Categories
мэдээ нийгэм

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн талаар цахим хэлэлцүүлэг боллоо

Улсын Их Хурлын Эмэгтэй гишүүд, Монголын эмэгтэйчүүдийн сан хамтран өнөөдөр /2015.04.28/ 21 аймаг, есөн дүүргийн эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн талаар цахим хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлгийн эхэнд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргал Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан.

Хэлэлцүүлэгт оролцогчид орон нутагт гэр бүлийн хүчирхийлэл тулгамдсан асуудал болоод байгааг хэлээд гэр бүлийн хүчирхийллийн гаралт буурахгүй, хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэрэг ноцтой хэлбэрт шилжих болсныг онцлон жишээ баримттайгаар ярилцсан юм. Орон нутгийн төлөөлөгчид Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоо, сум, багийн Засаг дарга нарын үүрэг, хохирогчид үзүүлэх үйлчилгээний асуудалд онцгойлон анхаарлаа хандуулж, энэ чиглэлээр гарсан саналыг хуулийн төсөлд тусгах хэрэгтэйг хэлж байв.

21 аймагт зохион байгуулсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Л.Эрдэнчимэг, С.Одонтуяа нар болон иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, төр захиргааны байгууллагын төлөөлөл нийт 500 гаруй хүн оролцож, саналаа хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Хайгуулын тусгай зөвшөөрлөөс 8,95 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

Хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ 874 аж ахуйн нэгж Ашигт малтмалын газарт ирүүлээд байгаагаас 722 аж ахуйн нэгж цахим хэлбэрээр өргөдлийн дугаар олгох ажиллагаанд оролцож байна.

Нийт бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдээс дотоодын хөрөнгө оруулалттай 817, гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай 45, хамтарсан хөрөнгө оруулалттай 12 аж ахуйн нэгж байгаа юм.
2015 оны нэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 24-ийг хүртэл тусгай зөвшөөрлийн төлбөр 8,95 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

444 тонн шатахуун авах гэрээ байгуулжээ

Энэ онд улсын хэмжээгээр 328.6 мянган га-д үр тариа тарина. Нийт 14 аймгийн 1190 гаруй аж ахуйн нэгж иргэн үр тариа тариалахаар бэлтгэлээ базааж байна.

Хаврын тариалалтад нийтдээ 48.0 мянган тонн буудайн үр шаардагдахаас аж ахуйн нэгжүүд 2014 оны ургацаас 45.0 мянган тонныг нөөцөлжээ. Харин дутагдах үрийг Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон ОБЕГ-ын Улсын үрийн нөөцийн салбарт хадгалагдаж буй үрийн буудайнаас гаргах аж.

Харин шатахууны хувьд нийт 21.1 мянган тонн дизелийн түлш шаардагдах тооцоог гаргажээ. Тариаланчдад шатахууныг 50 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгож, үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас нөхөн бүрдүүлэхээр шийдвэрлэн гэрээ байгуулж эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 57 аж ахуйн нэгж, иргэн 1.8 мянган тонн буудайн үр, 91 аж ахуйн нэгж 444 тонн шатахуун авахаар гэрээ хийжээ.

Categories
мэдээ нийгэм

Богд ууланд гарсан түймрийг бүрэн унтраажээ

Дөрөвдүгээр сарын 25-нд Богд ууланд гарсан түймрийг нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа анги салбарын албан хаагчид өчигдөр 17.00 цагийн үед бүрэн унтраажээ.

Хан-Уул дүүргийн наймдугаар хороо, Жаргалантын аманд гарсан ой хээрийн түймэр нийт 30 га газрыг хамарсан бөгөөд гал түймэр тавьсан иргэнийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Нийслэлийн Онцгой байдлын газраас ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж Богдхан уул, ногоон бүсээр эргүүл шалгалтыг зохион байгуулж байгаа юм байна.

Нийслэлийн Онцгой комиссын ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх албан даалгаварт 2015 оны 3 дүгээр сарын 09-ний өдрөөс 6 дугаар сарын 10, 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 10 хүртлэх хугацаанд нийслэл орчмын ногоон бүсэд байгалийн дагалт баялгийг ашиглах зорилгоор зорчих, амралт аялал зугаалга зохион байгуулах, галын аюулгүйн төхөөрөмжөөр тоноглогдоогүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хоригложээ.

Иймд иргэд, олон нийт нийслэлийн ногоон бүсэд дээрх хугацаанд зорчихгүй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Categories
мэдээ спорт

“Дархан марафон-2015” гүйлтийн тэмцээн боллоо

Монгол Улсад хүн амын эрүүл мэндийг хамгаалах, бүх нийтийн гүйлтийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор Дархан хотноо “Өөрийгөө Ялах” бүх нийтийн марафон гүйлтийн тэмцээнийг Шри Чинмойны багаас санаачлан, Дархан-Уул аймгийн ЗДТГ, Монголын хөнгөн атлетикийн холбоо, Монголын хэт холын зайн гүйлтийн холбооод хамтран 4-р сарын 26-д зохион байгууллаа. Тус тэмцээн нь уламжлал болон найм дахь жилдээ Дархан хотноо Дархан паркад зохиогдож байгаа улсын чанартай томоохон марафон гүйлт юм. Гүйлтийн зайн ангилал нь 3,8 км ба 21 км ээр, насны хувьд 17-оос доош, 18-49, 50-аас дээш гэсэн 3 насны ангилалаар ялагчийг шалгаруулсан.

