Categories
мэдээ улс-төр

ИЗНН-ыхан Их хурлаа хийж байна

Иргэний зориг-Ногооны намынхан өнөөдөр 15 жилийн ойгоо тэмдэглэж байна. Ойн баярын хүрээнд тус намын гишүүд С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлжээ. Мөн намын гишүүд, дэмжигчид Чингисийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн байна. Энэ өдөр мөн тус намынхан их хурлаа хийхээр товлосон. ИЗНН-ынхан энэ удаагийн Их хурлаараа өнгөрсөн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлуудаа дүгнэж, намын дарга, бүтэц, зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэх юм.

Categories
мэдээ нийгэм

“Эрүүл мэнд” хичээлийг бие даасан хичээл хэвээр үлдээхийг шаардлаа

Монгол ньюс мэдээллийн төвд иргэний нийгмийн байгууллагууд ЕБС-ын сургалтын төлөвлөгөөнд “Эрүүл мэнд” хичээлийг хэвээр үлдээхийг шаардлаа. БСШУ-ны сайдын 2014 оны наймдугаар сарын 26-ны А/335 тушаалаар Эрүүл мэндийн хичээлийг хасаж бусад хичээлтэй интеграцчилахтухай ажлыг эхлүүлээд байгаа нь үндэслэл муутай, судалгаа нотолгоогүй, хий мөнгө зарсан оновчгүй хувилбар гэж иргэний нийгмийн төлөөлөгчид үзэж байна.

БСШУ-ны сайдЛ. Гантөмөрийн гаргасан энэхүү шийдвэр нь олон сөрөг талыг дагуулж болох талаар “Youth lead” Олон улсын залуучуудын эрүүл мэндийн төлөөлөгч А. Нямдорж хэлж байлаа.

Сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхдүүдийн амиа хорлолт, үр хөндөлт, өсвөр насны охидын жирэмслэлт нэмэгдсээр байна. Ийм үед суурь боловсролд нь олгох эрүүл мэндийн харилцааны мэдлэг зайлшгүй хэрэгтэй. Хүний суурь боловсрол насан туршийн дадал болж суудаг. Энэ боловсролыг илүү нэмэгдүүлэх шаардлагатай байхад, “Эрүүл мэнд ” хичээлийгөөр хичээлтэй хамтатгаж оруулна гэдэг буруу зүйл гэдгийг Хүний хөгжил- Нөхөн үржихүүн эрүүл мэнд, эрх ТББ-ын төлөөлөгч Б. Алтанчимэг онцолж байлаа.

Иргэний нийгмийн 100 гаруй байгууллага нэгдэн 2015 оны хоёрдугаар сарын 16-ны өдөрБСШУ-ны сайд Л. Гантөмөрт ЕБС-ийн сургалтын төлөвлөгөөнд “Эрүүл мэнд” хичээлийг бие даасан цагаар үлдээхийг хүссэн нотолгоо бүхий долоон хуудас шаардлагыг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөлгүй шийдвэрээ хэрэгжүүлсээр байгаа гэнэ.

О. Ариунцэцэг

Categories
мэдээ нийгэм

Дэндсэн согтуу жолооч нарт баривчлах шийтгэл ногдуулдаг

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 2014 онд 50917-г илэрчээ.Баригдаагүй түүнээс ч олон тохиолдол байсан нь байлгүй.

Замын цагдаагийн газрынхан хяналт шалгалтаар илрүүлээд, тэдгээр 50 мянган иргэнд хуулийн дагуу хариуцлагыг нь үүрүүлж, зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар жолоодох эрхийг нь хасчээ.

Гэтэл согтуугаар машин жолоодсоны улмаас эрхээ хасуулсан атлаа дахин согтууруулах ундаа хэрэглэчихээд жолооны ард суусан зөрчил 11486 гарсан бөгөөд тэдэнд хуулийн дагуу 7-30 хоног баривчлах шийтгэл оноосон байна.

Өнгөрөгч оны энэ тоог 2013 оныхтой харьцуулахад буураагүй, харин ч 11 мянгаар нэмэгдсэн нь хууль эрхзүйн орчин сул байгаагийн илрэл гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна.

2014 оны тоон баримтыг 2013 оныхтой харьцуулсныг та дараах ИНФОГРАФИК-аас харж болно.

Categories
мэдээ нийгэм

Л.Пүрэвсүрэн сайд Д.Алтанхуягт МУ-ын Соёлын элчийн гэрчилгээг гардуулав

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн ХБНГУ-ын Берлин хотноо “ITB Berlin 2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн үеэр Монгол Улсын Гавьяат жүжигчин, АНУ-ын Бостон Балетын гоцлол бүжигчин Д.Алтанхуягт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардууллаа.

Ёслолын үеэр сайд Л.Пүрэвсүрэн хэлэхдээ “Дэлхийн сонгодог урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулж, олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөж яваа залуу бүжигчин таныг Монгол Улсын Соёлын элчээр ийнхүү өргөмжилж байна. Монгол Улсыг хилийн чанадад сурталчлах, соёл, урлаг, түүх, спорт, хүмүүнлэг, шинжлэх ухааны хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүндтэй үүргээ биелүүлэхэд тань Монгол Улсын Гадаад хэргийн яам бүх талаар дэмжиж ажиллах болно” гээд уран бүтээлийн арвин амжилтыг хүсэн ерөөв.

Балетчин Д.Алтанхуяг нь Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон гурав дахь иргэн болж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг тооцжээ

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг тооцжээ

Хуралдаанд “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн үнэлгээ ба эрсдэлийн менежментийн стратегийн танилцуулга”-ыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал хийлээ.
Улаанбаатар хотын Гамшгийн эрсдэлийн менежментийг сайжруулах төслийн удирдах нэгжийн захиалгаар Мал тариалангийн эрсдэл судлах төв ТББ, ЖЭМР ХХК, Усны Эрчим ХХК-ийн хамтарсан зөвлөх баг Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн үнэлгээ ба эрсдэлийн менежментийн стратеги боловсруулах төслийг бэлтгэжээ. Төслийн нарийвчилсан судалгааг хотын төвийн зургаан дүүргийн 1,2 сая хүн амьдардаг нутаг дэвсгэрт хийсэн бөгөөд барилга байгууламжийн нягтрал их болсон тул хотын төв дундуур урсдаг Сэлбэ, Улиастай, Туул голын болзошгүй үерийн хэмжээг 0,1 хувийн хангамшилтай буюу 1000 жилд нэг удаа тохиох, бусад газруудын хувьд 1 хувийн хангамшилтай буюу 100 жилд нэг удаа тохиолдох магадлалаар үерийн аюулыг үнэлсэн байна. Судалгааны дүнд Үерийн аюулын үнэлгээгээр Сэлбэ голын дээд хэсэгт, голын сав дотор хашаа байшин барьснаас үүдэн олон өрх айл болон 110 кВ-ын цахилгааны дэд станц усанд автахаар байгаа бол Сэлбэ голын Арслантай гүүр, түүний доод талын дулааны шугам бүхий явган гүүр үерийн усыг гаргах чадвар дутагдалтайгаас ихээхэн хэмжээний барилгажсан талбай усны халилтад өртөж болзошгүй байна гэсэн тооцоо гарчээ. Мөн Арслантай гүүрний үерийн усыг өнгөрүүлэх чадвар хангалтгүйгээс 0,1 хувь, 1 хувь, 2 хувийн хангамжтай үерийн ус шинэ цирк хүртэл хальж аюул учруулах магадлалтай байна гэсэн судалгаа байна.
Эдгээр болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн менежментийн стратегийг боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд төслийн баг одоогийн мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчинд тулгуурлан эхний байдлаар стратегийн төслийг боловсрууллаа. Ингэхдээ Голын сав газрыг үерийн эрсдэлээс хамгаалах, үерийн дархлаатай хот болох, үерээс хамгаалах байгууламж байгуулах, хүн амын аюулгүй байдлыг хамгаалж, үерийн эрсдэлийн санхүүжилтийг бүрэн шийдвэрлэх гэсэн таван чиглэлээр боловсруулалт хийжээ. Харин энэхүү стратегийг хэрэгжүүлэхэд 547,9 тэрбум төгрөг шаардлагатай гэдгийг ажлын хэсгийнхэн тооцоолжээ.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд хэрэгцээ, шаардлагатай ажлын боловсруулалтыг цаашид үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.
Цөөн үгээр
-Хуралдаанаар Барилга хот байгуулалтын яамны захиалгаар боловсруулсан

Улаанбаатар хотын бүсчлэлийн төлөвлөлт, инженер-геологи, хөрсний норматив үзүүлэлтийг тогтоох судалгааны тайлантай танилцлаа. Уг тайланг хүлээж авах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болголоо.

-“Архивын сан хөмрөгт нөхөн бүрдүүлэлт хийх ажлын нийтлэг журам батлах тухай” асуудлыг Нийслэлийн Архивын газрын дарга С.Гаваа танилцууллаа.
Архивын тухай хууль, Төрийн нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хууль, Эрүүгийн тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Тоон гарын үсгийн тухай хуулийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2006 оны 523 дугаар захирамжаар “Сан хөмрөгт нөхөн бүрдүүлэлт хийх журам”-ыг батлуулан мөрдөж байна.

-Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралын танилцуулсан Улаанбаатар хотыг шингэрүүлсэн хийгээр хангах төсөлтэй танилцлаа. Уг төслийг боловсруулах ажлыг үргэлжлүүлэх үүрэг өглөө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Снукер бильярдын эмэгтэйчүүд аваргаа шалгарууллаа

Монголын Снукер бильярдын Эмэгтэйчүүдийн цомын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд “Snooker NB club”-т зохион байгуулагдлаа.

Гэрэл зургуудыг Ц.Мягмарсүрэн

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Энхболд: Оюу толгой оны сүүлчээр шийдэгдэх байх, Таван толгой тодорхойгүй байгаа

УИХ-ын дарга З.Энхболд­той өнгөрсөн намрын чуулганы үр дүн, эдийн засгийг сэргээх бодлого шийдвэрийн талаар ярилцлаа.

УИХ-ын намрын чуулга­наар ямар бодлого шийдвэрийг гаргав. Иргэд эдийн засагтай холбоотой шийдвэрүүдэд зонхилон анхаарлаа хандуулж байгаа бололтой?

