Categories
мэдээ нийгэм

Нөөцийн мах ирэх долоо хоногоос худалдаанд гарна

Хүн амын хүнсний хэрэгцээнд зориулж мах бэлтгэлийн компаниудын бэлтгэсэн 14,544,6 тн нөөцийн мах ирэх долоо хоногоос худалдаанд гарч эхэлнэ гэж Монголын Махны холбооны дэд ерөнхийлөгч М.Төмөрбаатар мэдэгдлээ. Эдийн засгийн хүндрэлээс үүдэн төсвийн тодотголд танагдсан нөөцийн махны 4,5 тэрбум төгрөгт Засгийн газраас баталгаа гаргасан юм. Урамшууллын мөнгө нь ийнхүү шийдэгдэж байгаатай холбогдуулан ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд Монголын Махны холбоо, мах бэлтгэлийн компанийн удирдлагуудтай уулзсанаар нэгдсэн шийдэлд хүрч чадсан байна.

Монголын махны холбооны дэд ерөнхийлөгч М.Төмөрбаатар “Санхүүжилтээс улбаалан цаг хугацаа алдсан ч нөөцийн махны амт, чанарт ямар нэгэн өөрчлөлт гарахгүй. Учир нь, мах бэлтгэлийн үйл явц нарийн дэг журамтай, стандартын дагуу бэлтгэдэг юм” гэлээ.

Энэ жил “Баатрууд тэнгэр” ХХК 3,212,7 тн, “Мах импекс” ХК 3,112,1 тн, “Мах маркет” ХХК 3,006,5 тн, “Эй Эн Ди Эм” ХХК 3,035 тн, Дархан хотод “Дархан мийт фүүд” ХХК 1081,4 тн, Эрдэнэт хотод “Эрдмийт” ХХК 1096,9 тонн мах нөөцлөн бэлтгэсэн юм гэж ХХААЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрхчүүд газар хөдлөлтийн “гамшгаас” урьдчилан сэргийлэв

Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногт орон даяар гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх дуут дохиог ажиллуулж, гамшгийн үеийн дадлага, сургуулилт хийдэг билээ. Уг уламжлалын дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс хамтран “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль”-ийг амжилттай зохион байгуулав.

Дадлага сургуулилтыг дүүргийн Онцгой комиссын дарга бөгөөд Засаг дарга удирдан нийт албан хаагчид оролцож,харьяа хэлтэс албад, хороодын ажилтан албан хаагчид дуут дохио дуугарах үеэр айж сандралгүй, заавар зөвлөмжийн дагуу идэвхтэй оролцлоо.

Дуут дохиог ажиллуулж, дадлага сургуулилт хийснээр улс орон даяар зарлан мэдээллийн техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгах, түүнд хамрагдаж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог дээшлүүлэх зорилгоор явуулж буй тус сургуулилт газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед бэлэн байдлыг хангуулах, нийслэл хотод суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах ач холбогдолтой юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд сургалтын шинэ технологитой танилцлаа

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн лаборатори 45 дугаар сургуульд зочилж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж байгаа “Ухаалаг боловсрол төсөл”-ийн цэгэн хээнд суурилсан технологитой танилцлаа.

Лаборатори 45 дугаар сургуульд цэгэн хээнд сууриласан төрөл бүрийн хэрэглэгдэхүүн ашиглан долоон ухаалаг танхим байгуулсан юм. Цахим үзэг болон ухаалаг самбар, цэгэн хээтэй сурах бичиг, түүнтэй холбоотой төхөөрөмжүүдийг ашиглан 9 дүгээр ангид геометрийн хичээл заах үйл явцад төслийн мэргэжилтнүүд цэгэн хээнд сууриласан технологийн давуу талуудыг Ерөнхий сайдад танилцууллаа. Энэ нь уламжлалт сурах бичиг болон цахим төхөөрөмжүүдийг хослуулах боломжтой шийдэл бөгөөд ашиглахад хялбар, үр ашигтай технологи юм. Ухаалаг самбараа энгийн дэлгэц, самбар хэлбэрээр ашиглаж болохоос гадна цэгэн хээтэй сурах бичгийг энгийн сурах бичиг байдлаар ашиглаж болох давуу талтай. Цахим үзэг ашиглан сурагчдын бичиж байгаа зүйлийг самбарт шууд харж болохоос гадна багшийн комьпютерт бүх хүүхдийн даалгаврууд нэгтгэгдэж, алдааг засах боломжтой.

Өнөөдөр улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 15 400 гаруй анги танхим байна. Эдгээрээс эхний ээлжинд 3000-ыг нь цэгэн хээнд сууриласан технологитой ухаалаг танхим болгох шаардлага байгааг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр Ерөнхий сайдад танилцууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зуны цагийн хуваарьт шилжлээ

Стандарчлал хэмжил зүйн газрын Цаг давтамж, уртын нэгдсэн лабораторын мэргэжилтэн Г.Батзаяагаас цаг урагшлуулахтай холбогдуулан тодруулга авлаа.

Монгол улс зуны цагийн тоололд шилжих тухай Засгийн газрын тогтоол гарсан байгаа. Энэ тал дээр СХЗГ ямар арга хэмжээ авсан бэ?

-Манай байгууллагын Цаг, давтамж уртын нэгдсэн эталон лабораторид Монгол улсын эталон цагийг гаргаж хадгалах үйл ажиллагаа явуулдаг. 2011 оноос эхлэн СХЗГ болон ХХЗХ хамтран сүлжээний цагийн серверийг ажиллуулаж байгаа ба иргэд, албан байгууллагууд Монгол улсын эталон цагийн дохиог интернетийн сүлжээг ашиглан микро секундын нарийвчлалтайгаар өөрсдийн цахим төхөөрөмжүүдэд хүлээн авах боломжтой болсон бөгөөд иргэд цагийн дохиог хүлээн авахдаа өөрсдийн ашиглаж байгаа төхөөрмжийн internet time server –ийн хаяг дээр time.icttime.mn гэсэн хаягийг оруулаж өгснөөр эталон цагийн дохиотой синхрон хийгдэх юм. Зарим төхөөрөмжийн хөтлөгч цаг нь дохио хүлээн авсан ч гэсэн цагийн бүсээс хамааран цаг өөрчлөгдөхгүй тохиолдол байдаг тул өөрсдийн time zone –ийн тохиргоон дээр UTC+9 гэсэн бүсийг сонгож оруулах хэрэгтэй. Тодорхой зааврыг www.masm.gov.mn гэсэн вэб хуудсанд хандан харах боломжтой.

Иргэд гар утас болон өөрсдийн өдөр тутмын ашигладаг цагнуудаа хэрхэн тохируулах вэ. Заавал шөнийн 02:00 цагт шилжүүлдэг нь ямар учиртай юм бол. Тохируулахад тогтсон цаг хамаатай юу?

-Иргэд өөрсдийн бугуйн цаг болон гар утасны цагуудаа зуны цагийн хуваарьт шилжүүлэхдээ өөрсдийн цахим төхөөрөмж юмуу хэрэглээний цагуудаа хуучин мөрдөгдөж байгаа цагийг гар аргаар 1 цагаар нэмэгдүүлэж тааруулна гэсэн үг. Цаг шилжүүлэхэд тогтсон цаг гэж байхгүй бөгөөд заавал шөнийн 02:00 цагт шилжүүлдэг учир нь зуны цагийн тоололд шилжих үед иргэдийн үйл ажиллаанд чирэгдэл учруулахгүйн тулд олон нийтийн хөдөлгөөн намжих үеийг сонгон авч тогтоосон юм.

Манай цаг зарим улс орнуудын цагтай зөрүүтэй явдаг. Энэ зөрүү яаж өөрчлөгдөх бол?

-Манай улс олон улсын цагийн UTC+8 дүгээр бүсийн цагийн баримталдаг байгаа. Зуны цагийн тоололд шийлжсэнээр нэг цагаар урагшилж UTC+9 дүгээр бүсийн улсуудын цагтай адилхан болсон. Жишээ нь Москва хотын цаг Улаанбаатрын цагаас 5 цагын зөрүүтэй байдаг байсан бол одоо 6 цагийн зөрүүтэй мөн Бээжин хотын цагаас 1 цагаар түрүүлж явах болсон гэж ойлгож болно.

