Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаарын тоймыг хүргэж байна

Өнөөдөр манай сонин 16 нүүрээр хэвлэгдлээ. Харамсалтайгаар амиа алдсан дөрвөн настай охинд хүндэтгэл үзүүлж, хүчирхийллийг зогсоохыг шаардсан жагсаал өнгөрсөн бямба гаригт “Чингэс”-ийн талбайд болсон. Уг жагсаалаас хийсэн “Монголчууд дөрвөн настай охиныхоо диваажинд хүрэх замыг гэрэлтүүллээ” сурвалжлага, даваа гариг бүрийн дугаарт уламжлал болгон гардаг “Танайд өнжье” булангаа нэгдүгээр нүүрт онцоллоо. Энэ удаад “Танайд өнжье” булангаа “ОБ пластик” үйлдвэрээс бэлтгэсэн юм. Уг нийтлэлийн дэлгэрэнгүйг 12, 13 нүүрээс уншаарай. “Улс төр”-ийн нүүрт Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Нефть боловсруулах үйлдвэр байгуулна гэдэг талхны үйлдвэр барихтай адилгүй” гэж ярьсан байна.

Манай сонины гуравдугаар нүүрт Монголын шилдэг нийтлэлчид нийтлэлээ байршуулдаг том талбар билээ. Өнөөдрийн дугаарын энэ нүүрт “Ард иргэд хүүхдийн төлөө эмгэнэж байхад Монголын улстөрчид Хүй долоон худагт хүүхдийн хувь заяагаар наадлаа” нийтлэл хэвлэгдлээ. Оросын сөрөг хүчний удирдагчдын нэг Б.Немцовт зэвсэглэсэн этгээд халдаж амь насыг хөнөөсөн хэрэг гарсан. Уг хэргийн эргэн тойронд өрнөж буй үйл явдлыг “Гадаад мэдээ”-ний нүүрнээс уншаарай. Энэ мэтээр дотоод гадаадад болж буй цаг үеийн, олны анхаарлыг татсан мэдээ, мэдээллийг уншигч та манай сониноос дэлгэрүүлж сонирхоорой.

Categories
мэдээ нийгэм

Жастин Капла нутаг буцжээ

Татвараас зайлсхийсэн хэргээр 5.6 жилийн ял сонсон хоригдож байсан “Саусгоби сэндс” компанийн гүйцэтгэх захирал асан Жастин Капла нарын гурван хүнд Ерөнхийлөгч өршөөл үзүүлсэн. Ийнхүү өршөөлд хамрагдан суллагдсан Жастин Капла нутаг буцаж Миннесота мужид уржигдар/02.29/ газарджээ. Тэрээр “Би их баяртай байна. Та суллагдаж гэртээ харина гэж хэлэхэд үнэхээр сайхан байсан. Монголын шорон бусад орны шорнуудын адил тийм муу орчин, нөхцөлтэй биш юм билээ. Хоригдож байх үед бидэнд хүндэтгэлтэй хандаж байсан гэдгийг онцлох нь зүйтэй. Одоо гэр бүлтэйгээ хамт байхыг л хүсч байна” гэж ярьсныг MyFoxTwincities.com. сайтад мэдээлжээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Германыг зорино

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гуравдугаар сарын 2-4-нд Герман улсад ажлын айлчлал хийхээр болжээ. Айлчлалын хүрээнд Монгол Улсын төрийн тэргүүн ХБНГУ-ын ерөнхийлөгч И.Гаук, Канцлер А.Меркельтэй тус тус уулзаж, Берлин хотноо зохиогдох Монгол, Германы бизнесийн форумд оролцоно. Мөн гуравдугаар сарын 4-8-нд ХБНГУ-ын Берлин хотноо болох олон улсын аялал, жуулчлалын “ITB Berlin 2015” үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын арга хэмжээнд түнш орны төрийн тэргүүний хувиар уригдан оролцож, үг хэлэх юм байна.

