Categories
мэдээ цаг-үе

Эмээлтээс цааш иргэдэд газар олгож байна

-ХҮЙТНИЙ ХӨНДИЙД ГАЗАР ОЛГОЖ БАЙНА-

Нийслэлийн 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15309 га газарт цахим системээр газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Уг шийдвэрийн дагуу цахимаар газар өмчлүүлэх хоёрдугаар ээлжийн бүртгэл өнгөрсөн нэгдүгээр сарын 26-наас хоёрдугаар сарын 9-ний хооронд явагдаж дууссан.

Цахимаар газар өмчилж авахаар сонгогдсон иргэд харьяа дүүргийнхээ Өмч, газрын харилцааны албанд хандаж газар өмчлөх өргөдлөө баталгаажуулаад буй. Зарлагдсан байршилд акт үйлдэн баталгаажуулах ажлыг гүйцэтгэх компаниудыг тендерээр шалгаруулсан юм байна. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Их цуурай, Бага цуурайн аманд “Блюжей ланд” ХХК, Сонгинохайрхан дүүргийн Эмээлт уулын баруун хоолойн байршилд “Геоцацраг” ХХК, Багануур дүүргийн Тариан булаг, хоёрдугаар байршилд “Эрдэнэ сүрвэй” ХХК, Багахангай дүүргийн хоёрдугаар хороо Хангайн хөндийд “Онч сөрвей” ХХК тус тус уг ажлыг гүйцэтгэхээр болсон юм.

Өчигдөр Эмээлт уулын баруун хоолойд газар олгож буй “Геоцацраг” ХХК-ийн гэрт очлоо. Тус компанийнхан иргэдэд газар олгох ажлыг гардан хийж байгаа юм. Газар олгож буй байршилдаа гэр бариад амралтын өдөргүйгээр өглөө 10 цагаас орой 17 цаг хүртэл үйлчилж байна. Эмээлтийн давааг уруудаад хэсэг явж байгаад баруун гар тал руу буюу ертөнцийн зүгээр хойш, Хүй долоон худаг руу салдаг зам бий. Яг тэр замаар салахын наахна замын урд талд уг компанийн ганц гэр байрлаж байна. “Газар олголт” гээд томоор биччихсэн анонсыг гэрийн дээд бүслүүрээс бэхэлчихэж. Хэн ч харсан, энд газар олгож байгаа юм байна гэж ойлгогдоно. Гадна нь машин тэрэг зогсоно. Гэрт орлоо. “Гео цацраг” компанийн ерөнхий инженер Б.Бямбадорж иргэдийг бүртгэж сууна.

Иргэд “Өргөдөл хүлээн авсан тухай тодорхойлолт”-оо түүнд өгөөд “Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт”-ыг бөглөж байна. Мөн 30 мянган төгрөгийг бэлнээр төлж байлаа. Пайз, газрын кадастр, ажлын хөлс зэрэг нь энэ мөнгөнд багтаж байгаа аж.

Ингээд бичиг цаасны ажил дууссаны дараа ерөнхий инженер “Та түр хүлээж байна уу. Танай байршил нэлээд цаана юм байна. Цэнхэр тугтай “Pajero” машин ирэхийг хүлээ. Ирэхээр нь суугаад газраа заалгаад гадаслагаа, тэмдэглэгээгээ хийлгэнэ үү. Тэгээд тавдугаар сард Газрын албанаасаа өмчлөх шийдвэрээ аваарай” гэж нэг бүрчлэн захих аж. Хэрэв хуваарилагдсан газар нь замдаа ойрхон байвал “Та 89-43 дугаартай машин ирэхээр суугаад газраа заалгана уу” гэж зөвлөнө. Энэ байршилд 3400 иргэнд 20х25 хэмжээтэй буюу 0.5 га газар өмчлүүлэх бөгөөд өчигдрийн байдлаар мянга гаруй хүн газраа заалгаад актаа аваад байгаа юм байна.

