Categories
мэдээ нийгэм

Монгол хэл бичгийн шалгалтыг дахин авч байна

Их, дээд сургууль, коллежид элсэгчдээс Монгол хэл, бичгийн шалгалтыг өнгөрсөн гуравдугаар сарын 21-ны өдөр авсан. Тус шалгалтад 400-аас дээш оноо авсан шалгуулагчид Элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдах боломжтой болсон. Харин 400-аас доош оноо авсан шалгуулагчдын хувьд өнөөдөр 12.00 цагт дахин шалгалт өгөх юм. Монгол хэл, бичгийн шалгалтын хувьд Баян-Өлгийн аймгийн төгсөгчдийн 70 хувь нь тэнцээгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Төрийн алба хаагчдыг орон сууцжуулах үүднээс урьдчилгаа төлбөрийн дэмжлэгийг батлав

“Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд НИТХ-ын 2014 оны 24/03 тогтоолоор “Улаанбаатар-орон сууц сангаас төрийн албан хаагчдад урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журам”-ыг баталсан.

Үүнтэй холбогдуулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах төрийн албан хаагчийг сонгон шалгаруулахад баримтлах нийтлэг журам”-ыг хэлэлцэн батлав.

Журамд:

Нийслэлийн харьяа төрийн байгууллагын төрийн албан хаагч

Нийслэл, дүүргийн ИТХ-ын Ажлын алба

Засаг даргын Тамгын газар,

Захирагчийн Ажлын алба

Нийслэл, дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг, хэлтэс, алба

Нийслэлийн өмчит төсөвт байгууллага

Нийслэлийн төрийн өмчийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нийслэл, дүүргийн эмнэлэгт ажиллаж буй төрийн албан хаагчид хамрагдах боломжтой.

Журмаар тогтоосон нийтлэг шаардлага нь:

Нийслэлийн харьяа төрийн байгууллагад 3-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх

Ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, чиг үүргийн хэрэгжилтийг биечлэн хангаж, үр дүнтэй хэрэгжүүлдэг байх

Тухайн ажлын байранд цаашид тогтвор суурьшилтай ажиллах, ёс зүй, хувийн ашиг сонирхлын зөрчилгүй байх

Худалдан авах орон сууцныхаа зээлийн урьдчилгаа төлбөрийн 50-иас доошгүй хувийг бүрэн төлж барагдуулах чадвартай байх

Ипотекийн зээлд хамрагдах нөхцөл, шалгуурыг хангасан байх зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг журамд тусгажээ.

Эдгээр шаардлагыг хангасан төрийн албан хаагч Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барьсан орон сууцнаас сонгож урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах хүсэлтээ ажил олгогчдоо гаргана.

Ажил олгогч “Улаанбаатар – Орон сууц сан”-д хандах юм.

“Улаанбаатар – Орон сууц сан”-аас ажил олгогчид квот өгсөнөөр төрийн албан хаагч, “Улаанбаатар – Орон сууц сан”, банк хамтран гурвалсан гэрээ байгуулах аж.

Categories
мэдээ спорт

Жюү-жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Г.Эрхэмбаяр аварга зодоглоно

АНЭУ-ын нийслэл Абу-Дабидгийн “IPIC Arena” цогцолборт өчигдөр жюү-жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнэхэлсэн байна.

Тус тэмцээнд манай улсаас 11 тамирчин зодоглож байгаа аж. Тодруулбал, Монгол улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Д.Азжаргал, улсын начин Б.Сугаржаргал нарын зэрэг бөхчүүд оролцож байна.

Г.Эрхэмбаяр аварга, Д.Азжаргал арслан нар “Мастерс” ангиллын +95 кг-д барилдах бол Б.Сугаржаргал начин хөх бүсний ангилалд +95 кг-д хүч үзэх юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Чонон сүлд” олон улсын кино наадмаас шагнал хүртжээ

Францын найруулагч Жан Жак Анногийннайруулсан Чонон сүлд кино энэ сарын 16-24-ны өдөр болсонБээжингийн Олон улсын кино наадмаас “шилдэг найруулагч” , “шилдэг өвөрмөц төрх” номинацийн шагнал хүртжээ. Хятадын зохиолч Зя Руныбичсэн энэхүү зохиол 2005 онд гарсан даруйдаа Хятадын төдийгүйдэлхийн шилдэг зохиолоор шалгарч 31 орны хэлээрхөрвүүлэнгарсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Мөс цөмрөхийг анхааруулж байна

Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар дулаарах тул хаврын шар усны үер болон мөс цөмрөх аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.Дөрөвдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөн, нуурт мөсний үзэгдэл идэвхжиж, зарим голууд мөснөөс бүрэн чөлөөлөгдсөн хэдий ч нуурын талбай болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба өнгөрсөн арав хоногийнхоос мөс 10-50 см нимгэрч байгаа тул ард иргэдийг мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

Ус судлалын сектор

Categories
мэдээ нийгэм

Улсын дугаар нь 4, 9-өөр төгссөн жолооч нарыг татвараа төлөөгүй бол ирэх сард хөдөлгөөнд оролцуулахгүй

Энэ сар дуусахаас өмнө автомашины албан татвараа төлөхийг жолооч нарт анхааруулж байна. Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ыг баталсан билээ. Тэгвэл журмын дагуу Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлөхөөр зохицуулалт хийсэн. Энэхүү зохицуулалтын дагуу автомашины улсын дугаар нь 4,9-өөр төгссөн бол жолооч нар энэ сард албан татвараа төлөх ёстой юм. Хуульд заасан хугацаанд татвараа төлөөгүй тохиолдолд тээврийн эзэмшигчдэд хариуцлага тооцож, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хүртэл холбогдох арга хэмжээ авах юм байна.

Тодруулбал, жолооч таны автомашины улсын дугаар :

1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард

2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард

3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард

4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард

5,0 тоогоор төгссөн бол тав дугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө.

Categories
мэдээ цаг-үе

Өмнөд Суданд энхийг сахиулж буй Дөрөвдүгээр мотобуудлагын батальоны ажиллагааны ахлах дэд хурандаа Чинзориг Монголын энхийг сахиулагчид 70 гаруй мянган дүрвэгсдийн амийг аварлаа

Ахлах дэслэгч Н.Амарбаясгалангаар удирдуулсан дөрөвдүгээр ээлжийн мотобуудлагын батальон

Өчигдрөөс эхлэн цахим сүлжээгээр Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж байгаа монгол цэргүүдийн түймэрт өртсөн дүрвэгсдийн суурингийн иргэдийг аварсан талаарх мэдээлэл цацагдах болсон. Тодруулбал Судан улсын Ийда хэмээх дүрвэгдэгсдийн тосгонд гарсан түймрийг Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн ротын техникийн орлогч, ахлах дэслэгч Н.Амарбаясгалангаар удирдуулсан дөрөвдүгээр ээлжийн мотобуудлагын батальоны 30 гаруй энхийг сахиулагчид цаг алдалгүй шуурхай унтраасан байна. Ингэсний хүчинд 70 гаруй мянган оршин суугчидтай буюу Эрдэнэт хотын тэн хагасаас илүү хүн амтай Ийда тосгоны иргэдийн амь нас эрсдээгүй юм. Монголын энхийг сахиулагчдын байгуулсан дээрх гавьяаг олон улсад өндрөөр үнэлж, Ийда тосгон дахь дүрвэгсдийн хуарангийн удирдлага, НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд хороо болон UNMISS ажиллагааны удирдлага биечлэн талархал илэрхийлжээ. Ийнхүү дээрх болсон үйл явдлын талаар тодруулахаар Өмнөд Судан улсын Беньтю тосгон дахь Монголын энхийг сахиулагчдын төв штабын тусгай ажиллагааны ахлах офицер, дэд хурандаа Б.Чинзоригтой өчигдөр 15 цагийн үед холбогдлоо. Судан нь Монголоос таван цагийн зөрүүтэй учраас тэнд 10 цаг болж байсан гэсэн үг.

