Турк улсад зохиогдож буй олимпийн эрхийн оноо олгох “Самсун Гранпри”-д эрэгтэйчүүдийн 66кг-д Д.Төмөрхүлэг мөнгөн медаль хүртлээ.
Хэдхэн хоногийн өмнө “Тбилис Гранпри”-д түрүүлсэн бол өчигдөр дахин финалдлаа.
Тэрээр эхний тойрогтоо гоц мөргөж хоёрдугаар тойрогт нутгийн бөхийг цэвэр ялж улмаар Казахстаны Елдос Зумакановыг юүко үнэлгээгээр ялсан. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Израйлын Фликер Талыг юүко үнэлгээгээр ялсан.
Хагас шигшээд Европын нээлттэй тэмцээний аварга, Миамигийн Гранпригийн алтан медальт ОХУ-ын бөхийг торгуулиар ялж финалдсан.
Аваргын төлөө олимпийн хошой хүрэл, дэлхийн хошой аварга Узбекстаны алдарт бөх Собиров Ришодтой барилдсан.
Барилдааны эхнээс Д.Төмөрхүлэг идэвхтэй барилдаж Собиров шүүгчээс гурван ч удаа торгууль аваад хожигдож явсан. Барилдааны сүүлийн минутад Собиров вазари үнэлгээ салгаж чадсан бол үндсэн цаг дуусахаас 16 секундын өмнө манай бөхийг цэвэр яллаа.
Д.Төмөрхүлэг мөнгөн медаль хүртэж олимпийн эрхийн 180 оноо нэмснээр эрэгтэйчүүдийн 66кг-ын дэлхийн чансааг тэргүүлэх болзлоо хангалаа.
Гуравдугаар сарын 24-ны байдлаар 66кг-ын дэлхийн чансааг ОХУ-ын жүдоч Михаил Пуляев 1908 оноогоор тэргүүлж, Даваадоржийн Төмөрхүлэг 1900 оноогоор удаалж байгаа билээ.