Categories
мэдээ нийгэм

Өнөөдрийн үзвэр үйлчилгээний хуваарь

Бөхийн өргөөнд -19:00 цагт “Хонгор нутгийн дуулал” уран бүтээлийн нэгдсэн тоглолт

МҮЭСТО-нд -19:00 цагт Эмоци продакшины хошин шог “Тоглож болохгүй тоглоом”

Тэнгис кино театрт –“Донор” МУСК, “Тэд нарт ачлуур зүүлгэ” америкийн кино өдөрлөг, “Содура” МУСК, “Чайлд 44 дэх хүүхэд”“Гурван найз яасан байх нь уу” МУСК“Учрал” МУСК, “Хоме” 3 ди хүүхэлдэйн кино, “3 найз яасан байх нь уу” МУСК, “Галзуу хурд 7” УСК, “Хөгжилтэй өдөр” МУСК

Өргөө кино театрт -“Содура” МУСК“Чайлд 44 дэх хүүхэд” ,“Учрал” МУСК, “Галзуу хурд 7” УСК, “Донор” МУСК, “Хөгжилтэй өдөр ” МУСК, “Хоме” 3 ди хүүхэлдэйн кино “3 найз яасан байх нь уу” МУСК

Хүннү синема –“Содура” МУСК, “Галзуу хурд 7” УСК “Учрал” МУСК, “Донор” МУСК, “Хоме” 3 ди хүүхэлдэйн кино, “3 найз яасан байх нь уу” МУСК

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-ын төв телевизэд ярилцлага өгөв

Энэ дөрөвдүгээр сарын 25-ны орой ОХУ-ын төв телевиз РТР сувгийн “Вести в субботу” нэвтрүүлгээр Оросын телевизийн нэртэй сурвалжлагч С.Б.Брилёвын Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хийсэн ярилцлага нэвтрүүлэг гарав. Сэтгүүлч С.Б.Брилёв өөрийн орны болон гадаадын орнуудын төрийн тэргүүнүүдтэй ярилцлага хийдгээрээ алдартай хүн юм. Тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Ерөнхийлөгч асан Д.Медведев, АНУ-ын Ерөнхийлөгч асан Ж.Буш, Ерөнхийлөгч Б.Обама, Их Британий Ерөнхий сайд Ж.Мейжор, Т.Блейр нартай ярилцлага хийж байжээ. Мөн “Дэлхийн хоёрдугаар дайны мартагдсан холбоотнууд” ном бичиж хэвлүүлж байв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хийсэн ярилцлагын үеэр Аугаа Эх орны дайны үед Монголоос Зөвлөлт Холбоот Улсад үзүүлж байсан тусламж, Монгол-Оросын харилцааны түүх, цаашдын төлөвийн тухай асуудлуудыг хөндсөн юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Jazz & Modern” бүжгийн үдэш өнөөдөр болно

Дэлхийн бүжигчдийн өдөрт зориулан тоглогдож байгаа Jazz болон Modern бүжгийн уг тоглолтын Ерөнхий найруулагчаар УГЗ С.Сүхбаатар, бүжиг дэглээчээр УДБЭТ-ын ерөнхий бүжиг дэглээч МУСТА Х.Хашхүү, МУСТА С.Цэцгээ, Д.Энхбаатар нар дэглэжээ. Улсын филармоний тайзнаа болох уг тоглолтонд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчид болох МУСТА О.Тулга, МУСТА А.Батхүү, МУСТА Э.Ганзориг, МУСТА Т.Ариужаргал, МУСТА М.Бямбаа, МУСТА Э.Номин зэрэг уран бүтээлчид оролцжээ. Бүжгийн урлагт хайртай хэн бүхэн өнөө үдэш Улсын филармоныг зориорой.

Categories
мэдээ соёл-урлаг

П.И.Чайковскийн мэндэлсний 175 жилийн ойд зориулсан тоглолт болно

Монгол Улсын Филармони энэ оны хоёрдугаар улирлын тоглолтоо “Баянмонгол” чуулгын “MOVIE SWING” тоглолтоор эхлүүлж “Novel melody”, “Франц хөгжмийн үдэш” зэрэг тоглолтоо тавьсан юм.

Филармонийн тайзнаа тоглогдох дараагийн тоглолт П.И.Чайковский мэндэлсний 175 жилийн ойд зориулсан Симфони оркестрын тоглолт гэнэ. Тус тоглолт ирэх тавдугаар сарын 7-ны үдэш Улсын Филармонийн концертын танхимд эгшиглэх аж.

Categories
мэдээ улс-төр

Тяньжины чөлөөт худалдааны боомтод хамтарч ажиллана

БНХАУ-ын Тяньжин хот дахь далайн усан боомтыг 2015 оны 4-сарын 21-ний өдрөөс эхлэн Тяньжины чөлөөт худалдааны туршилтын боомтын бүс болгож буйтай холбогдуулан тус боомтын бүсэд Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх тушаал гаргасан байна.

Шадар сайдын тушаалд Монгол Улсаас БНХАУ-ын Тяньжин хотын Бинхай дүүрэгт явуулах худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудал хариуцсан Монголын талын ажлын хэсгийг байгуулсан байна. Тус ажлын хэсэгт Монгол, Хятадын төр засгийн түвшинд хэлэлцсэн тохиролцсоны дагуу Монгол улс далайд гарах гарцыг баталгаатай болгох, тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүлэх, хоёр талын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих, өргөжүүлэх, энэхүү үйл ажиллагаанд төрийн бус байгууллагууд, мэргэжлийн эвсэлд холбоодыг татан оролцуулж ажиллахыг Шадар сайд У.Хүрэлсүх үүрэг болгожээ.

Categories
мэдээ улс-төр

Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Япон Улс хамтран ажиллахаар боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй албаны төлөөлөгчид 2015 оны 4 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд Япон Улсад албан томилолтоор ажиллалаа. Томилолтын хугацаанд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол болон аялал жуулчлалын салбарын төр, хувийн хэвшлийн төлөөлөгчид АНТА буюу Бүх Японы аяллын агентуудын холбооны тэргүүн, Японы Либерал ардчилсан намын ерөнхий зөвлөлийн дарга Тошихиро Никай, ЖАТА буюу Японы аяллын агентуудын холбооны тэргүүн Жүнго Кикүма, Японы Аялал жуулчлалын агентлагийн дарга Шигето Күбо, Японы үндэсний аялал жуулчлалын байгууллагын ерөнхийлөгч Риоичи Мацүяама нартай уулзалт хийлээ.

Мөн Монголын Аялал жуулчлалын холбооны Япон зөвлөлөөс зохион байгуулсан хоёр орны аялал жуулчлалын байгууллагуудын уулзалтад оролцож, Найрсаг Улаанбаатар хөтөлбөр, хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажлуудыг танилцуулсан юм.

2015 онд Улаанбаатар хот Япон Улсын санаачилга, санхүүжилтээр Токио хотод аялал жуулчлалын төлөөлөгчийн газар нээн ажиллуулах, ЖАТА-2015 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцох, Японы 300 гаруй аялал жуулчлалын байгууллагуудаас бүрдсэн багийг хүлээн авах, Токио хотын захиргаатай хамтран аялал жуулчлалын салбарын мэргэжилтнүүдийг чадавхижуулах зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцлоо.

Манай улсаас Япон улсад жилдээ 18 мянган иргэн хувийн хэргээр зорчдог бол Япон улсаас мөн тооны иргэд манай улсад аяладаг байна. Жилд 17 сая иргэд нь гадаадад зорчдог, шууд нислэгтэй, визгүй Япон улсаас ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор дээрх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр боллоо гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Categories
нийгэм редакцийн-нийтлэл

Н.Жуков: Эверестэд авирахын тулд Зайсан толгой руу алхаж бэлтгэлээ базаадаг байлаа

Уулчин Н.Жуковтой ярилцлаа.

-Таныг Эверестэд авирсан анхны Монгол хүн гэдгийг хүмүүс мэднэ. Уулчин гэдэг таны эзэмшсэн мэргэжил үү эсвэл тохиолдлоор холбогдож байв уу?

