Categories
мэдээ нийгэм

Ноолуур, махны чиглэлийн ямааны шинэ үүлдэр гарган авчээ

Монголын улсын эрдэмтэд мах, ноолуурын чиглэлийн ямааны шинэ үүлдэр гаргаж авсан байна. Завхан-Буурал нэртэй ямааны үүлдрийг морин жилийн төгсгөлд, хонь жилийн босгон дээр салбарын яамныхан батламжилжээ.

Завхан-Буурал ямааны ноолуурын урт 5.6-6.8 см, мөн ноолуурын голч нь 13.7-14.2 миллмикрон нарийн ноолууртай байна. Мөн махны чиглэлийн Завхан-Буурал үүлдэр нь бусад ямаанаас 3-8 кг-аар илүү жинтэй аж.

Энэ үүлдрийн ухныг манай орны 11 аймгийн 60 гаруй суманд хээлтүүлэгчээр авсан байдаг бөгөөд Бүгд Найрамдах Киргиз улсад экспортолжээ.

Categories
мэдээ улс-төр

Берлин хотын төв бүсэд Монгол Улсын Элчин сайдын яам шинэ байртай боллоо

ХБНГУ-ын Берлин хотоос манай тусгай сурвалжлагч М.Мөнхцэцэг мэдээлж байна

ХБНГУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам Берлин хотын яг төв хэсэгт шинэ байртай болжээ. Будаг нь ханхалсан энэхүү шинэ байрны нээлтийн ажиллагаа өчигдөр болсон юм. Ерөнхийлөгчийн Герман улсад тун шахуу хөтөлбөртэй хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд өөрийн улсын Элчин сайдын яамны байрны туузыг хайчилсан юм. Нээлтийн үйл ажиллагаанд Монголын талаас Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүл, Германы талаас ХБНГУ-ын гадаад хэргийн Төрийн сайд Михаел Роот, Гадаад хэргийн яамны Улстөрийн газрын захирал Клеменсфон Гетце болон албаны хүмүүс, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцов. Ерөнхийлөгч тус Элчин сайдын яамны байрны түлхүүрийг гардуулж өгөхдөө “Монгол Улсын Элчин сайдын яам Берлиний төв хэсэгт чухал байршилд албан ёсны байртай болж байгаад нь баяр хүргэе. Элчин сайдын яамны хувьд ажиллах нөхцөл боломж сайжирч байгаа нь Герман улстай харилцах харилцаанд маш том ахиц дэвшил гарна гэдэгт найдаж байна” гээд тэдэнд ажлын амжилт хүсэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Герман Монголын бизнес форумд оролцож үг хэлэв

ХБНГУ-ын Берлин хотоос манай тусгай сурвалжлагч М.Мөнхцэцэг мэдээлж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад ажлын айлчлал хийж байгаа билээ. Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлал нь Берлин хотноо зохион байгуулагдаж буй Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн яармагийн үйл ажиллагаатай давхцаж байгаагаараа онцлог юм. Энэхүү арга хэмжээний хүрээнд өчигдөр Берлин хотноо Монгол Германы бизнес форум болов.

Берлин хотын захиргааны байранд “ГЕРМАН- МОНГОЛЫН БИЗНЕС ФОРУМ”-ыг Монголын Хөрөнгө оруулалтын газар, Германы Ази-Номхон далайн холбоотой хамтран Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яам зохион байгууллаа.

Тус арга хэмжээг нээж Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ “Герман Монголын харилцаа хэд хэдэн түвшинд идэвхтэй хөгжиж байгаа. Ялангуяа улстөрийн түвшинд.2011 онд Герман улсын Канцлер манай улсад айлчилсан бөгөөд энэ үеэрээ чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурсан. Мөн Герман улсын Холбооны Ерөнхийлөгчтэй маш ойр харилцаа тогтоож, олон удаа уулзаж ярилцаж байсан. Канцлерийн хувьд Герман Монголын харилцаанд ялангуяа эдийн засгийн харилцаанд маш их анхаарал тавьж ажилладагт талархаж байна. Өнөөдөр би богино хугацаатай айлчлалынхаа үеэр эрхэм Канцлер болон ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгчтэй уулзаж ярилцах сайхан боломжууд гарч байна. Хамгийн чухал нь Монгол Улс албан ёсны түншээр оролцож байгаа олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн үйл ажиллагааг нээх хүндтэй үүргийг би хүлээж байгаа. Улс төрийн үүднээс нь авч үзвэл манай хоёр орны харилцаа маш сайн түвшиндээ эрчимтэй урагшилж байгаа . Дараагийн түвшний харилцаа бол бизнесийн салбарын харилцаа юм. Монгол Германы бизнесийн харилцааны хамгийн ойлгомжтой зүйл нь хамтран ажиллах уур амьсгал боломж нь бүрэлдсэн явдал. Монгол Улс нь Азийн бүс нутагт байгаа Герман иргэдийн тоогоороо тэргүүлдэг. Мөн Герман улстай хамтран ажиллах бүхий л талын үйл ажиллагаанд Монгол Улс ойр дотны улс гэж харагддаг. Бидний хувьд Герман улсыг Европын холбооны хамгийн чухал түншээ гэж харилцсаар ирсэн түүхтэй. Энэ үйл ажиллагаанд Германы бизнесийн салбарын алдартай төлөөллүүд ирсэн байна. Мөн Германд ажиллаж байгаа хувийн хэвшлийн байгууллагууд, холбоод маш их үүргэ гүйцэтгэсэн гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй.

Монгол Германы харилцаанд хүндрэлтэй асуудал гэвэл орон зайн хувьд алсагдмал байрлалд байдаг. Манай хоёр улсыг дэд бүтцийн хувьд холбосон шууд холбоос байдаггүй. Агаарын тээврийн холболт байгаа ч үүнийг цаашид сайжруулах ёстой гэж бодож байна. Энд дуулгах сайн мэдээ гэвэл өнгөрсөн 2014 онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Си Жинь пин нар Монгол Улсад айлчилсан. Энэ үеэр олон жил яригдсан тухайн хоёр орны дээгүүр дамжин өнгөрөх тээврийг ялангуяа БНХАУ-тай эцэслэн шийдвэрлэсэн. Сая Засгийн газрын түвшинд гэрээг нарийвчилж хэрэгжүүлэх төлөвлөгөөнүүд гарсан. Энэ бол Германы тал, Европын талд сайн мэдээ гэж ойлгогдож байгаа. Монголын талаас гарч ирэх ямар нэгэн барааг Хятадын нутаг дэвсгэр дээгүүр дамжуулан тээвэрлэхдээ маш их хөнгөлөл үзүүлж байгаа. Коридорт ямар бараа очих, хэрхэн зөөвөрлөх зэрэг нарийн деталуудыг ярьж, шийдвэрлэж байна. Монгол Улсын өөрийн барьдаг байр суурь бол түүхий эдийг нийлүүлэх хэрэгтэй боловч ямар нэгэн хэмжээнд Монголдоо боловсруулах тал дээр түлхүү сонирхолтой байгаа. Ер нь аливаа шатанд боловсруулсан бүтээгдэхүүнийг шууд худалдан авч хэрэглэх боломжтой. Дээрээс нь тээвэрлэхэд хүртэл бүтээгдэхүүний хувьд илүү үр ашигтай байдаг учраас Монголд тодорхой хэмжээний боловсруулаад гаргах боломжтой юм.