-Амрыг эрье. Монгол дахь өдөр тутмын “Өдрийн сонин”-оос холбогдож байна. Таны алба тавлаг уу?

-Тавлаг аа. Монгол цэргүүд Өмнөд Судан улсын Беньтю, Ийда, Румбек зэрэг тосгодод энхийг сахиулах үндсэн үүргээ нэр төртэй биелүүлж явна.

-Нэр төртэй биелүүлж байгаа учраас ч дүрвэгсдийн Ийда тосгонд гарсан түймрийг цаг алдалгүй шуурхай унтраасан байх?

-Хамгийн гол нь Өмнөд Судан дахь олон улсын энхийг сахиулагчид НҮБ-ын мандатаар энгийн иргэдийг хамгаалах үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу тухайн хамгаалж буй бүс нутгийнхаа иргэдийг алан хядах ажиллагаа, элдэв мөргөлдөөнөөс авахуулаад байгалийн гамшгаас хүртэл хамгаалдаг. Суурин, тосгодод эргүүлийн үүрэг гүйцэтгэдэг. Өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны 11 цаг 10 минутын орчимд дүрвэгсдийн Ийда тосгонд түймэр гарсан тухай энхийг сахиулах үүргээ биелүүлж явсан ахлах дэслэгчН.Амарбаясгалангаар удирдуулсан дөрөвдүгээр ээлжийн мотобуудлагын батальоноос Бентью дахь төв штабт дуудлага ирсэн. Төв штабаас бүхий л бололцоог ашиглаж, цаг алдалгүй түймрийг унтрааж, оршин суугчдыг аюулгүй газар шилжүүлэх үүрэг өгсөн. Салааны захирагч зөв шийдвэр гарган, зоримог, шуурхай ажилласны дүнд 70 гаруй мянган хүнтэй дүрвэгсдийн хуаранг нурам болох аюулаас аварч чадлаа.

Манай батальоны 30 гаруй энхийг сахиулагч шуурхай, авхаалж гарган ажилласны үр дүнд 12 цагт түймрийг бүрэн унтраасны хүчинд 60-аад айлын гэр шатаж, 10 гаруй иргэн хөнгөн түлэгдсэнээс өөр хохирол гараагүй.

-Энхийг сахиулагчдад болзошгүй түймрийн аюулаас өөрсдийгөө болон бусад энгийн иргэдийг хамгаалах тусгай зориулалт бүхий галын хор, аппарат гэж бий юу?

-Бид чинь энхийг сахиулагч болохоос гал сөнөөгчид биш шүү дээ. Уг суурин, түүний орчмын бүс нутагт дүрвэгсдийн тоо хэдэн арван мянгад хүрч нягтран суурьшсан, Суданы Засгийн газрын эсрэг хүчнийхний үйл ажиллагаа идэвхтэй явагддаг газар. Түүнчлэн Өмнөд Суданы сөргөлдөгч хүчнүүд хаяа дэрлэн оршдог зэвсэгт мөргөлдөөний талбар.

Бид чинь цэргийн хувцас, сум нэвтрэхгүй хантааз, дуулгаа өмсөөд, буугаа үүрээд дүрвэгсдийн тосгонд энхийг сахиулж буй цэрэг өөдөөс нь амиа золиослогч, алан хядагч гал нээхэд өөрийгөө болон энгийн иргэдийг хамгаалдаг шигээ дүрвэгсдийн амь хоргодох өвсөн хороо шатлаа гэхэд өгсөн үүрэг даалгаврын дагуу галыг унтрааж, иргэдийг нь аюулгүй газар хүргэдэг л байхгүй юу. Ийдад гарсан түймрийг энхийг сахиулагчид маань ус, хаймран цохиур хоёроор дарсан. Түймрийн тархалтыг хумих үүднээс хэдэн арван өвсөн оромжуудыг нураасан. Азаар Ийдад түймэр гарсан газрынх нь ойролцоо хэд хэдэн худаг байсан учраас усаар гачигдаагүй. Мэдээж тосгон, орон гэр нь шатаж байхад хэн ч зүгээр хараад суухгүй. Тэднийг манай энхийг сахиулагчид зөв удирдан зохион байгуулж, түймэр унтраахад оролцуулсан.

Өмнөд Судан Улсын Ийда тосгонд гал гарах үед Монголын энхийг сахиулагчид цаг алдалгүй шуурхай ажилласны дүнд нэг ч хүн амь үрэгдээгүй байна. 2014 оны гуравдугаар сарын 20

-Та сая өвсөн хоргодох байр гэлээ. Тэгэхээр Ийдагийн оршин суугчид өвсөөр хийсэн сууцанд амьдардаг гэсэн үг үү?

-Ийда чинь дайн дажинтай Суданы хойд хэсгээс өмнөд рүүгээ нүүдэллэсэн буюу дүрвэсэн хүмүүсийн тосгон шүү дээ. Миний мэдэхийн 2011 онд энэ суурин байж л байсан. Дүрвэж, нүүдэллэж яваа хүмүүс очсон газартаа шавар зуураад, тоосго өрөхгүй нь ойлгомжтой. Арван оромж тутмын ес нь дэрс, өвсөөр хийсэн. Дээрээс нь хоорондоо маш шигүү суурьшсан. Орчин үеийнх шиг хот төлөвлөлт, инженерийн шугам сүлжээ, засмал замгүй. Хүн бүр хүссэн газраа дэрсэн оромжоо барьчихна. Тосгодын дундуур хоёроос гурван метрийн зайтай нарийн гудамж л бий. Хааш хаашаагаа тавхан км-ийн зайд 70 гаруй мянган хүн амьдарч байгаа гээд бодохоор ямархуу нөхцөлд амьдарч байгаа нь хэн бүхэнд төсөөлөгдөх болов уу.

-Түймрийн шалтгааныг тогтоосон юм болов уу?

-Ахуйн нөхцлөөс түймэр алдагдсан нь тогтоогдсон. Тог цахилгаангүй учраас гурав, дөрвөн чулуу тойруулж босгож байгаад, гал түлж, дээр нь хоол цайгаа болгож иднэ. Амьдарч буй сууц оронгоо шатамхай өвс, дэрсээр барьсан учраас жижигхэн оч дээр нь буухад гал гарна. Дээрээс нь жилийн хуурайшилтын улирал явагдаж байгаа учраас Ийдагийн эргэн тойронд өндөр ургасан хатсан өвс, ургамал, дэрсэнд гал алдах эрсдэл маш өндөр.