Тэмцээнд Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Булган, Архангай зэрэг аймаг, Улаанбаатар хотын дүүргүүдээс нийт 150 гаруй гүйгчид оролцжээ. Сонирхуулахад тэмцээний хамгийн залуу оролцогч 13 настай, хамгийн ахмад гүйгч 70 настай буурал байлаа.

Тэмцээний байр

21 км

18-49 нас, эрэгтэй

  1. И.Батхуяг – Мон Алтиус – 1:13:34
  2. Д.Суваргахайрхан – Хилийн цэргийн 0108 – 1:14:57
  3. Г.Гүррагчаа – ХСИСургууль – 1:15:29

18-49 нас, эмэгтэй

  1. Д.Халиунаа – МУБИС – 1:26:17
  2. Ц.Санжидмаа – Мон Алтиус – 1:29:58
  3. Д.Бадамхатан – Алдар СХ – 1:43:18

50-аас дээш нас, эрэгтэй

  1. Д.Дамдинжав – ХЭТ ХЗМТХ – 1:31:36
  2. Б.Оюунбаатар – Хангарьд Эрдэнэт – 1:43:42
  3. Ш.Батсүх – 1:46:16

50-аас дээш нас, эмэгтэй

  1. Ч.Пагмасүрэн – БГД Од клуб – 2:19:24
  2. Б.Отгонбаяр – ШЧМБ – 2:19:46
  3. М.Наранцэцэг – БГД Од клуб – 2:38:52

Зайн ангилал: 3,8 км

17 хүртэл нас, эрэгтэй

  1. С.Даваадорж – Дорноговь – 12:03
  2. Б.Билгүүдэй – 12:23
  3. М.Мөнхдорж – 12:25

17 хүртэлх нас, эмэгтэй

  1. Б.Номин-Эрдэнэ – 16:18
  2. Г.Халиун – 17:09
  3. Б.Энхжин – 17:10

18-49 хүртэл нас, эрэгтэй

  1. Г.Одхүү – Алдар СХ – 11:35
  2. А.Бакыт – Алдар СХ – 12:02
  3. Н.Жандос – Алдар СХ – 12:08

18-49 хүртэлх нас, эмэгтэй

  1. З.Ганхишиг – Алдар СХ – 14:29
  2. Н.Дулам – Алдар СХ – 14:30
  3. Б.Дуламсүрэн – БГ Од – 15:56

50-аас дээш нас, эрэгтэй

  1. Бадрах – ШЧМБ – 15:54
  2. С.Энхтайван – БГ Од – 16:06
  3. Л.Нэргүй – Сангийн далай ХХК – 16:30

50-аас дээш нас, эмэгтэй

  1. О.Уранчимэг – БГ Од – 21:00
  2. Ц.Оюунсүрэн – ШЧМБ – 23:05
  3. Алтанцэцэг – БГ Од – 28:23

Categories
мэдээ спорт

Волейболын холбооноос мэдээлэл хийнэ

Азийн волейболын холбооны ивээл дор болох эрэгтэйчүүдийн Зүүн Азийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн ирэх тавдугаар сарын 10-15-нд Улаанбаатар хотноо “Буянт-Ухаа” спортын ордонд болох билээ.

Тэмцээнд БНХАУ, БНСУ, БНАСАУ, Япон, Макао, Монгол, Хонгконг, Тайвань улсын нийт найман баг оролцох юм.

Монголын Волейболын холбооноос тэмцээний бэлтгэл ажил болон шууд дамжуулах багийг танилцуулах хэвлэлийн бага хурлыг маргааш буюу дөрөвдүгээр сарын 29-ний 11.00 цагаас ТВ 9-ийн байранд хийхээр болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Б.Бат-Өлзийгийн 25 жилийн ялыг хэвээр үлдээв

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Бат-Өлзийд холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан 25 жилийн хорих ялыг хэвээр үлдээжээ.

Б.Бат-Өлзий нь 2014 оны наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-нд шилжих шөнө Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт урьд нь хамтран амьдарч байсан Г-г цохиж ухаан алдуулан, цүнхнийх нь оосроор хоолойг нь боон амь насанд нь санаатай хүрсэн байна. Тэрбээр гэмт хэргийн ул мөрөө баллахын тулд цогцсыг нь уурхайн цооногт нуусан байсныг цагдаагийнхан илрүүлсэн юм.

Б.Бат-Өлзий өмнө нь хохирогчийг зодож, биед нь хөнгөн гэмтэл учруулсан, насанд хүрээгүй байхад нь хурьцал үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан аж.