-Би Баян-Өлгий аймгийн Алтай сумын Урианхай хүн. Эцэг минь насаараа сум, нэгдэлд даргаар ажиллаж ээж 15 хүүхдээ өсгөхөөр ёстой л өглөөн нарнаас үдшийн бүрий болтол борви бохисхийдэггүй байлаа. Шууд хэлбэл 15 хүүхэдтэй айлын нэг нь би. Ер нь би уулчин болж төрөөгүй хүн юм. Яагаад гэвэл би 1983 онд сургуулиа төгсөөд хилийн 0165 дугаар ангид биеийн тамирын офицероор ирсэн ухаантай. Тухайн үед НАХЯ-ны харьяанд Хүч нийгэмлэг байлаа. Хүч нийгэмлэгийн уулчид байнга манай ангид ирнэ. Магванноров гэж Хүч нийгэмлэгийн Уулчдын хорооны дарга, хурандаа хүн байсан. Т.Гүррагчаа хэмээх 74 настай хүн Эверестэд авирах гэж байна гэж яригдаад байсан даа. Тэр хүн уулын ахлах дасгалжуулагч хийдэг байв. Би ийм замаар л уулчидтай холбогдож Хүч нийгэмлэгийнхэнтэй анх удаа Мөнххайрхан, Цамбагаравт авирсан түүхтэй. Гэтэл Магванноров хурандаа “Чамайг хүч нийгэмлэгт авлаа. Чи ууланд шууд гарч, асуудалгүй бууж ирлээ” гээд уулын спортын хоёрдугаар зэрэг олгочихсон юм. Түүнээс хойш жил бүр Хүч нийгэмлэгийнхэн ирнэ. Таванбогд, Цэнгэл, Отгонтэнгэр, Дэглий цагаан гээд Монголынхоо уул бүрт л авирах болсон доо. Ер нь зөвхөн “Хүч” нийгэмлэг бус “Алдар”, “Хөдөлмөр” нийгэмлэгээс уулын клубийнхэн бүгд ирнэ.

-Таванбогдод уулчдыг авахаар ярьсан нисдэг тэрэг унасан тохиолдол бий. Тэнд таны нэр нэлээд тод яригддаг байх шүү. Хэдэн он билээ?

-Польш, Герман, Чех улсын цэргийн уулчид ирээд байсан юм. Сүүлд Онцгой байдлынхантай гал түймэр унтраахаар явж байгаад амь эрсэдсэн гавьяат Т.Сугар нисгэгч нь байсан юм. Тэгэхэд Ш.Арвай генерал, НАХЯ-ны хэлтсийн дарга Авирмэд, дэд хурандаа Ганболд гээд бүгд тэнд байсан. Цаг агаарын таагүй нөхцөл үүсээд бид Таванбогдод гарч чадалгүй гурав хоног саатчихаад байлаа. Нэг хоноод эргэхээр товлож зэхсэн хүнсгүй явчихсан учраас бараг л өлсгөлөн, тэр их хүйтэн шуурганд гурав хоног нүдүүлсэн дээ. Тэгэхэд нисгэгч Т.Сугар агаараас багахан хоол, шатахуун өгч бидэнд тус болж байсан. 1988 ны наймдугаар сарын 20-доор болсон асуудал л даа. Шуурга арилж Таванбогдод гарчихаад буцах үед бидэнтэй станцаар холбогдож вертолётоор авах болсноо хэлсэн. Бид ч заасан цэгт ирээд байтал нисдэг тэрэг ойртож бидний дээгүүр эргэлдэн буух газраа хайж байсан юм. Тийм осол ёстой л хормын дотор болдог юм билээ. Яг газардах нь гэж бодоод би бөхөлгөө засахаар тонгойх хооронд миний хажууд зогсч байсан дэд хурандаа Ганболд “Вертолёт” гээд хашхирахгүй юу. Өндийтөл нисдэг тэрэгний сүүл хэсэг нь шидэгдэж харагдсан. Ахиулаад хартал Хоног толгойд нисдэг тэрэгний их бие аль хэдийнэ зоогдчихсон байх жишээтэй. Бид гүйлдээд очиход нисгэгч Чулуунбаатар, Т.Сугар хоёр бэхэлгээтэй учраас ил бэртэлгүй ухаан алдчихсан байсан. Ахмад цолтой цэргийн эр вертолётийн цонхоор 20 гаруй метрт шидэгдчихсэн бас л ухаангүй. Т.Гүррагчаагийн эхнэр Хумбаа, “Эх орны манаа” сонины сурвалжлагч Цэндэв, Герман эмэгтэй Сузана тэгэхэд явж байсан. Вертолёт мөсөн уулыг мөргөөд инерциэрээ дээшээ 100 орчим метр шидэгдсэн юм билээ. Дээшээ хөөрөхөд хаалга, сүүл нь салсан байдаг. Буцаад унах явцад Сузана Хумбааг тэврээд цас руу үсэрчихсэн байгаа юм. Сурвалжлагч Цэндэв за энэ хүний дараа үсэрье гэж хулгасаар байгаад яг үсрэх гэж байхад нь вертолётийн сандал салж ирээд хөлийг нь хуга цохьчихсон юм билээ. Өндөр уулын салхинд цохиулаад арваадхан секундын дотор тийм айхтар сүйрэл болчихсон. Золоор хүний амь эрсдээгүй. Т.Сугар нисгэгч чадварлаг хүн тулдаа тогтоож чадахгүйгээ мэдсэн даруйдаа бүх цахилгааныг салгаж амжсан байдаг юм. Тэгээгүй бол дотор сууж явсан хүмүүс, эргэн тойрон 100 метрт байсан бид бүгд сүйдэх байсан байх.

-Гадны уулчид, цэргийн дарга нар тэгэхэд явсан. Уулнаас буулгах гэж бөөн асуудал үүссэн биз дээ?

-Оросын геодезийн вер­толёт гэж байсан. Холбоогоор дуудахад л хүрээд ирнэ. Ш.Арвай генерал, Авирмэд, Ганболд гээд бүгдээрээ ботинктой. Буух гэхээр цасан дунд явж чаддаггүй. Тэдний хажууд нэг өндөр герман эрийн хавирга, Сузанагийн гар, Цэндэвийн хөл хугарсан байсан. Майхнаараа дам­нуурга хийж дамжлаад л зүтгэцгээсэн. Гэмтэлтэй хүмүүсээ авч явж байгаад эргээд ботинктой дарга нараа дамнуурга дээрээ суулгаж зөөнө. Бараг замынхаа талд орж байхад Оросын вертолёт ирж үндсэн баазад хүргэж ирсэн. Гадныхан тийм зүйлийг ёстой тоодоггүй юм билээ. Бид л айж, мэгдээд сүйд болж байгаа юм.

-Таны амьдралын торгон үе Гималайн нуруу, Эверестэд авирсан өдрүүд байх. Та чинь тийшээ хоёр удаа явсан гэдэг бил үү?

-Анх 1994 Гималайн нурууны Жонли оргилд буюу далайн түвшнээс дээш 6632 метр өндөрт гарсан. Манай баг нийт 10 хүнтэй явсан юм. Эмэгтэйчүүд нь Балбын талд очиж таван мянга гаруй метрийн өндөрт авирсан байдаг. Биднийг ахалж УИХ-ын гишүүн асан Алтайн аав Р.Зориг багш явж байгаа юм. Р.Зориг гуайн санаачилгаар бид Хөх тэнгэр холбоо байгуулсны үндсэн дээр гадаадын уулчдыг эх орондоо урьж, гадныхны урилгаар бид дэлхийн нэртэй оргилуудад авиралт хийдэг байлаа. Ингэж явахад буудлагын О.Гүндэгмаагийн аав Д.Отрядын бие тун муудсан. Тэр хүн чинь бас л эхнээсээ уулын спортын бус шүхэрчин хүн байсан юм. Тэгэхэд таван мянган метрт хүрээд гэнэт уулын өвчинд нэрвэгдсэн. Тэр өвчин их аюултай. Хүнийг ерөөсөө л суумал бурхан болгочихдог. Хоёр нүд харж байна, толгой зүгээр гэх мэтээр ил мэдэгдэх зүйлгүй. Тэгсэн хэрнээ ярьж чадахгүй, хөдөлж чадахгүй болгочихдог. Үг хэлэхээр сонсохгүй. Энэтхэгийн эмч явсан учраас анхан шатны тусламж үзүүлж гуурсаар шээлгэх гэх мэт тусалсан. Нэг удаа шээлгэхэд л гурван литр шингэн гарч байх жишээтэй. Нэн даруй доош буулгахгүй бол тархины үйл ажиллагаа зогсоод нас бардаг. Бидний нэг хэсэг маань доош нь гурван мянган метрт буулгаж Энэтхэгийн нисдэг тэрэг дуудсан. Тэгээд хэд хоногийн дараа бид бууж ирлээ. Ирээд эмнэлгээр ортол нөхөр маань босоод явж байна. Юм асуухаар хариу байхгүй. Уулын өвчин их удаж байж гардаг. Зүгээр болчихсон хэрнээ л гарах хаалгаа олохгүй нөгөө тийшээ явчихдаг юм билээ. Улаанбаатарт ирэн иртлээ түүнийг ээлжээр хөтөлж явсан. Бүхэл бүтэн 14 хоночихоод байхад тийм байсан юм шүү. Элчин сайдын яаманд байсан Р.Зориг багш, Чимэддорж, Очиржав, одоогийн УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр нар их тус болсон доо.