Эдний компани цагаан сарын өмнөөс энд ажилчдаа байрлуулжээ. Иргэдийн хувьд бичиг баримтаа дутуу авч ирэх тохиолдол их гарч байгаа аж. Газар олгож, хуваарилахдаа шууд компьютерийн программын дагуу олгосон болохоор зарим хүмүүс “Замдаа ойрхон газар өгч болоогүй юм уу”, “Манайх хэтэрхий хол юм байна” гэх мэтээр маргаж байгаа гэнэ. Тус компанийнхны хувьд газар хуваарилахад ерөөсөө ойролцоогүй. Хуваарилсан газрыг нь зааж, кадастрыг нь хийн, гадаслагаа хийлцэж, пайзжуулах ажлыг нь түргэн шуурхай хийж өгч үйлчилж байгаа гэдгээ тайлбарлаж байв. Гэхдээ иргэдийн хувьд “Төрийн минь буян. Үнэгүй газар өгч байгаад баяртай байна” гэх талархлын үг их хэлж байгаа гэнэ. Зарим нь “Хурдан морьдын тоосон дунд амьдрах юм байна” хэмээн бэлгэшээж “Өнөө жилийн наадмын хурдан морьд бариалахыг Эмээлт хайрхан дээрээс харж болох юм байна шүү” гэжээ. Иргэдийн хувьд хотын их утаанаас хол, салхины дээд талд, “Монгол наадам” цогцолборын ойролцоо төв зам дагуу газар авснаа ихэд олзуурхаж байгаа юм байна. Энэ газар нь Сонгинохайрхан дүүргийн хорьдугаар хорооны харьяа хэсэг бөгөөд Эмээлт уулын баруун хоолой гэж нэрлээд байгаа ч нутгийн иргэд энэ орчмыг Хүйтний хоолой гэж дууддаг гэнэ. Өвөлдөө нэлээд салхи жавартай учир Хүйтний хөндий гэж нэрлэсэн гэж тээврийн жолооч нар ярилцдаг аж. Өвөлдөө уг хөндийд айлууд өвөлждөггүй бол зундаа ороод ирдэг гэнэ. Зуны улиралд энэ хөндийд зуншлага таатай, өвсний гарц сайн байдаг тухай энэ хавийн малчид ярилцдаг юм байна. Гол горхи, ой мод үгүй ч өгөөжтэй хөндий гэдгийг Эмээлтэд амьдардаг иргэд ярьж байлаа. Газраа заалгахаар ирсэн нэгэн залуу “Энэ хөндийд газар авахаар болсныг эмээ маань дуулаад өгөөж баян хангай гэж хэлж байна лээ. Түүх домогтой л хөндий гэсэн. Зундаа өвс ургамалтай сайхан газар гэсэн. Зуслангийн байшин баривал тохиромжтой болов уу гэж бодож байгаа” гэж ярилаа.

Хүйтний хөндийд иргэд газар өмчилж амьдрах учир түүнийг нь дагаад сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх газрууд баригдах нь тодорхой. Эдгээр газруудыг нь хаана, яаж байршуулахыг зурагт тодорхой заасныг харлаа.

Өдөрт дунджаар 150-160 хүн ирж актаа авч байгаа юм байна. Энэ сарын 12-ныг хүртэл эдний компани энд ажилчдаа байрлуулж үйлчлэх гэнэ. Энэ хугацаанд багтааж ирж үйлчлүүлбэл хэн хэндээ чирэгдэлгүйг сануулж байлаа. Өчигдөр өдрийн 13 цагийн үед 30 гаруй иргэн ирж бүртгүүлээд байв. Цэнхэр туг намируулсан “Pajero” жийп тоос татуулан цаашилна. Араас нь машинууд дагах аж. Газар өмчлөхөөр болсон иргэд нэгээс хоёр хүнтэй хамт ирдэг юм байна. Төмөр гадас, цемент, модон шон гээд л хуваарилагдсан газрынхаа дөрвөн буланд зоох, тэмдэглэх зүйлсээ алх, лантуу, хүрзтэй авчирчээ. Зарим айл нь хуучин дугуй авчирч суулгаж байгаа гэнэ. “Гео цацраг” компанийн зүгээс тэмдэглэгээг дахин шалгах ажилчдыг гаргажээ. Иргэдийн тавьсан тэмдэглэгээ, шон зэргийг сугалж авах, машинаар дайрах зэрэг үйлдэл гардаг юм байна. Тиймээс дараа нь элдэв будлиан гарахаас сэрэмжилж тэмдэглэгээ, гадас зэргийг нь шалгаж, дахин гадаслаж байлаа. Айлуудын өмчилсөн газрын дөрвөн буланд төмөр гадас зоогоод дээр нь дугаарыг нь шууд шивж пайзжуулж байгааг харлаа. Гэвч хог, төмөр түүдэг хүмүүс гадсыг нь сугалаад байгаа нь хүндрэл үүсгэж буйг тус компанийн ажилчид учирлана. Хүй долоо худаг руу явсан өндөр хүчдлийн шугам Хүйтний хөндийн араар дайрч байгаа болохоор эндхийн иргэд тог цахилгааны асуудалд нэг их толгой өвтгөхгүй бололтой.

Д.САРУУЛ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Ш.Цэнд-Аюуш: Улс төрийн аясаар хэл, бичгийнхээ соёлд халдвал Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд сэв суулгана

Хэлбичгийн шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Д.Нацагдоржийн шагналт зохиолч Ширсэдийн Цэнд-Аюуштай ярилцлаа. Наяад оны эхээр тухайн үеийн Соёлын яамыг толгойлж дараа нь Монголын зохиолчдын эвлэлийн орлогч даргаар ажиллаж байсан тэрээр Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийг үүсгэж байгуулж орчин үеийн утга соёл, сэтгүүлзүйн түүхэнд гавьяа байгуулсан нэгэн юм. Эл эрхэмтэй саяхан батлагдсан Монгол хэлний хуулийн талаар ярилцсанаа хүргэе.

УИХ саяхан Монгол хэлний тухай хуулийг баталлаа. Хууль анх өргөн баригдаж, хэлэлцэгдэж эхлэхээс л шүүмжлэл дагуулж байсан. Соёлын сайд байсан хүний хувьд та энэ хуулийн хэрэгжилтийг хэрхэн харж байна вэ?