Бусад харилцаа удаан явж байгаа ч урагштай зүйлүүд бий гэж боддог. Монгол Улсыг аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнгийн албан ёсны түнш орноор өнөө жил оролцохыг Германы Засгийн газар, Берлин хотын захиргаа дэмжиж оролцуулж байгаад бид талархалтай байна. Монголын хувьд жуулчдыг ирүүлэх, тэдэнд зориулсан дэд бүтцүүдийг хэрхэн бий болгох, яаж сайжруулах зэрэгт бидэнд суралцах зүйлүүд олон бий.

Бид бол нээлттэй, ижил төстэй, үнэт зүйлүүдтэй хоёр улс. Тэр утгаар бид илүү ойлголцох боломжтой. Нэгэнт нээлттэй учраас бидний үйл ажиллагаанд гарч байгаа алдаа, хүндрэлүүдийг шийдвэрлээд явах эрмэлзэлтэй байдаг. Энэ бол манай хоёр улсын харилцааны давуу тал юм.

Мөн энэ үеэр Берлиний төвд Монголын Элчин сайдын яамны шинэ байрны нээлт болж байгаа нь Герман улстай харилцах харилцаанд маш том ахиц дэвшил гарна гэдэгт итгэлтэй байна. Ингээд чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье” гэв. Энэхүү бизнес форумд Берлин хотын захирагч ноён М.Мюллэр, Дойчебанк-ныТУЗ-ийн дарга ноён Ю.Фичен нар нээж Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Ц.Болор, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Г.Тийдэманн нар оролцов. Арга хэмжээний хүрээнд БХБ-ын дэд сайд хат .Г.Байгалмаа өөрийн салбарын тухай дэлгэрэнгүй танилцуулгыг хийж, ЗТЯ-ны СБТГ-ын дарга С.Адьяасүрэн, АҮЯ-ны СБТГ-ын дарга Д.Баттогтох, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл нар тухайн салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар тус тус илтгэл тавив. Мөн ХөОГ-ын Сурталчилгаа, зөвлөх үйлчилгээний хэлтсийн дарга Д.Ирмүүн Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны талаар товч мэдээлэл хийж, форумд оролцогч монголын компаниудыг танилцуулав. Хот байгуулалтын салбарын чиглэлээр германы архитекторч ноён Ш.Шмидт монголын “Майдарсити” төслийг танилцуулсан нь арга хэмжээг онцлог болголоо.

Арга хэмжээнд аж үйлдвэр, аялал жуулчлал, дэд бүтэц, хот байгуулалтын салбарын 170 гаруй төлөөлөгч нар оролцов. Тэдний 90 нь Германы байгууллага компаниуд байсан. Энэ тоо германчууд манай улстай хамтран ажиллах сонирхолтой байгааг илэрхийлж байна хэмээн зохион байгуулагчдын зүгээс онцолж байлаа. Энэ удаагийн форумд Монголын талаас 15 компаниор олцож байгаа бөгөөд Герман улстай уламжлалт бизнесийн харилцаатай аж ахуй нэгжүүд түлхүү оролцож байна.

Categories
мэдээ спорт

Дэлхийн цомын тэмцээн бямба гаригт эхэлнэ

-Манай баг “B” хэсэгт ОХУ, Украин, Шведийн багуудтай өрсөлдөнө-

ОХУ-ын Санкт-Петербург хотын Гагариний өргөн чөлөөн дэх Спорт-концертын цогцолборт энэ сарын 7-8-ны өдрүүдэд болох Дэлхийн цомын тэмцээн болох юм. Тус тэмцээнд оролцох Монголын баг хойд хөршийг зориод байгаа.

Эмэгтэй багийн бүрэлдэхүүнийг танилцуулья:

48 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл /Орхон аймаг, ”Хангарьд” клуб/

53 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Сумьяа /”Замчин” спорт клуб, ДАШТ-ний мөнгөн медальт/

55 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер С.Бямбацэрэн /”Аврагч” спорт хороо/

58 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Шоовдор /”Цастын Барс” клуб/

60 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд /”Алдар” спорт хороо, дэлхийн аварга/

63 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Батцэцэг /”Хилчин” спорт хороо, олимпийн хүрэл медальт, ДАШТ-ний алт, мөнгөн медальт, оюутны универсиад наадмын аварга/

69 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Насанбурмаа /Төмөр замын Цагдаагийн хэлтсийн офицер, “Алтай констракшн” компанийн бөх, ДАШТ-ний 3 хүрэл медальт, азийн аварга/

75 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Бурмаа /Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсийн офицер, ДАШТ-ний мөнгө, хошой хүрэл медальт/ олон улсын хэмжээний мастер Г.Наранчимэг /”Хилчин” спорт хороо, азийн наадмын аварга/ нар барилдана.

Багийн ахлагчаар МЧБХ-ны ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Дагвадорж, албаны төлөөлөгчөөр МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Алтай констракшн” компанийн ерөнхий захирал Х.Бат-Эрдэнэ, дасгалжуулагчаар эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч, Гавьяат тамирчин З.Дүвчин, Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, шүүгчээр МЧБХ-ны нарийн бичгийн дарга, олон улсын шүүгч Б.Төмөрбаатар, эмчээр Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Спортын анагаах ухааны албаны эмч М.Саранцацрал оролцох юм байна.

Манай баг “B” хэсэгт ОХУ, Украин, Шведийн багуудтай өрсөлдөнө, “А” хэсэгт Япон, Польш, АНУ, Азербайжаны багууд барилдана.