-Нэлээд эртнээс ашигт малтмалын үнэтэй холбоотойгоор Монгол Улс санхүүгийн сахилга батгүй явж эхэлсэн. 2006 онд 68 хувийн татвар тавьсан. Тэр үед зэсийн үнэ өндөр, өмнө нь байгаагүй нүүрс гэж шинэ экспорт гарч ирсэн. Бараг тэрбум ам.долларын нүүрс зарж эхэлсэн байх. Зэсээс тэрбум ам.доллар гээд ашигт малтмалын өндөр үнийн нөлөөгөөр төгрөг чангарсан байдаг. Ингээд гэнэт орлого олсон учраас зарцуулж эхэлсэн. АН хүүхдийн мөнгө өгөнгүүт МАН шинэ гэр бүлийн мөнгө өгөөд сүүлдээ “Эх орны хишиг” гээд хэзээ ч мөнгөөр тасрахгүй юм шиг найрласан. Найрласан гэдэг нь бүгдээрээ, ард түмэнтэйгээ нийлж “байгалийн баялгаас хүн бүр хувь хүртэх ёстой” гээд 2008, 2012 оны сонгууль дамжин мөнгө цацсан. Үндсэндээ 2004 оны сонгуулиар эхэлсэн энэ үзэгдэл тэр парламентын дунд үеэс буюу 2006 оноос идэвхижсэн байдаг. “Шинэ баян цээж өвчтэй” гэдэг шиг явж байтал 2012 оны сонгуулийн дараа уул уурхайн түүхий эдийн үнэ гэнэт унасан. Нүүрс зарагдахаа байж зэс, алтны үнэ унасан. Үүний зэрэгцээ Оюу толгойн эхний ээлжийн хөрөнгө оруулалт дууссан. Шууд хэлбэл Оюу толгойн үйлдвэр нь байгуулагдаад ажиллаж эхэлсэн учраас дахиж хөрөнгө оруулах шаардлагагүй. Ер нь гадны шууд хөрөнгө оруулалтыг 1992 оноос хойш график гаргаж үзвэл дунджаар 500 орчим сая ам.долларт баригддаг. Гэтэл Оюу толгой баригдаж байх ид үе 2011 он, 2012 оны эхний хагас хүртэл 500 орчим сая ам.доллар 4.5 тэрбум ам.доллар болсон юм. Тэр үеийн Их хурал, Засгийн газар Оюу толгой шиг том төслүүдээс хөрөнгө оруулалт ихээр орж ирдэг юм байна гэж ойлгосон. Тэр үед бүр “Дэлхийн хүн ам өсч байна. Байгалийн баялаг дуусдаг. Дуусдаг баялгийн үнэ хэзээ ч унахгүй юм байна” гэж ярьж байлаа. Ийм өөдрөг төсөөллөөр бид олж ирсэн бүх мөнгөө зарж эхэлсэн. 1996-2000 онд нийт төсвийн хөрөнгө оруулалт ердөө 20-30-хан тэрбум төгрөг байлаа. Сүүлдээ хоёр их наяд төгрөг боллоо. Ингэж янз бүрийн байшин барьж санхүүгийн сахилга батгүй явж эхэлсэн. Тэр эрчээрээ 2013 оны төсвийг нэг их наяд төгрөгийн орлого илүү төлөвлөсөн ч тэр нь ороогүй.

Түүнтэй холбогдсон зарлага сайн гүйцэтгэгдэж чадаагүй. 2014 оны төсвийг ч ялгаагүй тэгж төлөвлөсөн. Харин 2015 оны төсөв дээр анх удаа “Ерөөсөө больё” гэдэгт санал нэгдэж төсвийнхөө орлого, зарлагыг буурууллаа. Хөрсөн дээрээ буух санхүүгийн шийдвэрийг, төсвийн бодлогыг УИХ сая тодотголоороо гаргалаа. Төсвийн тодотгол мөнгийг хамаагүй зарж болохгүй, түүхий эдийн үнэ үргэлж өсөхгүй, ашигт малтмалаас хамаарсан эдийн засагтай байж болохгүй юм байна. Солонгорсон эдийн засагтай байх ёстой юм байна гэж шийдлээ. Солонгорсон эдийн засгийн талаар олон хүн ярьдаг ч, хийсэн зүйл байхгүй байна. 2012 оны дундаас бодитой төлбөрийн балансын хомсдол гарч эхэлсэн. 2013 онд энэ нь хурцаар мэдрэгдсэн. Үүнтэй холбоотойгоор төгрөгийн ам.доллартай харьцах ханш суларч 1800 хүрлээ. Одоо 1900 хүрчихлээ. Энэ бүхэн эдийн засагт нөлөөгөө үзүүлсээр л байна. Мэдээж төгрөгийн ханшийг ойлгодоггүй хүмүүсийн “УИХ, Засгийн газар, Монгол банк муу ажиллаж байна. Эргээд 1400 болгочихож болдог л байхгүй юу” гэсэн яриа байдаг. Ханш гэдэг олж, зарж байгаа ам.долларын зөрүүн дээр тогтдог. Тэр дотроо гадаадын шууд хөрөнгө оруулалтаас хамаардаг ийм л хэмжигдэхүүн ш дээ. Үүнийг ямар байхыг Монгол банк, УИХ, Засгийн газар мэдэхгүй. Нэрмээс болж байгаа юм шиг зэс, алтны үнэ уначихаар хуучин шигээ нүүрс гаргаж, хуучнаасаа хоёр дахин их зэс гаргаад байхад оргил үеийнх шиг орлого орж ирэхгүй байна. Ингээд дисбаланс үүсэхэд ханш өсөөд байгаа. Энэ бүх зүйл хөрсөндөө буутал хоёр жилийг зарцуулсан байна. Тэгээд анх удаа бодит байдал руу дөхсөн төсвийг энэ жил баталлаа.

Энэ асуудлыг шийдэ­хийн тулд иргэдийн нуруунд татварын ачаалал үүсгэлээ гэсэн шүүмжлэл бий?

-Ор үндэсгүй. Яагаад гэвэл татвар нэмлээ гэхэд ирэх жилдээ үйлчилдэг төсвийн хуультай. Тиймээс татвар нэмж орлого олоод түүгээрээ төсвийнхөө хүндрэлийг даван туулах зорилго Засгийн газраас өргөн барьсан хуульд ч байхгүй, УИХ ч тэгж батлахгүй. Ер нь мөнгөтэй жилүүд буюу 2006-2012 он хүртэлх хугацаанд “Ер нь татваргүй улс болбол яасан юм. Энэ хэдэн уурхайгаа мөлжөөд байвал яасан юм” гэж мөнгө нь ихэдсэн хүний яриа гарч байсан. Татвар нь төсөв бүрдүүлэхээс гадна өөр зорилготой. Жишээ нь “Бэлчээр сүйдлээ. Малын тоо их болж байна. Тооноос илүү чанарт анхааръя” гэж яриад байгаа боловч бэлчээрийг үнэгүй байлгадаг. Дээр нь хэдэн ч малтай байсан тэр хүнээс юу ч гардаггүй учраас энэ яриа хэзээ ч биелэхгүй. Тэгсэн хэрнээ нөгөө талд нь худаг ус гаргах, малаа эрүүлжүүлэхэд нь улсын төсвөөс хөрөнгө гаргадаг нь хэвээрээ байгаа. Тиймээс малын хөлийн татварыг нэг хонин толгойд оногдохоор тэгээс зуун төгрөгөөр тогтоох эрхийг сумын ИТХ-д өгөөд сумын ИТХ нь 200 хоньтой хүнийг чөлөөлөөд авсан мөнгөө сумандаа зарцуулах эрхтэй. Энэ мэтээр малын хөлийн татварыг шинээр оруулж ирж байгаа нь бэлчээрийн даац хэтрэлттэй тэмцэх, малыг тооноос чанарт шилжүүлэх гэх мэт татварын олон үүргийн дагуу оруулж ирсэн. Бас Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхонд автомашины тоо хурдацтай өсч байна. Агаар бохирдуулж, түгжрэл үүсч байгаа учраас татварынхаа хувь хэмжээг өсгөе гэдэг асуудлыг оруулж ирсэн. Бусад нутаг дэвсгэрт байгаа автомашин хуучин хувь хэмжээгээрээ төлнө. Зорилго нь түгжрэлийг бууруулах, олсон жаахан орлогоороо бохирдсон агаарыг сайжруулах зэргээр татварын орлого гэхээсээ илүү байгаль экологио хамгаалах зорилготой байх жишээтэй. Мөн орон сууцнаас үл хөдлөх хөрөнгийн татвар авч байгаагүй. Сүүлийн үед зарим иргэд нэг биш, нилээн хэдэн орон сууцтай болж байна. Арван байртай хүн орон сууцаа түрээслүүлж ашиг олоод түүнээсээ нэг ч төгрөгийн татвар төлөхгүй байна. Тиймээс нэг айлын нэг байр, зуслангийн нэг байрыг хасаад гурав дахиас нь татвар авъя. Хотын төвийн сайн байршилтай хөрөнгийн татварыг нэмэгдүүлье гэх зэргээр Хөрөнгийн татварын тухай асуудлыг оруулж ирсэн. Гэхдээ эдгээрийн алийг нь ч УИХ шийдээгүй. Ирэх хаврын чуулган руу шилжүүлсэн. Яагаад гэвэл аль ч шатны төсөвт нэг ч төгрөг тавиагүй. Тэгэхээр татварын орлогыг харсан бус харин хоёр дахь хүчин зүйлсийг тооцоолсон зохицуулалт гэж ойлгох хэрэгтэй.

Дотоодын үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж эдийн засгаа солонгоруулна гээд байгаа. Яг ямар бодлого гаргав?

-Сүүлийн 20 жил энэ сэдвээр ярьж мэтгэлцлээ. Гэхдээ сүүлийн хоёр жилээс л дотоодын үйлдвэрлэл бага зэрэг нэмэгдэж, бүтээгдэхүүний чанар сайжирч байна. Яагаад сүүлийн хоёр жил нэмэгдэв гэхээр өмнө нь Эрээнээс очоод оймс авчих нь илүү хямдхан байлаа. Ханш өөрөө тийм урамшууллыг өгч байсан. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1400 төгрөг байхад дотооддоо үйлдвэрлэх нь ямар ч утгагүй. Харин 1800 болоход “Янмал” оймсны үйлдвэр зах зээлд илүү амжилт олж байгаа юм. Дотооддоо оймс үйлдвэрлэх нь илүү утгатай болж, Эрээний оймс “Янмал” оймстой өрсөлдөж чадахаа больж байна. Энэ мэтээр дотоодын үйлдвэрлэл сэргэж байгаа. Энэ бол гадаад худалдааны алдагдал алга болж хасахаас нэмэх рүү орсны эерэг тал. Мэдээж ам.долларын үнэ өсөхөд экспортлогчид баярладаг. Би Өмнөговь аймагт өчигдөр ажиллаад, Оюу толгойд 320 тонн хүнд даацын автомашин барьдаг жолооч эмэгтэйн ажилтай танилцлаа. Түүний цалин 1500 ам.доллар гэж байсан. Гэхдээ ам.доллараар цалинг нь бодоод төгрөгөөр олгодог юм байна. Тэгэхээр тэр эмэгтэй жолооч Солонгоод ханш өсөх нь ашигтай. Энэ нь экспортыг урамшуулдаг схем юм. Харин ханш өсөхөд импортлогчид бухимддаг. Оймс импортолдог хүн гаднаас оймсоо авч чадахаа больж, импорт нь хаагдана. Түүний оронд “Янмал” оймсны үйлдвэр гарч ирсэн нь импортыг орлосон бүтээгдэхүүн болж буй хэлбэр. Үнэндээ энэ нь хоёр талтай зүйл. Судалгаанаас харж байхад, манай улсын ихэнх компани импортлогч байдаг. Импортлогчид бол юм бүтээдэггүй, нэгээс авч нөгөөд үнэ нэмж зардаг. Нэг нь Эрээнээс авч Нарантуул дээр, нөгөө нь Нарантуулаас авч аймагтаа зардаг. Энэ бол баялаг бүтээх процесс биш, цэвэр худалдааны бизнес эрхлэх үйл ажиллагаа. Ийнхүү үргэлж худалдааны бизнес эрхэлж болохгүй гэдгийг бид 25 жилийн дараа ойлгож эхэлж байна. Дотоодын хүнсний үйлдвэрлэлийг жишээ болгоход гадаадаас импорт хийхгүйгээр, дотооддоо печень, чихэр, сүү, тараг үйлдвэрлэж зах зээлд өрсөлдөж болохоор байна. Валютын ханш нь эдийн засгийн асуудал гэдгийг ойлгохгүй хүмүүс “Валютын ханш өсөх нь муу” гэж ярьдаг. Харин Японы шинэ Ерөнхий сайд Шинзо Абэ “80 байсан нэг ам.доллартай харьцах иенийг 120 болгоно” гэж амласан. Одоо 120 болгочихлоо. Уг нь ханш өсөхөд Японы ард түмэн дүргүйцэх байтал тэгсэнгүй. Учир нь япончууд гадаадаас бага зүйл авч ихийг гадаад орнууд руу экспортолдог учраас ханшаа өсгөхийг дэмжээд байна. Эдийн засаг бол нэг утгатайгаар тодорхойлоход хэцүү ойлголт. Үүнийг сайн тайлбарлаж байхгүй бол популистууд ихээр ашигладаг. Ханш өслөө гээд л орилоод байдаг. Гэтэл тэр нь дотоодын экспортлогчдыг дэмжиж байгаагаараа давуу талтай. Зөвхөн уул уурхай ярьдаг байсан бол уул уурхайн бус экспортын талаар олон хүн ярьж эхэлсэн. Бодитойгоор хийж эхэллээ. Энэ нь дахиад л гадаад худалдааны алдагдал эерэг болсны шинж.

Уул уурхайн бүтээгдэ­хүүний ханшийн уналт 50 жилийн циклтэй байна гэж ярих болсон. Энэ үнэн үү?

-50 жил гэдэг худлаа. Ер нь таван жилийн дотор асар хурдтайгаар дээшилж, доошилж байна. Сайн байсан таван жилд нь МАН УИХ-д гарч таараад муу байсан таван жил нь бидний үед тохиочихоод байна. Гэхдээ үүгээрээ ямар нэгэн гомдол гаргах гэсэнгүй. Харин ч үүнийг ашиглаж монголчууд эдийн засгаа солонгоруулаад амжих хэрэгтэй. Нүүрсний, зэсийн, алтны үнэ ямар байхаас үл хамаараад бид гурвалжин будаагаа Японд экспортолъё. Дэлхийн түүхий ноолуурын 40 хувийг үйлдвэрлэдэг бол үүгээрээ цамц хийгээд зардаг болъё. Энэ л биднийг аварна. Ноолуур жил бүр ургадаг баялаг. Нүүрс, алт, зэс нэг удаа ачигдаад л баяртай, юу ч үлдэхгүй.

Гадны хөрөнгө оруулал­тыг сэргээхийн тулд эрх зүйн олон зохицуулалт хийхээр ярьж заримыг нь эхлүүлсэн. Гэхдээ Оюу толгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт, Таван толгой, Гацууртын ордыг ашиглах асуудал маргаантай хэвээр байна?

-Гацуурт нэг их том орд биш, 70 орчим тонн алттай. Зах зээлийн өнөөдрийн ханшаар 2.1 тэрбум ам.доллар. Оюу толгойн хоёр жилийн үйлдвэрлэлтэй тэнцэх хэмжээтэй алт Гацууртад байна гэсэн үг. Таван толгой бол Хятад улсын нүүрсний бодлогоос хамаараад зарагдахад хэцүү болсон. Урд хөрш маань дотоодынхоо нүүрс олборлогчдыг дэмжих үүднээс гадаадаас орж ирдэг коксжих болон эрчим хүчний нүүрс дээр татвар тавьж байна. Ялангуяа эрчим хүчний нүүрсийг гаднаас авахгүй байхыг бодож байна, тэд. Таван толгойгоос бид зөвхөн коксжих нүүрсийг нь зараад эрчим хүчний нүүрсийг нь овоолоод үлдэж болохгүй. Нүүрсийг хураачихаар өөрөө шатчихдаг учраас экологийн аюул болно. Тэгэхээр бид Таван толгойн нүүрсийг Номхон далайн боомт руу хүргэж чадвал борлогдох боломжтой. Ирээдүйгээ тэгж харах хэрэгтэй болсон. Оюу толгойн хувьд далд уурхайд нь нийт баялгийнх нь 80 хувь байдаг. Энэ 80 хувийг авахын тулд 1280 метр гүнд байгаа далд уурхайг ажиллуулах хэрэгтэй. Түүнийг ажиллуулахад Монголын талаас хүлээх үүрэг байхгүй. Рио Тинтогийн үүрэг учраас бид гэрээгээ биелүүлэхийг шаардаж байгаа. Оюу толгойн хоёр дахь шат оны эцэст хөдөлнө гэсэн хүлээлт бий. Үнэ бага байгаагаар шалтаглаад хойш суух тал нөгөө талд бий. Уг нь үнэ ямар байхаас хамааралгүй далд уурхайг ашиглах хөрөнгийг тэд олж ирэх үүрэгтэй. Тэгэхийн тулд бид ямар нэгэн барьцаа тавих үүрэггүй. Монголын тал 2010 онд хүлээсэн үүргээ бүгдийг нь биелүүлсэн.

Таван толгой дээр яг ямар асуудал байгаа юм бол?

-Таван толгой бол зүгээр нэг компани биш. 10 хувийг нь иргэддээ үнэгүй өгсөн. 10 хувийг нь аж ахуйн нэгжүүдэд зарсан. Хувьцаа авсан иргэдээс мөнгө авсан цөөхөн хэсэг байгаа. Үндсэндээ гурван сая хувьцаа эзэмшигчтэй 80 хувь нь төрд байгаа ийм л компани. Тэгэхээр одоогийн Засгийн газрын бодож байгаа хувилбараар Таван толгой цаашид явахад хэцүү юм билээ. Үүнийг УИХ дээр би хэлж байсан. Юу вэ гэвэл чамд ч надад ч Таван толгойн гээд 1072 хувьцаа бичээд өгчихсөн. Түүнийгээ “сая төгрөгийн үнэтэй юм шүү” гээд зарлачихсан. Хэрвээ чи сая төгрөгтэй байвал түүнийгээ банкинд хадгалуулаад 150 орчим мянган төгрөг авна. Таван толгойн өгөөж нь жилдээ 150 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилахгүй бол болохгүй болчихож байгаа юм. Одоогийн 30 сая тонн нүүрс олборлоод, тээвэрлээд, борлуулаад тэгээд түүнээс Эрдэнэс таван толгой компанид өгөх хувь тусгай роялтиг гурван сая хүний хувьцаанд хуваахад найм орчим ам.доллар болно. Үндсэндээ 150 сая ам.доллар жилдээ олж байж гурван сая хүний хувьцаа үнэ цэнтэй болох юм. Жилийн 25 сая ам.долларын тусгай роялтиг өгснөөс өгөөгүй нь дээр гэдгийг би Их хурал дээр хэлсэн. Тэгэхээр одоогийн гэрээ хэлэлцээрээр явах боломжгүй.

Энэ асуудал сонгуулиас өмнө шийдэгдэхгүй байж магадгүй гэсэн үг үү?

-Ер нь нүүрсний зах зээлийн үнийг харах юм бол энэ асуудал ойрын нэгээс хоёр жилд шийдэгдэх боломжгүй. Дээр нь бид нэг жилийн мөнгөгүйгээсээ болоод үнэтэйг нь урагш нь гаргаад үнэгүй эрчим хүчний нүүрс нь шатаад том машин явснаас илүү экологийн гамшиг болох асуудал байгаа. Эрчим хүчний хийгээд коксжих нүүрс үе үеэрээ давхарга үүсгэж байдаг учраас коксжих нүүрсийг авахын тулд эрчим хүчний нүүрсийг нь ил гаргаж тавихаас өөр аргагүй болдог.

Гацууртын ордод тө­рийн эзэмших хувь хэмжээг тогтоох асуудлыг Засгийн газарт буцаасан. Асуудал яаж шийдэгдэх бол?

-Буцаасан анхны тохиол­дол энэ биш. Оюу толгойн 34 хувийг зээлээр аваад сар бүр зээлийн хүү төлөөд байна гэж их шүүмжлүүлсэн учраас Засгийн газраас оруулж ирсэн стратегийн ордод хувь тогтоох хоёр асуудалд УИХ “Үгүй” гэж хэлсэн. Тэгэхээр цаашид стратегийн ордод төр хувь авч түүнийхээ төлөө мөнгө, хүү төлөөд явах нь буруу юм байна гэдэг бол УИХ-ын байр суурь. Нэгэнт хувь эзэмшихгүй гэж байгаа бол Засгийн газар дахиад нэг сонголтыг оруулж ирсэн. Тэр нь хувь эзэмшихийн оронд тусгай роялти буюу Ашигт малтмалын нөөц ашигласны татвар тавья. Тусгай роялти нь жинхэнэ роялтитай адилхан буюу тав хүртэл хувь байж болно. Хэд байхыг Засгийн газар яриа хэлэлцээрийн үед тогтооно. Яагаад гэвэл орд бүхэн өөр юм байна гэсэн ийм хуулийг цагаан сарын өмнө батлуулж авсан. Энэ хууль Оюу толгой, Таван толгойд эргэж үйлчлэхгүй. Цаашид гарч байгаа Гацуурт шиг ордод хэрэглэнэ. Ер нь Ашигт малтмалын нөөц ашигласны татвар бол хамгийн харгис татвар. Аж ахуйн нэгж алт, зэс, нүүрс олборлоход нь үүдэнд нь пүү тавьж байгаад зах зээлийн үнийн дүнгийнх нь таван хувийг аваад явчихдаг. Тэр нүүрсийг олборлоход ямар зардал гаргасан, ашигтай ажилласан үгүйг сонирхдоггүй. Шууд хэлбэл таван хувийн Ашигт малтмалын нөөц ашигласны татвар гэдэг бол бараг 20 ба түүнээс дээш ашгийн татвартай тэнцдэг зүйл.

Гацууртын ордыг стратегийн ордод ашиглах шийдвэрийг хэсэг бүлэг хүмүүс эсэргүүцэж байгаа тухайд. Д.Эрдэнэбат сайд хүртэл тэмцэгчидтэй нэгдэж байгаа бололтой?

