Categories
мэдээ нийгэм

Сонордуулга

Гацууртын ордыг стратегийн ач холбогдол бүхий орд газарт хамруулж ашиглах асуудал хэлэлцэж эхэлсэнээс хойш уг төслийн талаар болон Бороогийн алтны ордын ашиглалтын талаар “Хүннүгийн булшийг ухаж сүйтгэх гэж байна”, “Бороогийн алтны ордыг ашиглаад 60 тонн алтыг татваргүй гаргасан” гэх зэрэг худал ташаа мэдээллийг тодорхой зорилго, ашиг сонирхол бүхий иргэний нийгмийн байгууллага, хувь хүмүүс олон нийтэд тараасаар ирлээ. Тэр бүү хэл мэдээлэл олж авах эрх бүхий УИХ-ын зарим гишүүд дээрх мэдээллийг үнэн мэт ярьж энэ асуудлаар популизм хийж буйд харамсаж байна.

Бодит байдал гэвэл Бороо Гоулд компани нь 2004-2014 оны хооронд Бороогийн орд газрыг ашиглах явцад аж ахуйн нэгж байгууллагын орлогын татвар, суутган тооцсон татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар, НӨАТ болон бусад татвар хэлбэрээр Монгол улсын болон орон нутгийн төсөвт нийт 321 гаруй тэрбум төгрөг төлсөн байна. Улс, орон нутгийн төсөвт төлсөн татварын орлого болон татварын хууль тогтоомжийг сахин биелүүлсэн байдлаараа улсын хэмжээнд Шилдэг татвар төлөгчөөр тогтмол шалгарч байсан байгууллага юм. Тухайлбал 2007 онд 2-р, 2008 онд 3-р, 2009 онд 1-р, 2010 онд 5-р, 2011 онд 17-р, 2012 онд 2-р, 2013 онд 3-р байрт шалгарсан байгааг МТА-наас мэдээлсэн байна. (http://mta.mn/pages/137 хуудсаас харна уу). 2011 оны нийслэлийн Шилдэг татвар төлөгч, Шилдэг хөрөнгө оруулагч аж ахуйн нэгж байгууллага шагналыг 1-р төрөх эмнэлгийн өргөтгөлийн барилгын ажлаар хүртжээ.

Мөн төслийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжил, дотоодын бараа үйлчилгээ, ажилчин албан хаагчдын цалин хөлсөнд нийт 727 тэрбум төгрөгийг зарцуулан Монгол улсын эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулсан байна.

Бороо Гоулд ХХК-д ажиллаж бэлтгэгдсэн мэргэжилтнүүд одоо Монголын томоохон уурхайнуудад өөрсдийн ур чадвараар тэргүүлж байгаагийн зэрэгцээ, тус компанийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн дэвшилтэт арга технологи нь Монгол улсад шинэ стандарт соёлыг буй болгоод байна.

Ашиглахаар яригдаж буй Гацууртын ордны геологийн нөөц нь 76 орчим тонн, ТЭЗҮ-ээр тогтоосон эдийн засгийн үр ашигтай нөөц нь 50 тонн, төслийн хугацаанд 1.7 тэрбум ам.долларын (3 орчим их наяд) борлуулалт хийж, 654 сая ам.долларын татвар тооцохоос өмнөх цэвэр мөнгөн урсгалтай ажиллана. Үүнээс улсын төсөвт нийт 386 сая ам.долларын (660 тэрбум төгрөг) татвар, хураамж төлнө.

Гацууртын ордыг ашиглахад 1000 орчим ажлын байр буй болж, 730 орчим сая ам.доллартай тэнцэх хэмжээний бараа, ажил үйлчилгээг дотоодын аж ахуйн нэгжүүдээс худалдан авах зэргээр улсын эдийн засаг, уул уурхайн салбарын цаашдын хөгжилд түлхэц болохуйц төсөл болохыг мэргэжлийн байгууллагын хүмүүс тооцон гаргасан байна.

Түүнээс гадна Гацууртын ордын ашиглалтын талбайд Хүннүгийн үеийн булш тогтоогдоогүй, Ноён уул нь ашиглалтын талбайгаас зайтай оршдог гэдгийг мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачид тогтоогоод байна. Иймээс Гацууртын алтны төслийг улс төржүүлж, хийрхэлгүйгээр эдийн засгийн эргэлтэнд оруулах нь зүйтэй гэдгийг сонордуулж байна.

