Categories
мэдээ нийгэм

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн өргөтөл ашиглалтад орлоо

Улсын клиникийн төв эмнэлэг 90 жилийн ойн босгон дээрээ өргөтгөлийн шинэ барилгынхаа А блокийг хүлээн авлаа.

Тус эмнэлгийн өргөтгөлийн барилга нь хоёр блокоос бүрддэг. “А” блок нь зоорийн давхартайгаа долоон давхар, 6000 гаруй метр талбай бүхий бүрэн цутгамал хийцтэй, өвчтөн тээвэрлэх болон ажилтан албан хаагчдад зориулсан гурван цахилгаан шаттай аж.

Тус барилга нь холбоо дохиоллын хувьд нийтэд зарлан мэдээлэх системтэй, үйлчлүүлэгч болон сувилагчийн пост холбогдсон нийтийн эзэмшлийн байршлууд нийтдээ 21 хяналтын камертай бөгөөд яаралтай тусламжийн тасаг, холбоо мэдээллийн технологи, эмнэлгийн болон инженер техникийн алба, зүрх судасны, мэдрэлийн эмгэг судлалын тасаг, цусны эмгэг судлал чөмөг шилжүүлэн суулгах тасаг, дотоод шүүрэл судлал диабетийн төв зэрэг нь давхар бүртээ үйл ажиллагаагаа явуулж өвчтөнүүддээ үйлчилж эхэлсэн байна.

Энэхүү нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа оролцож, шинэ барилгынхаа өргөтгөлийг хүлээн авч, өөрсдийн бүтээлч санаачилгаар нөөц бололцоогоо ашиглан дотоод тохижилт, нүүлгэн шилжүүлэлтийг хийж цаг алдалгүй үндсэн үйл ажиллагаагаа явуулж байгаа тус эмнэлгийн хамт олонд талархлаа илэрхийлсэн юм.

Уг барилгын гүйцэтгэгчээр “Гангар инвест” компани барилгын угсралтын ажлыг технологийн горимын дагуу чанартай хийж гадаадын өндөр мэргэжлийн инженер техникийн мэргэжилтнүүд зөвлөхөөр нь ажилласан байна.

Мөн энэ өдөр тус клиник эмнэлгийн Цөмийн оношилгоо эмчилгээний төвийг Монгол Улсад цөмийн анагаах ухааныг үндсэлэгч МУ-ын ардын эмч, Хүний гавъяат эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор “П.Онхуудайн” нэрэмжит болголоо.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарын газрын зураглалын сан бүхий manaikhoroo.mn сайт шинэчлэгдлээ

2013 онд нийслэлийн Мэдээллийн технологийн газар Азийн сан болон Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай хамтран иргэдийн оролцоотой газрын зураглалыг хороодын түвшинд хийж, боловсруулсан.
Хорооны түвшинд хийж боловсруулсан газрын зураглалуудыг багтаасан цахим онлайн газрын зураглалын сан бий болгосноор иргэд, оршин суугчид болон хотын захиргааны холбогдох албан тушаалтнууд дээрх мэдээ, мэдээллийг цахим хэлбэрээр харах, тэдгээрт дүн шинжилгээ хийх, цаашид төлөвлөлтөнд ашиглах боломжтой болсон юм.
Тус системийг өнгөрсөн онд нийслэлийн Засаг даргын А/983 дугаар захирамжийн дагуу нийслэлийн Мэдээллийн Технологийн газраас шинэчлэн сайжруулсан.
Иргэдийн оролцоотой хороодын түвшинд боловсруулагдсан тус систем нь зураглалыг оруулах, мэдээ мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд гар ажиллагаа ихтэй, аюулгүй байдал сул зэрэг дутагдалтай байсныг HMTL5, CSS3, Java, Jquery програмчлалын хэл ашиглан шинэчлэн сайжруулсанаар газрын зураглалын санг баяжуулахад илүү хялбар, ажлын ачааллыг багасгасан, цаг хугацаа болон санхүүгийн хувьд хэмнэлттэй болов.
Manaikhoroo.mn цахим системийг дүүрэг болон хороодын албан хаагчид ашиглах чадвар олгох сургалтыг энэ сарын 27-ны өдрөөс ирэх сарын 6-ны өдрүүдэд зохион байгуулан ажиллаж байна гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Аялал жуулчлал ба ажил эрхлэлт-2015” хөдөлмөрийн яармаг болно

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Хөдөлмөрийн газар, Аялал жуулчлалын судлаачдын нийгэмлэгтэй хамтран аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, идэвхтэй ажил хайгч иргэдийг эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу түр болон байнгын ажлын байртай болох нөхцөлийг хангах, аялал жуулчлалын байгууллагуудад шаардлагатай байгаа мэргэжлийн ажилтнаа олоход нь дэмжлэг үзүүлэх, ажил олгогч, ажил хайгч иргэдийг холбох зорилгоор “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармагийг зохион байгуулах гэж байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Хөдөлмөрийн яармаг 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 10:00-18:00 цагийн хооронд болно.