-Хэл гэдэг хүний нийгмийн хамгийн үнэт баялгийн нэг. Аливаа улс орны оршин тогтнох тулгуур багана нь улсын хил хязгаар, үндэсний хэл, түүх соёл юм. Хэл бол харилцааны чухал хэрэгсэл. Нөгөө талаас оюун санааг баяжуулж байдаг. Өнөөдөр монгол бичгийн талаар дуугарах хүнгүй юм шиг улсууд ойлгоод байна. Тийм биш л дээ. Б.Ринчен гуай, Ц.Дамдинсүрэн гуай Лувсанвандан гуай зэрэг монгол хэлний манаач болсон хүмүүс байсан. Тэд монгол хэлийг хөгжүүлж баяжуулахын төлөө байнгын анхаарал тавьж ажиллаж байсан юм. Үеийн үед том сэхээтнүүд эх хэлээ хадгалж, хамгаалахад ихээхэн анхаарал тавьж ирсэн. Харин Монгол бичгийг олон түмэнд сургах үзэл баримтлалтай УИХ-аас баталсан Монгол хэлний тухай хууль нь урьд үеийн уламжлалыг баяжуулж өгч байгаа нь сайн зүйл. Гэхдээ хэрэгжих нөхцөл гэж айхавтар том бэрхшээл бий гэдгийг анхаарах хэрэгтэй. Жишээлбэл, манай сэхээтнүүд Ардын хувьсгалын дараа 1930-аад онд латин бичгийг эзэмшье гээд хоёр, гурван жил яваад бүтээгүй. Дараа нь Ц.Дамдинсүрэн гуай кирилл бичгийг эзэмших нарийн дүрэм журмыг гаргаж ирсэн. Энэ нь манай Монголын үндэсний том соёл, бичиг болсон. Түүнчлэн монгол хэлний дүрмийг өөрчлөх талаар дээрээс янз бүрийн ярианууд гарч, төсөл нэрээр баахан ажил явагдсан. Монгол хэлний дүрмийг Ц.Дамдинсүрэн гуай шиг том эрдэмтэн л өөрчилж чадна. Тэрнээс мань мэтийн мянган хүн нийлээд хийчихдэг ажил ч биш. Монгол хэл, бичиг гэдэг бол маш нарийн зүй тогтолтой зүйл. Зүгээр нэг тогтоолоор өөрчлөгдчихгүй. Хэдэн зуун жилээр баяжиж, уламжлагдаж байдаг.

Монголчууд 2025 оноос бүх нийтээрээ монгол бичигт шилжинэ гэж байгаа. 1990-ээд оноос ерөнхий боловсролын сургуулиудад уйгаржин заасан ч энэ ажил үр дүнд хүрээгүй болохоор удаан үргэлжлээгүй. Тэгэхээр арван жилийн дараа энэ байдал дахиад л давтагдах нь бололтой?

-Бүх нийтээр уйгаржин бичигт шилжих нь санааны зоргоор хийчихдэг ажил биш. Монгол бичгийг мэдэх шаардлагатай түүхийнхэн, хэл уран зохиолын багш нар, эрдэмтэд л сайн судлаад авч явбал болно. Кирилл бичиг бол Монгол Улсын XX зууны сэргэн мандалтын эх ундарга нь шүү дээ. Манай улсын хэдэн үеийн сэхээтнүүд болоод монголчуудыг бичиг үсэгтэй болгож гэгээрүүлсэн нь кирилл үсгийн гавьяа. Тиймээс ЮНЕСКО-гоос монголчуудыг бүх нийтээрээ бичиг үсэгтэй ард түмэн болсонд шагнаж урамшуулсан юм. Энэ бол бусад орнуудад хийгдээд байдаггүй ажлыг манай улс кирилл бичиг, үсэгтэй болсноор хэрэгжүүлсэн том амжилт. Бид энэ амжилтаас ухрах ёсгүй.

1990-ээд онд монгол бичгийг заах багш үнэндээ дутмаг. Монгол хэл, уран зохиолын багш нараар заалгасан болдог ч үр дүнд хүрээгүй юм. Бичиг, үсэг гэдэг бол хамгийн гол нь нийгэмтэйгээ харьцах том хэрэглүүр. Яахав, бичиг, үсэг мэдэхгүй хоёр хүн хоорондоо яриад байж болно л доо. Гэхдээ нийгмээ, улс орноо, эх дэлхийгээ бичиг үсгийн тусламжтайгаар танин мэддэг. Манай улс 2025 онд уйгаржин бичиг рүү бүх нийтээрээ орно гэдэг бол сэрүүн зүүд. Харайлаа гэхэд буух газраа харж байх хэрэгтэй. Тогтоол, дүрэм, журам гарч болно. Гэхдээ тэрийг яаж хэрэгжүүлэхээ ухамсарлах хэрэгтэй. Хялбархан бүтчихдэг ажил ч биш. Өвөрмонголын хэдэн арван мянган багш нарыг авчраад гурван сая хүндээ заалгадаггүй юм л бол монголчууд уйгаржинд шилжих боломжгүй.

Уламжлалт бичиг нэлээд шүүмжлэл дагуулж байгаа. Жишээлбэл, “гурил” гэдэг үгийг “гулир” гэж тэмдэглэж байх жишээний. Үүнээс үүдэн уйгаржин бичгийг манайхан одоогийн хэл ярианы онцлогт тохируулаад хэрэглэе гэх болж. Нэг хуулийг хэрэгжүүлэхийн тулд бүхэл бүтэн хэл соёлыг ингэж өөрчилж болдог юм уу?