Categories
гадаад мэдээ

“Севол”-ын ахмадад бүх насаар нь хорих ял оноолоо

Өмнөд Солонгосын Куанжү хотын дээд шүүх өнөөдөр /IV.28/ “Севол” гатлага онгоцны хэргийг хэлэлцжээ. Шүүхээс ахмадад оноосон ялыг хүндрүүлж, ерөнхий инженерийнхийг хөнгөрүүлсэн байна. Шүүх хөлгийн ахмад И Жун-Сукийг хүн амины хэрэгт буруутган бүх насаар нь шоронд хорих ял оноолоо. Өмнө нь доод шатны шүүхээс ахмад И Жун-Сукт ажил үүрэгтээ хайхрамжгүй хандсан хэрэгт 36 жил шоронд хорих ял оноосныг хүчингүй болгожээ. Өмнөд Солонгосын прокурорууд өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон шүүх хурлаас ахмад И Жун-Сукт оноосон ялыг эсэргүүцэн Куанжү хотын дээд шүүхэд давж заалдсан аж.

Харин хөлгийн ерөнхий инженерийг хүн амины хэрэгт буруутган 30 жил шоронд хорих ял оноосныг хүчингүй болгож, ялыг хөнгөрүүлжээ. Шүүхээс ерөнхий инженерийг ажил үүрэгтээ хайнга хандсан хэрэгт буруутган 20 жил шоронд хорих ял оноолоо. Мөн хөлгийн багийн 14 гишүүний ялын хугацааг багасгаж, 18 сараас 12 жил болгон бууруулжээ.

476 зорчигчтой “Севол” гатлага онгоцны ослоос ердөө 172 хүн эсэн мэнд аврагдсан юм. Үүнд хөлгийн ахмадын буруу зааварчилгаа, өөр бусад хүчин зүйл нөлөөлжээ. Ослоор амь үрэгдсэн 304 зорчигчийн 250 нь ахлах сургуулийн сурагчид юм.

Categories
мэдээ нийгэм

Play time-2015 наадам зургадугаар сард болно

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Playtime-2015 амьд хөгжмийн наадам энэ оны 06 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Монгол шилтгээнд зохион байгуулагдах гэж байна. Тус наадам нь Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, найрсаг хотыг бий болгох, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой.

PlayTime-2015 наадмын хүрээнд АНУ-ын “Pains of Being Pure at Heart”, “SSIGHBORGGG”, Өвөр Монголын “Есөн Эрдэнэ” зэрэг хамтлагууд болон “Никитон”, “Нисванис”, “The Lemons”, “Моханик”, “The Colors”, “Rec On”, ”Цонхон дээр суусан ялаа” зэрэг 40 гаруй хамтлаг дуучид, DJ оролцож, өөсрдийн уран бүтээлээ толилуулна. Энэ удаагийн наадам нь “Playtime”, “Шинэ давалгаа”, “Нааглихац” гэсэн гурван тайзаар дамжуулан дэлхийн болон Монголын амьд хөгжмийн уран бүтээлчдийг танилцуулах болно.

Үүнээс гадна REPLY буюу наадмын үеэр хотын залуус хог хаягдлаа хэрхэн багасгаж, зөв зохистой ашиглаж, өөрсдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх урлагийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. REPLY яармаг нь “PlayArt”, “PlayKids”, “PlayMerchendise” зэрэг өртөөнөөс бүрдэх юм. Тус яармаг нь наадмын үеэр байгаль орчинг бохирдуулахаас зайлсхийж, хотын залуус болон хамтран ажиллаж буй байгууллага, хамт олны Улаанбаатар хотын өнгө үзэмжийг дээшлүүлэх, найрсаг харилцааг бий болгоход хувь нэмрээ оруулах зорилготой. Наадмын үеэр Монголын богино хэмжээний кино хөтөлбөрүүдийг наадамд оролцогчдод толилуулах зэрэг олон хөтөлбөрүүдийг багтаасан наадам болно. Дэлгэрэнгүй мэдээллийг www.playtime.mn сайтнаас аваарай гэж нийслэлийн Соёл, урлагийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн талаар цахим уулзалт хийв

Эмэгтэй гишүүд, Монголын эмэгтэйчүүдийн сан хамтран өнөөдөр /2015.04.28/ 21 аймаг, 9 дүүргийн эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн талаар цахим хэлэлцүүлэг хийлээ.

Хэлэлцүүлгийн эхэнд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргал Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан.

Хэлэлцүүлэгт оролцогчид орон нутагт гэр бүлийн хүчирхийлэл тулгамдсан асуудал болоод байгааг хэлээд гэр бүлийн хүчирхийллийн гаралт буурахгүй, хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэрэг ноцтой хэлбэрт шилжих болсныг онцлон жишээ баримттайгаар ярилцсан юм. Орон нутгийн төлөөлөгчид гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоо, сум, багийн Засаг дарга нарын үүрэг, хохирогчид үзүүлэх үйлчилгээний асуудалд онцгойлон анхаарлаа хандуулж, энэ чиглэлээр гарсан саналыг хуулийн төсөлд тусгах хэрэгтэйг хэлж байсан юм.

21 аймагт зохион байгуулсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Л.Эрдэнчимэг, С.Одонтуяа нар болон иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, төр захиргааны байгууллагын төлөөлөл нийт 500 гаруй хүн оролцож, саналаа хэлсэн юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.