-Энэ удаагийн авиралт Эверест рүү дайрах томоо­хон бэлтгэл болж таарсан уу?

-Намайг Эверестэд авирахад буюу 1996 онд Монгол мөнгөгүй байсан. Р.Зориг багш Энэтхэгийн талаас “Гурван хүн явуулаач” гэж хүссээр байгаад нэг л хүний квот зөвшөөрүүлж чадсан. Дараа нь сонсоход намайг зөвхөн хувцаслахад 28 мянган ам.доллар болсон байсан. Тэгээд 300 сарлаг хэрэглэнэ, нэг сар бэлтгэл хийхдээ буудалд байрлана, ачааны машины зардал гээд мөнгөний хэрэглээ асар их. Машинаар Түвдийн өндөрлөгт хүрэхэд л 30 хоног явдаг байсан юм. Машин таван мянган метрт хүрнэ. Зардал их гардаг учраас л нэг хүний квот олгосон юм билээ. Би тун эвгүй нөхцөлд явсан л даа. Монгол Улсаас анх удаа Эверестийн оргилыг очиж үзэх гэж байж өмнө нь явсан ямар ч туршлага байхгүй. Маршрутын, хоол хүнсний, хэл мэдэхгүйн зовлон их. Тэдний хоолыг амандаа ч ойртуулахын эцэсгүй. Товчхондоо хоолгүй, ганцаардлын дунд 9О хоног байлаа.

-Яагаад хоолгүй гэж?

-Би хоёрдугаар сарын эхээр явсан юм. Тэгэхэд намар идэшний үеэр хийсэн борц хатаагүй байсан учраас жил өнжсөн жаахан борц олж авсан. Бас жаахан арвайн гурилтай. Авч явсан ачааныхаа ихэнхийг уулын хэрэгсэл, төмөр чирээд явчихсан. Нөгөө төмөрнүүд нь очоод ямар ч шаардлага хангахгүй учраас хог болж байгаа юм. Түүний оронд жаахан ч болов борц нэмээд авчихгүй дээ гэж тэсгэл алдрах өдрүүд ч байсан. Очсон өдрөө л байдал бишдэж арвайн гурилаа, борцоо буцах өдрөө хүртэл тэнцүү хувааж хуваарилалт хийсэн. Тэгээд өглөө эрхий хурууны хэрийн зуурсан арвайн гурил идэж цай ууна. Өдөр борц үнэртүүлсэн нэг аяга шөл ууна. Оройн хоол гэж байхгүй. Би Гималайн нурууны 6500 метрт хоёр сар болохдоо ийм л хоол идэж байсан. Бас 6500 метрт оччихоор үс өвс шиг болчихдог. Гар хүрэхэд л хугарч унадаг. Тийм байдалд орохоороо хүн үхлээс айхаа больчихдог юм билээ. АН-24 онгоц 6500 метрийн өндөрт нисдэг байсан юм шүү. Тэр өндөрт ийм хоолтой байна гэдэг үнэхээр шөрмөс шалгаж байлаа. 6500 метрээс дээш бид замаа өөрсдөө тавих ажилтай. Байнга 30 килограмм ачаа үүрч явна. Энэтхэг-Монголын багт 35 хүн эхлээд байсан бол явцын дунд 24 нь үлдэж найм наймаараа гурван баг болж хуваагдсан. Эхний ээлжинд бид яваад нэг хэсэг газар олс тавиад ирэхэд маргааш нь нөгөө баг явж жаахан цаашлуулаад ирэх жишээтэй. Ингэж 6500 метрийн өндрөөс дээш бид гурван лагер байгуулах ёстой. Хамгийн сүүлийн лагерийг 8300 метрийн өндөрт байгуулдаг. Шууд хэлбэл 8300 метрт лагер байгуулахын тулд байнга 6500 метрийн өндөр дэх лагераас дээшээ явж жаахан ажиллачихаад эргэж ирнэ гэсэн үг. Бид бүтэн өдрийн турш дээшээ явж явж рельефээ харахад байсан түвшингээсээ ганцхан метрээр л дээшээ ахисан байх жишээтэй. Лагер гэдэг нь найман хүн унтах майхан, идэх хоол, амьсгалах хүчитөрөгч гээд бүхнийг аваачиж байрлуулна гэсэн үг. Ингээд лагер байгуулах ажил дуусч эхний найман хүн 8300 метрт өдрийн 12 цагт очсон юм. Очингуутаа даргалж явсан нөхөр нь уулын өвчинд нэрвэгдсэн. Баг хоёр хуваагдаж хоёр гишүүн нь даргаа доош буулгаж үлдсэн тавыг нь авиралтаа эхлүүл гэсэн команд өгсөн байдаг. Командаар дөрвөн уулчин авиралтаа эхлүүлж нэг нь 8300-гийн кэмпдээ үлдсэн байдаг. Ер нь 6500 метрийн өндрөөс 11 хүн уулын өвчинд нэрвэгдэж доош буусан түүхтэй.

-Амжилтгүй болсон бил үү?

-Өндөр ууланд хамгийн аюултай зүйл нь нар жаргасан л бол харанхуй болдог. Тэр орой Японы уулчид 8300 метрт очиж таарсан. Би хоёр дахь ээлжинд орчихсон хүлээгээд байгаа. Харамсалтай нь хамгийн түрүүлж оргилд гарсан дөрвөн хүн маань бүгд нас барсан. Эхний дөрөв маань яг нар жаргах үеэр оргилд гарч амжсан. Бид оргилыг бусад 14 орны уулчдаас хамгийн түрүүнд эзлээд бөөн баяр болсон ч шөнө болж байгаа учраас хамгийн их айцгааж байсан. Харанхуй болсон ч оргил дээр удаан байж, хонож чадахгүй учраас эргээд буух ёстой. Доошоо буухад тэд гурван цаг зарцуулах ёстой ч ирээгүй. Хүчилтөрөгчийн аппарат нь долоон цаг л барьдаг. Майханд үлдсэн нөхөртэй станцаар байнга холбогдож асууна. Ирээгүй гэсэн ганцхан хариу л өгнө. Тэгээд л шөнө дунд болоход ойлгомжтой боллоо гээд нөгөө их баяр хөөр, бүх зүйл алга болж байгаа юм. Өглөө Японы уулчид авиралтаа эхлүүлж оргил руу давшсан. Тэгээд станцаар танай уулчид 100 метрийн зайтай олсондоо нас барсан байна гэж мэдэгдсэн. Бөөн асуудал үүсч 8300 метрт үлдсэн хүнээ татаж, түрүүлж доошилсон хүмүүс ч хөл гараа хөлдөөчихсөн эргэж ирсэн.

-Заавал орой болсон хойно оргил руу дайрах шаардлага байсан юм уу?