-Мянган жилийн соё­лыг өөрчилнө гэдэг байж боломгүй зүйл. Улс төр гэдгийн их зовлонтой юмны нэг шийдвэр гаргачихаад Монголын түүхэнд үлдэж, гялалзана гэж ойлгоод байх шиг. Улс төрийн тогтоол, шийдвэр, хууль баталж байгаатай адил хэл соёлыг ийм хямдхан гаргаж болдоггүй юм. Хэрэгждэг ч зүйл биш. Хэл гэдэг бол өөрийн нарийн хуультай. Монголчуудыг бүх нийтээрээ монгол бичигтэн бол гэж хавтгайруулаад, гурван саяулаа уйгаржин бичигтэн болно гэвэл бүтэхгүй ажил гэж хэлэх байна.

Ер нь бичиг, үсгээ солих гэсэн ард түмэн амжилтад хүрдэггүй. Олон улсын хэмжээнд бичиг, үсгээ өөрчлөх гэсэн оролдлого хандлагууд гарч байсан. Бүгд л замхарсан. Улс орны тэр олон мянган жилийн уламжлал хөгжиж явах ёстой тулгуур нь бичиг, үсэг. Үүнтэй холбогдуулаадхэлэхэд эх хэлний боловсрол бол хүний насан туршийн зүйл. Тэр боловсролоо байнга хөгжүүлэн дээшлүүлж явах нь хүн бүрийн үүрэг юм. Гадаадын эрдэмтэн мэргэдийн хэлсэн үг ч байдаг. “Хүн гадаад хэлийг нэг жил ч юм уу, зургаан сарын хугацаандсурч болно. Харин өөрийнхөө төрөлх хэлийг насан туршдаа сурч чаддаггүй юм” гэсэн нь бий. Ингэхээр хэл бол агуу том зүйл. Дэлхийн аль ч соёлтой улс үндэстэний өөрийн хэл нь хуультай. Бичиг, үсгээр хэлийг баталгаажуулж, баяжуулж байдаг юм.

Кирилл үсэг бол монголчуудыг дэлхий дахины соёлтой танилцуулсан гэж та дээр хэлээ. Дэлхийн сонгодог бүтээлүүд цөм кирилл бичгээр Монголын ард түмэнд хүрсэн. Энэ утгаараа кирилл бичгийг хамгаалж, хадгалж авч явах ёстой баймаар…

-Монголын олон үеийн алдартай, бичгийн хүмүүсийн бүтээлийг XX зуунд шинэ үсгээр сурлаа. Үүн дээр буруу зөрүү гээд хэлээд байх юмгүй. Соёлын асар том дэвшил. Дэлхийн сонгодог бүтээлүүдийг монгол хэлэнд орчууллаа. Кирилл бичиг бол монголчуудыг дэлхий дахины соёлтой танилцуулсан учраас энэ бичгээ их хямгадаж, хадгалж, хөгжүүлж байх хэрэгтэй. Зэрэгцүүлээд мянган жилийн түүхтэй үндэснийхээ бичгийг авч явах ёстой. Жишээлбэл, бид оюутан байхдаа санскрит, төвд хэл, тод, дөрвөлжин үсэг, уйгаржин үсэг үзэж, хоорондоо захиа бичих хэмжээнд байлаа. Даанч амьдрал дээр гараад хэрэглээ байхгүй болохоор мартагддаг. Мэргэжлийн хүмүүс нь эдгээр үсгээ авч үзээд улам боловсронгуй болгоод явах нь зүйтэй. Тэрнээс нийт ард түмний хувьд кирилл бичгээс хөндийрнө гэдэг бол бүтэшгүй ойлголт. Бичиг үсэг тухайн улс орны толь нь байдаг. Гэтэл манайхан нэг юмнаас нөгөө рүү хуйларч, хаврын салхи шиг байх юм. Ийм хандлагаар улс орныхоо том соёл, үндэсний оршин байх баталгааг бид дураараа өөрчлөөд байж болохгүй. Эх хэл рүүгээ дайрна гэдэг бол Монгол Улс буруу зам руугаа гулсаж байна. Эх хэлний олж авсан мэдлэг боловсрол гэдэг бол тухайн хүний сэтгэхүйг баяжуулж хөгжүүлж өгдөг.

Дэлхий нийт даяаршиж байхад манайхан хуучин бичгээ сэргээнэ гэж байгаа нь дэвшил биш ухралт гэдгийг эрдэмтэн, судлаачид хэлж байна. Нийгмийн хэрэгцээ шаардлагыг нь харгалзахгүйгээр лоббины хуулиуд олноор төрөх болсныг улс төрийн хүрээнийхэн ч шүүмжилдэг. Ер нь аливаа хуулийн цаана их хэмжээний мөнгөн дүн байдаг гэлцэх юм билээ.

