан монгол цэргүүд ОХУ-ын Москва хотын Улаан талбайд, монгол хүүхдүүд ОХУ-ын Ангарск хотод ялалтын парад алхах гэж байна.

Ангарск хотын төв талбайд Батлан хамгаалах их сургуулийн харъяа “Тэмүжин-Өрлөг” дунд сургуулийн 40 гаруй сурагчид парад алхах юм. Тэднийг тус хотын амбан захирагч урьж оролцуулж байгаа аж.

Парад алхах сурагчид ирэх сарын 5-нд ОХУ-ыг зорихоор бэлтгэлээ шамдуулж байна. Энэ парадад Ангарск хотын зэвсэгт хүчнийхэн болоод цэргийн сургуулийн сурагчид л оролцох бөгөөд гадны орноос манай “Тэмүжин-Өрлөг”-ийн сурагчид жагсана. Манай сурагчид парад алхахаас гадна Х.Мөнхжаргал, С.Цэрэндорж, Б.Энхбаяр нарын сурагчид талбайд цугласан олонд Аугаа их Эх орны дайны ялалтын сүлд дуу болсон “Катюша”-г дуулж сонирхуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Эх орны хөвгүүд “Мөнгөн хонхны баяр”-аа тэмдэглэлээ

Монгол Улсын Хууль зүйн яамны харьяа агентлаг болох Цагдаа, Хил хамгаалах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэл, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн болон Онцгой байдлын байгууллагын албан хаагчдыг бэлтгэдэг Хууль сахиулахын их сургуулийн 2014-2015 оны төгсөгчдийн “Мөнгөн хонхны” баяр өнөөдөр ёслол төгөлдөр боллоо.

Энэхүү ёслолын арга хэмжээнд Их сургуулийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн тэргүүн дэд захирал, цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ, Дэмжлэг үзүүлэх асуудал эрхэлсэн дэд захирал, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, Захирлын зөвлөлийн гишүүд болон ХЗЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Э.Зоригт, ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр, ШШҮХ-ийн дэд захирал, цагдаагийн хурандаа Ц.Гантулга, ШШҮХ-ийн стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Батмягмар болон их сургуулийн эрдэмтэн багш, албан хаагч, сонсогч, эцэг эхчүүд оролцов.

Энэ үеэр Их сургуулийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн тэргүүн дэд захирал, цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ төгсөгчдөд баяр хүргэн хэлсэн үгэндээ “Та бүхэнд Хууль сахиулахын их сургуулийн 81 дэх жилийн төгсөлтийн мөнгөн хонхны баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Төрөлх сургуулийн түүхийн хуудсанд нэгэн үеийнхэн болж, сурлага, урлаг, спортын амжилтаараа тэргүүлэн манлайлж, сургууль хамт олныхоо нэрийг дуурсгаж ирсэн төгсөгчдөдөө эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгчид тань бахархаж явдгаа илэрхийлэхийн ялдамд та бүхэн “Мөнгөн хонхны баяр”-ын мэндийг дахин хүргэж удахгүй эхлэх төгсөлтийн шалгалтдаа өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе” гэв.

Мөн төгсөгчдийг төлөөлж Цагдаагийн сургуулийн 342-р дамжааны дэд түрүүч Б.Соронзонбаатар үг хэлж, эрдэмтэн багш нартаа талархлаа илэрхийллээ. “Мөнгөн хонхны баяр”-ын энэ л дурсамжтай өдрийг хуваалцахаар ирсэн төгсөгчдийн эцэг эхчүүдийг төлөөлж Цагдаагийн сургуулийн 345-р дамжааны сонсогч У.Дэлгэрхишигийн аав цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Б.Умаахан ажил амьдралын харгуйд хөлж тавьж буй сонсогчдодоо сургаалын үгээ хайрлалаа.

ХСИС-ийн 2014-2015 оны хичээлийн жилд Удирдлагын сургууль 29, Цагдаагийн сургууль 171, эчнээ 90, Замын хөдөлгөөний аюулгүй байдал мэргэжлээр 30, ШШГС-ийг 46, ОБС 30, Хилийн сургуулийг 36 сонсогч төгсөнө.

Төрөлх сургуулийнхаа түүхийн хуудсанд нэгэн үеийнхэн болж, сурлага, урлаг, спортын амжилтаараа манлайлан суралцсан суралцсан сонсогчдыг “Эрдэм”, “Авъяас” алтан медаль, “Тэргүүний тамирчин”, Монголын Залуучуудын холбооны “Хөдөлмөрийн алдар” , “Цэргийн алдар” медалиар энгэрээ мялаалаа.

Төв сургуулиас үүсэл гаралтай түмэндээ танигдсан алдрын дуулалтай ХСИС Мөнгөн хонхны баяраар Чингис хаан хамтлагийн дуучин МУГЖ Б.Жаргалсайхан, “Нюанс” хамтлаг, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин н.Түвшинжаргал нар ая дууны мэндчилгээ дэвшүүлэв.

Ийнхүү арван жилийн сургуулиа дөнгөж төгссөн 17-той жаахан хөвгүүд их сургуульд элсэн ороод аранзаа үүрэн хамтдаа гүйж, албаны бэлтгэлээ чармайн гүйцэтгээд, аав ээжийгээ санахаараа хамтдаа дуулж, аяны жагсаалдаа нэгдэн алхсаар, хичээлийн танхим, хээрийн дадлага гээд хөгжилтэй жаргалтай, хөнгөн гунигтай мөч бүхэнд зүсэм талхаа ч хуваалцах зүрх сэтгэлийн нөхөрлөлөөр холбогдон, оюутны амьдралын дөрвөн жилд ижилдэн дассан сонсогчид маань эрдэм мэдлэгийн эзэд болон өсөн төлөвшиж эх орныхоо дөрвөн зүг найман зовхист алтан мөрдэсээ гялалзуулан албаа нэр төртэй гүйцэтгэхээ энэ л баярын өдөр эрдэмтэн багш, эцэг эхчүүддээ илтгэн харууллаа.

Categories
мэдээ нийгэм

Я.Батсуурь эмнэлэгт эмчлүүлнэ

Эрдэнэс тавантолгой” ХК-ний захирал асан Я.Батсуурь батлан даалтад гарсан. Тэрбээр Цагдан хорих 461-р ангийн хорих эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм. Өмгөөлөгч нь ярихдаа “Түүний нойр булчирхайн архаг үрэвсэл, зүрх судас, артерийн даралт ихсэх зэрэг өвчин нь хүндэрсэн. Цаашид төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэгт хандах зайлшгүй шаардлагатай байгаа учир эмнэлэгт хэвтэн эмчилгээгээ үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байна” гэж мэдээлсэн билээ.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурийг Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд баривчлан Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Шүүхээс түүнийг яллагдагчаар татан цагдан хорих хугацааг хоёр сараар сунгасан юм. Ар гэрийнхэн, өмгөөлөгч нь түүнийг батлан даалтад гаргах хүсэлтийг удаа дараа тавьсан байдаг.

АТГ-аас “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийг албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт сэжиглэж байгаа юм.