Categories
гадаад мэдээ

Балбад хүчтэй газар хөдөлж мянгаад хүн амиа алдав

Балба байгалийн гамшигт нэрвэгдээд байна. Уржигдар тус улсад Рихтерийн шаталбараар 7.9 магнитудын хүчтэй газар хөдөлсөн бөгөөд төв нь нийслэл Катмандаа хотоос 77 км-ийн зайтай байжээ. Балбын Цагдаагийн газраас мэдээлсэнээр байгалийн гамшигийн улмас100 гаруй хүн амь үрэгдэв. Тус улсын эрх баригчдын тооцоолсноор 1340 хүн амиа алдсан бөгөөд энэ бол зөвхөн урьдчилсан тоо гэнэ. Нас барагсдын тоо нэмэгдэх нь гарцаагүй аж. Учир аврах ажиллагаа үргэлжилж нуранги доороос хүмүүсийг гаргаж авсаар байгаа гэнэ. Газар хөдлөлт хөрш зэргэлдээ орших Энэтхэгт мэдрэгдсэн бөгөөд тэнд 20 хүн амиа алджээ.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ нийгэм

Таны гал тогоонд: Хонины шарсан хавирга

Орц:

-Хонины хавирга

-Чихэрлэг соус

Амтлагч:

-Урт сонгино

-Цагаан гаа 100 гр

-Карри 30 гр

-Нухсан сонгино

-Цагаан вино

-Давс

-Элсэн чихэр

Хийх арга:

Амтлагчуудаа хольж хавирган дээрээ түрхэнэ. Амталсан хавиргаа битүү баглаад 1-2 цаг байлгах эсвэл хөргөгчинд хийгээд хонуулбал бүр амттай болдог. Амталсан хавиргаа мөнгөлөг цаасаар битүүмжлээд (шарах зуухаа 200 градуст 15 мин халаасан байх ёстой) шарах зуухны 180 градуст 40 мин орчим шарна. Дараа нь гадна өнгийг шаргалтуулахын тулд мөнгөлөг цаасыг нээж 200 градуст 10 мин шарна. Ингэснээр шарсан хавирга бэлэн болно. Хачирт нь төмсний нухаш зохимжтой.

Улаан лоолийн зутан

Орц:

/Зургаан хүнийхээр/

-1.5 кг улаан лооль

-Хоёр ширхэг сонгино

-Гурван хумс сармис

-Чидун жимсний тос

-Сахар

-Давс, хар перец

-Гурван стакан тахианы эсвэл ногооны тунгалаг шөл

Бэлтгэх нь:

Зуухаа 220 градуст халаана. Улаан лоолио угаагаад голоор нь хоёр хуваагаад зүссэн талыг нь дээш нь харуулан тавцан дээр нэг эгнээ байрлуулна.

Сонгиноо арилгаад нимгэлэн хэрчинэ. Улаан лоолин дээрээ нимгэлэн хэрчсэн сонгиноо өрнө. Эцэст нь чидун жимсний тосоо тараан асгаад давс, сахар, хар перцээрээ амтлаад халаасан зуухандаа хийн улаан лоолио шаргалттал нь ойролцоогоор 30 минут шарна.

Шаргалтсан улаан лоолио ялгарсан шүүснийх нь хамтаар томхон саванд хийгээд дээрээс нь халуун тахиа эсвэл ногооны тунгалаг шөлөө нэмнэ. Галаа ширүүн дээр тавин буцалгаад галаа зөөллөн 10 минут буцалгана.

Болсон шөлөө няцалж зутан болгоод улаан лоолийн хальснаас салгаад дахин нэг няцал давс перецээр амтална.

Бууцайтай блинчик, махан ороомог

Блинчикний орц:

-Сүү-500 гр

-Өндөг-гурван ширхэг

-Гурил-280 гр

-Укроп-1 ц/х

-Давс-1 ц/х

-Масло-60 гр

-Бууцай-нэг атга

Шанзанд:

-Машиндсан мах,

-Сонгино,

-Сармис,

-Амтлагчууд

Хийх арга: Өндгөө задалж хутгаад сүү, давс, укроп, зөөлрүүлсэн масло зэргээ нэмээд сайтар холино. Үүн дээрээ гурилаа нэмж хийгээд бөөн гурилгүй болтол нь сайтар хутгана. Хайруулын тавгаа маслоор арчаад зуурмагнаасаа бага багаар тасалж авч хийгээд зуурмагаа өөрөөр нь эргүүлж тарааж хоёр талаар нь хайрна.

Махаа маслонд сонгино, сармисаар амталж хуураад, давс бусад амтлагчуудаар амтална. Шөлийг нь ширгэтэл хуурна.

Үүнийгээ блинчикэндээ ороож дээр нь майонез, кетчуп, сүмс зэргийг дусааж амталж болно. Энэ зуушийг хүүхдийн төрсөн өдрийн ширээнд тавибал илүү тохиромжтой.