Хөдөлмөрийн яармагийн үеэр нийслэлийн зургаан дүүргийн хөдөлмөрийн хэлтэс бүртгэлтэй ажлын байранд шууд зуучлах бол нээлттэй ажлын байр зарласан жуулчны бааз, тур оператор, зоогийн газар, зочид буудлын ажил олгогчид байгууллагаа танилцуулан ажилд шалгаруулж авна. 2014 оны хөдөлмөрийн яармагт аялал жуулчлалын байгууллагуудын 442 ажлын байр зарлагдаж байснаас хөтөч, орчуулагч, жолооч, зохион байгуулагч, зочин хүлээн авагч, угтагч, тогооч, бармен, зөөгч, угаагч, мужааны ажлын байр хамгийн их эрэлттэй байсан юм гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа эхэллээ

“Тарьц, суулгац-2015” үзэсгэлэн худалдаа Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд нээгдлээ. БОНХАЖЯ-наас улс орон даяар өрнүүлж буй “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ий хүрээнд энэ жилийн үзэсгэлэнг зохион байгуулжээ. Үзэсгэлэнгийн нээлтэд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны дэд сайд М.Хүрэлсүх, тус яамны Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Банзрагч, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Сумъяабаатар болон Монгол Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн ерөнхий захирал Чой Сү Жон болон Ойн судалгаа хөгжлийн төвийн захирал С.Гантулга нар оролцлоо. БОНХАЖЯ-ны дэд сайд М.Хүрэлсүх үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан манай оронд 1940-2007 онд агаарын жилийн дундаж температур 2,1 хэмээр дулаарч, хөрсний ууршилт 118,1 хувиар нэмэгджээ. Мөн жилд унах хур тунадасны хэмжээ 30-40 мм-ээр буурч байгаа нь гадаргын усны хэмжээ багасахад нөлөөлж байна. Тиймээс БОНХАЖЯ-аас өрнүүлж байгаа “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ий хүрээнд иргэн бүр хашаандаа мод ургуулах, аж ахуйн нэгж, байгууллага бүр гадна орчиндоо ногоон байгууламжтай болох, өөрийн байгууллагын нэрэмжит таримал ой сантай болох асуудлыг ажил хэрэг болгохыг та бүхнээс уриалж байна.

Энэ жилийн тарьц, суулгацны үзэсгэлэн худалдааг “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-д оролцох иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг тарьц, суулгацаар хангах, тарьц суулгац ургуулах бизнес эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж байгууллагын борлуулалтыг нэмэгдүүлж, үйл ажиллагааг дэмжих, хоорондын холбоог нь сайжруулах зорилгоор зохион байгуулж байна. Бурхан багшийн сургааль дахь “Мод их амь, хүн бага амь”, “Нэг мод тарих нэг насны буян”, “Хоёр мод тарьвал хойд насны буян” хэмээх айлдварыг ч манай ард иргэд сайн ойлгож өөрийн итгэл үнэмшлээрээ хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна” гэлээ.

Үзэсгэлэнд төрөл бүрийн мод, цэцэг, жимс, жимсгэний тарьц, суулгац, үр тавигдсанаас гадна тэдгээрийг арчлах багаж, хэрэгсэл, бордоо гэх мэт олон нэр төрлийн бүтээгдэхүүн дэлгэгджээ. Мод, сөөгний тарьц суулгацын үнэ хэмжээ, наснаасаа хамаараад харилцан адилгүй байна.

Тухайлбал, нэг настай улиас 1500 төгрөгөөр худалдаалагдаж байгаа бол гурван настай нь 3800, 4-6 настай нь 4900-5000 төгрөгийн үнэтэй байна. Мөн үхрийн нүдний суулгац 3500-аас дээш төгрөгийн үнэтэй, чацаргана, монос, нохойн хошуу, гүйлэс, голт бор гээд олон нэр төрлийн жимсгэний мод наснаасаа хамааран үнэ нь харилцан адилгүй байна. Харин шар хуайсны гэх мэт үр 100 төгрөгөөс эхэлж байгаа бол хар мод, харганы үр нэг килограмм нь 70 мянган төгрөг, нарсны үр нэг килограмм нь 80 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна.

БОНХАЖЯ, “Ойн судалгаа хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар болон Монгол, Солонгосын “Ногоон хэрэм” төсөл хамтран зохион байгуулж байгаа тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа энэ сарын 29-ныг хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ редакцийн-нийтлэл цаг-үе

Киногоороо бид гэр бүлийн хайр, нандин учралын тухай харуулахыг зорилоо

“Аврора” энтертайнментийн уран бүтээлчдийг бид “Зүрхэнд гэрэлтэх од”, “Дуудлага”, “Танхай тээгч” зэрэг уран бүтээлүүдээр нь таньдаг болсон. Тэгвэл тус хамт олон залуусын хайр сэтгэлийн тухай өгүүлэх “Учрал” нэртэй зургаа дахь бүрэн хэмжээний уран сайхны киногоо үзэгчдийн хүртээл болгоод байна. Хүн бүрийн сэтгэлийн нандин утсыг хөндөх тус киноны ерөнхий найруулагчаар Б.Чингүүн, хоёрдугаар найруулагчаар Ц.Золжаргал, зураглаачаар Г.Хосбаяр, хөгжмийн зохиолыг Л.Балхжав, С.Гантөр нар бичсэн бол гол дүрүүдэд О.Дөлгөөн, Т.Баттулга, Э.Алдар, Г.Анхмаа нар тогложээ. “Учрал” бүрэн хэмжээний уран сайхны киноны ерөнхий найруулагч Б.Чингүүнтэй цөөн хором ярилцлаа.

-Киноныхоо санааг хэзээ олов?

-Оны өмнө арванхоёрдугаар сарын үед бид шинэ кино хийе гэж төлөвлөөд “Учрал” киноны зохиолыг бичиж эхэлсэн. Тухайн үед “Танхай тээгч” бэлэн болгосон байсан. Нэгдүгээр сард “Танай тээгч” уран сайхны киног нээсний дараахан киноны зураг авалтанд орсон.

-Зураг авалт хэр удаан үргэлжилсэн бэ?

-Сар гарангийн хугацаанд зураг аваад дууссан.

-“Учрал” киноны зохиолын хувьд яриач. Нийгэмд юу үзүүлэхийг зорив?

-Зохиолоо ямар нэг ном, зохиолоос сэдэвлээгүй. Энгийн амьдралаас урган гарсан. Ямар ч хүний амьдралд хайр оршин тогтносоор л байдаг шүү дээ. Тэр утгаараа хайр бол мөнхийн сэдэв. Киногоороо бид гэр бүлийн хайр, нандин учралын тухай харуулахыг зорилоо. Үзэгчид киногоо үзээд дүгнэлт хийх байх.