-Удирдлагууд ийш тийшээ яриад л байсан. Шуурга ч ихэсч, цасан нуранги ч ихээр үүсч эхэлсэн. Бидэнтэй параллель авиралт хийсэн Японы дөрөв, Английн гурван уулчин цасан нурангид дарагдаж амиа алдсан мэдээ ч бас ирлээ. Тэр өдөр 11 хүн нас барж авиралт хийж байсан 14 орны багийн удирдлагууд хуралдаад бүх авиралтыг зогсоох команд өгсөн. Би 7850 метрийн өндөрт байгуулсан лагерт дайралт хийхээр зэхэж байсан ч буух команд ирсэн. Биднийг 1996 онд явахад 320 хүн нас барсан байсан юм. Бидэнтэй цуг авиралт хийгээд амиа алдсан 11 хүнийг нэмээд тэр тоо шууд 331 болж байсан, тийм л аюултай газар. Яагаад тэр дөрвөн хүн нас барсан бэ гэвэл тэнд байсан 14 орны уулчид хоорондоо өрсөлдсөн хэрэг. Тэгээд л нэгнээсээ түрүүлж оргилыг эзлэхээр улайрцгааж боломжгүй тохиолдлуудад ч гэсэн команд өгсөөр байсан юм. Эцсийн үр дүнд нь 11 хүн нас барж үлдсэн хүмүүс нь дэлхийн дээвэрт гарах мөрөөдлөө орхиод бууцгаасан байдаг. Ийм л зүйл болсон. Гэхдээ би 8300-гийн кэмп байгуулахаар удаа дараа явж тийм өндөрт хүрч үзсэн. Оргилд хүрэхэд гуравхан цаг, 500-хан метр газар л үлдчихээд байсан юмсан.

-Тэр газар чинь оршуулгын газар шиг байдаг юм гэсэн биз дээ?

-Нас барсан хүнийг авах ямар ч боломж байхгүй. Хүмүүс өөрсдөө 30 килограмм ачаатай явна. Тэр их өндөрт чинь хүн хөдлөх ч тэнхэлгүй болчихдог юм билээ. Унагасан бээлийгээ ч авч чадахгүй тийм тэнхэлгүй болдог.

-Гурван сар шахам хугацаанд 6500 метрээс өндөр газар амьдарчихаад нам дор газар бууж ирэхээр ямархуу байдаг юм байна?

-Тэр нөхцөлд хоёр сар болоход үнэхээр дасан зохицчихдог юм билээ. Машинд явж чадахгүй, амь тэмцээд л байна. Таван мянган метрт бууж ирэхэд л амь тэмцэж эхэлнэ. Эхний шөнө нэг секунд ч унтаж чадаагүй. Хоёрдугаар сарын 25-нааставдугаар сарын 25-ны өдөр хүртэл явсан минь энэ. Ерөөсөө л тэр цасны хүн буюу алмас гэдэг шиг болчихсон байна билээ. Би 14 килограмм турсан. Хилийн цэргийн Даш генерал, ах дүүс минь намайг тосохдоо “Огт зүс үзээгүй хүн шиг болчихсон байна” гээд нулимс унагаж байсан юм.

-Ер нь та ямар шалгуураар Монголоос Эверестэд авирах анхны Монгол хүнээр сонгогдож байсан юм бэ?

-Нийт 100 уулчнаас 10-ыг нь шигшиж тэр арваас Б.Ганбаатар, П.Болдсайхан бид гурвыг үлдээсэн бид нэг сарын турш бэлтгэл хийгээд эмчийн үзлэгээр орж би явсан. Бид гурвуулаа Оргил рашаан сувилалд байрлаж Зайсан толгой руу байнга алхаж дасгал хийнэ. Эверестийн оргил гэдгийг анх очиж харсан түүх минь ингэж л эхэлсэн. Сүүлийн үед 120 сая төгрөгтэй болчихвол эрсдэл багатай авиралт хийдэг болчихсон байна. Г.Өсөхбаяр миний шавь. Л.Готовдорж хэмээх спортын мастер хүн бол түүний аав нь. Бас уулчин хүн. Би ийм зүйлийг авч явах ёстой, үүнийг анхаар гээд анх явахад нь мэддэг бүхнээ л хэлж өгөхийг хичээсэн дээ. Гэхдээ тэр үеэс өнөөдөр тэс өөр болчихсон юм билээ. Г.Өсөхбаяр маань “6500 метрийн өндөрт очлоо. Энд ирэхэд миний майхны дөрвөн буланд цэцэг хатгасан байна” гээд ярьж байсан. Би хоёр сар шахам өлөн явсны зэрэгцээ өөрөө очиж майхнаа барьдаг байсан бол одоо бүх зүйл нь бэлэн болчихсон юм билээ. Цаг үе ингэж сайхан өөрчлөгджээ. Компаниуд ивээн тэтгэдэг болчихож. Одоо хүн төрөлхтөн дэлхийн дээвэрт гарах бус харь холын гаригт хөл тавих нь хамгийн сонирхолтой зүйл болсон бололтой. 20 жилийн дотор л хүн төрөлхтөн ингээд өөрчлөгдчихөж байна.

Л.Мөнхтөр

Categories
мэдээ цаг-үе

Авлигаас ангижрах нэрээр дахиад л хэвлэлийг боомилох гэж байна

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн гал тогоо руу төр хөндлөнгөөс өнгийж, өөрсдийн ноёрхлоо тогтоохыг санаархсан бас нэг төслийг УИХ хэлэлцэж эхэллээ. Энэ бол “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл юм.

Уг нь энэ төслийн гол үзэл баримтлал нь авлигатай тэмцэх. Гэтэл авлигаас ангижрах нэрээр хэвлэлийн эрх чөлөөнд халдаж, боомилсон хэд хэдэн заалт тусгасан байх юм. Төслийн 4.8-д “Чөлөөт хэвлэл мэдээллийг хөгжүүлэх, мэргэжлийн ёсзүй, хариуцлагыг сайжруулах хэсэгт иргэний мэдээлэл олж авах эрхийг баталгаажуулсан хуулийн хэрэгжилтийг хангах, чөлөөт хэвлэл мэдээллийг хөгжүүлэх, мэргэжлийн ёс зүй, хариуцлагыг сайжруулах зорилтыг хангах чиглэлээр дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ” гэжээ. Үүндээ, хэвлэл мэдээллийн байгууллага өөрийн эфирийн цаг, сонины зай талбайн тодорхой хувьд авлигын эсрэг соён гэгээрүүлэх ажлыг үнэ төлбөргүй явуулах тогтолцоог бүрдүүлэх ёстой гэж тусгасан байна.Энэ заалт зөвхөн олон нийтийн статустай, радио, телевизэд л хэрэгжих боломжтой. Харин хувийн хэвшлийн хэвлэл мэдээллийн байгууллагуудад ингэж үүрэгдэж болохгүй. Дэлхийн улс орнууд авлигатай тэмцэхийн тулд асар их хөрөнгө, мөнгө зарж байгаа. Тэр нь соён гэгээрүүлэх ажилд зарцуулагддаг. Харин манай улс эсрэгээрээ хувийн хэвшлийнхнээр үнэ төлбөргүй авлигын эсрэг нийтлэл, нэвтрүүлэг нийтэд түгээхийг хуульчлах гэж байна. Цаашлаад бүх төрийн байгууллагууд тайлан балансаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэ төлбөргүй сурталчлуулдаг болох гэж зүтгэнэ. Энэ нь нэг ёсондоо хэвлэлийн бизнесийг төр бодлогоор удирдах гэж тулгаж буйн нэг санаа гэж харагдаж байна.