Categories
гадаад мэдээ

Охидыг эрэн сурвалжилж эхэллээ

Их Британийн Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Сири улс руу явж, улмаар хэт даврагч болсон өсвөр насны гурван охиныг эрэн сурвалжилж эхэлжээ. 15 настай Кадиза Султана, 16 настай Амира Абасе, 15 настай Ветхамел гэх гурван охин Лондонд болох найзынхаа хуриманд оролцохоор гэрээсээ гарч яваад сураггүй алга болжээ. Мөрдлөгийн явцад тэд Турк улсаар дамжиж Сири, Иракт эрхээ тогтоогоод буй “Халифын вант улс” бүлэглэлийн дайчидтай уулзсан нь тогтоогджээ. Тэд амьд, үхсэн эсэх мэдээлэл нь тодорхойгүй байгаа юм. Охидын гэр бүлийнхэн “Тэд хэт даврагч болбол сайхан амьдарч болох болов уу” хэмээн асууж байсан гэж мэдүүлжээ. Мөн Амира Абасе фэйсбүүктээ “Ажил хийхийг хүсэхгүй байна. Британид ажил хийсэн ч Британи хүмүүс шиг цалин авахгүй. Би бол цагаач. Британийн иргэншилтэй ч британичууд намайг цагаач гэж нэрлэдэг” гэж бичжээ.

Ерөнхий сайд Дэвид Камерон “Аюулгүй байдлын үүднээс охидын байршилыг тогтоох хэрэгтэй. Бидний өсвөр үе буруу зам руу хазайж байна. Мөн нислэгийн компаниуд өсвөр насны хүүхдүүд болон гэмт хэрэгт холбогдож байсан этгээдүүдэд Ойрхи Дорнодын орнуудад зорчих виз олгохгүй байх. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл урьдчилж, цагдаагийнханд мэдэгдэх хэрэгтэй” гэж хэлжээ.

Categories
гадаад мэдээ

Порошенко эмгэнэл илэрхийлэв

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко твиттер хуудсаараа дамжуулан Оросын улстөрч Борис Немцовын гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Порошенко “Дэндүү харамсалтай байна. Таны аминд хүрсэн гэмт этгээдүүд хурдан баригдаж, шүүхийн өмнө зогсоосой. Немцовын гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Эмгэнэлийг минь хүлээн авна уу” гэж жиргэжээ.

Немцовын дэмжигчид, гэр бүлийнхэн нь өнөөдөр хэрэг болсон газраас холгүй тайван жагсаал зохион байгуулсан байна. Төрийн Думын хашааны гадаа тэд цэцэг өргөжээ. Маргааш Думын гишүүд нэг минут чимээгүй зогсч талийгаачид хүндэтгэл үзүүлэхээр болсон байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Нүүрсний экспорт 12.5 хувиар буурчээ

Нүүрсний эрэлт сар шинийн өмнө суларсантай холбоотойгоор экспорт буурчээ. Мөн нүүрсний борлуулалт төлөвлөгөөнийхөө тал хувьтай тэнцсэн байна. Ашигт малтмалын газрын мэдээллээр нэгдүгээр сард нүүрс олборлогчид 1.9 сая тонн нүүрс борлуулснаас 1.1 саяыг нь экспортод гаргажээ. Үүнийг өмнөх онтой харьцуулахад борлуулалт 3.4 хувь харин экспорт 12.5 хувиар буурсан байна.

Энэ оны эхний сарын байдлаар экспортын хэмжээ төлөвлөгөөнийхөө 37.3 хувьтай тэнцэж байгаа бол дотоодын борлуулалт 95.6 хувьтай тэнцүү байна. Экспортлогч компаниудын хувьд “Эрдэнэс Таван Толгой” цанхийн баруун хэсгээс 400 мянган тонн, “МАК” компани 237 мянган тонн нүүрс экспортод гаргажээ. Мөн экспортолсон нүүрсний 80 гаруй хувь нь коксжих нүүрс байна.

Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслийн бүртгэл явагдаж байна

Нийслэлд 600 гаруй мянган тээврийн хэрэгсэл байдаг ба эдгээр тээврийн хэрэгслүүдийн эзэмшигч иргэдийн 70-80 хувь нь зам ашигласны, агаарын бохирдлын төлбөр, тээврийн хэрэгслийн татвараа төлдөг. Харин үлдсэн нь нийслэлд бүртгэлтэй ч хөдөө орон нутагт удаан хугацаагаар ажилладаг, эвдэрсэн, сэлбэгэнд зарагдсан, эсвэл шилжилт хөдөлгөөний бүртгэлээ хийлгээгүй гэх мэт шалтгаанаас болж нийслэлийн тээврийн хэрэгслийн бүртгэлээс хасуулаагүй байдаг.

Тиймээс нийслэлийн захиргаанаас тээврийн хэрэгслийн бүртгэлийг дахин хийх шийдвэр гаргасан байна. Иргэд өөрийн нэр дээр байдаг тээврийн хэрэгслүүдээ авто тээврийн үндэсний төв дээр очиж цэгцлэх шаардлагатай байгаа. Тээврийн хэрэгслийн бүртгэл хийхэд иргэдэд ямар нэгэн торгууль шийтгэл байхгүй ба тээврийн хэрэгслийг шинээр бүртгэх, шилжилт хөдөлгөөний өөрчлөлтийн бүртгэлийг амралтын өдрүүдэд явуулж байна.

Categories
гадаад мэдээ

Борис Немцовыг хэн буудаж хороов?

nemtsov
В.ПУТИН: ЗАХИАЛГАТ, ӨДӨӨН ХАТГАЖ ТУРХИРСАН АЛЛАГА БОЛЛОО

Өнгөрсөн сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Москвад Оросын сөрөг хүчний удирдагч Борис Немцов буудуулж амиа алдсан хэрэг гарсан. Түүний амийг хэн хороосон байж болох талаарх элдэв таамгийг дэлхийн улсууд дэвшүүлж байна. Зарим нь лалын хэт даврагчид түүнийг буудсан гэж үзэж буй бол зарим нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг улсын тэргүүнээс буулгахыг хүсэгчид ийн өдөөн хатгалга үйлдэж байна хэмээн харж буй бололтой.

Өнгөрсөн бямба гаригт ОХУ-ын мөрдөн байцаагч, улс төрчид төрийн телевизээр сөрөг хүчний удирдагч Немцов Москвад юуны учир буудуулж амиа алдсан байж болох шалтгааныг хайж ярилцжээ. Немцов ОХУ-ын ерөнхийлөгчийн эсрэг байр суурьтай байсан нь үхлийн ганц шалтгаан болж буй бололтой хэмээн АР мэдээлсэн байна. Харин ВВС агентлаг “Уг аллагыг Немцовын улс төрийн үйл ажиллагаатай холбоотой, эсвэл өмнөх бизнестэй нь холбоотойгоор түүнд өстэй этгээдүүд үйлдсэн” гэж таамаглажээ.

Дээрх аллага, Немцов ОХУ-ын эдийн засгийн хямрал, Украины эсрэг дайн болон галзуу түрэмгий үхлийн аюултай бодлого барьж буй Путины эсрэг тэмцэж, ням гаригт жагсахыг Москвагийн оршин суугчдад уриалсан радио ярилцлага өгснөөс хэдхэн цагийн дараа болсон байна.

Түүнийг олонтаа буудуулж амиа алдсаны дараа ням гаригт болох эсэргүүцлийн жагсаалыг цуцалжээ. Оронд нь гашуудлын жагсаал хийхийг уриалж, улмаар Москва хотын захиргаанаас сөрөг хүчнийхэнд зөвшөөрлийг нь даруй өгсөн мэдээлэл байна.