-Өндөр ургасан гэдэг нь хэд орчим см гэсэн үг юм бол. Борооны улирал нь хэдийд эхэлдэг вэ?

-Дунджаар 40 см буюу хагас метр өндөр ургадаг. Таваас долдугаар сард хур тунадас арвин ордог бол ес, аравдугаар сард бага.

-Хуурайшилтын улирал нь удаан үргэлжилдэг учраас жилд гарах түймэр нь ганцаар тогтдоггүй л байлгүй?

-Өнгөрсөн хоёрдугаар сарын 16-нд Беньтюд гарсан түймэр Ийдад гарснаас илүү хүчтэй байсан ч Монголын энхийг сахиулагчид хоёрхон цагийн дотор унтрааж, мянга мянган хүний амь, эд хөрөнгийг хамгаалсан. Беньтю 50 гаруй мянган хүн амийг аврахын төлөө манай 100-аад энхийг сахиулагчид зүтгэсэн.

-Ийдаг нүүлгэн шилжүүлж байгаа гэх мэдээлэл цахим сүлжээгээр явах боллоо. Энэ үнэн үү?

-Одоогоор төв штабт энэ талаар мэдээлэл ирээгүй байна.

-Түймрийг унтраах үед салхи эрчтэй байснаас гадна Ийдад хадгалагдаж байсан их сум дэлбэрч, түймрийг унтраахад ихээхэн хүндрэлтэй байсан гэдэг үнэн үү?

-Тийм ээ. Газар дээр нь ажиллаж байсан энхийг сахиулагчдын мэдээлснээр багагүй тооны сум дэлбэрч, түймрийн эрчийг нэмэгдүүлсэн гэсэн. Алан хядагч, амиа золиослогч, зэвсэгт бүлэглэлүүдийн байнгын довтолгоонд өртдөг, байнгын үймээн самуунд аж төрдөг хүмүүст өөрсдийгөө хамгаалах галт зэвсэг байх нь мэдээж. Сумаа өвсөн овоохойныхоо хойморт шидчихсэн юм чинь тэр нь дэлбэрэхээс ч яах билээ.

-Өмнөд Суданд Монголоос хэдэн энхийг сахиулагч үүрэг гүйцэтгэж байгаа вэ. Тэд хэдийд эх орондоо ирэх вэ?

-Энэ удаад 850 цэргийн албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр үүрэг гүйцэтгэж байна. Жилийн хугацаатай учраас бид ирэх долдугаар сард эх орон руугаа буцна даа.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Д.Оюунтуул: Түлэнхийн зовлонг биеэрээ мэдэрсэн учраас хүүд туслахыг хүссэн

-ТАЙЗАН ДЭЭР ГАРАХАД ХҮМҮҮС НАМАЙГ ЯАЖ ХҮЛЭЭЖ АВАХ БОЛ ГЭСЭН АЙДАС ЭРГЭЛЗЭЭ ОДОО Ч БИЙ-

“Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул түлэгдсэн хүүд туслах аянд нэгдэж, уриалга гаргаад байгаа. БНСУ-д хоёр удаа мэс засалд орж, одоо ч эмчилгээтэй байгаа тэрбээр өөр шигээ зовлон амсч байгаа хүүд тусалж, олон нийтийг уриалаад байгаа билээ. Энэ талаар Соёлын тэргүүний ажилтан Д.Оюунтуултай ярилцлаа.

-Таныг түлэгдсэн хүүд туслах аян эхлүүлсэнд уншигчдынхаа өмнөөс баярлаж байгаагаа илэрхийлье. Энэ ажлыг тань хүмүүс хэр хүлээн авч байна. Туслах дэмжих хүн цөөнгүй байгаа болов уу?

-Баярлалаа. Түлэгдсэн хүүд туслах аянг би эхлүүлээгүй. Ээж нь олон түмнээс тусламж гуйсныг олж хараад маш их өрөвдсөн. Түлэнхий гэдэг маш хорлонтой, аймшигтай өвчин. Биеэрээ мэдэрсэн хүний хувьд хүүгийн тэр зургийг анх хараад үнэхээр өрөвдөж, өөрийн эрхгүй ээжтэй нь холбогдмоор, тусалмаар санагдсан. Би өөрөө эмчилгээтэй байгаа учраас тэр хүүд мөнгө, санхүүгийн тусламж үзүүлж чадахгүй. Тодорхой хэмжээнд олны танил гэдэг утгаараа хүмүүсийг туслахыг уриалъя, өөрийнхөө чадлаар тусалъя гэж шийдсэн. Тиймээс долоо хоногийн өмнө facebook-т “Жүжигчин Оюунтуул” хаяг нээж, түүгээрээ дамжуулан хүмүүсийг уриалж байна. Долоо хоногийн дотор маш олон хүн дэмжиж байгаагаа илэрхийлж, найзын хүсэлт илгээжээ. Би тэр хүүд туслаач, хүүгийн биеийн байдал ийм байна гэдэг утгаар мэдээллийг л түгээж байгаа. Миний чадах ажил тэр. Түүнээс би мөнгө, санхүүгийнх нь ажилд огт холбогдоогүй. Сайны хажуугаар саар гэдэг шиг хүүд тусалж, дэмжих олон хүн байгаа ч намайг хүүхдээр шоу хийлээ, мөнгө олох гэлээ гэх хүмүүс ч мэр сэр байна.

-Өвчтэй, нялх хүүхдээр шоу хийх хүн байхгүй нь мэдээж. Та эмзэглээгүй биз дээ?

-Тэр хүү дөнгөж ой гурван сартай. Өвчиндөө яаж зовж, шаналж байгаа билээ. Хүний нялх үр зовж байхад шоу хийгээд, нэр хүндээ өсгөх гээд явж байдаг хүн гэж байх уу. Намайг олон хүн таньдаг болов уу, тэр утгаараа мэдээлэл түгээж хүмүүсийг уриалъя л гэсэн бодол байснаас өөр нэр хүнд, ашгийн төлөө огт яваагүй гэдгийг хэлмээр байна. Тийм яриа сонсоод жаахан эмзэглэснийг нуухгүй. Гэхдээ дэмжиж, хүүд тусалж байгаа олон хүн бий. Зарим хүмүүс тусламж үзүүлсэн хүмүүсийн мэдээлэл, санхүүгийн тайлангаа тавь гэж шаардсан байна лээ. Тэр хүүд туслаач гэж зарласан хандивын данс нь бодитой. Эмчилгээнээс өөр ямар нэгэн зүйлд зориулагдаагүй. Би мөнгө төгрөгтэй холбогдоогүй учраас хүүгийн ээжид “Би Солонгост эмнэлэгт эмчлүүлж байсан. Аль ч эмнэлэг эмчилгээний зардлыг бичээд өгдөг. Орчуулагчаараа дамжуулаад тайланг нь ав. Энд орчуулаад олон нийтийн сүлжээгээр дэлгээрэй” гэж хэлсэн. Ингэж ээжид нь хэлэхдээ багахан эмзэглэж байлаа. Яаж ч бодсон үхэж болох өвчнөөр нялх хүүхэд зовж байхад шоу хийх хүн байхгүй. Ийм зүйл дээр хэт муу санаа гаргамааргүй санагдсан. Намайг ч гэсэн “Солонгос руу эмчилгээнд явлаа гэж Алдармаагаас баахан мөнгө авсан. Тэнд очоод шопинг хийгээд явж байна” гэж ярих хүн байсан. Би өнөөдөр ч гэсэн эмчилгээгээ хийлгээд л явж байгаа. Өөртэй чинь ярилцахын өмнө хүртэл эмчилгээндээ ороод ирсэн.

