Categories
мэдээ цаг-үе

Нэг оролцогчийнх нь материалыг бусад оролцогчдод дамжуулж ашиглуулсан тендерийн тухай хэлэлцээд шүүхээс хохирлыг захиалагч хариуцахгүй гэжээ

Монголын барилгын зөвлөх зэрэгтэй инженерийн холбооны дэд тэргүүн, “ОСОХХКны захирал, доктор Д.Очирбаттай ярилцлаа.

Монголын барилгын зөвхөн зэрэгтэй инженерийн холбооноос тендертэй холбоотой хууль бус үйлдлийн талаар таныг ярилцлага хийлгэхээр манайд албан тоот ирүүлжээ. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү.

-Энэ ийм учиртай юмаа. Би “Өргөө” сонины 1990 оны 14 дугээртанх “Тендер гэж юу вэ?” гэсэн танин мэдэхүйн бэсрэг өгүүлэл нийтлүүлж байсан. Энэ үеэсажил үүргийн дагуу олон тендерийн үнэлгээн дээр ажиллалаа, тендерийн гомдлын маргаан шийдвэрлэх шинжээчээр ажиллаж байлаа, бизнес эрхлэх болсноос хойш олон ч тендерт оролцож наснаасаа олон ялагдаж үзлээ. Шалгарсангүй гээд нэг чудаа гомдол гаргаж байсангүй. Гэтэл сүүлийн үед захиалагчийн зүгээс хууль бус үйлдэл хийх, дураар аашлах явдал хэрээс хэтэрлээ. Эзэнтэй тендер, чулуу хөөлгөх, өндөгнөөс өө хайх,авилгалын 10 хувь гэсэн нэр томъёо байнга хэрэглэгдэх болов. Сүүлийн хоёр жилээс арван хувь нь 20 хувь болоод байна. Тайлбар маш энгийн, төсөвт нь суулгасан гэдэг. Тендерийн зохион байгуулалтад ноцтой алдаа гаргалаа гэхэд ёс төдий хариуцлага тооцохоос хэтрэхгүй байна. Тендерт оролцогчийн тухайд алдаа гаргасан байхад шууд ялагдал, гаргасан зардлын хохирлоо хүлээж байна. Хууран мэхлэх асуудал гаргавал бүртгэлд оруулж бүтэн гурван жилээр тендерт оролцох эрхийг нь хасаж нийтэд мэдээлдэг. Барилгын салбарын хувьд гурван жил завсарласны дараа дахин гарч ирнэ гэдэг бараг боломжгүй зүйл. Гэтэл захиалагчийн хувьд өчүүхэн эрх ашгийн төлөө ч гэх юмуу, тендерийг яаж завхруулж болдгийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас (хуучин нэрээр) 2013.07.08-нд зарласан “Төв аймгийн Угтаал цайдам сум дахь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн “Угтаал” салбарын 3 давхар оффисын барилгын их засвар, элеваторийн хашаа, харуулын байр барих ажлын гүйцэтгэгчийг сонгох шалгаруулах тендерийн жишээн дээр харуулахыг зорьсон юм.

Ямар хууль бус үйлдэл, алдаа гарсан байх билээ?

-Нийтдээ арав гаруй. Нэгд, тендерийн урилгын агуулга буруу, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (цаашид тендерийн хууль гэх)–ийн 21.5.2-г зөрчсөн.Урилгад зөвхөн барилгын ажил гүйцэтгэхээр заасан байдаг. Тендерийн баримт бичгийг худалдаж аваад үзэхээр, барилгын ажил гүйцэтгэх төдийгүй, гурвын гурван объектийн зураг төсөл боловсруулах шаардлагатай буюу түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэй тендер болж хувирдаг. Барилгын ажил гүйцэтгэх, зураг төсөл боловсруулах гэдэг нь хоорондоо эрс ялгаатай тусдаа асуудал юм. Энэ талаар дээрхи хуулийн 5.1.12., 5.1.16-д нэн тодорхой заасан. Хоёрт, тендерийг нэг сарын хугацаатай зарласан мэт харагдавч наадам тааруулсан, зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, хянах, батлах, барилгын ажлын тендер бэлтгэх ажлуудыг дээрхи хуульд заасан хамгийн бага хугацаагаар тогтоосон, инженер-неологийн судалгаа явуулах, хэмжилт хийх, ажлын талбайтай танилцах зайлшгүй шаардлагатай байтал уг хугацааг оруулалгүй, тендерийн хуулийн 24.4-г зөрчсөн. Гуравт, зургийн болон технологийн даалгавар байхгүй, өөрөөр хэлбэл, оффисийн барилгад хэдэн ажилтан суух, ямар ямар өрөө тасалгаа байх талаар дурдсан ганц ч үг байхгүй. Үүгээрээ Барилгын тухай хуулийн 10.1 болон барилгын захиалагчийн дүрмийн олон заалтуудыг зөрчсөн. Дөрөвт, техникийн нөхцөлгүй буюу халуун хүйтэн, бохир ус, дулааны эх үүсвэрийн талаар огт дурьдаагүй. Энэ нь Барилгын тухай хуулийн 10.1, 15.1 болон Барилгын захиалагчийн дүрмийн заалтуудыг зөрчсөн. Тавд, инженер-геологийн судалгааны дүгнэлт байхгүй, энэ нь Барилгын тухай хуулийн 10.1, 15.1 болон Барилгын захиалагчийн дүрмийн заалтуудыг зөрчсөн. Зургаад, зураг төсөл ирүүлээгүй, энэ нь Тендерийн хуулийн 11.1.1., Барилгын тухай хуулийн 15.1.1., 15.2-г зөрчсөн. Долоод, гүйцэтгэх ажлын тоо хэмжээ байхгүй, энэ нь Тендерийн хуулийн 11.1.1-г мөн зөрчсөн. Наймд, хөрөнгийн хэмжээг буруу тооцоолсон. Өөрөөр хэлбэл, ямарч зураг төсөвгүйгээр хэдэн төгрөг таамгаар батлуулж төсөвт суулгуулсан байх бүрэн магадлалтай бөгөөд бодит байдал дээр энэ хөрөнгө нь зарласан ажлуудыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй нь тодорхой байсаар байтал нээлттэй тендер зарлаж чирэгдэл бий болгосон. Яаж ч хэмнээд 1000 төгрөгөөр хийх ажлыг би 500 төгрөг л гаргаж чадна, чи түүнд багтааж хийж өг гэвэл хэн ч энэ болзлыг биелүүлж чадахгүй биздээ. Дээрхи бүх байдлыг судалж мэдсэн ч юмуу, барилгын 3000 шахам компаниас ердөө ганц “ОСО” ХХКуг ажлыг гүйцэтгэхээр тендер ирүүлсэн байх бөгөөд зураг төсөв боловсруулж, шаардагдах хөрөнгийн хэмжээг бодитоор тооцож гаргасан үнийн санал нь захиалагчийн батлуулсан хөрөнгөөс илүү гарах нь хэнд ч ойлгомжтой тул тус компани тендерийн бүх болзол, нөхцлийг бүрэн болон давуулан биелүүлэх тендер ирүүлсэн ч үнийн санал хэтэрсэн гэсэн үндэслэлээр шалгарахгүй ньхожим тодорхой болсон. ҮХААЯ-ны үнэлгээний хороо ч үнэ хэтэрсэн гэсэн шийдвэр гаргасан. Энд зуун хувь захиалагчаас хамааралтайгаар уг тендер хүчин болж байгаа бөгөөд хэрэв ганц биш олон оролцогчтой байсан болмөн ч их зардал чирэгдэл гарнаа даа.

Энэ тохиолдолд захиалагчид хүлээх хариуцлага гэж байх уу?

-Тендерийн хуулийн 30.1.4-д “шаардлагад нийцсэн бүх тендерийн үнэ захиалагчийн тооцсон төсөвт өртгөөс таваас дээш хувиар хэтэрсэн” бол захиалагч бүх тендерээс татгалзана гэсэн заалттай. Тайлбар хэлэхэд энд байгаа захиалагчийн тооцсон төсөвт өртөг нь гэдэг ажлын зургаас үндэслэн гаргасан ажлын тоо хэмжээний дагуу эрх бүхий төсөвчний батлагдсан төсвийн программаар тухайн жилийн зарласан үнэ тафифаар тооцож гаргасан үнийг хэлж байгаа болохоос биш ямарч зураг төсөвгүйгээр хэн нэгний тааж тавьсан тоог хэлэхгүй шүүдээ. Энэ мэт зааг ялгааг ойлгуулахад бэрхтэй. Захиалагч төсөв хөрөнгөө нягтлалгүйгээр шууд л хэтэрсэн гэдэг байдлаар хандаж тендер хүчингүй болгож байгаа хэрэг. Мөн хуулийн 30.4.2 дах захиалагчийн хариуцлагагүй үйлдлийг хөхүүлэн дэмжсэн, ажлын тоо хэмжээ, цар хүрээ ихэдсэн бол түүнийг нь багасгаж хязгаарлагдмал тендер шалгаруулалт явуулж болох тухай заалт юм. Эзэнтэй тендер гэгчид хамаарагсад энэ заалтыг тун овжин ашиглаж байгаа гэж ойлгож болно. Эхний нээлттэй шалгаруулалтад өөрийнх нь хүссэн компани шалгарах боломжгүй бол бусад оролцогчдоос өө хайна. 200-300 хуудас материалын ганц хуудас дээр гарын үсэг зуралгүй алгассан байх юм бол дуусаа гэсэн үг. Үүнийг өндөгнөөс өө олох гэж нэрийдэнэ. Хуульд зааснаар тендерийн бүх нөхцлийг нэгэн зэрэг хангаагүй гэж үзнэ. Захиалагчид уг тендерийг дахин зарлах боломж гарлаа. Хөзөр дэлгэгдсэн. Цааш нь тайлбар хэрэггүй бизээ.

Өмнөх тендерчинь яасан хэрэг вэ. Дахин зарлагдсанюмуу?

-Яг тийм. 2013.08.29-нд хязгаарлагдмал тендерийг 18 хоногийн хугацаатайдахин зарласан. Өмнө нь хөрөнгийн хэмжээг буруу тооцоолсноо залруулж урьд ньяг тийм хөрөнгөөр 27 нэр төрлийн ажилхийлгэхээр зарлаж байсан бол энэ удаад бараг 40 хувийг нь буюу 10 нэр төрлийн ажлыг хасчуг хөрөнгөөр гүйцэтгүүлэхээр зарласан. Гэвчзахиалагч өмнөх бусадбүх алдаануудаа залруулаагүй, давтсан төдийгүй гурван ноцтой үйлдэл хийсэн. Засгийн газрын 2013 оны 324 дүгээр тогтоолын “Төсвийн гүйцэтгэлтэй уялдуулан 2013 оны наймдугаар сарын 23-ны байдлаар хууль тогтоомжийн дагуу тендер нь зарлагдаж, сонгон шалгаруулалт хийгдээгүй бараа ажил үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зогсоох” гэсэн заалтыг зөрчсөн тул уг тендер анхнаасаа хүчинтэй тендер биш байсан. Хоёрт, тендерийн үнэлгээ бодитой бус, өөрөөр хэлбэл манай тендерийг үнэлэхдээ, машин механизмын түрээсийн гэрээний хугацаа дууссан, машин механизмын техникийн үзүүлэлт байхгүй зэрэг тендерийн баримт бичигт огт дурьдагдаагүй үзүүлэлтийг гэнэт гарган ирж бусад хоёр оролцогчоос бага үнийн санал гаргасан байсан ч чадавхийн шаардлага хангаагүй гэх үндэслэлээр шалгаруулаагүй. Иймд үнэлгээ бодитой бус талаар холбогдох хууль, журмын дагуу Сангийн яаманд манайхаас гомдол гаргахад удаан хугацааны туршид нягталж шалгаад гомдол үндэслэлтэй болохыг тогтоож “55.3.1-д заасны дагуу уг тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгож, хуулийн 57.1.10 дахь хэсэгт заасны дагуу холбогдох албан тушаалтанд хариуцлагын арга хэмжээ авах болохыг үүгээр мэдэгдье” гэсэн хариу өгсөн. Гуравт, захиалагч тендерийн явцад манай анхны тендерт оролцохдоо хүргүүлсэн зураг төсөв тооцоог хоёр дахь тендерт оролцсон хоёр компанид дамжуулж өгөөд ашиглуулчихсан юм билээ. Энэ нь ажлын тоо хэмжээ болон бусад үйлдлээр батлагддаг. Энэ хоёр компани нь тендерийн баримт бичгийг тендер нээхээс нэг нь тав хоног, нөгөө нь 10 хоногийн өмнө авсан байдаг. Ямар ч хүчирхэг компани байлаа гээд өмнөх дурьдсан олон ажлыг 5-10-хан хоногт хийх ямарч боломжгүй. Бас аль нь ч газар дээр очиж үзээгүй байдаг. Талын салхины амтосгуулж барих 1350 м-ийн урттай, олон өнцөг догол бүхий том хавтгаалжин төмөр бетон хашааны зураг төсөл, 20 жилийн өмнө дуусгаагүй орхиж балгас болгож мал хашдаг байсан барилгыг нүдээр харалгүйгээр зураг хийнэ, ажлынтоо хэмжээ гаргана гэж байх уу? Хашаа барих газар нь элс, эсвэл намаг байвал яах билээ? Барилгын хана цуурсан байвал яах билээ? Суулгах хаалганы хэмжээ 137,2 м2, цонхных 190,4 м2 гээд хоёр өөр компани хоёул яг адил тоо тавьсанбайх жишээтэй. Энэ нь манай 2013.07.08-нд зарласан тендерт оролцохдоо гаргасан тоо хэмжээ байж байдаг. Тэгэхээр нэгнийнх материаллыг нөгөөд нь өгөөд ашиглуулчихсан тендерийн тухайд үнэлгээ бодитой, бодитой бус гэж маргах нь цагийн гарц биздээ.

Өрсөлдсөн хоёр компаныхаа нэрийг нууцлаад байх шалтаг байна уу?

-Үйл явдлын өрнөлтөөс харахад, мөрөөрөө явж байсан тэдэнд сайхан юм амлаж өөрсдөөс нь давсан юм рүү оруулсан нь харагддаг. Нэг нь бүр тусгай зөвшөөрөл ч үгүй юм билээ. Ямар сайндаа л хүний юм хуулж байхав. Энэ байдлаа ойлгосон биз, нөгөө нь шууд гэрээний шийдийг ч хүлээлгүйгээр тендерийн баталгаагаа цуцалж байсан.

Энэ бүхнийг хэн зохион байгуулав. Шан харамч авсан болов уу?

-Ёстой мэдэхгүй юм. Үнэгүй юм гэж байдагюмуу. Үнэлгээний хорооныхонл гэж хардах байна. Уг хорооны нарийн бичгийн дарга байсан М.Ариунболд л сайн мэдэх учиртай.

Хоёр дахь тендерийн тухайд хуулийн олон заалт зөрчигдсөн байж. ҮХААЯны өөрсдийнх нь шийдвэрлэснээр цааш явлаа гэхэд шууд гэрээ байгуулах хангалттай хугацаа байсан байна. Тариаланчдад агуулах сав нэн хэрэгцээтэй гэж ойлгодог. Танайх хамгийн бага үнийн санал өгсөн гээд байгаа. Гэрээ байгуулаагүйн шалтгаан юунд байх вэ?

-Сайнмэдэхгүй байна. 2013.09.24-нд ҮХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал үнэлгээний хорооныхоо зөвлөмжийг үндэслэн шаардлагад нийцсэн тендер ирээгүй гэж үзэншууд гэрээ байгуулах эрхийг ТЭДС-ийн захирал Д.Одод даалгасан боловч тэрээр хуулийн хугацаанд гэрээ байгуулаагүй тул Сангийн яамнаас хугацааг 30 хоногоор сунгасан ч энэ хугацаанд гэрээ байгуулаагүй.

Шалтгаант холбооны талаас нь авч үзвэл шууд гэрээг манайхтай байгуулахаас өөр сонголт байхгүй байсан. Нөгөө оролцсон хоёр компаний тухайд үнийн санал өндөр, хоёул харуулын байр шинээр барихыг бүр мөссөн орхигдуулсан дутуу юм ихтэй, олон үзүүлэлтээрээ манайхаас илт доогуур юм билээ. Эсхүл тендерийг хоёр удаа зарлаад байхад огт оролцоогүй, оролцохыг хүсээгүй, ямарч бэлтгэлгүй байгаа аль нэг компани тайшууд гэрээ байгуулах уу. Манайх дээрхи бүх ажлыг зураг төслийн хамтаар 369 600 000 төгрөгөөр ажлын 40 хоногт гүйцэтгэх санал өгсөн. Манайхтай шууд гэрээ байгуулсан бол 2013 оны 11 дүгээр сар гэхэд 36000 тн буюу 600 вагон үр тариа хадгалах багтаамжтай элеваторын томоохон аж ахуйн ажил их л цэгцрэх байсан байх. Манайх чинь бас ч гэж 1992 оноос барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компани. Нөгөө хоёр шиг нялх бишээ.Яагаад бага үнэ, хугацааны санал өгсөн гэхээр анхны нээлттай тендертнэг ч оролцогч ороогүй юм чинь дахин зарласан хязгаарлагдмал буюу нэндавчуу хугацаатай тендерт оролцогч бараг гарахгүй гэдэгт итгэлтэй байсан тул зунжингаа бэлтгэлээ базаасан. Угтаал цайдам ч олон удаа явсан. Шууд гэрээ байгуулаагүйтэй холбоотой нэг л зүйл тодорхой байгаа нь улсын эрх ашиг эхний ээлжинд тавигдаагүй нь харагддаг.

Сангийн яамнаас танай гомдлыг хянажүзээд тендерийг хэсэгчилж биш бүхэлд нь хүчингүй болгож холбогдох албан тушаалтанд аргахэмжээ авах шийдвэр гаргажээ. Тендерийн урилгаас эхлээд таны дээр дурьдсан өчнөөн зөрчил байхаар тэгэхээс ч өөр аргагүй байсан биз. Тэгээд хариуцлагын арга хэмжээ ч авсан байна. Шүүхэд хандах шалтгаан юу байв?

-Бизнес эрхлэгчийн хувьд хэнд хариуцлага тооцох, эсэх нь чухал биш юмаа. Энэ нь тэр байгууллагын дотоод асуудал биз. Үнэхээр л хариуцлага тооцож байгаа бол бидэнд учирсан хохирлоо барагдуулах нь гол юм. Бид чинь татвар, торгууль, алдангийн байнгын дарамтанд байдаг улс. Ийм ч учраас бид тендерт оролцох явцад гарсан хохирол болох 22 598 700 төгрөгийг гаргуулахаар Иргэний хуулийн холбогдох заалтындагуу Дүүргийн иргэнийхэргийн анхан шатны 1-р шүүхэд хандахад шүүгч Б.Цолмонбаатар даргалж хийлгэсэн шүүх хуралдаанаас “… ҮХААЯ-ны төрийн нарийн бичгийн даргын 2013.09.24-ний өдрийн “Бүх тендерээс татгалзаж, шууд гэрээ байгуулах эрх олгох тухай” А/357 дугаар тушаалаар ТЭДС-ийн “Угтаал” салбарын оффисийн барилгын засвар, элеваторын хашаа барих ажлыг гүйцэтгэх этгээдтэй шууд гэрээ байгуулах эрхийг ТЭДС-ийн захиралд олгосон байх бөгөөд хуульд заасны дагуу ТЭДС нь зохих этгээдтэй гэрээ байгуулаагүй нь хариуцагч ҮХААЯ-нд хамааралгүй байна” гээд манай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Хохирлын дийлэнхи нь зураг төслийн үнэ байгаа ба бид бүгдийг баримтжуулж шүүхэд өгсөн. Шүүхийн энэ шийдвэр бидний гайхашралыг төрүүлээд байгаа юм. Тендерийн хуулийн 30.4.3-д шууд гэрээ байгуулахыг захиалагчид даалгасан байх бөгөөд үүнтэй холбоотой асуудлыг захиалагч нь хариуцах болохоос өөр хэн хариуцах билээ. ТЭДС чинь чинь бие даасан хуулийн этгээд биш. Манай байгууллагын хувьд ҮХААЯ-наас зарласан тендерт оролцсон болохоос ТЭДС-аас зарласан тендерт оролцоогүй. Доржоос түүндзээлүүлсэн 1000 төгрөгөө авах гэхэд чамд өгөөрэй гээд би дүүдээ өгсөн. Түүнтэй тооцоо хий, одоо надад хамаагүй гэдэггүй биздээ. Дээрхи шүүх бол: Дорж чамд өргүй, чи дүүг нь шүүхэд өг гэх юм байна л даа. Давж заалдсан аль ч шатны шүүхэд ер нь л эднийх ердийн журмаар ялагдчихаад гаргасан зардлаа гаргуулах гээд байна гэдэг юмуу эсхүл хариуцагчийн төлөөлөгчБ.Ариунболдын манайх стандартын дагуу тендерийг зохион байгуулсан гэсэн удаа дараагийн тайлбарыг үндэслэж шийдвэр гаргасанюмуу бүү мэд. Дашрамд ХХААЯ-ны шинэ сайд Р.Бурмаа Танаас тендерт оролцогчийн нэгнийх нь материалыг задруулж нөгөөд нь ашиглуулдагаа стандарт гэж ойлгодог ажилтандаа алдааг нь ойлгуулаасай гэжхүсэх байна.

Гурван шатны шүүхээр ороод хохирлоо барагдуулж чадаагүйгээр уг асуудал хаагдаж байна гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болохгүй. Цааш яаж сунжрахыг мэдэхгүй байна. Тендерийн материалыг бусдад дамжуулан ашиглуулсан үйлдлийг бүр сүүлд буюу иргэний хэргийн шүүх ажиллагааны явцад л олж мэдэх боломж бидэнд олдсон шүүдээ. Саяхан Дээд шүүхийн магадлангаар ороход манай нэхэмжлэлийг хэрэгссэхгүй болгосон ч шийдвэрийг албан ёсоор гардажаваагүй байгаа. Хугацаа байна.Албан тушаалдаа хайнга хандсан, урвуулан ашигласан үндэслэлээр хуулийн байгууллагад хандах боломж бидэндбайгаа.