Дэлхийн цомын төлөө тэмцээнд Г.Наранчимэг, Б.Шоовдор нар анх удаа, Э.Сумьяа 2 дахь, Э.Нарангэрэл, С.Цэрэнчимэд нар 3 дахь, С.Батцэцэг 4 дэх, О.Бурмаа, С.Бямбацэрэн нар 5 дахь, О.Насанбурмаа 7 дахь удаа зодоглож байна.

Өнгөрсөн жил Узбек улсын Ташкент хотод болсон ДАШТ-нд ҮI байр эзэлж Дэлхийн цомын төлөө тэмцээнд оролцох эрх олж авсан манай эмэгтэй баг Дэлхийн цомын тэмцээнд 2009 оноос хойш тасралтгүй оролцож байна. Үүнд II, ҮII байранд тус бүр 1 удаа, Ү, ҮI байранд тус бүр 2 удаа орж байжээ. Өнгөрсөн жил Япон улсын Токио хотод болсон тэмцээнд Ү байр эзэлж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

“Кожеговь” энэ оноос уран олборлоно

Дорноговь аймгийн Улаанбадрах, Зүүнбаян суманд ураны хайгуул хийж буй “Кожеговь” компани энэ оноос туршилтын журмаар уран олборлохоор төлөвлөөд байгаа бололтой. Тус компанийн дарга Тьери Плезант өнгөрсөн хоёрдугаар сарын 25-нд тус аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатартай уулзан, энэ онд хийхээр төлөвлөсөн ажлынхаа талаар ярилцсан байна. Тус компани үйл ажиллагаа явуулах ТЭЗҮ-ээ боловсруулж батлуулсан бөгөөд ерөнхийдөө хайгуулын ажил дуусч байгаа гэнэ. Тиймээс ашиглалтын тусгай зөвшөөрлөө авчихвал энэ оноос туршилтын журмаар олборлолтоо эхлэхээр төлөвлөжээ. “Кожеговь”-ийн үйл ажиллагаанаас болж үхэр мал үхлээ, өвчиллөө хэмээн нутгийн иргэд нь тус компанид тун таагүй ханддаг билээ.

Categories
мэдээ нийгэм

Савласан цэвэр уснаас нянгийн бохирдол илэрчээ

Мэргэжлийн хяналтын газраас савласан цэвэр усны үйлдвэрүүд болон усанд нь хяналт шинжилгээ хийжээ. Гэхдээ уг шалгалт төлөвлөгөөт шалгалт биш бөгөөд эрсдэлийг тодорхойлж гэнэт хийсэн байна. Шалгалтад савласан усны үйлдвэрийн 80 орчим хувь буюу 54 үйлдвэрийг хамруулжээ.
Энэ шалгалтаар багагүй зөрчил илэрчээ. Тухайлбал, баталсан зураг төслийн дагуу үйлдвэрээ бариагүй, зориулалтын бус байртай гэх мэт нийтлэг зөрчил илэрсэн байна. Тодруулбал үйлдвэрүүдийн 55 орчим хувь нь зориулалтын бус байртай байжээ. Энэ нь үйлдвэрлэлийн шат дамжлага зөрчигдөхөд нөлөөлдөг гэнэ.
Мөн хяналт шинжилгээнд хамрагдсан үйлдвэрийн 40 орчим хувь нь усаа халаадаг зэргээр зориулалтын халуун усгүй байсан байна. Түүнчлэн үйлдвэрийн 30 гаруй хувь нь тоног төхөөрөмжгүй, өөр газар усныхаа савыг үлээлгэж, тээвэрлэж авчраад угааж ашигладаг гэх мэт зөрчил илэрчээ.
Хамгийн ноцтой зөрчил бол савласан цэвэр ус эрүүл ахуйн шаардлага хангаагүй гарсан байна. 54 аж ахуйн нэгжийн савласан цэвэр усны 58, худгийн усны 29, нийт 165 сорьцоос дээж авч шинжилгээ хийхэд савласан цэвэр усны 78, сорьцны 34 дээж буюу 43 хувь нь нянгийн бохирдолтой гарсан байна. Энэ нь нэг мл усанд байх нянгийн тоо стандартад заасан хэмжээнээс их байсан.

Categories
гадаад мэдээ

Япон улсад зорчих визний журамд өөрчлөлт оржээ

Япон улсад зорчих виз мэдүүлэхэд журамд өөрчлөлт орсон талаар Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.
Японы талаас урилга, батлан даалтын бичиг заавал шаардахгүй бөгөөд хэрэв виз мэдүүлэгч нь санхүүгийн хувьд Япон улсад зорчих боломжгүй тохиолдолд л урилга, батлан даалтын бичиг шаардлагатай аж. Виз мэдүүлэгч нь гэр бүлийн аль нэг гишүүний зардлаар зорчих бол тухайн зардал гаргах хүний санхүүгийн баримтыг өгөхөд л болох гэнэ. Мөн зорчих зорилгын дагуу бүрдүүлэх бичиг баримтуудын зарим хэсэгт өөрчлөлт оруулж, виз мэдүүлгийн хуудаснаас гадна шинээр асуулгын хуудсыг бөглөх ажээ.
Үүний зэрэгцээ визний материалыг шалган шийдвэрлэх хугацааг богиносгон, визний мэдүүлэг хүлээн авсан өдрөөс эхлэн ажлын гурав хоногт шийдвэрлэх бөгөөд материал бүрэн биш тохиолдолд хүлээн авахгүй ажээ. Тус журам энэ сарын 3-ны өдөр буюу өчигдрөөс эхлэн мөрдөгдөж эхлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Магнийн түлшин зайгаар явдаг авто машинтай болбол түгээгүүрийн газар хэрэггүй болно

Нефть, нүүрс, цахилгааны оронд магни энергийн гол эх үүсвэр болно гэдэгт шинжлэх ухаан, технологи өндөр хөгжсөн орнууд санал нэгдэж байна. Нарны гэрлээр ажилладаг лазераар магнийг их хэмжээгээр цэвэршүүлэн гаргаж аваад өдөр тутамдаа энергийн гол үүсвэр болгон ашиглах мөрөөдлийн магни-нийгэм бодит амьдралд хэрэгжиж эхэлснийг Токиогийн Технологийн их сургуулийн эрдэмтэн, судлаачид одоогоос хэдэн жилийн өмнө зарласан.