-Гацууртыг тойрсон улстөржилт их явагдаж байгаа. Ноён уулыг ухах гэлээ гэж байна. Үнэндээ Ноён уулаас холгүйхэн олборлолт явуулаад 15 жил болж байгаа юм. Д.Эрдэнэбат “Манай компани Ноён гэдэг нэртэй” гээд байна билээ. Тэр бол асуудал биш. Асуудал нь археологийн хүрээлэнгээс Гацууртын орд Ноён уулын булш хүртэл зургаан км зайтай гэдгийг тогтоосон. Ноён уулын булшны дор бас алт байгаа. Тэнд Монголын “Гүнбилэг трейд” компани лиценз эзэмшдэг. Гацууртын олборлолтыг хийх гээд байгаа тэр газарт түүхийн ямар ч олдвор байхгүй.

Дээр нь байгаа шороон ордыг нь сүүлийн 15 жил ухаж олборлоод одоо газар дор байгаа үндсэн ордыг нь ашиглах тухай ярьж байна. Ноён уулын алтыг ухуулахгүй, булшийг ухуулахгүй гэж ярьж байгаа хүмүүс үнэн хэрэгтээ хууль ёсны лицензтэй компанийг хөөж явуулах хүсэлтэй байгаа. Явмагц нь орж алтыг нь, булшийг нь ухаж гадаад руу хууль бусаар зарах гэж байгаа хүмүүс.

Тэр 70 тонн алтанд бид манаач тавьж чадахгүй. Хүннү­гийн булшийг одоохондоо “Гүн­би­лэг трейд” компани хамгаалж байгаа байх. Мөн нэг зүйлийг тодотгож хэлэхэд Гацууртын ордыг ашиглах компани роялтын хувь буурс­ныг ашиглаж олборлосон алтаа 100 хувь Монгол банкинд тушааж мөнгө авах юм. Ер нь бол төр лиценз өгсөн л бол хууль ёсны үйл ажиллагаа явуулдаг хариуцлагатай ком­па­ниу­дын эрхийг хамгаалах ёстой. Тиймдээ ч бид нинжадах гэж байгаа, хэн нь мэдэгдэхгүй, улсад татвар төлдөггүй, байгаль орчин сүйтгэсэн хэрнээ нөхөн сэргээлт хийдэггүй тийм хүмүүсийн хууль бус үйлдлийн эсрэг хатуу зогсох хэрэгтэй.

-“Гүнбилэг трейд” компани Хүннүгийн булшны дор байгаа алтыг хэзээ нэгэн цагт авна гэсэн үг үү?

-Авахын тулд хуульд заасан нөхцөлүүдээ биелүүлэх үүрэгтэй. Тэр компани мөнгөтэй байна уу. Тэр бүх археологийн олдворыг гаргаж ирэх чадвар байна уу. Хэрвээ чадвар байхгүй бол алт олборлох зөвшөөрлийг нь өгөхгүй.

Оюу толгойн 34 хувийг зарах уу, гэрээнд өөрчлөлт оруулах уу гэж нэг хэсэг ярьсан?

-Нэгдүгээрт би зарахын эсрэг байгаа. Ийм их зовлон туулж ирсэн, бас нэг үе 25 ам.доллар болсон зүйлийг одоо дөнгөн данган гурван ам.доллар хүрч байхад нь зарвал утгагүй. Бирж дээр зарагддаг бодитой хувьцаа болгож хувиргая гэж байгаа. Одоо ялгаагүй хувьцаа ч бирж дээр зарагддаггүй амьгүй хувь­цаа. Тиймээс амьтай хувьцаа болгоё. Ийм болгосны дараа зарах зарахгүйг УИХ шийднэ.

Ерөнхий сайд Японд очиж Эдийн засгийн түнш­лэлийн гэрээг байгууллаа. Та саяхан очсон. Гэрээний хэрэгжилт үр дүнгийн талаар мэдээж ярилцсан байх. Энэ тухайд?

-Хэзээ Монголын компаниуд дэлхийд зарагдах бараа үйлдвэрлэнэ тэр үед л хэрэг болно. Манайх сүүлийн 35 жил ямаагаа өсгөөд ноолуураар нь цамц хийж зараад амжилттай байгаа. Гэхдээ бидний зарж байгаа хэмжээ бага байна. Нэг өдөр гэрээ байгуулагдахад маргааш нь баяжина гэж байхгүй. Яагаад заавал Японтой энэ гэрээг байгуулав гэсэн асуулт бий. Яагаад гэвэл Монгол Япон улсуудын эдийн засаг нь нэг нэгнээ нөхөх шинж чанартай. Японд байгалийн баялаг байхгүй бол тэр нь Монголд байна. Монгол Улс БНХАУ-тай транзит тээврийн гэрээ байгуулсан. Удахгүй хойд хөрштэй байгуулна. Тэгэхээр манай байгалийн баялаг Японд хүрнэ гэсэн үг. Тэр улсын том эдийн засгийг олон арван жилээр хөдөлгөх нөөц манайд байна. Харин манайд юу байхгүй байна гэхээр Японд байдаг өндөр технологи болон худалдааны сүлжээ байхгүй. Тиймээс дэлхийн зах зээл дээр гарч аль болох олон зүйлийг зарахгүй бол монголчуудын хэрэглээ өндөр шаардлагатай болж байна. Хуучин шигээ лавшаа идэж, морь унадаг монголчууд биш болсон. “Iphone”-оос эхлээд олон зүйлийг хэрэглэж байна. Энэ бүхнийг бид валютаар авна. Валютыг төлөхийн тулд ямар нэгэн зүйлийг валютаар зарж таарна. Тэр нь зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн байвал үнэ унахаар гацаад байна. Тэгэхээр бид бүтээгдэхүүн хийж таарна. Гэтэл дэлхийн зах зээл тэр чигээрээ эзлэгдсэн. Хэн нэгэнтэй хамтрахгүй бол биднийг оруулахгүй. Тиймээс л дэлхийн зах зээлд байр сууриа олчихсон, бүх оронд өөрийнхөө барааг зарж чаддаг сүлжээтэй, технологитой ийм улстай хамтарч ажиллая гэдэг үүднээс Эдийн засгийн түншлэлийн гэрээг Япон улстай байгуулсан. Үүнийг гэнэт нэг өдөр хийгээгүй. 2009 онд С.Баяр Ерөнхий сайдын айлчлалын үеэр Японы талд санал тавьж зургаан жилийн дараа гэрээ байгуулагдаж байна. Японтой гэрээ байгуулсан 15 дахь улс нь Монгол. Харин манай улсын хувьд анхны хэлэлцээр болж байна.

Ер нь тэргүүн ээлжинд ямар салбар хөгжих бол?

-Ноолуураар жишээ авч тайлбарлая. Дэлхийн түүхий ноолуурын 40 хувийг Монгол, 48 хувийг Хятад, 12 хувийг Пакистан зэрэг жижиг орнууд үйлдвэрлэдэг. Гэтэл бид үйлдвэрлэсэн түүхий ноолуурынхаа 90 хувийг боловсруулалгүй гаргаж 10 хувиар нь цамц хийж байгаа. Харин Хятад бараг дэлхийн бүх түүхий ноолуураар бэлэн бүтээгдэхүүн хийж байна гэвэл хилсдэхгүй. Хятадад өвөр монгол малчнаас эхлээд худалдагч хүртэлх бүх шатандаа цалинтай байгаа бол бид 140 мянган малчнаас бусад хүнд ноолуурын аш­гийг хүртээж чадахгүй байна. Энд дутагдаж буй хоёр зүйл бий. Нэгдүгээрт, бид 7000 тонн ноолуураа утас болгож чадахгүй байна. Энэ нь цамц хийж чадахгүй гэсэн үг. Утас болон цамц үйлдвэрлэх автомат машиныг Японы Шимасики компани үйлдвэрлэдэг. Өвөр Монголын Ордосын ноолуурын үйлдвэрт гэхэд арван мянган ийм машин бий. Гэтэл манай Говь компанид 300-хан байдаг. Тэгэхээр манайх 10 мянган Шимасики машинтай болж байж долоон мянган тонн ноолуур маань цамц болно. Хоёрдугаарт, бид үйлдвэрлэсэн цамцыг нь дэлхийд гаргах сүлжээ, туршлага байхгүй. Түүнийг нь даах санхүүгийн капитал байхгүй. Цамц аваачаад жи­лийн дараа зарагдах хооронд зээлийн хүү нь гүйцэж дахиад алдагдалд орно. Тэгэхээр үүнийг хийдэг Японы Иточу­тай нөхөрлөх ёстой. Иточу бол II дайны дараа Японы нэхмэлийн аж үйлдвэрийг хөгжүүлж ирсэн. Япончууд эхлээд Сониг үйлдвэрлэдэггүй өмд, цамц үйлдвэрлэж дэлхийд гарсан. Тиймээс Шимасики, Иточутай хамтарч түүхий ноолуураараа бэлэн бүтээгдэхүүн хийвэл гурван саяулаа биш гэхэд 500 мянган монгол хүний ажлын байр гараад ирж байгаа юм. Дэлхийд ноолуураар том гүрэн болох бүрэн боломж байна. Одоо болтол хийж чадаагүйгээ Эдийн засгийн түншлэлийн гэрээгээр нөхье. Жишээ нь Шимасики машиныг авахад Японы ЖБИК туслахад бэлэн байгаа. Энэ мэтээр хамтраад дэлхийн зах зээлд өрсөлдье гэдэг санаанаас саяын гэрээ гарсан. Одоо бодит ажил хэрэг болж байна.

Гэрээ байгуулагдсанаар бүх харилцаа зохицуу­лагдана гэж байхгүй байх. Виз, Японы компаниудтай танилцах гэх мэт асуудал бий?

-Манайхан асуудлыг их хялбаршуулж ойлгодог тал бий. Гэрээ байгуулагдсан, бүх зүйл сайхан болно гэж. Үгүй. Үүнийг ажил хэрэг болго­хын төлөө Засгийн газрын байгууллагуудаас эхлээд хувийн байгууллагууд ажиллах ёстой. Хувийн байгууллагуудын ажиллах нөхцөлийг Засгийн газар бүрдүүлж өгч байгаа болохоор үүнээс цааших нь цэвэр бизнесийн асуудал. Виз­ний асуудлыг хөндөж эхэлсэн. Удахгүй шийдэгдэх байх.

МАН-аас төрд ажиллаж байсан хүмүүсийн үйлийг үзэж дуусаад АН руу орлоо. АТГ гэдэг аймшигтай байгууллага гарч ирлээ гэж шүүмжлэх болсон?

-Ер нь АТГ-ыг байхгүй байхад “Авлигатайгаа яагаад тэмцдэггүй юм. Төрөөс төрсөн тэрбумтангууд. Насаараа төрд ажиллачихаад унаж яваа машин, сууж байгаа хаусыг нь хар” гэдэг байсан. Тэгээд 2006 оны үед тухайн үеийн хуулийн байгууллага авлигатайгаа тэмцэж чадахгүй юм байна гээд АТГ-ыг байгуулсан. Түүнээс хойш 40 орчим мянган хүний хөрөнгө орлогын мэдүүлгийг авдаг, шалгадаг. Алдаа гарвал ажлаас нь халдаг нэг үүрэгтэй ажиллаж байгаа. Нөгөө талаас авлига өгсөн, авсан байвал мөрдөн байцаалт явуулж ял өгч болдог. Тэгээд байгуулагдсанаасаа хойш хэдэн мянган хүнийг аваачаад шоронд хийгээд байгаа юм уу гэхээр үгүй. Бараг гарын арван хуруунд багтах хэдхэн хүнийг барьсан, хорьсон. Ер нь авлигатай тэмцэж л таарна. Тэр тэмцэл нь таалагдахгүй байж болно. Түүгээр улс төр хийж болно. Түүнийг хуулийн хүрээнд авч үзэхээс биш зөв бурууг нь хэлдэг байгууллага УИХ биш. Энэ байгууллага нь өөрөө хүн хэлмэгдүүлж, хууль зөрчиж байна уу гэдгийг шалгадаг газар нь бас байгаа.

Тэгвэл ирэх хаврын чуул­га­наар ямар асуудлуудад шийдвэр гаргах гэж байна вэ?

-Сонгуулийн, намын, намын санхүүжилтийн, эрүүгийн, зөрчлийн, эрүүгийн байцаан шийтгэх, өмч хувьчлалын, Үндсэн хуулийн өөрчлөлтийн гэх мэт хуулиуд яригдах байх. Ерөнхийдөө эдийн засагтай холбоотой шийдвэрүүдээ гаргачихсан. Одоо Засгийн газрын хэрэгжүүлэх үүрэг нь үлдсэн.

Казиногийн, Бооцоот морин уралдааны, Эдийн засгийн өршөөлийн хуулийг хэрхэх юм бол?

-Бүгд өргөн баригдсан. Заримынх нь хэлэлцүүлэг эхэлсэн, зарим нь эхлээгүй. Энэ завсарлагааны хугацаанд ажлын хэсгүүд үргэлжлүүлэн ажиллаж байгаа. Одоо сонин үзэгдэл гарах болж. Хэвлэл, сошиал медиагаар нэг сэдвийг шүүрч аваад хэдэн талаас нь ярьдаг. Гэр бүлийн хүчирхийллийг өнөөдөр батлахгүй бол маргааш хүүхэд үхлээ гээд шуугиан тарьж туйлширдаг. Гэтэл гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Түүнийг чангаруулж захиргааны хариуцлага тооцдогийг нь эрүү үүсгэдэг болгох уу үгүй юу гэдэг бодлого байгаа. Түүнээс биш манайх хүүхдээ зодож болдог тэр нь хуульгүй байгаад хууль гаргачихвал маргааш хүүхдээ зодохоо болино гэж ярих болж. Хууль нь байсаар байна, хүүхдээ зодож болохгүйг бүгд мэднэ. Ийм байхад дөрвөн настай хүүхдийнхээ амь насанд хүрлээ. Ийм тохиолдлыг заавал эрүүгээр яллах ёстой. Гэхдээ үүгээр гэр бүлийн хүчирхийллийн хуулийг маргааш гаргахыг шаардаж болохгүй. Хүмүүсийн шаардаж байгаачлан одоо байгаа хуулиа чангаруулаад маргааш баталчихаж болно. Тэглээ гээд ийм үзэгдэл зогсохгүй. Хуульгүйгээс гэмт хэрэг гарч байгаа юм биш. Хуулиа хэрэгжүүлдэг олон дэд бүтцийг Монгол хийхгүй байгаагаас гэмт хэрэг гараад байгаа юм.

Сонгуулийн хууль, Үндсэн хуулийн өөрчлөлтөд намууд санал нэгдэж чадаж байна уу?

-Нэгдсэн ойлголцолд хүрээгүй учраас хэлэлцүүлэг хийж болохгүй байна.

Сонгууль дөхөж байгаа нь хямралыг дэвэргэх, гарсан шийдвэрүүдийн үр дүнг үзэхгүйд хүрэх юм биш биз гэсэн болгоомжлол бас байгаа?

-Ер нь сонгуулийн үеэр эдийн засаг байтугай л зүйл болдог. Баахан худлаа уриа лоозон гаргана. Популизм ярина. Ер нь бол жил зургаан сарын дараа болох сонгуулийн дараа одоо ярих хэтэрхий эрт байна. Болох юм болох цагтаа л болно.Гэхдээ хэн юу яриад байгааг Монголын ард түмэн ойлгодог болсон. “Сонгууль дөхсөн учраас бусдад таалагдаж гэж өнөөх худлаа зүйлээ яриад эхэллээ” гэж мэддэг болсон учраас гайгүй байх. Сонгууль болсон болоогүй үйлдвэрүүд ажиллах ёстой. Бараа зарагдах ёстой. Ажилчид цалингаа авах ёстой.

Л.МӨНХТӨР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Aрхаг С хепатитыг бүрэн эмчлэж чадах “Harvoni” эм Монгол Улсад удахгүй бүртгэгдэнэ

“Эрүүл Элэг” хѳтѳлбѳрийн хүрээнд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба АНУ-ын Сан Франциско, Вашингтон ДС хотуудад ажлын айлчлал хийжээ.

Энэ айлчлалыг Монгол Улсын Эрүүл мэнд, спортын яам, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, Оном сан хамтран зохион байгуулсан аж. Уг айлчлалын хүрээнд АНУ-ын Гилеад Сайнсес компанийн Судалгаа хөгжүүлэлт хариуцсан тэргүүн дэд ерөнхийлөгч, Шинжлэх ухаан хариуцсан ерѳнхий захирал доктор Норберт Бишофбергер, Клиникийн судалгаа хариуцсан тэргүүн дэд ерөнхийлөгч доктор Жон МакХачисон болон бусад төлөөлөлтэй уулзсан байна. Монгол Улсын 400 мянга гаруй хүн өвчлөн шаналж байгаа хепатитын вирүсийн халдвар тэр дундаа архаг С хепатитыг эмчлэхээр Эрүүл мэнд, спортын яам санаачлагч байгууллагуудтай хамтран “Эрүүл Элэг” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ.

Хепатитын С вирүсийн эсрэг үйлчилгээтэй эмийг энэ вирүсээр шаналж байгаа иргэддээ түргэн шуурхай хүргэхийн тулд Монгол Улсын хүний эмийн бүртгэлийн журманд өөрчлөлт оруулж, эмийн хатуу зохицуулалттай АНУ, Европын Холбооны Улс зэрэг ѳндѳр хѳгжилтэй улсуудад батлагдсан эмийг түргэвчилсэн замаар бүртгэхээр болсон гэнэ. Шинэчлэгдсэн журмын дагуу өнгөрсөн хоёдугаар сард Хүний эмийн зөвлөл хуралдаж анхны эмээ бүртгэсэн нь хепатитын С вирүсийн эсрэг үйлчилгээтэй софосбувир /Гилеад Сайнсес компанийн/ байв. Энэ удаагийн уулзалтын гол үр дүн нь софосбувирийн дараагийн шатны “Harvoni” эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэж, эмчилгээнд нэвтрүүлэхээр болсон явдал байлаа. “Harvoni” нь хепатитын С вирүсийн эсрэг шууд үйлчилгээтэй бөгөөд дангаар нь эмчилгээнд хэрэглэдэг, сѳрѳг нѳлѳѳ багатай, маш ѳндѳр үр дүнтэй зэрэг давуу талтай юм. Иймээс хугацаа алдалгүй өндөр үр дүнтэй энэ эмийг Монгол улсад бүртгэх нь тун чухал хэмээн уулзалтын үеэр яригджээ.

Ийнхүү Монгол Улсын хууль тогтоомж эмийн журмын дагуу Гилеад Сайнсес /Gilead Sciences/ компани нь албан ёсны гэрээт компаниар дамжуулан “Harvoni” эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлэх бүх баримт материал бүхий албан хүсэлтээ илгээсэн тохиолдолд Эрүүл мэнд, спортын яам хугацаа алдалгүй бүртгэх боломжтой гэдгээ Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба уг уулзалтан дээр мэдэгдлээ. Түүнчлэн /Gilead Sciences/ компани энэ оны дөрөв сарын эхээр холбогдох материалаа явуулан бүртгүүлэхээр тѳлѳвлѳж байгаагаа мэдэгдлээ.

Үүнээс гадна Эрүүл мэнд, спортын сайд “Harvoni” эмийг өмнө нь бүртгэсэн “Sovaldi” эмийн адил хөнгөлттэй үнээр авч, ард иргэддээ хүргэх боломжийн талаар ярилцжээ. Гилеад Сайнсес компани “Harvoni” эмийг “Sovaldi” эмэнд үзүүлсэн хөнгөлттэй үнээр “Эрүүл Элэг” хѳтѳлбѳрийн хүрээнд Монголын ард түмэнд С хепатитын эмчилгээнд нэвтрүүлэх боломжтой гэдгээ уламжилсан байна.

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбын АНУ-ын Сан Франциско, Вашингтон хотуудад хийж байгаа ажлын айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Эрүүл мэнд спортын яамны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Ганчимэг, Монголын Элэгний эмч нарын нийгэмлэгийн дэд ерѳнхийлѳгч Анагаах ухааны доктор, дэд профессор Г.Зулхүү, Монголын Элэгний эмч нарын нийгэмлэг болон Оном сангийн гүйцэтгэх захирал Анагаах ухааны доктор Д.Наранжаргал, Оном сангийн ТУЗ-ын дарга Шинжлэх ухааны доктор Д.Наранбаатар болон албаны бусад хүмүүс оролцжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Дашдорж: Төр үүргээ гүйцэтгэсэн бол эрдэнэт хүний амь үрэгдэхгүй, хүүхэд гэмт хэрэгт холбогдохгүй байсан

Шинэ оны эхний амралтын өдөр Хандгайтад чаргаар гулгаж байсан хүү 60 орчим настай иргэнийг дайрсан харамсалтай хэрэг гарсан. Чаргаар гулгаж явсан хүүд дайруулсан иргэн амиа алдсан. Цагдаагийн байгууллагаас хүүг хүний аминд хүрсэн хэргээр шалгаж байсан юм. Хүүгийн өмгөөлөгч Б.Дашдоржтой ярилцлаа.

-Танай үйлчлүүлэгчийг санамсаргүйгээр хүний амь хөнөөсөн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагаас шалгаж байсан. Хэрэг аль шатанд байгаа вэ?

-2015 оны нэгдүгээр сарын хоёрны өдөр энэ харамсалтай хэрэг гарсан шүү дээ. Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаад хэргийг өчигдөр прокурор руу шилжүүлсэн. Хүүг Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т зааснаар буюу бусдыг болгоомжгүй алсан гэдэг үндэслэлээр шалгаж прокурорын байгууллагад шилжүүлсэн.

-Тухайн үед амралтын өдөр байсан. Хандгайт руу маш олон хүн очсон. Ямар ч хамгаалалт, хашаагүй уулын аманд тэр олон хүн нэгнийхээ завсар зайгаар л гулгаж байсан шүү дээ. Хүний аминд хүрсэн гэгдээд байгаа хүү ч тэдний нэг.

-Дулаахан ч өдөр байсан. Хохирогч ч, холбогдогч ч баярын өдрүүдэд цэвэр агаарт гарч чөлөөт цагаа өнгөрөөхөөр л очсон. Хэн ч атгаг санаа агуулаагүй. Тэр хүү тоглож яваад ийм асуудалд орсон. Хохирогч ч үр хүүхдүүдтэйгээ агаарт гарахаар очсон хүн. Өнөөдөр таны ч, миний ч хүүхэд тоглож наадахыг хүсдэг. Хэн ч үр хүүхдээ дагуулаад агаарт гарахыг боддог. Үнэхээр алийг нь ч буруутгах аргагүй. Өндөр уулын орой дээрээс гулгасан хүүхэд хөөрчихсөн л байсан. Хэн ч л тэгдэг шүү дээ. Тэр хүү өөрөө ярьдаг юм. “Дээрээс гулгаад явж байтал гэнэт чарга довон дээр үсрэх шиг болсон. Цас үсэрч, юу ч харагдахгүй унах шиг л болсон. Босоод иртэл тийм зүйл болчихсон байсан” гэж ярьдаг юм. Өглөө хоёр найзтайгаа “Цанын бааз дээр тоглочихоод ирье” гээд инээгээд гарсан хүү орой тийм аймшигтай зүйл болчихсон. Тэр хүү ч биш өөр хэн нэгний хүүхэд тоглож яваад гэмт хэрэгтэн болох нөхцөл бүрдсэнийг л энэ хэрэг харууллаа шүү дээ.

-Хүмүүс олноороо цугласан газар цагдаа ч, эмч ч оччихсон байх үүрэгтэй. Олон хүнтэй газар төр өөрөө зохицуулалт хийх ёстой. Гэтэл тэр олон хүнийг зохицуулахыг оролдсон ч хүн байгаагүй. Энэ бас нэг нөхцөл болов уу?

-Хэргийн газрын зургийг харахад өөрийн тань асуугаад байгаа дүр зураг харагддаг. Буруутан нь хэн бэ гэдгийг шүүх тогтооно. Хуулийн хариуцлагаар яривал холбогдсон хүүхэд буруутан болох гээд байдаг. Гэтэл хэрэг гарах болсон нөхцөл, шалтгааныг нь авч үзвэл Хандгайтад үйл ажиллагаа явуулж байгаа, зохион байгуулах үүрэг хүлээсэн байгууллагын гэм буруугийн асуудал яригдана. Нөгөө талаас эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хүүхэд аюулгүй газар тоглох ёстой гэх зэрэг Үндсэн хуулиар баталгаажсан эрхийг хангахгүй байгаагаас энэ хэрэг гарсан. Төр засаг, түүний үйлчилгээг үзүүлэх ёстой байгууллага, хяналт тавьдаг газруудын хоорондын уялдаа холбоо байхгүйгээс энэ хэрэг үүссэн. Аюулгүй ажиллагааны журмыг хангаагүй байгууллага үйл ажиллагаа явуулаад байхад төр яагаад хяналт тавиагүй юм бэ. Стандарт, заавар журмыг яг таг баримтлуулаад төр ажлаа хийсэн бол бол эрдэнэт хүний амь үрэгдэхгүй, хүүхэд гэмт хэрэгт холбогдохгүй байсан.

-Хандгайтыг ажиллуулж байсан байгууллага нь чарга түрээслэх л үйлчилгээ үзүүлдэг байсан юм биш үү. Тэднийг хянадаг байгууллага гэж байсан юм болов уу?

-Түрээсээр хувь хүн ажиллуулж байсан юм билээ. Өдөр тутмын үйл ажиллагааг нь хянаж байх ёстой төрийн байгууллага ажлаа хийгээгүй. Үнэхээр болохгүй байсан бол хаах байсан. Ядаж олон хүн цугласан тэр өдөр зурвасаа зааж өгөөд, хамгаалалт гаргаж, өндрийн цэгийг тогтоочихсон бол энэ гэмт хэрэг гарахгүй байсан. Тэнд хүмүүс очоод иргэний үнэмлэхээ тавиад чарга түрээслэж хаа, хамаагүй л гулгаж байгаа.

-90 гаруй жилийн түүхтэй тусгаар улсын нийслэл ганц цанын бааз тохижуулж чадаагүй. Өвөлжөөний хажуудах уулын энгэр шиг газар хамгаалалтгүй олон хүн цуглаж, завсар зайгаар тоглодог. Төр иргэндээ хүрч үйлчилдэггүйн жишээ нь энэ биз?

-Ядаж малгай өмсүүлээд, амарч байгаа хүмүүсийг замын зоноос холдуулах зэргээр заавар зааварчилгаа өгсөн хүн нэг ч байхгүй. Эмч ч, цагдаа ч бэлэн л байх ёстой. Хэрэг гарах үед цагдаа байсан эсэхийг мэдэхгүй. Дуудлагаар эмч очсон. Анхан шатны тусламж үзүүлэхэд цаг алдсан. Төр хүндээ хандсан ямар ч ажил хийдэггүйг энэ золгүй явдал харуулсан нь үнэн.

-Аюулгүй орчинг нь төр хангаагүйгээс болж хүний амь эрсдэж, хүүхэд хүн амины хэргээр шалгагдаж байгаагийн хариуцлагыг хэн хүлээх ёстой вэ. Тэр хүү хэрэгтэн болоод өнгөрөх үү?

-Гэмт хэргийн бүрэлдэ­хүү­ний тухайд миний үйлчлүүлэгч 16 нас хүрээгүй учраас гэмт хэргийн субьект биш. Гэхдээ эрүүгийн хариуцлагаас мултрах тухай ярих гээгүй. Тэр хүүхдийн бие махбодь, сэтгэл санаа нь гүн цочролд орсон. Нөгөө талд эрдэнэт хүний амийг хэн хариуцах вэ гэдэг асуудал яригдана. Хайртай ааваа, ахаа алдсан ар гэрийнхэнд нь маш хүнд байгааг ойлгож байна. Эрүүгийн гэмт хэрэгт хохирогчийг гомдолгүй болгох асуудал тэргүүнд тавих ёстой. Тиймээс ч хохирогчийн тооцож өгсөн хохирлыг хамгийн түрүүнд барагдуулахаар ар гэрийнхэн нь зүтгэж байна.

-Хүүгийн аав, ээжид боломж хэр байна вэ?

-15 сая төгрөг нэхсэн. Хүүгийн аав, ээж группт байдаг. Тэр мөнгийг өгөхөд үнэхээр хүнд юм. Бүтэн жилийнхээ группийн мөнгийг авахад дөнгөж хоёр сая төгрөг болох юм. Тэр мөнгийг аваад хохирогчийн ар гэрийнхэнд өгсөн. Одоо аав, ээж нь мөнгө хайж байгаа. Танай сонинд бодит байдлыг ярьж байгаагийн хувьд харьяа дүүргийн хүүхдийн байгууллага, сайн дурын байгууллагууд, сайхан сэтгэлтэй хүмүүс хүүд туслаач гэж хүсмээр байна. 15 сая төгрөг аваад хохирогчийн гомдол арилчихгүйг ойлгож байна. Ядаж эд материалын хохирлыг төлчих юмсан. Сайн, сайхан үйлсийн төлөө нэгдсэн хүмүүс хүүгийн эцэг, эхтэй холбогдож туслаасай. Яагаад ингэж хүсээд байна гэхээр нэг талаас хүүхдийн эрх, нөгөө талаас эрдэнэт хүний амь яригдаж байгаа. Хохирогч тал хохирлоо нэхэмжилж байгаа нь зөв. Хүү үйлдсэн хэргээ ухамсарлаж манай тал хохирлыг бүрэн төлье гэж хичээж, зүтгэж байгаа. Даанч тэр айл хоёр сая төгрөгөөс илүүг олж чадсангүй. Насанд хүрээгүй хүүхдийн онцлог, хэрэг гарсан нөхцөл шалтгааныг тооцоод тэр хүүхдэд туслаасай гэж бодох юм.

Аав нь хохирогч талтай уулзсан, уучлал гуйсан. Талийгаачийг босгоод ирж чадахгүйгээс хойш ажил явдалд гарсан мөнгийг өгье гэсэн. Хохирогч тал энэ хэрэг юунаас болов гэдгийг бас тунгааж байгаа байх.

-Хүүхдийн байгууллагад хандсан уу. Манай сонин хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудаас энэ хэрэг дээр хэр анхаарч байгааг асуухад нэг нь нөгөө рүүгээ түлхсэн хариулт өгч байна лээ.

-Баянгол дүүргийн хүүхдийн байгууллагаас хүмүүс ирж уулзсан. Сэтгэл санааны чиглэлээр тусалъя гэсэн учраас аав, ээжтэй нь холбосон. Хүүхдийн төлөө байгууллагын төсөв хүрдэггүй байх. Ерөөсөө л төрийн бодлогын хэмжээнд хүүхдийн төлөөх ажил орхигдчихсон. Хүүхэд гэмт хэрэгт холбогдоход хүүхдийн төлөө байгууллагаас “Асран хамгаалж, харгалзан дэмжинэ” гэдэг бичгийг шүүхэд өгдөг. Дараа нь тэр хүүхдэд хандсан үйл ажиллагаа явуулж байгаа нь харагддаггүй. Төр үнэхээр хариуцлагагүй байснаас өнөөдөр насанд хүрээгүй хүүхдэд гэм буруугийн асуудал яригдаж байна. Тэр хүү гулгасан нь буруу юу, тоглоё гэж гэрээсээ гарсан нь буруу юу. Машин жолоодож явсан бол арга хэмжээ авсангүй гэж болно. Чарга бол чарга, хүүхэд бол хүүхэд шүү дээ. Хөөрчихсөн хүүхдэд “Ингэвэл ингэнэ шүү дээ” гэх ухамсар байдаг бил үү. Олон хүн харж хөөрсөн, чарган дээр салхи татуулан яваа тэр хүү тийм аймшигтай зүйлийг төсөөлөө ч үгүй. Хэний санаанд орох юм бэ.

-Тэр ослоос хойш Хандгайтад юу өөрчлөгдсөн бол?

-Өөрчлөгдсөн юм байхгүйг иргэд мэдэж байгаа. Ийм байдалд хүүхдээ оруулахгүйн тулд хүүхдээ гэрээс гаргахгүй, таг цоожлох л арга байна. Нэгэнт төр ажил хийхгүй байна, өөр яах юм. Уг нь хүүхэд эрүүл агаарт тоглох нь хамгийн зөв гэж дэлхий нийт зөвлөж байгаа. Одоо төрийн эрх барьж байгаа хүмүүсийг багад нь цоожлоод үлдээж байсан гэж төсөөл дөө. Хүүхдэд том шийтгэл биз. Гэтэл тоглож, наадаж яваадгэмт хэрэгтэн болбол яах билээ. Хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох нь жил ирэх тутам өсч байна. Ерөөсөө л төр муу ажиллаж, хүүхдийн төлөө юу ч хийдэггүйнь эндээс харагдаж байгаа.