Манай холбооны зүгээс Тендерийн хуульд томоохон өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа бөгөөд барилгачдын саналыг хүлээн авч нэгтгэж байгааг эцэст нь дуулгая.

Ш.ГОМБОСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Сурагчид Техник технологийн дээд сургуулиас насан туршийн боловсрол эзэмших сонирхолтой байв

-ДУНД СУРГУУЛИЙН СУРАГЧИД ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАЖ, СОНГОХ МЭРГЭЖЛЭЭ БАТАТГАЛАА-

Элсэлтийн ерөнхий шалгалт дөхөх үед сурагч, эцэг эхчүүд их, дээд сургуулиудын чансааг идэвхитэй судалдаг. Нийтийн жишгийг дагадаг байсан үе ард хоцорч төгсөгчдийн хэдэн хувь нь ажлын байртай, хичнээн нь мэргэжилдээ сэтгэл хангалуун байгаагаар тухайн сургуулийн чансааг тогтоодог болжээ. Мөн мэргэжлээ сонгохдоо сургалтын үйл явц, ирээдүйн хандлага, төгсөөд нийгэмд эзлэх байр суурь зэргийг бодитоор мэдэрч үзэхийг зорьдог болсон. Мэргэжлээ зөв сонгох нь ирээдүйн сэтгэл хангалуун амьдрах үндэс учраас сурагчид ч, эцэг эхчүүд ч хаврын энэ өдрүүдэд сургуулиудын сургалтын чанар, сонгосон төгсөөд ажлын байраар хангадах боломж зэргийг судалж буй. Өнгөрсөн баасан гаригт Ерөнхий боловсолын сургуулийн төгсөх ангийн сурагчид, эцэг эхчүүд Техник технологийн дээд сургуультай танилцлаа. Тус сургуулийн нээлттэй хаалганы өдөрлөгөөс сурвалжилсанаа хүргэе.

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛ ГЭХИЙН УЧИР

Нээлттэй хаалганы өдөрлөгт зочилсон сурагчид Техник технологийн дээд сургуулийг 30 жилийн түүхтэй, Монгол Улсын барилгын мэргэжлийн жишиг сургууль, олон улсын магадлан итгэмжлэлтэй гэдгийг андахгүй юм. АНУ-ын “Forbes” сэтгүүлээс их, дээд сургуулийн чансааг тодорхойлоход эхний аравт жагссан, байгуулагдсан цагаасаа хойш 12 мянган инженер, техникчдийг бэлтгэн хөдөлмөрийн зах зээлд нийлүүлсэн, төгсөгчдийн 80-аас илүү хувь нь ажлын байртай гээд тус сургуулийн давуу тал их.

Оюутнуудын үйлдвэрлэсэн гэр

Сургуулийн удирдлага, багш нар сургалтынхаа чиглэл, төрлийг эхлээд тайлбарлахад зочид гайхах хандлагатай байв. Учир нь Техник технологийн дээд сургууль шаталсан сургалтаараа гурван төрлийн боловсрол олгох юм. Суурь боловсрол буюу есдүгээр ангиа төгссөн сурагчдад 2.5 жилийн хугацаатай мэргэжлийн боловсрол олгодог. Заавал их дээд сургуульд орохоо хүлээж цаг алдалгүй, эртхэн мэргэжилтэй болж цалинтай залгах боломжийг мэргэжлийн боловсрол олгодог. Монголын залуучуудын холбооноос гаргасан судалгаагаар мэргэжлийн анхан шатны боловсролтой хүнд 3.8 ажлын байр ногддог гэсэн дүн гарсан. Тэгэхээр нийгэмд хамгийн их эрэлттэй байгаа ажлын байрыг хуучнаар ТМС буюу одоогийнхоор мэргэжлийн боловсролоор олгодог гэсэн үг. Техник технологийн дээд сургуулийн Мэргэжлийн боловсрол олгох 2.5 жилийн сургалтандаа барилгын засал чимэглэлч, барилгын мужаан, барилгын цахилгаанчин, барилгын сантехникч, барилгын өрөг угсрагч, бетон арматурчин, гагнуурчин, авто зам гүүрийн барилгын ажилчин-замчин, авто машины засварчин, тогооч, зочид буудал, зоогийн газрын үйлчилгээний ажилтан зэрэг мэргэжлээр суурь боловсрол эзэмшсэн иргэдийг элсүүлэн сургадаг юм байна. Суралцаж байх хугацаанд нь ажлын байрны захиалга ирчихдэг учраас төгсөгчид ажил хайхын зовлонгүй гэдгийг тэдний оюутнууд бардам ярьж байсан. Онцлог нь Мэргэжлийн боловсролын ангийг төгсөөд ажиллаж байгаад эсвэл шууд сургуульдаа үргэлжлүүлэн техникийн болон бакалаврын ангид шатлан суралцах боломжтой. Бүрэн дунд боловсролтой, мэргэжлийн боловсрол эзэмшсэн иргэд Техник технологийн дээд сургуульд барилгын техникч, барилгын сантехникийн техникч, авто машины механикч, зам гүүрийн техникч, барилгын мужааны техникч, цахилгааны техникч мэргэжлүүдээр 1.5 жилийн хугацаанд Техникийн боловсрол эзэмших боломжтой.

БНСУ-ын Дунг-И Технологийн дээд сургуулийн багш оюутнуудад гэрчилгээ гардуулав

Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн хамгийн эхэлттэй мэргэжлээр суралцаж, инженер болох боломжийг тус сургуулийн Дээд боловсролын хөтөлбөр олгодог. Техникчийн ангийг 1.5 жил суралцаж төгссөн оюутнууд үргэлжлүүлэн бакалаврын ангид 2.5 жил суралцаад дээд боловсол эзэмших боломжтой. Мөн дунд сургуулиа төгссөн сурагчид Архитектур, Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер, Сантехникийн инженерийн байгууламж, Авто замын барилгын инженер, Цахилгаан хангамж, Автомашин ашиглалт, авто аж ахуй, Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологийн инженер зэрэг мэргэжлүүдээс сонголт хийх боломжтой аж. Дээд боловсролтой мэргэжлээ солихыг хүсч байгаа хүмүүс 2.5 жилийн эчнээ ангид элсч Сантехникийн инженерийн байгууламж, Авто замын барилгын инженер, Иргэний ба үйлдвэрийн барилгын инженерийн бакалаврын боловсрол эзэмших ч боломжтой юм байна. Үүнийг л насан туршийн боловсрол гээд байгаа учир юм.

СУРГАЛТЫН ОРЧИН СУРАГЧДЫН АНХААРЛЫГ ТАТАХЫН УЧИР

Шат ахин суралцаж, насан туршийн боловсрол эзэмшихийн учрыг тунгаасан сурагчид Техник технологийн сургуулийн сургалтын орчинтой танилцлаа. Тус сургуулийнАвто зам, Барилга, Инженерийн байгууламж, Механик электроник, Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, Байгалийн ухаан, Хүмүүнлэгийн ухаан, Математик компьютер, Хэлний сургалтын тэнхимүүдтэй сурагч, эцэг эхчүүд танилцахдаа сургалтын орчин, суралцах нөхцөлд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Автын ангид ороход машины сэлбэг хэрэгсэл дэлгээстэй байна. Оюутнууд тэнд онолын мэдлэгээ амьдрал дээр баталгаажуулж, засч сэлбэх, угсрахад суралцаж байлаа. Зочин сурагч “Та нар монголчилдог уу” гэсэн хошин асуулт асуухад оюутан “Онолын үндсэн дээр дүрэм, журмын дагуу хийнэ шүү дээ” гэсэн шаггүй хариулт өгчихлөө. Механик, электроникийн тэнхимд мэргэжлийн боловсролоор авто машины засварчин, техникийн боловсролын сургалтаар авто машины механикч, дээд боловсролоор авто машины ашиглалт, авто аж ахуйн мэргэжилтэн бэлтгэдэг. Сургалтаа Автомеханикийн лаборатори, Гидравлик, хий шингэний лаборатори, Хүнд машин механизмын сургалтын өрөө, Автомашины дадлагын газар зэрэг өндөр хүчин чадал бүхий орчин үеийн лаборатори, дадлагын газруудыг түшиглэн мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлийг чанарын өндөр түвшинд явуулж байгааг харсан сурагч, эцэг эхчүүд үнэхээр сэтгэл хангалуун байлаа.

Барилга, инженерийн байгууламжийн ангид зочлоход барилгын хана өрчихөж, Түүн дээрээ засал чимэглэл хийж байшин дотор дахиад нэг донжтой байшин сүндэрлүүлж байгааг харсан сурагчид “Энд сурчихаад Улаанбаатараа янзтай үзэмжтэй болгох юм байна” гэж ярилцаж байв. Шинэ бүтээн байгуулалт, хаус орон сууц хосолсон төлөвлөлт яригдаж байгаа өнөө үед барилгын салбарын мэргэжилтэн “моод”-нд орж байгааг сурагчид андахгүй байгаа нь ажиглагдлаа. Цаашлаад инженерийн байгууламжийн тэнхимд харъяалагддаг ангид ороход сантехник, угсралт, инженерийн сургалтын мөн л бодит орчинд явуулж байв. Герман улсад үйлдвэрлэсэн халаалтын систем, цэвэр усны болон дулааны системийн насосны холболт, ариутгах татуурга буюу бохир усыг зайлуулах систем, барилгын дулаан хангамж, цэвэр усны системийн гэсэн таван өөр сургалтын орчин тэнд байгааг багш нар тайлбарласан. Автозамын дадлагын газарт ороход явган хүний замыг төрөл төрлөөр нь өрчихөж. Хэсэг газарт оюутнууд авто зам тавьж байлаа.

Техник технологийн дээд сургуулийн оюутнууд сургуульдаа онол, дадлага хосолсон сургалт авч, түүнийгээ ажлын байранд хийсэн дадлагаар баталгаажуулдаг юм байна. Тодруулбал, тэдний сургуулийн оюутнуудыг салбар, салбарынхан нь дадлага хийгээч, суралцангаа ажиллаач гэж урьдаг. Оюутнууд зөвхөн ангид биш дадлагын газар, ажлын байран дээр туршлагаждаг учраас авто зам, барилгын компаниуд ажилтан шалгаруулж авахдаа “Техник технологийн дээд сургууль төгссөн бол давуу тал болно” гэж зарладаг болжээ. Сургалтын орчин сурагчдын анхаарлыг татсан учир энэ.

ДЭЛХИЙД ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ БАЙХЫН УЧИР

Техник технологийн дээд сургуулийн гадаад харилцаа, оюутан солилцоо сурагч, эцэг эхчүүдийн анхаарлыг ихэд татаж байв. Тус сургууль Ази, Номхон далайн бүсийн орнуудын Техникийн боловсрол, мэргэжлийн сургалтын байгууллагуудад магадлан итгэмжлэгдсэн. Ингэснээр Техник технологийн дээд сургуулийн төгсөгчдийн гэрчилгээ дотооддоо төдийгүй олон улсад үнэлэгдэнэ гэсэн үг. Олон улсад магадлан итгэмжлэгдсэнээр сургалтын хөтөлбөрөө олон улсын түвшинтэй харьцуулах, сургалтын орчин, нөхцөл чадамжийг дэлхийн түвшинд байлгах хариуцлага давхар хүлээж байгаа. Тийм учраас тус сургуулийн багш нар Солонгос, Япон, Герман улсуудад мэргэжил дээшлүүлдэг. Тэндэхийн багш нар ирж оюутнуудад хичээл заадаг аж. Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр БНСУ-ын Дунг-И Технологийн дээд сургуулийн багш нар тусгай хөтөлбөрөөр хичээл зааж, суралцагчдаа үнэлсэн гэрчилгээ гардуулж байлаа. БНСУ-ын алдарт “Хьюндай” группийн шаардлагад нийцэхүйц сургалтад хамрагдсан оюутнууд солонгос хэлний гуравдугаар түвшний стандартыг хангаснаар Дунг-И технологийн Автоинженерийн гуравдугаар дамжаад шууд шилжин суралцах боломжтой аж. Мөн Солонгосын “Хьюндай”-д ажилд орох эрх нь нээгдэж байгаа таатай мэдээг тэндээс сонсголоо.

Монгол-Косен сургуулийн нэгдүгээр курсийн оюутан бүтээлээ танилцуулав

Дэлхийд хөрвөх чадвартай байхын тулд сурч байгаа мэргэжлээ өндөр түвшинд эзэмшихээс гадна гадаад хэлээр чөлөөтэй ярьдаг байх шаардлагатай. Тиймээс Хэлний сургалтын тэнхим Орос, Япон, Солонгос, Австрали зэрэг орнуудын ижил төстэй сургуулиудтай хамтран ажиллаж, багш нарыг нь гэрээгээр ажиллуулж байгаа аж. Мөн оюутнуудаа гэрээт сургуулиудтайгаа танилцах аялал хийлгэх, солилцоогоор сургах зэргээр гадаадад ажиллаж, сурах боломжийг олгодог нь нээлттэй өдөрлөгийн зочдод таатай сэтгэгдэл төрүүлж байв.

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Пайпэр Кампбэлл, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Т.Шимизү нарын албаны хүмүүс тус сургуульд айлчилснаас гадаад харилцааных нь цар хүрээг харах боломжтой юм.

НИЙГМИЙН ИДЭВХИТЭЙ, МАНЛАЙЛАГЧ БЭЛТГЭХИЙН УЧИР

Чадвартай мэргэжилтэн байхаас гадна олны дунд байр сууриа олохуйц манлайлагч байж амжилтад хүрдэг гэдгийг алдартнуудын жишээ харуулдаг. Иймийн тулд сургуулийн орчинд нийгэмшүүлэх, манлайлалд сургахад анхаардаг гэдгийг Техник технологийн дээд сургуулийн захирал Б.Ганбат ярьсан. Тус сургуулийн оюутнууд холбоо дэргэдээ сагсан бөмбөг, гар бөмбөг, бүжгийн багтай. Урлаг, спортын дугуйлан байнга хичээллэдэг. Их, дээд сургуулиудын дундах тэмцээнд багууд нь өндөр амжилт үзүүлсээр иржээ. Сагсанбөмбөгийн “Дайчид” баг өнгөрсөн онд Оюутны лигт “Плей-опп”-т шалгарсан. Энэ жил Монголын их, дээд сургуулиудын дундах тэмцээнүүдэд мөн “Плей-опп”-т үлджээ.

Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр тус сургуулийн оюутнууд өөрсдийн тааруулсан гэрээ барьж байлаа. Оюутнууд өөрсдөө хана, унь, тооныг нь угсарч сургалтын зориулалттай дөрвөн ханатай гэр барьжээ. “Даян дэлхийг тодорхойлогч залуус” ТББ-аас дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт монгол гэр барих сургалт оруулахыг санаачилсныг Оюутолгой компани дэмжин, санхүүжүүлсэн бөгөөд Техник технологийн дээд сургуулийн оюутнууд үйлдвэрлэлийг нь хариуцаж байгаа энэ аж.

Дэлхийн 70 гаруй орны оюутнууд өрсөлддөг Дэлхийн ур чадварын тэмцээнд манай улс оролцохоор болж өнгөрсөн сард Хөдөлмөрийн яам “Монгол ур чадвар 2014” тэмцээнийг есөнтөрлөөр зохион байгуулсаны гурван төрөлд Техник технологийн дээд сургуулийн оюутан түрүүлсэн билээ. Тогоочийн төрөлд түрүүлсэн Б.Мөнх-Эрдэнэ тэмцээндээ амжилт үзүүлээд хувийнхаа ресторан байгуулах мөрөөдөлтэйгээ ярьсан. Гагнуурын төрөлд түрүүлсэн Л.Ганцоожид Японы гагнуурын холбоо ажиллах урилга ирүүлсэн гэнэ лээ. Хадаас оруулалгүйгээр 3D шат угсарч, мужааны төрөлд түрүүлсэн Д.Нармандах сургуульдаа дээд боловсрол эзэмшээд мэргэжлээрээ багшлах, барилгын мужааны чиглэлээр ажилладаг компани байгуулах төлөвлөгөөтэй байгаагаа сурагчдад ярьсан.

КООСЕН СУРГУУЛЬ “МООДОНД” ОРОХ УЧИР

Зочдын анхаарлыг татаж, сэтгэлийг нь хөдөлгөсөн өөр нэг салбар бол Техник технологийн сургуулийн дэргэдэх “Монгол коосен” технологийн сургууль. БСШУ-ны сайдын төгссөн сургууль гэдгээр нь сурагчид Коосенг андахгүй байв. Японы 50 гаруй жилийн түүхтэй коосен сургалтын тогтолцоог Монголд нэвтрүүлэх ажил хоёр орны харилцааны түвшинд олон жил яригдаж хоёр жилийн өмнөөс ажил болж, коосен сургалттай гурван сургууль нээсний нэг нь эднийх. Дунд сургууль төгсөгчид коосен сургуульд элсч таван жилийн хугацаанд барилгын инженер, Мехникийн инженер, Цахилгаан инженер, Био инженерийн мэргэжил эзэмших боломжтой. Тус сургуулийн нэгдүгээр дамжааны оюутнууд өөрсдийнхөө урласан бүтээлийг үзэсгэлэн болгож дэлгэсэн байлаа. Тэд “Бид өөрсдийн гараараа цахилгаан техник угсарч, гагнаж, бүтээл хийж чадаж байна гэж бодохоор бахархмаар байна. Мөрөөдлөө бодитой биелүүлэх боломжийг коосен сургууль олгодог” гэж ярьцгаасан бол тус сургуулийн Япон багш “Монгол хүүхдүүд авъяастайгаас гадна зааж өгсөн хичээлийг тусгаж авахдаа онцгой” гэж магтаж байв. Ирэх жилээс элсэлт авах Био инженерийн ангид суралцагчид биологийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэмжээний мэргэжилтэн болох аж.

ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙГ СОНГОХЫН УЧИР

Техник технологийн дээд сургууль төгсөгчдийн 80 хувь нь байнгын ажлын байртай гэсэн судалгаа өнгөрсөн онд гарчээ. Улс орны хөгжилд нэмэр болохуйц, нийгэмд хамгийн өндөр эрэлттэй мэргэжилтэн бэлтгэдэг учраас ажлын байр, өндөр цалин хангамж хүлээж байдаг гэдгийг тэндэхийн оюутнууд ярьж, сургуулиараа бахархаж байгаагаа илэрхийлсэн. Дотоодоос гадна гадаадын улс орнуудтай нягт холбоотой ажилладаг учраас мэргэжлийнхээ дагуу гадаадад ажиллах, сурах боломжийг мөн тус сургууль олгодог. Сургуулийн байр, сургалтын орчин, багш нарын мэдлэг чадварөнөөгийн шаардлагыг хангасан байгааг үзэж, танилцсан сурагчид тэнд сурч насан туршийн боловсрол эзэмших хүсэлтэйгээ илэрхийлж байв. 67 дугаар сургуулийн төгсөх ангийн сурагч А.Төрболд “Би барилгын инженер болохоор шийдсэн. Энэ сургуультай танилцаад сонголтоо улам баталгаажууллаа. Сургалтын орчин, багш нарын хандлага нь таалагдлаа” гэсэн юм. Мэргэжлээ сонгож амжаагүй, сонгосон мэргэжлээ баталгаа­жуулахыг хүссэн сурагч, элсэгчдэд Техник технологийн дээд сургуулийн багш нар зөвлөгөө өгөхөд хэзээд бэлэн юм билээ.

Техник технологийн дээд сургууль Баянгол дүүргийн тавдугаар хорооны нутаг 10 дугаар хороололд байрладаг. Мөн http://www.iet.mn/ хаягаар мэдээлэл авах боломжтой аж.

С.САРАН

Categories
мэдээ нийгэм

Идэрийн голын гүүр нуржээ

Завхан аймгийн Их-Уул сумын Идэрийн голын 30 гаруй метрийн урттай модон гүүр дахин нуржээ. Хүнд даацын автомашин тус гүүрээр зорчих үед гүүрний мод хугарч, гүүр цөмөрсөн байна. Аймгийн Онцгой байдлын газраас шуурхай баг гарган ажиллаж байгаа аж. Ослын улмаас хүнд даацын машины жолоочийн бие нь сайнгүй байгаа гэх мэдээлэл байна. Уг нь хүнд даацын автомашин тус гүүрээр зорчихыг хориглосоор удаж байгаа ч жолооч нар хайхрамжгүй, болгоомжгүй байдлаасаа шөнө оройн цагаар зам товчилж гарсаар ийм байдалд хүрдэг байна. Тус гүүр нь олон жил ашиглагдаж хуучирч муудсан бөгөөд гамшгийн түвшинд хүрч байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Өмнө нь хэд, хэдэн удаа нурж байсан бөгөөд тухайн үед “амь аргацаах” арга хэмжээ аваад засаж, янзлаад өнгөрдөг. Тухайлбал, 2013 оны 9 дүгээр сард “Хово” маркийн хүнд даацын, 30 тонн цемент тээвэрлэсэн автомашин тус гүүрээр зорчиж явах үед тулгуур баганууд хугарч, дотогшоо цөмөрч байсан. Мөн 2014 оны гурвадугаар сард “8142 УНТ” улсын дугаартай шаланз маркын ачааны автомашин тус гүүрээр зорчиж явах үед гүүрний тулгуур багана хугарч, модон гүүр дундаасаа цөмөрсөн байна. Үүний дараа тодорхой хэмжээний хөрөнгө, мөнгөөр тус гүүрийг засварласан билээ.