БЭЛТГЭСЭН:

Д.САР

Categories
мэдээ цаг-үе

Л.Эрдэнэчимэг гишүүн “Сурвалжлагч асуухаар нь балмагдсандаа худлаа хэлчихсэн” гэжээ

Эмэнд хордсон хүүхдүүдийн ар гэрийнхэн Л.Эрдэнэчимэг гишүүнтэй уулзсаны дараа

Монос эмийн сангийн түгээдэг Фенобарбитал эмэнд найман сарын өмнө 16 нярай хордсон тохиолдол гарсан. Уг асуудал энэ хуга­цаанд шийдэгдээгүй бөгөөд хүүхдүүдийн хорд­лого өнөөдөр ч тайлаг­даагүй байгаа аж. Эмэнд хордсон хүүхдүүдийн эцэг, эхчүүдтэй Моносын эзэн буюу УИХ-ын ги­шүүн Л.Эрдэнэчимэг өчиг­дөр уулзав. Уулзалт сэтгүүлчдэд хаалттай бол­сон учраас эмэнд хорд­сон хүүхдүүдийн аав Ч.Энхжаргал, В.Амараа, Г.Ганзориг болон өмгөөлөгч Г.Мягмардоржоос дараахь тодруулгыг авлаа.

-Фенобарбитал эмэнд хордсон хүүхдүүдийн биеийн байдал ямар байна вэ. Өнөөдөр Моносын эзэн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэ­чимэгтэй уулзлаа шүү дээ?

В.Амараа: Нэг хүүхэд саажилттай болчихоод байна. Тодруулбал, оюуны хомсдолтой болчихлоо. Хоёр хүүхэд тархины усжилттай болж байгаа нь оношилгоогоор илэрсэн бол бас нэг хүүхэд тархины шохойжилттой гэсэн оноштой байна. Хоёр хүүхэд элэгний өөрчлөлттэй болсон шинжилгээний дүн хоёр сарын өмнө гарсан. Илэрч байгаа шинж тэмдгүүд бүх хүүхдүүдэд адилхан байна. Ахиад зургаан сарын дараа шинжилгээ өгөхөд хүүхдүүдийн биед дахиад өөрчлөлт гарах вий гэхээс бид айж байна. Тийм учраас даруйхан шинжлүүлье гэсэн хүсэлтийг тавиад байгаа. Гэтэл Монгол Улсад ийм шинжилгээ хийдэг газар байдаггүй юм байна.

-Хаана хийх боломжтой бол. Л.Эрдэнэчимэг гишүүн яаж тусална гэх юм?

В.Амараа: Хамгийн наад зах нь Орос, Хятад руу явах шаардлагатай байна. Тэр Солонгос, Япон руу явж шинжлүүлдэггүй юм аа гэхэд хөрш улс рууявж нарийн шинжилгээ өгөх бодолтой байгаа. Эрдэнэчимэг гишүүн Монголд байгаа сайн эмнэлгүүдээрээ үзүүлж, харуулъя гэсэн юм ярьж байна. “ДЦП” буюу тархины бор давхаргын саажилттай хүүхэд маань Эх нялхас дээр эрчимт эмчилгээнд хэвтээд долоо хонож байна. Биеийн байдал маш хүнд байгаа. Эрдэнэчимэг гишүүн өөрөө маргааш тэр хүүхэд дээр очиж уулзаж анхаарал хандуулна гэсэн.

Г.Ганзориг: Эрүүл мэндийн яаман дээр бидэнд туслалцаа үзүүлье гэсэн хүн алга. Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн Зэндмаа гэдэг хүнтэй гуравдугаар сарын 12-нд уулзаад хүсэлт тавьсан. Эрүүл мэндийн яам Монос, Эх нялхас, Хүүхдийн төлөө Үндэсний газарт эцэг эхчүүдийн төлөөлөл орж уулзаад ярилцлага хийе гэсэн хүсэлт тавьсан ч бидэнд хариу хэлэхгүй байна. Ю.Атармаа сайд уг нь нэг удаа уулзсан. Тэрнээс хойш бид нартай уулзаж ярьж хэлсэн юм алга.

-Одоо Л.Эрдэнэчимэг гишүүнд ямар шаардлага хүргүүлж байгаа юм?

Г.Ганзориг: Эмчилж өгөөч ээ гэсэн шаардлага тавьж байна. Монос группийн ерөнхийлөгчзахирал Л.Хүрэлбаатар, Алтанцогт захирал нар ямар нэгэн байдлаар тусламж, дэмжлэг үзүүлэх боломжгүй. Шүүхийн шийдвэрийг хүлээнэ гэдгээ мэдэгдээд удаж байгаа. Шүүх 16 хүүхдийн хоёрыг нь хохирогч гэж үзнэ гэснээс хойш тэд биднийг үл тоох хандлагатай байна. Тэгээд Л.Эрдэнэчимэг гишүүнтэй уулзлаа. Эрдэнэчимэг гишүүн “Манайхан буруу ярьсан байна. Хоног хугацаа алдаж болохгүй” гэлээ. Сонгууль дөхөөд дахиад худлаа ярьсан ч байж мэднэ. Хүүхдүүдийг эмчлээд явж байхын оронд шүүхээ хүлээсээр байтал найман сар өнгөрлөө гэдгийг ч бид хэлсэн.