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас

Categories
мэдээ нийгэм

Монгол хэлний шалгалтанд бүртгүүлэхэд цөөхөн хоног үлдлээ

Өнгөрсөн жилээс эхлэн Их, дээд сургууль, коллежид элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч Монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгөх болсон. Ингэснээр эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилготой юм. Уг шалгалтад хэмжээст оноогоор 400 ба түүнээс өндөр оноо авч байж ЭЕШ-нд орох эрх нь нээгдэх бөгөөд өмнөх онд төгссөн бүртгүүлэгчид www.eec.mn хаягаар орж Монгол хэл бичгийн шалгалтдаа энэ сарын 9-өөс өмнө, ЭЕШ-даа 4 сарын 20-оос өмнө амжиж бүртгүүлэхийг анхааруулж байна. Бүртгэлийн хугацааг сунгахгүй, дахин бүртгэл явуулахгүй юм байна. Мөн бүртгэлийн хуудсаа хэвлэж аван Боловсролын үнэлгээний төв дээр ирж гарын үсэг зуруулж баталгаажуулалт хийлгэхийг санууллаа.
Сурагчид бүртгүүлэхдээ ямар нэг алдаа гаргахгүй байх хэрэгтэй мэргэжилтнүүд анхаар байна. Хэрвээ мэдээлэлд алдаа гарсан бол бүртгэл дуусахаас өмнө Боловсролын үнэлгээний төвд ирж засуулах боломжтой аж. Мөн өмнөх оны шалгуулагчид Боловсролын үнэлгээний төвд энэ сарын 20-оос өмнө очиж хэл бичгийн шалгалтын бүртгэлийн хуудсаа баталгаажуулах юм байна

Categories
гадаад мэдээ

Кенийн Засгийн газар зааны соёог тонн тонноор шатаав

Дэлхийн зэрлэг байгалийг хамгаалах өдөр тохиож буйтай холбогдуулан Кенийн Засгийн газар зааны 15 тонн соёо шатаажээ. Энэхүү санаачлагыг тус улсын Ерөнхийлөгч гаргасан бөгөөд зааны соёог худалдаж их мөнгө олохын тулд тэднийг олноор хөнөөж буй хулгайчидтай тэмцэж буй хэрэг хэмээн үзэж байна.
Хулгайн анчдаас хурааж авсан 15 сая тонн соёог шатаах арга хэмжээ нийслэл Найробийн үндэсний паркт болсон аж. Тус улсад 25 жилийн өмнө зааны соёо худалдахыг хориглосон боловч зах зээлийн тансаг эрэлт Африкын заан, хирснүүдийг устгах аюулд хүргэж буй юм.
Ерөнхийлөгч Ухуру Кенияатта “Энд шатаасан соёо бүхний тоогоор заанууд гэмт хэрэгтнүүдийн гарт мөхөж байна. Бид кени, африкчуудыг энэ балмад хэрэгтэй тэмцэж бүх дэлхийд онгон байгалийн гоо үзэсгэлэнг харуулахыг хүсч байна. Хулгайн анчид болон тэдний барааг авдаг хүмүүс удахгүй эцсийн үгээ хэлэх цаг ирнэ” хэмээн хэлжээ.
2010-2012 оны хооронд Африк тивд 100 мянган заан хулгайн анчны гарт үрэгджээ. Өнгөрсөн жил Кенид 164 заан, 35 хирсийг хулгайгаар агнасан хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оныхоос хоёр дахин багассан үзүүлэлт бөгөөд үүнийг гэмт хэрэгтэй тэмцсэний үр дүн хэмээн харж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Хорих ангийн эмэгтэйчүүдэд гоо сайхны үйлчилгээ үзүүлжээ

Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эмэгтэй алба хаагчид Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа хорих 407 дугаар ангитай хамтран “Гэгээн өдөр” өдөрлөг зохион байгуулжээ.

Тус ангид хүмүүжиж байгаа бүсгүйчүүдтэй уулзаж ярилцан, сэтгэлийн дэм, амьдрах урам зориг өгсөн энэхүү үйл ажиллагаанд ЦЕГ-ын Олон нийт цагдаагийн хамтын ажиллага төвийн уран бүтээлчид, Улаанбаатар хотын цагдаагийн газрын сэтгэл зүйчдийн баг, Зүүн хүрээ Дашчойлин хийдийн лам нар, “В” салоны хамт олон, тус цагдаагийн хэлтсийн 28 эмэгтэй алба хаагчид болон тус ангийн хянагч нар, 308 хүмүүжигчид тус тус оролцсон байна.