Уг нь хуучин модон гүүрний хажууд 169 метр урттай төмөр бетон гүүр барих ажил хийгдэж байгаа юм. Тус гүүр төлөвлөгөөт хугацаагаараа бол аль эрт ашиглалтад орохоор болсон. Аль 2007 оноос хойш баригдаж эхэлсэн гүүр олон компани дамжиж явсаар өнгөрсөн хавар ашиглалтад орох сураг дуулдаж байсан ч өдийг хүртэл ашиглагдаагүй байна. Уг нь тус гүүр ашиглалтад орчихвол олон жолоочийн ажил хөнгөрч, олон хүн гарз хохиролд учрахгүй биз. Тус гүүрээр баруун аймгууд руу зорчих машины цуваа тасардаггүй. Урин, дулааны цаг ирж голын мөс хайлж байгаа энэ үед хуучирч, муудсан гүүрнүүдийг засаж сэлбэхгүй бол олон иргэдийн амь нас, эд хөрөнгөд аюул учирч болзошгүй байна.

Categories
мэдээ цаг-үе

Тавантолгойн ордыг ашиглах талаархи гэрээний шинэчилсэн төсөлд санал, дүгнэлт өгөх тухай

/2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлэхээр хүргүүлж, бүрдэл хянагдаж байгаа төсөл/

Тавантолгойн ордыг ашиглах Консорциумтай хийхээр төлөвлөж байгаа “ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ”, “ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ” болон “УХАА-ХУДАГ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛД ТӨМӨР ЗАМЫН СУУР БҮТЭЦ БАРИХ-ӨМЧЛӨХ-АШИГЛАХ-ШИЛЖҮҮЛЭХ КОНЦЕССЫН ГЭРЭЭ”-ний 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн хувилбарыг судалж санал, дүгнэлтийг бэлтгэж 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн14 цагт Танд хүргүүлсэн хүргүүлсэн.

Гэтэл мөн өдрийн 17 цагийн үед Засгийн газар Тавантолгойн асуудлыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр хүргүүлж, иж бүрдэл хянагдаж байна.

2015 оны4 дүгээр сарын 17-ны өдөр Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр хүргүүлсэн гэрээний шинэчлэн найруулсан төсөлд тусгасан нэмэлт, өөрчлөлтийг хянан судалж, санал, дүгнэлтийг шинэчлэн хүргүүлж байна.

Энэхүү санал, дүгнэлтэд дурьдагдсан заалтууд нь 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн шинэчилсэн төслийн заалтууд болно. Мөн 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн төсөлд дурьдагдсан нэр томьёог 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн шинэчилсэн төсөлд байгаа хэлбэрээр өөрчлөн тусгалаа.

Гэрээний анхаарал татсан заалтуудаар санал, дүгнэлт гаргаж, үүсэх үр дагаварыг тайлбарлав. Эдгээр гурван гэрээ нь хоорондоо нягт уялдаа холбоотой хийгдсэн, гэрээний зарим заалтууд олон газарт давхцсан, дахин давтан дурдагдсан байна. Иймд уг заалтуудын үр дагавар, уялдаа холбоог нь тодруулахын тулд хийсэн тайлбар, дүгнэлт зарим заалтуудад давхардан дурдагдана.

Мөн Тавантолгойн ордыг ашиглах Консорциумтай хийж байгаа гэрээний тухай Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг болон Л. Эрдэнэчимэг тэргүүтэй Улсын Их Хурлын нэр бүхий 16 гишүүн Монгол Улсын сайд М. Энхсайханд асуулга тавьж хариулт авсан байна. Эдгээр асуулгад хариулсан М. Энхсайхан сайдын хариулт нь албан ёсны бичиг баримт, нотлох баримт болох тул энэхүү санал, дүгнэлтэд эх сурвалж болгож авсан болно. (Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн асуулга, УИХ-ын гишүүн Л. Эрдэнэчимэг тэргүүтэй нэр бүхий гишүүдийн асуулга болон М. Энхсайхан сайдын хариултыг хавсаргав)

Нэг. Хамтын ажиллагааны гэрээний тухай

Энэхүү “Хамтын ажиллагааны гэрээ”-г (цаашид Гэрээ гэнэ)

Монгол Улсын төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК (цаашид ЭТТ гэнэ) болон,

Люксембургийн “Монголиан Коал Корпораци”-ийн 100 хувийн охин компани “Энержи Ресурс Корпораци” болон,

“Энержи Ресурс Корпораци”-ийн 100 хувийн охин компани болох “Энержи Ресурс” ХХК (цаашид ЭР гэнэ),

Хятад улсын төрийн өмчит “Чайна Шенхуа Энержи компани лимитед” (цаашид Шенхуа гэнэ) компаниуд Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зорилгоор байгуулахаар төсөл бэлтгэсэн байна.

Гэрээний “Талууд” гэсний 2 дахь хэсэгт “Энержи Ресурс” ХХК-ийг цаашид “Төслийн компани” гэж заахаар томьёолжээ. Иймд цаашид энэхүү санал, дүгнэлтэнд “Төслийн компани” гэдгийг “Энержи Ресурс” ХХК буюу (товчилж ЭР) гэж тодорхой нэрээр нь бичнэ.

1. Гэрээний “Угтвар нөхцөл” хэсгийн D хэсэг, гэрээний 1.1 (а) , (b)болон 6.1 (d) заалтуудаар ЭТТ нь Цанхийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүх эрх болон зарим тодорхой үүрэг, хайгуулын болон уул уурхайн бүрэн үйл ажиллагаатай холбоотой бүх эрхээ болон газар эзэмших эрхээ ЭР-д энэ гэрээний нийт хугацаагаар (гэрээний үндсэн хугацаа 30 жил, сунгалт 30 жил) шилжүүлж байна.

Эдгээр заалтаар ЭТТ нь ЭР-т Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүх эрх, Тавантолгойн газар эзэмших эрх болон уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой бүх эрхээ шилжүүлснээр шууд бусаар Тавантолгойн ордыг 60 жилээр бүрэн хянах бодит эрх ЭР-д үүсч байна.

ЭТТ-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл ЭР-д шилжихгүй тул тусгай зөвшөөрөл эзэмшигч ЭТТ нь Ашигт малтмалын тухай хуулийн дагуу эрх, үүргээ хадгалах ёстой. Иймд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүх эрхийг шилжүүлж авах дээр дурдьсан заалтууд нь Ашигт малтмалын тухай хуулинд заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэгтэй холбоотой заалтуудыг бүхэлд нь зөрчиж байна.

2. Хамтын ажиллагааны гэрээний 1.2 (а) заалт болон Хөрөнгө оруулалтын Гэрээний 5.7 (а) заалтаар Гэрээний хугацаанд ЭТТ нь Тавантолгойн газар эзэмших эрхээ ЭР-д үнэ төлбөргүй шилжүүлж байна. Мөн Төслийн бусад үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах газар эзэмших, ашиглах эрхийг ЭР болон түүний Хамааралтай этгээдэд олгоно гэжээ.

ЭР нь Тавантолгойн газрыг эзэмших эр­хийг авч байгаа нь Газрын тухай хуулийн 6.3 дахь хэсэг “Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харьяалалгүй хүн тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно”гэсэн заалтыг зөрчиж байна.

Учир нь ЭР нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болж зохион байгуулагдах учир Газрын тухай хуулийн 6.3 дахь заалтын дагуу газрыг зөвхөн ашиглах эрхтэй, эзэмших эрхгүй. Хөрөнгө оруулалтын Гэрээний “Угтвар нөхцөл” (H)-д зааснаар Чайна Шенхуа Оверсийс Девелопмент энд Инвестмент лимитед” болон дотоодын хөрөнгө оруулагч нар хамтарсан компани байгуулж одоо Ухаа худаг ордод үйл ажиллагаа явуулж байгаа “Энержи Ресурс” ХХК-ийг (ЭР) өмчлөхөөр заажээ.

Тэгээд ч Хөрөнгө оруулалтын гэрээний 5.7 (а)-д заасан үйл ажиллагаа эрхлэх ЭР-н хамааралтай этгээдүүд нь гадаадын хөрөнгө оруулалттай этгээдүүд байвал мөн газар эзэмших эрхгүй.

3. Гэрээний 5.1 (q)болон Гэрээний “Угтвар нөхцөл” хэсгийн (E)-д зааснаар ЭТТ нь өөрийн Цанхийн уурхайд ажиллаж байгаа ажилчид, Цанхийн талбайтай холбоотой нүүрс борлуулах гэрээ, уул уурхайн үйлчилгээ үзүүлэх гэрээ болон бусад гэрээг хамааруулсан ЭТТ-н тодорхой үүрэг, эд хөрөнгийг ЭР-д шилжүүлж, “Эрх үүрэг шилжүүлэх гэрээ”-г тусад нь байгуулахаар тохирчээ.

ЭР нь ЭТТ-ийн эд хөрөнгийг шилжүүлж авах асуудал нь хувьчлалын асуудал үүсгэх болно. ЭТТ нь төрийн өмчит компани учир түүний эд хөрөнгийг бусад шилжүүлэх бол Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу шийдвэрлэх ёстой.

Иймд энэ заалт нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх заалт “Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдахад Засгийн газрын, төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг Төрийн өмчийн хорооны, бусад эд хөрөнгийг тухайн хуулийн этгээдийн шийдвэрээр гагцхүү дуудлага худалдаагаар худалдаж болно” гэснийг зөрчиж байна.

ЭТТ эд хөрөнгө, тодорхой үүрэг, ажилчдыг өөр компанид шилжүүлэх тухай асуудлыг ЭТТ нь Компанийн тухай хуулийн “Их хэмжээний хэлцэл” гэсэн 87 дугаар зүйлийн дагуу шийдвэрлэгдэх ёстой. Компанийн хуулийн энэ заалтын дагуу ЭТТ-н шийдвэр гараагүй байна. Энэ шийдвэр гараагүй байхад “Эрх, үүрэг шилжүүлэх гэрээ” байгуулах ньКомпанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийг бүхэлд нь зөрчинө.

Тэгээд ч одоо ЭТТ нь 10 орчим тэрбумын эд хөрөнгө, 610 ажилчидтай, ЭТТ нь 2013 онд 5.3 сая тонн, 2014 онд 4.5 сая тонн нүүрс олборлож үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. ЭТТ нь ЭР-ийн хувьд бизнесийн том өрсөлдөгч. Нэг зах зээл дээр нэг төрлийн бүтээгдэхүүн дээр бизнес хийдэг. ЭТТ эзэмшиж буй Тавантолгойн орд нь нөөц 6.5 тэрбум тонн. ЭР-ийн “Ухаа худаг” ордын нөөц 400 орчим сая тонн. Иймд энэ гэрээгээр ЭР нь өөрөөс нь асар том нөөц эзэмшдэг бизнесийн өрсөлдөгчөө чадавхигүй болгож, өөртөө тааламжтай бизнесийн орчин үүсгэж байна.

4. Гэрээний 2.1 (b)-д зааснаар ЭР нь зөвхөн олборлолт хийх төдийгүй нүүс баяжуулах, боловсруулах үйлдвэр, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, ус хангамжийн дэд бүтэц, байгууламж барьж байгуулах, өмчлөх, ажиллуулах, төмөр замын суурь бүтэц болон төмөр замын тээврийн үйлчилгээ, эрчим хүч, ус хангамж тээвэр, худалдаа борлуулалтын бүх үйл ажиллагааг, уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой бусад үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилготой гэж заасан байна.

Энэ нь Улсын Их Хурлын 2012 оны 9 дүгээр сарын 18 өдрийн 37 дугаар тогтоолоор баталсан Монгол улсын Засгийн Газрын 2012-1016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт заасан Тавантолгойн орд газрыг ашиглах зорилгоор олборлох үйл ажиллагаа явуулах гэсэнтэй зөрчилдөж байна.

Олборлох үйл ажиллагаа нь нүүрсийг газрын хэвлийгээс ухаж гаргах операторын үйл ажиллагаа болохоос дээр дурьсан шиг өргөн хүрээтэй үйл ажиллагаа биш.

5. Гэрээний 2.3 (а) болон 3.1(а) заалтаар Цанхийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүрээнд уул уурхайн үйл ажиллагаа явуулах эрх эдлүүлсний төлөө ЭР нь ЭТТ–д борлуулалтын нийт орлогын тодорхой хувийг тохирсон аргачлалын дагуу (Жишээ нь: нүүрсний үнэ 85 доллараас бага байхад нөхцөлд 2%) хамтын ажиллагааны төлбөрт төлж байна. Мөн Гэрээний 3.2 (с)-д зааснаар ЭТТ нь тусгай зөвшөөрлийн, агаарын бохирдлын, нөөц ашигласны төлбөр зэрэг татвар, хураамжийг төлөхөөр заажээ.

Хөрөнгө оруулалтын гэрээний 3.1 (с)-д зааснаар гэрээний хугацаанд энэ аргачлал, хувь хэмжээ нэмэгдэхгүй тогтмол байна. Өөрөөр хэлбэл гэрээний хугацаа 30 жилд (хугацааны сунгалт 30 жил)тогтмол байна.

6. Хамтын ажиллагааны Гэрээний 4.1 (а) болон 4.1 (b) заалтаар Энэхүү Хамтын ажиллагааны гэрээний хугацаа нь Хөрөнгө оруулалтын гэрээний хугацаанд хүчин төгөлдөр байна, гэрээний хүчин төгөлдөр байх хугацаа нь Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан хугацаатай ямагт нийцэж байх ёстой гэжээ. Энэ хоёр гэрээг хугацааны хувьд хооронд нягт холбож уялдуулсан зохицуулалт хийжээ. Талуудын хооронд байгуулж байгаа Хөрөнгө оруулалтын гэрээ нь 30 жил бөгөөд дахин 30 жил сунгагдах нөхцөлтэй байна. (Хөрөнгө оруулалтын гэрээ 4.1 (а) заалт)

7. Гэрээний 5.1 (а) 6.1 (g) заалтаар ЭР нь Цанхийн талбайг эзэмшилдээ авч, аливаа хязгаарлалтгүйгээр бүрэн ашиглах, хянах эрхтэй байна. Харин ЭТТ зөвхөн ЭР-аас зөвшөөрсөн тохиолдолд талбайд нэвтэрч ЭР-ийн гэрээний болзол, нөхцлийг биелүүлж байгааг баталгаажуулах эрхтэй гэжээ. (Гэрээний 6.1 (а) заалт)

Энэ заалтын дагуу бол ЭР зөвшөөрөхгүй л бол ЭТТ нь өөрийн эзэмшиж байгаа талбайд чөлөөтэй нэвтрэх эрхгүй бөгөөд ЭТТ-д нэвтрэх зөвшөөрөл өгөх эсэх нь ЭР-н үзэмжийн асуудал болж байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч ЭТТ-н хувьд өөрийн эзэмшлийн талбайд чөлөөтэй нэвтрэх эрхийг хязгаарласан хэт нэг талын ашиг сонирхолд үйлчилсэн заалт байна.

8. Гэрээний 5.1 (с)-д Цанхийн талбайгаас олборлосон нүүрсийг бусад ордоос олборлосон нүүрсний хамтаар боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэжээ. Бусад орд гэдэг нь ЭР-н Ухаа худаг орд гэж ойлгогдож байна. Учир нь Хөрөнгө оруулалтын Гэрээний 1.1 (а) болон 2.3 (с), 5.2 (а), 5.2 (е) заалтуудаар Тавантолгойн ордын нүүрсийг Ухаа худгийн ордтой уялдуулж хөгжүүлэх, ЭТТ болон ЭР-н аль аль нь Цанхийн болон Ухаа худагийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилээр эзэмших мөн 20 жилээр 2 удаа сунгах нийтдээ 70 жил хүчинтэй байлгах үүрэг хүлээсэн байна. Хөрөнгө оруулалтын энэхүү гэрээний нөхцөл Ухаа худагийн ордтой холбоотой үйл ажиллагаанд мөн хамаарахаар заажээ.

Тавантолгойн ордыг ашиглах гэрээний хүрээнд Ухаа худгийн ордыг ашиглах үйл ажиллагаа хамаарах ёсгүй бөгөөд Засгийн газар тул үүрэг хүлээх шаардлагагүй.

Ухаа худагийн орд нь энэ гэрээний зүйл биш тул Гэрээнд байгаа Ухаа худагийн ордтой холбоотой бүх заалтыг хасах нь зүйтэй. Тэгээд ч Ухаа худагийн ордтой холбоотойгоор ЭР-тай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах шийдвэр Засгийн газар гаргаагүй.

9. Гэрээний 6.1 (i) заалтаар ЭР нь Цанхийн талбайгаас олборлосон нүүрсийг өмчлөх эрхтэй байхаар заажээ.

ЭР-т ийм эрх эдлэх хуулийн боломж байхгүй. Тэгээд ч Хөрөнгө оруулалтын гэрээний 29.6-д зааснаар “ЭР нь энэхүү Гэрээний дагуу бие даасан гэрээт гүйцэтгэгч байх”.. гэж заасан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь заалтанд “газрын хэвлий, түүний баялаг төрийн өмч мөн” гэж заасан. Ашигт малтмалын тухай хуулийн 5.1-д “Монгол улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн” гэж Үндсэн хуулийн заалтыг илүү тодруулан заасан байна.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 5.2 дахь заалтаар төр өмчлөгчийн хувьд энэ хуулинд заасан нөхцөл, шаардлага журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй гэж заасны Тавантолгойн Цанхийн ордын нүүрсийг ашиглах эрх ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл авсан ЭТТ-дхадгалагдана.

10. Гэрээний 5.1 (к) ЭР нь Ашигт малтмалын тухай хуулийн 35.3-т заасан бүх бичиг баримтыг ЭТТ-с өөртөө авахаар заасан нь Ашигт малтмалын тухай хуулийн 35.3 дахь заалттай зөрчилдөж байна. Тус заалтаар энэ бүх бичиг баримт нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид өөрт нь буюу ЭТТ-д өөрт нь хадгалагдах ёстой.

11. Гэрээний 5.1 (o)-д зааснаар Цанхийн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх зорилгоор ЭТТ-г төлөөлөх эрхийг ЭР нь итгэмжлэлгүйгээр, мөн гэрээний 13 дугаар зүйлд зааснаар шаардлагатай бүх арга хэмжээ авах эрхийг итгэмжлэн өөртөө авч байна.

Энэ заалт ЭТТ компанийн бусад байгууллагатай харилцах хууль ёсны эрхийг хязгаарлаж байна. ЭТТ нь ашиглалтын тусгай зөвшөөрлөө ЭР-д шилжүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой эрх, үүргээ өөрөө хэрэгжүүлж, эрх бүхий байгууллагын өмнө хариуцлага хүлээнэ. ЭР энэ эрхийг шилжүүлж авч байгаа нь шууд бусаар ЭТТ-н ашиглалтын тусгай зөвшөөрлийг өөрийн нэр дээр шилжүүлж авсантай адил юм.

12. 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн Гэрээний хувилбарт байсан 6.1 (c) заалт өөрчлөгдсөн байна. Өмнөх хувилбарт ЭТТ нь нууцлалын бусад шаардлагыг хангасан” тохиолдолд л ЭР-ийн уул уурхайн үйл ажиллагааны талаархи холбогдох мэдээллийг авах эрхтэй байна гэж заасан байсан. Шинэ хувилбарт ЭТТ нь холбогдох мэдээллийг нууц задруулахгүй байх үүргийн дагуу авах эрхтэй байхаар тусгажээ.

13. Гэрээний 6.1 (j)-д зааснаар ЭТТ нь захиргааны үйл ажиллагаагаа аливаа болзол, нөхцөлгүйгээр, нэн даруй ЭР-ийн шаардлагад нийцүүлэн үзүүлэх үүрэг хүлээжээ. Энэ заалтаар ЭР нь ЭТТ компанийг удирдлага, менежментийн хувьд чадамжгүй болгож байна. Мөн энэ заалт нь Компанийн тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуулиар ЭТТ-д олгогдсон эрх хэмжээнд халдсан заалтууд байх тул хүлээн зөвшөөрч болохгүй.

14. Гэрээний 6.1 (l) заалтаар ЭТТ нь ЭР-ийн төслийн хэрэгжилтийг хойшлуулахгүй, саатуулахгүй, саад учруулахгүй үүрэг хүлээсэн байна. Хэрэв ЭР нь хууль болон Гэрээ зөрчсөн үйлдэл хийх тохиолдолд ЭТТ холбогдох хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу өөрийн ашиг сонирхлоо хамгаалах үйл ажиллагаа явуулах эрхтэй байх хэлбэрээр энэ заалтыг өөрчлөх ёстой.

15. Эрх, үүрэг шилжүүлэх гэсэн Гэрээний 8 дугаар зүйлийн 8.1 (а)-д “ЭР нь ЭТТ-д бичгээр урьдчилан мэдэгдэхгүйгээр энэ гэрээний дагуу хүлээсэн эрх, үүргээ аливаа гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй” гэжээ.

Гэтэл Гэрээний 8.2 (а) заалтаар “ЭТТ нь ЭР-аас бичгээр урьдчилан авсан зөвшөөрөлгүйгээр аливаа гуравдагч этгээдэд энэ Гэрээний дагуу хүлээсэн эрх, үүргээ бүхэлд нь эсвэл хэсэгчлэн шилжүүлж аливаа байдлаар захиран зарцуулахгүй” гэжээ.