-Дүр сонголтын хувьд … ?

-Дүр сонголтын хувьд сэтгэл хангалуун байгаа. Ямар ч кинонд дүр чухал шүү дээ. Киноны гол дүрд О.Дөлгөөн, Т.Баттулга буюу Батуушка, Г.Анхмаа, Э.Алдар гэсэн дөрвөн залуу тоглосон. Харин туслах дүрүүдэд П.Цэрэндагва, Л.Дэмидбаатар, Б.Базаррагчаа, Ц.Ганзориг, Ш.Алтанцэцэг, Б.Баяржавхлан, Б.Шинэбаяр, Б.Мишээл нарын чадварлаг уран бүтээлчдийг сонгосон байгаа.

УЧРАЛ КИНОНООС РОМАНТИК МЭДРЭМЖҮҮДИЙГ МЭДЭРСЭН

“Учрал” киноны гол дүрийн залуу Ивээлийн дүрд тоглосон жүжигчин Т.Баттулгатай ярилцлаа.

-Киноны нээлтийн сэтгэгдлээ хуваалцаач?

-Маш сайхан байна. Киноны баг хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна. Ямар нэг урлагийн ажил дандаа хамтын бүтээл байдаг.

-Яагаад энэ кинонд тоглохоор болов?

-Дөнгөж он гарах үед киноны найруулагч Чингүүн маань надад санал тавьсан. Очиж уулзаад зохиолоо уншихад үйл явдал нь нүдэнд их гоё буусан л даа. Тэгээд тоглоё гэж бодсон. Миний хувьд 2015 оны анхны маань кино. Мөн хайр дурлалын кинонд анх удаа тоглолоо. Энэ жил уран бүтээлийн олз омог их байх нь гэж бэлгэшээж байгаа.

-Хайр дурлалын кинонд тоглох ямар байсан бэ?

-Мэдээж их гоё байсан. Ер нь дурлалт залуугийн дүрд тоглоё гэж боддог байлаа. Би найз охингүй болоод ч тэр үү бүтэн хоёр сар дурлалт бүсгүйтэй юм шиг явахад сэтгэлд их сайхан байлаа. Манай хамтлагийн дүү Дөлгөөн миний портнер болж тоглосон. Киноноос романтик мэдрэмжүүдийг маш сайхан мэдэрлээ дээ.

-Сургуулиа хэзээ төгсөж байв. Хэн хэнтэй суралцаж байсан бэ?

-2006 онд СУИС-ийг Н.Ганхуяг багшийн ангийг төгссөн. Манай ангийн олон залуус мэргэжлээрээ ажиллаж байгаа. Алтаншагай байна. Шинэ үеийн Ганбаа, Отгоо, Пароди хамтлагийн Нямка, “Х-түц”-д байсан Хулан гээд бүгд манай анги.

-Ажлын гараа хаанаас эхэлж байв?

-Ажлын гараа “Шинэ үе” продакшнаас эхэлж байсан. Оюутан байхдаа төгсөх курсэд ороод анхны жүжгэнд гарч байлаа. “Буруу эргэлт” гээд анхны кино маань мөн л “Шинэ үе”-ээс эхэлсэн. Миний анхны гэсэн бүх зүйл “Шинэ үе” хамтлагтай салшгүй холбоотой. Энэ дашрамд хэлэхэд Бооёо ахдаа маш их баярлаж явдаг шүү гэдгээ хэлье. Бооёо ахаасаа их юм сурсан шүү. Одоо ч гэсэн сурсаар л явна.

-Танд амьдралд баримталдаг зарчим бий юу?

-Амьдралд стресстээд байдаггүй минь миний давуу тал юм уу даа. Аль болох стрессгүй хөнгөн байдаг. Хямарсан ч аль болох өөр тийшээ өөрийгөө эргүүлж чаддаг.

-Залуу хүний хувьд үе тэнгийнхэндээ хандаж хэлэх үг байна уу?

-Адилхан залуу хүн юм чинь шүүмжлэл бол хэлмээргүй байна. Одооны залуус мундаг байна л даа. Анзаараад байхад залуус бие хаандаа ихээхэн анхаарал тавьж фитнесст явдаг болж. Архи дарснаас ч хол байдаг болсон байна.

-Та өөрөө хэр шоучин бэ?

-Би чухал гэсэн хүлээн авалт, хурим найранд гарч оролгүй яахав. Хүн л болсон хойно хааяа өөрийгөө тэгж баясгана шүү дээ. Зав гаргаад бүжиглэнэ, дуулна гээд хааяахан гарах үе бий.

-Таны өндөр, жин, дуртай өнгө гээд близ асуултанд хариулаач?

-Өндөр 182 см, жин 81 кг. Тэнгэр лүү харахад сэтгэл сэргээд сайхан байдаг учраас би “тэнгэр шиг” усан цэнхэр өнгөнд дуртай.

-Сүүлийн үед юу хийгээд байна?

-Манай Мөрөөдлийн театр хамтлагийнхан “Мөрөөдлийн баг дэлхийг аварна” гээд шоу ид дундаа тоглогдоод явж байна. Сүүлийн үед кино гэж яваад хамтлагийнхаа ажлыг жаахан цалгардуулсан. Одоо хамтлагийнхаа ажилд түлхүү анхаарч байгаа.

ЭНЭ КИНОГ ОРЧИН ЦАГИЙН РОМЕО ЖУЛЛьЕТтА ГЭЖ БОДОЖ БАЙГАА

Учрал киноны Намууны дүрд тоглосон жүжигчин О.Дөлгөөнтэй ярилцлаа.

-Учрал кино таны хэд дахь уран бүтээл вэ?