-Дахиад худлаа хэлнэ гэдэг нь юу гэсэн үг вэ?

Г.Ганзориг: Л.Эрдэнэчимэг гишүүн эх нялхсын эндэгдэл байж болохгүй гэж байнга ярьдаг хэрнээ өмнө нь бидэнд анхаарал хандуулж байсангүй. Эрдэнэчимэг гишүүнтэй яагаад уулзах болсон бэ гэвэл өөрөөс нь болсон. Тэр нөхөр телевизээр хоёр удаа ярихдаа “Хохирогч хүүхдүүдийг бүх насаар нь эмчлэх гэрээ хийчихсэн” гээд худлаа ярьж бид түүнийг нь үзчихсэн юм. Тэр хүн хоёр удаа ингэж хэлсэн.

Ч.Энхжаргал: Сурвалжлагчид гэнэт тийм зүйл асуунгуут нь балмагдсандаа худлаа хэлчихсэн юм гэж байна. УИХ-ын гишүүд сэтгүүлчдийн асуултад балмагдаж, худлаа, үнэн ярьж болдог ч юм уу үгүй ч юм уу.

В.Амараа: Моносын эмийн сангаас эм аваад хохирсон 16 хүүхэд байгаа юм. Яг тэр өдөр яг тэр эмийг Эх нялхсын эмч нар гурван хүүхдэд бас хэрэглүүлээд бидний үр хүүхдүүдтэй ижилхэн болгочихсон. Түүнийгээ Эх нялхас хав дараад нуучихсан байгаа. Одоо биднийг хохирогчид гэдгийг эмч нар хүлээн зөвшөөрөөд шүүх дээр дуугарчихвал Эх нялхсын тэр хэрэг бас сэдрэх гээд байгаа юм билээ. Хордсон 16 хүүхдийг тэр эмээс болоогүй гэж хүүхдийн эмч нар байнга ярьж байгаа нь үүнтэй л холбоотой. Эх нялхсын Энхзул гэдэг эмч бүтэн найман сарын турш ингэж ярилаа. Өөрсдийнхөө бурууг хаацайлахын тулд 16 хүүхдийн хувь заяаг гаргуунд нь гаргаж байна. Шүүх хурал дээр “Та манай хүүхдүүдийг үзэж хараагүй байж яагаад худлаа яриад байгаа юм” гэж асуухаар таг дуугүй болчихно. Одоо хүүхдүүдийнхээ биеийг үзүүлээд хамгийн дээд шатных нь эмнэлэгт очъё гэвэл нөгөө Эх нялхас л байж таарч байгаа болохоор үнэндээ хаачихаа, яахаа мэдэхгүй болчихоод байна.

-Анхан шатны шүүх ямар шийдвэр гаргасан юм бол?

Өмгөөлөгч Г.Мягмардорж: Жор баригчид хоёр жилийн ял оноогоод хойшлуулчихсан. Лавлах дээр сууж байсан зөвлөгөө өгдөг эмчид нь нэг жилийн тэнсэн харгалзах өгсөн. Монос компани цэвэрхэн үлдсэн. Мөн шүүхийн шинжилгээний газар бодитой шинжилгээгээ гаргаж өгөхгүй байна. Шинжлүүлэх гээд очихоор хүүхдүүдийн хөл гарыг нь өргөж үзээд, нүдийг нь хараад алхуулж үзээд зүгээр байна гээд явуулчихдаг. Бид нар нарийн лабораторийн шинжилгээг яагаад авахгүй байгаа юм бэ гэхээр бидэнд тийм эрх, боломж байхгүй гэсэн тайлбар хэлдэг.

-Өөр газарт та бүхэн хандав уу?

Г.Ганзориг: Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хүсэлт тавьсан. Нярай хүүхдэд энэ эмийг ийм их тунгаар уулгасан тохиолдол дэлхийд ховор байна. Мароккод нэг удаа ийм тохиолдол гарсан. Тэнд олон хүүхдүүд энэ эмэнд хордоод найман хувь нь тархины хорт хавдартай болсон байна гэсэн тодорхойлолтой хариу ирсэн. Бид хаашаа л хандана ингэж хана мөргөчихөөд үнэндээ хэцүү байна.

-Бусдад сэрэмжлүүлэхэд энэ эм ямар үйлчлэлтэй вэ. Үйлдвэрлэх, худалдаалах зөвшөөрлийг нь шалгаж үзсэн үү?

