Categories
гадаад мэдээ

Маяачуудын үед хамаарах соёл иргэншилт хотын туурийг олжээ

Археологичид Гондурасын Москюта орчмын ширэнгэн ойгоос эртний соёл иргэншилт Маяачуудын үе буюу МЭ 1000-1400 оны үед хамаарах хотын туурийг олсон байж болзошгүй хэмээн мэдэгдлээ. Гондурасын ширэнгэн ой нь Төв Америк дахь хэний ч гар хүрээгүй, онгон зэрлэгээрээ байгаа ховорхон газруудын нэг. Өнөөдрийг хүртэл Маяачуудын амьдрал, хотын соёл иргэншил сайн судлагдаагүй, үеэс үед домог мэт яригдсаар ирсэн түүхтэй.

Колорадо мужийн их сургуулийн баг Гондурасын ширэнгэн ойн үндэс, хөрсөнл дарагдаж алга болсон эртний соёл иргэншилт томоохон хотыг хайж байжээ. Судлаачдын олж илрүүлээд буй уг хотыг домогт “Цагаан хот”, “Сармагчны Бурханы хот” гэх мэтээр түүхэн сурвалж бичигт тэмдэглэн үлдээсэн байдаг. Одоогоор археологичид чулуун дээр сийлсэн могой, нисэж буй тас шувуу, хөлөг онгоц гэх мэт 52 эд өлгийн зүйл олж түр баримтжуулан, шинжлэх ухааны протокол хөтлөөд байна.

Судлаачид Гондурасын Засгийн газраас археологийн олдворыг хамгаалах санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг уриалж байгаа аж.

Categories
гадаад мэдээ

Либери улсад эболаг бүр мөсөн эмчилж чаджээ

Дэлхий дахинаа олон мянган хүний амь насанд хүрсэн эбола вирусын эсрэг вакциныг Японы эрдэмтэд амжилттай гаргаж авсан. Либери улсад Эбола вирусын халдвартай сүүлчийн өвчтөн эдгэрч эмнэлгээс гарсан гарсан бөгөөд халдварын шинэ тохиолдол илрэхгүй бол эболагаас ангижирсан гэж үзэхийг ДЭМБ-аас мэдээллээ. Либери улсад өнгөрсөн оны тавдугаар сард Эбола вирус бүртгэгдсэнээс хойш анх удаа халдварын шинэ тохиолдол илрээгүй байгаа юм. Сьерра-Леоне, Гвиней улсад өнгөрч буй долоо хоногт Эбола вирусын халдварын 132 шинэ тохиолдол бүртгэгджээ. Гвиней улс дахь Эбола вирусын эсрэг вакцины туршилтын сүүлчийн үе шат энэ долоо хоногт эхлэх тухай ДЭМБ мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн даатгалын багцад шинэ үйлчилгээнүүд нэмэгдлээ

Манай улсын эрүүл мэндийн салбар өндийж чадахгүй байгаа нэгэн шалтгаан нь даатгалын системтэйгээ холбоотой гэж учир мэдэх хүмүүс ярьдаг. Тэгвэл энэ бүхнийг өөрчлөхөөр Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг санаачлан УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн, өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нд баталсан. Ингэснээр даатгуулагч жилдээ 1.8 сая төгрөгийн тусламж, үйлчилгээний төлбөрөө өөрөө ашиглаагүй тохиолдолд гэр бүлийн хэн нэгэн гишүүндээ шилжүүлэх эрхтэй болж буй юм.

Мөн эрүүл мэндийн даатгалын багцад өндөр өртөгтэй, шинэ эмчилгээ, үйлчилгээнүүд нэмэгдэн оржээ. Тухайлбал, хавдрын өдрийн, туяаны эмчилгээ, өрх, багийн Эрүүл мэндийн төв болон гэрээр үзүүлэх эмчилгээ, асаргаа, сувилгаа, оношилгооны зардал багтсан байна. Дээрээс нь өртөг өндөртэй мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, ортопед, портез, хиймэл эрхтэн зарим цорго эмчилгээнүүд ч оржээ. Мөн энэ хууль хэрэгжиж эхэлснээр аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн нарийн мэргэжлийн эмч нарын жороор бичсэн эмэнд үнийн хөнгөлөлт үзүүлэх юм байна.