-Монголдоо эмчлүүлэх боломж байгаагүй юм уу гэх хандлага бас байсан. Гадаадад өндөр үнэтэй эмчилгээ хийлгэсэн гэдэг утгаараа зарим хүн шүүмжилсэн байж болох талтай.

-Би тансаг сайхныг хайж яваагүй. Түлэнхийн төвийн эмч нарын зөвлөснөөр л эмчилгээнд явахаас өөр арга байгаагүй. Манай эмч нарын мэдлэг, туршлага үнэхээр сайн. Гэсэн ч тоног төхөөрөмж, эм тариа гээд үнэхээр хүчин мөхөсддөг юм байна. Гадагшаа эмчилгээнд явахгүй бол болохгүй гэж зөвлөсөн учраас л би явсан. Түүнээс хэн нэгнээс учиргүй их мөнгө авах гэж, гадаадад тансаг эмнэлэгт хэвтэх гээгүй. Би 31 хувийн түлэгдэлтэй, энэ хүү 51 хувийн түлэгдэлтэй байсан. Мэс засал хийлгэхээс гадна маш удаан хугацаанд эмчлүүлэх шаардлагатай байдаг юм билээ. Өмнө нь би түлэгдсэн гэхээр нэг их эмзэглэдэггүй, хүнд хүлээж авдаггүй байсан. Түлэнхийн зовлон гэдэг хамгаас хэцүү гэдгийг биеэрээ мэдэрсэн учраас энэ хүүд тусалж, нэг ч гэсэн хүний амийг аврахад хувь нэмрээ оруулъя гэж бодсон.

-Хүүгийн бие одоо гайгүй юу?

-Дөнгөж сая ээжтэй нь ярилаа. “Мэс засалд орсон ч халуун нь буурахгүй байна” гэж байна лээ. Гэхдээ олныхоо дэмээр хүүгийн бие сайжирч байгаа гэдгийг дуулгамаар байна. Монголчууд нэгийгээ гэсэн халуун сэтгэлтэй ард түмэн шүү дээ.

-Түлэнхийн зовлон өвчин дундаас хамгийн хэцүү гэдгийг та биеэрээ мэдэрсэн. Эцэг, эхийн анзааргагүйгээс маш олон хүүхэд түлэгдэж зовж байгааг харахад эмзэглэх нь аргагүй. Түлэнхийн төвд эмчлүүлэгчдийн олонхи нь хүүхэд юм билээ?

-Би Түлэнхийн төвд 19 хоног хэвтэж эмчлүүлсэн. Намайг хэвтэж байхад хоёр хүүхэд өвчнөө даахгүй амиа алдаж байгааг хараад маш хүнд цохилтод орсон. Тэнд байгаа хүмүүсийн ихэнх нь хүүхдүүд. Ялангуяа 0-5 насны хүүхдүүд халуун тогоо, халуун цайнд их түлэгдэж ирэх юм. Эцэг эхийнх нь хараа хяналт сул байна, хүүхдээ харж, хандсангүй, гэр хорооллын амьдрал тааруу хүмүүсийн хүүхдүүд л түлэгддэг гэж хүмүүс ярьдаг. Дээр үед хүүхдүүд түлэгддэггүй байсан, одоогийн хүмүүс хүүхдээ ч харж чадахгүй байна гэж шүүмжлэхийг олон сонслоо. Эцэг, эхийн хараа хяналт сул байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ түрхэн зуурын л гай байдаг юм билээ. Өнгөц хараад шүүмжлээд олон зүйл ярьж болох боловч хэн ч хүүхдээ түлэгдчихнэ гэж тэрхэн зуурт боддоггүй. Хормын төдийд дайрах гай шүү дээ. Халуун тогоонд маш олон хүүхэд түлэгддэг юм байна. Олон үйлдэлтэй тогоог буруу ажиллуулснаас болж дэлбэрч олон хүн түлэгдэж эмнэлэгт ирдэг. Дээр үед тийм зүйл байгаагүй. Халуун цайнд ойртохоор аав ээж минь “Ий аймаар, халуун” гэж айлгадаг, болгоомжлуулдаг байсан. Хүүхдэдээ ингээд болгоомжлуулаад байхад ойлгоно шүү дээ. Зав муутай, орой ирдэг ч хүүхэдтэйгээ маш сайн харилцаж ойртож болохгүй зүйлсийн талаар ойлгуулж байгаач. Бас халуун тогоо, халуун цайгаа хүүхдийн гар хүрч болохгүй газар тавьж байгаач гэж захья. Залуу аав ээжүүдэд хүүхэд нь түлэгдэнэ гэсэн төсөөлөл бага байх шиг байна. Түрхэн зуурын болгоомжгүй байдлаас болж нөхөж баршгүй зовлон тохиох юм. Тиймээс хичнээн завгүй байсан ч анхаарал болгоомжтой байгаач гэж аминчлан захимаар байна.

-Зарим хүмүүс мэдээлэлгүйгээсээ болоод хүүхдээ түлэгдэхэд нохойн цус, сахар, гутлын тос түрхэж бохирдуулдаг. Болгоомжтой байхаас гадна анхны тусламж үзүүлэх талаар мэдээлэлтэй баймаар санагддаг?

-Би буцалсан усанд түлэгдсэн шүү дээ. Эмч нар “Түлэгдсэн бол хамгийн түрүүнд хүйтэн усанд дүрэх ёстой” гэж зөвлөдөг юм билээ. Хүйтэн ус хорыг нь гадагшлуулдаг юм байна. Өдий насалчихаад үүнийг сонсоогүй юм уу гэж эмч асууж байсан. Үнэхээр би мэдэхгүй байсан учраас анхны тусламж үзүүлэлгүй эмнэлэгт очсон шүү дээ. Намайг амьтны гаралтай юу ч түрхэж, ойртуулж болохгүй гэсэн. Би өнөөг хүртэл ойртуулаагүй. Ер нь элдэв зүйл түрхдэг гэсэн ам ярианд итгэмээргүй юм билээ. Янз бүрийн зүйл түрхээд хүндрүүлсэн хүмүүс эмнэлэгт цөөнгүй ирдэг. Би жил шахам эмчилгээ хийлгэж байна. Тиймээс тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон. Мэс заслын дараахь эмчилгээний талаар асуумаар байвал надтай холбогдоорой гэж хүмүүст уриалмаар байна. Би чадах бүхнээ хэлж өгнө. Утсаар яриад байх боломжгүй ч facebook хаягаараа хариулаад зөвлөөд байж чадна. Зовлонг нь үзсэн хүн гэдэг өөр шүү дээ. Надтай түлэгдсэн хүмүүс холбогдож, ярьж хөөрдөг. Ядаж л зовлонг нь хуваалцаад “Одоо ингэнэ, тэгнэ” гээд ярилцана шүү дээ.