Хэдийгээр ОХУ-д эдийн засгийн хямрал нүүрлэж, инфляци өссөн ч сүүлийн саруудад Путиныг дэмжих ард түмний дэмжлэг 80 хувиас буухгүй байгаа юм.

nemtsovОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ хэргийг захиалгат бөгөөд өдөөн хатган турхирсан аллага боллоо гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Тэрээр Немцовыг буудаж хөнөөсөн аллагын мөрдөн шалгах ажиллагааг өөрийн биеэр удирдахыг хууль сахиулах байгууллагын дарга нартаа тушаажээ.

Путины өгсөн үүргийн дагуу байгуулсан мөрдөн шалгах комиссын бүрэлдэхүүнд хууль сахиулах байгууллагуудын хамгийн шилдэг ажилтнуудыг оруулсан байна. Түүнийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажиллагааг Оросын Дотоод хэргийн сайд Владимир Колокольцев хяналтдаа авчээ.

-БОРИС НЕМЦОВТОЙ ЭНЭ САРЫН 3-НД САЛАХ ЁС ГҮЙЦЭТГЭНЭ-

ОХУ-ын төрийн тэргүүн, Немцовын 86 настай ээжид эмгэнэлийн цахилгаан утас илгээж, түүндээ “Бузар, эрээ цээргүй аллага зохион байгуулагчид болон гэмт этгээдүүдийг олж илрүүлж, зохих шийтгэлийг нь хүлээлгэх болно” гэснийг Кремль мэдээлсэн байна. Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Ерөнхийлөгч Владимир Путин энэхүү аллага нь туйлын өдөөн хатгасан үйлдэл боллоо гэж мэдэгдсэн гэжээ.

Оросын сөрөг хүчний удирдагчийн аминд халдсан ноцтой хэргийн дараа олон мянган хүн түүнд хүндэтгэл үзүүлсний дотор АНУ болон Европын улс орнуудын элчин сайд нар байсан аж.

nemtsovОросын сөрөг хүчнийг 20 жил удирдсан, “Солидарность” хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч, удирдагчдын нэг, 55 настай Борис Немцовыг өнгөрсөн баасан гаригийн шөнө дунд Москвагаас холгүй орших Большой Москворецкийн гүүрэн дээр найз бүсгүйтэйгээ хамт явах үед нь цагаан өнгийн машинтай үл таних этгээдүүд араас нь буудсан. Түүн рүү зургаан удаа буудсанаас дөрвөн сум нуруун тус газар нь онож, тэрээр газар дээрээ нас барсан талаар Оросын хэвлэлүүдэд бичсэн байна. Тэрээр “РПР-ПАРНАС” улс төрийн намыг хамтран даргалагч, Оросын сөрөг хүчний зохицуулах зөвлөлийн гишүүн байв.

Борис Немцовыг гуравдугаар сарын 3-нд Москва хотын Троекуровск оршуулгын газарт оршуулахаар болсныг “РПР-ПАРНАС” намын Холбооны улс төрийн зөвлөлийн товчооны гишүүн Константин Мерзликин мэдээлжээ.

Түүнтэй Москвагийн цагаар 10:00-14:00 цагийн хооронд Сахаровын төвд салах ёс гүйцэтгэсний дараа оршуулах ёслол Троекуровскт болох юм байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭnemtsovnemtsov

Categories
мэдээ спорт

“Дүнжингарав-2015” уралдаан боллоо

Дүнжингарав-2015″ хурдан морины уралдаан Төв аймгийн нутаг Хүй долоо худагт боллоо. Засгийн газрын тогтоолын дагуу зохиогддог төвийн бүсийн “Дүнжингарав-2015″ хурдан морины уралдааныг шинийн гурванд хийхээр төлөвлөөд байсан ч цаг агаар эрс хүйтэрсний улмаас түр хугацаагаар хойшлуулсан юм. Өнөөдөр эрлийз дээд нас, азарга, их нас, соёолон гэсэн морьдын уралдаан боллоо. Ингээд айргийн тавд хурдалсан ажнай хүлгүүдийг танилцуулья.