Гэрээний эдгээр заалтууд Талуудын эрх тэгш байдлыг хангаагүй, хэт ЭР-ийн эрх ашгийг хамгаалсан байна. ЭР нь ЭТТ-д бичгээр мэдэгдээд л эрх, үүргээ Гуравдагч талд шилжүүлэх боломжоо энэ заалтаар авч үлдсэн байна. Гэтэл ЭТТ нь эрх үүргээ Гуравдагч талд шилжүүлэхдээ заавал ЭР-ийн бичгээр өгсөн зөвшөөрлийг авах болж байна. ЭР нь бичгээр зөвшөөрөл өгөхгүй байхад л ЭТТ-н энэ эрхийг бүрэн хааж чадаж байна. Зүй нь Гэрээний Талууд яг ижил заалтаар үүрэг хүлээх ёстой. Өөрөөр хэлбэл, ЭР ч гэсэн ЭТТ-ын бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр эрх, үүргээ Гуравдагч талд шилжүүлэх эрхгүй байхаар заалтыг өөрчлөх хэрэгтэй.

16. Гэрээний 8.1 (b)-д “ЭР болон Хөрөнгө оруулагчид нь хөрөнгө босгох зорилгоор энэ гэрээний дагуу олгогдсон эрх, ашиг сонирхол, үр ашгаа хөрөнгө оруулагчид эсхүл Санхүүжүүлэгчид барьцаалах замаар шилжүүлэх эрхтэй” гэсэн байна.

Энэ Гэрээний хамгийн ноцтой заалт. Гэрээний “Угтвар нөхцөл” хэсгийн D хэсэг, гэрээний 1.1 (а) , (b)болон 6.1 (d) заалтуудаар ЭТТ нь Цанхийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүх эрх болон зарим тодорхой үүрэг, хайгуулын болон уул уурхайн бүрэн үйл ажиллагаатай холбоотой бүх эрхээ болон газар эзэмших эрхээ ЭР-д энэ гэрээний нийт хугацаагаар (гэрээний үндсэн хугацаа 30 жил, сунгалт 30 жил) шилжүүлж байна.

Мөн Гэрээний 5.1 (е) болон 6.1 (i) заалтуудад ЭР нь Цанхийн талбайгаас олборлосон, боловсруулсан (угаасан нүүрс) нүүрсийг өмчлөх эрхтэй байхаар заажээ. Энэ бүх эрх, ашиг сонирхлоо Нэгд, Хөрөнгө оруулагч нар, Хоёрт, Санхүүжүүлэгч нарт барьцаалан шилжүүлэх эрхтэй болж байна.

Энэ гэрээгээр бол Хөрөнгө оруулагч нь Люксембургийн “Монголиан Коал корпораци”-ийн 100 хувийн охин компани “Энержи Ресурс Корпораци” болон Хятадын төрийн өмчит “Чайна Шенхуа Энержи лимитед” компаниуд юм.

Санхүүжүүлэгч гэж хэн бэ? ЭР-т зээл олгож байгаа аль улсын ч банк, санхүүгийн байгууллага, компани, хувь хүн байж болно.

Эхнээсээ Гэрээнд ингэж барьцаалан шилжүүлэх эрх олгосон заалт хийж байгаа нь ЭР нь цаашдаа ийм үйл ажиллагаа хийх зорилготой, ийм аргаар Тавантолгойн ордыг бусдад шилжүүлэхээр төлөвлөж байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, шилжүүлэн авахаар төлөвлөсөн далд захиалагч байж болох юм.

Гэтэл Гэрээний 8.2 (b) заалтаар Тавантолгойн ордыг хууль ёсны эзэмшигч болох төрийн өмчит ЭТТ компанид аливаа барьцааны эрх үүсгэхийг хориглосон нь заалт нь Ашигт малтмалын тухай хуулийн 51.1 дэх заалттай зөрчилдөж байна. Энэ заалтын дагуу ЭТТ нь тусгай зөвшөөрлөө энэ хуульд заасан шаардлагын дагуу буюу байгууллагад тухайн ордын үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор банк, банк бус санхүүгийн барьцаалах эрхтэй.

17. Гэрээний 8.2 (с) заалтаар хэрэв ЭТТ нь Цанхийн ашиглалтын тусгай зөвшөөрлөө Гуравдагч этгээдэд худалдах, шилжүүлэх бол ЭР нь өөртөө шилжүүлэн авах санал гаргах давуу эрхтэй байна.

Гэрээний энэ заалт нь Ашигт малтмалын тухай хуулийн 49.1 болон 49.3 дахь заалтуудтай зөрчилдөж байна. Хуулийн эдгээр заалтаар тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу ЭТТ нь зөвхөн нэгдэж, нийлэх хэлбэрээр өөрчлөн байгуулагдсан тохиолдолд шинээр бий болсон эрх, үүрэг хүлээн авагчид, түүний хараат, охин компани нь толгой компанидаа тусгай зөвшөөрлийг шилжүүлэх эсвэл уурхайгаа худалдсан тохиолдолд тусгай зөвшөөрлөө шилжүүлэх эрхтэй байна.

Гэрээнд зааснаар тусгай зөвшөөрөл худалдах үнийг зөвшилцөнө, үнэ тохирохгүй бол олон улсын эрх бүхий хөндлөнгийн, мэргэжлийн байгууллагаар үнэлүүлнэ. Тэгээд тэр үнээр ЭР худалдан авах эрхтэй болно гэжээ. Энэ заалтаас харахад олон улсын хөндлөнгийн, мэргэжлийн байгууллагын үнэлгээ тогтоож байгаа хэлбэр нь зөв боловч далд утгаараа энэ тогтоосон үнээр ЭТТ заавал, зөвхөн ЭР-д тусгай зөвшөөрлөө зарах үүрэг хүлээлгэсэн байна. Энэ нь“Гэрээний 8.2 (b) болон 8.2 (с) хэсэгт заасны дагуу төслийн компанийн тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрхийг хангахгүйгээр аливаа Гуравдагч этгээдэд Цанхийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг худалдах, шилжүүлэх, аливаа байдлаар захиран зарцуулахгүй” гэснээс маш тодорхой харагдаж байна”

Тэгээд ч гэрээний 8.2 (d)-ийн (i) болон (ii) дахь заалтуудын нөхцлөөс харахад ЭТТ нь ашиглалтын тусгай зөвшөөрлөө Гуравдагч этгээдэд зарах, шилжүүлэх боломж гарахгүй байхаар зохицуулжээ. Тухайлбал, уг заалтуудад ЭТТ болон тусгай зөвшөөрөл шилжүүлэн авагч этгээдийн хооронд бичгээр байгуулсан гэрээний хуулбарыг ЭР-д хүргүүлнэ. Эрх шилжүүлэн авагч нь ЭТТ-ын энэ гэрээ болон Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан баримт бичгийг ЭР-н санал болгосон агуулга, хэлбэрээр ЭР-тай байгуулна гэжээ. ЭР нь нөгөө талдаа хүлээн зөвшөөрөх аргагүй нөхцөл, болзол бүхий баримт бичгийг зориуд санал болгоход л энэ хэлцэл биелэгдэхгүй.

Иймд энэ давуу эрхтэй холбоотой заалтыг Гэрээнээс хасах нь зүйтэй.

18. Гэрээний 8.2 (d)-ийн (v)-д ЭТТ нь Цанхийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг зөвхөн бүхэлд нь шилжүүлэх бөгөөд хэсэглэн шилжүүлэхгүй гэсэн заалтаар ЭТТ-н эрхийг хязгаарласан байна. Цанхи нь баруун, зүүн хоёр хэсэгтэй бөгөөд ЭТТ нь зах зээлийн нөхцөлтэй уялдуулан өөрийн эрх хэмжээнд зохицуулалт хийх эрхийг хориглосон байна. Энэ заалт нь Ашигт малтмалын тухай хуулийн Тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэсэн 49 дүгээр зүйлийн 49.1 болон Тусгай зөвшөөрлөөр олгогдсон газрын тодорхой хэсгийг шилжүүлэх гэсэн 50 дугаар зүйлийн 50.1 дэх заалтыг зөрчиж байна.

19. Гэрээний 10.1 (b) заалтаар ЭТТ нь Гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай бүх арга хэмжээг авсан гэдэг баталгаа гаргажээ.

2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөл Тавантолгойн асуудлаар хуралдаж Тавантолгойн гэрээг Хөрөнгө оруулалтын тухай хууль болон Монгол Улсын холбогдох бусад хууль, тогтоомжинд нийцүүлэн байгуулах, Тавантолгойн ордыг ашиглах асуудлаар өмнө нь гарсан Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол шийдвэрийн уялдааг сайжруулах, Монгол Улсын иргэдэд олгосон “Эрдэнэ Тавантолгой” ХК-ийн хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулж, хувьцааны ногдол ашиг хүртэх боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авах үүрэг өгсөн боловч Засгийн газар хэрэгжилтийг хангаагүй байна.

Засгийн газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Засгийн газар… Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх арга хэмжээ авч, энэ тухай Ерөнхийлөгчид мэдээлж байна” гэснийг дагуу Засгийн газар нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг биелүүлэх үүрэгтэй. (Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2015 оны 04/03 дугаар зөвлөмжийг хавсаргав)

Одоо байгаа хэлбэрээр Гэрээг байгуулбал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны 35/32 дугаар болон 2015 оны 04/03 дугаар зөвлөмжүүд, Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт заасан Тавантолгойн орд газарт гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нартай хамтран олборлолт явуулна гэж заасан заалт, Ухаа худаг – Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг төрийн өмчит “МТЗ” компанид олгосон Засгийн газрын 2011 оны 121 тогтоол зэрэг шийдвэрүүд зөрчигдөж байна. (Энд дурьдагдсан шийдвэрүүдийг хавсаргав)

Төрийн эрх бүхий байгууллагын дээр дурьдсан шийдвэрүүд зөрчигдөнө гэдгийг Засгийн газар болон ЭТТ нь мэдсээр байж Хөрөнгө оруулагч нарт худал баталгаа гарган төөрөгдүүлсэн хариуцлагыг хүлээх болно.

Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолын дагуу Засгийн газар нь Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх ёстой. (УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолыг хавсаргав)

20. Гэрээний “Нууцлал” гэсэн 12 дугаар зүйл яагаад зөвхөн Хонконгийн болон Шанхайн хөрөнгийн биржийг дурьдсан болохыг тодруулах. Энэ Гэрээний үргэлжлэх хугацаанд Лондон, Нью Йорк, Токио, Торонто гэх мэт ОУ-ын нэр хүндтэй биржүүд хамрагдах уу? Монгол Улсын Гуравдагч хөршийн бодлоготой холбоотойгоор энэ асуулт тавигдаж байгаа болно.

21. Гэрээний 14.5-д зааснаар Гэрээг англи, монгол хэл дээр байгуулж байгаа бөгөөд зөрүү гарвал англи эхийг баримтлана гэжээ. Иймд гэрээний англи, монгол хувийг албан ёсны орчуулгыг Гадаад хэргийн яам заавал хийж хянах ёстой.Ажлын төвшинд гэрээний орчуулгыг албан ёсны гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй.

2010 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Үндэсний аюулгүй байдлын хуралдааны 24/11 дүгээр тэмдэглэлд Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчдыг сонгон шалгаруулах баримт бичиг, гэрээний төсөл болон холбогдох бусад баримт бичгийг монгол, англи хоёр хэлээр алдаа мадаггүй боловсруулах” гэснийг анхаарч мөрдөх ёстой. Гэрээний монгол хувилбар нь англи хувилбарын орчуулга байна. Үүнээс харахад гэрээний эх хувилбар англи хэл дээр боловсруулагдаж, монгол хэл рүү оруулагдаж байна.

22. Гэрээний 14.8 дахь заалтаар энэ Гэрээ хүчингүй болсон мөн дуусгавар болсныг үл харгалзан энэхүү гэрээний 6 дугаар зүйл (ЭТТ-н хүлээсэн эрх, үүрэг), 12 дугаар зүйл (Гэрээний нууцлал), гэрээний 13 дугаар зүйл (Итгэмжлэл), хүчинтэй үлдэхээр байна. (2015 оны 4 сарын 6-ны өдрийн гэрээний төсөлд байсан 14 дүгээр зүйл (Гэрээний нэгдмэл байдал)-ийг Засгийн газрын өргөн барьсан Гэрээний шинэчилсэн төсөлд хассан байна)

Гэрээ хүчингүй болж талуудын эрхзүйн харилцаа дуусгавар болох тул дээрх заалтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гэрээг бүрэн хэмжээгээр хүчингүй болгох нь зүйтэй. Харин нууцлалтай холбоотой заалтыг тодорхой хугацаанд мөрдөхөөр хүчинтэй үлдээж боломжтой.

Хоёр. Хөрөнгө оруулалтын гэрээний тухай

Энэхүү “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г (цаашид Гэрээ гэнэ)

Монгол Улсын төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК (цаашид ЭТТ гэнэ) болон,

Люксембургийн “Монголиан Коал корпораци”-ийн 100 хувийн охин компани “Энержи Ресурс Корпораци” болон,

“Энержи Ресурс Корпораци”-ийн 100 хувийн охин компани болох “Энержи Ресурс” ХХК (цаашид ЭР гэнэ),

Хятад улсын төрийн өмчит “Чайна Шенхуа Энержи компани” лимитед (цаашид Шенхуа гэнэ) компаниуд Тавантолгойн ордыг (цаашид ТТ гэнэ) ашиглах зорилгоор байгуулахаар төсөл бэлтгэсэн байна.

Гэрээний “Талууд” гэсний 5 дахь хэсэгт “Энержи Ресурс” ХХК-ийг цаашид “Төслийн компани” гэж заахаар томьёолжээ. Иймд цаашид энэ санал, дүгнэлтэнд “Төслийн компани” гэдгийг “ЭР” гэж тодорхой нэрээр нь бичнэ.

1. Гэрээгээр Засгийн газарт үүрэг хүлээлгэж, Засгийн газраас эрх олгосон албан тушаалтнууд гарын үсэг зурахаар төлөвлөсөн байна. (2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн хувилбарт Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын сайд М. Энхсайхан, Сангийн сайд Ж. Эрдэнэбат, Уул уурхайн сайд Р. Жигжид нар гарын үсэг зурахаар нэрсийг тавьсан байсныг Засгийн газраас эрх олгосон албан тушаалтан болгож өөрчилсөн байна)

Компанийн тухай хуулийн хүрээнд ЭТТ нь хөрөнгө оруулагч нартай хамтран ажиллах эрх зүйн бүрэн чадамжтай. ЭТТ нь төрийн өмчит компани тул Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу Засгийн газар ЭТТ компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд байгаа гишүүдэд (ЭТТ-н ТУЗ-ийн хараат бус гишүүдээс бусад нь төрийн албан хаагчид байгаа) аливаа асуудлаар удирдамж, чиглэл өгөх хэлбэрээр өөрийн оролцоог хангаж ажилладаг.

Иймд Засгийн газарт үүрэг хүлээлгэсэн бүх заалтуудыг Гэрээнээс хасах нь зүйтэй.

2. Гэрээний “Угтвар нөхцөл” хэсгийн(H)-д зааснаар Чайна Шенхуа Оверсийс Девелопмент энд Инвестмент лимитед” болон дотоодын хөрөнгө оруулагч нар хамтарсан компани байгуулах гэрээ байгуулж одоо Ухаа худаг ордод үйл ажиллагаа явуулж байгаа “Энержи Ресурс” ХХК-г өмчлөхөөр заажээ. Гэтэл Гэрээнд зааснаар Хятадын төрийн өмчит “Чайна Шенхуа Энержи компани” лимитед Хөрөнгө оруулагчаар гарын үсэг зурахаар төлөвлөжээ. Энэ ялгааг тодруулах шаардлагатай.

3. Гэрээний 1.1 (а) болон 2.3 (с) заалтаар Тавантолгойн ордын нүүрсийг Ухаа худагийн ордтой уялдуулж хөгжүүлэх, мөн Тавантолгойн бүс нутгийн бусад уурхайгаас олборлосон нүүрсийг хольж хэрэглэх, мөн Гэрээний 5.2 (а)-д зааснаар ЭТТ болон ЭР-н аль аль нь Цанхийн болон Ухаа худагийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилээр эзэмших мөн 20 жилээр 2 удаа сунгах нийтдээ 70 жил хүчинтэй байлгах үүрэг хүлээсэн байна.

Мөн Гэрээний 5.2 (е) заалтаар энэхүү гэрээний нөхцөл Ухаа худагийн ордтой холбоотой үйл ажиллагаанд мөн хамаарахаар заажээ. Тавантолгойн ордыг ашиглах гэрээний хүрээнд хувийн компанийн эзэмшилд байгаа Ухаа худгийн ордыг ашиглах үйл ажиллагаа хамаарах ёсгүй бөгөөд Засгийн газар, Ухаа худагийн ордтой холбоотой үүрэг хүлээх шаардлагагүй.

Ухаа худагийн орд нь энэ гэрээний зүйл биш тул Гэрээнд байгаа Ухаа худагийн ордтой холбоотой бүх заалтыг хасах нь зүйтэй.

4. Гэрээний 2.1 (b) , 2.2 (а, с) заалтаар ЭР нь Тавантолгойн ордод нүүрс олборлох, боловсруулах, түүнийг захиран зарцуулах, тээвэрлэх, экспортод гаргах, нүүрс худалдах, борлуулах болон маркетинг хийх, борлуулалтын орлогыг цуглуулах, ашиглах болон захиран зарцуулах, уурхайн төлөвлөлт хийх, эрх бүхий байгууллагад тайлан мэдээ гаргах, санхүүжилт босгох, хөрөнгө оруулалт хийх, барьцааны сонирхол үүсгэх, төмөр зам барих, төмөр замын тээврийн болон менежментийн үйл ажиллагаа хийх, нүүрс боловсруулах үйлдвэр, ус, эрчим хүчээр хангах байгууламж барих, нэмэлт хайгуул хийж тогтоосон нөөцийг ашиглах, олборлох болон дагалдах дэд бүтэц барих үйл ажиллагаа явуулахаар заажээ. Энэ нь 2012 оны 9 дүгээр сарын 18 өдөр УИХ-ын 37 дугаар тогтоолоор баталсан Монгол улсын Засгийн газрын 2012-1016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт заасан Тавантолгойн орд газрыг ашиглах зорилгоор олборлох үйл ажиллагаа явуулах гэсэнтэй зөрчилдөж байна.

5. Гэрээний 2.1 (с) болон (d)-д зааснаар ЭР нь нарийвчилсан уулын ажлын төлөвлөгөө, уул уурхайн үйл ажиллагааны зардал, хөрөнгө оруулалтын нөхцлийг тодорхойлж байна. Мөн уул уурхайн үйл ажиллагааны хүрээг тодорхойлох, тооцоолол, уурхай хөгжүүлэх, хайгуул хийх төлөвлөгөө гаргах, тайланг бие даан өөрийн үзэмжээр гаргах, төслийн бусад үйл ажиллагаатай холбоотой шийд­вэ­рийг гаргах бүрэн эрхтэй байхаар заажээ.

Мөн ЭР нь Тавантолгойн ордыг ашиглах ТЭЗҮ боловсруулах, түүнд өөрчлөлт, нэмэлт хийх, уурхайн нарийвчилсан төлөвлөгөө, бүтээн байгуулалтын хөтөлбөр, уул уурхайн үйл ажиллагааны болон барилга угсралтын зардлыг тодорхойлох, хөрөнгө оруулалтын болзол нөхцлийг тогтоох, Тавантолгойн ордоос боловсруулсан бүтээгдэхүүн болон олборлосон нүүрсээ экспортлох, худалдах, тээвэрлэх, худалдах, маркетинг хийх бүх ажиллагааг бие даан зохион байгуулах эрхтэй гэжээ. (Хөрөнгө оруулалтын гэрээний 5.1 (b), Хамтын ажиллагааны гэрээний 5.1 (d, n) заалт)

Мөн ЭР нь Цанхийн талбайгаас аль ч жилд олборлох, боловсруулах бүтээгдэхүүний тоо хэмжээ болон бүтээгдэхүүн нийлүүлэх зах зээлийг сонгох, нүүрс боловсруулах зардал, үнэлгээг тодорхойлох,борлуулах, бүтээгдэхүүний тоо хэмжээ, худалдах үнийг тогтоох, тээврийн давтамж, тээвэрлэлтийн хэлцэл болон арилжааны бусад нөхцлийг тодорхойлох зэрэг бүтээгдэхүүний борлуулалттай холбоотой шийдвэрийг дангаараа бие даан тодорхойлох, бие даан ажиллах эрхтэй байна. (Хөрөнгө оруулалтын гэрээ 2.4 (b) болон 2.5 (b) заалт)

Эдгээр заалт нь Ашигт малтмалын тухай хуулийн 48.6 дахь заалтыг зөрчиж байна. Учир нь 48.6-д зааснаар ТЭЗҮ хийх болон уулын ажлын төлөвлөгөө хийх, нөөцийн зэрэглэлийг ахиулах ашиглалтын хайгуул хийх, тайлан гаргах эрх нь тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу ЭТТ эрх хэмжээнд байхаар хуульчлагдсан байна.

Эдгээр заалтуудаас харахад ЭР нь гэрээний хугацаанд төслийн зардлыг нэмж тооцох, ТЭЗҮ-д нэмэлт, өөрчлөлт хийснээр хөрөнгө оруулалтаа өсгөх, буурууулах зэргийг дангаараа шийдвэрлэх эрх эдэлж байна. Ялангуяа хайгуулийн ажлын зардлаа хэт өндөр гаргаж, хөрөнгө оруулалтаа нөхөх боломжгүй гэдэг байдлаар ямарч хугацаагаар төслийг ЭР нь өөрийн хяналтад байлгах боломж олгож байна. Гэрээний заалтуудаас харахад ЭР-ийн энэхүү үйл ажиллагаанд ЗГ болон ЭТТ зүгээр ямар ч хяналт тавих боломжгүй байна.

6. Гэрээний 2.5 (с) заалтаар ЭР нь бүтээгдэхүүн боруулахдаа “…борлуулалтын аль ч механизм ашиглах” эрхтэй гэснийг тодорхой болгох шаардлагатай.