Categories
мэдээ цаг-үе

Ерөнхий сайд, Шадар сайд, дэд сайд, УИХ-ын гишүүнтэй луу жилтнүүдийн анги

“Дараа уулзахад минь хавар байг

Дахин золгоход минь амар байг” гэсэн үг улсын тэргүүний лаборатори Нэгдүгээр дунд сургуулийн 1982 оны 42 дахь төгсөлтийнхний уриа үг юм. Тэртээ 1972 оны намар улиасны навчис газар шүргэх, ухааныхаа дайдад эрдэм өвөртлөх тэр л цагт сургуулийн босгыг алхацгаажээ. Тухайн цаг үеийн хүүхдүүд ямар байсан билээ дээ. Эрэгтэйчүүдийг нь эмэгтэйчүүдийнх нь дэргэд суулгахад нь ичингүйрсэн харцаар л анх биесээ харсан нь дамжиггүй. Тэдний хувьд үнэхээр л уулзах бүр нь хаврын налгар өдөр байдаг тул байгаль дэлхий өнгөө сэргээх цагийн салхин дунд уулзах дуртай гэдгийг төгсөлтийнхөн бүгд дуу нэгтэй хэлж байсан юм. Наймхан настай наалинхай хонгор ааштай бичгийн ширээ­нээ учирсан тэдний хувьд 10 жилийн бэхэн цэнхэр өдрүүдээ дурсахаар хаврын урь хэдийнэ орсон байхад Бишрэлтэд уулзацгаав. 10 а, 10 б, 10 в ангиудыг азын ч гэмээр юм уу, бэлгэдлийн ч гэмээр юм уу 111-үүлээ төгсөж, амьдрал хэмээх хөлгүй далайд анхны сэлүүрээ буулгаж байжээ. Энэний, тэрний анги гэж хэлэх дургүй болохоор гурван бүлгээ нийтэд “Том” анги буюу Өмнөд Монголоор “бүдүүн” анги болгосон тухай уулзалт эхлээд удаагүй байхад сонин болгож надад дуулгасан юм. Үнэхээр тэдний төгсөлтөөс энэ цаг үедээ л лидер гэж хэлж болох толгойтой охид, хөвгүүд төгссөнийг дуулаад бахархах сэтгэл төрлөө. Учир юу гэвээс Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, УИХ-ын гишүүд, яамдын дэд сайд, Улаанбаатар хотын захирагч, Төрийн нарийн бичгийн дарга, Монголбанк тэргүүт банкны банкирууд, мэргэжлийн хяналтынхан, эрдэм­тэд гээд бүхий л сал­барт түүчээлэгчид энэ төгсөл­тийнх. Сургуулийнхаа 90 жил, төгсөлтийнхөө 30 жилийн ойгоор сургуулийнхаа гурван кабинетийг тохижуулан, сур­лагаа­раа тэргүүлсэн 10 хүүхдэд Их сургуульд суралцах төлбөрийн тэтгэлэг өгсөн гээд сургуулиас зохион байгуулдаг бүхий л зүйлд хамгийн идэвх­тэй оролцдог нь ерөөсөө энэ төгсөлтийнхөн аж. Энэ удаагийн уулзалт нь луу жилтнүүдийн сургуулиа төгссөний 32 жилийн ойтой давхцав. “Арай л цөөхөн хү­мүүс ирчихэв үү” хэмээн 10 жилдээ “Белаз” хэмээх сүрхий хочтой явсан одоогийн Боловсрол соёл шинжлэх ухааны дэд сайд Ядмаагийн Төмөрбаатар хэлснээ ирсэн хүмүүсээ хараачлан бүртгэв.Эл төгсөлтийнхөн РЦНК-ийн шинэ жилд оролцож, урлаг спортын арга хэмжээнд үргэлж тэргүүн байрт шалгарч, нийгмийн идэвх сайтай манлайлагчид явцгаасан байна.

9б анги 1981 он

Уг нь ангийн бүхий л уулзал­тад оройлон оролцдог “Бүдүүн” ангийн дарга Б.Батхуяг уулзал­тын үеэр Бээжинд ажлаар яваа тул ирж амжаагүй гэдгийг Я.Төмөрбаатар хэллээ. Б.Бат­хуя­гийн хувьд Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан билээ. Түүнчлэн уулзалт бүхнийг хөгжөөн наадмаар чимдэг хурандаа Дэмбэрэлийн Номт мөн л ажилтай байгаад ирж чадаагүй аж. Тэд 111-үүлээ сургуулиа төгсөхөд 104 нь улсын сургууль авч байсан гэлээ. Ер нь л бол сурлагаар манлайлна уу л гэхээс ард хоцорсон нь энэ ангид үгүй юм байна. 10 а-гийн багш нь гавьяат багш Ц.Гүррагчаа байжээ. Хожим сургуулийнхаа захирлаар олон жил ажиллаж байгаад ноднин гавьяаныхаа амралтад суужээ.

Харин 10б ангийн багш нь тухайн цаг үедээ л гоо үзэсгэлэнгээрээ гайхуулж явсан “Аман хуур” киноны Бадам бүсгүй, “Баянбулагийнхан” киноны саальчин бүсгүй буюу Ц.Эрдэнэчимэг багш гэнэ. Ц.Эрдэнэчимэг багшийнхаа тухай Б.Энхмаа ийн дурссан юм. “Манай багш цагтаа хүрээ хүүх­нүүдийн нэг явлаа. Мэргэжилдээ сайнаас гадна сургуулийн маань мисс явсан хүн шүү” гэхэд “бүдүүн” ангийн­хан дуу нэгтэйгээр дэмжсэн юм. Харин 10в-гийн багш нь Монгол Улсдаа “математикийн” хэмээн алдаршсан С.Шарав багш юм байна. Эдний төгсөлтийн талаар нэгэн зүйлийг нэмж өгүүлэхэд тэд математикийн багш Цагаан, С.Шарав, мон­гол хэлний Гомбосүрэн, физикийн Гомбожав, химийн Сумъяагарав, Пүрэвдагва гээд үнэхээр мундаг багш нараар хичээл заалгаж байсан нь тэдний нэгэн бахархал гэдэг нь ярианы өнгөнөөс нь илтэд мэдрэгдэнэ.

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Салдангийн Одонтуяа, Ашигт малтмалын газрын дарга Г.Өлзийбүрэнтэйгээ, Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Улаанбаатарын хотын захирагчаар ажиллаж байсан өдгөөгийн МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга Миеэгомбын Энхболд гэргий Ж.Туяацэцэгтэйгээ, Энхцэцэг, Амарсанаа гэхчлэн зургаан хос төрөн гарсан байх юм. Тэдний дундаас “Хонхот бүжиг” хэмээх бүжгээрээ алдаршсан Б.Энхмаа нь ангийнхаа “Белаз” Я.Төмөрбаатарыг эхнэртэй нь танилцуулсан ачтан юм байна. Б.Энхмаа Төмөрөөгийндөө очихоороо хоёр хүүхдэд нь хандаж “Би байгаагаагүй бол та хоёр байхгүй шүү” хэмээн наргидаг юм гээд инээмсэглэсэн юм. Тэгвэл 10 в-гийн Д.Адилбиш ангийнхантайгаа уулзахаар Германаас хүрэлцэн ирээд байлаа. Тэрбээр дэлхийн алдарт үйлдвэр буюу “Bosch” брэндийн компанид ахлах нягтлан бодогчоор ажилладаг. Ц.Гүррагчаа багш нь өдгөө сумогийн дэвжээнээ түүхэн амжилтын эзэн болсон ёкозуна Хакухо М.Даваажаргалын багш байжээ. Мөн Кёкүшүюзан Д.Батбаярыг сумо бөхийн зодог тайлах ёслолд Я.Төмөрбаатар бүх зардлыг нь дааж оролцуулсан тухай ангийнхан нь хууч дэлгэлээ. “Бүдүүн” ангийнхан сургуулийнхаа 90 жил, төгсөлтийнхөө 30 жилийн ойгоор Сэлэнгэ аймгийн Тужийн нарсанд маш олон мод суулгаж, ангийнх нь Д.Аззаяа гэр бүлийн хамт арчилж, хамгаалан амьдардаг юм байна. Д.Аззаяа одоогоор Сэлэнгэ аймгийн газрын тосны хэлтсийн даргын албан тушаалтай.

ХААИС-ийн Эрдэм шинжилгээ сургалт, үйлдвэрллийн төвийн захирал, доктор Лхамын Даваа эдний анги. Тэрбээр Монгол Улсад анх удаа “Артишок”-ийг ангийн найз Бат-Очирын Энхмаагийн хамт нутагшуулсан байна. Энэ мэтчилэн эмч, судлаач, эрдэмтэн, агентлагийн дарга гээд энэ ангийнхны гайхам түүхүүд хөвөрнө. “Олонлог” сургуулийн захирал Б.Баясгалан, Ийгл ТВ-д ажиллаж байгаад өдгөө ТВ9 телевизийн олон улсын тоймчоор ажиллаж буй Ш.Гантулга хүртэл 1982 оны төгсөлтийнх. Монгол Улсын Ерөнхий сайд агсан Пунцагийн Жасрайгийн хүү Жанцан агсан, “Чингэс хаан” банкны захирал агсан Сайнцогт ч гэсэн ангийн нэг гишүүн. Тэдний яриа “шар” Золоо, “хар” Золоо гээд үргэлжилнэ. “Шар” Золоо гэдэг нь одоогийн Монголбанкны Ерөнхийлөгч Найдансүрэнгийн Золжаргал бол “хар” Золоо нь Хүнс хөдөө аж ахуйн дэд сайд, тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Хадбаатарын Золжаргал юм байна. Монголбанкны Ерөнхийлөгч зургадугаар ангиа төгстлөө ангийн даргаар ажиллаж байгаад гэр бүлээрээ Унгар руу нүүсэн бөгөөд өнөө Х.Золжаргал нь бууриа сахиж үлдсэн байна. Мэдээж тэднийг хооронд нь ялгахын тулд ийн хочилсон хэрэг. Гэхдээ энэ төгсөлтийнхөн дунд хочгүй үлдсэн хүн бараг үгүй ажээ.