Авлигатай тэмцэх энэхүү төслийн 4.8.6-д “Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийнтөрийн байгууллага, хувийн хэвшил, иргэдтэй хийдэг гэрээг ил тод болгож, урамшуулна” гэжээ. Зах зээлийн энэ нийгэмд аль ч орны хэвлэл мэдээллийн салбарт ийм практик байж болохгүй гэдгийг сэтгүүл зүйн салбарын эрдэмтэн, судлаачид онцолж байсныг энд тэмдэглэе. Харин төрийн байгууллагууд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй гэрээ байгуулсан бол тэрийг нь олон нийтэд дэлгэж болно. Учир нь татвар төлөгчдийн мөнгө энд яригдаж байгаа болохоор төрийн байгууллагуудын тайлан баланс, гэрээ контрактаа бүгдийг нийтэд дэлгэх боломжтой. Тэрнээс хувийн хэвшлүүдийн, иргэн хүний хэвлэлтэй байгуулсан гэрээг ил тод байлгах ёсгүй. Хэн хэвлэлтэй ямар гэрээ хийж байгааг тагнаж, мэдэх гэсэн энэ хуулийн заалтаар хэвлэлийн үйл ажиллагааг боомилж байна. Улс төрийн намын нэг нөхөр хэвлэлтэй гэрээ байгуулчихлаа гэж бодъё л доо. Хэрэв сонин, телевизээр нөгөө намын талаарх сөрөг мэдээлэл гарвал түүнийгл хардана. Эсвэл тэдний намын бодлогыг эсэргүүцсэн нийтлэл, нэвтрүүлэг түгвэл өнөөх гэрээ байгуулсан нөхрийг намынхан нь сэрдэнэ. Үүнээс болоод хэвлэлтэй байгуулсан гэрээгээ цуцлахаас өөр аргаүй болно. Улстөрчид, томоохон албан тушаалтнууд бие биеэ тагнаж, мэдэх гэсэн энэ хуулийн заалт хэвлэлийн салбарыг унагах аюултай.

Мөн төслийн “4.8.9.Хэвлэл мэдээллийн салбарт хөрөнгө оруулагч, өмчлөгч-эзнийг нээлттэй зарлаж, нэг хөрөнгө оруулагч болон нэгдмэл сонирхолтой этгээдийн оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нь тухайн хэвлэл мэдээллийн байгууллагад хяналт тогтоох боломж бүрдүүлэхгүй байхаар тогтоох” гэжээ. Өөрөөр хэлбэл, хэвлэлийн эзэн буюу ахиу хувь эзэмшигч нийтлэл, нэвтрүүлгийн бодлогод оролцохыг хориглож байгаа юм. Дэлхийн жишигт бол Австри, Америк зэрэг хөгжсөн улс орнуудад хуулийн ийм заалт үйлчилдэг. Гэхдээ тухайн улсын нийт хэвлэл мэдээллийн хэрэгслийн арваасилүүгүй хувийг эзэмшиж байгаа тохиолдолд хэвлэлийн үйл ажиллагаанд оролцохыг хориглодог юм билээ. Хэвлэлийн зах зээл гээд өргөн хүрээгээр нь хуульчилдаг болохоос манайх шиг ганц хэвлэлд гэж тусгайлдаггүй. Тэгэхээр Монгол шиг хөгжиж буй орнуудад дээрх хуулийн заалт хэрэгждэггүй бөгөөд тохиромжгүй юм.

“Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн байнгын хороогоор ороод бүдэрсэн. Авлигаас ангижрах нэрээр хэвлэлийг боомилох энэхүү төсөл баасан гаригийн чуулганы хуваарьт багтжээ.

М.МӨНХ

Categories
мэдээ нийгэм

Дорнод аймгийн Цагаан овоо суманд хүний боом өвчний тохиолдол гарчээ

Энэ сарын 27-ны өдрийн 10 цагийн байдлаар Улаанбаатар хот, Багануур, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Архангай, Баянхонгор аймагт улаанбурхан өвчний 2380 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 341 (14%) хүн лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна гэж ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.Түүнчлэн Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат өвчтөн “Н”, 29 настай, эрэгтэйгээс цуглуулсан сорьцод боомын үүсгэгч Bac.anthracis илэрч, боомын арьсны хэлбэрээр өвчилсөн болох нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.

Categories
булангууд мэдээ спорт танайд-өнжье

Үй түмэн жаргалын эзэн болох гавьяатынд өнжлөө

Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн аваргын мөнгөн медальт, Азийн аварга Т.Үйтүмэн­гийнд өнжлөө. Болз­сон ёсоор өнгөрсөн баасан гаригийн үдээс хойш арваннэгдүгээр хороололд бага хүү Ү.Ерөөлт-Үйлсийнх нь сургууль дээр уулзав. Биднийг очиход тэрээр хүүгийнхээ ангийн багштай уулзаж байлаа. Төд удалгүй гарч ирснээ “Манайх Арс­лан­тай гүүрний урдхан талд байдаг юм. Эндээс алхчихъя. Өнөөдөр ахынх нь унаа явдаггүй юм” гэв. Ийн Арслантай гүүр рүү дөхөж иртэл зөрж өнгөрсөн хүн бүр Үйтүмэн гавьяаттай толгой дохин мэндчилнэ. Явган хүний зам дагуух сандал дээр сууж байсан залуус “Түмээ ах, монголчууд илүү, илүү” хэмээн орилтол бидний урдхан талд алхаж явсан хоёр эмэгтэй эргэж харснаа “Боксчин Үйтүмэн байна. Гурвуулаа зургаа авахуулчихъя” гээд гүйн ирэв. “Яах юм бэ. Ах нь яаралтай ажилтай явна” гээд дориухан алхаж эхэлтэл “Таныг алхаж явахад чинь зургаа авахуулчихъя” гэснээ утсаа гаргаж ирээд явдал дундаа сэлфийдэв. Арслантай гүүр өнгөртөл Оюутны хотхон руу эргэтэл эхнэртэйгээ сугадалцан алхаж явсан ахимаг насны эрэгтэй “Пөөх, Манай боксын Үйеэ гавьяат явж байна” гэснээ малгайгаа авч өмнө нь тонгойсноо “Танаас адис авъя” гэвэл Т.Үйтүмэн “Хэрэггүй дээ. Би ямар хувилгаан биш” гээд инээмсэглэв. Тэгтэл өнөөх эр “Манай хүү боксоор хичээллэдэг юм. Миний тэргүүнд хүрвэл хүүгийн минь толгойд хүрч байгаагаас ялгаагүй” гээд замыг нь хаагаад зогсчих нь тэр. Аргагүйн эрхэнд Үйтүмэн гавьяат гарынхаа үзүүрийг нөгөө хүний толгойд хүргэх төдий болчихоод гараа буцаан татвал өнөөх ахимаг насны эрэгтэй гарыг нь бугуйгаар нь атгаснаа халзан толгой дээрээ шал хийтэл алгаар нь буулгаснаа “Баярлалаа, гавьяат аа” гээд инээмсэглэн алхаж одов. Бидний хажуу­ханд зогсож байсан шуудайтай лааз үүрсэн, ноорхой хувцастай, согтуу эр “Гавьяат аа, гар барьчихъя” гэвэл Т.Үйтүмэн огтхон ч цааргалалгүй гар барив.

Гэрт нь ортол үүднийх нь өрөөнд том жижиг хоёр ч унадаг дугуй харагдав. “Та дугуй унадаг юм уу” хэмээн асуутал “Манай хоёр хүүгийн дугуй байгаа юм аа. Гэхдээ ах нь хүүхэд байхдаа дугуй унадаг байсан. Дунд ангид сурч байхдаа Сэлэнгэ аймгийн унадаг дугуйн шигшээ багийн тамирчин байлаа. Аймгийн төвөөсөө Алтанбулаг хүртэл дугуйгаар явна. Украйн шар дугуйгаа олон жил унасан даа. Одоо бол гэр бүлээрээ зуслан эсвэл цэцэрлэгт хүрээлэн орохдоо хоёр хүү маань унадаг юм.

Хичээлдээ унаад явчихъя гэдэг л юм. Дугуйн замгүй болохоор санаа зовоод, хот дотор унуулдаггүй юм” хэмээн тайлбарлав.

Зочны өрөөнд оруут мөл­хөө тавилгын тавцангуудыг дүүргэх цом болон хажууханд нь урт гэгчийн улаан даалимба дээр хадсан медаль, цол тэмдгүүд нүдэнд туслаа. 1986 оны Сэлэнгэ аймгийн аваргын алтан медалиас авахуулаад 1997 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөн­гөн медаль хүртэл харагдав. “Та медалиудаа тоолж байсан уу? Хэдэн алт, хэдэн хүрэл медаль байна вэ” гэвэл Т.Үйтүмэн “Тоолж байгаагүй шүү дээ. Даавуун дээрээ багтахгүй болохоор талыг нь хураачихсан юм” гэв. Телевизорийн зүүн хананд олон улсын тэмцээнд оролцох эрхийн бичиг, шүүгчийн үнэмлэх сагсайн харагдав. “Энэ таны оролцож байсан тэмцээний эрхийн бичгүүд үү” гэвэл “Гандангийн хүрдэнд уясан хадаг шиг харагдаж байгаа биз. Зарим нь манай эхнэрийнх. Азийн боксын холбооны эмнэл­гийн гишүүн нь” гэв.