-Түлэгдсэн хүмүүс насаараа сорвитой шаналж явна гэж сэтгэлээр унадаг. Таны тухайд уйгагүй эмчилгээ хийлгэж байгаа. Одоо ер нь зовиур байгаа юу?

-Намайг анх эмнэлэгт очиход эмч “Хоёр жил түлэнхийн төвөөр явна даа” гэхэд нь их гомдож байсан. Юу яриад байгаа юм бэ л гэж бодож байлаа. Гэтэл би жил эмнэлгээс салсангүй. Энэ сарын 27-нд яг жил болж байна. Ургасан махны хэмжээ багасаагүй. Тэвчээртэй, уйгагүй эмчлүүлэхэд эдгэнэ л гэсэн. Физик эмчилгээ хийлгэж байна. Түлэгдсэний дараахь арчилгаа маш чухал байдаг. Байнгын арчилгаа шаардлагатай. Тийм учраас түлэнхий хүнд, зовлонтой өвчин гээд байгаа юм. Маш их тэвчээр хэрэгтэй юм байна.

-Урлагийнхан, тэр дундаа хошин урлагийнхан хүмүүнлэгийн ажил хийж байгаад олон хүн талархлаа илэрхийлж байгаа. Жүжигчин Г.Ундармаа төрөх эмнэлгүүдийн хүлээлгийн өрөөг тохижуулсан нь олон хүнийг баярлууллаа. Таны тухайд түлэгдсэн хүүд тусалж байна. Бас хүмүүст өөрийнхөө боломжоор зөвлөгөө өгөхөд бэлэн гэлээ.

-Зовлонг биеэрээ туулсан хүн асуудалд арай өөр ханддаг юм байна. Би өмнө нь уран бүтээлээ сайн хийгээд, түүндээ урамшаад явъя л гэж боддог байж. Тусламж, дэмжлэг гуйсан өвдөж шаналсан хүмүүсийг өрөвддөг ч тэгтлээ эмзэглэдэггүй байжээ. Г.Ундармаа эгчийн аавынх нь бие муу. Бид хамтдаа эргэж тойроод явдаг байсан. Эмнэлгийн хүлээлгийн өрөө тохигүй юм. Эгч нь төрийн бус байгууллага байгуулаад чадлынхаа хэрээр тохижуулна гэж яриад ажил болгосон. Олон хүн талархаж байгаа. Би түлэнхийн зовлонг биеэрээ туулсны хувьд хүүд тусалъя гэж хүссэн. Олны танил учраас нийгэм рүү хандсан ажил хийж нэр хүндээ өсгөе гэсэн ямар ч бодол байхгүй. Аяндаа л хиймээр санагдаад эхэлдэг юм байна. Маш олон хүн хүүд санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа. Надад мөнгө байхгүй. Миний хийж чадах ажил л олныг уриалах. Юу байна, түүгээр гэдэг шиг л явж байна.

-Цаашдаа ийм ажил зохиох уу?

-Үнэндээ төлөвлөсөн зүйл алга. Эмчилгээ минь удаан хугацаанд үргэлжилнэ. Дахиад ийм зовлон үзэх хүүхэд битгий байгаасай гэж хүсч байна.

-Та өчигдөр киноны нээлтэд явж байна гэсэн. Өөрийнхөө тоглосон киноны нээлтэд очсон уу?

-Уран бүтээлч дүү нарынхаа тоглосон “Гурван найз” киноны нээлтэд уригдаж очсон. Тэмка, Нарансолонго нарын маань тоглосон кино шүү дээ.

-Өөрөө “Хуримын сюрприз” кинонд дүр бүтээхээс гадна зургийн даргаар ажилласан. Уран бүтээлдээ эргэж ирэхдээ мэргэжлээ солив уу?

-Жил орчим уран бүтээлээсээ хол, эмнэлгээр явахад надад үнэхээр хэцүү байсан. Сэтгэлээр ч их унасан. Ийм үед “Хуримын сюрприз” киноны хамт олон туслах дүр санал болгосон. Үүнийхээ хажуугаар зургийн даргаар ажиллах санал тавьсан. Уран бүтээлээсээ удаан хугацаанд хөндийрчихсөн, ажилгүй байгаа хүн өөртөө итгэлгүй болчихдог юм билээ. “Зургийн дарга хийж чадахгүй байх. Та нарынхаа ажлыг алчихна” гэж зөвшөөрөөгүй. Долоо хоносны дараа “Оюунлаг“ продакшны залуус маань “Та өөрийгөө сэргээх хэрэгтэй. Ингээд байгаад байж болохгүй” гэсэн. Миний хувьд уран бүтээлдээ ормоор хиймээр байсан ч айдас байсан. Гэхдээ надад заагаад өг, би хийгээд үзье гэсэн. Ингээд л найруулагчаараа заалгаад шинийн 5-нд ажилдаа орсон. Үнэхээр сайхан байсан. Үгээр хэлэхийн аргагүй шүү. Ядарч явахад минь хүлээж авсан, тусалсан киноныхоо бүх залууст маш их баярлаж байгаа.

-Урт хугацааны эмчилгээ, багагүй хэл амны дараа уран бүтээлдээ эргэж ороход сэтгэлийн хөөрлөөс гадна айдас түгшүүр байсан нь мэдээж?

-Маш их айдас, эргэлзээ байсан. Одоо ч бий. Тайзан дээр гарахад хүмүүс намайг яаж хүлээж авах бол. Би 13 жил тайзан дээр ажилласан. Тодорхой хэмжээнд хүмүүст танигдаж байсан. Гэтэл жилийн өмнөх явдлаас хойш хүн бүр намайг таньдаг, ярьдаг болсон. Муу нэрээр хүмүүст танигдах гэдэг маш хэцүү. Уран бүтээлээрээ биш муу юмаараа алдаршина гэдэг хэцүү шүү дээ. Тэр утгаараа сэтгэл санаа хүнд байсан. Уран бүтээлдээ ороод маш сайхан байна.

Хүн гэдэг сэтгэлийн амьтан. Энэ уран бүтээл дээр ажиллаад хүмүүс ч болж байна гээд, өөрийгөө ч би болж байна шүү гэж үнэлэхээр үнэхээр л болоод явчихаж байна.

-Ц.Алдармаа та хоёр нэгэн үе эгч дүүс байсан. Та хоёрын дундах асуудал дууссан гэж ойлгож байгаа. Та уран бүтээлдээ орлоо. Алдармаа ч суллагдсан. Одоо холбоотой байдаг уу?

-Миний хийж байгаа ажлыг дэмжиж ярилцлага авсанд баярлалаа. Энэ талаар яримааргүй байна. Эмэгтэй хүний хувьд намайг ойлгож байгаа гэж итгэж байна.