Мөн Зүүн хүрээ Дашчойлин хийдийн лам нар ном хурж, “В” салоны хамт олон тус ангид хүмүүжиж байгаа эмэгтэйчүүдэд гоо сайхны үйлчилгээ үзүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ орон сууцны м2-ын асуудлаар БХБЯ-тай хамтран ажиллахаар болжээ

Сүүлийн жилүүдэд барилгын компаниуд орон сууцны м2-ыг дутааж иргэдийг шулах явдал эрс ихэссэн. Шинээр ашиглалтад орж буй бүх барилгууд иргэдийг их бага хэмжээгээр хохироодог болсон юм.
Иймээс ШӨХТГ өнгөрсөн 2012 оноос эхлэн м2-ын зөрүүг иргэдэд буцаан олгуулах ажлыг эхлүүлсэн. Энэ хугацаанд тус газарт 600 гаруй иргэн ханджээ. Ингээд зарим иргэдийн хувьд хохирлоо барагдуулж аваад байгаа бол өнөөдрийг хүртэл зөрүүгээ авч чадаагүй хохирсон иргэд нэлээдгүй байгаа юм.
Тэгвэл ШӨХТГ-т барилгын м2-тай холбоотой гомдол тасралтгүй ирсээр байгаа тул энэ гомдлыг нэг мөр шийдвэрлэхийн тулд БХБЯ-тай хамтран ажиллах шаардлага гарсан байна.Тиймээс өнөөдөр 12:00 цагаас БХБЯ-ны хурлын зааланд хэрхэн хамтран ажиллах болсон талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр болжээ.

Categories
мэдээ улс-төр

Берлин хотноо Монголын тугийг мандуулсан “ITB-BERLIN” үзэсгэлэннээлтээ хийлээ

ХБНГУ-ын Берлин хотоос манай тусгай сурвалжлагч М.Мөнхцэцэг мэдээлж байна

Дэлхийн аялал жуулчлалын салбарын хамгийн том үзэсгэлэн болох “ITB-Berlin” үзэсгэлэн Европын аялал жуулчлалын зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах бололцоог аливаа улс оронд олгодог. Монгол Улс Берлиний ITB үзэсгэлэнд 1999 оноос хойш албан ёсоор оролцсоор ирсэн билээ. Тэгвэл өнөө жилийн хувьд анх удаа албан ёсныТүнш орон”-оор оролцож байна.

1966 оноос эхлэн ХБНГУ-ын Берлин хотноо жил бүрийн гуравдугаар сард зохион байгуулагддаг “ITB BERLIN” аялал жуулчлалын үзэсгэлэнд энэ жил дэлхийн 190 улсын 10 мянга гаруй аялал жуулчлалын байгууллага оролцож, өөрийн улс орон, аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ сурталчилдаг аж. Тус үзэсгэлэнг 175,000 зочин ирж сонирхдог гэсэн тооцоо бий. Үзэсгэлэнг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Франк Вальтер Штайнмайер, Берлин хотын Захирагч Михаел Мюллер, Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ЕНБД Талеб Рифай, Германы аялал жуулчлалын холбооны Ерөнхийлөгч Михаел Фрэнцэл нар үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэлсэн үгэндээ” Энэхүү нэр хүндтэй үзэсгэлэнгийн түнш орноор манай улсыг оролцохыг зөвшөөрсөнд чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. Манай ардын үгэнд “Аавын бийд хүнтэй танилц, Агтны бийд газар үз” гэсэн сайхан үг байдаг. Чингис хаан, Атилла хаан зэрэг дэлхийн хамгийн том гүрнийг бий болгосон түүхтэй орныг үзье гэвэл, уудам тал нутаг, гайхалтай байгальд адал явдалтай аялал хийхийг хүсч байвал, эдийн засгийн өөрчлөлтийг хийж урагшлан хөгжиж байгаа улсыг үзье гэвэл Монголд ирээрэй. Би та бүхнийг өөрийн биеэр манай оронд тавтай морил гэж урьж байна” гэлээ.