-Яг үнэн. Тэр мөнгөнд л яваад байхгүй юу. Энэ бол улс төрийн үзэмж, сонирхлоор хийж болдог ажил биш. Манай эрхэм түшээд 1924 онд баталсан Үндсэн хуулийг 1992 онд шинэчилсэнтэй адилтгаж бичиг, үсгээ өөрчилчихнө гэж бодож болохгүй. Бичиг, үсгийн соёл хэдэн мянган үндсэн хуультай тэнцэнэ. Улстөрийн аясаар энэ том соёлд халдана гэдэг бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд сэв суулгах ажил болно л доо.Кирилл бичиг бол Монголыг 100 жил соён гэгээрүүлсэн, Монгол Улсыг дэлхий дахинд таниулсан бичиг гэдгийг дахин хэлье.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм

Оюутан-Цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Оюутан-Цэрэг хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” А/160 дугаар захирамж гаргалаа.

Захирамжаар Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан А/49, А/56 дугаар тушаалыг хэрэгжүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэр дэх их, дээд сургуульд суралцаж буй 18-25 насны оюутан залуучуудыг сайн дурын үндсэн дээр элсүүлэх Оюутан-Цэрэг хөтөлбөрийг 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болгожээ.

Нийслэлийн хэмжээнд Оюутан-Цэрэг хөтөлбөрийг зохион байгуулах ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар томилогдсон байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг шилжүүлэхээр болжээ

УИХ-аас 2015 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай тогтоол баталсан.

Энэхүү тогтоолоор “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийн зээлээс Монголбанкны тэнцэлд үлдэх хэсгийг 2015 оны эхний хагаст багтаан засгийн газарт шилжүүлэх”-ийг даалгасан юм.

Энэ дагуу уг асуудлыг Монголбанк, Сангийн яамны удирдлагууд хөтөлбөрийг хэрэгжүүлэгч яамдын удирдлагууд болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын төлөөлөлтэй уулзаж, дэлгэрэнгүй ярилцжээ.

Тус уулзалтаар хөтөлбөр тус бүрийн хэрэгжилтэд эцсийн байдлаар үнэлгээ хийн, цаашид зах зээлийн зарчимд нийцсэн тогтвортой тогтолцоог Засгийн газар бүрдүүлэх, нийлүүлэлтийн гаралтай инфляци өсөх эрсдэлийг бага байлгаж ажиллах нь зүйтэй гэж үзжээ.

Түүнчлэн, дэд хөтөлбөр тус бүрийн хувьд энэ оны эхний хагас жилд багтаан хөтөлбөрийн зээлийн Монголбанкны тэнцэлд үлдэх хэсгийг Засгийн газар шилжүүлж авах, нийлүүлэлтийн инфляцийг бага, тогтвортой түвшинд байлгах оновчтой бүтцийг цаашид хадгалж үргэлжлүүлэх чиглэлээр дүгнэлт, санал боловсруулж, Засгийн газарт хүргүүлэх, улмаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр тогтжээ.

Categories
мэдээ нийгэм

СЕХ-ны гишүүд тангараг өргөнө

СЕХ-ны гишүүдийн бүрэлдэхүүнийг УИХ намрын чуулганаар батлан томилсон билээ. СЕХ-ны даргаар Ч.Содномцэрэнг улираан, Д.Болдсайхан, Р.Содхүү нарыг гишүүнээр тус тус томилсон юм. Шинээр томилогдсон СЕХ-ны дарга, нарийн бичгийн дарга, гишүүний тангараг өргөх ёслол өнөөдөр 12.00 цагаас болох аж. Тангараг өргөх ёсол Төрийн ордонд төрийн 9 хөлт цагаан тугны дэргэдэх Хүндэтгэлийн “А” танхимд болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

”Цэцэгс 2” үзэсгэлэн үргэлжилж байна

Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан “Цэцэгс 2” үзэсгэлэн “Blue moon” галерейд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд 40 гаруй уран бүтээлчийн 70 гаруй зургийг дэлгэсэн байгаа аж. Мөн уран бүтээлчдийн онцлогийг харуулсан наамал, баримлыг толилуулжээ. Үзэсгэлэн эмэгтэйчүүдийн баярыг дуустал үргэлжлэх нь ээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Долларын ханш 1980 төгрөг байна

Хоёрдугаар сарын сүүлээр 1991 төгрөгт хүрээд буурсан долларын ханш өнөөдрийн байдлаар 1980 төгрөг байна. Арилжааны банкууд нэг ам. долларыг 1962-1970 төгрөгөөр авч, 1980-1985 төгрөгөөр зарж байна. Харин “Найман шарга” зах дээр нэг ам.долларыг 1976 төгрөгөөр авч, 1980 төгрөгөөр зарж байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Иохим Гауктай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иохим Гауктай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Иохим Гаук Бэлльвю ордондоо хүлээн авч уулзав. Уулзалтанд Монголын талаас гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Байгаль орчин,ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү болон албаны хүмүүс, Германы талаас Холбооны Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Маркус Эдерер Хайнц Бээр болон албан ёсны төлөөлөгчид оролцов.

ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иохим Гаук Монгол Улсын Ерөнхийлөгчтэй дахин уулзаж байгаадаа таатай байна гээд Монгол Улсын туулж ирсэн ардчиллын замыг хүндэтгэн сайшааж байдаг.Манай хоёр орны харилцаа дээр үеэс эхтэй, энэ сайхан харилцаагаа улам гүнзгийрүүлнэ гэж найдаж байгаагаа илэрхийллээ. Улс төрийн түвшинд идэвхтэй хөгжиж буй харилцааг эдийн засгийн хамтын ажиллагааны агуулгаар баяжуулан хөгжүүлэх бүрэн боломжтойг ч дурдлаа. Монголд байгуулагдсан Герман Монголын хамтарсан Технологийн дээд сургууль нь боловсролын салбарт хийгдсэн үр дүнтэй ажил гэдгийг онцлов.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын үеэр И.Гаук Герман Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсныхоо дараахан анхны төрийн зочноороо өөрийг нь хүлээн авч хүндэтгэл үзүүлж байсныг дурсахад таатай байна гээд Монгол Улсад анх удаа чөлөөт, ардчилсан сонгууль явуулсны 25 жилийн ой энэ жил тохиож байгаа. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээ энэ оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо болно.Энэхүү арга хэмжээнд Европын орнуудаас ирэх гол зочин нь Ерөнхийлөгч Гаук байна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд энэ нь Монгол, Германы харилцааны ач холбогдлыг тодотгох төдийгүй манай бүс нутагт ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэх, түгээхэд чухал ач холбогдолтой болохыг онцоллоо. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол судлалыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөрийн хүрээнд Герман Улсын их, дээд сургуулиудтай хамтын ажиллагаа амжилттай өрнөж буйг тэмдэглэв. Монгол Улс, ХБНГУ нь олон улсын харилцааны асуудлаар ижил төстэй байр суурь баримталж, бие биенээ харилцан дэмжин, хамтран ажиллаж ирснийг дурдаад цаашид ч ойр дотно хамтран ажиллах сонирхолтой байна гэв.

Ерөнхийлөгч И.Гаук Монгол Улсын Ерөнхийлөгчөөс сонирхсон асуултандаа хариулт авч, Монгол Улсад урьсан урилгыг баяртай хүлээн авч буйгаа илэрхийллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хэрэгтэй, хэрэггүй хууль баталж байснаас хүүхдүүдийнхээ амийг авраач ээ

Хөр цаснаар айлын нялх балчир хүүхдүүд зэрлэг адгуусны хөлд гишгэгдэн гэмтэж, гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь насаа алдаж байхад үүнээс сэргийлэх хуулийн зохицуулалт хийгээгүй атлаа хэнд хэрэгтэй нь мэдэгдэхгүй, хэзээ хэрэгжиж амьдралд нийцэх нь мэдэгдэхгүй хуулийг үйлдвэрлэж байгаа эрхмүүд нэгийг бодмоор юм. Тавдугаар ангиас л гадаад хэл үзнэ гэсэн хууль баталж байснаас тавдугаар анги хүртэл нь хурдны морь унуулж, уралдуулж болохгүй гэсэн хууль батлах нь хүүхдийн эрх, хүний эрхийг хамгаалж, хүн ёсны бодит журам заалт болж харагдах юм. Уйгаржин бичгээр албан бичиг төлөвлөнө гээд л байдаг монгол бичигтэй хэдэн хүнээр төрийн албан хаагчдаа солих юм уу, эсвэл өвөрлөгчдөөс мэргэжилтэн залж авчрах юм уу шийдэх асуудал олон л байгаа. Гэхдээ үүнийг өнөөдөр онцолъё гэсэнгүй. Харин мөнгө хөрөнгөө багтааж ядсан, омог аархал нь дийлдэхээ байсан хэдэн хүмүүсийг баясгаж, бах тавыг нь хангахын тулд Монголын балчир үрс хахир өвлийн хатууд салхинд сийчүүлж, жаварт хайруулж уралдах нь хүнлэг явдал мөн эсэх талаар хөндөж байна.