-Хамтлагийнхантайгаа холбоотой байгаа юу. Эргээд хамтлагтаа орох бодол байгаа болов уу?

-Энэ удаа ингээд өндөрлөе.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
мэдээ цаг-үе

Би циркийн “Алиалагч” болно гэж мөн ч их мөрөөддөг байлаа

Үзэгчдэд хүлээлт үүсгээд байсан “Гурван найз – Яасан байх нь уу” инээдмийн уран сайхны кино дөрөвдүгээр сарын 22-ны өдөр нээлтээ хийлээ. “Гурван найз” олон ангит киноны найзууд болох Төгөлдөр, Санчир, Цэрэндалай нар бүрэн хэмжээний кинон дээрээ тогтсон амьдралтай болох аж. Тэд жил бүр нөхөрлөлийнхөө ойг тэмдэглэдэг уламжлалын дагуу энэ удаад гурван найз 22 жилийн ойг нижгэр тэмдэглэснээр хөгжилтэй олон адал явдлууд хөврөх нь ээ. Киног “Keystone films”, “Эмоци” продакшн хамтран бүтээсэн бөгөөд зохиолыг “Амьдралд тавтай морил” олон ангит киноны зохиолчоор ажилласан Ж.Оргил, “Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжин нар бичсэн байна. Харин найруулагчаар Ч.Ганзориг ажиллажээ. Мөн кинонд “X-Түц” продакшны жүжигчин А.Туяа, Т.Бархүү, дуучин Мино буюу Т.Номин, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Д.Баттөмөр, “Шинэ үе”-ийн Ц.Ганбаяр, “Маск” продакшны Д.Дэлгэрсайхан, Э.Алдар нар оролцон тогложээ. Ингээд “Гурван найз” киноны Санчир буюу жүжигчин Д.Түвшинтөртэй ярилцлаа.

-“Гурван найз” киног олон ангит болгосон нь нэг ангиасаа юугаараа ялгаатай вэ. Та нар киногоороо юу харуулахыг хүсэв?

-Жүжиглэлтийн хувьд ялгаа байхгүй. Зураг авалтын хувьд ялгаа бий. Киноны багийнхан гурван сарын турш хамт павильонд байж 40 ангитай хийсэн. Нэг ангит киноны хувьд 20 хоногийн дотор л зураг авалт нь явагдаад дуусчихаж байгаа юм. Дараа нь монтаж, эвлүүлгүүд хийгдсэн гээд цаг хугацааны хувьд урт, удаан гэсэн ялгаатай юм уу даа. “Гурван найз” 40 ангит киноны анги болгон нь өөрийн гэсэн өнгө төрхтэй, өөр үйл явдлууд өрнөж байсан. Энэ удаагийн “Гурван найз Яасан байх нь уу” бүрэн хэмжээний уран сайхны кино мөн л нэг үйл явдлыг үзүүлнэ. Энэ киногоор өнөөдөр Монголын нийгэмд залуусын дунд нөхөрлөл ийм байна. Унаган багын найзуудын нөхөрлөлийн үнэ цэн юунд байдаг вэ гэдгийг харуулахыг зорьсон доо.

-Олон ангит кино гарч дууссаны дараа үзэгчдийн дунд нэлээд хүлээлт үүссэн.Бүрэн хэмжээний киноны нээлтийн сэтгэгдлээ хуваалцаач?

-Аливаа юмны нээлт их хэцүү байдаг. Бүрэн хэмжээний киноны нээлт сайхан болж байна. Киногоо нээгээд үзэгчидтэйгээ хамт үзчихээр л жаахан тайвширдаг. Ер нь дэлхийн олон ангит цувралууд ашиг орлого олох зорилгоор бүрэн хэмжээний кино бүтээдэг. Бид тэр жишгээр үзэгчдийн хүсэлтээр бүрэн хэмжээний бүтээл болгосон. Кино маань цааш дахин үргэлжлэх үү үгүй юу гэдэг нь үзэгчдээс шалтгаалж шийднэ.

-Нэг ангийнхан хамтарч кинонд тоглосон гэсэн байх аа?

-Тийм ээ. Баатархүү, Нарансолонго бид гурав Найдандорж багшийн шавь нар. Мөн Лхамхүү багшийн нэг ангийн нэг үеийн төгсөлтийн Анхаа, Тэмка, Эзэнмөнх, Туяа, Алдар гээд таван хүн тоглосон гээд сонин тохиолдлууд болсон.

-“Гурван найз- Яасан байх нь уу” киноны үйл явдал цааш хэрхэн өрнөх вэ?

-40 анги дээр гурван найз хайртай хосуудаа олж, хайр дурлалын цэцгийн үрийг тариад дууссан. Энэ цэцэг маань хэрхэн цаашаа ургасан байна вэ гэдгийг манай киноноос харах нь байна. Олон ангит дээр хэзээ ч хоорондоо таарч тохирохооргүй, бие биенээ үздэггүй байсан Нарансолонго Цэкү хоёр нийлж байх жишээтэй. Би Энэрэл буюу жүжигчин Баярмаатай угаасаа л 40 ангит кинонд хайр дурлалаа олчихсон байсан. Тэмка тоодоггүй байсан Мөөгийтэй сууна гээд энэ кинон дээр цаашаа ямар үйл явдал тохиолдохыг “Гурван найз- Яасан байх нь уу” киноноос үзээрэй.

-Та бүтэлгүй залуугийн дүрд тоглодог шүү дээ. Бүрэн хэмжээний кинонд хэр азтай байх бол?

-Дахиад бүтэлгүйтээд л явж байгаа. Дүрийн шугам бол өөрчлөгдөөгүй шүү. Бид энэ удаа үйл явдлыг ээдрээтэй болгох тал дээр маш сайн ажилласан.

-Таныг эмэгтэй хүний дүрд чадварлаг хувирдаг гэсэн дүгнэлт үзэгчдийн дунд бий?

-Жүжигчин хүн ямар ч дүрд хувирах чадвартай байх ёстой гэж заалгадаг. Мэдээж эмэгтэй хүний дүрд тоглох хэцүү байдаг. Миний хувьд эмэгтэй хүнийг их гоё талаас нь харуулахыг хичээдэг. Муухай эмэгтэй бол сонин биш шүү дээ. Эмэгтэй хүнийг гадна тал, дотор талаас нь урлах ёстой.

-Яагаад жүжигчин мэргэжлийг сонгочихов оо. Гэр бүлийнхэнд тань урлагийн хүмүүс байв уу?

-Манай гэр бүлийнхэн багш, эмч гээд сэхээтэн гаралтай хүмүүс. Ер нь ямар ч урлагийн төрлийн хүн байхгүй. Би багаасаа л жүжигчин болно гэж боддог байсан л даа. Гэхдээ кино, тайзны жүжигчин болно гэж бодож байсангүй. Циркийн “Алиалагч” болно гэж мөн ч их мөрөөддөг байлаа.

-Сургуулиа төгсөөд ажлын гараа чинь хаанаас эхэлж байв?

