Categories
мэдээ нийгэм

6,8 га газрыг 3,3 тэрбум төгрөгөөр дуудлагаар худалджээ

Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын дагуу нийслэл анх удаа 2011 онд 18 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулж байсан бол 2 дахь удаагаа 10 байршилд газрын дуудлага худалдааг зохион байгууллаа.
Энэ удаад нийслэлийн Засаг даргын “Дуудлага худалдаа зохион байгуулах комисс томилох тухай” А/168 дугаар захирамжийн дагуу байгуулагдсан комисс, хөндлөнгийн ажиглагч, дуудлага худалдаанд оролцогчдын бүрэлдэхүүнтэйгээр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Авто худалдааны цогцолбор”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 10 байршилд ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДАА явуулсан юм.
Дуудлага худалдаа 12 байршилд зарлагдаж, нийт 69 оролцогч хүсэлт ирүүлснээс 67 санал нь хүчинтэй, 2 санал нь хүчингүй болсон. Харин 8 дахь байршилд 1 санал, 9 дэх байршилд санал ирээгүй тул 10 байршилд дуудлага худалдаа явагдлаа.
Газрын хэмжээ, дуудлага худалдааны анхны үнэ, хүрсэн үнэ, ялагчийн нэр тус бүрийг дараахь хүснэгтээс харна уу.
Газрын байршил Газрын зориулалт Хэмжээ /га/ Дуудлага худалдааны анхны үнэ /төг/ Хүрсэн үнэ /төг/ Ялагчийн нэр
1 Худалдаа үйлчилгээ 0,3 39 126 874 260 000 000 Ш.Эрдэнэбат
2 Худалдаа үйлчилгээ 0,3 39 126 874 530 000 000 Ш.Эрдэнэбат
3 Худалдаа үйлчилгээ 0,6 72 229 350 418 000 000 М.Анхбаяр
4 Худалдаа үйлчилгээ 0,6 73 025 724 310 000 000 Секуд ХХК
5 Худалдаа үйлчилгээ 1,0 117 243 530 327 000 000 Ж.Энхболд
6 Худалдаа үйлчилгээ 1,2 139 243 530 360 000 000 Батсээр ХХК
7 Худалдаа үйлчилгээ 0,2 30 786 097 201 000 000 Б.Мөнх-Учрал
8 Зочид буудал, оффис 1,1 129 550 000 1 санал ирсэн тул дуудлага худалдаа явагдаагүй
9 Зочид буудал, оффис 1,1 129 550 000 Санал ирээгүй тул дуудлага худалдаа явагдаагүй
10 Худалдаа үйлчилгээ 0,8 96 529 600 330 000 000 И.Шинэбаяр
11 Худалдаа үйлчилгээ 0,8 96 550 000 300 000 000 Секуд ХХК
12 Худалдаа үйлчилгээ 1,0 117 023 515 310 000 000 Дэвжих трейд ХХК
Нийт дүн 9,0 1 079 985 094 3 346 000 000
Дуудлага худалдаанд ялсан оролцогчид 3 хоногийн дотор гэрээ байгуулж, гэрээ байгуулснаас хойш 14 хоногийн дотор дуудсан үнийг бүрэн төлснөөр газар эзэмших эрх олгох тухай нийслэлийн Засаг даргын захирамж гарах юм. Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаанаас олсон хөрөнгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлдэг бөгөөд цаашид төлөвлөгдсөн газруудыг холбогдох хуулийн дагуу газрын дуудлага худалдаанд оруулж, борлуулахаар тооцож байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Categories
мэдээ цаг-үе

М.Энхсайхан: Я.Батсуурийг баривчилсан нь хэлэлцээрийн уур амьсгалд таагүй нөлөө үзүүлэх байх

Монгол Улсын сайд М.Энхсайхантай ярилцлаа.

Таван толгойн хэлэлцээрийн гурав дахь үе шат эхэллээ. Ер нь хэлэлцээр хэр амжилттай явж байгаа вэ. Шийдэлд хүрч тохиролцохгүй байгаа ямар асуудлууд байна вэ?

-Амархан хэлэлцээр гэж байхгүй. Хэлэлцээ хийгч талууд бүгд л өөр өөрийн эрх ашигтай, тэр олон эрх ашгийн тэнцвэрийг олно гэдэг хэзээ ч амар байхгүй. Анх хэлэлцээ эхэлж байх үетэй харьцуулбал маш олон асуудлаар ойлголцож тохиролцож чадсан. Засгийн газрын түвшинд Хөрөнгө оруулалтын болон Концессийн гэрээ байгуулагдах ёстой юм. Нийтдээ 350 орчим асуудлаар ярилцсанаас одоо гарын таван хуруунд багтах хэмжээний цөөхөн асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй байгаа. Айргийн тав гэдэг шиг хамгийн хэцүү асуудлууд нь үлдсэн. Том төсөл, том мөнгө, том хөрөнгө оруулалт, 30 жилийн хамтын ажиллагааны тухай яригдаж буй тул судалгаатай хандах гэж талууд хичээж байгаа. Хөрөнгө оруулагч тал маань цаг хэрэгтэй байна гэдэг хүсэлт тавиад байна.Ялангуяа “Чалко”-той холбоотой өр төлбөр, гэрээний үүргийг хөрөнгө оруулагч тал өөр дээрээ авах асуудал эрх зүйн хувьд бэрхшээлтэй байж мэдэхээр байгаа.

Яг ямар бэрхшээл юм бэ.Үүнээс болоод хэлэлцээр завсарласан гэж сонссон…

-Эрдэнэс таван толгой компаниар дамжуулж “Чалко”-гоос 350 сая ам.долларыг тухайн үед аваад “эх орны хишиг” болгон тараасан. Нүүрсний үнэ өндөр байхад боломжийн санагдаж ийм юм хийсэн байх л даа. Одоо бол нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн. Зах зээл дээр нүүрсний үнэ асар их унасан. Тиймээс “Чалко”-гийн өрийг төлж барагдуулж чадаагүй. Одоо 150 сая орчим ам.долларын өр үлдээд байгаа. “Эрдэнэс таван толгой”-д150 сая ам.долларын өрийг төлөхийн тулд 150 сая ам.долларын олборлолтын зардал гаргах шаардлагатай байгаа. За яахав өрийн учрыг олж болно гэж бодсон ч асуудлын гол нь “Чалко”-той байгуулсан гэрээгээр өрөө төлж дуусах хүртэл “Чалко”-д зүүн Цанхиас олборлосон нүүрсээ 100 хувь нийлүүлэх, өрөө төлж дуусаад дахин таван жил олборлосон нүүрснийхээ 80 хувийг нийлүүлэх гэрээ хийсэн юм байна. Ээдрээтэй, бэрхшээлтэй асуудал бий. Шийдэл олох гэж хичээж байна. Чалкотой байгуулсан гэрээний үр дагаврыг сайтар нягтлахын тулд цаг хугацаа хэрэгтэй байгаа юм. Алдаа гаргавал манай Засгийн газар, Консорциум наад зах нь 50 сая ам.долларын торгууль төлөх, цаашилбал Хан ресурсын жишээгээр Олон улсын арбитрт дуудагдах магадлалтайбайгаа.

Таван толгойн хэлэлцээрийн дэд уулзалтуудын хүрээнд гарч байгаа хүндрэлүүд нь юу байгаа юм бол?

-Тусгайлан нэрлээд байх хүндрэл байхгүй. Асуудлаа нэг мөр ойлгох тал дээр бүтээлчээр ажиллаж байгаа гэж хэлмээр байна. Дэд ажлын хэсэг нь зөвхөн манай мэргэжлийн хүмүүсээс бүрдэж байгаа. Үндсэндээ хэлэлцээний бүхий л асуудлыг тэр хэмжээнд шийдвэрлэж чадаж байгаад би хувьдаа сэтгэл өндөр байна.

Хэлэлцээрийн явцад манай талд олж авсан ололт нь байна. Яг юу юугшийдчихээд байгаа тухай дэлгэрэнгүй хэлж өгөөч?

-Хэлэлцээр зөвхөн эцсийн үр дүнгээр л хэмжигдэнэ. Мега төсөл амжилт олно эсвэл шил мэт хагарч унана гэдгийг би олонтаа хэлж байгаа. Өөр сонголт байхгүй. Тийм учраас тэвчээртэй хэлэлцээрийн үр дүнг л хүлээх хэрэгтэй.

Өнөөдөр “Эрдэнэс таван толгой” компанийн захирал Я.Батсуурийг баривчилсан нь хэлэлцээрт яаж нөлөөлөх юм бол. Таван толгой урагшлахгүй гэсэн үг үү?

-Ядаж байхад яр гэдэг дээ. Хууль хяналтынхан ажлаа хийжбайна гэх л байх. Гадуур байцааж шалгах ажлаа хийж болдоггүй юм уу гэж хэлж, бичижүзсэн, ноль. Энэ нь хэлэлцээрийн үр дүнд гэхээсээ илүү яриа хэлэлцээрийн уур амьсгалд таагүй нөлөө үзүүлэх байх. Манайхан ч үнэн худал баахан л цуурна. Уур амьсгалд муу нөлөөлнө гэдэг нь ойлгомжтой.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 километр төмөр замын асуудлаас болж Засгийн газар, УИХ-ын дунд ангал үүсчихээд байна гэдэг болгоомжлол бий. Энэ чиглэлд яг одоо юу яригдаж байгаа юм бэ. Үүнээс болоод ажил таг зогсох вий гэдэг хандлага байна…

-Төрийн институци хооронд том зөрчил үүссэн юм байхгүй. Мэр сэр улстөрчдийн ойлголтын зөрүүг дэвэргэх шаардлага байхгүй гэж бодож байна.

Төмөр замыг тавьж, ашиглаад 30 жилийн дараа суурь бүтцийн 51 хувийг төрийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлэх шаардлагыг манай зүгээс тавьж байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй нэг хэсэг бий. Энэ тал дээр ямар шийдэлд хүрч байгаа вэ?

-Энэ бол шаардлага биш, уралдаант шалгаруулалтын болзол. Хөрөнгө оруулагчид манай Засгийн газрын 268 дугаар тогтоолд заасан нөхцөлүүдийг биелүүлье л гэж байгаа.

Үндэсний компани нөлөөтэй хэвээр байж, гуравдагч зах зээлд нүүрсээ гаргана гэсэн том зорилго бий. Энэ зарчмаасаа гажихгүй биз дээ?

-Сая миний хэлдэг Засгийн газрын 268 дугаар тогтоолоор тогтоосон уралдаант шалгаруулалтын нэг болзол нь энэ. Түүнээс хазайх эрх надад байхгүй.

Таван толгойг заавал УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагатай гэдэг зүйл ч яригдаж байна. Та өөрөө ямар бодолтой байгаа вэ?

-Засгийн газарт Таван толгой төслөөр Хөрөнгө оруулалтын гэрээ хийх, Концессийн гэрээ хийх эрх зүйн орчин хүрэлцээтэй байгаа. УИХ төрийн дээд байгууллага болохын хувьд ямар ч асуудлыг татан авч хэлэлцэж болно. Энэ бол тэдний шийдэх асуудал. Мега төсөл ямар ч шатанд нурж унаж болдог. Тийм эрсдэлтэй асуудлыг УИХ өөр дээрээ татах хэрэг байна уу даа гэсэн байр суурийг би ил тод хэлж байгаа.

Тэгвэл Таван толгойн мега төслийг хэрэгжүүлэх ажилд өнөөдөр юу саад болоод байгаа юм бэ. Эсвэл ямар ч саадгүй бүх юм цагтаа амжихаар байгаа юм уу?

-Саад болж байгаа зүйл нь хаана хаанаа итгэлцэл муу байгаа явдал гэж хэлье. Монголчууд бие биедээ итгэдэггүй, өөртөө ч итгэдэггүй. Тийм ч учраас Хөрөнгө оруулагчид монголчуудад итгэдэггүй. Дээр нь хариуцлагагүй. Дараа нь намайг юу гэж хэлэх бол гэсэн оготор бодол хаа сайгүй тэнэж явах юм. Манай дүр зургийг ярьж өгвөл хэцүү л юм болох байх шүү. Мега төсөлд бид өөрсдөө л том садаа байх.

Цаанаа улс төрийн зорилготой шахалтаас үүдэж Таван толгойн асуудал гацаж магадгүй гэсэн болгоомжлол байна л даа?

-Далдуур энэ төслийг зогсоох гэсэн элдэв үг хэл, үйл ажиллагаа байна аа байна. Надад бол тодорхой харагдаж байгаа. Дарь дээр давс нэмэх хэрэггүй гэж бодоод энэ талаар ярихыг хүсэхгүй байна. Хоосон улс төржилт Монголын эрх ашиг биш ээ.

Роялтын татвар, дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын санхүүжилтийн асуудлыг яаж шийдэхээр ярьж байгаа вэ?

-Таван толгой төсөлд урьдчилсан тооцоогоор дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдана. Үүнээс тэрбум гаруй нь зөвхөн төмөр замын бүтээн байгуулалтад зориулагдана. Төсөл Монголын хууль тогтоомжоор тогтоосон бүхий л татварыг төлнө. Гол татвар нь ашигт малтмал ашигласны нөөцийн татвар буюу роялти. Нүүрсэн дээр энэ татвар таван хувь. Зах зээлийн үнэ өндөр болбол энэ татвар найман хувь хүрч болдог. Энэ төрлийн татвар Мозамбикт гурван хувь, Хятадад дөрвөн хувь, Индонезид гурван хувь, Орост тонн тутамд 57 рубль, Казахстанд 0 хувьтай тэнцдэг.

Ер нь Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээг хэдийд хийнэ гэсэн төлөвлөгөө байгаа вэ. Засгийн газрын зүгээс тавдугаар сард багтаахчиглэл өгсөн байх. Гэхдээ үүнээс өмнө амжих төлөвбий юу?

-Би хувьдаа удаах сонирхол байхгүй. Хэлэлцээр амжилттай болбол төслийн барилга байгуулалтын ажлаа энэ хавар эхэлнэ гэдэг зорилготой баймаар байгаа юм. Шийдэл зөвхөн бидний монголчуудаас хамаарахгүй нь харамсалтай.

Хэрэв Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээг энэ сард багтаагаад хийчихвэл манайд орж ирэх эхний үр ашиг юу байх вэ?

-Барилга байгуулалтын ажил өрнөж эхэлнэ. Олон хүмүүс ажлын байртай, цалинтай, орлоготой болно. Олон үндэсний компани ханган нийлүүлэлтэд оролцож эхэлнэ. Эдийн засагт чухал ач холбогдолтой төсөл гэдэг нь эргэлзээгүй байгаа.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Чоно ба тотем

НЭГ. ШҮТЭЭН-ДАЙСАН

Нүүдэлчин монголчуудын өвөг дээдсийн онгон шүтээн нь чоно байлаа. Өөрсдийгөө чононоос гаралтай хэмээн сүсэлнэ.Алдарт “Монголын нууц товчоо” нь “Дээр тэнгэрээс заяат төрсөн бөртэ чоно…” хэмээн эхэлнэ. Гайхмаар ч юм биш, энэтхэгчүүд үхрийг шүтэн биширдэг лүгээ адил заншил. Ром, Римул хоёр чоно хөхөж өссөн домог, Шаалуу хүүгийн үлгэрээс эхлээд, иймэрхүү итгэл, зохиомжууд дэлхий дүүрэн.

Харин монголчууд шиг “бүтээгч”-ээ хайрласан бас үзэн ядсан түүх нь тэнцүү ард түмэн хэр олон байдгийг бүү мэд. Учир нь бүтээгч ба сүсэгтэн хоолоо булаалдах тавилантай ажээ. Малчин ардын сүрэг мал руу “бүтээгч” чоно байнга довтолно. Бурхандаа өргөл тавиг барих, тэр бүү хэл хүн амьтнаар тайлга хийдэг ёс буй боловч шүтээн нь өөрийн санаачилгаар сүсэгтнийхээ өмч хөрөнгөд халдах нь бас л тал нутгийн онцлог.

Ингээд тал нутгийн шүтээн ба сүсэгтэн хоёрын хооронд хоол хүнсээ булаалдсан дайн дэгдсээр иржээ. Гэхдээ, чонын ав нь “батлан хамгаалах шинж чанартай зэвсэгт хүчин” гэлээ гэдэг шиг зөвхөн мал сүргээ хамгаалах шаардлагын хүрээнд буюу зохих хязгаарт “ашгийн бус байгууллага”-ын үйл хэрэг аятай өрнөдөг.

Дайнд аль нэг тал нь ялагдаж, амиараа төлөөс хийх учиртай. Мэдээж хүн нь ялж таарна. Гэхдээ бурхныг дайснаар зарлах юм уу, алаад устгачихаж таарахгүй. Ингээд ер бусын гаргалгаа бодож олжээ. “Чоно нь тэнгэрийн амьтан бөгөөд ижил тэнгэртэйд харагдана, илүү тэнгэрлэгт нь алуулдаг” аж. Дээрх мөрүүд бурхны ариун сударт ч байхгүй, “нууц товчоо”-нд ч үгүй. Гэхдээ хүн бүр мэднэ. Иймээс мал сүргээ харамлан чоныг намнах нь ан гөрөө, аллага бус харин өөрийнхөө хэр тэнгэрлэг байгааг шалгах тээст маягийн зүйл ажгуу.

Ер нь тал нутгийн олон арван домогт, амьдралын эрхээр үйлддэг хэрэг явдалдаа зориулсан иймэрхүү эерүүлэл, зөвтгөл дүүрэн байдаг. Саяхан дэлгэцнээ гарсан “Чонон сүлд” кинон дээр бэлтрэгийг алахдаа “тэнгэрт буцаж гар” хэмээн шидэж байгаа нь үүний жишээ. (Яг ийм домог бол сонсоогүй, хэрвээ зохиосон болуран бүтээлчид тал нутгийн домгийн сэтгэлгээг гайхалтай ойлгосныг харуулах баримт юм)

ХОЁР. ӨНГӨРСНИЙ УЯАС

Амьдрал бол тасралтгүйгээр өнгөрснөө үдэх процесс. Хичнээн сайн сайхан байлаа ч гэсэн аливаа үзэгдэл өнгөрсний мананд шингэн үлдэх тавилантай. Инээд хөөр дүүрэн хүүхэд насыг орхихгүй бол орь насны жаргалыг амсахгүй шиг, амьдралын эх болсон эхийн сүүнээс гарахгүй бол цаашаа бойжихгүй шиг.

Харин хүний сэтгэл өнгөрсний сайхан дурсамж, ирээдүйн өөдрөг төсөөлөл хоёроор тэжээгдэх өнөөдрийн цэцэг бөлгөө. Нэг талд байгаа бүхнээ хоцрогдол гэж үзсэн залуу халуун настнууд, нөгөө талд “намайг бага байхад хэлмэгдүүлэлт хүртэл сайхан байсан” гэх ахмадуудын сөргөлдөөн мөнхөд өрнөнө.

Нийгмийн хөгжил ч тэр мэт. Орчин ахуйгаа орвонгоор нь шинэчлэн өөрчлөх дүрэлзсэн эрчим ба хуучинтайгаа зууралдан хоргодох сэтгэхүйн хүчний баланс дээр өнөөдрийн хөгжлийн түвшин оршиж байгаа билээ.

Хөгжин дэвшиж буй хүн төрөлхтөн өнгөрсөн үеэ байнга санагалзана. Яг л нас ахих тусам багын явдал сэтгэлд ургаж, жаргалтай дурсамж хөвөрдөг гэдэг шиг. Хүн төрөлхтний ийм байдал нь хөгжлөөр хоцрогдсон орон зайг тэмтчин байж хуучин уламжлалынхаа тасархайг эрэн олж, гайхан биширч, шагшин дуугаралдах байдлаар илэрнэ. Энэ нь урлаг, мэдээллийн тогтолцооны гол илэрхийлэл болно.

Хималайн уулын мухарт мартагдах шахсан Төвдүүд ба зуун зууны тэртээх төрхөөрөө байгаа Шарын шашин, Амазоны шугуйгаас олдох эртний хэвшилтэй аймгууд, “Монголын” гэгдэх тал нутагт орчин цагийн иргэншилтэй хутгалдан үлдсэн нүүдэлч амьдралын хөврөлүүд дээр ийм жишээг соёлт ертөнцийнхөн соргогоор хардаг.

Ууланд амьдардаг хүмүүс уулаа бүтнээр нь харж чаддаггүй. Уулыг бүтнээр нь харъя гэвэл алсад очих хэрэгтэй. Яг түүн шиг өнгөрсөн сайн сайхны “үлдэгдэл”-ийг дотор нь байгаа хүмүүс хардаггүй. Харин тэднийг илүү хөгжилтэй орны иргэд, хол түрүүлж яваа өрнөдийнхөн соргогоор аждаг.

ГУРАВ.ЧОНО БА ЭРХ ЧӨЛӨӨ

Хятадад өрнөсөн соёлын хувьсгалын жилүүдэд хөдөө цөлөгдсөн сая сая сэхээтний нэг Зян Руны зохиолоор, франц найруулагч Жан Жак Анногийн бүтээсэн “Чонон сүлд” кино хүн төрөлхтний өнгөрсөндөө хоргодох сэтгэлгээний сэдэвтэй бүтээлүүдийн нэгэн сайхан жишээ болсныг бид харж байна.

Энэ кинонд бидний олон жил (роман нь орчуулагдсанаас хойш) хардан ярьсан шиг монголчуудыг тэнэг мангараар нь дуудсан юм ч байхгүй. Бас дэлхийн хамгийн ухаалаг түмэн хэмээн дөвийлгөх ч гээгүй байх. Ер бусын сонин содон санаа, өгүүлэмж олж, сайхан уран бүтээл туурвих л гэсэн хэрэг. (Ер нь кино, утга зохиолыг ингэж ойлгодог болбол бидэнд л хэрэгтэй. Дэлхий даяараа урлагаас сэтгэлийн цэнгэл хүртэж байхад манайхан “биднийг ингээд хэлчих шиг боллоо”, “тэгж муулсан шиг байна” хэмээн шаналж байх нь сайн юм огт биш)

Зохиолын гол үйл явдал нь бэлтрэг тэжээснээс үүднэ. Тэжээгч нь Бээжингээс ирсэн оюутан залуу. Зэрлэг амьдрах тавилантай тэр амьтан хүний гарт орсноос зовлонгоо эдэлсэн нажидтай түүх эхэлнэ. Иргэншлийн хотхонд нүхэнд хоригдсон бэлтрэг нь ижил сүргээ, өшөө хонзонд уриалан дуудах мэт.

Оюутан хархүү өөрөө бараг л махнаас гарч, хоолоо түүндээ илүүчилнэ. Өөрөө бэлтрэгэндээ уруулна. Хамаг байдгаа зориулаад, зориулаад бэлтрэгийг эс жаргаана. Эрх чөлөөний философи. Манайхан шиг төрөөр бүхнийгээ хангуулаад жаргах сонирхолтой ард түмэнд анзаарууштай өгүүлэмж шүү. Ялангуяа, чоныг эрх чөлөөнд дуртай, зүрх зоригоороо, зоргоороо амьдралын бэлгэдэл болгодог нүүдэлчний хувьд.

Тэжээмэл бэлтрэг шиг гай зовлонгийн эх үүсвэр тал нутагт алга мэт. Айлын жаал хүү ч түүнд ноцуулна. Магадгүй хотонд орсон чоно ч түүний дуудлагаар ирсэн мэт.

Бээжингийн оюутан бадрангуй сэтгэлтэй хархүү бол соёл, иргэншлийн төлөөлөгч. Байгалийн хуулийг зөрчиж тэжээсэн бэлтрэг нь иргэншлийн жаргалд дасч өгөхгүй байгаа байгаль ертөнцийн тасархай. Оюутан ирсэн явдал, бэлтрэг тэжээсэн асуудал нь тал нутгийн тэртэй тэргүй бөхөж яваа нүүдэлчний“ байгаллиг ертөнц”-ийг хөмрөх сүүлчийн түлхэлтийг өгч байна.

Хүн-байгаль, иргэншил-нүүдэл хоёрын тэмцэлд хүн ялсаар л ирсэн юм. Бас ялах тоолондоо шаналсаар ч ирсэн. Сүүлчийн чоно үхлээ хүлээн зогсохыг харсан ангуучид сая сэхээ авна. Түүнийг амьд үлдээсэн ч яахав дээ гэсэн эргэлзээнд орно. Гэвч эцсэн чоно бахардан үхжээ. Тал нутгийн зэрлэг чоно үүгээр дуусав.

Хувь тавилангийн шоглоомоор, тал нутгийн дүрмийг сөргүүлэн байж гаршуулсан бэлтрэг нь монголчуудын тотем, онго шүтээн болсон чонын цор ганц орлогч болон уул хангайдаа одлоо. Өчигдрийн гай зовлонгийн эх үүсвэр нь агшин зуур хувирч, өнөөгийн итгэл найдварын ганц сурвалж боллоо гэсэн үг үү? Урагшаа явж байгаа бүхний зөв гэсэн гүн ухаан уу? Бодитой бүхэн зүй зохистой, зүй зохистой бүхэн бодитой гэсэн философ уу? Хүн хүнийг өөр өөрийнхөөрөө ойлгог л гэсэн хэрэг байх.

ДӨРӨВ. АРАЙ Л “ЭНЭРЭНГҮЙ” НҮД

Жүжигчдийн тухай ярих юм алга. Монгол жүжигчин тоглосон нь монгол хүнд бахархал. Найруулагч Жан Анно сайн тоглох жүжигчин сонгож таараа, сайн ч тоглуулж таараа. Нарийн яривал энэ киноны гол дүр бол сургуультай чононууд. Хэн ч нэрийг нь тогтоож үлдээгүй байж болох амьтан сургагчдын алдрыг магтму!

Зөвхөн нүүдэлчин удамтай манай монголчууд л харж болох нэгэн “алдаа” байсныг манайхан ажсан болов уу? Тэр нь хүний гарт тэжээгдсэн, зэрлэг байдлынхаа хагасыг алдсан чононы нүд юм. Уулан дээрээс хот руу өнгийж байхдаа ч тэр, адууг ангаалан хөөж явахдаа ч тэр,арай л “хүмүүнлэг”, цаанаа л “энэрэнгүй” харагдаад болохгүй байсан. Учир нь тэр хагас тэжээвэр, хагас зэрлэг болсон амьтан дэргэдээ “хүн” байгааг, бүр нарийн яривал монгол хүн байгааг мэдрээд, араатан шинжээ гээж, гөлөгнөөд байх шиг. Чоно гэдэг амьтан нүүдэлч монгол хүнээс айхаа байг гэхэд үргэлж зохих ёсоор хүндэтгэн үзсээр ирсэн юм. Тэр “хүндэтгэл”-ийг авч хаяахад хэцүү ч байсан биз ээ.

Categories
мэдээ цаг-үе

Эдийн засгийн чуулган “Итгэлцэл” гэсэн уриан дор болно

Монголын эдийн засгийн чуулган-2015” ирэх сарын эхээр болохоор саяхан тов нь гарсан. Тус чуулганыг зохион байгуулагч Монголын эдийн засгийн форум ТББын захирал Б.Лакшмитай ярилцлаа.

Эдийн засгийн форум өнгөрсөн жилүүдэд гуравдугаар сард болж байсан. Энэ жил нэг сарын хугацаагаар хойшилсон нь ямар шалтгаантай вэ?

-Эдийн засгийн форумыг дөрөвдүгээр сарын 2, 3-нд зохион байгуулахаар болсон. Өмнөх жилүүдээс хугацаагаа хойшлуулсан нь хэд хэдэн шалтгаантай. Монгол Улс энэ жилийн “ITB Berlin” үзэсгэлэнд голлох үүрэгтэй оролцож байна. Манай Ерөнхийлөгч болон Засгийн газрын нэг бус гишүүн гээд нэлээд том баг уг арга хэмжээнд оролцож байгаа учраас форум хойшлох нэг шалтгаан боллоо. Мөн гуравдугаар сард чуулганы завсарлага таарч ихэнх гишүүн тойрогтоо ажиллаж байгаа нь бас нэг шалтгаан болж байгаа.

Эдийн засгийн форум энэ жил ямар уриатай болох вэ?

-“Итгэлцэл” гэсэн уриаг сонгосон. Бүх шатандаа итгэл дутагджээ гэдэг үүднээс сонгосон юм. Төр засагт итгэх итгэл хаа сайгүй алдагдсан байна. Гадаадын хөрөнгө оруулагчдын Монголд итгэх итгэл нь багассан байна. За тэгээд бизнес, иргэний нийгмийнхэн гээд бүх шатандаа итгэл алдагджээ гэдэг үүднээс, харилцан бие биедээ итгээсэй гэсэн хүслээр “Итгэлцэл” гэсэн сэдвийг сонголоо.

Зохион байгуулагчдын зүгээс форумын үеэр хэлэлцүүлэг өрнүүлэх сэдвүүдийг нэлээд шүүлтүүртэй гаргаж ирдэг. Энэ жилийн сэдвүүд тодорхой болсон уу?

-Урт хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлт алдагдсан гэж хүн бүр ярьдаг. Форумын онцлох гол сэдвүүдийн нэг нь хөгжлийн бодлого байх юм. Монголын зээлжих зэрэглэлийг сайжруулахад юун дээр анхаарах вэ гэдгээс эхлээд хөгжилд хэрэгтэй анхаарал татсан сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлнэ. Мэдээж ногоон эдийн засгаа ярина. Уламжлал ёсоороо аялал жуулчлалын салбарыг онцолно. Тодорхой жишгүүд дээр ажил хэрэгч хэлэлцүүлэг өрнүүлж, бодитой хэрэгтэй мэдээлэл өгөх талд анхаарна. Саяхан манай улс Японтой чөлөөт худалдааны гэрээ байгуулсан. Энэ гэрээнээс бизнесийнхэн ямар өгөөж хүртэх вэ гэдэг дээр анхаарна гэсэн үг. Жишээ нь бид Европын холбооны улсуудад өчнөөн төрлийн бүтээгдэхүүнийг татваргүй экспортлох эрхтэй. Гэтэл өнөөдөр экспортолж байгаа юм бараг алга. Тэгэхээр манай улс Японтой хийсэн чөлөөт худалдааны хэлэлцээрээ амьдрал дээр хэрэгжүүлэх талд анхаарч ажиллаж байж л үр дүн нь гарна.

Гэхдээ хөгжингүй улс руу бүтээгдэхүүн экспортлоход татваргүй гэсэн нөхцөл байлаа ч стандартын шаардлага хангахгүй гэсэн зовлон байдаг юм биш үү?

-Тийм шалтгаан бийг үгүйсгэхгүй. Өөр нэг шалтгаан нь зах зээлээ судлахгүй байна. Европын зах зээл гэхэд л Итали, Герман, Франц тус бүрдээ онцлогтой. Түүнийг нь судлах ёстой. Тэгэхээр одоо бидэнд Японы зах зээлийг судлах шаардлага гарч ирсэн гэсэн үг. Эдийн засгийн форум энэ утгаар нь Японтой байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрийг онцолж байгаа юм.

Та сая зээлжих зэрэглэлийг сайжруулах талаар хэлэлцүүлэг өрнөнө гэж ярилаа. Зээлжих зэрэглэл муудахад юу нөлөөлсөн, сайжруулбал ямар боломж гарч ирэх гээд нэлээд өргөн хүрээнд ярьж таарах байх…?

-Хэрвээ зээлжих зэрэглэл сайн бол гаднаас бага хүүтэй хөрөнгө босгоход нөлөөлдөг. Зээлжих зэрэглэл нь муу бол хүү нь өндөрсдөг асуудал бий. Ганцхан төр засаг мөнгө босгохгүй шүү дээ. Бизнесийнхэн ч мөнгө босгодог. Тэгэхээр зээлжих зэрэглэл сайтай бол бизнесээ ч давхар тэтгэж байгаа гэсэн үг. Хууль эрх зүйн орчны талаар ч ярина. Хөрөнгө оруулалтын орчин чанга байж болно л доо. Хөрөнгө оруулагчдад өөр зүйл чухал байдаг. Тэд хууль эрх зүйн орчин нь урт хугацаатай, ойлгомжтой улсад эрсдэлээ тооцож хөрөнгө оруулдаг. Гэтэл манай улс сүүлийн үед хоёр жил тутамд хуулиа өөрчилсөн. Ийм нөхцөлд удаан хугацааны хөрөнгө оруулалт хийхэд хүнд болчихож байгаа юм. Эрсдэлээ тооцоолж чадахгүй гэсэн том асуудал хөрөнгө оруулагчдын өмнө тулгамддаг. Энэ асуудалд яаж анхаарах талаар ярилцахаар төлөвлөж байна.

Монголын эдийн засгийн чуулган гаднаас нэр нөлөө бүхий нэг зочин урьдаг уламжлалтай. Энэ удаа гаднаас илтгэгч ирэх үү. Гадаадын хөрөнгө оруулагчид форумд оролцох сонирхлоо илэрхийлж байна уу?

-Европын холбооны улсуудаас ирнэ. Мөн НҮБ-д ногоон эдийн засгийн хөтөлбөрийг нь хариуцдаг байсан, Кофи Аннаны үед нэлээд том алба хашиж явсан хүн ирнэ. Гаднаас хоёр гурван том компанийн төлөөлөл ирэх сонирхлоо илэрхийлсэн. Яг ямар компани гэдгийг нь дөхүүлээд зарлана. Ирланд, Германаас ирэх юм.

Энэ жилийн форумын онцлог нь юу?

– Ажил хэрэгч үдийн цай гэдэг шинэ хэлбэр оруулж ирэх гэж байна. Энэ нь нэг ёсондоо хурлын төлөөлөгчдийг маш идэвхтэй байлгаж, үдийн цайны үеэр ч лекцүүд явах юм.

Өмнөх жилүүдийнх шиг үзэсгэлэн гаргах уу?

-Үзэсгэлэн гаргана. Мөн үзэсгэлэнгээс гадна урлагийн үзүүлбэр ч бий.

Эдийн засгийн чуулган өмнөх жилүүдэд монгол брэндийг нэлээд онцолсон. Таны хувьд монгол брэнд бий болгох оролдлого үр дүнгээ өгсөн үү?

– Тодорхой хэмжээнд ахиц гарсан. Манайд шууд экспортлох боломжтой цөөн төрлийн бүтээгдэхүүн бий. Архи гэхэд л чанар стандартаараа олон улсад хүлээн зөвшөөрөгдчихлөө. Ноос, ноолуур байна. Гаднын компаниуд Монголын ноос ноолуурын компаниудтай хамтарч ажиллах гэж бидэнд хандсан тохиолдол цөөнгүй бий. Бид тухай бүрд нь холбож өгсөн.

Төр засгийн төлөөлөл юу ярих бол, төрөөс ямар бодлого чиг барих гэж байна гэсэн асуулт тээсэн бизнес эрхлэгчид Эдийн засгийн форумыг зорьдог. Төр засгаас ямар хүмүүс илтгэл тавих вэ?

– Ерөнхий сайд, Ерөнхийлөгч үг хэлнэ. Аж үйлдвэрийн сайд үг хэлж, хийхээр төлөвлөсөн ажил, бодлого, шийдвэрээ танилцуулах болов уу. Нэг талаас төр бодлогын шийдвэрүүдээ танилцуулна. Нөгөө талаас бизнесийн орчин юу болж байна, яаж сайжруулбал үр дүнд хүрэх вэ гэсэн асуудал ч сөхөгдөнө. Жишээ нь хууль эрх зүйн орчны тогтвортой байдлын талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ. Манайд хууль нь гарчихаад байтал журам нь дөрөв, таван сараар хоцорч гардаг жишиг бий. Үүний гол хохирогч нь бизнес эрхлэгчид болдог. Шинэ хуулийн дагуу ажиллая гэхээр журам нь өөрчлөгдөхгүй цагийг нь алдуулдаг тал анзаарагддаг. Гадаад хөрөнгө оруулагчдад ч сөрөг нөлөө үзүүлдэг.

Эдийн засгийн форумд оролцох хүсэлтэй бизнес эрхлэгчид цахимаар бүртгэл хийлгэх боломжтой юу?

-Цахим бүртгэл эхэлсэн байгаа. Манай meforum.mn хаягаар ороод бүртгүүлэх боломжтой.

Өнгөрсөн жилийн форумын дараа төрөөс мөнгө авч зохион байгуулдаг, монгол брэнд гэж ярьдаг хэрнээ оролцогчдодоо хятад цүнх тараасан гэх мэтийн шүүмжлэл өрнөсөн. Ингэхэд санхүүжилтээ яаж босгодог юм бэ?

– Санхүүжилтийн хувьд төр хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр явдаг. Төрөөс тодорхой хувийг гаргадаг. Спонсоруудаасаа санхүүжилт авна. Оролцогчдын төлбөр гэж бий. Цүнхний хувьд Монголын брэнд гэхээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг газрууд байгаа. Гэхдээ бага хэмжээгээр л үйлдвэрлэх хүчин чадалтай, их хэмжээгээр үйлдвэрлэх боломжгүй байдаг. Бүр эртнээс их хэмжээгээр захиаллаа гэж бодоход үнэ нь өндөр гэсэн асуудал бий. Тийм олон хүнд ширхэг нь 20 мянган төгрөгийн цүнх тараана гэдэг хэцүү. Тэгэхээр эргэж харах бас нэг асуудал гарч ирж байгаа юм. Монголд аж үйлдвэр хөгжүүлбэл яг юуг нь, ямар төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлбэл зүгээр вэ гэдэг асуудал чухал байна л даа.

Форумын үр дүн гарсангүй гэсэн шүүмжлэл хүчтэй сонсогддог. Энэ тал дээр та ямар тайлбар хэлэх вэ?

-Хүмүүс форумыг шийдэл гаргах газар гэж хараад байдаг. Гэтэл тийм биш шүү дээ. Төрийн бус байгууллага учраас шийдвэр шууд утгаараа гарахгүй. Гэхдээ олон талт хэлэлцүүлэг өрнүүлж, ямар боломж, гарц байгааг хайна гэдэг шууд бус утгаараа ач холбогдолтой зүйл. Ажил хэрэгч, бодитой, үр дүнтэй эрэлхийлэл хийгддэг гэдэгт л форумын ач холбогдол оршдог болов уу гэж хардаг.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захиралтай уулзсаных эдийн засгийн ойрын ирээдүйн таамгийг сонирхмоор байна.

-Ойрын нэг, хоёр жилд эдийн засаг хүнд байх нь тодорхой. Гэхдээ хүнд байна гээд зүгээр суух учиргүй. Хямралд тэр энэ буруутай гэх ч шаардлагагүй. Бидний урт хугацааны алдааны үр нөлөө өнөөдөр гарч байна. Нэг засгийн алдаа биш гэж хэлэх гээд байна л даа. 2005, 2006 оноос суурь нь тавигдсан, олон олон алдаанаас бий болсон үр нөлөө. Гарах ямар боломж байна, яаж хамтарч гарах вэ гэдэг дээр л анхаармаар байгаа юм. Жишээ нь, дэлхий хүнсний хомсдолд орж эхэлж байна. Хөдөө аж ахуйгаа хөгжүүлэхэд өчнөөн боломж гараад ирнэ. Дэлхийн эдийн засаг хэчнээн хямарлаа ч хүмүүс хүнснээс хэзээ ч татгалзахгүй. Сүүлийн үед эдийн засгийн хямрал гэж их ярих боллоо. Уг нь мөчлөгөөрөө ирдэг л зүйл. Шинэ юм биш. Бид хэр бэлтгэлтэй байна вэ гэдэгт л хамаг учир байгаа юм. Иргэд, төр засаг энэ хямралд ямар ч бэлтгэлгүй нь ажиглагдаж байна л даа. Өчнөөн жил ярьсан баялгийн сандаа хэдэн төгрөг хуримтлуулаад байршуулчихсан бол эдийн засгийн хямрал ийм хүнд тусахгүй байсан. Нөгөө талаас нь харахад нийгмийн сэтгэхүй хүнд байна. Эдийн засаг сайн байхад мөнгөө цацаад сурчихсан улс ийм байдал үүсэнгүүт гутранги болчихдог. Тэгэхээр эхлээд хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Мэдээж боломж хэзээд байдаг. Тэр дундаа хоёр талдаа дэлхийн хамгийн том зах зээлтэй улсад олон боломж бий. Японтой чөлөөт худалдааны хэлэлцээр хийчихлээ. Европ руу татваргүйгээр бүтээгдэхүүн экспортлох боломж байна. Өөрсдөө идэвхтэй байж, гэрийн даалгавраа сайн хийж чадвал боломжууд бий. Уул уурхайгаас хамааралтай. Хараат бус байх боломжуудаа олж харахгүй байна л даа. Энэ хямрал монголчуудын хувьд сэтгэлгээгээ өөрчлөх боломж гэж харж байгаа.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Далаад оныхон

Дуучин Д.Түмэндэмбэрэлийн “Туулын урсгал шөнөдөө сайхан” дуунд дуртай. П.Адарсүрэн “Алтай хангайн уулс”-аа дуулж мандаж байхыг мэддэггэхээр би эртний хүн байх нь. Хааяа араажав харахад дотно санагддаг.Хуучны сайхан цагаа дурсах хөгшдийн сэтгэлийг ойлгодог,бид далаад оныхон. “Далаад оны хүн байдаг гэхээр сонин санагдаад байх юм” гэсэн хүүхдийн яриаг манай үеийнхэн наргиа болгон биедээ дамжуулдаг. Социализмын оргил үед мэндлээд, цэцэрлэгийн насаа хуучин нийгэмд үдсэн бидний шилжилтийн нас нийгмийн шилжилттэй хамт өрнөсөн. Бидний дараа үеийнхэн социализм гэж ямар нийгэм байсныг ойлгохгүй.

Харин бид багадаа “МАХН-ын үйл хэргийн төлөө хэзээд бэлхэн байхаа тангараглаж байна” гээд андгай өргөчихсөн улс. Түүний өмнөхөн цэцэрлэгт байхдаа “Манай багшийн багш даа, манлай Ленин багш аа” гээд дуулж байлаа шүү дээ. Эмээ маань “Цуурч байгаад хэрэгт оров” хэмээн сануулдаг байсан нь бидний мэдэрсэнсүүдэр. Биднийг багадховор бараанд хүмүүс оочерлоод, уртаасурт дараалал үүсчихсэн байдаг сан. Дэлгүүрт танилтай бол “арын хаалгаар” өөдтэй өнгөтэйгээс нь шилээд авчихна. Одоо үед баян тарганаараа гайхуулдаг бол тэр үед “Ядуу малчны хүүхэд” хэмээн бахархдаг, гурван үеийн түүхээ бичихдээ энэ талаа илүү тодотгож өгдөг байж. Ядуус мандаж, баячууд гишгэх газаргүй нийгэм одоогийн хүүхдэд бол үлгэр шиг л санагдах байх. Хэзээ нэгэн цагт хойч үе маань биднийг ч бас түүхэн ховор үзмэр шиг санах болов уу.