Т.Үйтүмэн бидэнд цай аягалж өгөх гэтэл түүний гэргий О.Отгонжаргал “Наадах чинь өглөө чанасан, хуучин цай. Плиткан дээрээ шинэ цай үйчихлээ. Удахгүй буцална. Тэр хооронд нь хурдхан хоол хийчихье. Төмс ногоог нь арилгачихсан юм” гээд махаа татаж эхлэв. Тэрээр “Ах нь хоол унд хийхдээ тааруу. Хар залуугаасаа тэмцээн уралдаан гээд гэрийн бараа бараг хардаггүй байсан. Хоол унд, гэр орон цэвэрлэх ажлыг бол эхнэр маань гаргаахгүй шүү дээ. Жирэмсэн үед нь ядаж шалаа арчиж, хоолоо хийдэг юм уу гэхээр будаа агшаагчны залгуур, шалны алчуураа хайгаад олохгүй шүү дээ. Тэгээд эхнэрээсээ асууна. Ер нь эхнэргүй юм гэж алга аа. Угаасан оймсоо хүртэл хаана байгааг нь асууна. Тэгээд сургачихсан юм чинь одоо яая гэх билээ дээ” гээд эхнэр рүүгээ хараад инээв. Гэргий О.Отгонжаргал “Цаг наргүй бэлтгэл хийдэг тамирчин хүний эхнэрүүд бүгд адилхан байлгүй дээ. Нас нь ахиад, зодог тайлаад завтай болсон ч нэгэнт ингээд сурчихсан занг сураар боож болох биш” гээд инээлдэв.

Т.Үйтүмэн 1986 онд Сэлэнгэ аймгийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээ­нийн 46 кг-ын жинд аваргалж, гавьяат дасгалжуулагч, Ардын багш Д.Банди гуайн хараанд өртсөнөөр түүний тамирчны замнал эхэлжээ. Хамгийн сонирхолтой нь тухайн үед тэрбээр 32-хон кг жинтэй байжээ. Энэ тухайгаа тэрээр “Ангийн атаман, гудамжны овгор болох хүсэл маань бокс руу хөтөлсөн. Тухайн үед ганцхан би ч гэлтгүй, бүх л хөвгүүд тийм л бодолтой байсан. Зодооноороо мундаг болохын бөөн хүслэн. Манай Шаамар суманд намайг сурагч байхад трактор, комбайны хоёр ч техник мэргэжлийн сургууль байсан. Газар газ­раас ирцгээсэн залуустай муудаж зодолдох, сайндаж нөхөрлөхийг алийг тэр гэх билээ. Дээрээс нь би дэггүй,хурдан хөдөлгөөнтэй байсан учраас бокс тоглоход дөхөмтэй байсан болов уу. Гэхдээ миний бага байх үеийн сахилгагүй гэдэг бол хорон биш, гэнэн байсан. Муудаж, гар зөрүүллээ гэхэд одоогийнх шиг нэгнийгээ барагтай бол бэртээж, гэмтээхгүй. Зодолдож байгаад нэгнийх нь хамраас цус гарчихвал больчихно. Хэдхэн минутын өмнө чамайг зодно гээд шүдээ зуугаад дайрч байсан нэг нь цусыг нь тогтоох хөвөнд гэр рүүгээ гүйнэ. Тэр бүү хэл хоорондоо мудалцаад, зодолдох болоход хөл нүцгэн нэг нь гуталтай нэгнийгээ “Ээ чи бакалтай байна ш дээ” гэнгүүт өнөөх нь бакалаа тайлж байгаад “үзнэ”. Тийм л үе. Ингээд тухайн үед мундаг овгор болохын тулд боксоор хичээллэх ёстой юм байна гэж бодсоноос биш энэ спортоор Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, олимпод оролцоно гэж огт бодоогүй. Дээр нь нагац ах Ганхуяг бокс тоглоно. Хааяа Шаамарт ирж тоглолтын бэлтгэл хийнэ. Хөл дээрээ хөнгөн үсрээд, намайг яаж ч түлхээд хөдөлгөдөггүй элсээр дүүргэсэн тулмыг сэмэрч урагдтал хүчтэй цохихыг харах­ үнэхээр урамтай байдаг. 1986 оны аймгийн аварга шалгаруулах тэмцээний өмнөхөн нагац ах маань ирээд явахдаа бээлийгээ мартчихсан байсан. Бээлийг нь өмсөж банзан хашаа, гэрийн гадаах хураалттай түлээгээ тойрч балбаж байгаад аймгийн аваргад орсон. 46 кг-ын жинд 32-той тууж ороод, бүгдийг нь нүдчихээд гараад ирсэн (инээв). Тэмцээндээ бол өвдөглөхгүй, хазахгүй, өшиглөхгүйгээр гудамжныхаа зодооноор тулалдаад аварга болсон” гэсэн юм.

Ийнхүү тэрээр аймаг­таа түрүүлж, гавьяат дасгал­жуулагч, Ардын багш Д.Банди гуайн хараанд өртөж, түүний удирдлаган дор хичээллэх болжээ. Тухайн жилээ улсын аварга шалгаруулах тэмцээнд явах гэтэл жин нь хүрээгүй учраас дараа жил нь орж мөнгөн медаль хүртжээ. Харин 1988 онд хүрэл медаль хүртсэн бол 1989 онд улсын аварга болжээ. Улсын аварга болсныхоо дараахан Румынд болсон олон улсын тэмцээнээс хүрэл медаль давхар хүртжээ. Ийнхүү ангийн атаман болох хүсэл нь боксын Азийн аварга, дэлхийн аварга болох зорилгоор солигджээ. Энэ тухайгаа тэрээр “Жинхэнэ ном дүрэм, журмаар нь энэ спортоор хичээллээд эхлэхээр хүмүүжиж байгаа юм даа. Олон шагнал, медаль аваад ирэхээр юуных нь ангийн овгор, гудамжны атаман болж, хүн амьтан зодох. Амжилтаа ахиулахыг хичээдэг болсон. Аймгийн аварга болчихсон хүн чинь улсын аварга, улсын аварга болчихоод, Азийн аварга, Азийн аварга болоод Дэлхийн аварга, цаашилбал Олимпийн аварга болох хүсэл төрж, түүндээ хүрэхийн төлөө чармайдаг болсон. Энэ бол ганц миний ч биш бүх тамирчдын хүсэл мөрөөдөл нь гэдгийг би бардам хэлж чадна. Чин сэтгэлээсээ чармайж, зүтгэх юм бол юм бүхэн бүтнэ. Би чинь 1997 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явах гээд онгоцны тасалбарын мөнгө олдохгүй байхад хүртэл халаас хоосон хэрнээ онгоцны буудал дээр ирж байсан. Гэсэн хэдий ч тэмцээндээ явж чадсан. Зөв бодол, тэмүүлэлтэй байхад ажил бүтдэг юм” гэсэн юм.