-Хүүхдэдээ анхаарал тавьсангүй. Хамт явсангүй гэж эцэг, эхийг нь шүүмжилдэг юм болов уу?

-15 настай хүүхэд найзуудтайгаа цанын баазад тоглоно гэхээр дагах хүн олон уу. Тэр хүү байрны хонгилд сууж компьютер тоглоогүй. Манайд хүүхэд чөлөөт цагаа зөв өнгөрөөдөг газар байдаг уу. Хэдэн кино театрыг л нэрлэх байх. Тэгэхээр цанын баазад очиж тоглосон хүүхдэд буруу өгч чадахгүй.

Сурлага сайтай, даруухан хүү байна лээ. Аав ээж нь хүүдээ маш сайн анхаарал тавьдаг. Аав нь өдөр бүр надтай утсаар ярьж, яах вэ гэж асуудаг. Гэр бүлээрээ хямарчихсан. Маш хүнд байдалтай байгаа.

-Төр буруутай гэж үзэж байгаа бол хохирогчийн хохирлын мөнгийг төрөөс гаргуулахаар гомдол гаргаж болдоггүй юм уу?

-Их сонин асуулт байна. Хууль хяналтын байгууллага үүнийг шалгаж, хянах ёстой. Төрийн буруутай үйл ажиллагаанаас боллоо гэвэл тэнд хүний амь хохирчихоод байхад бид буруугаа бусдад нялзааж байгаа мэт харагдана биз дээ. Шүүх хүүг шүүхдээ гэмт хэрэг гарах үеийн нөхцөл байдлыг харгалзаж хөнгөрүүлэх болов уу.

-Шилжилтийн насны хүү­хэд тоглож яваад тийм хэрэг үйлдчихлээ гэж бодоход л сэтгэлийн хямралд орох байх. Хүүгийн сэтгэл санаа ямар байна вэ?

-Чаргатай хүн унадаг. Унаад босоод иртэл тийм үйл явдал болсныг, өөрөө дайрсныг мэдэхэд хүүхдэд ямар байх нь ойлгомжтой. Шөнө бүр хар дарж, орилж босдог байсныг аав ээж нь ярьсан. Тухайн үед болсон үйл явдал байнга нүдэнд нь харагддаг болсныг гэрийнхэндээ хэлдэг байсан. Нэг сар сургуульдаа яваагүй. Аав, ээж нь сэтгэлзүйчтэй хамтарч ажилласан юм билээ. Түүний хүчинд арай гайгүй болсон. Өөрийгөө буруутай гээд нэг их дуугардаггүй. Өмгөөлөгчийн хувьд ч олон юм асуух хэцүү байдаг. Хүүхдийн сэтгэл зүй маш эмзэг. Насан туршдаа гэмшиж явах вий гэж айх юм. Олон хүн цугладаг газар очихоо болино, үйлдэл бүрээ цэгнэдэг болно, зожгирно гэх зэргээр эрсдэл их байгаа.

Ц.ӨРНӨХ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Уянга: Дөрвөн настай охинд зориулсан зул өргөх ёслол бие биеэ хайрлах нийгмийн сэтгэл зүйг сэдрээлээ

Харамсалтайгаар амиа алдсан дөрвөн настай охинд зориулсан цагаан жагсаал, зул өргөх ёслол болсон билээ. Зайсан дахь Бурхан багшийн цогцолборт болсон зул өргөх ёслолыг твиттерчид зохион байгуулсан. Энэ талаарЭлийрэгчнэрээр жиргэдэг “M.A.D Mongolia” компанийн гүйцэтгэх захирал Ц.Уянгатай ярилцлаа.

Дөрвөн настай охинд зориулсан зул өргөх ёслол өнгөрсөн бямба гаригт болсон. Зайсан дахь Бурхан багшийн цогцолборт твиттерчдийн зохион байгуулсан ёслолд олон хүн оролцсон байна билээ?

-Бүгдээрээ цочир хүлээж авсан, гэнэтийн зүйл байсан шүү дээ. Энэ үйл явдалд бүгдээрээ, нийгмээрээ бухимдсан. Зүрх сэтгэл шимширмээр, эрүүл ухаантай хүн зүгээр байж боломгүй. Энэ нь зөвхөн хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудал байгаагүй.

Ийм хэрэг гарсныг нэгэн­дээ ч хэлж зүрхлэхээргүй хүнд байсан шүү дээ?

-Энэ хэргийн тухай хоорондоо ч ярихдаа цэрвэмээр байсан. Гэнэтийн ийм үйл явдлын талаар сошиалаар шуугисан. Сошиал чинь эвгүй шүү дээ. Үнэн, худлаа юу, хэн нэгэн нь өөр нэгнийг хохироох гэж тарааж байна уу, жаахан хүүхдүүд дэмий сенсаацилж байна уу гэдэг нь мэдэгддэггүй учраас харзнасан л даа. Энэ асуудал худлаа ч бай, үнэн ч үүний талаар сошиалаар битгий тараагаачээ, уламжлалаа бодсон ч гэсэн тэр хүүхдийн сүнсийг тайван байлгах хэрэгтэй, зургийг нь битгий тараагаач гэсэн байр суурьтай байсан. Бид ийм муухай, аймаар юм хармааргүй байна гээд өнгөрчихдөг асуудал биш. Тэгж болохгүй. Хэн ч хүлээн зөвшөөрч чадахгүй шүү дээ. Яг жилийн өмнө хоёр хүүхдээ хазсан эцгийн хэрэг, тэр хэргээс бас яг жилийн өмнө хүүхдээ заазуурддаг аав, тэрнээс бас жилийн өмнө хойт эцэгтээ дөрвөн цагийн турш зодуулж хөршийнхөө тусламжтайгаар аврагдсан найман настай хүүхдийн хэрэг гарч байсан. Жил дараалан хүний сэтгэлд багтамгүй, зэрлэгийн зэрлэг үйлдэл гаргасан ийм нийгэмтэй байж болохгүй. Үүнийг бид цочроор хүлээн авах нь үнэн. Зөвхөн нэг системийг буруутгаад ч юм уу, хуулиар л үүнийг зохицуулна гээд юм уу, төрөөс гэр бүлийн гишүүдийг гэр бүлийнхнээ хайрлахыг сургана гэдэг хийсвэр ойлголт. Хүний ухамсрын түвшинг муу муухай байлгахгүйн тулд нийгмийн оролцоо бий болж байж ядахдаа хязгаартай болно. Уг нь энэ нь ямар ч нийгэмд байж л байдаг үзэгдэл. Гэхдээ хэр хэмжээтэй байна гэдэг дээр харьцуулалт хийвэл бид хэтэрхий цөөн хүн амтай. 60, 70 сая хүн амтай улс орнуудад болж байгаа тэр тохиолдлуудаас элбэг, тогтмол юм шиг байдалтай байгаа нь манай нийгэм хаашаа явж байна гэдэг том дохио болж байна. Тийм болохоор үүнийг ямар ч эрүүл ухаантай хүн хүлээн зөвшөөрч болохгүй. Дөрөв, тав дахь жилдээ дараалан тохиолдлоо. Нийгэм өөрөө ийм хүлээн зөвшөөрөлттэй, найдах юмгүй, энэ бол бидний асуудал биш гэсэн байр суурьтай явж ирсэн нь бас нэг том гажуудлын илрэл. Бид болохгүй гэдгийг нь мэдэж байгаа мөртлөө бид өөрсдөө оролцох ёстой гэхгүйгээр заавал ямар нэгэн юманд даатгаж, хэн нэгэн хүнд хариуцуулж, ганцхан систем нь дийлэхгүй юмыг тэрэнд нь хариуцлага тооцуулах гэж зүтгэдэг. Цаазын ялыг хүнлэг бус юмыг эсэргүүцэж, зэвүүцэн халахыг хүсдэг мөртлөө хүнлэг бус шийтгэлийг шаардаад ирнэ гэдэг нь нийгэм дээд зэргээр өвчилснийг харуулж байгаа явдал л даа.

Энэ хэрэг нийтийн чихэнд хүрэнгүүт зарим хүмүүс талбайд цуглая. Эцэг, хойт эхийг нь ол­ны нүдэн дээр хатуу шийт­гэе гэх мэтээр нийтийн сүлжээгээр үзэл бодлоо хүчтэй илэрхийлж байсан

-Олон нийтийн нүдэн дээр цочроо өгөх ёстой гэцгээгээд л. Наад зах нь гэхэд манайхан улс төржөөд. Хямралтай энэ үед бухимдлаа янз бүрийн юм руу гаргаад, илэрхийлж мэдэхгүй байгаа байхгүй юу. Цаазын ялыг халсан, янз бүрийн хүнийг өршөөж байгаа тэр Элбэгдоржийг гаргаж ир гэсэн иймэрхүү хөрсөн дээр бүгдээрээ талбай дээр гарч ирвэл тэр охины төлөө биш зөвхөн нэг өш хонзонг нөгөө өш хонзонгоор л тайлах талбар болоод дуусах байсан. Сүүлдээ талбайгаа гороолъё болоод, Ноён уул муул гээд замбараагүй юм болчих юм бол утгагүй болно. Жагсаал хийх зөвшөөрөл нь олдохгүй бол буян л үйлдье, Бурхантай хөшөөн дээр очоод чин сэтгэлээсээ зул өргөөд, охины төлөө эмгэнэн гашуудаад, хойтохыг нь даатгаад, дараагийн төрлөө олоод эдэлж амжаагүй жаргалаа эдлэхэд нь зам мөрийг нь гэрэлтүүлэхийн тулд бүгдээрээ нэгэн цагт улс орон даяараа сүсэглэн залбиръя гэдэг мессежийг өгье гэцгээсэн. Юу юуг нь мэдэхгүй буруутанг нь хайхаасаа өмнө ингэх нь зүйтэй.

Ийм жагсаал болж байгааг улс орон даяар шууд дамжуулж, цахим ертөнцөөр мэдээлэл нь цацагдаж байсан. Үүнийг хараад хүчирхийлэл үйлддэг хүмүүс бага ч гэсэн цочроо авч, айдас нь төрсөн болов уу гэж санагдсан?

-Хэцүү шүү дээ. Хэний ч уур хүрч байгаа юм. Би ч гэсэн очоод зодчихмоор санагдаж байсан. Гэхдээ хүн төрөлхтний ангид байх ёстой үзлийг өөр ямар нэгэн юмаар зөвшөөрүүлнэ гэж байж болохгүй. Тийм учраас бухимдаж байгаа нийгмийн бухимдлыг улам дэвэргэх хэрэггүй. Хамгийн хүчтэй мессеж бол дуугүй байх. Чимээгүй, зогсолтоор, тэр олон мянган зулаар.