Хэдий сэргээгдэх эрчим хүч гэж ярьдаг ч нарны элч, усан цахилгаан станц, салхин станц зэрэг нь улирал, тэнгэрийн байдлаас болж үйл ажиллагаа нь өөрчлөгддөг. Үүнээс болж тасралтгүй ажиллах зарчим нь зарим талаараа алдагддаг. Нарнаас ирэх энергийг хурааж, түүнээс тогтвортой эрчим хүч гарган авахыг эрдэмтэд нэн тэргүүнд зорьж, тэр энергийг нь өөртөө хадгалж чадах материал нь дэлхий дээр элбэг, нөөц нь шавхагдашгүй байх шаардлага тавьсан байна. Ингээд элементүүдийг судлаад магнийг хамгийн тохиромжтойг тогтоожээ.

Магни нь газрын хөрсөнд хамгийн элбэг байдаг элементүүдийн наймд ордог юм байна. Одоогоос арваад жилийн өмнө уг элементийн нөөцийг судлахад дэлхийд багаар бодоход 1800 их наяд буюу 300 мянган жил шатааж, ашиглах хэмжээний байгааг тогтоожээ. Магни нь байгальд нунтаг шороо шиг төлөвтэй оршдог. Магнийг энергийн эх үүсвэр болгохын тулд асар өндөр температурт шатаана. Нүүрс, цахилгаанаар шатааж болох ч зардал их гардаг юм байна. Нэг тонн магнийг гаргахын тулд 10 тонн нүүрс хэрэглэнэ гэдэг энерги зарцуулалт ихтэй процесс. Магнийг шатаахад 3700 хэм дулаан шаардлагатай. Энэ мэт хүндрэлүүд байдаг учир лазерийн гэрэл хамгийн тохиромжтой нь гэдэгтэй олон эрдэмтэд санал нэгдэж лазерын тусламжтайгаар нарны эрчим хүчийг магнид хадгалах нь байгальд хоргүй бөгөөд барагдашгүй эх үүсвэр гэдгийг дурджээ.

Өдөрт хэдхэн цаг нар гардаг, нарны тусгах өнцөг нь бага, бороотой, чийгшил өндөр газруудад магнийн станцыг байгуулбал алдагдал хүлээнэ. Тийм учраас Монгол мэтийн нарлаг орнуудад ийм станц байгуулах хэрэгтэйг эрдэмтэд зөвлөж байгаа юм байна. Магни нь нүүрстэй адилхан дулаан ялгаруулдаг бөгөөд эрчим хүчний хамгийн найдвартай, аюул багатай эх үүсвэр гэдэг нь нотлогдоод байгаа юм. Нэг киллотватт эрчим хүч гаргах зардал цөмийн болон нүүрснээс энерги гаргахаас даруй дөрөв дахин хямд тусах аж. Цаашид үйл ажиллагаа нь жигдэрвэл үүнээс ч хямд болох дүр зураг ажиглагдаж байгаа бөгөөд яваандаа шатахууныг орлох боломжтой гэнэ.

Японы эрдэмтдийн судалсан эдгээр зүйлүүдийг Европын зарим орны эрдэмтэд няцааж “Магни маш их энерги зарцуулж байж задардаг сул талтай. Магни-нийгэм гэх нэршил мөрөөдөл хэвээр байна. Судалгааны түвшинд байгаа зүйлээ амьдралд хэрэгжүүлэх гэж яарч байна. Дахин судал” хэмээн хатуухан шүүмжилж байсан ч “Магнийг энергийн эх үүсвэр болгох ажил нь нэг улсын эрдэмтдийн биш олон улсын шинжлэх ухааны ажилтнуудын ажил” гэж дэмжиж эхэлжээ.

БНХАУ магнийг цахилгаанаар задлах үйлдвэрийг Өмнөд Монголын нутаг Хөх нуурын Давсан нуурын аж үйлдвэрийн ойролцоо байгуулсныг “Хятад дэлхийн магнийн төв” болохыг эрмэлзэж байна хэмээн тэмдэглэж байсан удаатай. Дэлхийн магни үйлдвэрлэлд жилд 600 мянган тонн, үүний 70 орчим хувийг манай урд хөршид дулааны ангижруулалтын аргаар цэвэршүүлдэг юм байна.

Магни хөнгөн мөртлөө бат бөх. Магнийг хөнгөн цагааныг орлох дараагийн үеийн дэвшилтэт хийцийн материал хэмээн үзэж 2000 оны эхнээс автомашины эд анги болон зөөврийн компьютерийн их бие зэрэгт өргөн хэрэглэх болжээ. Гэхдээ урвалд орох чанар өндөртэй учир галд ойртуулахад огцом дүрэлзэн шатдаг, боловсруулахад түвэгтэй гэх шалтгаанууд нь хойш чангаадаг аж. Магнийг хүнсний салбарт эрт дээр үеэс хэрэглэж ирсэн бөгөөд далайн усыг нэрж гаргадаг магнийн давсыг Япон, Солонгос, Хятад, Вьетнам, Тайланд зэрэг улсад дүфүг шахахад хэрэглэж ирсэн юм байна.

Магнигаас энерги гарган авахад хамгийн том өрсөлдөгч нь устөрөгч болж байгаа юм. Судлаад үзэхэд магнийн дулааны нягт нь устөрөгчийнхөөс даруй арав дахин их. Устөрөгчийг агуулах сав нь бат бөх байх хэрэгтэйн дээр багахан осол аваарын үед савнаасаа алдагдах магадлал өндөр. Харин хатуу магни нь 650 хэмээс доош температурт шатдаггүй болохоор агуулахад дээр дээрээс нь давхарлаж хураагаад хорь орчим жил нөөцөлж болдгоороо давуу гэнэ.

Магнийн түлшин зайгаар явдаг машиныг туршилтад оруулахад баттерейгаараа зогсолтгүй 600 км явсан байна. Баттерейгаа солиход ердөө гуравхан минут зарцуулах учраас шатахуун түгээгүүр дээр цэнэглүүлэх хугацаанаас онцын ялгаагүй юм. Цахилгаан машины хийц нь энгийн ч цэнэглэх хугацаа шаарддаг том дутагдалтай. Бензин болон устөрөгчөөс ялгаатай нь магнийн түлшин пакежийг хадгалахад амар. 24 цагийн супер маркет, хүнсний дэлгүүрт сонин сэтгүүлүүдтэй хамт борлуулах бүрэн боломжтой аж. Бараа дууслаа гэхэд энгийн өргөн хэрэглээний бараануудтай хамт ачаад ирж болно. Хэрэглээд дууссан пакеж буй магнийн түлшин баттерейгаа тухайн дэлгүүртээ эргүүлж татаад дахин ашиглалтад оруулах замаар эргэлдүүлнэ. Ингэхээр ирээдүйд шатахуун түгээх станц шаардлагагүй болно гэж үзэж байгаа аж.