1997 оны Будапештэд зохиогдсон сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс тэрээр мөнгөн медаль хүртсэн билээ. Тухайн үед тус тэмцээнд Мон­голоос Энхсайхан, Атар­баяр, Т.Үйтүмэн хэмээх гурван тамирчин оролцжээ. Энхсайхан, Атарбаяр нар шигшээ багийн тамирчид байсан учраас зардлыг нь Биеийн тамир спортын хорооноос гаргажээ. Тухайн үед Т.Үйтүмэн “Эрдэнэт” үйлд­вэрийн дэргэдэх “Хангарьд” клубийн тамирчин байжээ. Энэ тухай тэрээр “Олимпийн хүрэл медальт Энхбат ах, сагсны шөвгөр Өлзий ах хоёр маань онгоцны тасалбарын мөнгө олох гэж олон хоног гүйсэн. “Эрдэнэт” үйлдвэрийн захирал агсан Ш.Отгонбилэг Америкт явсан учраас үйлдвэрээс мөнгө гаргах боломжгүй байдаг. Явах ёстой өдрөө хөлстэй хувцсаа үүрээд онгоцны буудалд итгэл муутайхан очлоо. Зардалгүй амьтан чинь итгэл муутай байхаас ч яах билээ. Тэгтэл Өлзий, Энхбат ах хоёр онгоц нисэхээс аравхан минутын өмнө надад 3000 ам.доллар бэлнээр өгөөд “За сайн яваарай ахын дүү. Тэмцээнээсээ ирээд өгөөрэй” гэсэн. Тасалбараа тэр дор нь аваад, онгоцондоо арайхийн амжиж суусан даа. 1997 онд самбо, жүдогийн дэлхийн аваргаас манайхан ганзага хоосон ирсэн байсан. Тэгтэл оны сүүлч үед боксынхон дэлхийн аваргад оролцож, би мөнгөн медаль авсан. Өлзий ахад мөнгийг нь өгтөл, медалийг нь мялааж байгаа юм гээд буцаагаад өгч билээ” хэмээн хүүрнэв.

Зургийн цомгийг нь үзэж суутал боксын олимпийн мөнгөн медальт П.Сэрдамба, олимпийн аварга Э.Бадар-Ууган нартай хамт авахуулсан зураг гарч ирэв. 2008 онд нисэх буудал дээр татуулжээ. Зургийг харснаа Т.Үйтүмэн “Би 2005 онд Монголын боксын холбооны нарийн бичгийн дарга болуутаа Д.Банди багшийгаа шигшээ багийн ахлах дасгалжуулагч болгосон. Хэдхэн жилийн дотор олимп, дэлхийн авар­гуудыг төрүүлсэн. Олон Азийн аваргуудыг төрүүлсэн. Олимп дэлхийн аваргыг бэлтгэдэг болохоос заяагдмал төрдөггүй. Уяачгүй морь хаашаа ч давхих билээ. Үүнтэй адил дасгалжуулагчгүй тамирчин ямар ч амжилт гаргахгүй. Боксын холбоо маш сайн ажиллаж, багш дасгалжуулагч нар нь үүргээ сайн биелүүлсэн учраас энэ өндөр амжилтад хүрсэн. Түүнээс биш ганцхан би, Д.Банди багш хичээгээгүй. Уг нь энэ залуусын энгэрт олимпийн ганц ганц алт, мөнгөн медаль биш нэлээн хэд гялалзаж байх ёстой. Харамсалтай нь ид тоглох насан дээрээ спортоосоо хөндийрсөнд нь харамсалтай байдаг юм. 2012 оны Лондон­гийн олимпод боксын тамир­чид тааруухан оролцсон. Холбооны нарийн бичгийн дарга хэмээх үүрэгт ажлаасаа 2010 онд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн учраас ийм тааруухан амжилттай оролц­сон шалтгааныг нь сайн мэдэхгүй юм. Бокс тоглож байгаагүй, мэдэхгүй хүмүүс надад бокс заах гээд байхаар нь холбооноос гарсан. Гэхдээ ирэх олимпод илүү амжилт гаргах байх аа” гээд санаа алдав.

Бээжингийн олимпийн үеэр Т.Үйтүмэн гавьяат боксын тайлбарлах үеэр “Илүү, илүү” хэмээх үг гарч ирсэн. Бээжингийн олимпийн тоглолтыг үзэхдээ ямар телевиз байх нь хамаагүй, Үйтүмэнгийн тайлбарлаж байгаа телевиз дээр сувгаа тохируул гэдэг байсан даа гэвэл “Энэ спортоор хар багаасаа хичээллэж эхэлсэн учраас бүх юмаа мэднэ. Огт мэдэхгүй хүн бол гараа өмнөө тавьж байгаад л тайлбарлачихна. Бараг л өмнөөс нь цохиод, бултаад л, дотор нь орчихож байгаа юм. Завсарлагаа нь болонгуут зэрэг усаа уугаад, миний хэлэхийг сонсохгүй ч тэнд дасгалжуулж байгаа аятай “Одоо зайнаас тогло, Хөл дээрээ сайн ажилла, Гэдэс рүү цохиж ядраа” гэж байгаад тэмцээний хонх дуугарангуут эргээд л булт, цохь, гээд гараа өмнөө барьчихаад үзнэ. Тэгтэл Бээжинд байгаа хүн цохиулж байхад Монголд байгаа Үйтүмэн яагаад бултаад байгаа юм гэсэн яриа хүртэл гарсан байна лээ” гээд инээв.

Бага хүү Ү.Ерөөлт-Үйлс нь том өрөөгөө тойрч гүйгээд, аав, ээжийнхээ араар ортол ах Ү.Түмэнжаргал хажуугийн өрөөнөөс гарч ирснээ “Аав аа, Үйлсээ даалгавраа дуустал нь хийгээгүй шүү. Тооныхоо даалгаврыг хийчихээд, монгол хэлээ хийсэнгүй” гэвэл Т.Үйтүмэн “Даалгавраа хийхгүй бол маргааш гадаа тоглуулахгүй шүү. Миний хүү чинь ухаантай юм чинь одоохон очоод хийчихнэ ээ” гэвэл уруу царайтай гүйн орж ирсэн хүү “Тийм, би хийж чадах юм чинь” гэсээр өрөө рүүгээ орлоо. Т.Үйтүмэн “Багаасаа хичээл номоо сайн хийгээрэй гэж би захидаг юм. Ах нь бол багадаа сурах гэж “тараадаг” байлаа шүү дээ. (инээв). Сурлагын дэвтрээр дүүрэн эх орны алтан гуравтай. Боксын бэлтгэл гээд хичээлдээ барагтай бол суудаггүй байсан юм чинь дүн ямар байх нь ойлгомжтой биз дээ. Банди багш, анги даасан багш хоёр маань миний дүнг гаргуулах, засуулах гээд дагуулаад сургуулиар харайлгаж өгнө шүү дээ. Харин би бол муу авчихаад тоодог ч үгүй байж дээ. Тэгж яривал Банди багш бэлтгэлдээ л анхаарлаа хандуул гэдэг байсан юм чинь. Дүнгээ гаргуулах гээд очихоор зарим багш нар надаас цочдог байлаа. “Ийм хүүхэд танай ангид байдаг билүү?” гээд гайхна. Тэгээд дүн гарах дөхөхөөр Д.Банди багш дээрээ уруу царайлсан амьтан ирээд “”Багш аа, нэг мэдсэн улирлын дүн гарах болчихож. Хичээлдээ сууснаас суугаагүй өдөр нь олон. Цөөн хэд хоног суусан хичээл дээрээ муу авчихсан” гээд хэлнэ дээ. Банди багш “За миний хүү бэлтгэлдээ л анхаарлаа хандуул, Багш нь аргална аа” гэнэ. Бас ангийн багш Баасанжав маань жилийн эцсийн дүн гарах үеэр миний дүнг гаргуулах гээд хөтлөөд л сургуулиар явчихна. “За энэ хүүхдэд онц тавь гэж гуйхгүй. Зүгээр гурав тавьчих. Энэ дүнтэй дүнгүй энэ хүүхэд өөрөө хоолоо олоод идчихнэ. Та нараас хоол гуйхгүй” гээд л гурав тавиулчихаад маргааш нь тэмцээндээ явчихна” гэвэл том хүү Ү.Түмэнжаргал нь “Тийм үү, тэгвэл аав сурах гэж үзүүлж өгдөг байж ээ” гээд инээлдэцгээв. Т.Үйтүмэн “Харин шалгалт дээр ээжээс чинь хуулдаг байсан” гэж нэмж хэлэв.

Т.Үйтүмэн болон түүний гэргий О.Отгонжаргал нар дунд сургуулийн нэг ангид сурч байжээ. Тэмцээнд явсан хойгуур хичээлийг нь нөхөж бичээд, ирэхээр нь тайл­барлаж өгдөг байсан аж. О.Отгонжаргал “Өрсөлдөгчийнхөө гэдсэнд яаж цохивол эвхрээд өгөх бол гэсэн бодол толгойд нь эргэлдэж байгаа хүнд химийн томъёо, математикийн тэнцэтгэл бодох аргачлал зааж өгөөд сурах уу. Шалгалт дээрээ нэг нь хуулуулж бай­гаад, нөгөө нь хуулж байгаад олон баригдсан даа” гэв.