Энэхүү үзэсгэлэнд оролцогчдын 82.5 хувийг Европын орнууд эзэлдэг байна. Азиуд 8.1 хувь, Африк 5.4, Америктив 3.2, Австрали улс 0.7 хувийг тус тус эзэлдэг ажээ. Тус үзэсгэлэнд оролцсоноор тухайн оронд ирэх жуулчдын урсгал 15-30% нэмэгддэг гэсэн судалгаа бий. Тухайлбал, 2010 онд “Түнш орон” статустай оролцсон Турк Улсын хувьд тэр жилдээ жуулчдын тоо 28,6 сая байсан бол 2011 онд 31,4 сая болж есөн хувиар, 2012 онд 39,7 сая болж 26 хувиар, 2013 онд 20 хувь болж өссөнөөр дэлхийд хамгийн их жуулчин хүлээн авдаг улсуудын зургаадугаарт жагсч чаджээ.

Жил бүрийн үзэсгэлэнгийн үеэр оролцогч аялал жуулчлалын аж ахуй нэгжүүд болон аялагчдын хооронд 6.5 тэр бум евротой тэнцэхүйц хэмжээний гэрээнүүд хийгддэг байна.

ITB үзэсгэлэнг 1930-аад онд баригдсан, нийт 26 байгууламжаас бүрдэх 160,000 м.кв талбай бүхий “Мессе Берлин” үзэсгэлэнгийн талбайд зохион байгуулдаг. Тус үзэсгэлэнгийн талбайд 2014 онд “Сити Кюүб” нэртэй шинэ цогцолбор ашиглалтан доруулсан юм. Энэ цогцолборт манай Улс аялал жуулчлалын үзэсгэлэнд “Түнш орон”-оор оролцох үеийн нээлтийн үйл ажиллагаа, урлагийн тоглолт, хүлээн авалтыг зохион байгууллаа.

Монгол Улс энэхүү үзэсгэлэнд 1989 оноос хойш нэгдсэн зохион байгуулалттай, идэвхтэй оролцож ирсэн бөгөөд 2011 онд “Соёлын түнш орон”-оор амжилттай оролцсон. Энэжил “Түншорон” статустай, “Mongolia, Nomadic by Nature” уриатай оролцож байна.

Монгол Улсын хувьд энэхүү үзэсгэлэнд “Түнш орон”-оор оролцсоноор Монгол Улсын Засгийн газар аялал жуулчлалын салбартаа ихээхэн анхаарал хандуулж буйг дэлхий дахинд нотлохын зэрэгцээ аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж, эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгох зорилтоо биелүүлэх чухал хөшүүрэг, түлхэц болох юм.

Дэлхийн хэвлэл мэдээллийн 400 орчим төлөөлөгч “ITB BERLIN” үзэсгэлэнг зорин ирж, сурвалжлага, нэвтрүүлэг хийдэг байна. Энэ нь “Түнш орон”-ы хувьд өөрийгөө сурталчлах томоохон боломжийг бий болгодог. Манай улс ирэх онд жуулчдын тоог нэг саяд хүргэх зорилт тавьсан. Статистик тоо баримтаас харахад 2013 онд 417 мянган жуулчин,2014 онд 392 мянган жуулчин Монголд ирсэн байна.

“ITB-2015″-ийн нээлтийн ажиллагаанд дэлхийн өнцөг булан бүрээс хуран цугласан 4000 хүноролцсон юм. Энэ үеэр Монгол Улсын урлагийн тоглолт ирсэн зочдыг гайхшруулж байлаа.Нүүдэлчин ахуйгаасаа салаагүй гэх ойлголттой гадаадынхны ойлголтыг энэхүү тоглолт бүрэн эвдэж чадсан юм. Ерөнхийдөө нийт масс Монголыг маш таатайгаар хүлээж авсан юм.