7. Гэрээний төмөр замын суурь бүтэц байгуулах гэсэн 2.6 дугаар зүйлд зааснаар Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ЭР нь 30 жил 100% өмчилнө. 30 жилийн дараа51%-ийг төрд үнэгүй шилжүүлж, 49% хувийг төрд худалдаж болно гэсэн нь Төмөр замын тээврийн тухай хуулийн 6.2 дахь заалттай нийцэхгүй байна.

Төмөр замын тээврийн тухай хуулийн 6.2-т “Улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой суурь бүтцийг төрийн өмчийн буюу төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн өмчлөлд байхаар, эсхүл түүний өмчлөлд ашиглалтын тодорхой хугацааны дараа шилжүүлэх нөхцөлөөр шинээр байгуулж болох бөгөөд эдгээр суурь бүтэц, төмөр замын шугамын чигийг Засгийн газар тогтооно” гэж заасан.

Хуулийн энэ заалтаар шинээр барьсан төмөр замын суурь бүтцийг ашиглалтын тодорхой хугацааны дараа төрд шилжүүлэхээр заасан нь бүрэн шилжүүлэх агуулгатай байна. Иймд ЭР нь Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг төрд 100% шилжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, төмөр замын 49 хувийг авч үлдээд төрд худалдах эрхгүй.

8. Гэрээний 2.7 (а) болон (b) заалтаар ЭР нь төслийн хүрээнд байгуулах эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах байгууламж болон ус хангамжийн дэд бүтэц, байгууламжийг барьж өмчлөхөөр заасан байна. Эдгээр нь энэ гэрээний хүрээнд бус тусдаа Концессийн хуулийн дагуу дахин тусдаа яригдах Засгийн газрын шийдвэр гарах ёстой асуудал болно. Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлээгүй концессийн зүйлийг энэ гэрээгээр олгох нь Концессийн тухай хуулийн 6.1.2 дахь заалтыг зөрчиж байна.

9. Гэрээний 2.7 (b,c) болон 5.5 (с) заалтуудаар ЭР төслийн хүрээнд Балгасын улаан нуурыг үйлдвэрлэлийн зориулалтаар ус хангамжийн дэд бүтэц, байгууламжийг барьж, өмчилөх, тэргүүн ээлжинд ашиглах эрхтэй бөгөөд хэрэв Засгийн Газар усаар хангах тохиолдолд шаардлагад нийцсэн, хангалттай хэмжээний ус найдвартай, тасралтгүй, тогтмол нийлүүлэх үүрэг хүлээсэн байна. Газрын гүнийн усаар ЭР-г найдвартай, тогтмол, тасралтгүй хангах үүргийг Засгийн газар хүлээж чадах судалгаа, тооцоо байгаа эсэхийгнягтлах шаардлагатай. Хэрэв байгалийн нөхцөл байдлаас шалтгаалан гүнийн ус ширгэхзэргээр усаар хангаж чадахгүй болсон тохиолдолд Засгийн газар үүргээ биелүүлээгүй гэдэг хариуцлага хүлээх болно.

10. Гэрээний 3.3 дахь заалтаар ЭР нь ирээдүйд төлөх татвар болон хамтын ажиллагааны төлбөрөөс суутган тооцох нөхцөлтэй, 200 сая долларын урьдчилгааг жилийн 4,5 хувийн хүүтэйгээр ЭТТ-д өгч байна. Өөрөөр хэлбэл, урьдчилгаа 200 сая доллар нь хүүтэй, зээл байна.

11. 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн Гэрээний 3.7 (с)-ийн ( ii), (iii), (iv) болон 6.1 (f) заалтуудаар ЭР нь мөнгөн хөрөнгөө Монгол улсын нутаг дэвсгэрээс гадна эзэмших, бүтээгдэхүүний борлуулалтаас олсон бүх орлогоо гадаад улсад байршуулах, Монгол улсын нутаг дэвсгэрт хүлээн авсан бүх орлогоо гадаадад саадгүй гаргах, бусад төлбөрийг гадаадад хийх эрхтэй гэсэн заалтуудыг Засгийн газрын УИХ-д өргөн барьсан Гэрээний шинэ хувилбарт дараах хэлбэрээр өөрчлөн найруулсан байна.

Гэрээний 3.7 (с) (iii) заалт “Бүтээгдэхүүний экспорт, борлуулалт, арилжаанаас Монгол улсын нутаг, дэвсгэрт олсон орлогоо (ногдол ашиг хуваарилах зэрэг хэлбэрээр) Монгол улс болон гадаад улсад байршуулах, чөлөөтэй захиран зарцуулах, бусад төлбөрийг гадаад улсад хийх”

Гэрээний 3.7 (с) (iv) заалт “Бүтээгдэхүүн борлуулалт, арилжаа, экспортоос Монгол улсын нутаг, дэвсгэрээс гадна олсон Монгол улс болон гадаад улсад байршуулах, чөлөөтэй захиран зарцуулах”

Хэдийгээр гэрээний заалтыг уян хатан болгож өөрчилсөн ч ЭР олсон бүх орлогоо гадаад улсад байршуулах эрх нээлттэй хэвээр хадгалагдаж байна. Гол зарчим өөрчлөгдөөгүй. Эдгээр заалт нь ЭР-н Тавантолгойн ордын ашиглалтаас олж байгаа бүх орлого гадаадад байршуулахад саад болохгүй бөгөөд Монгол улсын валютын нөөцийг нэмэгдүүлэхэд болон төгрөгийн ханшийг тогтворжуулахад нөлөөлөхгүй.

12. 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн Гэрээний 3.7 (с)-ийн (v) –д Монгол улсаас гадна үйл ажиллагаа явуулж буй Гэрээлэгч, туслан гүйцэтгэгч болон Монгол улсын иргэнд төлөх төлбөрийг гадаад валютаар чөлөөтэй хийх гэж заасныг Засгийн газрын УИХ-д өргөн барьсан Гэрээний шинэчилсэн хувилбарт “Монгол улсын иргэн” гэдгийг хассан байна.

13. Гэрээний 4.1 (а) (b) заалтаар гэрээний хугацаа 30, мөн 30 жил сунгагдахаар заасан байна. Мөн гэрээний хугацааг богиносгохгүй байхаар гэрээний 4.1 (h)-д заасан байна. Энэ нь гэрээний хугацааг хамгийн багадаа л 30 жил байхаар баталгаажуулсан заалт юм.

2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн Гэрээний 4.1 (е)-д зааснаар гэрээний хугацааг оруулсан хөрөнгөө бүрэн нөхөх хугацаагаар сунгана” гэсэн заалтыг Гэрээний шинэчилсэн хувилбарт хассан байна.

Гэхдээ мөн Хөрөнгө оруулалтын гэрээний 2.2 (а) заалтаар ЭР нь нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр нэмэлт хайгуул хийнэ, мөн 4.1 (f)-д зааснаар ЭР хайгуулийн үйл ажиллагаанд оруулсан хөрөнгө оруулалтаа бүрэн нөхөх хүртэл хугацаагаар энэхүү гэрээний хугацааг сунгах асуудлыг Талууд харилцан тохиролцож шийдвэрлэнэ” гэжээ. (2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдөрийн хувилбарт энэ заалт нь хайгуулийн үйл ажиллагаанд оруулсан хөрөнгө оруулалтаа бүрэн нөхөх хүртэл хугацаагаар энэ гэрээг сунгах эрхийг ЭР эдлэх үндэслэл болно гэж байсныг Талууд харилцан тохиролцож шийдвэрлэнэ гэж уян хатан болгож өөрчилсөн байна)

Тэгвэл Хөрөнгө оруулалтын Гэрээний 2.1 (d) заалтаар ЭР нь хайгуул хийх төлөвлөгөөг гаргах, тайланг бие даан өөрийн үзэмжээр гаргах бүрэн эрхтэй байна. Хайгуулын ажил нь маш өндөр зардалтай бөгөөд түүнийг ЭР өөрийн үзэмжээр, өөртөө ашигтай хэлбэрээр гэрээнд ашиглах бүрэн боломжтой байна.

Эдгээр заалтуудаас харахад ЭР нь хайгуулийн үйл ажиллагааны зардлаа нэмж тооцож хөрөнгө оруулалтаа өсгөх, хайгуулийн үйл ажиллагаанд зарцуулсан хөрөнгө оруулалтаа үндсэн 30 жил, сунгасан 30 жил нийт 60 жилд нөхөхгүй бол түүний нөхөх хүртэл тодорхойгүй хугацаагаар гэрээний хугацааг сунгах боломжийг авч үлдэхээр оролдож байна.

Гэвч Гэрээний энэ заалт нь Хөрөнгө оруулалтын гэрээний 2.2 (d)-д заасан нэмэлт хайгуулийн ажилд зарцуулсан ЭР-н зардлыг энэхүү Гэрээний 9.2 (l)-д заасны дагуу ЭР-н татвар ногдох орлогоос хасч тооцно гэж заасантай зөрчилдөж байна.

Гэрээний 2.2 (d) заалтаар ЭР нь хайгуулийн үйл ажиллагаанд зарцуулсан зардлаа татвар ногдох орлогоос хасч тооцоод алдагдалгүй болж байна. Иймээс хайгуулийн үйл ажиллагаанд зарцуулсан хөрөнгө оруулалтыг нөхөх тухай асуудал Талуудын хооронд байхгүй.

14. Хөрөнгө оруулалтын Гэрээний 5.3 (b) болон Хамтын ажиллагааны Гэрээний 8.2 (с) заалтаар хэрэв ЭТТ нь Цанхийн ашиглалтын тусгай зөвшөөрлөө Гуравдагч этгээдэд шилжүүлэх, аливаа хэлбэрээр захиран зарцуулах бол ЭР нь өөртөө шилжүүлэн авах санал гаргах давуу эрхтэй байна.

Гэрээний энэ заалт нь Ашигт малтмалын тухай хуулийн 49.1 болон 49.3 дахь заалтуудтай зөрчилдөж байна.

Хуулийн эдгээр заалтаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь зөвхөн нэгдэж нийлэх хэлбэрээр өөрчлөн байгуулагдсан тохиолдолд шинээр бий болсон эрх, үүрэг хүлээн авагчид, түүний хараат, охин компани нь толгой компанидаа тусгай зөвшөөрлийг шилжүүлэх эсвэл уурхайгаа худалдсан тохиолдолд тусгай зөвшөөрлөө шилжүүлэх эрхтэй байна.

Худалдах үнийг зөвшилцөнө, үнэ тохиролгүй бол ОУ-ын эрх бүхий мэргэжлийн байгууллагаар үнэлүүлнэ. Тэгээд тэр үнээр ЭР худалдан авах эрхтэй болно гэжээ. Энэ заалтаас харахад ОУ-ын мэргэжлийн байгууллагын үнэлгээ тогтоож байгаа хэлбэр нь зөв боловч далд утгаараа энэ тогтоосон үнээр ЭТТ заавал, зөвхөн ЭР-д тусгай зөвшөөрлөө зарах үүрэг хүлээлгэсэн байна. Энэ нь Хамтын ажиллагааны “Гэрээний 8.2 (b) болон 8.2 (с) хэсэгт заасны дагуу төслийн компанийн тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрхийг хангахгүйгээр аливаа Гуравдагч этгээдэд Цанхийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг худалдах, шилжүүлэх, аливаа байдлаар захиран зарцуулахгүй”гэснээстодорхой харагдаж байна”

Тэгээд ч Хамтын ажиллагааны гэрээний 8.2 (d)-ийн (i) болон (ii) дах заалтуудын нөхцлөөс харахад ЭТТ нь ашиглалтын тусгай зөвшөөрлөө Гуравдагч этгээд зарах, шилжүүлэх боломжгүй байхаар зохицуулжээ. Тухайлбал, уг заалтуудад ЭТТ болон тусгай зөвшөөрөл шилжүүлэн авагч этгээдийн хооронд бичгээр байгуулсан гэрээний хуулбарыг ЭР-д хүргүүлнэ. Эрх шилжүүлэн авагч нь ЭТТ-ын энэ гэрээ болон Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан баримт бичгийг ЭР-н санал болгосон агуулга, хэлбэрээр ЭР-тай байгуулна гэжээ. ЭР нь нөгөө талдаа хүлээн зөвшөөрөх аргагүй нөхцөл, болзол бүхий баримт бичгийг зориуд санал болгоход л энэ хэлцэл биелэгдэхгүй.

Иймд энэ давуу эрхтэй холбоотой заалтыг Гэрээнээс хасах нь зүйтэй.

15. Энэхүү Гэрээний 6.1 (о) заалтаар ЭР нь энэхүү Гэрээгээр олгогдсон эрх, үр шимийг Санхүүжүүлэгчид барьцаалах эсвэл шилжүүлэх эрхтэй” гэжээ. (Энэ заалтанд найруулыг өөрчлөлт орж, ашиг, сонирхол болон Хөрөнгө оруулагч гэдгийг хассан байна)

Гэсэн хэдий ч Хамтран ажиллах Гэрээний 8.1 (b)-дЭР болон Хөрөнгө оруулагчид нь хөрөнгө босгох зорилгоор энэ гэрээний дагуу олгогдсон эрх, ашиг сонирхол, үр ашгаа Хөрөнгө оруулагчид эсхүл Санхүүжүүлэгчид барьцаалах замаар шилжүүлэх эрхтэй” гэсэн байна.

Мөн энэхүү Хөрөнгө оруулалтын Гэрээний 8.3 (b)-д Хөрөнгө оруулагчид болон ЭР нь энэхүү Гэрээний дагуу эдлэх эрх болон үр шим, Цанхийн талбайгаас олборлосон, боловсруулсан бүтээгдэхүүн, нүүрс боловсруулах үйлдвэр, ус, эрчим хүч хангах дэд бүтэц, бусад барилга байгууламж, барилгын ажил, төслийн бусад эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, ашиг сонирхлын хувьд барьцааны сонирхол үүсгэх эрхтэй гэжээ.

Гэрээний 8.4 (с)-ийн (i), (ii) болон (d)-н (i) , (iv), (vi), 8.5 (а),14.1 (а) заалтуудаар дээрхи заалтуудыг баталгаажуулсан байна.

Эдгээр нь Гэрээний хамгийн ноцтой заалтууд болно. Ялангуяа Гэрээний 8.4 (с)-ийн (ii) d)-н (vi) заалтуудаар ЭР нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол санхүүжүүлэгчид нь төсөл болон ЭР-г, гэрээний удирдлагыг нэн даруй өөртөө эсвэл Гэрээний зүйлийг бусдад шилжүүлэх, ЭР-г өөр Гуравдагч этгээдээр сольж, эрх, үүргийг нь тухайн этгээдэд шилжүүлэн хэрэгжүүлэх эрхтэй” гэжээ. Мөн 8.4 (d) заалтаар Санхүүжүүлэгчийн хүсэлтээр энэ нөхцөл байдлыг Засгийн газар дэмжиж шууд гэрээ байгуулна гэжээ. Энэ үйл ажиллагаанд Засгийн газар шаардлагатай бол эрх бүхий байгууллагуудтай хамтарна гэсэн байна.

Монголын тал үүнд хяналт тавих ямар ч боломжгүй. Учир нь Хамтын ажиллагааны гэрээний “Угтвар нөхцөл” хэсгийн D хэсэг, гэрээний 1.1 (а) , (b)болон 6.1 (d) заалтуудаар ЭТТ нь Цанхийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүх эрх болон зарим тодорхой үүрэг, хайгуулын болон уул уурхайн бүрэн үйл ажиллагаатай холбоотой бүх эрхээ болон газар эзэмших эрхээ ЭР-д энэ гэрээний нийт хугацаагаар (гэрээний үндсэн хугацаа 30 жил, сунгалт 30 жил) шилжүүлж байна.

ЭР нь ТТ ордыг ашиглах ТЭЗҮ-д нэмэлт, өөрчлөлт хийх, уурхайн нарийвчилсан төлөвлөгөө, бүтээн байгуулалтын хөтөлбөр, уул уурхайн үйл ажиллагааны болон барилга угсралтын зардлыг тодорхойлох, хөрөнгө оруулалтын болзол нөхцлийг тогтоох (Хамтын ажиллагааны гэрээний 5.1 (n) заалт) болон Тавантолгойн ордоос боловсруулсан бүтээгдэхүүн болон олборлосон нүүрсээ экспортлох, худалдах, тээвэрлэх, худалдах, маркетинг хийх бүх ажиллагааг бие даан зохион байгуулах эрхтэй гэжээ. (Хамтын ажиллагааны Гэрээний 5.1 (d) заалт)

Мөн Хөрөнгө оруулалтын гэрээгээр төслийн бүтээн байгуулалтын төлөвлөгөө болон барилгын ажлын хөтөлбөр (Гэрээний 4.2 (а) заалт), Хөрөнгө оруулалт хийх хуваарь тогтоох, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах эрх ЭР-т байна. (Гэрээний 4.3 (а) болон 4.3 (с) заалтууд)

Мөн ЭР нь Цанхийн талбайгаас аль ч жилд олборлох, боловсруулах бүтээгдэхүүний тоо хэмжээ болон бүтээгдэхүүн нийлүүлэх зах зээлийг сонгох, нүүрс боловсруулах зардал, үнэлгээг тодорхойлох, борлуулах, бүтээгдэхүүний тоо хэмжээ, худалдах үнийг тогтоох, тээврийн давтамж, тээвэрлэлтийн хэлцэл болон арилжааны бусад нөхцлийг тодорхойлох зэрэг бүтээгдэхүүний борлуулалттай холбоотой шийдвэрийг дангаараа бие даан тодорхойлж, бие даан ажиллах эрхтэй гэжээ. (Хөрөнгө оруулалтын гэрээ 2.4 (b) болон 2.5 (b) заалт)

Мөн ЭР нь Тавантолгойн ордод нүүрс олборлох, боловсруулах, түүнийг захиран зарцуулах, тээвэрлэх, экспортод гаргах, нүүрс худалдах, борлуулах, маркетинг хийх, санхүүжилт босгох, хөрөнгө оруулалт хийх, барьцааны сонирхол үүсгэх, төмөр зам барих, төмөр замын тээвэр хийх, нэмэлт хайгуул хийх, тогтоосон нөөцийг ашиглах, олборлох болон дагалдах дэд бүтэц барих үйл ажиллагаа явуулахаар заажээ. (Хөрөнгө оруулалтын Гэрээний 2.1 (b) , 2.2 (а, с) заалт)

Гэрээнд зааснаар ЭР нь нарийвчилсан уулын ажлын төлөвлөгөө, уул уурхайн үйл ажиллагааны зардал, хөрөнгө оруулалт нөхцлийг тодорхойлж байна. (Хөрөнгө оруулалтын Гэрээний 2.1 (с) заалт). Мөн уул уурхайн үйл ажиллагааны хүрээг тодорхойлох, тооцоолол, уурхай хөгжүүлэх, хайгуул хийх төлөвлөгөө гаргах, тайланг бие даан өөрийн үзэмжээр гаргах, төслийн бусад үйл ажиллагаатай холбоотой шийдвэрийг бүрэн эрхтэй байхаар заажээ. (Хөрөнгө оруулалтын Гэрээний 2.1 (d) заалт)

Иймд Тавантолгойн орд дээр нийтдээ 30 жил (сунгалт 30 жил) үргэлжлэх бодит боломж бүхий гэрээгээр авсан дээр дурьдсан бүх эрх, ашиг сонирхлоо ЭР нь Нэгд, Хөрөнгө оруулагч нар, Хоёрт, Санхүүжүүлэгч нарт барьцаалан шилжүүлэх эрхтэй болж байна.

Гэрээнд зааснаар Хөрөнгө оруулагч нь Люксембургийн “Монголиан Коал корпораци”-ийн 100 хувийн охин компани болох “Энержи Ресурс Корпораци”болон Хятадын төрийн өмчит “Шенхуа” юм.

Гэрээний 30.1 (g)-д зааснаар Санхүүжүүлэгч гэдэг нь ЭР-т зээл олгож байгаа БНХАУ болон Япон улсын эскпортын зээлийн агентлагууд, хөгжлийн банкууд, арилжааны банкууд болон олон талт санхүүгийн байгууллага зэрэг олон улсын хөрөнгө оруулагч эсвэл банк, санхүүгийн байгууллагыг ойлгоно гэж тодорхойлсон байна.

Гэрээний 8.4 (d)-ийн (vi)-д зааснаар Санхүүжүүлэгч нь ЭР-ийг Гуравдагч компаниар сольж, эрх үүргийг нь тухайн компанид шилжүүлэх эрхтэй байна. Үүнээс харахад эхнээсээ Гэрээнд ингэж барьцаалан шилжүүлэх эрх олгосон заалт хийж байгаа нь ЭР нь цаашдаа ийм үйл ажиллагаа хийх зорилготой гэж бөгөөд ийм аргаар Тавантолгойн ордыг бусдад шилжүүлэхээр төлөвлөжээ гэж үзэж байна. Учир нь Хөрөнгө оруулагч, Санхүүжүүлэгчийн өмнө хүлээсэн үүргээ ЭР нь санаатай буюу санаандгүй биелүүлэхгүй байхад л энэ гэрээгээр олж авсан ЭР-н бүх эрх,ашиг сонирхол, эд хөрөнгө Санхүүжүүлэгчид шилжих нөхцөл бүрдэж байна.

Гэтэл Тавантолгойн ордыг хууль ёсны эзэмшигч болох төрийн өмчит ЭТТ компанид аливаа барьцааны эрх байхыг Хамтын ажиллагааны Гэрээний 8.2 (b) болон Хөрөнгө оруулалтын гэрээний 5.3 (а) заалтаар хориглосон байна. Товчхондоо Гэрээгээр Тавантолгойн ордтой холбоотой бүх эрх, ашиг сонирхол, эд хөрөнгийг ЭР барьцаалан бусдад шилжүүлж болно, төрийн өмчит ЭТТ-д тийм эрх байхгүй байхаар зохицуулалт хийжээ.