-Миний зургаа дахь бүрэн хэмжээний уран сайхны кино байх. Би энэ киног орчин цагийн Ромео Жульетта гэж үзээд байгаа. Амьдрал хүмүүсийн харилцааг харуулсан уран бүтээл болсон. Энэ удаад Намуун гээд гол дүрийн охинд тоглолоо. Би Аврора филмсийн залуустай анх удаа хамтарч ажиллаж байна л даа. Чадварлаг хамт олонтой хамтарч ажиллахад маш их таалагдсан шүү. Дээрээс нь дандаа залуу хүмүүс учраас илүү шинэ сэтгэлгээтэй санагдсан. Сар гаруй хугацаанд хамт байна гэдэг бага хугацаа биш. Бүгдээрээ хамт байгаад дассан байна лээ.

-Киноны санал тавьсан уу, зохиол нь ямар санагдсан бэ?

-Чингүүнээ ахыг ер нь богино хэмжээний киногоор мэддэг байсан л даа. Кинонууд нь өөрийн гэсэн өнгө, шийдлүүдийг чадварлагаар гаргаж байгаа харагддаг. Чингүүнээ ахыг “Учрал” кинонд тоглооч гэсэн санал тавихад их баярласан. Зохиолоо уншаад бүх их таалагдсан.

-Хэзээ сургуулиа төгссөн бэ. Анх яаж олны танил болж байв?

-2012 онд СУИС-ийн жүжигчний ангийг төгссөн. Анх Үндэсний телевизийн “Амьдралд тавтай морил” гээд 80 ангит киноны Золоогийн дүрээр олонд танигдаж байлаа. Тэр киноны багийхандаа маш их баярлаж явдагаа хэлмээр байна. Цаашлаад “Мөрөөдлийн театр”-тай хувь заяагаа холбосон. Хамтлагтаа ажиллаж байхдаа голоор нь хэд хэдэн уран сайхны кинонуудад тоглочихоод байна.

-Олны танил хүнээс охид үлгэрлэл авдаг байх. Биеэ авч явах тал дээр хэр анхаардаг вэ?

-Фэйсбүүк хуудас руу маань жаахан охид их юм бичдэг. Олны нүдэнд байнга харагдаж явдаг хүн учраас өөрийгөө зөвөөр авч явахгүй бол хүмүүс янз янзаар ярих тохиолдол зөндөө. Тэгэхээр хаана ч гэсэн биеэ аятайхан л авч явах шаардлага гардаг.

-Урлагийн хүнд өөрийн чинь ажлыг ойлгох хань чухал. Уншигчдадаа нөхрөө танилцуулахгүй юу?

-Манай нөхөр Гадаад харилцааны менежер мэргэжилтэй Очирпүрэв гэдэг залуу бий. Одоогоор хувиараа бизнес эрхэлж байгаа. Харьцангуй урлагаас хол, урлагийн хүн биш ч гэсэн намайг маш сайн ойлгож дэмждэгт нь баярлаж явдаг. Цаг наргүй ажилдаг намайг ойлгодогт ханьдаа баярлалаа гэж хэлмээр байна.

-Яаж танилцаж байв?

-Манай нөхөр “Next electronics”-т гадаад харилцааны менежер хийдэг байсан юм. Би “Next electronics”-ын нүүр царай нь болоод гэрээтэйгээр ажилладаг байхад нэг залуу байнга намайг хараад байдаг байсан. Тэр үед танилцсан даа. Бид хоёр одоо хөөрхөн хүүтэй болсон.

-Хүүхэд чинь их содон нэртэй юм билээ. Нэрийг нь хэн өгч байв?

-Хүүг маань Ивээлт-Од гэдэг. Нэрний хувьд Очирпүрэвийн О үсэг, Дөлгөөний Д үсгийг нийлүүлээд ямар ч байсан Од-той нэр өгнө гэж бодож байсан. Тэгээд л хоёулаа ярилцаж байгаад Ивээлт-Од гэж нэр өгсөн. Одоо миний хүү нэг ой өнгөрч байгаа.

-Охид бүсгүйчүүдэд сонин байх болов уу. Өндөр, жин, биеийн харьцаагаа хэлээч?

-Би 49 кг жинтэй, өндөр 163 см. Сүүлд үзэхэд өгзөгний тойрог маань 90 см байсан шүү.

-Залуусын амьдралын хэмнэл ямар байгаа юм шиг санагдаж байна?

-Залуустаа хэлэхэд ид залуу байгаа дээрээ завгүй байгаарай. Завгүй байвал маш их зүйлийг амжуулдаг юм шиг санагддаг. Миний хувьд бүх юм амжихгүй юм шиг мөртлөө гүйгээд байхаар их зүйл амжуулчихсан байдаг. Тэгэхээр ид эрч хүчтэй, энергитэй байгаа дээрээ завгүй амьдраарай. Эргээд харахад залуу насаа харамсахааргүй өнгөрөөх хэрэгтэй шүү дээ.

-Цахим ертөнцөд хэр идэвхтэй вэ?

-Фэйсбүүк, инстаграм гээд цахим ертөнцөд идэвхтэй. Би ч гэлтгүй бүх хүмүүсийн салшгүй хэрэглээ болж. Тэрийгээ л харахгүй бол болохгүй ч юм шиг болчихож. Дээрээс нь миний мэргэжилтэй уялддаг юм шиг санагддаг шүү. Хүмүүстэй илүү ойр харьцдаг. Олон хүмүүс надаас юм асуудаг. Тэр болгонд уулзаж чадахгүй болохоор фэйсбүүкээр хариу өгдөг.

-“Халз нүүрээ угаая аян” яваад байгаа. Өөрөө тэрэнд орсон байна лээ?