-Би 2001 онд СУИС-ийн жүжигчний анги төгсөөд “Х-түц” хамтлагт орж байсан. Тэрнээс хойш 2013 оныг хүртэл хамтарч ажилласан. 2013 оноос “Эмоци” продакшныг үүсгэн байгуулаад хоёр жилийг ардаа үлдээжээ. “Эмоци” продакшн гэхээр хүмүүс Баатархүү, Нарансолонго, Төтө, Тэмка гэж ярьдаг юм билээ. Нийгэмд сайн үнэлгээтэй байгаадаа баярлаж байгаа.

-Таныг яагаад Төтө гэж дууддаг юм бэ?

-Оюутан байхад найзууд маань өгсөн нэр. Хоч ч гэх юм уу. Оюутны найзууд маань Түвшинтөрөө гэж дуудахаас залхуураад Төтө гэж дуудаг байсан юм. Тэр нэрээрээ одоог хүртэл дуудуулж явна.

-Урлагийн хүнд гэр бүлийн хүн чухал. Ханийнхаа тухай яриач?

-Тэгэлгүй яахав. Би эхнэртэйгээ арван жилд байхдаа учирсан хүн. Гэргий маань намайг үргэлж ойлгож дэмжиж байдаг даа. Одоо эхнэр гурван хүүхэдтэйгээ сайхан амьдарч байна.

-Нөхөрлөлийг хүмүүст ойлгуулах гэж кино хийчихлээ. Та нөхөрлөлийг юу гэж боддог вэ?

-Бооёо ах “Нөхөрлөл эхэлсэндээ биш, найзалж яваад яаж дууссандаа л үнэ цэн нь оршдог” гэж ярьж байсан. Ер нь зовох цагт хамт байдаг, баярлах үед хуваалцаж чаддаг байхад нөхөрлөлийн үнэ цэн оршдог юм болов уу гэж боддог.

-“Эмоци” продакшн сүүлийн үед юу хийж байна?

-Киноны хажуугаар “Тоглож болохгүй тоглоом” шоугаа ҮЭСТО-нд өдөр болгон тоглож байгаа. Мөн дараагийн тайзны бүтээлүүд ар араасаа төлөвлөгдөж байгаа.

С.Ариунжаргал

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол хүний дайсан нь монголчууд өөрсдөө байдаг

Уржигдар орой Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт буюу IIIхорооллын “Ачлал” их дэлгүүрийн ард байрлах 16-р байранд цууралт үүсч, байшин нурах шинжтэй болсон тул байрны бүх оршин суугчдыг гадагш нь гаргасан мэдээлэл цацагдав. 49 өрхийн 178 иргэнийг “Эрхэс” зочид буудалд байрлуулахаар шийд­вэр­лэж тэр хавийн газрыг цагдаагийнхан хамгаалалтад авсан байлаа. Гэхдээ иргэд буудал руу явалгүй, нурахад бэлэн болсон орон сууцаа харан сольж өмсөх хувцас, хүүхдийнхээ коршинк, гар компьютер… гээд гартаа барьж болох бүхнээ бариад бөөгнөрөн зогсоцгоосон байв. Газар хөдлөлт, цунамигийн дараахь үеийн дүр зургийг энэ орой ийнхүү харлаа.

Нийслэлийн нэгэн орон сууц ийм аймшигтай байдалд орсон эхний шалтгаан бол “Би Жи Би Жи” гэж компанийн зүгээс энэхүү есөн давхар орон сууцанд тулгаж 18 давхар барилга барихаар маш гүн нүх ухсан нь өнөө орон сууцных ньхундааман доогуур бараг оржээ. Ингээд хөрс нь суларч, гулгалт үүсч, байр тэр чигээрээ няр хийн унах байдалд хүрчээ. НЗДТГ-ын хуулийн хэлтсийн дарга С.Отгонгэрэл “Энэхүү шинээр баригдах барилга нь 18 давхар орон сууц гэж зураг төсөл нь гарсан гэсэн. Тэгэхээр Барилга хот байгуулалтын яамнаас зөвшөөрөл олгосон гэсэн үг. Мөн хотын захиргаанаас зөвшөөрлөө авсан юм билээ” гэсэн нь төр бүх зөвшөөрлийг нь өгчээ гэсэн үг. Онцгойнхны зүгээс “Хөрсөнд суулт өгсөн байх магадлалтай хэмээн таамагласан учраас ийм урьдчилсан арга хэмжээ авч байна” хэмээн мэдэгдлээ. Ихэд зөөлрүүлсэн мэдээлэл бол энэ. Бодит байдал дээр юу болсон гэхээр “Гэртээ байж байтал гэнэт газар хөдөлж байгаа мэт чичирхийлж хананд цууралт үүссэн. Ер нь манай байр өндөр эргийн эрмэг дээрх барилга болсон. Хэн ч харсан айдас төрмөөр. Өнгөрсөн жилээс эхлээд хууль бус барилгыг бариулахгүй гэж бид хэчнээн тэмцээд ямар ч амжилт олоогүй. Нийс­лэл, дүүрэг, мэргэжлийн хяналтын байгууллагууд бүгдэд нь хандсан ч бүх бичиг баримт нь ном дүрмээрээ байгаа гэсэн хариулт өгсөөр эцэстээ ийм байдалд хүрлээ” гэж тус байрны лифтчин Ш.Бямбасүрэн ярьж байгаа юм. Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоогийн мэ­дээлснээр бол “Одоогоор 16 дугаар байранд нарийвчилсан дүг­нэлт хийх шинжээчдийг томилоод байгаа. Мөн уг барилгыг хүчитгэн шинэчилж, хүмүүс амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ” гэжээ. Өөр нэг албан эх сурвалж болохоор “Барилгын дэргэд ухсан нүхийг буцаан бөглөж, есөн давхар орон сууцны ханыг бататгаж бэхэлнэ” гэв. ”Хүчитгэн шинэчилнэ, амар тайван амьдруулна”, “Нүхийг нь бөглөж, ханыг нь бэхэлнэ” гэнэ ээ. Үүдний амбаар янзлах гэж байгаа биш, жорлонгийн нүх бөглөх гэж байгаа биш. Хүчитгэн шинэчилнэ гэхээр цуурсан хэсгээр нь төмөр барьж гагнах юм уу.Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрсөн үгс гэж үүнийг хэлэх байх. Одоо байрны иргэд амар тайван амьдарч чадах уу. Айдас нүүрлэсэн амьдрал тэдэнд нүүрлэчихээд байна шүү дээ. Иргэдийн ганц хөрөнгө нь тэр орон сууц. Одоо зочид буудалд байгаа, ах дүү нарынхаараа тарсан тэр олон хүн ажлаа тараад хаанаа очих вэ, хэдэн өдөртөө төрөөс буудалд байрлуулах л байх. Тэгэсгээд мартаж хөсөр хаяна. Монголын өнөөдрийн төр ийм л зан араншинтай байгаа.