-Өмгөөлөгч Г.Мягмардорж: Фенобарбитал эм нь хамгийн түрүүнд тархинд нөлөөлнө. Тэгээд элэг, уушги, бөөрөнд нөлөөлдөг гээд байгаа юм. Бага насандаа хүүхэд өндөг, хиамнаас хордсон бол бүх насаараа л юмнаас хорддог. Бидний хүүхдүүд эмэнд хордоод эд эрхтэн нь өөрчлөгдчихсөн. Одооцусанд үзэхэд тэр эмийн найрлага байхгүй ч тархи, таван цул эрхтэн нь өөрчлөгдөж амь нас, эрүүл мэндээрээ хохирчихлоо. Хамгийн гол асуудал нь тэр эмийг үйлдвэрлэх, худалдаалах тусгай зөвшөөрлийнх нь хугацаа дуусчихсан байсан юм билээ. Хэрэг гарангуут тэд улстөрчдөөрөө, танил нөхдөөрөө ярьж хөөцөлдсөөр байгаад л хэд хоногийн дараа зөвшөөрлөө эргэн сэргээсэн. Угаасаа Монголд үйлдвэрлэх зөвшөөрөлгүй байхад л Мон эм импекс үйлдвэрлэж, Монос эмийн сан худалдаж хууль зөрчсөн байдаг. Гэтэл өнөөдөр жор баригч, зөвлөгөө өгсөн эмч хоёроор энэ том компаниуд туг тахиад өнгөрөөх бодолтой байна.

Л.МӨНХӨӨ

Categories
мэдээ цаг-үе

“Өдрийн сонин”-д цонхоо нээх заяа байна уу

Хорин жил хаяа залгаж байсан гэмгүй хөрш минь нэг л өглөө суурь ухуулаад манай “Өдрийн сонин”-ы бүх цонхыг таглаж барилга бариулаад эхэлчихсэн. Сэтгүүлч бид хоорондоо ч ярьж чадахгүй тийм их чимээ шуугиан дунд ажлаа хийж, цонхоор шавар, шороо орж ирээд үнэндээ хүнд нөхцөлд нийтлэл, сурвалжлагаа бэлтгэх болсон. Одоо бид байгалийн гэрэлтүүлэггүй, цонхоороо салхи ханатал оруулах боломжгүй, орчин тойрондоо чухам юу болж байгааг харж чадахгүй хэцүү байдалд ажиллаж байна. Бид эл байдалтай эхнээс нь л эвлэрээгүй учир “Астра буйлдинг”-ийн хууль бус үйлдлийг зогсоохыг хүсч холбогдох бүхий л байгууллагуудад нь хандаж, “Цонхоо нээе” төрийн бус байгууллагыг хүртэл байгуулсан. Барилгаа жаахан цаашлуулчихаач, хууль дүрмээ баримтлаач, бид эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхтэй улс шүү гэдгээ мэдэгдсээр ирсэн. Энэ асуудлыг анхааралдаа авч, шийдэх ёстой бүх шатны байгууллагуудад нь бид дүрэм журмынх нь дагуу гомдол хүсэлтийг удаа дараа хүргүүлж, зарим газрынх нь босгыг элээх дөхсөн.

2014 оны аравдугаар сарын 2-ны өдөр Нийслэл Мэргэжлийн хяналтын газарт үүсээд буй нөхцөл байдлыг товч тодорхой танилцуулан гомдол гаргаж эрх хэмжээнийхээ хүрээнд шалгаж, холбогдох зөрчлийг арилгаж, барилгын ажлыг зогсоох хүртэл арга хэмжээ авахыг хүссэн. Гэтэл сар гаруй хүлээлгэсний дараа тус газраас Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт “Өдрийн сонин”-ы цонхнуудыг хааж барьсан барилга нь тодорхой дүрэм журмыг зөрчсөнийг тогтоож, хууль бусаар баригдаж буй “Астра буйлдинг” барилгын зураг төслийг дахин хянаж зөрчлийг арилгахыг мэдэгдсэн юм. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар уг бичгийн хариуг заасан хугацаанаас нь хэтрүүлэн хариу явуулсан.

Ерөнхий төлөвлөгөөний газар “Тус орон сууцны барилгын захиалагч болох иргэн Л.Зундуй, “Астра интернэшнл” ХХК, барилгын ажил гүйцэтгэгч “Тэлмэн констракшн” ХХК дур мэдэн барилгын байршлыг батлагдсан эх загвар зураг, төлөвлөснөөс урагш шилжүүлэн барилга угсралтын ажил эхлүүлсэн байна. Иймд дээрх дурдсан зөрчилд холбогдох арга хэмжээг авч ажиллана уу” гэсэн хариуг НМХГ-т илгээсэн. Бид нэг байгууллагаас нөгөө байгууллагад нь албан бичиг зөөсөөр цаг алдсан. Нэг газарт нь гомдол, хүсэлт гаргахаар хуулийн хугацаандаа хариу өгнө гэдэг. Хуулийн хугацаа нь дуусаад ирэхээр “Одоо шалгаж, хэмжилт хийнэ” гэдэг. Хэмжилт хийхэд бас хуулийн хугацаатай. Ингэсээр байтал өвөл ч болж, “Астра буйлдинг” гэх 12 давхар барилгыг өдөр шөнөгүй барьсаар босгочихсон. Биднийг ийн хууль, дүрэм журмын дагуу хариугаа хүлээж байхад зэргэлдээх барилгын ажил ямар хурдан, цаг наргүй үргэлжилсэн гэж санана.