-Хүмүүс ямар бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ, арьсаа яаж арчилдаг вэ гэж фэйсбүүк, аск.мн-ээс их асуусан. Би хангуг косметикийн Монгол дахь нүүр царай болоод бүтээгдэхүүнийг нь хэрэглээд жил гаруй болж байна л даа. Үнэхээр миний арьсанд таардаг юм. Тиймээс тэр асуултуудад хариу өгч “Халз нүүрээ угаая аян”-д орж бичлэг хийж фэйсбүүктээ тавьсан. Бичлэгтээ өөрийнхөө хэрэглэдэг бүтээгдэхүүнээр нүүрээ яаж буддагаа үзүүлсэн. Тэрийг сонирхсон хүн л үзэх байх л даа.

-Яагаад Мөрөөдлийн театрт оров?

-Энэ бол хувь хүний сонголт л доо. Гуравдугаар күрсэд байхад минь “Мөрөөдлийн театр”-т орох уу гэсэн санал тавьсан. Оюутан байхад минь намайг голохгүй тайзны уран бүтээлд оруулсан ах нартаа маш их баярладаг. Тэр утгаараа надад их үүрэг хариуцлага ирсэн л дээ. Бүтэн драмын жүжгийг хүмүүс үзэх гэж ирнэ шүү дээ. Оюутан байсан учраас би тэр дүрд тоглож чадах болов уу гэсэн айдас байдаг байсан. .

-Тоглохыг хүсдэг дүр бий юу?

-Жүжигчний мэргэжлээр төгссөн охидууд Жульеттад тоглохыг мөрөөддөг. Миний мөрөөдөл бол драмын театрт Жульеттагийн дүрд тоглох.

-Сүүлийн үед юу хийж байна?

-Хамтлагийнхаа шинэ тог­лол­тод оролцож байгаа. Мөн ирэх зунаас шинэ киноны зураг авалтад орох гэж байгаа.

С.Ариунжаргал

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Монголын төр жайжийчихлаа

Төрийн албан хаагчдыг олноор нь хоморголон халж байна. Хонзогнон халж байна ч гэж болно. Аль яамнаас, аль агентлагаас хэдэн хүн халагдсан нарийн тоо гарах боломжгүй байна. Өдөр өнжихгүй үргэлжилж буй порцесс учраас. Тоймлож мэдээлэхэд ГХЯ-аас лав одоогоор 32 төрийн албан хаагч, Хөдөлмөрийн яамнаас 72 төрийн албан хаагч, МХЕГ-аас 59 төрийн албан хаагч халагдсан… гэх тоо цааш үргэлжилнэ. ГХЯ гэхэд Консулын газрын дарга, цэрэг, жолооч юутай хээтэй нь халснаар эхэлсэн. Энэ яамны халаа сэлгээ хил даван үргэлжлэх шинжтэй болсон нь сайд Л.Пүрэвсүрэнгийн зүгээс гадаадад суугаа 43 дипломат ажилтнаа өөрсдийн зардлаар ирж, ажлаа өгөхийг шаардсан мэдээлэл юм. Үүгээр зогсохгүй өөр улсад байгаа хэд хэдэн консулын газрыг татан буулгахаар болсон гэсэн. Тэгэхээр дээрх 32 гэсэн тоо хоног хоногоор нэмэгдэх бололтой. ГХЯ-ны халагдаж байгаа албан хаагчдын үед л хоёр хөршийн төрийн тэргүүнүүд шил шилээ даран айлчилснаас эхлээд гадаадад ертөнцөд явуулсан үйл ажиллагааг нь муугаар дүгнэх аргагүй. АН-ын гишүүн сайдаас АН-ын гишүүн сайд халааг нь авсан яам. Гэтэл сонгуулийн дараахь үр дүн шиг, засаглал солигдсон үеийнхэнтэй адилтгамаар халаа сэлгээ явагдаж байгаа нь АН-ын нэр хүндийг ахиад л гишүүд, дэмжигсэдийнх нь дунд унагасан үйл явдал боллоо. Намын өнцгөөр харвал ийм. Харин монгол төрийн ноён нуруу, төрийн потенциал талаасаа бол хамгийн мэргэшсэн боловсон хүчинтэй ГХЯ ингэж суларснаар Монголын төр гадаад харилцаа талдаа лав жайжийчихлаа.

Монгол Улсыг ажилтай-орлоготой байх бодлогыг боловсруулж, шийдвэрийг нь хэрэгжүүлж буй Хөдөлмөрийн яам албан хаагчдаа бас л хуйгаар нь халж байгаа нь хэвлэл мэдээллээс харагдаж байна. Иргэдээ ажилтай орлоготой байлгах үүрэг хүлээсэн төрийн яам нь ажилчдаа ажилгүй орлогогүй болгох үйл ажиллагааг үлгэрлэн харуулж байгаа нь төр яйжийсных.Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөрийн төв бирж, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Хөдөлмөрийн судалгааны институтийг нэгтгэж Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, мэдээлэл судалгааны үндэсний төв гэж байгуулснаар Хөдөлмөрийн яамны 25 албан хаагч, хуучин ажиллаж байсан байгууллагуудаас 47-н ажилтан (жирэмсний амралттай байсан зургаан хүнд ажлын бус амралтын өдрөөр, оройн цагаар утасдаж хэлжээ) нийт 72 төрийн албан хаагчийг нэг өдөр, нэг тушаалаар, урьдчилж мэдэгдэлгүйгээр гэнэт халжээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасан хүчин төгөлдөр заалтуудыг Хөдөлмөрийн яам нь өөрөө үл тоожээ. Дээрх халагдсан хүмүүсийн оронд Д.Амгалан нарын хоёр дэд дарга, 7 газрын дарга, 10 хэлтсийн дарга гэсэн албан тушаалыг бий болгож МАН-ын гишүүн 20 хүнийг даргаар томилсон нь улс төрийн зорилготой харагдана. Хөдөлмөрийн яаман дахь хоморголон халалт дээрхээр дуусаагүй юм билээ яамныхаа удирдлагад байсан төрийн албан хаагчдыг 100 хувь халж, улмаар 21 аймаг, есөн дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргыг бүгдийг нь, МСҮТ-үүд, барилга техникийн коллежийн захирлуудыг 100 хувь халжээ.