Д.САРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

Н.Номтойбаяр: Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхийн тулд эхлээд ард түмнийхээ итгэлийг олж авах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Н.Ном­тойбаяртай ярилцлаа.

УИХ-ын намрын чуул­ганд та ямар дүн тавьж байгаа вэ. Эдийн засаг хүндэрлээ хэмээгээд УИХ тогтоол шийдвэрүүд гаргасан. Хэр оновчтой шийдвэр гаргасан бол?

-Өнгөрсөн намрын чуулганаар хууль зөрчин, хариуцлагагүй ажиллаж байсан Засгийн газрын бодлого, үйл ажиллагаанд цэг тавьж чадсан. Энэ бол гол зүйл. Нөгөө талаасаа ололттой зүйл нь бодит өр ямар хэмжээнд хүрсэн бэ гэдгийг тогтоож чадлаа. Манай намыг засагт орохын өмнө өрийн хэмжээ 49.3 хувьтай байна гэж Сангийн яамнаас мэдээлж байсан. Ингээд МАН засагт орж Сангийн яамыг бид удирдаж өрийг уудлаад үзэхэд 58.3 хувьд хүрсэн байх жишээтэй. Ер нь ямар ч болсон бай УИХ хууль тогтоодог байгууллага. Хуулийг яах гэж гаргадаг вэ гэвэл хууль хөгжлийг авч ирэх ёстой. Хууль аливаад хэм хэмжээ тогтоодог. Хууль хариуцлага тооцдог. Ингээд дүгнэхэд хөгжил авч ирэх хэмжээнд нь ажил хийж чадсангүй. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталсан. Гэхдээ хуулийг нь баталлаа гээд хөрөнгө оруулалт нэмэгдсэнгүй. Гадны хөрөнгө оруулалт найм дахин буурлаа. Энэ мэт тодорхой тоон үзүүлэлтүүд өнгөрсөн намар УИХ, Засгийн газар ямар ажиллав гэдгийг дүгнэчихэж байгаа юм. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, гадны хөрөнгө оруулалт, төсвийн захиран зарцуулалтыг хар. Утгаа алдсан. Нэг ёсондоо иргэдийн хүсэн хүлээгээд байгаа хөгжлийг 2012 оноос хойш УИХ, Засгийн газар хийж чадав уу гэвэл үгүй.

Эдийн засгийн хүнд­рэлийг даван туулах тог­тоолын төсөл батлагдсан. Тогтоолыг нь баталчихлаа. Одоо яаж хүндрэлээс гарах юм?

-Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тогтоолыг сая баталсан. Хөтөлбөрийг баталдаг л юм. Жишээ нь УИХ-ын 34 дүгээр тогтоол гэж мундаг л хөтөлбөр баталсан. Тансаглалыг таслан зогсооно гээд. Эзэн 100 гээд сүртэй нэртэй тогтоолыг бас л баталж байлаа. Гэхдээ үр дүнг тооцох механизмыг огт суулгаж өгөхгүй байна. Зүгээр л ярьдаг. Сэтгүүлчид шүүмжилдэг. “Чи муу ажиллалаа” гээд хувийн аж ахуйн нэгжүүд хариуцлага тооцож чаддаг байхад төр засгийн хэмжээнд энэ механизм алга. Одоо Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тогтоолдоо өдөр, цаг тутамд салхи оруулж, сайд нар нь УИХ-ын өмнө ямар хариуцлага хүлээлээ гэдгээ байнга харж байх ёстой. Бас нэг жишээг дурдахад 2003 онд Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарт баримтлах бодлогыг баталсан байна. Төрийн энэ бодлогыг хэрэгжүүлж жил бүр дүгнэж байсан уу гэвэл үгүй. Эндээс дүгнэхэд төр хэмээх байгууллага цаас үйлдвэрлэгч болчихоод байна. Төрийн тогтолцоонд хяналт тавьж үр дүнг тооцох аргачлал, хяналт тавих тогтолцоогоо сайжруулах шаардлагатай болсон байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулбал аль аль талдаа хяналт, хариуцлагатай байх тэр заалтыг оруулна гэсэн бодолтой байгаа.

Одоо хүндрэлийг даван туулах тогтоолын хөтөлбөрийг гаргана. Үүнд МАН-аас ямар санал хүргүүлж байгаа юм?

-Олон санал гаргасан. Гэтэл нийгмийн хамгааллын хүрээнд өгсөн саналуудыг унагачихлаа. АН-ын гишүүд бусдын мэдэхгүйг далимдуулаад худлаа ярьсаар цалин тэтгэврийн хүүг бууруулах арга хэмжээг унагасан. Цалин, тэтгэврийн зээлийн хүүг бууруулна гэхээр банкны дотоод асуудалд орлоо гэнэ. Дотоод асуудалд нь орох зүйл огт байхгүй. АН-ынхан зөвхөн банкуудын эрх ашгийг л хамгаалж байгаа хэрэг. Монгол банкнаас өгсөн мэдээгээр хамгийн бага хадгаламжийн хүү 15.3 хувь байна. Гэтэл бидний бүрдүүлсэн Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөний үлдэгдэл 622 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ мөнгө 10 хувийн хүүтэйгээр арилжааны банкуудад байршчихсан байна. Бидний эрх ашигт тийм хайртай л юм бол хамгийн багадаа 15.3 хувиар нь байршуул л даа. 622 тэрбум төгрөгийн таван хувь гээд бодоод үз. Жилийн 30 тэрбум төгрөг байхгүй юу. Жишээ нь Капитал банкинд 190 тэрбум төгрөг байршуулсан. Дүрмээрээ бол тухайн банкны активын 25 хувиас хэтрүүлэлгүйгээр хадгаламж хэлбэрээр мөнгө байршуулдаг. Гэтэл тухайн банкны 36.8 хувьтай тэнцэхүйц хэмжээнд хүргэчихсэн. Тэр банк дампуурвал бидний хуримтлуулсан 190 тэрбум төгрөг байхгүй болно. Тэгээд яасан бэ гэвэл нийгмийн даатгалын байцаагч нарт их хямд найман хувьд ч хүрэхгүй моргейжийн зээл олгочихсон байна. Энэ мөнгө бидэнд л зориулагдах ёстой биз дээ.

Нийгмийн даатгалын сангийн мөнгийг яаж захи­ран зарцуулах ёстой гэж?