16. 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн 14.1-д гадаадын хөрөнгө оруулагч нь Гэрээний эрх үүргээ “Шенхуа Групп Корпораци Лимитед” компанид (Шенхуа компанийн өөр нэг бүтэц) шилжүүлэх эсвэл бусад байдлаар захиран зарцуулах эрхтэй гэж заасныг Засгийн газраас өргөн барьсан Гэрээний шинэчилсэн төсөлд дараахь хэлбэрээр өөрчлөн найруулсан байна. Үүнд, “Төслийн компани нь (ЭР) (i) өөрийн хамааралтай этгээдэд Гэрээний дагуух эрх, үүрэг, тусгай зөвшөөрлөө бүхэлд нь болон хэсэгчлэн шилжүүлэх, захиран зарцуулах, эсвэл (ii) энэхүү гэрээний 6.1 (о) эсвэл 8.5 хэсэгт заасан журмаар өөрийн эрх, ашиг сонирхлоо Санхүүжүүлэгчид барьцаалуулах, шилжүүлэхээс бусад тохиолдолд Энэхүү гэрээгээр хүлээсэн эрх үүргээ Засгийн газрын урьдчилан олгосон зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлж, захиран зарцуулахыг хориглоно” гэжээ.

Өмнөх болон Гэрээний шинэчилсэн заалтын хувьд зарчмийн өөрчлөлтгүй. Харин ч ЭР нь Засгийн газарт мэдэгдэж зөвшөөрөл авахгүйгээр эрх, ашиг сонирхлоо хамааралтай этгээд болон Санхүүжүүлэгчид шилжүүлэх эрхээ баталгаажуулсан заалт болжээ.

Үүнээс харахад Гэрээний 14.1 дэх заалт нь энэ боломжийг урьдчилан нээж бэлтгэсэн зорилго бүхий заалт гэж дүгнэж байна.

17. Гэрээний 7.3 (е) заалтаар “ЭТТ нь ЭР-аас бичгээр авсан урьдчилан авсан зөвшөөрөлгүйгээр Цанхийн ашиглалтын тусгай зөвшөөрөл, түүнд хамаарах газартай холбоотой эрхэд барьцаа үүсгэх, баталгаа, батлан даалт, бусдад шилжүүлэх амлалт өгөхийг хориглоно” гэжээ. Мөн Гэрээний 14.2 (а) заалтаар ЭТТ ньЭР-аас бичгээр урьдчилан авсан зөвшөөрөлгүйгээр аливаа гуравдагч этгээдэд энэ Гэрээний дагуу хүлээсэн эрх, үүргээ бүхэлд нь эсвэл хэсэгчлэн шилжүүлж аливаа байдлаар захиран зарцуулахгүй” гэжээ.

Мөн Талуудын Хамтын ажиллагааны Гэрээний 8 дугаар зүйлийн 8.1 (а)-д ЭР нь ЭТТ-д бичгээр урьдчилан мэдэгдэхгүйгээр энэ гэрээний дагуу хүлээсэн эрх, үүргээ аливаа гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй” гэжээ.

Гэрээний энэ заалтууд Талуудын эрх тэгш байх зарчмийг хангаагүй байна. ЭР нь ЭТТ-д бичгээр мэдэгдээд л эрх, үүргээ Гуравдагч талд шилжүүлэх боломжоо энэ заалтаар авч үлдсэн байна. Гэтэл ЭТТ нь эрх үүргээ Гуравдагч талд шилжүүлэхдээ заавал ЭР-ийн бичгээр өгсөн зөвшөөрлийг авах болж байна. ЭР нь бичгээр зөвшөөрөл өгөхгүй байхад л ЭТТ-н энэ эрхийг бүрэн хааж чадаж байна. Зүй нь Гэрээний Талууд яг ижил заалтаар үүрэг хүлээх ёстой. Өөрөөр хэлбэл, ЭР ч гэсэн ЭТТ-ын бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр эрх, үүргээ Гуравдагч талд шилжүүлэх эрхгүй байхаар заалтыг өөрчлөх хэрэгтэй.

18. Гэрээний 7.3 (f)-д ЭТТ нь гэрээний хугацаанд ЭР-ийн бизнес, үйлажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй гэж заасан нь талуудын хамтын ажиллагааг 30 жилийн (сунгалт 30 жил) хугацаанд хаасан байна.(2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн Гэрээний төсөлд байсан “Аливаа хэлбэр” гэдгийг хассан байна)

Энэ заалтыг зөвшөөрөх боломжгүй. ЭТТ нь Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд Ашигт малтмалтын тухай хуулийн 27 дугаар зүйл, 6 дугаар бүлэгтзаасан үүргийг хэрэгжүүлэхийн тулд ЭР-н үйл ажиллагаанд хуулийн дагуу зайлшгүй оролцоо үүснэ.

Тэгээд ч Төсөл үргэлжлэх 60 жилийн хугацаанд хамтран ажиллаж байгаа түншүүдийн хооронд бизнесийн шийдэл бүхий олон асуудал гарч болно. Мөн ЭР нь ЭТТ-н эзэмшлийн орд газрыг ашиглаж бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа тул хамтын бизнесийг үр өгөөжтэй байлгах талаар хамтран ажиллах нь зүй ёсны асуудал.

19. Энэхүү Гэрээний 9.1 (b)-д зааснаар“Ухаа худаг” орд дээр ажиллаж байгаа ЭР-н охин компаниуд “Энержи Ресурс Майнинг” ХХК, “Энержи Ресурс Рэйл” ХХК, “Энростехнологи” ХХК, “Юнайтэд Повер” ХХК, “Ухаа Худаг ус хангамж” ХХК, “Трансговь” ХХК, бүгд татварын тогтворжуулалтанд хамаарч байна.

Тавантолгойн ордыг ашиглах гэрээнд ЭР-н Ухаа худаг ордыг ашиглаж байгаа охин компаниуд хамаарах боломжгүй. Ухаа худаг орд нь тусдаа үйл ажиллагаагаа явуулах ёстой.Ухаа худгийг эзэмшигч ЭР болон түүний охин компаниуд нь тухайн ордыг ашиглах талаар Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж татварын тогтворжуулалтанд хамаарах хүсэлтээ тусад нь гаргаж болно.

20. Мөн Гэрээний 10. 1 (b) болон Хамтын ажиллагааны Гэрээний 5.1 (е) болон 6.1 (i) заалтуудад ЭР нь Цанхийн талбайгаас олборлосон, боловсруулсан нүүрсийг өмчлөх эрхтэй байхаар заажээ. ЭР-т ийм эрх эдлэх хуулийн боломж байхгүй.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь заалтанд “газрын хэвлий, түүний баялаг төрийн өмч мөн” гэж заасан. Ашигт малтмалын тухай хуулийн 5.1-д “Монгол улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн” гэж Үндсэн хуулийн заалтыг илүү тодруулан заасан байна.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 5.2 дахь заалтаар төр өмчлөгчийн хувьд энэ хуулинд заасан нөхцөл, шаардлага журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй гэж заасны дагуу ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл авсан ЭТТ-дашиглах эрх хадгалагдана.

21. Гэрээний 12.3 (а), (b), 12.4 (а)-д зааснаар ЭР нь худалдааны хамтарсан компани байгуулж, бүтээгдэхүүний 75 хувийг БНХАУ-д, 25 хувийг Худалдааны компаниар дамжуулан гуравдагч зах зээлд зарна. Энэ худалдааны компанийн 30 хувийг консорциумын гишүүн Японы түнш эзэмшинэ гэжээ. Энэ заалтаас харахад Японы түнш болох Сумитомо корпораци нь Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах төслийн компани буюу ЭР-н хөрөнгө оруулагч биш, зөвхөн худалдааны түнш гэдэг нь батлагдаж байна.

22. Гэрээний 14.3 (b) заалтаар хэрэв Засгийн газар нь ЭТТ-д эзэмшиж буй хувьцаагаа шилжүүлэх, захиран зарцуулах тохиолдолд Хөрөнгө оруулагчдад тэргүүн ээлжинд санал болгохоор заажээ. Энэ заалтаар ЭР-т биш, Хөрөнгө оруулагч гэж тусгайлан зааснаар ЭР-н хөрөнгө оруулагч болох “Энержи Ресурс корпораци” (ЭРК), “Чайна Шенхуа Энержи компани” лимитед (ЧШЭК) компаниуд тэргүүн ээлжинд хувьцааг худалдаж авах давуу эрхтэй болж байна.

Засгийн газар ийм үүрэг хуулийн шаардлага байхгүй бөгөөд хэрэв тийм үүрэг хүлээх тохиолдолд ЭТТ компанийн 20 хувийг тус бүр 1072хувьцаагаар дамжуулан эзэмшиж байгаа Монгол улсын иргэдэд энэ давуу эрхийг үлдээх нь зүйтэй.

23. Гэрээний 21.1 (е) болон 21.2 дахь заалтаар Засгийн газар болон ЭТТ нь энэхүү Гэрээ Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн байгуулсан ба Монгол Улсын хууль, тогтоомжийг зөрчөөгүй гэдгээ, мөн эдгээр мэдэгдэл, баталгааг хэрэгжүүлэх боломжтойг баталж байна гэж мэдэгдэл, баталгаа гаргажээ.

Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөл 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Тавантолгойн асуудлаар хуралдаж, Тавантолгойн гэрээг Хөрөнгө оруулалтын тухай хууль болон Монгол Улсын холбогдох бусад хууль, тогтоомжинд нийцүүлэн байгуулах, Тавантолгойн ордыг ашиглах асуудлаар өмнө нь гарсан Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол шийдвэрийн уялдааг сайжруулах, Монгол Улсын иргэдэд олгосон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулж, хувьцааны ногдол ашиг хүртэх боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авах үүрэг Засгийн газар өгсөн 04/03 дугаартай зөвлөмж гаргасан.

Энэ зөвлөмжийн хэрэгжилтийг Засгийн газар хангаагүй байна. (Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2015 оны 04/03 дугаар зөвлөмжийг хавсаргав)

Засгийн газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Засгийн газар… Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх арга хэмжээ авч, энэ тухай Ерөнхийлөгчид мэдээлж байна” гэснийг дагуу Засгийн газар нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг биелүүлэх үүрэгтэй.

Мөн Улсын Их Хурлын Өргөдлийн Байнгын хороо 2015 оны 2 сарын 18-ны өдөр хуралдаж, 05 дугаар тогтоол гаргаж,ЭТТ компанийн 20 орчим хувийг эзэмшиж байгаа Монгол улсын иргэдийн (1072 ширхэг хувьцаатай иргэд) эрх ашгийг хуулийн дагуу хангах талаар Тавантолгойн ордыг ашиглах гэрээнд тусгайлан бие даасан бүлэг оруулах үүргийг Засгийн газарт өгсөн. Өргөдлийн Байнгын хорооноос өгсөн энэ үүргийг Засгийн газар биелүүлээгүй байна. (Өргөдлийн Байнгын хорооны 2015 оны 05 дугаар тогтоолыг хавсаргав)

Иймд Гэрээг одоо байгаа хэлбэрээр байгуулбал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны 35/32 болон2015 оны 04/03 дугаар зөвлөмж, Засгийн газрын 2012-1016 онд хэрэгжүүлэх Үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын2012 оны 121 тогтоол (Энэ тогтоолоор Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг төрийн өмчит “МТЗ” компанид олгосон) зэрэг шийдвэрүүд зөрчигдөж байна. (Энд дурьдагдсан шийдвэрүүдийг хавсаргав)

Төрийн эрх бүхий байгууллагын дээр дурьдсан шийдвэрүүд зөрчигдөнө гэдгийг Засгийн газар болон ЭТТ нь мэдсээр байж Хөрөнгө оруулагч нарт худал буюу төөрөгдүүлсэн баталгаа гаргасан хариуцлагыг хүлээх болно. (Гэрээний 24.4 (b) заалт)

Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолын дагуу Засгийн газар Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх ёстой. (УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолыг хавсаргав)

24. Гэрээний 21.1 (f)-д зааснаар ЭТТ болон “МТЗ”-ын үйлдэл болон эс үйлдлийн төлөө Засгийн газар тэдгээртэй хамтран болон дангаараа хариуцлага хүлээнэ гэж заасан байна.

Засгийн газар ийм үүрэг авч болохгүй, ЭТТ болон “МТЗ” нь Иргэний хууль болон Компанийн тухай хуулийн дагуу эрх зүйн чадамжтай хуулийн этгээдүүд бөгөөд бие дааж хариуцлага хүлээх ёстой.

Тэгээд ч Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг Консорциумд шилжүүлэх нь хууль бус бөгөөд зөвшөөрөхгүй гэдгээ “МТЗ”-ийн Гүйцэтгэх захирал Д. Ганбат урьдчилан албан ёсоор 2015 оны 4 сарын 3-ны өдөр 01/281 албан тоотоор Засгийн газар болон холбогдох төрийн өндөр албан тушаалтануудад мэдэгдсэн тул “МТЗ” компани ирээдүйд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.

25. Гэрээний 22 (b)-д зааснаар зөвхөн ЭР болон Хөрөнгө оруулагчид л Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах санал гаргах эрхтэй заалт байна. ЭТТ гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах санал гаргах эрхгүй байхаар зохицуулжээ. Энэ санаа нь Гэрээний 7.2 (е) “Засгийн газаргэрээний хугацаанд… нэмэлт нөхцөл тулгахгүй” гэж зааснаас тодорхой байна. Гэтэл Гэрээний үндсэн үндсэн хугацаа 30 жил, сунгалт 30 жил байгаа. Энэ хугацаанд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах санал гаргах эрх Монголын талд байхгүй байхаар хэт нэг талын ашиг сонирхлыг хамгаалсан байна. Монголын тал хэрхэвч хүлээн зөвшөөрөх боломжгүй заалт.

26. Гэрээний 26.1 (d)-н (vi) болон (g)-н(ii) заалтаар маргаан гарвал Арбитрийн журмаар Лондонд шийдэгдэнэ. Арбитрт хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой Засгийн газар өөртөө буюу түүний хөрөнгийн хувьд аль нэг харьяалалын дагуу одоо байгаа эсвэл ирээдүйд үүсч болох халдашгүй дархан эрхээсээ татгалзаж байна гэжээ.

“Улс болон гадаад улсын иргэний хооронд хөрөнгө оруулалтын маргааныг шийдвэрлэх тухай” 1965 оны олон улсын конвенц /цаашид “Конвенц” гэх/-д Монгол Улс 1996 онд нэгдэн орсон байдаг.

Гэтэл дээр дурьдсанчлан “Засгийн газар буюу түүний нэрийн өмнөөс өөрийн бүрэн эрх, халдашгүй байдлаа ашиглан өөрийгөө болон хөрөнгөө тухайн Маргаан шийдвэрлэх ажиллагаанаас чөлөөлүүлэх хүсэлт, шаардлага гаргахгүй байх, маргаантай холбоотойгоор одоо байгаа эсвэл ирээдүйд үүсч болох халдашгүй дархан эрхээсээ татгалзах” зэрэг шаардлагыг Конвенцид заагаагүй, өөрөөр хэлбэл уг Конвенцид нэгдэн орсон улсууд тийнхүү өөрийн дархан эрхээсээ татгалзах үүрэг хүлээгээгүй байна.

Эдгээрээс үзвэл Монгол Улсын Засгийн газар Гэрээ болон гэрээтэй холбогдолтой хэлцэл, тохиролцооноос үүдэн гарах Монгол Улсын Засгийн газар болон түүний хөрөнгийн эсрэг аливаа маргаан үүсэхэд Засгийн газар одоогийн болон ирээдүйд үүсэх халдашгүй дархан эрхээсээ татгалзах нь Конвенцийн дагуу заавал хүлээх үүрэг биш байна.

27. Гэрээний 27-д зааснаар Гэрээг англи, монгол хэл дээр байгуулж байгаа бөгөөд зөрүү гарвал англи эхийг давуу хүчинтэйд тооцож баримтлана гэжээ. Энэ гэрээний англи, монгол хувийг албан ёсны орчуулгыг Гадаад хэргийн яам заавал хийж хянах ёстой.Ажлын төвшинд гэрээний орчуулгыг албан ёсны гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй.

2010 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Үндэсний аюулгүй байдлын хуралдааны 24/11 дүгээр тэмдэглэлд Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчдыг сонгон шалгаруулах баримт бичиг, гэрээний төсөл болон холбогдох бусад баримт бичгийг монгол, англи хоёр хэлээр алдаа мадаггүй боловсруулах” гэснийг анхаарч мөрдөх ёстой. Гэрээний монгол хувилбар нь англи хувилбарын орчуулга байна. Үүнээс харахад гэрээний эх хувилбар англи хэл дээр боловсруулагдаж, монгол хэл рүү оруулагдаж байна.

28. Гэрээний 29.1 (с) заалтаар Гэрээ хүчин төгөлдөр бус болсон бол Төмөр замын концессийн гэрээ хүчин төгөлдөр үлдэнэ гэж заасан байна. Гэтэл Гэрээний 4.1 (b) заалтын дагуу Төмөр замын концессийн гэрээ байгуулагдах нь энэхүү Гэрээний хүчин төгөлдөр болох гол нөхцлийн нэг болж байна. Иймд гэрээний нэгдмэл байдлаар авч үзэж хамтад нь хүчин төгөлдөр бус болох зохицуулалт хийх шаардлагатай.

29. Гэрээний “Нууцлал” гэсэн 29.3 дугаар зүйл яагаад зөвхөн Хонконгийн болон Шанхайн хөрөнгийн биржийг дурьдсан болохыг тодруулах, Энэ Гэрээний үргэлжлэх хугацаанд Лондон, Нью Йорк, Токио, Торонто гэх мэт Олон улсын нэр хүндтэй биржүүд хамрагдах уу? Монгол Улсын Гуравдагч хөршийн бодлоготой холбоотойгоор энэ асуулт тавигдаж байгаа болно.

30. Гэрээний 24.2 дахь хэсэгт Засгийн газрын зүгээс уг гэрээг цуцлах үндэслэлийг гагцхүү ЭР-н гэрээний үүргийн биелэлтээр хязгаарласан нь Хөрөнгө оруулагчийн зүгээс хөрөнгө оруулалтаа зохих ёсоор хийгээгүй тохиолдолд Засгийн газрын зүгээс гэрээг цуцлах эрхгүй болгожээ. Гэтэл ЭР нь хөрөнгө оруулалтад шийдвэрлэх нөлөө байхгүй гагцхүүХөрөнгө оруулагчийн хувьд л энэ асуудлыг хариуцах боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл, ЭР-т хөрөнгө оруулалт хийх Хөрөнгө оруулагчийн хүлээх үүрэг, үүргээ биелүүлээгүйгээс үүсэх хариуцлага тусгагдаагүй байна.

31. Гэрээний 21.1 (d) хэсэгт “Засгийн газар энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүднээс шүүх, арбитрын шийдвэрийг бүрэн биелүүлэхээ үүгээр баталж байгаа ба үүний эсрэг ямар нэг үндэслэлээр өөрийгөө хамгаалах арга хэмжээ авахгүй”байх мэдэгдэл, баталгааг гаргаж, үүрэг хүлээжээ. Гэвч энэ нь шүүх, арбитрт “зөрчигдсөн эрхээ хамгаалах”, “хариу тайлбар өгөх” зэрэг аливаа шүүн таслах ажиллагаанд оролцогчийн хувьд эдлэх ёстой эрхээсээ Засгийн газар татгалзсан, ямар ч шийдвэрийг хүлээн зөвшөөрөх байдалд хүргэх заалт болжээ.

Түүнчлэн энэ нь Монгол улсын нэгдэн орсон “Арбитрын үийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэх тухай” Нью-Йоркийн 1958 оны конвенцийн зүйл заалттай зөрчилдөж байна. Тухайлбал, дараахь үндэслэлээр гадаадын арбитрын шийдвэрийг Монгол улс хүлээн зөвшөөрч, биелүүлэхгүй байх эрхтэй. Үүнд:

-тухайн орны хууль тогтоомжоор уг мар­гааны объект нь арбитрын хэрэг хянан шийд­вэрлэх ажиллагааны зүйл байж болохгүй бол;

– арбитрын тухайн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэх явдал нь тухайн орны нийтийн ашиг сонирхолд /public policy/-д харшилж байвал.

32. Гэрээний 23.2-т зааснаар Талуудын зөрчил арилгах хугацаа Засгийн газрын хувьд 6 сар, ЭР-н хувьд2 жил байгаа нь хэт ялгавартай, эрх тэгш байх зарчмийг алдагдуулж байна.Зөрчил арилга хугацаа Талуудын хувьд ижил байх ёстой.

Гурав. Төмөр замын суурь бүтэц “барих-ашиглах-өмчлөх-шилжүүлэх” концессийн гэрээний тухай

Энэхүү “Төмөр замын суурь бүтэц барих-ашиглах-өмчлөх-шилжүүлэх концессийн гэрээ”-г (цаашид Концессийн гэрээ гэнэ)

Монгол Улсын Засгийн газар болон,

Люксембургийн “Монголиан Коал корпораци”-ийн 100 хувийн охин компани “Энержи Ресурс Корпораци” (цаашид ЭРК гэнэ) болон,

“Энержи Ресурс Корпораци”-ийн 100 хувийн охин компани болох “Энержи Ресурс Рэйл” ХХК (цаашид ЭРР гэнэ) болон

Хятад улсын төрийн өмчит “Чайна Шенхуа Энержи компани” лимитед (цаашид Шенхуа гэнэ) компаниуд байгуулахаар төсөл бэлтгэсэн байна.

Мөн Хөрөнгө оруулалтын гэрээний Гэрээний 10.4-т зааснаар ЭР нь Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг өмчлөхөөр бөгөөд тусГэрээний Хавсралт 4-т газартай холбоотой эрхийг тусгайлан зохицуулсан байна. Энд зааснаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын концессын газрыг 60 жилийн хугацаатай, сунгах нөхцөлтэйгээролгож байна.