МХЕГ бол иргэдийн хувьд аюулгүй амьдрах нийгмийн баталгаа болсон газар. Нарийн мэргэшсэн, тусгай үүргийн албан хаагчидтай, хуулиар олгогдсон эрх үүрэгтэй төрийн бүтэц юм. Тэнд сая шинэ дарга очсоноор төрийн энэ эрх үүрэг мөн л яйрч жайрч эхэлжээ. Өнөөдрийн байдлаар МХЕГ-аас нийт 11 албан хаагч халагдах тушаалаа авчээ. Хөдөө орон нутгийн МХГ-аас 35 төрийн албан хаагч, улсын байцаагч халагдсан албан мэдээлэл ирлээ. Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга нар бүгд төрийн албанаас нохой шиг хөөгдсөн байна. Аймгуудын МХГ-ын дарга нарын 80 хувийг халжээ. Энэ бүхэн Монголын төр жайжийж суларсны шинж биш үү.

Энэ мэтээр төрийн албан хаагчдыг хоморголон халж байгаа үйл явц өнөөдөр төрийн бүх яам, тамга, газар хэлтэс, агентлагууд дээр явж байгааг ҮАБЗ анхааралдаа авч Монгол төрийн дархлаанд, цаашилбал аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрч байгааг ярилцсан бололтой. Яахыг нь, ямар арга хэмжээ авахыг нь харж байя.

Төрийн ажлыг хэн дуртай нь хийдэггүй юм. Хүссэн хүн бүр яваад орчихдог орчин биш. Одоо үлдсэн цөөн төрийн албан хаагчид нь хэзээ намайг бусадтай маань адил нохой шиг хөөх бол хэмээн айдас дунд ажлаа хийсэн болж байна. Ганц эдгээр ч бус шинээр очсонууд нь ч цаашид ажиллах итгэлгүй, нэг дарга нь ирээд л халах биз дээ гэсэн айдастай өдөр хоногийг өнгөрөөж байна. Төрийн ажил өдөр хоног өнгөрөөсөн байдлаар явах ажил биш. Энэ нь Монгол төрийн дархлаа суларч, төрийн багана жайжийсных. Төрийн албан хаагчдын эрхэнд улс төрийн нам солигдвол халддаг байсан бол одоо нам доторх фракциуд халддаг болсон нь ГХЯ-ны ав хоморголлоос харж болно. Монгол төрийн албан хаагчид очсон дарга сайд бүрийнхээ таалалд нийцэх гэж өмнө нь бөхөлзөж, өвдгөнд нь мөргөж, хойно урд нь нахилзаж, гөлөлзөж байдаг. Монголын төрийн албан хаагчдыг хэн ийм болгож байна гэхээр Төрийн албаны тухай хууль нь ийм байдалд оруулж байгаа юм. Төрийн албан хаагчдад хамаатай, зориулагдсан бүх хууль эрх зүйн орчин нь Монгол төрийн албан хаагчдыг дарамталж байна. Тэднийг ийм хүнд, ичгэвтэр байдалд оруулж байна. Хуулиараа төрийн албан хаагч баяжвал шоронд, ямар бандаашиг авч өмссөнөө хүртэл тайлагнахгүй бол шоронд, хамаатан садан, хань ижил, үр хүүхдүүдийнхээ бизнесийг хүртэл хэлэхгүй бол шоронд. Тэрбайтугай таньдаг, итгэдэг хүмүүсээ ажилд авах юм бол ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль зөрчсөн болж шоронд орох нь. Энэ бүх хуулийн нээнтэгээр төрийн албан хаагчдын нурууг бөхийлгөх гэж шүдээ тачигнуулж, нүдээ гялалзуулсан хүмүүс олон боллоо. Энэ нь Монголын төрийг занаж, дорд үзэж байгаа хэлбэр. Төр засгаа ийм хүчгүй болгосон улс оронд л Боко харам бүлэглэлүүд үүсдэгийг бид олон улсаас харж байна. Монголын төрд өстэй хүмүүс одоо үед ямар их бий болов оо.

Монгол төрийн албан хаагчид хэний ч өмнө, ялангуяа очсон дарга бүрийн өмнө солонгос баарны үйлчлэгч шиг үүднээсээ эхлээд бөхөлзөх ёстой болж байна. Өвдгийг нь үнсээд, ширээндээ түшиж суулгаад, эрх хав шиг аяглаж байх шаардлага яригдаад байгаа юм. Тэгвэл Монголын төр хэний ч өмнө бөхөлзөх ёсгүй. Харин Монголын төрийн өмнө хүн бүр бөхөлзөх ёстой. Монголын төр тэнд байна гэж дуулдахад л энд бүгдээрээ навтасхийж байх ёстой. Монголын төр захын хүний өмнө бөхөлзөж байвал Монгол шиг ийм жижиг орны тусгаар тогтнол эргэлзээтэй болно. Монголын төрөөр хэн дуртай нь юу ч хийлгэж чаддаг болно. Харин Монголын төрийн түшмэдийн гарын арван хуруунд ажил нь орчихсон, төр нь иргэдээ дарамталдаггүй, бөхөлздөггүй, гаргах ёстой шийдвэрээ гаргаж, хэнээс ч айлгүй хэрэгжүүлдэг болж байж тусгаар тогтнол маань үнэ цэнтэй, баталгаатай байна. Харин төрийн бүх шатандаа дарамттай, төрийн мэргэшсэн албан хаагчгүй, хоноцын сэтгэлгээтэй хүмүүс орж гарсан, бөхөлзсөн хүмүүсээр дүүрсэн үед л мэргэжлийн бус төрийн бүтэц бий болдог. Өнөөдөр Монголын төр яг ийм байдал руу орж жайжийчихлаа. Ийм төр ард түмэнд ямар хортой байдгийг өнөөдөр бид харж эхэлж байна.