Хуулийн хугацаа гэдэг нь хууль бус барилгыг хурдан барьж дуусгахад зориулагдсан хугацаа мэт л байсан. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга О.Одбаяр нар явуулсан гомдлын дагуу шалгалтыг цаг тухайд нь шуурхай хийж, хууль бус ажлыг зогсоохын төлөө зүтгэсэн бол байдал өнөөдөр өөр байх байсан даг. Эцэст нь манай сонин шүүхэд хандчихаад байна. Мэргэжлийн хяналтынхнаас сураг дуулах нь ээ хууль бус гэдгийг нь мэргэжлийн байгууллагууд нь тогтоочихоод байхад “Астра буйлдинг” барилгыг Улсын комисс хүлээгээд авчихсан гэнэ.

Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 16 дугаар байрны оршин суугчид ямар аюултай нөхцөлд орж, гэр орноосоо хөөгдчихөөд, буудлын тохь муутай өрөөнүүдэд чихэлдэн зуугуул маягаар хоргодож байгааг та бид орой бүр зурагтаар харж байгаа. 16 дугаар байранд үүсээд буй энэ нөхцөл байдал манай хажууд хууль бусаар баригдаж буй “Астра буйлдинг” барилга дээр давтагдах аюултай. Энэ барилгад амьдрахаар орон байр сураглаж, оффис үйлчилгээний чиглэлээр талбай түрээслэх гэж зорьж буй хүмүүс хохирох вий гэж сэтгэл эмзэглэнэ.

“Астра интернэшнл” гэх энэ компанийнхан өөрсдийгөө нэг том даргын ивээлд байгаа гэдэг. “Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй” гэдэг шиг аливаа зүйл хугацаатай. Ямар ч том дарга хугацаа нь болбол буудаг. Та бүхнийг далавчаараа хамгаалж байгаа том дарга тань ч ялгаагүй хугацаа нь дуусахаар нисээд л явчихна. Харин Монголын шүүх хугацаагүй. Дарга явангуут л шүүх ажиллаж эхлэн үнэн, зөвийг тогтоогоод өгчихнө шүү дээ. Нэг нь ч гэсэн юмтай болог дээ, шүүхдээд юу хийнэ гэх хүмүүс мэр сэр дуулдах. Нэг хүн юмтай болохын тулд бусдынхаа эрх ашгийг ноцтойгоор зөрчин цонхыг нь хааж, агаар салхи амьсгалахгүй болгож, эрүүл бус орчинд байлгана гэж байх уу. Бидний толгойд гялгар уут углаад, нүд таглаад “Одоо амьсгал” гэж байгаатай агаар нэгэн. Энэ хавьд эрүүл аюулгүй байдалд ажиллаж амьдрах ёстой гэдэг стандарт зөрчигдөөд удаж байна.

“Өдрийн сонин” зөвхөн өөрсдийнхөө цонхыг нээлгэхийн төлөө тэмцэлддэггүй. Бидэнтэй ижил нөхцөл байдалд орж хаана, хэнд хандахаа мэдэхгүй байгаа иргэддээ зам чигийг нь гаргаж өгч, хууль бус барилгын ажлыг зогсоолгохын төлөө хамтдаа тэмцсээр байгаа билээ. “Цонхоо нээе” төрийн бус байгууллагын явуулдаг “Цонхоо нээе” хөдөлгөөнд олон иргэн нэгдэж, зөрчигдөж байгаа эрх ашгаа хамгаалуулахын төлөө сэтгэл зүрхээрээ хамт байдаг юм. “Өдрийн сонин” хэвлэгддэгээрээ л хэвлэгдэж, мөнхөд л уншигчидтайгаа байх учир энэ мэт хууль бус үйл ажиллагаатай тэмцсээр “Цонхоо нээе” хөдөлгөөнөө ч үргэлжлүүлсээр байх болно.

Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 16 байрны иргэдэд ямар хүнд, хэцүү нөхцөлд сэтгэл түгшин амьдарч байгааг бид яс махандаа тултал мэдэрч байгаа, ижил зовлонтой хүмүүс. “Өдрийн сонин”-д цонхоо нээх заяа байна уу хэмээн халаглан өгүүлж болох ч бидний шударга үнэний төлөөх тэмцэл зогсохгүй, шүүхийн байгууллага ч хугацаагүй ажилладаг учир үнэн хэзээ нэгэн цагт ялна гэдэгт итгэнэ.