Б.ЯНЖМАА

Categories
гадаад мэдээ

Монрогийн зураг 36 мянгаар зарагджээ

Жүжигчин Мэрилин Монрогийн 1962 оны долоодугаар сарын 12-ны өдөр авахуулсан гурван цуврал фото зургийг дуудлага худалдаагаар зарсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Зургийг таван мянгаас эхэлж дуудсан бөгөөд 36 мянган ам.доллароор зарагдсан гэж зохион байгуулагчид мэдэгджээ. Эдгээр зургийг жүжигчний дотны найз, гэрэл зурагчин Жорж Баррис авсан байна. Тэрбээр цуврал зургийг ач хүүдээ өгчээ. Жорж Баррис өдгөө хүнд өвчнөөр шаналж буй тул ач хүү Хэн Баррис уг зургуудыг дуудлага худалдаагаар зарж, өвөөгийнхөө эмчилгээний төлбөрт хандивлахаар болжээ.

Монрогийн зургийг фото зураг цуглуулагч Берт Стэрин авсан байна. Стэринд жүжигчний 1000 гаруй зураг болон эд зүйл нь байдаг гэнэ. Тэрбээр Монрогийн зураг болон эд зүйлсийг нь авахад 100 сая гаруй доллар зарцуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

“Монголын боловсрол-Инноваци” сэтгүүл мэндэллээ

Монгол Улсын эрдэмтэн, судлаачдын бүтээлийг олон улсад таниулах, залуу судлаачдыг дэмжиж, үзэл бодол болон судалгааны ажлыг нийгэмд хүргэх, боловсрол судлал, инновацийн орчин үеийн ололт амжилт, мэдээллийг түгээх үйлсийг редакцийн бодлогоо болгосон “Монголын боловсрол-Инноваци” сэтгүүлийн анхны дугаар нь хэвлэгджээ. Тус сэтгүүлийн нийтлэлийн бодлого, цаашдын зорилгын талаар танилцуулах нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Пума имперал зочид буудалд болсон байна.

“Монголын боловсрол-Инноваци” сэтгүүл нь улиралд хоёр дугаар хэвлэгдэн гарах бөгөөд монгол англи хэлээр хэвлэгдэх онцлог давуу талтай юм байна. Мөн сэтгүүлд судлаачдын эрдэм шинжилгээний өгүүллийг нийтлэх боловч эрдэмтэн, судлаачдын үзэл бодлыг хүргэх ярилцлага булан, боловсрол, инновацийн чиглэлээр олон нийтийн санаа бодлыг хүргэх зорилго бүхий хэлэлцүүлэг булан зэргийг мөн багтаажээ.

Categories
мэдээ нийгэм

Ховд аймагт 1080 Цэнд-Аюуш бурхан бүтээнэ

Ховд аймгийн ИТХ, ЗДТГ, Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан, Ганданпунцагчойлон хийдээс хамтран “Насан хутаг, буян заяаг дэлгэрүүлэх шүтээн 1080 Цэнд-Аюуш бурхан бүтээн залах төслийг хэрэгжүүлэхээр болжээ.

Төслийн нээлтийг 2013 онд Улаанбаатар хотноо Монгол бөхийн өргөөнд “Нас буян хурахуй” шашин, урлагийн цэнгүүн зохион байгуулж хийж байсан бол өдгөө бэлтгэл ажил нь хангагдаж хэрэгжихэд бэлэн болсон байна.
Энэ талаар өнөөдөр олон нийтэд мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Гандантэгчэнлин хийд шинэ сэтгүүлтэй болжээ

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс Модон хонин жилийн босгон дээр “Билгийн мэлмий”сэтгүүлийг эрхлэн гаргаж уншигч олныхоо гэгээн оюунд өргөн барьж байна. Гандантэгчэнлин хийд нь 1996 оноос “Билгийн мэлмий” сонинг эрхлэн гаргаж эхэлсэн бөгөөд энэ нь бурханы шашны онол, танин мэдэхүйн мэдээ мэдээллийг уншигч олонд хүргэж, хэвлэлийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн юм. Ийнхүү 19 жилийн түүхтэй сонин шинэ сэтгүүлтэй болж байгаа нь “бас нэгэн шинэ хуудсыг бичиж байна” хэмээн тус хийдийнхэн ярьж байна. Мэдлэгийг дээдлэгч хүмүүн та “Билгийн мэлмий” сэтгүүлээ худалдан авч оюундаа хөрөнгө оруулалт хийгээрэй.

Categories
мэдээ нийгэм

Хэргийн газраас зугтсан жолоочид эрүүгийн хэрэг үүсгэлээ

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “50 настай эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон иргэнийг саатууллаа” гарчигтай мэдээ материал цацагдаж байсныг та бүхэн санаж байгаа байх. Тодруулбал, “ЧД-ийн 19 хороо Салхитын замд 2015 оны 02 дугаар сарын 06-ны оройн 21:30 цагийн орчим марк улсын дугаар тодорхойгүй суудлын автомашин явган зорчигч 50 настай эрэгтэй хүнийг мөргөж амь насыг хохироогоод жолооч автомашинтайгаа хэргийн газраас зугтсан ноцтой зам тээврийн осол, хэрэг гаргасныг цагдаагийн байгууллага шуурхай эрэн сурвалжлан илрүүллээ” гэсэн мэдээлэл өнгөрсөн сард гарсан.

Осол гарсаны маргааш нь Ө.Тэмүүлэн гэгч архи уун согтуугаар дээрхи зам тээврийн ослыг гаргасан болохоо цагдаагийн байгууллагад ирж хүлээсэн байна. Одоогоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн ба тээврийн прокурорын газар хяналт тавин ажиллаж байгаа прокурорын байгууллагаас онцоллоо.