“ITB-2015″-ийн түнш орноор Монгол Улс оролцож байгаатай холбогдуулан Берлин дэх таксинууд манай улсын үзэсгэлэнт газрууд бүхий логог наасан харагдав. Ерөнхийдөө Берлин хот Монгол Улсыг бүтэн жилийн хугацаанд дэлхий дахинд таниулан сурталчилах юм. Уг олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцож буй Монголын чинглэгийн нээлт өнөөдөр нээлтээ хийх юм. Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, үг хэлнэ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Өдрийн сонин”-оос уншаарай.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн засаг дарга европын орнуудад айлчлал хийж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Итали Улсын Милан хотноо албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд02 дугаар сарын 28-ны өдөр Милан хотын дарга ноён Жуилиано Писапио-той уулзлаа. Уулзалтад Монгол Улсаас Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Одонбаатар, Милан хотод суугаа Өргөмжит Консул Гантуяа, Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын дарга Э.Тэмүүлин нар оролцлоо.
Тус уулзалтаар хотууд цаашид эдийн засаг, соёл, урлаг болон аялал жуулчлалын салбарт хамтарч ажиллах талаар харилцан санал солилцлоо. МөнМилан хот 2016 онд УБ хотод АСЕМ-ийн уулзалтыг зохион байгуулах болсонтой холбогдуулан өөрийн туршлагаас хуваалцах, шаардлагатай мэдээллээр хангахад бэлэн байгаагаа илэрхийлээд 2015 оны 5-р сард Милан хотноо болох Олон улсын үзэсгэлэн худалдаанд Улаанбаатар хотынбизнес эрхлэгчдийг оролцуулаххүсэлтэй байна гэлээ.
Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-ҮүлУлаанбаатар хотод татваргүй чөлөөт бүс байгуулахад Милан хотыг хамтарч ажиллахыг санал санал болгосон юм.
Үүний дараа 2015 оны 3-р дугаар сарын 2-ны өдөр Испани улсын нийслэл Мадрид хотноо зочилж Мадрид хотын дарга хатагтай Ботелла-той уулзлаа.Энэ нь хоёр хотын анхны албан уулзалт болсон бөгөөд Э.Бат-Үүл даргын санал болгосны дагуу Улаанбаатар хотын аялал жуулчлалын мастер төлөвлөгөө боловсруулах техник туслалцаа үзүүлэх, Мадрид хотын Смарт Сити туршлагаас суралцах, туршлага хуваалцах болон Улаанбаатар хотын гэр хороололд дэд бүтцийн орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх гэсэн гурван чиглэлд хамтарч ажиллахаар санал солилцлоо.

Categories
гадаад мэдээ

Украйнд 6000 хүн амь үрэгджээ

НҮБ-ын хүний эрх хариуцсан Ерөнхий комиссарын удирдах газраас гаргасан мэдээнд Украйны зүүн нутагт болж байгаа зэвсэгт мөргөлдөөний улмаас өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш 6000 гаруй хүн амь үрэгдэж, 14 700 хүн шархадсан байна. Сүүлийн хэдэн долоо хоногийн турш Донецкийн нисэх буудал, Дебальцевогийн орчим байлдаан төвлөж онцгой ширүүн явагдсаны улмаас цэргийнхэн төдийгүй олон зуун энгийн иргэд алагджээ.
НҮБ-ын хүний эрх хариуцсан Ерөнхий комиссар Зейд Раад Зейд аль Хуссейний гаргасан тайланд аюулгүй байдал ба хүний эрхийн асуудал нэгдүгээр сарын турш ба хоёрдугаар сарын эхээр эрс муудсан гэжээ. Тухайлбал, Авдеевка, Дебальцево, Попасная гэсэн тосгонуудын орчим эмх замбараагүй буудлага болсоны улмаас олон хүн амиа алдаж, шархадсан байна. Мөн энгийн иргэдийг харгисаар хөнөөж, дэд бүтэц сүйрсний улмаас зэвсэгт мөргөлдөөний бүс дэх хүний эрхтэй холбоотой нөхцөл байдал аймшигтай байдалд байгааг Ерөнхий комиссар онцолжээ. Тэрээр “Минскийн тохиролцоонд заагдсан бүх зүйлсийг талууд гүйцэтгэх шаардлагатай байгаагаас гадна энгийн иргэдийн хувьд аймшигтай нөхцөл бий болгосон байлдааны бүх л ажиллагаа, эмх замбараагүй буудалцааныг зогсоох хэрэгтэй байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Хэл бичгийн шалгалтын бүртгэл их даваа гаригт дуусна

