Categories
мэдээ спорт

Жюү-жицүгийн ДАШТ-д амжилттай оролцлоо

Мэргэжлийн Жюү-жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-ын нийслэл Абу-Дабигийн “IPIC Arena”-д дөрөвдүгээр сарын 20-25-ны өдрүүдэд боллоо. Тус тэмцээнд манай улсаас 11 тамирчин урилгаар оролцсоноос зургаан алт, нэг мөнгөн медаль хүртсэн бахдам амжилтыг үзүүлэв. Тодруулбал, “Мастерс-1” ангиллын 85 кг, үнэмлэхүй жинд ОУХМ О.Болд-Эрдэнэ, хөх бүсний +95 кг-д Б.Сугаржаргал, ягаан бүсний “Мастер-2” ангиллын +95 кг-д улсын аварга Г.Эрхэмбаяр, хөх бүсний “Мастер-2” ангиллын +95 кг-д Д.Азжаргал АЛТ, эмэгтэйчүүдийн хөх бүсний +75 кг-д О.Жаргалсайхан мөнгөн медаль хүртсэн юм.

Энэ удаагийн ДАШТ-д үндэсний бөхийн улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Д.Азжаргал, улсын начин Б.Сугаржаргал нарын бөхчүүд багтсан бөгөөд тэд бүгд дэлхийн аварга хэмээх цолыг хүртлээ. Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчид өнөөдөр эх орондоо ирнэ.

Categories
мэдээ улс-төр

Хамтын ажиллагааг эрчимжүүлэх тушаал гаргажээ

БНХАУ-ын Тяньжин хот дахь далайн усан боомтыг 2015 оны 4-сарын 21-ний өдрөөс эхлэн Тяньжины чөлөөт худалдааны туршилтын боомтын бүс болгож буйтай холбогдуулан тус боомтын бүсэд монгол, хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх тушаал гаргасан байна.

Шадар сайдын тушаалд Монгол Улсаас БНХАУ-ын Тяньжин хотын Бинхай дүүрэгт явуулах худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудал хариуцсан монголын талын ажлын хэсгийг байгуулсан байна. Тус ажлын хэсэгт Монгол, Хятадын төр засгийн түвшинд хэлэлцсэн тохиролцсоны дагуу Монгол улс далайд гарах гарцыг баталгаатай болгох, тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүлэх, 2 талын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих, өргөжүүлэх, энэхүү үйл ажиллагаанд төрийн бус байгууллагууд, мэргэжлийн эвсэлд холбоодыг татан оролцуулж ажиллахыг Шадар сайд У.Хүрэлсүх үүрэг болгожээ.

Categories
мэдээ нийгэм

Богд ууланд аялахгүй байхыг анхааруулав

Богд ууланд өнгөрсөн хоёрдугаар сарын 4-нөөс эхлэн тав, зургаан удаа гал түймэр гарчээ. Өнөөдөр л гэхэд ОБЕГ-ынхан болон Богд хан уулын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид Нүхтийн амны ойд орсон түймрийг унтраахаар ажиллаж байна. Цаг агаар асар их хуурайшилттай байгаагаас хуурай өвсөнд ассан гал түймэр хурдан дэгдэж, хяналтаас гарч байгаа тухай түймрийн мэдээгээр анхааруулж, сэрэмжлүүлсээр байгаа боловч иргэдийн санамсар болгоомжгүйгээс энд тэндгүй түймэр дүрэлзэж байна.

Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Ширэндэвийн мэдээлснээр тэндхийн байгаль хамгаалагчид байнгын бэлэн байдалд, эргүүл, шалгалтыг 24 цагаар гаргаж ажиллаж байгаагийн ачаар холбогдох газар мэдээллийг хурдан хүргэж, дөрөв, таван галыг газар авахуулахгүй унтрааж чаджээ. Одоогоос ес хоногийн өмнө Зайсангийн Соёмботой ууланд хүүхдүүд тоглож байгаад гал тавьсныг шуурхай унтраасан байна. Бага тэнгэрийн амны наана Бөөгийн модонд бөө нар бөөлж байгаад гал алдсаныг мөн шуурхай унтраажээ. Богдхан ууланд гарсан гал түймрийн хоёр нь айлын унтраалгүй хаясан үнс нурамтай хогноос үүдэж гарсан гэнэ. Өнгөрсөн бямба гаригт буюу уржигдар Бага тэнгэрийн амны задгай энгэрт арц уугиулж бсан хүмүүс гал алдсанаас гарсан галыг аялагчид, байгаль хамгаалагчид, барилга барьж байгаа гүйцэтгэгч компанийнхан хамтран унтрааж, хэргийн эзэн холбогдогчдыг хууль, цагдаагийнханд хүлээлгэж өгсөн байна. Мөн бямба гаригийн 18 цагийн үед Жаргалант, Нүхтийн амны хооронд байх Ташхайн аманд аялж явсан хүмүүс гал алдсанаас нийтдээ 30 орчим га газар, ой мод шатаж, өнөө хэр унтрааж чадахгүй цурманд оруулсан байдалтай байна. Гал тавьсан байж болзошгүй хүмүүсийг цагдаагийн байгууллагынхан шалгаж байна. Онцгой байдлын газрын удирдлага, БОНХАЖЯ-ны холбогдох газрынхан, албан хаагчид, байгаль хамгаалагчид хамтран уг гал түймэртэй тэмцэж байгаа ч хуурайшилт ихтэй нөхцөлд гал дахин дахин авалцаж, унтраахад ихээхэн бэрхшээлтэй байгаа тухай Ц.Ширэндэв дарга ярилаа.

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улсын Шадар сайд, БОНХАЖ-ын сайдын гаргасан хамтарсан тушаалд хуурайшилтын улиралд ойн дагалт баялаг ашиглахыг ирэх зургадугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд хориглосон. Мөн Богд хан уулын хамгаалалтын захиргаанаас ирэх зургадугаар сарын 15 хүртэл иргэдийг Богдхан ууланд аялж, зугаалахыг хориглосон захирамж гаргасан билээ. Гэвч иргэд аялж зугаалсаар, тэдэн дундаас санамсар болгоомжгүй гал түймэр тавих эрсдэл гарсаар байна. Богдхан уулын хамгаалалтын захиргааны дарга Ц.Ширэндэв “Цагдаа, онцгойгийнхон, манай байгаль хамгаалагчид Шадар сайд, БОНХАЖ-ын сайдын хамтарсан тушаалыг үнэхээр сайн дагаж, мөрдөж хэрэгжүүлж ажиллаж байгаа. Манай иргэд ч ухамсар соёлтой аялж зугаалж, гарсан захирамжаа тайлбарлаад буцаахаар ойлгож хүлээн авч байна. Би энэ бүхэнд үнэхээр талархаж байна. Гэхдээ олон хүн дотор болгоомжгүйгээсээ гал алдах, ухамсаргүй авирлаж байгаа цөөн хүн байгаагаас хуурайшилт ихтэй үед гал түймрийн аюул нөмөрчих гээд байна. Тийм учраас “Ард иргэдээ, Улаанбаатарчуудаа, болж өгвөл зургадугаар сар гартал Богд ууланд битгий аялаач ээ. Энэ жил хуурайшилтын онц аюултай зэрэглэлтэй байна” гэлээ гэж БОНХАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Далан нурж, 20 гаруй өрх усанд автжээ

Баян-Өлгий аймгийн Улаан хус суманд 20 гаруй өрх усанд автжээ.

Тодруулбал, тус сумын 8 дугаар багийн нутаг Ховд голын усны түвшин дээшилсний улмаас далан нурж ойр хавийн 20 гаруй айл усанд автсан байна.

Дуудлагыг өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 11:00 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Усанд автсан айлуудыг тус сумын мэргэжлийн ангийн 60 хүн, долоон техник хэрэгсэлтэйгээр нүүлгэн шилжүүлж, даланг босгож эхэлсэн байна.

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар даланг өчигдөр орой 21:00 цагт сэргээн босгож дуусчээ.

Categories
мэдээ нийгэм

Газар өмчлөлийн ээлжит бүртгэл ирэх сарын 1-нд эхэлнэ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор батлагдсан байршлуудад иргэдэд газар шинээр өмчлүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр шат дараатайгаар зохион байгуулж байгаа. 2014 онд зохион байгуулагдсан эхний ээлж, 2015 оны 1 дүгээр сараас эхлэн зохион байгуулагдсан 2 дугаар ээлжийн цахим газар өмчлөлийн ажлаар нийт 24766 нийслэлийн иргэн газар өмчилж авсан байна. Харин газар өмчлөлийн цахим системийн 3 дугаар ээлж 05 дугаар сарын 01-ний өдрийн 12:20 цагаас эхлэх гэж байна. З дугаар ээлжээр дараахь 11 байршилд иргэдийг бүртгэнэ.

  1. 1.Сонгинохайрхан, Шижирийн хөндий
  2. 2.Сонгинохайрхан, Шижир уул
  3. 3.Баянзүрх, Улиастайн бага ам
  4. 4.Баянзүрх, Богдын давааны ам
  5. 5.Хан-Уул, Улаан овоот
  6. 6.Хан-Уул, Улаан овоот
  7. 7.Налайх, Нисэх хотхон
  8. 8.Багануур, Булагтай
  9. 9.Багахангай, Хангайн хөндийн 2-р хэсэг
  10. 10.Багануур, Тариан булаг 2-р хэсэг
  11. 11.Багахангай, Хангайн хөндийн 1-р хэсэг
З дугаар ээлжийн газар өмчлөлийн бүртгэл нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn болон Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn сайтуудаар явагдах бөгөөд 14 хоногийн хугацаанд бүртгүүлээрэй. Харин дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1285, 11 319215 дугаарын утсаар авах боломжтой гэж Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

72 шүүгчид холбогдох 58 гомдол иржээ

Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс шүүгчийн ёс зүй, цалинтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Уг хуралд ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн ёс зүйн хорооны дарга О.Алтангэрэл нар оролцож сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

Шүүхийн ёс зүйн хороонд энэ оны эхний улирлын байдлаар нийт 72 шүүгчид холбогдох 58 гомдол иржээ. Эдгээр гомдлыг шүүхийн ёс зүйн хорооны хоёр шатны хурлаар хэлэлцээд дөрвөн шүүгчид сануулах сахилгын арга хэмжээ авсан байна. Тодруулбал, дөрвөн шүүгчид иргэдийн хуульд заасан эрх болох гомдол гаргах эрхийг хаасан, ажлын байран дээрээ согтууруулах ундаа хэрэглэсэн гэх мэт шалтгаанаар сануулах арга хэмжээ авчээ.

Categories
мэдээ нийгэм

16 дугаар байрны хазайлтыг тодорхойлох боломжгүй гэв

Өнгөрсөн бямба гаригт Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар байранд үүссэн нөхцөл байдлын талаар өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцсэн байна. Тус хуралдаанаас 16 дугаар байрны хөрсөнд бэхэлгээ, хүчитгэлийг яаралтай хийсний дараа оршин суугчдыг орон сууцанд нь оруулах боломжтой гэсэн дүгнэлт гарчээ.

Энэхүү хуралдааны үеэр Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газар, Мэргэжлийн хяналтын газар “Би Жи Би Жи” компанид газэр эзэмших эрхийг хэрхэн олгосон талаар мэдээлэл өгсөн байна.

Уьдчилсан дүгнэлтээр 16 дугаар байрны зүүн талд нүх ухсан нь тус барилгын хазайлтад нөлөөлөөгүй. Харин баруун тийшээ буюу нүх ухсан талын эсрэг чиглэлд 4 см-ийн хазайлттай байгаа нь анхнаасаа барихдаа үүссэн үү, ашиглалтын явцад хазайсан уу гэдгийг тогтоох боломжгүй гэжээ.

Тус орон сууцны газарт нийслэлийн МХГ-аас 13 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа бөгөөд Мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгээс ажлын зургийн даалгаврыг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Шууданчид ажил хаялт зарлана гэв

Шууданчдын зүгээс одоогийн гүйцэтгэх захирал Ц.Батсайханыг солих гэж байгаа шийдвэрийг эсэргүүцэн суулт зарлаад байсан билээ. Тэд өнгөрсөн долоо хоногт эсэргүүцлээ илэрхийлэн Чингисийн талбайд жагссан юм. Гэсэн ч одоогоор холбогдох албаныхан уг асуудалд тодорхой хариу өгч, шийдвэрлэх алхам хийхгүй байгаа учир ажил хаялт зарлахаар болжээ. Ц.Батсайханы оронд томилогдон ирсэн хүнийг хүлээж авах боломжгүй хэмээн шууданчид үзээд байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Бие даагчдын зөвлөл мэдээлэл хийлээ

УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс энэ долоо хоногт нэгдсэн чуулган, байнгын хороодоор хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар байр сууриа илэрхийлж мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Тавантолгойн гэрээний төслийг түргэвчилсэн горимоор хэлэлцэх боломжгүй. Тавантолгойг ашиггүй ажилласан мэтээр ярьж байгаа. Гэтэл энэ компани Хятад руу гаргаж буй нүүрсийн 40 хувийг нийлүүлсэн байгаа юм. Ер нь ашиггүй ажилласан мэтээр ярьж бичиж байгаад хувьчилдаг жишиг байх шиг байна. Тавантолгойн болон хөрөнгө оруулагч компаниудтай холбоотой хэд хэдэн асуудлыг дахин нягтлах шаардлагатай. Оюутолгойн үйл ажиллагааг үргэлжлүүлэх нь зөв. Гэхдээ 100 төгрөгийн борлуулалтын орлогоос 5 төгрөгийг авч үлддэг төсөл байхыг бид хүсээгүй. Эхний хөрөнгө оруулалтын үр дүнг тооцох, гарсан алдаа байвал баримт нэг бүртэй нь танилцах, Засгийн газар ямар дүгнэлт хийж, алдаагаа засч залруулж байгаатай танилцана. Алдаа гарсан бол Уул уурхайн сайдаас Засгийн газрыг хүртэлх хариуцлагын асуудлыг хөндөнө” гэлээ.