Categories
мэдээ улс-төр

Аж ахуйн нэгжүүд инээмсэглэл эсвэл гахайны дүрс хүлээж авна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа, Тохижилт хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяр нар Баянгол дүүргийн аж ахуйн нэгжийн удирдлага, төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтаар согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудад жил бүр явуулдаг аттестатчилалыг энэ жил хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл өглөө.

Энэ жилийн хувьд аттестатчиллыг нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдаантай хамтатган явуулахаар боллоо. Өмнөх жилүүдээс ялгарах онцлог нь болзолт уралдааны хүрээнд байгуулагдсан ажлын хэсгүүд эрүүл ахуй, тохижилт, ногоон байгууламж, цэвэрлэгээг хянан зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдэд эхний ээлжинд хугацаатай үүрэг өгч биелэлтийг хянах юм. Товлосон хугацаанд зөрчлөө арилгасан бол инээмсэглэсэн дүрс бүхий /smile/ наалт өгнө. Удаа дараа зөрчлөө арилгаагүй бол /гахай/-ны дүрс бүхий наалт нааж, олон удаа давтан авсан бол хаах хүртэл арга хэмжээ авахыг анхааруулав.

Уралдаан нь нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын ажлын шинэ санал санаачилгыг дэмжих, нийгмийн хариуцлагыг өндөрсгөх, тохижилт бүтээн байгуулалт, хог хаягдал, цэвэрлэгээний менежментийг сайжруулах, хотын өнгө үзэмжийг дээшлүүлэх замаар иргэдийн ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилготой гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Бидний хүүхдүүд гадаад оронд аялж ирээд манай хот хэзээ ийм гоё болох вэ гэж ээж ааваасаа асуудаг. Хот цэвэр цэмцгэр байх эсэх нь нийслэлд оршин сууж байгаа иргэд биднээс л шалтгаална. Төрийн байгууллага л хотын хог цэвэр цэмцгэр байдалд анхаарал хандуулахаас илүү хувийн хэвшил, аж ахуйн нэгж, иргэдтэйгээ хамтран ажиллах нь илүү чухал байна. Нэг тэрбум төгрөгөөр гудамж талбай, хэсэг газрыг тохижуулахаас илүү аж ахуйн нэгжүүдээ урамшуулан хамтран хотоо хөгжүүлэх нь л чухал. Байгууллагынхаа орлогыг нэмэгдүүлье, үйлчлүүлэгчдээ татах маркетинг хэрэгжүүлье гэдэг аж ахуйн нэгжүүд орчноо маш сайхан тохижуулдаг. Тэр хэрээр хэрэглэгч, үйлчлүүлэгч нь нэмэгддэг. Эрүүл ахуй, орчны тохижилт муу газраар иргэд үйлчлүүлэх дургүй байх нь тодорхой. Тиймээс нийслэлээс сайн ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийг олон нийтэд сурталчлан энэ оны 09 сарын 25-ны өдөр нийслэлийн хэмжээнд нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж сайн ажиллаж буй аж ахуйн нэгжүүдээ зарлах юм” гэв.

Болзолт уралдааны хүрээнд байгуулагдсан ажлын хэсгүүд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас гаргасан жагсаалтын дагуу тухайн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудад аттестатчилал явуулна. Аттестатчиллыг дараахь шалгуур үзүүлэлтээр дүгнэж дүнг хавсралт хүснэгтээр Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэст энэ оны 06 дугаар сарын 15-ны дотор ирүүлнэ. Үүнд:

  • Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журмын хэрэгжилт
  • “Хоолны газрын ангилал, зэрэглэл, үндсэн шаардлага MNS4946:2005”, “Худалдааны газар, түүний үйлчилгээ MNS5021:2007” стандартын шаардлагыг хангасан байдал
  • Тохижилт цэвэрлэгээний талаар албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн дагаж мөрдөх журмын хэрэгжилт
  • Хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал хангагдсан байдал
  • Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудад өөх тос баригчийг суурилуулсан байдал
  • Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудын болзолт уралдаанд оролцож буй идэвхи, бүтээн байгуулалт, тохижилт, цэвэрлэгээний ажлын шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байдал зэрэг үзүүлэлтийг согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг сунгахад харгалзаж үзэх ажээ.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын Засгийн газар, Хан Ресурстэй тохиролцов

2015 оны 3 сарын 2-ны өдөр гарсан олон улсын арбитрын шийдвэртэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар, Хан Ресурс компанийн хооронд 2015 оны 4 сарын 21, 22-ны өдрүүдэд харилцан тохиролцох хэлэлцээр хийлээ. Хэдийгээр Монгол улсын Засгийн газар энэхүү асуудлыг эвийн аргаар, харилцан ашигтай байдлаар шийдвэрлэхийг эрмэлзэж байсан боловч Хан Ресурс компанийн зүгээс энэхүү хэлэлцээрийг нэг талын санаачлагаар 2015 оны 4 сарын 22-нд цуцалсан болно. Энэ үйлдэл нь Хан Ресурс болон тус компанийн хувьцаа эзэмшигчдэд ашиггүй үр дүнг бий болголоо. Арбитрын шийдвэрийг албан ёсоор хүргүүлээгүй байгаа боловч нэгэнт ийм нөхцөл байдал үүссэн тул Монгол Улсын Засгийн газар өөрийн эрх ашгаа хамгаалах үүднээс арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах, шаардлагатай бусад арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх болно гэж Хууль зүйн яамнаас мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Чөлөөт хэвлэлийг чөдөрлөх гурван заалт нэмэгдэх нь” хэмээх нийтлэл гарлаа

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн уншигчдынхаа гарт хүрч байна. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлагаас онцолж, тоймлон хүргэе.