Тавантолгойн ордыг ашиглах уралдаант шалгаруулалтын нэг обьект нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам болж хэлэлцээр хийгдэж байна. Гэтэл энэ чиглэлийн төмөр замыг Монгол Улсын төрийн өмчит “МТЗ” ХК эзэмшиж байна.

Төмөр замын тээврийн тухай хуулийн 6.2-т “Улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой суурь бүтцийг төрийн өмчийн буюу төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн өмчлөлд байхаар, эсхүл түүний өмчлөлд ашиглалтын тодорхой хугацааны дараа шилжүүлэх нөхцөлөөр шинээр байгуулж болох бөгөөд эдгээр суурь бүтэц, төмөр замын шугамын чигийг Засгийн газар тогтооно” гэж заасан.

Хуулийн энэ заалтаар улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой төмөр замын суурь бүтцийн өмчлөл нь төрийн өмчит буюу төрийн өмч давамгайлсан компанид байхаар, бусад этгээд шинээр бариад, тодорхой хугацааны дараа шилжүүлэх нөхцөлтэй ашиглах гэсэн 2 хувилбартай байна.

Төмөр замын тээврийн тухай хуулийн энэ заалтыг үндэслэн Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн 2011 онд 35/32 дугаар Зөвлөмж гаргажээ. (Зөвлөмжийн хуулбарыг хавсаргав)

Зөвлөмжийн 1-д “УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д шинээр барихаар заасан төмөр замын суурь бүтцийн концессыг төрийн өмчит, эсхүл төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдэд Концессийн хуулийн 17.1.1-д заасны журмын дагуу олгох” гэжээ.Концессийн тухай хуулийн 17.1. Дор дурдсан тохиолдолд шууд гэрээ байгуулах аргаар концессыг олгож болно: 17.1.1 “уралдаант шалгаруулалт явуулах нь үндэсний аюулгүй байдалд харшилна гэж үзсэн” гэжээ.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн энэхүү Зөвлөмжийн дагуу Засгийн газар 2012 онд 121 дүгээр тогтоол гаргаж2 дахь үе шатанд баригдах/Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ороод/ төмөр замынсуурь бүтцийг улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой суурь бүтэц гэж үзэж, тусгай зөвшөөрлийг “МТЗ” ХК-д олгожээ. (Засгийн газрын 2012 оны 121 дүгээр тогтоолыг хавсаргав)

Өөрөөр хэлбэл, Монгол Улсад шинээр баригдах төмөр замын суурь бүтцийг уралдаант шалгаруулалтаар олгох нь үндэсний аюулгүй байдалд харшилна гэж үзэж Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл үзэж зөвлөмж гаргасан бөгөөд түүнийг үндэслэн Засгийн газар шинээр төмөр зам барих тусгай зөвшөөрлийг төрийн өмчит “МТЗ” ХК-д олгосон байна.

Гэтэл одоо М. Энхсайхан сайд Тавантолгойг ашиглах уралдаант шалгаруулалтын нэг хэсэг болгож, гадаадын хөрөнгө оруулалттай компанид шилжүүлэхээр хэлэлцээр хийж байгаа нь Үндэсний аюулгүй байдлын 2011 оны 35/32 дугаар зөвлөмж, Засгийн газрын 2012 оны 121 дүгээр тогтоолыг зөрчиж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга Д. Дэмбэрэл, Ерөнхий сайд С. Батболд нарын санал нэгтэйгээр батлан гаргасан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны 35/32 Зөвлөмж өнөөдөр хүчин төгөлдөр байна.

Мөн 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөл Тавантолгойн асуудлаар хуралдаж Тавантолгойн гэрээг Хөрөнгө оруулалтын тухай хууль болон Монгол Улсын холбогдох бусад хууль, тогтоомжинд нийцүүлэн байгуулах, Тавантолгойн ордыг ашиглах асуудлаар өмнө нь гарсан Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол шийдвэрийн уялдааг сайжруулах үүрэг өгсөн.

Засгийн газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Засгийн газар… Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх арга хэмжээ авч, энэ тухай Ерөнхийлөгчид мэдээлж байна” гэснийг дагуу Засгийн газар нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг биелүүлэх үүрэгтэй.

Иймд Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг төрийн өмчит “МТЗ” ХК-аас шилжүүлэн авч бусад хуулийн этгээдэд шилжүүлсэн гэрээг Засгийн газар байгуулах эрх зүйн боломжгүй байна. Мөн энэ чиглэлийн төмөр замын тусгай зөвшөөрлийг “МТЗ” ХК-д олгосон Засгийн газрын 2012 оны 121 дүгээр тогтоол өнөөдөр хүчин төгөлдөр хэвээр байна.

“МТЗ” ХК-ийн Гүйцэтгэх захирал Д. Ганбат 2015 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 01/281 албан тоотоор энэ тухай Монгол Улсын Сайд М. Энхсайхан болон УИХ, Засгийн газрын холбогдох албан тушаалтанд мэдэгдсэн байна. (“МТЗ” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2015 оны 01/281 дугаар албан тоотыг хавсаргав)

Дөрөв. Хөрөнгө оруулалтын тухай

Хөрөнгө оруулалтын Гэрээний 2.8 (а)-д зааснаар Төсөлд оруулах Хөрөнгө оруулалтыг ойролцоогоор 4 тэрбум гэсэн бөгөөд энэ хөрөнгө оруулалтанд одоо ЭР-ийн Ухаа худгийн уурхайд оруулсан байгаа хөрөнгө оруулалтыг багтааж тооцохоор заажээ.

ЭР-ийн Ухаа худаг ордод оруулсан хөрөнгө оруулалтыг 1 тэрбум долларт тооцож байна. Энэ тухай М. Энхсайхан сайдын Ардчилсан намын бүлгийн асуулгад хариу өгсөн 2015 оны 1 сарын 26-ны өдрийн ЗГ-3/ 54 албан тоотод “… консорциумаас тус төсөлд нийт 4 тэрбум ам. долларын хийх саналыг ирүүлсэн бөгөөд 1 тэрбум ам. доллар нь “Энержи Ресурс” ХХК-ийн Ухаа худаг аж үйлдвэрийн цогцолборт оруулсан бодит хөрөнгө оруулалт байх ба нэмж 3 хүртэл тэрбум америк долларын хөрөнгө оруулалт оруулна” гэж тодорхой бичсэн байна.

Гэвч ЭР-ийн Ухаа худаг уурхайд оруулсан хөрөнгө оруулалт хэд болох, уг өртөгийг яаж тооцох аргачлал, томьёололтой холбоотой заалт байхгүй байна.

Хөрөнгө оруулалтын гэрээний 2.8 (а)-д “…ойролцоогоор 4 тэрбум” гэсэн болон М. Энхсайхан сайдын албан тоотод “нэмж 3 хүртэл тэрбум америк долларын хөрөнгө оруулалт оруулна” гэснээс харахад яг 4 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ гэсэн үүрэг ЭР хүлээгээгүй байна.

Мөн Гэрээний 2.8 (b), 4.3 (а, с) болон 5.1 (b), (с)-д зааснаар хөрөнгө оруулалтын энэ дүн нь зах зээлийн нөхцөл хөрөнгө оруулалтын явцаас хамаарч өөрчлөгдөж болно, Санхүүжилтийн гэрээнд болон ТЭЗҮ-д үндэслэн хөрөнгө оруулалт хийх хуваарийг ЭР тодорхойлно, үйл ажиллагааны шаардлага, тухайн зах зээлийн нөхцлийг харгалзан, санхүүжилтийн гэрээгээр зөвшөөрөгдсөн хүрээнд хөрөнгө оруулалтын хуваарьт нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй, Гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс 12 сарын хугацаанд ЭТТ-н боловсруулсан одоогийн ТЭЗҮ шинээр хийнэ, нэмэлт хайгуулын ажил болон төслийн бусад ажлаас шалтгаалан ТЭЗҮ-д тухай бүр нэмэлт, өөрчлөлт орж болно гэжээ.

Гэрээний 4.2 (b), 4.3 (а), (с)-д зааснаар төсөл хэрэгжүүлэх үе шат, Хөрөнгө оруулалт хийх хуваарийг ЭР өөрөө тогтоох бөгөөд санхүүжилтийн хуваарьт нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй гэж заажээ. Эдгээр заалтын дагуу гэрээний ЭР хэзээ, ямар хөрөнгө оруулалт хийхээ өөрийн үзэмжээр шийдвэрлэх эрхтэй бөгөөд тухайн өөрчлөлтийн талаар Засгийн газарт зөвхөн бичгээр мэдэгдэх л үүрэгтэй.

Гэрээний 2.8 (а)-ийн (iii) заалтаар хөрөнгө оруулалтанд хөрс хуулалтыг оруулсан байна. Хөрс хуулалт нь хөрөнгө оруулалт биш, олборлолтын үйл ажиллагааны зардал юм. Үйл ажиллагааны ийм зардлыг хөрөнгө оруулалтандаа тооцвол ЭР нь маш хурдан хугацаанд хөрөнгө оруулалтаа гүйцэтгэсэн тайлан гаргахаар байна. Өөрөөр хэлбэл, зардалд тооцох үйл ажиллагаагаа хөрөнгө оруулалтанд оруулж бодит хөрөнгө оруулалт хийх үүргээс чөлөөлөгдөж байна.

Эсвэл асар их хэмжээний хайгуулийн ажлын зардал тооцож, түүнийг нөхөх нэрээр Гэрээний хугацааг сунгах эрх үүсгэх болно. Учир нь Хөрөнгө оруулалтын гэрээний 2.2 (а) заалтаар ЭР нь нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр нэмэлт хайгуул хийнэ, мөн 4.1 (f)-д зааснаар “ЭР хайгуулийн үйл ажиллагаанд оруулсан хөрөнгө оруулалтаа бүрэн нөхөх хүртэл хугацаагаар энэхүү гэрээний хугацааг сунгах асуудлыг Талууд харилцан тохиролцож шийдвэрлэнэ” гэжээ. (2015 оны 4 дүгээр сарын 6-ны дөрийн хувилбарт энэ заалт нь хайгуулийн үйл ажиллагаанд оруулсан хөрөнгө оруулалтаа бүрэн нөхөх хүртэл хугацаагаар энэ гэрээг сунгах эрхийг ЭР эдлэх үндэслэл болно гэж байсныг Талууд харилцан тохиролцож шийдвэрлэнэ гэж уян хатан болгож өөрчилсөн байна)

Гэрээний энэ заалт нь Хөрөнгө оруулалтын гэрээний 2.2 (d)-д заасан нэмэлт хайгуулийн ажилд зарцуулсан ЭР-н зардлыг энэхүү Гэрээний 9.2 (l)-д заасны дагуу ЭР-н татвар ногдох орлогоос хасч тооцно гэж заасантай зөрчилдөж байна.

Гэрээний 2.2 (d) заалтаар ЭР нь хайгуулийн үйл ажиллагаанд зарцуулсан зардлаа татвар ногдох орлогоос хасч тооцоод алдагдалгүй болж байна. Иймээс хайгуулийн үйл ажиллагаанд зарцуулсан хөрөнгө оруулалтыг нөхөх тухай асуудал Талуудын хооронд байхгүй.

Гэрээний заалтуудаас харахад ЭР нь 4 тэрбум долларын хөрөнгө оруулалтаа яаж ч тооцож болох, ямар хугацаанд энэ хөрөнгө оруулалтыг оруулах нь тодорхойгүй болж байна. Тус компани амалж байгаа 4 орчим ам.тэрбум долларын хөрөнгө оруулалтаа гэрээний гэрээний 30 жил, сунгалтын 30 жилийн хугацаанд нийт 60 жилийн хугацааны турш үргэжлүүлэн цувуулж хийх, эсвэл ТТ ордыг ашиглаж олсон орлогоосоо хөрөнгө оруулалт болгон буцааж хийх, эсвэл хөрс хуулалт гэх зэрэг өндөр зардалтай үйл ажиллагааны зардлыг өсгөн тооцох зэргээр хөрөнгө оруулалтыг өөрийн үзэмжээрээ хийхээр зохицуулжээ.

Засгийн газар хөрөнгө оруулалттай холбоотой шаардлага гаргах эрх энэ гэрээнд байхгүй.

Гэрээний 8.1 (а)-д зааснаар ЭР нь Тавантолгойн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэрийг хувьцаа гаргах, зээлийн санхүүжилт гэсэн хоёр хэлбэрийн аль тохиромжтой хэлбэрийг ашиглана гэжээ.

Санхүүжилт авах зорилгоор ЭР нь энэхүү Гэрээний дагуу эдлэх эрх болон үр шим, Цанхийн талбайгаас олборлосон, боловсруулсан бүтээгдэхүүн, нүүрс боловсруулах үйлдвэр, ус, эрчим хүч хангамжийн дэд бүтэц, бусад байгууламж, барилгын ажил, Төслийн бусад эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, ашиг сонирхлын хувьд барьцааны сонирхол үүсгэх эрхтэй гэсэн байна. ( Хөрөнгө оруулалтын гэрээний 8.3 (b) заалт)

Энэ заалтаас харахад ЭР нь Тавантолгойн ордыг ашиглах эрхийн дагуу орж аавч байгаа эрх, ашиг сонирхолыг барьцаалж хөрөнгө оруулалт босгох боломжтой болж байна. Энэ нь тус компанийн давуу тал биш бөгөөд Тавантолгойн ордыг ашиглах эрх авснаар үүсч байгаа боломж юм. Хэрэв Засгийн газар энэ боломжийг ЭТТ-д зөвшөөрсөн тохиолдолд ЭТТ өөрөө хөрөнгө оруулалт татах бүрэн боломжтой.

Тав. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д иргэдийн эзэмшиж байгаа 1072 ширхэг

хувьцааны тухай

ЭТТ-н нийт хувьцааны 14% буюу 2,100,000,000 ширхэг хувьцаа 2,091,502 иргэний нэр дээр 0,06% буюу 8,497,671 ширхэг хувьцаа Монгол улсын 553 аж ахуйн нэгжийн нэр дээр тус тус бүртгэлтэй байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д иргэдийн эзэмшиж байгаа 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдох зохицуулалт Хамтын ажиллагааны болон Хөрөнгө оруулалтын гэрээнд байхгүй байна.

Улсын Их Хурлын Өргөдлийн Байнгын хороо 2015 оны 2 сарын 18-ны өдөр хуралдаж 05 дугаар тогтоол гаргаж, ЭТТ компанид 1072 хувьцаа эзэмшиж байгаа иргэдийн эрх ашгийг хуулийн дагуу хангах талаар Тавантолгойн ордыг ашиглах гэрээнд тусгайлан бие даасан бүлэг оруулах үүргийг Засгийн Газарт өгсөн.

Өргөдлийн Байнгын хорооноос өгсөн энэ үүргийг Засгийн Газар биелүүлээгүй байна. (Өргөдлийн Байнгын хорооны 2015 оны 05 дугаар тогтоолын хуулбарыг хавсаргав)

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-д иргэдийн эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцаатай холбоотойгоор хувьцаа эзэмшигч иргэдийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой асуудлаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга З. Нарантуяа 2015 оны 2 дугаар сарын16-ны өдөр 1/1133 дугаар албан тоотоор Засгийн газар болон М. Энхсайхан сайдад Санал, зөвлөмж хүргүүлсэн байна.

Энэ санал, зөвлөмжийн дагуу ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. (СЗХ-ны дарга З. Нарантуяа 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 1/1133 дугаар албан тоотыг хавсаргав)

Зургаа. “Чалко” компанийн өрийн тухай

Хамтын ажиллагааны Гэрээний 8.3-т “Чалко”-н төлбөрийг төлж барагдуулах ерөнхий зохицуулалт хийсэн байна. Харин Хөрөнгө оруулалтын гэрээний 3.4 (а)-д “Чалко”-н 142 сая долларын өрийг 12 сард бүтээгдүүнээр эсвэл бэлэн мөнгөний аль нэгээр төлөхийг бие даан шийдвэрлэнэ гэж илүү тодорхой заасан байна. Энэ заалтыг маш тодорхой болох хэрэгтэй. Хэрэв нүүрсээр төлж барагдуулна гэвэл зарчмийн ялгаа байхгүй байна. ЭТТ одоо ч энэ өрийг нүүрсээр төлж байгаа бөгөөд цаашдаа ч энэ хэлбэрээр төлж дуусгах боломжтой.

Мөн Хөрөнгө оруулалтын Гэрээний 3.4(а) болон (b), зааснаар ЭР нь “Чалко”-н гэрээ ЭР-т шилжихгүй бөгөөд Чалко болон ЭТТ нь Чалко-н гэрээний талууд хэвээр үлдэнэ. Энэ гэрээний 3.4 (а)-д (энэ хэсэгт зөвхөн Чалко-н өрийг заасан) зааснаас бусад аливаа төлбөрөө ЭТТ өөрөө дангаараа хариуцна” гэжээ.

Тэгээд ч Гэрээний 3.8 (а) болон Гэрээний хавсралт 3–н 4 дэх заалтаар Засгийн газар болон ЭТТ нь ЭР-аас өөр ямар нэгэн зардал төлбөрт төлөхийг шаардах эрхгүй гэжээ. Мөн Хамтын ажиллагааны Гэрээний “Нэмэлт үүрэг хүлээхгүй” тухай хэсэгт зааснаар ЭР нь “Чалко”-н өрөөс өөр ЭТТ-ын төлөх ямар ч өр, төлбөр, татвар, хураамж, цалингхариуцахгүй гэжээ. (Гэрээний 3.3 (а) заалт)

ЭТТ нь Тавантолгойн Цанхийн орд дээр уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг төрийн компани бөгөөд үйл ажиллагаа явуулах бүх эрхээ ЭР өгч, орлого олох боломжгүй болж байна.

ЭТТ нь Тавантолгойн Цанхийн орд дээр уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг төрийн компани бөгөөд үйл ажиллагаа явуулах бүх эрхээ ЭР-д өгч, өөрөө орлого олох боломжоо хааж байна. Гэтэл “Чалко”-н гэрээг бүрэн шилжүүлж авахгүйгээр зөвхөн “Чалко”-н өрийг ЭР төлөх үүрэг хүлээгээд, бусад эрх үүргийг ЭТТ-д үлдээж байгааг зөвшөөрөх боломжгүй. “Чалко”-н гэрээг бүхэлд нь ЭР шилжүүлж авах ёстой.

Тэгээд зөвхөн “Чалко”-н өрийг төлөөд ЭТТ-н бусад өр төлбөр хамаагүй гэж байгаа нь шударга бус хандлага. ЭТТ нь Монгол улсын Хөгжлийн банкинд 250 сая ам.доллар, дотоодын банкуудад 30 орчим сая ам.доллар, бусдад төлөх 30-50 тэрбум төгрөгийн өртэй өртэй байна. Энэхүү үлдэгдэл өрийн асуудлыг хамтад шийдвэрлэх ёстой. Тухайлбал, ЭТТ болон Австралийн Макмахон компанийн хамтарсан охин компани болох TTJVСо компанийн үйл ажиллагааны өр, төлбөр үлдэж байна. Эдгээр өр, төлбөрийн асуудлыг шийдвэрлэхгүй бол тус компани олон улсын арбитрын шүүхэд хандаж Засгийн газар төлбөрийн хүү, хохирлын хамт сая долларын өр, төлбөрт унах магадлал өндөр байна.

Долоо. Ажиллах хүчний тухай

2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн Хөрөнгө оруулалтын Гэрээний 5.9 (а), (b), (с), (d) –дЭР нь өөрийн ажилтнуудыг бие даан чөлөөтэй сонгох бөгөөд төсөлд ажиллах монгол иргэдийн тоог өрсөлдөөний зарчим дээр тулгуурлан аль болох их байлгахыг эрмэлзэнэ гэсэн бол гадаадын иргэдийг ажиллуулах зөвшөөрлийг ЗГ хамгийн таатай нөхцлөөр, шаардагдах хэмжээгээр ажиллах хүчний квот тогтоож өгөх зэрэг заалтуудыг 2015 оны 4 дүгээр сарын 17-нд Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Гэрээний шинэчилсэн хувилбарт хассан байна

Засгийн газрын өргөн барьсан Гэрээний шинэчилсэн хувилбарын 5.9 (с), (d)-д “… ажлын байранд тавигдах зохих шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг ажлын байраар хангана. Шаардлагатай тохиолдолд Засгийн газар ЭР, Концесс эзэмшигч болон тэдгээрийн гэрээлэгчид, эсвэл туслан гүйцэтгэгчийн барилга угсралтын ажилд шаардагдах хэмжээгээр гадаад ажиллах хүчний квот тогтоож дэмжлэг үзүүлж болно” гэж заасан байна.

Гэрээний 5.9 (d) заалтын “шаардагдах хэмжээгээр” гэдэг нөхцөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 43.1 дэх заалт “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон түүний туслан гүйцэтгэгч нь Монгол улсын иргэдийг ажлын байраар хангах үүрэг хүлээх бөгөөд тухайн хуулийн этгээдэд ажиллагсдын 10-аас дээшгүй хувь нь гадаадын иргэн байж болно” гэсэн заалттай зөрчилдөж байна. ЭТТ-ийн ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл ЭР-т шилжээгүй тул ЭР нь туслан гүйцэтгэгчийн статустай компани болно.

Энэ заалт нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27.4-д “Монгол улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол улсын харьяат хүн амын 3 хувь, үүний дотор нэг улсын иргэн 1 хувь хүртэл байж болно” гэж заасныг зөрчинө. Засгийн газар энэ хуулийн хүрээнд Монгол улсад ажиллах гадаадын ажилчдын квотыг тогтоох үүрэгтэй.

Мөн Хөрөнгө оруулалтын Гэрээний 11.2 (b) болон (с) заалтаар тээвэрлэлт хийх ажлыг гадаадын туслан гүйцэтгэгч авах, гадаадын ажиллах хүчнийг ажиллуулж болох заалтууд нь төмөр замын тээврийг гадаадын компанид өгөх зорилгоор заасан заалт гэж үзэж байна.

Тэгээд ч энэ төмөр зам нь Хятадын талаас “Шенхуа” компанийн төмөр замд холбогдож байгаа бөгөөд “Шенхуа” компани төмөр замын тээвэрлэлтийг эрхэлнэ гэдгийг М. Энхсайхан сайдын Ардчилсан намын бүлэгт өгсөн асуулгын хариуд өгсөн 2015 оны 1 сарын 26-ны өдрийн ЗГ-3/54 албан тоотод тодорхой бичсэн байна.

М. Энхсайхан албан тоотдоо “Чайна Шенхуа Энержи компани нь БНХАУ дах нүүрс тээврийн зориулалт бүхий төмөр замын дэд бүтцийн сүлжээ, борлуулалтын бүтэц зохион байгуулалтыг ашиглан Тавантолгойн ордоос олборлосон бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээлд борлуулахтай холбоотой тээвэр ложистик болон борлуулалт болон далайн боомт хүргэж тээвэр ложистикийн үйл ажиллагааг голлон зохион байгуулна” гэжээ.

Энэ тохиолдолд төмөр замын тээврийн орлого Монголд үлдэхгүй.

Найм. Хөрөнгө оруулагчдын бүтцийн тухай

“Энержи Ресурс” ХХК (ЭР), “Энержи Ресурс корпораци” (ЭРК), “Чайна Шенхуа Энержи компани” лимитед (Шенхуа) компаниуд хамтран Төслийн компани байгуулж байгаа гэх боловч энэ компани нь одоо Ухаа худаг ордод үйл ажиллагаа явуулж байгаа “Энержи Ресурс” ХХКбайна.

Энержи Ресурс компанийг 51%-ийг (“Энержи Ресурс корпораци”) 49%-ийг “Чайна Шенхуа Энержи компани” лимитед (Шенхуа) гэсэн харьцаатай эзэмшинэ гэж ойлгогдож байна. Гэрээний Үйл явдлын тойм хэсгийг (Н) заалт )

“Энержи Ресурс” ХХК нь “Энержи Ресурс Корпораци”-ийн 100 хувийн охин компани бол “Энержи Ресурс Корпораци” нь Люксембургийн “Монголиан Коал корпораци”-ийн 100 хувийн охин компани, Люксембургийн “Монголиан Коал корпораци нь Хонконгийн “Монголиан Коал Корпораци Лимитед” компанийн 100 хувийн охин компани болох бөгөөд Хонконгийн “Монголиан Коал Корпораци Лимитед” компани нь Английн эзэмшил болох Кайманы арлын “Монголиан Майнинг Корпораци” (англиар Mongolian Mining Corporation, товчилсон нэр нь ММС)-н охин компани байна. (Эдгээр компаниудын хамаарлын бүтцийг харуулсан схемийг хавсаргав)

Гэрээнд зааснаар ЭР-н Хөрөнгө оруулагч болох “Энержи Ресурс Корпораци”, Хятадын төрийн өмчит “Шенхуа” компаниуд байна. Өөрөөр хэлбэл, эдгээр компаниуд ньТавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулагчид нь болж байна.

“Энержи Ресурс Корпораци” нь 100 хувь гадаадын хөрөнгө оруулагчийн мэдэлд байх тул Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.5 дахь заалт “гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж” гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгжийг хэлнэ гэсний дагуу гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байна.

“Энержи Ресурс Корпораци” нь 100 хувь гадаадын хөрөнгө оруулагчийн мэдэлд, “Шенхуа” нь гадаадын хуулийн этгээд байх тул эдгээрийн хамтран өмчлөх Тавантолгойн ордыг ашиглах Төслийн компани гэх ЭР ньшууд болон шууд бусаар гадаадын хуулийн этгээдүүдийн 100 хувь хяналтанд орж байна.

Ес. Бусад

1. Гэрээ байгуулах хэлэлцээрийг Монгол улсын сайд М. Энхсайхан удирдан явуулж байгаа нь 2010 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийн 4 дэх заалт “…хэлэлцээ явуулахдаа мэргэжлийн зохих төвшинд хадгалж, улс төрийн албан тушаалтанг хэлэлцээрийн аль нэг талд оролцуулахгүй байх зарчмийг баримтлах” гэснийг зөрчиж байна. (2010 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийг хавсаргав)

2. Улсын Их Хурлын 2008 оны 40 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Тавантолгойн нүүрсний ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үндсэн зарчим, удирдамжийн 10-т заасан “гэрээний төсөл боловсруулахдаа олон улсад нэр хүнд бүхий зөвлөгөө үзүүлэгч байгууллагын туслалцааг авах” гэснийг М. Энхсайхан сайд зөрчиж гэрээний төсөл боловсруулахдаа зөвлөх үйлчилгээ аваагүй байна.

Улсын Их Хурлын тогтоолоор баталсан удирдамжийн 10 дахь заалт хэрэгжээгүй байна. (Улсын Их Хурлын 2008 оны 40 дүгээр тогтоолыг хавсаргав)

Энэ тухай асуулга тавьсан Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдийн асуулгад М. Энхсайхан сайд хариулахдаа “Хөрөнгө оруулагчид хууль, эрх зүй, гэрээний чиглэлээр “Devis Polk”,King & Woods Mallesons”-ийг авч ажиллуулж байгаа бол санхүүгийн чиглэлээр “Deloitte”, “KPMG” компаниас үйлчилгээ авч байна. Монголын талын хувьд гадаад компаниуд, гадаад зөвлөхийг ажиллуулахгүй, ажлын хэсэг төрийн байгууллагын хүч бололцоо чадлыг хүрэлцээтэй гэж үзэж байгаа” гэжээ.

Монголын Засгийн газар олон улсын нэр хүнд бүхий хуулийн болон санхүүгийн мэргэжлийн зөвлөх аваагүйгээс гэрээгээр өөрийн эрх ашгийг хуулийн хүрээнд хамгаалах боломжийг алдсан байна.

3. Тавантолгойн ордыг ашиглах гэрээ нь холбогдох хууль, тогтоомжтой зөрчилдөж байгаа тухай Улсын Их Хурлын Дарга, Дэд дарга нар 2015 оны 4 сарын 3-ны өдөр 1/2662 дугаар албан тоотоор, Улсын Их Хурлын гишүүн С. Ганбаатар 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр 4/2663 дугаар албан тоотоор Засгийн газарт мэдэгдсэн байна. (Албан тоотуудыг хавсаргав)

4. Энэхүү Гэрээг одоо байгаа хэлбэрээр байгуулбал жишиг болох бөгөөд цаашид гадаадын бусад хөрөнгө оруулагчид энэ гэрээнд байгаа нөхцлүүдийг шаардах болно. Засгийн газар Хөрөнгө оруулагчдыг ялгаварлан үзэж татгалзах эрхгүй. Тухайлбал, Оюу Толгойн хөрөнгө оруулагч “Rio Tinto” компани энэхүү Гэрээтэй ижил нөхцөл шаардах эрхтэй болно.

Хавсаргасан материал:

1.Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн асуулга, М. Энхсайхан сайдын хариулт,

2.Улсын Их Хурлын гишүүн Л. Эрдэнэчимэг тэргүүтэй нэр бүхий гишүүдийн асуулга, М. Энхсайхан сайдын хариулт,

3.Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоол,

4.Улсын Их Хурлын 2008 оны 40 дүгээр тогтоол, 2 хавсралтын хамт,

5.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2010 оны 24/11 дүгээр тэмдэглэл,

6.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны 9 дүгээр сарын 9-ны өдрийн 35/32 дугаар зөвлөмж,

7.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 04/03 дугаар зөвлөмж,

8.Засгийн газрын 2012 оны 121 дүгээр тогтоол,

9.Улсын Их Хурлын дарга З. Энхболд, Дэд дарга М. Энхболд, Л. Цог,Р. Гончигдорж нараас Ерөнхий сайд Ч. Сайханбилэгт явуулсан 2015 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 1/2662 дугаар албан тоот,

10.Улсын Их Хурлын Өргөдлийн Байнгын хорооны 2015 оны 05 дугаар тогтоол,

11.Улсын Их Хурлын гишүүн С. Ганбаатараас 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Ерөнхий сайд Ч. Сайханбилэгт явуулсан 4/2663 дугаар албан тоот,

12.“Монголын төмөр зам” ХК-ийн Гүйцэтгэх захирал Д. Ганбатын 2015 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 01/281 дугаар албан тоот

13.Санхүүгийн зохицуулах хорооны дарга З. Нарантуяагийн 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 1/1133 дугаар албан тоот,

14.“Монголиан Майнинг Корпораци” (англиар “Mongolian Mining Corporation” буюу товчилсон нэр нь ММС) компанид аудит хийсэн KPMG компанийн аудитын дүгнэлт, (Эх сурвалжhtttp:upload.mmc.mn/financial-report/ ММС Interim%20report 2014 eng, 59 дүгээр хуудас)

15.“Монголиан Майнинг Корпораци” компани түүний охин компаниудын бүтцийн схем (Эх сурвалжhtttp:upload.mmc.mn/financial-report/ ММС 2013 eng, Annual report ENG. 13 дугаар хуудас)

Улсын Их Хурлын даргын хуулийн бодлогын зөвлөх А. ГАНСҮХ

2015 оны 4 дүгээр сарын 20

Categories
мэдээ нийгэм

Монголчуудын байгаль хамгаалал уламжлалыг хэлэлцэнэ

МУИС-аас Хаан банк сан, “Тэнгэрийн хэвтэр” ТББ-ын хамтран зохион байгуулж буй “Монголчуудын байгаль хамгаалах уламжлал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн хичээлийн II байрны 4 давхарын хурлын танхимд өнөөдөр 14.00 цагт нээлтээ хийх аж.

Уг эрдэм шинжилгээний хуралд МУИС-ийн Түүхийн тэнхим, Ази судлалын тэхим, ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн, МУБИС-ийн Түүхийн тэнхим, ШУТИС-ийн эрдэмтэн, багш, судлаач нар монголчуудын байгаль хамгаалах уламжлал, хууль цааз, монголын эртний нүүдэлчид ба байгаль орчин, Түүхэн уур амьсгал ба МЭӨII-I мянганы Монгол орон, монголчуудын ус хамгаалах ёс, монголчуудын овоо шүтлэг, монголчуудын байгаль хамгаалах мэдлэг орчин үед, монгол-япончуудын байгалиа дээдлэх уламжлал, шинэчлэл зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Модны тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа нээлтээ хийнэ

Модны тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа өнөөдөр МҮЭСТ ордонд 11.30 цагаас нээлтээ хийх гэж байна. Энэ сарын 29-нийг дуустал үргэлжлэх уг үзэсгэлэнгийн үеэр мод тарьж ургуулах шинэ дэвшилтэт арга технологийг нийтэд сурталчлах, стандартын шаардлага хангасан мод, сөөгний тарьц, суулгацаар иргэдийг хангах, мод тарьж ургуулах талаар мэргэжлийн зөвлөмж, зөвлөгөө өгөх юм. Энэ жилийн үзэсгэлэн худалдааг БОНХАЖЯ, “Ойн судалгаа хөгжлийн төв” УТҮГ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газар, Монгол, Солонгосын “Ногоон хэрэм” төсөл, Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон, “Монголын цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо” ТББ, Монголын байгаль орчны иргэний зөвлөл, “Монголын ойчид, цэцэрлэгжилтийн холбоо” ТББ зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
БОНХАЖЯ-наас өрнүүлж эхэлсэн “Нэг сая мод ургуулах” хөдөлгөөний хүрээнд болж буй энэ удаагийн үзэсгэлэн худалдаа өмнөхөөс өргөн хүрээнд болох аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Монголын төр жайжийчихлаа” хэмээх нийтлэл гарлаа

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 28 нүүрээр хэвлэгдэн уншигчдынхаа гарт хүрч байна. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлагаас онцолж, тоймлон хүргэе.

Даваа гариг бүрийн дугаарт гардаг “Танайд өнжье” уламжлалт булангаар Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн хошой аварга, Азийн аварга, боксчин Т.Үймүмэнгийн гэрийн хоймор зочилж, түүнтэй хуучиллаа. Нэгэн цаг үед Монголын боксын спортын нэрийн хуудас болж явсан эрхэм гавьяат энгийн сайхан яриа хөөрөөтэй аж. Түүний боксын спортод орсон түүх нь их энгийн юм. Ерөөсөө л атаман овгор болох хүслээс өдгөөгийн том амжилт эхэлжээ. “Танайд өнжье” буланг нэг болон 12, 13 дугаар нүүрээс дэлгэрэнгүйгээр нь хүлээн авч уншина уу.

Манай сэтгүүлч Ц.Баасансүрэн томилолтоор явж, Төв аймгийн Жаргалант сумын нутагт хаваржиж буй малчин Батдоржийн хотонд бууж, сурвалжлага бэлтгээд ирлээ. Энэ хаврын хоёр ч удаагийн цасан шуурганы улмаас малчдын хотонд хаваржилт тааруу байна. Хурга, ишиг эндэх нь өмнөх жилүүдээс их байгаа аж. Сурвалжлагыг нэг, 17 дугаарт хэвлэлээ.

Улс төрийн мэдээллийн нүүрт УИХ-ын гишүүн асан Д.Одончимэдийн ярилцлага гарав.Тэрбээр засагт хамтарч буй намаа, намын гишүүдээ шүүмжилсэн юм. Мөн хоёрдугаар нүүрт “Авлигаас ангижрах нэрээр дахиад л хэвлэлийг боомилох гэж байна” хэмээх гарчигтай нийтлэл гарлаа. “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байгаа. Яг үнэндээ хэвлэл мэдээллийг боомилох гэсэн бас нэгэн төсөл юм. Энэ тухай хоёрдугаар нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг гуравдугаар нүүрт нийтлэлч П.Хашчулууны “Монголын төр жайжийчихлаа” хэмээх нийтлэл гарлаа. Нийтлэд “…Төрийн албан хаагчдыг хоморголон халж байгаа үйл явц өнөөдөр бүх яам, тамга, газар, хэлтэс, агентлагууд дээр явж байгааг ҮАБЗ анхааралдаа авч Монгол төрийн дархлаанд, цаашилбал үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрч байгааг ярилцсан бололтой. Яахыг нь, ямар арга хэмжээ авахыг нь харж байя…” гэжээ. Гуравдугаар нүүрээс бүрэн эхээр нь уншина уу.

Монголын хуулийнхны хамар дороосоо алдчихсан гэх Л.Клойберийн хэргийн эргэн тойронд чухам юу өрнөсөн тухай долдугаар нүүрт нийтэллээ. Түүний хэргийн тухай Монголын хэвлэлүүдэд юу гэж гарч байсныг энд тоймлон гаргав.

Ардын уран зохиолч Бөхийн Бааст абугайн гэрт нь манай сурвалжлагч очиж түүнтэй хөөрөлдөв. Нэгэн зууныг жавхалзаж гялалзаж, бичиж бүтээж, уншиж судалж өнгөрөөж буй зохиолч маань тун чиг сонирхолтой яриа дэлгэснийг 19 дүгээр нүүрээс унших биз ээ. Мөн Монголоос Эверестэд хамгийн анх авирсан уулчин Н.Жуковын сонирхолтой дурсамж ярилцлагыг 11 дүгээр нүүрт гаргалаа. Тэрбээр Эверестэд авирахын тулд Зайсан толгой руу авирч бэлтгэлээ базаадаг байсан тухай, ямар хүнд нөхцөлд дэлхийн ноён оргилын оройд гарах гэж тэмцсэн тухайгаа гээд 90 хоногийн адал явдал бүхнээ энд ярьсан юм. Эдгээр болон Нийгэм, Соёл урлаг, Цаг үе, Дэлхийн мэдээ зэрэг булангуудаас хэрэгтэй мэдээллүүдээ уншаарай.

Дашрамд дуулгахад, “Өдрийн сонин”-ы хоёрдугаар улирлын нэмэлт захиалга явагдаж байна. Манай сониныг захиалахыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдож захиалгаа өгөөрэй. Мөн цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

Эрхэм уншигч та, манай сонинг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Болж өгвөл зургадугаар сар гартал Богд ууланд битгий аялаач ээ гэв

Богд ууланд өнгөрсөн хоёрдугаар сарын 4-нөөс эхлэн тав, зургаан удаа гал түймэр гарчээ.Өнөөдөр л гэхэд ОБЕГ-ынхан болон Богд хан уулын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчидНүхтийн амны ойд орсонтүймрийг унтраахаар ажиллаж байна. Цаг агаар асар их хуурайшилттай байгаагаас хуурай өвсөнд ассан гал түймэр хурдан дэгдэж, хяналтаас гарч байгаа тухай түймрийн мэдээгээр анхааруулж, сэрэмжлүүлсээр байгаа боловч иргэдийн санамсар болгоомжгүйгээс энд тэндгүй түймэр асч байна. Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улсын Шадар сайд, БОНХАЖ-ын сайдын гаргасан хамтарсан тушаалд хуурайшилтын улиралд ойн дагалт баялаг ашиглахыг ирэх зургадугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд хориглосон. Мөн Богд хан уулын хамгаалалтын захиргаанаас ирэх зургадугаар сарын 15 хүртэл иргэдийг Богдхан ууланд аялж, зугаалахыг хориглосон захирамж гаргасан билээ. Гэвч иргэд аялж зугаалсаар, тэдэн дундаас санамсар болгоомжгүй гал түймэр тавих эрсдэл гарсаар байна. Тийм учраас “Улаанбаатарчуудаа, болж өгвөл зургадугаар сар гартал Богд ууландбитгий аялаач ээ. Энэ жил хуурайшилтын онц аюултай зэрэглэлтэй байна” гэлээ гэжБОНХАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шинэ долоо хоногт Таван толгойн асуудлыг УИХ-аар хэлэлцэнэ

2015 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 27-ООС 05 ДУГААР САРЫН 01-НИЙ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН БОЛОН ДЭД ХОРОО, ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

04 дүгээр сарын 27-нд:

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;

Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;

Улсын Их Хурал дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

04 дүгээр сарын 27-нд:

Хотыг дахин хөгжүүлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;

Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “В” танхимд;

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;

Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;

Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгөх, эрх зүйн шинэчлэлийг иж бүрэн хийх талаар санал боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд.

04 дүгээр сарын 28-нд:

Хотыг дахин хөгжүүлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийгг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд;

Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 12.00 цагаас 334 тоот өрөөнд;

“Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 16.30 цагаас “Г” танхимд;

Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.

04 дүгээр сарын 29-нд:

Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;

Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;

Худалдааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд.

04 дүгээр сарын 30-нд:

Хууль зүйн байнгын хороо МУИС-ийн Хууль зүйн сургуультай хамтран зохион байгуулж буй “Үндсэн хууль тайлбарлах онол, арга зүй” эрдэм шинжилгээний бага хурал 09.00 цагаас “Б” танхимд;

Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд.

ГУРАВ.БАЙНГЫН ХОРОО БОЛОН ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН:

04 дүгээр сарын 28-нд:

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт /Засгийн газар 2015.04.01/.

2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний Эрхийн Үндэсний Комиссын 13 дахь илтгэл 14дүгээр илтгэлүүд /Хүний эрхийн үндэсний комисс 2014.03.31/;

Бусад.

3.Хүний эрхийн дэд хорооны хуралдаан Хууль зүйн байнгын хорооны хуралдааны дараа “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хийсэн Хүний эрхийн Үндэсний Комиссын шалгалтын дүн;

Хүний эрхийн дэд хорооны 2015 онд хийх ажлын төлөвлөгөө.

4.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

“Мөнгөн усны тухай Минаматагийн Конвенци”-д нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.02.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

Бусад.

5.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2014 оны үйл ажиллагааны тайлан /2015.04.20-ны өдөр ирүүлсэн/.

04 дүгээр сарын 29-нд:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

“Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/.

2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Байгаль орчны төлөв байдлын 2013, 2014 оны тайлан;

Зарим аймагт тохиолдсон байгалын гамшигт үзэгдэл цасан шуурга болон хээрийн түймэртэй тэмцэх, хор хохирлыг барагдуулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай Монгол Улсын Шадар сайд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон холбогдох бусад байгууллагын мэдээлэл;

Хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайдын мэдээлэл.

ДӨРӨВ.НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ:

04 дүгээр сарын 29-нд:

1.Өргөдлийн байнгын хороо 09.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд:

Хэлэлцэх асуудал:

Төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн асуудлаар холбогдох албан тушаалтнуудаас тайлбар авах тухай.

ТАВ.04 ДҮГЭЭР САРЫН 30, 05 ДУГААР САРЫН 01-НИЙ ӨДРИЙН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

“Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх үргэлжилнэ/;

“Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;“Мөнгөн усны тухай Минаматагийн Конвенци”-д нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.02.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл/Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Худалдааны тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Монгол Улсын Худалдааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар нарын 4 гишүүн 2014.03.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.04.14-ний өргөн мэдүүлсэн, хаалттай дэгээр, хэлэлцэх эсэх/;

Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Татварын эрх зүйн орчин цаашид авах арга хэмжээний талаар.

Categories
гадаад мэдээ

Казахстанд Ерөнхийлөгчийн сонгууль болж байна

Өнөөдөр Казахстанд Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болж байна. Тус улсын Сонгуулийн төв комиссын дарга Б.Мелдешовын мэдэгдсэнээр санал хураах хэсгүүд 7 цагаас ажиллаж эхэлсэн байна. Санал хураалтын үеэр ямар нэгэн ноцтой зөрчил гараагүй хэмээн үдээс өмнө мэдээлэв. Энэ удаагийн ээлжит бус Ерөнхийлөгчийн сонгуульд 27 хүн өрсөлдөж байгаа юм. Төрийн тэргүүний албыг хашиж буй Н.Назарбаев 81 дүгээр саналын хэсэг дээр саналаа өгсөн тухай мэдээллээ.

Ю.Дэлгэр