Биднийг ийн ярилцах зуур том охин Ү.Хүслэн нь охинтойгоо орж ирэв. Зээ охиноо харуутаа Т.Үйтүмэн “Өвөөгийн бурхан нь орж ирж байна” гээд үнсээд, хувцсыг нь тайлав. Тэд 1993 онд буюу 21 настайдаа эцэг эх болж, Хүслэн охиноо төрүүлжээ. Тухайн үед охиноо өсгөнө гэвэл Т.Үйтүмэн бэлтгэлээ завсардуулна эсвэл гэргий нь сургуулиасаа чөлөө авах болжээ. Тэгтэл Үйтүмэнгийн ээж Түмэнцэцэг “Ээж дээрээ охиноо аваад ир ээ. Ээж нь өсгөөд өгье” гэснээр төрөөд сар гаруйхан болж байгаа охиноо аваад Дархан руу явжээ. Ийн Ү.Хүслэн таван нас хүртлээ эмээ дээрээ амьдарчээ. Ү.Хүслэн өнгөрсөн жил амаржсан аж.

“Би бараг хотын бүх гэр хорооллуудад амьдарч үзсэн. Спортын зааланд хүртэл мухарт нь амьдарч байлаа. 120 мянгатын эрчим хүчний зааланд амьдарч байлаа шүү дээ. Тэнд “Алтан бээлий” клуб маань хичээллэж байсан. Наана нь бэлтгэлээ хийж байхад цаад буланд нь ор, плитка тавьчихаад амьдарсан даа” гэвэл О.Отгожаргал “Дамбадаржаагаас Улиастай руу Дэнжийн мянгаас 100 төгрөгөөр морин тэрэг хөлсөлж нүүж байлаа. Тэр үед чинь унаа тэрэг тийм ч элбэг байгаагүй. Тэгээд морин тэргээ Дэнжийн мянгаас аваад Дамбадаржаа орно. Дамбадаржаагаасаа Улиастай руу хэдэн хувцас, ороо аваад нүүнэ. Ер нь бид хоёр амьдралаа, бүх зүйлийг тэгээс эхэлсэн учраас өнөөдрийн босгосон амьдрал маань тэр хэрээрээ амттай, үнэ цэнтэй. Хэрэв бид хоёрыг тусдаа гарахад бүх зүйл нь бэлэн байсан бол юмны үнэ цэнийг тэр бүр мэдрэхгүй байсан болов уу” гэвэл Т.Үйтүмэн “Тэр ч үнэхээр тийм шүү. Хамтдаа зүтгэж босгосон амьдрал сайхан шүү дээ” гээд хажууханд суух эхнэрээ хацар дээр нь зөөлөн үнсэв.

Түүнийг 1994 оны Хирошима­гийн Азийн тоглолт, 1996 оны Атлантын олимпод амжилт гаргах байсан хэдий ч луйвардуулж ялагдсан хэмээдэг. Энэ талаар түүнээс асуутал “Хирошимагийн Азийн тоглолт дээр Японы тамирчныг хэмх нүдсэн байхгүй юу. Тэгтэл ялалтыг түүнд өгсөн. Ялагдсан япон маань надад бугуйн цагаа дэвжээн дээр гарч ирээд дурсгаж байсан. “Чи надаас илүү юм байна” гэдгийг өөрөө хүлээн зөвшөөр­сөн болоод надад цагаа дурсгасан байх. Тухайн үед чинь оноо харагддаггүй байлаа шүү дээ. 1996 оны Атлантын олимпийн тоглолт дээр Доминиканы тамирчныг ялчихаад хоёрдугаар тойрогт Америкийн тамирчинтай тоглосон. Би илт давуу тоглотол нэг онооны зөрүүтэй шүүгчдийн шийдвэрээр ялагдаж байсан. Гэтэл америкууд “наад тамирчин чинь ялаагүй, нөгөөх нь ялсан” гээд орилоод усныхаа сав, алчуураа дэвжээ рүү шидээд байсан. Тухайн үед гавьяат тамирчин Д.Нармандах бид хоёрын тоглолт зэрэг болж байсан учраас миний тоглолтыг монголчууд бараг үзээгүй. Харин Ш.Отгонбилэг агсны гэргий Туяа, хүүтэйгээ үзэж байсан. Тухайн үед УИХ-ын гишүүн Ш.Содбилэг сургуульд ч ороогүй жаахан хүүхэд байсан. Луйвардуулчихлаа гээд заргалдах гэсэн чинь тоглолтын дараа арван минутын дотор англи хэл дээр өргөдлөө бичээд, 300 ам.долларын хамт тушаах байсан. Тухайн үед өргөдөл бичих англи хэлтэй хүн нь ч байгаагүй, мөнгө нь ч байгаагүй болохоор яаж ч чадаагүй. Гэхдээ энэ мэт луйвардуулж хожигдсон болгоноо ярихыг хүс­дэггүй юм. Хүн болгонд яриад явбал “Өнөө Үйтүмэн чинь ялагдахаараа луйвардуулчихсан гэдэг нөхөр үү үгүй юу” гэж бодно биз дээ. Ялагдах тусам бэлтгэлээ сайн хийж, тэр шударга бусаар ялалт аваад байгаа тамирчныг шүүгчтэй нь хамт ялах зорилт тавиад бэлтгэлээ хийдэг байсан. Үүний хүчинд 1999 онд Улаан-Үдэд болсон Баранаковын тэмцээнд Оросын шигшээ багийн тамирчныг нутгийнх нь дэвжээн дээр ялсан. Өмнө нь бас илт давуу тоглож байгаад хожигдсон. Бас Кардова-Кардинийн тэмцээнд өмнө нь луйвардуулж ялагдаж байсан Мексикийн тамирчныг дийлсэн. Бас 1997 онд чансаагаараа нэгдүгээрт бичигдэж байсан Гүржийн Гоглаз хэмээх тамирчинд шүүгчдийн алдаатай шүүлтээс болоод хожигдож байсан ч гэсэн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд үндсэн цохилт болох апперкотоор буулгаж авсан. Энэ нь доороос гэдсэнд цохидог цохилт. Бөхчүүдийн дархан мэх гэдэг шиг энэ миний өрсөлдөгчөө буулган авдаг гол цохилт байсан. Удахгүй нээх гэж буй боксын клубээ ч Апперкот гэж нэрлэсэн” гэсэн юм.

Унтлагынхаа өрөөн дэх шилэн шүүгээнд бурхан шүтээнээ залжээ. “Будда шүтдэг. Бэртэл гэмтэл авалгүй, тэмцээндээ амжилттай оролцохыг хүсч эхнэр нь залбирдаг байжээ.

Зодог тайлсан тухайгаа Т.Үйтүмэн “2000 оны Сид­нейн олимпод Киргизийн тамирчинд эхний тоглолт дээрээ хожигдоод, зодог тайлсан. Уг нь тэр тамирчинг хоёр жилийн өмнө ялж байсан юм. Нам цохиж байсан өрсөлдөгчдөө хожигдохоор “За даа, больдог ч юм билүү дээ” гэсэн бодол ямар ч тамирчинд төрнө. Ингээд 29 настайдаа буюу 2000 онд зодог тайлсан даа. Бокс бол цаг хугацааны асуудал. Тоглох насандаа тоглоод, болих үедээ зодгоо тайлахгүй бол болохгүй. Хөгширнө гэдэг чинь хурд хүч багасна л гэсэн үг. Хурд хүч багасахаар чинь өрсөлдөгчдөө олон цохиулна гэсэн үг. Олон цохиулна гэдэг чинь бэртэл гэмтэл олон авна л гэсэн үг. Уг нь тухайн үед 32 настайд зодог тайлуулдаг журамтай байсан. Харин одоо олон улсын сонирхогчдын боксын тэмцээнд 40 нас хүртэл тоглож болохыг зөвшөөрсөн” гэсэн юм.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Гэгрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН