Categories
мэдээ нийгэм

Н.Энхбаяр Солонгос руу буцжээ

МАХН-ын дарга Н.Энхбаяр цагаан сарын өмнөхөн эх орондоо ирсэн. Энэ хугацаанд түүнийг намын байран дээр нь АТГ-аас хүмүүс ирж байцаалт авсан гэдэг. Гэвч экс Ерөнхийлөгч зарлан дуудах хуудасын дагуу очихгүй гэдгээ мэдэгдсэн.

МАХН-ын дарга Н.Энхбаярыг зарлан дуудах хуудсанд гарын үсэг зурахыг шаардсан АТГ-ын хоёр ажилтан ямар асуудлаар дуудаж, яг ямар хэрэгт холбож мэдүүлэг авах гэж байгаагаа огт тайлбарлаагүй нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг намын удирдлагууд тодотгосон.

Харин МАХН-ын зүгээс энэ үйл явдлыг улс төрийн зорилготойгоор хууль шүүхийн байгууллага тэр дундаа АТГ-аас МАХН-ын дарга Н.Энхбаярт дахин зохиомол хэрэг үүсгэх гэж улайрч байна гэж тайлбарласан. Н.Энхбаяр дарга ч намайг Солонгосоос битгий ир, ирвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ шүү гэсэн гэдгийг ч илчилж байсан юм.

Ямартай ч тэрбээр өчигдөр Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн онгоцоор БНСУ-ыг зорьсон байна.

Categories
мэдээ спорт

Өсвөрийн даамчид өрсөлдөж байна

Монголын даамын холбооны 2015 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн Сонгинохайрхан дүүргийн 42-р сургууль дээр эдгээр өдрүүдэд болж байна.

“Гацуурт” компанийн нэрэмжит тус тэмцээн энэ жил Монгол хүүхдийн спортын V наадмын хүрээнд зохион байгуулагдаж тус тэмцээнд Улаанбаатар хотын болон орон нутгаас нийт 360 орчим даамчид өрсөлдөж байна. Тэмцээн дөрвөн насны ангилалаар болж байгаа бөгөөд ирэх бямба гаригт буюу гуравдугаар сарын 7-ны өдөр өндөрлөж, улсын аваргууд тодорно.

Тэмцээн швейцарь системээр 9 тойрог явагдаж аваргаа тодруулах бөгөөд явцын дүнг танилцуулья:

5 тойргийн дараахь байдлаар:

5-7 нас, Охид
1. Ц.Сумъяа (Завхан)
2. Д.Анхтуяа (Хан-Уул)
3. Ц.Чинзаяа (Дорноговь)

5-7 нас, Хөвгүүд
1. Н.Содбаяр (Увс)
2. Д.Жаргалсайхан (Увс)
3. П.Баярцогт (Дорноговь)

8-10 нас, Охид
1. Т.Номинжин (Дархан-Уул)
2. Н.Налжормаа (Дорноговь)
3. Ч.Марал-Эрдэнэ (Орхон)

8-10 нас, Хөвгүүд
1. Б.Сүхренчин (Увс)
2. Б.Баярманлай (Төв)
3. Б.Энхрийлэн (Баянзүрх)

11-13 нас, Охид
1. Т.Ганчимэг (Завхан)
2. Г.Дүүрэнбилэг (Хэнтий)
3. Э.Маргад (Хэнтий)

11-13 нас, Хөвгүүд
1. М.Лувсандорж (Хэнтий)
2. П.Пүрэвсүрэн (Сэлэнгэ)
3. Г.Жавхлантөгөлдөр (Сонгинохайрхан)

14-16 нас, Охид
1. Б.Отгон-Эрдэнэ (Сонгинохайрхан)
2. Г.Хэрлэнмөрөн (Баянзүрх)
3. Б.Номин-Эрдэнэ (Сэлэнгэ)

14-16 нас, Хөвгүүд
1. Н.Бат-Ирээдүй (Дархан-Уул)
2. Б.Билгүүн (Сонгинохайрхан)
3. Б.Гантогтох (Баянзүрх) тус тус тэргүүлж байна.

Тэмцээний сүүлийн 9 дэх өргийн тоглолт бямба гаригт болж, медальтнууд тодрох юм.

2015 оны улсын аваргын медальтнууд ирэх дөрөвдүгээр сард Узбекстаны нийслэл Ташкентэд болох Азийн АШТ, арваннэгдүгээр сард Нидерландын Хикен хотод болох ДАШТ-д оролцох эрхийг авах юм.

Categories
мэдээ улс-төр

ЭХЯ-ныхан ДЦС-2 компанид ажиллав

Эрчим хүчний сайд Д.Зоригт, дэд сайд Ө.Пүрэвбаатар нар ДЦС-2 төрийн өмчит хувьцаат компанийн үйл ажиллагаатай танилцлаа.

ДЦС-2 ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Бямбаахүү станцынхаа үйл ажиллагааны талаар товч танилцууллаа. ДЦС-2 компани нь 1961 онд ашиглалатад орсон. 21,5 МВт-ын хүчин чадалтай. Монгол Улсын эрчим хүчний 4 орчим хувийг үйлдвэрлэдэг. Өнгөрсөн онд сүлжээний тоноглолийн шинэчлэл, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажил, цахилгаан тоноглолын шинэчлэлийн ажил тус тус хийгдсэнээр станцын найдвартай ажиллагаа сайжирсан байна. Энэ 2015 онд 35 тонн уур гаргах нэг шинэ зуух, 6 МВт-ын турбогенератор ашиглалтад орсноор суурилагдсан хүчин чадал 24 МВт болж нэмэгдэх юм байна. Тус станц 290 орчим ажилчинтай.Энэ жил 150,1 сая кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх төлөвлөгөөтөй ажиллаж байгаа нь өмнөх оныхоос 45 сая кВт –аар илүү байгаа гэнэ. Оны эхний хоёр сарын байдлаар төлөвлөгөөгөө 101,3 хувиар биелүүлээд явж байна. Цаашид энэ станцад техник тоног төхөөрөмжийн өргөтгөл шинэтглэлийг хийж, хүчин чадлыг 200 МВт хүртэл өргөтгөх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ. Харин ЭХЯ-ын Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатар “ДЦС-2 –ын хүчин чадлыг 100 хүртэл МВт-аар өргөтгөж, энэ бааз суурин дээр нь түшиглэн эрчим хүчний чиглэлээр шинээр мэргэжил эзэмшсэн инженер, техникийн ажилтнуудад практик дадлага суулгадаг сургалт үйлдвэрлэлийн томоохон төв байх нь зүйтэй” гэж байр сууриа илэрхийллээ.

Эрчим хүчний сайд Д.Зоригт, дэд сайд Ө.Пүрэвбаатар нар ДЦС-2 төрийн өмчит хувьцаат компанийн үйл ажиллагаа хэвийн найдвартай байгааг өндөр үнэлээд цаашид өргөтгөл шинэчлэлийн ажлыг эхлүүлэхэд анхаарал хандуулж ажиллана гэлээ.

Хэдийгээр авсаархан жижиг боловч монголын эрчим хүчний салбарт хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, эмх цэгц, зохион байгуулалт сахилга, дэг журам, орчны цэвэр, аюулгүй байдлаараа бусад аж ахуйн нэгжээс онцгой ялгарч байгаа нь анзаарагдав.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүллээ

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн хуралдаанаар “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” 52 дугаар тогтоол, “Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 53 дугаар тогтоолыг тус тус баталсан. Дээрх тогтоолоор нийгмийн даатгалын сангаас олгох 500,0 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийн хэмжээг 22,0 мянган төгрөгөөр, 500,0 мянга ба түүнээс дээш төгрөгийн тэтгэврийн хэмжээг 20,0 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 126,5 мянган төгрөг, асаргааны тэтгэмжийн хэмжээ 58,0 төгрөгөөр тус тус тогтоож, 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж байна.

Эдгээр арга хэмжээний хүрээнд 320,5 мянган тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг 22,0 мянган төгрөгөөр, 17,0 орчим мянган тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг 20,0 мянган төгрөгөөр нэмэгдүүлснээр тэтгэврийн дундаж хэмжээ 10 орчим хувиар өсч 283,8 мянган төгрөг болж, бүрэн тэтгэврийн доод хэмжээг 230,0 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 195,0 мянган төгрөгт тус тус хүрч байна.

Харин Нийгмийн халамжийн 75,0 мянган тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг 11,5 мянган төгрөгөөр, Нийгмийн халамжийн асаргааны 42,2 мянган тэтгэмж авагчдын тэтгэмжийн хэмжээг 5,2 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ 126,5 мянган төгрөг, асаргааны тэтгэмжийн хэмжээ 58,0 мянган төгрөг боллоо гэж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамаас мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Польш улстай батлан хамгаалах салбарт хамтран ажиллана

Сүүлийн жилүүдэд Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс (БНПУ)-ын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, худалдаа эдийн засаг, соёл, батлан хамгаалах зэрэг олон салбарыг хамран өргөн хүрээнд эрчимтэй хөгжиж байна. Энэхүү харилцааг хөгжүүлэхэд хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа чухал үүрэг гүйцэтгэдэг билээ.

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал З.Болдбаатар тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 03-07-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Польш Улсын Батлан хамгаалах яамны урилгаар ажлын айлчлал хийж байна.

Айлчлал Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улсын Батлан хамгаалах яамд хоорондын зөвлөлдөх уулзалтыг хийж, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдалд дүгнэлт өгч, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох зорилготой. Мөн БНПУ-ын батлан хамгаалах салбарын удирдлагатай уулзалт хийн, хамтын ажиллагааны талаар санал солилцох, тус улсын батлан хамгаалах салбарын аж үйлдвэрүүд, цэргийн анги, салбаруудын үйл ажиллагаатай танилцан, хамтын ажиллагааны цаашдын чиг төлөвийг тогтоох, хамтран ажиллах үндсийг тавихад оршиж байгаа юм. Айлчлал Монгол Улс, БНПУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын хоёр дахь удаагийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулснаар эхэлсэн. Уулзалтыг Монгол Улсын БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, БНПУ-ын ҮБХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга ноён Р.Купецки нар даргалан явууллаа. Энэ удаагийн зөвлөлдөх уулзалт нь манай УИХ-ын даргын БНПУ-д хийх албан ёсны айлчлалын өмнө зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой болж байна.

Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд илэн далангүй, бодит, бүтээлчээр хандсан уур амьсгалд, олон улсын болон бүс нутгийнаюулгүй байдал, хоёр талын цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг харилцан сонирхсон асуудлаар санал солилцов. Талууд өнөө үед дэлхий дахинд аюулгүй байдалтай холбоотой нарийн төвөгтэй өөрчлөлтүүд гарч байгаа гэдгийг санал нэгтэй хүлээн зөвшөөрч, бүс нутгийн болон дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийн төлөө идэвхтэй хувь нэмэр оруулахыг хүсч байгааг харилцан илэрхийлсэн.

Мөн түүнчлэн талууд сүүлийн жилүүдэд хоёр улсын цэргийн харилцаа идэвхжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглээд, хоёр талын цэргийн хамтын ажиллагааны шинэ чиглэл, шинэ хэлбэрийг тасралтгүй эрэлхийлэх, цэргийн бүтээлч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг хүсч байгааг харилцан ярилцсан.

Энэ удаагийн зөвлөлдөх уулзалт бүс нутгийн аюулгүй байдлын өнөөгийн байдал болон цаашдын төлвийн талаар санал бодлоо солилцож харилцан хэрэгцээтэй мэдээллээ авч, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар шинэ санал, санаачлага дэвшүүлсэн хоёр талын хамтын ажиллагааг шинэ утга агуулга, хэлбэрээр баяжуулсан, улмаар хоёр талын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо гэж хоёр тал дүгнэлээ.

Харин өнгөрсөн лхагва гаригт БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал З.Болдбаатар тэргүүтэй төлөөлөгчдийг БНПУ-ын Батлан хамгаалахын сайд Т.Симоньяк, БНПУ-ын ҮБХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга ноён Чеслав Мрозек,БНПУ-ын ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал А.Войтан нар хүлээн авч уулзсан. Тэд Монгол-Польш Улс нь өөрсдийн оршиж буй бүс нутгийн аюулгүй болон тогтвортой байдлыг хадгалах, нэгдмэл сонирхолоо хоёр улсын батлан хамгаалах харилцаагаар илэрхийлж байгааг онцлоод хоёр талын хамтын ажиллагааны цаашдын төлөв, түүний дотор цэргийн боловсролын сургалт, энхийг дэмжих ажиллагаа, батлан хамгаалах аж үйлдвэр, зэвсэглэл, техникийн шинэчлэлийн чиглэлээр хамтран ажиллах боломж, одоо хүрээд буй төвшинг ахиулан хөгжүүлэх талаар харилцан санал солилцсон юм.

Мөн өдөр хошууч генерал З.Болдбаатар тэргүүтэй төлөөлөгчид БНПУ-ын Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэлд зочлон, нэгдлийн үйл ажилллагаа, үйлдвэрлэн гаргаж буй бүтээгдэхүүнийг үзэж сонирхон, хоёр улсын батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдлүүдийн хооронд хамтын ажиллагаа тогтоох, хамтын ажиллагааны чиглэлийг тогтоох талаар ярилцлаа.

Categories
мэдээ нийгэм

Шороон болон цасан шуургатай байна

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, маргааш зарим газраар, 7-нд нутгийн зүүн хагаст цас орно. Энэ үеэр салхи баруун болон төвийн нутгаар 12-14 м/с, 6-нд зарим газраар, 7-нд нутгийн зүүн хагаст түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсэж шороон болон цасан шуурга шуурна.

Хугацааны сүүлчээр хүйтэрч Увс нуур болон Дархдын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 30-35, өдөртөө 16-21, Хүрэн бэлчир, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 25-30, өдөртөө 14-19, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18, өдөртөө 3-8, бусад нутгаар шөнөдөө 19-24, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.