10а ангийн хамгийн сахилгагүй нь Б.Өлзийсайхан хэмээх тэнгэр баганадсан нуруутай сургуулийнхаа сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин байж. Б.Өлзийсайхан ангийн анд Г.Ганхүүтэйгээ үй зайгүй найзууд явжээ. Нэгэн хөгжилтэй түүх дэлгэхэд Б.Өлзийсайхан, Г.Ганхүү хоёр цэвэрлэгээ хийхээр сургууль дээрээ очтол хоёрдугаар давхарт зургадугаар ангийн дүү нар нь зогсож байсан гэнэ. Гэтэл Өлзий цаашаа харан зогсоо хоёр хүүхдийнх нь мөрөн дээр гараа тавин “Дүү нар зодолдох гэж байгаа юм уу. Зодолд, зодолд” хэмээн хэлээтэхтэл мөрөн дээр нь гараа тавьсан хүн нь Дангаа багш нь байж таарчээ. Мэдээж үүнийг сонссон багш нь яаж зүгээр байхав жавтий хүртээж таараа шүү дээ. Тухайн үедээ нэгдүгээр сургууль гэдэг голдуу дарга нарын хүүхдүүд сурдаг, “гавал”-уудын сургууль байсан гэдэг. Тэдний ангид Монгол Улсын хөдөлмөрийн баатар, дархан аварга Баянмөнхийн ууган охин Сүрэнжав сурдаг байжээ.

Герман улсаас анги хамт олноо санан нүүдлийн шувуу шиг хүрээд л ирсэн Дуламдоржийн Адилбиш Монголбанкны “шар” Золоо, “Чингэс хаан” банкны захирал агсан Сайнцогттой нэг анги юмсанж. 1981 оны гуравдугаар сарын наймны өдөр есдүгээр ангид байхад ангийнх нь хөвгүүд охидууддаа мартын сюрприз барихаар урилга илгээсэн байна. Үдэш оройхон ангийн охидууд нь математикийн ангидаа ороод иртэл өрөө нь тас харанхуй. Айх, гайхах зэрэгцэн суудал суудлаа олон суумагц нэг их тансагхан аялгуу зүрх гижигдэн эгшиглэж самбарын урд талд ТВ-ийн дэлгэц мэт дөрвөлжин хүрээг бий болгон дотор нь ангийнх нь Батбаасан сууж байсан аж. Яг л ТВ-ийн нэвтрүүлэг явж байгаа мэт тийм л орчныг бий болгон шүлэг уншиж, Мартын 8-ны мэнд дэвшүүлсэн байх юм. Кабинетийн арын өрөөнөөс ангийнх нь хөвгүүд бялуу барин гарч ирсэн нь ангийнхаа охидуудыг шоконд оруулжээ. Ноомой даруухан гэж боддог байсан ангийн хөвгүүдийнх нь сэтгэлийн бэлэг байж л дээ. Түүнээс хойш дисконд явахдаа ангийн хөвгүүн буюу одоогийн “Космо”-гийн захирал Батбаасангаар шүлэг уншуулсан шигээ алхацгаадаг байсан тухайгаа ярьцгаана.

Эл төгсөлтийн 30 жилийн ойн уулзалт гурван жилийн өмнө болсон бөгөөд 10-ын гурван бүлгээс нь нэг нэг хүн УИХ-д нэр дэвшсэн тухай ҮХАА-н дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Х.Золжаргал ярьсан юм. Түүнээс хойш гурван бүлэг илүү нягтарч яг л нэг анги мэт болжээ. Х.Золжаргалыг 2008 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшихэд ангийнх нь анд Миеэгомбын Энхболд МАН-аас нэг тойрогт нэр дэвшиж таарсан гэнэ. Золоо сонгуульд өрсөлдөж байсан тухайгаа үргэлжлүүлэн ярихдаа “Яг ийм үед улс төр үү, ангийн хүүхэд үү гэдэг том сонголтын өмнө ирдэг юм билээ. Энхболд маань тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан тул олны танил болчихсон байлаа. Харин би олонд танигдаагүй ногооноороо явж байв. Ногооноороо яваа хүн олонд танигдсан хүнийг балбаж, хар Пи Ар хийж өөрийнхөө рейтингийг өсгөдөг аргачлал байсан. Би сонгуульд ялахын тулд ангийнхаа найзыг гүтгэж, балбаад байлтай биш дээ. Ёстой амаргүй салаа замын заагт тэгэхэд л ирсэн. Өөрөө гаръя гэхээр заавал Энхболдыгоо балбах болчихоод байхдаа нэг л зүйлийг сайтар тунгаасан нь “Найз нөхдийн харьцаа гэдэг бол нэгэн насны харьцаа. Сонгууль гэдэг бол сурталчилгааны 30-хан хоногоор хэмжигддэг тул нэг насныхаа найзын үерхлийг нэг сарын сонгуулиар хэмжээд яахав гэдэг сонголтод хүрсэн. Бидний нөхөрлөл үүгээрээ агуу юм” гэлээ.

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын Тамгын газрын дарга Ламжавын Бямбасүрэн ийм нэгэн дурсамж дэлгэв. 1982 оны хавар сургууль дээрээ төгсөлтийн баяраа хийчихээд 220 мянгатад Гү.Нарантуяагийндаа очиж баяраа үргэлжлүүлсэн байна. Гү.Нарантуяагийн хувьд хуулийн чиглэлээр анхлан АНУ-ын хөрөнгө оруулалттай компани байгуулан ажиллаж эхэлсэн бөгөөд ажил нь ч тун даваагүй яваа гэсэн шүү. Бүжиг таанц гэж явсаар ангиараа үүрийн таван жингээр Энхтайваны гүүрэн дээр алхаж явтал төгсөлтийн гурван анги яг халз тулгарсан байгаа юм. Тухайн үед одоогийнх шиг зураг авдаг гар утас ядаж байсан бол маш сайхан зураг гарах байсан тухай “бүдүүн” ангийнхан бүгдээрээ ярьцгааж байв. Гэхдээ Нийслэл хүү кинон дээр “Энүүгээрээ л нэг сайн хараад авъя” гэдэг шиг тэдний сэтгэлд үлдсэн хамгийн тод үлдсэн зураглал нь тэр. Эдний төгсөлтөөс гавьяат нисгэгч Бат-Эрдэнэ, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал асан Эрдэнэцогт гээд мундгууд ч мөн төрөн гарчээ.

Уг төгсөлтийн 10 б ангиас л гэхэд долоон эмч төрөн гарсан байна. Тэдний нэг нь Хүний их эмч, ус судлаач, докторант Б.Энхмаа аж. Тэрбээр сургууль болон анги хамт олонтой нь холбоотой бүхий л зүйлд уриалан зохион байгуулж оролцдог байсан бол одоо ч энэ үүргээ биелүүлсээр яваа тухай ангийнхан нь магтан ярьсан билээ. Тэрбээр 1980 оны түүхийг дэлгэхдээ нийгэм нь социализм байсан ч сургууль маань ардчилсан сургууль байсан шүү гэхэд “Ёстой үнэн” хэмээн дэмжицгээнэ. Луу жилтнүүдийн хэлж буйгаар Монголд ардчилал 1990 онд биш түүнээс олон жилийн өмнө ч тус сургууль ардчилалтай байсан нь бүхий л зүйл дээр илэрдэг байжээ. Тухайн үед сургуулийн хүүхдүүд бүгд формын хувцас өмсдөг байсан бол тус сургуульд заавал форм өмсөхийг шаардахгүйн дээр барууны хөгжмийн соёлыг түгээн дэлгэрүүлж байжээ. Тухайн үед цаг хатуу байхад анхны цахилгаан хөгжмийн хамтлаг байгуулж Алтан-Од, Амарсанаа, Бадрах нар нь хамтлагийн дийлэнх ачааг үүрдэг байжээ. Энэ яриаг дэмжиж Я.Төмөрбаатар “Ангидаа их ч шоудсан даа” хэмээн инээнэ. Ангийнх нь багш ангийн хурал хийхгүй байхад охидын хурал, хөвгүүдийн хурлаа сайн дураараа хийгээд эцэст нь ангийн хурлаа хийдэг байжээ. Тийм ч болохоор ангийнхаа хүүхдүүдийн жаргал, зовлонгийн алинд ч хамтдаа байдгаа дурссан юм. Манай анги сургуульдаа бүү хэл нийгэмдээ ч даацтай анги шүү хэмээн Б.Энхмаа дурсангаа ангийнхан руугаа харахад бүгд л толгой дохин “Үнээн. Үнэн” гэж байх жишээтэй. Тэд хичээлийнхээ завсарлагаанаар “Бамбарууш” ресторанд хооллож, тавьдугаар дэлгүүрээс 60 мөнгөний гөөхий авч бор ходоодоо божийлгон, тэр бүү хэл нэг төгрөгөнд хар чавга, Ирис чихэр хэд ирэхийг хүртэл мэддэг болсон байжээ. Тухайн үед од болж байсан Смоуки, АББА гээд бүхий л хамтлагийн пянзуудыг сонсохоос гадна, сургуулийнхаа коридорт магнитфон хөгжим тавьж, дууны аянд нь бүжиглэж байсан нь сургуулийнх ардчиллыг илүүтэй тодотгоно.

ТВ 9 телевизийн олон улсын тоймч Ш.Гантулга математикийн гүнзгий 10 б-гийн гавал нь байсан гэнэ. 10 жилийн сурагч байхдаа бүх орос номнуудыг уншчихаад түүнийгээ ангийнхандаа ярьчихдаг “овоо гар” байжээ. Тэр бүү хэл Х.Золжаргалыгаа ОХУ-д очиход архаг оюутан Ш.Гантулга сурч байсан аж. Монголоос очсон нэг оюутан Ш.Гантулгаас “Энэ юу гэсэн утгатай үг вэ” хэмээн асуухад хэдэр зан нь хөдөлсөн Гантулга “мэдэхгүй” гэж л дээ. Нэгэнт бүтэлгүй хариу дуулсан оюутан номын тавиур дээрээс словарь аван харах гэтэл “Наад словарь дээр чинь энэ үг чинь байхгүй” хэмээн жишим ч үгүй хэлээд сууж байсан байх юм. Словарь дээрх бүх үгийг цээжилчихсэн, толгой гэж компьютер тийм л эр байсан гэнэ. Хэд хэдэн улсын олимпиадад тэргүүлсэн мундаг л сурагч байж.

ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга асан Д.Цогт-Очирын гэргий Ц.Амарсанаа энэ ангийнх. Түүний хувьд дөрвөн хүүхэд төрүүлсэн алдарт эх болжээ. 10в-гийн Ариунчимэгийн (эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер) хувьд математикийн шалгалт өгч тэнцэн сургуульдаа орж байжээ. Тэдний анги математикийн гүнзгий сургалттай анги байсан ч наймдугаар ангидаа монгол хэлний улсын олимпиадад ангиараа гуравдугаар байр эзэлсэн сайхан амжилт гаргажээ. Монгол хэлний багш Цэрэндулам нь “Нэгдүгээр байранд орно шүү” хэмээн захихад аравдугаар ангидаа монгол хэлний улсын олимпиадад түрүүлж багш нараа баярлуулахаас гадна мөнгөн шагналаа аваад ангиараа Бугын сангийн аж ахуй руу зугаалж явсан түүхтэй. 10 в-гийн Хаянхярваагийн Болормаагийн хувьд Эрхүүгийн сургуулийн математикийн анги төгсч ирээд төрөлх сургуульдаа багшаар ажилласан байна. Таван жилийн өмнө сурагчийн ширээнээ хичээл заалгаж байсан багш нартайгаа мөр зэрэгцэн багшлах эрхэм үүрэг Болормаагаас гадна Өлзийсайханд оногдсон гэнэ. Болормаа сургуультайгаа холбоотой нэгэн түүхийг ийн өгүүлсэн юм. Нэгдүгээр сургуулийн захирал Гомбосүрэн багш нэг өдөр өрөөндөө сууж байтал хаалга сэвхийтэл татаад нэг хүн ороод ирсэн нь Ю.Цэдэнбал дарга байж. Бал даргын гэр нэгдүгээр сургуулийн хажуугийн байранд байсан гэнэ. Бал даргыг харсан сургуулийн захирал сандартал Бал дарга “Зүгээрээ хөгшөөн. Би комиссаргүй явж байна. Юм байна уу” хэмээн архи асуужээ. Захирал ч ширээнийхээ нүднээс нэг шил архи гарган хоёр удаа хундагалаад өгтөл Бал дарга “Баярлалаа. Хэрэгтэй юм юу байна” гэхэд нь “Заал” гэдэг ганцхан үг хэлж амжсан гэнэ. Ингэж л нэгдүгээр сургууль хамгийн анх удаа тусдаа спорт заалтай болсон түүх байдаг ажээ.

1982 оны төгсөлтийнхөн хүрз, жоотуугаар өвч хуяглан автобусанд сууж Зайсангаас Их тэнгэрийн ам хүртэл алхаж тэнд өдгөөгийн Төрийн гурван өндөрлөгийн амьдардаг газрын кабелийн утасны нүхийг ухаж байсан гэнэ. “Космо” группын захирал Бэх-Очирын Батбаасан сургуулиараа бахархаж байгаагаа хэллээ. Учир нь хайрцаглагдсан сэтгэлгээ гэж байгаагүй. Тэр нь хичээл, сурлага, урлаг спорт гээд бүхий л зүйлд гардаг байсныг хэлсэн юм. Батбаасангийн хоёр ах, хоёр дүү гээд тавуулаа энэ сургуулийг төгссөн байна. Тэр тусмаа тавуулаа тооны анги төгссөн мундаг толгойтой хэмээн Өлзийсайхан нэмж өгүүллээ. Ийм тохиолдол өөр байдаггүй юм байна. Б.Батбаасангаас бусад нь доктор, профессор болцгоосон гэлээ. Яг энэ яриа өрнөж байтал Б.Энхмаа “Манайхаан, Салдангийн Одонтуяагаас маань мессэж ирлээ. Та нар сайхан баярлаарай. Би томилолтоор Говь-Алтайд явж байна” гэдгийг хэллээ. Эндээс эхлэн С.Одонтуяа гишүүний талаарх яриа эхэлсэн юм. Түүний хувьд 10 жилийн сурагч байхдаа төгөлдөр хуур маш сайхан тоглодог, хичээлдээ сайн охин байжээ. Нэгэн түүхийг эргэн сөхвөл есдүгээр ангид байхдаа ангиараа Чингэлтэй ууланд гарч зугаалжээ. Үдээс хойхно С.Одонтуяа гишүүн гэрийн түлхүүрээ ууланд гээснээ мэдэж түлхүүрээ хайхаар болжээ. Эхэндээ ангийнхаа охидуудыг дараа нь хөвгүүдийг хамт явж түлхүүр хайлцаад өгөөч гэсэн ч тусыг эс олжээ. Аав, ээждээ загнуулахаас айсан Одонтуяа нулимс бөмбөрүүлэх шахам болж байтал Г.Өлзийбүрэн хамт явахаар болжээ. Явсан газраараа эрэл сурал болон хайсан ч түлхүүр нь олдохгүй байсаар орой ч болох дөхжээ. Орхиод явсан ангийнхандаа гомдох сэтгэл төрж байсан ч Өлзий түүнийг зоригжуулан хайсаар байгаад түлхүүрээ олж авчээ. Тэр үед С.Одонтуяа гишүүн Өлзий зоривол санасандаа заавал хүрдэг тууштай залуу юм байна гэсэн бодол тээн үлдсэн байна. Тэр өдөр би ганцхан түлхүүр биш энэ насны ханиа бас олсон юм даа хэмээн дурссан байдаг. Тэдний хайрын түүх эндээс эхлэлтэй юм шиг байгаа юм.

Энэ төгсөлтийнхөн дунд маш олон дарга, сайд нарын хүүхдүүд байсан ч хэзээ ч ихэрхэж яваагүй гэдгийг онцоллоо. МАН-ын дарга сурагч ахуйдаа ангийн охин болох өдгөөгийн гэргий Ж.Туяацэцэгт дурлачихаад хэсэгтээ хэцүүдсэн юм байх. Ангийнхан нь Энхболдыгоо “Манай Энхболдод дурлал маш их зохидог. Ганц удаа дурласан нь Туяацэцэг маань байсан юм. М.Энхболдыг бид “Монтооно” гэж хочилно. Туяацэцэгт дурласныхаа дараа унаган мяраатай мань хүн тураад ёстой сайхан залуу болчихдог юм. Тэгэхээр нь манай ангийнхан “Монтооноо дурлал чамд зохиж байна шүү” гэж хэлдэг байсан” гэлээ. М.Энхболд Туяацэцэгт сэлтгэл алдарчихаад байхад мань хүнийг жил тоодоггүй гэнэ дээ. Тэгээд М.Энхболд “Туяацэцэгтэй яаж үерхэх вэ” гэсэн бодолтой явсан юм байна. Айлын эрх хүүхэд хэдий ч хоол хийж, бялуу хийж сураад ганцхан Ж.Туяацэцэгийг дуудалтай нь биш ангийнханаа гэртээ урьж дайлдаг байжээ. Б.Энхмаа “Манай Туяацэцэг насаараа М.Энхболдын өөрийн гараар хийсэн нарийн боовыг идсээр байгаад хүнсний технологич мэргэжилтэй болсон доо” хэмээн бөөн инээдэм болов. М.Энхболд даргын эхнэр Ж.Туяацэцэг одоо ШУТИС-ийн харьяа Үйлдвэрийн технологийн сургуулийн захирлаар ажиллаж байгаа юм байна. Нэгдүгээр сургуульд гэр бүлээрээ сурсан хүмүүсийн цувааг М.Энхболд даргын гэр бүл үргэлжлүүлжээ. М.Энхболд даргын аав, ээж хоёр 1952 онд эл сургуулийг тэр дундаа нэг ангид сурч төгссөн байх юм. Тэгвэл М.Энхболд дарга Ж.Туяацэцэгтэйгээ 1982 оны төгсөлтийн мөн л нэг ангиас төрсөн хосууд. Хожмоо тэдний хүү Анар гэргийтэйгээ мөн л энэ сургуулийг төгссөн байна. Хүний хувь тохиол тэр дундаа ийм ховорхон хувь заяаны эзэд байна гэдэг гайхалтай юм. М.Энхболд дарга есдүгээр ангидаа байхдаа “Дайн ба Энх” романаас сэдэвлэсэн багт наадмын жүжигчилсэн тоглолтод оролцохдоо Пьер Безуховын дүрийг бүтээж байжээ. Мөн урлагийнхаа үзлэгээр “Отелло” жүжгийг тоглоход М.Энхболд Отеллод, гэргий Ж.Туяацэцэг нь Дездемонагийн дүрийг бүтээсэн байх жишээтэй.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг зургадугаар анги төгстлөө ангийн дарга явсан тухай дээр өгүүлсэн. Тэгвэл мань эр ангийнхнаа чимээгүй байлгахын тулд хатаасан алим өгдөг байсан гээд тэдний дундах гэрэл сүлсэн гэгээн дурсамж их ажээ.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Н.Туяа: Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээг хэлэлцэн ирэх сард хуралдана

Ирэх дөрөвдүгээр сарын 27-нд Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээг хянан хэлэлцэх бага хурал Нью Йоркт нээгдэнэ. Энэ гэрээнд дэлхийн 190 орон багтдаг бөгөөд тэд таван жилд нэг удаа цугларч гэрээний хэрэгжилтийг хэлэлцэж, цаашдын зорилтоо тодорхойлдог. Үл дэлгэрүүлэх гэрээ анх 1970 онд хүчин төгөлдөр болж байсан бөгөөд өнөө жил ес дэх цугларалт нь болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор цөмийн зэвсгийн өнөөгийн байдал болон тус бага хурлын талаар олон улс судлаач Ням-Осорын Туяатай ярилцлаа.

-Цөмийн зэвсгийг дэлхийн хоёрдугаар дайны үед АНУ-д “Манхэттен” нэртэй нууц төслийн хүрээнд боловсруулж, үйлдвэрлэсэн. 1945 онд анхны туршилтаа хийж, тэр жилийнхээ наймдугаар сард Японы Хирошима, Нагасаки хот дээр бөмбөг хаяж хүн төрөлхтний эсрэг анх удаа энэ зэвсгийг хэрэглэсэн гэж үздэг. Харин өнөөдөр тооны хэлээр яривал дэлхий дээр цөмийн зэвсэг хэр их байна вэ?

-“Хүйтэн дайны” ид үед дэлхийд 70,000 орчим цөмийн зэвсэг байжээ. Одоо 16,300 гаруй болтол буурсан нь гарцаагүй ахиц юм. Судлаачдын үзэж байгаагаар, үүнээс 10, 000 орчим нь цэргийн арсеналд, үлдсэн нь задлагдахаа хүлээж байгаа зэвсэг байдаг. Хэдийгээр Орос, АНУ хоёр цөмийн зэвсгээ хамгийн ихээр хорогдуулсан ч одоо байгаа зэвсгийн 90 гаруй хувь нь энэ хоёр орных. Аль, аль нь барагцаагаар тус тусдаа 7000-8000 цөмийн зэвсэгтэй гэсэн тоо байдаг. Цөмийн зэвсгийг стратегийн, стратегийн бус, оператив байдалд байгаа, агуулахад байгаа гэх мэтчилэнгээр ангилдаг учраас тоолох асуудал нарийн байдаг. Дашрамд хэлэхэд, цөмийн зэвсэгтэй орнууд тус зэвсгийн хэллэгийн тайлбар толь бэлтгэхээр ажиллаж байгаа юм билээ. Зэвсгийг тодорхойлох, тоолоход нэмэртэй зүйл болох юм. 2010 оны Стратегийн зэвсгийг хорогдуулах гэрээгээр ОХУ, АНУ хоёр оператив байдалд байгаа стратегийн хошуугаа тус бүр 1550 хүртэл хорогдуулах амлалт авсан. Харин цаашид хорогдуулах тухай хэлэлцээ хийх төлөв харагдахгүй байгаа. Бусад орнуудын хувьд гэвэл, Франц 300, Хятад 250, Британи 225, Израиль 80, Энэтхэг 90-110, Пакистан 100-120, Хойд Солонгос 10-аас доош цөмийн зэвсэгтэй гэсэн тоо байдаг. Эдгээр орноос Энэтхэг, Пакистан, Израиль гурав Үл дэлгэрүүлэх гэрээнд гарын үсэг зураагүй, тиймээс тэднийг “албан ёсны” цөмийн зэвсэгтэй орон гэж үздэггүй. Хойд Солонгос гэрээнээс гарснаа мэдэгдсэн. Энэ бүх зэвсэг 14 оронд 97 орчим байршилд байршиж байдаг байна. Дээр дурдсан есөн орноос гадна НАТО-гийн таван орон (Герман, Турк, Итали, Бельги, Нидерланд) АНУ-ын тактикийн 180-200 орчим цөмийн зэвсгийг нийт зургаан баазад байршуулж байдаг. Тус байгууллага, цөмийн зэвсэг байсан цагт цөмийн холбоо хэвээр байна гэсэн стратегитэй байдаг.

-Үл дэлгэрүүлэх гэрээгээр цөмийн зэвсэгтэй орнууд, цөмийн зэвсэггүй орнууд гэсэн хоёр бүлэг орон бий болсон. Аль, аль нь цөмийн аюулыг багасгах, устгах тал дээр ямар байр суурь баримталж байна вэ, нэг нь нөгөөдөө хэр шахалт үзүүлдэг вэ. Ер нь ирэх сард болох бага хурлаар ямар асуудлыг түлхүү анхаарах бол?

-Үл дэлгэрүүлэх гэрээ гурван “тулгуур” дээр тогтдог гэж үздэг. Нэгдүгээрт, цөмийн зэвсэгтэй орнууд зэвсгээ хураана, хоёрдугаарт, цөмийн зэвсэггүй орнууд ийм зэвсэгтэй болохоос татгалзана, гуравдугаарт, хамтдаа цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглана. Үүн дээр тэнцвэр олох нь амаргүй байдаг. Өмнөх найман бага хурлаас дөрөв нь төгсгөлийн бичиг баримт дээрээ тохирч чадалгүй тарж байсан. Сүүлчийн бага хурлаас дээрх гурван чиглэлээр үйл ажиллагааны төлөвлөгөө гаргасан. Энэ төлөвлөгөө 1995 оны хянан хэлэлцэх бага хурлаар баталсан Зарчмууд ба зорилтууд, 2000 оны Практик алхмуудыг нотолж, дэлгэрүүлсэн. Түүний хэрэгжилтийг судалгааны ба иргэний нийгмийн байгууллагууд мониторлож ирсэн байдаг. Цөмийн зэвсэггүй орнууд, тухайлбал Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн, энэ төлөвлөгөөний зэвсэг хураах хэсэгт түлхүү анхаардаг. Учир нь гэвэл Үл дэлгэрүүлэх гэрээ, цөмийн зэвсэгтэй орнуудад зэвсэг хураах асуудлаар хэлэлцээ хийхийг үүрэг болгосон эрх зүйн хүчинтэй цорын ганц баримт бичиг юм. 2000 онд эдгээр орнууд цөмийн зэвсгээс бүрэн дүүрэн ангижрах “хоёргүй амлалт” авсан. Цөмийн зэвсэггүй орнууд нөгөөдүүлээсээ энэ үүрэг, амлалтаа биелүүлэхийг шаарддаг. Өнгөрсөн хугацаанд зэвсгийг хорогдуулах чиглэлээр нэг болон хоёр талын зарим арга хэмжээ авагдсан ч цөмийн зэвсэгтэй бүх орон зэвсгийн модернизац хийж, цэргийн стратеги, номлолдоо энэ зэвсгийн чухлыг нотолсон хэвээр байгаа. Энэ нь зэвсэг хураах сонирхол тэдэнд алга байгааг харуулж байна гэж цөмийн зэвсэггүй орнууд дүгнэдэг. Тиймээс зарим асуудал дээр тодорхой хугацаа заахыг шаарддаг, олон талт хэлэлцээ даруй эхлүүлэхийг уриалдаг. Зэвсгийн асуудлаар Засгийн газар хоорондын хэлэлцээ хийх үүрэг бүхий Зэвсэг хураах бага хурал хэмээх байгууллага бий. Тэр нь ажлын хөтөлбөр дээрээ тохирч чадахгүй байгаа тул цөмийн зэвсэг хураах асуудлаар туслах бүтэц байгуулах, задрагч материалын үйлдвэрлэлийг зогсоох гэрээг хэлэлцэж эхлэх, цөмийн зэвсэггүй орнуудын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэхгүй, хэрэглэхээр заналхийлэхгүй тухай батлалыг ярьж эхлэх ажил урагшлахгүй байгаа. Цөмийн зэвсэгтэй орнууд цөмийн туршилтын сайн дурын моратори баримталдаг ч Цөмийн туршилтыг иж бүрнээр хориглох гэрээг хэд хэдэн чухал орон соёрхон батлаагүй, зарим нь гарын үсэг зураагүй тул энэ гэрээ хүчин төгөлдөр болж чадахгүй байгаа. Энэ мэт зэвсэг хураах чиглэлийн тодорхой, практик алхмууд бага хурлын анхаарлыг татна байх. Цөмийн зэвсгийн хүмүүнлэгийн үр дагаврын тухай сүүлийн үед хүчтэй ярих болсон. Гэрээнд нэгдээгүй орнууд түүнд нэгдэх тухай асуудал ч хөндөгдөж таарах болов уу. Мөн цөмийн зэвсгээс ангид бүсийг байгуулсан гэрээнүүдэд оролцогчид болон Монголын оролцоотой бага хурал Үл дэлгэрүүлэх гэрээг хянан хэлэлцэх бага хурлын үеэр болдог уламжлал тогтсон. Энэ бага хурал тус бүсүүдийн хамтын ажиллагаа, харилцан зохицуулалт, туршлага солилцоог бэхжүүлэхэд түлхэц өгнө гэж харж байгаа.

-Ихээхэн маргаан дагуулах асуудал юу байх бол. Та юу гэж таамаглаж байна вэ?

-Хянан хэлэлцэх бага хурлаар маргаан дагуулах асуудлын нэг нь Ойрхи Дорнодод цөмийн ба үй олноор хөнөөх бусад зэвсгээс ангид бүс байгуулах асуудал л даа. Ийм бүсийн тухай тогтоолыг 1995 онд Үл дэлгэрүүлэх гэрээг хугацаагүй сунгах шийдвэртэй багцаар баталсан. Гэтэл гэрээ сунгагдсан ч тогтоол хэрэгжээгүй. 2010 оны хянан хэлэлцэх бага хурлаас 2012 онд энэ асуудлаар бага хурал зохион байгуулахаар заасан ч түүнийг хугацаагүй хойшлуулсан. Бүс нутгийн ихэнх орон үүнийг таагүй хүлээж авсан.

-Цөмийн зэвсэгтэй орнуудын байр суурь хатуу хэвээр л байна уу. Хариуцлагатай, нэр нөлөөтэй орнууд атлаа энэ тал дээр хөдөлж өгдөггүй дээ?

-Тэд ерөнхийдөө цөмийн зэвсгийг хориглох, энэ тухай конвенц байгуулах, хугацаа заах, хүмүүнлэгийн үр дагавар гэх зэргийн асуудалд нааштай ханддаггүй. Хэтдээ конвенц байгуулж болох тухай Хятад л дурдсан байдаг. Асуудалд алхам-алхмаар хандах, стратегийн тогтвортой байдлыг хадгалах, аюулгүй байдлыг хангахын чухлыг тэд тэмдэглэдэг. “Шинэ хэлэлцэх хэргийн эвсэл” нэртэй бүлгийг төлөөлж Ирландын элчин сайд “Аюулгүй байдлыг хангахад цөмийн зэвсэг чухал гэж үзэх нь чухамхүү цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхийг санаандгүй өөгшүүлсэн хэрэг” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, цөмийн зэвсэгтэй болохыг хүсэмжилдэг орон чухамхүү аюулгүй байдлаа хангах зорилтыг үндэслэл болгодог.

2009 оноос хойш цөмийн зэвсэгтэй орнууд, энэ зэвсгийг хураах асуудлыг “олон талжуулахын” тулд, тодруулбал ОХУ, АНУ-аас бусад гурван орныг хэлэлцүүлэгт татан оролцуулахын тулд зөвлөлдөх процесс эхлүүлсэн. Энэ хүрээнд дээр дурдсан хэллэгийн толь, тайлагналын нийтлэг маягт боловсруулах зэргийн техникийн гэмээр чанартай асуудлууд дээр тохирсон. Өнгөрсөн жилд цөмийн зэвсэгтэй таван орон бүгд тайлангаа гаргасан. Ийм механизм бий болсон нь нааштай алхам боловч 2010 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний зэвсэг хураах чиглэлээр тодорхой алхам хийгдсэнгүй гэсэн шүүмжлэлд тэд өртөөд байгаа. Ерөнхийдөө цөмийн зэвсэгтэй орнууд, цөмийн зэвсгийг хураах асуудлаас илүү түүнийг үл дэлгэрүүлэх асуудалд илүү анхаардаг. Тухайлбал, Ираны цөмийн хөтөлбөр энхийн зорилготой эсэх, Хойд Солонгос Үл дэлгэрүүлэх гэрээнээс гарснаа зарласан зэрэг нь үл дэлгэрүүлэх дэглэмийг сулруулах аюултай гэж үздэг. Тиймээс гэрээ, тохиролцоог чанд мөрдөх, цөмийн материалын хяналтыг сайжруулах, цөмийн терроризмаас сэрэмжлэх, Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн нягтлалыг чангатгахын төлөө байдаг. Ил тод байдал, харилцан итгэлцлийн асуудлууд ч хэлэлцэх асуудалд нь байдаг. Зарим орон цөмийн зэвсгийг задлах явцыг хянан нягтлах технологи, аргачлал дээр хамтран ажиллах болсон.

-Та цөмийн зэвсгийн хүмүүнлэгийн үр дагаврын тухай сүүлийн үед их ярих болсон гэж дурдаж байна. 1945 онд анх удаа цөмийн зэвсэг хэрэглэхэд зуу гаруй мянган хүн амиа алдаж, хүмүүнлэгийн үр дагавар нь тодорхой болсон баймаар. Энэ тухай хөндөхгүй явж ирснээ 70 жилийн дараа яагаад санах болов?

-Уг нь үнэхээр тэр үед л тодорхой болсон баймаар. Одоо илүү хүчтэй ярих болсон нь энэ зэвсэг өдий болтол байсаар байгаатай холбоотой байх. Цөмийн зэвсгийн нэг чухал үүрэг бол тогтоон барих үүрэг гэж үздэг, энэ нь манай нэг багшийн тайлбарлаж байснаар, “Чи над руу дайрахгүйн тулд би найдвартай зэвсэгтэй байна. Чи надаас эмээгээд хөдөлж чадахгүй. Чамайг мөн л ийм зэвсэгтэйг мэдэж байгаа учраас би ч чам руу дайрахгүй” гэсэн үг. Хүйтэн дайны үеэс тогтоон барих бодлого, “баталгаатай харилцан устгах” гэдэг сүржин нэртэй номлол дээр тогтож ирсэн. Энэ нь “Чи миний эсрэг түрүүлж цөмийн зэвсэг хэрэглэсэн ч би чиний цохилтыг тэсэж гараад ижил хэмжээний эсвэл түүнээс ч давсан хүчин чадалтай хариу цохилтыг чамд өгнө, улмаар аль аль нь баталгаатай ба харилцан сөнөнө” гэсэн номлол юм. Энэ бодлого, номлолд цэргийн бодлого захирагдаж, газар, тэнгэр, далайд бодитойгоор хэрэгжиж байсан. Их гүрнүүд хүйтэн дайны үед өөр хоорондоо дайтаагүй нь чухамхүү цөмийн тогтоон барих бодлогын үр дүн байсан гэж дүгнэх үзэл байдаг.

Хүмүүнлэгийн санаачилга нь аюулгүй байдал, стратегийн тогтвортой байдал гэх зэргийн “хатуу бодлогын” хэллэгийг бус, хүний амь, хүний амьдрах орчин, эрүүл мэнд, хүнс, уур амьсгал гэх зэрэгт цөмийн дэлбэрэлтээс учрах аюулын тухай хэллэгийг хэрэглэж байгаа. Өнгөрсөн хугацаанд энэ асуудлаар гурван бага хурал болсон. Эхний хоёрт цөмийн зэвсэгтэй таван орон оролцоогүй, Венад болсон сүүлчийн хуралд АНУ, Британи хоёр оролцсон. Энэ оролцоо бодлогын гэхээс илүү улс төрийн оролцоо байсан гэж ажиглагчид дүгнэсэн байдаг. Яагаад гэвэл, бодлогын хувьд цөмийн зэвсэгтэй орнууд хүмүүнлэгийн санаачилгыг зэвсэг хураах чиглэлийн алхам-алхмын бодит ажлаас анхаарал “сарниулсан” зүйл гэдэг дээр ерөнхийдөө санаа нийлдэг. Өнгөрсөн намар НҮБ-д 155 орон, үүний дотор Монгол, энэ асуудлаар хамтарсан мэдэгдэл гаргасан. Үл дэлгэрүүлэх гэрээний ирэх сард болох бага хурлаар асуудал хэр зэрэг урагшлах нь тодорхой болох байх.

-Хүйтэн дайны нөхцөл эргээд бий боллоо гэлцэх болсон. Үнэндээ олон улсын байдал түвэгтэй байна. Энэ нь хянан хэлэлцэх бага хурлын үр дүнд хэр нөлөөлөх бол?

-Үл дэлгэрүүлэх гэрээг “хүйтэн дайны” гол өрсөлдөгчид болох Америк, Зөвлөлт хоёр эвсэлд нэгдээгүй орнуудын хамт олон жилийн турш хэлэлцэж, ярилцаж байж байгуулсан. Энэ гэрээ “хүйтэн дайныг” давж, одоо 190 орон түүнд нэгдээд байгаа. Түүнийг үл дэлгэрүүлэх глобал дэглэмийн тулгын чулуу, зэвсэг хураахын суурь, олон улсын аюулгүй байдлын чухал хэсэг гэх зэргээр нэрлэдэг. Тиймээс бага хуралд оролцогчид тодорхой үр дүнд хүрэхийг хичээнэ гэж найдаж байна. Пуужингийн хамгаалалтын систем, ердийн зэвсгийн чадавхийн үл тэнцвэр, стратегийн бус цөмийн зэвсэг, богино ба дунд тусгалын пуужингийн гэрээ гэх зэргийн түвэгтэй асуудлууд байдаг ч эдгээрийг голдуу гэрээний гадуур ярьдаг. Дээр хэлсэнчлэн, зэвсэг хураах чиглэлийн практик алхмуудыг түргэсгэх, Ойрхи Дорнодын тогтоолыг хэрэгжүүлэх энэ хоёр асуудал дээр анхаарал төвлөрнө гэсэн хүлээлт байгаа.

Ирэх долдугаар сард цөмийн зэвсгийг анх туршсан, наймдугаар сард анх хэрэглэснээс хойш 70 жил болно. Хүн төрөлхтнийг “дайны гамшгаас ангижруулах” зорилт тавьсан НҮБ байгуулагдсаны 70 жил, Цөмийн зэвсгийг үл дэглгэрүүлэх гэрээ хүчин төгөлдөр болсны 45 жил, тус гэрээг хугацаагүй сунгасны 20 жил, цөмийн зэвсэгтэй орнууд түүнийг бүрэн устгах “хоёргүй амлалт” өгсний 15 жилийн ой энэ жил тохоож байгаа. Тиймээс Үл дэлгэрүүлэх гэрээний хянан хэлэлцэх бага хурлаар эдгээр түүхэн туршлага дээр тулгуурлаж, практик үр дүнд хүрэх нь чухал юм.

Ч.БҮЖИН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэг иргэн 68 байртай байх нь гэмт хэрэг юм уу

Улаанбаатарт нэг хүн хувьдаа 68 байртай байдгаараа бусдыгаа тэргүүлдэг гэнэ. Саяхан үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг хийдэг Улсын бүртгэлийн ерөнхий газраас энэ мэдээг тараав бололтой. Үүнийг сонссон зарим хүмүүс ёстой атаархаж үхэх нь ээ. “Пээ, пүү. Би ганц ч байргүй байхад энэ нөхөр 68 байртай байдаг. Баян тарган, олигархи хаанаас гараад ирэв. Жаран найман байрандаа жаргахыг чинь харна аа. Аваад яваарай чи. Ханадаггүй хар толгой вэ” гэх зэргээр түүнийг хүний нийгэмд байж боломгүй гэмт хэрэг үйлдчихсэн юм шигээр адаллаа. Хүмүүс түүнд атаархсандаа адалж, зүхэж байгаа бололтой. Хүний хөрөнгийн тоог сонсчихоод унтаж ч чадахгүй бачуурч байдаг хүн нийт массын дийлэнхийг эзэлж байгаа нь үүгээр илэрлээ.

Үнэндээ үүнд атаархаж үхчих гээд байх шаардлага огт байхгүй. Бидний байгуулж байгаа нийгэм л ийм. Тэр ч утгаараа зах зээлийн нийгэмд хөрөнгийн дээд хэмжээг заагаагүй байдаг. Хүмүүс олох, чадах хэмжээгээрээ хөрөнгө цуглуулах эрхтэй. Хөрөнгө цуглуулах ч хэрэгтэй. Өнөөдөр адлагдаад байгаа 68 байртай тэр эрхмийн хөрөнгийг зах зээлийн дундаж ханшаар бодож гаргахад ердөө таван тэрбум гаруйхан төгрөгтэй хүн болж таарч байгаа юм. Дунджаар хоёр өрөө байр 80 орчим сая төгрөгийн ханштай гэж үзвэл ийм тоо гарч байна. Энэ нь хоёр сая орчим ам.доллартай тэнцэнэ.

Тэгвэл энэ хүний хажууд уул уурхайн бизнес эрхлэгчид аль хэдийнэ ам.долларын тэрбумтан болчихсон байдгийг хүн бүр мэднэ. Мянгат малчны хотонд л гэхэд хөнгөхөн тэрбум, хоёр тэрбум хүрэх хөрөнгө багширч буй нь нүдэнд ил цагаан харагдаж л байдаг. Эдгээртэй харьцуулаад харахаар 68 байртай хүн бусдад байдаг л хөрөнгөтэй нэгэн болж таараад байна. Ердөө баригдсан байшингийн нэг орцыг худалдаж авсан эсвэл нэг блок байшин бариулаад түүнийгээ бусдад түрээслүүлж байгаа хэлбэр нь тэр. Бусад орон, дэлхийн жишигт орон сууцны барилга барьсан хүн түүнийгээ хэр барагтай худалдаж зараад байдаггүй юм билээ. Аль болох түрээслэж ашиг олохыг эн тэргүүнд тавьж, амьдралынхаа баталгааг хангадаг гэсэн. Ийм өчүүхэн зүйлд манайхан атаархаад ёстой “чацга харваж” байгаа нь саяын хэд хоногт харагдлаа. Тэгээд ч нэг хүн 68 байртай байна гэдэг хүн аймаар гэмт хэрэг юм уу.

Ер нь манайхан зах зээлд шилжсэн ч тэр нийгэмдээ нэг л их ялархаж, тунирхдаг болчихож. “Надад байр байхгүй. Машин байхгүй. Би дэлгүүр, ТҮЦ ч ажиллуулдаггүй. Би бага мөнгөтэй, юу ч үгүй хоосон байхад тэрэнд юм бүхэн байна. Хонхортоо адлагдсан ядуу юм л явсан яахаараа ийм их мөнгөтэй болдог юм” гээд л түрүүлж хөдөлмөрлөж эхэлсэн, тэр хэрээрээ хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж жаргалтай яваа нэгнээ адалцгаана. Эцсийн эцэст ингэж ялархаж, тунирхсан нь л хоосон үлддэг. Ялархаж суухын оронд яагаад хөдөлж, хөдөлмөрлөөд бусад шиг 68 байртай, ам.долларын тэрбумтан болохын төлөө явахгүй байгаа юм. Өөрөө өөртөө хөрөнгө оруулалт хийж, хөдөлмөрлөхийг чинь хэн боль гээд байгаа юм. Хөдөлмөрийн үр шим, хөрөнгө мөнгөний үнэ цэнийг мэдэрсэн нэгэн боломжийг түрүүлж ашиглаад бусдыгаа атаархтал амьдарч байгаа нь энэ биздээ. Энэ тухай сошиал ертөнц болон хэвлэл мэдээллээр дамжуулж байгаа өнгө аясыг харахад “Бид ийм муухай нийгэм байгуулж байна. Яасан муухай юм” гэцгээлээ. Эгээтэй л “Мөнгөтэй хүн ийм муухай, тийм муухай” гэж баримт дэлгэсэнгүй.

Тэгвэл өнөөдөртөө зах зээлээс илүү ихээр хувь хүнд бололцоо олгодог, санхүүгийн эрх чөлөөтэй нийгмийг хүн төрөлхтөн дэлхийн хаана ч бодож олчихоогүй байгааг ойлгох хэрэгтэй. Социализмын үед хоёр өрөө байртай, сүүлийн үеийн технологи ашигладаг, унаад явах машинтай айлыг соёлч гэж улсаас өргөмжилдөг хэрнээ хөрөнгөтөн хэмээн хавчин гадуурхдаг байсан жишиг бий. Зах зээлийн нийгэмд шилжээд 25 жилийн нүүрийг үзчихээд байхад нийтийн өмчтэй байх социализмын үеийн энэ үзэл суртал бидний дунд улам л батажсаар байна. Одоо төр нь биш улс орон нь, ард нийт нь тэр чигээрээ хөрөнгөтэй хүнийг үзэн ядаж, үзэж ч чадахаа байчихсан мэт.