Засгийн газрын тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилгын хүрээнд өнгөрсөн жилээс эхлэн Их, дээд сургууль, коллежид элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч Монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгөх болсон.
Уг шалгалтад хэмжээст оноогоор 400 ба түүнээс өндөр оноо авч байж ЭЕШ-нд орох эрх нь нээгдэх бөгөөд өмнөх онд төгссөн бүртгүүлэгчид www.eec.mn хаягаар орж Монгол хэл бичгийн шалгалтдаа энэ сарын 9-өөс өмнө, ЭЕШ-даа 4 сарын 20-оос өмнө амжиж бүртгүүлэхийг анхааруулж байна. Бүртгэлийн хугацааг сунгахгүй, дахин бүртгэл явуулахгүй юм байна. Мөн бүртгэлийн хуудсаа хэвлэж аван Боловсролын үнэлгээний төв дээр ирж гарын үсэг зуруулж баталгаажуулалт хийлгэхийг санууллаа.
Сурагчид бүртгүүлэхдээ ямар нэг алдаа гаргахгүй байх хэрэгтэй мэргэжилтнүүд анхаар байна. Хэрвээ мэдээлэлд алдаа гарсан бол бүртгэл дуусахаас өмнө Боловсролын үнэлгээний төвд ирж засуулах боломжтой аж. Мөн өмнөх оны шалгуулагчид Боловсролын үнэлгээний төвд энэ сарын 20-оос өмнө очиж хэл бичгийн шалгалтын бүртгэлийн хуудсаа баталгаажуулах юм байна.

Categories
мэдээ улс-төр

Ц.Элбэгдорж: ХБНГУ-тай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахыг хүсч байна

ХБНГУ-ын Берлин хотоос манай тусгай сурвалжлагч М.Мөнхцэцэг мэдээлж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-д ажлын айлчлал хийж байна. Богино хугацаанд шахуу хөтөлбөртэй уг айлчлалаар Ерөнхийлөгч өчигдөр ХБНГУ-ын Холбооны Канцлер Ангела Меркел, Ерөнхийлөгч Иохим Гаук нартай уулзсан юм. Төрийн тэргүүн эхлээд Канцлер Ангела Меркелтай уулзаж үдийн зоог барив. Дараагаар н тэд хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм.

ХБНГУ-ын Холбооны Канцлер Ангела Меркел: Берлин хотноо зохион байгуулагдаж буй “ITB-2015″ олон улсын үзэсгэлэн яармагт түнш орноор оролцож буй Монгол Улсын Төрийн тэргүүн манай оронд айлчилж байгааг онцлоход таатай байна. Манай хоёр улс түүхэн харилцаатай. Монгол Улсын иргэдийн нэг хувь нь Герман хэл мэддэг явдал бол хоёр улсын харилцааны бас нэг гол гүүр болох юм.

Монгол Герман улсын хооронд Ашигт малтмалын салбарт хамтран ажиллах гэрээг 2011 онд байгуулсан. Уг гэрээний хүрээнд тухайн чиглэлийн дээд сургуулийг Монголд байгуулсан. Гэхдээ энэ гэрээнд тусгагдсан эдийн засгийн, ашигт малтмалын харилцаа дорвитой явагдахгүй байна. Иймд гэрээнд тусгагдсан бусад зорилтуудыг ажил хэрэг болгох тал дээр аль аль талаасаа хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Герман Монголын харилцаа тун онцлогтой. Манай хоёр орны улс төрийн харилцаа идэвхтэй байгаа ч эдийн засгийн харилцаа удаашралтай байна. Өнгөрсөн хугацаанд хоёр улс эдийн засгийн хамтарсан төслийг хүссэн хэмжээнд хэрэгжүүлж чадаагүй.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж: Монгол Улсын хувьд Германыг Европ тивд байгаа хамгийн гол түнш улсаа гэж үздэг. Монгол Улс Дэлхийн аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн болох Берлиний ITB үзэсгэлэнд түнш орноор оролцож миний бие энэхүү үзэсгэлэнгийн үйл ажиллагааг нээх гэж буйдаа туйлын баяртай байна. Энэ үеэр эрхэм хатагтай Канцлер Ангела Меркел биднийг хүлээж авч уулзаж, хоёр орны харилцааны талаар, мөн бүс нутгийн харилцааны талаар дэлгэрэнгүй ярилцах зав гарсанд туйлын таатай байна. 2011 онд Канцлер манай улсад айлчилж байсан. 2012 онд бид мөн ХБНГУ-д айлчлан ирж байсан.Монгол Улсын хувьд Герман улстай бүх салбарт харилцаагаа өргөжүүлэхийг эрмэлздэг. Мөн хамтарч зурсан хоёр талын баримт бичгүүдийн үзэл санааг хэрэгжүүлэхийн тулд маш идэвхтэй хамтарч ажиллах болно гэдгээ хэлье. Ингээд та бүхэнтэй уулзах сайхан боломж гарсанд баярлалаа.