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

“Намрын Уулс”

Дэлхийн утга зохиолын сан хөмрөгт багтсан энэ бүтээл мэдээж Японы алдарт зохиолч Рюносүкэ Акүтагавагийнх. Акүтагава ганц “Намрын уулс” ч бус “Рашёомон хаалга”, “Ганцаардлын там” тэргүүт олон бүтээлээ дэлхийн утга зохиолын алтан сан хөмрөгт хадгалуулсан эрхэм. Түүний уран бүтээл XX зууны нэгэн тод, хосгүй үзэгдэл болсон гэдгийг бүгдээр хүлээн зөвшөөрдөг билээ. Хэдийгээр Акүтагава 1927онд 36 насандаа таалал төгссөн ч нарийн амт, уран хошигнол шингэсэн гайхамшигт, гүн утга агуулгатай уран бүтээл нь өдгөө ч түүнийг мөнхлөн үлджээ.

“Намрын уулс”-ыг сөхжээ суухад хүн өөрийн хүсэн шунасан зүйлээ авахын тулд юугаа ч өгөхөөс буцахгүй болдгийн тод жишээг харж болно. Энэ нь гэхдээ буруу гарын, муу муухайд тэмүүлэх бус сонгодог уран зургийн төлөө цаг хугацаа хийгээд эд мөнгөө юунаас ч үл харамлан байгаа тухай өгүүлнэ.

Ван Ши Гу намрын нэгэн шөнө цай ууж суунгаа Ошянкэ нутгийн эзэн болох Юань Нань-Тянаас асууна. “Намрын уулс” гэдэг бол 1269-1354 оны хооронд амьдарч байсан алдарт зураач Хуан И Фэний бүтээл бүлгээ. Намрын уулстай эн зэрэгцэх “Элсэн эрэг”, “Фучань-шань ууланд”, “Зун цагийн уулс”, “Уулын униар” зэрэг маш олон бүтээлийг тэрбээр бүтээсэн ч хүмүүс “Намрын уулс”-ыг л үзэхсэн гэж яарна. Ёстой л хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж шахам тэмүүлэх ажээ. Зүгээр л “Намрын уулс”-ыг ганц удаа хараад авчихад л боллоо гэсэн хүсэлтэй ч хүмүүс байх.

Эл зураг нь Жуньжоуд Жан овогтын гэрт хадгалагдаж байдаг бөгөөд Янькэ Вэн түүнийг харахаар алс газрыг зорин Жан овогтны ороонго өвсөнд дарагдсан дордуухан байшинд ирнэ. Янькэ Вэн ч холоос яваагаа дуулган “Намрын уулс”-ыг л харалгүй буцах нь харамсалтай байгаа тухай өгүүлэхэд гэрийн эзэн түүнийг санааг ойлгон гэртээ урина. Зандан модоор хийсэн сайхан ширээ, сандалтай хэдий ч тоосонд дарагдсан өрөөнд түүнийг дагуулан орно. Гэвч тэр зургийг даруйхан үзчихвэл тэр нь манан мэт сарниад үүрд алга болчих мэт сэтгэгдэл төрөн зогслоо. Тэрийг эзэн нь “Намрын уулс”-ыг өрөөнд оруулж ирж өлгөхийг тушаана. Төд удалгүй хуйлаатай зураг ирж Янькэ зургийг хараад өөрийн эрхгүй алмайран зогсоно.

Хөх ногоон өнгө алаглаж хавцлаар нь могой мэт гол ус тахирлаж, энд, бас тэнд ч тосгоны байшин, жижиг гүүр харагдах ба энэ бүхний дээр уулын орой сүндэрлэнэ. Доохно нь намар цагийн үүл хөдөлгөөнгүй тунарч, цагаан өнгө нь өтгөнөөс нимгэрч харагдана. Уул нь хурц ногоон өнгөтэй ногоон өвс ургамал дунд нь гал улаан навч харагдахыг шунхан будгаар нарийн цохиж гүйцэтгэснийг хараад Янькэд хэлэх үг олдсонгүй. Тэрхүү зураг зүгээр л гайхамшиг хэмээн дотроо бодно.

Гэрийн эзэн түүнээс “Зураг таалагдав уу” гэхэд “Аугаа хүний бийрийн бүтээл. Юань Зай багшийн магтсан нь ч дэмий хэрэг биш байж” хэмээн удтал чимээгүй зогссон Янькэ ам нээнэ.