Уг хуульд чухал заалтууд тусгагдсаны нэг нь иргэдээ товлосон хугацаанд нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлээс нь хамааруулаад урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд заавал хамруулж байхаар боллоо. Үүнд шаардагдах бүх зардлыг Даатгалын сангаас санхүүжүүлэхээр зохицуулжээ. Мөн даатгуулагч бүр цахим карттай байх бөгөөд түүгээр нь даатгуулагчийн хувийн намтар, шимтгэл төлсөн, эсэх, шаардлагатай эрүүл мэндийн үзлэгийнх нь бүх мэдээллийг харж болох аж. Дашрамд дурдахад, оюутнуудын шимтгэлийг төрөөс хариуцдаг байсныг болиулж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон, өөрсдөөр нь төлүүлэхээр болжээ. Эрүүл мэндийн даатгалын шинэчилсэн хуулийг долдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм

“Бүсгүй минь инээмсэглэж яваарай” тоглолт болно

Улсын Филармонийн уран бүтээлчид жил бүр уламжлал болгон тоглодог “Бүсгүй минь инээмсэглэж яваарай” тоглолтоо өнөөдөр болно.

“Бүсгүй минь инээмсэглэж яваарай” тоглолтонд улсын Филармонийн дуучид эх үрс, элбэрэл хайрын тухай олон сайхан дууг Баян монгол чуулгын хөгжимчидтэй хамтран дуулж үзэгчдийн хүртээл болгох юм.

Тасалбарыг Улсын Филармонийн кассаар болон 1900-1617 үнэгүй хүргэж байгаа аж.

Тоглолт 19.00 цагт Улсын Филармони дээр болно.

Categories
мэдээ нийгэм

Тайван жагсаал хийнэ

Чингисийн талбайд тайван жагсаал болно. Уг жагсаалыг Цахим орчинд эвлэлдэн нэгдсэн залуусын ДМ Нэгдэл санаачилсан бөгөөд Хамаг Монгол төслийн удирдагч МУГЖ С.Жавхлан, Гал Үндэстэн Холбоо ТББ хамтран зохион байгуулагчаар оролцох юм байна. Тэд өнөөгийн нөхцөл байдлын талаар өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, дуу хоолойгоо хүргэх аж. Жагсаалын үеэр бүх ард түмний асуултыг авах аж. МУГЖ С.Жавхлан “Төр буруутай юу? Түмэн олон буруутай юу?” сэдэвт халз мэтгэлцээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын бүх гишүүнийг дуудаад буй юм.

Categories
мэдээ нийгэм

1000 ээж чуулна

Маргааш буюу Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Алдарт эхийн одонтой 1000 ээж чуулна. Уг чуулган 10.00 цагт Төрийн ордны их танхимд болно. Чуулганд 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл болсон 1000 ээж оролцох аж.

Мөн тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, эхчүүдэд баяр хүргэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хүнд гэмтсэн зорчигчдийг ГССҮТ-д хүргэжээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Чингэлтэй өгсөх чиглэлийн авто зам дээр суудлын автомашин цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана мөргөсөн осол өчигдөр гарчээ.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын долоон алба хаагч ажиллаж, автомашины эд ангид хавчуулагдсан хүмүүст анхан шатны тусламж үзүүлэн эмнэлэгт хүргэсэн байна. Ослын улмаас иргэн М /30 настай, эрэгтэй/, иргэн Н /30 настай, эмэгтэй/, Б /10 настай, эрэгтэй/ нар хүнд гэмтсэн байсныг гаргаж, ГССҮТ-д хүргэжээ.

Categories
мэдээ спорт

ОУХМ Э.Бэхбаяр хүрэл медаль хүртлээ

Беларусь улсын нийслэл Минск хотод А.Медведийн нэрэмжит олон улсын Гран при тэмцээн үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57 кг, 65 кг, 74 кг, 97 кг, эмэгтэйчүүдийн 48 кг, 55 кг, 60 кг, 69 кг-ын жингийн бөхчүүд хүч үзлээ.

Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан манай тамирчин олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаяр хүрэл медаль хүртсэн байна. Тэрбээр нэгдүгээр тойрогт оросын бөх Ибрагим Хасиевийг 10:0, хоёрдугаар тойрогт оросын бөх Артём Гебековыг 8:7 онооны харьцаагаар ялжээ. Мөн дараагийн тойрогт орос, гүржийн бөхийг ялж, хагас шигшээ барилдаанд ДАШТ-ий хүрэл медальт Владислав Андреевт 2:3 онооны харьцаагаар дийлдэж хүрэл медалийн төлөө барилдаанд АНУ-ын бөх Франк Пиреллийг 10:1 онооны харьцаагаар буулган авч, хүрэл медалийн тавцанд зогсчээ.