Ийнхүү хоёр талаас мэдэгдэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Та сая хийсэн мэдэгдэлдээ хоёр улсын хоорондох эдийн засгийн салбар, ялангуяа ашигт малтмалын салбар дахь түншлэлийн салбар хангалтгүй байна гэдгийг дурдлаа. Манай улс байгалийн асар их нөөцтэй. Бид яг энэ давуу боломжоо ашиглаад Герман болон Европын зах зээлд газрын ховор элемент болон бусад танайд шаардлагатай байгаа ховор элементийг бид экспортод гаргахыг хүсч байна. Тиймээс газар зүйн хол байршлыг илүү ойртуулах бодлогын талаар нэн түрүүнд юу хийх шаардлагатай гэж та бодож байна вэ?

ХБНГУ-ын Холбооны Канцлер Ангела Меркел: Үүнийг гатлах гурван зам байна. Нэгдүгээрт, дэд бүтцийн төсөл байвал нэн түрүүнд анхны хөрөнгө оруулалтын санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх хэрэгтэй. Тогтоосон тэр төслүүдийг санхүүжүүлэхэд төвөг тулгараад байна. Хоёрдугаарт, энэ ашигт малмалыг олборлохын тулд дэд бүтцүүдийг хөгжүүлэх шаардлагатай. Хамгийн гол нь тэр ордууд захын аймгуудад, хотоос зайдуу байгаа. Гуравдугаарт, Монгол Улсын хоёр том хөрш өөрийн гэсэн санаа бодолтой.Энэ асуудлыг хэрхэн хэрэгжүүлэх талаар өөрийн байр суурьтай. Мөн зам тээвэр харилцааны тал дээр ч өөрийн гэсэн санал бодолтой.Хэрвээ Монгол Улстай харилцъя гэвэл тэдэнтэй харилцах хэрэгтэй.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж: Бид ашигт малтмалын салбарт хамтран ажиллах гэрээгээ цаашид нэг бүрчлэн хэрэгжүүлж ажиллах ёстой. Цаашлаад эдийн засгийн иж бүрэн харилцаатай улсын хувьд эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээг Монгол Германы хооронд байгуулж болох уу гэдгийг манай талаас дэвшүүлж байгаа. Энэ гэрээг байгуулж, парламентаар батлуулж чадах юм бол хоёр талынхаа харилцааг цаашид аваад явах сайхан боломж байна. Энэ тал дээр цаашид хамтарч ажиллах боломж гарч ирнэ гэдэгт найдаж байгаа.Мөн манай улсын дэд бүтцийн гол салбар болох төмөр зам бол ОХУ-тай тавь тавин хувийн хамтарсан хөрөнгө оруулалттай салбар. Үүнээс гадна шинэ төмөр зам байгуулах бүтээн байгуулалтын ажил эхэлсэн байгаа. Хятадын дарга өнгөрсөн жил манай улсад ирэхэд Хятадын нутаг дэвсгэр дээгүүр дайран өнгөрөх транзит тээврийн асуудалд хоёр улсын Засгийн газар маш сайн гэрээ байгуулж чадсан. Хятадын талаас тодорхой хэмжээний хөнгөлөлт, ямар чиглэлээр, ямар боомтоор Монголын талаас гаргах ёстой вэ зэргийг тэр гэрээнд тодорхой тусгасан. Хятад улстай хийсэн ийм гэрээг ОХУ-тай хийх боломжтой.

-Хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэгдэж байгаагаас өөрөөр дэд бүтцийн салбарт шууд оролцоо хангалттай биш байна. Дэд бүтцийн харилцааг сайжруулснаар бусад хамтын ажиллагааг хөгжүүлэх хөрс бүрдэнэ. Тиймээс Германы талаас дэд бүтцийн салбарт шууд оролцоог нэмэгдүүлэх боломжийг хэрхэн харж байна вэ?