АНУ-ын зохиолч Сюзанн Коллинзын адал явдалт цуврал романуудын эхнийх болох “Өлсгөлөн тулаан” номыг уншсан, киног нь үзсэн хүмүүс олон байх. Тэр кинонд эрх мэдэл, хөрөнгө мөнгө нь багтаж ядсан Капитолынхон хэсэгчлэн хуваасан 12 бүсийн хүүхдүүдээс тус бүр хоёрыг сонгон авч, амьд гарахын төлөөх тулаанд гаргадаг. Зөвхөн ганц хүн ялагч болох учраас амьдралын хатуу хөтүүг үзээгүй хүүхдүүд амьд гарахын эрхэнд нэгийгээ алж, өлсч үхэхгүйн тулд өт хорхойноос эхлээд бүгдийг иддэг. Харин үүнийг нь дэлгэцийн цаанаас зөөлөн буйдан дээрээс баячууд нь үзэж бах таваа хангаж байдаг тухай уг номд өгүүлдэг. Өөрсдийгөө баясгахын тулд тэмцээнийг галтай, мутантуудын дайралттай болгож, бас хоромхон зуур эдгээдэг ид шидийн гэмээр тосыг хаа нэг өгч үзвэрээ сонирхолтой болгоцгоож байгаа хэрэг л дээ. Манайд үүнээс ялгаагүй өөрсдийн зугаа цэнгэлийн төлөө хүүхдүүдийг адгуусны хөлд хаяж өгдөг балмад уралдаан үргэлжилсээр байна. Хэл мэдэхгүй адгуусны хөлд үр хүүхдээ өргөж байгаа өргөл гэж хэлэхэд ч хатуудахгүй ээ. 2009 онд 158 хүүхэд морин уралдааны үеэр унаж гэмтсэний 84,5 хувь нь эрэгтэй, үлдэх хувь нь охид байсан байгаа юм. 2010 онд 222, 2011 онд 254, 2012 онд бүр 326 хүүхэд гэмтэж тоо улам бүр өссөөр байжээ. Харин 2013 онд овоо буурсан ч 2014 онд хэд болж нэмэгдсэн бас хорогдсон мэдээлэл гараагүй байна. Ямартай ч 20 гаруй хүүхэд энэ балмад зугаа цэнгэлийн улмаас хорвоогоос эрт буцсан тухай гунигт тоо бидэнд бий. Бас 10 мянган морьтныг цуглуулж, Гиннесийн номд бүртгүүлнэ гэсэн тэнэгрэлийн үеэр зургаан хүүхэд гэмтэж, нэг хүүхэд нас барсан байдаг. Өнгөрсөн 22-ны өдөр Сүхбаатарт болсон “Жавхлант Шарга” морин спорт, уяачдын холбооны аймгийн аварга хүлэг шалгаруулах дээд гурван насны морин уралдаан гэгчийн үеэр 24 хүүхэд мориноосоо унаж, одоо хоёр хүүхэд нь тархины доргилт, цээжний битүү бэртэлтэй эмнэлэгт хэвтэж байгаа гэсэн. Сүхбаатарынхан хурдан морины гүйлгээ, наймаагаараа бусад аймгийнхнаас илүүтэй олз омог олдог, гар дээрээ бэлэн мөнгөтэй байдгаараа онцлогтой гээд л байдаг. Ингэж ангир бяцхан үрсийнхээ амиар наадах шахам мөнгө олдог бол ёстой яамай л гэмээр санж. Уралдааны урд өдөр нь цас орж шуураад, зам нь мөстөж хатуурчихаад байхад ямар бөх зүрхтэй хүмүүс хүүхдээ морины хондлой дээр гаргаж чаддаг байна даа.