Шөнө унтаж байгаад орон сууцтайгаа сүйрэх шахсан энэхүү аймшигт байдал юуг харуулж байна гэхээр Монголд танил тал, авлига байхад цаана нь хүний амь нас юу ч биш болсныг харуулж байна. Мөнгө олох гэсэн төрийн албан тушаалтан бээр иргэдийнхээ амь насны баталгааг мөнгөөр худалдсаны тод жишээ. Нэг шөнө босоод ирэхнээ есөн давхар орон сууцных нь доо­гуур ухаад хаячихсан хүмүүс нь монголчууд өөрсдөө л байгаа болохоос хятадууд, оросууд, солонгосууд, америк­чуу­­дын хэн нь ч ухаагүй бай­гаад учир нь байгаа юм. Мон­гол Улсынхаа 244 иргэний амьдралыг орвонгоор нь эр­гүүл­чихээд сууж байгаагаа гарын үсэг зурсан дарга, газар ухсан компанийн захирлын хэн нь ч бодохыг хүсэхгүй байгаа байх. Одоо энэ бүгдийн ард мэдээж нэг төрийн ажилтны нэр, компанийн захирлын нэр дуулдах байх. Яг мөн чанараараа бол монгол хүнд монголчууд нь өөрсдөө дайсан болсон үндэстний эмгэнэл өнөөдөр туйлдаа хүрч байгаагийн нэг жишээ л энэ юм.

Монгол хүний дайсан нь монголчууд өөрсдөө болсон энэ мэт жишээ та бидний эргэн тойронд өдөр тутам өрнөж байна. Жишээ нь “Өдрийн сонин”-ы байрыг мөргөх шахан баригдсан өндөр барилга байна. Энд мөн л монгол хүний мөс чанар, нэгнийгээ хөнөөдөг чанар явж байгаа юм. Хорь гаруй жил гэмгүй сайхан хөрш явсан нөхөд маань “Өдрийн сонин”-ынхныг нэг зун амраад ирэх хойгуур бүх зөвшөөрлийг нь ямар нэг байдлаар аваад, “Өдрийн сонин”-ы цонхнуудыг хаагаад байшин барьчихсан сууж байгаа юм. Хорин жил мөр зэрэгцэж явсан хөрш минь “Өдрийн сонин”-ыг насан турш нь нар харах эрхгүй, машин тавих нөхцөлгүй болгочих нь гэж яаж бодох билээ. Анхандаа итгэхгүй “Биднийг хэн ингээд хорлочихов” гэсэн эцэстээ хөршүүд минь л танил талаа ашиглаад дайсагнасан байдаг. Нэг монгол мөнгө олох гээд нөгөө монголдоо дайсагнадаг ийм жишээнүүд цааш олноор үргэлжилнэ. Одоо бүр хэрээс хэтэрч байх шиг байна. Оюу толгойг хэн зогсоосон юм бэ. Хятадууд уу, оросууд уу, аль эсвэл америк, канадууд юм уу. Аль нь ч биш гэдгийг Риогоос олон улсад цацсан мэдээллээс харагддаг. Тэд дэлхийн томоохон мэ­дээл­лийн сувгуудаар “Мон­гол­чууд хоорондоо учраа олох­гүй байгаагаас Оюу тол­гойн далд уурхайн төсөл зогсчихоод байна” хэмээн өнөөдөр ч мэдээл­сээр бай­гаа. Монголын төрд байгаа хүмүүс л бие биедээ дай­сан болсноос энэ төслийг зогсоосон нь өнөөдөр жирийн иргэн ч мэдэх болж. Таван толгойг хар. Гаднаас чулуу шидээд энэ толгой явахгүй байгаа юм уу? Үгүй гэдгийг бид тодорхой харж байна. Хоорондоо л үзэлцсээр байна шүү дээ. Н.Алтанхуягийн Засгийн газрыг АН-ынхан л хоорондоо дайсагналцаад унагасан биз дээ. Засгийн газар солигдоод юу сайжрав. Энэ мэтээр цаашид мөн ч олон жишээг дурдаж болно.

Зөвхөн Монголдоо л ийм байдаг гэхээр бас тийм биш юм билээ. Америкийн муж хот бүхэнд амьдарч байгаа үндэстнүүд өөрсдийн хо­рооллыг бий болгосон байдаг. China town, Russian town, Korean town, Georjia town гээд Америкийн хот бүхэнд бий. Тэд яагаад өөрсдийн үн­дэстний хорооллыг бай­гуул­­даг гэхээр өөрсдийн ол­сон мөнгийг өөрсдийн элэг нэгтнүүдийнхээ хийсэн бүтээсэн бүхэнд зарцуулах гэж, нэг нэгнийгээ дэмжиж амьдрах үүднээс тэгдэг. Америкийн нийгэмд өөрийн үндэстний эдийн засгийг бий болгож байгаа нь тэр. Тэдний байгуулсан дэлгүүр, ресторан, зо­­чид буудал, сургууль, цэцэр­­лэгт шар арьстнууд ордоггүй тэд өөрсдөө л үйлчлүүлдэг. Тэр бүү хэл тэнд өөрийн үндэстний хотыг байгуулчихсан улсууд бий. Тухайлбал Сан-Франциског хятадуудын хот гэдэг, бүр хотын даргаар нь өнөөдөр хятад хүн ажиллаж байна. Гэтэл монголчуудын хо­роо­лол тэнд яагаад бий болдоггүй юм бэ. Шалтгаан нь монгол нь монголоо хор­лодог, дайсагнадаг, гайгүй яваа нэгнийхээ эсрэг хор­лон сүйтгэх ажиллагаа явуул­дагтай холбоотой. Тэнд нэг жижиг цайны газар монгол хүн ажиллуулахад орой нь монголчууд очиж архидаад, зодолдоод, асуудал үүсгэж өнөө газрыг нь хаалгачихдаг. Жижиг цайны газрыг ингэж түйвээдэг хүмүүс бүхэл бү­тэн хорооллыг дуусгана. Яг л өнөөдөр төр засгаараа тог­лож байгаа шиг томоохон дайсагналцлын талбар бол­но. Нийслэлийн гудманд нэг нь ТҮЦ ажиллуулаад гайгүй бай­на гэхээр тойруулаад 100 ТҮЦ барьж хамтдаа дам­пуурц­гаадаг шиг өнөөдөр монголчууд бие биенээ татаж унагасаар, дайсагнасаар өдөр хо­­­но­­гийг өнгөрөөж байна даа.

Ийм зан араншинтай мон­гол­чуу­дын ухамсарт найдаж, итгэж бүтэх ажил гэж байхгүй. Тийм болохоор яс тас стандарт тог­­тоож, хуулийг хатуу чанд сахисан, бие биенээ хүндэтгэж хайрласан нийгмийг цогцлоох ёстой. Энд шударга гэдэг үгийг орхих хэрэгтэй. Энэ бол худлаа үг. Хуулийг давсан шударга ёс гэж хэзээ ч байдаггүйг амьдрал харуулж байна. Хатуу байж л хүний нийгэмд дэг журам тогтож, хууль журам хэрэгждэгийг хөгжсөн улс орны түүх бас харуулж байна. Монголд ийм л нийгэм тогтож байж монгол хүний дайсан нь монголчууд өөрсдөө байдаг тэр байдал үгүй болно гэдгийг эрдэмтэн мэргэд хэлж байгаа юм.