-Өнөөдөр төр нь хариуц­лагагүй, түмэн олон нь хүлцэнгүй байна. Иргэд төлөх ёстой гэж ойлгоод л шимтгэл, татвараа төлдөг. Ирэх хаврын чуулганаар татварын шинэчлэлийг ярих юм гэсэн. Тэгэхээр татварын талаарх ойлголтоосоо бүхнийг эхэлмээр байгаа юм. Жишээ нь чи бид бүгдээрээ татвар төлөгч. Татвараа төлчихөөд үр шимийг нь хүртье гэж араас нь хөөцөлддөг байх хэрэгтэй. Төрд мөнгөө төлсөн л бол төрөөс үйлчилгээгээ үзүүлэхийг шаарддаг байх ёстой. Ямар үйлчилгээ вэ гэвэл эрүүл мэнд, батлан хамгаалах, төрийн үйлчилгээ, дэд бүтэц. Иргэд нь төлсөн татвараа хянадаггүй ийм нөхцөлд төр нь төсвийн мөнгийг ямар ч хэрэггүй зүйлд зарцуулж байна. Хувийн аж ахуйн нэгж нь ажиллаад өртөг зардлаа нөхчих боломжтой зүйлд төсвөөс мөнгө өгөөд байна. 50 тэрбум төгрөгөөр зах барьж яах гээд байгаа юм. Ш.Сайхансамбуугийн дүү нар нь барина биз. Эсвэл УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн дүү нар л хийчихнэ ш дээ. Гэтэл татвар төлөгчдийн есөн тэрбум төгрөгөөр төр зах барина гэдэг тэнэглэл. Дээрээс нь барилгын компаниуд байна. Бас л татвар төлөгчдийн асар их мөнгийг инженерийнх нь шугам сүлжээнд өгдөг. Энэ нь буцалтгүй тусламж хэлбэрээр. Товчхондоо татвар төлөгч бидний мөнгө төр, төсвөөр дамжаад хувийн барилгын компанийн шугам сүлжээ болж байна. Тэгтэл хувийн компани шугам сүлжээний мөнгийг өөрөөсөө гаргачихсан юм шиг нэгж квадрат метрийн үнэдээ оруулаад тооцдог л байхгүй юу. Төр энийг шийдэх учиртай. Гэхдээ үүнийг хоёр хуваамаар байгаа юм. Магистрал шугам, дулаан төв шугам, эрчим хүч гээд. Тэндээс салаалж гарч байгааг нь өртгөөр нь тооцох ёстой. Төрөөс инженерийн шугам сүлжээг нь үнэгүй тавьж өгөх бус мөнгөн дүнтэй нь дүйхүүц хэмжээний орон сууцыг авч байх ёстой. Тэр байраа орлого багатай иргэддээ нэг ч төгрөгийн хөнгөлөлт эдлүүлэлгүйгээр цаг хугацааны хувьд уян хатан өгч байх хэрэгтэй. Татвар төлөгчдийн мөнгөөр хаа хамаагүй юм хийдэг социализмын тэнэглэлээсээ бид салах хэрэгтэй. Соц үед хувийн хэвшил гэж байгаагүй учраас бүгдийг төр хийдэг байсан. Одоо бол уучлаарай гээд татвар, дэд бүтцийн, хууль эрх зүйн орчноор нь л дэмжээд өгөх асуудал.

Өмнө нь яагаад энэ асуудал яригддаггүй байсан юм. Танай нам олон жил эрх барьж байсан шүү дээ?

-Өмнө нь яагаад энэ асуудал босдоггүй байсан бэ гэвэл цалингийн, тэтгэврийн зээлийг иргэдийн 30 хувь нь л авдаг байсан. Харин өнөөдөр 100 хувьд хүрчээ. Зээлд 100 хувь хамрагдаж байна гэдэг авч байгаа цалин, тэтгэвэр нь худалдан авах чадварыг нь бүрэн хангаж чадахгүй байна гэсэн үг. Зээл авах нь эргээд бүр их хохироодог. Нэг дор мөнгөө авч хүү төлнө. Авсан мөнгө нь ойр зуурын гал унтраагаад л дуусна. Тэгээд гурав дахь сараасаа авах цалин, тэтгэвэр нь зээлийнхээ үйлчилгээнд явчихдаг. Тиймээс миний санаа юу байсан бэ гэвэл “Энэ бол бидний бүрдүүлсэн мөнгө. Энэ эрх ашгийг Нийгмийн даатгалын сангийн үндэсний зөвлөл хамгаалах ёстой. Хамгаалъя гэвэл хадгаламжийн хүүний хамгийн бага түвшинд хүргэ. Эсвэл гол бодлогоо бариад нийгмийн баримжаатай хөрөнгө оруулалтыг хий. Тэгэхийн тулд бидний бүрдүүлсэн энэ мөнгийг маш бага эх үүсвэртэй банкинд байршуулчих. Тэгээд банктайгаа гэрээ байгуулахдаа энэ мөнгөний тодорхой хувийг нь цалин, тэтгэврийн зээлд зориулаарай” гэнэ. Банк өөрсдөд нь ашигтай бол гарын үсэг зурж л таарна. Ер нь яаж ч маневрлаж болно. Өнөөдөр хадгаламжийн зориулалтаар 10 хувийн хүүтэй хадгалж байгааг нь болиулаад нийгмийн чиг баримжаатай үйл ажиллагааг санхүүжүүлэхийн тулд зургаан хувийн хүүтэй болговол 20 хэдхэн тэрбум төгрөгийн л хүүний зөрүү гарна.

Энэ бол хэрэгжүүлсэн ажил, хөтөлбөрийнхөө дэргэд том тоо биш. Үүнийг хийлгэхгүй байгаад би юу гэж хардаж байгаа юм бэ гэвэл банкинд хямд эх үүсвэртэй мөнгө байршуулсныхаа шагналыг зарим хүн аваад байгаа юм биш үү. Бас нэг зүйлийг хэлэхэд намайг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга болоход арилжааны банкны захирлууд надтай уулзах хүсэлтийг байнга тавих болсон. Яагаад би моодонд оров гэтэл Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргыг лоббидож хямд эх үүсвэртэй мөнгө авах цаад санаатай л байгаа юм. Тэгэхэд би Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, яамыг хуралдуулаад “Үгүй. Хөндлөнгийн аудит оруулж эрсдэлийн үнэлгээ хийсний дараа иргэдийн хуримтлуулсан энэ мөнгийг байршуулах уу үгүй юу гэдгээ шийднэ” гэсэн. Тэр үед Анод, Хадгаламж, Зоос банк эрсдэлтэй шалгагдаж байсан үе.