Энэ сарын арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, дунд үеэр нь зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлчээр Алтайн салбар уулс, Олон нууруудын хөндийгөөр 12-14 м/с, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, сүүлчээр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 16-18 м/с, нутгийн өмнөд хэсгээр түр зуур 24м/с хүртэл ширүүсэж шороон ба цасан шуурга шуурах төлөвтэй байгааг албаныхан хэлэв.

Categories
мэдээ нийгэм

Самар түүх хугацаанд өөрчлөлт оров

БОНХАЖ-ын сайдын зөвлөлийн шийдвэрээр самар түүх хугацаанд өөрчлөлт орууллаа. Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журмын 3.7-д заасан хуш модны самрыг аравдугаар сарын 15-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны хооронд бэлтгэнэ гэсэн байдаг.

Энэ жил хур тунадас багатай, хуурайшилт ихтэй байгаа учир хоёрдугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон өөрчилсөн байна. Тиймээс энэ оны хоёрдугаар сарын 24-ны өдрөөс хойш Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-361 дугаар тушаалыг үндэслэн шинээр ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар самар түүж бэлтгэх гэрээ хийх, ойн дагалт баялаг ашиглах эрхий бичиг нэмж олгохгүй гэсэн үг.

Ойн тухай хуулийн 38.5.-д ”Хушны самрын дунд ургацтай жилд зөвхөн ахуйн зориулалтаар, их ургацын жилд аль ч зориулалтаар ашиглахыг зөвшөөрнө” гэж заасан байдаг тул ойн дагалт баялаг, ашиглах хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх бүхий мэргэжлийн байгууллага хушны самрыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүх боломжтой.

Categories
гадаад мэдээ

Немцовын аллагатай холбоотой хүмүүсийг саатуулжээ

Оросын улстөрч Борис Немцовын үхэлтэй холбоотой гурван хүнийг цагдаагийнхан саатуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хяналтын камерт эдгээр хүмүүс аллага гарах үед хэргийн газраас холгүй байсан нь тогтоогдсон байна. Цагдаагийнхан “Баривчлагдсан хүмүүс Немцовын аминд хүрсэн эсэхийг нь тодруулахаас өмнө тэдний хувийн мэдээллийг нийтэд цацах боломжгүй” гэж мэдэгджээ. Немцовын аллагатай Ерөнхийлөгч В.Путин ямар ч хамааралгүй хэмээн нам, эвслийн удирдлагууд мэдэгджээ. Путин “Энэхүү хэргийн цаана Оросын тусгаар тогтнол, аюулгүй байдал яригдаж байгаа. Тиймээс хэрэгтнүүдийг заавал барьж, ямар шалтгаанаар Немцовын аминд хүрснийг нь тогтоох хэрэгтэй” гэж хэлжээ.

Хэрэг гарах үед Немцовтой хамт байсан Украины загвар өмсөгч Анна Дурицкая мягмар гаригт Киев руу буцсан билээ. Тэрбээр мэдүүлгийнхээ үеэр Немцовын аминд хүрсэн гэмт хэрэгтнүүдийг хараагүй хэмээн ярьжээ. Немцовын дэмжигчид түүнийг энэхүү хэрэгтэй их, бага хэмжээгээр холбоотой хэмээн мэдэгдэж, гэмт хэрэгтнүүд баригдаагүй байхад, ямар шалтгаанаар түүнийг сулласан бас нутаг буцаасныг нь тогтоохыг Путинээс хүсчээ. Украины Гадаад хэргийн яам иргэнтэй нь холбоотой сөрөг мэдээллийг буруутгаж, ёс зүйтэй байхыг сануулсан байна.

Categories
мэдээ нийгэм

С.Жавхлан төрийн гурван өндөрлөгийг халз мэтгэлзээнд дуудав

МУГЖ дуучин С.Жавхлан төрийн гурван өндөрлөгийг халз мэтгэлцээнд дуудсан байна. Тэрээр “ДМ” нэгдлийн залуус, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран энэхүү арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн тэрээр энэ сарын 7-ны өдөр жагсаал зохион байгуулах гэнэ. Харин түүний урилгыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар хүлээж авах эсэх нь сонирхол татаж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Хууль зүйн үндэсний хүрээлэн ажилчдынхаа тал хувийг цомхтголоо

Хууль зүйн сайд болон Хүуль зүйн хүрээлэнгийн захирлын тушаалаар өчигдөр тус газарт ажилладаг ажилчдын тал хувийг нь орон тооны цомхтголд оруулжээ. Цаашид шаардлагатай гэж үзвэл дахин цомхтгол хийх аж. Ажилчдаа олноор нь цомхтгох болсон шалтгаан нь өнгөрсөн нэгдүгээр сард хийгдсэн төсвийн тодотголын үеэр тус хүрээлэнгийн төсвийг танаж 500 сая төгрөг болгосонтой холбоотой гэнэ.