Гэрийн эзний хэлсэн үгс түүнийг эргэлзэхэд хүргэж, “Энэ гоо сайхныг зөвхөн би л хардаг юм биш биз” хэмээн бодох болно. Янькэ Вэн ч удалгүй эзгүйрлийн ул мөр шингэсэн Жан овогтын байшингаас гарлаа. Мэдээж гайхамшиг хэмээн “Намрын уулс”-ыг мэдэрсэн Янькэгийн толгойноос өнөө зураг салахгүй байсаар байв. Тэр мөчид тэрбээр энэ зургийн төлөө юугаа ч өгөхөд бэлэн болсон байлаа. Янькэ Жан овогтын гэрт хэдэнтээ зарц илгээж зургийг нь худалдан авах санал хэлүүлсэн ч тусыг эс олов. Жан овогт “Зургаа бүр зарахгүй. Харин хэд хоног харж байгаад эргүүлэн өгвөл өг” гэсэн хариу өгч байлаа. Янькэ энэ зургийг өөрийн өмч л болгож санаа нь амрахаар байсан юм. Тэр зургийг түр авч байхаар тэвчээртэй хүлээвэл хэзээ нэгэн цагт миний гарт ирэх ч юм билүү гэсэн бодолдоо өөрөө итгэн Жуньжоугаар зураггүйгээр нутгийн зүг явлаа. Дараа жил нь мөн л Жан овогтынд ирж мөнөөх зургийг худалдан авах санал тавихаар явлаа. Энэ удаа Жан овогт гэртээ байгаагүй тул түүнд зургийг ч харуулалгүй гэрийн хаалгаа цоожлон одов.

Янькэ зургийг авахын тулд уут уутаар мөнгө хүргүүлсэн нь Жангийн сэтгэл эргэсэнгүй. Түүний хувьд зурагтай болохыг маш их мөрөөдөн шаналах хэдий ч болж чадахгүй байсаар олон он улирав. Гэтэл өнөө зураг нь олон жилийн дараа Ван овогтын гэрт шилжэн ирсэн байлаа. Энэ тухай сонирхолтой өрнөлийг Рюносүкэ Акүтагавагийн “Намрын уулс” хэмээх номоос унших боломжтой.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ нийгэм

Богд ууланд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

Богд ууланд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна Богд уулын Жаргалантын аманд өнөөдөр түймэр гарлаа. Түймрийг унтраахаар Онцгой байдлын албан хаагч нар ажиллаж байгаа хэдий ч одоогийн байдлаар галын тархалтыг бүрэн дарж дийлээгүй байна. Түймэр юунаас болж гарсан шалтгаан нь хараахан тодорхойгүй байгаа ч гал сөнөөгчид ууланд аялж зугаалж байсан иргэд гал алдсан байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа аж. Урин дулааны хуурайшилтын үе эхэлсэн энэ өдрүүдэд хээрийн болон ахуйн галын дуудлага 105 дугаарын утсанд тасралтгүй ирж байгаа тухай албаны хүмүүс хэллээ.
Categories
гадаад мэдээ

Дэлхийн мисс арьс өнгөөр ялгаварласан рекламд тогложээ

Болливүдийн алдарт од Айшвария Рай Баччаны тоглосон үнэт эдлэлийн реклам тус улсад томоохон маргаан дэгдээлээ. Энэтхэгийн ард түмэн түүний тоглосон рекламыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах болон хүүхдүүн хөдөлмөрийг мөлжих үзлийг түгээн дэлгэрүүлсэн хэмээн буруутгасан байна.

Ийнхүү томоохон шүүмжлэл өрнөсний дараа уг бүтээлийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацахыг хоригложээ.
Зар сурталчилгаанд үзэсгэлэнт бүсгүй Айшвария Рай Баччан үндэснийхээ өмсгөл дээр үнэт эдлэлийг өмсөөд сууж буйгаар дүрсэлжээ. Гэвч түүний нарны халхавчийг хүүхэд барьж зогссон нь олон хүнд таалагдаагүй байна. Түүнчлэн зарц нь гэж харагдахаар өгүүлэмж бүхий уг зурагт хуудаст хар арьст хүүг тоглуулсан нь нийгмийг эмзэглүүлжээ.

Кино одын хэвлэлийн төлөөлөгч “Тэр зөвхөн рекламанд л тоглосон. Сүүлийн дүр зургийг зар сурталчилгааны компани хариуцсан” хэмээх тайлбарыг өгчээ.

Дэлхийн миссээр өргөмжлөгдөж байсан 41 настай жүжигчний тоглосон зурагт хуудас өнгөрсөн долоо хоногт анх өдөр тутмын сонингуудад хэвлэгдэж эхэлсэн юм.

Хүний эрхийг хөндсөн асуудал ноцтойгоор шүүмжлэгдсэн тул реклам гүйцэтгэгч компани олон нийтээс уучлал хүссэн байна.
Өмнө нь үүнтэй ижил төрлийн олон зар сурталчилгааны хуудас арьс өнгөөр ялгаварлах үзлийг дэлгэрүүлсэн хэмээн шүүмжлүүлж байсныг хүргэе.