Үнэндээ монгол уламжлалт уралдаан наадам ч гэлээ бид үр хүүхдийнхээ амийг дээсний наана, цаана гишгэхийн хэрээтэй аз түшүүлж найддаггүй баймаар байна. Шийдвэр гаргах насанд хүрээгүй, өөрт хэр эрсдэлтэйг ч мэдэхгүй жаалуудыг унаач хүүхэд, моринд эрэмгий гэж хөөргөж, баярлуулж байгаад эрлэг рүү мордуулдгаа эцэслэх болжээ. Үүнийг өөрийнхөө зугаа цэнгэлийг хазаарлаж чадахгүй байгаа баячууд, бас үр хүүхдээ мөнгө олох хэрэгсэл болгон ашиглаж байгаа аав, ээжүүдэд ойлгуулж, хуулиар зохицуулах бодит шаардлага байна. Хүний хүүхдийг бодолгүй морио унуулж байгаа түмэнд нэртэй, манлай уяачид амьдрал дээр өөрсдийнхөө хүүхдүүдийг дөрвөн хөлтэй адгуусандаа ч ойртуулдаггүй. Харин нөгөө талд өөрийнхөө хүүхдийг малд хайртай, моринд мундаг гээд дагуулаад хөлсний ажил хайгаад явж байгаа аав, ээжүүд бүр ч аймаар. Бие жижиг, бүр зориудаар хоолыг нь хасч туниа багатай болгодог ч байж магадгүй тэр хүмүүс жилээр нь урьдчилгаа мөнгө аваад, хүүхдээ унаач хүүхдээр өгнө гээд явцгааж байдаг. Тэдний хувьд таван сая төгрөг авчихаад, хүүхдээ жилээр нь айлд суулгачихна. Бас дуртай үедээ хурдан морио унуулах, жилийн турш морины ажлыг хүүхэд нь хийх эрхийг хариуд нь өгнө дөө. Морины ажил гэж хүүхэд байтугай үүхэд ч халширмаар ажил. Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр гэж хэлэхэд ч багадна. Харин хүүхдүүдээ зарж олсон мөнгөөрөө, хоёр идэхгүй, хоосон хонолгүйгээр бас өөрсдөө ажил хийлгүй амьдрах аргаа олсон эцэг, эх зөндөө. Тэгэхээр энэ бүхнийг хуульчлах, зүйл заалтыг тодорхой болгохоос аргагүй болоод байгаа юм. Тэдний сурч боловсрох эрх чухам хаана очоод алга болсныг, хаана хэрэгжих ёстойг нь хэлж сануулах баримт бичиг бидэнд хэрэгтэй байна. Гадны улс орнуудад үр хүүхдээ ашиг хонжоо олох хэрэгсэл болгосон, хүнд хүчир ажил хийлгэсэн, өлсгөж, зодож, хүч хэрэглэж дарамт учруулсан бол эцэг эхэд нь хариуцлага ногдуулдаг. Бүр үл хайхарсан гэдэг зүйлчлэл ч бий. Тэнд манай улсын нутагт дэвсгэрт мэндэлсэн хүн бүр манай иргэн, манай хүн гэж ханддаг. Харин энд бол тухайн гэрт мэндэлсэн бол тэр гэрийнхний өмч гэж ойлгоод байх юм. Эцэг, эх нь хүүхдээ зодож нүдэж, хэдэн цагаар нь уйлуулж байхад гэр бүлийн дотоод хэрэг гээд оролцохгүй байна. Харин гадны орнуудад тэс өөр. Хөршүүд нь мэдээлж, нийгмийн ажилтан үүнийг хянаж шалгаж үзнэ. Хүүхдүүд тоглоом хийж 911 рүү залгасан байхад ээж, ааваас нь тусгаарлаж байгаад дарамтад байдаг эсэхийг нь лавлаж, биеийг нь хөх няц болсон үгүйг биечлэн шалгаж байх жишээтэй. Харин манайд гэмт хэргийн золиос болсон нь батлагдаад байхад буцаагаад гэрийнхэнд нь өгөхөөс аргагүй. Яагаад гэвэл тэр хүүхдийг амьдруулах байр, халамжлах төсөв хөрөнгө байхгүй. Нийгмийн ажилтан гурав хоног гэртээ дагуулж очно биз тэгээд зохицуулалт байхгүй юм чинь өгөхөөс аргагүй. Хөршүүд мэдээлэл өгөөгүй гээд бусад орнуудтай адил буруутгах арга байхгүй. Яагаад гэвэл тэдэнд ийм үүргийг хуульчлаагүй юм чинь яах ч билээ. Хэрэв утсаар мэдээлэл өгчихсөн бол дараад нь хүний хэрэгт оролцсон гээд зодуулаад үлдэх ч энүүхэнд. Гадны улс орнуудад иргэн бүрийн эрх, үүргийг хуульчлаад өгчихдөг учраас тэр хуулиа биелүүлж байгаа нь тэр. Одоо бидэнд унаач хүүхдүүдийн амь насыг аз, эзийн дэнсэнд найддаг биш хуулиар захирдаг бичиг баримт хэрэгтэй байна. Ядаж 16 нас хүртэл морь унуулдаггүй байх хуулийг баталмаар байна. Хүүхдийг малд явуулж, мал болгомооргүй байна. Дотуур байранд суулгаж, ээж аавын хараа хяналтын гадна өсгөдөг явдлыг ч зогсоох ёстой. Морин уралдааны үеэр амь насаа алдсан хүүхдүүдийн бага нь дөрөв, том нь 18 настай байсан гэнэ лээ. Гар хөлийн булчин шөрмөс нь бүрэн хөгжөөгүй дөрвөн настай хүүхдийг морин дээр суулгаж, бүр уралдуулж байна гэдэг дэндүү бөх зүрх ээ. Морин уралдаан 18 настай байтугай насанд хүрсэн хүмүүст ч эрсдэлтэй учраас нас зааж үүнийг хориглохоос аргагүй. Хамгийн гол нь хууль баталдаг байгууллагад байгаа олон хүн энэ зугаа цэнгэлээр өөрсдийгөө баясгадаг улсууд байгаа учраас, бүр зарим нь энэ байгууллагынхаа толгой нь болчихоод яваа учраас балчир жаахан үрсийн маань амийг хамгаалах баримт бичиг бий болохгүй байна. Юун кирилл бичиг, юун уйгаржин. Цаана нь чинь хүүхэд уйлж, хүүхэд унаж, хүүхэд үхэж байна. Хэрэгтэй хэрэггүй хууль баталж байснаас хүүхдүүдийнхээ амийг авраач ээ.

Categories
гадаад мэдээ

Борис Немцовтой салах ёс гүйцэтгэв

Өнгөрсөн мягмар гаригт буюу өчигдөр Москвагийн Сахаровскийн төвд Борис Немцовтой салах ёс гүйцэтгэх ёслол болов. Энэхүү ёслолд оролцохоор жагсаал цуглаанд оролцож буй мэт хэдэн мянган хүн цугларчээ. Тэдний дунд талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, “РПР-Парнас” намыг хамтран удирдагч Михаил Касьянов, “Ардчилсан сонголт” намын дарга, “Солидарность” хөдөлгөөний идэвхтэн Владимир Милов, ОХУ-д суугаа АНУ-ын элчин сайд зэрэг хүмүүс байжээ. Мөн Немцовыг харж байгаагүй ч түүний үзэл бодлыг хүндэтгэдэг олон мянган хүн ирсэн аж. Түүнээс гадна холбооны болон бүс нутгийн гүйцэтгэх эрх бүхий байгууллага, парламентын гишүүд, нийгмийн идэвхтнүүд, хүний эрхийн идэвхтнүүд, “Зөв хүчний холбоо” нам, дипломат корпусын төлөөлөл, дэмжигчид ирж Немцовтой салах ёс гүйцэтгэсэн байна. Салах ёс гүйцэтгэсний дараа Немцовыг Троекуровскийн оршуулгын газарт үнэн алдартны ёс жаягийн дагуу оршуулжээ.