Энэ бол бидний төрөлх араншин биш. Монголын нийгэм ийм тартагтаа тулчихсан биш. Энэ бол зохиомол. Саяхнаас биенээ үл хайхарсан, хажуу дахиа хайрлахаа больсон, хиймэл арилжааны нийгэмд ухаан мэдрэлгүй орсны алдааны гор гарч байгааг бүгд сэхээрцгээ гээд өөрсдийнхөө сэтгэлд нээж байгаа зул байхгүй юу. Ийм утгаар нь бид зултай жагсаалыг хийх ёстой юм гэдгийг ярилцсан л даа.

Би нэг зүйл дээр баярласан. Хүмүүс юм бүхэн дээр бухимдаж байна шүү дээ. Углуурга нь гарч ирдэггүй болохоор л уурлаад байдаг. Бүх асуудал дээр л буруутныг нь хайдаг болчихсон. Энэ үйл явдлын өмнө улс төрийн янз бүрийн үйл явдал болж, өлсгөлөн зарласан. Ар араасаа ийм зүйлс болсон болохоор их бухимдалтай болсон. Өнөөдрийн нийгмийн байдал хүнд байгаа. Шударга бус, төрийн хямралтай, улаан цайм авлигатай, зориу­дын буруу удирдан чиглүүлэх бодлого явсан гээд хэлбэл зөндөө юм бий. Хамгийн муухайгаар хүнийг илрүүлээд хамгийн ариунаар алдаг ойлголт байхгүй. Тэр бол ариун зүйл биш. Тийм болохоор манай нийгэм эрүүл ухаанаар хараад, түр тайвшраад юунаас болж болохгүй байна вэ гэдэг дээр дуу хоолойгоо нэгтгэх цаг нь болчихсон байсан. Тэгэхгүй бол бид өдөр бүр л бие биенийгээ үгүйсгээд дотор нь бурхан гарч ирсэн ч үгүйсгэх шалтгаанаа олчихоод байгаа байхгүй юу. Ийм хөрсөн дээр ямар ч юмтай тэмцээд нэмэргүй. Дандаа буруу тал руугаа, улс нийгмийг буруу зүйл рүү түрээд аваад явчихдаг түүхтэй. Тийм учраас бид эхлээд буруутныг хайхаасаа өмнө зүрхний дуудлага, дуу хоолойгоо сонсоод авъя гэсэн. Их сайхан нэгдэцгээсэн, өргөн цар хүрээтэй оролцсон. Хүмүүс байрныхаа гадна зул өргөөд л Улаанбаатар хот даяар, улс даяар зул барьсан. Лам нар ном хурж, маанийн ерөөл айлтгасан. Хүний хөл тасраагүй. Шөнийн 12 цаг болж бид цэвэрлэгээгээ хийгээд явж байхад зөрөөд хүмүүс ирж зул барьж байсан.

Талбай, Зайсанд болсон цагаан жагсаал монголчуудыг нэгэндээ хайртай, биенээ хайрладаг юм шүү гэдгийг мэдрүүлж чадсан?

-Айж л байсан. Зуугаас дээш хүнийг хянахад хэцүү. Тэрийгээ асаа, энийгээ унтраа гээд л бүгд хашгирвал яанам билээ. Наад зах нь гэхэд гал ус алдвал яана. Бидний зохиосон цуглаанд оролцоно гээд 600 гаруй хүн бүртгүүлчихсэн байсан. Хууль номын дагуу зөвшөөрлийг нь авч ОБЕГ, ЦЕГ-тай хамтарч ажилласан. Бүгд сайхан хүлээн авч гадна дотно хяналтаа сайн тавьсан. Залуусын, бидний үнэн төрх тэнд л илэрсэн. Тэнд хуурч, ямар нэгэн дүр илэрхийлэх шаардлага байгаагүй. Хүний гэмшил харуусал, гашуудал эмгэнэл, ухаарал мэдрэгдсэн. Хогоо ч хаяагүй, огт танихгүй хүмүүс бие биетэйгээ хүнлэг хандаж байсан. Хүмүүс хүнлэг байдлыг хүсч байна. Хүсч байгаагаа бүгд илэрхийлсэн. Бид соёлт нийгмийн, хүний ёсыг дээдэлсэн ийм нийгэмтэй болохыг хүсч байна. Ийм баймаар байна гэдгээ үйлдлээрээ илэрхийлцгээсэн. Бид ингээд зогсч болохгүй. Араас нь явах ёстой. Огт танихгүй, зүс царай, нэр усыг нь мэдэхгүй залуус сайн дураараа үлдээд цэвэрлэгээ хийж, бүгдээрээ инээмсэглэж, биедээ “Тусалсанд баярлалаа” гээд чанга тэврэлдэж байсан. Бидэнд тийм халуун юм алдагдчихсан байжээ. Хүн байгаагаа мартчихсан ийм нийгэм бий болгочихсоноо ухаарцгаасан. Ухаарлын маш том давалгаа үүсгэсэнд баярлаад байна. Замын хөдөлгөөнд биенээ дайрчих гээд цухалдаад байдаг хүмүүс чинь уужуу, ноён нуруутай, бусдадаа хүндэтгэлтэйгээр хандаж байсан. Бас залуусын авто клубүүд гэрэлт цуваа зохион байгуулсан. Их сайхан болсон. Цуглаан эхлэхэд цогцолборын хашаа хүнээр дүүрчихсэн байсан. Шөнийн 12 цаг болоход ч хүний хөл тасрахгүй л байсан шүү.

Энэ цуглаан хэдий нэг охины төлөө боловч цаагуураа асар их зүйлийг өгүүлжээ?

-Манай нийгэм аврагдахаасаа өнгөрчихсөн, хамгийн сүүлчийн итгэл найдварын утсаа таслахад бэлэн байсан нийгэм саяхнаас сэргэж байна, бид чадах юм байна гэдэгт итгэж эхэлсэн. Бид жаахан л юман дээр гацчихаад байгаа хүмүүс юм байна шүү дээ. Тэрэн дээрээс биенээ хүлээн зөвшөөрч чадахгүй, хар яр гээд л. Нэгнийхээ үгийг бүтэн сонсч чадахгүй. Юун дээр алдаад, ямар учраас галзуу солиотой юм шиг нийгэм, материаллаг орчин руу орсноо ухаараагүй, харгисжсанаа ойлгохгүй л байгаа байхгүй юу. Хүн болгонд хүсэл байна. Тэр бүү хэл хүчирхийллийн эсрэг хүчирхийллийг дэвэргэдэг гэж нацистуудыг зарим нь үзэн яддаг. Гэтэл нацистууд нацист хувцастайгаа хүрээд ирчихсэн, зул барьж байсан. Нэг эрх чөлөөг нөгөө эрх чөлөөгөөр олохын тулд буруу аргаар илэрхийлээд байгаа болохоос биш тэд ч Монгол Улсын маань иргэд, сайхан улстай болохсон гэсэн бодолтой, төөрөлдөж яваа бидний нэг хэсэг шүү дээ. ТҮК-ийн ажилчид их хөөрхөн. Бөөнөөрөө ирчихсэн зул барьж байсан. Сэтгэл их хөдөлсөн. Тэнд чи, би, танайх, манайх гэх юм байгаагүй.

Хөдөө орон нутгуудад ч лаа, зултай цуглаан болсон байна лээ?

-Эрдэнэт, Дархан, Өвөрхангай, Төв, Хөвсгөл, Өмнөговь гээд бүх аймагт өрнөсөн. Аймгийн төвүүдэд. Бүгд зургаа тавиад шейрлээд л. Гэртээ ирээд үзтэл үнэхээр сэтгэл хөдөлсөн. Талбай дээрх цуглаан их сайхан болсон байна лээ. Бүгд зургаа оруулж мэдээлэл хүргэж байсан. Тэр бүү хэл хотын Буянт-Ухаа хорооллынхон,III, IV хорооллынхон гээд хороолол хорооллоор яаж цуглаж зул барьсан тухайгаа мэдээлж зургаа оруулсныг хараад өөрийн эрхгүй мэлмэртэл уйлсан шүү. Монгол Улс даяар нэгдсэн. Гадаадад суугаа монголчууд ч өөр өөрийн барьсан лааныхаа зургийг оруулж байсан. Энэ бол дохио. Долдугаар сарын нэгний аймшигт явдлын дараа нэг нэгэндээ ч итгэхгүй болчихсон байсан. Гэтэл яав олимпийн наадмын тэр торгон агшин дутагдаж байсан хайрыг өгч, танихгүй хүмүүс тэврэлдэж байсан шүү дээ. Хүнд ийм юм дутагддагийг тухайн үед ойлгочихоод гүйцэд хийгээгүй орхичихсон байна лээ. Сая тэрнээс ч илүү өргөн хүрээтэй юм боллоо. Баярлаж хөөрөх асуудал биш ч бүгд дөлгөөн уужуу тайван, хүлээцтэй болчихлоо.

Гэр бүлийн тухай хуу­лийг батлахыг шаар­даж, гэр бүлтэй холбоотой Монголын уламжлалуудыг хүмүүс шүүмжлэх боллоо. Мөн хөршийн харилцаа гэдэг зүйлийг онцлох болов?

-Монгол хүмүүс л муухай юм шиг бодож болохгүй л дээ. Иймэрхүү жигшүүртэй хэрэг ямар ч газар гарч л байдаг. Гэхдээ тэнд нийгэм нь оролцдоггүй байсан бол хамаагүй замбараагаа алдаад манайхаас аймаар юм болох байсан. Нийгэм нь тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг. Өчигдөр юу ч болоогүй байсан ч иргэний үүргийг байнга сурталчилж, оюун санаанд нь өдөр тутамд давтамжтайгаар хүргэж байдаг. Манайд болсон хойно нь шуугицгаагаад байдаг. Хууль нь манайд байхгүй байна. Гэхдээ хууль үүнийг зохицуулж чадахгүй. Хуулинд болохгүй тохиолдлын дээд хязгаарыг зааж өгдөг. Хэрэв чи ийм ийм хязгаарыг давах юм бол ийм шийтгэлтэй гэдгийг зааж өгдөг.

Хүүхдийг удаа дараа бархируулаад байхад нь ямар нэг арга хэмжээ авсан хөрш, ах дүү хамаатан садан байхгүй л байгаад байна. Энэ бол эмгэнэл. Хүүхэд тэнд бүтэн жил зодуулж, орилж хашгирч байхад мэдсээр байж манайхан оролцохгүй байна. Иргэний энэ үүргийг хуулинд зааж өгөх ёстой. Бас тэр мэдээллийг өгч байгаа гэрчийг хамгаалах ёстой юм. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, хүүхэд хамгаалал болон хүчирхийллээс ангид системүүд нь хоорондоо уялдаатай байх хэрэгтэй.

Хүчирхийллийг юугаар зогсоох юм бэ?

-Хатуу чанд цээрээр ч юм уу арилгахгүй. Хүчир­хийллийг хайраар л арилгадаг байхгүй юу. Нийгэм бие биенээ хайрлах ёстой гэдгийг ухамсарлуулах л ёстой. Таны эрхэнд хөндлөнгөөс ороод уурыг чинь хүргэх гээд байгаа юм биш.

Д.ГАНСАРУУЛ