Categories
мэдээ нийгэм

Энэ оны анхны тахийн унага мэндэлжээ

Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн Гүнтамгын баянбүрдийн ам хэмээх газарт энэ оны анхны тахийн унага өнгөрсөн лхагва гаригт мэндэлжээ. Номхон азаргатай тахийн сүргийн Од нэртэй энэ гүү нь 21 настай бөгөөд өнгөрсөн жилийн анхны унагыг мөн төрүүлж байсан юм. ГИДЦГ-ын “Б” хэсэгт нийт 113 тоо толгой тахь сэргээн нутагшуулж байгаа ба 2015 оны хавар 35 гүү унагална хэмээн урьдчилан тодорхойлсноос ийнхүү анхны унагаа хүлээн авчээ.

Categories
мэдээ улс-төр

Дорнодын Засаг даргаар М.Бадамсүрэнг томиллоо

Дорнод аймгийн ИТХ-ын 11-р хуралдаанаар Мягмарсүрэн овогтой Бадамсүрэнг Дорнод аймгийн Засаг даргаар томилох тухай тогтоол гаргаж Ерөнхий сайдад өргөн мэдүүлсэн билээ. Тэгвэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр М.Бадамсүрэнг албан ёсоор батламжилжээ. М.Бадамсүрэн ийнхүү засаг даргад гурав дахь удаагаа нэр дэвшсэний дараа албан ёсоор аймгийн тамгыг атгах эрхтэй болж байна. Өдгөө 37 настай тэрбээр Халхгол сумын уугуул аж.

М.Бадамсүрэн нь Дорнод аймгийн 26 дахь Засаг дарга боллоо.

Categories
гадаад мэдээ

Толгой шилжүүлэн суулгах мэс заслыг анх удаагаа хийх гэнэ

Шинжлэх ухааны түүхэнд анх удаагаа хүний толгой шилжүүлэн суулгах мэс заслыг Италийн эмч Сержио Канаверо хийхээр зэхэж байна. Тэрбээр анх 2013 онд хүний толгойг шилжүүлэн суулгах боломжтой хэмээн мэдэгдэж байсан юм. Тухайн үед түүнийг ихэнх хүмүүс галзуурсан хэмээн үзэж байжээ. Гэвч тэрээр нуруу нугас, булчингийн өвчин, хорт хавдрын улмаас саажсан хүмүүст шинэ амьдрал бэлэглэхийн тулд толгой шилжүүлэн суулгах мэс заслыг хийхээр зориг шулууджээ.

Түүний анхны үйлчлүүлэгч нь генетикийн ховор өвчтэй Валерий Спиридонов гэх өвчтөн аж. Өдгөө 30 настай Валерий өдрөөс өдөрт биеийнх нь байдал улам муудсаар байгаа тул өндөр эрсдлийг үүрэхээр зориг шулууджээ.

Сержио Канаверо мэс заслыг Хятадад гүйцэтгэхээр төлөвлөжээ. Учир нь энэ төрлийн мэс засал АНУ, Европын холбоо, ОХУ зэрэг орнуудад хориотой аж. Түүний мэдээлснээр мэс заслын зардал 15 сая ам.доллар болох гэнэ. Өдгөө Сержио Канаверо мэс засалдаа бэлтгэн Турин хотын ойролцоох лабораторидоо усан гахай дээр туршилтаа үргэлжлүүлж байгаа эж.

Толгой шилжүүлэн суулгах мэс заслын хамгийн чухал асуудал бол донор биеийн дархлааны систем эсэргүүцэл үзүүлэхээс сэргийлэх, нугасыг залгах аж. Толгойг донорын биед шилжүүлэн суулгахын тулд Цельсийн 10-15 хэмд хөргөх бөгөөд мэс заслын дараа зохиомлоор нэг сарын хугацаанд комад оруулах гэнэ. Толгойг шилжүүлэн суулгаснаас 15 минутын дараа тархинд цусны эргэлт явагдах ажээ. Гэхдээ мэс засал хэтэрхий удвал хүчилтөрөгчийн дутагдлаас болж тархи үхжих эрсдэлтэй хэмээн мэдэгджээ.

Бусад мэргэжилтнүүд мэс засал ойролцоогоор 36 цаг үргэлжилнэ гэж үзэж байгаа бол Сержио Канаверо тэрнээс хурдан хугацаанд гүйцэтгэх итгэлтэй байна. Энэ мэс заслыг гүйцэтгэхэд олон орны сайн дурын эмч нар түүнтэй хамтарч ажиллах гэнэ. Барагцаалбал 150 нарийн мэргэшсэн эмч нарын баг толгой шилжүүлэн суулгах анхны мэс засалд ажиллах аж. Үүний зэрэгцээ маш олон тооны бизнесменүүд Сержио эмчийн мэс заслыг санхүүжүүлэх хүсэлтээ илэрхийлжээ.

Э.Номин