Манай сэтгүүлч Ц.Баасансүрэн томилолтоор явж, Төв аймгийн Жаргалант сумын тариаланчидтай уулзан сурвалжлага бэлтгэлээ. Жаргалантын тариаланчид тариалалтаа эхлэхэд бэлэн болчихож. Ирэх сарын 3-наас улаанбуудайн тариалалт эхлэх юм байна. Манай сэтгүүлч тэргүүний тариаланч хамт олноор гурван жилийн өмнө шалгарч байсан “Алтан залаа” компанийн захиралтай уулзжээ. Сурвалжлагыг нэг, 13 дугаар нүүрээс уншина уу.

Улс төрийн мэдээллийн нүүрт Батлан хамагалахын сайд Ц.Цолмон ярилцлага өглөө. Тэрбээр “Бие, биеэ шүүмжиллээ гээд нэг л улс төрийн хүчин ашиг хонжоо олох байх” гэж ярьсан юм. Мөн хоёрдугаар нүүрт УИХ дахь намын бүлгүүдийн хуралдааны мэдээлэл орсон юм. Тавдугаар нүүрт Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галааридын ярилцлага хэвлэгдлээ. Тэрбээр хэвлэлийн эрх чөлөөнд чөдөр болсон Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт, Зөрчлийн тухай хуулийн төслүүдийн талаар ярилаа. Эфирийн цаг, сонины зай талбайг үнэгүй мэдээллээр дүүргээд байвал хэвлэл мэдээллийн хэрэгсэл эдийн засгийн хувьд хөгжих, дэвжих зам нь хаагдана гэж тэрбээр ярьсан юм.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг гуравдугаар нүүрт “Чөлөөт хэвлэлийг чөдөрлөх гурван заалт нэмэгдэх нь” хэмээх нийтлэл гарлаа. Нийтлэлд “…Монголын хувийн хэвлэл мэдээллийг, цаашлаад мэдээлэл авах эрхтэй иргэдийн эрхийг давхар зөрчсөн маш аюултай тогтоолын төслийг эхний ээлжинд байнгын хорооны хурлаар хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн байгаа. …” гэжээ. Гуравдугаар нүүрээс бүрэн эхээр нь уншина уу.

Монголд нас барсан Ж.Д.Чарльз болон Арбитрийн шүүхээр манай улстай заргалдаж буй “Хан ресурс” компанийн хэргийн эргэн тойрондохыг VII нүүрээс унших боломжтой. Эдийн засгийн шинжээч болсон үйл явдлын талаар юу гэж ярьсныг өнөөдрийн дугаараас уншаарай.

“Хас”-ын Ч.Ганхуяг Улсын харцага Г.Ганхуягийн талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ. Харцага амидаагаа олон нийтийн цахим сүлжээгээр доромжилж, дайрсан гэнэ. Энэ тухай ярилцлагыг XI нүүрт хэвлэлээ. Мөн хазайгаад, нурах аюулд өртөөд байна гэсэн 16 дугаар байрны талаар мэргэжлийн хяналтынхан дүгнэлт гаргасан. 16 дугаар байрны хажууд барилга барих гэж нүх ухсанаас болж хазайсан гэдгийг мэргэжлийн хяналтынхан үгүйсгэлээ. Дэлгэрэнгүйг өнөөдрийн дугаараас уншина уу.

Төрийн банкны гүйцэтгэх захирал найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн эргэн тойронд ярилцлага өглөө. Орон сууцны зээлийн урьдчилгааг 10 хувь болгох, нийгмийн даатгалын сантай холбох зэрэг асуудал бодит байдалтай нийцэж байна уу, иргэд ямар замаар орон сууцтай болсон нь ашигтай вэ зэрэг эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой ярилцлагыг нэг болон зургадугаар нүүрээс уншина уу.

Эдгээр болон Нийгэм, Цаг үе, Дэлхийн мэдээ, Энэ өдөр зэрэг булангуудаас хэрэгтэй мэдээллүүдээ уншаарай.

Дашрамд дуулгахад, “Өдрийн сонин”-ы хоёрдугаар улирлын нэмэлт захиалга явагдаж байна. Манай сониныг захиалахыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдож захиалгаа өгөөрэй. Мөн цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

Эрхэм уншигч та, манай сонинг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Хандгайтад тоглож байгаад хэрэгт холбогдсон хүүг цагаатгажээ

Шинэ жилийн эхний өдөр Хандгайтад гулгаж байсан хүү санамсаргүйгээр хүн дайрч аминд нь хүрсэн хэрэгт холбогдсон.

Чаргаар гулгаж байсан хүүд Эрүүгийн хуулийн 94-р зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байсан билээ. Уг зүйлийн 94.1-д “Бусдыг болгоомжгүй алсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг. Улмаар “Цагдаагийн байгууллагаас хуулийнхаа дагуу хүний амь насыг санамсаргүйгээр хохироосон гэсэн үндэслэлээр шалгалтын ажиллагаа хийнэ. Улмаар хэргийг прокурорын байгууллагад шилжүүлнэ. Харин ямар ял шийтгэл оноохыг шүүх, прокурорын байгууллага шийдвэрлэнэ” гэх хариулт өгч байсан юм.

Тиймээс бид энэ явдлаас хойш нэлээд хэдэн сар өнгөрсөн тул хэрэг нь хэрхэн шийдвэрлэгдсэн талаар албаны эх сурвалжаас тодруулахад хэргийг нь прокурорын газраас хэрэгсэхгүй болгосон гэсэн юм. Учрыг тодруулбал Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас уг хэргийг Эрүүгийн хуулийн 27.1-т зааснаар “Гэмт хэрэг болгоомжгүй үйлдэх нь хөнгөмсгөөр найдсан, эсхүл хайхрамжгүй хандсан байна.” гэж заасан зүйл ангид хамаарах хэрэг гэдгийг нотолж, хэргийг нь прокурорт шилжүүлсэн байна.