Бие даагч гишүүдийн хувьд “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Худалдааны тухай хуулийг төслийг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Уг тогтоолд намын нөлөөлөлгүй өндөр албан тушаалтныг томилно гэх мэтээр заасан байна. Гэхдээ өмнөх шиг хэрэгждэггүй хөтөлбөр болчих вий хэмээн болгоомжилж байгагаа мөн хэлсэн юм. УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн татварын маргаантай асуудлаас ҮТЕГ-ын зургаан байцаагч ажилгүй, зарим нь орон нутаг шилжиж ажиллаж байгаа асуудлыг холбогдох байнгын хорооны хуралдаанд танилцуулна гэлээ.

Categories
мэдээ нийгэм

АСЕМ-ын зочид, төлөөлөгчдийг 43 зочид буудалд байрлуулна

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Зочид буудлуудын холбоо, Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж буй томоохон зочид буудлуудын төлөөлөл өнөөдөр “Зочид буудлууд хамтдаа-АСЕМ 2016” хэвлэлийн бага хурал хийлээ.

2016 онд Монгол Улсад зохион байгуулагдах Ази, Европын дээд түвшний уулзалтад төр засгаас зочид буудлуудаа дэмжиж, зочид буудлууд төр засагтайгаа хамтран ажиллахаар болжээ.

АСЕМ 2016 уулзалтад 4,500 хүртэл зочид ирэх бөгөөд дэлхийн 50 орчим орны төрийн тэргүүнүүд айлчлах юм.

Монгол Улсын нэр хүнд, хариуцлагын томоохон шалгуур болох уулзалтыг амжилттай зохион байгуулж, зочдын тав тухтай, аюулгүй байрлах бололцоог хангах нь хамгийн чухал гэдгийг хэвлэлийн хурал зохион байгуулагчдын зүгээс онцоллоо. Уулзалтад оролцож буй зочид, төлөөлөгчдийг байрлуулах 43 буудлыг ажлын хэсгийнхэн сонгожээ. Энэ талаар Монголын зочид буудлуудын холбооны ерөнхийлөгч н.Батмөнх “Аюулгүй байдал болон тогтоосон горимын дагуу нийт 43 зочид буудлыг сонгосон.

Эдгээр зочид буудлуудад 3,586 өрөө, 5,379 ор байна. Үүнээс ерөнхийлөгчийн өрөө 37 байгаа. Зочид буудлууд таван дүүрэгт байрлаж байна.

Эдгээр зочид буудлуудаас гадна 2015 онд дэлхийн хэмжээний томоохон Holiday Inn, Radison, Sheraton, Shangri-La зэрэг зочид буудлууд ашиглалтад орно. Одны зэрэглэлээр нь аваад үзвэл дээд тал нь таван одтой зочид буудал 3 байна” гэв.

43 зочид буудлыг урьдчилсан байдлаар сонгож авсан бөгөөд Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлүүлэх аж.

Сонгогдсон буудлуудаас 34 зочид буудал, 197 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хүсч байгаа юм байна. Үндсэн хөрөнгө оруулалтын хүрээнд үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэгдсэн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, тавилга хэрэглэлийн шинэчлэл, үйлчилгээний барилга байгууламжийн засвар тохижилт, өргөтгөл, эдлэл хэрэглэлийн нөхөн хангалт зэрэг ажлууд хамаарагдах ажээ.

Зээлийн санхүүжилтийн туслалцаа авснаар зочид буудлын үйлчилгээний салбарын чанарт өөрчлөлт гарах юм байна.

Мөн үйлчилгээний чанарын гол хүчин зүйл болох ажиллах хүчний тал дээр төрөлжсөн 12 чиглэлээр мэргэжил эзэмшүүлэх, мэргэшүүлэх, үйлчилгээний сургагч менежер бэлтгэхэд чиглэсэн сургалтуудыг төр засгийн зүгээс үнэгүй зохион байгуулна гэдгийг хэлж байв.

Харин төр засгийн дэмжлэгтэйгээр авсан зээлээ зочид буудлууд эргэн төлөх аж.