ХБНГУ-ын Холбооны Канцлер Ангела Меркел: Агаарын орон зайн харилцааны хувьд хоёр улсын агаарын тээврийн компани хоорондын харилцаа байгаа. Тэдний харилцааг дээшлүүлэх тал дээр анхаарч ажиллах болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж: Монгол Улсын хувьд далайд гарцгүй учраас агаарын харилцаанд ач холбогдол өгдөг. Ялангуяа Европ руу гарч байгаа агаарын харилцаанд түлхүү ач холбогдол өгдөг. Монгол Улсын хувьд ОХУ болон БНХАУ-ын хооронд хуурай газрын болон агаарын хааб байх боломжтой. Тийм ч учраас бид шинээр нисэх онгоцны буудал барьж байгаа. Энэ чиглэлээр төсөл хэрэгжүүлэхэд, Германы талтай хамтарч ажиллахад маш их таатай байх болно.Энэ дашрамд хэлэхэд Монгол Улсын анхны ардчилсан сонгуулийг 1990 оны долдугаар сард зохион байгуулсан.Ардчилсан төрт засаг үүссэний 25 жилийн ой тохиож байгаа. Монгол Улс хүний эрх, хуулийн засаглал, нээлттэй байдлаараа бүс нутагтаа үлгэр жишээ орон байхын төлөө ажилладаг. Монголчуудын сонгож авсан замыг хоёр хөрш маань хүндэтгэж үздэгээ үргэлж илэрхийлдэг.Монголчуудын хувьд 25 жилийн өмнө шинээр сонгосон сонголтдоо эргэлздэггүй.Энэ сонголтоо цаашид улам бэхжүүлэхийн төлөө хамтарч ажиллана. Энэ тал дээр Германы талаас дэмжлэг үзүүлж, бидэнтэй хамтарч ажилласаар ирсэнийг онцолж байна гэв.

ХБНГУ-ын Ерөнхийлөгч Иохим Гаук манай улсад айлчлах урилгыг таатай хүлээж авлаа

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-ын Канцлер Ангела Меркелтай албан ёсны уулзалт хийснийхээ дараа Бэлльвю ордныг зорилоо. ХБНГУ-ын Ерөнхийлөгч Иохим Гаук манай улсын Төрийн тэргүүнийг хүлээн авч уулзсан юм. Уулзалтанд Монголын талаас гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү болон албаны хүмүүс, Германы талаас Холбооны Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Маркус Эдерер Хайнц Бээр болон албан ёсны төлөөлөгчид оролцов.

ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иохим Гаук Монгол Улсын Ерөнхийлөгчтэй дахин уулзаж байгаадаа таатай байна гээд Монгол Улсын туулж ирсэн ардчиллын замыг хүндэтгэн сайшааж байдаг. Манай хоёр орны харилцаа дээр үеэс эхтэй, энэ сайхан харилцаагаа улам гүнзгийрүүлнэ гэж найдаж байгаагаа илэрхийллээ. Улс төрийн түвшинд идэвхтэй хөгжиж буй харилцааг эдийн засгийн хамтын ажиллагааны агуулгаар баяжуулан хөгжүүлэх бүрэн боломжтойг ч дурдлаа. Монголд байгуулагдсан Герман Монголын хамтарсан Технологийн дээд сургууль нь боловсролын салбарт хийгдсэн үр дүнтэй ажил гэдгийг онцлов.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын үеэр И.Гаук Герман Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсныхоо дараахан анхны төрийн зочноороо өөрийг нь хүлээн авч хүндэтгэл үзүүлж байсныг дурсахад таатай байна гээд Монгол Улсад анх удаа чөлөөт, ардчилсан сонгууль явуулсны 25 жилийн ой энэ жил тохиож байгаа. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээ энэ оны долдугаар сард Улаанбаатар хотноо болно. Энэхүү арга хэмжээнд Европын орнуудаас ирэх гол зочин нь Ерөнхийлөгч Гаук байна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд энэ нь Монгол, Германы харилцааны ач холбогдлыг тодотгох төдийгүй манай бүс нутагт ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэх, түгээхэд чухал ач холбогдолтой болохыг онцоллоо. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол судлалыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөрийн хүрээнд Герман Улсын их, дээд сургуулиудтай хамтын ажиллагаа амжилттай өрнөж буйг тэмдэглэв.Монгол Улс, ХБНГУ нь олон улсын харилцааны асуудлаар ижил төстэй байр суурь баримталж, бие биенээ харилцан дэмжин, хамтран ажиллаж ирснийг дурдаад цаашид ч ойр дотно хамтран ажиллах сонирхолтой байна гэв.

Ерөнхийлөгч И.Гаук Монгол Улсын Ерөнхийлөгчөөс сонирхсон асуултандаа хариулт авч, Монгол Улсад урьсан урилгыг нь баяртайгаар хүлээн авлаа.