Дотоодод ийм асуудал байна. Тэгвэл гаднаас яаж мөнгө олж ирэх вэ. Хөрөнгө оруулагчдын итгэлийг хэрхэн сэргээх вэ гэдэг асуулт бий?

-Айлаас ирэхээр авдраа уудал гэдэг дээ. Дотоодын мөнгөний асуудал дээр нэг зүйлийг нэмээд хэлчихье. Хүний биеийн хурууны өндөг хүртэл бүх эрхтэн судсаар холбогддог. Судсаар нь цус гүйж байна. Үүнийг мөнгөний урсгал гэж бодъё. Гэтэл нэн чухал хэсгийнх судсаар цус нь гүйхээ больчихоод байна. Эсвэл урсгал нь өөрчлөгдөөд байна. Банк руу сайн, муу маш их юм орж байна. Тэгээд хариуцлагагүй албан тушаалтан руу маш их мөнгө урсч байна. Далд эдийн засаг руу хамаг мөнгө ороод байна. Цус гүйхээ больсон эмзэг хэсэг нь хатаж хорчийгоод эхэллээ, өнөөдөр. Эхлээд үүнийг яаж зөв оношилж ханах вэ гэдэг асуудал бий. Шууд хэлбэл татвар төлөгчдийн мөнгийг яаж зөв оновчтой зарцуулах вэ. Үр дүнд нь хөгжил л ирэх ёстой. Сүүлийн арван жилд Монголын төсөв гурав дахин нэмэгдсэн. Харин хүн ам нь 200 мянгаар л өссөн ш дээ. Ингээд эцэст нь гадны хөрөнгө оруулалтдаа анхаарах хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын, татварын таатай орчинг бүрдүүл. Тэглээ гээд гадныхан Монголын төрд итгэхгүй байна. Гадныхан битгий хэл бид өөрсдөө итгэхээ больчихсон биз дээ. Тэгэхээр итгэлийг яаж олж авах вэ. Монголд шинийг санаачилж хийж байгаа хүмүүс үнэндээ гутарч байгаа. Баахан ажил хийгээд дуусахад муусайн олигархиуд гэдэг. Үүнийг улстөрчид л зохион байгуулдаг. Улстөрчдийн шийдэж чадахгүй байгаа сургууль, цэцэрлэгийг хувийн хэвшил л барьдаг. Харин өөрсдийнхөө халаасанд хийчихсэн хэдэн цаас нь шөнө ч нойрыг нь хүргэдэггүй л байхгүй юу. Ний нуугүй хэлэхэд улстөрчид өөрсдөө цагаан гартай болохын тулд нийгэмд компанийн захирлууд л хамаг бүхнийг хамж шимээд байна гэдэг ойлголтыг тараагаад байгаа юм. Бид өөрсдөө төрдөө итгэхгүй байгаа цагт гадныхан огт итгэхгүй ээ. Жишээ нь Жастин Каплаг өршөөлөө. Яагаад ингэж байгаа юм. Тэгвэл одоо эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг батлах шаардлагагүй болчихлоо ш дээ. Түүнийг өршөөх л байсан юм бол яах гэж хорьсон юм. Зүгээр л нэг татварын маргаан юм байна билээ. Одоо тэгээд Америктай эдийн засгийн ил тод байдлын гэрээ байгууллаа л гэж байна. Үүнийг бүлгийн хаалттай хуралдаан дээр хөндөхөд цаг 30 минутын дараа над руу залгаж байх жишээтэй. Өөрөөр хэлбэл тэр Эдийн засгийн ил тод байдлын гэрээн дээр аливаа санхүү эдийн засгийн холбогдолтой хууль санаачлах болбол тогтоолынхоо төслийг англи хэл дээр орчуулаад 60 хоногийн өмнө Америкт өгөөд санал авах боломжийг нь гаргаж өгнө гэж байгаа. Ингэх л юм бол УИХ-ын 77 дахь суудлаа Америкийн Засгийн газарт тавиад өгчих. Хоёр хөрш ижилхэн нөхцөл тавиад эхэлбэл яах вэ гэх мэтээр хор уршиг ихтэй. Ер нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхийн тулд эхлээд ард түмнийхээ төрд итгэх итгэлийг олж авах хэрэгтэй.

Чуулган завсарласнаас хойш АТГ-ынхан нэлээд эрчтэй ажиллаж эхлэх шиг боллоо. Я.Батсуурь захирлыг хорьж Н.Энхбаяр даргад зарлан дуудах хүргүүллээ. Н.Алтанхуяг гишүүнийг ч шалгах бололтой?

-Үүний өдөөлт нь улс төр байгаа юм. Энэ нь буруу. Харин хуулийн дагуу хууль хүчний байгууллагууд хэн нэгний захиалгагүйгээр ажиллаж байвал хамаа алга. Манай нам, өрсөлдөгч нам байх нь ч падгүй. Зарчмын асуудал. Үнэхээр эрх мэдлээ урвуулан ашиглаад мөнгө идчихсэн бол ялаа эдлэх ёстой. Энэ тохиолдолд УИХ-ын гишүүн байлаа ч толгойг нь илэх шаардлагагүй. Харин улс төрийн захиалгаар хэн нэгнийг торны цаана хийж байгаа бол байж болохгүй үйлдэл.

Засагт орсон учраас МАН-ынхан хууль санаачилж батлуулах боломжтой болсон биз дээ?

-Надад үнэндээ хувийн ашиг сонирхол алга. Баярхаж байгаа юм биш, онгирч байгаа юм биш, аль нэг суудал дээр очоод идэж ууя гэсэн санаа алга. Нийгмийн харилцаа зөв голдрилдоо байх ёстой гэсэн санаа өвөрлөж орсон юм. Сүүлийн үед хамтарсан гэдэг нэрийн дор олон зүйл болохоо байж байна. “Хамтарчихаад чимээгүй бай, улс төрөө бод л доо” гээд. Ийм хандлага их гарах болсон. “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг зөв захиран зарцуулахгүй бол би хоёр дахь Дэнзэнг тодруулна шүү” гэж чуулган тарахын өмнөхөн хэлсэн. Тэгэхэд АН-ын удирдлагууд С.Бямбацогт даргыг дуудаж “Наад Номтойбаяртаа хэлээч. Юу яриад байгаа юм” гэсэн байна билээ.