Уг нь таны амьдрал танаас л шалтгаална. Хүн бүр ялгаатай байдаг шигээ хувь заяа бүр өөр. Үүнийг заавал тэгшитгэж тайрах гэж орилолдох шаардлага ч байхгүй. Хамгийн гол, санаа зовоох нэг л асуудал энд байна. Мэдээллийг мэдээж үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг хийдэг газраас тараасан байх. Тэгэхээр хувь хүний нууц, хөрөнгө, мөнгөтэй холбоотой энэхүү мэдээллийг задруулсан төрийн албан хаагчид хатуу хариуцлага тооцох хэрэгтэй. Төрийн нэрийн өмнөөс хувь хүний нууцтай холбоотой зүйлийг нь бүртгэж авчихаад дараа нь нийгэмд цацаж шуугиан тарин улс орныг талцуулна гэдэг заавал хариуцлага тооцох асуудал мөн. Энэ нь нийгмийн захиалга болчихоод байна. Иргэн төрдөө итгэж хөрөнгөө бүртгүүлж, татвараа төлж байхад ийм асуудал үүсгэсэн нь төрийн албан хаагчийн ёс зүй, хувь хүний нууц, зарим хуулийн гээд олон зүйлтэй зөрчилдөж, харшилж байгаа юм.

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ цаг-үе

“Өчигдрийг хайрла”

Улаанбаатарт Жон Ленноны 68 насны төрсөн өдрөөр Битлзийн хөшөө нээгдсэн гэдэг. Харин Битлзийн буурал фэн, МУСГЗ сэтгүүлч Ө.Рагчаасүрэн тэдний дуунуудын тухай номон хөшөө босгожээ. Энэ ном “Өчигдрийг хайрла” хэмээх гүн утга агуулгатай нэртэй. Өчигдөр байгаагүй бол өнөөдөр гэж байхгүй. Өнөөдөр гэж байхгүй бол ирээдүйн тухай ярих ч утгагүй. Тийм ч учраас өчигдрийн хүмүүсийн туулсан амьдрал, дурлаж хайрлаж бас нандигнаж байсан бүхэн үнэ цэнтэй. Цаг үе болгон өөрийн одтой. Үнэт зүйлтэй байдаг.

Э.Бат-Үүл, С.Баяр, Б.Долгион зэрэг олны танил хүмүүс Битлзийн тухай ярьж байхыг сонсч байсан. Битлзийн дөрвөл эрх чөлөөний мэдрэмжийг олон хүнд өгсөн юм билээ. “Тэд биднийг өөрчилсөн” гэж хүмүүс хэлдэг. Үнэндээ манай үеийнхэн Битлзийн гал улаан фэнүүд биш л дээ. Тэд бол бидний хувьд зүгээр л домог байв. Гэхдээ л Битлзийн үнэнч шүтэн бишрэгчид, тэдний бүтээсэн бүхэн, дүрэлзсэн сэтгэл зүрх нь Битлзийг хүндэтгэх сэтгэл төрүүлдэг юм. Өөр хэн энэ уртаас урт он жилүүдэд хүмүүсийн зүрх сэтгэлд мөнхрөн үлдсэн билээ дээ.

“Өчигдрийг хайрла хүмүүс минь. Өнгөрч одсон гэж түүнийг бүү март. Өнөөдөр та нарын зүрхэнд байгаа хайрын илчийг хэзээ асаасан билээ. Өчигдөр л асаасан шүү дээ. Гал халуун дурлалын оч анхлан гэрэлтсэн тэр мөчөө бол бүр ч мартахгүй. Хэн нэг нь өчигдөртөө сэтгэл дундуур үлдсэн байж магадгүй. Тэгвэл маргаашийн гэгээн итгэлийг энэ дуунуудаас л мэдэрнэ” хэмээн Ө.Рагчаасүрэн бичсэн юм. Пол Маккартнийн 1965 онд зохиосон “Yesterday” хэмээх дуу дэлхийн Гиннесийн дээд амжилтын номонд XX зууны дээд амжилтаар тэмдэглэгдэн үлдсэн. Тэгэхээр зохиогч өчигдрийн тухай онцлохоос аргагүй.

“Битлз энэ ертөнцийн хүмүүсийн санааг өнөөдөр зовоож байгаа бүхний тухай дуулсан. Ийм учраас Битлзийн дуунууд орчин үед улам хэрэгтэй. Хүмүүст хамгийн их дутагдаж байгаа халуун дулаан сэтгэлийг бие биендээ бэлэглэх тухай дуулсан. Байгаль ижийгээ хайрлан энэрэх тухай дуулсан. Эв нөхөрлөлийн тухай дуулсан. Дуу болгон нь хайр, өгөөмөр сэтгэл, итгэл найдварын тухай өөр хоорондоо огтхон ч адилгүй тус тусдаа нэгэн дууль байдаг. Хайраар дутахгүйн тулд хүмүүс Битлзийг сонсдогийн учир нь ийм юм” хэмээн номын зохиогч онцолсон. Битлзийн 35 шилдэг дууг тэр сонгон авч, өөрийн мэдрэмжээ уншигчидтайгаа хуваалцаж байна. Бас Битлзийн дуунд уяран хайлахдаа юуг төсөөлж мөрөөдсөнөө хүүрнэжээ. Мэдээж дуу төрөх үеийн сонин хачинг ч өгүүлэхээ мартаагүй. Битлзийн хамгийн алдартай дуунуудын нэг “Let it be” 1969 онд төрсөн түүх ийм. Дуу зохиогдох үед хамтлагийн дотоод уур амьсгал сайнгүй байснаас Пол Маккартни сэтгэл тавгүй байв. Нэг шөнө Маккартнийн зүүдэнд бурхан болсон ээж нь ирж ингэж хэлжээ. “Хүү минь чамд хичнээн хэцүү байсан ч сэтгэл битгий зов. Тэр бүгдийг зүгээр л байгаа чигээр нь орхи. Бүх юм сайхан болно” гэжээ. Ээжийн үг Маккартнийг “Let it be”-гээ зохиоход хүргэсэн гэдэг. Энэ дуу тухайн үеийн ЗХУ-д хүрсэн Битлзийн анхны дуу. Хөгжилтэй нь тэр үед пянзны нүүрэн дээр “Англи ардын дуу” гэж бичсэн гэдэг. Битлз гэдэг нэр коммунист нийгэмд хориотой байснаас тэр гэнэ. “Долоо хоногийн найман өдөр” хэмээх хөгжилтэй өгүүлбэрийг эндээс унших вий. Жоны гэр рүү очихоор явах замдаа Пол таксины жолоочоос “Амьдрал ямар байна даа” гэж асуужээ. “Борви бохисхийх ч зав алга. Долоо хоногт найман өдөр ажиллаж байна” гэж цаадах нь хариулсан байна. Энэ үгнээс санаа авч “Eight days a week” дуугаа зохиосон аж. Харин мөнөөх жолооч ямархан билэг танхай санаа хэлснээ мэдсэн болов уу…

Битлз хамтлагтай холбоотой түүхэн дурсгалт газруудыг очиж үзэх нь аялагчдын дуртай бас нэг жим. Харин талын Монголд тэр тусмаа Дарханд Битлзийн шүтэн бишрэгч ном бүтээж, “Битлзийн анд нөхдийн клуб” байгуулсан мэдээ мөнхийн залуу энэ хамтлагийн фэнүүдийн хувьд бас л сонин байх болов уу.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ нийгэм

Явуулын хөдөлмөрийн бирж Чингэлтэй дүүрэгт ажиллана

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж нь өнгөрсөн оны 07-р сараас алслагдсан дүүрэг хороодод очиж ажилгүй иргэдийг ажилд зуучлах, ажилтай орлогтой болгох зорилгоор явуулын хөдөлмөрийн биржийг ажиллуулж эхэлсэн билээ

Энэ удаа Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран тус дүүргийн 1-19 дүгээр хороодын ажилгүй иргэд болон ажил олоход хүндрэлтэй иргэдийг бүртгэн авч, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.10-т заасны дагуу хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээлэл түгээх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвөлгөө өгөх, сургалтанд хамруулж тэдний хүсэл сонирхол, ур чадварт нь нийцүүлэн тохирч тэнцэх ажлын байранд зуучлах үйл ажиллагаа явуулахаар болжээ.

Мөн бүтээн байгуулалтын салбарт ажиллах хүсэлтэй залуучуудыг бүртгэн авч сургаж, бэлтгэн ажлын байраар хангах юм.

Categories
мэдээ нийгэм

АТМ-аас бэлэн мөнгө авахад 40 төгрөгийн шимтгэл төлдөг боллоо

Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар “Монголбанкны үйлчилгээний шимтгэлийн ерөнхий нөхцөл”-ийг шинэчлэн баталсан байна. Ингэснээр Төвбанк, арилжааны банкууд болон иргэд, аж ахуй нэгжүүдэд үзүүлж байгаа үйлчилгээгээ тодорхой хувиар бууруулж байгаа юм.

Тодруулбал, АТМ-ээс бэлэн мөнгө авахад 100 төгрөгийн шимтгэл авдаг байсныг 40 төгрөг, АТМ-ээр дансны үлдэгдэл шалгахад авдаг 50 төгрөгийг 10 төгрөг болгон буруулсан байна.