Энэхүү тэмцээнд Англи, АНУ, Аргентин, Армян, Беларусь, Гүрж, Египет, Иран, Итали, Киргиз, Казахстан, Колумб, Латви, Литов, Молдав, Монгол, ОХУ-ын Дагестан, Якут улсууд, Серб, Словак, Словени, Тажик, Туркмен, Украин, Франц, Япон зэрэг 24 орны 350 орчим шилдэг бөхчүүд өрсөлдөж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Орхон аймаг гурван сая дахь иргэний чацуутандаа хоёр өрөө байр өгчээ

2015 оны эхээр Монгол Улс гурван сая дахь иргэнээ хүлээн авсан. Орхон аймгийн гурван сая дахь иргэний үе чацуутан Яргуйт багийн иргэн Г. Баясгалан, Э. Лхагвадулам нарын гэр бүлд мэндэлсэн бөгөөд 3 сая дахь иргэний үе чацуутан Б.Гурванмарал охинд 2 өрөө байр худалдан авах эрхийн бичгийг Орхон аймгийн засаг дарга С.Дангаасүрэн гардуулан өгчээ.. Монгол Улсын 3 сая дахь иргэн мэндэлсэн нэгдүгээр сарын 24-ний өдөр улсын хэмжээнд 181 хүүхэд төрсөнөөс Орхон аймагт 11 хүүхэд мэндэлжээ. Гурван сая дахь иргэний үе чацуутнуудыг төрүүлсэн эхчүүдэд “Ачит эх”-ээр өргөмжилсөн батламж, мөн 3 сая төгрөг бүхий хадгаламжийн дэвтэр болон дурсамж гарын бэлгийг гардуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын дагуу нийслэл анх удаа 2011 онд 18 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулж байсан бол 2 дахь удаагаа 10 байршилд газрын дуудлага худалдааг зохион байгууллаа.
Энэ удаад нийслэлийн Засаг даргын “Дуудлага худалдаа зохион байгуулах комисс томилох тухай” А/168 дугаар захирамжийн дагуу байгуулагдсан комисс, хөндлөнгийн ажиглагч, дуудлага худалдаанд оролцогчдын бүрэлдэхүүнтэйгээр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Авто худалдааны цогцолбор”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 10 байршилд ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДАА явуулсан юм.
Дуудлага худалдаа 12 байршилд зарлагдаж, нийт 69 оролцогч хүсэлт ирүүлснээс 67 санал нь хүчинтэй, 2 санал нь хүчингүй болсон. Харин 8 дахь байршилд 1 санал, 9 дэх байршилд санал ирээгүй тул 10 байршилд дуудлага худалдаа явагдлаа.
Газрын хэмжээ, дуудлага худалдааны анхны үнэ, хүрсэн үнэ, ялагчийн нэр тус бүрийг дараахь хүснэгтээс харна уу.
Газрын байршил Газрын зориулалт Хэмжээ /га/ Дуудлага худалдааны анхны үнэ /төг/ Хүрсэн үнэ /төг/ Ялагчийн нэр
1 Худалдаа үйлчилгээ 0,3 39 126 874 260 000 000 Ш.Эрдэнэбат
2 Худалдаа үйлчилгээ 0,3 39 126 874 530 000 000 Ш.Эрдэнэбат
3 Худалдаа үйлчилгээ 0,6 72 229 350 418 000 000 М.Анхбаяр
4 Худалдаа үйлчилгээ 0,6 73 025 724 310 000 000 Секуд ХХК
5 Худалдаа үйлчилгээ 1,0 117 243 530 327 000 000 Ж.Энхболд
6 Худалдаа үйлчилгээ 1,2 139 243 530 360 000 000 Батсээр ХХК
7 Худалдаа үйлчилгээ 0,2 30 786 097 201 000 000 Б.Мөнх-Учрал
8 Зочид буудал, оффис 1,1 129 550 000 1 санал ирсэн тул дуудлага худалдаа явагдаагүй
9 Зочид буудал, оффис 1,1 129 550 000 Санал ирээгүй тул дуудлага худалдаа явагдаагүй
10 Худалдаа үйлчилгээ 0,8 96 529 600 330 000 000 И.Шинэбаяр
11 Худалдаа үйлчилгээ 0,8 96 550 000 300 000 000 Секуд ХХК
12 Худалдаа үйлчилгээ 1,0 117 023 515 310 000 000 Дэвжих трейд ХХК
Нийт дүн 9,0 1 079 985 094 3 346 000 000
Дуудлага худалдаанд ялсан оролцогчид 3 хоногийн дотор гэрээ байгуулж, гэрээ байгуулснаас хойш 14 хоногийн дотор дуудсан үнийг бүрэн төлснөөр газар эзэмших эрх олгох тухай нийслэлийн Засаг даргын захирамж гарах юм. Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаанаас олсон хөрөнгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлдэг бөгөөд цаашид төлөвлөгдсөн газруудыг холбогдох хуулийн дагуу газрын дуудлага худалдаанд оруулж, борлуулахаар тооцож байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.