МАН засагт орсон нь буруу гэсэн үг үү?

-Би зөв гэж үзэж байгаа. Яагаад гэвэл засагт ороогүй байсан бол хяналт тавих, дотроос нь мэдээлэл авах боломж олдохгүй байсан. Өрийн зохистой хэмжээ 58.3 хувьд хүрснийг мэдэх байсан уу. Бид засагт орсноороо энэ идээ бээр нь хаана байна түүнийг нь шахаж байна. Нөгөө талдаа аливааг санаачлаад хийх боломж нь бүрдэж байгаа юм.

Засгаас гарсан ч яахав гэж дуугарах гишүүн ч байгаа?

-Болж бүтэхгүй бол гарна. Ер нь манай намаас ч сайдын суудалд суусан зарим нэг хүн бусдыг танихаа байгаад байна. Ямар хурдан сэхдэг юм.

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ нийгэм

“Ирээдүйн од”, “Мөрөөдлийн од” тэтгэлэг зарлагджээ

Монгол-Хятадын соёл боловсролын сангаас зарласан “Ирээдүйн од”, “Мөрөөдлийн од” сурагчдын тэтгэлэгт хөтөлбөрийн удирдамж

“Ирээдүйн од” сурагчдыг ивээн тэтгэх хөтөлбөр

2015 хичээлийн жил

Нэг. Зохион байгуулагч:

Монгол-Хятадын соёл боловсорлын сан

Хоёр. Хамтран зохион байгуулагч

Хятадын Банк Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар

МУИС-ийн Күнзийн Институт

Гурав. Сонгон шалгаруулалт

1. Хамрах хүрээ

Хятад хэлний хичээл заадаг улсын бүрэн дунд сургуулиудын Монгол Улсын иргэншилтэй сурагчид

2. Хамрагдах тоо

МУ даяар нийт 30 сурагч шалгаруулна. Үүнд: бага ангийн сурагч 10 /1-6-р анги/, дунд ангийн сурагч 10 /7-9-р анги/, ахлах ангийн сурагч 10 /10-12-р анги/

3. Тэтгэлэгийн хэмжээ

Тус бүр 3000 юань

4. Тэтгэлэгийн болзол

Сурлагын дүн сайн, тухайн сургуульдаа дүнгээрээ дээгүүр ордог, Гэр бүлийн жилийн нийт орлого 1000 ам доллараас ихгүй байх

5. Шалгаруулах арга

(1) Сургууль тус бүр хятад хэл сонгон суралцдаг нийт сурагчдын 5 хүртэлх хувийг нэр дэвшүүлж шалгалтанд оруулна

(2) Күнзийн Институтээс шалгалтыг зохион байгуулж, сонгогдсон сурагчдын мэдээллийг Хятадын Банкинд хүргүүлж эцсийн дүнг гаргана

(3) Шалгаруулалтын эцсийн дүнг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлана

6. Хугацаа

Бүртгэл дуусах хугацаа: 2015 оны 3-р сарын 13

Шалгалт: 2015 оны 3-р сарын 15-ны өдөр 14:00-16:30 хоорондМУИС-ийн Күнзийн Институтэд болно.

Эцсийн дүнг 2015 оны 3-р сарын 20-ны өдөр зарлана

7. Сургуулиуд 2015 оны 3-р сарын 13-ны дотор нэр дэвшүүлж буй сурагчдын жагсаалт болон тодорхойлолтыг (тамгатай) сканнердан cul_edu_boc@163.com хаягруу явуулна уу.

Дөрөв. Энэхүү арга хэмжээнд Монгол-Хятадын соёл боловсорлын сан тайлбар хийх эрхтэй болно.

Монгол-Хятадын соёл боловсорлын сан

Хятадын Банк Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар

МУИС-ийн Күнзийн Институт

2015 оны 3 сар

“Мөрөөдлийн од” тэтгэлэгт хөтөлбөр

2014-2015 оны хичээлийн жил

Нэг. Зохион байгуулагч:

Монгол-Хятадын соёл боловсорлын сан

Хоёр. Хамтран зохион байгуулагч

Хятадын Банк Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар

МУИС-ийн Күнзийн Институт

Гурав. Сонгон шалгаруулалт

1. Хамрах хүрээ

Хятад хэлний хичээл заадаг улсын болон хувийн бүрэн дунд сургуулиудын Монгол Улсын иргэншилтэй сурагчид

2. Хамрагдах тоо

МУ даяар нийт 30 сурагч шалгаруулна. Үүнд: бага ангийн сурагч 10 /1-6-р анги/, дунд ангийн сурагч 10 /7-9-р анги/, ахлах ангийн сурагч 10 /10-12-р анги/

3. Тэтгэлэгийн хэмжээ

Тус бүр 3000 юань

4. Тэтгэлэгийн болзол

(1) Сурлагын дүн сайн, тухайн сургуульдаа мөн тухайн түвшиндээ эхний 10 дотор ордог байх

(2) Хятад хэл, соёлыг судлах, суралцах эрмэлзэлтэй, аливаа хятад хэл соёлын тэмцээн, арга хэмжээнд идэвхитэй оролцдог байх

5. Шалгаруулах арга

(1) Сургууль тус бүр хятад хэл сонгон суралцдаг нийт сурагчдын 5 хүртэлх хувийг нэр дэвшүүлж шалгалтанд оруулна

(2) Күнзийн Институтээс шалгалтыг зохион байгуулж, сонгогдсон сурагчдын мэдээллийг Хятадын Банкинд хүргүүлж эцсийн дүнг гаргана

(3) Шалгаруулалтын эцсийн дүнг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлана

6. Хугацаа

Бүртгэл дуусах хугацаа: 2015 оны 3-р сарын 13

Шалгалт: 2015 оны 3-р сарын 15-ны өдөр 14:00-16:30 хооронд МУИС-ийн Күнзийн Институтэд болно.

Эцсийн дүнг 2015 оны 3-р сарын 20-ны өдөр зарлана

7. Сургуулиуд 2015 оны 3-р сарын 15-ны дотор нэр дэвшүүлж буй сурагчдын жагсаалт болон тодорхойлолтыг (тамгатай) сканнердан cul_edu_boc@163.com хаягруу явуулна уу.

Дөрөв. Энэхүү арга хэмжээнд Монгол-Хятадын соёл боловсорлын сан тайлбар хийх эрхтэй болно.

Монгол-Хятадын соёл боловсорлын сан

Хятадын Банк Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар

МУИС-ийн Күнзийн Институт

2015 оны 3 сар