Эрлийз морьдын дээд нас: (74 хурдан хүлэг)

1.Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат, манлай уяач Намжилцэрэнгийн Дөш-Өлзийн зээрд азарга. Энэхүү хурдан ажнай хоёр жил дараалан түрүүлж байгаа бөгөөд алдарт уяач Т.Батцоож уяж, хурдлуулжээ.

2. Орхон аймгийн уяач Бямбажаргалын хээр үрээ

3. Увс аймгийн Зүүнговь сумын уяач, аймгийн алдарт уяач Барсүрэнгийн хээр азарга. Өнгөрсөн жилийн Дүнжингаравт айргийн тавд хурдалжээ.

4. Булган аймгийн Баяннуур сумын уяач ААУ Ч.Содномын хар үрээ

5. Манлай уяач П.Мэндбаярын хонгор морь хурдаллаа.

Их нас: (191 хурдан хүлэг)

1. Төв аймгийн Баян сумын аймгийн алдарт уяач Хэнгэрэгийн Цогтсайханы хар морь

2. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Намсрайжавын Зоригтын хул морь

3. Булган аймгийн Могод сум, аймгийн алдарт уяач Нмясүрэнгийн Базаргарьдын хонгор халзан морь. Энэхүү морийг алдарт уяач Т.Цатцоож уяж хурдлууллаа.

4. Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат, аймгийн алдарт уяач Адъяагийн Мөнхбаярын хавчиг загал морь хурдаллаа. Энэ загал морь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Дагвадоржийн унаган адуу.

5. Манлай уяач Галын Баттөмөрийн бор морь хурдаллаа. Энэхүү хурдан ажнай хоёр жил дараалан айрагдаж байна.

Азарга: (148 азарга)

1. Тод манлай уяач Дагвадоржийн Цэрэнжигмэдийн сөнгө зээрд азарга

2. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат, аймгийн алдарт уяач Т.Болдбаатарын халиун азарга
3. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, аймгийн алдарт уяач Х.Түмэнбаярын хонгор азарга

4. Орхон аймгийн алдарт уяач Д.Дэлгэрбаярын хонгор азарга

5. Орхон аймгийн уяач Гомбосүрэнгийн Баярцогтын хүрэн азарга айргийн тавд хурдаллаа.

Соёолон: (160 гаруй хурдан соёолон)
1. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат, аймгийн алдарт уяач Б.Бадраагийн хар үрээ. Тод манлай уяач Агваансамдангийг Батсүх уяж, хурдлуулжээ.
2. Манлай уяач Дамбын Хишигжаргалын цагаан үрээ
3. Манлай уяач Ононгийн Батбилэгийн зээрд үрээ

4. Төв аймгийн Угтаалцайдам сумын Баттөрийн халиун үрээ
5. Дашдоржын уясан үрээ тус тус хурдаллаа.

Categories
мэдээ нийгэм

Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржид цагийн ажлын 220 ажлын орон тоо байна

Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж биржид өнөөдрийн байдлаар цагийн ажлын нээлттэй орон тоо 220 байна. Үүнд байгууллагын сурталчилгаа, брошур, сонин, урилга тараах, цэвэрлэгээ хийх, лавлах утасны оператор, ачаа зөөх, айл нүүлгэх, борлуулалт, зөөгч, хүргэлт, гадаад хэлний цагийн багш, бүх төрлийн хөгжмийн багш, орчуулга гэх мэт ажлын байрууд байна.

Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, залуучуудын ажилгүйдэлд эзлэх хувийг бууруулах зорилгоор өдөр тутам цагийн болон байнгын ажлын байранд зуучилдаг.

Энэ биржид өдөрт 50-70 залуу ажил хайн ирдэг бөгөөд тэдний 70 хувь нь цагийн ажил хайдаг юм байна.